зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Аравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        АРАВДУГААР БҮЛЭГ:


ХӨГШИН ЛУС АРГА ХЭРЭГЛЭЖ ТЭНГЭРИЙН ХУУЛИНД ХАРШИВ
ВЭЙ ЧИНСАН БИЧИГ ҮЙЛДЭЖ ЭРЛЭГИЙН ЭЛЧИЙГ ГУЙВ


Гуан Жүй тушаалыг гүйцэтгэн, Шуан Зан бясалгал хийхийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь, Чан Ан балгасны гадна Жин Хэ хэмээх мөрний хөвөөнд хоёр мэргэн хүн буй ажгуу. Нэгэн нь загасчин, нэр Жан Шоу хэмээмүй. Нэгэн нь түлээчин нэр Ли Дин хэмээмүй. Тэр хоёр болбоос Мөчлөгт орсонгүй бичгийн эрдэмтэн, бичиг төсөөлөх хөдөөний ард бөлгөө. Нэгэн өдөр тэд хоёул Чан Ан хотод орж түлээ загасаа худалдаад хамтаар архин гэрт орж нэлээд хөлчүүрхтэл уугаад, тус тусын маалууд архи дүүргэж Жин Хэ мөрний хөвөөг барин алгуур алхан эгэхэд Жан Шоу өгүүлрүүн: “Ли ах аа! Би санаваас тэдгээр нэрийг тэмцэгсэд нь нэр алдрын төлөө нэгэн биеийг бармуй. Ашгийг булаалдагсад нь ашиг олзны төлөө амиа гээмүй. Хэргэмийг хүлээгсэд нь барс лугаа унтахад адил. Хишгийг хүртэгсэд нь ханцуйлан явах мэт. Сайтар нягталбаас чи бид хоёрын ийнхүү усны тунгалаг уулын хөхөмдөгт олохын хэрээр идэж, олохын чинээгээр уух мэтийн үгээгүй ядуудаа амарлих сул тунгалаг амьдралд үл хүрмүй.” Ли Дин өгүүлрүүн: “Ахын өгүүлэх нь хэдий зүй хэмээвч, чиний тэр усны тунгалаг нь миний энэ уулын хөхөмдөгт хэрхэн хүрмүй.” Жан Шоу өгүүлрүүн: “Чиний уулын хөхөмдөг нь миний усны тунгалагт үл хүрмүй. Үүнийг “Дие Лян Хуа” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй. Дууллын үг нь:


        Өргөн мөрний утаа униарт өчүүхэн хөлөг хөвөхүйеэ,
        Өнчин дарвуулыг түшрүүн, үзэсгэлэн Си Шигийн дуун хангинамуй.
        Өрц хэнхдэгийг ариутган нэр ашгийг тэвчин чадаад,
        Үет цагаан усны шимэлийг сул сэлүүнд чимхмүй. 
        Уран цахлай цайлс цайлс даамай л жаргалтай наадахуйяа,
        Удат эрэг хулст тохойд хүүхэд гэргий лүгээ баясалцмуй.
        Унтан сэрээд босон үзвээс салхин давалгаан намжаад,
        Уршиг яршиг нэг ч үгүй уртдаа амарлин жаргамуй.”


Ли Дин өгүүлрүүн: “Чиний усны тунгалаг юуны миний уулын хөхөмдөгт хүрмүй. Үүнийг бас нэгэн “Дие Лян Хуа” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй. Дууллын үг нь:


        Үүлт шугуй нэгэн хэсэгт нарсан цуурай дүүрэн
        Эмээрхэн чагнахуйяа гургалдай эгшиглэн аялгуу бишгүүр мэт.
        Эцэнхий цэцэг өтгөн навчис хавар хараахан дулаанд,
        Энэхэн зуур бас улиран зуны эцэс болов.
        Эргэх наран ээлжлэн намрын өнгө солигдох түргэн,
        Эрхэм удвал үнэр анхилан эгнэгт бахдалын зоог.
        Өвлийн хүйтэнд үтэр түргэн хуруу имэртэл ирэхүйеэ,
        Эгнэгт хамаарах хүнгүй дөрвөн улиралд цэнгэмүй.”


Загасчин өгүүлрүүн: “Чиний уулын хөхөмдөг нь миний усны тунгалагт үл хүрмүй. Уснаас сонин сайхан юмыг олж эдэлбээс болмуй. Үүнийг нэгэн “Жэ Хө Даяан” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй. Дууллын үг нь:


        Хөдөө тосгон хөх мөрөнд хүний тэжээл элбэг,
        Хөнгөн сэлбүүр хөндлөн завь хөгшин миний гэр.
        Амьд загас лаг мэлхийг шинээр арилган болгоож,
        Амтат наймаалж сам хорхойг дураар жигнэн чанамуй.
        Хөх хулсан сүеэ, усан замгийн соёо хэрээн нүд,
        Зангууны үр үнэхээр магталтай гэвэл,
        Хөгшин лянхуан үндэс, зөөлөн цоорын навч,
        Бядвалын иш, хальст цагаан болжморын цэцэг нэнт сонин.”


Түлээчин өгүүлрүүн: “Чиний усны тунгалаг миний уулын хөхөмдөгт үл хүрмүй. Уулнаас олон юм олж эдэлмүй. Үүнийг бас нэгэн “Жэ Хө Даяан” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй. Дууллын үг нь:


        Үүлэнд шургасан өндөр хад тэнгэрийн хаяанаа үргэлжлээд,
        Өвсөн өрөө улалзан бүрх өвгөн миний гэр,
        Борлуулж давсалсан тахиа нугас нь наймаалж хавтаснаас амттай,
        Буга гөрөөс араат арслан нь загас самнаас давчээ.


Үнэрт ховлын навч бөх цагааны сүеэ, хулсны сүеэ, уулан цай нэн сайшаалтай гэвэл үрлэж гүйцсэн бор лийр улаан тоор шар гүйлс, булбарай алим зэрлэг чавга хээрийн гавир мөн ч бас гайхалтай.”


Загасчин өгүүлрүүн: “Чиний уулын хөхөмдөг миний усны тунгалагт яахан хүрч болмуй. Нэгэн “Даяан Сян Зы” хэмээх дуулал энд буй. Дууллын үг нь:


        Өнчин навч өчүүхэн завиар өөрийн гэрээ болгож,
        Үерт давалгаан мянган давхарт эмээх юмгүй.
        Гөх орхин өөш дэлгэмэгц  шинэ хайрстыг бариад,
        Тааруулж хийх давсгүй боловч, тамшаах тутам амттайд,
        Хөгшин гэргий, хөвгүүн үртэйгээ хүний жаргалыг эдэлмүй.
        Амтат загас элбэгийн учраа Чан Ан хотноо арилжаад,
        Архи дарсыг солин шал согттол уумуй.
        Хулсан нөмрөгөө хөнжил болгон намрын мөрнөө хэвтэхүйеэ,
        Хорвоогийн баян эрхэмд хоргодолгүй хурчигнатал унтмуй.”


Түлээчин өгүүлрүүн: “Чиний усны тунгалаг миний уулын хөхөмдөгт үл хүрмүй. Надад бас нэгэн “Даяан Сян Зы” хэмээх дуулал буй.


        Уулын доор унь босгон улалжин гэрээ бариад,
        Улиас нарс, ургамал цэцгийн үзэмж юутай сайхан,
        Ойг нэвтлэн давааг даван хуурай түлээ цавчихуйяа
        Олох алдах тэнгэрийн таа, ойшоох хүнгүй, би дураар худалдмуй.
        Арилжсан зоосоор архи худалдан авахуйяа аяа юутай жаргал,
        Аяга савх алийг нь зарсан ч асуух хүнгүй.
        Маалуутай архийг уун нарсан сүүдэрт хэвтэхүйеэ
        Мандал буурал ертөнцийн хэргийг би үл хайхармуй.”


Загасчин өгүүлрүүн: “Ли ах аа, чиний уулын амьдрал яахан миний усны ундралын жаргалд хүрмүй. Үүнийг нэгэн “Си Жян Юэ” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй. Дууллын үг нь:


        Улаан шимэлийн тулалзам цэцэг сарнаа эсрэглэн
        Ургаа хулсны сүлжмэл навчис салхинаа харшилдмуй.
        Урт огторгуй тунгалаг цэлмэгт ч Жян мөрөн хоосон,
        Урсгалт нуур хуниаслахуйяа одны сүүдрийг балруулмуй.
        Том загас өөшинд орон ягчран шахалдаад
        Тул жараахай гөх залгин хөсөр овооролдмуй.
        Тулга тулан тогоо тавин чанахуйяа амт үлэмжид
        Туналзам мөрнөө бардамнан инээн сэтгэлээ сэргээмүй.”


Түлээчин өгүүлрүүн: “Жан ах аа, чиний усны дэргэдэх амьдрал миний уулан доторх жаргалд үл хүрмүй. Үүнийг бас нэгэн “Си Жян Юэ” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй. Дууллын үг нь:


        Хатмал ороонго зулгарсан навчис замд дүүрэн,
        Хуучин хулс хувхайрсан мөчир уулнаа бүрхэм.
        Хар олс хүүхэн зэл таталдан доорлон хөлхрөлдөөд,
        Хаман хүлээд дээсээ нугалан дамнуураа чангалмуй.
        Хайлс удыг хорхой идээд гол нь хөндий,
        Хус нарс салхинаа цохигдон орой нь хугархай.
        Хураан аваад овоолон хадгалан өвлийн хүйтнээ бэлтгэн,
        Хар архи буюу зоос солих цөм миний дур.”


Загасчин өгүүлрүүн: “Чиний уулын амьдрал хэдийгээр миний усны ундрал лугаа тэнцэвч, мөн миний усны сул тунгалагт үл хүрмүй. Үүнийг нэгэн “Лин Жиан Сян” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй. Дууллын үг нь:


        Өнчин хөлгөө хурдлан нисгэн өглөөний долгионд мордоод,
        Өрөөсөн сэлбүүрээ хүчлэн эргүүлэн үдшийн гүнд эргэмүй.
        Өвсөн нөмрөг хэлтгий сарнаа илэм жилэмд,
        Үүрэглэх цахлай үргэн нисэхгүй,
        Үүрийн хяраа гийн өнгөт үүлс сөхмүй.
        Алжаан хэвтэх хулст хойгт арвин учир үгүй,
        Алмайран сэрвээ алтан наран алд дээр манджээ.
        Аюулхай хэнхдэгийг санаагаар тавин ажил үйлсээ тохируулахад
        Аяа миний уудам сэлүүнд
        Албан ноёд над лугаа атаархах буй за.”


Түлээчин өгүүлрүүн: “Чиний усны тунгалагийн ариун сэлүүн нь миний уулын хөхөмдөгийн ариун сэлүүнд үл хүрмүй. Бас нэгэн “Лин Жиан Сян” хэмээх дууллаар гэрч болговоос болмуй.


        Өлөнт цуваагаар намрын гүнээ сүх сүйрэн одоод,
        Үдшийн сэрүүнд дамнуураа дамнаад буцаж ирмүй.
        Үсэндээ хатгасан хээрийн цэцэг нэн сонин гайхалтай.
        Үүл ирэн зам эрэн гараад,
        Өнгөт сарнаа үүдийг догшин нээлгэмүй.
        Өчүүхэн хөвгүүн өтөл гэргий инээмсэглэн гарч угтаад,
        Өвсөн дэвсгэр модон дэрэнд хэвтвээс тааламжтай.
        Өлт хоол будаа ногоог ширээнээ өрөн жагсаан,
        Үнэрт архи маалууны дотор шаагин,
        Үнэхээр юутай элэг зүрхийг баясгамуй.


Загасчин өгүүлрүүн: “Энэ нь цөмөөр бид хоёрын амь тэжээх ундрал тул, чи миний сул цагийн цэнгэлд яахан хүрч болмуй. Үүнийг шүлгээр гэрчилбээс болмуй. Шүлгийн үг нь:


        Хөх огторгуйгаар халин нисэх тогорууны барааг ширтсээр,
        Хөнгөн хөлгөө горхиноо зогсоон гөрмөл үүдийг дармуй.
        Хөндий бүрхээнээ хөвгүүнээ дуудан гөх дээс томуулж,
        Хөлгийн олноо хөгшин лүгээгээ өөш тороо хатаамуй.
        Хэнхдэг цээжнээ чанарыг тогтоовоос давалгаан намжууныг ухаад,
        Хөвч бие тунгалаг амаржваас салхин дөлгөннийг мэдмүй.
        Хөх ч нөмрөг бүрх малгайг цагийн аяар өмсөөд,
        Хүндэт төрд бор шошгот дээл хэдэрснээс давмуй.”


Түлээчин өгүүлрүүн: “Чиний тэр сул цагийн цэнгэл нь миний сул үеийн жаргалд яахан хүрмүй. Бас нэгэн шүлгээр гэрч болговоос болмуй. Шүлгийн үг нь:


        Эвхрэлдэн хорголзох цагаан үүлийг тэргүүн өргөн харсаар,
        Өвсөн өрөөний үүдийг хааж би ганцаар суумуй.
        Энэхүү сулд хөвгүүнийг сурган эвхмэлт бичиг уншуулан,
        Эетэй нөхөр лүгээ эсрэглэн суун шадар хөлөг жагсаамуй. 
        Өвчүүнээ баярлаваас таяг тулан цэцэгт зөргөөр дуулаад, 
        Эчнээ урамшваас ятга тэврэн цэлгэр талаар цавагдмуй.
        Өвсөн шаахай олсон бүс, бөс хөнжлийг эдлэхүйеэ,
        Эелсэг сэтгэл үүрд уудам сиймхий хувцастаас хэтийдмүй.”


Жан Шоу өгүүлрүүн: “Ли Дин ах аа, бид хоёул “Үнэхээр доор дуугаар гиншин харилцан нийлүүлж болмуй, зандан хавтас дэлдэн алтан хундага зэрэгцүүлэх хэрэггүй” Ганц үгс нэгэн бадгийг дэмий л нийлүүлэх нь ооч амт шимтгүй, харин ч тус бүр хэдэн бадаг холбож манай загасч түлээчийн хослол ямар болохыг үзсүгэй.” Ли Дин өгүүлрүүн: “Жан ахын үг чив хэмээн миний санаанд нийцжээ, эрхин ах урьдаар гинштүгэй” хэмээсэнд Жан Шоу: 


        Үерлэх урсгалын униар хүдэнд өчүүхэн хөлгийг зогсоод
        Үргэлжлэх уулын эчнээ хээр өрх гэрээ баримуй.
        Үзэмжит хавар горхины гүүрнээ ус тэлэхэд бахдан, 
        Өглөөний үүлс шовх хаднаа ороон эвхрэлдэхийг таалмуй.
        Хуугих усны шинэ мөргийг цаг бүрт чанаад, 
        Хорхой сийлсэн хуурай түлээг нарнаа дэлгэн хатаамуй.
        Хувь буянаар өөш гөх хөгшин над лугаа нөхөрлөн,
        Холбоо заяагаар дамнуур дээс өтөлтөл зарж гүйцмүй.
        Өчүүхэн хөлөгт дангайн хэвтээд өнгөрөх галууг бараалан,
        Өлөнт зөрөгт өлийн зогсоод хунгийн дууг чагнамуй.
        Үг хэлний хэрүүл цуугилд миний хувь үгүй,
        Үнэн магадын өрсөлдөөн тэмцэлдээнээ миний мөр алга.
        Урсгалын хөвөөнөө өлгөн хатаасан тор гэмэрлэг адил,
        Уулын дээр ирлэн билүүдсэн сүх мэсэнд бараг, 
        Усгал тунгалаг намрын сарнаа үргэлжид ганцаар,
        Уйтгарт цэлмэгэр хаврын ууланд уулзах хүн үгүй.
        Үлүү загасаар архи солин эхнэр лүгээгээ уугаад,
        Үлдсэн түлээгээр хувин авч хүүхэдтэйгээ дулаацмуй.
        Өөрөө дуулан өөрөө нэрж сэтгэлийн аяар цэнгэн,
        Өндөр эгшиглэн охор шүүрслэн санааны таагаар солиормуй.
        Ахаа залан дүүгээ дуудан онгоцон хоршоогоо уриад
        Андын хувиар нөхрийн зэргээр хээрийн зочдыг цуглуулмуй.
        Хуруу зэмлэлцэн хундага нисгэн уртад уун найрлаад,
        Холбоо бичин шүлэг найруулан аажим шимэн цэнгэлдмүй.
        Хуурсан сам чанасан наймаалж цаг цагийн цэнгэл,
        Хагсаасан тахиа шарсан нугас өдөр өдрийн жаргал
        Амраг эм санааг ухаж цай буцалган авчран,
        Уулын гэргий сэтгэлийг мэдэж будаа бэлтгэн ирмүй.
        Үүр цайхуйяа сэлбүүрээ эргүүлэн хөнгөн давалгаанаа угаан,
        Өглөө болохуйяа түлээгээ дамнан гудамжаар өнгөрмүй.
        Хурын дараа нөмрөгөө нөмрөн мөрөг загас барин,
        Хуугих салхинаа сүх далайн хувхай нарсыг цавчмуй.
        Орчлонгоос зайдан мөрөө нуун тэнэг бүдүүлгээр овлон,
        Овгоо далдлан нэрээ нууж, дуугуй дүлийгээр явмуй.


Жан Шоу өгүүлрүүн: “Ли ах аа, би өдгөө дэмий хэдрэмхийлэн урьдаар бадаг эхлэв, одоо ахын ээлж болсон тул бас нэгэн хослолыг үүсгэвээс өчүүхэн дүү би залгасугай” хэмээхэд, Ли Дин: 


        “Ариун саранд зоримгоор аашлагч уул хөдөөгийн эр,
        Уудам мөрөнд омгорхогоор оршигч өтлөө сул өвгөн.
        Амар сулд хувь буй тул дураараа зорчин,
        Ам хэлний уршиггүй, энх түвшинд баясмуй.
        Саруул шөнө унтан хэвтэхүйеэ улалжин гэр лавдуун,
        Салхин бороон надайн ирэхүйеэ өвсөн нөмрөг хөнгөн.
        Санааны тааваар нарс майлсны нөхөр ханьтай явалцаад,
        Сайхан тааллаар дэглий цахлайн анд найзтай харилцмуй.
        Ашиг нэр сэтгэлийн дотор огоот үл бодогдоод,
        Алалдааны зэвсэг чихний дэргэд дуун эс сонстмуй.
        Амтат дарсыг цагт тохируулан ам дүүрэн хөнтрөөд,
        Аягат будаа гурван цагт зэрлэг ногооны шөлтэй.
        Хуурай түлээ хоёр боожоор ундрал хөрөнгө болгоод,
        Хатуу гөх нэгэн ишээр аж төрөн амьдармуй.
        Хатан сүхээ хөвгүүнээ дуудан сул цагт билүүдүүлэн,
        Хуучин өөшөө жаалаа захин сэлүүн үед нөхүүлмүй.
        Хавар ирвээс уд улиасны цэлгэрийг бахдан үзээд,
        Хараахан тулгарваас хулс өвсний ногооныг үзэн баясмуй.
        Халуунаас зайлан зуны улиралд шинэ хулсыг засаад,
        Ханамжтай сэрүүцэн зургаан сард зөөлөн зангуу түүмүй.
        Тарган тахиаг хяруу унахуйяа өдөр бүр нядлаад,
        Тавагт наймаалжийг давхар есний улиралд тааруулан чанамуй.
        Өвлийн өдөр наран мандтал басхүү хурхиран унтаад,
        Есний хүйтэн тэнгэр аглагт аяндаа халууцахгүй.
        Уул хаднаа найман улиралд санааны тааваар зорчин,
        Усан тэнгист дөрвөн цагт зоригоор сэлүүцэн цэнгэмүй.
        Урагш очин түлээ цавчихад Аршийн төлөв буй,
        Урамшин суун гөх орхихуйяа өтөл дүр үгүй.
        Ялгуум цэцэг үүдэн гадна ханхас ханхас анхилаад,
        Яралзмал усан онгоц цаана мэлс мэлс туналзмуй.
        Эрхин биеийн амгаланг дурдваас гурван гүнд тэнцээд,
        Эчнээ чанарын тогтууныг өгүүлбээс арван хотоос ахалмуй.
        Арван хот өндөр боловч сэргийлэх зарлиг хатуу,
        Гурван гүн эрхэм боловч цуугилдах дуун ширүүн.
        Уул усанд баясан цэнгэлдэх нь олдошгүй жаргал,
        Тэнгэр газарт залбиран мөргөн бурхан сахиуснаа даатгамуй.”


Тэр хоёул ийнхүү бадаг нийлүүлэн шүлэг холбосоор нэгэн салбар замд хүрснээ, харилцан бие мэхийн салах ёсыг хийв. Зан Шоу өгүүлрүүн: “Эрхин ах уулнаа эгэхэд барс тааралдахыг сэргийлэн биеийн тунгалгийг хичээвээс сайн. Хэрвээ гэнэдэгдвээс үнэхээр “Маргааш зээл дээр хуучин нөхөр нэг тогтох”-д хүрмүй.”Ли Дин сонсоод их л хилэгнэн өгүүлрүүн: “Чиний энэ танхай эр үнэхээр ичгүүргүй ажгуу, сайн нөхөр хэмээвээс үхэж төрөхийг хамтатгах атал, чи юунд дэмий л намайг зүхмүй? Би барсад тохиолдон идэгдвээс, чи лавтайяа давалгаанд учран мөрөнд үхмүй за!”, Жан Шоу өгүүлрүүн: “Би энэ төрөлд мөрнөө унаж үхэх заяагүй болой.” Ли Дин өгүүлрүүн: “Тэнгэрийн салхи тэгш үгүй, төрсөн бие мөнх үгүй” хэмээжээ, чи юунд тийнхүү баталмуй.” Жан Шоу өгүүлрүүн: “Ли ах чи хэдийн ийн өгүүлэвч, чиний амьдрал нь миний ундралын зэрэг баталгаа үгүй тул ийм хэрэгт үл тохиолдохыг батлахуйяа бэрх болой.” Ли Дин өгүүлрүүн: “Чиний тэр усан дээрх амьдрал нь маш түгшүүртэй болой, өдөр бүр үүл манан бүрхсэн мөрөнд аж төрөх тул ямар баталгаа байх буй за?” Жан Шоу өгүүлрүүн: “Чи мэдэхээр үгүй, энэ Чан Ан балгасны баруун хаалганы тэндэх зээлд нэгэн түлээч багш буй, би түүнд өдөр бүр нэгэн алтан хайрст мөрөг загас хүргэвээс, тэр надад нэгэн төлгийг сэмээр сургамуй. Орныг тогтоон зуунтаа төлгөдвөөс зуунтаа хөлөг дүүрэн загас олмуй хэмээжээ. Би маргааш загасаа худалдан архи сольж, чам лугаа уун хэлэлцсүгэй” хэмээгээд салж эчив.


Энэ нь үнэхээр “Замд хэлсэн үгийг өвсний дотор асан хүн сонсмуй” хэмээсэнчлэн, энэ Жин Хэ мөрний ягчис энэхүү зуунтаа төлгөдвөөс ономуй хэмээх үгийг хэдийнээ олж сонсоод, мэндэн сандан усан болор ордонд эгэж лусын хаанд: “Зовлон болов! зовлон болов!” хэмээн айлтгасанд, лусын хаан асууруун: “Ямар зовлон болов? Ягчис өчрүүн: “Түшмэл би мөрнийг цагдан голын хөвөөнд хүрэхүйеэ загасчин түлээчин хоёр зоог хэлэлцэн ирмүй. Тэд хоёул харилцан салахад нэн аюултай. Тэр загасчны хэлэх нь, Чан Ан хотын баруун хаалганы тэнд нэгэн төлгө үзэх багш буй, төлгөдөх нь маш мэргэн тул өдөр бүр түүнд нэг мөрөг загас хүргэвээс нэг төлгийг сэмээр сургаж, зуунтаа төлгөдвөөс зуунтаа ономуй хэмээжээ. Энэ мэтээр төлгөдвөөс манай усан аймгийг цөм баринам биш үү? Ингэвээс усан ордон үзэмжгүй болж, давалгааг босгон долгиог урьж, их вангийн сүр сүлдийг нэмэгдүүлж хэрхэн чадмуй?” хэмээсэнд лусын хаан ихэд хилэгнэн илдээ шүүрэн авч, Чан Ан балгасанд хүрч тэр түлээчийг алсугай хэмээн боссонд лусын хөвгүүн ач нар хийгээд сам түшмэл, наймаалж жанжин, цагч жонон, алгана зайсан, мөрөг сайд цөмөөр урагш давшиж ийн айлтгаруун: “Их ван уурыг түр дарму. Эртний үгэнд “Дам үгийг итгэж болохгүй” хэмээжээ. Их ван өдгөө ийн одвоос эрхгүй үүл бороо дагалдан Чан Ан балгасны ард иргэд цочвоос их ван тэнгэрт ял олмуй. Их ванд цаглашгүй их хувилах увидас буй тул, нэгэн бичгийн хүн болон хувилаад Чан Ан хотод хүрч үнэн худлыг сурвалжлан сууж, үнэхээр тийм хүн аваас тэр цагт алахад мөн үл хожимдмуй. Хэрвээ худал болбоос  гэмгүй ардыг хилсээр алах буюу?” хэмээсэнд лусын хаан үгийг зөв хэмээн илдээ таягдан эрэгт үсрэн гараад нэгэн цагаан дээлт бичгийн хүн болон хувилав. Энэ үнэхээр:


Аруухан байдал баатар дүрс аварга биед илрээд, алхаж гишгэхүйеэ төв ихэмсэг ариун ёсыг сахьжээ. Аманд өгүүлэх нь Күнз, Мэнзийг журамлан дагаад, авир ёслол нь Жоу гүн Вэн ванг дуурайжээ.


Биед цагаан өнгийн сиймхий хувцсыг хэдрээд, тэргүүнд бичгийн хүний хөндлөн малгайг өмсчээ. 
Лусын хаан замд орж гэхэлзэн алхсаар Чан Аны баруун хаалганд хүрч үзвээс, олон хүн ивэлцэн шахалдаж, үймэлдэн цуугилдмуй. Тэдний дотор нь нэгэн их хэлэмгий хүн өндөр дуугаар өгүүлрүүн: “Луу жилт хүний заяа нь барс жилт хүний заяа лугаа харшмуй. Барс луу могой Гахай хэдийгээр ивээлтэй хэмээвч, оны эзлэгч лүгээ харшиж мэдмүй” хэмээсэнд лусын хаан төлгөч мөн болохыг мэдээд даруй урагш давшиж олон хүнийг зайлуулан дотогш үзвээс:


Дөрвөн туурганаа сувд тана өлгөн, гэр дүүрэн хатгамал торго хураажээ. Эрдэнийн гүлст ариун хүжис тасаршгүй, эрхэм хумхад рашаан ус тунгалаг, хоёр хажууд ван Вэйн зургийг өлгөж, хойнох суудалд Хүй Хугийн хөргийг тахьжээ. Дуан Шигийн зууруул, Жин Ейны бэхэс, цагаан үст бийр лүгээ хослоод, гал сувдын шугуй Хүвэ Погийн тоолол, одыг байцаах шинэ ном лугаа эсрэглэжээ. Зургаан хувиллын төлгөнд мэргэшээд найман хөлгөний зурхайд шалгарчээ. Тэнгэр газрын зүйг төсөглөж, чөтгөр сахиулсны учрыг бараглажээ. Нэгэн тэвш хулгана морины эрхтэнг тохируулан тавиад хэнхдэг дүүрэн одон гаригийг зэрэглэн жагсчээ. Түмэн оны ирээдүйн учир өнгөрсний хэргийг толинд үзсэн мэт, төрийн мандал гүрний буурлыг сахиулсанд адил тольджээ. Өлзий бэлгийг үзмэгц тодолж, үхэж төрөхийг хармагц мэдмүй. Өгүүлж хэлэх нь үүл борооноос түргэн, үст бийрийг нэгэнтээ сажилбаас чөтгөр сахиулсан цочмуй. Өлгөсөн пайзад овог нэрээ тэмдэглэж, эрдэмт төлгөч Юан Шэү Чэн хэмээжээ.


Энэ хүн хэн болов хэмээвээс, Тан улсын тэнгэрийг сүсэглэх яамны тэргүүн түшмэл Юан Даяан Ган багшийн авга нэр нь Юан Шэү Чэн хэмээмүй. Тэр багшийн төрсөн байдал үнэхээр өөр сонин, зүс царай ариун хээнцэр, их нэр улс гүрэнд алдаршин эрдэм мэдлэг Чан Ан балгасанд тэргүүлжээ. Лусын хаан үүдийг алхан орж ирээд тэр багшид золгож ёслон барсны хойно, лусын хааныг хойморт залж, хүүхдээр цай бариулав. Тэр багш асууруун: “Авгай ямар хэрэгт ирэв?” Лусын хаан өгүүлрүүн: “Тэнгэрийн бороо орох ба эс орохыг асуунам.” Тэр төлгөч ханцуйны дотор хуруу даран бодож үзээд: “Үүл манан уулын оройг бүрхэн, униар хүдэн шугуйн үзүүрийг ороомуй. Тэнгэрийн бороог мэдсүгэй хэмээвээс тэсгэлгүй маргааш даруй ормуй” хэмээв. Лусын хаан асууруун: “Аль цагт хэдий хэмжээгээр ормуй?” Тэр багш өгүүлрүүн: “Маргаашийн луу цагт үүлшиж, могой цагт аянгалан, морин цагт бороолж, хонин цагт арилмуй, хэмжээ нь гурван тохой гурван ямх дөчин найман дусал” Лусын хаан инээн өгүүлрүүн: “Энэ нь наадмын үг бус, маргааш бороо орох бөгөөд цаг хэмжээ цөм чиний хэлсэн лүгээ нийлбээс, би чамд тавин лан мөнгө барьсугай. Хэрвээ бороогүй буюу, цаг, хэмжээ эс таарваас чиний үүд өрхийг балбачин өлгөсөн пайзыг чинь хэмхчиж, Чан Ан балгаснаас хөөж гаргамуй” хэмээсэнд тэр багш инээн өгүүлрүүн: “Энэ нь чиний дураар болтугай, маргааш борооны дараа уулзсугай” хэмээв.


Лусын хаан Чан Ан балгаснаас салж, усан ордноо эгсэнд их бага усан эрхтэн нар ирж асууруун: “Их ванг төлгөчнийг сурвалжлахаар одсон хэрэг хааш болов?” Лусын хаан өгүүлрүүн: “Байнам! Байнам! Харин нэгэн амны тааваар тавьдаг төлгөчин болой. Би түүнээс бороо орохыг асуусанд тэр маргааш ормуй хэмээмүй. Би түүнээс ямар цагт хэдий хэмжээний бороо ормуй хэмээн асуусанд луу цагт үүлшиж, могой цагт аянгалан, морин цагт бороолж, хонин цагт арилж, гурван тохой гурван ямх дөчин найман дусал ормуй хэмээмүй. Би түүн лүгээ мэлзээ тавин, хэрвээ чиний хэлсэн таарваас би чамд тавин лан мөнгө барьсугай, эс таарваас үүд өрхийг балбачин өлгөсөн пайзыг чинь хэмхчиж, иргэдийг мэхлэхийг зогсоож, Чан Ан хотоос хөөж гаргамуй” хэмээв. Усны хамаг эрхтэн нар зэргээр инээлцэн өгүүлрүүн: “Их ван хэмээгч найман их голын ерөнхий захирагч мөн бөгөөд хур усыг хамаарагч луугийн хувилгаан тул бороо орох ба эсэхийг гагцхүү их ван мэдэх атал тэр төлгөч ямар аймшиггүй дэмий л чалчмуй. Тэр лавтайяа мэлзээ алджээ! лавтайяа мэлзээ алджээ!” хэмээлцэв.


Их ван, хүүхэд ач нар хийгээд загасан түшмэд, наймаалж жанжин нар лугаа хараахан ярилцан баясаж атал огторгуйд “Жин Хэ мөрний лусын хаан зарлигийг угт!” хэмээн дуудах дуун гарсанд олноор тэргүүн өргөн үзвээс, нэгэн алтан хуяг дуулгат эрхтэн гарт хурмастын зарлигийг өргөн усан ордны зүг айсуй. Лусын хаан ихэд мэндүүрэн дээл хувцсаа тэгшилж, хүж асаан зарлигийг угтав. Тэр алтан хуяг дуулгат эрхтэн зарлигийг өгч буцаж одсонд, лусын хаан хишигт мөргөн битүүмжийг нээн үзвээс, зарлигийн бичигт өгүүлсэн нь: “Найман голыг ерөнхийлөн захирагч лусын хаанд зарлиг буулгах нь аянга дуугарган цахилгаан цахилуулж, маргааш хур бороон буулган Чан Ан балгасыг нийдэм ундалжээ”  хэмээжээ.


Хурмастын зарлигт өгүүлсэн хур бороон оруулах цаг мөч болон хэмжээ тоо нь тэр багшийн хэлсэн лүгээ хялгасан төдий ч зөрөхгүй болсонд лусын хаан их л хирдхийж, олон усны эрхтний зүг ийн өгүүлрүүн: “Ертөнцөд ийм мэргэн хүн бас буй ажгуу! Өдгөө би түүнд мэлзээ алдав!” хэмээхэд цагч жонон урагш давшин ийн айлтгаруун: “Их ван сэтгэлийг сул тавь. Түүнийг олсугай хэмээвээс ямар бэрх буй? Түшмэл би нэгэн аргаар түүний амыг бөглөсүгэй” хэмээсэнд, лусын хаан аргыг асууваас цагч жонон өгүүлрүүн: “Бороон оруулах цаг мөчийг хойшилж, хэмжээг хасан дуслыг цөөтгөвөөс түүний төлгө мэргэн бус болох тул мэлзээг олоход ямар бэрх буй. Тэр үед түүний үүд өрхийг нь балбачин өлгөсөн пайзыг нь хэмхчиж Чан Ан балгаснаас хөөж гаргаваас барав.” Лусын хаан түүний айлтгалыг дагаж сэтгэлийг сул болгов.


Дараа өдөр найман голын лусын хаан нь салхи, аянга, үүл, цахилгааны эрхтэн нарыг дагуулан огторгуйд дэгдэж, Чан Ан балгасны дээр ирж, могой цагт үүл үүсгэн морин цагт аянга дуугарган хонин цагт бороо оруулан бичин цагт тэнгэр арилж, нийт гурван тохой дөчин дусал хур буулгаж тэнгэрийн зарлигаас нэг цаг хойшлон, гурван ямх найман дусал хорогдуулав. Бороо зогссоны хойно олон эрхтнийг буцааж, лусын хаан өөрийн биеэр үүлнээс буугаад нэгэн бичгийн хүн болон хувилж, төлгөчийн гэрт түлхэн ороод үг хэлэлгүй даруй Юан Шэү Чэнгийн тэмдэг пайз бийр зууруул зэргийг таягдан хэмхлэв. Тэр багш сандалд суун огт хөдөлсөнгүй. Лусын хаан хаалганы хавтасыг шүүрэн авч ихэд хараан өгүүлрүүн: “Чиний энэ үнэн худлыг хутган мэхлэгч хилэнцэт шулам, аймшиггүй олныг хуурагч золбин эр! Чиний төлгө мэргэн үгүй атал юунд бас дэмий чалчмуй! Энэ өдрийн борооны цаг хэмжээ цөм нийцсэнгүй атал, харин бардам аашилж ширээн дээр ажиггүй суух юун! Түргэн босч од, чиний үхэх ялыг түр хэлтрүүлсүгэй!” Юан Шэү Чэн өчүүхэн ч эмээх байдалгүй дээш харж хүйтнээр инээн өгүүлрүүн: “Би үл аймуй, надад үхэх ялгүй, харин чамд үхэх ял буй, чи бусдыг хуурч болох, ганц намайг хуурч үл болмуй. Би чамайг танимуй, чи бичгийн хүн бус, Жин Хэ мөрний лусын хаан бус буюу. Чи хурмаст тэнгэрийн зарлигаас зөрчиж, солилон дуслыг дутуулан тэнгэрийн хуулинд халдсан тул “Луугийн тэргүүнийг цавчих тавцан”-ийн дээр нэгэн илднээ үхэх ялаас хэлтрэхүйеэ бэрх атал, бас энд ирж, намайг дэмий л хараамуу?” хэмээв.


Тэр лусын хаан түүний үгийг сонсож биеийн сүнс биед үгүй болж, гар дахь хаалган хавтасаа яаран таягдаад дээл хувцсаа тэгшилж тэр багшийн өмнө сөгдөн өгүүлрүүн: “Багш битгий юм бод, саяын хэлсэн үг нь цөм наадмын үг бөлгөө. Гэтэл худлаас үнэн болон хувирахыг хэн саналаа, үнэхээр тэнгэрийн хуулийг зөрчсөн тул өдгөө хэрхвээс сайн? Гуйх нь багш миний амийг аврах болов уу! Эс тийн бөгөөс би үхэвч чамайг сул тавихгүй.” Шэү Чэн өгүүлрүүн: “Би чамайг аварч үл чадмуй, гагцхүү нэг амьдрах замыг зааж үхэхээс хэлтрүүлсү.” Лусын хаан: “Сургахыг хүсмүй.” Тэр багш өгүүлрүүн: “Чи, маргаашийн морин цагийн гуравдугаар мөчид цаазын түшмэл Вэй Жэнгийн тэнд цавчигдахыг хүлээмүй. Чи амиа аварсугай хэмээвээс эрхбиш Тайзун хаанд гуйваас сая болмуй. Вэй Жэн болбоос Тан хааны доорх Чинсан түшмэл тул түүнээс гуйж нүүр олбоос сая үхэхээс хэлтэрч болмуй.” Лусын хаан нүднээс нулимс унаган салах ёсыг хийж одов. Удсангүй улаан нар баруунд шингэж саран мандав.


Униар хүдэн ууланд тунаран эгэх шувуу алжаагаад, урт замын аяны хүн хоногийн буудлыг эрнэм. Олмын эхний шинэ галуу нарийн элсэнд хоноглохуйяа, урт огторгуйн мөнгөн оёдол тодорном. Үдшийн гүнийг шаардруун, өнчин тосгоны зулын гэрэл дэмий л сүүмэлзэн сүүтгэнэмүй.


Салхин Гүүрний утааг илбэн зам хүрээлэн цэвэршин, сайхан эрвээхийн зүүдэн дотор хүн үл учирнам. Сарны гэрэл цэцгийн сүүдрийг хэрсгэн дээр шилжүүлэхүйеэ, цацармал мичдийн гэгээн гэрлийг балруулнам. Сажлах зөн дуурсруун, санамсаргүй нам гүм болон шөнө дунд өнгөрчээ. 


Тэр Жин Хэ мөрний лусын хааны ордонд эгсэнгүйгээр огторгуйд хүлээсээр шөнө дөл болсон хойно, сая үүлээ хурааж шууд хааны ордны хаалганд хүрч ирэв. Тэр цагт Тан хаан хараахан зүүдний дотор ордноос гарч, сарны гэрэл доор цэцэг үзэж атал, тэр лусын хаан хүн болон хувилж урагш давшин хөсөр сөгдөж: “Эзэн хаан, миний амийг авар!” хэмээн хашхирсанд Тайзун хаан: “Чи хэрхсэн хүн буй? Ямар учраас би чиний амийг авармуй?” хэмээн асуусанд тэр лусын хаан өчрүүн: “Хаан болбоос үнэн луу, түшмэл би болбоос зэрлэг луу болой. Түшмэл би тэнгэрийн хуулийг зөрчсөн тул хаан таны цаазын түшмэл мэргэн Чинсан Вэй Жэнд цавчигдмуй. Тийнхүү өчүүхэн миний амийг аврах болов уу? хэмээн гуйхаар ирэв.” Тайзун хаан зарлиг болруун: “Үнэхээр чамайг Вэй Чинсан алах болбоос, би чиний амийг аварсугай, чи сэтгэлийг сул болгон эргэгтүн.” Лусын хаан ихэд баясаж хишигт мөргөн эчив.


Тэндээс Тайзун хаан зүүднээс сэрсний хойно, тэр үгийг санасаар үүр цайлгаад, өглөөний харшид гарч бичиг цэргийн сайд түшмэдээ цуглуулав. Гагц үзвээс:


Гарьдын асрыг утаа бүрхээд, лууны тагтанд хүжис тунармуй. Гэрэл гялсахуйяа улаан халхавч хөдлөөд, үүлс хөвөхүйеэ ногоон урсгал яралзмуй. Эзэн сайд харилцан зохицоод Юу Шүнд адил, ёслол хөгжим сүр чангараад Хан Жоуд бараг. Шадар түшмэдийн дэнлүү, ордны охидын дэвүүр, хос хосоор өнгө ялгаран, тогос шувууны халхавч, билигт гөрөөсний харш, газар газар туяа цацармуй. Түмэн наст хэмээх дуун цуурайтан, түгээмэл олноор мянган намрыг бэлгэлмүй. Дохионы ташуур хөсөр гурвантаа дуугармагц, дээл малгайтан урагш сөгдөн мөргөмүй. Ордны цэцэг гэрэл гялбасан тэнгэрийн хүжис шингээд, далангийн уд нэмүүнээ нахилзан ордны хөг дуурьсмуй. Оюу шүрийн орхиул алт мөнгөний гархийг өндөрт өргөж, луу гарьд уул усны халхавчид сүйх хүлээн зогсчээ. Бичгийн түшмэд аруудхан хээнцэр, цэргийн сайд баатар эрэмгийд, хасын индэр ордны зам өндөр богино ялгарчээ.


Алтан тэмдэгт бор шошгыг гурван зүйлээр зэрэглэж, ашид энхжих тэнгэр газар түмэн он мөнх.


Тэндээс олон түшмэд харшид бараалан хоёр этгээдэд жигүүрлэн зогссоны хойно, Тан хаан луугийн нүдийг өргөн нэг нэгээр үзвээс, бичгийн сайдын дотор Фан Шиуан Лин, Ду Ро Хуй, Сьюй Ши Жи, Сьюй Жин Жүн, Ван Хүй нар буй бөгөөд цэргийн сайдын дотор Ма Сан Буу, Дуан Хи Сян, Ейн Ки Шан, Чэн Юү Жин, Льюй  Хүн Жи, Хү Жин Дэ, Чин Шу Буу нар нэг нэгээр сүр жавхлан зэргээс хэтэрхий, ганц Вэй Жэнүзэгдэхгүйд, Тайзун хаан Сьюй Ши Жиг харшид дуудан өгүүлрүүн: “Мөхөс хүн энэ шөнө нэгэн сонин зүүд зүүдлэв. Нэгэн хүн надад мөргөн биеэ Жин Хэ мөрний лусын хаан хэмээмүй. Тэр тэнгэрт үхэх ял олж, хүний ертөнцийн цаазан түшмэл Вэй Жэнд цавчигдах тул намайг гуйн авартугай хэмээснийг би нэгэнт хүлээн авав. Энэ өглөөний харшид Вэй Жэн ганцаар үзэгдэхгүй нь ямар учир болов?” Сьюй Ши Жи өгүүлрүүн: “Энэ зүүд үнэн болов. Эзэн эрхбиш Вэй Жэнг дуудан авчирч үүднээс үл гарган, энэ шөнийг өнгөрөөвөөс зүүдний доторх тэр лусын хааны амийг аварч болох буй за.” Тан хаан ихэд баярлан, шадар түшмэлээр Вэй Жэнг дуудуулав.


Өгүүлэх нь, Вэй Жэн хараахан Чинсаны яаманд сууж, тэнгэрийн байдлыг шинжин, эрдэнийн хүжийг шатааж атал, огторгуйд хувилгаан тогорууны дуу гарч тэнгэрийн элч хурмастын алтан бошгыг өргөн ирээд, морин цагийн гуравдугаар мөчид Жин Хэ мөрний лусын хааныг зүүдээр цавчигдав хэмээв. Вэй Жэн тэнгэрийн зарлигийг хүлээн хишигт мөргөн бараад, биеийг ариутган бацаг барьж билгийн илдийг бясалган агсан тул энэ өглөөний бясалгалд эчсэнгүй ажгуу. Гэнэт хааны дуудах зарлиг хүрч ирсэнд Вэй Жэн ихэд мэндүүрэв. Бас хааны зарлигаас зөрчиж үл болох тул, яаран дээл хувцсаа тэгшлэн харшид орж хааны өмнө сөгдөж ялаа гуйсанд Тан хаан: “Түшмэлд ял үгүй” хэмээв. Энэ үед олон түшмэд хараахан тархаагүй агсан тул цөмөөр орхиулыг өргөн тус тусын ордонд эгэв. Ганц Вэй Жэнг үлдээж, алтан харшид аваачиж, нэгэн сул өрөөнд сууж урьдаар хязгаар орныг амаржуулан төрийг засах бодлогыг нэгэн зэрэг хэлэлцэв. Энэ үед могой цагийн эцэс морин цагийн эх болсон тул, ордны охидоор мигмэн авчруулан “Мэргэн түшмэл лүгээ мөрийцсүгэй”  хэмээсэнд олон бага хатад хөлөг авчирч эзний ширээн дээр дэлгэн тавив. Вэй Жэн хишигт мөргөн Тан хаан лугаа мөрийцөж эхлэв. Энэ үнэхээр “Сүхний иш ялзрав” хэмээх номд өгүүлсэн мэт. 


Мигмэн наадах ёс нь хичээнгүй болгоомжийг эрхэмлэмүй. Дээд нь өрцөнд амуй, доод нь хөвөөнд амуй. Дундад нь өнцөгт амуй, энэ нь мигмэнчний энгийн ёс болой. Номд өгүүлсэн нь: “Нэгэн хүү идэгдсэн ч гайгүй, нэгэн нүүдэл урьдахыг алдаж болохгүй. Зүүнийг цохьвоос барууныг үзмүй, хойныг шавдуулахад өмнөхийг анхаармуй. Урьтаж байснаас хожимдож, хожимдож байснаас урьтмуй. Хоёул эдгэрэвч тасрахгүй, цөм амьдравч холбогдохгүй. Уудам боловч асар сийрэг болгож болохгүй, нягт боловч хэтэрхий цухал болгож болохгүй. Хос замаа хайрлаж амьдрахаар, харин түүнийг гээж дийлэхийг оролдоход үл хүрмүй. Хэрэггүй илүүц явахын оронд хичээн сахиад өөрийгөө хамгаалахыг хүрэхгүй. Цөөнөөр олонтой эсрэгцэлдэхүйеэ, чармайж байгаад үхэхгүйг хичээ. Олноор цөөнтэй байлдахуйяа, омог сүрээ ихэд бадруулах хэрэгтэй. Дийлэгч нь тэмцэлдэхээр үгүй, сахигч нь байлдахаар үгүй. Эрэмгий дийлэгчид ялагдал үгүй, эзлэгдэн дарлагдагчид самгардал үгүй. Мигмэн хэмээгч эхлэхэд эе найртай аж, эцэс сүүлд гайхамшгаар дийлмүй. Хамаг эсрэгцлийг хамаарахгүй өөрийгөө нөхвөрлөгчдөд, халдан ирэхэд туслах санаа буй, багыг гээж, эс тэнхрүүлэх нь лав ихийг хүсэх сэтгэл буй. Гарын аяар тавигчид нь бодлогогүй хүн, сэтгэхгүйгээр хариуцагсад нь дийлэгдэхийн зам болой. Шүлэглэж номд: “Нэг мөсөн хичээгтүн, нүхэнд унуузай” хэмээсэн нь даруй үүнийг өгүүлсэн болой.”


Шүлгийн үг:


        Хөлгөөр хөрст газар болгон мигмэнээр тэнгэр хийж,
        Хар цагаанаар харшилдахуйяа хувирах улирах бүрэн.
        Цаглашгүй улиран хувилах газар хүрвээс,
        Урьд өдрийн сүхний иш илжирхий хувилгааныг инээн магтмуй.


Эзэн түшмэл хоёул мигмэн тавьсаар хараахан морин цагийн гуравдугаар мөч болмогц, гэнэт Вэй Жэн ширээг түшин хурхиран унтахад, Тайзун хаан инээн өгүүлрүүн: “Мэргэн түшмэл үнэхээр улс гэрийн төлөө сэтгэлийг сүйтгэн, төрийн хэрэгт ихэд зүдсэн тул ийнхүү санамсаргүй унтжээ” хэмээгээд дуудаж сэрээсэн бээр үгүй. Удсангүй Вэй Жэн нойрноос сэрээд хөсөр сөгдөн айлтгаруун: “Түшмэл би үхэх ялтай болой, сая хэрхсэнийг үл мэдмүй, гуйх нь түшмэл миний эзнээ алгуурласан ялыг уучлах болов уу?” хэмээсэнд, хаан: “Түшмэл чамд ямар алгуурласан ял буй? хурдан босогтун! Хуучин хөлгийг дахин шинэтгэн нэгэн удаа мөрийцсүгэй” хэмээн зарлиг болсонд, Вэй Жэн хишигт мөргөн дахин мигмэн тавьтал, харшийн гадна их л үймэлдэн эхлэв. Үзвээс, Чин Шу Буу, Сьюй Муу гүн нар нэгэн цустай луугийн тэргүүнийг барин эзний өмнө ирж ийн айлтгаруун: “Эрт өдгөөгийн сонин бүхнийг сонслоо, харин ч энэ мэт гайхалтай хэргийг үзээгүй” хэмээсэнд, Тайзун хаан болон Вэй Жэн зэргээр босч: “Энэ хаана байсан буй?” хэмээн асуусанд Чин Шу Буу, Сьюй Муу гүн айлтгаруун: “Мянган алхмын урд саравчны өмнөх туналзан зээлийн тэнд нэгэн луугийн тэргүүн огторгуйгаас унаж ирсэн тул өчүүхэн түшмэл аймшиггүй эс мэдүүлбээс үл болмуй” хэмээсэнд Тан хаан ихэд цочиж Вэй Жэнгээс асууруун: “Энэ ямар учир болов?” Вэй Жэн хойш эргэн мөргөн өгүүлрүүн: “Энэ нь түшмэл би сая нэгэн зүүдээр цавчин алсан бөлгөө.” Тан хаан их л хирдхийж: “Мэргэн түшмэл унтахад бие ба гар нэг ч хөдөлсөнгүй бөгөөд мөн илд сэлэмгүй атал энэ лууг хэрхэн алав?” Вэй Жэн айлтган өгүүлрүүн: “Эзэн хаан, түшмэл би:


Бие нь эзний дэргэд агсан ч, сүнс нэгэнтээ зүүдээр салан одов. Би эзэн лүгээ мигмэн тавьсаар нүд анин дугжирч зүүдээр хаанаас салан өлзийт үүлийг хөлөглөн, баатар зоригийг ихэд бадруулав. Тэр лууг тэнгэрийн цэрэг дээсээр хүлж луу цавчих тавцан дээр авчирсанд, түшмэл би түүнээс: “Чи тэнгэрийн хуулийг зөрчиж үхэх ялд тохиолдов. Би хурмастын зарлигийг хүлээж өдгөө чамайг цавчмуй” хэмээсэнд тэр луу сонсож гашуудан энэлмүй. Түшмэл би баатар хүчийг бадруулахад тэр луу мөн ч, маш гашуудан энэлэвч хумсаа хумьж, биеэ хураан ганц үхэхийг хүлээмүй. Түшмэл би сүрийг ихэд бадруулан дээлийн хормойг дээш шуун урагш давшиж, билгийн илдийг нэгэнт далаймагц, луугийн тэргүүн даруй хоосон огторгуйгаас унан иржээ.”


Тайзун хаан үүнийг сонсоод баярлах бөгөөд бас гашуудмуй. Баярлах нь: Вэй Жэнгийн мэт эрэмгий баатар сайн түшмэл агсан цагт улс гэр амарлингуй үгүй хэмээн зовних газар үгүй. Гашуудах нь зүүдний дотор лусын хааны амийг аварсугай хэмээн ам алдсан бөлгөө. Гэтэл санамсаргүй үхүүлэхэд хүргэжээ. Тан хаан биеийг хатуужуулан, нэгэнтэйгүүр Чин Шу Бууд зарлиг буулган лусын хааны тэргүүнийг зээлд өлгөн Чан Ан балгасны зуун овогтонд цээр үзүүлж, нөгөөтэйгүүр Вэй Жэнг шагнан олон сайд түшмэдийг тархав.


Тэр орой Тан хаан ордонд эгэж зүүдний доторх тэр лусын хаан, уйлан унжсаар амиа гуйсан болбоос эцсийн мөрт үхэхийн аюулаас мултран эс чадав хэмээн сэтгэл ихэд үймэрсээр улмаар бие чилээрхэж дотор амаргүй болов. Шөнийн хоёр жингийн үед гэнэт ордны гадна эмгэнэн уйлах дуун сонсдоход Тайзун хаан нэн цочин гэлмэгдэж, нүдээ анин нойрссугай хэмээхэд Жин Хэ мөрний лусын хаан гарт цуст тэргүүнийг дүүжилсээр өндөр дуугаар: “Тан Тайзун! Чи миний амийг төлж өг, чи миний амийг төлж өг! Чи өчигдөр шөнө ам дүүрэн миний амийг аварсугай хэмээгээд, юунд гэгээ ормогц үгэндээ үл суун ертөнцийн цаазан түшмэл Вэй Жэнг илгээж намайг алуулмуй. Чи гарч ир, чи гарч ир! Би чам лугаа хамт эрлэг хааны тэнд эчиж хэлэлцсүгэй” хэмээн Тайзун хааныг барин тавихгүй цуугилдахад, Тайзун хаан хэлэх үггүй тэлчилсээр хамаг бие цөм хөлс болов. Яг салшгүй зууралдан ахуйд ас өмнө зүгээс өлзийт үүлс эвхрэлдэн өнгөт униар туналзсаар нэгэн хувилгаан дагина ирж, гар дахь удан мөчрөө нэгэнт сажилсанд тэр тэргүүн үгүй луу гаслан уйлсаар баруун хойд зүгт эчив. Тэр хувилгаан хэн буй хэмээвээс, Хомсим бодисадва ажгуу. Хомсим бодисадва Шигэмуни бурхны зарлигаар зүүн оронд ном залагч хүнийг эрэхээр ирээд Чан Ан балгасны савдгийн сүмд сууж ахуйяа, шөнө дөлд гэнэт чөтгөр шулам уйлан чархирах дууг сонсож тухайлан ирж зэрлэг лууг үлдэн явуулж эзнийг тэнхрүүлсэн нь энэ ажгуу. Тэр лусын хаан эрлэгийн оронд заалдахаар одсоныг түр өгүүлэхгүй.  


Тэндээс өгүүлэх нь, Тайзун хаан зүүднээс сэрээд “Чөтгөр буй, чөтгөр буй” хэмээн хашхирахуйяа тэдгээр гурван ордон зургаан хүрээлэнгийн хатад охид ба бараа бологчид цөмөөр их л айж турш унтсангүй. Удсангүй таван жин гурван мөч болсонд төрийн бичиг цэргийн сайд түшмэд цөм ордны үүднээ хурж, эзнийг харшид залрахыг гэгээртэл хүлээгээд ирсэнгүй тул цөмөөр их л цочиж хирдхийв. Нар дээр мандсаны хойно сая хүн гарч ирээд: “Миний бие амаргүй тул олон сайд эгтүгэй” хэмээх эзний зарлигийг уламжлав. Тийн агсаар удалгүй зургаан долоон өдөр болсонд олон түшмэд их л гэлмэж цөм үүднээ ирж эзний шарыг болгоосугай хэмээтэл, тийхүү зарлиг буулган эмчийг урьж эзний өвчнийг үзтүгэй хэмээсэнд олон түшмэд цөмөөр хаалганы гадна үлдэж, эмчийн чимээг хүлээв. Дэмий удсангүй эмч гарч ирсэнд бүгд сайд угтан авч эзний шарыг асуусанд эмч өгүүлрүүн: “Эзний судлын лугшилт тэгшгүй бөгөөд сул дорой, бас чөтгөр буй хэмээн солио яримуй. Дахин үзвээс арав дэлсэж нэг зогсоод, таван цулын хүч буурчээ, үзвээс долоо хоногийг өнгөрөөж үл чадмуй” хэмээсэнд олон түшмэд сонсоод их л цочив.


Хараахан мэндүүрэн атал, Сьюй Муу гүн, Ху Хүэ гүн, Иүй Ууй гүн нарыг дуудах эзний зарлиг уламжлан ирсэнд, гурван гүн ихэд мэндүүрэн хааны ордноо орж бараадан мөргөсөнд Тайзун хаан нүүрийг төв болгон чанга дуугаар зарлиг болруун: “Гурван гүнд хэлэх нь, мөхөс миний бие арван есөн наснаасаа цэрэг дайчлан, өмнийг дайлан, умрыг байлдан, зүүнийг төвшитгөн барууныг дарж гашуунаар өдий жил явсан атал ад түйтгэр лүгээ уулзаж үзсэн бээр үгүй, гэтэл өдгөө харин чөтгөр үзэгдэв!” Иүй Ууй гүн өгүүлрүүн: “Дэлхий дахиныг тогтоон тоо томшгүй хүнийг алсан атал, өдгөө юунд чөтгөрөөс дэмий л аймуй?” Тайзун хаан зарлиг болруун: “Түшмэл чи итгэхгүй буй за. Шөнө болбоос миний энэ унтах ордны гадна ваар тоосго хөдөлж, чөтгөр шулам орилон хашхирах нь, адбиш эмээлтэй болжээ. Өдөр харин ч гайгүй, үдэш болбоос тун ч хэцүү.” Чин Шу Буу айлтган өгүүлрүүн: “Эзэн луугийн сэтгэлийг сул тавь, энэ шөнө түшмэл би Жин Дэ лүгээ хаалгыг сахиж, ямар чөтгөр ирэхийг үзсүгэй” хэмээсэнд Тайзун хаан зөвшөөрөв. Сьюй Муу гүн нар эзний хишигт мөргөн гарав. Тэр шөнө Чин Шу Буу, Хү Жин Дэ хоёул гарт алтан манцуурга, саран сүх барьж ордны хаалганы хоёр этгээдэд сахин зогсов. Тэр хоёр жанжин яахан хуягласныг үзвээс:


Тэргүүнд дарсан алтан дуулганаас гэрэл гялбаа цацарч, биед хэдэрсэн гархин хуягт луугийн хайрс яралзжээ. Зүрхийг сахьсан эрдэнийн толинд бэлгэт үүлс эвхрэлдэн, арслан барсыг горхийг тачигнатал товчлон, өнгөт бүс лавир болон хийсчээ. Энэ нэгэн нь гарьдын нүдээр огторгуйг ширтвээс, одон гариг айлдан, тэр нэгэн нь цахилгаан нүдээр нэгэнтээ харваас сарны гэрэл дарагдав. Эд хоёул эртнээс эзний эрхэм түшмэл атал, эгнэгт мянган өрх түмэн үүдний сахиусан болжээ. 


Хоёр жанжин үүдний хажууд зогсож, өглөө болтол сахисан боловч чөтгөрийн чимээ нэг ч гарсангүй. Энэ шөнө эзэн хаан мөн ч амарлингуй нойрссон тул өглөө эрт хоёр жанжинг дуудан хүндтэй шагнаад Тайзун хаан ийн зарлиг болруун: “Би өвчилснөөс нааш хэдэн өдөр огт нойргүй, энэ шөнө хоёр жанжины сүрд итгэж, маш амарлингуй нойрсов. Хоёр жанжин хойш эгэж биеийг амруул, үдэш  ирж сахьтугай” хэмээсэнд хоёр жанжин хишигт мөргөн гарав. Энэ мэтээр хэдэн шөнө сахисны сайнаар хэдий амарлингуй нойрссон боловч, эзэн хаан идээ ундаанаас гарч, өвчин нь улам улам хүнд болов. Тайзун хаан бас хоёр жанжинг ийнхүү зүдээхэд сэтгэл түвдэхгүй тул Шу Буу, Жин Дэ болон До, Фан зэргийн олон гүн нарыг ордноо дуудан ийн зарлиг болруун: “Энэ хоёр шөнө мөхөс би хэдий амарлингуй нойрссон боловч, ганц Чин, Хү хоёр жанжинг шөнө турш ихэд зовоов. Мөхөс би бодоход нэгэн уран зурагчныг залж хоёр жанжины үнэн дүрийг хөрөглөн бүтээж үүдэнд нааж эд хоёрын зүдээг тайлбаас ямар?” хэмээхэд олон түшмэд зарлигийг даган хоёр уран зурагчныг урьж, Чин, Хү хоёр гүнгийн үнэн дүрийг хөрөглөн үүднээ наасанд тэр шөнө мөн амарлингуй нойрсов.


Энэ мэтээр хэдэн өдөр болсны хойно, хойд хаалганаа ваар тоосго унах дуун гарсанд эзэн өглөө эрт олон түшмэдийг цуглуулан ийн зарлиг болруун: “Хэдэн өдөр өмнө хаалга түвшин болов, ганц хойд хаалганд дэмий л дуун гарч мөхөс хүн намайг цочоох нь үнэхээр үхүүлэхэд хүргэжээ.” Муу гүн урагш давшин айлтган өгүүлрүүн: “Өмнө хаалга түвшин болсон нь Жин Дэ, Шу Буу хоёрын сахисны сайн болой, хойд хаалга түвшингүй болбоос Вэй Жэнгээр сахиулбаас зохимуй” хэмээсэнд Тайзун хаан зөвшөөрөв. Вэй Жэнг дуудан энэ шөнө хойд хаалгыг сахь хэмээсэнд Вэй Жэн зарлигийг даган хуяг дуулгыг тэгшлэн гарт луу цавчих эрдэнийн илд барин хойд хаалганд зогсов. Тэр үнэхээр гайхалтай баатар ажгуу. Үзвээс, түүний засаж чимсэн нь:


        Хар шоо торгон алчуураар тэргүүнийг даран ороож,
        Хатгамал дээл биед өмсөн хасын бүс бүсэлжээ.
        Салхи уудлах агуй ханцуйд өнгөт хяруу хийсэн,
        Сахиулсан дүр хувилгаан байдал ЛэТогоос ахаджээ.
        Хоёр хөлд хар гутлыг тэвхийтэл өшиглөөд,
        Хурц сэлмийг гарт барин баатар сүр бахархалтай.
        Нүдээ төгрөглөн дөрвөн зүгт нэгэнтээ нийдэм ажиглаваас,
        Нүгэлт чөтгөр алин нь түүн лүгээ ойртож чадмуй?


Нэгэн шөнө ад чөтгөргүй амар мэнд хоносон боловч эзний өвчин мөн хүнд болсонд тайху зарлигийг уламжлан олон түшмэдийг ордноо оруулж, хойшдын хэргийг зөвдөв. Тайзун хаан Сьюй Муу гүнг дуудаж улс гэрийн их үйлийг захив. Бас Льюй  Шуан Дэг дуурайж өнчин хөвгүүнээ тушаах санааг илтгэж, биеийг угаан хувцсыг халан цагаа хүлээв. Дэргэдээс Вэй Жэн эзний луугийн дээлнээс татаж айлтгаруун: “Эзэн сэтгэлийг сул тавь, түшмэл надад эзнийг урт наслуулах нэгэн арга буй” хэмээсэнд, Тайзун ийн зарлиг болруун: “Өвчин нэгэнтээ яс чөмөгнөө орж үхэх нь өнөө маргааш болов, яахан урт наслуулж чадмуй?” Вэй Жэн айлтгаруун: “Түшмэл надад нэгэн хуудас бичиг буй, эзэн түүнийг аваачиж эрлэгийн орны таслан шүүгч түшмэл Цүй Жиувайд өгтүгэй” хэмээсэнд, Тайзун зарлиг болруун: “Цүй Жьюай хэмээгч хэн буй?” Вэй Жэн айлтгаруун: “Тэр болбоос урьдах эзний төрийн түшмэл болой, анхад Зы Жоугийн түшмэл байж хожим ёслолын журганы дэд сайдын зэрэгт дэвшжээ. Тэр амьд ахуйд түшмэл над лугаа анд нөхөр бөгөөд ханилсан найр мөн нимгэн бус. Тэр өдгөө нэгэнт наснаас нөгчиж эрлэг хааны тэнд үхэж төрөх заяаны дансыг таслан шүүгч болж, зүүдний дотор түшмэл над лугаа үргэлж уулздаг бөлгөө. Эзэн өдгөө одоход энэ бичгийг түүнд өгвөөс тэр лавтайяа миний нимгэн нүүрийг бодож эзнийг амьд ертөнцөд эгүүлэн лууны биеийг хаан балгасанд буцаамуй за” хэмээсэнд Тайзун бичгийг тосон авч ханцуйны дотор нууж нүд анин халив. Тэдгээр гурван ордон зургаан хүрээлэнгийн хатад охид агь тайж нар болон хоёр жигүүрийн бичиг цэргийн түшмэд цөмөөр нэгэн зэрэг бэлэвсрэн эзний чандрыг цагаан барсын харшид засаж тавихыг түр дурдахгүй. Тайзун хааны сүнс чухам хэрхэн амилахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 43 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 31 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 59 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 3 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 46 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 19 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 23 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 23 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 57 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 6 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 16 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 21 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 44 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 1 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 19 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 20 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 35 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК