зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


ТАМЫН ОРОНД ХЭСРҮҮН ТАЙЗУНЫ СҮНС ШАРИЛД ЭГЭВ
ТАРВАС ЖИМС ХҮРГЭРҮҮН ЛЬЮЙ  ЧУАНЫ УРАГ ДАХИН СЭРГЭВ


Шүлгийн үг: 


        Зуун оны цаг хугацаа урсах усан мэт
        Заяат насны хэрэг үйлс дэгдэх хөөс адил 
        Залуу үеийн тоорын өнгө царайнд өчигдөр агснаа,
        Загал буурал хярууны дусал зажинд өнөөдөр буужээ
        Эрээн шоргоолжны жагсаал эвдэрхүйеэ ад биш илбэ мөн,
        Эгшигт задуулайн дуун чангархуйяа эрт эгвээс зохимой.
        Эртнээс элбэг буянтанд өлзий хутаг урт хэмээмү,
        Үүрд буяныг үйлдвээс тэнгэрийн тусыг гуйх юун.


Өгүүлэх нь, Тайзун хааны сүнс нь таван гарьдын асрын өмнө хүрч ирвээс, тэдгээр шадар цэрэг хэдийнээ хааныг угтан авч их хөлөгт залан авлахаар одсугай хэмээсэнд, Тайзун хаан тэсгэлгүй баясан тэднийг даган эчив. Удалгүй тэр олон ард цөм үгүй болоод, Тайзун хаан хөдөө хээр ганцаар үлдэж гарах зам олдохгүй гачигдан атал, тэртээ этгээдээс нэгэн хүн гарч ирээд өндөр дуугаар: “Их Тан улсын хаан нааш ирэгтүн, нааш ирэгтүн” хэмээн дуудмуй. Тайзун хаан үүнийг сонсож, тэргүүн өргөн үзвээс, тэр хүн нь: 


Тэргүүнд тавьсан живэрт малгайн навчилга бүч хийсч, дундуур ороосон хирсийн бүсний алтан эмжээр гялалзмуй. Гарт барьсан ясан хоовонд гайхамшигт униар тунарч, биед хэдэрсэн магнаг дээлнээс билгийн гэрэл туналзмуй. Өлмийд өшиглөсөн бараан гутал үүл мананг гишгэж, өвөрт агуулсан заяаны данснаа үхэж төрөхийг тогтоожээ. Санчигны үс нь сагсайн бууж чихэн омгийг бөтөгн, сахал хууз сэрвийн ургаж, эрүү түүшийг бүрхжээ. Эрт цагт эзэн төрийн эрхэн сайд явж, энэ өдөр эрлэг хааны элчин түшмэл суужээ.


Тайзун хаан түүний дэргэд хүрвээс, тэр хүн замын хажууд сөгдөөд ийн айлтгаруун: “Эзэн хаан түшмэл минь хол гарч угтахыг алдсан ялыг уучилму!” Тайзун хаан асууруун: “Чи ямар хүн, юунд намайг ийнхүү угтамуй?” Тэр хүн өгүүлрүүн: “Өчүүхэн түшмэл би хагас сарын өмнө эрлэг хааны шар харшид, Жин Хэ мөрний лусын хааны сүнс ирж чамайг амийг нь аврах хэмээгээд харин алуулав хэмээн заалдсаныг сонссон бөлгөө. Нэгдүгээр харшийн Чамгуранз хаан чөтгөрийн элчийг зарж, эзнийг шаардан ирүүлж, гурван ертөнцийн  заргыг нүүр тулган шийтгэсүгэй хэмээхэд, түшмэл би нэгэнт мэдэж тийнхүү энд ирж угтав. Санамсаргүй угтахыг оройтов, ялыг уучлах болов уу!” Тайзун хаан асууруун: “Чиний овог юун? Нэр хэн? Өдгөө ямар тушаалд амуй?” Тэр хүн өчрүүн: “Өчүүхэн түшмэл би амьдын ертөнцөд байхад урьдах эзний Зи Жэүгийн түшмэл байсан бөлгөө. Хожим ёслол журганы дэд сайдын тушаалд дэвшив. Миний овог Цүй, нэр Жиувай, өдгөө эрлэгийн орны элчин сайд болов.” Тайзун хаан их л баясан яаран урагш давшиж, тэтгэн босгон өгүүлрүүн: “Сяншэн чи, биеийг зүдээн хол угтав. Миний төрийн түшмэл Вэй Жэн нэгэн битүүмж бичиг үйлдэж чамд илгээсэн бөлгөө, санаандгүй Сяншэн лүгээ энд золгов.” Цүй Жьюай хишигт мөргөж бичиг хаана буй хэмээн асуусанд, Тайзун даруй ханцуйны дотроос гаргаж өгөв, Цүй Жьюай сөгдөн тосоод битүүмжийг нээж дэлгэн үзвээс, тэр бичгийн үг нь: 


“Хайрыг гутаасан мунхаг дүү Вэй Жэн мөргөн, бичгээр их журганы эрхэм ах Цүй Сяншэний ширээний өмнө өргөв. Урьд ханилан явсан зузаан найрыг сэтгэвээс, эевэргүү дуун элэгсэг дүр өвчүү цээжинд илгээн, гэгээн сургаалыг сонссонгүй арваад жил болов. Цагийн сайн өлзийт өдөр тохиолдвоос, идээг таваглан тахисан бөлгөө, амссан буюу? Үгүй буюу? Бас хайрыг орхилгүй зүүдээр үг илгээсэн тул, ах их хүн ийн өндөрт дэвшсэнийг мэдэв. Арга билиг хоёр ертөнц өөр нэгэн тэнгэрийн орон тул, нүүр золгож чадахгүйг хэрхсү. Өдгөө миний эзэн Тайзун хаан завшаан бусаар таалал төгсөв. Санаваас гурван ертөнцийн ам тулгах зарганд ад биш ах чам лугаа уулзах буй за. Түмэнтээ хүсэх нь, амьд цагт ханилсан зузаан найрыг санаваас, дөхөм үзүүлэн миний эзнийг амьдын ертөнцөд эгүүлбээс туйлын хишиг болой, хойш өдөртөө хүндэтгэн тахьсугай, бичигт үг баршгүй” хэмээжээ. 


Тэр элч бичгийг үзээд тэсгэлгүй баясан өгүүлрүүн: “Вэй цаазан түшмэл зүүдээр хөгшин лусыг цавчин алсан нэгэн хэргийг сайд би хэдийнээ мэдэж удтал магтан гайхсан бөлгөө. Түүнчлэн сайд миний үр хүүхдийг өдөр шөнөгүй харгалзсан бөгөөд өнөөдөр бас бичиг илгээсэн тул эзэн сэтгэлийг сул тавь, өчүүхэн түшмэл би эрхгүй эзэн хааныг амьдын ертөнцөд эгүүлж, хасын ордоноо дахин буцаасугай!” хэмээсэнд Тайзун хаан хариу талархав. 


Хоёул хараахан ийн хэлэлцэн атал, тэртээ этгээдээс бараан дээлтэй хоёр хүүхэд гарт дуаз хиур өргөн өндөр дуунаар: “Эрлэг хаан залмуй” хэмээсэнд Тайзун хаан, Цүй элч хоёул тэр хоёр хүүхдийг дагаж урагш одоход гэнэт нэгэн их хот харагдаж, хаалганд нэгэн их илэрхийлэл өлгөж, дээр нь “Эрлэгийн орны чөтгөрийн боомт” хэмээх хэдэн том алтан үсэг бичжээ. Тэр бараан дээлтэй хүүхэд хиурыг нэгэнтээ сажлан Тайзун хааныг удирдан хотод орж зээлийг даган эчив. Үзвээс гудамжны хажуугаас эцэг хаан Ли Юан, нөгчсөн ах Жянь Чэн, өнгөрсөн дүү Юан Жи нар урагш давшин: “Ли Ши Мин ирэв! Ли Ши Мин ирэв!” хэмээлцэн, Жянь Чэн, Юан Жи хоёул Тайзун хаанаас амь нэхэн ноцолдохоор ирэхэд, Тайзун зайлан чадсангүй тэдэнд баригдав. Завшаанаар Цүй элч нь дэргэд байж, нэгэн хөх нүүрт эрлэгийг дуудаж Жянь Чэн, Юан Жиг зандран эгүүлснээр Тайзун сая бие мултрав. Хэдэн газар явсангүй  нэгэн ногоон ваарт урт харш харагдан, өнгө үзэмж үнэхээр гайхалтай: Хөвхөс хөвхөс түмэн давхар өнгөт үүлс эвхрэлдэн, жирвэс жирвэс мянган зурвас бор униар татмуй. Натас натас нисэх саравчнаа сонин араатан зогсон, гялс гялс давхар дээвэрт өнгөт ваар гялалзмуй. Алтан товруу хэдэн мөр үүдний дээр хадаад, ариун хас нэгэн хэсэг босгоны дээр тавьжээ. Уудам гэгээвчинд гэрэл тусан өглөөний наран нэвтлээд, асрын үүдэнд гялбаа мяралзан улаан цахилгаан шувталжээ. Хөх огторгуйд асар тагт өндөр сэгийн шургаад хүрээ хашаа тэгш үргэлжлэн эрдэнийн хүрээлэнд залгалдмуй. Хүрэл гүлсний хүжсийн утаа магнаг дээлэнд шингээд, хүрэн шааны зулын  гэрэл ордны дэвүүрийг гийгүүлмүй. Эрвэг сэрвэг үхэр толгойт зүүн этгээдэд зогсоод, эрэмгий догшин морин толгойт баруун талд жагсжээ. Үхэгсдийг удирдан чөтгөрийг тонилгогч алтан шошгыг барьж, сүнсийг заах сүгийг даллах цагаан цалмыг унжлагажээ. Эрлэгийн захиргааны ерөнхий чуулганы үүд хэмээн нэрийдэж, эчнээ ертөнцийн эрлэг хааны Шинра харш ажгуу. 


Тайзун хаан гадна зогсож хараахан харж байтал, гэнэт тэртээ этгээдээс зүүсэн чимэг нь хангилзан сайхан үнэр анхилан, өмнө нь хоёр хүүхэд гарт зул барин удирдаж, хойноос нь арван эрлэг индрээс буун ирэв. Чамгуранз, Чойржалранз, Сондиранз, Уумранз, Ямаранз, Пиндимранз, Дашамранз, Догшидранз, Бимчинранз, Чакравардиранз зэргийн арван эрлэг хаан эрдэнийн  Шинра харшаас гарч цөмөөр бие мэхийн Тайзун хааныг угтав. Тайзун хаан аймшиггүй урагш орохгүй ахуйд арван эрлэг ийн өгүүлрүүн: “Эзэн болбоос амьдын ертөнцийн хаан болой, бид нар боловч эрлэгийн орны чөтгөрийн хаан тул цөмөөр зүй ялгаа буй атал юунд дэмий л татгалзмуй?” Тайзун өгүүлрүүн: “Мөхөс би та нарын цацрын өмнө ялтай атал ямар аймшиггүй амьдын ертөнц эрлэгийн орон хэмээн ялгамуй?” хэмээн марган зогсохгүй. Тайзун хаан урагш алхан Шинра харшид орж арван эрлэг хаад лугаа ёслолцон, зочин ба гэрийн эзний ёсоор суулцав. 


Баахан удсаны хойно Чамгуранз алга хавсран урагш давшиж өгүүлрүүн: “Жин Хэ голын хөгшин лусын сүнс нь таныг заалдав, эзэн түүнийг аварсугай хэмээн ам алдсан атал юунд гэдрэг алав?” Тайзун өгүүлрүүн: “Миний шөнийн зүүднээ хөгшин лус ирж амь аврахыг гуйсанд аварсугай хэмээн хүлээн авсан нь үнэн бөлгөө. Тэр хөгшин лус тэнгэрт алагдах ял хийсэн тул чив хэмээн миний цаазан түшмэл Вэй Жэнд цавчигдах болсонд, би Вэй Жэнийг харшид авчран түүн лүгээ мигмэн тавьж саатуулан суув. Санаандгүй Вэй Жэн нэгэн нойрны зүүдээр түүнийг цавчин алжээ. Энэ нь нэгд цаазын түшмэл Вэй Жэнг эчиж ирж мэдэгдэшгүй хувилгаан эрдэм, хоёрт тэр хөгшин лусын хийсэн ял нь үхэхэд хүрсэн буй за. Энэ нь надад ямар хамаа буй?” Арван эрлэг бие мэхийн ёслон өгүүлрүүн: “Тэр луу төрөл олохоос өмнө, өмнө удирсадын заяаны данснаа хүний ертөнцийн цаазан түшмэл Вэй Жэний гарт алагдах хэмээн тогтоосныг бид цөм мэдмүй. Гагцхүү тэр лус заавал эзнийг авчирч гурван ертөнцөөр ам тулгасугай хэмээн дэмий л марган зогсохгүй тул, бид арвуул түүнийг орчих оронд хүргүүлэн төрөл олгов. Өдгөө эзний биеийг зүдээн энд ирүүлсэн нь цөм бидний шахамдуулсан ял тул уучлахыг хүсмүй” хэмээгээд заяаны дансыг хамаарагч түшмэлд зарлиг буулган дэвтэр авчруулан хааны амьдын ертөнцөд амьдрах насан хутаг тэнгэрийн бошиг чухам хэдий болохыг үзсүгэй хэмээсэнд Цүй элч яаран дансны яамнаа эгэж, дэлхий дахины  түмэн хаадын тэнгэрийн бошгийн ерөнхий дансыг нэг нэгнээр байцаан үзвээс, өмнө Замбутивийн их Тан улсын Тайзун хаан Жэн Гуаны арван гуравдугаар онд тоо гүйцмүй хэмээжээ. Цүй элч их л хэрдхийж бэхт үзгийг аван арван гуравдугаар он хэмээх үсгийг гучин гуравдугаар он хэмээн халаад дансыг өргөн барив. Арван эрлэг эхнээс шүүн үзвээс Тайзун хааны нэрийн дор гучин гуравдугаар он хэмээн бичсэнийг үзээд эрлэг хаан ихэд цочин асууруун: “Эзэн сууринаа сууж хэдэн жил болов.” Тайзун өгүүлрүүн: “Мөхөс би сууринаа сууж арван гурван жил болов.” Эрлэг хаан өгүүлрүүн: “Эзэн сэтгэлийг сул тавь, бас хорин жилийн насан хутаг буй, Энэ удаагийн зарга тодорхой болов, өдгөө амьдын ертөнцөд эгтүгэй” хэмээсэнд Тайзун бие мэхийн тал өгөв. Арван эрлэг даруй Цүй элч, Жү Тай Иүй хоёулыг дуудан Тайзун хааны сүнсийг хүргэгтүн хэмээв. Тайзун хаан Шинра харшаас гарч дахин алга хавсран арван эрлэгээс асуун өгүүлрүүн: “Миний гэрийн настай нялхын заяа нь ямар?” Арван эрлэг өгүүлрүүн: “Цөм мэнд сайн, ганц эзний охин дүүгийн насан хутаг охор болжээ” хэмээсэнд Тайзун хаан дахин ёслон өгүүлрүүн: “Мөхөс би хүний ертөнцөд одсоны хойно хариулан баримаар сайн юмгүй тул гагцхүү тарвас жимсийн зүйлийг хүргэсүгэй.” Арван эрлэг баясан өгүүлрүүн: “Манай энд зүүний тарвас, барууны тарвас буй, ганц өмнөдийн тарвас үгүй.” Тайзун хаан өгүүлрүүн: “Мөхөс хүн харьсны хойно даруй хүргэмүй.” хэмээн харилцан ёслон салав. 


Тэр  Тай Иүй түшмэл гарт сүнсийг ч удирдах хиурыг атган өмнөд зам дагуулан Цүй элч хойноос Тайзуныг хамгаалан, шууд эрлэгийн орноос гарч ирсэнд Тайзун хаан нүд өргөн үзвээс, ирсэн зам бус тул Цүй элчээс асууруун: “Зам ташаарсан буй за?” Цүй элч өгүүлрүүн: “Ташаарсан бус эрлэгийн орон хэмээгч эчих зам байхаас бус, ирэх мөр үгүй болой, өдгөө эзнийг орчихын орноор гаргаж нэгд болбоос эзэнд тамын орныг үзүүлж, хоёрт болбоос эзнээр олон амьтдын сүнсийг гаталгуулсугай хэмээх бөлгөө.” хэмээсэнд Тайзун аргагүй тэр хоёрыг дагаж урагш эчив. 


Хэдэн газар явсангүй гэнэт нэгэн өндөр уул харагдаж, хар үүл газар лугаа үргэлжлэн харангуй манан огторгуйд тунарчээ. Тайзун хаан асууруун: “Цүй Сяншэнээ, тэр үзэгдэгч ямар уул буй?” Цүй элч өчрүүн: “Тэр нь эрлэгийн орны харангуй сүүдэрт уул болой.” Тайзун их л зэвүүцэн өгүүлрүүн: “Би яахан түүнийг гарч чадах буй?” Цүй элч: “Эзэн сэтгэлийг сул тавь, түшмэл бид удирдваас гайгүй.” хэмээсэнд Тайзун хаан айн дагжсаар тэд хоёрыг даган уулын орой дээр гарч тэргүүн өргөн үзвээс: 


Уул хад эрвэн  сэрвэн, урагшлах зам энхэл донхол
Эгц нь Шу Лин даваа мэт, өндөр нь Лу ян хад лугаа адил 
Энэ нь хүний ертөнцийн уул бус эгнэгт эрлэгийн орны бартаат газар. 


Бутлан ургасан өргөст сундланд буг шулам нууж, үет хаданд өлөн чөтгөр хуржээ. Араатан жигүүртний анир чимээ чихнээ үл сонстож, албин чөтгөрийн шогшилт нүдний өмнө харагдмуй. Хүйтэн салхин сэр сэр салхилах нь, хувилгаан цэргийн үлээсэн утаа будан манан пур пур оргилох нь буг чөтгөрийн хар уур. Дээш бараалан үзвээс өндөр богино үл мэдэгдэн, өргөн нь хэдий байхыг лавлаваас үхээд сүнс тулахгүй. Тэнд уул ч буй, хад ч буй, даваа ч буй, агуй ч буй, горхи ч буй. Гагцхүү уулнаа өвс үл урган хад нь оройгүй.  Даваа нь хүн үл яван, агуйд үүл эс тунан, горхинд ус үл урснам. Эрэг бүрт буг чөтгөр бархиралдан, эрээн бүхэнд сахиусан шулам хашхирмуй. Агуйн дотор ад чөтгөр оршиж, горхины ёроолд түйтгэр сүнсэн нуугджээ. Уулын  энтээ тэнтээ үхэр морин толгойт дэмий л бархиралцан, хагас нуун хагас далдлан өлөн чөтгөр яданги сүнсэн үргэлж эсэргэлэн уйлмуй. Амийг шавдах эрлэгийн элч мэнд санд зарлиг тэмдэг уламжлан, сүнсийг нээх Тай Иүй түшмэл хашхиран зандран албан бичиг уншмуй. Хурдан хөлт нь салхин мэт гүйлдэн, зарлиг дуудагч нь хар манан татуулмуй.


Тайзун хаан Цүй элчийн хамгаалсны сайнаар тэр уулыг өнгөрөн гарав. Бас урагш явж хэдэн яамыг өнгөрхөд, газар бүхнээ гаслах дуун сонстох нь үнэхээр цөс цалгин сүнс зайлуулах тул Тайзун хаан бас ийн асууруун: “Энэ ямар газар буй?” Цүй элч өчрүүн: “Энэ нь харанхуй сүүдэрт уулын ар дахь “Арван найман там болой”. Тайзун асууруун: “Аль арван найман там буй?” Цүй элч өчрүүн: “Миний хэлэхийг сонс, тэр даруй: Шөрмөслөн дүүжлэх там, битүү хорих там, гал там энд цөм уйтгар гуниг бухимдал гачигдлаар дүүрчээ. Энэ бүхэн цөм амьд бүхийдээ их нүгэл үйлдээд үхсэний хойно энэ тамд унасан нь болой. Очир там, хэл сугалах там, арьсыг өвчих там энд нь шогшин уйлах дуун, эмгэнэн гаслах дуун үл тасармуй. Шударга бус, элбэрэлгүйгээр тэнгэрийн зүйг сөрснөөр үл барам хоолойгоороо маань тоолон хоншоороороо хорхой түүгсэд нь энэ тамд унамуй. Дээрэмдэх там, огоортох там, бултах там нь арьс язран мах хагарч, уруул ялзран шүд мултармуй. Энд  нь төв голчгүй уран үгээр улсыг мэхлэн далдуур гэм хийгсдийг эрүүдмүй. Хүйтэн мөст там, бие эвдрэх там, гэдэс сугалах там, үүнд унаваас үс гэзэг өрвийн сэрвийн өнгө зүс үрчийн арчийн үзэшгүй зовлонг амсмуй. Энэ нь цөм амьд ахуйд их Дэү бага Шэнээр тэнэг мунхгийг мэхэлсэн тул ер бусын үйлийн үр биед боловсорсон болой. Тосон тогоот там, битүү харангуй там, мэсэс уулан тамд энэлэн шаналан гаслан гашуудмуй. Энэ нь цөмөөр сүрхий балмадаар шударга ардыг шулан дарлаж, өнчин ядууг айлган цочоосны үйлийн үрийн боловсрол болой. Цусан нуурт там, айс там, нурууг тээлэгч тамд, арьс шааран яс цайгаад нуруу хугаран шөрмөс нь тасармуй. Энэ нь цөм эдэд шунахайран амийг хорлон, алан нядалсны хилэнцээр мянган жилд гатлахуйяа бэрх зовлонд унаж хэзээ үүрд үл тонилмуй. Тэдгээр нүгэл хилэнцтэнг нэг нэгээр чанга хүлэн, улаан үст, хар нүүрт чөтгөрүүд урт жад, охор сэлмээр цавчмуй. Бас үхэр морин толгойт, төмөр шийдэм, гуулин манцуургаар нэгэнтээ занчихуйд хөмсөг атиран нүүр үрчийн цус гоожин, тэнгэр газар хэмээн түмэн зэрэг бархиравч түүнийг туслах хүнгүй. Хүн болж төрвөөс нэгэн насанд сэтгэлийг засан явагтун, хувилгаан чөтгөр, гэгээн илэрхий тул хэнийг тавьж гаргав. Үйлийн үр хэмээгч эцсийн эцэст эрхгүй боловсорч, эрт орой аль нэгэн өдөр лавтайяа гүйцэгдмүй.” Тайзун хаан үүнийг сонссоор дотор ихэд зэвүүцжээ. 


Бас урагш дэмий явсангүй нэг бүлэг чөтгөр туг хиур өргөлцөж замын хажууд сөгдөн: “Гүүрийн элч нар угтахаар ирэв” хэмээмүй. Цүй элч тэднийг зандран зайлуулж Тайзун хааныг удирдан алтан гүүр дээр гарав. Тайзун хаан үзвээс тэртээ этгээдэд бас нэгэн мөнгөн гүүр буй бөгөөд дээр нь чигч шударга сайн явдалд хэдэн ардыг туг хийр өргөсөн эрлэгүүд удирдан аваачмуй. Чанадад мөн нэгэн гүүр үзэгдэж хүйтэн салхин салхилаад цусан давалгаа уйлан эмгэнэх дуун тасаршгүй. Тайзун хаан асууруун: “Үүнийг ямар гүүр хэмээмүй?” Цүй элч өчрүүн: “Түүний нэрийг “Төвөгдлийн гүүр” хэмээмүй. Цээжлэн авч амьд ертөнцөд эгсэн хойно эрх биш уламжлан тэмдэглэвээс болмуй. Тэр гүүрний доор нь:


Хүрхрэн шуугих догшин ус давалгаан босон урсаж, хэцүү хавцал нарийхан зам алс холд үргэлжилжээ. Арт торгыг дэлгэн тавьж гүүр болгосон мэт, аюул зовлонгийн галт гуу агаарт дэгдсэн адил. Жихүүн салхи сэр сэр яс чөмөгнөө нэвтэрч, зэвүүн жавар мэр мэр уушиг зүрхийг өрөмдмүй. Өргөн мөрөн долгин давалгаанд гатлах онгоцгүй, өлмий нүцгэн өлөн чөтгөр өөд уруу гүйлдмүй, өнчин гүүр алсад үргэлжлэн өргөн нь гурван ямх, өнгийн харваас өндөр нь найман зан гүн. Дээр нь түшиж тулах барьдал хэрсэг нэг ч үгүй, доор нь булаан чангаах өлөн чөтгөр олон буй. Гав гэнж хангир жингэр биеийг чанга ороогоод гарахуйяа бэрх нарийн гүүрээр элч нарт хөөгдмүй. Эрлэгийн элч гүүрний дэргэд галзууран догширох бүр эмгэнэлтэй болой. Нүгэлт сүнсэн голын дотор гасалмуй. Ац модноо өлгөсөн нь өнгө бүрийн торгон дээл, асга хаднаа сөгдсөн нь ачлалгүй самуун бэрээд. Төрсөн бие нь төмөр нохой гуулин могойд идэгдэн, төвөгдлийн голд үүрд унаж гарах замгүй.


Шүлгийн үг:


        Чөтгөр уйлан сахиусан зандрах дуун ямагт сонстон 
        Цуст давалгаан улаанаар урван түмэн зан өндөр.
      Тоолшгүй эрлэгийн элч үхэр морин толгойт догшноор зандран хүйтнээр инээн төвөгдлийн гүүрийг сахинам.


Ийнхүү хараахан хэлэлцэн ахуйд, тэдгээр гүүр сахигч элч нар хэдийнээ хойш эгжээ. Тайзун хаан мөнхүү айн цочсоор тэргүүнээ дохиж байн байн урт шүхэрсийг алдан дотроо уяран гасалж Цүй элч болон Тай Иүй түшмэлийг дагаж төвөгдөл голын аюулт ус цуст орныг хэдийн өнгөрч зуурдаар үхэгсдийн хотонд хүрч ирэхэд, олон чөтгөрүүд нэнт үймэлдэн: ”Ли Ши Мин ирлээ, Ли Ши Мин ирлээ.” хэмээх дуун тодорхой сонстмуй. Тайзун хаан үүнийг сонсож ихэд айн атал нэг бүлэг мөр нь мөлтөрхий нуруу нь хугархай толгойгүй чөтгөрүүд зам хөндөлсөн ирээд: “Амийг минь төлж өг! Амийг минь төлж өг!” хэмээлдмүй. Тайзун хаан ихэд айж зайлан чадахгүй “Цүй Сяншэн, намайг авар! Цүй Сяншэн, намайг авар!” хэмээн дуудахад Цүй элч өгүүлрүүн: “Энэ цөм жаран дөрвөн замын цэрэг, далан хоёр орны дээрэм ба олон вангийн хөвгүүд тэргүүтний сүнс болой. Эд цөм хилсээр үхсэн зуурдын сүнс тул сансрын хүрднээ үл оногдон гатлахуй бэрх болжээ. Тэд хүнс зоосны гачигдалд тулгаран, өлсөж дааран өнчрөхийн туйлд хүрчээ. Эзэн хаан хишиг хүртээн бага сага зоос мөнгө түгээвээс би сая чамайг авчирч чадмуй.” Тайзун хаан өгүүлрүүн: “Мөхөс би ганц биеэр энд ирсэн тул хаанаас зоос мөнгө олох буй?” Цүй элч өгүүлрүүн: “Амьд ертөнцийн нэгэн хүн манай эрлэгийн оронд нэлээд зоос мөнгө хадгалжээ. Эзэн хаан өөрийн нэрээр нэгэн гэрээ байгуулж, өчүүхэн элч би баталбаас нэгэн хүү зээлж, тэдгээр өлөн чөтгөрт түгээвээс сая олж гармуй. Тайзун  асууруун: “Тэр хүн хэн болов?” Цүй элч өчрүүн: “Тэр болбоос Хэ Нан мужийн Кай Фэн Пу хэмээх хотын хүн, овог Сиянь нэр Лян, түүний арван гурван хүү алт мөнгө манай энд буй. Эзэн хэрвээ түүний зоосыг зээлэн зарваас хүний ертөнцөд эгсэн хойно буцаан өгвөөс болмуй.” Тайзун их л баясан, дуртайяа өөрийн нэрээр гэрээ байгуулж, Цүй элчид өгөөд нэгэн хүү алт мөнгийг зээлж Тай Иүйгээр дуустал нь түгээлгэв.


Цүй элч тэдгээр чөтгөрүүдэд дахин ийн захиран: “Энэ алт мөнгийг та нар сайтар тэгшлэн зарагтун,  хааны насан хутаг бас дуусаагүй тул би арван эрлэгийн зарлигаар сүнсийг амьд ертөнцөд хүргэсэн хойно “Өглөг буяны их хурал” хийлгэж та нарыг тонилгосугай. Битгий хэрэг үүсгэн эзний эгэх замыг хоригло.” хэмээсэнд олон чөтгөр алт мөнгийг олж үгийг даган цөм тархан одов. Цүй элч, Тай Иүй түшмэл эзний сүнсийг удирдаж хиурыг сажлан зуурдаар үхэгсдийн хотоос гарч гатлахын төвшин замд ороод тарвалзан эчив.


Нэлээд явж бас “Зургаан төрөлхтний орчуулагч хүрднээ” хүрч ирвээс, үүл хөлөглөгсөд нь мөрөнд чимэг нөмрөн, сахил хүртэгсэд нь ташаанд алтан ганди зүүж, хувраг чавганц бумба эгэлчүүд, араатан гөрөөс, жигүүртэн шувуу, ад чөтгөр, буг шулам, цөм орчуулагч хүрднээ иврэн өөр өөрийн замдаа одохыг үзээд, Тан хаан асууруун: “Энэ чухам ямар санаа буй?” Цүй элч өгүүлрүүн: “Эзэн гэгээн цээжинд чанрыг ялган тодорхой цээжилж амьд ертөнцийн хүнд уламжилтугай. Үүнийг “Зургаан төрөлхтний орчуулагч хүрдэн” хэмээмүй. Буян үйлдэгсэд нь сахиусны мөрт орчмуй. Шударга журамт нь эрхмийн мөрт орчмуй. Элбэрлийг гүйцэтгэгсэд нь буяны мөрт орчмуй. Төв голчоор явагсад нь хүний мөрт орчмуй. Хишиг буяныг хуримтлуулагсад нь баяны мөрт орчмуй. Нүгэл хилэнц хийгсэд нь чөтгөрийн мөрт орчмуй.” Тан хаан тэргүүн дохин шүхэрсийг алдаж өгүүлрүүн: “Сайн болой! Үнэн сайн болой! Сайныг үйлдвээс үнэхээр гамшиггүй! Сайн өнөд чанга бариваас, сайны мөр үүрд нээгдмүй. Хар санааг үл үүсгэвээс, харгис зальхай эрхгүй цөөрмүй. Хариулалгүй хэмээн битгий хэлэгтүн, хаана тохируулахыг чөтгөр сахиусан мэдмүй.”


Цүй элч Тан хааныг шууд тэр эрхэм үүднээ төрөл олохын мөрт оруулж ёслон өгүүлрүүн: “Өдгөө нэгэнт гарах газарт хүрч ирэв. Өчүүхэн түшмэл би эзэнд эгэхийг айлтгаж Тай Иүйгээр бас урагш зам хүргүүлсүгэй.” Тан  хаан талархан  өгүүлрүүн: “Сяншэнийг хол явуулж ихэд зовоов.” Цүй элч өгүүлрүүн: “Эзнээр хүний ертөнцөд эгсэний хойно “Өглөг буяны их хурал”-ыг эрхгүй ихээр үйлдэж тэдгээр эзэн үгүй зуурдын сүнсийг гаталгахыг умартаж болохгүй, хэрвээ эрлэгийн оронд энэлэн гаслах дуун үгүй болбоос хүний ертөнцөд сая энх амгалан байж чадмуй. Эндэл бүхнийг эрхбиш нэг нэгнээр хэлбээс сайн болой. Дэлхий дахины хүнийг сайны үйлд удирдаж чадваас үр хүүхэд өнөд дэлгэрэн улс гэр үүрд бат бэх болмуй.” Тан хаан түүний үгийг цөм хүлээн авч Цүй элчээс салж Жү Тай Иүйг даган үүднээ ороход эмээл хазаартай нэгэн халиун морь байхыг Тай Иүй үзээд яаран Тайзун хааныг моринд мордуулан хажууд хамгаалан дагав. Тэр морины явах нь жавар салхин мэт түргэн тул удсангүй Вэй Шүй голын хөвөөнөө хүрч ирвээс, усны дотор нэгэн хос алтан хайрст загас аргалан цолгилмуй. Тан хаан үзээд их л баясаж морин жолоог татан салж ядан ахуйд Тай Иүй: “Хаан түргэн явбаас сайн, эртхэн хотод орсугай.” хэмээсэнд Тайзун хаан мөн салж ядан хөдлөхгүй тул,  Тай Иүй түүний хөлөөс атган өндөр дуугаар: “Бас явахгүй ямар цагийг хүлээмүй” хэмээн эзнийг мориноос түлхэн Вэй Шү голд орхисонд харин эрлэгийн орноос гарч хүний ертөнцөд эгжээ. 


Тэндээс өгүүлэх нь, Тан улсын төрийн их сайд Шиү Муу Гүн, Чин Шү Буу, ХҮ Жин Дэ, Дуан Хи Сян, Ма Сан Буу, Чэн Юү Жин, Гоо Ши Лян,  Ли Ши Жий, Фан Шуан Лин, Ду Жү Хуй, Сиюу Иүй, Фү Жий, Жан Туу Юан, Жан Ши Хэн, Ван Хүй зэргийн бичиг цэргийн олон сайд түшмэд цөм зүүн ордны тайзыг баталж, хуанХү, хатад ордны охид шадар эмсэглэгчид лүгээ бүгдээр цагаан барсын харшид бэлэвсрэн гашуудаж, нэгэнтээгүүр хааны хальсан зуу бичгийг тархааж, дэлхий дахинаа  мэдэгд, тайзыг түшин сууринд давшуулах учрыг хараахан зөвдөхөд хажууд агсан Вэй Жэн: “Болохгүй! болохгүй! та нар түр хүлээж байгтун, хэрэв Жүу, Сянийг цочоовоос явдал муу болж мэдмүй. Бас нэгэн өдөр хүлээвээс миний эзэн эрхгүй дахин эдгэмүй”“ хэмээсэнд олны дотроос Сьюй Жин Зүн хэмээх түшмэл гэхэлзэн гарч ирээд: “Вэй Чэнсияны үг ташаарав, эртний хүний өгүүлсэн нь: “Асгасан усыг хурааж үл болмуй, нөгчсөн хүнийг эдгээж үл чадмуй” хэмээжээ. Чи юунд ийм худал үг өгүүлж, хүний сэтгэлийг өгүүлж самууруулмуй. Вэй Жэн өгүүлрүүн: “Сяншэнээс нуухгүй, өчүүхэн түшмэл би багын насанд хувилгаадаас эрдэм сурч, бодож мэдэх нь маш мэргэн тул эзэн үхэхгүйг би мэдмүй.” хэмээв. 


Ийнхүү хараахан маргалдан атал авсны дотор их дуун гарч: “Намайг усны дотор цацаан алав.” хэмээхэд тэдгээр бичиг цэргийн сайд түшмэд их л гэлмэгдэж, ХуанХү хатан цөм чичрэн дагжжээ. Тэд бүгдээр: Нүүр нь гүн намрын алимын шар навчис мэт, нуруу нь анх хаврын удын найлзуур адил. Бага эзний хөл зөөлрөн бэлэвсрэлээ гүйцэтгэхүйеэ бэрх, баатар түшмэдийн сүнс завхран ачлал журмыг умартав. Хатдын унах нь цацагт цэцэг салхинаа салбарсан мэт, охидын ойчих нь лянхуа цэцэг борооноо бутарсан адил. Ихэс сайд эмээн цочин эргүү мунаг болж, яс шөрмөс зэргээр зөөлрөн бие нь дагжин чичирмүй. Цагаан барын харш нь нуруу нь хугарсан гүүр мэт, чандрыг тавьсан мандал нь цааш нурсан сүм адил болжээ. 


Энэ үеэс ордонд агсан хүмүүс цөм дутаагаад чандрын дэргэд ойртох хүнгүй болжээ. Гагцхүү чигч шударга Шьюй  Муу Гүн,  Төв голч Вэй Жэн, цөс зоригтой Чин Чиүн, догшин баатар Жин Дэ нар урагш давшин авсыг нь түшин ихэд дуудан өгүүлрүүн: “Эзэн ямар орхишгүй төвдөх зүйл байваас, бидэнд хэл, битгий буг босч гэрийн хүмүүсээ айлгагтун!” Вэй Жэн өгүүлрүүн: ““Буг боссон бус, Эзэн дахин амилсан болой, түргэн эчиж авсыг нээх зэвсэг авчир.” хэмээгээд нээн үзвээс Тайзун хаан авсны дотор сууж амандаа бас: “Цацаан алнам! Хэн намайг уснаас авармуй?” хэмээмүй. Шьюй Муу Гүн нар урагш давшиж хааныг тэтгэн босгож “Эзэн бүү ай, сайд бид цөм эзнийг энд хамгаалж амуй” хэмээсэнд Тайзун хаан сая нүдээ нээж өгүүлрүүн: “Би зовохын туйлд хүрэв. Эрлэгийн орны чөтгөрийн зовлонгоос сая мултартал бас усанд унаж үхэхийн аюулд учрав.” Олон сайд өгүүлрүүн: “Эзэн сэтгэлийг сул тавь, бас ямар усны аюул амуй?” Тан хаан  өгүүлрүүн: “Би морь унаж, Вэй Шүй голын хөвөөнд хүрч ирээд усны дотор нэгэн хос мөрөг загасны наадахыг үзэж атал, тэр  Жү Тай Иүй харин муу сэтгэлийг үүсгэн  намайг мориноос түлхэн усанд унаган цацааж алахад хүргэв.” Вэй Жэн өгүүлрүүн: “Эзэнд  халдсан чөтгөрийн уур арилаагүй.” хэмээгээд хааны эмчийг авчран сүг сүлд тогтоох эмийг уулган, бас шингэн будаа идүүлээд, залгаагаар хэдэнтээ эм уулгаснаа Тан хаан сая бие тэнхрэн хүний мэдээ орж уг байдалд тохорвой. Тан хаан үхээд гурван хоног болж дахин хүний ертөнцөд эгэн хаан сууринд суув. Үүнийг шүлэглэсэн нь:


Түмэн оны уул ус хичнээн хувиран халагдав?
Түүхээс эхлэн хэдэн үеийн бүтэж эвдрэхийг тэмдэглэв,
Хачин жигтэй хэрэг явдал хаан төрд олон ч
Харин ч Тангийн эзэнд адил үхээд эдгэсэн хэн буй?


Тэр өдөр тэнгэр нэгэнт орой болсон тул түшмэд эзнээ нойрсуулан тус тусын ордноо эгэв. 


Маргааш өглөө цөм бэлэвсрэлийн цагаан хувцсыг тайлан төрийн дээл малгайгаа өмсөж гарт улаан цацагт алтан шошго барин, хаанд бараадхаар хаалганы гадна цуглав. Тэндээс Тайзун хаан сүлд тогтоох эм ууж бас залгаагаар хэдэн удаа шингэн будаа идээд, түшмэдээр түшүүлэн унтах өрөөнд орж, нэгэн шөнө биеийг тэжээснээс сүр сүлд ихэд нэмэгдэв. Тэнгэр гэгээрсний хойно Тан хаан сая дээшилж биеийг чимж эхэлсэн нь: 


        Алмас очирт малгайг тэргүүнээ тавьж, 
        Ал шар магнаг дээлийг биед хэдэрч, 
        Ариун хасын бүсийг дундуур бүсэлж,
        Амарлингуй гутлыг хөлд өшиглөжээ. 
        Байдал дүрийн ихэмсэг нь анхнаас хол хэтрээд, 
        Баатар сүр нь энэ өдөр дахин манджээ.


Үнэн буян үлэмж эрдэмт их Тангийн хаан өчигдөр үхэн өнөөдөр эдгэсэн өргөн буянт эзэн.


Тан хаан алтан харшид заларсанд хоёр жигүүрийн бичиг цэргийн сайд түшмэд нэгэн дуугаар түмэн наст хэмээн хашхираад өөр өөрийн байранд зогстол Тайзун хаан зарлиг болруун: “Хэрэг буй аваас айлтга, хэрэггүй бөгөөс тархагтун!” хэмээтэл зүүн мөрнөөс Шьюй Муу Гүн, Вэй Жэн, Ван Гүй, Ду Жү Хүй, Фан Шиуан Лин, Юан Даяан Ган, Ли  Чүн Фэн, Шьюй Жин Цүн нар, баруун мөрнөөс Ян Кай Шан, Лиу Хүн Жий, Ман Сан Буу, Дуан Хи Сиян, Чэн ЖоҮ Жин, Чин Шу Буу, ХҮ Жин Дэ, Сиү Вай Жэн Хүй нар хамтаар урагш давшин хасын индрийн доор сөгдөж, айлтгаруун: “Эзэн юунд тэр өдрийн нэгэн зүүднээ төдий удаж сая сэргэсэн буй за?” Тайзун өгүүлрүүн: “Тэр өдөр Вэй Жэнгийн бичгийг аваад, миний сүнс харшаас буун эчтэл шадар цэрэг учирч намайг авлахаар гарсугай хэмээв. Тийнхүү хараахан яван атал хүн морь цөм үгүй болоод, эцэг хаан хийгээд бие нөгчсөн ах дүү нар ирцгээж над лугаа марган зогсохгүй атал, нэгэн хар малгай бараан дээл өмссөн хүн ирж тэднийг зандран эгүүлэв, асууваас Цүй элч мөн тул Вэй Жэнгийн бичгийг түүнд өгөв. Тэр бичгийг үзэн атал туг хиур өргөсөн нэгэн хөх дээлт хүүхэд намайг дотогш удирдан Шинра харшид оруулан арван эрлэг лүгээ уулзуулав. Тэд надаас Жэн Хэ голын лусын хааныг аварсугай хэмээгээд юунд алуулав хэмээн асуусанд, Би урьдах учрыг нэгэн зэрэг тоочин хэлэв. Тэд гурван ертөнцийн заргыг нэгэнт ам тулган шийтгэн дуусав хэмээгээд яаран заяаны дансыг авчруулан миний насан хутаг хэзээ төгсөхийг шүүн үзсүгэй хэмээв. Удсангүй Цүй элч заяаны дансыг авчирсанд эрлэг хаан үзээд мөхөс хүн надад гучин гурван жил хаан сууринаа суух тэнгэрийн бошиг буй тул бас хорин жилийн насан хутаг амуй хэмээгээд Жү Тай Иүй, Цүй элчийг зарж намайг эгүүлэв. Би арван эрлэгээс салж одохын үед тарвас жимс хүргэн ачийг хариулсу хэмээн ам алдсан бөлгөө. Шинра харшаас гарч тэр эрлэгийн орныг үзвээс тэдгээр элбэрэл шударгыг алдагсад, ёслол журмыг үтээрэгсэд, таван тарианы үрийг сүйтгэгсэд, ил мэхлэн далд хуурагсад, их дэүгээр авч бага шэнээр өгөгсөд, зусар зальхай хулгай хуудамчаар явагсад, ужид самуун садар завхайгаар аашлагсад цөмөөр тээрэмдэн булдагдаж, буцалган чанагдахын гашуун зовлон, уурдан нүдэгдэх, хөрөөдөн хэрчигдэхийн хатуу эрүү, дүүжлэн өвчигдөхийн хүнд аюулд унаж тамлагдах нь үнэхээр үзээд нүд туулахгүй. Бас зуурдаар үхэгсдийн хотоор өнгөрөхүйеэ тэдгээр жаран дөрвөн газрын уулын хулгай, далан хоёр орны урвасан дээрмийн тэргүүтэн зэрэг тоолшгүй олон хилс сүнснүүд, миний эчих замыг хөндөлсөн хаав. Завшаанаар Цүй элч баталж Хэ Наны Сянь овогт өвгөний нэгэн хүү алт мөнгийг зээлэн тэдэнд түгээн өгсөнд сая намайг тавьж гаргав. Цүй элч намайг хүргэн хойш эгэхийн үед, хүний ертөнцөд эгсэний хойно эрхгүй нэгэн удаагийн “Өглөг буяны их хурал”-ыг хийж тэдгээр эзэнгүй өлөн сүнсийг гаталсугай хэмээн захьсан бөлгөө. Тэр “Зургаан төрөлхтний орчуулагч хүрдэн”-ээс гарч, Жү Тай Иүй намайг моринд мордуулж хуй салхин мэт түргэнээр Вэй Шүй голын хөвөөнөө хүрч ирвээс усны дотор нэгэн хос алтан загасны наадахыг үзэн хараахан бахдан атал тэр миний хөлөөс өргөн усанд түлхэн унагааснаа миний сүнс сая биед эгэв.” Олон түшмэд үүнийг сонсож үл баярлах нь үгүй. Тэр даруй сэтгүүл довтолгон дэлхий дахины фу сяньд уламжилсанд, эл орны түшмэд баярын бичиг хүргэн ирэхийг түр өгүүлэхгүй. 


Тэндээс өгүүлэх нь, Тайзун хаан зарлиг буулган дэлхий дахины ялтанг цөм хэлтрүүлээд бас гянданд хоригдож бүхий хүнд ялтныг бүртгэн данслуулав. Удсангүй шийтгэгч түшмэл, цаазаар цавчих дөрвөн зуу илүү ялтны нэрийг дээш мэдүүлсэнд Тайзун хаан мөн уучлан нэг жилийн хугацаагаар өрх гэрт нь хариулж эцэг эх ах дүү нарт нь уулзуулан элгэн садан үр ач нарт өөрийн амьдралаа тушаагаад, ирэх жилийн энэ өдөр гянданд эгэж урьдах жилээ хүлээлгэхээр тогтсонд олон ялтан хишигт мөргөн эчив. Бас өнчин өрөөснийг тэтгэх тунхаг бичиг зарлаж, ордны хөгшин залуу гурван мянган өнгөт охидыг данслан авч зарлигаар цэрэгт холбов. Үүнээ ордны дотоод гадаадын хүмүүс цөм их л баясалдав. Үүнийг шүлэглэсэн нь:


        Их гүрэн Тангийн эзэн хишиг өршөөл үлэмж 
        Ёс эрдэм Юу Шүнээс хэдийдэж түмэн иргэд баян
        Үхэх ялтан дөрвөн зууг гяндангаас цөм суллаж
        Өнгөт охид ордноос бүр гаргав.
        Тив дэлхийн олон түшмэд эзний өлзийг даатгаж,
        Төрийн түшээ түмэн сайд үнэн лууд бараадав.
        Өршөөлт сэтгэл нэгэнт төрөгдмөгц тэнгэр бурхан ивээгээд
        Үлэмж буян үргэлжлэн арван долоон үе уламжлав!


Тайзун хаан ордны охидыг тавин, хүнд ялтныг уучлаад, бас өөрийн гараар тунхаг бичиж дэлхий дахинд тархав. Тэр тунхагийн үг нь:


“Сав ертөнц саруул уудам, саран наран гийгүүлэн тольдох нь юутай тодорхой; Орчлон дэлхий өргөн дэлгэр, тэнгэр газар зальхай намтанг яахин ахуулмуй. Арга хэрэглэн ухаан гаргаваас, ай халаг амсах үйл энэ төрөлд буй; Өглөг түгээн үнэнийг хүсвээс, үлэмж буян хойд төрөлд буй. Хуйхар аргыг бодохын оронд, хувиа сахиж хүнийг туслахад үл хүрмүй. Хэрцгий догшин явахын оронд, хэвээ сахиж нарийлан гамнахыг яахан гүйцмүй. Хүсэл сэтгэл асрангуй сайн болбоос, хүчлэн дэмий ном дуулсны хэрэг юун? Шуналт санааг ахуйлан аваас, Шигэмуни бурхны номыг талаар уншнам!” хэмээжээ. 


Түүнээс дэлхий дахины хүн бүхэн цөм буян үйлдэж эхлэв. Нэгэнтээгүүр бас эрлэгт тарвас жимсийг хүргэх эрдэмтнийг элсэх тунхаг гаргаж, нөгөөтэйгүүр эрдэнийн хүү сангаас нэгэн хөмрөгийг нээлгэн, Э Хүвэ Гүн ХҮ Жин Дэг Хэ Нан мужийн Кай Фэн Фуд илгээж Сиян Ляныг эрүүлэн зээллэгийн мөнгийг хүргэхээр явуулав. Тунхаг гарч хэдэн өдөр болсонгүй, тарвас жимсийг хүргэхээр одох нэгэн эрдэмтэн хүн гарчээ. Тэр нь Жьюйн Жэү хэмээх хотын хүн, овог Льюй  нэр Чуан , гэрт түмэн лангийн хөрөнгө амуй. Ганц түүний эхнэр Ли Цүй Лян нэгэн өдөр үүдний гадна гарч алтан хатгуураа бадарч тойнд өглөг болгон өгсний учраа, Льюй Чуан түүнийг эхнэрийн ёсыг эвдэж, дураар гүн гэрийн үүднээс гарав хэмээн баахан донгодсонд эхнэр Льюй Цүй Лян нэгэн цагийн охор бодлогыг барьж үхжээ. Өнчин хоёр хүүхэд нь өдөржин шөнөжин уйлан үл зогсоход Льюй Чуан мөн үзэж тэсэхгүй тул, гомдлыг залгин, голомтоо тэвчиж, хөвгүүн охиноо орхиж дуртайяа үхээд тарвас жимс хүргэсүгэй хэмээн эзний тунхгийг шаалан авч Тан хаанд бараадахаар ирсэн ажгуу. Хаан зарлиг буулган түүнийг Жин Тин Гуан харшид оруулж, толгой дээр нь хоёр тарвас тавин, ханцуйд нь шар цаасанд зоос хийж хорт эм үмхүүлэв. 


Тэр Льюй Чуан хор залгин үхээд ариун сүнс нь тарвасыг өргөсөөр хэдийн чөтгөрийн боомтноо хүрэв. Боомтыг сахигч чөтгөр асууруун: “Чи ямар хүн, аймшиггүй энэ газарт ирмүй?” Льюй Чуан  өгүүлрүүн: “Би, их Тан улсын хааны элч, арван эрлэгт тарвас өргөхөөр ирлээ.” Тэр чөтгөр алсхийн баярлаж дотогш удирдан оруулав. Льюй  Чуан шууд Шинра эрдэнийн харшид хүрч, арван эрлэгт бараадан тарвасаа өргөн ийн өгүүлрүүн: “Тан хааны зарлигаар тарвас хүргэн, арван хааны ачид хариулахаар ирэв.” хэмээсэнд эрлэг хаан их л баясан: “Юутай итгэл журамт эзэн хаан аж!” хэмээгээд тарвасыг хүлээн авч Льюй Чуаны овог нэр, ямар газрын хүн болохыг асуусанд Льюй Чуан  өчрүүн: “Өчүүхэн хүн болбоос Жьюйн Жэү хотын ард бөгөөд овог Льюй , нэр Чуан, миний эхнэр Ли Цүй Лян боймлон үхээд үлдсэн хоёр хүүхдийг үзэж харах хүнгүй тул өчүүхэн би өрх гэр үр хүүхдээ орхин улс гэрт биеэ өргөсү хэмээн манай эзний өмнөөс тарвас хүргэж, арван эрлэгийн ачид хариулахаар ирэв.” Арван эрлэг үүнийг сонсоод Льюй  Чуаны гэргий Ли Цүй Ляныг дуудан авчирч, эр эм хоёулыг Шинра харшийн доор учруулав. Тэр хоёул урьдах учраа нэгэн зэрэг хэлэлцэн арван эрлэгийн хишигт мөргөснөө эрлэгийн хаан заяаны дансыг үзвээс тэр эр эм хоёр л хоёул цөм хувилгааны тоонд орох буян буй тул яаран эрлэгийн элчид зарлиг буулган эгүүлэн хүргэгтүн хэмээсэнд эрлэгийн элч айлтгаруун: “Ли Цүй Лян энд ирж өдөр удсан тул хүүр нь нэгэнт үгүй болов, сүнсийг юунд оршуулмуй!” Эрлэг хаан өгүүлрүүн: “Тийн болбоос Тан хааны охин дүү Ли Иүй Ейн өдгөө нэгэнт насан тоо гүйцсэн тул, чи даруй түүний хүүрт аваачиж оршуул!” хэмээсэнд тэр эрлэгийн элч зарлигийг хүлээн, Льюй Чуан эр эм хоёулын сүнсийг аван эрлэгийн орноос гарч эчив. Эгнэгт тэр эр эм хоёул хэрхэн дахин эдгэрэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 43 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 31 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 59 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 3 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 46 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 19 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 23 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 23 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 57 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 6 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 16 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 21 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 44 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 1 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 19 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 20 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 35 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК