зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ:


БОДЬ СЭТГЭЛИЙГ БАРИМТЛАН ТАН ХААН ИХ БУЯНЫГ ҮЙЛДЭВ
БУРХАН ДҮРИЙГ ИЛРҮҮЛЭН ХОМСИМ БОДИСАДВА АЛТАН ТАРЦЫГ БИШРҮҮЛЭВ


Тэндээс эрлэгийн элч Льюй Чуан эр эм хоёулыг дагуулан эрлэгийн орноос гарч билгийн салхинд үлээгдэн шууд улсын нийслэл Чан Ан балгасанд хүрээд Льюй Чуаны сүнсийг Жин Тин Гуан харшид түлхэн оруулж, Цүй Ляны сүнсийг хаан ордны дотоод хүрээлэнд удирдан авчрав. Тэндээс Иүй Ейн гүнж хараахан цэцгийн сүүдрийн доор, ногоон хигтэрт алгуур алхлан ахуйг эрлэгийн элч хэдийн олж үзээд түлхэн унагаж түүний сүнсийг нь аваад Цүй Ляны сүнсийг хүүрт түлхэн оруулж хойш эгснийг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Ордны их бага зарц охид Иүй Ейний унаж үхсэнийг үзээд яаран алтан харшид орж гурван ордны Хуан Хү нарт: “Гүнж гэнэт унаж үхжээ!” хэмээн мэдүүлсэнд олноор их л цочин хаанд айлтгав. Тайзун хаан үүнийг сонсож тэргүүн дохин шүүрс алдан өгүүлрүүн: “Энэ хэрэг үнэн болов, би урьд арван эрлэгээс “Миний гэрийн хөгшин залуугийн заяа ямар буй” хэмээн асуусанд тэдний хэлсэн нь: “Цөм сайн, ганц эзний охин дүүгийн насан хутаг охор болов” хэмээв, энэ охинд нийцжээ” хэмээгээд ордны хүмүүс лүгээ хамт нэгэн зэрэг уйлаад цэцгийн сүүдрийн доор ирж үзвээс гүнж бас баахан амьсгаатай байв, Тайзун хаан: “Битгий уйл, цочоовуузай!” хэмээгээд урагш давшин өөрийн гараар түүний тэргүүнийг өргөн: “Дүү минь сэргэтүгэй” хэмээн дуудсанд тэр гүнж гэнэт босч суугаад: “Нөхөр минь, алгуур яв, намайг баахан хүлээгтүн!” хэмээн хашхирсанд Тайзун хаан өгүүлрүүн: “Дүү минь, бид цөм энд байнам.” Гүнж тэргүүн өргөн нүд төгрөглөн: “Чи яасан хүн ямар аймшиггүй намайг өргөмүй!” Тайзун хаан өгүүлрүүн: “Чиний ах бэргэн болой.” Гүнж өгүүлрүүн: “Надад юуны ах бэргэн буй! Миний төрхмийн овог нь Ли, миний багын нэр Ли Цүй Ляны хэмээмүй. Миний нөхрийн овог нь Льюй нэр Чуан, бид хоёул цөм Жьюйн Жоу хотын хүн бөлгөө. Гурван сарын өмнө би алтан хатгуураа авч үүднээ ирсэн бадарч тойнд өглөг өгсөнд миний эр намайг эхнэрийн ёсыг эвдэж дураар дотоод үүдийг гарав хэмээн донгодсонд миний уур цээжинд битүүрэн цагаан хивийг гэрийн нуруунаас уяж боомилон үхээд, өнчин хоёр хүүхэд өдөр шөнөгүй уйлан гаслахад миний нөхөр Тан хааны зарлигаар эрлэгт одож тарвас жимс хүргэсэнд эрлэг хаан өр өвдөж, бид эр эм хоёулыг хойш тавьж илгээсэн бөлгөө. Тэр урьд явсан тул, би гүйцэн ядаад нэхэн ирээд энд бүдрэн унав. Та нар миний нэр овгийг ч мэдэхгүй атал ямар аймшиггүй над лугаа зууралдмуй.” Тайзун хаан үүнийг сонсоод ордны хүмүүсийн зүг ийн өгүүлрүүн: “Санаваас охин дүү солио ярих буй за” хэмээгээд эмч дуудан эм уулган ордны дотор түшин оруулав.


Тан хаан харшид гартал, хэрэг айлтгагч түшмэл ирж: “Түмэн наст, тарвас хүргэхээр эчсэн Льюй Чуан амь ороод хаалганы гадна зарлигийг хүлээмүй” хэмээсэнд, Тан хаан их л цочиж оруул хэмээн зарлиг буулгасанд Льюй Чуан хэдийн орж ирээд, индрийн доор сөгдөв. Тайзун хаан асууруун: “Тарвас хүргэсэн хэрэг хааш болов?” Льюй Чуан айлтгаруун: “Түшмэл би тарвас өргөн шууд чөтгөрийн боомтноо хүрсэнд эрлэгийн элч намайг Шинра харшид удирдан оруулж арван эрлэгт учруулав. Би тарвасаа барьж, эзний чин сэтгэлээр талархах санааг хэлсэнд эрлэг хаан их л баясан “Үнэхээр итгэл журамт хаан болой.” хэмээн магтан бишрэв.” Тайзун хаан өгүүлрүүн: “Чи эрлэгийн оронд ямар юм олж үзэв?” Льюй Чуан өчрүүн: “Би хол гарсангүй тул юм олж үзсэнгүй, ганц тэр Эрлэг хаан миний гэр нутаг овог нэрийг асуув. Түшмэл би эхнэр боомилон үхсэн тул дуртайяа өрх гэр үр хүүхдээ орхиж тарвас хүргэсүгэй хэмээн ирсэн учрыг нэгэн зэрэг тоочин хэлсэнд тэр эрлэг хаан элчээ илгээн миний эхнэрийг авчирч Шинра харшийн доор учруулав. Бас заяаны дансыг  байцаан үзээд, бид эр эм хоёулыг цөм хувилгааны мөрт орох буян буй хэмээгээд эрлэгийн элчээр гэдрэг хүргүүлэв. Түшмэл би урьдаар гарч ирснээр дахин эдгэжээ, миний эхнэр харин хааш одсоныг мэдэхгүй.” Тан хаан ихэд хирдхийн ийн асууруун: “Эрлэг хаан чиний эхнэрт бас ямар үг хэлэв?” Льюй Чуан өгүүлрүүн: “Эрлэг хаан өөр үг хэлсэн бээр үгүй, ганц эрлэгийн элч Ли Цүй Лян манай энд ирээд өдөр удсан тул хүүр нэгэнт үгүй болжээ хэмээсэнд эрлэг хаан Тан хааны охин дүү Ли Иүй Ейн өдгөө насан хэмжээ гүйцсэн тул түүний сүнсийг Ли Иүй Ейний биед оршуулан эдгэсүгэй хэмээв. Түшмэл би тэр Ли Иүй Ейн хэмээгч аль газар ахууг мэдэхгүй тул эрэхээр эчээгүй” хэмээв.


Тан хаан үүнийг сонсож их л баясан олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Би эрлэгээс салахын үес түүнээс миний ордны настай нялхын заяаг асууваас, миний охин дүүгийн насан хэмжээ шахам болжээ хэмээсэн бөлгөө. Энэ өдөр миний охин дүү цэцгийн сүүдэр доор унаж үхсэнд би түшин босговоос, тэр удсангүй сэргэж: “Нөхөр миний алгуур яв, намайг баахан хүлээгтүн!” хэмээн дуудмуй. Би түүнийг солио ярьж амуй хэмээн санаж дахин түүнээс нарийвчлан асууваас түүний өчсөн нь Льюй Чуан үг лүгээ нийцэв.” Вэй Жэн айлтгаруун: “Эзний охин дүү гэнэт амь егүүдэж сэргэмэгц ийнхүү өгүүлэх нь Льюй Чуаны эхнэр гүнжийн хүүрт оршсон буй за. Ийм хэрэг мөн ч гарч мэдмүй. Гүнжийг залж авчран түүний юу хэлэхийг сонсвоос зохимуй.” Тан хаан өгүүлрүүн: “Мөхөс хүн саяхан ордны эмчээр эм уулгав, өдгөө ямар болсныг мэдэхгүй” хэмээн бага хатдаар залахаар эчүүлбээс тэр гүнж ордны дотор: “Би юунд эм уумуй!  Энэ юуных нь миний гэр болох буй! Миний гэр болбоос саруул тунгалаг вааран байшин бөлгөө, Хаанаас, энэ мэт шар өвчин олсон мэт шарласан эрээн мяраан үүд хаалгат гэр буй? Намайг тавьж гарга! Намайг тавьж гарга!” хэмээн хашхирмуй!


Ийнхүү хашхиран атал хэд хэдэн тайган ба охид ирж түүнийг түшин харшид авчирснаа Тан хаан зарлиг болруун: “Чи өөрийн нөхрөө таних буюу?” Иүй Ейн өгүүлрүүн: “Энэ ямар үг буй. Би хараахан багаасаа хар үсээ хагалж түүн лүгээ холбосноос нааш үр хүүхэдтэй болсон атал үл таних ёс буй буюу” Тан хаан түшмэлээр түшүүлэн буулгасанд тэр гүнж эрдэнийн харшаас буун хасын индрийн доор Льюй Чуан лугаа уулзмагц шүүрэн авч: “Нөхөр минь, чи намайг баахан ч хүлээхгүй хааш одсон буй! Би нэгэнт бүдрэн унасанд эдгээр ёсгүй хүмүүс намайг томоолон дэмий л цуугилдмуй. Энэ чинь чухам ямар ёс буй?” Льюй Чуан түүнийг үзвээс өгүүлэх нь өөрийн эхнэрийн учир боловч, өнгө зүс нь өөр хүн тул, аймшиггүй таньж чадахгүй байхад, Тайзун хаан өгүүлрүүн: “Энэ үнэхээр ертөнц дэлхий егүүрэхийг үзэв, амьд хүнээр үхсэн хүнийг солихыг үзээгүй хэмээсэн үг лүгээ нийлжээ” хэмээв. Тайзун хаан болбоос, ёс журамт эзэн тул охин дүүгийн элдэв зүйлийн дээл хувцас засал чимгийг цөм Льюй Чуанд шагнаж, албан гувчуурыг ашид хэлтрүүлэн эчүүлсэнд, тэр эр эм хоёул индрийн доор хишигт мөргөн нутагтаа баяртай буцав. Шүлгийн үг:


        Үхэж төрөх хэмээгч урьд төрлийн ерөөл мөн,
        Өлзий хутаг насны хэмжээ тогтсон тоо буй.
        Тарвас хүргэсэн Льюй Чуан хүний ертөнцөд эгээд,
        Тас үхсэн Ли Цүй Лян хүүрийг зээлэн амьдрав.


Льюй Чуан эр эм хоёул эзэнд мөргөн салаад, шууд Жьюн Жоу хотонд хүрч үзвээс гэр хөрөнгө үр хүүхэд цөм мэнд сайн байв, тэр эр эм хоёул ихэд баярлан өглөг өгч буян үйлдэн суухыг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Иүй ууй гүн нэгэн хүү алт мөнгөө авч Хэнан мужийн Кай Фэн фуд хүрч Сянь Лянг эрвээс, үзвээс энэ Сянь Лян харин ч эмгэн зан овогтон лугаа ус худалдан бас пенса ваар арилжин аж төржээ. Ганц зоос олбоос амьдралд хэрэглэхээс гадна өөрийг цөм бадарчин хуврагт өглөг өгч алт мөнгөн цаас худалдан авч өлгий хийж шатаах тул тийнхүү буян үйл биеийг тэтгэжээ. Амьд ертөнцөд ариун цагаан буяныг үйлдсэн ядуу эр эрлэгийн оронд элбэг дэлбэг алт мөнгийг хадгалсан баян болжээ. Иүй ууй Гүн алт мөнгийг авч түүний хаалганд хүрснээ, тэр өвгөн эмгэн хоёул айж сүнс сарнин сүг завхжээ. Бас үзвээс тус Фугийн түшмэд цөм ирцгээж ачаа хөсөг үүднээ хурсанд өвгөн эмгэн хоёул ихэд алмайран хөсөр сөгдөн, дэмий л мөргөв. Иүй ууй гүн өгүүлрүүн: “Өвгөн та босогтун, би эзний зарлигаар чамаас зээлсэн алт мөнгийг чинь төлөхөөр ирэв” хэмээсэнд тэр өвгөн хоолойгоо чичрүүлэн өчрүүн: “Өчүүхэн хүн би алт мөнгөний авцаагүй байтал ямар аймшиггүй бусдын юмыг зүгээр авмуй?” Иүй ууй гүн өгүүлрүүн: “Би чиний ядууг бусдаас мэдэв. Гагцхүү бадрын хүнд хөрөнгөө хүндэртэл өглөг өгөн үлдсэн хэдэн зоосоор өдөр болгон өлгий худалдан авч эрлэгийн оронд даатган шатааснаар эрлэгийн тэнд алт мөнгийг арвин хуримтлуулжээ. Миний эзэн Тайзун хаан өөд болж гурван өдөр болоод дахин эдгэрэхэд чиний хадгалж асан алт мөнгөнөөс нэгэн хүүг зээлэн заржээ. Өдгөө тоо ёсоор буцаахаар ирсэн тул, хүлээн авбаас би эзний зарлигийг эгүүлэхэд сайн.” Сянь Лян эр эм хоёул дахин дахин мөргөн өгүүлрүүн: “Өчүүхэн хүн эдгээр алт мөнгийг хүлээн авбаас үхэх нь түргэн болжээ. Хэдий цаас шатааж хүү дүүргэсэн боловч тэр нь цөм эрлэгийн орны учир болой. Эзэн хаан зээлэн авав хэмээх нь ямар гэрч тэмдэг буй? Би хэрхэвч авахгүй.” Иүй ууй гүн өгүүлрүүн: “Эзний хэлэх нь чиний юмыг зээлэхэд Цүй элч хооронд орж батлав хэмээмүй. Чи хүлээн автугай.” Сянь Лян: “Хэрхэвч авахгүй” хэмээв.


Иүй ууй гүн түүний хүчлэн маргахыг үзээд аргагүй бодруул бичиг бичиж эзэнд айлтгав. Тайзун хаан бодруул бичгийг үзэж Сянь Лян алт мөнгийг авахгүйг мэдээд: “Энэ үнэхээр буянт эрдэмтэн болой!” хэмээж тэр алт мөнгийг хэрэглэн түүнд сүм хийд байгуулж тойн хувраг залж буян үйлдүүлбээс, даруй түүнд төлсөн лүгээ адил болой хэмээн зарлиг болсонд, Жин Дэ Чан Аны зүг мөргөөд эзний зарлигийг олонд уламжлав. Тэрхүү алт мөнгөөр хотын цэрэг ардад харшилгүй эргэн тойрон тавин му гаруй нэгэн хэсэг сул газрыг худалдан авч сүм байгуулан нэрийг “Зарлигаар байгуулсан Да Сян Хүэ Сэ сүм” хэмээж, бас зүүн этгээдэд Сянь Лян эр эм хоёулд нэгэн сүм байгуулж хөшөө босгон дээр нь: “Иүй ууй гүн байгуулав” хэмээн сийлжээ. Өдгөөгийн  “Да Сян Хүэ Сэ сүм” хэмээх нь даруй энэ болой.


Байгуулж дуусаад Жин Дэ зарлигийг эгүүлсэнд Тайзун хаан их л баясан олон түшмэдийг цуглуулж тойд элсэх тунхаг дархан “Өглөг буяны их хурал”-ыг хуралдуулж эрлэгийн орны зуурдын сүнсийг тонилгох учрыг зөвдөв. Тунхаг хүрсэн газар бүхнээ нутгийн ноёд түшмэд цөм эрдэмт тойдыг шилэн Чан Аны их хуралд илгээв. Нэг сар болсонгүйгээр дэлхий дахины олон тойд цөм хүрч ирсэнд Тан хаан Тай Ши Чэн хэмээх түшмэл Фу Жийгээр эрдэмт тойныг сонгуулж буяны үйлийг хамааран үйлд хэмээсэнд, Фу Жий зарлигийг сонсож бурхан шашин хэмээгч худал тул түүнийг цаазлах айлтгал бичиг өргөв. Айлтгал бичигт өгүүлсэн нь:


“Баруун орны бурхны ёсон хэмээгч эзэн сайд эцэг хөвгүүнийг өгүүлэхгүй, гурван муу заяа зургаан төрөлхтөн хэмээхээр тэнэг ардыг мунхруулан өнгөрсний хилэнцийг нэхэмжлэн, ирээдүйн буянд шунуулжээ. Үхэж төрөх нь үнэнтээ ертөнцийн мөнх бус, буян хишиг нь хүн өөрөө эздэх атал, өдгөө сонсвол эгэл бэртэгчид нь үүнийг цөм бурхны эрхэнд шүтжээ. Эртний гурван Хуан таван Дигийн үед бурхан ном үгүй бөгөөтөл, эзэн нь гэгээн, түшмэл нь шударга болоод, эзэн төрийг эзэлсэн он жил маш урт бөлгөө. Хойно хан улсын Мин Ди хааны үед хүрч ирээд, сая онгоныг шүтэн, өрнөдийн шашны үүдийг зөвшөөгөөд түүний ёсыг өөрсдөө уламжилжээ, энэ нь үнэнтээ гадаад аймаг дунддад халдсан хэрэг мөн тул, үнэмшин итгэвээс үл болъюу!”


Тайзун хаан айлтгал бичгийг үзэж бараад олон сайд лугаа зөвдөлцвөөс, Зайсангийн зэрэгт агсан Сьюй Иүй олны дотроос урагш давшин мөргөөд ийн айлтгаруун: “Урьд хэдэн төрөөс эхлэн бурхны ном ихэд дэлгэрч, буянтанг тэтгэн хилэнцтэнг таслан улс гэрийг нууцаар тусалсан нь багагүй тул бурхны номыг орхиж болохгүй. Бурхан хэмээгч богд буюу, богдыг буруушаагчийг хүндэд яллаваас зохимуй” хэмээсэнд Фу Жий мөн маргаж өгүүлрүүн: ”Ёсон хэмээгч эзнийг ачлах, эцэг эхийг элбэрэхээр үндэс болгожээ. Бурхан хэмээгч эцэг эхийн элбэрлийг орхин гэрээс гарч тойд болоод бэртэгчин эрийн үйлээр тэнгэрийг тэрслэн, эцэг эхийн яс махны хэлхээг тасалжээ. Сьюй Иүй чи хоосны үүднээс төрсөн бус атал, өдгөө эцэггүй сургаалыг эрхэмлэх нь үнэхээр элбэрлийг алдсан хөвгүүнд эцэг эхгүй хэмээсэн лүгээ адил болой.” Сьюй Иүй алгаа хамтатган: “Тамын орон хэмээгч энэ хүнд базаасан ажгуу” хэмээв. Тайзун хаан Тайфу түшмэл Зан Доу Юан, Жүн Шу Лин түшмэл Жан Ши Хэнийг дуудаж бурхныг шүтэн буян үйлдэхийн тус ямар хэмээн асууваас, хоёр түшмэл нь ийн айлтгаруун: “Бурхан хэмээгч ариун нигүүлсэнгүй тул, үйл төв чанар хоосон болой. Жоу улсын У Ди хаан гурван сургаалыг дэслэн ялгасан нь: “Их билигт Даяанч багш нь далдыг ухаж, олонд аврал явуулахуйяа үл илэрсэн бээр үгүй. Таван багш төрөл дурдаж Бодидарма илрүүлэв. Эртнээс нааш цөмөөр бурхны сургаалыг гурван сургаалын дээд сургаал хэмээх тул магадалж үл болъюу, орхиж үл болъюу, эзэн гэгээндээ тольдох ажааму” хэмээсэнд Тайзун хаан их л баярлан: “Сайд нарын үг маш зөв болой, үүнээс хойш хэн хүн дахиж хоригловоос сааргүй ялламуй” хэмээгээд Вэй Жэн, Сьюй Иүй, Жан Доу Юан гурвууланд  “Мянган бурхныг залж нэгэн ном эрдэмт тойноор тэргүүн тойн тавьж ном гүрэм хийгтүн” хэмээсэнд гурван түшмэл хишигт мөргөн гарав. Түүнээс цаазан зарлиг хэн хүн тойныг гүтгэн бурхныг гутааваас мөрийг нь цавчмуй хэмээв.


Жич өдөр, төрийн гурван сайд олон тойдыг цуглуулан нэгэн нэгээр байцаан шилээд дотроос нэгэн эрдэмт тойныг сонгон гаргав. Тэр чухам хэн хэмээвээс:


Язгуур нь далд гайхамшиг алтан Тарцын хувилгаан итгэлийг алдан бурхны ном номлохыг өтөгрсний харгайгаар, эгнэгт тоост ертөнцөд төрөн гашуун зовлонг амсаад, эгэл бэртэгчний эгнээнд орон өөш торонд унажээ. Эхийн гэдэснээ ахуйд элдэв муу дээрэмд тохиолдон, эрдэнийн хэвлийг өшиглөн төрмөгц үхлийн гамшигт учирчээ. 


Хай Жоу газрын Чэн эрхэм шилдэг нь түүний эцэг, хаан төрийн ерөнхий захирагч нь түүний нагац. Төрсөн өдрөөс мөрөнд унах одон лугаа харшиж, түргэн урсгалыг дагаж давалгаанд түлхэгдэн урсав. Далай хойгийн Жин Шан Шэ сүмд тавилан асан тул, даяанч Хуушан Цян Ан тойн түүнийг өргөн тэжээв. Арван найман насанд төрсөн эхээ олж таниад, алтан нийслэл Чан Анг чиглэн өөрийн нагацаа эрэв. Ахмад сайд Ейн Кай Шан их цэргийг дайчлан атаатны бүлэг балмад дээрмийг Хүн Жоу хотноо устгав. Эрхэм шилдэг Чэн Гуан Жүй тэнгэрийн гамшгаас хэлтэрч, эцэг хөвгүүн дахин танилцаж эгнэгт их баясалдав. Эзэн хаанд эгэн бараадаж өршөөл хишгийг хүртээд эрдэмтний алдар Лин Ян Хэ асарт уртад дуурьсав. Өндөр хэргэмд үл дурлан үүд гарч тойн болон өргөн буянт шашны үүднээ Аршийн ёсон эрэв. Нялхын нэр Мөрнөө урсагч хэмээгч бурхны бүрэлбаа, номын цол Чэн Шуан Зан хэмээгч түүнийг өгүүлжээ.


Тэр өдөр олны дотроос номын багш Шуан Занг сонгон гаргав. Энэ хүн эхийн хэвлийгээс унамагц бацаг барин, сахил авчээ. Түүний нагац нь өдгөө төрийн нэгэн замын цэргийн ерөнхий захирагч Яйн Кай Шан мөн. Түүний эцэг Чэн Гуан Жүй болбоос эрхэм шилдэгт оногдсон Вэн юан даяан харшийн бичгийн сайд болой. Шуан Зан нэгэн сэтгэлийг барьж баян эрхэмийг хүсэхгүй, ганц сахилыг сахин ном бясалгахад дуртай. Түүний язгуур нь сайн, эрдэм нь их, элдэв зүйлийн ном судрыг үл мэдэхээргүй, бурхны нэр Аршийн аялгууг эс танихааргүй. Тэр үес төрийн гурван түшмэл түүнийг эзний эрдэнийн харшийн өмнө дагуулан авчирч мөргөн айлтгаруун: “Түшмэл бид эзний зарлигаар эрдэмт тойн Чэн Шуан Занг сонгон олов” хэмээсэнд Тайзун хаан сонсоод удтал бодож ийн зарлиг болруун:  “Бичгийн сайд Чэн Гуан Жүйн хөвгүүн Шуан Зан буюу?” Шуан Зан мөргөн өгүүлрүүн: “Түшмэл би мөн болой.” Тайзун хаан их л баясан өгүүлрүүн: “Сонгосон нь эндүүгүй, үнэхээр нэгэн даяаны сэтгэлтэй тойн ажгуу. Би чамайг зүүн баруун хамба хэргэмд дэвшүүлэн, дэлхий дахины тойдыг хамаарах ерөнхий хамба болсугай.” Шуан Зан эзний хишигт мөргөж тушаалыг хүлээн авав. Бас таван өнгийн алтан хоргойт эрэн үснирт малгайг шагнаад түүнийг эрдэмт тойдыг сонгон хэргэмтний зэрэг дэсийг ялган бичгээр мэдэгдсүгэй хэмээгээд, Хуа Шэн Сэ сүмд илгээж өлзийт сайн өдрийг сонгож ном номло хэмээв. 


Шуан Зан хишигт мөргөж зарлигийг хүлээгээд, Хуа Шэн Сэ сүмд хүрч, олон тойдыг цуглуулж, даяаны мандлыг цогцлон буяны үйлийг үйлдэн бурхны тахил зүйлийг бэлтгээд, их бага эрдэмт тойдыг нийт нэг мянга хоёр зууг сонгож өмнө, дунд, хойд гурван дуганд хуваан суулгаж мөн жилийн есөн сарын шинийн гурваны өлзийт өдөрт тохиолдуулан долоон долоо дөчин есөн хоногийн өглөг буяны их хурал хуралдуулахаар бэлтгээд айлтгал бичиж эзэнд өргөв. Тайзун хаан тэргүүлэн, улсын ураг, хааны хадам, бичиг цэргийн сайд түшмэл цөмөөр тэр өдөр хуралд хүрч, хүж өргөн ном сонсохоор болов. Үүнийг шүлэглэсэн нь:


        Хаан сууринд суусан Чэн Гуаны арван гуравдугаар онд,
        Хамаг олонд зарлиг буулган номын ёсыг дэлгэрүүлэв.
        Бурхны мандалд цаглашгүй номын ёсыг өгүүлэхүйеэ,
        Будан арилан нар мандан алтан суварга босов.
        Хааны ивээл эзний зарлигаар эрдэнийн хийд байгуулагдаж,
        Хальснаас мултарсан алтан тарц баруун орныг бишрэв.
        Сайны үрс нийдэм цацагдаж аюул зовлон арилаад 
        Суртал бишрэлийг дэлгэрүүлэн урьд хожид гурвантаа мандуулав.


Жэн Гуаны арван гуравдугаар он шарагчин могой жилийн есөн сарын шинийн гурваны хөх нохой өдрийн туулай цагт номын их багш Чэн Шуан Зан, нэг мянга хоёр зуун эрдэмт тойдыг цуглуулан Чан Ан балгасны Хуа Шэн Сэ сүмд элдэв зүйлийн дээд номыг номлов. Хаан өглөө харшаас буумагц бичиг цэргийн олон түшмэдийг дагуулан гарьдын сүйх лууны тэргэнд заларч, алтан харшаас гарч, сүмд хүж зул өргөхөөр ирэв. Хааны заларсан нь:


Тэнгэр дүүрэн бэлгэт уур, түмэн зурвас өлзийт гэрэл, эевэргүү салхи зөөлнөөр илбэн, ээлт наран огоот тунгалаг, түшмэл сайд хас зүүж өмнө хойно дагалцаж, таван өнгийн туг хиур хоёр хажууд жагсчээ. Алтан бэрээ сүх дөмөө хос хосоор сэрийлцэж улаан дэнлүү, үнэрт хүжис утаа нь эвхрэлдмүй. Луу магшин гарьд бүжиглэн бүргэд шүүрэн шонхор халимуй. Жавхлант тэнгэрийн хөвгүүн гэгээн бөгөөд төв, журамт их сайд нар шударга бөгөөд чигч. Эзний буян мянган он Шүн, Иүй лүгээ хосолж, энх амгалан түмэн үе Юу, тангаас хэтрэв. Алтан шүхэр луут дээл гэрэл цацран гялбаад, хасын гариг, гарьдын дэвүүр, бэлгэт униар татмуй. Сувдын малгай, хасын бүс өнгө гэрэл булаалдаад, алтан тэмдэг улаан шогшго сүр нь үлэмж. Эзэн хаан үнэн сүсгээр угаан ариутгаж бурхнаа сүсэглэн, эгнэгт буяны мөрөнд эгэж хүж зул асаав.


Тан хааны их сүйх хэдийнээ сүмийн үүднээ хүрч хөгжим бишгүүрийн дууг зогсоож, тэрэгнээс бууж олон сайдыг дагуулан бурханд хүж асаан мөргөөд, тэргүүн өргөн үзвээс үнэхээр маш сайхан номын мандал ажгуу. Үзвээс:


Лавир чимэг намиран хийсэж, эрдэнийн шүхэр гэрэл гялбамуй. Лавир чимэг намиран хийсрүүн, өнгөт униар зурвас зурвас хоосон агаарыг шавдуулжээ. Эрдэнийн шүхэр гэрэл гялбаруун, мандсан нарны улаан туяа хорвоо ертөнцийг гийгүүлжээ. Арьяабалын алтан хөрөг байдал асар ихэмсэг, аруудхан хасын дүр сүр гэрэл бадрангуй. Хувинд эрдэнийн цэцэг хатгаж, гүлсэнд сангийн идээн унгасгажээ. Хувинд эрдэнийн цэцэг хатгаруун, гэмэрлэг модон гялбас гялбас сүм дүүрэн туяа. Гүлсэнд сангийн идээн унгасгаруун, хүжсийн утаа тунас тунас ариун огторгуйд нэвтэрчээ. Алим жимс тэргүүтнийг улаан тавганд овоолж, амтат ховор идээг өнгөт ширээнд өржээ. Эрдэмт тойд эгшиг татан бурхны номыг уншаад, эмгэнэлт сүнсийг гаслангийн далайгаас тонилгосугай хэмээн залбирмуй.


Тайзун хаан болон олон сайд түшмэд бүгдээр хүж асаан бурхан багшийн алтан хөрөгт гурвантаа мөргөн аруудханд залбирав. Бас тойдын тэргүүн Чан Шуан Зан олон тойдыг дагуулан хаанд наминчлан мөргөөд өөр өөрийн даяаны суудалд суусны хойно, номын багш Тайзун хаанд өнчин өрөөснийг тэтгэх тунхаг бичгийг өргөсөнд, Тайзун үзвээс, бичигт өгүүлсэн нь:


“Туйлын эрдэм эчнээ далд, тойд хувилгаад даяанд суудаг. Ариун тунгалагийн гайхамшигт нэвтэрвээс, гурван тивийг нийдэм тойрмуй. Мянгантаа хувилан түмэнтээ улирваас, арга билигт цөм ерөнхийлөгдмүй. Үнэн чанарыг үүрд магад бариваас, үзүүргүй туйлд хүрмүй. Тэдгээр нүгэлт сүнсийг үзээд, тэсгэлгүй гашуудан хөөрхийлмүй. Өдгөө Тайзун хааны зарлигийг хүлээж: Олон хуврагийг сонгон цуглуулж, бясалгал хийж ном тавив. Аврал ивээлийн үүдийг цайтал нээж, асрал нигүүлсэнгүйн онгоцыг уудам сэлэв. Зовлонгийн далай дахь олон амьтныг нийдэм аварч живэн тунах зургаан мөрнөөс бүхнийг хэлтрүүлсүгэй. Үнэний мөрд удирдан оруулж үлэмж хишигт бүгдээр хүрттүгэй. Хөдлөх зогсохыг хоосонд болгож, хүн бүхнийг шулуунд эгүүлтүгэй. Энэ сайн дашрамд нийцүүлэн, гэгээн ордны бор балгаснаа тойрон зугаацаж, манай энэ хурал яранид оролцон, хориул тамаас гатлан тонилоод, эртхэн төгс баясгалант оронд дураар жарган, баруун газарт тааваар тойрох болтугай.


Шүлгийн үг:


        Нэгэн гүлс өлзий хутгийн хүж,
        Хэдэн боть гатлан тонилохын судар.
        Хэмжээлшгүй гайхамшигт номыг өгүүлэн,
        Хязгааргүй тэнгэрийн хишгийг хүртмүй.
        Нүгэл хилэнц цөм бүх арилаад
        Өнчин сүнс тамын орноос гармуй.
        Төр улс түвшин амгалангаар энхжээд,
        Түмэн буян түгээмэл дэлгэрэх болтугай.


Тайзун хаан үүнийг үзээд их л баясан олон тойдод ийн зарлиг болруун: “Та нар чигч сэтгэлийг баримталж, буяны үйлэнд битгий осолдогтун, гавьяа бүтсэн цагт цөмөөр буян хураамуй. Та нарыг талаар зовоохоор үгүй, хэрэг бүтсэн цагт хүндэд шагнамуй” хэмээсэнд мянга хоёр зуун тойд цугаар тэргүүн мэхийн хишигт мөргөв. Тэр өдөр гурван цагийн цав өнгөрсний дараа Тайзун хаан ордонд эгэв.


Долоон өдрийн гол хурлыг хүлээж дахин зул хүж өргөхөөр болов. Тэр үес тэнгэр нэгэнт орой болсон тул олон түшмэд цөм ордонд эгэв. Энэ үдшийн сайхныг өгүүлбээс:


Түмэн газрын уудам огторгуйд нимгэн униар татаж, төөрсөн галуу хэд хэдээр шөнийн үүрт буцмуй. Хот зээлд зул гэрэлтэн хүний хөл хураагдахуйяа хувраг тойд наминчлан сууж уншлага унших цаг.


Энэхүү үзэмжит шөнийг өнгөрөөж маргааш өглөө болоход номын багш хурлын ширээнд сууж олон тойд ном уншихыг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Өмнө далайн Будлан уулын Хомсим бодисадва, түүнчлэн ирсэн бурхны зарлигаар Чан Ан балгасанд ирж, ном залах тойныг эрэн маш удсан боловч, үнэн сайн эрдэм явдалт хүнийг эс олов. Гэнэт Тайзун хаан буяны үйлийг дэлгэрүүлэн эрдэмт тойдыг элсэж их хурал хуралдуулах чимээг олж сонсов. Бас тэр их хурлын түрүү тойн номын их багш болбоос, урьд өдөр багын цагт Мөрнөө урсагч хөвгүүн мөн бөгөөд төгс баясгалант орноос буулгахын үед тэр өөрийн биеэр удирдан эхийн хэвлийд оруулсан бурхны шавь болох тул Бодисадва их л баясан ивээл тойн лугаа хамт бурхны хүртээсэн эрдэнээ авч зээлд худалдахаар гарав. Тэр нь цөм ямар эрдэнэ хэмээвээс, нэгэн нь карша намжир, нэгэн нь есөн гархит дулдуй, бас нэгэн нь чангаруулагч алтан гурван цагираг ажгуу. Энэ цагирагийг хожим хэрэглэх тул далдад нуун, намжир дулдуй хоёрыг худалдмуй хэмээн хашхирмуй. Энэ Чан Ан балгасанд эрдэмгүйн учраа эс элсэгдсэн тойд нь харин ч хэдэн хэлхээ сохор зоос буй бөлгөө. Бодисадва энэ мэтээр бадарчин дүрлэн, баранхай өмд, элэнхий дээл өмсөж хөл нүцгэнээр карша намжираа тэврэн ирэхийг үзээд, нэгэн тойн урагш давшин асуун өгүүлрүүн: “Бадарчин аа, чиний тэр намжир хэдий үнэ хүрнэм?” Бодисадва өгүүлрүүн: “Намжирын үнэ таван мянган лан, дулдуйн үнэ хоёр мянган лан” хэмээв. Тэр тэнэг тойн их л инээн өгүүлрүүн: “Энэ хоёр бадарчин хий өвчинтэй буй за, эсвээс тэнэг буй за, энэ хоёр зүйлийн бүдүүлэг эд яахан долоон мянган лан хүрэх буй, чиний тэр намжирыг өмсвөөс, үхэлгүй мөнхийн шидийг олж бурхан Бодисадва болох боловч мөн төдий их үнэ хүрэхээр үгүй. Худалдаж гарахгүй, түргэн аваачигтун!” хэмээсэнд Бодисадва өчүүхэн ч маргасангүйгээр Мүзээ дагуулан урагш яван хааны ордны зүүн хаалганд хүрч ирэхэд чивхийтэл Сьюй Иүй яамнаа эгэхэд тааралдаж, өмнөх жагсаалын хүмүүс зам тавь хэмээн хашхирмуй. Тэр Бодисадва огт хайхрахгүй намжираа барьсаар Зайсанг чиглэн эчив. Тэр намжираас гэрэл цацрахыг зайсан үзээд морио татаж доорх ардаар намжирын үнийг асуулгасанд Бодисадва: “Намжирын үнэ таван мянган лан, дулдуйн үнэ хоёр мянган лан” хэмээв. Сьюй Иүй асууруун: “Ямар сайн газар вэ хэмээн ийм их үнэ хүрмүй?” Бодисадва өгүүлрүүн:  “Миний энэ намжирт сайн газар ч буй, муу газар ч буй, үнэ хүрэх газар ч буй, үнэ хүрэхгүй зүгээр өгөх газар ч буй.” Сьюй Иүй асууруун: “Юуг сайн газар хэмээмүй, бас юуг муу газар хэмээмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Миний энэ намжирыг өмсвөөс сансрын хүрдэнээ үл оногдон, тамд үл унан, гай зовлонд дайрагдахгүй, барс чононд баригдахгүй, үүнийг сайн газар хэмээмүй. Хэрвээ тачаангуй цэнгэлд шунасан тэнэг хувраг, сахил санваарыг үл сахих ёсгүй тойд, түүнчлэн номыг өтөгрэн бурхныг гүтгэгч бэртэгчин цөмөөр миний намжирт халгаж үл чадах тул, үүнийг муу газар хэмээмүй.” Сьюй Иүй бас асууруун: “Юуг үнэд хүрэх хэмээмүй? Юуг зүгээр өгөх хэмээмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Бурхны номыг шүтэхээр үгүй, гурван эрдэнийг хүндлэхээр үгүй атал, бас миний энэ намжир дулдуйг хүчирхэглэн худалдан авсугай хэмээгчдэд худалдан өгвөөс долоон мянган лан авмуй. Үүнийг даруй үнэд хүрэх хэмээмүй. Хэрвээ гурван эрдэнийг хүндэлж, сайныг үзэн даган баясаж миний бурхны суртахуунд наманчлан дагагсдад болбоос намжир дулдуйгаа хүргэн өгч, түүн лүгээ нэгэн цагийн сайн ерөөлийг барилдмуй. Үүнийг даруй зүгээр өгөх хэмээмүй.” Сьюй Иүй түүний ийн өгүүлэхийг сонсоод тэсгэлгүй баярлан мориноос буун ёслон золгож: “Номын багш, Сьюй Иүй миний бурууг уучлах ажааму. Миний эзэн Тайзун хаан болбоос их буянчир хүн тулд, төрийн түшмэл түүнийг үл дагахаар үгүй. Өдгөө өглөг буяны их хурлыг хуралдуулж амуй, энэ намжирыг чив хэмээн манай номын багш Чан Шуан Занд өмсгөвөөс болмуй. Би чамайг дагуулж хаанд бараадсугай” хэмээв. 


Бодисадва их л баярлан зүүн хаалгаар оров. Ордны түшмэл эзэнд мэдүүлсэнд оруул хэмээх зарлиг буув. Сьюй Иүй хоёр тойныг дагуулж индрийн доор зогссонд хаан ийн зарлиг болруун: “Сьюй Иүй ямар мэдүүлэх учир буй?” Сьюй Иүй индэр тэврэн мөргөн өчрүүн: “Сайд би ордны зүүн хаалгыг өнгөрөхөд санамсаргүй намжир дулдуй худалдах хоёр тойн лугаа учрав. Санаваас номын багш Шуан Занд энэ намжирыг өмсгөвөөс болох тул тойныг авчирч эзэнд золгуулмуй.” Тайзун хаан их л баясан намжирын үнийг асууваас Бодисадва Мүз өчрүүн: “Намжирын үнэ таван мянган лан, дулдуйн үнэ хоёр мянган лан.” Тайзун хаан асууруун: “Тэр намжирт ямар сайн газар буй хэмээн эдий их үнэ хүрмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Энэ намжирыг луу биед нөмөрвөөс хан гарьд шувууны залгихаас зайлан чадмуй. Энэ намжирыг тогоруу биед өмсвөөс эгэлээс тонилон хувилгаан шидийг олмуй. Энэ намжирыг нөмрөн сууваас эрхгүй түмэн сахиусан долоон бурхан биеийг сахимуй. Энэ намжир хэмээгч нь, хүр хорхойн ширхэгийг хөнгөнөөр цувуулан аваад, уран тохьтой охидоор утас болгон нийтгүүлэв. Хувилгаан охид үүнийг бөс болгон нэхээд, тэнгэрийн дагина түүнийг намжир болгон эсгэжээ. Утас болгонд урлан угалз тагалз ороогоод, уулзуур бүхэнд чимэн ороонго замба хатгажээ. Хангир цангир харшилдах дуу нь хатгуур унжлага лугаа мөрийцөөд, халбалзан намалзан хөдлөх бүр хас эрдэнийн гэрэл цацармуй. Үүнийг өмсвөөс улаан гэрэл биеийг ороогоод, үүнийг тайлбаас өнгөт үүлс эвхрэлдэн нүүмүй. Бэлгэт туяа гурван тэнгэрийн үүдэнд нэвтрээд, шидэт уур таван хайрхны хормойноос дэгдмүй. Давхар давхар хатгасан цэцэг нь төвд лянхуан маягтай, гялс гялс дүүжилсэн сувд нь одон мичдийн гэрэлтэй. Дөрвөн хормойн өнцөгт гэрэлт сувд шигтгээд, энгэр зааманд нэгэн мөхлөг эрдэнийн оюу хаджээ. Таван цулыг нэвт гийгүүлэх чадалгүй боловч, найман эрдэнийг овоолон тавьсан цацармал гэрэл амуй. Энэ намжирыг болбоос, энгийн цагт эвхэн хурааж тавиад, эрдэмтэн богд тохиолдвоос үүнийг сая өмсгөмүй. Энгийн цагт эвхэн хураахуйяа, эвхсэн түмэн боодлыг нэвтлэн өнгөт солонго татмуй. Эрдэмтэн богдод өмсүүлэхүйеэ, эрхт тэнгэр цочин чөтгөр сахиусан эмээмүй. Энэ намжирын энгэр дээр чандмань эрих, маанийн эрих, тоосыг арилгах эрих, салхийг зогсоох эрих буй. Түүний дээрх улаан мана, бор шүр, гэрэлт сувд, шарилнаас цацарсан гэрэл нь, сарыг гутаан нарыг ичээмүй. Хэсэг хэсэг хувилгаан уур огторгуйд бүрхээд, зурвас зурвас шидэт гэрэл богдын өмнө гэрэлтмүй. Хэсэг хэсэг хувилгаан уур тэнгэрийн хаалгыг гийгүүлэн, зурвас зурвас шидэт гэрэл ертөнц дэлхийг гэрэлтүүлмүй. Уул мөрнийг гийгүүлэхүйеэ барс ирвэс эмээлдэн, далай тэнгисийг гэрэлтүүлэхүйеэ гүмбэрва матар айлдмуй. Энгэрт нь алтан эмжээрээр эмжиж, хоолойвчид нь холболзон хасыг дүүжилжээ. 


Шүлэглэсэн шүлэг нь:


        Гурван эрдэнийн эрхэм дээд ид шид нь гайхалтай
        Дөрвөн төрөл зургаан мөрийг илт айлдан чадмуй.
        Чанарыг тэжээх оюуны улаан зулыг уламжлан асааж,
        Санааг саруулжуулан сэтгэлийг дийлэн тэнгэрийн ёсыг сэргээмүй.
        Биеийг сахих нь алтан дэлхий мэт адбиш биш, 
        Хүслийг цээрлэх нь бие сэтгэл хасын хувинд адил.
        Бурхан багш карша намжирыг үйлдэн бөтөгснээс хойш
        Буман галавт хэн хүн тойны үйлийг тасалмуй.”


Тан хаан үүнийг сонсоод их л баясан асууруун: “Тийн болбоос чиний есөн гархит дулдуйнд ямар сайн газар буй?” Бодисадва өгүүлрүүн: “Миний энэ дулдуй болбоос:


        Гуулиар хөвөөлж төмрөөр давтсан есөн холболгожин гархи! 
        Гурав гурав есөн үет хувилгаан шидтийн дулдай аа! 
        Алган дээр тавин ажиглаваас авшгүй ёдор оо. 
        Аян замд авч явахад асар хөнгөн таяг аа. 
        Их таван богд үүнийг тулан тэнгэрийн ордноо тойрлоо. 
        Элбэрэлт Молом тойн үүнийг авч эхээ эрэн эрлэгт орлоо. 
        Хорвоогийн улаан тоосыг хумсан төдий үл наалдууллаа, 
        Хувилгаан тойдод дуртайяа нөхцөлдөн хасын уулнаа гарлаа.”


Тан хаан үүнийг сонсоод карша намжирыг дэлгэн үзвээс, үнэхээр эрдэнэ мэт сайн эд тул ийн зарлиг болруун: “Их номын багш тойн чамаас нуухгүй, өдгөө бурхныг шүтэн буяны тариаг дэлгэрэнгүй тарихын тулд, Хуан Шэн Сэ сүмд олон тойдыг залж, гүрэм хийж ном айлдуулмуй. Тэдний дотор нэгэн ариун эрдэмт тойн аж номын нэр Шуан Зан хэмээмүй. Би чиний энэ хоёр зүйлийн эрдэнийг худалдан авч, түүнд өгсүгэй хэмээмүй, чухам хэдий үнэ хүрмүй” хэмээсэнд Бодисадва, Мүз алгаа хамтатган бурхан хэмээн наманчлаад бие мэхийн өгүүлрүүн: “Үнэхээр нэгэн ариун эрдэмт тойн болой, ядуу тойн би түүнээс зоос авахгүй зүгээр хүргэсүй” хэмээн хэлээд хойш эгэн гарахад, Тан хаан Сьюй Иүйгээр хориглуулан зогсоож суудлаас босч бие мэхийн ийн зарлиг болруун: “Анх хэлэхэд намжирын үнэ нь таван мянган лан, дулдуйн үнэ нь хоёр мянган лан хэмээсэн бөлгөө. Юунд мөхөс би худалдан авсугуй хэмээхэд харин ч зоос авахгүйгээр зүгээр өгсүгэй хэмээмүй, чи лав намайг хаан хэмээн эрдэж хатуугаар хүчирхэглэн авмуй хэмээн санасан буй за? Тийм санаагүй, мөхөс би уг үнээр худалдан авсугай, битгий айгтун!” Бодисадва наманчлан өгүүлрүүн: “Ядуу тойн би гурван эрдэнийг хүндлэн тахих, бурхны үүднээ орж, буяны үйлэнд даган баясагчид дуртайяа зүгээр хүргэсүгэй хэмээн амласан бөлгөө. Өдгөө эзэн хаан эрдмийг соёрхон төв сайнаар явж манай бурхны үүдийг шүтсэн бөгөөд бас эрдэмт тойныг залж их ёсыг дэлгэрүүлэн байх тул ядуу тойн би энэ намжир дулдуйг энд үлдээж эгвээс зохимуй.” Тан хаан ийн хэлэхийг сонсож маш баясан хуримын яаманд зарлиг буулган цав барин хариу талархсугай хэмээхэд Бодисадва мөн хүчлэн маргаж хүлээлгүйгээр бүр буцав. Бодисадва мөнхүү урьдын ёсоор савдагийн сүмд бие далдлан суухыг түр өгүүлэхгүй. 


Өгүүлэх нь, Тайзун хаан үдийн бараалалд Шуан Занг дуудах бичиг хийж, Вэй Жэнг илгээв. Тэр үед Шуан Зан олон тойдыг дагуулан номын суудалд суун хурал хурсугай хэмээтэл, эзний зарлиг хүрч ирснийг сонсоод мэнд санд суудлаас бууж, дээл малгайгаа засаж Вэй Жэнгийн хамт ордноо орон эзэнд бараадав. Тайзун хаан өгүүлрүүн: “Буяны үйлсэд номын багш таныг ихэд зүдээв. Энэ өглөө Сьюй Иүй хоёр тойныг авчран уулзуулсанд тэр тойн карша намжир ба есөн гархит дулдуйгаа надад хүргэв. Өдгөө номын багшийг залсан нь үүнийг өгсүгэй хэмээсэн бөлгөө.” Шуан Зан хишигт мөргөсөн хойно Тайзун хаан өгүүлрүүн: “Номын багш голохгүй болбоос надад өмсөж үзүүл!” хэмээсэнд Шуан Зан тэр намжирыг сэгсрэн биед нөмрөөд дулдуйг гарт атган индрийн доор зогссонд үнэхээр Шигэмуни бурхны шавь мэт тул эзэн сайд бүгдээр их л баясан гайхалдав, түүнийг үзвээс:


Бурхны намжир биед тохирон хэмжиж эсгэсэн мэт, булбарай өнгө ариун хээнцэр сүр байдал ихэмсэг, улаан гэрэл тунас тунас тэнгэр газрыг бүрхээд унжлага зангиа нахис нахис орчлон дэлхийг чимжээ, гэрэлт сувд гэгээн тана энгэр хормойгүй жигдрээд, алтан утас мөнгөн ёнгор ар өвөрт сүлжжээ. Дөрвөн хормойг тууз хоргойгоор эмжээрлээд, түмэн зүйлийн гайхамшигт цэцэг түүний дээр хатгажээ. Найман эрдэнийн навчит цэцгээр товч болгон товхиж нарийн зааманд алтан гархит өдөн шилбэ хаджээ. Наран саран тэнгэр бурхад дэс дараалан жагсаж, наана цаана одон мичид зэрэг ялган жигдэрчээ. Анхны ерөөл Арш тойн Шуан Занд асан тул, авч өмсөхүйеэ биед тохирч, түүнд хийсэн мэт. Үнэнээр төгс баясгалант орны аруудханы амьд бүрэлбаа, өрнө зүгийн туулсан бурхан лугаа өнгө ялгаран мөрийцжээ. Эрдэнийн дулдуйг эргүүлэхүйеэ есөн гархи хангилзан, үснирт малгай нарнаа гялсан байдал сүр үлэмж. Бурхны шавь хэмээн алдаршсан нь үнэхээр хоосон бус, Бодисадвагаас хэтрэв хэмээсэн нь бас ч ташаагүй үнэн.


Бичиг цэргийн олон сайд цөм баясан гайхалдав. Тайзун хаан тэсгэлгүй баясаж, намжир дулдуйг номын багшид тушааж, бас хоёр баг ёслолын жагсаалыг жагсааж эрхэм шилдэгт оногдсон түшмэлийн ёсоор хотыг тойруулан сүмд эгэгтүн хэмээв. Шуан Зан дахин хишигт мөргөн, хотын хоёр талын хүмүүсийн дундуур гэхэлзэн алхахад Чан Ан балгасны арилжаа наймаачин, ван гүнгийн хөвгүүд ач нар ба бэхсийн зочин, бичгийн хүмүүс эрэгтэй эмэгтэй олон бүгдээр: “Үнэхээр сайн номын багш байнам, үнэхээр амьд аруудхан бодит Бодисадва буун иржээ” хэмээн үл гайхалдсанаар үгүй, Шуан Зан сүмийн үүднээ хүрч ирсэнд бүгд тойд хувраг бээр суудлаас буун угтан үзвээс, карша намжирыг биед хэдэрч, эрдэнэ дулдуйг гарт барьжээ. Олноор газрын зүрхний Бодисадва ирэв хэмээлцэн, өөр өөрийн оронд эгэн хоёр жигүүрлэн зогсов. Төдий Шуан Зан бурхны өмнө хүж зул асааж мөргөөд бүгдэд эзний хайр хишгийг нэгэн зэрэг хэлж бараад хувь хувийн даяаны суудалд суув, удсангүй улаан наран баруунд шингэж, чив хэмээн:


Наран шингэн утаа униар өвс модонд бүрхээд, нийслэл хотноо алтан жүн анх удаа дуугарав. Нижигнэх дуун гурвантаа гармагц хүний хөл хураагдаад, нам гүм болон зээл гудамжинд чимээ анир тасрав. Эрдэнийн хийдэд зулын гэрэл гэрэлтэж, эзгүй тосгонд элий хулий дуу чимээгүй. Даяанч хувраг судар юугаа хураагаад тугдамд орохуйяа, чив хэмээн шулмасыг номхотгон чанарыг тэжээх цаг аа.


Төдөлгүй долоон хоногийн их хурал болсон тул, Шуан Зан бичиг айлтгаж бурханд хүж зул барьтугай хэмээн хааныг залав. Тэр үед сайн чимээ дэлхий дахинаа тархсан тул Тайзун хаан бичиг цэргийн сайд түшмэд, хааны хатад, улсын ургуудыг дагуулан хэдийнээ сүмд хүрч ирэв. Хотын ард эрхин доод, их бага хэмээн ялгалгүй цөм сүмд ирж ном сонсов. Тэр өдөр Бодисадвагаар Мүзийн зүг өгүүлрүүн: “Энэ өдөр болбоос, долоон долоо дөчин ес хоногийн өглөг буяны их хурлын гол хурал болох тул, бид хоёул олны дотор хавчигдан орж, нэгд болбоос түүний хурлын ямар болохыг үзэж, хоёрт болбоос тэр алт тарцад миний эрдэнийг эдлэх буян байх эсэхийг үзсүгэй, гуравт тэр ямар үүдний ном номлохыг сонссугай” хэмээгээд хоёул сүмд орж ирэв. Энэ үнэхээр анх өдөр ерөөл барилдлага аж хуучин танил лугаа уулзаад, билиг язгуурт эгэж номын хуралд нийцэв.


Тэд хоёул сүмд орж үзвээс, энэхүү Дундадын их гүрэн хэмээгч нь үнэхээр их мянган ертөнцөөс ахдаж, Ширэсадай балгасны эрдэнэ модон хүрээлэнгээс давж, хурмаст тэнгэрийн хуврагийн сүм лүгээ мөрийцжээ. Арш тойдын ариун эгшиг хангинан, бурхан Бодисадвагийн хөрөг зураг жигдэрчээ, Бодисадва шууд эрдэнийн тавцангийн өмнө ирж үзвээс, энэ Шуан Зан хэмээгч нь үнэхээр ариун билигт алтан Тарцын гэгээн дүрийг ахуулжээ. Шүлэглэсэн шүлгийн үг нь:


        Түмэн бодис ариунаар гэрэлтэн хог тоосгүй,
        Төв дундад номын багш өндөр ширээнээ заларчээ.
        Төрөл ологч зуурдын сүнс сэмээр хүрч ирээд,
        Түрхрэн дэвжээрсэн олон хүмүүс ном сонсохоор цувармуй.
        Өглөг барьц санаанд нөхцөлдөхүйеэ хүслийн зам урт,
        Өсөж төрөх сэтгэлд нийлэлдэхүйеэ хөлгөний үүдийг нээв.
        Өгүүлэн айлтгах номын утга цаглашгүй гүнд
        Өтөл залуу олон бүгдээр баярын магнай тэнийв.


Бас шүлэглэсэн нь:


        Хурлын дуганд тойрон явж ном сонсохын зуур, 
        Хуучин танилаа лавлан үзвээс эгэл ерөмдөг бус
        Тоолшгүй олон ёсыг тоочин өгүүлэн дуусаад
        Тоост ертөнцийн түмэн хэргийг тууртал бүхнийг ярьжээ.
        Номын үүлс ээдрэн эвхрэлдэн уул хайрхныг халхлан
        Номын тор сөхөн дэлгэн хөх огторгуйг бүрхжээ. 
        Хүн амьтан сайн мөрд орсныг байцаан үзвэл,
        Хөх тэнгэрээс хур ундлан улаан цэцэг дэлгэрчээ.


Тэр номын багш өндөр тавцангийн дээр сууж “Төрөл олгон гэтэлгэгч судар”-ыг нэгэн зэрэг уншаад, бас “Улсыг амаржуулах тэнгэрийн эрдэнийн хөлөг” “Бясалгалд удирдах ятгал боть”-ийг тайлбарлав. Бодисадва урагш давшин эрдэнийн тавцанг гараар алгадан өндөр дуугаар өгүүлрүүн: “Тойн чи ганц “Бага хөлгөний ном” номлохоос өөр “Их хөлгөний ном”-ыг номлож чадах буюу?” Шуан Зан сонсоод их л баясан тавцангаас үсрэн бууж Бодисадвагийн зүг наманчлан өгүүлрүүн:  “Багш, шавь миний угтахыг алдсан ялыг уучилму. Урьдаас тойд хуврагууд цөм энэ “Бага хөлгөний ном”-ыг уншихаас өөр юуны “Их хөлгөний ном”-ыг мэдмүй.” Бодисадва өгүүлрүүн: “Чиний энэ “Бага хөлгөний ном” хэмээгч нь үхэгсдийн сүнсийг тонилгож үл чадмуй, ганц эгэлд буцаан гэрэлд нийлүүлэхийн төдий буй за, надад үхэгсдийн сүнсийг тонилгон тэнгэрт дэвшүүлэх, зовлонтонг амарлиулан гаслангаас гаталгах, цаглашгүй мөнхийн шидийг олгож, сансрын хүрднээс зайлан бурхны оронд хүргэх гурван аймаг ном буй.”


Хараахан ийнхүү өгүүлэлдэн атал, тэр сүмийн гонир хаанд яаран айлтгаруун: “Номын багш гайхамшигт номыг номлон атал хоёр бадарчин тойн ирээд багшийг суудлаас татан буулган дэмий олон юм чалчмуй.” Тайзун хаан барьж авчир хэмээн зарлиг буулгасанд олон хүн хоёр тойныг түлхлэн ар дуганд авчрав. Тэр хоёр Тайзун хааныг үзмэгц ёслон мөргөхөөр ч үгүй, харин дээш харан: “Эзэн биднийг дуудаж юу асуумуй?” хэмээв. Тайзун хаан түүнийг таниад: “Тэр өдөр надад намжир хүргэсэн тойн мөн буй за?” хэмээсэнд Бодисадва “Мөн болой” хэмээв. Тайзун хаан өгүүлрүүн: “Чи ном сонсохоор ирсэн тойн бөгөөс цав олж идвээс барав, бас юунд миний номын багш лугаа өгүүлэлдэн хурлыг түйвээж миний буян үйлдэх учрыг саатуулмуй?” Бодисадва өгүүлрүүн: “Таны тэр номын багшийн унших нь цөм “Бага хөлгөний ном” тул үхэгсдийн сүнсийг тонилгон тэнгэрт дэвшүүлэн үл чадмуй. Надад “Их хөлгөний ном” гурван аймаг буй, энэ цөм үхэгсдийг тонилгон зовлонгоос авран насан хутгийг уртатгаж чадмуй.” Тайзун хаан нүүрийг төв болгож баясан асууруун: “Чиний тэр их хөлгөний ном хэмээгч өдгөө хаана буй” Бодисадва өгүүлрүүн: “Баруун бодийн орон аянгын дуут их сүмд сууж ахуу миний багш түүнчлэн ирсэн бурхны дэргэд буй. Тэр нь зуун хилсийн гачигдлын оньсыг тайлан түмэн зовлонгоос хэлтрүүлж чадмуй.” Тайзун хаан өгүүлрүүн: “Чи өдгөө түүнийг бас цээжилсээр буюу?” Бодисадва өгүүлрүүн: “Цээжилсээр бөлгөө.” Тайзун хаан ихэд баясан: “Номын багшийг ширээнд залж ном айлдуул!” хэмээв.


Бодисадва Ивээл тойноо дагуулан өндөр тавцанд гармагц өлмийн доороос өлзийт үүл урган огторгуйн гүнд дэгдэн гарч хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэгч эрхт Хомсим бодисадвагийн үнэн дүр илрэн рашааны хумх удын найлзуурыг алган дээр тавьж, зүүн этгээдэд Ивээл тойн шийдэм барьж, сүр бадруулан зогсчээ. Тан хаан үзээд ихэд баясан тэнгэрийн зүг мөргөсөнд олон түшмэд цөм газар тэврэн сөгдөж хүж асаав. Сүмийн олон тойн ба чавганц, бумба хар иргэд ялгалгүй цөмөөр “Сайн Бодисадва! Сайн Бодисадва!” хэмээлдэн залбирмуй. Үзвээс: 


        Бор униар бургилан бургилан дэгдэж 
        Бодисадвагийн биеийг бэлгэт гэрэл ороожээ. 
        Есөн тэнгэрийн хоосон огторгуйн цээлд 
        Ер бусын хувилгаан дагина илэрчээ. 
        Гадуур өмссөн шулуун хөх дээлэнд 
        Гарьд дүүлэн луу эвхрэн хэвтжээ. 
        Энгэрт зүүсэн эрдэнэ хасын гархинд 
        Эевэргүү салхин сэрчигнэн тунгалаг сарнаа хосложээ. 
        Бэлхүүсэнд бүсэлсэн хатгамал өөтөн бэлхэмжинд 
        Билигт үүлс алтан эмжээр ялгарчээ. 
        Даяанг хэсэгч элбэрэлт цагаан тоть юугаа
        Талд омог болгон дагуулжээ. 
        Гай гамшгийг арилгагч удын найлзуур юугаа 
        Галвыг тэтгэгч эрдэнийн хумхад хатгажээ. 
        Хатгамал товчинд хас гархи хэлхэж, 
        Өлзийт лянхуаг өлмий доороо гишгэжээ. 
        Гурван тэнгэрт дураар тойрон явагч,
        Ихэд нигүүлсэхүй эрхэт Хомсим Бодисадва. 


Тайзун хаан ихэд баясан улс гэрийн их хэргийг цөм умартжээ. Тэдгээр түшмэл сайд цөм бишрэн гайхалдаад төрийн ёсыг алджээ. Олон тойд цөм: “Намо Хомсим бодисадва” хэмээн мөргөв. Тайзун хаан, зарлиг буулган уран зурагчийг авчран Бодисадвагийн хувилгаан дүрийг хөрөглө хэмээсэнд нэгэн богд эрдэмт хувилгаан зурагч У Доу Зыг сонгон гаргав. Энэ хүн даруй хожмын өдөр Лин Ян Хэ асарт гавьяат зурагч хэмээн нэр ихэд алдаршжээ. Тэр даруй уран бийрийг нэгэнтээ сажилмагц хувилгаан дүрийг хөрөглөн авав. Бэлгэт үүлийг хөлөглөн аажмаар холдсоор удалгүй алтан гэрэл үзэгдэхгүй болж, огторгуйн гүнээс нэгэн хуудас эвхмэл цаас дэрвэлзэн бууж ирэв. Түүний дээр бичсэн нь: 


“Их Тан улсын хаанд хичээнгүйлэн айлтгах нь, баруун газарт гайхамшигт ном буй. Хол нь арван түм найман мянган газар буй, залахаар эчих хүн зам гудаст хичээсү, энэ ном дээд улсад ирвээс, сааргүй сүнсийг тонилгон чадмуй. Хэрвээ эчих хүн байх болбол, үнэн мөр мөнхийн шидийг олмуй” хэмээжээ.


Тайзун хаан бичгийг үзээд олон тойдын зүг ийн зарлиг болруун: “Энэ хурлыг түр зогстугай, би хүн зарж “Их хөлгөний ном”-ыг авчруулсан хойно их хурлыг дахин хуралдаж, чин үнэнчээр буяны үйлийг дахин дэлгэрүүлсүгэй” хэмээсэнд сайд түшмэд үл дагах нь үгүй. Тайзун хаан: “Хэн хүн миний зарлигийг хүлээн баруун газраас ном залахаар одмуй?” хэмээн хэлж барахын урьд хажуугаас нэгэн номын багш хаанд ёслон өгүүлрүүн: “Ядуу тойн хэдий эрдэмгүй боловч, эзний төрийг үүрд бататгахын тул нохой морины хүчийг өргөн, үнэн номыг авч ирсүгэй.” Тан хаан их л баясаж урагш давшин өөрийн гараар өргөн босгоод: “Номын багш үнэхээр энэ мэт шударга зоригийг барьж, аян замын алс холыг хайхралгүй одвоос би чам лугаа ах дүү болон барилдсугай” хэмээсэнд Шуан Зан хишигт мөргөв. Тан хаан үнэхээр нэгэн эрдэмт эзэн тул Шуан Зан лугаа бурхны өмнө дөрвөнтөө мөргөн амандаа “Дүү тойн минь” хэмээн дуудав. Шуан Зан мөн хишигт мөргөн өгүүлрүүн: “Ядуу тойн надад ямар эрдэм буй хэмээн аймшиггүй эзний их хишгийг хүлээмүй, би энэ удаа эчихэд амь биеэ хайрлалгүй, лавтайяа баруун газар хүрмүй. Хэрвээ үнэн номыг авчирч эс чадваас үхэвч бээр улс гэрт эгэхгүй, үүрд тамын ёроолд унах болтугай” хэмээн бурхны өмнө хүж асаан амалдав. Тан хаан маш баясан сайн өдрийг сонгож тэмдэг бичиг өгч үдсүгэй хэмээгээд ордондоо эгсэнд олон сайд мөн тархав.


Шуан Зан бас Хүн Фу Сэ хэмээх сүмд эгэв. Тэр сүмийн олон тойд шавь нар хэдийнээ ном залахаар одох чимээг сонссон тул цөм ирж асууруун: “Баруун газарт очмуй хэмээн амалдсан буюу?” Шуан Зан “Тийм болой” хэмээн өгүүлсэнд шавь нар нь өгүүлрүүн: “Багш минь, хүний хэлэлцэхийг сонсвоос баруун газар хэмээгч хол бөгөөд бартаа их, барс ирвэс олон хэмээмүй. Эчих зам байхаас бус ирэх зам үгүй тул амийг батлахуйяа бэрх буй за.” Шуан Зан өгүүлрүүн: “Би нэгэнт үнэн номыг олж эс ирвээс үүрд тамын ёроолд унатугай хэмээн амалджээ. Эзний хайр хишиг хүнд тул улс гэрт шударгыг гүйцэтгэвээс зохимуй, би энэ удаа эчихэд хэрэг хааш болох болзошгүй” хэмээгээд бас: “Шавь нар минь, би эчвээс хоёр гурван жил болох ч магадгүй. Тав зургаан жил болох ч магадгүй, энэ сүмийн үүдний доторх нарсны мөчир нь цөм зүүнш хэлбийсэн цагт би даруй ирмүй. Эс тийн бөгөөс лав ирэхгүй болой.” Олон шавь нар түүний үгийг сайтар цээжлэн авав.


Маргааш өглөө Тайзун хаан бичиг цэргийн сайд түшмэлийг цуглуулж ном залах тэмдэг бичиг бичүүлээд өдрийн сайныг үзүүлсэнд тэнгэрийг сүсэглэх яамны түшмэл: “Энэ өдөр болбоос өлзийт сайн өдөр тул хол замд одвоос болмуй” хэмээн айлтгав. Тайзун их л баясан атал хаалганы түшмэл орж ирээд: “Хааны дүү, номын багш хаалганы гадна зарлиг хүлээмүй” хэмээсэнд хаан түүнийг харшид оруулж ийн зарлиг болруун: “Дүү минь, энэ өдөр болбоос хол мордож болох өлзийт өдөр тул гадаадад нэвтрэх тэмдэг бичиг энд буй. Надад нэгэн шижир алтан бадар аяга буй, үүнийг чамд өгсү, чи аваачиж замдаа цав бадарлаж ид. Бас хоёр хүнийг чамд дагуулан илгээсүгэй, бас миний хүлэг цагаан морийг хөлөглөн од, өдгөө эндээс мордогтун” хэмээсэнд Шуан Зан ихэд баярлан хишигт мөргөн тэмдэг бичиг ба шагнасан юмыг хүлээн авч өчүүхэн ч татгалзалгүйгээр гарч явав. Тан хаан олон сайд лугаа хаалганы гадна гартал үдэв. Тэр үед Хүн Фу Сэ сүмийн олон тойд шавь нар хэдийнээ Шуан Зангийн өвөл, зуны дээл хувцсыг авчирч хаалганы гадна хүлээн зогсчээ. Тайзун хаан үүнийг үзээд зарлиг буулган ачаа хөсгийг нь тэгшлэн бэлтгэж барсны хойно нэрсэн архийг өөрийн гараар өргөн ийн асууруун: “Дүүгийн ариун цол юун?” Шуан Зан өгүүлрүүн: “Ядуу тойн гэрээс гарсан хүн тул аймшиггүй цол авсангүй.” Тайзун хаан зарлиг болруун: “Урд Бодисадвагийн айлдсан нь баруун газарт гурван сав аймаг ном буй хэмээсэн бөлгөө, дүү чи Номын Сан Тансаг хэмээх цол авбаас ямар?” Шуан Зан хишигт мөргөн эзний архийг тосож аваад: “Архи хэмээгч тойн хүний тэргүүн цээрлэл бөгөөд ядуу тойн төрснөөсөө архи ууж чадахгүй” хэмээсэнд, Тайзун хаан зарлиг болруун: “Энэ өдрийн одох нь бус хэрэг лүгээ адилтгаж болохгүй тул энэ ариун архийг нэгэн хундага ууваас миний энэ өдрийн үдсэн сэтгэл лүгээ нийцэх болой.” Тансаг аргагүй архийг тосон авч уусугай хэмээтэл Тайзун хаан бие мэхийн хуруугаар нэг чимх шороо авч архинд орхив. Тансаг түүний санааг ухахгүй ахуйд Тайзун хаан инээн өгүүлрүүн: “Дүү минь, өдгөө нэгэнтээ мордвоос баруун газар хүрээд хэзээ эгэхийг мэдэхгүй.” Тансаг өгүүлрүүн: “Гурван жилийн дотор буцаж ирэх буй за.” Тайзун хаан зарлиг болруун: “Он сар удаж, уул уснаас зайдахуйяа, дүү минь, нутгийн шороо нэгэн чимхэд хоргодохоос бус, өөр гүрний түмэн лан алтанд битгий дурла” хэмээсэнд Тансаг сая нэг чимх шорооны санааг ухаж, дахин хишигт мөргөн дуустал уугаад Тайзун хаанаас салж боомтыг гарч эчив. Тан хаан мөн ордонд эгэв. Энэ нэгэнтээ эчсэн нь чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 38 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 26 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 55 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 59 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 41 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 14 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 18 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 18 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 52 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 1 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 11 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 17 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 39 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 56 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 50 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 14 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 15 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 30 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК