зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


АЮУЛТ ЭЛҮҮ-ЭЭС СУГАР ГАРИГ ТАНСАГИЙГ ГАРГАВ
АЦ ДАВААНД БЭ ЧИН ТОЙНЫГ ЗАЛАВ


Эрдэмт их Тан хаан алтан зарлиг буулган элч тойн Тансагийг зарж даяаны ёсыг асуув. Хатуу сэтгэлийг сайтар барин луугийн элүүг эрэн хатуужин бясалгаж зориг шуудан Гагдарагүд уулнаа мацмуй. Ертөнцийг тойрон хэчнээн олон улс гүрнийг өнгөрөөгөөд үүлт уулс түмэн давхрыг ажиггүй давмуй. Өдгөө эзэнд ёслон салж өрнөш мордон одвоос эрхгүй шашинд шүтэн их хоосныг ухмуй.


Өгүүлэх нь, Тансаг Жэн Гуаны арван гуравдугаар оны есөн сарын арван хоёрны өдөр, Тан хаан хийгээд олон түшмэд лүгээ Чан Ан балгасны хаалганы гадна салж хэдэн өдөр сааталгүй явсаар Номын хаалга хэмээх сүмд хүрч ирэв. Тэр сүмийн тэргүүн тойн таван зуу илүү шавь нараа дагуулан угтан авч урин оруулаад манз өргөн цав барив. Удсангүй тэнгэр орой болов. Тэр үнэхээр:


        Түгсэн одон гялс гялс тэнгэрийн оёдол тодроод 
        Төгрөг саран тулс тулс арчсан толь мэт.
        Галуу шувуу гангар гунгар тэнгэрийн хаяанаа донгодон, 
        Гадна хөдөө хувцас угаах чулууны дуун дуурьсмуй. 
        Хоногийн шувуу хувхайрсан шугуйд буцаж үүрэнд ороод
        Хувраг тойн суудалд суун бурхны номыг айлдмуй. 
        Утлын дэвсгэр нэгэн ширээнд ядан зүдэн суугаад 
        Удалгүй үдшийн гүн шөнийн хагасыг өнгөрөөмүй.


Олон тойн зулын гэрлийн доор, бурхны номын гол учрыг өгүүлэлдэн, баруун газраа одож ном залахын шалтгааныг хэлэлцэхэд зарим нь уул өндөр, ус гүн хэмээлдмүй, зарим нь зам хол араатан хэцүү хэмээлдмүй. Зарим нь уул хад ургаа босоо явахад бэрх хэмээн өгүүлэлдмүй, зарим нь ад чөтгөр буг шулам олон, дарахуйяа хэцүү хэмээн өгүүлэлдмүй. Тансаг огт дуугарахгүй, амаа хамхиж, ганц хуруугаар зүрхээ зааж, тэргүүнээ хэдэнтээ гэхэв. Олон тойн түүний учрыг ухахгүй тул наманчлан асууруун: “Номын багш хуруугаар зүрхээ зааж тэргүүнээ гэхэхийн учир юун?” Тансаг өгүүлрүүн: “Сэтгэл төрвөөс мөн зүйл бүрийн шулам төрмүй, сэтгэл сөнөвөөс мөн зүйл бүрийн шулам сөнөмүй. Тойн би Хуан Шэн Сэ сүмд бурхны өмнө амласан тул үүнийг бөтөгхгүйгээр үл болмуй. Энэ удаа баруунш одвоос эрхгүй бурханд бараадан ном залан, номын хүрдийг дахин орчуулан, богд эзний төрийг өнө үүрд бататгахыг эрмүй.” Олон тойд түүний ийн өгүүлэхийг сонсоод бүгдээр цөм: “Шударга сэтгэл чигч зоригт их номын багш” хэмээн магтан гайхалдав.


Тэр шөнө хоноод маргааш эрт болсонд хулс шуугин сар шингэж тахиа дуугаран үүрийн гэгээ цуврав. Сүмийн тойд цав манз бэлтгэж барихад Тансаг хэдийнээ карша намжираа өмсөж, гол дуганд орон бурхны өмнө залбиран даатгаруун: “Шавь би баруун газарт ном залахаар одмуй. Ганц нүд балар оюун мунхаг тул бурхны ариун дүрийг эс танив. Өдгөө амалдах нь: Замд сүм учирваас зул хүж өргөсү, бурхан учирваас залбиран мөргөсү, суварга тохиолдвоос шүүрдэн арилгасу. Ганц гуйх нь бурхан нигүүлсэн өршөөж хос алд зургаан тохой алтан цогцоо түргэн илрүүлэн үнэн номоо хайрлан зүүн газарт дэлгэрүүлэх ажааму” хэмээн залбирч баруун гэрт эгэж цав зооглов, цав зооглож барсны хойно хоёр дагагсад морийг эмээллэн явсугай хэмээн шавдахад Тансаг хаалга гарч эчвээс олон тойд мөн салж түвдэхгүй, арван газар гартал мордуулж нулимсыг цувруулан эгэв. Тансаг тэндээс баруунш одоход чив хэмээн хараахан намрын улирал тул үзвээс:


Мод зулгарсан тарга тосгонд хулсан унгарил бутарч, мөчир улайсан хэдэн батцагаанаас унах навч хийснэм. Утаа униарт холын замд танилын хүн цөөн, шар удвал ялгуум, цэнхэрлэх нуруун урт, усны жихүүн лянхуа цэцгийг цэцрүүлэхүйеэ хүний сэтгэл бачимднам. Унаган түрүү усан шимэлдэгт цагаан хяруу цайлзруун, унах нарнаа өнчин галуу өндөр огторгуйд гангананам. Ирэг сийрэг гийвэн үүл хээрийн огторгуйд хөврүүн, хараацай шувуу буцаж хун галуу ирээд гангар гунгар донгодох дуун агаарын гүнээ тодорхой.


Багш шавь гурвуул хэдэн өдөр явсангүй Гүн Жоу хотноо хүрвээс хэдийнээ хотыг сахьсан албан түшмэл угтан авч нэгэн шөнийг өнгөрөөгөөд маргааш өглөө хотоос гарч урагш одов. Энэ мэтээр өлсөж ундаасахыг хайхралгүйгээр үдэш болбоос хоноглон, өглөө болбоос явсаар бас хэдэн өдөр болсонгүй хязгаар балгас Хэ Жоу Вэйд хүрч ирэв. Хязгаарын цэргийн ерөнхий жанжинг орон нутгийн хувраг бумба нар хааны дүү номын багш эзний зарлигаар баруун газар одож бурханд бараадмуй хэмээх чимээг сонсож үл бишрэх бээр үгүй. Ийнхүү дотогш залан оруулаад цав манз барьж тойны ёсоор Фу Юан Сэ сүмд хүргэж амруулав. Тэр сүмийн хувраг цөм мөргөн золгоод оройн цав барив. Тансаг хоёр дагагсдад морио сайтар идүүлэн тахианы дуугаар мордмуй хэмээн захив. Нэгэн шөнийг өнгөрч тэнгэр гэгээрэн тахиа дуугарсанд Тансаг дагагсдыг дуудан босгосонд, сүмийн хуврагууд мөн ч сэрээд цав манз барив. Тэд идэж ууж бармагц даруй мордож хязгаар орныг өнгөрөн гарав.


Тансаг зам хөөх сэтгэл бачим тул хэтэрхий эрт босчээ. Үзвээс энэ үед хараахан намрын сүүл тул тахиа дуугарах нь бас ч эрт, сая дөрвөн жин болжээ. Гурвуул морио хөтлөн шүүдрийг гишгэж сарны тунгалгийг шинжсээр сааргүй хэдэн арван газар явж нэгэн ууланд тулж ирэв. Тэр уул бартаа их тул өвсийг яран зам эрэн бас төөрөхөөс эмээмүй: Хараахан ийн татгалзан атал гэнэт хөл алдан хүн морь цөм элүүд унав: Тансаг дагагсад цөмөөр айн чичрэн байхад дотроос “Барьж ир! барьж ир!” хэмээх их дуун гарав. Үзэж байтал догшин салхи салхилан тавь жаран шулмас цугаар гүйлдэн гарч ирээд тэд гурвуулыг барьж одов. Тансаг дагжин чичирсээр ажиж харваас үзвээс хоймор суусан тэр шулмын вангийн дүр байдал асар сүртэй:


Баатар сүр биед илрэн, догшин байдал царайд тодров. Нүдний гэрэл цахилгаан цахилах мэт, нижигнэх дуун аянга түрхрэх адил, ган хөрөөн шүд нь гадагшаа ярзайн, Гахайн дөрвөн соёо нь жавьжаа тэлжээ. Хатгамал гэмэрлэгийн дээлийг биед нөмөрч хас эрдэнийн бүсийг дундуураа бүсэлжээ, зэс гуулин сахал нь зүг бүхэнд сарвайж, жалар муурын хумс нь дэгээ гаран матирчээ. Зүүн далайн Хуан гүнг айлгагч өмнө уулын цагаан манлайт ван.


Тансаг түүнийг үзээд сүнс сарнин сүг завхаж хоёр дагагсдын яс нь шижигнэн бие нь зөөлрөн шөрмөс нь унтарчээ. Тэр шулам эднийг хүлэгтүн хэмээн зандмагц олон бага шулам хамтаар давшин гурвуулыг атиртал хүлээд сая идсүгэй хэмээтэл, гаднаас бага шулам орж ирэн мэдүүлрүүн: “Уулын өтөг, үхэр хүчтэн хоёр хүрч ирэв” хэмээсэнд Тансаг сонсож тэргүүн өргөн үзвээс нэгэн хар эр өмнө явмуй, түүний төрсөн байдал нь:


Эрэлхэг баатар цөс зориг ихтэй, эрэмгий цагираг хүдэги бүдүүн биетэй. Усыг гатлахуйяа онц сүрхий эрдэмтэй, ойд гүйхүйеэ оо их чадалтай. Урьдын зүүдэнд орсон хүн бололтой, одоо илрэхүйеэ баатар сүр бахралтай, навчит модонд авирахуйяа эрдэм нь гайхалтай, намар хаврыг ялгахуйяа мэргэн нь сонирхолтой. Авьяас билиг адбиш цэцэн тул уулан эзэн хэмээн өргөмжлөн дууджээ. Бас үзвээс түүний ард нэгэн тарган эр дагажээ. Тэр хүний төрсөн байдал нь:


Эрэвгэр сэрэвгэр хос өнцөгт малгайтай, эгц дөрвөлжин өргөн хоёр мөртэй. Хөх дээл өмсөж зан нь тогтуун хөдөлж алхахад хүдэги бөгөөд удаан, энхрийлсэн эцгийн нэр нь Бух, эвийлсэн эхийн нэр нь Үнээ. Онцгойлон газар хагалбарлах чадалтай тул уламжлагдсан нэр Үхэр хүчтэн хэмээжээ.


Тэр хоёул гэхэлзэн алхсаар дотогш орж ирэхэд шулмын ван их л мэндүүрэн угтан гарав. Уулын өтөг өгүүлрүүн: “Барс жанжин эгнэгт хийморьтой тул баяр хүргэхээр ирэв.” Үхэр хүчтэн өгүүлрүүн: “Барс жанжны баатар хүчин үнэхээр бахралтай.” Шулмын ван асууруун: “Эрхэм хоёр авгайн орчмын байдал ямар буй?” Уулын өтөг өчрүүн: “Энэ хэдэн өдөр мах олж идсэнгүй.” Үхэр хүчтэн өчрүүн: “Мөн ч улирлыг дагаж идмүй за” хэмээж гурвуул зэргээр сууж зоогдов.


Ганц Тансагийг дагасан хоёр хүн хүлэгдээд өвдөх нь тэсэхүйеэ бэрх тул их л эмгэнэн гаслахад тэр хар эр асууруун: “Энэ гурван хүн хаанаас ирэв?” Шулмын ван өгүүлрүүн: “Өөрийн биеэ үүдэнд хүргэн иржээ.” Үхрийн хүчтэн инээн асууруун: “Үүгээр зочин дайлах буюу?” Шулмын ван өгүүлрүүн: “Дуртайяа дайлмуй!”Уулын өтөг өгүүлрүүн: “Гурвуулыг цөм идэж болохгүй, хоёрыг нь идэж нэгийг нь үлдээвээс зохимуй.” Шулмын ван мөн болой хэмээгээд дэргэдэх хүүхдийг дуудан тэр хоёр дагасан хүний гэдсийг хагалж элэг зүрхийг уудлан дөрвөн мөчийг туячив. Толгой элэг зүрхийг хоёр зочинд өргөж, дөрвөн мөчийг нь өөрөө идээд үлдсэн яс махыг нь олон хүүхдэд хувь түгээв. Нэгэн зэрэг залгилах дуун гармагц догшин барс хурга барих мэт агшин зуур идэж дуусгажээ. Тансаг үүнийг үзээд амь гарч алдав. Энэ нь мөн ч Чан Анаас гараад анх удаа тохиолдсон зовлон болой.


Хараахан ийнхүү айн атал, удалгүй зүүн этгээдээс үүр цайжээ. Тэр хоёр шулам цөм: “Энэ өдөр их л зочлогдов. Хожим хариулсугай” хэмээн гарч эчив. Удсангүй улаан наран дээр дэгдэв, Тансаг хараахан мэхээрэн баларч дөрвөн зүгийг мөн танихгүй байтал гэнэт нэгэн өвгөн таяг барин орж ирээд гараар  нэгэнтээ заасанд хүлсэн дээс нь цөм тасрав. Бас нүүр өөд нэгэнтээ үлээсэнд Тансаг сая сэргээд хөсөр сөгдөж мөргөн өчрүүн: “Ядуу тойн миний амийг аварсанд хүндэд талархму!” Тэр өвгөн хариу ёслон өгүүлрүүн: “Чи бостугай, чиний юм хаана баймуй?” Тансаг өчрүүн: “Ядуу тойныг дагаж ирсэн хүн цөм шуламд идэгдэв. Ачаатай морь өдгөө хаана байхыг мэдэхгүй.” Тэр өвгөн таягаар зааж өгүүлрүүн: “Чиний ачаатай морь тэр бус буюу!” Тансаг хойш харж үзвээс үнэхээр түүний морь мөн бөгөөд юм хум нэг ч гээсэнгүй тул дотор баахан амраад өвгөнөөс асууруун: “Энэ ямар нэрт газар буй? Чи ямар учраар энд хүрч ирэв?” Өвгөн өгүүлрүүн: ”Энэ газар хэмээгч Ац даваа хэмээмүй, цөмөөр барс чонын хурсан газар болой, чи хэрхэн энд баригдав?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би тэнгэр гэгээрэхийн өмнө хязгаар орон Хэ Жоу Вэйгээс салж эртлэн явсаар санамсаргүй энэ газарт эндэн баригдав. Энд төрсөн байдал асар муухай нэгэн шулмын ван баймуй. Тэр шулам бид гурвуулыг барьж авчрав. Бас Уулын өтөг, Үхэр хүчтэн хэмээгч хоёр шулам орж ирээд тэр шулмын ванг барс жанжин хэмээн дуудмуй. Тэр гурвуул миний дагасан хоёр хүнийг барьж идээд тэнгэр гэгээрэхийн хэрээр сая тархав. Санамсаргүй миний урьдын хувь ерөөлөөр өвгөн та ирж намайг аварчээ.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Тэр тарган нь зэрлэг үхрийн шулам буюу, тэр хар эр нь өтгийн шулам буюу, тэр барсын жанжин хэмээгч нь барсын шулам буюу, тэдний доорх бага хүүхэд нь цөм уулан шугуйн буг чөтгөр бөгөөд хөдөөний араатан хөх чоно буюу, ганц чиний язгуур сайн тул чамайг идэж чадсангүй. Чи намайг дагаж ир би чамайг замд оруулсугай.” Тансаг тэсгэлгүй баярлан ачаатай морио хөтлөн өвгөнийг дагаж гуунаас гарч замын хажуу дахь бутнаас морио уяж эргэн харж өвгөнд мөргөсүгэй гэтэл, тэр өвгөн хэдийнээ салхи болон хувилаад ал сүүлэнд мордож огторгуйн өөд эчив. Үзтэл нэгэн хуудас цаас салхинаа хийсэгдэн агаараас бууж ирэв, дээр нь нэгэн бадаг шүлэг бичжээ: Тэр шүлгийн үг нь: 


        “Агаар тэнгэрийн сугар гариг хэмээгч би мөн,
        Аюул зовлонгоос амийг чинь аврахаар ирлээ.
        Аян замын гудаст хувилгаан сахиусан туслав.
        Алжаал зүдрэлээс халширч сүсэг алдаж үл болмуй”.


Тансаг үзээд тэнгэрийн зүг залбиран: “Сугар гариг намайг энэ зовлонгоос аварсанд гүн талархмуй” хэмээн мөргөж бараад морио хөтлөн ганцаар их л өнчрөн одов. Давааны дээр гарч үзвээс: Үнэхээр:


Жихүүн салхин сэр сэр бороот шугуйд үлээгээд, жирвэгнэх усан гор гор зэгст горхиноо урсмуй. Ургамал цэцэг ханхас ханхас хамарт сайхан үнэртээд, ургаа хад босоо босоо эрвийн сэрвийн ургажээ. Буга согоо элдэв дуугаар байн байн урамдаад, бор гөрөөс сүрэг сүргээр хааяагүй давхилдмуй. Жигүүртэн шувуу жиргэн нисэн үймээн дэвжээн их, жилэм ялам нам гүм хүн амьтан алга. Хувраг тойн чичрэн дагжиж сэтгэл амар үгүй, хүлэг морь муудаж зогсоод хөлөө даахгүй.
Тансаг амийг цөлөн тэр өндөр давааны өөд мацалхийлэн хагас өдөр явсан боловч нэг ч айл амьтан тохиолдсонгүй. Нэгд гэдэс өлсөн хоёрт зам мөн тэгшгүй тул дотор нь ихэд цухалдан байхад өмнө нь хоёр догшин барс хүрхрэн хойно нь хэд хэдэн урт могой цагираглан хэвтээд зүүнд хорт хорхой, баруунд жигтэй араатан архирмуй. Тансаг хөөрхий ганцаар тул арга буюу сэтгэлийг сул болгон өөрийн хувь заяанд шүтэв. Бас морь нэгэнт муудаж хөл нугаран хэвтээд цохивч босохгүй, хөтлөвч хөдлөхгүй болжээ. Тансаг зовохын туйлд хүрч их л гуниран гаславч ямар арга баймуй, ганц үхэхийг хүлээв. Дахин өгүүлэх нь түүний үхэхийн зовлонд бас туслах ерөөлтөн буй тул гэнэт тэдгээр хорт могой хөнөөлт араатан цөм үгүй болов. Тансаг тэргүүн өргөн үзвээс гарт ган сэрээ атган, ард саадаг нум агссан нэгэн хүн хөтөл даван гарч ирмүй. Үзвээс үнэхээр нэгэн сайн эр ажгуу.


Эрээн цоохор ирвэсийн малгайг тэргүүнд дарж, этгээд сайхан өрмөг дээлийг биед өмсчээ. Арслан барсын өргөн бүсийг дундуур бүсэлж, уудам агуу арьсан гутлыг хөлд өшиглөжээ. Төгрөглөсөн нүд нь гархи мэт гэрэл гялбасан түүшний сахал зэс адил гадагш сэрвийжээ. Хорт сумыг ташаанд зүүн хурц сэрээг гарт барьжээ. Бархирах дуун аянга мэтэд барс ирвэс айлдан, баатар эрийн эрэлхэг сүрдд хээрийн шувуу завхжээ.


Түүнийг ойртон ирэхийг үзээд Тансаг замын хажууд сөгдөн алгаа хамтатган наманчлан: “Их ван амийг авар, их ван амийг авар!” хэмээн өндөр дуугаар хашхирсанд тэр их эр түүний дэргэд хүрч ирээд сэрээгээ тавьж, гараар түшин босгоод: “Тойн чи битгий айгтун: “Би муу хүн бус, уулын гөрөөчин, овог Льюй, нэр Бэ Чин, цол нь уулыг дарагч Дайвуу хэмээмүй. Би сая ирж нэг хэдэн гөрөөс алж идсүгэй хэмээсэн бөлгөө. Санамсаргүй харин чамд учрав.” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би их Тан улсын хааны зарсан элч, баруун газарт одож бурханд мөргөн ном залагч тойн болой. Сая энд хүрч ирвээс олон араатан миний эчих замыг хааж явж чадахгүй болов. Дайвуугийн хүрч ирсэнд тэдгээр араатан цөм дутаан завхсан тул тойн миний амийг аварчээ. Үүнд их л талархмуй!” Бэ Чин өгүүлрүүн: “Би энэ ууланд сууж ан гөрөө хийж аж төрөх тул бүгд араатан цөм надаас аймуй. Чи хэрвээ Тан улсын хүн болбоос, энэ газар мөн ч Тан улсын хязгаар орон тул чи бид хоёул цөмөөр нэгэн улсын нутаг дээр амьдарч нэгэн эзний хишгийг хүртсэн нэгэн гэрийн хүн бөлгөө. Тиймийн тул чи айсны хэрэггүй, намайг дагаж миний гэрт хүрч нэгэн шөнө морь унаагаа амруулан маргааш өглөө би чамайг замд оруулсугай” хэмээсэнд Тансаг үгийг сонсож их л баясан морио хөтлөн Бэ Чинг дагаж эчив.

 

Уулын хөтлийг сая давтал салхи шуугих дуун сонстоход Бэ Чин өгүүлрүүн:  “Тойн та энд сууж байгтун, салхи шуугих нь лав уулын барс ирэх болой. Би түүнийг алж чамайг дайлсугай.” Тансаг үүнийг сонсож биеийн сүнс биед үгүй болжээ. Тэр Дайвуу гарт ган сэрээ барьж алд алдаар алхан эчив. Нэгэн алаг эрээн барс Бэ Чингийн өөдөөс гарч ирээд түүнийг үзмэгц яаран дутаатал Дайвуу аянга мэт дуугаар: “Адгуус чи хааш одмуй!” хэмээн хашхиран нэхэн ирэхэд тэр барс гэдрэг эргэж ноцон ирэв. Тэр Дайвуу гурван араат сэрээгээ эргүүлэн тосон авсанд Тансаг ихэд айн саван унав. Тэр эхийн хэвлийгээс гарснаас нааш ийм аюултай хэргийг юуны олж үзсэн аж? Дайвуу тэр барс лугаа уулын хөтөл доор нэгэн зэрэг их л тэмцэлдэв.


Уур хилэн бадран, Дайвуу сэрээ эргүүлэн гарын эрдмийг гайхуулмуй. Угалзан салхи дэгдээн, алаг барс сүр бадруулан тоос хийсгэмүй. Энэ нэг нь ам ангайн залгихыг бодмуй. Тэр нэг нь сэрээ өргөн жадлахыг санамуй. Гурван араат сэрээ нь  тэнгэрт тулан наранд гялсмуй. Гурвалжин хөдлөх сүүл нь мананд матрин, үүлэнд шарвамуй. Энэ нэгэн нь өвчүүг эрэн сэрээдэхүйеэ тэр нэгэн нь тэргүүнийг тэмцэн залгихыг санамуй. Зайлсан нь хүний ертөнцөд дахин төрөл олж, жадлагдсан нь лавтайяа эрлэг хаанд уулзмуй. Алаг барс архирахуйяа уул нуран ус цалгин жигүүртэн үргэмүй! Анчин Дайвуу зандрахуйяа тэнгэрийн ордон нээгдэж олон одон орчмуй. Энэ нэгний хилэнгийн нүднээс гал бадрахуйяа, тэр нэгний өвчүү цээжнээс хорслын дөл дувалалзмуй. Уулан дарлага Льюй  Дайвуу хэцүү гэвэл, араатны ван алаг барс гайхалтай. Хүн барс хоёул хүчлэн тэмцэлдэхүйеэ, хөл алдсан нэгний гурван сүнс сарнимуй за.


Тэд хоёул цаг гаруй тэмцэлдээд барсын хүч нь буурсанд Дайвуу хэдийнээ сэрээ далайн цээжийг заан сэрээдэн унагав. Хөөрхий тэр барс Дайвуугийн сэрээнд оногдож элэг зүрхнээс гоожсон цус нь сэрээдэн унав. Хөөрхий тэр барс Дайвуу ширээнд оногдож элэг зүрхнээс гоожсон цус нь газрыг улайдав. Түүний чихнээс чирч замын хажууд авчрахад сайн эр Дайвуугийн зүрх түгшин царай хувилсангүйгээр Тансагийн зүг ийн өгүүлрүүн: “Сайн болов, энэ барсын мах нь тойн танд нэгэн өдрийн хоол болбоос болмуй.” Тансаг их л гайхан өгүүлрүүн: “Дайвуу чи үнэхээр уулын савдаг болой” хэмээсэнд Дайвуу: “Надад ямар чадал буй хэмээн ийнхүү магтагдмуй! Энэ мөн тойн таны их буянд шүтжээ. Эртхэн эгэж арьсыг нь өвчиж махыг нь чанаж чамд цав барьсугай” хэмээн нэгэн гарт сэрээгээ атган, нэгэн гараар барсыг чирч өмнө нь зам удирдан эчив. Тансаг морио хөтлөн хойноос даган шууд уулан хөтлийг тойрч гармагц нэгэн айл харагдмуй. Үүднээ хүрвээс үнэхээр:


Тэнгэр тулам хөгшин мод, зам дүүрэн зэрлэг ороонго. Түмэн гуунд салхи тоос жихүүн, мянган эрэгт уур амьсгал жигтэй. Нэгэн жигдрээ хээрийн цэцэг анхилмал үнэр ханхалж, хэдэн бут сийрэг хулсан нов ногоорон ганхмуй. Өвсөн үүд, гөрмөл хашаа зураг мэт гоёхон, чулуун гүүр цухуйн хэрэм жаргал цэнгэл үлэмж. Намрын байдал элий хулий, уур амьсгал сэрүүн. Замын хажууд шар навчис унаж, давааны дээр цагаан үүлс хөвмүй. Сийрэг шугуйн дотор жигүүртэн шувуу дэмий жиргэж, тосгоны гадна тайга нохой хааяа хааяа хуцмуй.


Бэ Чин үүдэнд хүрээд барсаа хаяж “Хүүхэд хаана баймуй?” хэмээн дуудтал гэр дотроос гурав дөрвөн муухай дүртэй хүүхэд гарч ирээд тэр үхсэн барсыг дамнаж оров. Бэ Чин тэдгээр хүүхдэд зочин дайлмуй хурдан базаагтун хэмээн захиж хойш эргэн Тансагийг дотогш залан оруулав. Тансаг бас Бэ Чиний амийг аварсан зузаан ачид талархан ёсолтол Бэ Чин өгүүлрүүн: “Нэгэн нутгийн хүн юунд ийнхүү хариу талархмуй” хэмээн цай ууж суутал нэгэн эмгэн залуу эхнэрийг дагуулан орж ирээд Тансагт ёслон золгосонд Бэ Чин өгүүлрүүн: ”Энэ нь миний эх, энэ нь миний гэргий болой” хэмээсэнд Тансаг: “Хөгшин ээж дээр суу, ядуу тойн мөргөсү” хэмээв. Тэр эмгэн өгүүлрүүн: “Их тойн холын зочин тул, ямар аймшиггүй зүдээмүй” Бэ Чин өгүүлрүүн: “Эх минь, тэр бөгөөс Тан хааны зарлигаар баруун газарт хүрч бурханд мөргөн ном залахаар одогч тойн болой. Хөвгүүн би түүн лүгээ давааны дээр учирч нэгэн улсын хүн хэмээн бодож гэрт залан авчрав. Маргааш өглөө хүргэн замд оруулмуй,” Тэр эмгэн үүнийг сонсоод их л баярлан өгүүлрүүн: “Сайн, сайн! сайн! Чи түүнийг залсан нь мөн ч сайн болов. Маргааш чиний эцэг нас нөгчсөн нэгэн жилийн ой тул энэ тойноор нэгэн сайн ерөөл уншуулан нөгөөдөр хүргэвээс барав” хэмээсэнд энэ Бэ Чин хэдийгээр уулыг дарагч Дайвуу, барс алсан баатар эр боловч, харин ч баахан элбэрэл ачлалын сэтгэл буй тул эхийн үгийг дагаж цаас хүж бэлтгэж Тансагийг нэгэн өдөр үлдээж ерөөл хийхээр болов.


Хараахан хэлэлцэн атал, санамсаргүй тэнгэр орой болж хүүхэд ирж ширээ засан хэд хэдэн тэвш барсын халуун махыг авчирч тавив. Бэ Чин, Тансагийг зооглотугай хэмээхэд Тансаг алгаа хамтатган наманчилж өгүүлрүүн: “Ядуу тойн би Дайвууд нуулгүй хэлсүгэй, би эхийн хэвлийгээс гармагц даруй тойн болсон тул мах идэхийг цээрлэв.” Бэ Чин үүнийг сонсоод баахан бодолхийлэн өгүүлрүүн: “Миний гэр угаас бацаг барихыг мэдэхгүй тул хэдий хулсан соёо, модны далдуу, хатаасан ногоо, буурцагны хөөрмөг зэрэг юм байвч цөм араатны тосоор хуурсан тул ариун нь үгүй. Миний тогоо шанага цөм мах тосонд бялдагджээ, одоо хэрхвээс сайн? Тойн таныг залсан нь цөм миний буруу болов.” Тансаг өгүүлрүүн: “Дайвуу чи олон юм бодсоны хэрэггүй, өөрөө идвээс барав, ядуу тойн би тав гурван өдөр юм эс идэвч гайгүй, ганц сахилыг алдаж үл болмуй.” Бэ Чин өгүүлрүүн: “Хэрвээ өлбөрч үхвээс яах буй?” Тансаг өгүүлрүүн: “Дайвуугийн ачаар барс чононы аюулаас гарав, өдгөө өлбөрч үхэвч мөн барсын хоол болохоос дээр буй за.” Эмгэн үүнийг сонсоод хөвгүүнээ дуудан өгүүлрүүн: “Чи тэр тойн лугаа маргах хэрэггүй надад ариун идээн буй тул зочилбоос барав.” Бэ Чин асууруун: “Ариун идээ хаана буй?” Эх нь өгүүлрүүн: “Чи асууж юу хийнэм?” хэмээгээд бэрээ дуудан бяцхан тогоог авчруулж бялдсан тосыг шатааж, хэд хэдэн удаа сайтар арчаад тулга дээр тавьж дундуур тогоо халуун ус хийв. Бас хайлсан модны навчийг нэг атга хийж цай буцалгаад шар нариман будаа чанаж хатаамал ногоогоор хоёр аяга зууш гаргаж ширээн дээр тавьж Тансагийн зүг өгүүлрүүн: “Энэ болбоос би бэр лүгээ базаасан туйлын ариун цэвэр цав болох тул тойн зооглох ажааму.” Тансаг бууж ирээд хариу талархаж ширээний дэргэд суув. Бэ Чин бас өөр нэгэн ширээ засаж дээр нь барс хүдэр, араат дагтар, үнэг туулай, буга согоо зэргийн араатны махыг тэвш дүүрэн тавьж сая идсүгэй хэмээтэл, Тансаг алгаа хамтатган ном уншихыгүзээд савхаа тавьж, яаран босоод түүний дэргэд эчиж зогсов. Тансаг номоо уншиж бараад цав зооглоход Бэ Чин асууруун: “Чи болбоос маань уншдаг тойн буюу?” Тансаг өгүүлрүүн: “Энэ болбоос ном бус аяган идэм болой.” Бэ Чин өгүүлрүүн: “Таны гэрээс гарсан тойдод яршиг юутай олон, будаа идэхэд бас ном уншмуй” хэмээв.
Идэж бараад аяга савхаа хураасны хойно орой болов. Бэ Чин Тансагийг удирдан гол өрхнөөс гарч хойд хүрээлэнд аваачив. Нарийхан замыг огтлон гарваас нэгэн өвсөн танхим буй, үүдийг түлхэн дотор орвоос дөрвөн туурганы дээр хэдэн хөвчит нум өлгөж, саадаг дүүрэн зэв хатгажээ. Бас цус нөж наалдсан хоёр барсын арьсыг гол нурууны дээр өлгөжээ. Маш олон жад илд сэрээ шийдмийг хэрэм түшүүлэн тавьж, төв дундад хоёр сандал тавьжээ. Бэ Чин Тансагийг сандалд суусугай хэмээн залсанд Тансаг энэ мэт бузар булай зэвүүн байдлыг үзээд аймшиггүй удаан сууж болохгүй тул өвсөн танхимаас гарч эчив. Дахин хойш эчвээс нэгэн их хүрээлэн буй бөгөөд шар удвал бутлан ургаж батцагааны улаан навч хязгааргүй харагдмуй. Гэнэт нэгэн бүлэг тарган буга, нэг сүрэг шар араат хүнээс огт үргэхээргүй гүйлдэн гарч ирэв. Тансаг асууруун: “Эдгээр буга араатыг бодвоос Дайвуу тэжээсэн буй за?” Бэ Чин өгүүлрүүн: “Таны тэр Чан Ан балгасны баян хүн алт мөнгө хураан, тариатай хүмүүс будаа хуримтлуулахтай адилаар манай мэтийн гөрөөчин мөн ч араатан гөрөөсийг тэжээж аж төрмүй за.” хэмээн хэлэлцэн алхсаар санамсаргүй бүрий болсон тул өмнө гэрт ирж нойрсов. 


Маргааш өглөө гэрийн хүмүүс бүгдээр босч ариун цав барьж тойныг залж ном уншуулахад Тансаг гараа угаагаад Дайвуу лугаа бурхан гэрт орон хүж зулыг шатааж мөргөөд ганди догшин, урьдаар амыг цавдах тарни уншиж бас бие сэтгэлийг ариутгах тарнийг уншсан хойно сая Тарба Чимбу уншив. Уншиж барсны хойно Бэ Чин бас үхэгсдийг даатгах бичгийг бичүүлж дохин Доржзодов, Хомсим Бодисадвагийн судрыг нэг нэгээр уншуулав. Үд болсон тул ном чиглэж цав зооглоод, бас Бадамгарав, Авид бурхны судрыг тус тус хэдэн боть уншуулаад бас маяар уншуулж, аяг тахимлаг нүглээ арилгасан үлгэр-ийг хэлж бартал тэнгэр нэгэнтээ орой болов. Тансаг хүж зул  асаан олон сахиусанд тарнийн хуудас зэргийг үхэгсдийг батлах бичгийн хамт шатаан, бурхны үйлийг үйлдэн төгсгөж хойш эгэж амрав.


Өгүүлэх нь, тэр Бэ Чингийн эцгийн сүнс нь тамын орноос гарч өөрийн гэрт ирээд хөгшин залуу бүгдэд зүүд өгөн өгүүлрүүн: “Би эрлэгийн оронд зовлонгоос тонилон чадахгүй өдөр маш удав. Өдгөө богд  тойн ном уншсаны ачаар миний хилэнц арилж, эрлэг хаан хүн зарж намайг буянт орон дундад улсад аваачиж нэгэн баян гэрт орж төрүүлэхээр илгээв. Та нар тэр тойныг хүндэтгэн мордуул! Хөнгөвчилж үл болмуй. Хөнгөвчилж үл болмуй, өдгөө би одмуй” хэмээв. Түмэн ном төв чанга ач тус илт, төрөл үл олсныг тамын зовлонгоос гаргаж чадмуй хэмээгч үүнийг хэмээмүй за. Тэр нэгэн гэрийн хүмүүс зүүднээс сэрж үзвээс нар өндөр манджээ. Бэ Чингийн гэргий нь өгүүлрүүн: ”Дайвуу, Би энэ шөнө нэгэн зүүдийг зүүдлэв. Хадам эцэг ирж “Би эрлэгийн оронд зовлонгоос тонилон чадахгүй өдөр маш удав, богд тойн ном уншсаны ачаар миний хилэнц арилж эрлэг хаан элч зарж, намайг буянт орон дундад улсад аваачиж нэгэн баян гэрт орж төрүүлэхээр илгээв. Та нар тэр тойныг хүндэтгэн мордуул! Хөнгөвчилж үл болмуй, өдгөө би одмуй” хэмээн захиад гарч явав. Би түүнийг хэдий дуудсан боловч эргэсэнгүй, сэрвээс нэгэн зүүд ажгуу.” Бэ Чин: “Би бас ийм зүүд зүүдлэв, бид одож эхэд хэлсүгэй” хэмээн хоёул сая гарч очтол эх нь дуудан өгүүлрүүн: “Үр минь, хурдан ир, би чамд хэлж өгсүгэй.” Тэр хоёул эхийн дэргэд хүрвээс эх нь орон дээрээ сууж өгүүлрүүн: “Үр минь энэ шөнө би нэгэн баярын зүүд зүүдлэв. Зүүдэнд чиний эцэг ирээд өгүүлэх нь, та нар тойн залж ном уншуулсны сайнаар миний хилэнц арилаад буянт орон Дундад улсад одож нэгэн баян гэрт орж төрмүй” хэмээв. Тэр эр эм хоёул тачигнатал инээж өгүүлрүүн: “Бид хоёр бас энэ мэтээр зүүдлээд эхэд мэдүүлсүгэй хэмээтэл эх бас ийн зүүдэлсэн ажгуу” хэмээж гэрийн олныг дуудан босгож цав цай бэлтгэн түүний морийг эмээллээд, бүгдээр Тансагт мөргөн өгүүлрүүн: “Тойны номын хүчээр миний эцгийн сүнс тонилов. Энэ ачийг хариулахуйяа бэрх.” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн надад ямар эрдэм буй хэмээн ийнхүү хүндлэгдмүй?”


Бэ Чин, эх гэргий гурвуул зүүдний учрыг нэгэн зэрэг хэлсэнд Тансаг мөн ихэд баярлав. Эртийн цав барьж, бас нэг лан мөнгө барьсанд Тансаг огт хүлээхээргүй ийн өгүүлрүүн: “Чи өршөөн нигүүлсэж намайг даваа гартал хүргэвээс мөн ч хайрласан нь багагүй болой.” Бэ Чины эх гэргий яаран хуурай хүнс базаан Бэ Чинг хол үд хэмээсэнд Тансаг их баярлав. Дайвуу эхийн захиаг дагаж хоёр гурван хүүхдийг дуудан хүн бүр ан гөрөөний зэвсэг барин Тансагийг хүргэн их замд оров. Тэр уул давааны өнгө үзэмжийн сайхан нь өгүүлээд барахгүй.


Хагас өдөр явсангүй, нэгэн их уул харагдаж өндөр нь үүлэнд шургаж хад чулуу эрвийн сэрвийн халил бартаа гарахад бэрх. Тансаг уулын хормойд хүрч ирвээс тэр Дайвуугийн авирах нь тэгш газар явахад адил. Хараахан уулыг давж дунд чинээнд хүрсэнд Бэ Чин хойш эргэн өгүүлрүүн: “Тойн ганцаар одтугай, би өдгөө эгмүй.” Тансаг түүнийг сонсож мориноос бууж: “Дайвуу, биеийг зүдээж бас баахан хүргэвээс ямар?” Бэ Чин өгүүлрүүн: “Тойн чи мэдэхгүй болой, энэ уул хэмээгч улсын хязгаар тул зүүн тал нь манай Тан улсын болой, баруун тал нь Татар улсын харьяат газар болой. Тэндэх барс чоно надаас айхгүй бөгөөд би бас ч хил давж болохгүй тул тойн чи ганцаар одтугай.” Тансаг сэтгэл зовон Дайвуугийн гараас барьж нулимс унаган салж түвдэхгүй байтал, гэнэт уулан доороос аянга мэт их дуун гарч: “Миний багш ирэв, миний багш ирэв!” хэмээмүй. Тансаг Бэ Чин хоёул ихэд цочин гайхав. Чухам ямар хүн дуудахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 44 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 32 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 1 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 5 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 47 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 20 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 24 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 24 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 58 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 7 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 17 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 2 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 56 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 20 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 21 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 36 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК