зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


СЭТГЭЛИЙН БИЧИН ТӨВ ЁСЫГ ДАГАВ
САМУУН ХУЛГАЙ СУРАГГҮЙ ТОНИЛОВ

 

Бурхан хэмээгч сэтгэл, сэтгэл хэмээгч бурхан язгуураас цөм чухал бодос бөлгөө. Хэрвээ бодосгүй мөртөө сэтгэлгүйг мэдвээс энэ даруй үнэн сүсэгт хувилгаан бие мөн. Хувилгаан биед дүрсгүй, түмэн үзэгдлийг багтаасан дүүрэн гэрэл бөлгөө. Махбодгүй махбод нь сая үнэн махбод, дүрсгүй дүрс нь сая үнэн дүрс мөн. Өнгөгүй хоосонгүй болбоос хоосон бус, ирэхгүй одохгүй болбоос эгэж эчихээргүй үгүй. Өөр бус адил бус болбоос байхгүй, өгөхөөр үгүй авахаар үгүй болбоос үзэж сонсохуйяа бэрх. Дотоод гадаадын хувилгаан гэрэл газар бүхнээ адил, нэгэн бурхант улс нэгэн элсэнд амуй. Нэгэн мөхлөг элсэнд их мянган ертөнцийг багтааж, нэгэн сэтгэл нэгэн биед түмэн шидийг ахуулжээ. Түүнийг мэдсүгэй хэмээвээс сэтгэлгүй тарнид хичээж, наалдуулалгүй бузардуулалгүй, ариун үйлсэд шамд. Буян нүгэл мянган зүйлийг ялгаваас бодитойёо, Шигэмуни бурхны бие мөн.


Өгүүлэх нь: Льюй  Бэ Чин, Тансаг цөм цочин гайхалдаж байтал бас “Багш ирэгтүн!” хэмээн дуудах дуу нь сонстмуй. Дагасан хүүхэд өгүүлрүүн: “Энэ дуудагч нь лав тэр уулны доор дарагдагч хөгшин бичин буй за.” Дайвуу өгүүлрүүн: “Мөн болой! мөн болой!” Тансаг асууруун: “Ямар хөгшин бичин буй!” Дайвуу өгүүлрүүн: “Энэ уулын хуучин нэр нь Таван махбодын уул хэмээмүй. Хойно Тан улсын хаан барууныг төвшитгөн улсыг тогтоогоод хязгаар уул хэмээн нэрийг халжээ. Урьд өвгөдийн хэлэлцэхийг сонсвоос: “Ван Мэн, Хан улсын төрийг булаах үес, эцэг тэнгэр энэ уулыг буулгаж, доор нь нэгэн хувилгаан бичийг даржээ, тэр бичин халуун хүйтнээс айхгүй, идээн ундаан хэрэглэхээр үгүй уул усны навдаг савдаг түүнийг сахиж, өлсвөөс төмөр үрэл идүүлэн, ундаасваас гуулин ус уулгаж, эртнээс өдгөө болтол өлсөн дааравч үхэхээр үгүй” хэмээмүй. Энэ дуудагч нь лав тэр бичин буй за. Тойн битгий ай бид бууж үзсүгэй” хэмээсэнд Тансаг арга буюу морио хөтлөн Дайвууг дагаж уулнаас бууж үзвээс хадны доор нэгэн бичин толгойгоо бултайлган гараар даллан өгүүлрүүн: “Багш чи яагаад сая хүрч ирэв? Ирсэн чинь сайн болов! Ирсэн чинь сайн болов! Чи намайг гарга, би чамайг хамгаалж баруунш одсугай!” хэмээсэнд Тансаг урагш давшин нарийвчлан үзвээс, түүний байдал нь: 


Шовгор хоншоор шувтгар эрүү, алтан цэцгий ал нүдтэй. Тэргүүн дээр хигтэр хөвд овоорон, чихний дотор ороонго зэл ургажээ. Зажинд хөх өвс бүрхэж үс нь үзэгдэхгүй, эрүүний доор ногоон хиаг дүүрч сахал нь харагдахгүй. Нүүр хөмсөг тоосонд дарагдаж үзэхийн дүргүй, хуруу хумс урт ургаж хир буртаг үлэмж. Алтан цөцгийт нүдэн нь ашгүй баяртай гэрэлтэж аялгуулан өгүүлэх дуу нь асар зөөлөн эевэргүү. Үг дуу нь хурц тод боловч хөдөлж барих нь өөрийн эрхгүй. Таван зуун оны өмнөх Их богд тамын зовлон арилж энэ өдөр гармуй за.


Льюй  Дайвуу, зүрх нь их тул урагш давшин түүний эрүү зажны өвс хиагийг үгтээн хаяж: “Чамд ямар хэлэх үг буй?” хэмээн асуусанд тэр Бичин өгүүлрүүн: “Тэр багшийг нааш ирүүл, би түүнээс асуух учир буй.” Тансаг өгүүлрүүн: “Чи надаас юу асуумуй?” Тэр Бичин өгүүлрүүн: “Чи нь зүүн их Тан хааны зарлигаар баруунш одох ном залагч буюу?” Тансаг өгүүлрүүн: “Би мөн болой, чи үүнийг асууж яамуй?” Тэр Бичин өгүүлрүүн: “Би болбоос таван зуун жилийн өмнө тэнгэрийн ордныг их л түйвээсэн тэнгэр лүгээ чацуу Их богд болой. Ганц дээд оронд ял хийсэн тул бурхан багш намайг энэ уулын доор дарав. Урьд Хомсим бодисадва бурхан багшийн зарлигаар ном залах хүнийг эрэхээр зүүнш одоход, би түүнээс амь аврах бээр хэмээн гуйв. Тэр намайг дахиж нүгэл хилэнц битгий үйлд, бурхны номд орж үнэнхүү сэтгэлээр ном залах хүнийг хамгаалж баруунш одож бурханд мөргөн номыг залж ирвээс сааргүй сайн газар буй хэмээн сургасан бөлгөө. Тиймийн тул өглөө үдэшгүй сэтгэлийг чилээж санааг зүдээж гагцхүү багш ирж намайг авран гаргахыг хүлээв. Би дуртайяа чамд шавь болон дагаж баруунш ном залахаар одсу.” Тансаг түүний үгийг сонсоод тэсгэлгүй баясан өгүүлрүүн: “Хэдий чамд сайхан санаа буй бөгөөд бас Хомсим бодисадвагийн сургаалыг хүртэн шашны үүдэнд орсугай хэмээвч надад мөн сүх цавчуургүй тул би чамайг хэрхэн гаргаж чадмуй?” Тэр Бичин өгүүлрүүн: “Сүх цавчуур мөн хэрэггүй, чи үнэн сэтгэлээр намайг аварсугай хэмээвээс би өөрөө гарч чадмуй.” Тансаг өгүүлрүүн: “Би чамайг аварсугай хэмээмүй, чи хэрхэн гарч дийлмүй?” Тэр Бичин өгүүлрүүн: “Энэ уулын орой дээр Шигэмуни бурхны наасан алтан үсэгт маань баймуй, чи уулан дээр гарч тэр маанийг шаалж авбаас би даруй өөрөө гарах болой.” Тансаг түүний үгийг дагаж Льюй  Дайвууд гуйн өгүүлрүүн:  “Дайвуу над лугаа ууланд дахин нэгэн удаа гарму.” Бэ Чин өгүүлрүүн: “Ганц түүний үг үнэн эсэхийг үл мэдмүй!” Тэр Бичин өндөр дуугаар өгүүлрүүн: “Үнэн! үнэн! Ямар аймшиггүй худал хэлмүй!” Бэ Чин аргагүй дагасан хүүхдийг дуудан Тансагийн морийг хөтлүүлэн, өөрийн бие Тансагийг түшиж дахин уулны дээр гарахаар болов. Ороонго зэлийг шүүрэн мацсаар гол оргилд гарч үзвээс алтан гэрэл түмэн зурвас цацран, бэлгэт уур туналзан, нэгэн хэсэг дөрвөлжин чулууны дээр “Ум ма ни бад мэ хум” хэмээх зургаан алтан үсэг наажээ. Тансаг дэргэд нь хүрч чулууны өмнө сөгдөн хэдэнтээ мөргөөд, бас баруунш хандан даатган өгүүлрүүн: “Шавь Тансаг би эзний зарлигийг хүлээж ном залахаар одмуй, үнэнээр надад шавь болох хувь ерөөл буй болбоос алтан үсэг аяндаа ховхрон хувилгаан Бичинийг авран гаргаж хамтаар Гандарагүд ууланд эчүүлэх болтугай. Хэрвээ надад шавь болох хувь ерөөлгүй бөгөөтөл намайг хууран өлзий бус хэрэгт удирдах хэрцгий догшин амьтан болбоос үл шаарах болтугай.” хэмээгээд урагш давшин тэр маанийн зургаан үсгийг хуруугаар шаалсанд цөм унаж ирэв. Ариун салхин нэгэн зэрэг сэрчигнэж тэр маанийн зургаан үсгийг огторгуйд хийсгэн аваачаад нэгэн хүн их дуугаар өгүүлрүүн: “Би болбоос их богдыг сахисан эрхтэн бөлгөө, өдгөө түүний үйл зовлон төгссөн тул энэ маанийн зургаан үсгийг Шигэмуни бурханд тушаахаар одмуй.” Тансаг Бэ Чин нар цөм ихэд цочин гэлмэгдэж дээш харж нэгэн зэрэг мөргөөд уулнаас бууж шууд Бичиний дэргэд хүрч ирээд: “Маанийн зургаан үсгийг авч хаяв, чи гарч ир!” хэмээсэнд тэр Бичин дэвхцэн баярлаж: “Багш цочих болжээ, хол байгтун, би өдгөө гармуй” хэмээв.


Бэ Чин үүнийг сонсоод Тансагийг авч зүүнш тав зургааны барааны газар эчиж зогссонд тэр бичин: “Бас яв, бас яв!” хэмээн хашхирмуй. Тансаг нар бас нэлээд хэдэн газар явж уулын доор буутал гэнэт нүсэр их дуун гарч үнэхээр уул нуран газар дэлбэрэх мэт болсонд олон хүн цөм хирдхийжээ. Үзтэл тэр бичин хэдийнээ Тансагийн морины өмнө ирээд чарман нүцгэнээр сөгдөж: “Багш минь, би гарч ирэв!” хэмээгээд дөрвөнтөө мөргөн босч зогсоод Бэ Чинд гүн ёслон: “Ах та миний багшийг хүргэн ирсэн бөгөөд бас миний нүүрний өвсийг үгтээж өгсөн ачид ихэд талархмуй” хэмээгээд даруй ор дэвсгэрийг багцалж морины эмээлийг засав. Тэр морь Бичинийг үзээд дөрвөн мөч нэгэнтээ чичирхийлэн илжиг мэт номхон болов. Бичин угтаа тэнгэрийн агтан даамал байсан тул ертөнцийн эгэл морьд түүнийг үзвээс үл эмээх бээр үгүй.


Тансаг түүнийг үзвээс үнэхээр нэгэн хувраг хүний сайн санаа буй тул дуудан өгүүлрүүн: “Шавь чиний овог юун?” Тэр Бичин өчрүүн: “Миний овог Сүн.” Тансаг өгүүлрүүн: “Чамайг дуудахад дөхмийг бодож би чамд нэгэн номын нэр өгсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Багшийн санааг хөсөрдүүлэв, шавь надад угаас Сүн Ү Күн хэмээх нэгэн номын нэр буй.” Тансаг баясан өгүүлрүүн: “Энэ мөн ч манай тойны ёсонд нийцжээ, чиний энэ байдал дүрс нь яг нэгэн бяцхан бандид адил тул би чамд Шин Жэ хэмээх нэр өгсүгэй болмуй юу?” Бичин: “Болмуй! болмуй!” хэмээгээд үүнээс хойш Сүн Шин Жэ хэмээн нэрийдэв. 


Бэ Чин, Бичиний явах санаа шуудсаныг үзээд Тансагт гүн ёслон өгүүлрүүн: “Тойн чи завшаанаар нэгэн шавь олсон нь их баяр болой. Энэ хүн чамайг дагаж одвоос болох тул өдгөө би эргэсүгэй.” Тансаг хариу талархан бие мэхийн: “Чамайг хол явуулж зовоов, зүдээснийг марталгүй санасугай. Хойш эчсэний хойно настай ээжид ихэд зовоов хэмээн хэлэгтүн” хэмээсэнд Бэ Чин хариу ёслон тэндээс салан эчив.


Тэндээс Бичин Тансагийг моринд мордуулан боодол юмыг ард үүрэн чарман нүцгэнээр зам удирдан гэлбэлзэн алхсаар төдөлгүй хязгаар уулыг өнгөртөл нэгэн догшин барс сүүлээ шарван хүрхрэн хүрч ирэхэд Тансаг морины дээр тогтож ядан их л цочив. Тэр Бичин их л баясан өгүүлрүүн: “Багш түүнээс битгий айгтун, тэр надад хувцас хүргэж ирсэн болой” хэмээгээд боодлоо газарт тавьж чихнээсээ нэгэн зүү гарган салхинд хэдэнтээ сажихуйд аяган чинээ бүдүүн төмөр шийдэм болов, тэр төмөр шийдмээ барьж инээн өгүүлрүүн: “Энэ эрдэнийг хэрэглэсэнгүй нэгэнтээ таван зуун жил болов. Энэ өдөр үүгээр нэгэн дээл олж өмссүгэй” хэмээгээд угтан авч: “Муу мал хааш одмуй?” хэмээн зандан ороход тэр барс газар наалдан хэвтээд хөдлөхгүй болов. Бичин түүний толгой руу шийдэмдсэнд тархи цус зэргээр үсрэн араа шүд хэмхрэн үхэв. Тансаг үүнийг үзээд ихэд гэлмэгдэж мориноос үсрэн буугаад хуруугаар зааж өгүүлрүүн: “Тэнгэр ээ, тэнгэр ээ! Урьд Льюй  Дайвуу тэр эрээн барсыг алахад бас хагас өдөр ноцолдсон бөлгөө. Энэ өдөр Бичин харин тэмцэлдсэнгүйгээр нэгэн шийдэмд занчин алсан нь: “Идтэний дээр бас идтэн буй” хэмээгч үнэн ажгуу.”


Бичин тэр үхсэн барсыг чирэн ирээд: “Багш, түр хүлээж байгтун, би үүний дээлийг тайлан авч өмсөөд одсугай.” Тансаг өгүүлрүүн: “Үүнд ямар дээл байх буй?” Бичин өгүүлрүүн: “Багш чи битгий хайхрагтун, би өөрөө мэдсүгэй” хэмээгээд бие дээрх нэгэн үсийг зулгааж хувилгаан уураар үлээж “Хувил” хэмээн нэгэнтээ зандарсанд нэгэн хутга хувилав. Бичин нь тэр барсын өвчүүнээс эхлэн бүхлээр өвчин буулгаж, толгой шийрийг огтлон хаясанд харин ч нэг хэсэг дөрвөлжин арьс болжээ. Бичин тэр арьсыг биед хэмжиж нэгэн зэрэг үзээд: “Баахан өргөн болжээ, хоёр зах гарч болмуй.” хэмээгээд хутгаар хоёр анги болгон огтолж, нэгэн хэсгийг хадгалж, нөгөө хэсгийг нь доод биеэ халхалж бэлхүүсээр ороогоод, замын хажуугаас нэгэн иш зэрлэг ороонгыг үгтээн авч даруулан бүсэлж: “Багш, өдгөө одсу! өдгөө одсу! Айлд хүрсэн хойно зүү утас олж дахин оёход мөн оройтохгүй” хэмээгээд болд бэрээгээ авч мөн зүү мэт болгож чихэн дотроо хийж, юмаа үүрэн багшийг моринд мордуулав.


Хоёул урагш одохын зуур Тансаг морины дээрээс асууруун: “Бичин ээ, чиний тэр барсыг занчин алсан тэр шийдэм юунд үгүй болов?” Бичин инээн өгүүлрүүн: “Багш мэдэхгүй. Миний энэ шийдэм уг нь зүүн их далайн лусын ордноос олсон бөлгөө, нэр нь “Тэнгэрийн оёдлын ёроолыг тогтоон хадсан хувилгаан төмөр” хэмээж бас “Алтан толтот чандмань болд бэрээ” хэмээмүй. Эрт өдөр тэнгэрийн ордныг ихэд түйвээх үес, үүнийг хэрэглэсэн бөлгөө. Сэтгэлчлэн улиран их бага болон хувилах хувилгаан шид үүнд буй тул өдгөө зүүний чинээ болгож чихний дотор хадгалж тавив. Хэрэглэх цагт гаргаваас болмуй.” Тансаг сонсож дотроо маш баясан ийн асууруун: “Тэр барс чамайг үзмэгц хөдөлж чадахгүй болж чиний занчихыг хүлээх нь юун?” Бичин өгүүлрүүн: “Багшид нуулгүй хэлсүгэй, барс байтугай луу ч болов, намайг үзвээс аймшиггүй аашилж үл чадмуй. Шавь надад луу барсыг номхотгон далай мөрөнг урвуулах эрдэм хувилгаан буй бөгөөд өнгийг үзвээс зүсийг таних, дууг сонсвоос ёсыг ухах, их болбоос дэлхий дахиныг дүүргэх, бага болбоос шар үсэнд нуугдаж, хувилан улирах нь цаглашгүй, илэрхий далд нь мэдэгдэшгүй тул энэ барсыг алж арьсыг нь шаалахад бас ямар гайхал буй. Гаслан зовлон тохиолдсон цагт миний эрдэм чадлыг мэдвээс болмуй.” Тансаг энэ үгийг сонсож сэтгэл амар болж морь ташуурдан урагш давхин одов. Багш шавь хоёул зам гудас хэлэлцэн явсаар санамсаргүй үдшийн наран баруунд жаргав. Энэ үнэхээр:


Жаргасан нарны улаан туяа баруунд тунаран, тэнгэрийн хаяа далайн хязгаарт үүл бүрхжээ. Түмэн уулын болжмор шувууны жиргэх дуун олшрон, түргэн эргэн бушуу буцан шугуйн гүнд шургажээ. Араатан гөрөөсөн бүлэг бүлгээр сүрэглэн, ууланд эргэж хоногийн газрыг эрмүй. Алман саран алтан дэлхийгээс дэгдэн хар бүрүйг эвдээд, агаарт түмэн одон түгэж гэрэл нь анивалзмуй.


Бичин өгүүлрүүн: “Тэнгэр орой болов, багш баахан түргэн явагтун, тэртээ этгээдэд ой шугуй зузаалаг, бодохуйяа лав айл өрх байх буй за, бид хоёул эртхэн хүрч хоносу.” Тансаг морио ташуурдан явсаар шууд тэр айлыг чиглэн хүрч мориноос буув. Бичин үүрсэн юмаа газарт тавьж урагш давшин өндөр дуугаар: “Үүдээ нээгтүн, үүдээ нээгтүн!” хэмээн дуудсанд дотроос нэгэн өвгөн таяг тулан гарч ирээд Бичиний зүс царай муухай, нэгэн хэсэг барсын арьсыг бэлхүүсээр ороосныг үзэж их л айдас төрөн “Чөтгөр ирэв! чөтгөр ирэв!” хэмээн нэгэнтээ бархиран үүдээ хааж орох гэтэл Тансаг түүний араас татаж өгүүлрүүн: “Өвгөн өглөгийн эзэн түүнээс битгий айгтун, тэр чөтгөр бус, ядуу тойн миний шавь болой.” Тэр өвгөн тэргүүн өргөн Тансагийг үзвээс нүүр царай ариун хээнцэр тул сая дутаахыг зогсож асууруун: “Чи нь аль сүмийн тойн, юунд энэ мэт аймшигтай амьтныг дагуулж миний үүдэнд ирмүй.” Тансаг өгүүлрүүн: “Би болбоос баруун газраас ном залахаар одох Тан улсын тойн болой, энд хүрч ирээд тэнгэр орой болсон тул эрхэмийн ордонд нэгэн шөнийг өнгөрөөн маргааш эрт одсугай хэмээн ирсэн бөлгөө.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Чи хэдийгээр Тан улсын хүн боловч тэр аймшигтай амьтан харин ч Тан улсын хүн бус буй за.” Бичин үүнийг сонсоод өндөр дуугаар зандран өгүүлрүүн: “Өвгөн чи үнэхээр нүдгүй сохор ажгуу, миний багш болбоос Тан улсын хүн, би болбоос түүний шавь. Би Тан улсын хүн ч бус, Мэн улсын хүн ч бус, тэнгэр лүгээ чацуу их богд хэмээгч даруй би болой. Танай эндэхийн хүмүүс намайг танимуй, би бас чамайг үзсэн бөлгөө.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Чи намайг хаана үзсэн буй?” Бичин өгүүлрүүн: “Чи багадаа түлээ малтаж, миний нүүр дээрээс ногоо түүж өнгөрсөн биш үү?” Тэр өвгөн өгүүлрүүн: “Энэ дамшиг харин ч дэмий донгодмуй! Чи аль газрын хүн? Би аль газрын хүн хэмээн чиний тэндээс түлээ малтаж ногоо түүмүй?” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн чи харин ч дэмий донгодмуй! Чи намайг танихгүй болжээ, би нь энэ хязгаар уулын чулуун доор дарагдаж асан их богд бус уу? Чи сайтар лавлаж үз: “ Тэр өвгөн сая сэгэсхийж өгүүлрүүн: “Чи үнэхээр түүн лүгээ төстэй, чи яахан гарч ирэв?” Бичин, Хомсим бодисадвагийн сургаалыг дагаж Тансагийг хүлээсэн ба Тансаг ирж маанийн зургаан үсгийг шаалан авч бие мултарсан учрыг нэгэн зэрэг нарийвчлан хэлсэнд тэр өвгөн сая сөгдөн мөргөж Тансагийг дотогш залж гэрийн хүмүүсээ дуудан золгуулан, урьдын учрыг нэгэн зэрэг хэлсэнд гэр хотлоор цөм маш баясалцав. Цай авчирсны дараа тэр өвгөн, Бичинээс асууруун: “Их богдын насан сүүдэр хэдий болов?” Бичин хариу асууруун: “Чи энэ жил хэдий настай болчив?” Өвгөн өчрүүн: “Би дэмий балай явсаар зуун гучин нас хүрчээ.” Бичин өгүүлрүүн: “Хойд үе! хойд үе! Би төрсөн он жилээ мөн цээжилсэнгүй, ганц энэ уулын доор дарагдаад таван зуу илүү жил болжээ.” Өвгөн өгүүлрүүн: “Тийн буй, тийн буй, миний өвөг элэнцийн хэлсэн нь энэ уул бөгөөс тэнгэрээс бууж, нэгэн хувилгаан Бичинийг энд даржээ хэмээсэн бөлгөө. Өдгөө сая олж гарсан ажгуу. Би багын цагт чамайг үзэхэд толгой дээрээ өвстэй, нүүр дээрээ шавартай байсан тул ер айдаггүй бөлгөө. Өдгөө өвс шавар цөм үгүй болсон бөгөөд бас бэлхүүсээр нэгэн хэсэг барсын арьсыг бүсэлсэн нь яг эцэнхий чөтгөр мэт болжээ.” Үүнийг сонсоод гэрийн их бага бүгдээр ихэд инээлдэв.


Тэр өвгөн учир мэдэх хүн тул цав бэлтгэн идүүлэв. Цавын дараа Бичин: ”Чиний овог юун?” хэмээн асуусанд тэр өвгөн өчрүүн: “Мөхөс миний овог Чэн.” Тансаг үүнийг сонсоод яаран бууж гар тавин өгүүлрүүн: “Өвгөн өглөгийн эзэн, ядуу тойн над лугаа нэгэн овогтой болой.” Бичин өгүүлрүүн: “Багш Тан овогтой байгаад яахан түүн лүгээ нэгэн овогтой хэмээмүй!” Тансаг өгүүлрүүн: “Миний язгуурын овог болбоос Чэн, Тан улсын Хай Жоу газрын Хүн Нүн Жьюний Жьюй Сян Жуан тосгоны хүн бөлгөө. Миний номын нэр болбоос Чэн Шуван Зан хэмээмүй. Тан улсын Тайзун хаан намайг хайрлаж дүүгээ болгоод Тансаг хэмээх цол хайрлав.” Тэр өвгөн овог нэгтэй хэмээхийг сонсож нэнт баясав. Бичин өгүүлрүүн: “Чэн өвгөнийг зовоосу, би биеэ угааж цэвэрлэсэнгүй нэгэнт таван зуун жил болжээ. Чи одож ус халуулж өгөгтүн, багш бид хоёул биеэ угааж одохын үес нийлүүлэн талархсугай.” Тэр өвгөн халуун ус авчруулан саванд хийж зул асаав. Багш шавь хоёул биеэ угааж бараад Бичин өгүүлрүүн: “Чэн өвгөн чамайг бас нэг зовоосу зүү утас өгмү.” Тэр өвгөн: “Баймуй, баймуй.” хэмээгээд эмгэнээ дуудаж зүү утас авчран Бичинд өгөв. Тансаг биеэ угааж бараад дотор өмсдөг цагаан эрэнгээ өмссөнгүйг Бичин хэдийнээ үзэж чирэн авчирч биед нөмрөөд, өөрийн барсын арьсан дээлээ тайлж хоёр захыг нь нийлүүлэн оёод хуниас гарган бэлхүүсээр ороож зэрлэг ороонгоор уяж багшийн өмнө ирж ийн асууруун: “Өвгөн Сүн миний энэ заслын дээл өчигдрийг бодвол ямар болов?” Тансаг өгүүлрүүн: “Сайхан болов, сайхан болов, энэ харин ч  нэгэн тойн хүний байдалтай болов” хэмээгээд бас “Чи хуучин хэмээн голохгүй болбоос миний тэр цагаан эрэнг би чамд өгсүгэй” хэмээсэнд Бичин бие мэхийн: “Багшийн хайрласан хишиг болой” хэмээн гарч очин өвс бордоо авчирч морио тэжээгээд багш шавь хоёул өөр өөрийн оронд орж нойрсов.


Маргааш өглөө Бичин хэдийнээ босч багшаа сэрээж явсугай хэмээсэнд Тансаг дээл хувцсаа өмсөж, Бичин юм хумаа багцлав. Яг гарч одсугай гэтэл тэр өвгөн хэдийн нүүрний ус авчирч цав бэлтгэсэн тул идэж бараад Тансаг моринд мордож Бичин зам удирдан эчив. Энэ мэтээр эртэлж оройлон өлсөж ундаасахыг хайхрахгүйгээр явсаар санамсаргүй өвлийн тэргүүн сар болов. Гагц үзвээс:


Ой шугуйд хяруу буухуйяа улаан навч эцэнгэр, урт даваанд хэдэн нарс улирлыг сөрөн цэлгэрмүй. Тэргүүлэгч цэцэг цоморлигоо хумхин сайхан үнэр анхилан, тэсгэлгүй өвөл болж хаврын байдал сэрэгдмүй. Удвал зулгаран лянхуа хувхайрахуйяа буурцаг цай сахлаг, өрөөл гүүрнээ хөгшин модны салаа мөчир харшилдмуй, урсгал горхи гор гор булгийн ус шуугин огторгуйн гүнд үүл бүрхэн цасан навчис лавсмуй. Умрын салхин улмаар ширүүсэн урт ханцуйг үлээхүйеэ, оройн жихүүн үдшийн хүйтэнд хүн хэрхэн даснам.


Багш шавь хоёул хараахан явж байтал замын хажуугаас гэнэт исгэрэх дуун гарч, гарт цөм урт жад, охор сэлэм, хурц илд, хатуу нум барьсан зургаан хүн гарч ирээд өндөр дуугаар зандан өгүүлрүүн: “Тойн чи хааш одмуй! Ачаатай морио түргэн үлдээвээс амийг чинь хэлтрүүлсүгэй!” Тансаг үүнийг сонсоод ихэд айн мориноос тонгорцоглон унаж дуугарч чадахгүй болсонд Бичин түшин босгоод өгүүлрүүн: “Багш айсны хэрэггүй, сэтгэлээ сул тавь, эдгээр хүмүүс цөм бидэнд дээл хүнс хүргэж ирсэн ард болой.” Тансаг өгүүлрүүн: “Чиний чих дүлий буюу? Тэд биднийг морь юмаа үлдээ хэмээн хашхирч атал чи харин ч тэднийг дээл хүнс хүргэн иржээ хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш чи морь юмаа харж бай, би одож тэдэн лүгээ тэмцэлдсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Тэд зургуул бөгөөд цөм их эр, чи ганцаар бөгөөд бас бие чинь бага тул хэрхэн тэмцвээс болмуй.” Бичин угаас цөс зоригтой хүн тул багшийн үгийг авсангүй урагш давшин зургаан хүний зүг ёслон өгүүлрүүн: “Та нарт ямар учир байж ядуу тойн бидний явах замыг хоргоомой?” Тэдгээр хүн өчрүүн: “Бид цөм зам дотогш Их ван, сайхан сэтгэлт уулын эзэд болой. Их нэр удтал алдаршсан атал өдгөө бас мэдэхгүй болбоос эртхэн мориноосоо бууж юмаа үлдээвээс чиний амийг хэлтрүүлсүгэй хэрвээ “Болохгүй” хэмээх үг шүдэн завсраар гаргаваас махан талх болгомуй.” Бичин өгүүлрүүн: “Би мөн угаас алдаршсан Их ван, удаан оны уулын эзэн бөлгөө, та нарт ямар их алдар ахууг би яагаад мэдэхгүй буй.” Тэдгээр хүмүүс өгүүлрүүн: “Чи мэдэхгүй болбоос бид чамд хэлж өгсүгэй, бидний алдар болбоос нэг нь Үзэн баясагч хэмээмүй, нэг нь Сонсон хилэгнэгч хэмээмүй, нэг нь Үнсэн бахдагч хэмээмүй, нэг нь Амтлан сэтгэгч хэмээмүй, нэг нь Сарнаа тачаагч хэмээмүй, нэг нь Язгуураас гуниагч хэмээмүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Үзвээс өчүүхэн зургаан хулгай ажгуу! Энэ тойн өвөг чинь та нарын ноён атал, ямар аймшиггүй миний замыг хоргоомуй. Та бусдыг дээрэмдэн олсон юмаа тавьж бид бүгдээр тэгш хуваалцваас, таны амийг хэлтрүүлсүгэй” хэмээсэнд тэдгээр хулгай сонсож, баясагч нь баясаж, хилэгнэгч нь хилэгнэж, сэтгэгч нь сэтгэж, бахдагч нь бахдаж, тачаагч нь тачааж, гуниагч нь гуниаж хамтаар давшин өгүүлрүүн: “Энэ тойн үнэхээр ёсгүй, чамд хувьгүй атал юунд бидэн лүгээ тэгш хуваалцмуй?” хэмээлцэн жад өргөн сэлэм бүжиглэн бүслэн ирцгээж тачигнатал дал наян удаа занчсанд Бичин тэдний дунд зогсож ажиг ч үгүй ажээ. Тэдгээр хулгай өгүүлрүүн: “Сайн тойн байнам, хатуу толгойтой тойн байнам!” Бичин инээн өгүүлрүүн: ”Хааш нүүв? Занчсаар та нарын гар чилсэн буй за, өдгөө би нэгэн зүү гаргаж та нарт бүжиглэн өгсүгэй.” Хулгай өгүүлрүүн: “Энэ тойн харин ч нэгэн төөнө тавих эмч буй за, бид өвчингүй атал бас юунд төөнө тавих үгийг хэлмүй!” Бичин чихнээсээ нэг зүү гаргаж салхинд нэгэнтээ сажмагц аяган чинээ бүдүүн төмөр шийдэм болж, гарт атган өгүүлрүүн: “Битгий дутаа, миний шийдмийн амтыг үз!” хэмээтэл тэр зургаан хулгай дутаан эчив. Бичин нэхэн хүрч бүхнийг цөм занчин алаад, тэдний дээл хувцас хүнс мөнгийг нь авч инээсээр ирээд ийн өгүүлрүүн: “Багш, өдгөө одсу, дээрэм цөм надад алагдав.” Тансаг өгүүлрүүн: “Чи огоот хэрэг үүсгэмүй! Тэд хэдийгээр зам тосогч хулгай мөн бөгөөд албан яаманд баригдавч арай үхэх яланд хүрэхгүй буй за. Чамд эрдэм буй болбоос тэднийг хөөн явуулбаас барав, юунд бүхнийг цөм алмуй? Энэ мэт учиргүй хүнийг албаас яахан тойн болж болмуй. Тойн хүн “Хазаар шүүрдэхэд шоргоолж оногдуузай хэмээн хичээж, дэнгийн эрвээхий шатуузай хэмээн зулыг бөтөгмүй” хэмээх атал, чи юунд сайн мууг ялгахгүй бүхнийг занчин алмуй? Өчүүхэн ч нигүүлсэнгүй сэтгэлгүй. Завшаанаар хээр хөдөө таарч бусдад үл мэдэгдэв, хэрвээ хот зээлд орж танихгүй хүн чамд халдваас чи мөн тэр шийдмээ гарган няцалбаас би яахан ариунаар гарч чадмуй?” Бичин өгүүлрүүн: “Багш минь, би тэднийг эс алсан аваас, тэд даруй чамайг алмуй.” Тансаг өгүүлрүүн: “Би хэмээгч гэрээс гарсан тойн, үхэвч бээр хүнийг үл хорломуй. Би алагдавч мөн нэг хүний амь буй за, чи зургаан хүнийг алсан тул хэрвээ яаманд мэдэгдвээс чиний эцэг тэнд түшмэл байсан ч чи яахан ёс олох буй?” Бичин өгүүлрүүн: “Багшид нуулгүй хэлсүгэй, өвгөн Сүн би таван зуун оны урьд Цэцэг жимст уулыг эзлэн шулам болон суухын цагт хэдий чинээ олон хүнийг алав. Чиний ийн өгүүлэхээр би харин ч тэнгэр лүгээ чацуу богд болж үл чадах болой.” Тансаг өгүүлрүүн: “Тэр үес чамайг хураан засах хүнгүй тул, хүний ертөнцөд хөндлөнгөөр явж тэнгэрийг мэхлэн дээдийг хуурснаар таван зуун оны зовлон чамд болжээ. Өдгөө нэгэнт шашны үүднээ орсон тул хэрвээ бас урьдын адил балмадаар амьтныг хөнөөхөд хүрвээс баруун газар эчиж чадахгүй бөгөөд бас тойн болж эс чадах болой! Юутай нүгэл! Юутай хилэнц!” хэмээв.


Үзвээс энэ Бичин хэмээгч нэг насанд энэ мэт бусдад зэмлэгдэж үзээгүй тул Тансагийн ийнхүү додомдоход тэсгэлгүй тачаадан өгүүлрүүн: “Тийн болбол чи намайг тойн болж болохгүй, баруун газарт хүрч чадахгүй хэмээн дэмий л додомдсоны хэрэггүй, би хойш хариваас барав” хэмээгээд Тансагийн хариу хэлэхийг хүлээлгүйгээр нэгэнт ундуу хөдөлж: “Өвгөн Сүн би одмуй!” хэмээн тонгорцоглосонд Тансаг тэргүүн өргөн үзвээс хэдийнээ үзэгдэхгүй болов. Ганц пүрхийх тоосон дэгдмэгц зүүнд завхжээ. Тансаг нь гав ганцаар үлдэж тэргүүн даран шүүрсийг алдан гашуудан өгүүлрүүн: “Энэ дамшиг! Үнэхээр сургаалыг авахгүй аж! Би түүнийг хэдэн үгээр сургасанд тэр харин бараа туруугүй завхжээ, байтугай! байтугай! Энэ мөн ч миний заяанд шавь элсэх хувьгүй буй за! Өдгөө түүнийг хаанаас эрмүй. Явтугай! явтугай!” хэмээв. Энэ үнэхээр биеийг цөлөн амийг тавин баруун газарт одоход, бусдыг түшилгүй өөрөө од хэмээгч үүнийг өгүүлжээ.


Тэндээс өгүүлэх нь, Тансаг арга буюу юмаа моринд ачиж унахааргүй дулдуйгаа тулан ганцаар гансран баруунш одов. Дэмий явсангүй уулан замаар нэгэн эмгэн гарт бүс дээл барьж дээр нь нэгэн цацагт малгай тавин ирмүй. Тансаг түүний ойртон ирэхүйг үзээд морио хөтлөн хажуу тийш зайлан зам тавьж өгөв. Тэр эмгэн асууруун: “Чи хаанаас ирсэн тойн буй? Юунд ганцаар явмуй?” Тансаг өгүүлрүүн: “Тойн би зүүн газрын их Тан улсын Тайзун хааны зарлигаар баруун орны бурханд бараадан ном залах элч болой.” Тэр эмгэн өгүүлрүүн: “Баруун газар бурхны орон хэмээгч бодийн орны Аянгын дуут сүмийг хэлэх буй за. Эндээс арван түм найман мянган газар буй. Чи хань ч үгүй шавь ч үгүй ганц бие нэгэн мориор яахан хүрч чадмуй?” Тансаг өгүүлрүүн: “Тойн би тэр өдөр нэг шавь олсон бөлгөө. Түүний зан ааш хэтэрхий догшин тул хэдэн үгээр сургасныг сонссонгүй оджээ.” Тэр эмгэн өгүүлрүүн: “Надад нэгэн бүс намжир ба алт шигтгээртэй цацагт малгай буй бөгөөд цөмөөр миний хөвгүүний эдэлж байсан юм болой. Тэр заяа муу тул гуравхан өдөр тойн болж наснаас нөгчив. Би сүмд хүрч түүний багш лугаа уулзаж нэгэн зэрэг уйлаад энэ дээл малгайг аваачиж гэрээс болгосу хэмээсэн бөлгөө. Тойн чамд шавь буй бөгөөс энэ дээл малгайг чамд хүргэн өгсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Эмгэн эхийн хүнд хишигт талархмуй, ганц миний шавь нэгэнтээ одсон тул аймшиггүй хүлээн авч үл болмуй.” Тэр эмгэн өгүүлрүүн: “Тэр хааш одсон буй?” Тансаг өчрүүн: “Пурхийн дуугармагц зүүнш оджээ.” Эмгэн өгүүлрүүн: “Миний гэр эндээс зүүнш холгүй амуй. Тэр лав миний гэрт эчсэн буй за. Надад нэгэн зүрхэн тарни буй, үүнийг бас цагираг чангалах тарни хэмээмүй. Чи үүнийг сэмээр уншин сайтар цээжлэгтүн өөр хүнд мэдэгдэж үл болмуй. Би түүнийг буцаан авчирч чамд дагуулсугай, чи энэ дээл малгайг түүнд өмсгө, тэр хэрвээ чиний үгийг сонсохгүй болбоос чи даруй сэмээр энэ тарнийг унш, тэгвээс тэр аймшиггүй аашилж чадахгүй, дутааж чадахгүй болмуй” хэмээв. Тансаг үүнийг сонсож тэргүүн мэхийн мөргөтөл тэр эмгэн нэгэн зурвас алтан гэрэл болон зүүн зүгт одов. Тансаг Хомсим бодисадва ирж тарни зааж өгсөнийг мэдээд яаран шороо овоолон хүж шатааж, зүүнш хандан сүсэглэн мөргөв. Мөргөж бараад дээл малгайгаа хураан боодолд нуугаад замын хажууд сууж тэр зүрхэн тарнийг хэдэнтээ бясалган сайтар цээжлэн авсныг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр Бичин багш Тансагаас салаад нэгэнтээ тонгорцоглон зүүн далайд хүрч үүлийг доош даран усанд ороод шууд болор ордны өмнө хүрч ирэхэд лусын хаан яаран угтан гарч ордноо залан оруулж ёслон суулцсан хойно лусын хаан өгүүлрүүн: “Орчим их богдын зовлон дуусав хэмээн сонссон боловч баяр хүргэж амжсангүй, өдгөө лав Аршийн уулаа шинэтгэхээр ариун агуйдаа эгэх буй за.” Бичин өгүүлрүүн: “Надад бас ийм санаа буй, тийн боловч өдгөө би тойн болжээ.” Лусын хаан өгүүлрүүн: “Ямар тойн болов?” Бичин өгүүлрүүн: “Би өмнө далайн Хомсим бодисадвагийн сургаалыг авч төв мөрд орон зүүн газрын Тансагийг дагаж баруун орны бурханд мөргөн ном залахаар одож нэрээ Син Жэ хэмээн халав.” Лусын хаан өгүүлрүүн: “Энэ харин ч их сайн болов, үүнийг чухам гажууг халж, төвд орон, буяны үндсийг хатгав хэмээвээс болмуй. Тийн бөгөөтөл бас юунд баруунш одохгүй эгэж ирмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Тэр Тансаг хэмээгч үнэхээр хүний зулзага бус, хэдэн хулгай замыг тоссонд би цохиж алав. Тэр харин дэмий л намайг додомдмуй. Чи бодож үз, өвгөн Сүн би яахан тэсэж болох буй? Тиймийн тул би түүнийг орхиод уулнаа эгэхийн дашрамд тохиолдуулан чамайг дайрч нэгэн аяга цай уусугай хэмээн ирэв.” Лусын хаан “Барьсугай! барьсугай!” хэмээгээд хүүхэд ач нараа дуудан цай барив.


Бичин цай ууж бараад хойш харж үзвээс, “Гүүрний дээр шаахай өргөсөн” нь хэмээх нэгэн зургийг туурганаа өлгөжээ. Бичин асууруун: “Энэ нь ямар үзэмж болов?” Лусын хаан өгүүлрүүн: “Энэ нь хожмын хэрэг тул их богд үл мэдмүй. Үүнийг “Гүүрний дээр гурвантаа шаахай өргөсөн” хэмээмүй. Бичин асууруун: “Юуг ”Гүүрний дээр гурвантаа шаахай өргөсөн” хэмээмүй!” Лусын хаан өгүүлрүүн: “Энэ хувилгаан болбоос Хуан Ши Гүн хэмээмүй, энэ нь хүүхэд болбоос Хан улсын Жан Лян болой! Ши Гүн гүүрний дээр сууж өрөөсөн шаахайгаа унагаад  Жан Лянг дуудаж авчир хэмээсэнд тэр яаран авчирч түүний өмнө сөгдөн барьжээ! Энэ мэтээр гурвантаа унагасанд Жан Лян өчүүхэн ч яршигласангүй тул Ши Гүн түүний шударга бөгөөд хойрго үгүйг хайрлан шөнөөр тэнгэрийн бичиг өгч Хан улсын төрийг тэтгүүлжээ. Хожим тэр үнэхээр майхан цацарт ухааныг улируулан мянган газрын гадна дийлэх аргыг тогтоон чаджээ. Энх төвшин болсны хойно тушаалыг орхиж улаан нарст ууланд тойрон хувилгаан шидийг олжээ. Их богд хэрвээ Тансагт үнэнчээр үйлчлэхгүй, түүний сургаалыг авахгүй болбоос эцэстээ мөн ч шулмын хувилгаанаас гарч чадахгүй бөгөөд үнэн мөрийг ч олохуйяа бэрх болой.” Бичин үүнийг сонсоод удтал дуун эс гарав. Лусын хаан өгүүлрүүн: ”Их богд өөрөө мэдэгтүн, бүү амар жаргалын тул өмнөх сайн мөрөө саатуул!” Бичин өгүүлрүүн: “Олон өгүүлэх хэрэггүй, өвгөн Сүн би одож түүнийг дагаваас барав. Лусын хаан ихэд баясан өгүүлрүүн: “Ийн болбол чамайг удаан авч суухгүй, их богд эртхэн нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн багшийгаа битгий удтал хүлээлгэ” хэмээсэнд Бичин түүний үгийг авч яаран бие өндийн Лусын хаанаас салан далайн сангаас гарч үүл хөлөглөн одов.


Хараахан явж атал өмнөд далайн Хомсим бодисадва учраад ийн өгүүлрүүн: “Бичин чи юуны тул сургаалыг дагахгүй, Тансагийг орхин энд ирмүй?” Бичин ихэд мэндүүрэн үүлний дээрээс ёслон өгүүлрүүн: “Бодисадвагийн зарлигийг хүлээн атал, Тансаг ирж маанийн зургаан үсгийг шаалан авч миний амийг аварсанд би түүний шавь болов. Тэр намайг хэтэрхий догшин хэмээн додомдоход би сая түүнээс баахан зайлсан бөлгөө, өдгөө түүнийг хамгаалахаар одмуй.” Бодисадва өгүүлрүүн: “Эртхэн эч осолдож болохгүй” хэмээгээд тус тусад эчив.


Бичин хоромхон зуур хүрч ирээд Тансагийн замын хажууд гуниан сууж байхыг үзээд урагш давшин өгүүлрүүн: “Багш юунд замаа хөөхгүй энд дэмий суумуй?” Тансаг тэргүүн өргөн өгүүлрүүн: “Чи хааш одсон буй за, би явж чадахгүй, хөдөлж чадахгүй энд чамайг хүлээнэм.” Бичин өгүүлрүүн: “Би зүүн далайн лусын хааны тэнд хүрч баахан цай уусан бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь!  Тойн хувраг хүн худал үг хэлэхгүй болой. Чи надаас салаад нэг цаг болоогүй бөгөөтөл юунд лусын хааны тэнд эчиж цай уув хэмээмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Багшаас нуухгүй, надад үүл хөлөглөн тонгорцоглох эрдэм буй, нэг тонгорцогломогц арван түм найман мянганы газар явмуй, тийнхүү эчиж ирэх нь түргэн болой”. Тансаг өгүүлрүүн: “Би хэдэн үгээр чамайг хэлсэнд чи уурлан намайг орхин одов. Чи чадалтай тул цай олж уумуй, чадалгүй би энд өлбөрөн суумуй, чи бодож үз, чиний дотор түвдэх буюу.” Бичин өгүүлрүүн: “Багш өлсөж аваас би одож цав бадарлан авчирсугай.” Тансаг өгүүлрүүн: “Цав гуйх хэрэггүй, миний боодол дотор Льюй  Дайвуугийн эхийн өгсөн хүнс буй, чи миний тэр бадрын аягыг авч ус олж ир, баахан идээд замаа хөөсүгэй” хэмээв.


Бичин боодлыг нээж боорцгийг гаргаж багшид өгөөд боодлын дотор бас нэгэн зах бөс намжир, алтан цацагт малгай байхыг үзээд ийн асууруун: “Энэ дээл малгайг зүүн газраас авч ирсэн буюу?” Тансаг түүний аяыг дагаж: “Миний багын цагт өмсөж зүүж байсан юм болой, энэ малгайг өмсвөөс ном заалгахгүйгээр уншиж чадмуй, энэ дээлийг өмсвөөс, ёсыг дуурайхгүйгээр ёслолд нэвтэрмүй.” Бичин өгүүлрүүн: “Багш надад өгмү.” Тансаг өгүүлрүүн: “Ганц урт охор нь үл таарах болгожээ хэмээн санамуй, таарваас чамд өгсүгэй” хэмээсэнд Бичин хуучин цагаан эрэнгээ тайлан, тэр бүс намжирыг авч өмсвөөс харин ч биеийг хэмжиж эсгэсэн мэт таарчээ. Бас тэр малгайг авч зүүв. Тансаг малгайг өмссөнийг үзээд идэхээ байж сэмээр “цагираг чангалах тарни”-ийг нэгэнтээ уншсанд Бичин “Толгой өвднөм, толгой өвднөм!” хэмээмүй. Залгавар хэдэн удаа уншсанд толгойн өвдөх нь тэсэшгүй тул Бичин газар өнхрөн цацагт малгайг бажгадсаар тасдан хаяхад хүрчээ. Алтан цагираг тасрах болуузай хэмээн хичээж уншихыг зогссонд Бичиний толгой өвдөхгүй болов. Бичин гараар тэргүүнийг тэмтрэн үзвээс үзвээс нэг алтан утас мэт юм нь толгойг чанга ороож чангаавч тасрахгүй, татавч унахгүй, нэгэнтээ барилдан ургажээ. Бичин чихнээсээ зүүгээ гарган цагирагны завсраар чихэж гадагш хөшихөд, Тансаг тасрах болуузай хэмээн тарниа дахин уншсанд мөн урьдын адил өвдөн тэсэж чадахгүй болов. Бичин нэгэнтээ өнхрөн нүүр чих цөм улайж нүд чинэрэн бие унтрав. Тансаг түүний энэ мэт болсныг үзээд ихэд хөөрхийлөн уншихаа зогссонд Бичиний толгой мөн өвдөхөө байв. Бичин өгүүлрүүн: “Миний энэ толгой өвдөх нь багш намайг тамласнаас болсон ажгуу.” Тансаг өгүүлрүүн: “Би “цагираг чангалах тарни”-ийг уншсан болой, юуг чамайг тамламуй?” Бичин өгүүлрүүн: “Багш дахин уншиж үзтүгэй” хэмээсэнд Тансаг уншив, Бичиний толгой өвдөв. Бичин хашхиран өгүүлрүүн: “Бүү унш. Бүү унш, уншваас толгой минь өвднөм! Энэ бас ч сонин!” Тансаг өгүүлрүүн: “Чи өдгөө миний сургаалыг авах буюу?” Бичин: “Авмуй! авмуй!” хэмээв, Тансаг: “Чи дахиж ёс бусаар аашлах буюу?” хэмээсэнд Бичин: “Аашлахгүй, аашлахгүй” хэмээв.


Тэр хэдийгээр аман дээрээ ийн өгүүлэвч дотроо мөн хорсох тул зүүгээ сэжиж аяган чинээн бүдүүн болгож Тансагийн орой руу занчин ирэхэд Тансаг их л гэлмэгдэж тарниа хэдэн удаа уншсанд тэр Бичин хэдийнээ шийдмээ орхин газар унаж хөдөлж чадахгүй болоод: “Багш аа, би мэдэв, дахиж бүү унш. Дахиж бүү унш!” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Чи юунд хуурмагаар өгүүлэн намайг занчмуй?” Бичин өгүүлрүүн: “Би ямар аймшиггүй багшийг занчмуй, багшаас асуусу, энэ тарнийг хэн чамд сургасан буй?” Тансаг өгүүлрүүн: “Саяхан нэгэн эмгэн ирж надад сургасан бөлгөө.” Бичин ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Хэлэлгээнгүй, би мэдэв. Тэр эмгэн лавтайяа Хомсим бодисадва болой! Тэр юунд намайг ийн хорломуй. Би өмнө далайд одож түүнийг занчсугай!” Тансаг өгүүлрүүн: “Энэ тарнийг тэр надад сургасан тул өөрөө бас мэдэх буй за. Чи хэрвээ түүнийг эрсэнд тэр тарниа уншиж эхэлбээс чи амьд гарах буюу?” Багшийн үг нь зөв тул Бичин өмнө нь сөгдөн өгүүлрүүн: “Энэ нь Бодисадва намайг мухардуулан чамайг дагаж баруун газарт ном залахаар одтугай хэмээн үүсгэсэн арга болой. Би нэгэн сэтгэлээр чамайг сахисугай, өөр муу санаа үүсгэхгүй.” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбоос чи намайг тэтгэн моринд мордуул! Өдгөө одсу!” хэмээсэнд Бичин сэтгэл шуудан сүр бадруулан бүс намжираа чангалан бүслээд морь эмээллэн юмаа авч баруунша одов. Үүнээс хойш хэрхэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 37 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 25 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 53 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 57 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 40 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 13 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 16 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 17 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 51 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 0 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 10 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 15 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 38 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 55 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 13 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 14 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 29 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК