зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ:


МОГОЙ ОРООНГО УУЛАНД ОЛОН САХИУСАН ДАЛДУУР ТУСЛАВ
БҮРГЭД ХАЛИРАХ ЗАВД САНААНЫ МОРЬ ЖОЛООНД ОРОВ


Өгүүлэх нь, Бичин, Тансагийг асран баруунш явж хэдэн өдөр болсонд чив хэмээн хөхөө өвлийн тасхийм хүйтний цаг тул умрын салхи хуугинаж, хөлдсөн мөс харчигнан, явах зам нь онхол донхол муруй сарий болоод, даваа нь давхар давхар, хад нь эрвэн сэрвэн болжээ. Тансаг, морин дээрээс горчигнон урсах усны чимээг сонсоод хойш хандан: “Бичин, хаанах усны чимээ буй?” хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Миний сонссон нь энэ газрын нэр Могой ороонго уулын бүргэд халих зав хэмээмүй. Энэ дуун лав тэр завын усны дуун буй за” хэмээтэл нэгэнтээ Завын хөвөөнд хүрч ирэв. Тансаг жолоогоо татаж үзвээс:


        Хөнтрөн буух хүйтэн урсгал үүлт тэнгэрээс цутган, 
        Хүрхрэн давалгаалах хөхөмдөг долгион нарны гэрэлд улаймуй.
        Шуугих чимээ шаагих бороон мэт гүн завд сонстоод, 
        Цацрах нарны өглөөний туяа хоосон огторгуйг гийгүүлмүй. 
        Мянган эрвээ давалгаан босон хэмхдэг хасыг цацаад, 
        Нэгэн горхи тунгалаг уснаа сэрүүн жавар сэнгэнэмүй. 
        Цайлзах усан гэдрэг урсан униар хүдэн татаад, 
        Цахлай дэглий цөм умартан гөхдөх хүнгүй. 


Багш шавь хоёр хараахан үзэж атал, гэнэт усны дотор их дуун гармагц нэгэн луу усыг яран долгион түлхэн хадан дээр үсрэн гарч ирээд Тансагийн зүг ноцон ирэхэд, Бичин мэндэн боодлоо орхиод морин дээрээс багш юугаа шүүрэн авч дутаав. Тэр луу нэхэн гүйцсэнгүй, түүний цагаан морийг эмээл хазаартай залгиад мөнхүү усандаа оров. Бичин, багшаа өндөр газарт суулгаад морио, юмаа авахаар ирсэнд, ганц нэгэн дамнуур юм үлдээд морь нь үгүй болжээ. Тэр боодлоо дамнаж багшийнхаа дэргэд тавиад өгүүлрүүн: “Багш, тэр нүгэлт луу бараа туруугүй болж, морийг минь үргээн алдуулжээ.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь! Тийн болбоос морио яахан эрж олох буй?” хэмээн гаслахад, Бичин өгүүлрүүн: “Багш сэтгэлээ сул тавь, би одож үзсүгэй” хэмээв.


Тэр нэгэнт исгэрэн огторгуйд дэвхрэн гарч алтан цөцгийт ал нүдээ саравчлан дөрвөн зүг ширтэвч морины бараа үгүй. Бичин үүлнээс бууж ирээд ийн өгүүлрүүн: “Аяа, багш минь, морийг тэр луу идсэн буй за, дөрвөн зүгт харж үзвээс бараа туруугүй.” Тансаг өгүүлрүүн: “Тэр луунд хэдий их ам буй хэмээн эмээл хазаартай морийг залгимуй, лав үргэж дутаагаад уулын хонгилд орсон буй за, чи дахин нарийвчилж үзэгтүн.” Бичин өгүүлрүүн: “Багш та миний эрдмийг мэдэхгүй, миний энэ нүд өдөр болбоос мянган газрын сайн муу бүхнийг ялгаж таньдаг, мянган газрын үзүүр өрөм хулгайч жигүүрээ дэлгэхийг ч олж үзэх атал, тийм их морийг үл үзэх ёсон буй буюу?”, Тансаг өгүүлрүүн: “Тэр үнэхээр идсэн бөгөөс би яахан урагш явмуй! Энэ мянган уул түмэн усыг яахан туулж давах буй!” хэмээн өгүүлэхийн зэргээр нулимс нь бороон орох мэт унахад Бичин түүний уйлахыг үзээд тэсэж чадахгүй бархиран өгүүлрүүн: “Багш битгий үхээнц дорой аашил, чи сууж байгтун, өвгөн Сүн би эчиж түүнийг эрэн олоод морио төлж авсу” хэмээсэнд, Тансаг түүнийг татаж ийн өгүүлрүүн: “Шавь минь, чи түүнийг хаанаас эрэх буй? Тэр гэнэт гарч ирээд намайг хорловоос хэрхмүй?” Бичин энэ үгийг сонсоод улам уурлаж аянга мэт их дуугаар бархиран өгүүлрүүн: “Чи үнэхээр өөдгүй, чи морь унах дуртай бөгөөтөл бас намайг тавьж явуулахгүй, энэ мэтээр болбоос амьтай боодлоо сахиад хөгширтөл суух буюу!” Ийн хилэгнэн байтал гэнэт огторгуйгаас нэгэн хүн дуудан өгүүлрүүн: “Их богд битгий зов, хааны дүү битгий уйл, бид болбоос Хомсим бодисадвагийн зарж явуулсан эрхтэн, тухайлан ном залах хүнийг далдаар хамгаалахаар ирэв.” хэмээсэнд, Тансаг сонсоод яаран босч ёслон мөргөв, Бичин өгүүлрүүн: “Та цөм хэн хэн буй? Хурдан нэрээ мэдүүл, би байцаахад сайн!” Олон эрхтэн өгүүлрүүн: “Бид болбоос зургаан улаагчин, зургаан хөх, таван орны кирди, дөрвөн цагийн эзлэгч, арван найман Чойжин бөлгөө” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Энэ өдөр хэний жасаа буй?” хэмээсэнд, олон кирди өгүүлрүүн: “Зургаан улаагчин, зургаан хөх, дөрвөн цагийн эзлэгч ба Чойжин нар жасаалмуй, манай таван орны кирдиэс ганц алтан тэргүүт кирди өдөр шөнөгүй дэргэдээс үл салмуй” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос жасаа бус нь эгтүгэй, зургаан улаагчин зургаан хөх, дөрвөн цагийн эзлэгч, таван орны кирди нар миний багшийг сайтар сахигтун, өвгөн Сүн би завд орж тэр хилэнцэт лууг барьж морио төлж авсугай” хэмээв. Олон эрхтэн цаазыг дагаж сахив, Тансагийн сэтгэл сая агуу болоод эргийн дээр сууж Бичинийг хичээтүгэй хэмээсэнд, Бичин: “Санаа амар суу” хэмээгээд бүс намжираа засан бүсэлж барсын арьсан хормойвчоо шуугаад, алтан толтот болд бэрээгээ далайн шууд завд орж хагас үүл хагас манан татсаар усан дээр зогсон их дуугаар дуудан өгүүлрүүн: “Муу дамшиг, миний морийг төлж өг! Миний морийг төлж өг!” хэмээв.


Өгүүлэх нь, тэр луу Тансагийн цагаан морийг идээд усны ёроол гүн цээлд хэвтэж тамираа тэжээж амарлин байхад гэнэт морийг төлж өг хэмээн бархиран хараахыг сонсоод маш хилэгнэн уснаас үсрэн гарч ирээд ийн өгүүлрүүн: “Хэн аймшиггүй энд ирж их үг хэлж намайг хараамуй?” Бичин түүний гарч ирэхийг үзээд их дуугаар зандран: “Битгий буруул! Миний морийг төлж өг!” хэмээн шийдэм эргүүлэн толгой руу нь цохиход, тэр луу шүдээ ярзайн хумсаа сарвайж тосон авч завын хөвөөн дээр байлдсан нь үнэхээр хэцүү. Гагц үзвээс:


Луу хурц хумсаа сарвайн, Бичин болд бэрээ далаймуй. Тэр нэгний цагаан сахал нь мөнгөн ширхэг мэт хийсэн, энэ нэгний ал нүдэн нь улаан зул мэт гэрэлтмүй. Тэр нэгний сахлын доорх гэгээн сувд өнгөт униар татаж, энэ нэгний гарт барьсан болд бэрээнээс догшин салхи хурайлзмуй. Тэр нэгэн нь эцэг эхээ мэхэлсэн нүгэлт үр, энэ нэгэн нь тэнгэрийн жанжинг дарласан их богд. Тэр хоёр цөм зовлонд орон гашууныг амсаад, өдгөө гавьяа байгуулахын тул тус бүр чадлаа гаргамуй.


Нааш цааш зөрөлдөн нэлээд удтал байлдаад тэр лууны хүчин мохож усандаа дутаан орж Бичин элдвээр хараан дуудавч дүлий шиг овлож гарч ирэхгүй болов. Бичин аргагүй эгэж ирээд Тансагт учирч өгүүлрүүн: “Тэр шулмыг өвгөн Сүн би хараасаар гаргаад над лугаа нэгэн зэрэг байлдаж дийлэгдээд усанд дутаан орж гарч ирэхгүй болжээ.” Тансаг өгүүлрүүн: “Миний морийг тэр идсэн ба үгүйг мэдэхгүй?” Бичин өгүүлрүүн: “Чи юу хэлнэм тэр эс идсэн бөгөөс над лугаа байлдах буюу?” Тансаг өгүүлрүүн: “Чи урьд барс алах үед лууг номхотгон барсыг дагуулах эрдэм буй хэмээн эс хэлсэн буюу? Өдгөө юунд түүнийг номхотгож чадахгүй буй?” хэмээсэнд, тэр Бичин угаас хорсгохыг даахгүй тул Тансагийн ийн өгүүлэхийг сонсоод их л тачаадан: “Хэлэх хэрэггүй, хэлэх хэрэггүй! Би дахин одож түүн лүгээ байлдан эрэгчин эмэгчнийг ялгасугай!” хэмээв.


Бичин алд дэлмээр алхсаар завын дотор ороод мөрөнг цалгиулан далайг хутгах эрдмийг хэрэглэн тэр бүргэд халирах завын тунгалаг усыг хутгасаар шар мөрний шалба мэт болгов. Тэр луу амарлин суух аргагүй болж дотроо ийн сэтгэрүүн: “Жаргал ганц, зовлон давхар хэмээсэнчлэн, би сая тэнгэрийн цаазнаас хэлтрээд энд өдрийг өнгөрөөж нэгэн жил болоогүй байтал, бас ийм нэгэн догшин шулам ирж намайг хөнөөсүгэй хэмээмүй!” хэмээн улам бодоход улам уурлан ийнхүү дарлахад тэсэж үл чадан шүдээ хавирсаар үсрэн гарч ирээд хараан өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн самуун шулам буй? Намайг юунд ийнхүү дарламуй?” Бичин өгүүлрүүн: “Чи миний хаанаас ирснийг хамаарах хэрэггүй, морийг төлж өгвөөс чиний амийг хэлтрүүлсүгэй!” Тэр луу өгүүлрүүн: “Чиний морийг би нэгэнт залгив, яахан бөөлжиж гаргах буй? Эс төлбөөс чи намайг хэрхмүй!” Бичин өгүүлрүүн: “Эс төлбөөс энэ шийдмээр чамайг цохиж алаад морины амийг төлүүлмүй!” хэмээн тэр хоёр бас уулны эргийн доор тэмцэн байлдаж хэдэн удаа болсонгүй тэр луу эс тэсээд биеэ шилгээмэгц, нэгэн могой болон хувилж өвсөн дотор шурган нуув.


Бичин шийдмээ барин нэхэж ирээд өвсийг ярж могойг эрсэнд бараа туруугүй болсонд их л тачаадан “Ум” үсгийн тарни уншин энэ газрын уул усны савдгийг дуудав. Тэд хүрч ирээд зэргээр сөгдөж: “Уул усны савдаг ирж золгомуй” хэмээсэнд, Бичин: “Шагайгаа нааш гаргагтун тус бүр таван мод занчиж өвгөн Сүн минь уураа баахан гаргасугай” хэмээсэнд тэр хоёр савдаг зэргээр сөгдөж гуйн өгүүлрүүн: “Их богд өршөө, өчүүхэн сахиусны мэдүүлэхийг сонсох болов уу.” Бичин өгүүлрүүн: “Чамд хэлэх юун буй?” Хоёр сахиусан өгүүлрүүн: “Их богд удаан жил хоригдсон бөлгөө, өчүүхэн сахиусан бид таны хэзээ гарч ирснийг мэдэхгүй тул угтахыг осолдов, түмэнтээ хүсэх нь ялыг хэлтрүүлэх ажааму.” Бичин өгүүлрүүн: “Ийм болбоос би түр та нарыг элдэхгүй, би та нараас асуусугай, энэ бүргэд халирах зав дахь усанд хаанаас ирсэн луугийн шулам миний багшийн цагаан морийг булааж идэв?” Хоёр сахиусан өгүүлрүүн: “Их богд язгуураас багшгүй бөгөөд мөн тэнгэр газарт бууж өгөхгүй тэргүүн дээд хувилгаан бөлгөө, өдгөө бас юуны багшийн морь хэмээх буй?” Бичин өгүүлрүүн: “Та нар мэдэхгүй болой, би дээд орныг түйвээгээд таван зуун жилийн зовлонг амсав. Өдгөө Хомсим бодисадвагийн өршөөлөөр сайны мөрд оров. Тан улсын ном залагч тойн намайг аварсан тул түүнд шавь болж баруун газар бурханд мөргөн ном залахаар од хэмээн сургасанд би түүний шавь болов. Ийн үүгээр өнгөрөхөд миний багш цагаан морио алдав.” Хоёр сахиусан өгүүлрүүн: “Харин ийм ажгуу. Энэ завд угаас шуламгүй, ганц энэ зав нь асга гүн бөгөөд уудам өргөн, ус нь маш тунгалаг тул хэрээ шаазгай усны тунгалагт сүүдрээ үзээд нэгэн сүргийн ижил шувуун гэж бодоод хааяа усанд унамуй. Тийнхүү үүгээр нисэн гарахаа айдаг тул “Бүргэд халирах асга зав” хэмээжээ. Урьд Хомсим бодисадва ном залах хүнийг эрж явахдаа нэгэн цагаан лууны амийг авран энд авчирч ном залах хүний ирэхийг хүлээ, дэмий балай битгий аашил хэмээсэн бөлгөө, тэр луу өлсвөөс хөвөөнд гарч шувуу шаазгай буюу буга гөрөөсийг барьж иддэг бөлгөө, өдгөө тэр яахан ийм ухаангүй болж их богдод халдсан болов.” Бичин өгүүлрүүн: “Анх удаа тэр над лугаа зөрөлдөж хэдэн удаа болж, сүүлдэж би хэрхэн дуудан хараавч тэр дахин гарч ирэхгүй болжээ. Би мөрөнг цалгиулан далайг хутгах увидсаар завын усыг хутгасанд тэр гарч ирэн байлдаад өвгөн Сүн миний шийдэм хүндэд эс тэсэн нэгэн могой хувилан өвсөн дотор шурган оржээ. Би нэхэж ирээд өвсийг яран үзвээс бараа туруугүй болжээ.” Савдаг өгүүлрүүн: “Их богд мэдэхгүй, энэ зав мянга түмэн нүх сүв харилцан нэвтэрмүй. Тийнхүү энэ долгион нь гүн хол, бодвоос тэр нэгэн нүхэнд шурган орсон буй за, үүнд их богд уурлан эрэх хэрэггүй, энэ лууг барьсугай хэмээвээс Хомсим бодисадваг залж ирвээс тэр өөрөө дагах болой.”


Бичин энэ үгийг сонсож тэднийг дагуулан Тансагт ирж учраад энэ учрыг хэлсэнд, Тансаг өгүүлрүүн: “Хэрвээ Хомсим бодисадваг залахаар одвоос хэзээ эгэж ирмүй? Энэ хооронд ядуу тойн би өлсөх даарахыг яахан хүлцмүй!” хэмээн үг барахын урьд, гэнэт огторгуйгаас алтан тэргүүт кирди дуудан өгүүлрүүн: “Их богд чи явах хэрэггүй, би одож бодисадваг залсугай.” Бичин их л баясан: “Таныг зовоов! түргэн од!” хэмээсэнд, тэр кирди даруй үүл хөлөглөн өмнө далайг чиглэж одов. Бичин уул усны навдаг савдгаар багшаа сахиулж, дөрвөн цагийн эзлэгчийг зарж цав бадарлуулж өөрөө завын тэнд одож цагдахыг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр алтан тэргүүт кирди үүл хөлөглөн өмнө далайд хүрээд яруу гэрлээ хурааж шууд Лука уулын бор хулсан шугуйд хүрч, тэр алтан хуягт тэнгэр хийгээд Мүз Ивээл тойнд ирснийг уламжлуулж бодисадвад бараадав. Бодисадва асууруун: “Чи ямар хэрэгт ирэв?” Кирди өгүүлрүүн: “Тансаг, Могой ороонго уулын Бүргэд халирах завд морио алдаад Сүн их богд арга мухардаж уул усны навдаг савдгийг дуудан асуугаад, бодисадвагийн завд авчирч тавьсан тэр хилэнцэт луу залгисныг мэдэв. Тэр их богд өчүүхэн эрхтэн намайг зарж бодисадвад айлтган энэ хилэнцэт лууг хороон морио олсугай хэмээн илгээв.” Бодисадва сонсоод зарлиг болруун: “Энэ дамшиг уг нь баруун далайн УҮ Жингийн хөвгүүн бөлгөө, тэр, гал тавьж харшийн дээрх гэгээн сувдыг шатаасанд түүний эцэг нь тэрслүү хөвгүүн хэмээн заалдаж, тэнгэрт үхэх ял олсныг би биеэр хурмастад бараадаж түүнийг гуйн авчраад Тансагт хүлэг болтугай хэмээсэн бөлгөө, тэр яахан бас Тансагийн морийг идсэн буй? Ийм болбоос би эчиж ирсүгэй” хэмээн Бодисадва бадам лянхуан тавцангаас бууж, хувилгаан агуйгаас гаран, кирди лүгээ хамт гайхамшигт гэрэл хөлөглөн өмнөд далайг өнгөрөн ирэв. Үүнийг шүлэглэсэн шүлгийн үг:


        Бурхан билиг барамидын гурван боть номыг айлдаж,
        Бодисадва сайны үрийг дэлгэрүүлэн цагаан хэрмийг дүүргэв.
        Их гайхамшигт нууц тарни тэнгэр газарт нэвтрээд,
        Бэлгэ билгийн үнэн маань чөтгөр сахиусыг аврав.
        Алтан тарцыг дахин хальснаас мултлан гаргаж тавиад,
        Арш Тансагийг бясалгал хийлгэн мөрийг засахад удирдав.
        Бүргэд халирах гүн завд зам хашигдсаны учир аа,
        Луугийн зулзага үнэнт дагаж морь болон хувилав.


Тэр Бодисадва, кирди хоёул дэмий удсангүй Могой ороонго ууланд хүрч ирээд өлзийт үүлийг тогтоон огторгуйгаас үзвээс, Бичин харин завын хөвөөнд зогсож тэр лууг хараан амуй. Бодисадва кирдийг зарж Бичинийг дуудаж ир хэмээсэнд, тэр кирди үүлний толгойг даран Тансагийг дайрсангүйгээр шууд завын хөвөөнд хүрч Бичиний зүг: “Бодисадва ирэв” хэмээсэнд Бичин сонсоод яаран үүлэнд дэвхлэн огторгуйд гарч Бодисадвагийн дэргэд ирээд, их дуугаар өгүүлрүүн: “Чиний энэ долоон бурхны багш, их нигүүлсэнгүй шашны эзэн, юунд арга үүсгэж намайг зовоомуй!” Бодисадва зарлиг болруун: “Их зүрхэт хүдэги амьтан, хөдөөний мунхаг улаан бух араатыг үз! Би чамайг дахин дахин сайнаар сургаад, бас нэгэн ном залах хүнийг олж ирээд чиний амийг авруулав, чи амь аварсан ачид талархахгүй мөртөө харин над лугаа цуугих нь юун?” Бичин өгүүлрүүн: “Чи намайг үнэхээр сайн тамлав, чи намайг тавьж гаргаваас нэг мөсөн миний санаан таваар явуулбаас барсан болой; чи урьд өдөр далай дээр над лугаа учраад Тансагийг асран ном авч ир хэмээн додомдвоос барав, юунд бас түүнд нэгэн малгай өгч намайг хуурч өмсүүлэн зовоомуй? Тэр цагирагийг өвгөн Сүн миний толгойд углаж ургуулаад, түүнд бас ямар нэгэн цагирагийг чангалах тарни сургаж өвгөн тойныг дахин дахин уншуулан миний толгойг өвтгөмүй, энэ нь намайг хорлосон бус буюу?” Бодисадва мөшөөн өгүүлрүүн: “Чиний энэ мэт шашны сургаалыг үл дагах, үнэн мөрт үл орох сармагчинг эс хүлбээс чи бас дээдийг хууран тэнгэрт халдмуй. Чи юуны сайн мууг мэдэх буй! Бас урьдын адил их хэрэг гаргаваас хэн чамайг хураамжлан захирмуй? Ийм толгойтой болговоос чи сая манай Юкагийн үүдэнд орох болой.” Бичин өгүүлрүүн: “Энэ нь мөн миний үйл болтугай, чи юунд бас тэр ял хилэнцэт луугийн шулмыг энэ газар авчирч тавиад, миний багшийн морийг идүүлмүй? Энэ нь хортонг хорилгүй тавьж хилэнцэт хэрэг хийлгэх нь буюу?” Бодисадва өгүүлрүүн: “Тэр лууг би хурмастаас амийг нь гуйн ном залах хүнд хүлэг болгохын тул энд тавьсан бөлгөө. Зүүн газрын тэр ерийн морь яахан түмэн уул мянган усыг туулж, бурхны оронд хүрч чадмуй? Эрхгүй энэ хувилгаан морийг олбоос сая хүрч чадмуй” Бичин өгүүлрүүн: “Тэр луу надаас айгаад гарч ирэхгүй, хэрхвээс сайн?”, Бодисадва даруй кирдийг зарж: “Чи завын хөвөөнд одож, лусын хаан Ү Жины гуравдугаар хөвгүүн гарч ир, Хомсим бодисадва энд буй” хэмээн дууд, тэр сааргүй гарч ирмүй.” Тэр кирди завын дэргэд одож хоёр удаа дуудсанд зулзага луу уснаас давалгаан татсаар үсрэн гарч хүний дүрээр хувилаад, үүлэн дээр гарч, Бодисадвад ёслон мөргөж өгүүлрүүн: “Бодисадва өршөөж миний амийг аварснаас нааш би энд хүлээсээр удав, ном залах хүний сургийг эгнэгт олж сонссонгүй” хэмээсэнд, Бодисадва Бичинг зааж өгүүлрүүн: “Ном залах хүний их шавь нь энэ бус буюу?” хэмээвэл, зулзага луу Бичинийг үзээд өгүүлрүүн: “Бодисадва, энэ миний дайсан болой, би өчигдөр өлсөөд түүний морийг идсэн бөлгөө, тэр хүчиндээ эрэмшиж над лугаа байлдан дийлсэнд би айж дутаан эчив. Намайг хэдий хараасан ч би эс гарсан бөлгөө. Ном залах учрыг нэгхэн ч хэлсэнгүй.” Бичин өгүүлрүүн: “Чи, миний овог нэрийг асуусангүй тул би чамд яаж хэлмүй?” Зулзага луу өгүүлрүүн: “Би чамайг хаанаас ирсэн шулам буй хэмээн асуусанд чи ганц “Морийг төлж өг! Төлж өгөхгүй бөгөөс чамайг алж амь төлүүлмүй.” хэмээхээс өөр, Тан хэмээх нэгэн үгийг ч жавьжаар гаргасан буюу!” Бодисадва зарлиг болруун: “Энэ сармагчин хүчиндээ эрэмшиж түрэмгийлэхээс бус, юуны хүнийг тоох буй? Бас урагш одвоос Тансагт дагах хүн буй, асууваас урьдаар “Ном залах”-аа хэл, тэр сонсвоос аяндаа дагамуй” хэмээв.


Бичин үүнийг сонсоод маш баясан сэтгэлдээ тогтоов. Бодисадва урагш давшин зулзага луугийн эрүүний доорх гэгээн сувдыг тайлан аваад удын найлзуурыг хумхад дүрж рашааныг гурвантаа цавдан тарни уншин “Хувил!” хэмээн зандсанд, тэр луу даруй нэгэн цагаан морь болон хувилав, Бодисадва сурган өгүүлрүүн: “Чи хичээн зүтгэж хилэнцээ арилга; хэрэг бүтвээс хожим үнэн мөрийн алтан биеийг олмуй” хэмээсэнд, тэр морь төдий ухав. Бодисадва, Бичинд: “Чи энэ морийг Тансагт аваачиж өг, би өдгөө буцмуй” хэмээсэнд Бичин, бодисадваг татаж тавилгүй ийн өгүүлрүүн: “Баруун газрын зам хэмээгч маш хэцүү, ийм нэгэн ертөнцийн эгэл биет тойныг хамгаалах хэзээ сая хүрэх буй? Ийм олон зовлонт хэргийг туулбаас өвгөн би амиа хамгаалахуйяа бэрх атал бас юуны бодь мөрийг олох буй! Би одохгүй! Би одохгүй!” Бодисадва өгүүлрүүн: “Чи урьд хүний ёсыг олоогүй цагт, сэтгэлийг хүлцэн ёсыг нь ухах болсон бөлгөө; өдгөө тэнгэрийн гамшигаас тонилоод харин юунд алзуурмуй? Манай бурхны ёсонд нам сүсэглэн үнэнт хүрэхийг нь эрхэм болгож сэтгэлээр мөрийг тодолмуй, хэрвээ чиний амь насанд гай болох гамшиг тохиолдвоос, чи тэнгэрийг дуудваас тэнгэр өчиж, газрыг дурдваас газар гамшгийг үзүүлэхийг би чамд баталсугай. Бас гарч үл чадах гай зовлон тулагдваас би өөрийн биеэр ирж чамайг аварсугай, чи нааш ирэгтүн, би чамд дахин нэгэн зүйлийн эрдмийг сургасугай” хэмээгээд Бодисадва хумхын дээр хатгасан уд навчийг гурав авч Бичиний духан дээр тавьж “Хувил!” хэмээн зандмагц даруй амийг сахигч гурван үс болон хувилав. Бодисадва, Бичинд, сурган өгүүлрүүн: “Арга ядаж гачигдсан цагт үүнийг хэрэглэвээс цаглашгүй хувилан чамайг зовлонгоос  авармуй.” Бичин эдгээр олон сайн үгийг сонсоод сая их нигүүлсэнгүй их энэрэхүй Хомсим бодисадвад мөргөв. Бодисадва төд сайхан үнэр ханхлан өнгөт үүл хөвөлзөн Будлан ууланд эгэв.
Бичин сая үүлэн толгойгоо дарж, тэр морийг дэлдэн хөтөлж Тансагийн дэргэд ирээд: “Багш аа, морийг олов.” хэмээсэнд, Тансаг үзмэгц маш баясан өгүүлрүүн: “Аяа шавь минь, энэ морь яагаад урьдаас таргалсан буй? Чи хаанаас олов?” Бичин өгүүлрүүн: “Багш, чи бас зүүдэлж байх болой! Өнөө сая алт тэргүүт кирди эчиж, Бодисадваг залж авчраад, тэр завын доторх лууг морь болгон хувилгав. Үүний зүсэм адил, ганц эмээл хазааргүй, өвгөн Сүн дэлдэж авчирсан болой.” Тансаг их л цочин өгүүлрүүн: “Бодисадва хаана буй? Би эчиж хишигт мөргөсүгэй.” Бичин: “Бодисадва энэ үед өмнө далайд хүрсэн болой” хэмээсэнд, Тансаг шороо овоолж хүж шатаан өмнөш хандаж мөргөв. Мөргөж бармагц Бичин хоёул боодлоо авч урагш явахад, Бичин уул усны навдаг савдгийг буцааж, кирди, эзлэгчийг захиж бараад багшаа моринд мордтугай хэмээхэд, Тансаг өгүүлрүүн: “Эмээл хазааргүй зайдан морийг яаж унах буй? Нэг онгоц олж энэ завыг гэтэлсний хойно алгуур мэдсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Энэ багш юунд учир явдлыг мэдэхгүй буй, энэ эзгүй уулын дотор хаанаас онгоц ирмүй? Энэ морь энд удаан байсан тул усанд сайн буй за, үүнийг унаад гартугай” хэмээсэнд, Тансаг аргагүй зайдагнаж унав, Бичин боодлоо үүрсээр завын хөвөөнд хүрэв.


Төд үзвээс урсгалын дээд эхнээс нэгэн загасч өвгөн сал дээр сууж усыг уруудан айсуй. Бичин гараар даллан өгүүлрүүн: “Тэр өвгөн загасч нааш ир! Би, зүүн газрын ном залах хүн, миний багш энд хүрч ирээд гаталж чадахгүй баймуй, чи ирж гаталгагтун” хэмээсэнд, тэр загасч үгийг сонсоод яаран салыг сэлж ирэв. Бичин, багшаа мориноос буулгаж сал дээр түшиж гаргаад морио хөтлөн боодлоо авч гарсанд тэр загасч салаа сэлсээр харвасан сум мэтээр бүргэд халирах асга завыг гатлан баруун хөвөөнд гарав. Тансаг, Бичинээр боодлыг тайлуулан их Тан улсын зоосыг хэд авч тэр өвгөнд өгөв. Тэр өвгөн сэлүүрээр салаа түлхэн “Зоос авахгүй, зоос авахгүй” хэмээсээр урсгалыг даган одож үзэгдэхгүй болов. Тансаг дотроо түвдэхгүй, алгаа хамтатган талархав. Бичин өгүүлрүүн: “Багш түүнд залбирах хэрэггүй, чи түүнийг танихгүй, тэр нь энэ усны эрхтэн болой; тэр угтахаар ирсэнгүй болбоос би түүнийг занчих бөлгөө, түүнийг занчсангүй нь мөн их тал болой, бас юунд зоос өгмүй!” хэмээсэнд, багш нь итгэхтэй үгүйтэй болоод, мөн ч морио зайдалж Бичинийг даган их замд ороод баруун зүг явав, энэ үнэхээр  их зоригоор үнэнийг бариваас чанад хөвөөнд авираад, чин сэтгэлээр чанарыг тэвчвээс Гандарагүд ууланд гармуй. Хоёул явсаар санамсаргүй наран баруунш ташиж орой болов. Гагц үзвээс:


Сэмжин үүлс эвхрэн, уулын саран бүдэгрэв. Сансар тэнгэрийн хяруу жихүүнийг нэмэгдүүлэн, дөрвөн этгээдэд салхи шуугин биеийг чичрүүлмүй. Өрөөсөн болжмор нисэн одоход цэнхэр нуур уудам, униар манан тунан буухад холхи уулс богино. Сийрэг шугуйд мянган мод шуугин, сайр даваанд ганц сармагчин зажганамуй. Урт замд явах хүнгүй, онгоц хөлөг хойш буцан шөнө болох цаг.


Замын хажууд айл байхыг Тансаг морин дээрээсээ олж үзээд: “Бичин, өмнө айл байнам. Чи одож хоног гуй, маргааш эрт явсугай” хэмээсэнд, Бичин харж үзээд: “Багш, тэр айл биш” хэмээв. Тансаг: “Яагаад айл биш буй?” Бичин өгүүлрүүн: “Айлын гэрт юуны нисэх загасан нуух гөрөөсний толгой байх буй, энэ лав сүм болой.”


Багш шавь ийн хэлэлцсээр хэдийн хаалганд хүрч ирэв. Тансаг мориноос бууж үзвээс үүдний дээр “Тосгоны эздийн сүм” хэмээх үсэг буй, Тансаг сүмийн хаалгыг шурган орвоос дотроос нэгэн өвгөн хүзүүндээ эрих зүүгээд алгаа хамтатгаж угтаж ирэн: “Багш дотор орж суух болов уу?” хэмээсэнд, Тансаг яаран хариу ёслоод дуганд орж бурханд мөргөв. Тэр өвгөн хүүхдийг дуудан манз барив. Тансаг, тэр өвгөнөөс асууруун: “Энэ сүмийг “Тосгоны эздийн сүм” хэмээн нэрлэсэн нь юун буй?” Өвгөн өгүүлрүүн: “Манай энэ газар болбоос Хамил улсын зах, энэ хойно нэгэн айл буй, тэд бүгдээр үнэн сүсгээр энэ сүмийг барьжээ, хавар зун намар өвлийн өлзийт сайн өдөрт өөр өөрөө хүж зул өргөж, дөрвөн цагт төгс сайныг бэлгэдэн таван тариа төрж, зургаан тэжээвэр зэргээр өсэгийн тул тахьдаг бөлгөө.” Тансаг сонсоод толгойгоо гэхэн магтан өгүүлрүүн: “Үнэхээр “Гэрээс гурван бээр гарваас өөр нэгэн зан суртал буй.” хэмээсэнчлэн манай тэр газрын хүмүүс ийм буян хийдэггүй.” хэмээв. Тэр өвгөн асууруун: “Багшийн хувилгаан нутаг аль газар буй?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газраас ном залахаар одмуй, тэнгэр орой болсон тул таны ариун хийдэд нэгэн шөнө хоноод маргааш эрт явсугай хэмээн ирэв.” Өвгөн маш баясан “Угтахыг осолдов” хэмээн хэдэн зэрэг хэлээд хүүхдээр цав авчруулан барьсанд, Тансаг цав зооглоод тал өгөв.


Бичиний нүд хурц, тэдний дээл өлгөх нэгэн дээсийг үзээд таслан авч гадна гаран морио тушаад орж ирэхэд, өвгөн инээн өгүүлрүүн: “Энэ морийг хаанаас хулгайлж ирсэн буй?” Бичин уурлан өгүүлрүүн: “Энэ өвгөн үгийн тосолтын хүнд хөнгөнийг үл мэдэн дэмий чалчмуй, бид хэмээгч бурханд мөргөхөөр одох богд тойн, юунд морь хулгайлмуй!” Өвгөн инээн өгүүлрүүн: “Хулгайлсан бус болбоос юунд эмээл хазааргүй, харин миний хувцас дэлгэх дээсийг таслан авч туших буй?” Тансаг яаран буруу хүлээн өгүүлрүүн: “Энэ амьтны зан нь түргэн болой, чи морь уях хэмээвээс өвгөнөөс нэгэн дээс гуйваас барав, юунд хувцас дэлгэх дээсийг нь таслах буй? Та бүү уурлагтун, миний энэ морийг чамд нуулгүй хэлсүгэй, хулгайлсан бус. Өчигдөр бүргэд халирах завд хүрч ирэхэд, тэр завын усны дотор нэгэн хилэнцэт луу шулам бөтөгд миний морийг эмээл хазаартай нь залгижээ. Миний шавь Хомсим бодисадваг залан авчирч тэр лууг бариад түүнийг цагаан морь болгон хувилгаж надад өгөв. Завыг өнгөрөөд нэгэн өдөр болоогүй тул эмээл хазаар бэлтгэж завдаагүйгээр өвгөн чиний сүмд хүрч ирэв.” Өвгөн ийн өгүүлрүүн: “Багш юм бүү санагтун, өвгөн наадам хийсэн бөлгөө, эрхэмийн шавь харин ч үнэмшжээ. Би багадаа баахан зоостой, мөн моринд бахтай бөлгөө, хувь заяан муудаж энэ хэдэн жил аж амьдрал доройтож, бас галын аюулд учирсан тул аргагүй энэ сүмд сууж хүж зул барин хойд гэрийн өглөгийн эзний гэрээс бадарчлан амийг тэжээмүй, надад харин нэгэн эмээл хазаар буй, би хайрлан ийн хэдий ядуурсан ч эс худалдсан бөлгөө, сая сонсоход Хомсим бодисадва ирж хувилгаан лууг хувилгаж морь болгож туслав хэмээмүй, Хомсим бодисадва хүртэл туслах атал, өвгөн би үл туслах ёсон буй буюу, маргааш тэр эмээл хазаарыг авчран дуртайяа багшид барьсугай, гололгүй авах ажааму” хэмээсэнд, Тансаг сонсоод маш баясан хариу талархав. Бас хүүхэд орж ирэн үдшийн цав барьсны хойно, зул асааж өөр өөрийн оронд орж нойрсов.


Дараа өглөө, Бичин эрт босч ийн өгүүлрүүн: “Өчигдөр тэр өвгөн эмээл хазаар өгмүй хэмээн амласан бөлгөө, нэхэж авсугай, хэлтрүүлж үл болмуй” хэмээтэл, тэр өвгөн үнэхээр эмээл хазаар тохом ногт зэрэг хүлгийн хэрэглэлийг цөм бүрнээ авч ирээд саравчны доор тавьж өгүүлрүүн: “Багшид эмээл хазаар баримуй” хэмээсэнд, Тансаг үзээд маш баясан хүлээн авч, Бичинийг дуудан “Моринд тохож үз!” хэмээв. Бичин урагш давшин нэг нэгээр авч үзвээс үнэхээр сайн эд ажгуу, үүнийг шүлэглэсэн шүлгийн үг нь:


        Өнгө чимэгтэй сийлмэл эмээлийн мөнгөн товруу гялалзан,
        Үзэмж илтэй эрдэнийн дөрөөний алтан оосор тулалзнам.
        Хэдэн давхар дэвс дэвхрээ мяралзсан сайхан магнаг,
        Хэрж татсан олом цулбуур гурамсан эрчит ёнхор.
        Хазаар ногтны чимэг болсон зангидмал цацаг сагсалзан,
        Хавтгай бүүргэнд үзэмж нэмсэн алтан хээ мяралзнам.
        Ган амгай гархин зуузай давтан боловсруулсан төмөр,
        Гайхалтай сайхан ганзага сур газар шүүрэн хийснэм.


Бичин дотроо баярлаж эмээлийг моринд тохож үзвээс үнэхээр хэмжиж хийсэн адил, Тансаг тэр өвгөнд ёслон талархсанд, өвгөн яаран тэтгэн босгож өгүүлрүүн: “Ямар аюулгүй ёслохыг хүлээмүй!” хэмээж Тансагийг үдэж мордуулаад, тэр өвгөн бас ханцуйн дотроос нэгэн тэнзэн иштэй, барсын шөрмөсөөр гөрсөн ташуурыг гаргаж замын хажууд хоёр гараар өргөн барьж өгүүлрүүн: “Богд тойн, надад ийм нэгэн ташуур буй, мөн чамд өгсүгэй.” Тансаг морин дээрээс тосон аваад “Өглөгийн эзнийг их зовоов!” хэмээв.


Хараахан ийн тал өгтөл, тэр өвгөн үзэгдэхгүй болов. Тансаг яаран гэдрэг хандан үзвээс хоосон газар болоод, тэр сүм нь үзэгдэхгүй болов. Төдий сонсвоос огторгуйд нэгэн хүн өгүүлрүүн: “Богд тойн, чамд баахан осол болов, би болбоос Лука уулын сахиусан бөлгөө. Бодисадвагийн зарлигаар танд эмээл хүргэж ирэв, та чармайж баруунш явтугай, нэгэн цаг ч залхуурч болохгүй” хэмээсэнд, Тансаг яаран мориноос бууж огторгуйн зүг мөргөн өгүүлрүүн: “Шавь би махан бие усан нүдтэй тул дээд эрхтэнг эс таньсан бурууг минь уучлах болов уу, энэрэл ивээлийг гүн хүртсэнийг Бодисадвад уламжлан айлтгаму” хэмээгээд тэнгэрийн зүг тоолшгүй мөргөхүйд, замын хажууд байсан тэр Сүн их богд элгээ хөштөл инээн урагш ирж Тансагийг татан босгож өгүүлрүүн: “Багш чи бостугай, тэр нэгэнтээ хол явсан болой, чиний мөргөхийг олж үзэхгүй, түүнд зүгээр мөргөж яах буй?” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, би ийнхүү мөргөхөд чи нэг ч мөргөхгүй, харин хажууд зогсон дэмий л дооглон инээх чинь юун?” Бичин өгүүлрүүн: “Чи юуны мэдмүй, түүний энэ мэт тэргүүнээ нууж бөгсөө гаргах хүнийг чухам сайтар нэгэн зэрэг элдвээс зохимуй; ганц Бодисадвагийн нүүрийг үзэж түүнийг занчихыг хэлтрүүлбээс барав, тэр аймшиггүй өвгөн Сүн миний мөргөхийг хүлээн чадмуй юу? Өвгөн Сүн би хар багаас сайн эрийн ёсоор явахад хүнд мөргөхийг мэдэхээргүй, хурмаст тэнгэр, Дилавт учравч, би мөн мэхийсхийвээс барах нь тэр болой.” Тансаг өгүүлрүүн: “Нүгэл болмуй! Битгий энэ хоосон үгийг хэлэгтүн! Болоогүй, зам хөөхийг битгий саатаа” хэмээж, тэр багш сая босч боодлоо авч баруунш одов.


Энэ одсонд, хоёр сарын энх зам явж, учирсан нь цөм Лүвэ Лүвэ, хотон, чоно, барс, бодон зэрэг болой, өдөр хоног өнгөрсөөр удалгүй бас хаврын эхний үе болов. Гагц үзвээс уул шугуй гэмэрлэг мэт ногоорч, өвс мод хөх соёо хөвөрчээ, тэргүүлэгч цэцгийн залаа унаж дуусаад, удан нь гөлөглөжээ. Багш шавь хаврын өнгийг бахран үзэж зугаацан явсаар бас наран баруунш ташив. Тансаг морио татан алсыг бараалбаас уулын хотгорт тагт тайз сэгийлцэж харш асар навталзмуй. Тансаг өгүүлрүүн: “Бичин! Чи үзэгтүн, тэр ямар газар буй?” Бичин тэргүүн өргөн үзээд өгүүлрүүн: “Хийд бус болбоос лав сүм буй за, бид түргэхэн явж тэнд хоног гуйхаар одсугай.” Тансаг баярлан зөвшөөрч, бөх цагаан морийг шалан, тэр сүмийг чиглэн одов. Энэ чухам ямар газар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 41 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 28 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 57 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 1 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 44 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 17 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 20 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 20 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 54 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 4 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 14 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 19 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 41 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 58 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 53 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 16 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 17 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 33 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК