зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Арван наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ:


ХОМСИМ БОДИСАДВАГИЙН СҮМД ТАНСАГ ЗОВЛОНГООС ТОНИЛОВ
ГОУ ЛУУ ЖУАН ТОСГОНД БИЧИН БАГШ ШУЛМЫГ ДАРАВ


Өгүүлэх нь, Бичин Бодисадвагаас аяарлан салаад үүлний толгойг даран карша намжираа үнэрт зандан модны дээр өлгөн шийдмээ авч хар салхит агуйн дотор занчин оров. Тэр агуйн дотор хаанаас бага шулам тогтож чадах аж? Бодисадвагийн бодит бие илрэн тэр хөгшин шулмыг номхотгон дарсныг тэдгээр бага шулам үзээд, цөм мэнд санд дутаан сарнижээ. Бичин улам догшрон агуйн үүд бүрт цөм хуурай түлээ овоолон гал тавьсанд, тэр хар салхит агуй “Улаан салхит агуй” болов. Тэр карша намжираа авч бэлгэт үүл хөлөглөн хойш буцав.


 Өгүүлэх нь, Тансаг, Бичин эчээд үл ирэхэд нь дотроо маш сэжиглэн: “Бодисадва эс ирсэн буюу, Бичин оргосон буюу?” хэмээн бодон гэнэт үзвээс хоосон огторгуйд өнгөт униар гялбасан, Бичин индрийн өмнө бууж ирээд: “Багш, карша намжирыг олжээ” хэмээсэнд, Тансаг их л баярлав. Олон тойд бас эс баярласан нь үгүй, зэргээр урагш давшин: “Сайн болов! сайн болов! Маний амь энэ өдөр сая үлдэв” хэмээлдэв. Тансаг карша намжирыг хүлээн авч: “Бичин, чи өглөө явахдаа цавын дараа буюу үд болоход ирмүй хэмээн болзсон бөлгөө, юунд наран баруунш ташсанд сая ирэв?” хэмээсэнд, Бичин, Бодисадваг залж бумба болгон хувилгаад шулмыг дарсан учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд, Тансаг хүж асаан өмнөш хандан нэгэн зэрэг мөргөөд ийн өгүүлрүүн: “Шавь минь, бурхны номт дээлийг нэгэнт олсон тул, боодлоо түргэн бэлтгэн бид явсугай.” Бичин: “Бүү яар, бүү яар, энэ өдөр орой болсон тул зам хөөж үл болмуй, түр хүлээж маргааш өглөө явсугай” хэмээсэнд, олон тойд зэргээр сөгдөж: “Сүн өвгөний өгүүлэх нь зүй, нэгд тэнгэр орой болов, хоёрт бид сүсгээ гүйцэтгэсүгэй, өдгөө завшаанаар эрдэнийг эрэн олж төвшин болов, бид амласнаа гүйцэтгэсүгэй, багш бас манийг соёрхтугай, маргааш өглөө мордохыг гуймуй” хэмээсэнд, Бичин “Мөн, мөн” хэмээв. Бүгд тойд худайгаа хөнтрөн галаас гаргаж авсан бага сага будаагаа авчран цав манз бэлтгэн, бас амарлингуйн цаас хүжийг шатаан гай барцдаас тонилсон хэдэн боть ном уншив. Тэр шөнө явдалгүй.


Дараа өглөө морио самнан бараад ачаагаа тэгшлэн мордоход олон тойд хүргэн гарч хол үдэв. Бичин зам удирдан нүд өргөн үзвээс, хараахан хаврын сайхан цаг тул:


Хүлэг морины хөнгөн туурай хөх өвснөө гишгэлэн, хөврөн навчилсан удын найлзуур алтан ширхэг мэт. Туур гүйлс үйжин ургаж өнгө үзэмжээ тэмцэлдэн, торлон зэллэсэн олс ороонго эчих замыг торгоожээ. Элсэн далангийн ээвэр нөмөрт уран хачин унтаад уулны завын анхилмал цэцэгт дэвтрэх эрвээхий номхон. Аяа намар нөгчин өвөл өнгөрч хаврын хагас шувтраад, аль жилд үйл төгсөж үнэн номыг олох буй за.


Багш шавь хоёул ийнхүү эзгүй талаар тав зургаан хоног явж нэгэн өдөр тэнгэр орой болсонд холоос нэгэн айл харагдав. Тансаг өгүүлрүүн: “Бичин чи үз, тэртээ этгээдэд нэгэн айл буй, бид тэнд хүрч хоног гуйн маргааш явбаас ямар?” Бичин өгүүлрүүн: “Шавь би одож сайн мууг үзээд жич мэдсүгэй.” Тэр багш торгон жолоогоо татав, Бичин лавлан үзвээс:


Хулсан шивээ ханаран харагдаж, улалзан гэр давхар давхар. Тэнгэр тулам өндөр модон үүд цонхыг халхлан, тахирлан урссан гол горхи айл тосгоныг ороожээ. Замын хажуу дахь уд улиас жаврын аясаар найгаад, хүрээний доторх цэцэг хуараас сайхан үнэр анхилжээ. Шингэх үеийн шижир алтан наран баруунаа жаргаад, шугуйн доторх шувуу болжмор хааяагүй жиргэжээ. Үдшийн униар өндөр огторгуйд суунаглан, үхэр хонин сүрэг өөрийн хотондоо эгжээ. Бас үзвээс, ханатал цадсан тахиа Гахай хашааны буланд унтаад, халамшин хөлчирсөн айлын өвгөн дуу дуулан ирмүй.


Бичин үзэж бараад: “Багш хурдан яв, сайн айл байнам, тэнд хүрч хоносугай” хэмээсэнд, тэр багш цагаан морийг шамдуулж айлын захад хүрч ирэв. Үзвээс нэгэн залуус тэргүүнийг алчуураар ороон, биед хөх цамц өмсөж, мөрөнд боодолтой юм үүрч, гарт шүхэр барин хормойгоо шууж, шурхнагаа тавин хөлд нэгэн хос гурван хамарт өвсөн шаахай өмсөөд яаран ирэхэд, Бичин түүнийг бариад: “Чи хаана одмуй? Энэ ямар айл буй?” хэмээн асуусанд, тэр хүн урагш зүтгэн амандаа: “Энэ айлд өөр хүн үгүй буюу? Юунд ганц надаас асуумуй?” Бичин инээн: “Өглөгийн эзэн бүү хилэгнэ, эртний үгэнд өгүүлсэн нь “Хүнд тус хийвээс биед тус болмуй” хэмээжээ. Чи надад энэ айлын нэрийг хэлж өгөхөд ямар гай буй? Чамд бас ямар зовуурь буй болбоос би тусалж чадах магадгүй.” хэмээсэнд, тэр хүн алдуулж чадахгүйдээ их л цухалдан дэвхцэн өгүүлрүүн: “Үйл, үйл, гэрийн эзний уурыг дааж ядан байтал бас эдгээр тоймог учирч намайг зовоомуй!” Бичин өгүүлрүүн: “Чи чадалтай болбоос миний гарнаас мултран од!” хэмээсэнд, тэр хүн мултарсугай хэмээн хэчнээн зүтгэсэн боловч яг нэгэн төмөр хавчуур хавчсан мэт тул аргагүй уур хөдлөн боодол шүүрээ хаяж, хоёр гараар Бичиний нүүр өөд базан ирэхэд, Бичин нэгэн гараар боодлоо барьж нөгөө гараар тэр хүнийг базгадан түлхсэнд хөдөлж чадахгүй болоод хөлөө дэвхцэн аянга мэт бархирав. Тансаг үүнийг үзээд өгүүлрүүн: “Тэндээс хүн ирэх биш үү? Түүнээс асууваас барав, үүнийг барьж юу хийнэм? Тавигтун!” Бичин инээн өгүүлрүүн: “Багш мэдэхгүй, өөр хүнээс асууваас тусгүй, үүнээс асууваас сая үнэнийг нь олмуй.” Тэр хүн бичинд баригдаад бие мултран гарч чадахгүй болсон тул ийн өгүүлрүүн: “Энэ газар болбоос Үйзэн улсын хязгаар орон болой. Энэ айлын олонх өрх нь цөм Гоу овогтой тул Гоу Луу Жуан тосгон хэмээмүй. Өдгөө чи намайг тавь!” Бичин өгүүлрүүн: “Чиний байдлыг үзвээс хол зам хөөх маяг буй, чи ямар учир аж хаана одмуй? Чи үнэнээ хэлбээс би чамайг тавьсугай.” Тэр хүн аргагүй болоод үнэн учраа гаргаж өгүүлрүүн: “Би болбоос Гоу Сартваахын гэрийн зарц, нэр Гоу Цай хэмээмүй. Манай тэр нэгэн хүнд сүйлээгүй охин буй, энэ жил хорин настай. Нэгэн шулам ирж эзлээд гурван жил хүргэн болов. Энэ учирт манай Сартваах их л дургүйцэн: “Шулмаар хүргэн хийх нь сайн бус, нэгд нэр нүүрт муухай, хоёрт явалцмаар худ ураг үгүй” хэмээн түүнийг хөөсөн боловч тэр шулам огт болохгүйгээр үл барам, охиныг нь хойд гэрт хориод нэг ч хүнд уулзуулахгүй хагас жил болжээ. Манай Сартваах тэр шулмыг барихын тусад надад хэдэн лан мөнгө өгч эрдэм чадалтай тойд бумбыг эрэн авчир хэмээсэн бөлгөө. Би зогсолгүй явж гурав дөрвөн тойныг олж залсан боловч, цөм тусгүй тойн, чадалгүй бумба тул тэр шулмыг дарж эс чадав. Сая миний гэрийн эзэн намайг хэрэг бүтээж чадахгүй хэмээн нэгэн зэрэг хараагаад, бас таван цэн мөнгийг хүнс болгон өгч чадал сайн тойныг залан авчирч тэр шулмыг барьсугай хэмээн явуулав. Санаандгүй чиний энэ түйдгэрт учирч миний хэргийг саатуулав. Гэрийн дотор гадна бусдад ийн нухлагдахыг бодон аргагүй уур хүрч чам лугаа цуугилдав. Чи бас гартаа идтэй тул би хэдий тэлчилсэн ч мултран эс чадаад үнэнээ чамд өгүүлэв. Чи өдгөө намайг тавьж явуул!” Бичин өгүүлрүүн: “Буян чинь таарчээ, бусад газарт одож мөнгөө барсны хэрэггүй, бид болбоос тусгүй тойн чадалгүй бумба бус, үнэхээр шулмыг барих чадал буй. Энэ нь “Нэгд эмчийг туслах санаа буй, хоёрт нүдийг итгэх эрдэм буй” хэмээгч болой. Чи хойш одож гэрийн эзэндээ хэл, бид болбоос зүүн газар их Тан улсын хааны зарлигаар баруун газар бурханд мөргөж ном залахаар одогч элч, шулам дарж чөтгөрийг хөөж чадмуй.” Гоу Цай өгүүлрүүн: “Чи намайг бүү саатуул. Би болбоос хэнхдэг дүүрэн хилс уур залгисан хүн, чи шулмыг барьж чадахгүй болбоос гэрийн эзэн бас намайг хараах буюу?” Бичин өгүүлрүүн: “Чиний хэргийг саатуулахгүй. Чи биднийг дагуулан гэртээ аваачтугай” хэмээсэнд, тэр хүн аргагүй боодлоо сугавчлан шүхрээ авч хойш эргэн багш шавь хоёрыг удирдан хаалганы гадна хүрээд өгүүлрүүн: ”Хоёр багш түр энэ чулуун уяаны дэргэд сууж байтугай, би дотогш орж гэрийн эзэнд мэдүүлсүгэй” хэмээсэнд, Бичин сая түүнийг тавьж, дамнуураа буулгаад морио хөтлөн багш шавь хоёул үүдний хажууд сууж хүлээв.


Тэр Гоу Цай их үүдийг орон шууд гол гэрийн зүг  иртэл чивхийтэл Гоу Сартваахад учрав. Сартваах хараан өгүүлрүүн: “Энэ нүүргүй мал чи хүн эрэхээр одохгүйгээр бас юунд буцаж ирэв?” Гоу Цай шүхэр боодлоо тавиад өгүүлрүүн: “Гэрийн эзэнд мэдүүлсүгэй, өчүүхэн хүн сая зээлийн үзүүр гартал хоёр тойн лугаа учрав. Нэгэн нь цагаан морь унаж, нэгэн нь дамнуур дамнажээ. Тэр дамжуур дамнагч нь намайг барьж хаана одмуй хэмээн асууж тавихгүй. Би хэрхэвч түүнд хэлж өгсөнгүйд тэр үхэн зуураад тавихгүй тул арга бус гэрийн эзний хэргийг нэгд нэгээр хэлж өгөв. Тэр харин маш баясан бидэнд шулмыг барьж өгсүгэй хэмээмүй.” Өвгөн өгүүлрүүн: “Тэд хаанаас ирсэн буй?” Гоу Цай өгүүлрүүн: “Тэдний хэлэх нь, зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газраас ном залахаар одох хааны дүү Тансаг тойн хэмээмүй.” Сартваах өгүүлрүүн: “Хол газраас ирсэн тойн болбоос үнэхээр чадалтай байх магадгүй, тэр өдгөө хаана буй?” Гоу Цай: “Үүдний гадна хүлээж буй” хэмээв.


Сартваах яаран дээл хувцсаа халан, Гоу Цай лугаа угтан гарч ирээд “Багш” хэмээн дуудсанд, Тансаг эргэн хартал хэдийнээ өмнө нь хүрч иржээ. Тэр өвгөн тэргүүнд хар хивийн малгай тавьж, цайвар өнгөт Шичуань газрын гэмэрлэг дээл өмсөн хөлд арьсан гутал өшиглөөд, дундуур хар ногоон бүс бүсэлжээ. Тэр гарч ирээд инээмсэглэн угтаж: “Хоёр багшид өвгөн би ёсолмуй” хэмээсэнд Тансаг мөн хариу ёслов. Тэр өвгөн Бичиний дүр байдал муухайг үзээд айж ёслосонгүйд Бичин өгүүлрүүн: “Над юунд үл ёсолмуй?” Тэр өвгөн маш айгаад Гоу Цайг дуудан өгүүлрүүн: “Энэ боол чи намайг алах буюу, өдгөө тэр урт хоншоор дэлбэгэр чихт шулам хүргэнийг хөөн явуулж чадахгүй байтал, бас юунд энэ аянгын эрхтэнг авчирч намайг хорломуй?” Бичин өгүүлрүүн: ”Гоу өвгөн чи учир ухахгүй хоосноор өдий их насалжээ. Хэрвээ зүсээр хүнийг үзвээс үнэхээр ташаарсан хэрэг болой. Өвгөн Сүн миний дүр хэдий муухай боловч, бас баахан чадал буй, чиний шулам хүргэнийг барьж, охиныг чинь эгүүлэн өгвөөс барав, бас юунд муухай зүс царайтай хэмээн дахин дахин өгүүлмүй!” Сартваах түүний ийн өгүүлэхийг сонсоод айн чичрэн аргагүй гэртээ залсанд, Бичин сая цагаан морио хөтөлж, Гоу Цайгаар боодлоо дамнуулан Тансагийг авч оров. Тэр бас нэг ч эрээлэхгүйгээр задгай танхимийн тулгуураас морио уяад, нэгэн хуучивтар исрийг татан авчирч Тансагийг суулган бас нэгэн исрийг татан авчирч багшийн хажууд өөрөө суув. Тэр өвгөн өгүүлрүүн: “Энэ бага багш харин ч эрээлэхийг мэдэхгүй.” Бичин өгүүлрүүн: “Чи намайг хагас жил авч суусан ч эрээлэхээргүй” хэмээв. Суусны хойно Гоу өвгөн асууруун: “Сая миний гэрийн хүн хоёр багшийг зүүн газраас ирэв хэмээсэн бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Тийм болой, ядуу тойн би эзний зарлигаар баруун газар бурханд мөргөн ном залахаар одмуй, таны айлд нэгэн шөнө хоноод маргааш явсугай хэмээмүй.” Гоу өвгөн өгүүлрүүн: “Хоёр тойн хоног гуйх хүн атал юунд шулам барьж чадмуй хэмээн өгүүлэх буй?” Бичин өгүүлрүүн: “Хоног гуйхын дашрамд нэг хэдэн шулам барьж наадсугай хэмээх бөлгөө, таны ордонд хэдий шулам байх буй?” Гоу өвгөн өгүүлрүүн: “Тэнгэр ээ! Хэд байж болох буюу, энэ нэгэн шулам хүргэн мөн бидэнд хүрчээ!” Бичин өгүүлрүүн: “Чи тэр шулмын уг язгуур болон хэдий их чадалтайг надад хэлэгтүн, би чамд түүнийг барьж өгсүгэй.” Гоу өвгөн өгүүлрүүн: “Миний энэ тосгонд эртнээс нааш буг чөтгөр ад шулмын зэргийн юмыг мэдээгүй бөлгөө, ганц өвгөн би заяа муу тул хөвгүүнгүй, гурван охин төржээ. Ихийн нэр нь Сян Лан, хоёрдугаарын нэр нь Иүй Лан, гуравдугаарын нэр нь Цүй Лан хэмээмүй. Их хоёр нь тус айлын хүнд холбосон бөлгөө, ганц энэ бага охиндоо хүчний хүргэн авч хамт аж төрөн үүд өрхөө гэрэлтүүлэн өтөлтөл зарсу хэмээн санасан бөлгөө. Гурван жилийн өмнө нэгэн хүн ирж зүс өнгө бас ч нэлээд сайхан. Тэр биеэ буянт уулын хүн, овог Зу, дээрээ эцэг эхгүй, доороо ах дүүгүй, дуртайяа хүнд хүчин хүргэн болон суумуй хэмээв. Өвгөн би түүнийг үзэж тоогоод хүргэн болгосон бөлгөө, сая ирсэндээ харин ч  ажилч, арвич, тариа тарихад анжис үхэр үл хэрэглэн, тариа хадахад хадуур үл хэрэглэмүй. Эрт эчин орой ирэн үнэхээр сайн байжээ. Ганц өнгө зүсээ хувилгаж чадах нь хэцүү.” Бичин өгүүлрүүн: “Яахан хувилгамуй?” Гоу өвгөн өгүүлрүүн: “Сая ирэхдээ нэгэн тарган хар эр болой, хожим хувилж нэгэн урт хошуу дэлбэгэр чих шилэн дээрээ бас нэгэн зурвас зогдортой болоод бие бялдрын болхи бүдүүн нь хүн аймаар, толгой түрүү нь Гахайд адил, гэдэс нь бас маш их, нэгэн удаа дөрөв таван дэү идмүй. Өглөөний хоолонд ч зуу илүү боорцог идмүй. Мундач бацаг барьж мах идэхгүй, хэрвээ тийм бус болбоос өвгөн миний эд хөрөнгө тариа төмсийг хагас жил болохгүйгээр цөм идэж барах болой!” Тансаг өгүүлрүүн: “Түүний хийх ажил хүнд тул идэх нь их буй за.” Гоу өвгөн өгүүлрүүн:  “Идэх их нь бага хэрэг, өдгөө тэр салхин хөдөлгөн үүл хөлөглөн, манан дэгдээж хайр чулуу хийсгэн чадах болжээ. Тиймээс миний нэг гэрийн хүмүүс ба баруун зүүн зэргэлдээ гэрийн хүмүүс цөм айн цочиж амар амьдарч чадахгүй болжээ. Тэр бас миний охин Цүй Ланг хойд гэрт хориод хүнд учруулахгүй хагас жил илүү болов. Үхсэн ба амьдыг мэдэхгүй. Иймийн тул түүнийг шулам хэмээн мэдээд нэгэн эрдэмт багшийг залж түүнийг үлдсүгэй хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Энэ ямар бэрх буй? Өвгөн чи сэтгэлээ сул тавь, энэ шөнө би түүнийг барьж ураг салах бичиг бичүүлэн чиний охиныг эгүүлвээс ямар?” хэмээсэнд Гоу өвгөн их л баярлан өгүүлрүүн: “Би түүнийг хүргэн болгож авснаас нааш миний нэр ч гутав, элгэн садан ч явалцахаа байв, хэрвээ бариваас түүнээс ямар салах бичиг авах буй? Таныг гуйх нь надад түүний үндсийг арилгаж өгмү.” Бичин өгүүлрүүн: “Хялбар! хялбар! Шөнө болсны хойно хэрэг даруй бүтмүй.”


Өвгөн их л баярлаж ширээ арчин цав цай барьж бараад орой болсонд ийн асууруун: “Ямар зэвсэг хэдий хүн хэрэглэмүй? Эртхэн бэлтгэхэд сайн.” Бичин өгүүлрүүн: “Над зэвсэг буй.” Өвгөн өгүүлрүүн: “Та хоёул ганц тэр дулдуйгаар тэр шулмыг хэрхэн занчиж болмуй?” Бичин чихнээсээ нэгэн нарийн зүү гарган гар дээрээ тавьж салхин эсрэг нэгэнтээ сажсанд аяган чинээ бүдүүн алтан толтот болд бэрээ болгоод өвгөний зүг өгүүлрүүн: “Чи энэ шийдмийг үзтүгэй, таны зэвсгээс ямар? Үүгээр тэр шулмыг занчиж болох буюу?” Гоу өвгөн бас өгүүлрүүн: “Зэвсэг буй болбоос бас хэдий хүн дагуулмуй?” Бичин өгүүлрүүн: “Би хүн хэрэглэхгүй, гагцхүү хэдэн мэргэн өвгөдийг авчирч миний багш лугаа зоог хэлэлцүүлж суулгасугай, би тэр шулмыг барьж авчирсны хойно олны өмнө өчгийг нь авч чамд зовлонгийн үндсийг арилган өгсүгэй.” Тэр өвгөн даруй гэрийн хүүхдийг дуудан эрдэмтэй элгэн саднаасаа хэдэн хүнийг авчирсанд Бичин өгүүлрүүн: “Багш сэтгэлээ сул тавин суутугай, би өдгөө одмуй” хэмээв.


Тэр, төмөр шийдмээ бариад Гоу өвгөнийг татаж: “Чи намайг хойд гэртээ аваачиж шулмын суух орныг үзүүл!” хэмээсэнд, Гоу өвгөн түүнийг дагуулж хойд гэрийн хаалганд хүрсэнд Бичин өгүүлрүүн: “Чи хурдан түлхүүр авчирч энэ оньсыг нээ” хэмээвэл, Гоу өвгөн өгүүлрүүн: “Үүнийг түлхүүрээр нээж болох болбоос чамайг урьсны учир юун?” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ өвгөн өтөлсөн атал наадам хийхийг мэдэхгүй ажгуу, би чамайг шоглосон болой, чи харин үнэн болгожээ.” хэмээгээд урагш давшиж оньсыг тэмтрэн үзвээс харин гуулиар цутгасан ажгуу. Бичин болд бэрээгээр хаалгыг занчин эвдээд дотогш үзвээс хав харангуй тул ийн өгүүлрүүн: “Өвгөн чи үүдэнд хүрч охиноо дууд, байх ба үгүйг үл мэдмүй.” Тэр өвгөн айн чичирсээр хаалганы дэргэд хүрч: “Отгон охин минь!” хэмээн дуудсанд, тэр охин эцгээ таниад сул дорой дуугаар: “Аав, би энд байнам” хэмээсэнд Бичин дотогш үзвээс тэр охины төрсөн байдал нь:


Хар үсээ гөрсөнгүй сулаар ороогоод, хасын нүүрийг угаасангүй тоос даржээ. Ариун үзэсгэлэн царай нь асар мууджээ. Интоорын урууланд цусны өнгө үгүй өвдөг нугаран суусаар дөрвөн мөч атирчээ. Элэг эмтрэн эмгэнэсээр муруй хөмсөг зулгараад, эцэж зовон турсаар үг дуун доройтжээ. 


Тэр эцгийнхээ дэргэд ирэн их л зууран уйлахад Бичин өгүүлрүүн: “Битгий уйл, би чамаас асуусугай, тэр шулам хаана одов?” Охин өгүүлрүүн: “Тэр үүл манан хөлөглөх тул хаана одсоныг мэдэхгүй, энэ орчим эцэг түүнд дургүй болсныг мэдээд тэр үргэлж сэрэмжлэн үүр цайхаар одож үнэгэн харангуйгаар ирмүй.” Бичин: “Хэлэх хэрэггүй, өвгөн чи охиноо аваад өмнө гэртээ очиж хэлэлц, би энд түүнийг хүлээсүгэй, тэр хэрвээ ирэхгүй бөгөөс надад битгий гомд, тэр ирвээс эрхгүй барьж чамд үндсийг нь тасалж өгсүгэй” хэмээсэнд өвгөн маш баясан охиноо дагуулан өмнө гэртээ эчив.


Бичин, увидас хэрэглэн тэр охины адил хувилаад ганцаар шулмыг хүлээн суув, удалгүй их салхин салхилж чулуу дэгдэн хумх хийсэв. Үнэхээр догшин салхи:


Хуугих салхины их нь хорвоо ертөнцийг нийдэм бүрхээд, хог тоосны дэгдэн ирэх нь хориглох юмгүй. Цэцгийг зулгаан удыг унагах нь олсыг үгтээх мэт, модыг сугалан шугуйг талхидах нь өвсийг хяргахад адил. Мөрөнг урвуулан далайг хутгахуйяа чөтгөр сахиусан зовниод, чулуу хагаран уул нурахуйяа тэнгэр газар цочжээ.


Цэцэг зуусан ми буга ирсэн мөрөө алдаад, жимс түүсэн хүн бичин зүггүй төөрчээ. Долоон давхар төмөр суварганы туг толгой мултраад найман талт лавир чимгийн орой нь цоорчээ. Алтан нуруу хасын багана үндсээрээ сажлаад, адарын ваар хийсэх нь хараацай нисэх мэт. Усчин авгай шилбүүрээ өргөн амалдан тангараглаад, онгоцны өвгөн хонь алан яаран тахьжээ. Нутаг усны навдаг савдаг сүмээ орхин зугтаад, дөрвөн далайн лусын хаад дээш хандан мөргөжээ. Далайн хөвөөнд ягчис онгоцыг мөргөн эвдлээд, цагаан хэрмийн цайзан газар хагас илүү нуржээ.


Хуй салхин өнгөрмөгц огторгуйгаас нэгэн шулам буун айсуй, үзвээс төрсөн нь үнэхээр муухай, нүүр нь хар, үс нь охор, урт хошуу их чихтэй, биед хар бэс эрэн өмсөж толгойд эрээн алчуур ороожээ. Бичин үзээд сэмээр инээн дотроо: “Үзвээс! Ийм маймай ажгуу!” хэмээн сэтгээд угтах ч үгүй, дуугарах ч үгүй, оронд орон ёйлон авай. Тэр шулам үнэн худлыг мэдэхгүй, орж очмогц тэврэн авч озоход Бичин сэмээр инээн: “Энэ үнэхээр өвгөн Сүн намайг эмээ болгоном!” хэмээн сэтгээд, увидас хэрэглэн түүний хошуунаас барин толгой дээгүүрээ орхисонд шулам газар доор унав. Тэр шулам мөлхөн босч орны ирмэгийг тэмтэрч өгүүлрүүн: “Нөхөр чи над юунд уурламуй? Бодвоос миний хожимдож ирсэнд уурласан буй за?” Бичин: “Уурласангүй! уурласангүй!” хэмээсэнд, тэр шулам өгүүлрүүн: “Уурласангүй болбоос юунд намайг ийнхүү савмуй?” Бичин: “Чи орж ирмэгц юунд энэ мэт авжиглаж намайг тэврэн озмуй? Энэ өдөр миний бие баахан амар үгүй, хэрвээ энгийн өдөр шиг эрүүл болбоос хэдийн босч үүдээ нээж чамайг угтах болой. Чи хувцсаа тайлж унт” хэмээсэнд, шулам түүний санааг ухахгүй, үнэхээр дээл хувцсаа тайлахад Бичин ховх үсрэн босоод шээсний суулга дээр очиж суув. Тэр шулам эгэж ирээд ор дээрээ тэмтэрвээс хүнгүй тул дуудан өгүүлрүүн: “Нөхөр, чи хаана одов? Дээлээ тайлж унт.” Бичин: “Чи урьдаар хэвт, би бие засаж ирсүгэй” хэмээсэнд, тэр шулам үнэхээр дээлээ тайлаад ор дээрээ гарч хэвтэв. Бичин гэнэт шүэрсэн алдаж ийн өгүүлрүүн: “Заяа минь доройтов!” Тэр шулам өгүүлрүүн: “Чи ямар учирт бухимдмуй? Юунд заяа минь доройтов хэмээмүй? Би чиний гэрт ирснээс нааш таны будааг баахан идсэн боловч мөн зүгээр идсэн бус. Би бас танд газар шүүрдэж суваг малтан, тоосго зөөн хэрэм барьж, тариа тарьж газар хагалсан бөлгөө. Чи өдгөө гэмэрлэг өмсөж алтыг эдлэн, дөрвөн улиралд цэцэг жимсийг амсаж, найман цагт тарьсан ногоо идэн атал чиний санаанд үл суух явдал юун хэмээн энэ мэт заяандаа гомдмуй?” Бичин өгүүлрүүн: “Тийм бус, энэ өдөр миний эцэг эх хэрмийн тэртээгээс тоосго чулуугаар цохиж намайг хараамуй.” Тэр шулам өгүүлрүүн: “Чамайг юу хэмээн хараамуй?” Бичин өгүүлрүүн: “Чамайг над лугаа эр эм болоод, өчүүхэн ч ёс журмыг мэдэхгүй. Ийм зэвүүн муухай зүс царайтай хүргэнийг ураг саданд уулзуулахын арга үгүй хэмээмүй. Бас чамайг үүл манан хөлөглөн ирж эчих мэдэгдэхгүй тул чухам аль газрын хүн, ямар овог нэртэйг ч мэдэхгүй хэмээмүй. Тиймээс тэдний нэр нүүрийг гутаав хэмээн намайг цохин хараахад би шүүрс алдмуй.” Шулам өгүүлрүүн: “Би муухай боловч сайхан болъё хэмээвээс ямар бэрх буй, би ирэхийн цагт чиний эцэгт хэлсэн бөлгөө, тэр намайг тоож хүргэн болгов. Энэ өдөр юунд ийн өгүүлмүй! Миний гэр буянт уулын үүлт агуйд буй, би төрсөн байдлаа дагуулж овог авсан тул, овог Жу, нэр нь Жу Ган Лиэ хэмээмүй, тэд чамаас дахин асууваас чи ийн хэлж өг” хэмээв.


Бичин маш баясан: “Энэ шулам үнэхээр шударга ажгуу, эрүү тулгасангүй байтал, энэ мэт үнэнээ хэлмүй, орон газар, овог нэртэй болбоос яасан ч үүнийг барьж болмуй” хэмээн сэтгээд бас өгүүлрүүн: “Тэд сайн тойдыг эрж авчраад чамайг барьсугай хэмээмүй.” Шулам инээн өгүүлрүүн: “Унт! унт! Түүнийг ойшоох хэрэггүй! Над гучин зургаан зүйлийн хувилгаан эрдэм, есөн араат малтуур буй тул тэр тойд бумбаас айх учир юун? Чиний эцэг үнэн сүсэг сэтгэлээр есөн тэнгэрийн орноос шулмасыг дарах хувилгаан багшийг доор ертөнцөд залан авчравч би бас түүн лүгээ танил тул, тэр бас аймшиггүй  намайг яаж чадахгүй.” Бичин өгүүлрүүн: “Би сонсвоос тэд, таван зуун жилийн өмнө дээд орныг түйвээсэн тэнгэр лүгээ чацуу их богдыг залж чамайг бариулах гэнэм.” Тэр шулам их богд хэмээх нэрийг сонсоод гурван хувь эмээн өгүүлрүүн: “Тийм болбоос би өдгөө одмуй, эр эм болж чадахгүй болов.” Бичин өгүүлрүүн: “Чи юунд одмуй?” Шулам өгүүлрүүн: “Чи мэдэхгүй, тэр тэнгэрийн орныг түйвээсэн агтын даамалд чадал буй, би түүнийг дийлж чадахгүй болбоос нэр төрд муухай болмуй” хэмээгээд дээлээ өмсөж хаалгаа нээгээд гадагш гарахад, Бичин гар сунган барьж, царайгаа нэгэнтээ илбэмэгц уг биеэр болоод ихэд зандан: “Муу шулам хааш одмуй! Чи намайг үз, би хэн буй?” хэмээсэнд тэр шулам хойш харж Бичиний шүдээ ярзайн амаа ангайж, ал нүдэн алтан цөцгий, нүүрэнд үстэй нь амьд аянгын эрхтэн мэтийг үзээд, айж урагш зүтгэн хувцсаа урж салхин болон дутаан одов. Бичин яаран урагш давшин болд бэрээгээ гаргаж салхин зүг занчсанд, тэр шулам түмэн зурвас улаан гэрэл болон шууд өөрийн ууландаа одов. Бичин үүл хөлөглөн хойноос нэхэмжлэн их дуугаар зандан өгүүлрүүн: “Чи хааш одмуй! Чи хэрвээ тэнгэр дээр гарваас би чамайг Сударсан балгасанд хүртэл хөөмүй, чи газар доор орвоос би чамайг эрлэг тамын оронд ортол нэхмүй!”Энэ нэхэн одсон нь ямар газарт хүрэх ба дийлэн дийлэгдэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 53 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 40 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 9 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 13 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 56 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 29 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 32 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 32 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 6 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 15 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 26 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 31 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 53 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 10 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 4 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 28 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 29 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 44 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК