зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


АСРАЛ ЧОЙЖИН ӨВГӨН ХУВИЛАН ИХ БОГДЫГ ЭМНЭВ
АРЬЯАРИД БОДИСАДВА УУЛНААС БУУН ШАР САЛХИТ ШУЛМЫГ ДАРАВ


Өгүүлэх нь: Тэдгээр олон бага шулам уранхай хиур, хагархай хэнхэргээ чирсээр агуйн дотор дутаан орж: “Манай хошууч барс тэр нүүрэнд үстэй тойнд дарагдаад уулын зүүн зүг дутаасанд тэр тойн хойноос нь хөөн одов.” хэмээсэнд тэр хөгшин шулам нь тэсгэлгүй зовнин дуугүй удтал бодлого болон суун атал бас нэгэн бага шулам орж ирэн: “Тэр тойн манай хошууч барсыг занчин алаад үхдэлийг үүдэн өмнө чирэн авчирч байлдсугай хэмээн хараамуй” хэмээсэнд хөгшин шулам сонсоод нэн ундууцан өгүүлрүүн: “Энэ дамшиг даанч самуурчээ? Би түүний багшийг идээгүй бөгөөтөл тэр харин миний хошууч барсыг алсан нь юутай хорсолтой ажээ.” хэмээгээд бас: “Миний хуяг дуулгыг авчир, би түүний нэрийг сонсч удав. Энэ өдөр гарч ямар зэргийн аймаар тойн болохыг үзэж, эрхгүй түүнийг баривчлан хошууч барын хорслыг тайлсугай.” хэмээн биеэ хуяглан гарт гурван салаат ган сэрээг атгаж, олон шулмаа дагуулан агуйгаас үсрэн гарч ирэх нь үнэхээр түмэн эрийн тэргүүн баатар болой. Түүний хуягласан нь: Алтан дуулга наранд гялсхийн, мөнгөн хуягаас гэрэл цацармуй. Дуулгад хатгасан гургуулын сүүл лавир болон хийсч, шар магнагийн уудам дээлийг хуягийн гадуур хөдөрчээ. Арслан барсын жанжин бүсийг тэг дундуур бүсэлж амийг нь сахих нар, саран толийг ар өвөрт зүүжээ. Хярсын арьсан гуталд хээ угалз ороож, гэмэрлэг торгон хормойвчид нь навч цэцэг хатгажээ. Гарт гурван салаат ган сэрээ атгаж, галавт цолгорсон эл лан богдоос нэг ч дооргүй.


Тэр бас хөгшин шулам өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Аль нь бичин хэмээмүй?” Бичин хөлөөр барсын арьсыг гишгэн гарт чандмань бэрээгээ барьж хариу өгүүлрүүн: “Сүн өвөг эцэг чинь энд буй, миний багшийг түргэн гаргаж өгөгтүн.” Тэр шулам бичний бие ягжгар, нүүр хатангирыг үзээд инээн өгүүлрүүн: “Аяа юутай хөөрхий аж! Би харин чамайг түмэн эрийг тэнцэх их баатар хэмээн санасан бөлгөө, үзвээс нэгэн биеийг олж төрсөнгүй туранхай чөтгөр ажгуу!” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ хөвгүүн харин ч юм мэдэхгүй буюу! Энэ өвөг эцгээн бага хэмээн басах буюу. Чи тэр сэрээний ишээр миний толгой руу нэг занчваас би даруй зургаан тохой өсмүй.”  Шулам өгүүлрүүн: “Чи толгойгоо эс хайрлаваас миний сэрээний амтыг үз.” хэмээсэнд, бичин өчүүхэн ч айх байдалгүйг үзээд, шулам сэрээний ишээр нэгэнтээ занчихуйд бичин нуруугаа түгдийлгэн зургаан тохой өсч алд илүү өндөр болов. Үүнийг үзээд тэр шулам ихэд цочиж сэрээгээ атган зандран өгүүлрүүн: “Чи ямар аймшиггүйгээр бие халхлах увидсыг надад гайхуулмуй! Чи нааш ир! Би чамд эрдэм үзүүлсүгэй!” Бичин инээн өгүүлрүүн: “Хөвгүүн чи сонс! Эртний үгэнд “Ялдар хаяваас гар хөдлөхгүй, гар хөдөлбөөс ялдар хаяхгүй” хэмээжээ. Өвөг эцгийн чинь гар хатуу тул чи миний нэгэн шийдмийг үл даах буй за!” Тэр шулам юуны сонсох аж. Сэрээ өргөн бичний цээж рүү чичин ирэхүйд энэ их богд өчүүхэн ч цухалдсангүй, болд бэрээгээ барьж ган сэрээг тосон зайлуулж, дахин түүний тэргүүнийг эрэн занчин оров. Тэр хоёул шар салхит агуйн үүдэнд энэ нэгэн зэрэг их л байлдсан нь: 


Буруу агуйн  шулам хилэгнэн бичийг барин хошууч барсын хорслыг тайлсугай хэмээмүй. Богд бичин сүр бадруулан, буг чөтгөрийг даран багш Тансагийг аварсугай хэмээмүй! Ган сэрээгээр болд шийдмийг, болд бэрээгээр ган сэрээг угтмуй, энэ нэгэн нь уулыг дарагч их ван, тэр нэг нь Тансагийн шадар хамгаалагч сайхан бичин ван. Эхлэхүйеэ эд хоёул ертөнц дэлхийд байлднам, өдгөө нэгэнт Эсэрүа тэнгэрийн цээлд гарчээ. Гялс гялс үзэгдэх нь ган сэрээний хурц үзүүр, цайлс цайлс харагдах нь чандмань бэрээний алтан толт. Сэрээдэгдвээс сүнс лав тамын оронд тонилон шүргэгдвээс сүг магад эрлэг хаанд золгомуй. Хоёул цөм өөр өөрийн хурц шаламгайд эрдэж, хослон байлдхуйяа биеийн чийрэгт итгэжээ. Амь цөлөн хоёул нэгэнт нөрөн байлдахуйяа, аль нь амьд гарахыг хэн хүн мэднэм! 


Тэр хөгшин шулам, их богд лугаа гучин хэдэн удаа зөрөлдөж дийлэн дийлэгдэх ялгарахгүй. Бичний дийлэх санаа бачим тулд биеэ үржлүүлэх увидсыг хэрэглэн үсээсээ нэг атга зуулан аманд зажилж дээш нэгэнтээ үлээн “Хувил” хэмээн хашхирмагц хэдийн зуугаад бичин хувилаад төмөр шийдэм барьж, шулмыг томоолон ирэхэд, тэр шулам ихэд гэлмэгдэж мөн увидас үүсгэн амаа гурвантаа ангаймагц хийн орноос салхи үмхэн үлээсэнд хоромхон зуур их салхи салхилав, тэр салхины хэцүүг хэлбээс:


Сэрүүн салхи сэр сэр тэнгэр газар хувилаад, сүүдэр мөр алар балар шар элс хийсмүй. Шугуйг нэвтлэн давааг шувтлахуйяа нарс майлс унаад, шороо хуйлран тоос дэгдэхүйе хана хад хагарчээ. Хатан голын давалгаан цалгилан ус цөм булингартаад Сиян Жиян мөрөн гэдрэг ойлон давлагаан босчээ. Сударсан ордон сууриараа хөдлөөд, Синра харш нурахад хүрэв. Таван зуун архан-ы айх дуун тэнгэр тулаад найман их Очирваань нийт цөм эмээлдэн шуугилдав. Уран манзуширын хөх арслан хөглөн булгин дутаагаад, өвгөн Самандабадрагийн цагаан заан үргэн туйлан зугатжээ. Махасувари тэнгэрийн хавтас могой ижлээсээ салаад Ци түнгийн халтар луусын тохом салхинд завхжээ. Тэнүүл арилжаачин тэсгэлгүй бачимдаж “Тэнгэр ээ” хэмээн дуудаж, онгоцны өвгөн ооч сандран олонтаа амалдан тангаригламуй. Омог ихтийн амь насан униарт давалгаанд урсан, олз ихтний зуурдын сүнс урсгалыг даган хөвмүй. Арш уулын агуй түн харанхуй болон нэдийгээд арилсан орны Фэн лай арал будунгуйран эхлэв. Өвгөн дилав үрлийн гүүрээ хамааран үл чадаад, өлзийн одон өдөт гөвүүрээ хэрэглэж ядан хураав. Өлийт хуримд залран одох эх Нэвс хүрз үлээх салхинд хийсэгдэн үс гэзэг цөм салбарав. Эл лан богд Гуан жу хотноо зам төрөөд Нэйж тайж авдраас элдээ авч ядав. Тэнгэрийн махранз алганы суврагаа ажиглаж олохгүй болоод дархан Лу бан алтан өрмөө унагаагаад тэмтэрхийлмүй. Аянгын дуут эрдэнийн сүм гурван давхар нурж, Зуу жэү хотын чулуун гүүр хоёр тийш тасарчээ. Нэгэн тэргэл улаан наран зүс юүгээ алдаад нэг мөсөн түгсэн түмэн мичдийг өнгө нэгэнт буурчээ. Өмнө уулын шувуу үргээд хойд ууланд нисэн, зүүн тэнгисийн ус үерлэн баруун далайд цутгажээ. Эр эм харилцан салаад ирж үл олон, эх хөвгүүн нэгнээсээ ангижраад дуун үл сонстмуй. Лусын хаан дөрвөн далайд ягчис юугаа эрэн аянгын эзэд газар бүхэнд цахилгаан эхийг сурагламуй. Арван үеийн эрлэг хаан дансан түшмэлээ сурвалжлан, есөн булгийн үхэр толгойт морин толгойтоо асуумуй, хуухинах салхин Буданлан уулыг үлээн унагаж, хомсим бодисадвагийн бодь номыг хийсгэн аваачжээ. Бадам лянхуа цэцэг зулгаран дөрвөн далайд бутраад, бодисадвагийн арван хоёр хийд цөм нуржээ. Галав үүссэнээс нааш гарах салхийг цөм үзлээ, гажуу энэ салхинд адил гамшиг гарсангүй. Хүрчигнэн ирэх хүчит салхинд хүний орчлон хөвхөлзөөд, хөх мөнх тэнгэр хөрст алтан дэлхий хөрвөн алдмуй. 


Тэр шулмын салхинд бичний үсээр хувилгасан олон бага бичин цөм огторгуйд хийсэлдэн ээрүүл мэт эргэлдэхээс өөр бие тогтож, шийдэм эргүүлж чадахгүй болсонд бич их л цухалдан үсээ биедээ хурааж аваад ганцаар шийдэм далайн занчин орохуйд тэр шулам түүний нүүр эсрэг бас нэг ам шар салхи үлээсэнд ал улаан алтан цэцгийт нүд нь нээж болохгүй тул шийдэм даллан буруулан эчив. Тэр шулам салхиа хураан агуйд эгэхийг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь Гахай их салхи хөдлөн тэнгэр газар нэг болсныг үзээд морио хөтлөн юмаа сахьсаар тэр уулны хотгорт богжойн сууж нүдээ таг анин аман дотроо маань уншив. Бас бичний дийлэн дийлэгдсэн ба багшийн амьд үхсэнийг үл мэдэн дотроо дэмий л таамаглан атал, салхи намжиж тэнгэр гийжээ. Төдий өндийж агуйн үүдний зүг харваас байлдах байдал огт үгүй. Хаалган доор хүрч үзсүгэй хэмээвэл морь, юмыг харах хүнгүй тул ихэд гачигдан адил гэнэт баруун этгээдээс бичин бархирсаар ирэхийг үзээд сая өндийн босч угтан өгүүлрүүн: “Ах минь, юутай хэцүү салхи аж! Чи хаанаас ирэв?” Бичин гараа сажин өгүүлрүүн: “Хэцүү! Хэцүү!  Өвгөн Сүн би хүн болсноос нааш ийм их салхийг үзсэнгүй. Тэр хөгшин шулам гурван салаат сэрээ хэрэглэн над лугаа гучин хэдэн удаа зөрөлдөхүйд би бие үржүүлэх увидсыг хэрэглэн томоолон байлдсанд тэр их л мэндүүрэн энэ мэт их салхийг үүсгэв. Би зогсож ядан увидсаа хураан дутаан ирэв. Даанч сүрхий, даанч сүрхий! Өвгөн Сүн би бас ч салхи бороон урьж чаднам, гэтэл энэ шулмын салхинд үл хүрмүй!” Гахай өгүүлрүүн: “Тэр шулмын зэвсгийн эрдэм ямар вэ?” Бичин өгүүлрүүн: “Бас ч нэлээд сайн, сэрээний эрдэм мөн ч бүрэн бөгөөд надтай тэнцвээс болмуй. Ганц түүний салхи нь хэцүү тул дийлэн эс чадав.” Гахай өгүүлрүүн: “Тийн бөгөөс багшийг яахан гаргамуй!” Бич өгүүлрүүн: “Багшийг гаргах хэргийг алгуур мэдсү, энд нүд эмнэх эмч байх эсэхийг мэдэхгүй, урьдаар нүдээ эмнүүлбээс сайн бөлгөө.” Гахай өгүүлрүүн: “Чиний нүд яав!” Бичин өгүүлрүүн: “Тэр шулмын үлээсэн салхинд нүд тэсгэлгүй өвдөж нулимс цувармуй.” Гахай өгүүлрүүн: “Ах минь, ийм орой болсонд энэ ууланд эмч байтугай, хонох газар олдох эсэхийг үл мэднэм.” Бичин өгүүлрүүн: “Хонох газар эрэхэд амар, бодвоос тэр шулам мөн аймшиггүй багшийг хорлохооргүй, бид зам эрэн нэг айл олж хоноод маргааш эрт ирж шулмыг барьсугай.” хэмээсэнд Гахай “Мөн, мөн.” хэмээв. 


Хоёул морио хөтлөн дамжуураа дамнан уулны хотгороос гарч яван атал, хэдийн бүрий тасрах болоод гэнэт замын гажуугийн уулын хөтөл дор нохой хуцах дуун гармуй. Тэд хоёул зогсон үзвээс харин ч нэгэн гэр аж. Цонхоор зулын гэрэл сүүмэлзмүй. Хоёулаа шууд гэрийн үүднээ хүрч үзвээс:


Цахирмаа далдуу бутлан ургаж өвс өлөн зузаан цагаан чулуу дэвсгэрлэн харагдаж ногоон хигтэр чимжээ. Нэг хэдэн галт хорхой нааш цааш нисэн нягт ургасан ой шугуй намаг нийлэн сүүдэрлэжээ. Анхимал цахирмаа хамарт үнэртэн шинэ хулс сэрвэлзэн ариун булаг горхийн хөвөөнөө хөгшин майлс сүглиймүй. Элмэг энэ газарт ирж эчих хүн үгүй, үүдний гадна гагцхүү хээрийн цэцэг навчлан дэлгэрчүхүй.


Тэр хоёул аймшиггүй дураар үл орон “Хаалгаа нээ!” хэмээн дуудсанд, дотроос нэгэн өвгөн малтуур барьсан хэдэн хүүхдийг дагуулан гарч ирээд: “Та ямар хүн бэ?” хэмээн асуусанд, бич мэхийн учран: “Бид болбоос зүүн газрын их Тан улсын богд тойн Тансагийн шавь нар болой, багшийг дагаж баруун газраас ном залаар одох бөлгөө. Энэ уулыг өнгөрөхөд шар салхит шулам манай багшийг барьж аваачив. Тийнхүү бид багшаа гаргаж авсугай хэмээхүл нар бас орой болсон тул эрхмийн гэрт нэг шөнө хонох хэмээн ирэв.” Тэр өвгөн хариу ёслон өгүүлрүүн: “Угтахыг алдав. Энэ газар шулам болон хүн цөөхөн тул сая та нарын дуудахыг сонсоод чөтгөр шулам хулгай дээрэм болуузай хэмээн хоёр тойныг дотогш залахыг осолдов.” хэмээсэнд тэд хоёул дотор орж морио уяж дамжуургаа тавиад өвгөнтэй ёслолцон суув. Удсангүй цав цай авчирч идүүлэн ор зассанд бич өгүүлрүүн: “Унтах нь харин ч бага хэрэг, эрхмээс асуух нь таны энд нүд эмнэх эмч бий юү?” Тэр өвгөн өгүүлрүүн: “Аль тойны нүд өвдмүй?” Бичин өгүүлрүүн: “Өвгөнөөс нуухгүй, манай гэрээс гарсан тойнд ямар нүдэн зар байх вэ?” Өвгөн өгүүлрүүн: “Тийн атал юунд эмч эрмүй?” Бичин өгүүлрүүн: “Бид багшийг аварсугай хэмээн шар салхит агуйн амсарт тэр шуламтай байлдсан бөлгөө. Санамсаргүй түүний үлээсэн салхинд нүд арган одоо болтол нулимс гоожих тул эмчээр үзүүлсүгэй хэмээмүй.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Үнэхээр хэцүү, үнэхээр хэцүү, тойн чи нас бага атал юунд худал хэлмүй? Тэр шар салхит шулмын салхи хэмээгч маш хэцүү, түүнийг хавар намрын салхитай адилтгаж үл болмуй.” Гахай өгүүлрүүн: “Тийн бөгөөс лавтайяа хар салхи, хавсарган салхи, угалзан салхи, улаан салхи буй за?” Өвгөн өгүүлрүүн: “Бус бус, түүний нэр нь “Самадийн хувилгаан салхи” хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Яаж олж мэдэв?” Өвгөн өгүүлрүүн: “Тэр салхи салхилбаас тэнгэр газар харанхуй болж, чөтгөр сахиусан уйлан хад чулуу хагармуй, хүн дайрагдваас амь даруй бусинамуй. Гагцхүү хувилгаан шидтэн түүний салхинаас үл айх атал та хоёул яахан амьд гарч болмуй?” Бичин өгүүлрүүн: “Үнэн! үнэн! Худал бус. Бид хэдийн хувилгаан шидтэн бус боловч мөн ч хувилгаан шидтэний өвөг дээдэс болох тул юунд үхэх вэ! Гагцхүү ганц нүд арган өвдмүй.” Тэр өвгөн өгүүлрүүн: “Чиний хэлэхээр үзвээс та нар энэ нэгэн язгуурт хүн ажгуу, манай энэ газар эмч үгүй, өвгөн миний нүд бас салхи жавар үзвээс нулимс гоождог тул нэгэн гайхамшигт хүн учирч надад гурван цэцэг есөн үрээр үйлдсэн эм өгсөн бөлгөө. Тэр эм нүдний аливаа өвчинд цөм тустай болой.”  Бичин бие мэхийн өгүүлрүүн: “Баахан хүртээхийг хүсмүй.” Тэр өвгөн дотогш орж нэг бяцхан манух-ын хувин гаргаж амсрыг нээж алтан хутгуураар бага өлгөж аваад бичний нүдэнд хийж “Чи нүдээ аниж нэгэн шөнө сайтар унтваас маргааш даруй сайн болох болой” хэмээн захиж хувингийн амсрыг таглаж хүүхдээ дагуулан дотогш оров. Гахай ор дэвсгэрйг засаж бичийг унт хэмээсэнд бич нүдээ аньсаар дэмий л тэмтэрхийлэхүйд Гахай инээн өгүүлрүүн: “Авгай, тогшуур таяг чинь хаана вэ?” Бичин өгүүлрүүн: “Будааны тулам муу манхууг үз! Чи намайг сохор болоосой хэмээн зүхнэ үү?” Тэр манхуу сэмээр инээсээр оронд орж унтав. Бичин орон дээрээ сууж тамираа тэжээсээр гурван жингийн үед сая унтав. 


Удсангүй тэнгэр гийсэнд бич нүүрээ элбэн нүдээ нээн өгүүлрүүн: “Үнэхээр сайн эм! Анхнаас арван хувь гэгээн болов.” хэмээн тэргүүн эргэн үзвээс хөгшин майлс өндөр удаас өөр хүн айл цөм үгүй болж, хоёулаа ногоон зүлгэнээ унтсан ажгуу. Энэ үеэс Гахай мөн сэрээд: “Ах чи юу өгүүлмүй?” хэмээхэд Бичин: “Чи нүдээ нээж үз.” хэмээсэнд Гахай толгойгоо өндийн үзвээс хүн айл нэг ч үгүй болсонд их л цочиж үсрэн босч өгүүлрүүн: “Миний морь хаана байна?” Бичин зааж өгүүлрүүн: “Тэр модонд уясан нь мөн бус буюу! Боодолтой юм хаана вэ?” Бичин өгүүлрүүн: “Чиний толгойн дэргэд байх бус буюу!” Гахай өгүүлрүүн: “Энэ гэрийн эзэн даанч олиггүй, нүүн явах атал намайг үл сэрээмүй? Гахай надад мэдсэн аваас мөн баахан бэлэг хүргэн мордуулах буюу, эд лав дутаан дэрвэж яваа айл буй за! Бид хоёулаа юунд ийнхүү үхтэл унтав, айл нүүж атал мөн мэдсэнгүй.” Бичин гэдэгнэн инээн өгүүлрүүн: “Манхуу чи дэмий битгий донгод, тэр модны дээр нааж байх нь ямар юм бэ?” Гахай эчиж авчраад үзвээс дээр нь дөрвөн мөр дуулал буй!


“Нутаглан суусан энэ айл иргэний гэр бус, номыг хамгаалагч

Чойжингийн хувилгаан бүтээл буюу. Гайхамшигт эмийг авгайд хүргээн нүд өвдөхийг зассанд гавшгайлан чармайж шулмыг дарахуйяа татгалзах газаргүй.” хэмээжээ.


Бичин өгүүлрүүн: “Энэ муу эрхтнийг үз, энэ бөх цагаан морийг олсноос нааш тэднийг нэг ч  бээр эс дуудан зарсан бөлгөө, эд харин энд ирж маныг хуурмуй!” Гахай өгүүлрүүн: “Ах, чи битгий их үг хэл, тэд чамаар зарагдах ёс буй?” Бичин өгүүлрүүн: “Дүү чи юу мэдмүй, эдгээр Чойжин зургаан улаагчин, зургаан хөх, таван этгээдийн Кирди, дөрвөн цагийн эзлэгч цөм бодисадвагийн зарлагийг хүлээн нэр мэдүүлэн манай багшийг далдуур сахих амуй. Чамайг олсноос нааш тэднийг нэг ч дуудан зарсан бээр үгүй.” Гахай өгүүлрүүн: “Тэд бурхны зарлигаар багшийг далдуур хамгаалан, биеийг илрүүлж болохгүй тул нэгэн хувилгаан айл болон хувилж намайг нэгэн шөнө хонуулан цав цай идүүлж, нүдийг чинь эдгээсэн нь бас ч муугүй. Тиймийн тул чи тэдэнд уурласны хэрэггүй, Бид одож багшийг гаргасугай.”Бичин өгүүлрүүн: “Дүүгийн үг зөв болой, тэр шар салхит агуй эндээс холгүй чи эндээ сууж морь юмаа сахь, Өвгөн Сүн би агуйд орж байдал ямар болсныг мэдэж тэр шуламтай байлдсугай.” Гахай өгүүлрүүн: “Ахын үг маш зөв, хэрвээ багш үхсэн бөгөөс бид өөр өөрт амьдрах замаа хөөсүгэй, хэрвээ амьд агсаар бөгөөс бид хүчлэн байлдсугай.” Бичин өгүүлрүүн: “Дэмий битгий донгод, би одном.” хэмээв.


Бичин нэгэнт тонгорцогломогц хэдийн агуйн амсар дээр хүрч ирэв. Тэдгээр хаалга сахигч шулам цөм унтсаар тул бичин тарни уншин шумуул болон хувилан нисэн оров. Энэ үнэхээр юутай уран гайхамшиг аж. Шүлгийн үг:


        Зэгзгэр биеэ журав жарав хоншоор нь хурц
        Жингэнэх дуун жингэр жингэр дуун нарийн 
        Цэцэгт өрөөний шаа хөшгөөр нэвтлэн шургахуйяа чадамгайд 
        Цав хэмээн найрамдах зуны улирал дохиолджээ.
        Гагцхүү гашуун утаа өдөт дэвүүрээс айн 
        Гарцаагүй зулын тунамал гэрэлд дуртай 
        Нарийн хоншоор хурц хошууны хатган өрөмдөх нь шаламгай тул 
        Нисэн дэгдсээр шулмын агуйд шууд орон эчив. 


Үзвээс хаалга сахигч нэгэн бага шулам хараахан хорчигнон унтсаар буй, бич эчиж түүний хацрыг хатгасанд, тэр бага шулам сэрээд бие урван: “Өвөг минь үнэхээр бүдүүн шумуул нэг хатгамагц ийм их гөвдрүү гарчээ!” хэмээгээд нүдээ нээж “Тэнгэр гэгээрэв.” хэмээсэнд хэдийн хаалга нээх дуу гарч хоёрдугаар үүд нээгдэв. Бичин дотогш нисэн орж үзвээс тэр хөгшин шулам ширээний дээр сууж олны зүг өгүүлрүүн: “Зэр зэвгээ бэлтгэж, үүд хаалгаа сайтар бэхэл, өчигдрийн салхинд бичин үхсэнгүй болбоос сааргүй ирмүй. Ирвээс эрхгүй түүний амийг нядалсугай.”


Бичин үүнийг сонсоод хойд хүрээнд нисэн одож үзвээс, үүдийг маш чанга хаажээ. Бичин үүдний завсраар шурган орвоос харин нэгэн хоосон хүрээ ажгуу. Тэнд Тансагийг багананд хүлж байн амуй. Багш нь нулимсыг цувруулан, “Бичин, Гахай минь хаана байнам?” хэмээн гасалнам. Бичин багшийнхаа нүцгэн толгой дээр суугаад “Багш минь” хэмээн дуудсанд Тансаг түүний дууг нь таниад эрэн өгүүлрүүн: “Бичин би чамайг санасаар үхэхэд хүрэв. Чи хаана байж намайг дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Би, чиний толгой дээр байна, чи битгий гасал, бид шулмыг барьсан хойно чамайг гаргасугай.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, аль цагт сая шулмыг барих вэ?” Бичин өгүүлрүүн: “Чамайг авчирсан тэр барс шулмыг Гахай хэдийнээ занчин алжээ, ганц тэр хөгшин шулмын салхи нь даанч хэцүү. Хэдий тийм боловч энэ өдөр эрх биш түүнийг барьсугай хэмээмүй, багш сэтгэлийг сул тавь битгий уйл, би одсу.” хэмээгээд нисэн эчив.


 Тэр хэдийнээ өмнө этгээдэд нисэн ирж үзвээс хөгшин шулам өндөр дээр сууж их бага олон шулам олон түшмэдээ бүртгэн амуй. Гаднаас нэгэн бага шулам гарт зарлигийн хиур барин гүйн орж ирээд мэдүүлрүүн: “Би сая уулыг эргэн яван атал, нэгэн урт хоншоор их чихтэй тойн шугуйн дотор сууж амуй, би түргэн дутаасангүй бөгөөс түүнд баригдах болой. Өчигдрийн тэр нүүрэнд үстэй тойн нь үгүй болжээ.” Хөгшин шулам өгүүлрүүн: “Тэр үгүй болсон нь миний салхинд үхсэн буй за? Эсвээс өөр газраас туслах цэрэг гуйхаар одсон буй за? Олон хүүхэд өгүүлрүүн: “Хэрвээ үхсэн болбоос мөн бидний буян болой, эс үхэж тэнгэрийн цэргийг авчирваас яана?” Хөгшин шулам өгүүлрүүн: “Тэнгэрийн цэргээс айх учир юун, миний энэ салхийг дарж чадах нь Арьяарид бодисадва болой, өөр айх газар үгүй.” 


Бичин, гэрийн нуруун дээрээс түүний энэ үгийг сонсоод тэсгэлгүй баярлан нисэн гараад Гахайн дэргэд хүрч уг биеэ илрүүлэн “Дүү минь” хэмээн дуудсанд Гахай өгүүлрүүн: “Ах чи хаана одсон бэ? Сая нэг зарлигийн хиур барьсан шулам ирснийг би хөөж явуулав. Бичин инээн өгүүлрүүн: “Хөөсөн чинь сайн болов, сайн болов. Би шумуул хувилаад түүний агуйд орон багшийг эрэн үзвээс, багш багана дээр хүлэгдэж уйлан ажгуу, би түүнд битгий уйлагтун хэмээн захиад эргэж түүний гэрийн нуруун дээр нисэн гарч шулмыг юу хэлэхийг сонсвоос, тэр зарлигийн хиур барьсан шулам их л сүйлхийлэн гүйж ороод мэдүүлсэн нь: “Төдий чамд хөөгдөв, намайг олж үзсэнгүй” хэмээсэнд тэр хөгшин шулам “Намайг салхинд үхсэн буй за. Эсвээс хувилгаан цэрэг залахаар одсон буй за? хэмээн нэгэн зэрэг таамаглаад бас өөр нэгэн хүнийг хэлж гаргав, маш сайн, маш сайн?” Гахай асууруун: “Түүний хэлсэн хүн хэн бэ?” Бичин өгүүлрүүн: “Тэр шулмын өгүүлэх нь тэнгэрийн цэргээс айх учир юун, миний салхийг Арьяарид бодисадва дарж чадах хэмээмүй, гагц энэ Арьяарид хэмээгч нь хаана сууж ахуйг үл мэдмүй.”


Хараахан ийн өгүүлэлдэн ахуйд нэгэн өвгөн замын хажуугаас гарч ирэв, түүний төлөв шинжийг ажиглаваас: Цагаан сахал салхинаа хийсэн өвчүү цээжийг бүрхээд чийрэг бие, хөнгөн шөнхөн таяг эс тулжээ. Гэрэл татсан сэргэлэн нүднээ гэгээн ухаан агуулагдаад гэгэлзэн алхах хөгшин биеийн яс шөрмөс чанга, нуруу бөхийн толгой даран алгуур алхан ирэхүйе, нүүр улаан хөмсөг өргөн нялх хүүхэд мэт. Өнгө зүс үнэхээр өөр эгэл хүн бус өлзийт одон агуйгаас гарч уулнаас буусантай адил.


Гахай түүнийг үзээд ихэд баясан өгүүлрүүн: “Ах минь, эртний хүний өгүүлсэн нь “Уулын замыг мэдсү хэмээвээс Урагш хойш явах хүнээс асуу” хэмээсэн бөлгөө, чи одож түүнээс асууваас ямар?” Бичин шийдмээ хурааж хормойгоо тавин урагш одож дуудан өгүүлрүүн: “Өвгөн танаас асуусугай.” хэмээсэнд тэр өвгөн дуртай дургүй хариу ёслон асууруун: “Чи аль газрын тойн бэ, ямар учиртай энэ эзгүй газарт явмуй?” Бичин өгүүлрүүн: “Ном залахаар одох тойд бөлгөө, өчигдөр энд ирээд багшаа алдав, аймшиггүй асуух нь Арьяарид бодисадва ямар газар сууж буй? Тэр өвгөн өгүүлрүүн: “Эндээс ас өмнө гурван мянган бээрийн үзүүрт нэгэн бага сүмбэр уул буй. Тэр ууланд нэгэн их сүм баймуй, Арьяарид бодисадва тэр сүмд ном номломуй, та түүнээс ном залахаар одох буй за?” Бичин өгүүлрүүн: “Ном залах бус, түүнд золгох учир буй тул аль замаар одохыг мэдэхгүй.” Тэр өвгөн ас өмнөш зааж өгүүлрүүн: Тэр зөрөг замаар явбаас даруй түүний тэнд хүрмүй.” Бичин хойш эргэн хартал өвгөн хэдийн ариун салхи болон оджээ. Замын хажууд хаясан нэг хуудас бичгийг авч үзвээс магтаал аж, тэр магтаалд өгүүлсэн нь: “Хөх тэнгэр лүгээ чацуу их богдод мэдэгдвээс, хөгшин миний бие нь Сугар гариг мөн болой. Бурхан багш бодисадвад хайрласан нисэх луун таяг, бага сүмбэр уулын туг оройд тавьж амуй.”


 Бичин бичгийг аван хойш буцан ирэхүйд Гахай өгүүлрүүн: “Энэ хэдэн өдөр хийморь хэвтжээ. Өдөр талаар чөтгөр учирмуй, өнөөхөн салхи болон одсон өвгөн бас хэн болов?” Бичин түүнд тэр нэгэн хуудас бичгийг өгсөнд Гахай нэгэн зэрэг уншаад “Сугар гариг хэмээгч чухам хэн болов?” хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Тэр даруй баруун зүгийн цагааны нэр болой.” Гахай мэгдэн сандан огторгуй өөд бараалан наманчлан мөргөн өчрүүн: “Ачит хүн. Ачит хүн. Тэр намайг хурмастад айлтган хэтрүүлсэнгүй бөгөөс Гахай миний амь нас хааш болсныг мэдэхгүй.” Бичин өгүүлрүүн: “Дүү чи бас ачийг мэдэх аж. Чи энэ шугуйд сууж морь юмаа сахиж бүү хөдөл, би бага сүмбэр ууланд одож бодисадваг залсугай. Гахай өгүүлрүүн: “Мэдэв! мэдэв! Чи түргэн явагтун, Гахай би гагцхүү яст мэлхийг дуурайн толгойгоо гаргахгүй нууваас барав.” хэмээв. 


Богд бичин огторгуйд тэвхлэн гарч ас өмнөш үүлнээ тонгорцоглон одохуйд үнэхээр хурдан ажээ, тэргүүн дохимогц гурван мянган газар өнгөрч нуруу бөхиймөгц найман зуун газрыг хэтэрч агшин зуур өндөр уулын бэлд яруу үүлс эвхрэлдэн, бэлгэт униар хөвөн уулын хотгорт үнэхээр нэгэн их сүм буй. Сүмийн дотор цангийн дуун дуурьсан хүжсийн утаа суунагламуй. Бичин сүмийн хаалганд хүрвээс нэгэн бумба эрих барьж маань тоолмуй, бичин урагш дэвшин: “Аршид наманчилмуй.” хэмээвээс тэр бумба хариу ёслож өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн хүн буй?” Бичин өгүүлрүүн: “Энэ нь  Арьяарид бодисадвагийн номын орон мөн буюу?” Бумба өчрүүн: “Мөн болой, мөн болой, ямар учиртай вэ?” Бичин өгүүлрүүн: “Би болбоос зүүн газрын их Тан улсын хааны дүү Тансагийн шавь, тэнгэр лүгээ чацуу их богд бичин болой. Бодисадвад учрах нэгэн хэрэг аж, золгохоор ирэв, чамайг зовоосу, дотогш орж айлтгах ажаамуй.” Тэр бумба инээн өгүүлрүүн: “Эрхмийн нэр цол даанч урт болжээ, би бүрэн цээжлэхүйе бэрх.” Бичин өгүүлрүүн: “Чи гагц Тансагийн шавь бичин ирэв хэмээн айлтга.” Тэр бумба үгийг дагаж дотогш орж мэдүүлсэнд бодисадва даруй эрэн намжир өмсөн хүж барьж угтан оруулав. Бичин үүд алхан ороод дотогш үзвээс: Сүм хийд хэмэрлэгээр дүүрээд, сүр байдал адбиш ихэмсэг. Олон шавь нар нэгэн аялгуугаар цагаан лянхуагийн ном уншаад унзад лам алтан цанг хөнгөнөөр цохьжээ. Бурхны өмнө бурам жимс ширээ дүүргэн өргөөд, боов боорцгийг таваг дүүрэн тавьжээ. Ариун зул гэгээн гэрэл агаарын гүнд солонгороод анхилмал хүжсийн цагаан утаа үүл манан мэт тунарчээ. Чив хэмээн ном чиглэн дотор алсхийн тугдамд сая орохуйяа, цагаан үүлс хөвөлзөн нарсны мөчрийг ороожээ. Билгийн сэлмийг сэмээр хураан чөтгөрийн тэргүүнийг цавчихуйа билиг барамидын их хурал сэтгэшгүй дээд.


Тэр бодисадва дээл малгайгаан тэгшлэн угтан гарсанд бичин гэрт орон зочны суудалд суусан хойно бодисадва манз авчир хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Манз уухгүй, миний багш Шар салхит даваанаа зовлонд учирсан тул бодисадва морилон бууж цаглашгүй шидэт эрдмээр шулмыг дарж миний багшийг гаргах ажаамуй.” Бодисадва өгүүлрүүн: “Би Шигэмуни бурхны зарлигаар энд ирж Шар салхит шулмыг дарангуйлж суумуй. Шигэмуни надад нэгэн “Салхи тогтоогч үрэл” нэгэн “Нисэх луугийн эрдэнийн таяг”-ийг хайрлав. Тэр цагт би тэр шулмыг хураамжлан үүнээс хойш амьтанд бүү хор хийгтүн хэмээн сургаж түүний амийг хэлтрүүлэн ууланд эгүүлсэн бөлгөө. Тэр энэ өдөр чиний багшид хор хийсэн нь миний бурхны зарлигийг өтөгрсэн ял болой.” хэмээгээд бодисадва бичийг суулган цав бэлтгэн зочилсугай хэмээхүйд бич огт хүлээхгүй тул “Нисэх луугийн эрдэнийн таяг”-аа аваад бичтэй үүл хөлөглөн одов. 


Удсангүй Шар салхит даваанд хүрэхэд бодисадва өгүүлрүүн: “Энэ шулам надаас их л аймуй, их богд үүлнээс бууж түүнийг өдөөн байлд, би огторгуйд зогсож түүнд эрдэм үзүүлсүгэй.” Бичин үгийг даган үүлийг дорогш даран төмөр шийдмээр түүний агуйн үүдийг дэлбэ занчиж өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Шулам чи миний багшийг гаргаж өг.” хэмээхэд бага шулам ихэд гэлмэж дотогш орж мэдүүлсэнд тэр хөгшин шулам өгүүлрүүн: “Энэ дамшиг огоот ёсгүй! Тэр сайн үйлийг үйлдэхгүй харин миний хаалгыг цохьмуй, энэ удаа гарваас хувилгаан салхийг хөдөлгөн түүнийг эрх биш тонилгосугай.” хэмээгээд урьдын ёсоор хуяглан ган сэрээгээ барин гарч ирээд бичийг үзмэгц үг дуугүйгээр өвчүү рүү нь сэрээдэн оров. Их богд хялавхийн зайлаад шийдэм далайн угтан байлдаж хэдэн удаа болсонгүй шулам мөнхүү хийн орны зүг ам ангайн сая салхин урьсугай хэмээтэл гүн огторгуйгаас Арьяарид бодисадва аман тарни уншин “Нисэх луугийн эрдэнийн таяг”-аа нэгэнтээ шидэн орхисонд тэр таяг найман хумаст алтан луу болон бууж ирээд тэр шулмын тэргүүнээс базагдан уулын дээр хэдэнтээ савсанд тэр шулам шар булгын уг бие нь илэрчээ. 


Төд бичин шийдэм далайн занчин иртэл, бодисадва хориглон өгүүлрүүн: “Их богд үүний амийг битгий хорло, би түүнийг аваачиж Шигэмуни бурханд учирмуй. Энэ хэмээгч Гандарагүд ууланд ёсыг олсон булга болой, бурхны шил цөгц дэх зулын тосыг хулгайлснаар гэрэл нь будангуй болж, тэр Очирваань нарын барихаас айн энд дутааж ирээд шулам болжээ. Хойно Шигэмуни үзээд түний ял нь үхэхүйд арай хүрэхгүй тул надаар энд харуулж нүгэл хэлэнц үйлдвээс Гандарагүд уулнаа авчир хэмээсэн бөлгөө. Өдгөө их богдтой эсэргүүцэн, Тансагийг зовоосон тул түүнийг аваачиж ялыг нь тодлон шийтгүүлбээс энэ удаагийн миний хэрэг даруй төгсөх болой.” хэмээсэнд бич бодисадвад ёслон мөргөв. Бодисадва баруун оронд эгснийг өгүүлэхгүй. 


Өгүүлэх нь, Гахай шугуйд сууж хараахан бичийг санагалзан атал, уулын бэлээс: “Дүү минь морь юмаа авч ир!” хэмээх дууг сонч таниад яаран шугуйгаас гарч бичид золгон ийн өгүүлрүүн: “Ах минь, явсан хэрэг ямар болов?” Бичин өгүүлрүүн: “Арьяарид бодисадваг залж авчраад нисэх луугийн эрдэнийн таягаар тэр шулмыг барив. Харин нэгэн шар булга шулам бүтжээ. Бодисадва тэр шулмыг Гандарагүд ууланд аваачин Шагимунд золгохоор одов. Бид өдгөө агуйд орж багшаа гаргасу.” хэмээсэнд тэр манхуу маш баярлав. 


Хоёул агуйд орж малтуур шийдмээр тэдгээр туулай, үнэг, хүдэр, буга зэргийн шулмыг дуусган алаад хойд хүрээлэнд орж багшаа гаргав. Тансаг асууруун: “Та хоёул шулмыг яахан дарж намайг гаргав?” Бичин Арьяарид бодисадваг залж шулмыг барьсан учрыг нэгэн зэрэг бүрэн өгүүлсэнд багш нь бодисадвад талархан зогсохгүй. Төдий багш шавь гурвуулаа агуйн доторх ариун идээг бартал идээд сая агуйгаас гарч их замыг өлгөн баруунш одов. Хойш ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 51 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 38 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 7 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 11 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 53 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 26 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 30 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 30 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 4 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 13 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 23 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 29 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 8 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 34 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 2 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 26 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 27 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 42 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК