зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ


ШОРОО ГОЛД ГАХАЙ БАГШ ИХЭД БАЙЛДАВ
ХОМСИМ БОДИСАДВАГИЙН ЗАРЛИГААР МҮЗ ШОРООГ ДАГУУЛАВ


Өгүүлэх нь, Тансаг багш шавь гурвуулаа зовлонгоос хэлтэрч урагш яван нэгэн өдөр болсонгүй Шар салхит давааг өнгөрөн эчвээс, нэгэн их тал болжээ. Өдөр сарын өнгөрөх нь үнэхээр түргэн тул удалгүй зун өнгөрч намар болсонд царцаа хувхай уданд цэрхрэн, Цэста одон баруунш хэлбийжээ. Ийнхүү хараахан урагш яван атал, нэгэн их гол үзэгдэж, усан дээш ойлон булингарт давалгаан босмуй. Тансаг ихэд хэлмэгдэн морины дээрээс дуудан өгүүлрүүн: “Аяа, та нар үзэгтүн, тэр гол өргөн бөгөөд нэг ч гатлах онгоцгүй, бид яаж гармуй?” Гахай үзээд: “Үнэхээр долгин бөгөөд гатлах онгоц сал ч үгүй.” хэмээтэл Бичин огторгуйд тэвхлэн гарч саравчлан үзээд их л хэртхийн өгүүлрүүн: “Багш минь, үнэхээр хэцүү! Үнэхээр хэцүү! Бичин надад болбоос гатлахад маш хялбар, нуруугаа бөхөсхийвээс даруй гарч эчмүй. Багшид авч хэлбээс үнэхээр мянган хувь бэрх, түмэн жил болсон ч гарч үл чадмуй.” Тансаг өгүүлрүүн: “Эндээс чанад хөвөө үзэгдэхгүй, чухам хэдий өргөн баймуй?” Бичин өгүүлрүүн: “Өргөн нь бараг найман зуун газар буй.” Гахай өгүүлрүүн: “Төдий өргөнийг ах яахан мэдэв?” Бичин өгүүлрүүн: “Эрхэм дүүд нуулгүй хэлсүгэй, миний нүд мянган газрын доторхийн сайн мууг нэвт үзэх болой. Би сая огторгуйгаас үзлээ, энэ гол чухам хэдий урт байхыг мэдэхгүй, өргөнөөр лав найман зуун газар баймуй.” Тансаг их л зовниж морио татан ажиглаваас эргийн дээр нэгэн хөшөө чулуу бий. Гурвуулаа урагш одож үзвээс түүний дээр нь “Шороо гол” хэмээх хоёр үсгийг сийлж, доор бас бага үсгээр дөрвөн мөр бичиг бичжээ. 


“Найман зуун газар өргөн энэ “Шороо гол”, гурван мянган зан гүн ёроолгүй сав. Халуун өд хөнгөн атал хөвөн эс тогтож хусны навч хийсмэл атал сав ёроолд живмүй.” хэмээжээ. Тийн багш шавь гурвуул хараахан үзэж атал, тэр усны долгион уул мэт босоод түүний дотроос нэгэн айхтар шулам үсрэн гарч ирэв. Тэр үнэхээр:


Нэгэн толгой өрөвгөр үс гал мэт улаан, хоёр дүгрэг хархан нүд зул адил гэрэлтэй. Хар ч биш, бараан ч бус дэлүүн хөх царайтай, хэнгэрэг ч гэмээр аянга ч гэмээр хөгшин лууны дуутай. Биед нэгэн зах ангир шар занч нөмөрч бэлхүүсээр хоёр мушгиа нойтон цагаан ороонго бүсэлжээ. Хүзүүнд нэгэн хэлхээ ясан гавлыг эгэлдрэглэн  зүүж, гарт эрдэнийн таяг атган сүр бадруулан зогсчээ. 


Тэр шулам эрэг дээр үсрэн гарч хуй салхи мэт түргэнээр Тансагийг барихаар ирэхүйд Бичин ихэд мэндүүрэн багшаа тэврэн хойш эргэн өндөр эрэг дээр гарав. Гахай дамжуургаа тавин малтуур далайн шулмыг угтан орохуйд, шулам эрдэнийн таяг өргөн тосон авч хоёулаа тэр Шороо голын хөвөөн дээр ид хүчээ гайхуулан ихэд байлдав. Энэ нэгэн зэрэг байлдсан нь: 


Есөн араат малтуур, шулмыг дарах таяг харилцан зөрөлдөн, идэрхэг хоёул голын хөвөөнөө ихэд байлдав. Нэгэн нь ерөнхийлөн захирагч тэнгэрийн их өрлөг, нэгэн нь цөлөгдөн буусан орхиул эвхэгч жанжин, эрт цагт эрдэнийн бидэрьяа харшид учирч байлаа. Энэ өдөр энд ихэд байлдан эрэгчин эмэгчнийг ялгамуй. Энэ нэгний малтуур илгээн занчин орох нь луу хумсаар базах мэт, тэр нэгний таягаар тосон авах нь зааны соёогоор хөшихөд адил, дөрвөн гар дээш өргөхөд хуй салхи хуйлран дэгдмүй. Нэг нь нүүр нүдгүй малтуурдаж нэг нь зай завсаргүй буулгамуй. Нэгэн нь Шороо голд удаан эзэдсэн хүн идэх шулам, нэг нь шашныг тэтгэрэхээр сахил авсан жанжин.


 Эд хоёул хорин хэдэн удаа зөрөлдөж дийлэн дийлэгдэх ялгарахгүй болов. Бичин тэр үес Тансагийг хамгаалан морио хөтлөн юмаа сахин агаад Гахай тэр шуламтай байлдахыг үзэн тэсч ядан, шүдээ хавиран, шийдмээ гарган өгүүлрүүн: “Багш энд суу, айх хэрэггүй, би одож түүнтэй үзэлцсүгэй.” хэмээгээд багшийн хориглохыг сонсолгүйгээр нэгэнтээ исгэрэн урагш эчив. Тэр шулам Гахайтай хараахан гар тэмцэн атал, бичин хүрч ирээд шулмын толгой руу нэгэнтээ занчсанд шулам их л мэндүүрэн бие зайлан усанд үсрэн оров. Гахай ихэд тачаадан бархиран өгүүлрүүн: “Хэн чамайг залсан бэ? Тэр шулам миний малтуурыг хүлээн чадахгүй хүч нэгэнт дарагдав. Дэмий хэдэн удаа болохгүйгээр барих бөлгөө! Тэр шулам чиний айхтар байдлыг үзээд дутаан эчив, өдгөө хэрхвээс сайн?” Бичин инээн өгүүлрүүн: “Дүүгээс нуухгүй, Шар салхит шулмыг дарснаас нааш сар гаруйгийн дотор нэг ч шийдэм хөдөлгөн гарын хулуу гаргасангүй тул та хоёрын байлдахыг үзээд тэсч чадахгүй болж баахан наадсугай хэмээн иртэл тэр шулам харин дутаан эчив.”


Тэд хоёулаа гар гараасаа хөтлөлцөн ярилцан инээлдсээр багшийн дэргэд ирэв. Тансаг асууруун: “Тэр шулмыг барьсан буюу?” Бичин өгүүлрүүн: “Тэр шулам бидэнтэй байлдан тэсэхгүй тул усандаа оров.” Тансаг өгүүлрүүн: “Энэ шулмас энд удаан суусан тул усны гүн гүехнийг мэдмүй, энэ мэт үзүүр хязгааргүй өргөн мөрөнд онгоц салгүй тул харин нэг усчныг олж зам удирдуулбаас сайн.” Бичин өгүүлрүүн: “Мөн болой, энгийн үгэнд “Оотой ойртвоос цагаан, хөөтэй ойртвоос хар” хэмээжээ, тэр шулам энд байсан тул лавтайяа усны байдлыг төсөөлмүй, бид одоо түүнийг барьваас алалгүй байж түүгээр багшийг хүргэж гол гаталгуулаад жич мэдсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Ах түтгэлзсэний хэрэггүй түргэн одож түүнийг барь, би энд багшийг сахин хүлээсүгэй.” Бичин инээн өгүүлрүүн: “Мэргэн дүү минь, үүнийг би аймшиггүй ам бардам хүлээж үл чадмуй. Усны доторх үйлд Өвгөн Сүн би даамай чадамгайгүй, зүгээр явах болохул ус далдлах тарни уншваас мөн аргалж болмуй, эсвээс ямар нэгэн сам наймаалж, загас жараахайн зүйлээр хувилбаас сая явж чадмуй. Хэрвээ өндөр уул үүл манангийн дотор чадал эрдмийг мөрийцвөөс ямар сонин жигтэй зүйлийг цөм үйлдэж чадмуй. Гагц усан доторх явдалд Өвгөн Сүн би баахан олдой болой.” Гахай өгүүлрүүн: “Эрт өдөр би дээд тэнгэрт найман түмэн усан цэргийг ерөнхийлөн захирч байсан тул усны явдлыг баахан сурсан бөлгөө –гагцхүү эмээх нь би усан дотор орсонд тэр шулам үр зулзага есөн үеэрээ хөдөлж намайг бариваас хэрхмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи одоо орж байлдваас дийлэгдэхээс биш дийлж үл болмуй. Түүнийг дагуулж уснаас  гаргаваас Өвгөн Сүн би чамд  тусалсугай.” Гахай: “Ахын үг мөн болой, би одсу.” хэмээгээд хар эрнээ тайлан гутлаа орхиод малтуураа үүрч, усны эрдмээ гарган давалгаан босгон зам нээж шууд усны ёроолд эрэн оров. 


Өгүүлэх нь, тэр шулмыг дийлэгдэн дутаагаад сая амьсгаа автал бас ус түлхэн ирэх хүний чимээ сонстмуй, яаран бие өндийж үзвээс, үзвээс тэр Гахай малтуур барин ус түлхэн айсуй. Шулам таяг далайн угтан ирээд өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Тойн чи хааш одмуй! Таягийн амтыг үз.” Гахай малтуураар тосон өгүүлрүүн: “Чи ямар шулам буй, аймшиггүй миний замыг хөндөлсмүй?” Шулам өгүүлрүүн: “Чи намайг үл танимуй. Би шулам бус, нэр цолгүй хүн ч бус.” Гахай өгүүлрүүн: “Чи үнэхээр чөтгөр шулам бус болбоос юунд энд амьтныг хөнөөмүй? Овог нэрээ түргэн мэдүүл! Би чиний амийг үлдээхэд сайн.” Тэр шулам өгүүлрүүн: “Би бээр:


Төрсөн бие угаас цог сүлд бадрангуйн учир, түмэн газрын орчлон дэлхийг дуустал тойрон үзэв. Аруудхан баатрын алдар нэр алтан дэлхийд дуурьсан, арслан барсын агуу хүчин энэ ертөнцөд алдаршив. Түмэн улсын есөн жоуг санааны дураар аялан таван тэнгис дөрвөн далайг сэтгэлийн аяар хэсэв. Бясалгал хийн ёсныг олохоор тэнгэрийн хязгаарт тэнүүчлэн, багшийг эрэн номыг сурахаар алтан дэлхийд аялав. Сахилыг сахин санваарыг хичээн сар өдрийг өнгөрөөн, сэтгэлийг барин санааг ахуулан он жилийг элээв. Орчлонг дэлхийг олонтаа хэсэн хэдэн арвантаа тойрон, орон бүхнээр сул тэнүүчлэн зуун удаа зорчив. Үүгээр түүгээр явсаар сая үнэн сахиусанд учраад ийнхүү сая их ёсны гэгээн замд оров. Юуны урьд нялх хөвгүүн нярай хүүхдийг хураамжлан яг сүүлд модон эх, Төмөр эцэг-ийг тавив. Гэгээн танхим бөөрийн усан хэлний доор орж мөгөөрсөн хоолойн элгэний гал зүрхний тугт одов. Гурван мянган жилийн бясалгал төгсөн тэнгэрийн нүүрийг бараалан голч сүсэг ёслолд даган гэгээн этгээдийг ухав. Өрлөг тэнгэрийн хаан хурмаст өршөөл хайр хүртээн өөрийн амаар зарлиг буулган орхиул эвхэгч болгов. Бясман тэнгэрийн өмнө хаалганд би ганцаар хүндлэгдэн бидэрьяа харшийн урд талд би тусгаар эрхэм. Ташаан тэнгэр барсын тэргүүт албан шошго зүүж, шулмыг дарах эрдэнийн таягийг гарт өргөн барив. Тэргүүнд дарсан алтан тугалгаан нарны гэрэлд гялсхийж, тэгшлэн зассан мөнгөн хуягт гэгээн туяа татав. Хаан хурмаст гарч орохуйд би өмнө хойно нь даган, хашид орж бараалалд гарахуйяа би урьдаар оромуй. Хатан Нэвс хүрз өлзийт тоорын хуримыг бэлтгэн хасын нуурт буян үйлдэн олон жанжныг урив. Гар алдаж хас хундагыг би унагаж хагалсанд, Галдан тэнгэрийн хамаг эрхтэн сүнс замхран айлдав. Хаан хурмаст үүнийг үзээд гал мэт хилэгнэн харшид агсан төрийн түшмэдэд ийн зарлиг болруун: Төрийн малгайг нь мулталж түшмэлийн зэргийг нь хасаж түлхэн гаргаж тэргүүнийг нь огтлох газар хүргэ хэмээн. Энэрэнгүй Махадарь их Арш намайг хөөрхийлөн нигүүлсэн, эгнээнээс гарч эзэнд айлтган намайг суллан тавив. Эрүү халыг эс амсан үхлийн зовлонгоос хэлтрээд элс шороот энэ голд намайг цөлж буулгав. Гэдэс өлсвөөс давалгаа үүсгэн идэш ууш эрэн, гэдийтэл цадваас усны ёроолд орон нэвширтэл унтмуй. Арилжаачин түлээчин надад учирваас амь нас нь тонилоод, анчин загасчин надад тохиолдвоос амьд үл гармуй. Эчиж ирэх аяны хүнийг олонтаа барьж идлээ, эгнэгт амтанд нь орж амьтныг ихэд хөнөөлөө. Самууныг өдөөн сааргүй миний үүднээ ирсэн нь сав чинь дүүрч үхэх цаг болсон ажгуу. Чанахад ялзрахгүй хэмээн чамайг юунд голном, чавчиж туячаад жан хийж цагийн хоолоо болгосугай.


 Гахай сонсоод ихэд хилэгнэн хараан өгүүлрүүн: “Энэ муу дамшиг үнэхээр учир мэдэхгүй аж! Миний биеэс шүүс гарах атал чи ямар аймшиггүй намайг давсгүй хатаасан махаар үзмүй. Битгий ёсгүй аашил! Өвгийнхөө малтуурын амтыг үз” хэмээн занчин иртэл, тэр шулам хэдийн зайлан хоёул усны дээр гарч ирээд давалгааныг хийсгэн догионыг өшгөлөн энэ нэгэн удаагийн байлдаан нь урьдахтай адилгүй. 


Орхиул эвхэгч жанжин, тэнгэрийн их өрлөг эрдэм чадлаа гаргахуйяа хүч тэнцэх нь бахархалтай. Тэр нэгэн нь шулмыг дарах эрдэнийн таягаар тэргүүнийг эрэн занчихад, энэ нэгэн нь есөн араат малтуурыг гарын аяар эргүүлэх нь түргэн. Давалгаа ойлохуйяа уул мөрөн долгисон, долгион босохуйяа тэнгэр газар будангуйрмуй. Хэцүү нь Тайсуй одон туг хиур сажлах мэт, сүрхий нь эрлэгийн эзэн шүхэр дуаз сөхөхүйд адил. Энэ нэгэн нь зүрхний угаас уур бадран Тансагийг хамгаалан, тэр нэгэн нь их л хилэнц тэнгэрт тулж усан шулам болжээ. Малтуур нэгэнтээ бууваас есөн арааны ор гарч, таяг нэгэнтээ орхивоос сүг сүнс цөм завхармуй. Хөмхий зуун тэнцэн бүхийд бясан, хүч гарган дийлэн дийлэгдэхийг ялгамуй. Хэлбээс цөмөөр ном залах хүний тул хилэн уур тэнгэрт тулж хүлцэн үл чадамуй. Байлдсан нь загас жараахайн хайрс цөм зулгараад, тулалдсан нь мэлхий хавтсын нуруу бүр шархаджээ. Улаан сам бор наймаалжийн амь цөм тасраад, усан ордны эрхтэн бүхэн тэнгэр өөд залбирав. Ганц сонсогдох нь давалгаа урван долгион босон аянга нижигнэх дуун даян дэлхий бүдгэрэн нар сар өнгөгүй болов. 


Эд хоёулаа үнэхээр гуулин сав төмөр шүхэрт тохиолдон хасын цан алтан жүнд хосолж, чив чиг хоёр цаг байлдаад дийлэн дийлэгдэх ялагдахгүй болов.


Тэндээс Тансагийг дэргэд зогсон нүд цавчилгүй тэр хоёулын усан дээр байлдахыг үзээд тэсгэлгүй тэвхцэн атал Гахай хоосныг малтуурдан зормигоор дийлэгдэн зүүн эргийн зүг буруулав. Тэр шулам хойноос нэхэмжлэн эргийн дэргэд иртэл, бичин үзээд тэсч ядан багшаа орхиж төмөр шийдмээ аван голын хөвөөнд үсрэн хүрч, шулмасын тэргүүнийг дайруулан цохиход тэр шулам айн эсэргүүцэхгүй, мөн усандаа оржээ. Гахай цуугин өгүүлрүүн: “Агтан даамал чи үнэхээр садаа сармагчин ажгуу. Би түүнийг өдөөж эрэг дээр гаргасны хойно чи араас хашваас баривчилж болох болой. өдгөө усанд оров. Хэзээ сая гарч ирмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Манхуу битгий цуугь, түр багшийн дэргэд одсугай.” хэмээв. Хоёулаа эрэг дээр гарч багшийн дэргэд ирсэнд Тансаг өгүүлрүүн: “Аяа, шавь минь зүдэв.” Гахай өгүүлрүүн: “Зүдэхийг түр өгүүлэхгүй, гагц шулмыг дарж багшийг гол гаталгах нь хамаг чухал.” Тансаг асууруун: “Чи шуламтай байлдаад яав?” Гахай өчрүүн: “Шулмын хүчин чадал надтай тэнцнэм, би түүд хуурмагаар дарагдаж эрэг өөд өдөөн авчиртал номын ах шийдэм далайн ирэхийг тэр үзээд дутаан одов.” Тансаг өгүүлрүүн: “Тийн аваас хэрхмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш битгий зов. Одоо орой болов, энд сууж бай, би одож баахан цав бадарлан чамд идүүлж маргааш сая мэдсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Ахын үг зөв, түргэн одож хурдан ирвээс зохимуй.” Бичин үүл хөлөглөн цэх урагш одож удалгүй нэгэн айлд хүрээд цав авчран багшийн өмнө барьсанд Тансаг түүний ийн түргэн ирснийг үзээд “Бич ээ, бид энд шуламтай ийн уралдахын оронд тэр цав өгсөн өглөгийн эзний гэрт хүрээд гол гатлах аргыг асууваас харин ч сайн болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Түүний гэр эндээс долоон мянган газар бий, усны учрыг асууваас тэр юун мэдэх аж.” Гахай өгүүлрүүн: “Номын ах бас ч худал хэлмүй за, долоон мянганы газрыг чи яахан ийм хурдан ирмүй?” Бичин өгүүлрүүн: “Би нэг тонгорцогломогц арван түм найман мянган газар явахыг чи юуны мэдмүй. Энэ долоо мянганы газрыг толгойгоо хоёр дохин нуруугаа нэгэнтээ бөхөсхийхийн зуур ирж эчмүй. Энэ ямар бэрх вэ?” Гахай өгүүлрүүн: “Тийм хялбар болбоос ах чи багшийг үүрч, толгойгоо дохин нуруугаа мушгиваас даруй энэ голыг гарч эчих буй за, бас юунд өдий зовон тэр шуламтай байлдмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи бас үүл хөлөглөж чадах буюу? Чи багшийг үүрч гаргаваас ямар?” Гахай өгүүлрүүн: “Багш болбоос ерийн сүнс тул бие нь уул мэт хүнд миний хөлөглөх үүл хэрхэн дааж чадмуй? Гагцхүү чиний тонгорцоглох үүл нь болох буюу?” Бичин өгүүлрүүн: “Гагцхүү хурдан удааны ялгаа бий ахугаас бус нь үүл нь өөр буюу, чиний хөлөглөх үүл түүнийг даахгүй, миний хөлөглөх үүл болбоос бас ч даахгүй буй за? Эртний үгэнд “Сүмбэр уулыг нүүлгэхэд гич мэт хөнгөн эгэл хүнийг үүрвээс ертөнцийн тоосноос гатлахуйяа бэрх” хэмээжээ. Тэдгээр хар хортой шулам хүнийг барин одоход мөн газар дээгүүр хуй салхи хөдөлгөн чирэн аваачихаас бус, үүлээр аваачиж үл чадмуй. Тэр мэтийн аргыг Өвгөн Сүн би мөн чадахаар үл барам, бие далдлах газар товчлох зэргийн увидсыг цөм чадмуй. Гагц манай багш гадаад гүрнийг гашуунаар туулан зовлонгийн далайг алхам алхмаар гатлах тул нэг алхам ч урагш үгүй болой. Чи бид хоёул зөвхөн түүний амийг хамгаалахаас бус, түүний гашуун зовлонг хувааж үл болмуй, номыг ч авчирч үл чадмуй. Хэдий чадалтай хэмээн урьдаар бурхны дэргэд хүрэвч тэр бурхан мөн номоо бид хоёуланд уламжлан өгөхгүй, “Хүч гаргахгүйгээр олсугай хэмээвээс, хүлээж суух буй за” хэмээгч даруй түүнийг өгүүлсэн болой.” Тэр манхуу сонсоод мөн мөн хэмээн учрыг ухаад шавь гурвуулаа цаваа идээд Шороо голын зүүн эрэгнээ хоноглов. 


Дэд өглөө Тансаг бичнээс асууруун: “Энэ өдөр ямар арга хэрэглэмүй?” Бичин өгүүлрүүн: “Бас ч Гахайг усанд оруулахаас өөр аргагүй.” Гахай өгүүлрүүн: “Ах чи норогдохоос айж ганц намайг усанд оруулмуй.” Бичин өгүүлрүүн: “Дүү минь, энэ удаа би тэгэж сандрахгүй чи түүнийг удирдан эргийн дээр гаргасны хойно би голын хөвөөнд хорин авч түүнийг уснаа эргүүлэхгүй болбоос эрхгүй барих буй за.”


Гахай нүүрээ элбэж сүр бадруулан малтуураа авч голд орж мөн уг ёсоор усыг түлхсээр шулмын үүрт нь хүрэв. Тэр шулам сая нойрноос сэрээд сонсвоос ус түлхэх чимээ гармуй. Тэр яаран хойш эргэн үзвээс Гахай харин малтуур өргөн айсуй. Тэр шулам дэвхрэн босч зам хөндөлсөн зандран өгүүлрүүн: “Алгуур ир, таяг үзэгтүн!” Гахай малтуураар тосон авч өгүүлрүүн: “Чамд ямар ёдор буй хэмээн энэ өвгөө таяг үз хэмээмүй?” Шулам өгүүлрүүн: Энэ муу дамшиг үнэхээр юм мэдэхгүй, миний энэ таяг болбоос: 


Эрдэнийн энэ таягийн их язгуур эрхэм алдрыг өгүүлбээс, эрт өдөр нь сарны доторх зандан модны салаа болой. Ү Ган үүнийг нэгэн сүхнээ цавчин буулган аваад Лу Бан дархан өөрийн гараар урлан сийлэн бүтээжээ. Нэгэн зурвас алтан шөрмөсөөр гол болгон доторлон, түмэн хэлхээ хас сувдаар ил гарган гадарлажээ. Түүний нэр нь шулмыг дарах эрдэнийн таяг хэмээж, тэнгэрийн ордныг уртад сахин гажууг номхотгон дарав. Хишиг хүртэн хэргэм зэрэг их жанжинд тулсан тул, хурмаст тэнгэр надад шагнан биеэсээ бүү салга хэмээв. Урт охор болох нь цөм миний санаагаар улиран, нарийн бүдүүн болох энэ цөм миний бодлоор хувилмуй. Хаан тэнгэрийг хамгаалан өлзийт тоорын хуримд эчлээ, харшид гаран бараалалд орохуйяа хань нөхөр боллоо. Ордныг сахихуйяа олон сахиулсны бараадан цуглахыг үзлээ, орхиул сөхөхүйе бүгд хувилгааны бөхийлзөн мөргөхийг харлаа. Хувилгаан чанар бүрэн шингэсэн гайхамшигт энэ таягийг хорвоо ертөнцийн эгэл зэвсэгтэй адилтгаж үл болмуй. Дээд тэнгэрт ял олон цөлөгдөн бууснаас нааш, дэлхий дахиныг бартал тойрон өөрийн дураар явав. Дэндүү омгорхоглон өөртөө магтнам хэмээн битгий сана, тэнгэрийн доор миний таяг лугаа тэмцэх зэвсэг үгүй. Улаан зэв болсон чиний тэр малтуурыг үзэхүйд, усан суваг, уул тариа малтахуйд хэрэглэх төдий буюу.” хэмээхэд Гахай инээн өгүүлрүүн: “Энэ муу арьс мах нь загатнасан адгуусыг үз! Ус суваг уул тариа малтахыг битгий өгүүл, миний малтуурт баахан оногдвоос есөн шүдний шарх олж үхэхэд үл хүрэвч мөн өтөлтөл эдгэрэхүйе бэрх.” Тэр шулам үг дуугүйгээр угтан авч хоёулаа усны ёроолд байлдсаар усны дээр гарч ирэв. Энэ нэгэн зэрэг байлдсан нь урьдах лугаа нэн адилгүй.


Эрдэнийн таяг есөн араат малтуур харилцан зөрөлдрүүн эгнэгт үг дуугүйгээр ихэд байлдан эхлэв. Уг учрыг гарган хэлсэнгүй тул учирсан хоёр этгээд харилцан тэмцэхэд хүрчээ. Дийлэн дийлэгдэх ялгарахгүй үхэн зууралдан байлдаад, давалгаа босгон долгион дэгдээн найр үл тавьмуй. Энэ нэгэн нь элэглэгдсэндээ уурыг хэрхэн дарж болмуй? Тэр нэгэн нь дэгдсэн хилэнг яахан зогсоож чадмуй! Оршуулан буулгах малтуурыг таягаар тосох гайхалтай, усан дээгүүр гүйж малтуурдах нь хортой. Амьсгаа давхцан ахин дахин байлдах нь, аяа хөөрхий цөм Тансагийн төлөө буй за. Гахай багшийн багшийн малтуур гам самгүй хүчтэй гэхлээр, Шороо багшийн таяг тосч авахуйд мэргэн. Энэ нэгэн нь эрэг дээр өдөөн гаргахуйг санамуй, тэр нэгэн нь усанд татаж оруулахуйг бодмуй. Хашхиралдах дуун аянга мэтэд аварга луу цочиж, хар үүл тэнгэрт бүрхэн хувилгаан сахиулсан уйлмуй. 


Энэ нэгэн зэрэг нааш цааш гучин хэдэн удаа зөрөлдөөд дийлэн дийлэгдэх эс ялгарав. Гахай бас ч хуурмагаар дарагдаж малтуураа чирэн дутаасанд шулам ус гишгэлэн хойноос нэхэмжлэн эрэг тулж ирэхүйд Гахай харайн өгүүлрүүн: “Муу шулам чи эрэг дээр гарч ир! Хуурай газар байлдсугай!” Шулам мөн харайн өгүүлрүүн: “Чи хууран намайг эрэг дээр гаргаж тэр хамсаатнаа дуудан авчирч занчуулсугай хэмээх буй за! Чи бууж ир, бид мөн усан дотор байлдсугай.” Тэр шулам хэдийн Гахайн аргыг мэдэж эрэг дээр гарахаар үгүй усан дотор зогсож, Гахай лугаа дэмий цуугилдмуй. 


Өгүүлэх нь, тэр шулам эрэг дээр гарч ирэхгүйг үзээд бичин их л цухалдан өгүүлрүүн: “Багш чи энд сууж байгтун! Би эчиж өлөн бүргэд өгөөгөө шүүрэх мэтээр түүнийг дайрсугай” хэмээгээд огторгуйд тэвхлэн гарч барьсугай хэмээн шуугин бууж ирэв. Тэр шулам хараахан Гахай лугаа дэмий л цуугилдан атал, гэнэт салхин шуугих дуун сонстон яаран гэдрэг харж үзвээс, үзвээс бичин харин огторгуйгаас буун айсуй. Тэр шулам эрдэнийн таягаа хурааж бултасхийн усанд шурган үзэгдэхгүй болов. Бичин эргийн дээр хэдийн зогсож Гахайн зүг өгүүлрүүн: “Энэ шулам мөн ч зальтай болжээ, дахин гарч ирэхгүй болбоос хэрхмүй?” Гахай өгүүлрүүн: “Бэрх! бэрх! Эхийн сүүг хөхсөн хүчийг гарган байлдсан ч гар тэнцэхээс биш дийлэн үл чадав.” Бичин: “Бид түр багшийн дэргэд очсугай.” хэмээв. 


Хоёул багшийн дэргэд хүрч дийлэн эс чадсан учрыг айлтгасанд тэр багш нулимс асгаруулан өгүүлрүүн: “Энэ мэт бэрх болбоос энэ голыг яаж гармуй!” Бичин өгүүлрүүн: “Багш битгий цухалд, энэ шулам усны гүнд орсон тул барихуйд үнэхээр бэрх болжээ. Гахай чи багшийг сахиж түүний лүгээ битгий байлд, би өмнө далайд одож ирсүгэй.” Гахай асууруун: “Ах чи өмнө далайд одох учир юун? Бичин өгүүлрүүн: “Энэ ном залах нь Хомсим бодисадвагийн сэдсэн хэрэг болой. Чи биднийг зовлонгоос гаргах нь мөн ч түүнд бий. Өдгөө энэ голд зам хаагдаж урагш явж болохгүй болсон тул түүнийг эрэхгүй хэнийг эрмүй? Энэ шулам лугаа байлдахын оронд би одож түүнийг залахуйг үл хүрмүй.” Гахай өгүүлрүүн: “Мөн, мөн ах чинь хүрсэн хойно намайг төлөөлөн урьд өдрийн бодисадвагийн сургасныг марталгүй санамуй хэмээн айлтгах ажааму.” Тансаг өгүүлрүүн: “Бичин чи бодисадваг залахаар одсу хэмээвээс алгуурлаж болохгүй түргэн одож түргэн ир.” хэмээв. 


Тэр даруй бичин үүлнээ тонгорцоглон шууд өмнө далайн зүг эчив. Хагас цаг явсангүй хэдийн Будлан уул үзэгдсэнд үүлийг дотогш буулган, бор хулсан шугуйн гадна хүртэл тэдгээр хорин дөрвөн замын эзэд тэнгэр урагш давшин угтан авч ийн өгүүлрүүн: “Их богд хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Миний багш зовлонд учирсан тулд тухайлан бодисадвад бараадаар ирэв.” Тэнгэр нар түүнийг “Түр залран суу, мэдүүлэхийг хүлээмүй.” хэмээгээд тэр жасааны эзэд шууд Чойян агуйд орж бодисадвад “Бичин бараадаар ирж зарлигийг хүлээмүй” хэмээн айлтгасанд бодисадва чив хэмээн сайн идэт лусын охин лугаа эрдэнийн лянхуа нуурын хөвөөнд хэрсэгийг түшин цэцэг үзэж авай. Ийн айлтгахыг бодисадва сонсоод даруй үүлт хаданд эргэж үүдийг нээлгэн бичинг оруулав.


Бодисадва зарлиг болруун: “Чи Тансагийг сахилгүй ямар хэрэгт ирж надад учирмуй?” Бичин мэдүүлрүүн: “Миний багш Гоу Луу Жуан хэмээх тосгоноос Гахай хэмээгч шавийг олов, бодисадва түүнд У Нэн хэмээх номын нэрийг хайрласан хэмээнэм, түүнээс нааш нэгэнтээ Шар салхит давааг гаргаад, өдгөө найман зуун газар өргөн Шороо голд хүрч ирэв. Тэр усан гурван мянган зан гүн тул багш гатлахуйяа бэрх. Голд нэгэн шулам аж цэргийн эрдэм хэцүү, Гахай түүнтэй усан дээр гурван зэрэг ихэд байлдаж, мөн дийлэн эс чадсан тул тусгайлан бодисадвад мэдүүлээр ирэв. Хүсэх нь бодисадва нигүүлсэн өршөөж чанад хязгаарт гаталгах ажааму.” Бодисадва зарлиг болруун: “Энэ муу сармагчин чи хүчинд эрэмшиж, Тансагийг дагаж ном залах учрыг түүнд эс хэлсэн буй за?” Бичин өгүүлрүүн: “Бид түүнийг баривчлан багшийг гол гаргасугай хэмээсэн бөлгөө. Би усанд муу тул Гахай түүний үүрт эрэн хүрч хэлэлцэв. Санаваас ном залах учрыг хэлсэнгүй буй за.” Бодисадва зарлиг болруун: “Гол доторх тэр шулам болбоос тэнгэрээс ертөнцөнд буулгасан орхиул эвхэгч их жанжин болой. Би түүнд сахил өгч тойн болгон ном залахаар одох хүнд шавь болтугай хэмээсэн бөлгөө. Чи хэрвээ ном залахаар одох зүүн газрын хүн бөлгөө хэмээн хэлсэн аваас тэр адбиш тан лугаа эсэргүүцэлдэхгүйгээр дагах болой.” Бичин өгүүлрүүн: “Тэр шулам өдгөө усны гүнд шурган гарч ирэхгүй тул түүнийг яахан дагуулмуй? Миний багш тэр усыг яахан гаталмуй?”


Бодисадва Ивээл тойныг дуудаж ханцуйнаасаа нэгэн улаан хул гаргаж ийн зарлиг болруун: “Чи энэ хулыг авч бичин лүгээ Шороо голд хүрч “Ү Жин” хэмээн дуудваас тэр даруй гарч ирмүй. Түүнийг удирдан Тансагт золгуулсны дараа хүзүүн дэх есөн хохимой толгойг есөн мэнгийн орны ёсоор жагсаан хэлхээд, энэ хулыг дундад тавиваас даруй нэгэн номын хөлөг болж Тансагийг суулган гол гаталгаж болмуй.” Ивээл тойн багшийн өгсөн хулыг барин бичийг дагаж Чойян агуйгаас гарч зарлигийг даган бор хулсан шугуйгаас салж эчив. Шүлгийн үг:


        Таван махбод хослон зохицруун чухам үнэнт нийцэв
        Тавилант хүн лүгээ танилцруун хуучин эзэнд уулзав
        Гайхамшигт үйлст хэрэглэхээр бэлтгэрүүн бясалгалын үндэс тогтнов 
        Гажуу төвийг ялган салгаруун учир шалтгааныг ухав
        Бичин багш чанарт эгрүүн адил зоригтон лугаа нийлэв
        Гахай багш хурьцлыг тэвчирүүн хамт аянд мордов
        Шороо багш бясалгал төгсрүүн хоосны үүднээ дэвшив
        Ус гал харилцан зохицолдруун хог тоосгүй болов. 


Тэр хоёул удалгүй үүлийг даран хэдийн голын хөвөөнөө хүрч ирсэнд Гахай Ивээл тойн мөн болохыг үзэж таниад багшийг удирдан урагш ирж угтав. Мүз Тансаг лугаа ёслон золгоод Гахай лугаа учрахад Гахай өгүүлрүүн: “Эрт өдөр эрхэм багш чиний зааврыг хүртэж бодисадвад олж золгоод Гахай би сахил авч тойн болсноос нааш аян замд адбиш яаруу тул хишигт хариулан чадсангүй, ялыг минь уучилму.” Бичин өгүүлрүүн: “Өгүүлэх хэрэггүй, бид одож түүнийг дуудсугай.” Тансаг асууруун: “Хэнийг дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Би бодисадвад учирч урдахь учрыг бүрнээ өгүүлсэнд Бодисадвагийн хэлсэн нь, Энэ гол дахь шулам болбоос орхиул эвхэгч их жанжин хэмээмүй. Тэнгэрт ял олсон учир энэ голд бууж шулам болжээ. Тэр бодисадвад сургагдан дуртайяа багшийг даган баруун оронд одсугай хэмээсэн ажгуу, гагц бид ном залах учрыг түүнд эс хэлснээр тэр ийнхүү үхэн байлджээ. Бодисадва Мүзийг илгээн, хулыг түүний хүзүүн дэх есөн хохимой толгой лугаа хэлхэн номыг хөлөг болгон чамайг гаталгамуй.” Тансаг үүнийг сонсоод нэгэн зэрэг наманчлан залбирч Мүзийн зүг ёслон өгүүлрүүн: “Эрхэм хувилгаан үйлийг түргэн бөтөгхийг хүсмүй.” хэмээсэнд Мүз хулыг өргөж, үүл мананг хөлөглөн шууд голын дээр хүрч өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “ Ү Жин!  Ү Жин! Ном залах хүн ирж удав, чи юунд үл дагамуй.” хэмээв. 


Өгүүлэх нь шулам, тэр бичнээс айж усны ёроолд живэн үүрэнд орон хараахан амарч атал гэнэт түүний номын нэрийг дуудахыг сонсоод Хомсим бодисадва хүрч ирснийг мэдэв. Тэр бас ном залах хүн энд буй хэмээх үгийг сонсож илд сүхнээс эмээхээргүй давалгаа урвуулан гарч Мүзийг үзэж ихэд инээн баяссаар урагш давшин ёслон өгүүлрүүн: “Эрхэм хувилгааныг угтахыг осолдов, бодисадва хаана вэ?” Мүз өгүүлрүүн: “Багш ирсэнгүй, чамайг эртхэн Тансагийг дагаж шавь болон, хүзүүнд зүүсэн есөн хохимой толгой хийгээд энэ хулыг есөн мэнгийн орноор жагсааж нэгэн номын хөлөг болгоод түүнийг гүн уснаас гатлуул хэмээн захиж намайг илгээсэн бөлгөө.” Ү Жин өгүүлрүүн: “Ном залах хүн хаана вэ?” Мүз гараар зааж өгүүлрүүн: “Зүүн эрэг дээр сууж байгаа нь бус буюу.” Ү Жин Гахайг зааж:  “Хаанаас ирсэн тийм нэгэн дамшгийг мэдэхгүй, над лугаа яг бүхэл хоёр өдөр байлдав, ном залах үгийг нэг ч дурдсангүй.” хэмээгээд бичийг зааж өгүүлрүүн: “Энэ нэгэн нь түүний хамсаатан бөгөөд маш хэцүү! Би эчихгүй.” Мүз: “Тэр нэгэн нь Гахай, энэ нэгэн нь Бичин хэмээмүй, цөм бодисадвагийн номын ёсонд орж Тансагт шавь болсон тул айх учир юун, би чамайг дагуулан Тансагт учруулсугай.” хэмээсэнд Ү Жин, сая таягаа хураан шар эрэнээ засаж голын хөвөөн дээр харайн гарч ирээд Тансагийн өмнө сөгдөж өгүүлрүүн: “Багш минь, шавь би нүд байгаад сохор, багшийн гэгээн нүүрийг таньсангүй, халдсан ялыг уучлах ажааму.” хэмээхэд Гахай өгүүлрүүн: “Энэ муу тулам чи, тийн бөгөөтөл эртхэн дагахгүй над лугаа байлдах нь юун?” Бичин өгүүлрүүн: “Дүү чи түүнийг битгий буруушаа, энэ цөм бид ном залах учир ба нэр овгоо хэлсэнгүйн гэм болой.” Тансаг өгүүлрүүн: “Чи үнэн сэтгэлээр сахил авах буюу?” Ү Жин өчрүүн: “Шавь намайг бодисадва өршөөн сахил хүртээж, энэ голоор овог болгон Ша Ү Жин хэмээх номын нэрийг хайрласан бөлгөө. Багшийн үгийг үл дагах ёс буюу!” Тансаг өгүүлрүүн: “Тийн болохул бичин чи хутга авчирч түүний үсийг тойлогтун!” хэмээсэнд Бичин үгийг дагаж түүний үсийг тойлов. Ү Жин багшид мөргөж дараагаар Бичин Гахайд ёслов. Тансаг түүнийг ийнхүү мөргөн ёслохыг үзээд үнэхээр нэгэн тойн хүний ёс дүрэм байх тул Шороо багш хэмээн дуудав. Мүз өгүүлрүүн: “Нэгэнтээд сахил авсан болохоор олон өгүүлэх хэрэггүй, эртхэн номын хөлгөө үйлдэн Тансагийг гаргагтун.”  хэмээв. 


Шороо аймшиггүй алгуурлаж болохгүй тул, хүзүүнд зүүсэн хохимой толгойгоо авч есөн мэнгийн орны ёсоор хэлхээд бодисадвагийн хулыг дундад тавьж багшийг тэтгэн эргээс буулгаж, хөлөгт суулгасанд, үнэхээр нэгэн хөнгөн завь мэт болов. Зүүн этгээдэд Гахай түшин, баруун этгээдэд Шороо тэтгэж, хойно нь Бичин морио хөтлөн үүл гишгэн дагаж, дээрээс Мүз хамгаалав. Тэр багш шороо голыг гатлахад салхин давалгаа зэргээр намдаж, суусан хөлөг харвасан сум мэт түргэн тул багш шавь бүгдээр огт шавар ус наалдсангүйгээр цаад эрэгт гарав. Мүз бэлгэт үүлийг доош дарж хулаа хураан авсанд тэр есөн хохимой гэнэт есөн зурвас жихүүн салхи болон хувилж үзэгдэхгүй болов. Тансаг Мүзэд талархан бодисадвад мөргөв. Энэ үнэхээр: бэлгэт үүлнээ хөлөглөрүүн Мүз зүүн далайд эгэв. Билгүүн мориноо мордруун Тансаг баруун орныг зорив. Чухам аль үес бодь хутгийг олж бурхны номыг залахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 58 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 45 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 14 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 18 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 1 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 33 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 37 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 37 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 11 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 20 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 31 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 36 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 58 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 15 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 9 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 33 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 34 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 49 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК