зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ТАНСАГ ТОЙН ЯЗГУУРАА ЭС УМАРТАВ
ДӨРВӨН БОГД НОМЫН СЭТГЭЛИЙГ ТЭНСЭВ


Зарлигийг дагаж баруунш одоход аян зам хол, жихүүн жавар сэр сэр хяруу даамай буунам. Аашт бичнийг чанд оньсолж хүлээсийг битгий тайл, ардаг морийг хичээн татаж ташуур битгий тавь. Мөнгөн ус цагаан тугалга угаас өөрөө ивээлдэн, шар эмгэн нялх хөвгүүн язгуур нь үл зөрчмүй. Төмөр бөмбөгийг тас зуун үнэн учрыг мэдвээс, билиг барамид чанд ухаан тэр хүнд эгмүй. 


Энэ нэгэн бүлэг үгст, ном залах ёс нь нэгэн биеийн язгуурыг хичээж ёсноос салж болшгүйг өгүүлжээ. Өгүүлэх нь, багш шавь дөрвүүл бодь хутагт сэхээрэн, улаан тоосны оньс нь хоромхон зуур дийлэгдэн, чанарын далай Шороо голыг гаталснаас огт сааталгүйгээр шууд их замд орон баруунш одов. Тэд дөрвүүлээ хөх улаан хөхөмдөг усыг туулан, хээрийн өвс зэрлэг цэцгийг дуустал үзэв. Өдөр сарын өнгөрөх нь үнэхээр түргэн тул төдөлгүй бас намрын эцэс болов. Үзвээс тэдгээр:


Батцагааны улаан навч улаан давааг бүрхээд, багларсан цэцэг үдшийн салхинд сажилмуй. Хөгшин цалзагын царгих дуу улам цөөрөхүйеэ, гунигт голионы горь бас үл тасармуй. Лянхуан навч шаагийн дэвүүр эвдрээд, хүчтэй жүржийн алтан мөхлөг таатай анхилмуй. Хөхрөхүйеэ өмнөш одох галуун сүргүүд, хөх огторгуйд эгнэн нисч алсын газрыг зоримуй. 


Хараахан явсаар тэнгэрийн нар шингэсэнд Тансаг өгүүлрүүн: “Аяа, шавь, өдгөө нар унав, хаана одож хонох буй?”Бичин өгүүлрүүн: “Багшийн үг ташаарав. Тойн хүний ёс нь салхи сүүдэр зооглон, сарны сүүдэр хярууны хүйтэнд унтан, хүрсэн газар бүхэн цөм бидний гэр болой. Бас юунд хаана хонох буй хэмээн асуумуй?”Гахай өгүүлрүүн: “Ах чи үүрэггүй хөнгөн явах тул юуны хүний зовуурийг мэдмүй, Шороо голыг гаталснаас нааш энэ хүнд юмыг дамнан уулын давааг туулахуйяа үнэхээр тэсэхүйеэ бэрх байнам! Нэгэн айлыг олоод цав цай идэж уун биеэ амруулбаас сайн болой.”Бичин өгүүлрүүн: “Манхуу чиний энэ үгэнд халшран гаслах санаа ажээ, бас урьд Гоу Луу Жуан тосгонд байхын адил амраар жаргасугай хэмээн санамуй за, өдгөө яаж болмуй. Нэгэнт тойн болсон тул эрхбиш гашууныг тэсвэрлэн явбаас сая шавь болсны ёсонд нийцэх болой.” Гахай өгүүлрүүн: “Ах чи энэ нэг дамжуур юм чухам хэдий хүнд байхыг үл мэдэх буй за?” Бичин өгүүлрүүн: “Шороо та хоёуланг олсноос хойш би түүнийг дамнасангүй тул хэдий хүнд байхыг би яахин мэдмүй?” Гахай өгүүлрүүн: “Ах мөн үү, чи тоолж үзтүгэй. Их бага дөрвөн хавчиг үүрэг, урт охор найман олсон дээс. Бороон чийгээс сэргийлэх боодол эсгий гурав дөрөв. Хавтгай дамжуур гулгарахаас айж, хадаасыг хоёр үзүүр хадав. Төмрөөр давтаж гууль шигтгэсэн есөн гархинд толтой, хулс улиангарын ширхэгээр хийсэн нэгэн том нөмрөг. Ийм хүнд юмыг Гахай би ганцаар өдөр туж дамнаж явмуй, чи багшийн шавь гэхлээр би хүчний хүн буюу!” Бичин инээн өгүүлрүүн: “Манхуу, чи энэ үгийг хэнд сонсгомуй?” Гахай өгүүлрүүн: “Ах, би чамд өгүүлмүй.” Бичин өгүүлрүүн: “Чи надад хэлэх нь ташаармуй. Өвгөн Сүн би багшийн амар мэндийг хариуцмуй, Шороо та хоёул морь ба юмыг хариуцмуй, та хэрвээ баахан залхуурваас бөгсөн дээр чинь бүдүүн шийдэм тусгамуй!” Гахай өгүүлрүүн: “Ах, занчихыг бүү дурд, занчих нь хүнийг хүчээр дарласан хэрэг болой, чиний зан дээрэнгүй бөгөөд омогтой тул дамжуур дамнахгүйг би мэдмүй, харин багшийн унасан тэр морь төдий тарган атал юунд хөгшин тойн ганцаар унамуй, морины дээр хэдэн зах хувцсыг ачуулбаас мөн ч ах дүүгийн найр болой.” Бичин өгүүлрүүн: “Чи түүнийг морь хэмээн санах буюу, тэр ерийн морь бус, уг нь баруун далайн лусын хааны хөвгүүн нэр нь лусын хүлэг гуравдугаар тайж хэмээмүй. Тэр нь гал тавьж ордны гэгээн сувдыг шатаасанд түүний эцэг нь тэрслүү хөвгүүн хэмээн тэнгэрт заалджээ, тэр тэнгэрийн цаазыг зөрчсөнд Хомсим бодисадва амийг авармуй. Тэр бүргэд халирах завд багшийг удтал хүлээгээд Хомсим бодисадва өөрийн биеэр залран ирж түүний хайрсыг зулгалан эврийг нь мултлаад хүзүүн доорх сувдыг нь авснаар сая энэ морь болон хувилж багшид хөлөг болон баруунш бурханд мөргөхөөр одохыг хүссэн бөлгөө. Энэ нь цөм хувь хувийн ерөөл буй тул чи түүнийг хань болгон татах хэрэггүй.”Шороо үүнийг сонсоод: “Ах энэ морь үнэхээр луу буюу?” хэмээн асуусанд: “Үнэхээр луу болой.” хэмээв. Гахай өгүүлрүүн: “Ах аа! Миний сонссон нь эртний үгэнд “луу болбоос үүл мананд дэгдэн шороо тоосыг хөдөлгөн уулыг гарах чадалтай болоод морийг урвуулах далайг хутгах эрдэм буй” хэмээсэн бөлгөө. Энэ юун ийм алгуур явмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи түүнийг түргэн явуулсугай хэмээвээс би түүнийг түргэн явуулж чамд үзүүлсүгэй.” хэмээгээд их богд болд бэрээгээ хэдэнтээ сажсанд түмэн зурвас өнгөт солонго цацрав. Тэр морь бэрээнээс айж цахилгаан цахих мэт түргэн давхив. Тэр багш татаж хүчрэхгүй болж зоригоор тавьсанд, тэр морь уулын орой дээр гараад сая сайварлан явав. Тансаг амьсгаагаа даран үзвээс тэртээ алсад нэг хэсэг нарс дотор нь хэд хэдэн гэр харагдмуй. Үзвээс:


Ногоон майлс үүдэнд сэгийж, хөх уул өрөөний хажууд сүндэрлэнэм. Сүглийсэн нарс энд тэнд ургаж, сийрэг хулс цоохорлон харагдмуй. Шивээний дэргэд хээрийн удвал хяруунд гялбалзаж, гүүрийн хажууд сэлүүн цахирмаа усанд улайнам. Туурга хэрмийг цагаан шороогоор шавж тоосго туйпуугаар хүрээ хашаа барьжээ. Өндөр танхим юутай үзэмж сайхан, өргөн байшин юутай амарлингуй сэлүүн. Үхэр хонь тахиа нохой үл үзэгдэж, үнэнээр намрын ажлын сэлүү цаг буй за. 


Тансаг морин жолоогоо татан ажиглан ахуйд, Бичин ах дүү гурвуул сая хүрч ирэв. Бичин асууруун: “Багш мориноосоо ойчсонгүй юу?” Тансаг хараан өгүүлрүүн: Энэ муу сармагчин чи морь үргээв, би арай ойчсонгүй.”Бичин инээн өгүүлрүүн: “Багш, намайг битгий хараагтун энэ цөм Гахай морийг хашин хэмээсэнд тийнхүү баахан түргэн явуулсугай хэмээсэн бөлгөө.” Тэр манхуу морины хойноос гүйн их л сүйлэглэн амандаа түднэн өгүүлрүүн: “Өлөн гэдэс горчигнон, өмдний тэлээ суларч дамжуурын хүндийг дааж ядан атал, бас намайг зовоож ийнхүү морины хойноос гүйлгэмүй!” Тансаг өгүүлрүүн: “Аяа, шавь чи үзэгтүн тэнд айл байх биш үү, бид эчиж хоносугай.”Бичин үүнийг сонсоод тэргүүн өргөн үзвээс өлзийт үүл эвхрэн бэлгэт униар тунаран бурхан сахиулсан хувилгааныг нэвтэрхий ухав. Тэнгэрийн нууцыг сэрэгдүүлж болохгүй тул: “Сайн! Сайн! бид хоног гуйхаар одсугай.” хэмээв. 


Тансаг хаалганд нь хүрч мориноосоо бууж үзвээс үүдний тэнд хас зааны хамрыг унжийлган чимж, нуруу багананд цөм зураг сийлжээ. Шороо дамжуураа тавьж, Гахай морио хөтлөв. Гахай өгүүлрүүн: “Үнэхээр баян айл байнам.”Бичин дотогш орсугай хэмээтэл Тансаг хориглон өгүүлрүүн: “Болохгүй! болохгүй! Бид тойн хүн, бусдын гэрт зоригоор орох ёс буюу, гэрийн эзний гарч ирэхийг хүлээж ёсоор хоног гуйваас зохимуй.” Гахай морио уяж хэрэм түшин суув. Тансаг үүдний чулуун дээр суув. БичинШороо индрийн хажууд сууж нэлээд удтал хүлээсэн боловч нэг ч хүн гарч ирсэнгүйд Бичин тэсч ядан ухасхийн босч дотогш орж үзвээс өмнө тийш хандсан гурван тасалгаа их танхим буй бөгөөд үүдний орхиулыг өндөр өлгөжээ, халхавчин дээр өлзийт уул буянт далай хэмээх нэгэн хөндлөн зураг өлгөж хоёр хажуугийн алт ширдсэн тулгуур дээр улаан цааст хаврын уянга наажээ. Түүний дээр бичсэн нь: “Бургас удын нарийхан навч үдшийн гүүрнээ найгаруун, булбарай цэцэгт хямраа буун хаврын өнгийг авчрав.” хэмээжээ. Төв дунд нэгэн хар шараар ширдсэн хүжсийн ширээн дээр араатны дүрстэй гүлс тавьжээ. Дээр талд зургаан исэр буй, хоёр талын хаяан дээр дөрвөн улирлын өлгөмөл зураг дүүжилжээ. 


Бичин хараахан сэмээр харж байтал, гэнэт хойд үүдний дотор хөлийн чимээ сонстож нэгэн дунд насны эхнэр хүн гарч ирээд дор дуугаар асууруун: “Ямар хүн миний бэлэвсэн эхнэрийн гэрт зоригоор орж ирэв?” хэмээсэнд их богд мэнд санд хариу өчрүүн: “Өчүүхэн тойн бид зүүн их Тан улсаас ирсэн болой. Хааны зарлигаар баруун газарт одож, бурханд мөргөн ном залмуй. Бид дөрвүүлээ эрхмийн энэ газраар өнгөрөхөд, тэнгэр нэгэнт орой болсон тул эх бодисадва өглөгийн эзнээс хоног гуйхаар ирсэн бөлгөө.” Тэр эхнэр инээмсэглэн угтаж өгүүлрүүн: “Тэр гурван хүн хаана буй? Зарлиг буумуй.” Бичин өндөр дуугаар дуудан: “Багш, орж ирэгтүн” хэмээсэнд Тансаг сая Гахай Шороо лугаа морио хөтөлж дамжуураа дамнан орж ирэв. Тэр эхнэр гол гэрээс гарч угтав. Гахай тэр эхнэрийг хулгайлан үзвээс түүний өмсөж чимсэн байдал нь: Нэхмэл гэмэрлэг ногоон торгон дээлийг биед өмсөж, дээгүүр нь улбар өнгөт уужийг давхарлан хөдөрчээ. Дундуураа цацагтай шарангуй хатгамал хормойвчийг бүсэлж, доогуур нь зузаан улт хуартай гутал цухуйн харагджээ. Хар шаа даруулан шанхалсан гэзэг нь цагийн өнгийг дагаж, тунхайтал эвхсэн хоёр ороомол үс нь түүн лүгээ өнгө ялгаран тэнцжээ. Ордны маягийн ясан самд улаан сувд гялтганан, хоёр алтан хатгуурыг жишүүлэн хатгажээ. Үүлэн санчиг хагас буурал гарди галбинга жигүүрээ дэлгэсэн мэт, хоёр чихэнд зүүсэн ээмэг сүйх доош унжийн хас тана зэрэглэжээ. Оо энгэсэг түрхсэнгүй атал төрөлх гоо үзэсгэлэн, орь залуугийн дэгжин байдал нүд хөмсөгт илэрчээ. 


Тэр эхнэр эд гурвуулыг үзээд нэнт баярлаж гол гэрт залан оруулж харилцан ёслон суулцаад цай авчир хэмээв. Халхавчийн араас нэгэн гэзэг тавьсан бага зарц охин шар алтан таваг, цагаан хасын цом барин орж ирэхэд цайнаас халуун уур баагилан гайхамшигт жимсээс сайхан үнэр анхилмуй, тэр охин агуу ханцуйг дээш өргөхөд хаврын сүеэ мэт нарийн урт хуруу гадагш цухуйн хасын цомыг дээш өргөн цай барин золгов. Цайны дараа бас цав бэлтгэ хэмээн захьсанд Тансаг наманчлан асууруун: ”Эх бодисадвагийн эрхэм овог хэн, дээд орны нэр юун?” Тэр эхнэр өгүүлрүүн: “Энэ болбоос баруун үхэр эдлэгч тивийн газар болой, өчүүхэн эхнэр миний төрхөмийн овог Жияа, учирсан гэрийн овог Мүвэ, залуу насанд заяа муугийн учир хадам эцэг эх эрт нөгчиж, эр нөхөртэйгөө хоёулаа өвгийн үлдээсэн түмэн лангийн эд хөрөнгө мянган чингийн газар тариаг залгамжлан эдлэв. Бид эр эм хоёрт гурван охиноос өөр заяаны хөвүүн үгүй. Уржнан жил завшаан бусаар миний нөхөр үгүй болов. Өчүүхэн би бэлэвсэн сууж, энэ жил сая бэлэвсрэл дүүрчээ. Өөр ойр төрөлгүй тул эдгээр эд хөрөнгө хоосоор үлдэж эх охин бид дөрвүүлийн гарт амуй. Бусдад гарсугай хэмээвэл бас гэр өрх эд хөрөнгөө хайрламуй. Өдгөө та багш шавь дөрвүүл ирсэн нь чив хэмээн эх охин бид дөрвүүлийн хүргэн эрэх санаа лугаа нийцэв. Эрхмийн санаанд нийцэх ба эсэхийг мэдэхгүй” хэмээсэнд Тансаг сонссонгүй мэт таг дуугүй болж, нүдээ аньж сэтгэлээ тогтоон юу ч хариулсан бээр үгүй. 


Тэр эхнэр өгүүлрүүн: ”Миний гэрт усан тариа гурван зуун илүү му, уулан тариа гурван зуун илүү чин, жимсийн газар гурван зуун илүү чин, усан үхэр мянга илүү буй бөгөөд луусан морь сүрэг, Гахай хонь тоолшгүй, дөрвөн зүгт айл тосгон өвс бэлчээр нийт жар далан хэсэг буй, гэрт найм есөн жил хэрэглэж баршгүй амуу буй, арван жил өмсөж барах хив торго буй, нэг насанд зараад баршгүй алт мөнгө буй. Тэр хөшигт хаврыг далдалснаас нэн хэтийдэж, хоёр анги алтан хатгуур хэмээн тооцох учир юун. Та багш шавь хэрвээ сэтгэл эргэн хөдөө гэрт хүчин хүргэн болон амирлан жаргаваас зовлон амсан баруунш одохоос дээр бишүү?” хэмээхэд Тансаг нэгэнт алмайран эргүүтэж дуу эс гарав.


Тэр эхнэр бас өгүүлрүүн: “Би болбоос улаагчин Гахай жилийн гурван сарын шинийн гурваны өдрийн тахиа цагт төрсөн хүн бөлгөө. Нөгчсөн эр минь надаас гурван нас ах, энэ жил би дөчин таван настай. Их охины нэр Жэн Жэн, өдгөө хорин настай. Хоёрдугаар охины нэр Ай Ай, өдгөө арван найман настай, бага охины нэр Лян Лян, өдгөө арван зургаан настай. Цөм хүнд сүйлээгүй болой. Миний зүс хэдий муухай боловч, бага охид харин ч цөм хэдэн хувийн өнгө буй. Үйлд цөм уран оёж хатгаж чадахгүй зүйл үгүй. Миний эр нөхөр байх цагт хөвүүн үгүй тул тэднийг хөвүүний оронд тэжээн өсгөж, багын үед бичиг ном баахан сургаж цөм шүлэг уншин бадаг холбож чадмуй. Хэдийгээр хөдөө тосгонд суусан хүмүүс боловч мөн тийм хэтэрхий болхи бүдүүлэг бус, бодвоос та хэд лүгээ тэнцэх болой. Хэрвээ голохгүй зөвшөөрвөөс үс гэзгээ тавин гэрийн эзэн болж хив торгон дээр хэвтэж, тэр бадар эрэн баруунш одож зовон явснаас дээр бишүү!”


Тансаг үүнийг сонсоод яг аянганд цочсон хүүхэд, бороонд норсон мэлхий мэт нэгмөсөн мэлрээд нүд цийвийн хойш гэдийв. Гахай харин ч ийм баян тийм сайхан хэмээхийг сонсоод яг шорон дээр суусан мэт овгүй болж, сэтгэл хөдлөн дотор загатнан тэсэхүйеэ бэрх болоод багшийнхаа дэргэд эчиж: “Багш аа, энэ эхнэр чамд төдий хэлж атал, та харин дуугуй суун ойшоохгүй нь юун? Юу ч болов хариу хэлбээс таармуй” хэмээсэнд тэр багш гэнэт тэргүүн өргөж түй хэмээн Гахайг зандран хойш болгож: ”Энэ муу хилэнцэт мал! Бидний мэтийн тойн хүн баян эрхэмд сэтгэл хөдөлж гоо үзэсгэлэнд санаа тавьж хэрхэн болмуй” хэмээв. 


Тэр эхнэр инээн өгүүлрүүн: “Хөөрхий! хөөрхий! Таны тойн бологсдод ямар сайн газар буй?” Тансаг өгүүлрүүн: “Өглөгийн эзэн таны мэтийн гэрт суусан хүнд ямар сайн газар буй?” Тэр эхнэр өгүүлрүүн: “Тойн чи сууж сонсогтун, би гэрт суусан хүний сайн газрыг чамд хэлэн өгсүгэй. Түүний сайныг өгүүлбээс нэгэн шүлэг буй.


        Хавар болохуйяа хатгамал хал шинэ торго өмсөөд,
        Халуун орохуйяа шаа нөмрөн ногоон лянхуад сэлгүүцмүй.
        Элбэг намарт шинэ жимсээр амтат дарсыг нэрээд,
        Өвлийн хүйтнээ дулаан асарт нэвширтэл уун согтуурмуй.
        Дөрвөн цагт эдлэл хэрэгсэл янз янз бүрэн. 
        Найман улиралд идээ ундаа зүйл зүйл үлэмж. 
        Гэмэрлэг хучин хив дэвсэн цэцэгт зулд цэнгэлдэн,
        Хээр хэсэгч хуврагийн амьдралаас хэлэлгээнгүй дээд.”


Тансаг өгүүлрүүн: ”Өглөгийн эзэн, таны мэтийн гэрт суусан хүн барагдашгүй баян эрхмийг эдлэн, идэж өмсөхөд зовохгүй, нэгэн гэр хамтаар жаргах нь мөн ч сайн боловч манай тойн хүнд бас ч нэгэн анги сайн буй, түүний сайныг өгүүлбээс бас нэгэн шүлэг буй:


        Тойн болж гэрээс гарах нь хялбар хэрэг бус, 
        Төрөл садны хайрыг умартан их зоригийг барьмуй.
        Түмэн хэрэгт чирэгдэлгүй ам хэлийг хичээ,
        Төрсөн биед арга билгийг аяндаа сайтар ахуулмуй.
        Үйл төгсөж явдал гүйцэн алтан харшид бараалахуйяа
        Үнэн чанараа толилон таньж хуучин нутагт эгмүй.
        Өрх гэрт суун өөх тосонд шунахайрваас
        Өтлөхүйн цагт өмхий тулам болох буюу.”


Тэр эхнэр сонсоод ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Энэ муу тойн огоот ёсгүй! Би таныг холоос ирснийг эс санаваас үлдэж гаргах бөлгөө, би үнэн сэтгэлээс гэр бараагаа танд тушааж хүргэн болгосугай хэмээвэл харин намайг үгээр дайрмуй. Чи сахил авч өнөд хар болохгүй хэмээн тангариглав хэмээх болбоос доорх шавь нарын нэгнийг энд үлдээн хүргэн болгож үл болох буюу, чи юунд энэ мэт этгээд зан гаргамуй.” Тансаг түүний хилэгнэснийг үзээд арга бус хөнгөмсөглөн өгүүлрүүн: “Бичин чи энд үлдтүгэй!” Бичин өгүүлрүүн: “Би хараахан багаасаа тэр мэтийн үйлийг үйлдэж үзээгүй тул Гахайг үлдээвээс сайн!” Гахай өгүүлрүүн: “Ах чи намайг битгий шогло, бид аажмаар зөвлөн үзсүгэй” Тансаг өгүүлрүүн: “Та хоёул дургүй бөгөөс Шороог энд үлдээсүгэй” хэмээсэнд Шороо өгүүлрүүн: “Багшийн энэ үг ташаарав. Шавь би бодисадвагаас сахил авч багшийг удтал хүлээсэн бөлгөө. Багшид шавь болон сахил хүртсэнээс нааш хоёр сар гаруй болж өчүүхэн төдий ч гавьяагүй атал, ямар аймшиггүй баян эрхмийг хүсмүй! Үхэвч баруун газарт одохоос бус энэ мэт сэтгэлд үл нийцэх үйлийг үйлдэхээргүй.” Тэр эхнэр тэдний ийн харилцан түлхэхийг үзээд бие эргэж халхавчийн цаана ороод писхийтэл үүдээ хаасанд багш шавь цөм гадна хоцров. Цав цай юу ч үгүй бөгөөд хүн бас гарч ирэхгүйд Гахай ихэд цухалдаж багшаа зэмлэн өгүүлрүүн: “Багш чи үгээ тас хэлж хэрэг бүтэхийг эвдэв. Баахан сүүл үлдээж хааш яаш хүлээн авч цав цайг нь аргалж идээд энэ шөнө амархан хонож маргааш өглөө болбоос болох эс болох нь цөм маны дур бус буюу, энэ мэт үүдээ хааж гарч ирэхгүй болбоос хүйтэн гэр хөлдүү ханзан дээр яахин нэгэн шөнийг өнгөрөөмүй!”


Шороо өгүүлрүүн: “Хоёрдугаар ах эдний гэрт хүргэн болбоос ямар?” Гахай өгүүлрүүн: “Дүү битгий шогло! Аажмаар зөвлөн үзсүгэй!” Гахай өгүүлрүүн: “Чиний хэлэх хэдий зүйтэй боловч, ганц би тойн болоод дахин хар болох, гэргийгээ хаяад бас эхнэр авах буюу.”


Бичин өгүүлрүүн: “Юуг зөвлөмүй? Чи дуртай болбоос багшийг тэр эхнэртэй худ худгуй болгож, чи түүний гэрт хүчин хүргэн болбоос барав. Түүний гэр энэ зэргийн баян эрхэм тул хуримын юмыг тэр өөрөө бэлтгэх буй за. Бид хуримд суумуй. Чи ч хар хүн болмуй. Энэ мөн хэн алинд цөм сайн буюу.” Гахай өгүүлрүүн: “Чиний хэлэх хэдий зүйтэй боловч гагц би тойн болоод дахин хар болох, гэргийгээ хаяад бас эхнэр авах буюу? 


Төдий шороо өгүүлрүүн: “Үзвээс хоёрдугаар ахад бас гэргий байсан буй за?” Бичин өгүүлрүүн: “Чи харин үл мэдмүй, тэр урьд Үйзэнгийн Гоу Луу Жуан тосгоны Гоу өвгөний хүргэн бөлгөө. Тэр надад баригдсан бөгөөд урьд өдөр бодисадвагаас сахил авсан тул аргагүй тойн болоод урьдах эмээ орхиж багшийг даган баруунш одож бурханд мөргөхөөр явмуй. Өдгөө өдөр удсан тул хуучин явдал санаанд орж хурьцлын сэтгэл нэгэнтээ үүсчээ, манхуу чи энэ гэрт хүргэн болтугай, ганц өвгөн Сүнд олонтаа мөргө, би чамайг эс доогловоос барав.” Манхуу өгүүлрүүн: “Битгий чалч! Битгий чалч! Танд цөм ийм сэтгэл байх бөгөөтөл гагцхүү Гахай надаар элэг барьмуй. Эртний үгэнд: “Тойн хэмээгч тачаангуйн өлөн чөтгөр” хэмээжээ. Хэн хүн үл дурламуй? Цөм эрхэлсээр сайн хэргийг саатааж муу болгохуйд хүргэв. Өдгөө цай ч үгүй царай ч үгүй зул ч хүн ч үгүй, нэгэн шөнө хоосон хоноход, бид бас гайгүй, гагц энэ морийг маргааш унаж зам хөөмүй, хэрвээ нэгэн шөнө өлсвөөс арьсыг нь өвчихөөс өөр хэрэггүй болмуй, та нар энд сууж байгтун, би одож морио баахан идүүлж ирсүгэй!” хэмээгээд тэр манхуу яаран морио хөтлөн гарч одов. Бичин өгүүлрүүн: “Шороо чи багш лугаа суугтун, би гарч тэр морио хаана идүүлэхээр одохыг үзсүгэй!” Тансаг өгүүлрүүн: “Бичин чи үзэхээрээ үзэвч түүнийг битгий доог болго!” хэмээсэнд Бичин: “Би мэдмү” хэмээгээд гол гэрээс гармагц нэгэн улаан өрөм хулгайч болон хувилж өмнө үүдээр гарч Гахайг даган одов. 


Тэр манхуу морио өвсөнд тавьсангүй дэмий тойрч явсаар хойд үүднээ хүрч ирэв. Энэ үед тэр эхнэр охиноо дагуулан хойд үүдний гадна удвал үзэн зугаахийн ажээ. Тэд, Гахайг ирэхийг нь үзээд гурван охин нь зайлан оров. Тэр эхнэр хаалганы өмнө зогсож ийн өгүүлрүүн: “Бага тойн хааш одмуй?” Тэр манхуу цулбуураа орхин урагш давшиж мэхийсхийн ёслон ээж хэмээн дуудаад: “Би морио тавьж идүүлэхээр ирэв.” хэмээсэнд, тэр эхнэр өгүүлрүүн: “Чиний багш даанч нарийлмуй, миний гэрт хүргэн болж сууваас бадар эрэн баруунш тэнэхээс дээр бус буюу?” Гахай инээн өгүүлрүүн: “Тэд цөм Тан хааны зарлигийг хүлээн авсан тул аймшиггүй энэ хэргийг үүсгэн үл болмуй, сая өмнө тэнхимд тэд бүгдээр намайг хүргэн болтугай хэмээн шаардав. Би ганц та миний чих лавтгар хоншоор эртгэрийг голох болуузай хэмээн бэрхшээнэм.” Тэр эхнэр өгүүлрүүн: “Би үл голмуй, гэрийн эзэн үгүй тул нэгийг олбоос барав, ганц миний охид голох буюу” Гахай өгүүлрүүн: “Ээж та охиддоо битгий эр сонго хэмээн хэлж өг! Манай тэр Тансагийн өнгө зүс нь хэдий сайхан боловч ямар ч хэрэггүй. Би хэдий муухай боловч миний чадлыг магтсан хэдэн бадаг үгс буй.” Тэр эхнэр өгүүлрүүн: “Яаж магтсан буй?” Гахай өгүүлрүүн би болбоос:


Төрсөн бие хэдий муухай боловч төхөөрч амьдрахад тун сайн. Мянган чингийн тариаг хагалбарлахад, морь үхэр аль ч хэрэглэхгүй. Өргөх малтуураараа нэгэнтээ малтваас өвс арилан тариа төмс төрмүй. Шимт хургүй болбоос бороо оруулан, сэнгэнэм салхи дутагдваас салхи урьж чаднам. Байшин гэрийг богино хэмээн голбоос, бушуу түргэн өсгөн барьж чаднам. Газар хөсөр бузартваас шүүрдэн арилгаж, гуу суваг битүүрвээс би арилган чаднам. Гэр зуурын аахар шаахар ажилд дүйтэй, гадна дотно их бага хөдөлмөрт тохьтой.


Тэр эхнэр өгүүлрүүн: “Чи үнэхээр гэрийн ажлыг цөм хийж чадах бөгөөс дахин одож багш лугаа зөвлөж үзэгтүн, хэрвээ дуртай болбоос би чамайг хүргэнээ болгосугай.” Гахай өгүүлрүүн: “Зөвлөх хэрэг юун, тэр бас миний эцэг эх бус, болох үл болох нь цөм миний дур болой.”  Тэр эхнэр өгүүлрүүн: “Болтугай, болтугай, би охид лугаа зөвлөсүгэй.” хэмээгээд гэртээ ормогц үүдээ писхийтэл хаав. Гахай морио тавьж идүүлсэнгүй мөн хөтөлсөөр буцан ирэв. Бичин түүний хэлсэн үгийг цөм сонсоод урьдаар нисэн ирж уг биеэр болон хувилаад Тансагт золгон өгүүлрүүн: “Багш аа! Гахай морио хөтөлж ирэв.” Тансаг өгүүлрүүн: “Морь эс хөтөлбөөс алдах буюу?” Бичин инээсээр Гахай тэр эхнэр лүгээ хэлэлцсэн үгийг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд Тансаг мөн ч итгэж ядан байв. 


Удсангүй тэр манхуу морио хөтлөн уяанд уяад орж ирэхэд Тансаг асууруун: “Чи морио идүүлсэн буй за?” Гахай өгүүлрүүн: “Сайн бэлчээргүй тул эс идүүлэв.” Бичин өгүүлрүүн: “Сайн бэлчээргүй боловч сайн зууч байх буй за?” Гахай энэ үгийг сонсоод хэрэг нэгэнтээ сэрэгдсэнийг мэдээд буруу хандан уруулаа эртийлгэн хөмсөг атиран удтал дуу эс гарав. Гэнэт хаалга нээгдэх дуу гарч, тэр эхнэр охидоороо хоёр хос улаан дэн нэг хос гүлс бариулан орж ирэхэд хүжсийн униар мяралзан хас гархийн дуу хангинамуй. Тэр эхнэр Жэн Жэн, Ай Ай, Лян Лян ирж ном залагч тойнд мөргөгтүн хэмээн дуудсанд гурван охин тэнхимийн дунд зэрэгцэн зогсон ёслон мөргөв. Үзвээс өнгө зүс үнэхээр гоо үзэсгэлэн ажээ.


Урт хөмсөг жирвэс жирвэс дэгжин байдал илрээд, оогийн нүүр улбас улбас хаврын өнгө тодорчээ. Өнгө зүс үзэсгэлэн сайхан улс гэрийг мөхөөгөөд, өчиж хариулах уяхан зөөлөн өрц зүрхийг татжээ. Хатгуур унжилга гялалзан цайлалзан сайхан дүрс үлэмж, хатгамал хормойвч дэрвэлзэн хийсэн хог тоос арилжээ. Жуумасхийн исвэлзэн инээхэд интоорын уруул өчүүхэн нээгдээд, зогсосхийн урагш алхахад хүдэр заарын үнэр анхилмуй. Толгойд зүүсэн хас танын засал харилцан харшилдан, тоолшгүй хатгуур сүйх үе үе чичирхийлжээ, гуа бие ариун цогцод сонин үнэр анхилан, гоо үзэсгэлэн алтан цэцэг хааяа хааяа нахилзжээ. Чу улсын охин Ши Цигийн зүсийг сайхан хэмээмү? Чухам тэнгэрийн дагина Чан Э хэмээгч эднийг хэлжээ!


Тансаг доош харан залбиран суув, их богд үл ойшоов. Шороо хойш хандан зогсов. Гагцхүү Гахай нэгмөсөн мэлэрч тачаангуй сэтгэл хөдөлж, нисваанисын гал бадраад тэсч ядан сэмээр өгүүлрүүн: “Хувилгаан охидыг зүдээв, ээж ээ! Чи эгч нарыг авч ортугай” хэмээсэнд тэр гурван охин хоёр улаан дэнг үлдээж халхавчийн цаана оров. Тэр эхнэр өгүүлрүүн: “Дөрвөн тойны дотроос аль нь надад хүргэн болохоор болов?” Шороо өгүүлрүүн: “Гахайгаар хүргэн болгосугай хэмээн зөвлөн тогтов.” Гахай өгүүлрүүн: “Дүү чи надаар битгий элэг барь, бүгдээр зөвлөвөөс сайн буй за.” Бичин өгүүлрүүн: “Зөвдөх учир юун, чи нэгэнт ар хаалганд хэлэлцэж тохироод “Ээж” хэмээн дуудсан биш үү? Манай багш худ болж энэ эхнэр худгуй болтугай, би батлах хүн болоод Шороо зууч болтугай, өдөр сар үзсэний хэрэггүй, энэ өдөр болбоос тэнгэрийн хишигт тэргүүн сайн өдөр тул чи нааш ирж багшид мөргөөд дотогш орж хүргэн болбоос барав.” Гахай өгүүлрүүн: “Болохгүй, болохгүй! Энэ явдлыг би хэрхэн үйлдэж болмуй?” Бичин өгүүлрүүн: “Манхуу чи битгий овло, чи түүнийг “Ээж” хэмээн олонтоо дуудсан бус буюу? Бас юунд дэмий шалтагламуй. Түргэн хүлээн авч бидэнд баярын архи уулгаваас сайн.” хэмээгээд нэгэн гараар Гахайг чирж нэгэн гараар тэр эхнэрийг барин: “Худгуй та хүргэнээ дагуулж ортугай.” хэмээв. Тэр манхуу баахан татгалзаад дотогш орсугай хэмээтэл тэр эхнэр зарц хүүхдээ дуудан: “Ширээ арчин үдшийн цав бэлтгэж гурван худад идүүл, би өдгөө хүргэнээ дагуулан хүүхний гэрт очмуй” хэмээн захиж нөгөөтэйгүүр тогоочоор маргааш өглөөний хуримын ширээг бэлтгүүлэв. Хэдэн зарц хүүхэд захиа даган эчив. Тэд гурвуул цав зооглож дэвсгэр дэлгэн өөр өөрийн оронд орон бие амран хэвтсэнийг дурдахгүй. 


Өгүүлэх нь Гахай хадам эхээ дагаж дотогш орвоос, гэр өрөө давхар давхар тул хавтсанд нь торж унан алдахдаа дуудан өгүүлрүүн: “Ээж алгуур явму, хаалга хавтас олон тул төөрөхөд хүрмүй, чи намайг дагуулах ажааму.”  Тэр эхнэр өгүүлрүүн: “Энэ цөм амьтай хураасан гэр, сангийн гэр, тээрмийн гэр болой, тогоон гэрт бас хүрээгүй” хэмээсэнд, Гахай: “Үнэхээр баян айл ажээ.” хэмээгээд энд тэндгүй дэмий л мөргөлхийлэн хэдэнтээ мушгин тойрсоор сая суух гэрт нь хүрэхэд тэр эхнэр өгүүлрүүн: “Аяа, хүргэн, чиний номын ахын өгүүлсэн нь, энэ өдөр болбоос тэнгэрийн хишигт тэргүүн сайн өдөр хэмээсэн бөлгөө, тиймээс ч чамайг оруулж хүргэн болгов. Гагц яаруу тул үзлэгч залж бурхан тэнгэрт мөргөж завдахгүй болжээ, чи дээш хандан наймантаа ёслон мөргөвөөс барах буй за.” Гахай өгүүлрүүн: “Ээжийн үг зөв болой, чи дээр заларч суу, би чамд мөргөсүгэй, тэнгэрт мөргөх, хадамд мөргөх хоёрыг хамтатгаваас дөхөм бус буюу?” хэмээсэнд хадам эх нь инээн өгүүлрүүн: “Тэгтүгэй! Тэгтүгэй! Үнэхээр дөхмийг бодогч хүргэн байнам, би суусугай, чи мөргөгтүн.” хэмээв. 


Үзвээс! Гэр дүүрэн гялалзсан мөнгөн зулын доор тэр манхуу дээш хандан наймантаа мөргөн бараад өгүүлрүүн: “Ээж та надад аль охиноо гэргий болгон өгмүй?” Хадам эх нь өгүүлрүүн: “Энэ учирт би бас санаа зовж буй, их охиноо чамд өгсүгэй хэмээвэл, хоёрдугаар охин муу сануузай, хоёрдугаар охиныг чамд өгсүгэй хэмээвэл гуравдугаар охин атаархуузай, гуравдугаар охиноо чамд өгсүгэй хэмээвэл, их охин дургүйцүүзэй хэмээн татгалзнам.” Гахай өгүүлрүүн: “Ээж хэрвээ харилцан тэмцэлдэхээс айваас гурвууланг цөм надад өгвөөс хэрүүл шуугиангүй бөгөөд гэрийн ёсонд бас сайн буюу.” Хадам эх нь өгүүлрүүн: “Чи миний гурван охиныг цөм авах ёс буюу?” Гахай өгүүлрүүн: “Ээжийн энэ ямар үг вэ? Эр хүн аль нь гурван гэргий, дөрвөн татваргүй буй? Бас илүү хэдийг авсан ч хүргэн чинь би бас ханааж чадмуй. Би залуугийн үед бас ээлжлэн гүйцэтгэх эрдмийг сурсан бөлгөө. Лавтайяа тэднийг нэг нэгээр цөм баясуулж чадмуй.” Тэр эхнэр өгүүлрүүн: “Болохгүй, болохгүй, надад нэгэн дөрвөлжин алчуур буй, үүгээр чиний нүүрийг бүтээж, би охидоо авч ирээд чиний өмнүүр гаргасугай, чи алийг нь ч олж барьваас түүнийг чамд холбосугай.” Манхуу үгийг дагаж алчуураар нүүрээ бүтээв. Үүнийг шүлэглэсэн шүлгийн үг нь:


        Өлөг Гахай үндэс шалтгааныг үл ухсаны учир, 
        Өнгийн сэжимд өөрөө хүлэгдэн ичгүүрийн туйл болов. 
        Эртнээс эрхэмлэн тогтсон Жэү гүнгийн ёсон буй тулд, 
        Энэ өдөр нүүрээ бөтөгн шинэ хүргэн болов. 


Тэр манхуу алчуурыг нь авч нүдээ бөтөггээд ийн өгүүлрүүн: “Ээж чи эгч нарыг гаргаж ир.” хэмээсэнд хадам эх нь: “Жэн Жэн, Ай Ай, Лян Лян хаана буй, та гарч ир! Заяаны нөхрөө олж гэргий болтугай.” хэмээсэнд хасын чимэг хангилзан жагарын үнэр анхилан хувилгаан охид гарч ирэв. Тэр манхуу гараа сарвайн барьсугай хэмээн ноцон эчихэд тэр охид зайлан эс баригдав. Тэр манхуу зүг бүр тэмтрээд нэгийг ч олж барьсангүй, харин багана хаяанд мөргөн толгой нь хавдаад уруул нь хөхрөөд их л сүйлэглэн газарт суухад бас хүүхэн хүний хөлийн чимээ тасралгүй сонсмуй. Тэр манхуу маш цухалдан ийн өгүүлрүүн: “Ээжийн охид хэтэрхий мэхтэй, нэг ч баригдахгүй яасу, яасу!” Тэр эхнэр нүүрийн алчуурыг нь авч өгүүлрүүн: “Аяа, хүргэн минь, миний охид мэхтэй бус, тэд харилцан найр тавин хүргэнээ болгохгүйн тул ийн болов.” Гахай өгүүлрүүн: “Аяа, ээж, тэд намайг эрээ хийхгүй болбоос, чи намайг эрээ болгосу.” Тэр эхнэр өгүүлрүүн: “Дээр дооргүй, ямар хүргэн буй, хадам эхээ авах ёсон буй буюу! Миний энэ гурван охин цөм маш уран, хүн бүр сувд хэлхэж цамц хийсэн бөлгөө, аль нэгний цамц нь чамд таарваас түүнийг даруй гэргий болгон холбосугай.” Гахай өгүүлрүүн: “Сайн, сайн, гурван захыг цөм авч ир, би өмсөж үзсүгэй, хэрвээ цөм таарваас тэд гурвууланг цөм эхнэрээ болгон авсугай.” Тэр эхнэр дотор гэрт ороод нэг цамцыг авч ирээд Гахайд өгсөнд тэр манхуу өөрийн эрэнгээ тайлан цамцыг авч өмсөөд бүсийг нь бүсэлсүгэй гэтэл нэгмөсөн хөл алдан газар унав. Үзвээс хэдэн давхар дээс биеийг нь чанга хүлжээ. Тэр манхуу өвдөж тэсэхгүй байхад ээж охин цөм үзэгдэхгүй болов.


Өгүүлэх нь, Тансаг Бичин Шороо нар гэнэт сэрэхэд нэгэнтээ үүр цайжээ. Нүдээ нээж тэргүүн өндийн үзвээс тэдгээр өрлөг асар өндөр тагт сийлмэл тулгуур сүлжмэл нуруу цөм үгүй болж бүгдээр нарс модны доор унтжээ. Тансаг ихэд цочиж Бичин хэмээн дуудтал Шороо бас: “Номын ах аа, барав! барав! Бид чөтгөрт учрав” хэмээв. Их богд учрыг илэрхий мэдэх тул инээн өгүүлрүүн: “Яаж мэдэв?” Тансаг өгүүлрүүн: “Бид хаана унтсаныг чи үзэхгүй юу?” Бичин өгүүлрүүн: “Бид энэ нарс модны доор амирлангуй унтжээ, ганц тэр манхуу хаана зовлон амсаж байхыг үл мэдмүй.” Тансаг өгүүлрүүн: “Ямар зовлон амсмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Өчигдрийн тэр эх охин нь аль орны бодисадва нар болохыг үл мэдмүй. Тэд биднийг тэнсээд шөнө дүлээр одов, тийн Гахай ганцаар хоцорч зовлон амсчээ.” Тансаг үүнийг сонсож алгаа хамтатгаж огторгуйн зүг мөргөв. Бас үзвээс багшид үзүүлбээс найман бадаг дуулал ажээ. 


“Ли Шан уулын хөгшин эмэг ертөнцийг хүссэн бус, Лука уулын Хомсим бодисадва намайг залж буулгав. Самандабара манзушир бодисадва нар цөм залран ирж, сайхан охиноор засан чимж шугуйн дотор хүлээв. Богд тойн бодлогоо хичээн эгэлд эс эгсэн ч, болхи Гахай бясалгалыг эвдэн ертөнцөд эгэх санаа буюу. Үүнээс хойш эндүүгээ халж сэтгэл үл шуудваас эчих замд эрхгүй бэрх олонтаа учирмуй.”


Тансаг Бичин Шороо гурвуул энэ дууллыг уншиж байхад гэнэт шугуйн дотор нэгэн хүн өндөр дуугаар: “Багш минь би хүлэгдээд үхэхэд шахав, намайг авар! Үүнээс хойш энэ мэт явдлыг эргэж хийхгүй.” хэмээн хашгирахад Тансаг өгүүлрүүн: “Бичин тэр хашгирагч лав Гахай буй за?” Шороо өгүүлрүүн: “Мөн болой” Бичин өгүүлрүүн: “Дүү минь, түүнийг битгий ойшоо, бид одсугай” Тансаг өгүүлрүүн: “Тэр манхуу хэдий тэнэг мунхаг боловч харин ч ямагт асвуй шулуун бөгөөд мөрөнд хүчтэй тул дамжуурыг дамнахад сайн болой. Бас эрт өдрийн бодисадвагийн сэтгэлийг бодож түүнийг авран гаргаж дагуулан явсугай. Бодвоос үүнээс хойш аймшиггүй энэ мэт явдлыг хийхгүй буй за.” хэмээсэнд Шороо ор дэвсгэрээ төхөөрөн дамжуураа дамнаж, их богд морины цулбуурыг тайлан хөтлөөд Тансагийг удирдан шугуйн дотор эрэхээр оров. Аяа! Төв бясалгалыг хийхэд болгоомж хичээнгүй чухал, тачаангуй хүслийг арилган чадваас бодь хутгийг аяндаа олмуй хэмээгч энэ болой. Тэр манхуу чухам хэрхэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 53 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 40 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 9 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 13 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 56 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 29 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 32 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 32 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 6 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 15 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 26 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 31 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 53 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 10 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 4 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 28 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 29 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 44 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК