зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


ХУВИЛГААН БИЧИН АРГА СУРЧ ГУРВАН АРАЛД ЗОРЧИВ
ХОМСИМ БОДИСАДВА АМТАТ РАШААНААР ҮХСЭН МОДЫГ ЭДГЭРҮҮЛЭВ


Шүлэглэсэн нь:


        Энэ ертөнцөд амьдран оршихуйд нигүүлсэхүй сэтгэлийг барьж 
        Эгэл биеийг бясалган засахуйд уудмыг чанд сахимуй  
        Эртний сургаалд нигүүлсэхүй сэтгэлийг голчлон эрхэмлэхийн хамтад
        Эгнэгт бас хилэнг тэвчихийг хичэЭддүгэй хэмээн давтжээ.
        Эрдэмтэн мэргэд энэ сургаалыг үтээрэлгүй уламжилж
        Эрхэм богдос гэгээн ёсныг нэгэн цагт мандуулмуй.
        Эрэмгий зоригтон буй хэмээвэл хэт эрэмгий нь тохиолдож
        Эцэст харин тэр бүхэн хоосон хэмээхүйд багтжээ.


Өгүүлэх нь, Жин Юан Зы их хувилгаан бичнийг барьж ийн өгүүлрүүн: “Би мөнхүү чиний эрдмийг мэднэм, чиний их алдрыг бас сонслоо, өдгөө чи ёсныг тэрслэн муу сэтгэлийг барьсны тул хэдий орчих дэгдэх эрдэм авч миний гараас мултран чадахгүй болжээ. Би чамтай баруун газарт хүрээд бурхан багшид золговч миний модныг эс төлүүлэхээр үгүй болой. Эрдмээ надад бүү гарга.” Бичин инээн өчрүүн: Багш бээр юун хэмээн өчүүхэн хүн мэт аашилмуй? Модныг эдгээсүгэй хэмээвээс ямар бэрх? Энэ үгийг эрт хэлсэн бөгөөс юуны тул тэмцэлдэхүйд хүрэх аж? Их хувилгаан үгүүлрүүн: “Үл тэмцэлдэн би чамайг ав амархан тавих буюу.” Бичин үгүүлрүүн: “Чи миний багшийг тавьбаас би чамд нэгэн амьд модныг буцаан өгсүгэй.” Их хувилгаан өгүүлрүүн: “Чамд үнэхээр ийм хувилгаан эрдэм буй аж. Миний модныг эдгэрүүлбээс би чамтай журмын ах дүүс барилдсугай.” Бичин: “Бэрх бус, чи миний багш ба номын дүү нарыг тавьбаас өвгөн Сүн сааргүй нэгэн амьд модныг төлж өгсүгэй” хэмээв. Тэр их хувилгаан тэднийг зугатааж чадахгүйг мэдэх тул зарлиг буулган даруй Тансаг, Гахай, Шороог цөм тайлуулж тавив. Шороо өгүүлрүүн: “Багш аа, номын ах ямар башир гаргаж байхыг үл мэднэм.” Гахай өгүүлрүүн: “Ямар башир болох вэ? Мод нэгэнтээ үхсэн бөгөөтөл бас эдгэрэх ёсон буюу. Тэр үхсэн модныг эдгэрүүлж чадмуй хэмээн уран үгээр бусдыг мэхэлж ганц биеэр мултран гарах буй за. Чи биднийг юунд ойшоох аж?”Тансаг өгүүлрүүн: “Тэр аймшиггүй маныг орхихооргүй, тэр хаанаас эдгэрүүлэх арга эрэхийг бид асууж үзсүгэй” хэмээгээд бичнийг дуудаж: “Бичин, чи юун хэмээн их хувилгааныг хуурч биднийг тавиулав?”Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний үг цөм үнэн атал юунд түүнийг хуурав хэмээмуй?”Тансаг өгүүлрүүн: “Чи хаана очиж арга эрмүй?”Бичин өгүүлрүүн: “Эртний хүмүүн энэхүү аргыг цөм далайгаас эрмүй хэмээжээ, өдгөө би зүүн далайд эчиж гурван арал, арван хойгийг бартал тойрон хувилгаан богдсоос үхсэнийг амьдруулах нэгэн аргыг гуйваас түүний модныг лавтайяа эмнэн эдгэрүүлмүй” Тансаг өгүүлрүүн: “Чи энэ эчихүйд хэзээ буцаж ирмүй?” Бичин өгүүлрүүн: “Гурван хоногт ирэх буй за” Тансаг өгүүлрүүн: “Тийм болохул чиний хэлсэн ёсоор гурван хоногийн хугацаагаар болзох болтугай. Гурван хоногийн дотор ирвээс болмуй. Хэрвээ гурван хоногт эс ирвээс би даруй тэрхүү тарниа уншмуй.”  Бичин: “Зарлигийг дагамуй” хэмээв. Тэр яаран барсын хормойвчоо засан их хувилгаанд: “Авгай сэтгэл амар байтугай, би эчмэгц даруй эрмуй. Гагц миний багшийг сайн сувил, өдөр бүрийн цав манзыг нь дутуулж үл болмуй, хэрэв баахан осолдвоос өвгөн Сүн би ирсэн хойно хүнсэн тогоог чинь хэмхчмүй. Тэдний дээл хувцас нь хиртвээс угааж өг. Миний багшийн нүүр нь баахан шарлаваас би явахааргүй, баахан турваас би чиний хаалганаас гарахгүй” хэмээсэнд тэр их хувилгаан: “Чи явтугай, би тэднийг үл өлсгөмуй” хэмээв. Бичин нэгэнтээ тонгорцоглож үүлийг хөлөглөн, таван сүлдэт сүмээс салаад төдөлгүй зүүн далайн бодийн орон Пэн Лай аралд хүрээд үүлийг дорогш дарж нарийвчлан ажихуйяа үнэхээр сайхан газар ажгуу. Үүнийг магтан шүлэглэсэн шүлгийн үг нь: 


        Сав ертөнцийн бодийн оронд сахиусан богдос цуглаж 
        Салж нийлэх Пэн Лай арал долгио цалгиаг даржээ. 
        Хасын мандалд сүүдэр тусахуйяа агаар тэнгэр жихүүрч 
        Харш орноос гэрэл мандахуйяа анавад далай дээшилнэм.
        Солонгорон дэгдэх униар хүдэн хасын хуурцгийг агуулруун
        Асар тэнгэрийн одон сарнаа алтан мэлхийг харвамуй
        Өлзийт нуурын нэвс гүйз энд уртад ирж 
        Өрлөг хутагт гурван хувилгаанд тоор хэдэнтээ өргөжээ.

 

Тэр бичин бодийн орны гайхамшигт үзэмжийг бахархан явсаар Пэн Лайд хүрч ирээд үзвээс цагаан үүлэн хэмээх агуйн гадна нарсан модны сүүдэрт гурван өвгөн мигмэн тавьж суун амуй. Мөрийцөөнийг үзэгч нь Өлзийн одон, мөрийцөгч нь Буяны одон болон Хишгийн одон байжээ. Бичин урагш давшин: “Өвгөн дүү нарт би ёсолмуй” хэмээсэнд тэр гурван өвгөн мигмэнээ тавьж харуй ёслон өгүүлрүүн: “Их богд хаанаас ирэв?” Бичин өчрүүн: “Шууд таныг эрэн наадсугай хэмээн ирэв.” Өлзийн одон өгүүлрүүн: “Миний сонссоноор их богд бурхны ном бодь мөрд орж, Тансагийг хамгаалан баруун газраас ном залахаар эчив хэмээсэн бөлгөө. Өдөр бүр уулан замаар аялан зорчих бөгөөтөл ямар чөлөөгөөр энд наадахаар эрмүй?” Бичин өгүүлрүүн: “Та нараас нуухгүй, өвгөн Сүн би баруунш одохуйн замд бага саатал болоод шууд та нарыг эрж ирэв, дуртайяа хүлээх эсэхийг үл мэдмүй.”Буяны одон өгүүлрүүн: “Ямар газар ямар сааталд учрав? Тодорхойёо өгүүлбээс хавсрахуйд сайн болой.” Бичин: “Түмэн өлзийт уулны таван сүлдэт сүмээр өнгөрөхүйд саатал гарав.” Гурван өвгөн цочин өгүүлрүүн: “Таван сүлдэт сүм хэмээвч Жэн Юан Зы их хувилгааны ордон болой. Чи лав түүний орхоодой жимсийг хулгайлан идсэн буй за.” Бичин инээн өгүүлрүүн: “Хулгайлан идсэн бөгөөс ямар их хэрэг болмуй?” Гурван өвгөн өгүүлрүүн: “Энэ сармагчин үнэхээр сайн мууг мэдэхгүй, тэр орхоодой жимсийг нэгэнтээ үнэртвээс 360 насалмуй, нэгийг идвээс дөрвөн түм долоон мянган он амьдармуй, үүнийг “Түмэн өлзийт орхоодой үрэл” хэмээмүй. Манай бүтээсэн нь түүнд хол хүрэхгүй, тэр болбоос тэнгэр лүгээ чацуу хутгийг хялбархан олж болмуй. Бид болбоос сүлдийг тэжээн хийг бясалгаж, сахиусыг хадгалан луу барсыг ивээлдүүлэн гал усныг тэнцүүлэн хичнээн жилийн хүчнийг сүйтгэхийг мэдэхгүй чи яахан түүний чадлыг хялбараар үзмүй? Дэлхий дахинаа хувилгаан үндэс гагц энэ болой.” Бичин өгүүлрүүн: “Хувилгаан үндэс, шидэт үндэс, би түүний үндсийг таслав.” Гурван өвгөн цочин өгүүлрүүн: “Үндсийг яахан таслав?” Бичин: “Уржигдар бид түүний сүмд хүрсэнд тэр их хувилгаан гэртээ үгүй, гагц түүний хоёр бяцхан шавь нь багшийг угтан авч хоёр орхоодой жимс барив. Манай багш тэр жимсийг үл таних тул гурав хоноогүй нялх хүүхэд байнам хэмээн хэрхэвч идэхгүйд тэр хоёр шавь нь бидэнд тал өгсөнгүй өөрөө идэв. Өвгөн Сүн би эчиж гурвыг хулгайлан авчраад бид ах дүү гурвуул нэжгээдийг идсэнд тэр хоёр шавь нь сайн мууг мэдэхгүй, харин хулгай дээрэм хэмээн дэмий л хараамуй. Өвгөн Сүн би хилэгнэн түүний модныг нэгэнтээ шийдэмдэн хөсөр унагасанд модон дээрх жимс цөм үгүй болж мөчир нь хугарч навч нь зулгаран үндэс нь сугаран гарч салаа нь гэмтээд нэгэнт хатаж үхжээ. Тэр хоёр шавь нь биднийг хорьсонд өвгөн Сүн би оньсыг нээж гарч явав. Тэд маргаашийн өглөө тэр их хувилгаан гэртээ хариад биднийг нэхэмжлэн ирж асуух өчих зуур үг яриа эегүй болсоор түүн лүгээ тэмцэлдэхүйд хүрсэнд тэр нэгэнт зайлан ханцуйгаа дэлгэмэгц биднийг хураан аваачаад дээсээр уяж, цалмаар хүлж, өчиглөн шүүж, ташуурдан гуядсаар бүхэл өдөр зоджээ. Тэр шөнө нь зугатаасан боловч тэр мөн нэхэн аваачиж уг ёсоор хорив. Тэр гартаа төө төмөргүй бөгөөтөл ганц бугын сүүлээр халхлан тосох нь манай ах дүү гурвуулын зэвсэгт үл оногдмуй. Тэр уг хэвээр багш болон хоёр номын дүүг бүсээр баглан шидээд, намайг тосон тогоонд хийв. Би мөн бие мултрах эрдэм хэрэглэж, түүний тогоог цөмлөөд зугатаан одов. Тэр намайг барьж эс чадахыг мэдээд надаас харин хэдэн хувь сүрджээ, мөн би түүнтэй сайхан хэлэлцэж багш болон номын дүүг тавиулан, түүний модыг засаж эдгэрүүлэхээр амлаад сая хоёр этгээд эедэв. Би “Эмнэх аргыг цөм далайгаас эрмүй” хэмээх үгийг санаж бодийн орноор зорчиж, гурван өвгөн дүү нартай золгохоор ирэв. Модныг эдгэрүүлэх ямар арга буй аваас надад нэгийг хайрлаж миний багшийг зовлонгоос гаргах ажааму” хэмээв. Тэр гурван өвгөн сонсоод бас ч сэтгэл зовнин өгүүлрүүн: “Чи үнэхээр хүнийг танихгүй сармагчин ажгуу. Тэр Жэн Юан Зы хэмээгч дэлхийн сахиусны багш, бид хэмээгч энгийн сахиусан буюу. Чи хэдий тэнгэрийн шидийг олсон хэмээвч мөнхүү сул шидтэний тоонд орохоос бус үнэн ёсонд хараахан ороогүй тул яахан түүний гараас мултарч чадмуй. Хэрвээ их богд чи араатан жигүүртэн хальстан хайрстныг нүдэлсэн бөгөөс манай тэр амуу тарианы адис үрлээр эдгэрүүлж болмуй. Тэр орхоодой хэмээгч хувилгаан модны үндэс тул яахан эдгэрүүлж чадмуй, арга огоот үгүй.” Бичин үүнийг сонсоод хөмсөг атиран царай барайж зовнилын дүр илрэв. Буяны одон өгүүлрүүн: “Манай энд аргагүй боловч бус газарт арга байх ч болзошгүй, их богд юунд ийнхүү зовнимуй?” Бичин өгүүлрүүн: “Тэнгэрийн хормой далайн хязгаарыг тойрч гучин гурван тэнгэрийг бартал эрэх нь хялбар, гагц миний багшийн цээж нь цухал, цааз нь хэцүү надад гуравхан хоногоор болзож буцахгүй бөгөөс тэрхүү цагираг чангалах тарниа уншмуй” хэмээсэн бөлгөө. Гурван одон инээн өгүүлрүүн: “Сайн сайн. Хэрвээ чамайг энэ аргаар үл гацваас чи бас ч тэнгэрт гарч түйвээмүй.” Өлзийн одон өгүүлрүүн: “Их богд сэтгэл юүгээ сул тавьж бухимдлыг тэвч, тэр их хувилгаан хэмээгч хэдий манай дээд үе хэмээвч биднийг бас танимуй, өдгөө одож нэгэнд болбоос их хувилгаанд золгосу. Хоёрт болбоос их богдын найрыг бодож бид гурав хамт эчиж түүн лүгээ золгон чамд тал хэлэхийн хамтад Тансаг тойны цагираг чангалах тарнийг үл уншуулан гурван өдөр ч болов, таван өдөр ч болов чиний модыг эдгэрүүлэх аргыг олж авчирсан хойно бид сая аярласугай.” Бичин: “Ихэд талархаж баймуй, гурван өвгөн дүү нар даруй эчтүгэй, би одсу” хэмээгээд гурван одноос аярлан салсныг өгүүлэхгүй. Тэндээс гурван одон өлзийт үүлийг хөлөглөн таван сүлдэт сүмд хүрч ирэв, таван сүлдэт сүмийн шавь нар гэнэт сонсвоос гүн огторгуйд тогорууны дуу гарч, гурван өвгөн одон морилон айсуй. 


        Алтан гэрэл зурвас зурвас агаар дүүрэн цацарч 
        Ариун амьсгал зэрэг зэрэг огторгуй даяар анхилмуй.
        Үзвээсгэлэнт туяа мярс мярс өдөн жанчийг чимэглэн 
        Өнгөт үүл гүйс гүйс өлмий хөлийг өргөжээ. 
        Улаан гарьд тавьтран оюун галбинга нисэж 
        Уудам ханцуйн заарын үнэр газар дүүрэн ханхалмуй. 
        Угалзан таяг нь ороомол луу мэт мөшөөнгүй дүр үзүүлэн 
        Урт сахал нь унжлага хас мэт өвчүү бүрхэн хийсмүй. 
        Хүүхэнлэг царайд хэзээд баясангуй байдал илэрч 
        Хүдэрлэг биед ямагт сүлд буян бүрджээ.
        Хутаг буяны шивааг хос гартаа барьж 
        Хувилгаан хул, эрдэнийн сахиаг хоёр ташаандаа зүүжээ. 
        Түмэн галав егүүдэшгүй мөнхийн шидийг олоод
        Тив дэлхийд тэнцэшгүй хүслэнгийн орныг эзэлжээ. 
        Хорвоо ертөнцөд ирэх бүр мянган өлзийг соёрхон 
        Хүний орчлонд залрах бүр түмэн буяныг ивээмүй. 
        Хишиг буяны цэцгийг тэнгэр газарт дэлгэрүүлж 
        Хэмжээшгүй хутаг өлзийг өдгөө олсноо баясмуй. 
        Гурван одон үүл хөлөглөн аршид бараадахаар ирэхүйеэ 
        Гэгээн ялгуусан харшид найрамдуу уур бялхмуй.


Тэдгээр шавь нар эднийг үзээд яаран: “Багш минь, далайн гурван одон ирэв.” хэмээн мэдүүлсэнд хараахан Тансаг багш шавь лугаа зоог хэлэлцэж байсан Жэн Юан Зы их хувилгаан мэдээг сонсмогц даруй индрээс буун угтан авав. Өлзийн одныг үзмэгц Гахай урагш давшин хүрч ноцон татаад инээн өгүүлрүүн: “Энэ махан толгойт өвгөн үзэгдсэнгүй нилээд удав. Мөнхүү энэ мэт яаруу сандруу адагтаа малгайгаа ч өмссөнгүй иржээ.” хэмээсээр өөрийн малгайгаа авч түүний тэргүүнд углаад гар алгадан ха ха хэмээн ихэд инээн өгүүлрүүн: “Сайн сайн. Үнэхээр ч хэргэм дээшлэн хишиг нэмэгдсэн ажгуу” хэмээв. Өлзийн одон малгайг авч орхиод хараан өгүүлрүүн: “Энэ муу эргүү тэнэг өдий наслаад бас дээр дорыг үл мэдмүй”. Гахай өгүүлрүүн: “Би тэнэг бус, та хэдүүл харин зарц болой.” Буяны одон өгүүлрүүн”. Чи өөрөө тэнэг бөгөөтөл хүнийг зарц хэмээн хараах буюу.” Гахай мөн инээн өгүүлрүүн: “Та хэдүүл хүний зарц бус болбоос юунд бас эчсэн газар бүхэнд “Өлзий нэмүүлэгч”, “Буян нэмүүлэгч”, “Хишиг нэмүүлэгч” хэмээн дуудагдмуй?”


Тансаг Гахайг зандран зайлуулаад дээл хувцсаа засан гурван одонд мөргөв. Тэр гурван одон доор үеийн ёсноор их хувилгаанд ёслоод сая сууж хэлэлцэв. Суусан хойно Хишгийн одон өгүүлрүүн: “Бид удаан өдөр их хувилгааны гэгээн дүрийг бараалсангүй, өргөл хүндэтгэлийг осолдов. Өдгөө их богд аршийн уулыг түйвээснийг сонсоод тусгайлан бараадаар ирлээ.” Их хувилгаан өгүүлрүүн: “Бичин таны Пэн Лай аралд эчсэн буюу?” Өлзийн одон өгүүлрүүн: “Тийм болой, их хувилгааны эрдэнийн модыг тэр гэмтээсэн тул биднээс эдгээх арга эрээр эчихүй, бидэнд аргагүй тул тэр өөр газарт арга эрээр эчив. Гагц богд тойны гурван өдрийн болзооноос хэтэрч цагираг чангалах тарни уншихаас эмээмүй. Бид болбоос нэгэнд золгон бараалах, хоёрт болзсон хугацааг уужуу болгохыг гуйчлахын тулд ирсэн бөлгөө.” Тансаг сонсоод: “Аймшиггүй үл уншмуй” хэмээв.


Хараахан хэлэлцэн атал Гахай гүйн орж ирээд Буяны одны ханцуйг малтан өврийг уудалж хувцсыг нэгжин жимс олж идсүгэй хэмээн гуймуй. Тансаг инээн өгүүлрүүн: “Гахай чиний энэ ямар ёс вэ?” Гахай өчрүүн: “Би ёсгүй бус үүнийг “Баяр дээр баяр бамбар дээр шүхэр” хэмээмүй. Тансаг мөн зандран гаргасанд тэр арга бус үүд тийш гуйгаран алхаж Буяны одон зүг заналтайгаар ширтмүй. Буяны одон өгүүлрүүн: “Тэнэг амьтан, би хэзээ чамайг тачаадуулаад өдгөө надад энэ мэт хорсох ажаам?” Гахай өгүүлрүүн: “Чамд хорссон бус энэ болбоос “Буцан буцан буянтыг хармуй” хэмээх болой.” хэмээгээд гарч эчихүйд нэгэн банди дөрвөн халбага барьж хараахан хоргоос цом эрин жимс авч барьсугай хэмээтэл тэр мангуу хэдийнээ дайран ирж булаан аваад харшид гүйн орж бяцхан харангыг дэмий л цохиж ийш тийш дэвхрэн наадахуйд их хувилгаан өгүүлрүүн: “Энэ тойн улам увзгүй болжээ”. Гахай инээн өгүүлрүүн: “Увзгүй бус. Үүнийг “Дөрвөн цагийн дүүрэн баярыг хөөмүй” хэмээх буюу” хэмээжээ.


Гахай ийнхүү дэгжирхэн түйдэхийг түр өгүүлэхгүй. Тэндээс бичин Өлзийт үүлийг хөлөглөн Пэн Лай арлаас гараад Пэн Жан хэмээх аршийн ууланд хүрч ирэв. Энэ уулын сайхныг магтсан шүлгийн үг нь:


        Өндөр сүрлэг Пэн Жан уул
        Өөр нэгэн ертөнц 
        Өрлөг цогчин харшид
        Өв тэгш хувилгаан цуглажээ.
        Наран мандлын гэрэл бодь мөрийг гийгүүлж
        Навч цэцгийн анхилах үнэр
        Өнгөт униар лугаа нийлжээ
        Хан гарьд цэцэрлэг ордноо уулаа олон бүхүйеэ
        Хасын шүүсийг хэн шахаж гүнжидийн тариаг усалмуй. 
        Амтат тоор алим гүйлс хараахан боловсрон гүйцээд
        Арш хувилгаанд ахин дээжлүүлж
        Ашдын өлзийг бататгамуй.

 

Бичин үүлэн толгойг доош залж өнгө үзэмжийг сонирхох санаа огт үгүй хараахан явж атал ариун салхи үлээж аршийн тогоруу донгодон тэнд нэгэн хувилгаан байжээ. Үзвээс:


        Үзвээсгэлэнт туяа зурвас зурвас агаар дүүрэн цацарч
        Өнгөт униар эвхэр эвхэр уул хайрхныг бүрхжээ
        Улаан гарьд цэцэг зуухуйяа өнгө нэн сайхан
        Уран галбинга донгодон бүжиглэхүйеэ
        Дуун адбиш уянгатай
        Заяа буян далай мэт насан өлзий урт
        Зүс царай хүүхэд адил эрхэм цогц тэнхлүүн
        Ариун агуйн хутагт үрлийг эрдэнийн хумхад агуулж
        Арш хувилгааны мөнхийн сахиаг ташаан дээр зүүжээ. 
        Хүний орчлонд удаа удаа өлзий хутгийг соёрхон 
        Хорвоо ертөнцөд бас бас барчид түйдийг арилгамуй.
        Хаан хурмастаас насан хутгийг зэрэг зэрэг хүртэж
        Хасын нуурын тоорын хуримд удаа удаа эчмуй.
        Бурсан хуврагуудад цагаан мөрийг магадтайяа олгож
        Бодь хутгийн гэгээн замыг бодитойёо заажээ.
        Гадаад далайг үргэлж туулан өлзий хутгийг ерөөж
        Гандарагүд уулнаа ямагт эчиж бурхан багшид бараалмуй.
        Дорно зүгийн их хутагт хэмээгч энэ богд болбоос
        Дэлхий дахины дээд манлай арш хувилгаан болой.


Бичин исвэлзсээр урагш давшин: “Хутагтад гар өргөн ёсолсу” хэмээсэнд тэр хутагт яаран хариу ёсолж өгүүлрүүн: “Их богдыг угтахыг осолдов. Бор гэрт бууж цай зоогломуй” хэмээсээр бичний гарыг барин дотогш орвоос үнэхээр үзээд ханашгүй алтан харш, хасын нуур, арш хувилгааны ариун орон ажгуу. Сая сууж цай аягалахыг бидэрьяа халхавчийн араас нэгэн банди гарч ирэв. Түүний хувцсалж чимсэн нь үзвээс: 


        Өнгөт сайхан бумбын дээлийг гувар биедээ хэдрэн
        Үзэмж ихтэй ёнгор бүсийг нарийн бэлхүүснээ бүсэлжээ.
        Тэргүүнд өмссөн гэмэрлэг малгайд одон гаригийг жагсааж 
        Хөлд дүрсэн өвсөн шаварт уул хайрханыг гаргажээ. 
        Үнэн чанарыг бясалган уг биеэс ангижирч 
        Үр бүтээлийг олсон цагт санаан таваар цэнгэмүй.
        Уг удам сүлд сахиусыг нэвт үзэж гараад 
        Уул эзэн их багшийн сонгосон нь ташаагүй. 
        Алдар нэрээс зайлаад өдгөө хутгийг олсонд баярлаж 
        Арга билгийн улирал тоонд огоот хязгаарлагдахгүй болжээ.
        Хасын индрийг таван эрдэнийн харшид гарч 
        Хан тэнгэрийн тоорын хуримд гурван удаа эчжээ. 


Бидэрьяа халхавчийн араас гарч ирсэн бандийн нэрийг хэлбээс 

Бяцхан бумба бага арш Дүн Пан Шүвэ хэмээмүй. Бичин үзээд инээн: “Энэ бяцхан хулгайч чи энд байх ажгуу. Их хутагтын энд чиний хулгайлан идэх тоор үгүй” хэмээхэд, Дүн Пан Шүвэ урагш давшин ёслоод өчрүүн: “Хөгшин хулгайч, чи энд юун ирсэн бэ? Миний багшид чиний хулгайлан идэх хувилгаан үрэл үгүй болой. “


Их хутагт дуудан өгүүлрүүн: “Ман Чян битгий дэмий өгүүл, цай авчран барьтугай” хэмээв. Үзвээс Ман Чян хэмээгч Дүн Пан Шүвэгийн номын нэр ажгуу. Тэр яаран дотогш орж хоёр цом цай авчран барьсанд ууж бараад бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би нэгэн гуйх явдалтай болоод энд ирсэн бөлгөө. Болох үл болохыг мэдэхгүй.” Хутагт өгүүлрүүн: “Ямар явдал вэ? Хэлж гаргаму.” Бичин өчрүүн: “Тансагийг хамгаалан баруунаа одох замд түмэн өлзийт уулны таван сүлдэт сүмээр дайрахуйяа бяцхан банди нь ёсгүйд хилэн хөдөлж түүний орхоодой жимсийн модыг түлхэн унагаж саатал гараад Тансаг бие мултран чадахгүй болсны тулд тусгайлан эдгэрүүлэх арга эрээр ирэв. Өршөөн хайрлахыг түмэнтээ хүсмүй”. Хутагт өгүүлрүүн: “Энэ муу сармагчин үнэхээр наана цааныг бодохгүй хүрсэн газар бүхнээ уршиг татмуй. Тэр таван сүлдэт сүмийн Жэн Юан Зыгийн алдар цолонд ертөнц лүгээ чацуу. Иүй Ши Түн Жьюйн хэмээх бөгөөд дэлхийн сахиусны багш болой. Чи юунд түүнтэй халдмуй? Түүний орхоодой жимсний мод болбоос эрдэнэт орхоодой үрэл буюу. Чи  хулгайлан идсэн нь даруй ял болох бөгөөтөл бас модыг нь түлхэн унагасан тул чамайг зүгээр тавих ёсон буюу?” Бичин өгүүлрүүн: “Үнэхээр тийм болой. Бид хэдий мултран зугатавч мөн түүнд баригдан унгасан бөмбөг мэт ханцуйлан аваачмуй. Тийнхүү миний уур баахан хөдөлж “Модыг чинь эдгээж өгсүгэй.” хэмээн амлаж арга гуйхаар ирсэн бөлгөө.” Хутагт өгүүлрүүн: “Надад нэг мөхлөг, есөнтөө боловсруулсан адист үрэл” баймуй. Энэ нь дэлхий дахины амьтай амьтныг засаж чадахаас бус модыг эдгэрүүлэн чадахгүй. Мод хэмээгч шороо модны махбод тул тэнгэр газрын чийг шимийг хүртмүй. Энэ дэлхийн энгийн жимсийн мод болбоос эдгэрүүлэн засаж болмуй. Энэ Түмэн өлзийт уул хэмээгч ариун бодийн орон, таван сүлдэт сүм хэмээгч Үхэр эдлэгч тивийн хутагт газар болой. Орхоодой жимс болбоос тэнгэр газар лугаа цугаар үүссэн хувилгаан үндэс болох тул яахан эдгэрүүлэн чадмуй. Аргагуй аргагүй” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Нэгэнт аргагүй болбоос өвгөн Сүн би аярлан эчсүгэй.” Хутагт бас үлдээн суулгаж нэгэн цом арш жимсийн шүүс барьсугай хэмээхүйд бичин: “Явдал бачим тул аймшиггүй удаан саатаж үл болмуй.” хэмээгээд үүл хөлөглөн Ин Жоу аралд хүрэхүй бас ч сайхан газар ажээ. Үүнийг магтсан шүлгийн үг нь:


        Согтолсон сувдын модыг солонго татан харагдаж 
        Сүндэрлэсэн асар тагт тэнгэрт тулжээ
        Хөхөмдөг уул цэнхэр ус цэцэрлэг мэт сайхан
        Хасын шим хад чулуу алмас мэт бат
        Өнгөт тахиа гэгээрэхийг мэдээлэн дуугарч
        Өлзийт гарьд утлагын үнэрийг таниулмуй


Ертөнцийн хүмүүн эндэх байдлыг мэдсү хэмээвээс ер бусын үзэмж нь түг түмэн он болжээ.
Бичин Ин Жоуд хүрээд үзвээс тэр улаан хад шүрэн модны дор хүүхдийн нүүр хунгийн сахалтай хэдэн арш шатар тавин архи зооглож хэлэлцэн инээлцэж аялуулан дуулмуй. Энэ үнэхээр: 


        Өлзийт үүлнээс гэрэл цацран
        Өнгөт униараас туяа гармуй
        Алтан галбинга агуйн амсарт донгодож
        Арш тогоруу уулын оройд бүжиглэмүй
        Шүүслэг тоор шимт үндсээр амтат сархад нэрж 
        Шар алим улаан чавгаар өлзий хутгийг бататгамуй.


Аршийн сахианд нэр буй тул алтан зарлиг хэдий байсан ч үл ойшоон амар жимэр санаан таваараа зугаацаж ардаг танхи дур зоригоороо сэлүүцмүй. Үхэж төрөхийн хувь заяанд үл хамаарагдан өнөд мөнх тэнгэр газар лугаа хамт оршмуй. Жимс өргөгч хар бичин хойно хойноос дагалдан ирэх нь юутай сайхан, цэцэг зуугч цагаан буга хос хосоор зөрөлдөн явах нь үнэхээр олон. Тэдгээр өвгөн хараахан найрлаж атал бичин өндөр дуунаар: “надтай мөн хамт наадваас ямар?” хэмээн дуудсанд тэдгээр хувилгаад үзээд яаран ирж угтан авав. Үүнийг магтсан шүлгийн үг:


        Эрдэнэ орхоодой жимсний модны хувилгаан үндэс тасарснаа
        Эрдэмт бичин аршид бараадан ерөндөг жор эрмүй
        Эвхэр эвхэр улаан туяанаа эрдэнийн ой харагдаад


Ин Жоу арлын есөн өвгөн түүнийг угтан авчээ. Бичин есөн өвгөнийг таньж инээн өгүүлрүүн: “Өвгөн дүү нар үнэхээр амар сэлүүн байна уу?” Тэр есөн өвгөн өгүүлрүүн: “Эрт цагт их богд хэрвээ зөв ёсныг баримтлан тэнгэрийн ордныг эс түйвээсэн бөгөөс биднээс бас илүү амар сэлүүн байх буюу. Өдгөө сайн болжээ. Чамайг номын ёсонд орж бурхан багшид мөргөхөөр баруунш эчив” хэмээн сонслоо. Ямар чөлөөгөөр энд ирэв?” хэмээсэнд бичин модыг эдгээх аргыг эрээр эрсэн учрыг нэгэн зэрэг тоочсонд есөн өвгөн ихэд цочин өгүүлрүүн: “Чи мөн эгнэгт хэрэг татмуй. Манд модыг эдгэрүүлэх арга үгүй.” Бичин өгүүлрүүн: “Тийм бөгөөс би одсугай” хэмээв.
Есөн өвгөн мөн түүнийг үлдээж жимсийн шүүс лянхуан үндсээр дайлахуйд бичин суусангүй зогсоогоор нэг цом шүүс уун нэг хэсэг үндсийг идэн яаран Ин Жоугээс салж зүүн далайд хүрч бараалбаас Лука уулнаас ойртсоноо үүлэн толгойг доош залж бутлан хаданд буув. Үзвээс Хомсим бодисадва бор хулсан шугуй дотор олон эзэд сахиусан болон Мүзэ, Лүн Ньюй тан лугаа ном хэлэлцмүй. Үүнийг магтсан шүлгийн үг:


        Далайг эзлэгч дархан уулнаа бэлгэт уул бүрхэж
        Давшин үзвээс гайхалтай явдал хэзээд мохошгүй
        Үйл явдал бүрэг бараг түм мянгаар хувьсавч
        Үндэс сурвалж нь түүний доторх нэгэн учирт амуй.
        Авшиг хүртсэн дөрвөн богд бодь хутгийг олохуйяа 
        Ажиж мэдсэн зургаан аран хориулаас мултарчээ
        Найлзуур шугуй ер бусын өнгө үзэмжийг илрүүлэн
        Навч цэцэг амтат жимс модон дүүрэн улайнам.


Тэр бодисадва хэдийн бичний хүрч ирсэнийг үзээд даруй өөр сахиусанд угтаар эч хэмээн захьсанд уул сахигч сахиусан шугуйгаас гарч: “Бичин чи хаа одмуй?” хэмээн дуудсанд бичин тэргүүн өргөн зандран өгүүлрүүн: “Энэ мэт муу өтгийн шулам Бичин хэмээх чиний дуудах нэр буюу, урд өдөр өвгөн Сүн би чиний амийг эс уучилсан бөгөөс өдгөө чи хэдийн хар салхит уулны чөтгөр үл болох буюу, чи энэ өдөр бодисадваг дагаж буяны мөрийг олоод Будлан ууланд сууж бурхны ном сонсон байх нь хэний сайн бэ? Чи үүнийг бодож намайг “өвөг хэмээн дуудавч үл болохооргүй” хэмээв. Тэр хар өтөг үнэхээр бичний сайнаар бодисадвад учирч Будлан уулыг сахигч их хувилгаан болоод бодь хутгийг олсон тул арга буюу инээн өгүүлрүүн: “Их богд, хуучин үгэнд “Эрдэмтэн мэргэд эртний мууг үл дурсах” хэмээжээ түүнийг дурдаж яамуй? Бодисадва чамайг угт хэмээн намайг элгээсэн бөлгөө хэмээсэнд бичин даруй түүнийг хичээн дагаж бор хулсан шугуйд бодисадвад мөргөн золгов. 


Бодисадвад зарлиг болруун: “Бичин, Тансаг өдгөө ямар газарт хүрэв?” Бичин өчрүүн: “Өрнө зүгийн Үхэр эдлэгч тивийн Түмэн өлзийт ууланд хүрчээ.” Бодисадва өгүүлрүүн: “Тэр түмэн өлзийт уулын Таван сүлдэт хэмээгч сүмийн Жин Юан Зы их хувилгаанд чи золгов уу?” Бичин мөргөн өчрүүн: “Таван сүлдэт сүмд өчүүхэн шавь би Жин Юан Зы их хувилгааныг танихгүй тул түүний орхоодой жимсний модыг нь үгүй хийж түүнд халдсаны учир тэр миний багшийг саатааж явж чадахгүй болжээ.” Бодисадва учрыг мэдэн зэмлэн өгүүлрүүн: “Энэ муу сармагчин үнэхээр сайн мууг мэдэхгүй түүний тэр орхоодой жимсний модон хэмээгч тэнгэр газар лугаа хамт үүссэн хувилгаан үндсэн бөлгөө. Тэр Жин Юан Зы хэмээгч дэлхийн сахиусны их багш болой. Би боловч түүнд гурван хувь найр тавьдаг бөгөөтөл чи юунд түүний модыг үгүй хиймүй?” Бичин мөн мөргөн өгүүлсэн нь: “Өчүүхэн шавь би үнэхээр мэдэхгүй. Тэр өдөр их хувилгаан гэртээ үгүй түүний хоёр шавь нь манийг угтан зочилсон бөлгөө. Гахай бээр тэдэнд жимс байхыг мэдэж нэгийг авч амталсугай хэмээсэнд өчүүхэн шавь гурвыг хулгайлан авчирч ах дүү бид нар хуваан идэв. Тэр банди мэдээд маныг хараан зогсохгүйд өчүүхэн шавь миний уур хөдөлж модыг нь түлхэн унагав. Дэд өдөр тэр их хувилгаан сүмд эгэж биднийг нэхэмжлэн ирээд нэгэн ханцуйд аваачиж дээсээр хүлэн ташуураар гуядаж бүхэл өдөр тарчилгав. Бид тэр шөнө мултран дутаасан боловч мөн нэхэмжлэн барьж аваачин хорив. Ахин дахин дутаавч мултархуйяа бэрх тул түүний модыг эдгэрүүлсүгэй хэмээн амласан бөлгөө. Сая дөрвөн далайгаас модыг эдгэрүүлэх арга эрсүгэй хэмээн гурван арлыг бартал тойрсон боловч олон хувилгаан цөм аргагүй тул өчүүхэн шавь бээр зориг шуудан бодисадвад мэдүүлээр ирэв. Бодисадва өршөөвөөс нэгэн арга хайрлан Тансагийг авран эртхэн өрнөш эчүүлмүй?” Бодисадва зарлиг болруун: “Чи юунд эртхэн надад ирэхгүй аралд очин дэмий эрмүй?”


Бичин энэ үгийг сонсоод: “Сайн болов, сайн болов. Бодисадвад лавтай сааргүй арга баймуй.” хэмээн дотроо сэмээр баясан урагш давшиж дахин гуйсанд бодисадва өгүүлрүүн: “Миний энэ ариун хумхын ёроол дахь амтат рашаан болбоос тэр шидэт модны хувилгаан үндсийг эдгэрүүлж чадмуй. Бичин өгүүлрүүн: “Урьд хэрэглэн тэнсэж үзсэн буюу?” Бодисадва өгүүлрүүн: “Тэнсэж өнгөрсөн болой.” Бичин асууруун: “Хэрхэн тэнсэж өнгөрсөн бэ?” Бодисадва өгүүлрүүн: “Урьд Дилав надтай мэлзээ хэлэлцэн миний уд улиасны мөчрийг таслан аваачиж үрэл бүтээгч зууханд хийн шатаагаад надад буцаан өгсөнд би энэ хумханд хатган тавиад өдөр шөнийн дотор навч нахиа нь эдгэрэн цэлгэрч угийн адил болсон бөлгөө.” Бичин инээн өгүүлрүүн: “Үнэхээр сайн болов, шатагдсан мод нь цөм эдгэх бөгөөтөл түлхэн унагасныг эдгэрүүлэх нь ямар бэрх вэ?” Бодисадва олонд зарлиг болруун: “Шугуйг сайтар сахьтугай. Би эчмэгц даруй эрмүй.” хэмээгээд гарт ариун хумхыг барин цагаан тотиор өмнөө удирдуулан бичийг хойноо дагуулж ирэв. Үүнийг магтсан шүлгийн үг: 


        Хасын үснир гэгээн дүр ертөнцөд үлитгэшгүй
        Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэгч аврагч бодисадва
        Өнгөрсөн галавт хиргүй бурханаа учирч 
        Өдгөө цагт шидийг олж үнэн бие бүтжээ.
        Хэдэн төрлийн хүслийн далайн усыг тунгалаг болгож
        Хэнхдэг цээжний дотоод ертөнц тоосгүй цэвэршжээ.
        Удтал бясалгасан рашаан үнэхээр рид шидтэй тул
        Орхоодой эрдэнэ модыг лавтайяа эдгээн өнөд мөнхрүүлж чадмуй.


Өгүүлэх нь Таван сүлдэт сүмд их хувилгаан гурван өвгөн лүгээ хараахан зоог хэлэлцэн атал гэнэт бичин үүлэн толгойг доош залж: “Бодисадва морилон ирэв. Хурдан угттугай” хэмээн өндөр дуунаар дуудсанд гурван одон, Жин Юан Зы, Тансаг багш шавь тун яаран харшаас гарч угтан авав. Бодисадва сая өлзийт үүлийг зогсоож урьдаар Жин Юан Зы их хувилгаан лугаа мандуулан жич Гурван одон лугаа золгож барсны хойно суудалд морилон саатав. Индрийн өмнө Бичин Тансаг, Гахай, Шороотныг удирдан мөргөж бас сүмийн доторх олон хувилгаан нар ч ирэлцэж мөргөн золгосны хойно бичин өгүүлрүүн: “Их хувилгаантан удаах хэрэггүй эртхэн хүнсэн ширээг бэлтгэн бодисадваг залж тэрхүү жимсийн модоо засуултугай” хэмээсэнд тэр их хувилгаан бодисадвад мэхийн ёсолж тал хийн өгүүлрүүн: “Өчүүхэн хэргийн тул яахан бодисадваг буулган зүтгэмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Тансаг болбоос миний шавь бөлгөө. Бичин чамд халдсан тул эрдэнийн модыг төлөх нь зүй болой. Гурван өвгөн өгүүлрүүн: “Тийм бөгөөс эрээлэх хэрэггүй бодисадваг залж бүгдээр хүрээлэнд эчиж үзсүгэй” хэмээв.


Тэр их хувилгаан яаран хүжсийн ширээ бэлтгүүлэн ар хүрээлэнг шүүрдүүлж, Бодисадваг өмнө залж, гурван өвгөн хойноос дагаж, Тансаг болон сүмийн олон хувилгаан бүгдээр хүрээлэнд орж үзвээс, тэр мод газарт унаж, үндэс нь сугаран гараад навч нь цөм хувхайржээ. Бодисадва Бичинийг дуудан “Алгаа дэлгэ” хэмээсэнд Бичин зүүн гараа сунган алгаа дэлгэвэй. Бодисадва удны мөчрийг хумхын доторх рашаанд дүрж, Бичиний алган дээр үхсэнийг эдгэрүүлэх тарни зураад модны үндсэн доор хийж ус гартал барь хэмээв. Бичин нударгаа зангидан модны үндсэн доор шургуулсанд агшин зуур тунгалаг булаг оргилов. Бодисадва өгүүлрүүн: “Энэ ус нь таван махбодын савд харштай тул, эрхгүй хасын саваар утгаж модыг түшин босгож, оройгоос доош цутгаваас эрхгүй үндэс, хальс эдгэрэн нийлж, навч, нахиа амьдран хөхөрч, мөчир жимс урган гармуй.” Бичин өгүүлрүүн: “Сүмийн банди нар хурдан хасын сав ацар” хэмээсэнд Жэн Юан Зы өгүүлрүүн: “Ядуу бумбын аглаг ууланд хасын сав гэж үгүй, харин хасын цом, хасын хундага зэрэг буй, хэрэглэж болох буюу?” Бодисадва: “Хасын сав болбоос яамай, ацарч усыг утгаваас барав” хэмээсэнд банди нарыг захиж хорь гучин цом, дөч, тавин хундага авчруулан үндэсний доорх тунгалаг булгаас усыг утган гаргав. Бичин, Гахай, Шороотон модыг мөрлөн босгож тэгшлэн түшээд Шороо бээр болсон хойно хасын саван доторх рашааныг Бодисадвад барив. Бодисадва удны мөчрийг рашаанд дүрэн модонд сүрчээд аманд мөн тарни уншаад рашааныг бартал сүрчсэнд тэр мод үнэхээр угийн ёсоор ногоон навч нийдэм бүрхэн, хорин гурван орхоодой жимс суужээ. Ариун салхин, Тунгалаг саран хэмээх хоёр бяцхан банди өгүүлрүүн: “Урьд өдөр тоолон үзэхүйд үлдсэн жимс нь хорин хоёр бөлгөө, өдгөө яахан нэг илүү болов?” Бичин: “Өдөр удваас хүний сэтгэлийг мэдмүй.” хэмээгч энэ буюу, урьд өдөр өвгөн Сүн би гурвыг хулгайлан нэгийг унагасанд шороонд ормогц үгүй болжээ. Гахай бас намайг илүү идэв хэмээн цуугилдаж сэв мэдэгдээд өдгөө болтол нэхэлдэв. Одоо сая үнэн нь илэрчээ” хэмээв.


Бодисадва: “Би сая таван махбодын сав хэрэглэсэнгүй нь энэ юм таван махбод лугаа харшилдахыг мэдсэн болой.” хэмээсэнд, Жин Юань Зы их хувилгаан ихэд баясан яаран алтан тогшуурыг авчруулж арванжимсийг тогшин буулгаад Бодисадва болон гурван өвгөдийг эрдэнэ харшид дахин залж, зүдсэнийг тохруулан“орхоодой жимсийн хурим” хийвэй. Бяцхан банди нар ширээ суудал засан эрдэнийн таваг өрж, Бодисадваг гол суудалд, гурван өвгөнийг зүүн суудалд, Тансагийг баруун суудалд залж, Жэн Юан Зы их хувилгаан өмнө суудалд хань болон сууж хүн бүр нэжгээд жимс зоогловой. Үүнийг магтсан шүлгийн үг нь: 


        Аглаг өндөр Түмэн өлзийт уулны бодийн оронд, 
        Арш орхоодой нэгэнтээ боловсрох нь есөн мянган он. 
        Алтан үндэс нь сугаран гарч мөчир нахиа хохирсонд 
        Амтат рашаанаар амилан эдгээж навч жимсийг бүрдүүлбэй. 
        Угийн найзад золгов хэмээн гурван өвгөн баясч,
        Урьдын ерөөл тохиовой хэмээн дөрвөн тойн баярлалдав, 
        Учран хурж өдгөө бас орхоодой жимсийг зооглоод, 
        Удаан онд өтөлшгүй мөнх хувилгаан болжээ.


Бодисадва гурван өвгөнтөн нэжгээдийг зооглож, Тансаг бас хувилгаан орны эрдэнэ болохыг мэдсэн тул мөн нэгийг идэж, Бич ах дүү гурвуул ч мөн нэжгээдийг идсэнд Жэн Юань Зы их хувилгаан мөн хань болж нэгийг идэв. Сүмийн хувилгаад мөн нэгийг хуваан идэв. Бичин Бодисадвад тал гэж Будлан ууланд хүргээд гурван одыг шууд Пэн Лай аралд хүргэвэй. Жэн Юан Зы их хувилгаан дахин хуримын ширээ засаж, Бичин лүгээ журмын ах дүү болов. Энэ үнэхээр цуугилдахгүй болбоос танилцахгүй хэмээсэнчлэн хоёр этгээд нэгэн гэрийн хүн мэт болжээ. Багш шавь дөрвүүл баярлан найрлаж, орой болж тэнд хоног барив. Тэр Тансаг үнэхээр гайхамшигт ерөөл хувь барилдлагаар орхоодой үрлийг идээд, барцад түйтгэрийг хатуужин туулах насны хутгийг олжээ. Манагарын өдөр хэрхэн аярлахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 52 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 39 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 8 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 12 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 55 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 27 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 31 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 31 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 5 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 14 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 25 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 30 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 52 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 9 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 3 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 27 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 28 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 43 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК