зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ:


ХОХИМОЙ ШУЛАМ ХУУРАН ХУВРАГ ТАНСАГИЙГ ГУРВАНТАА ШОГЛОВ
ХУТАГТ ТОЙН ХИЛЭГНЭН БИЧИН БАГШИЙГ ҮЛДЭВ


Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл үүр цаймагц юм хумаа дүүргэж цааш мордсугай хэмээхүйд Жин Юан Зы их хувилгаан Бичин лүгээ ах дүү барилдаж хоёул санаа сэтгэл их л нийлсэн тул хэрхэвч явуулах дургүй, бас хурим бэлтгэж залгалдваар тав зургаа хоног суулгавай. Тансаг орхоодой үрэл идсэнээс хойш үнэхээр бие махбод шинэдэж сүлд тамир саруул тэнхлүүн болов. Тэр ном залах сэтгэл бачим тул яахан саатан суух аж, хориглосон ч тусгүй мордон гарав. Багш шавь замд орж яван атал, нэгэн өндөр уул хөндөлджээ. Тансаг өгүүлрүүн: “Шавь нар минь, өмнө бартаат уул аху тул морь явж чадахгүй болохоос зовнимуй. Бүгдээр сайтар хичэЭддүгэй.” Бич өчрүүн: “Багш сэтгэлийг сул тавь, бид мэдмүй” хэмээн морины өмнө орж болд бэрээ эргүүлэн зам удирдан өндөр хаданд гарч үзвээс:


        Асга хад сэгийлцэн, 
        Ал а мзав үргэлжилжээ. 
        Барс чоно бүлэглэн,
        Буга хандгай сүрэглэжээ.
        Өтөг, араат ой дотор зөрөлдөн, 
        Үнэг туулай өвсөн дотор гүйлдмүй. 
        Аварга могой урт тагтар ам ангайн 
        Уур үлээж будан татуулмуй. 
        Өнгөрөх зам дээр сөөг сондуул дүүрч, 
        Өндөр оргилд нарс майлс ургажээ. 
        Ороонго зэл ширэлдэн, өлөн өвс бүрхжээ. 
        Уулан сүүдэр умард далайд тусч, 
        Үүлэн түгээл өмнө зүгээс үүсмүй. 
        Балар эртний байдал энд хэвээр аж, 
        Бартаат хад сэгийлцэн нарыг халхалжээ. 


Тансаг морин дээр эмээн гэлмэхүйд Бичин увидас гарган болд бэрээгээ эргүүлэн нэгэнтээ бархирсанд барс чоно бальдан зугтаж, баавгай өтөг цочин дутаав. Багш шавь энэ ууланд орж хараахан халил бартаад хүрснээ Тансаг өгүүлрүүн: “Бичин, би нэгэн өдөр явж гэдэс өлсөв, чи одож нэгэн цагийн цав бадарлан авчирч надад идүүл” хэмээсэнд Бичин инээн өгүүлрүүн: “Багш үнэхээр дөгөөгүй ажгуу, энэ уулан газар нэг ч айл үгүй, хаанаас цав бадарламуй?” Тансаг ундууцан хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин урьд хязгаар уулын доор Шигэмуни бурханд дарагдаж, ам чинь хөдлөхөөс бус хөл чинь хөдөлж чадахгүй байсан цагт би чиний амийг аварснаар сая авшиг авч санваар хүртээд миний шавь болсон бөлгөө. Өдгөө харин урагш зүтгэхгүй юунд залхуурмуй?” Бичин өгүүлрүүн: “Шавь би хичээнгүй болой, хэзээ залхуурсан буй?” Тансаг өгүүлрүүн: “Чи хичээнгүй болбоос юунд надад цав бадарлаж идүүлэхгүй буй? Миний гэдэс өлсөх бөгөөд энэ уулын бартаа их тул би яаж аянгын дуут сүмд хүрч чадмуй” Бичин: “Багш ундууцан олон үг хэлэх хэрэггүй, чиний зан омгорхог, аягүйдвээс өнөөх тарниа уншихыг би мэдмүй. Чи мориноосоо бууж амран суугтун, би одож айл амьтантай газар эрэн цав бадарлаж ирсүгэй” хэмээв.


Бич төд үүлэнд давхилан гараад гараараа саравчлан бараалан харваас өрнө зүгт эл хуль, ой шугуй үргэлжлэн айл амьтад нэг ч үгүй. Удтал ажиглахул ас өмнө зүгт нэгэн өндөр уулын наран ээвэрт нэгэн хэсэг улайж харагдмуй. Бич үүлнээс бууж ирэн өгүүлрүүн: “Багш минь, идэх юм олдов” хэмээхүйд Тансаг юмар юм бэ? хэмээн асуув. Бичин өгүүлрүүн: “Энд цав бадарлах айл тосгод үгүй, тэр өмнө уулнаа нэгэн хэсэг улайж харагдах нь бодвоос боловсрон гүйцсэн тоор буй за, би одож нэг хэдийг түүн авчирч чамд өл болгосугай.” Тансаг их л баярлан “Аяны хүн тоор олж идвээс мөн дээд болой” хэмээв. Бич бадар аягаа барин үүл хөлөглөн салхи татуулсаар үзэж байтал өмнө уулнаа хүрч тоор түүхийг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь: Угийн үгэнд “Уул өндөр болбоос албин чөтгөр амуй, хад бэрх болбоос буг шулам бүтмүй” хэмээжээ. Тэр ууланд үнэхээр нэгэн шулам буй ажгуу. Бичиний энэ эчсэн нь хэдийн түүнийг цочоосон тул тэр бараан үүлэнд сууж, жихүүн салхи татуулан, газар сууж байсан Тансагийг олж үзээд тэсгэлгүй баярлан: “Үнэхээр хувь таарчээ, зүүн газрын Тансаг хэмээгч “Их хөлгөн”-ий ном залахаар эчмүй хэмээн гэрийн хүмүүс хэдэн жил ярилцсан бөлгөө, тэр болбоос алтан цалцагын хувилгаан, арван төрөл бясалгасан биетэй бөлгөө. Түүний нэг хэсэг махыг идвээс урт насалж, мөнхийн шидийг олмуй хэмээн сонслоо. Энэ хүн өдгөө сая хүрч ирсэн ажгуу” хэмээгээд давшин орж барьсугай хэмээхүл Тансагийн зүүн баруун хоёр талд хоёр их баатар хамгаалж байх тул аймшиггүй халдаж эс чадав. Тэр хоёр их баатар хэмээгч хэн болов хэмээвээс Гахай, Шороо болой. Тэд хоёул хэдийгээр их эрдэмгүй боловч Гахай болбоос тэнгэрийн их өрлөг, Шороо болбоос үүд сөхөгч их баатар бөлгөө, ийнхүү тэдний сүр хүчин ямрыг мэдэхгүй тул аймшиггүй эс халдав. Тэр шулам: “Би тэднийг нэгэн зэрэг шоглож үзсүгэй” хэмээн дотроо бодов.


Төд тэр шулам жихүүн салхийг зогсоон, уулын хавцалд орж, нэг дэгдэх саран дэлгэрэх цэцэг мэт үзэсгэлэнт сайхан эхнэр болон хувилж, лавайн шүд, шунхан уруул, тунгалаг нүд, хээнцэр хөмсөг нь үнэхээр хэлж баршгүй, зүүн тохойд нэгэн ваар сав дүүжилж, баруун гарт нэгэн ногоон шаазан лонх барьж баруунаас зүүнш шууд Тансагийг зүглэн айсуй:


        Гэлэн Тансаг уул хаднаа хүлгийн нурууг амруултал 
        Гэнэт үзэхүйеэ хээнцэр бүсгүй ойртон ирэх нь харагдав. 
        Өргөн ханцуйг хөнгөхөн эвхэж, хасын сүеэг хумиад, 
        Өнгөт хормойвчийг ташуу сэжин алтан лянхуаг гаргажээ. 
        Гуалиг нүүрт хөлс чийхрахуйяа шүүдэрт дэлгэх цэцэг мэт,
        Гоёсмог хөмсөгт тоос суухуйяа униарт жирвэлзэх уд адил. 
        Анх үзээд лавлан харж сайхан нарийвчлан атал 
        Алдалгүй нааш чиглэсээр дэргэд хүрч ирэв.


Тансаг үзээд Гахай, Шороо хоёулыг дуудан: “Сая Бич энэ газарт айл амьтан үгүй хэмээн хэлсэн бөлгөө, та нар үз, тэндээс нэгэн хүн гарч ирсэн бус уу?” хэмээсэнд, тэр манхуу өгүүлрүүн: “Багш чи Шороо лугаа сууж байтугай, би одож үзсүгэй” хэмээн малтуураа тавьж, дээл хувцсаа засан, гэлбэлзэн алхаж ёсорхог хичээнгүй дүр гарган, угтан эчив. Үнэхээр холоос харахуйд мэдэхгүй, ойртон үзэхүйд тодорхой ажгуу, тэр эхнэрийн төрсөн нь:


        Гуалиг цогцост хасын ясыг нууж,
        Гурвалжин заамаар эвлэг цээжийг илрүүлжээ. 
        Муруй хөмсөг удан навч мэт жирвэлзэн, 
        Молор нүдэн цолмон од мэт гэрэлтжээ. 
        Төлөв шинж гэгээн саран мэт сайхан, 
        Төрөлх чанар тунгалаг ус мэт ариухан, 
        Уран бие уданд суусан хараацай шиг,
        Уян хоолой ойд жиргэх гургалдай адил. 
        Алтан хайтан хагас дэлгэрэн нарыг угтсан цагт,
        Алжаасан хэлтсийг сая сөхөж хаврын найрыг өдөөжээ.


Түүний гоо хээнцрийг үзээд манхуугийн тачаангуй сэтгэл хөдөлж тэсгэлгүй балай донгодон дуудан өгүүлрүүн: “Хүүхэн Бодисадва хааш одмуй? Гарт барьсан чинь ямар юм бэ?” Бодтойёо шулам бөгөөтөл тэр харин үл танимуй. Тэр эхнэр хариу өчрүүн: “Миний энэ хөх ваарын дотор амтат будаа, ногоон лонхны дотор болбоос хоормог зутан баймуй, энэ газрыг зорин ирсэн нь өөр учир бус, тойн хуврагт цав барьсугай хэмээн урьд амласан бөлгөө” хэмээсэнд Гахай сонсоод маш баясан буцан гүйж ирээд Тансагт мэдүүлрүүн: “Багш, “Буянтай хүмүүнийг бурхан ивээмүй.” хэмээдэг, багш өлссөнд номын ах цав бадарлахаар одоод хаа тоор түүн наадаж байгааг үл мэдмүй, тоорыг арвин идвээс ам заваарч бас доош суулгамуй, тэр хүн тойн хуврагт цав барьмуй хэмээн ирэхийг үзэхгүй юү?” Тансаг итгэж ядан өгүүлрүүн: “Энэ тэнэг дэмий чалчмуй, бид өдий явтал сайн хүн нэг ч тохиолдсонгүй бөгөөтөл тойнд цав барих хүн хаанаас ирмүй?” Гахай өгүүлрүүн: “Багш үзтүгэй, энэ ирэх нь бус буюу?”


Тансаг үзээд яаран босч, алгаа хамтатган залбиран өгүүлрүүн: “Хүүхэн Бодисадва чиний гэр хаа баймуй? Нэр чинь хэн? Юуны тул амлаж энд ирж цав барьмуй?” Бодитойёо шулам бөгөөтөл Тансаг бас таньсангүй, Тансагийн асуухуйд шулам сайхан үгээр хууран өгүүлрүүн: “Аяа багш минь, энэ уулыг болбоос аварга могой халиран, араатан гөрөөсөн айгч, цагаан барсын даваа хэмээмүй, миний гэр давааны цаана буй, миний эцэг эх гэртээ ном уншин буян үйлдэж, хол ойрын хуврагт цав барин өглөг өгмүй, гагцхүү хүүхэдгүй тул бурхан сахиусанд даатгаж буян үйлдсэний ачаар намайг төрөөд өөр газар өгье хэмээхүл аав ээжийг асрах хүн үгүй тул нэгэн хүч хүргэн авч өтөлтөл түшиг болгон асруулав.” Тансаг сонсоод өгүүлрүүн: “Хүүхэн Бодисадва минь, чиний үг ташаарчээ, бурхны номд өгүүлсэн нь: “Эцэг эх байхуйд хол эчихгүй, эчвээс эрхгүй тугдаам баймуй” хэмээжээ. Чиний эцэг эх гэртээ байх бөгөөд бас хүргэн буй бөгөөтөл, ямар сүсэг амлал байваас хүргэндээ захиваас барав, юун хэмээн өөрийн биеэр энэ гүн уулнаа зорчмуй? Бас нэг ч эмсэглэн дагах хүн үгүй, энэ болбоос эхнэрийн сахил бус.” хэмээсэнд тэр эхнэр инээмсэглэн өчрүүн: “Миний нөхөр энэ уулан хавцалд хэдэн хүчний хүн лүгээ тариа арчмуй, энэ болбоос тэдэнд бэлтгэсэн үдийн хоол болой, гагц тариа төмсний яаруу цаг гэрт хүнгүй болоод хөгшин эцэг эхээ зарахуйд хэцүү тул өөрийн биеэр хүргэж ирсэн нь энэ буюу. Та гурван тойныг үзээд эцэг эхийн буян өглөгийн сүсэг сэтгэл бодлогод орж, энэ будааг цав барьсугай хэмээмүй, гололгүй зооглон соёрхвоос дуртайяа өргөсү.” Тансаг өгүүлрүүн: “Сайн, сайн, миний шавь жимс түүхээр одож, удалгүй ирмүй, аймшиггүй идэхгүй, тойн би чиний будааг идээд, нөхөр чинь мэдэж чамайг харааваас ядуу тойн миний хилэнц болох бус буюу?” Тэр эхнэр Тансагийн идэхгүйг үзээд царай улбалзан өгүүлрүүн: “Багш минь, миний эцэг эх тойн хутагтанд цав барихуйд их багыг ялгахгүй, миний эр нөхөр болбоос нэн ч буян үйлдэхийг хичээж, нэгэн насанд гүүр тавин зам засаж, настныг хүндлэн, ядууг энэрэх дуртай бөлгөө. Хэрвээ энэ будааг багшид идүүлэв хэмээснийг сонсвоос тэр лав эхнэр миний сэтгэлийг бодож нэн их баярламуй.” Тансаг мөн идэхгүйд хажууд асан Гахай цээж дэлбэртэл уурлажээ. Тэр манхуу уруулаа эртийлгэн ундууцан өгүүлрүүн: “Дэлхий дахинаа тоолшгүй олон тойн буй боловч миний багшид адил ийм бодлогогүй нь цөөн, энэ бэлэн будааг идэхгүй, гагц тэр сармагчинг хүлээмүй?” хэмээгээд хориглохыг хүлээхгүй хоншоороор тэр вааран савыг этэж будааг идсүгэй хэмээмүй.


Гэнэт үзвээс Бичин өмнө уулнаас хэдэн тоор түүж, бадар аяганд хийж нэгэнтээ тонгорцоглон буцан ирж, алтан цэцгийт ал нүдийг нээн нарийвчлан үзмэгц тэр эхнэр шулам болохыг таньж бадар аягаа тавьж, болд бэрээгээ өргөмөгц толгой уруу нь цохив. Тансаг ихэд гэлмэгдэж хориглон татаж өгүүлрүүн: “Бичин чи саяхан буцаж ирмэгц хэнийг цохьмуй? Бичин өгүүлрүүн: “Багш минь энэ эхнэрийг сайн хүнээр бүү үзэгтүн, энэ болбоос шулам болой, чамайг хуурч байнам,” Тансаг өгүүлрүүн: “Энэ муу сармагчин угт болбоос бага сага үзэж таньдаг бөлгөө, энэ өдөр юунд ийнхүү дэмий чалчмуй? Энэ хүүхэн Бодисадва энэрэхүй сэтгэлээр будаа авчран манд цав барьмуй, Чи юунд үүнийг шулам хэмээмүй?” Бичин инээн, “Багш чи үүнийг яахан танимуй, өвгөн Сүн би Усан үүдэт агуйд шулам болж явахуйн цагт хүний махыг идсүгэй хэмээн санаваас мөн энэ мэтээр эд мөнгө болох буюу, эсвээс арилжаачин худалдаачин хувилж, эсвээс өнгөт охин болдог бөлгөө. Тэнэг ард таарваас надад хууртаж, би түүнийг агуйдаа мэхлэн аваачаад өөрийн зоригоор чанан, хууран идээд үлдсэнийг нь борцлон хатааж тавьдаг бөлгөө. Багш минь, хэрвээ би хожимдож ирсэн бөгөөс чи эрхгүй үүний урхинд унаж, хорыг нь амсах болой.” хэмээхүйд, тэр Тансаг итгэхгүй, мөн сайн хүн хэмээмүй. Бич: “Багш чамайг би мэдэв, чи үүний үзэсгэлэн сайхныг үзээд лав сэтгэл хөдөлсөн буй за, үнэхээр ийм санаа буй бөгөөс Гахайгаар хэдэн мод авчруулан, Шороогоор өвс авчруулж, би модны дархан болж энд нэгэн бүрх босгоод та хоёул дэр нэгдэж хэрэг бүтээ, бид тархсугай, ийн болбоос бас нэгэн үйлс бүтэх бус уу? Юуны тул хол газар яван биеийг зүдээн, ном залаар одмуй?” хэмээсэнд Тансаг хэмээгч угаас зөөлөн хүн тул, энэ үгэнд маш ичингүйрч, нүүр цөм улайв.


Тансаг хараахан ичингүйрч байтал Бичин ихэд хилэгнэн болд бэрээгээ далайн тэр шулмын нүүр өөд нэгэнтээ цохьсонд тэр шулам увидас үүсгэн “Хүүр үлдээх арга” хэрэглэж Бичиний бэрээ тусахын урьд хэдийн чухам бие нь зайлан гараад нэгэн хуурмаг хүүр хөсөр үлдээжээ, Тансаг үзээд ихэд гэлмэж чичрэн дагжиж түднэн өгүүлрүүн: “Энэ сармагчин үнэхээр ёс бусчилмуй! Ахин дахин ятгаваас сонсохгүй, учиргүй хүний амийг нядалмуй!”. Бичин өгүүлрүүн: “Багш бүү зэмлэ, энэ савын дотор ямар юм буй? Чи ирж үзэгтүн.” Шороо, Тансагийг түшиж, ойртон эчиж үзвээс юуны амтат будаа, хоормог зутан болох аж, цөм урт сүүлт өт, лаг мэлхий тэргүүтэн газар дүүрэн үсэрхийлмүй. Тансаг үүнийг үзээд сая баахан үнэмшин атал Гахай тачаадан хажуунаас хатган өгүүлрүүн: “Багш минь энэ эхнэр хэмээгч эндэх тариачны гэргий, тариан дээрээ будаа хүргэх замд бидэн лүгээ учирсан болой. Үүнийг яахан шулам хэмээмүй? Номын ахын шийдэм нь хүнд, буцаж ирмэгц гараа тэнсэн нэгэнтээ цохьсонд энэ эхнэр даруй үхжээ, чиний цагираг чангалах тарни уншихаас эмээж нүд халхлах увидас хэрэглэн ийм юмсыг хувилган чиний нүдийг халхалсан болой.” Тансаг энэ үгийг сонсмогц үйл нь хөдөлж манхуугийн үгийг үнэмшээд тарни уншсанд Бичин даруй: “Толгой маш өвдмүй. Бүү унш! Бүү унш! Үг байваас хэлтүгэй!” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Бас юуг өгүүлмүй, тойн хүн хэмээгч эгнэгт буяны үйлийг эрхэмлэн нигүүлсэхүй сэтгэлийг өвөрлөн, газар шүүрдэвч хорхой шавьжийг нядлахаас хичээж, зул баривч удган эрвээхэй унахаас зовнимуй, чи юунд алхам бүр алж нядлах үйлийг үйлдэж, ийм сайн хүнийг цохиж алмуй? Хэдий ном залж ирэвч ямар тус буй? Чи харьтугай” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Багш намайг хаа харьтугай хэмээмүй?” Тансаг өгүүлрүүн: “Би чамайг шавь болгон үл авмуй!” Бичин өгүүлрүүн: “Чи намайг шавь болгон авахгүй бөгөөс баруун газарт хүрч чадахгүйгээс зовнимуй” Тансаг өгүүлрүүн: “Миний заяаг тэнгэр мэдмүй. Би ямар нэгэн шуламд амьдаар чанагдаж идэгдэх тавилан буй бөгөөс, чи миний амийг аварч чадмуй? Түргэн одогтун.” Бичин өгүүлрүүн: “Би одохуй дор гэм үгүй, гагцхүү багш чиний ачийг хариулан чадсангүй.” Тансаг өгүүлрүүн: “Би чамд ямар ач буй?” Бич яаран сөгдөн мөргөж өгүүлрүүн: “Өвгөн Сүн би тэнгэрийн ордныг түйвээсний учир биеийг сөнөөх нүгэл олж, хязгаар уулнаа бурхан багшид дарагдан байхуйд Хомсим Бодисадва надад санваар хүртээн багш чи намайг авран гаргалаа, хэрвээ чамайг дагаж баруун газар эс эчвээс ачийг олоод үл хариулах өчүүхэн хүн хэмээн түмэн үед дооглогдмуй,” үзвээс энэ Тансаг хэмээгч өр зөөлөн өршөөлт тойн тул, Бич ийнхүү гашуудан гуйхуйд, тэсгэлгүй сэтгэл эвдрэн өгүүлрүүн: “Тийн бөгөөс чамайг энэ удаа хэлтрүүлсүгэй, үүнээс хойш ийм ёсноос этгээд догшноор явбаас энэ тарнийг хорин удаа уншмуй! Бич: “Гучин удаа ч болтугай, би үүнээс хойш хүнийг цохихгүй” хэмээв. Жич Тансагийг түшин моринд мордуулж, бас түүж ирсэн тоороо барьсанд, Тансаг морин дээр хэдийг идэж өлөө дарав.


Өгүүлэх нь: Бичиний нэг шийдэм тэр шулмыг алсан бус. Тэр шулам увидас үүсгэн амь мултран огторгуйд дэгдэн гараад шүдээ зуун Бичинийг занан өгүүлрүүн: “Хэдэн жилийн урьд түүнийг эрдэмтэй хэмээн сонссон бөлгөө, өдгөө үзвээс үнэхээр хоосон бус, тэр Тансаг надад хууртаж будааг идсүгэй хэмээн доош бөхийсөн бөгөөс би даруй түүнийг шүүрэн авч өөрийн хүн болгох бөлгөө. Санамсаргүй тэр сармагчин ирж миний увидсыг эвдээд бас шийдмээрээ амийг таслан завдлаа. Энэ тойныг хэлтрүүлбээс даруй биеийг талахаар зүтгэж хоосоор хоцроход хүрмүй. Би дахин бууж түүнийг шоглож үзсүгэй” хэмээв.


Төд тэр шулам үүлийг доошлуулан өмнө хөтөлд бууж бие хөрвөмөгц наян настай эмгэн хувилаад гарт гохир хулсан таяг тулж уйлан хайлан хүрч ирэв. Гахай үзээд их л цочин өгүүлрүүн: “Багш, хэрэг муухай болов. Энэ эмгэн хүнээ эрэхээр ирсэн буй за!” Тансаг өгүүлрүүн: “Ямар хүнийг эрнэм?” Гахай өгүүлрүүн: “Номын ахын цохин алсан хүн эрхгүй түүний охин болой, энэ эмгэн лав охиноо эрэхээр ирсэн буй за.” Бичин өгүүлрүүн: “Номын дүү битгий дэмий чалчигтун! Тэр эхнэр арван найман настай, энэ эмгэн ная гарчээ, жар гараад бас төрөх ёс буй буюу, сааргүй худал юм, өвгөн Сүн би эчиж үзсүгэй” хэмээгээд угтан эчиж үзвээс:


        Засдаглан хувилсан энэ эмгэний 
        Зажин үс нь хун цайжээ. 
        Борвио чирэн алхаж, 
        Бүгшин бүгшин сүйлхэлмүй. 
        Эцэнгэр бие нь ясан таяг адил, 
        Янхигар царай нь хоровсон (хорчийсон) навч мэт. 
        Хацрын яс нь шөнтийж, 
        Хоёр ооч нь татжээ. 
        Идэр залуу цагийг хэзээнээ өнгөрөөгөөд 
        Өтлөх наснаа хүрч үрчлээс хуниасаар дүүрчээ.


Бич үзмэгч шулмыг таниад үг дуугаралгүй шийдэм өргөн толгой руу нь цохьсонд тэр шулам шийдэм далайхын зуур чухам бие нь хэдийн зайлан эчээд хуурмаг хүүр нь замын хажууд цохигдон унав. Тансаг үзээд цочин гэлмэгдэж мориноос буугаад замын хажууд сууж, юу ч хэлэлгүйгээр цагираг чангалах тарнийг хорин удаа уншсанд хөөрхий Бичний толгой нь эрж байх мэт тэсгэлгүй өвдөн өнхөрсөөр: “Багш битгий унш, үг байваас хэлэгтүн!” хэмээн гуйсанд Тансаг өгүүлрүүн: “Юу хэлэх вэ? Тойн хүн хэмээгч сайн үгийг авбаас тамын зовлонгоос хэлтэрмүй. Би чамайг ийнхүү ятган сургах бөгөөтөл чи огоот нүгэл үйлдэж, эгэл хүнийг нэгийг алтал бас нэгийг алсан тул юуг өгүүлмүй?” Бич өгүүлрүүн: “Тэр хэмээгч шулам болой.” Тансаг өгүүлрүүн: “Энэ сармагчин дэмий чалчмуй! Ийм олон шулам буй буюу? Чи хэмээгч нь буян үйлдэгч бус, зориуд нүгэл үйлдэгч болой, чи эчтүгэй!” Бич өгүүлрүүн: “Багш басхүү намайг яв хэмээмүй, явбаас явах буй за, гагцхүү нэгэн учир буй.” Тансаг өгүүлрүүн: “Чамд ямар учир буй?” Гахай өгүүлрүүн: “Багш минь, тэр чам лугаа юм хуваасу хэмээх буй за. Чамайг дагаж хэдэн жил тойн болоод гар хоосон харих ёсон буюу? Тэр баглаа дотроос хэдэн элэнгэр намжир, цоорхой титэм гаргаж үүнд өгтүгэй” хэмээв. Бич сонсоод тэсч ядан уурлаж хараан өгүүлрүүн: “Чиний энэ эртгэр хоншоорт тэнэг юм! Өвгөн Сүн би номын ёсонд орж тойн болсноос хойш өчүүхэн ч харгис шунахай сэтгэлгүй бөгөөтөл яахан юм хуваахуйд хүрмүй?” Тансаг өгүүлрүүн: “Чи юманд шунахайрахгүй болбоос юунд үл одмуй?” Бич өгүүлрүүн: “Багшаас нуулгүй хэлсүгэй, өвгөн Сүн би таван зуун жилийн өмнө Цэцэг жимст уулны Усан үүдэт агуйд сайн эр хэмээн явахуйн цагт далан хоёр агуйн шулмыг хураан дагуулж, дөрвөн түм, найман мянган бага шулмыг захиран, тэргүүнд улаан алтан дуулга өмсч, биед ал шар дээл хэдэрч, бэлхүүснээ хасын бүс бүслэн, хөлд үүл гишгэх гутал өшиглөн, гарт чандмань болд бэрээ барин үнэхээр хүн мэт явсан бөлгөө. Сүүлээр нүглээ арилган үсээ тойлж номд ороод чамд шавь болсноос хойш энэ алтан цагираг толгойг ороосон тул буцан эчвээс нутгийн хүмүүс лүгээ уулзахуйяа бэрх болжээ. Багш хэрвээ намайг авахгүй бөгөөс тэрхүү цагираг суллах тарниа уншиж энэ цагирагийг буцаан авч өөр хүний толгойд углаваас би даруй дуртай эчмүй. Би шавь болж өдгөө хүртэл чамайг дагав, чи намайг өчүүхэн ч үл хайрлах буюу.” Тансаг цочин өгүүлрүүн: “Бич, урьд өдөр цагираг чангалах тарнийг Бодисадва надад сэмээр заасан бөлгөө, цагираг султгах тарнийг надад заасангүй.” Бич: “Хэрвээ цагираг султгах тарнигүй болбоос багш мөн дагуулан эчтүгэй” хэмээсэнд Тансаг аргагүй болж өгүүлрүүн: “Чи босогтун, би чамайг бас нэгэн удаа хэлтрүүлсүгэй, дахин нүгэл үйлдэж хэрхэвч болохгүй.” Бич: “Аймшиггүй дахин үйлдэхгүй” хэмээгээд багшийг түшин мордуулж зам удирдан урагш явав. 


Түүнээс тэр шулам Бичний хоёр дахь шийдэмд мөн үхсэнгүй, огторгуйд дэгдэн гарч гайхан өгүүлрүүн: “Үнэхээр хурц нүдтэй хэцүү сармагчин байнам, миний тийнхүү хувилан эчсэнийг мөн таньжээ. Эд энэ уулнаа дөчний газар гарваас миний харьяат газар бус болмуй. Хэрвээ өөр шуламд алдан явуулбаас бусдад элэг болмуй, би эчиж бас нэгэн удаа шоглон үзсүгэй” хэмээгээд сүрхий шулам жихүүн салхийг дарж уулын хажууд буугаад бие хөрвөмөгц нэгэн өвгөн болон хувилжээ. Энэ үнэхээр: 


        Цал буурал гэзэг нь өвгөн бурханд тэнцэж, 
        Цав цагаан сахал нь өлзийт одноос хэтийдмүй, 
        Хоёр чихэнд хас хүүрэг цангинаж, 
        Хос нүдэнд алтан оч тулалзмуй. 
        Гарт луун таяг тулж, 
        Гадуур тогоруун жанч хэдэрчээ. 
        Атгандаа эрих барин тоолж 
        Амандаа маань хүнгэнэтэл уншмуй. 


Тансаг морин дээрээс олж үзээд баясан өгүүлрүүн: “Ум ма ни бад мэ хум, баруун газар хэмээгч үнэхээр буянт орон ажгуу. Тэр өвгөн яван ядаж байтлаа бас ном уншмуй.” хэмээтэл Гахай өгүүлрүүн: “Багш чи түүнийг битгий магтагтун, тэр хэмээгч зовлонгийн үндэс болой.” Тансаг өгүүлрүүн: “Юунд зовлонгийн үндэс хэмээмүй?” Гахай өчрүүн: “Номын ах түүний охин болон эмгэнийг цөм цохин алав, энэ лавтайяа тэдний гэрийн өвгөн мөн бөгөөд эмгэн ба охиноо эрэхээр иржээ, хэрвээ бид түүний гарт орвоос багш чи амин хэргээр үхэх ялд шийтгэгдэж, өвгөн Гахай би цөлөгдөн эчиж, Шороо зарлиг ёсоор хүчний алба барьмуй, номын ах увидас хэрэглэн бие мултарваас бид гурвуул зовлонд унах буй за?” хэмээв.


Бич өгүүлрүүн: “Энэ манхуу дэмий чалчиж багшийг айлгамуй! Өвгөн Сүн би эчиж үзсүгэй” хэмээгээд бэрээгээ нууж угтан эчиж дуудан өгүүлрүүн: “Өвгөн чи хаа одмуй? Яван ядаж атал юунд ном уншмуй?” хэмээсэнд тэр шулам их богдыг энгийн хүн хэмээн бодож хариу өчрүүн: “Өвгөн би үе улиран энд нутаглаж, нэгэн насанд өглөг өгч буян үйлдэн бурханд даатгажээ, заяанд хөвгүүн үгүй, ганц охинтой болоод хүч хүргэн авсан бөлгөө. Охин энэ өглөө тариан дээр хүнс хүргэхээр эчээд өдгөө болтол ирсэнгүй тул өвгөн би аргагүй эрэхээр ирэв. Үнэхээр амь нь сүйдсэн болбоос арга буюу ясыг нь хураан аваачиж бумбалах буй за” хэмээв. Бич сонсоод инээн өгүүлрүүн: “Би болбоос хүн идэгч барсын дээдэс болой, чи яахан ханцуй дотроо шулам баглан авчирч намайг хуурмуй? Намайг чи мэхэлж үл чадмуй, чи болбоос шулам болой.” Тэр шулам инээж дуугүй болов. Бич болд бэрээгээ барьж дотроо “Эс цохьвоос тэр гэдрэг сүр үзүүлмүй, цохьвоос багш тэр тарниа уншихаас зовнимуй” хэмээн сэтгээд бас бодруун: “Эс цохьвоос тэр нэгэн чөлөөнд багшийг булаан аваачваас би мөн түүнийг аврахаар үйл бармуй... Цохих нь зүй болой, энгийн үгэнд “Барс хэдий догшин боловч бамбараа идэхгүй” хэмээжээ, би шулмыг нэгэн шийдмээрээ цохин алсны хойно, багш хэрвээ тарни юугаа уншваас, сайхан үгээр хуурч аргалан хэлбээс барав” хэмээгээд тарни уншин газрын сахиулсан болон уулан савдгийг дуудан ирүүлж: “Энэ шулам миний багшийг гурвантаа шоглов, энэ удаа бээр эрхгүй түүнийг цохин алмуй. Та нар огторгуй дээр байж гэрч болон үзтүгэй, явж үл болмуй” хэмээсэнд сахиусан нар зарлигийг дагаж аймшиггүй үл зөрчин, үүлэн дотроос хармуй. Бич шийдэмдмэгц шулмын амь тасрав.


Тансаг морин дээрээс үзээд чичиртэл айж, үг бас хэлэн чадахгүй болсонд, Гахай хажууд инээн өгүүлрүүн: “Энэ Бич үнэхээр хий нь хөдөлсөн буй за, хагас өдөр болсонгүй гурван хүнийг албай!” Тансаг хараахан тарниа уншсугай хэмээтэл Бичин морины өмнө яаран ирээд: “Багш бүү уншигтун! Чи эчиж түүний уг дүрийг үз” хэмээмүй. Тансаг эчиж үзвээс нэгэн хэсэг хохимой яс байсан тул ихэд цочин асууруун: “Бич, энэ хүн сая үхсэн бөгөөтөл яахан нэгэн хэсэг хохимой яс болон хувилсан буй?” Бичин өчрүүн: “Энэ болбоос хохимой ясанд бүтсэн шулам болой, энэ газар уг дүрээ далдлан хүнийг мэхэлмүй. Надад алагдсан тул уг дүр нь илэрчээ. Үүний ууцан ясан дээр “Хохимой хатан” хэмээх үсэг буй” хэмээсэнд Тансаг сонсоод итгэн атал, Гахай мөн хажуунаас хатган: “Багш минь, үүний гар хатуу, шийдэм хүнд, хүнийг цохин алаад чиний тарни уншихаас эмээж ийн хувилгаж, чиний нүдийг халхалмуй!” хэмээсэнд чих зөөлөн Тансаг түүний үгэнд орж, тарниа уншив. Бичин тэсгэлгүй өвдөж замын хажууд сөгдөж гуйн өгүүлрүүн: “Бүү унш! Үг байваас түргэн хэлтүгэй!” Тансаг өгүүлрүүн: “Сармагчин чамд бас ямар үг хэлмүй? Тойн болсон хүний буян үйлдэхүйг хаврын өвсөн лүгээ үлитгэмүй, түүний ургах нь илт үзэгдэхгүй бөгөөтөл өдөр бүр өсөхүйд адил болой. Нүгэл үйлдэгчдийг билүү лүгээ үлитгэмүй, түүний хорогдох нь илт үзэгдэхгүй бөгөөтөл эцэстээ барагдахуйд адил болой. Чи энэ цөл газарт ирээд нэгэн өдөрт гурван хүнийг цохин алсанд мөн заалдах хүнгүй, хэрвээ хот балгасанд орж хүн хар олон газар эчээд, чи тэрхүү хилэнцийн шийдмээ эргүүлэн нэгэн цагт сайн мууг ялгахгүй, дэмий цохилон үүсгэж, хэрэг зарга татахуйд хүрвээс, би хэрхэн бие мултарч чадах вэ? Чи харьтугай” Бичин өгүүлрүүн: “Багш намайг хилсдүүлжээ. Энэ болбоос илт нэгэн шулам байж, үнэхээр багшийг хорлосугай хэмээтэл би түүнийг цохин алж шулмыг дарсан бөлгөө. Чи түүнийг танихгүй, тэр манхуугийн хатгах үгэнд орж, намайг дахин дахин үлдмүй. “Эртний үгэнд аливаа хэрэг гурван удааг үл хэтэрмүй” хэмээдэг бөлгөө. Би хэрвээ эс одвоос ичгүүр сонжуургүй доорд хүн болмуй, би одсу! би одсу! Гагцхүү би одвоос чиний дэргэд хүнгүй болохуйд хүрмүй.” Тансаг хилэгнэн өгүүлрүүн: “Энэ муу сармагчин огоот ёсгүй. Гагц чи хүн болоод Гахай Шороотон хүн бус буюу?”


Бич, тэр хоёр хүн бус буюу хэмээх үгийг сонсоод тэсгэлгүй сэтгэл уяран Тансагт өгүүлрүүн: “Юутай хөөрхий, чи тэр цагт Чан Анаас мордохуйяа Льюй Бэ Чин чамайг замд ортол үдэн мордуулж, хязгаар уулнаа намайг авран гаргаснаас нааш, би чамайг багш барьж, бартаат агуйг өнгөрөн балар шугуйд орж, энд шулмыг даран Гахай, Шороотныг элсэн дагуулж түмэн зовлон, мянган гашууныг тоолон энд хүрч ирэв.” Энэ өдөр нэгэн цагийн мунхралаар намайг эч хэмээн үлдэх нь үнэхээр “Зүтгэсэн үхрийн зүрхийг сугалсан” хэрэг болжээ, байтугай! Одвоос барав! Гагц цагираг нэмэгдэв.” Тансаг өгүүлрүүн: “Би үүнээс хойш үл уншмуй.” Бичин өгүүлрүүн: “Энэ үгийг бүү өгүүл, хэрвээ хорт шулам тохиолдон гай зовлонд учраад мултран чадахгүй болж Гахай Шороотон ч авран үл чадах цагт намайг санагалзан тэсгэлгүй уншин эхэлбээс арван түмэн бээрийн газар хол авч миний толгой мөн өвдмүй. Хэрвээ дахин ирж чамд учрах болохул өдгөө үл үлдэхийг хүрэхгүй.”


Тансаг түүний ийн өгүүлэхийг сонсоод маш хилэгнэн мориноос бууж Шороог захин боодлыг нээлгэж бийр цаасыг гаргуулан, голын усыг утган авч чулуун дээр бэх зуураад нэгэн хуудас Үлдэх бичиг бичин Бичинд өгч өгүүлрүүн: “Сармагчин чамайг шавь үл болгохыг энэ бичгээрээ гэрч болгосугай, хэрвээ чам лугаа дахин учрах болбоос би даруй Аюуш тамд унах болтугай.” Бичин Үлдэх бичгийг яаран тосон авч өгүүлрүүн: “Багш битгий аман тангараг хийгтүн, өвгөн Сүн би одмуй.” хэмээгээд бичгийг эвхэн өвөртөлж, бас Тансагт гуйн: “Багш минь, би Бодисадвагийн зарлигаар багшийг дагасан бөлгөө, санаандгүй өдгөө бодь хутгийг олж эс чадан зам зуураас буцах болжээ. Багш суугтун, би чамд мөргөн одвоос гомдолгүй болой.” хэмээсэнд Тансаг үл таашаан буруу хандаж, аманд түднэн: “Би болбоос сайн тойн, чиний мэт муу хүний мөргөлийг үл хүлээмүй!” хэмээв. Бичин түүний үл таашаахыг үзээд, мөн нэгэн увидас хэрэглэж, духны үснээс гурвыг үгтээн авч, тарни уншин “Хувил!” хэмээсэнд даруй гурван Бич болон хувилж өөрийн бие лүгээ дөрвүүл багшийг тойрон мөргөхүйд Тансаг зайлан чадахгүй болж мөргөлийг хүлээн авчээ.


Бич үсрэн босч, биеэ сэгсрэн үсээ хураан аваад бас Шороод сурган өгүүлрүүн: “Мэргэн дүү чи болбоос сайн хүн бөлгөө. Гагц Гахайн засдаг чалчаа үгсээс хэрсүүлж, замд нэнтээ хичээх болов уу, хэрвээ чөтгөр шулам гэнэт багшийг барин аваачваас, чи өвгөн Сүн намайг түүний ууган шавь хэмээн хэлтүгэй, баруун газрын буг шулам миний чадлыг сонсвоос багшийг аймшиггүй хорлож үл чадмуй.” Тансаг өгүүлрүүн: “Би болбоос сайн тойн, чиний мэт муу хүний нэрийг үл дурдмуй, чи буцаж явтугай” хэмээв. Бичин, Тансагийн санаа үл эргэхийг үзээд арга буюу нулимс унаган сая одов. Үзвээс үнэхээр: 


        Алаг нүднээс нулимс цувруулан багшид мөргөн аярлаад, 
        Аюулхай цээжинд уярлыг өвөрлөн дүү Шороог сургавай. 
        Хөтлийн өмнөх гүн өвснөө нэгэнтээ шурган ороод 
        Хөрст газрын зэл ороонгыг хоёр хөлөөр өшиглөвэй. 
        Агаар тэнгэр алтан дэлхийд хүрд мэт эргэж 
        Анабад далай, аглаг уулыг туулах эрдэм цолгорчээ. 
        Харж байтал бараа тасран одоод 
       Хоромхон зуур хойш холдон явав. Тэр уурыг тэсвэрлэн багшид аярлаад тонгорцоглон дэгдэж үүл хөлөглөн шууд Цэцэг жимст уулын Усан үүдэт агуйг зорин эчив. Уяран гуниглан ганцаар одохуйяа, гэнэт усны чимээ сонсогдов. Их богд огторгуйгаас харваас, үзвээс харин зүүн далайн долгионы чимээ ажгуу. Үүнийг үзмэгц Тансагийг санагалзаад тэсгэлгүй нулимс унаган үүлийг зогсоон нэлээд удаад сая одов. Энэ эчсэн нь эгнэгт ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 37 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 25 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 53 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 57 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 40 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 13 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 16 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 17 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 51 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 0 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 10 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 15 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 38 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 55 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 13 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 14 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 29 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК