зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Хорин есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


АЮУЛААС МУЛТАРСАН АЯНЧ ТОЙН АЛС ГҮРЭНД ХҮРЭВ
АЯЫГ ХҮРТСЭН ГАХАЙ БАГШ АГЛАГ УУЛНАА ГАРАВ


Шүлэглэсэн нь: 


        Өрүү санааг басхүү даран тэвчихгүй бөгөөс
        Үнэн мөнийг хүсэн эрэх хэрэг юун?
        Уг чанар төрөлх бодгалийг бурхны өмнө бясалгаваас
        Ухаарах мунхрахуйд урьд хождын ялгал юуны баймуй?
        Алсхийн ухаарваас бодь хутгийг агшин зуур олж
        Алстаа мунхарваас түмэн галавт өөдлөн үл чадмуй.
        Нэгэн цагт наманчлан засах сүсэг санаа орвоос
        Нүгэл хилэнц далай мэт авч арилган чадмуй.


Тэндээс Гахай Шороо тэр шулам лугаа гучин удаа зөрөлдөөд дийлэн дийлэгдэхгүй нь ялгарахгүй. Дийлэн дийлэгдэхгүй яахан үл ялгармуй хэмээхүл, эрдэм чадлыг мөчвөөс хоёр хувраг байтугай хорин боловч мөн энэ шуламд тэнцэн чадахгүй бөлгөө, Гагцхүү Тансагийн хутгийн тоо төгсөх болоогүйн тулд номын сахиусан түүнийг хамгаалж, огторгуйд арван хоёр эрхтэн, таван орны кирди, дөрвөн зүгийн эзлэгч, арван найман чойжинтон цөм Гахай Шороог хавсармуй.


Тэр гурвын байлдахыг түр өгүүлэхгүй, жич тэр хутагт тойн агуй дотор шавь юугаа санагалзан эмгэнэн уйлж нулимсыг цувруулан: “Ү Нэн минь, чи аль нэгэн тосгонд өглөг буянтан лугаа учирч цав барин ахуг мэдэхгүй, Ү Жин минь, чи хаанаас түүнийг эрж ахуг мэдэхгүй, уулзав уу, үгүй юу? Би шулам лугаа тохиолдож энэ газраа аюулд учирсныг яахан мэдэх аж! Аль цагт тан лугаа уулзаж аюул зовлонгоос мултран Гандарагүд уулыг зорих аж?” хэмээн хараахан уяран зовниж атал гэнэт тэр агуйн дотроос нэгэн эхнэр гарч ирээд баганыг түшиж өгүүлрүүн: “Хутагт тойн та хаанаас ирэв? Яахан тэдэнд энд хүлэгдсэн аж?” Энэ үгийг сонсоод нулимст нүдээр сэмхэн ажваас тэр нь гучаад настай эхнэр аж. Төд өгүүлрүүн: “Хүүхэн Бодисадва аа, асуух юун, би нэгэнтээ үхэх цаг болсон тул таны гэрт орж ирсэн болой, идсүгэй хэмээвээс даруй идэгтүн, бас юуг асуумуй?” Тэр эхнэр өгүүлрүүн: “Би хүн идэгч бус, миний гэр болбоос, эндээс өрнөш гурван зуун газарт баймуй, тэнд нэгэн хот буй бөгөөд нэр нь Эрдэнэ заант улс хэмээмүй. Би болбоос тэр улсын хааны гутгаар гүнж бөгөөд багын нэр хамаг цэцгийг өнгөөр дарагч Манлай цэцэг хэмээмүй. Арван гурван жилийн өмнө, найман сарын арван тавны шөнө сарыг үзэн ахуйд энэ шулмын салхин намайг энд хийсгэн авчирч, түүн лүгээ арван гурван жилийн нөхөр эр эм болжээ. Энд үр хүүхэдтэй болтлоо нутаг усны чимээ сургийг огоот дуулсангүй, эцэг эхээ эгнэгт мөрөөдөвч уулзан үл чадах бөлгөө. Чи хаанаас ирж түүнд баригдсан аж?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би баруун газраас ном залаар эчих нь болой, санамсаргүй сэлгүүцэн явсаар энэ газар ташааран иржээ. Өдгөө миний хоёр шавийг барин ацарж, хамт чанан идсүгэй хэмээж амуй.” Тэр гүнж инээмсэглэн өчрүүн: “Хутагт тойн сэтгэлийг сул тавигтун, чи ном залах бөгөөс би чамайг аварч болмуй, тэр Эрдэнэ заант улс болбоос чиний өрнөш эчих их замд амуй. Чи миний нэгэн битүүмж бичгийг аваачин өгч миний эцэг эхэд уулзах бөгөөс, би даруй түүнд хэлж чамайг хэлтрүүлсү.” Тансаг тэргүүн дохин өгүүлрүүн: “Хүүхэн Бодисадва аа, хэрвээ ядуу тойн миний амийг авран чадваас, дуртайяа чиний бичгийг хүргэсү.”


Тэр гүнж яаран дотогш орж нэгэн дугтуй гэрийн бичиг бичин битүүмжлээд, баганын дэргэд ирж Тансагийг суллан тавьж бичгийг түүнд өгөв. Тансаг суллагдан, бичгийг тосон авч өгүүлрүүн: “Хүүхэн Бодисадва амийг аварсан ачид гүнээ игдэлмүй. Ядуу тойн эндээс явж эрхмийн газраар өнгөрөхүйд, лавтайяа улсын хаанд хүргэмүй. Ганц зовних нь, өдөр хоног удсаны харгаагаар эцэг эх чинь эс таниваас ямар арга буй? Тийн бөгөөс ядуу тойн намайг их үг хэлэв хэмээн битгий зэмлэгтүн.” Гүнж өгүүлрүүн: “Хамаагүй, миний эцэг хаанаас хөвгүүн үгүй, гагц манай эгч дүү гурвуул заяасан тул энэ бичгийг үзэх болохул эрхгүй нүүрдэн учрах санаа ормуй.” Тансаг бичгийг чандлан өвөрлөж, гүнжийн ачид талархаад гарч эчсүгэй хэмээхүйд гүнж татан зогсоож өгүүлрүүн: “Чи өмнө үүдээр гарахуй бэрх, тэдгээр их бага шулам цөм үүдэн гадна туг хиур эргүүлэн хэнгэрэг харанга дэлдэж, их Ванг хавсран чиний шавь нар лугаа тулалдаж амуй. Чи ар үүдээр эчигтүн. Хэрвээ Их Ван барьж авбаас харин мөн шүүн асуух болой, гагцхүү тэдгээр өчүүхэн шулам барьж авбаас сайн мууг асуухгүй чиний амийг хороохоос аймуй. Жич би эчиж түүний өмнө тал хэлсүгэй, хэрвээ Их Ван чамайг тавьбаас даруй чиний шавийг гуйн хэлтрүүлж чам лугаа хамт эчүүлэхүйд сайн.” Тансаг сонсоод хишигт мөргөж, захьсныг хүлээн аваад гүнжид аярлан, сэмээр үүдний гадна гарч, аймшиггүй ганцаар эчин чадахгүй, бут сөөг дотор далдлав. 


Тэндээс гүнж уран арга төрж, санд мэнд урагш ирээд үүдэн гадна гарч, их бага олон шулмыг хоёр тийш зандран зайлуулж үзвээс, зэр зэвсэг харшилдан хавиралдах дуун дэмий л сонстмуй. Үзвээс, Гахай Шороотон тэр шулам лугаа огторгуйд үхэхээр тулалдах ажгуу. Тэр гүнж чанга дуунаар: “Шар дээлт авгай!” хэмээн дуудсанд тэр шулам гүнжийн дуудахыг сонсоод даруй Гахай Шороог орхиж, үүл хөлөглөн бууж ирээд ган илдийг тавин гүнжийг түшин өгүүлрүүн: “Хатан минь, ямар хэлэх үг буй?” Гүнж өчрүүн: “Тавнан авгай аа, сая би далдавч хөшиг дотор унтахуйд зүүднээ гэнэт нэгэн алтан хуягт сахиулсан лугаа учрав.” Шулам өгүүлрүүн: “Аль нэгэн алтан хуягт сахиулсан буй? Манай гэрт юун хэмээн ирсэн аж?” Гүнж өчрүүн: “Би бага насанд ордны дотор байхдаа: “Хэрвээ нэгэн сайн тавнанд тохиовоос нарт уулнаа гарч аршийн сүмд мөргөн тойн хуврагт өглөг өгсүгэй хэмээн далдуур амалсан бөлгөө, чам лугаа холбосноос хойш нөхөр эр эм жарган цэнгэлдсээр өдгөө болтол эс дурдав. Тэр алтан хуягт сахиулсан ирээд миний миний амин тангаргийг нэхэн намайг зандан сэргээсэнд харин нэгэн зүүд ажээ. Төд санд мэнд дээл хувцсыг засаж тавнан авгайд хэлсүгэй хэмээн ирэхүйд санамсаргүй тэр багана дээр нэгэн тойныг хүлэн тавьжээ. Тавнан авгай өршөөлдөө багтаан миний нимгэн санааг бүтэж тэр тойныг хэлтрүүлэн миний тойн хуврагт өглөг өгөх тангаргийг гүйцэтгэснээр бодохыг түмэнтээ хүсмүй. Дуртай эсэхийг үл мэдмүй.” Тэр шулам өгүүлрүүн: “Хатан минь, чиний сэжиг олон болжээ, үүнийг ямар чухал хэрэг хэмээмүй? Би хүн идсүгэй хэмээвээс хаанаас хэдийг олж идэхгүй аж? Ийм нэгэн тойн хаанаас үл олдмуй, түүнийг тавин илгээсүгэй.” Гүнж өгүүлрүүн: “Тавнан авгай, түүнийг хойд үүдээр тавин гаргасу.” Шулам: “Яршиг болой, түүнийг тавин илгээвээс барав, бас юуны өмнө хойт үүд хэмээмүй” хэмээгээд ган илдийг хуйлж, дээр дуугаар дуудан өгүүлрүүн: “Гахай хэмээгч ээ, чи нааш ирэгтүн, би чамаас эмээх нь бус, чам лугаа байлдахгүй, миний хатны нүүрт чиний багшийг хэлтрүүлжээ. Үтэр хойт үүднээ хүрч түүнийг эрэн өрнөш эчигтүн. Хэрвээ миний хязгаарыг дахин давчилбаас хэрхэвч бээр үл хэлтрүүлмүй!” хэмээв. 


Гахай Шороо хоёул энэ үгийг сонсоод тамын орноос тавигдан буцсан мэт болж, яаран морио хөтлөн дамнуураа дамнаж буруулан одов. Хөхөмдөг саран агуйг тойрон гарч хойт үүдний гадна хүрээд: “Багш аа!” хэмээн дуудваас Тансаг тэдний дууг таньж сөөг дотроос хариу өчсөнд Шороо даруй өвс модыг яран багшаа тэтгэн босгож санд мэнд моринд мордуулав. Энэ үнэхээр: 


        Хар хортой шулам лугаа гэнэт учирсан авч 
        Халуун сэтгэлт гүнж лүгээ завшаанаар бас тохиолджээ. 
        Халим загас гөх дэгээгээс хэдийнэ мултран гараад 
        Халхлах давалгаанд сүүл сэжин цааш умбан эчмүй.


Төд Гахай багш өмнө зам удирдан, Шороо хойноос дагаж нарсан ойгоос гараад их замыг өлгөв. Тэр хоёул түднэн цуугиж бие биеэ буруушаахуйд Тансаг дэмий л эедүүлэн хоригломуй. Түүнээс үдэш болбоос хориглон үүр цайваас явж зам хөөсөөр санамсаргүй хоёр зуун ерэн есөн газар явж, гэнэт төргүүн өргөн үзвээс нэгэн сайхан хот буй. Үзвээс Эрдэнэ заант улсад хүрч ирсэн ажгуу. Үнэнхүү сайхан орон аж:


        Хурын үүл тунаран, 
        Холын зам үргэлжилмүй. 
        Өргөн уудам мянган бээрийн газар асан ч 
        Үзэмж байдал нэгэн адил сайхан. 
        Өлзийт уур мандан, 
        Өнгийн туяа татаж, 
        Ариун салхи сэвэлзэж, гэгээн саран гиймүй. 
        Хөхрөн харагдах холхи уулс хөрөг зураг мэт, 
        Хөвчлөн урсах тунгалаг ус шил болор адил. 
        Захын тариаланд үр тариа элбэг, 
        Загасчин өрхөд загас зарам үлэмж. 
        Түлээчин ард түлээ дамнан яаралдаж, 
        Түмэн иргэн төлөвтэйеэ аж төрмүй. 
        Хот хэрэм бат бэх, хүн ард амар жимэр. 
        Өндөр асрууд сэгийлцэн урт индрүүд үргэлжилмүй. 


Шар харш, шүүрийн харш, хүжсийн харш, Бичгийн харш, төрийн харш, цэргийн харш зэрэг зэрэг аж, харш бүрийн хасын индэрт Бичиг цэргийн түшмэд гарлан жагсчээ. Гэгээн ордон, гэрэлт ордон, цэнгэлийн ордон, цэцэглэгийн ордон, утгат ордон, үдийн ордон зэрэг зэргээр аж, ордон бүрээс уянгат хөгжим, яруу дуулал дуурьсч, уярал гунирал бүхнийг үлдэн сарниулмуй. Ордны цэцэрлэг дотор өнгийн цэцэг мяралзан дэлгэрч, уд бургас нахилан намирмуй. Өндөр малгай өмсч өргөн бүс бүслэн, үрээ хүлэг унасан өрлөг цогтой эрчүүд их зээлээр зорчилдмуй. Хүчит нум үүрч, хурц сум сугалдсан хүдэр эрс хөдөө дүүрэгт тас бүргэд намнамуй. Цэвэр цэцгийн гудамж, цэнгэл наадмын асар, цэлгэр хаврын үзэмж нь цэцэглэг хот лугаа мөчөөрхмүй. Ном залах тойн нутаг усаа санаж, элэг эмтрэн уярмуй. Бараа болох шавь нар боодолд бууж амран нойрсмуй. 


Багш шавь гурвуул Эрдэнэ заант улсын үзэмжийг бахран явсаар өртөөд хүрч ирэн морио уяж, амьтайгаа авч боодолд буув. Тансаг ордны хаалганд хүрч ирэн үүдэч түшмэлд: “Тан улсын тойн би тусгайлан улсын эзэн хаанд бараадаж тамгат бичиг сольсугай хэмээмүй, уламжлан мэдүүлмү” хэмээсэнд тэр үүдэч түшмэл яаран хасын индрийн өмнө хүрч мэдүүлрүүн: “Түмэн наст эзэн, Тан улсын нэгэн тойн эзэнд бараадаж замын тамгат бичиг сольсугай хэмээмүй.” Улсын эзэн нь их Тан улс буй хэмээн сонсож асан бөгөөд жич бас дээд гүрний хутагт тойн ирэв хэмээх тул дотроо ихэд баясч даруй зөвшөөн таалж: “Түүнийг удирдан оруулагтун” хэмээв. Тансагийг удирдан оруулж индрийн өмнө хүргэснээ Тансаг төрийн ёсоор ёслон золгосонд хоёр гарын бичиг цэргийн түшмэд цөм дуу алдан гайхаж: “Дээд гүрний хүний ёслон золгох нь мөн ийнхүү ихэмсэг ажгуу.” хэмээлдмүй. Улсын эзэн өгүүлрүүн: “Хутагт тойн чи ямар учраар манай улсад ирсэн буй?” Тансаг өчрүүн: “Өчүүхэн тойн би болбоос Тан улсын банди бөлгөө, тэнгэрийн хөвгүүний зарлигаар баруун газарт ном залаар эчмүй. Анх гарахуйд авсан замын тамгат бичиг буй авч, хааны эрхэм улсад ирсэн тул шинэтгэн соливоос зохимуй. Тийнхүү аймшиггүй харшид гарч хааны гэгээн таны чихэн сонорын чийр болов.” Улсын эзэн: “Тан хааны тамгат бичиг буй бөгөөс надад авчирч үзүүлэгтүн” хэмээсэнд Тансаг хоёр гараараа өргөн барьж ширээнд дэлгэн тавив. Үзвээс: 


“Өмнөд Замбутивийн орны их Тан улсын тэнгэрийн бошгыг хүлээсэн Тан хааны тамгат бичиг: Мөхөс хүмүн би торгон эрдмээр их суурийг залгамжилж, сахиулсанд сүсэглэн иргэдийг засахуйяа гүн хөвд өнгөрөн, нимгэн усанд гишгэх мэт хичээн, өглөө үдэш болгоомжилмуй. Урьд өдөр, Жин Хэ голын лусыг авран эс чадсан осолдлоор эцэг хаан, эх хатны зэмлэлийг олж, гурван сүнс, долоон зүг эрлэг номун хаанд тавигдан амилаад, буян номыг өргөнөө дэлгэрүүлж, бодь мөрийг олноо заасан бөлгөө. Завшаанаар аврагч Хомсим Бодисадва ивээн соёрхож, алтан дүр нь илрэн баруун газарт зуурдын сүнсийг гэтэлгэгч бурхны ном буй хэмээн заасан тулд өдгөө номын багш Сиүван занг алсын зам хөөлгөн, их хөлгөний ном судрыг залж авчруулахаар явуулбай. Өрнө зүгийн эл гүрэнд хүрвээс буяны үйлийг үл таслан, тамгат бичгийг үзвээс тавин явуулму. Үүний тулд тамгат бичиг өгөв. Их Тан улсын Жэн Гуаны арван гуравдугаар оны намрын сайн өдөр, хааны тамгат бичиг.” Дээр нь хасбуу тамга ес даржээ. 


Улсын эзэн үзээд, тус улсын хасбуу тамгыг авчруулан дээр нь дараад Тансагт өгөв. Тансаг хишигт мөргөөд бичгийг хураан, бас мэдүүлрүүн: “Бадарч тойн миний ирсэн нь нэгэнд болбоос замын тамгат бичиг сольсу, жичид болбоос дээд хаанд нэгэн дугтуй гэрийн бичиг уламжлан барьсу хэмээсэн бөлгөө.” Улсын эзэн ихэд баясч, “Ямар бичиг баймуй?” хэмээв. Тансаг өчрүүн: “Хаан таны гутгаар гүнж, Аяга уулны Хөхөмдөг саран агуйн Шар дээлт шуламд баригдан эчжээ. Бадарч тойн санамсаргүй тохиолдсонд бичиг илгээснийг дамжуулан авчрав.” Улсын Ван сонсоод нүдэн нулимс цувруулан өгүүлрүүн: “Арван гурван жилийн өмнө гүнжийг алдсанаас нааш хоёр гаран бичиг цэргийн түшмэдийг хэчнээн огцруулан үлдэж, ордны дотор гаднах шивэгчин тайган нарыг мөн хэчнээн алсныг мэдэхгүй. Тийн авч цөм гүнжийг ордноос гараад төөрөн эчсэн тул олохуйяа бэрх хэмээлдмүй. Хот даяар иргэд зуун овогтноос тоогүй асуун сурагласан авч огоот сураг чимээ үгүй бөлгөө. Шуламд баригдан эчсэнийг хэрхэн мэдэх аж? Өдгөө гэнэт сонссонд эрхгүй дотор эвхрэн нулимс унагамуй.” Тансаг ханцуйгаас бичгийг гарган өргөн барьсанд улсын эзэн тосон авч, түүн дэх “Амгаланг эрмү” гэсэн үсгийг үзмэгц гар нь салганан, бичгийг нээн чадахгүй болов. Төд бичгийн журганы эрхэн сайдыг харшид дуудан гаргаж бичгийг уншигтун хэмээн зарлиг болов. Бичгийн эрхэн сайд харшид гарсанд, харшийн өмнөх бичиг цэргийн олон түшмэд болон харшийн хойдох хатан бэхи, ордны бүсгүй бүгдээр чих тавин чагнамуй. Бичгийн эрхэн сайд бичгийг нээн уншваас, түүнд бичсэн нь:


Элбэрэлгүй охин Манлай цэцэг бээр, өндөр буянт түмэн наст эцэг хааны луун ширээний өмнө жич гурван ордны эх хатны гэрэлт ордны өмнө, хаан төрийн бичиг цэргийн сайд мэргэдийн өмнө, тэргүүн дарж зуунтаа мэхийн өргөн барив. Болхи охин би завшаанаар эрхэм ордонд төрж, өсгөн асарсан ачид түмэнтээ игтлэвч, хараахан элбэрэн хариулах сэтгэлийг гүйцээн чадсангүй. Арван гурван жилийн өмнө найман сарын арван тавны тэргэл сарны баярын шөнө, эцэг хааны энэрэлт зарлигийг хүлээж, ордон бүрт хуримлан, сарыг үзэн цэцгийг сонирхон, тунгалаг шөнө хөгжим үүсгэн өв тэгш ихээр найрлан хуримласан бөлгөө. Хараахан цэнгэлдэж атал санамсаргүй нэгэн зэрэг үнэрт салхи салхилан, шар нүд, хөх нүүр, улаан үстэй шулам гарч ирээд охин намайг барин авч солонго хөлөглөн шууд хүн амьтангүй аглаг уулнаа аваачив. Ялган тодлож амжихуйн урьд шулам хүчирхэн эзэлж гэргийгээ болгожээ. Арга буюу арван гурван жил сууж, хоёр шулмын зулзага төрсөн нь цөм шулмасын угсаа болой. Энэ үнэхээр хүний эшийг тэрслэн, гэгээн суртлыг гутаасан тул бичиглэн айлдахуйд гутамшиг болмуй. Тийн авч, охин би үхсэн хойно, уг учир гэгээн тодорхой бус болжээ хэмээн зовних бөлгөө. Хараахан гомдол өвөрлөн, эцэг эхийг мөрөөдөн санагалзаж атал, санамсаргүй Тан улсын хутагт тойн мөн шуламд баригдан иржээ. Тийнхүү, охин бээр нулимсаар бичиг бичиж, аймшиггүй суллан тавиад, энэхүү хуудсыг илгээн өчүүхэн санааг илтгэвэй. Эцэг Ван өршөөн хөөрхийлж, эртхэн их жанжин томилон, Аяга уулны Хөхөмдөг саран агуйд ирүүлж, Шар дээлт шулмыг сөнөөн, охин намайг авран улсад аваачихыг түмэнтээ хүсмүй. Гүнээ мөрөөдөн санаж, санд мэнд бичин барив, золгон айлтгаваас үг олон буй. Тэрс охин Манлай цэцэг ахин дахин мөргөн барив.” хэмээжээ. Бичгийн эрхэн сайд бичгийг уншин бартал улсын эзэн их л хайлж, гурван ордны хатан нулимс унаган, бичиг цэргийн түшмэд эвхрэн уярч, өмнө хойнох олон бүгд үл уяран санагчид бээр үгүй.


Улсын эзэн нэгэн зэрэг хайлаад, даруй хоёр гарын бичиг цэргийн түшмэдээс: “Хэн аймшиггүй жанжин цэрэг дайчлан одож, мөхсийн тул шулмыг даран Манлай цэцэг гүнжийг минь авран авчирмуй?” хэмээн хэдэнтээ асууваас хариу өчигчид нэг ч үгүй, үнээр модон жанжин, шавар түшмэл мэт болжээ. Улсын эзэн дотроо ундууцан, нулимс асгаруулахуйд гэнэт олон түшмэд бүгдээр сөгдөн айлтгаруун: “Хаан эзэн бухимдлыг түр дарагтун, гүнж эчээд өдгөө болтол арван гурван он сураг чимээгүй, хэдий Тан улсын хутагт тойн бичиг уламжлан авчирсан авч үнэн худлыг үл мэдмүй. Бас түшмэд бид цөм эгэл төрөлхтөн аж, цэргийн бичгийн тулах аргад нэвтрэн жагсаал жагсаан цайз боодоллаж, улс гэрийг давчлагдах зовлонгоос хамгаалмуй. Тэр шулам хэмээгч, үүл хөлөглөн манан гишгэлэж, бараа дүр нь үл үзэгдэх тул яахан дийлн дарах аж? Бодвоос зүүн газрын ном залагч болбоос дээд гүрний хутагт богд болой. Энэ тойн болбоос “дээд ёсоор луу барсыг номхотгон, дэлгэр эрдмээр чөтгөр сахиусыг дагуулах” хүн тул лав шулмыг дарах рид шид буй. Эртний үгэнд “үнэн худлыг ялган хэлэгчид нь, үнэн худалд нэвтэрсэн хүн болой” хэмээжээ. Энэ хутагт тойнд гуйж, шулмыг даруулан гүнжийг авруулах нь даруй төгс бодлого болой.”


Улсын эзэн сонсоод яаран эргэж, Тансагт гуйруун: “Хутагт тойнд хэрвээ эрдэм аваас, увидас хэрэглэн шулмыг барьж, гүнжийг авран авчрах болохул, өрнөш эчиж бурханд мөргөх мөн хэрэг үгүй сахилыг хичээн гэзэг тавьж, над лугаа ах дүү барин, луун ширээнд хамт сууж, баян эрхмийг цуг эдэлбээс ямар?” хэмээсэнд Тансаг санд мэнд мэдүүлрүүн: “Бадарч тойн бээр бурхны номыг өчүүхэн төсөөлмүй, шулам дарж үнэхээр чадахгүй бөлгөө” Улсын эзэн өгүүлрүүн: “Чи шулам дарж үл чадах бөгөөтөл яахан аймшиггүй өрнө тивээс ном залаар эчмүй?” Тансаг далдлан чадахгүй болж арга буюу хоёр шавийг хэлэн гаргаж мэдүүлрүүн: “Хаан эзэн, бадарч тойн ганцаар болбоос үнээр энд ирэхүйеэ бэрх, бадарч тойнд хоёр шавь буй тул уул учирваас зам нээн, ус хөндөлдвөөс гүүр тавин, бадарч тойныг хамгаалан энд хүрч иржээ.” Улсын Ван сонирхон өгүүлрүүн: “Гэлэн чи огоот ёсгүй, шавь буй атал юунд дагуулан ирж над лугаа уулзуулахгүй аж, хэрвээ ордонд орж ирвээс хэдийгээр тааламжтай өглөг хишиг хүртээж чадах эс ч, барих цав буй болой.” Тансаг өчрүүн: “Бадарч тойн миний тэрхүү шавь нар болбоос болхи муухай тул аймшиггүй ордноо дураар оруулсангүй, хаан эзнийг цочоон эмзэглүүлэхээс эмээвэй.” Улсын эзэн мөшөөн өгүүлрүүн: “Тойн чи ямар үг хэлмүй? Би үнэхээр түүнээс эмээмүй юү?” Тансаг өгүүлрүүн: “Үнээр болзошгүй, миний тэр их шавь болбоос овог Жү, нэр Ү Нэн Гахай хэмээмүй. Төрсөн шинж нь эртгэр хоншоор, ярзгар соёо, сэгсгэр зогдор, навтгар чихтэй, бие нь бүдүүн, хэвлий нь их, хөдлөх явахуйд салхи татуулмуй. Хоёрдугаар шавь овог Ша, номын нэр нь Ү Жин Шороо хэмээмүй, дүр байдал нь биеийн өндөр хоёр алд хоёр тохой, мөрийн өргөн гурван тохой, царай нь бараан будаг мэт, ам нь цуст тогоонд адил, нүд нь гялалзан, шүд нь ярзаймуй. Тэдний төрсөн шинж нь цөм энэ мэт муухай тул аймшиггүй ордноо дураар дагуулан ирсэнгүй бөлгөө.” Улсын эзэн: “Чи өдгөө нэгэн зэрэг хэлсэн тул мөхөс би юуны эмээх аж? Удирдан оруулагтун.” хэмээгээд даруй шошго илгээн буудлаас залуулсан ажгуу.


Тэнэг Гахай залаар ирснийг үзээд Шороон зүг өгүүлрүүн: “Дүү чи харин бичгийг битгий өргөгтүн хэмээж байлаа, өдгөө сая бичиг өргөсний сайн үрийг олбой. Бодвоос лав багш бичгийг өргөсөн хойно улсын эзэн бичиг дамжуулсан хүнд осолдож үл болмуй хэмээн хурим бэлтгэн түүнийг зочилсон буй за. Түүний идэх нь бага тул бид хоёрыг санаж, нэрийг дурдан гаргасан тулд алтан шошго илгээн залжээ. Бүгдээр нэгэн цаг сайн идвээс манагаар зам хөөхүйд сайн.” Шороо өгүүлрүүн: “Ах минь, ямар учрыг мэдэхгүй, бид жич эчиж үзсү.” Төд амьтай боодол болон морийг цөм буудалд тушаан хадгалаад тус бүрийн зэвсэгийг авч алтан шошгын дуудлага ёсоор ордноо оров. Удсангүй хасын индрийн өмнө хүрч зэрэгцэн зогсоод харш өөд хандан мэхийн ёслоод дахин эс хөдлөв. Тэдгээр бичиг цэргийн түшмэд үл эмээгчид бээр үгүй, цөм “Энэ хоёр хуврагийн дүр байдал болхи нь мөн яамай, харин огоот ёсгүй, манай Ванд золгохуйд сөгдөн мөргөхгүй харин зогсоогоор мэхиймүй. Үнэхээр сонин болой!” хэмээхүйд Гахай өгүүлрүүн: “Олон түшмэд битгий доог хийгтүн, бид болбоос энэ мэт хүмүүс бөлгөө, цочмог үзвээс үнээр болхи муухай авч удаан үзвээс харин мөн үзэлтэй болой.”


Улсын эзэн тэдний муухайг үзээд дотроо ихэд цочсон бөлгөө, өдгөө тэнэг Гахайн үг хэлэхийг сонсоод нэнт эмээн дагжиж, суун чадахгүй болоод луун ширээнээс өнхрөн унав. Завшаанаар дэргэд шадар түшмэд буй тул түшин босгосонд Тансаг балаг алдан сандарч харшийн өмнө сөгдөн зогсолгүй мөргөн: “Дээд хаан аа, бадарч тойны нүгэл хилэнц үнээр түмэнтээ үхэлтэй! Миний шавь нарын төрсөн шинж болхи муухай тул хааны гэгээнтнийг гэлмүүлэх болуузай хэмээн аймшиггүй бараадахаар ирүүлсэнгүй бөлгөө, өдгөө үнэхээр цочоожээ.” хэмээсэнд улсын эзэн чичрэн дагжсаар дэргэд нь ирж түшин босгоод өгүүлрүүн: “Хутагт тойн чи урьдчилан хэлсэн тул мөн гайгүй, хэрвээ хэлэхүйн өмнө цочмог учирваас мөхөс би лавтайяа үнхэлцэг хагарахуйд хүрмүй.” Улсын эзэн баахан тохорсон (тайвширсан) хойно асууруун: “Эрхэм Гахай, Шороотоны аль нь шулмасыг дарах увидастай вэ?” хэмээсэнд тэнэг Гахай хэрээ мэдэхгүйгээр: “Өвгөн Гахай би даран чадмуй” хэмээв. Улсын Ван: “Хэрхэн дармуй?” хэмээхүйд Гахай өчрүүн: “Би болбоос дээд тэнгэрийн өрлөг жанжны хувилгаан бөлгөө, тэнгэрийн цаазыг зөрчсөн тул доод ертөнцөд цөлөгдөн бууж, завшаанаар үнэний мөрийг олж гэлэнгийн санваар хүртвэй, дорно тивээс энд хүрч иртэл, шуламс дарахуйд хамгийн сайн нь би болой.” Улсын эзэн өгүүлрүүн: “Их жанжин ертөнцөд илэрсэн бөгөөс лав хувилж чадах буй за” Гахай: “Аймшиггүй их үг хэлэн чадахгүй, арай хэмээн хэдэн зүйлээр хувилан чадмуй” хэмээв. Улсын эзэн: “Чи нэгэн зүйлээр хувилж надад үзүүл” хэмээсэнд Гахай: “Сэдэв гаргаваас тэр ёсоор хувилахад сайн” хэмээв. Улсын эзэн: “Тийн аваас их болон хувилагтун” хэмээв.


Гахай багш болбоос мөн гучин зургаан зүйлээр хувилах увидас буй тул даруй индрийн өмнө увидас гарган, тарни уншин “Өсөгтүн!” хэмээн хашхирч, нуруу бөхиймөгц даруй найм есөн хос алд өсч, замч сахиулсан мэт болсонд хоёр гарын Бичиг цэргийн түшмэд цөм эмээн дагжиж, бүх төрийн эзэн түшмэд бэгтрэн сүрдэгдэв. Тэр цагт харшийг сахигч жанжин асууруун: “Эрхэм тойн чи энэ мэт өсвөөс хаа хүртэл өсмүй?” Тэнэг Гахай бас тэнэг үг хэлрүүн: “Салхиар болмуй, дорно салхи болбоос гайгүй, өрнө салхи болбоос мөн эвлүүлж болмуй, хэрвээ өмнө салхи салхилбаас сансар тэнгэрийг мөргөж нүх гаргамуй!” Улсын эзэн ихэд эмээж: “Увидсаа хураагтун, энэ мэтээр хувилан чадахуйг нэгэнтээ мэдэв.” хэмээсэнд Гахай биеэ хурааж, уг дүрээр хувилаад индрийн өмнө зогсчээ. Улсын эзэн бас асууруун: “Эрхэм тойн өдгөө эчихүйд ямар зэвсгээр тулалдмуй?” Гахай бүсэнд сойсон малтуурыг гаргаж: “Өвгөн Гахай би малтуур хэрэглэдэг бөлгөө” хэмээв. Улсын эзэн инээн өгүүлрүүн: “Гутамшиг болой! Миний энд жад илд дэгээ гох, ташуур шийдэм тэргүүтэн зэр зэвсэг захаас аван олон буй, чи гарт эвтэйгээс нэгэн зүйлийг авч эчээд, тэр малтуурыг ямар зэвсэг хэмээмүй?” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Дээд хаан үл мэдмүй, миний энэ малтуур үзэхүйд болхи авч хар багаас хэрэглэж ирсэн нь болой. Урьд тэнгэрийн оёдлын усан ордонд өрлөг суухуй цагт найман түмэн усан цэргийг ганц энэ малтуурын хүчинд захиран явсан бөлгөө. Өдгөө эгэл ертөнцөд бууж, эрхэм багштанг хамгаалан бартаат ууланд барс ирвэсийг сөнөөн давалгаат мөрөнд луу, матрыг сүрдүүлэхүйд мөн малтуурын хүчинд болой.” Улсын эзэн сонсоод баясан үнэмшиж дотоод орны хатан шивэгчинд: “Миний ууж асан архийг савтай нь авчирч эрхэм тойнд хэмнэн барьж, үдэж мордуулагтун” хэмээн захьсанд төдөлгүй авч ирэв. Улсын эзэн нэгэн хундага хэмнэж Гахайд бариад: “Энэ хундага архи болбоос алжаалыг тохруулах нимгэн санаа болой, шулмыг дарж бяцхан охиныг авран авчирсан цагт хурим тавин ихээр дайлж, алтан эрдэнийн хүнд харамж барьмуй.” хэмээв. Тэнэг Гахай төрсөн нь болхи бүдүүлэг авч, учир явдалд харин мөн ёсорхог ажгуу, хундагыг тосон аваад Тансагт мэхийн ёсолж: “Багш аа, энэ архины дээжийг танд бариваас зүй бөлгөө, тийн авч дээд хаан надад хайрласан тул аймшиггүй зөрчин чадахгүй, өвгөн Гахай урьдаар ууж, шулмыг барих зориг нэмсүгэй” хэмээгээд ганцхан хөнтрөн оруулж, дахин нэг хундага хэмнэж багшдаа барьсанд Тансаг өгүүлрүүн: “Би архи уухгүй, та ах дүү хоёул уутугай” хэмээтэл Шороо урагшлан эчиж тосон авав. Гахай даруй үүл хөлөглөн огторгуйд дэгдэн гарснаа улсын эзэн үзээд, “Эрхэм Гахай багш бас үүл хөлөглөн чадах ажгуу!” хэмээв. Тэнэг Гахай эчсэн хойно, Шороо мөн архийг ганцхан хөнтрөн оруулж, өгүүлрүүн: “Багш аа, тэр Шар дээлт шулам чамайг барьсан үед бид хоёр хамтран байлдаад сая түүн лүгээ тэнцэлдэх бөлгөө. Өдгөө хоёрдугаар ах ганцаар эчвээс дийлэн чадахгүй болуузай” хэмээхүйд Тансаг өгүүлрүүн: “Үнэхээр тийн болой, шавь минь чи эчиж түүнд туслан байлдагтун.” Шороо сонсоод мөн үүл хөлөглөн дэгдэн эчсэнд улсын эзэн балаг алдан Тансагийг татаж: “Хутагт багштан түр мөхөс хүнд нөхөр хийж суугтун, битгий бас үүл хөлөглөн эч!” хэмээсэнд Тансаг: “Хайрхан болой! Би нэгэн алхам ч бээр дэгдэн чадахгүй бөлгөө” хэмээв. Тэд хоёул ордноо хэлэлцэн суухыг өгүүлэхгүй.


Тэндээс Шороо, Гахайг гүйцэн хүрээд: “Ах аа, би хүрч ирэв” хэмээхүйд Гахай: “Дүү чи юунд ирсэн аж?” хэмээв. Шороо: “Багш намайг чамд туслан байлдаар ирүүлжээ.” хэмээхүйд Гахай ихэд баярлан өгүүлрүүн: “Ирсэн нь сайн болов, бид хоёул сэтгэл нэгдэн хамт байлдаж тэр шулмыг дарваас их гавьяа бус авч мөн энэ улст алдар нэрийг мандуулж болмуй.” Үзэгдэхүйеэ: 


        Өнгөт солонго татуулан улсын хязгаараас мордож
        Өлзийт уур мандуулан нийслэл хотоос гарав.
        Хааны зарлигийг хүлээн уул агуйг чиглэрүүн, 
        Хамтын сэтгэл нэгэн зоригоор энд шулмыг арилгамуй.


Тэд хоёул төдөлгүй агуйн амсарт хүрч, үүлэн толгойг доош залан буугаад Гахай багш малтуур өргөн, Хөхөмдөг саран агуйн үүдийг хүчин чинээгээр нэгэнтээ дэлдэн чулуун хаалгыг тогоон чинээ нүх гаргасанд үүд сахигч бяцхан шуламс хирдхийн цочиж үүд нээж үзвээс тэд хоёр тул яаран дотогш гүйлдэн орж мэдүүлрүүн: “Их Ван аа, хэрэг муухай болов! Тэр урт хоншоор их чихтэй хувраг болон хөх нүүрт хувраг хоёр бас хүрч ирээд хаалгыг хага цохьжээ.” хэмээсэнд тэр шулам хирдхийн өгүүлрүүн: “Энэ болбоос мөн Гахай, Шороо хоёр хувраг болой. Би тэдний багшийг тавьсан бөгөөтөл яахан бас аймшиггүй миний үүднээ ирж давчилмуй?” Бяцхан шуламс өчрүүн: “Бодвоос лав ямар юмаа умартан эчээд аваар ирсэн буй за” Их шулам зандан: “Битгий дэмий донгосогтун! Юмаа мартсан бөгөөс аймшиггүй үүднээ давчлан ирмүй юү? Үүнд лав учир буй” хэмээгээд яаран хуяг дуулга өмсч ган илдээ аваад гарч ирэн асууруун: “Хувраг нар сонс, Би таануусын багшийг хэлтрүүлсэн бөгөөтөл бас яахан аймшиггүй миний үүдийг давчилмуй?” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Чиний энэ муу тэрс шулмын үйлдсэн хэрэг болой!” Их шулам: “Ямар хэрэг?” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Эрдэнэ заант улсын хааны гутгаар гүнжийг агуйд мэхлэн авчраад эм болгон эзэрхэж, арван гурван жил болсон тул өдгөө буцааваас зохимуй. Би улсын эзэн хааны зарлигаар тусгайлан чамайг барихаар ирэв. Хурдан буцан орж биеэ хүлж авчирваас Гахай миний гар хөдлөх аюулаас хэлтэрмүй!” Тэр шулам сонсоод их л хилэгнэж, араа шүдээ тачигнуулан, алаг нүдээ бүлтийлгэж, илд далайн тэргүүнийг чиглэн цавчин орохуйд Гахай дальдран зайлаад малтуур өргөн угтан авав. Араас Шороо бас эрдэнийн шийдэм эргүүлэн ирж хамтран байлдав. Гурван хүн уулан оройд тэмцэлдэх нь урьдах лугаа адилгүй, үнээр: 


        Хорыг малтан ам зөрөлдөж, хорсол атаа хүрээд 
        Хорт үгээр хорсгон хэлж уур хилэн бадрав. 
        Хүчит шулам ган илдээр тэргүүнийг эрэн цавчлахуйд 
        Хүдэр Гахай араат малтуураар нүүрийг чиглэн цохьмуй, 
        Ү Жин Шороо эрдэнийн шийдмийг дээр далайн орохуйд 
        Шулам хувилгаан зэвсгийг илдээр тосон байлдмуй. 
        Хорт шулам лугаа хоёр хувраг 
        Хойш урагш зөрөлдөж хүчлэн тулалдмуй. 


“Төрийн ёсонд халдсан чивэлт шулам” хэмээн энэ нь хараахуйд, “Хамаагүй учирт ханцуй шамлах хэрэггүй” хэмээн тэр нь хашхирмуй. “Улсын гүнжийг булаасан уршигт шулам!” хэмээн энэ нь хараахад “Саваагүй явдалд савганах хэрэггүй” хэмээн тэр нь хашхирмуй. Холоос илгээсэн тэрхүү захидлын учир, хувраг шулам хоёр этгээд харилцан тэмцмүй.


Тэд уулын хөтөлд найм есөн удаа зөрөлдсөнөө, Гахай улмаар сулран малтуураа эргүүлэн ядаж хүч буурав. Энэ удаа түүн лүгээ тэнцэн чадахгүй болсон учир юун хэмээвээс, анх удаа байлдах үед Тансаг агуйд хоригдон асан тул тэдгээр номын сахиулсан Гахай Шороог далдуур тусалж ажуу, иймийн тул тэд арай хэмээн тэнцэн байлдсан бөлгөө, өдгөө олон сахиулсан цөм Эрдэнэ заант улсад Тансагийг сахиж байх тул хоёр хүн тэнцэн чадахгүй болсон ажгуу.


Манхуу Гахай өгүүлрүүн: “Шороо чи үүн лүгээ байлдаж агтун, өвгөн би гадаалсугай” хэмээгээд Шороог орхин, юуг ч хайхралгүй буруулж нүүр царай хоншоор ам хатгагдан шалбарахуйг ойшоохгүйгээр бут сөөгт шурган ороод нуугдан хэвтэж аймшиггүй дахин гарахгүй болжээ. Тийн авч чихийг сэртийлгэн чимээ аван хэвтмүй. 


Тэр шулам Гахай буруулсныг үзээд даруй Шороог чиглэн ирэв. Шороо бултаж амжихын урьд шулам нэгэнтээ сарваймагц барьж аваад агуйдаа авч оров. Бяцхан шулмас Шороог атиртал хүлжээ. Амь нас хааш болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 42 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 29 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 58 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 2 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 45 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 18 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 21 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 22 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 56 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 5 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 15 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 20 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 43 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 0 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 54 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 18 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 19 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 34 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК