зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ГУЧДУГААР БҮЛЭГ:


ЗУСАР ШУЛАМ ТӨВ НОМД ХАЛДАВ
ЖУРАМТ МОРИН ЗОРИГТ БИЧИНИЙГ МӨРӨӨДӨВ


Өгүүлэх нь, тэр шулам, Шороог хүлж тавиад алаар ирсэнгүй бөгөөд зодсон ч үгүй, хараасан ч үгүй. Ган илдийг барьж дотроо: “Тансаг хэмээгч дээд гүрний хүн тул ёс зүйг эрхгүй ухмуй. Би түүний амийг хэлтрүүлсэн бөгөөтөл бас шавь юугаа илгээж намайг давчуулах ёсон буюу? Энэ лав миний эхнэр улстаа ямар нэгэн захидал бичиг илгээж чимээг задруулсан нь болой!” Би түүнээс асууж үзсү” хэмээн бодоод догшин авьяас нь хөдөлж, гүнжийг алсугай хэмээв.


Тэндээс тэр гүнж санамсаргүй угаан самнаж бараад алхан гарч ирэхүйд гэнэт тэр шулам хилэнгийн нүдээр ширтэж, араа шүдээ хавирмуй. Гүнж мөн угтан авч инээмсэглэн өгүүлрүүн: “Авгай минь ямар учирт энэ мэт хилэн төрмүй?” хэмээсэнд тэр шулам нэгэнтээ зандан хараан өгүүлрүүн: “Энэ муу нохой зүрхт доордос эм, хүний эш журмыг огоот мэдэхгүй! Анх би чамайг энд авчраад илүү үг огтхон ч хэлсэнгүй, таж магнаг өмсгөн тана эрдэнэсээр чимэглэж юун дутваас авчирч өгдөг бөлгөө. Дөрвөн улиралд тааваар явж, өдөр бүр гүн найраар хүндлэх бөгөөтөл чи яахан гагцхүү эцэг эхээ санаж нөхөр эмийн сэтгэлийг үтээрэхүй (тусыг мартаж бачлах)-д хүрмүй?” Гүнж сонсоод хирдхийн эмээж хөсөр сөгдөн өгүүлрүүн: “Авгай минь, өнөөдөр чи яахан энэ мэт салах үг хэлмүй?” хэмээхүйд тэр шулам өгүүлрүүн: “Би салж амуй юу? Чи салж амуй юу? Үл мэдмүй. Би тэр Тансаг ламыг барин авчраад хараахан идсү хэмээж атал чи яахан надад урьдаар хэлэхгүй түүнийг тавьсан аж, үзвээс харин далдуур захидал бичиж түүнээр дамжуулан илгээсэн аж, бус бөгөөс энэ хоёр хувраг юунд бас үүдийг давчлан ирж чамайг буцаан авсугай хэмээмүй? Энэ чиний үйлдсэн хэрэг бус уу?” Гүнж өгүүлрүүн: “Авгай минь, чи намайг хилс зэмлэжээ. Би ямар бичиг илгээсэн аж?” Шулам өгүүлрүүн: “Бас юуг хулжмуй? Өдгөө нэгийг нь барьж авчирсан нь гэрч бус уу? Гүнж: “Хэн?” хэмээн асууваас их шулам: “Тансагийн хоёрдугаар шавь Шороо болой” хэмээв. Үзвээс, үхэлд учирсан хүмүүн цөм үхэн төвдөхгүй, арга бүхнийг сүвэгчлэн хулждаг ажгуу. Тэр гүнж өгүүлрүүн: “Авгай минь, хилэнг түр дарагтун. Би чам лугаа түүнээс асуусу. Үнэхээр захидал буй аваас намайг занчин алавч бээр дуртайяа үхмүй, хэрвээ захидал үгүй бөгөөс хатан намайг хилсээр алах бус уу?” Тэр шулам сонсоод ялган тоочихыг хүлээлгүй дэвүүр мэт том хөх гарыг сарвайлган гүнжийн алт хасын чимэгт гэзгээс базгадан дэргэд нь дүүжлэн ирээд хөсөр хаяж, ган илдийг өргөн Шороог шүүж, зандан өгүүлрүүн: “Шороо, та хоёр аймшиггүй миний үүдийг давчлаар ирсэн нь лав энэ эм улстаа бичиг илгээж, улсын эзэн бээр таныг ирүүлсэн буй за?”


Шороо тэнд хүлэгдэн ахуйд, тэр шулмын ихэд хэрцгий догшноор гүнжийг хөсөр хаяж илд барин, алсугай хэмээж ахуг үзээд дотроо: “Тэр бичиг илгээсэн нь үнэн бөлгөө. Тийн авч миний багшийг аварсан нь их ач болой. Би хэрвээ хэлж гаргаваас тэр даруй гүнжийг алмуй, ийм болбоос сүүн хариуд цус өргөсөн хэрэг болох бус уу? Больтугай! Өвгөн Шороо би багшийг нэгэн зэрэг дагаж, ачийг ямхын төдий ч бээр хариулан чадсангүй. Өдгөө энд хүлэгдэн ахуйд даруй энэ амийг цөлж багшийн ачийг хариулсугай” хэмээн бодож, төдий зандан өгүүлрүүн: “Шулам чи битгий ёс бусчлагтун, тэр ямар бичиг илгээв хэмээн чи түүнийг энэ мэт хилсдүүлэн амийг хороосугай хэмээмүй? Бид гүнжийг аваачаар ирсэн нь өөр шалтгаан буй. Миний багш таны агуйд хоригдох цагт гүнжийн төрсөн шинж байдлыг үзжээ. Төдий Эрдэнэ заант улсад хүрч замын тамгат бичиг солих үест тэндэх хаан гүнжийн хөрөг дүрсийг гаргаж энд тэндээс сураглан эрж асан бөгөөд миний багшид хөргийг үзүүлэн замын гудаст тохиолдов уу хэмээснээ миний багш гүнжийг хэлж гаргав. Тэр охин нь лав мөн хэмээн мэдээд, бидэнд архи шагнан биднээр чамайг дайлуулж, гүнжийг ордноо буцаахыг тушаасан бөлгөө. Үнэн учир нь ийн бөгөөтөл бас ямар бичиг захидал хэмээмүй? Чи алсугай хэмээвээс өвгөн Шороо намайг алагтун, сайн хүнийг хилсээр нядалбаас тэнгэрийн зүйд харшмуй!”


Тэр шулам Шороон эрэмгий зоригтойгоор өгүүлэхийг сонсоод илдийг хаяж хоёр гараар гүнжийг босгож: “Би нэгэн цагт будангуйран мунхарч чамайг буруушаав, бүү зэмлэгтүн” хэмээгээд гэзгийг нь эвхэн, эрдэнийн чимгийг нь зүүлгэж, нэмүүн эелсэгээр өчиж, нүүр дүүрэн инээмсэглэн түүнийг аргадан дотогш авч оров. Төдий бас залж суулгасан хойно буруу хүлээхүйд, тэр гүнжийн эм хүний өр сэтгэл нь хөдөлж, түүний осол хүлээн хүндлэхийг үзээд санааг эргүүлж: “Авгай минь, чи хэрвээ нөхөр эмийн найр журмыг бодвоос тэр Шороон хүлээсийг баахан сулруулагтун” хэмээснээ шулам даруй бяцхан шулам нарт захиж Шороон хүлээсийг тавиулан хориулд цоожлон тавиулав. Шороо, хүлээсийг тайлан хориулд хийсэн хойно босон зогсож, дотроо баярлан: “Эртний үгэнд “Хүнд тус хийвээс биед тус ирмүй” хэмээжээ. Би түүнд тус хүргэсэнгүй бөгөөс тэр яахан намайг сулруулах аж?” хэмээн бодов.


Түүнээс шулам бас хурим бэлтгэн гүнжийг цочоон чилээв хэмээн осол хүлээн тохруулав. Нэгэн зэрэг архи уусан хойно шулам гэнэт бас нэгэн зах өнгөт хувцас солин өмсч, эрдэнийн илд гарган зүүж, буцан ирээд гүнжийн гарыг барьж өгүүлрүүн: “Хатан минь, чи түр гэрт архи уун сууж хоёр хүүхдээ харж агтун, Шороог битгий тавь. Тансагийг тэр улст аху дашрам би бас ураг таниар эчсүгэй. Гүнж: “Ямар ураг танимуй?” хэмээсэнд Шулам өгүүлрүүн: “Чиний эцэг хаан лугаа танилцмуй. Би болбоос түүний тавнан, тэр бөгөөс миний хадам эцэг тул юун хэмээн эчиж танилцах үгүй аж?” Гүнж өгүүлрүүн: “Чи эчиж үл болмуй.” Шулам өгүүлрүүн: “Эчиж үл болох нь юун?” Гүнж өгүүлрүүн: “Миний эцэг хаан болбоос цэрэг зэвсэг хөдөлгөн дайлж төр байгуулсан нь бус, өвөг дээдсийн төрийг залгамжлан эзэлсэн болой. Тийнхүү хараахан бага хан хөвгүүн байхдаа сууринаа сууж, хотын үүднээс хол гараагүй тул чиний мэт догшин эр бус бөлгөө. Чиний энэ төрсөн шинж болхи бүдүүлэг тул чамайг үзвээс цочин эмээж, гэдрэг муухай болмуй. Харин эс танилцахыг үл хүрмүй.” Шулам: “Тийн бөгөөс би нэгэн хээнцэр хүн болж хувилан эчвээс болов.” хэмээсэнд гүнж: “Чи хувил, би үзсү” хэмээв.


Тэр шулам архин ширээний дэргэд бие хөрвөмөгц даруй нэгэн хээнцэр хүн болон хувилав, төрсөн байдал төлөв шинж нь үзвээс үнээр:


        Царай зүс нь цэвэр, хээнцэр, 
        Цогцос бие нь тэгш сүрлэг, 
        Хэлэх өгүүлэх нь дөлгөөн ёсорхог, 
        Хөдлөх барих нь хөнгөн гавшгай. 
        Авьяас эрдэм нь алдарт шүлэгчин мэт, 
        Аруудхан зүс нь үзэсгэлэнт хөвгүүн адил. 
        Цацагт хөнгөн малгайг тэргүүнд тавьж, 
        Цагаан торгон дээлийг биед өмсчээ. 
        Угалз ороосон хар гутлыг хөлд өшиглөж, 
        Уран галбингын өнгөт бүсийг бэлхүүсэнд бүсэлжээ. 
        Үзвээс үнээр цог бадарсан гайхамшигт хөвүүн, 
        Өгүүлбээс үнээр жавхлан төгөлдөр хээнцэр эр.


Гүнж үзээд ихэд баяссанд шулам инээн өгүүлрүүн: “Хатан минь, энэ хувилсан ямар зэрэг буй?” Гүнж өгүүлрүүн: “Сайхан хувилжээ, өдгөө чи ордноо орвоос, эцэг хаан ураг саданд халуун тул эрхгүй бичиг цэргийн түшмэдэд захиж хүндлэн зочилмуй. Архи уух зуур сайтар хичээн сэрэмжилж, битгий уг дүрсийг илрүүлэгтүн. Сэв мэдэгдэн чимээ задарваас эвгүй болмуй.” Шулам: “Захих хэрэг үгүй, би мэдмүй” хэмээв. 


Тэр шулам үүл хөлөглөн, гармагц хэдийнэ Эрдэнэ заант улсад хүрэв. Үүлэн толгойг доош залж, ордны үүднээ хүрээд үүдэч түшмэдэд өгүүлрүүн: “Гутгаар тавнан би тусгайлан хаанд бараалаар ирэв, уламжлан мэдүүлэх ажааму.” Ордны үүдэч түшмэл орж хасын индрийн өмнө хүрээд мэдүүлрүүн: “Түмэн наст, гутгаар тавнан хэмээгч бээр бараалаар ирж, ордны үүдний гадна зарлиг хүлээж амуй.” Улсын эзэн чив хэмээн Тансаг лугаа хэлэлцэн атал гэнэт гутгаар тавнан ирэв хэмээн сонсоод даруй олон түшмэдээс асууруун: “Мөхөс хүн надад хоёрхон тавнантай бөгөөтөл яахан бас гутгаар тавнан хэмээгч ирсэн аж?” Олон түшмэд: “Гутгаар тавнан хэмээгч лав буг шулам ирсэн буй за” хэмээв. Улсын эзэн: “Түүнийг оруулмуй юу?” хэмээн асуусанд Тансаг их л хирдхийж өгүүлрүүн: “Дээд хаан минь, буг шулам хэмээгч увидасгүй бөгөөс буг бүтэн чадахгүй болой. Тэр өнгөрснийг мэдэж, ирээдүйг ухан үүл хөлөглөн мананд дэгдмүй. Түүнийг оруулавч орж ирмүй, эс оруулавч мөн орж ирмүй, эртхэн түүнийг оруулбаас харин хэл ам татахаас хэлтрэх болой.” Төд, улсын эзэн оруул хэмээн зөвшөөж шулмыг харшид удирдан оруулбаас, шулам их ёсоор мөргөн золгов. Олон түшмэд түүний төрсөн байдал, аруудхан хээнцрийг үзээд мөн аймшиггүй шулам хэмээн итгэхгүй, бүгдээр цөм эгэл төрөлхтөн, энгийн нүдтэн тул харин сайн хүн хэмээн үзмүй. Улсын эзэн түүний ихэмсэг хээнцрийг үзээд, төрийн тулгуур эрдэмтэн мэргэд хэмээн санаж асууруун: “Тавнан чиний гэр хаа буй?” Ямар газрын хүн буй? Хэзээ миний гүнж лугаа холбосон аж? Яахан өдгөө сая хадам танихаар ирсэн аж? Шулам мөргөн өгүүлрүүн: “Эзэн хаан минь, түшмэл би хотын зүүн дэх Аяга уулны Хөхөмдөг саран агуйн хүн болой.” Улсын эзэн: “Чиний суух уул эндээс хэдий хол баймуй?” хэмээсэнд шулам: “Холгүй, гуравхан зууны газар буй” хэмээжээ. Улсын Ван өгүүлрүүн: “Гурван зууны газар буй бөгөөтөл миний гүнж яахан тэнд хүрч чам лугаа холбосон аж?” Шулам уран үгээр хуурч, худлаар овлон өчрүүн: “Хаан эзэн минь, өчүүхэн түшмэл би хар багаас харвах намнахуйд мэргэшин, ан гөрөөгөөр аж төрмүй. Арван гурван жилийн өмнө, хэдэн арван хөтөч хөвгүүнийг дагуулан, тайга бүргэд тавин гөрөөлж явтал гэнэт нэгэн хүрэн эрээн барс нуруунд нэгэн хүүхнийг ачиж, хөтөл рүү буух нь харагдсанд өчүүхэн түшмэл би нум тэлмэгц нэгэн сумаар барсыг харван унагаж, хүүхэнд халуун ус, бүлээн шөл цутган тэнхрүүлж амийг нь аварсан бөлгөө. Түүнээс гэр оронг асууваас тэрээр гүнж хэмээх үгийг огоот хэлэхгүй, түмэн наст эзний гутгаар гүнж хэмээн эрт хэлсэн бөгөөс ямар аймшиггүй түрэмгийлэн дураар холбох аж? Харин ордноо хүргэн авчраад түшмэл зэрэг хүртэх болой. Тэр гагц иргэний охин хэмээх тул өчүүхэн түшмэл би сая гэрт ахуулан, нөхөр эм өнгө эрдэм хосолж хоёул дуртайяа холбоод өдий он болжээ. Тэр цагт холбосон хойно тэр барсыг алж хамаатан садныг залан хуримласугай хэмээхүйд гүнж түр битгий алагтун хэмээв. Алж үл болохын учрыг асар сайхан холбоогоор шүлэглэн өгүүлсэн нь: 


        Эсэрүа тэнгэр, эх дэлхийд хувь ерөөлийг даатган 
        Эр эм бололцон холбохуйяа зууч гэрчгүй бөлгөө, 
        Өмнө төрөлд заяаны утсаар хөл холбосон учралд 
        Өдгөө бид догшин барсаар зууч болгон тавьсугай. 


Түшмэл би энэ үгийг сонсоод барсын хүлээсийг тайлан амийг хэлтрүүлжээ. Тэр барс сумны шарх олоод сүүлээ хавчин зугатмуй. Санамсаргүй тэр амь хэлтэрсний дараа уулан дотор энэ хэдэн жил бясалгал хийж шулам бүтээд тусгайлан хүнийг хуурах хорлох үйл үйлдмүй. Түшмэл би сонсвоос урьд жил мөн ном залах хэдэн хувраг ирж, бүгдээр Их Тан улсаас ирсэн Тансаг хэмээмүй, бодвоос лав энэ барс Тансагийг хорлоод тамгат бичгийг авч, ном залагч болон хувилаад өдгөө ордноо ирж хаан эзнийг хуурах нь болой. Хаан эзэн минь, тэрхүү магнаг исэрт сууж аху нь чив хэмээн арван гурван жилийн өмнө гүнжийг ачиж одсон догшин барс болой. Үнэнхүү ном залагч хүн бус!” хэмээв. Өр зөөлөн улсын эзэн, эргүү балар эгэл нүдээр буг шулмыг үзэн танихгүй, харин түүний энэхүү хуурмаг үгийг үнэмшин асууруун: “Мэргэн тавнан минь, энэ тойн даруй гүнжийг ачин одсон догшин барс мөн хэмээн чи яахан таньсан аж?” Шулам өгүүлрүүн: “Хаан эзэн минь, түшмэл би ууланд суухуйд барсын махыг идэж барсын арьсыг өмсөн, түүнийг үргэлж үздэг тул яахан үл таних аж?” Улсын эзэн: “Үнээр тийм бөгөөс чи түүний уг дүрийг илрүүлэн чадмуй юу?” хэмээхүйд Шулам өгүүлрүүн: “Дундуур аяга цэвэр ус ац, түшмэл би түүний уг дүрийг илрүүлсүгэй” Улсын эзэн доорх түшмэдэд захин ус авчруулан өгсөнд тэр шулам усыг тосон авч, Тансагийн дэргэд ирээд, “Бие аргамжин нүд халхлах увидас” хэрэглэж, тарни уншин, нэгэн ооч усыг Тансагийн өөд үлээн: “Хувил!” хэмээмэгц Тансагийн үнэн бие халхлагдаж, үнээр нэгэн хүрэн эрээн барс болон хувилжээ. Тэр үед хаан түшмэдийн эгэл нүдээр үзэхүйд тэр барсын дүр байдал нь: 


        Эсэрүа халзан толгойтой, 
        Эрээн хүрэн биетэй. 
        Цахилгаан хоёр нүдтэй, 
        Чийрэг дөрвөн хөлтэй. 
        Савар хумс нь дэгээ мэт, 
        Соёо шүд нь сэрээ адил. 
        Сортгор чих нь сум адил, 
        Сарвагар сахал нь шөвөг мэт. 
        Өргөст хэл нь өлбөлзөж,
        Өмхий үнэр үнэртмүй. 
        Үзэхүйеэ үнээр нэгэн догшин барс аж, 
        Үе үе салхи татуулан сүр тавьмуй. 


Улсын эзэн үзээд сүг сүнсэн биеэс зайлж, олон түшмэд цөм эмээн далдалмуй. Тэдний дотроос зориг зүрхтэй хэдэн цэргийн түшмэл гарч ирэн, жанжин баатруудыг дагуулан зүйл зүйлийн зэр зэвсгээр дэмий л цавчилмуй. Үүнээ нэгэн Тансаг байтугай, зуун Тансаг боловч, махан жан болох бөлгөө. Завшаанаар эрхтэн, эзлэгч нар хийгээд номын сахиулсан нар далдуур хамгаалж аху тул тэдний зэвсэг цөм эс онов. Олон түшмэд орой болтол үймэлдээд сая тэр барсыг амьдаар хүлж, төмөр гинжээр гинжлээд төмөр чингэлэгт хийж нэгэн гэрт хорив. 


Түүнээс улсын эзэн хуримын яаманд зарлиг буулгаад, их хурим бэлтгэн, тавнангийн барсаас аварсан ачид тал хийсүгэй, тавнан ирсэнгүй бөгөөс тэр тойнд хорлогдохуйд хүрмүй хэмээв. Тэр орой олон түшмэд тархсан хойно шулам мөнгөн харшид орж, гол суудалд суухуйяа, арван найман ордны охин хөгжимдөн бүжиглэж, архи сөгнөмүй. Тэр шулам гол суудалд ганцаар суун, хоёр талаар жагсаасныг үзвээс цөм гоо хээнцэр охид ажгуу. Ийнхүү архи уун цэнгэсээр хоёр жингийн үе болохуйд хөлчүүрэн согтож, гэнэт үсрэн босч нэгэнтээ инээмэгц уг дүр нь илрэн, муу авьяас нь хөдөлж, дэвүүр мэт их гараа сарвайлган ятга чавхдаж байсан нэгэн охиныг шүүрэн аваад толгойг нь хард гэтэл хазан авсанд үлдсэн арван долоон охин амь тавин дутаан далдалмуй. Үзвээс: 


        Ордны охид айн эмээж, мөндөрт цохигдсон мандарваа мэт бутран, 
        Өнгөт шивэгчид хирдхийн бэгтэрч, шуурганд дайрагдсан сараана адил сарнимуй. 
        Уянгат ятгыг хэмх таягдан амь тавин дутааж, 
        Утаст хуурыг хага бялуудан үхлээс мултран зугатмуй. 
        Хаалгаар гармагц өмнө хойныг юуны ялгамуй, 
        Харшаас салмагц зүүн барууныг хэрхэн хамаармуй. 
        Хасын нүүр хэгзрэн шалбарч хар цус гарч, 
        Халуун амийг мултрахын тулд зүг бүхэнд дутаамуй. 


Тэдгээр охид дутаан гарсан хойно аймшиггүй бархиран чадахгүй бөгөөд шөнө орой болсон тул аймшиггүй хааныг цочоон мэдүүлж чадахгүй, бүгдээр хэрмийн булан, гэрийн хонгил дотор дагжин чичирч, далдлан нуухыг өгүүлэхгүй. 


Тэндээс тэр шулам дээр гол суудалд сууж өөрөө архи хэмнэн ууж, хүний махыг цус нөж гоожуулан хэмлэн зуушилмуй. Тэр, дотор ордноо идэж уун цэнгэхүйеэ, гаднах хүмүүс цөм: “Тансаг хэмээгч барсын шулам байжээ” хэмээн дам дамаар уламжлан хэлэлцэж, түрхрэн үймэлдмүй. Тэр үес өртөөнд өөр хүн үгүй, гагцхүү бөх цагаан морь онгоцноо өвс бордоо идэж авай. Тэр хэмээгч өрнө далайн лусын хөвүүний хувилгаан аж, тэнгэрийн цаазыг зөрчсөн тул, эврийг хөрөөдүүлэн хайрсыг хусуулж, бөх цагаан морь болон Тансагийг унуулан, баруун газраас ном залаар эчих нь болой. Олон хүн гэнэт Тансагийг барсын шулам хэмээн хэлэлцэхийг сонсоод тэр дотроо: “Миний багш илт сайн хүн бөлгөө, лав шулам түүнийг барсын шулам болгож, багшийг хорлосон нь болой. Хэрхвээс сайн! Их ах одож удав. Гахай, Шороотон хараахан сураг чимээ үгүй” хэмээн бодоод хоёр жин болсон хойно даруй дэвхрэн босч: “Би хэрвээ Тансагийг аврахгүй бөгөөс энэ буяны үйлс талаар болмуй!” хэмээж тэсгэлгүй ногт цулбуурыг тасдан, эмээл хазаарыг сэгсрэн унагаж луу болон хувилаад бараан үүл хөлөглөн огторгуйд шууд дэгдэн гарч ажиглан үзэв. Шүлэглэсэн нь: 


        Эрхэм хувраг өрнөш эчиж бурханд мөргөх хэмээвээс
        Эгнэгт бас замын гудаст энд шулам түйдмүй.
        Энэ шөнө барст хувилан зовлонд учирсан цагт 
        Эзнийг аврах журамт хүлэг цулбуур таслан гарчээ.


Тэндээс лусын хөвүүн огторгуй дээрээс үзвээс: мөнгөн харшийн дотор зулын гэрэл гийж, найман тавиур дээр найман лав (лаа) асаажээ. Үүлэн толгойг доошлуулан нарийвчлан үзвээс тэр шулам гол суудалд ганцаар сууж, архи уун, хүний мах идмүй. Бяцхан луу инээн дотроо: “Энэ адгуус тусгүй болжээ. Сэв мэдэгдэн сураг задраад уг дүр нь гарч, үнэгэн сүүл нь илэрчээ. Хүн идэхдээ харин сайн ажгуу. Багш минь хаа байхыг мэдэхгүй, энэ муу шулам лугаа тохиолджээ. Жич би түүгээр наадаж үзсү, хэрвээ гарын эчээр таарваас, шулмыг дарсан хойно жич багшийг аврахуйд үл хожимдмуй.” хэмээн бодов.


Бяцхан луу бие хөрвөмөгц нэгэн ордны охин болон хувилав. Үнээр бие цогцос говор гоолиг, өнгө зүс хээнцэр сайхан, тэр яаран харшид алхан ороод шуламд ёслон амрыг эрж өгүүлрүүн: “Тавнан битгий миний амийг хороогтун, би чамд архи барихаар ирсэн бөлгөө,” Шулам: “Архи хэмнэж ац” хэмээв. Бяцхан луу архин хувинг авч, түүний хундаганд архи хэмнэхүйд хундаганаас дээш хуруу овоолтол бялран асгахгүй, бяцхан луу “Ус хураах увидас” хэрэглэснийг тэр шулам үзэн гарсангүй ихэд баярлан: “Чамд бас ийм эрдэм буй ажгуу!” хэмээсэнд бяцхан луу: “Үүнээс илүү хэдэн хувь овоолж мөн чадмуй” хэмээв. Тэр шулам: “Бас хэмнэгтүн” хэмээсэнд тэр хувинг өргөн хэдий чинээ хийвээс, хундаганы архи төдий чинээ овоолсоор арван гурван дэгдэр эрдэнийн суварга мэт үзүүрлэн босч, огоот асгахгүй. Тэр шулам уруул цорвойн нэгэн хундага уугаад, “Дуулж чадмуй юу?” хэмээсэнд Бяцхан луу: “Мөн баахан төсөөлмүй” хэмээж амны аяар нэгэн бадаг дуулж, бас нэгэн хундага барив. Тэр шулам: “Чи бүжиглэж чадмуй юу?” хэмээхүйд Бяцхан луу өгүүлрүүн: “Мөн баахан төсөөлмүй, гагц гар хоосон тул үзэхүйд эвгүй.” Тэр шулам энгэрийг эрж, бүсэнд зүүсэн эрдэнийн илдийг хуйнаас гарган Бяцхан лууд өгсөнд Бяцхан луу илдийг авч, хуримын ширээний өмнө дээш доош, зүүнш баруунш эргэлдэн бүжиглэж, илд гялбалзуулах эрдэм үзүүлэн үүсгэв. 


Тэр шулам үзсээр нүд нь эрээлжсэнд Бяцхан луу илд эргүүлэн шулмын зүг цавчин оров. Тэр шулам дальдран зайлаад бальдан сандарч, нэгэн бүдүүн лаан тавиур шүүрэн авч, илдийг хориглов. Үзвээс, энэ тавиурыг төмрөөр давтан хийсэн бөгөөд хүнд нь ная, ерэн жин буй. Тэр хоёр мөнгөн харшаас гарч, Бяцхан луу уг дүрээ илрүүлэн харанхуй огторгуйд алалдан байлдахыг үзвээс үнээр: 


        “Нэгэн нь Аяга уулнаа бүтсэн хорт шулам, 
        Нөгөө нь баруун далайн буруудан буусан лусын хөвгүүн.
        Нэг нь цахилгаан мэт цагаан гэрэл гялбуулахуйяа, 
        Нөгөө нь гал адил улаан туяа татуулмуй. 
        Нэг нь галзуу заан хүн амьтныг дайрах мэт, 
        Нөгөө нь гавшгай ирвэс гөрөөс юмыг савардах адил. 
        Нэг нь аварга арслан мэт, 
        Нөгөө нь алтан гарьд адил. 
        Хувилгаан луу хөвхлөн дэгдэж, 
        Хурц илдээр цавчихуйяа хорт шулам
        Харайн дэвхэрч хүнд тавиураар тосмуй.


Тэр хоёул үүлний дотор алалдан, найм есөн удаа зөрөлдөхүйеэ, Бяцхан луу гар сулран, мөр унтарч, тэр шулам бие чангаран, хүч нэмэгдмүй. Бяцхан луу тэнцэн чадахгүй болохуйд илд нисгэн шулмын зүг цавчин илгээсэнд шулам илд тосох увидас хэрэглэн нэгэн гараар илдийг тосон авч, нэгэн гараар лааны тавиурыг цохин, илгээсэнд Бяцхан луу зайлж завдсангүй хойд хөл нь оногдож, яаран үүлэн толгойг дарж буруулан эчвээс, завшаанаар ордны гол дайралдаж амь мултарвай. Бяцхан луу уснаа шумбан орсонд тэр шулам нэг ирээд эс олдсон тул эрдэнийн илдийг хуйлж, лааны тавиурыг аваад мөнгөн харшид буцаж, уг хэвээр архи ууж, унтаж амрахыг өгүүлэхгүй. 


Тэндээс Бяцхан луу усны ёроолд нэлээд удтал чимээ анир үгүй тул сая шүд зуун хатуужиж, хөл өвдөхийг тэсвэрлэн үсрэн гараад бараан үүл гишгэн, өртөөнд буцаж уг ёсоор морь болон хувилаад онгоцноо бөхийв. Хөөрхийеэ, бүх бие нь усанд норж, хөл нь шархаджээ. Энэ үнээр: Санааны морин, сэтгэлийн Бич ас ас ангижран, төмрөн эрхтэн, модон махбод тус тус салав. Шар шарагчинд гай зовлон тушаан, шавь нараасаа хагацаж ганцаар хоцров. Энэ мэт цалгардсан ёс номыг эгнэгт хэзээ хэрхэн бүтээх аж!”


Тансаг зовлонд унаж, луу байлдан дарагдсаныг түр хэлэхгүй. Жич өгүүлэх нь: Гахай багш Шороог орхин сөөг өлөнд шурган ороод газар хонхойлон хэвтэж шөнө дүл болтол унтаад сая сэрэв. Сэрсэн хойно хааш эчихээ олохгүй, нүдээ нухлан нойроо сэрээж, чих тавин чагнаваас аглаг уулнаа нохойн дуу гарахгүй, атар талд тахианы дуу сонсогдохгүй, од мичдийн байдлыг үзвээс, бараг гурван жингийн үе болжээ. Тэр дотроо: “Хэрвээ би буцан эчиж Шороог аварсугай хэмээвээс чухамхүү “ганц цучил гал болохгүй, ганц алга дуун гарахгүй” хэмээсэн лүгээ адил болой. Больтугай! Жич хотод орж багшид золгон хаанд мэдүүлж дахин эрэмгий хүчит хүн морь шалган хавсруулж манагар ирж Шороог аварсугай” хэмээн бодов. 


Түүнээс Манхуу Гахай үүл хөлөглөн хот зүг буцаад удалгүй өртөөнд хүрвээс үнээр саран тунгалаг, шөнө сэлүүн байлаа. Хоёр жигүүрийн гэрээс багшаа эрвэл олдохгүй, гэнэт үзвээс бөх цагаан морь тэртээ жүчээнд хэвтэх бөгөөд бүх бие нь усанд норж, хойт хөл нь тэвшийн чинээ хөхрөн хавджээ. Гахай хирдхийн: “Давхар уршигт тохиолджээ. Энэ үхэл дайрсан амьтан зам хөөсөнгүй бөгөөтөл яахан бүх бие шал хөлс гарч, хөлд шарх олсон аж?” бодвоос лав муу хүн багшийг дээрэмдэж морийг цохин шархдуулсан буй за.” хэмээхүйд бөх цагаан морь Гахайг таниад гэнэт ам нээн хүний үг хэлж “Номын ах минь” хэмээн нэгэнтээ дуудахуйд Манхуу Гахай их л цочиж, мөлхөн босоод гадагш дутаасугай хэмээвээс бөх цагаан морь хашин зогсоож хувцаснаас үмхэн зууж, “Ах чи надаас битгий эмээгтүн” хэмээсэнд, Гахай чичрэн дагжин өгүүлрүүн: “Дүү минь, чи өнөөдөр яахан үг өчин үүсгэвэй? Чи үг хэлэх нь лав муу ёр буй за.” Бяцхан луу өгүүлрүүн: “Багш аюулд учирсныг чи мэдмүй юү?” Гахай: “Би мэдэхгүй” хэмээв. Бяцхан луу өгүүлрүүн: “Чи юуны мэдмүй? Чи Шороо лугаа хааны өмнө эрдэм гайхуулж шулмасыг даран гавьяа нэрийг бүтээж, шан хишиг олсугай хэмээмүй. Санамсаргүй тэр шулмын чадал их, таны эрдэм тэнцэн чадахгүй, дийлэн эс чадав. Тийн авч буцан ирж, хэлж өгвөөс зохих бөгөөтөл огоот чимээ үгүй. Тэр шулам нэгэн хээнцэр хүн болон хувилж ордноо ороод хаан лугаа ураг таньж, багшийг хүрэн эрээн барс болгосонд олон түшмэд барьж аваад гэрт төмөр чингэлэгт хийжээ. Би үүнийг сонсоод элэг зүрхийг огтчих мэт зовнимуй. Чи бас хоёр өдөр салсан тул энэ хэргийг мэдэхийн өмнө багшийн амийг хорлуузай” хэмээн арга буюу луугийн дүрийг илрүүлэн ордноо орвоос багш олдохгүй. Тэд мөнгөн харшийн гаднаас шулмыг олж үзээд би дахин ордны охин болон хувилж, тэр шулмыг хуурсан бөлгөө. Тэр шулам намайг илд бүжиглэ хэмээсэнд би зөвшөөн үзэж, нэгэнтээ цавчваас тэр хэдийнэ зайлан гараад лааны тавиур өргөн авч, нэгэн зэрэг тулалдаад би дийлэгдэв. Би бас илд нисгэн илгээхүйд тэр илдийг тосон аваад лааны тавиураар цохин миний хойт хөлийг оножээ. Тийнхүү би ордны голд шургаж амь хэлтэрсэн бөлгөө. Хөлийн шарх болбоос түүний лааны тавиураар цохьсон нь болой. 


Гахай сонсоод: “Үнээр ийм хэрэг буюу?” хэмээхүйд Бяцхан луу: “Би чамайг хуурах нь бус” хэмээв. Гахай: “Хэрхвээс сайн аж? Чи хатуужин явж чадмуй юу?” хэмээсэнд Бяцхан луу: “Би хатуужин явж чадваас хэрхмүй?” хэмээв. Гахай өгүүлрүүн: “Чи хатуужин явж чадваас далайд ортугай, өвгөн Гахай би амьтай боодлыг дамнан Гоу Луу Жуан тосгонд буцаж хүргэн болоор эчсүгэй.” Бяцхан луу сонсоод түүний энгэрээс тавилгүй хазан авч, тэсгэлгүй нүдний нулимс унаган өгүүлрүүн: “Номын ах минь, хойргоших сэтгэл үүсч хэрхэвч бээр үл болмуй.” Гахай өгүүлрүүн: “Хойргошихгүй өөр хэрхмүй? Шороо дүү нэгэнтээ шуламд баригдав, би бас шулмыг дийлэн чадахгүй, энэ тохиолд салалцан одохгүй юун хүлээмүй?”


Бяцхан луу нэлээд удаад бас нулимс унаган өгүүлрүүн: “Номын ах минь, салалцах үгийг битгий хэлэгтүн. Хэрвээ багшийг аварсугай хэмээвээс чи даруй нэгэн хүнийг залан авчрагтун.” Гахай: “Чи намайг хэнийг залагтун хэмээмүй” хэмээв. Бяцхан луу өгүүлрүүн: “Чи түргэн үүл хөлөглөн Цэцэг жимст ууланд хүрч их ах Бичинг залж авчрагтун. Түүнд шулмыг дарах хувилгаан увидас буй тул лав багшийг авран чи бидний дарагдсан өшөөг авч өгөх болой.” Гахай өгүүлрүүн: “Дүү минь, өөр хүнийг залбаас болох буй за, тэр самж над лугаа нийцгүй, анханд цагаан барсын даваанд тэр хохимой хатныг алах цагт тэр намайг багшийг хатган цагираг чангалах тарнийг уншуулав хэмээн хорссон бөлгөө. Эхэнд би наадам хийж хэлсэнд тэр хөгшин тойн үнээр уншин үүсгэж түүнийг үлдэн явуулсан бөлгөө. Тэр надад яахан уурлаж ахуг мэдэхгүй, тэр лав ирэхгүй болой. Хэрвээ хэлэлцэх зуур баахан таарамжгүй болбоос түүний тэрхүү ёдрын шийдэм хүнд тул найр журмыг тэвчиж хэдэнтээ занчваас би хэрхэн амьдран чадмуй?” Бяцхан луу өгүүлрүүн: “Тэр чамайг хэрхэвч үл цохьмуй. Тэр хэмээгч элбэрэл журамт Бичин Ван болой. Чи уулзсан хойно багш зовлонд оров хэмээн түр битгий хэлэгтүн, гагц “Багш чамайг санаж амуй” хэмээн түүнийг хууран авчирсан хойно энэ байдлыг үзвээс лав үтээрэн төвдөхгүй тэр шулам лугаа үзэлцэн тэмцэж, шулмыг дарж багшийг аврах болой.” Гахай өгүүлрүүн: “Тийн болтугай, чи энэ мэт сэтгэлийг сүйтгэхүйд би хэрвээ үл эчвээс шударга бус болмуй. Би эчсэн хойно Бичин ирвээс би даруй түүн лүгээ хамт ирсүгэй, хэрвээ тэр эс ирвээс чи мөн намайг харах хэрэггүй, би мөн үл ирмүй.” Бяцхан луу өгүүлрүүн: “Чи эчигтүн, тэр лав ирэх болой.”


Манхуу Гахай үнээр малтуураа авч, намжираа засан үүлнээ дэвхлэн гарч, шууд зүүнш одов. Энэ удаа мөн Тансагийн буянаар салхи уруу таарч хоёр чихийг босгон, дарвуул мэт явсаар хэдийн дорно далайг өнгөрөн үүлэн толгойг доош дарав. Санамсаргүй наран мандах үед тэр уулнаа орж, зам эрэн урагш эчив. Хараахан явж атал, гэнэт хүн хэлэлцэх дуун сонсогдсонд нарийвчлан үзвээс Бичин багш уулан завд олон бичийг хуралдуулан өөрийн бие нэгэн үхэр чулуун дээр сууж, өмнө нь мянга хоёр зуу илүү бич хоёр гарлан жагсаад “Түмэн наст Бичин өвөг!” хэмээлдмүй. Гахай үзээд өгүүлрүүн: “Үнээр жаргаж баймуй! Тэр хувраг болох дургүй, гэртээ ирмүй хэмээх бөлгөө. Энэ мэт жаргалыг эдэлж, энэ мэт их адал гэртэй бөгөөд мөн энэ мэт олон бяцхан бич зарагдан сувилах ажгуу!” хэрвээ өвгөн Гахай надад ийм нэгэн уул буй аваас мөн тэр хувраг болохгүй болой. Өдгөө энд хүрч ирсэн тул хэрхвээс сайн аж? Эрхгүй түүн лүгээ уулзах нь зүй болой.” Манхуу Гахай түүнээс баахан эмээх тул аймшиггүй шууд золгон чадахгүй, өлөн өвсөн дундуур мөлхөн гулгасаар мянга хоёр зуу гаруй бичний дунд чихэлдэн орж, тэдгээр самж лугаа хамт мөргөвэй.


Бич багш өндөр дээр суусан бөгөөд нүд бас хурц тул түүнийг тодорхойёо олж үзээд даруй асууруун: “Тэр жагсаалын дунд дэмий л мөргөх нь аль газрын үтэл иргэн буй? Хаанаас ирэв? Барьж ац!” хэмээн хэлж барахын урьд тэдгээр бяцхан бич томоолон ирж Гахайг түлхэн авчруулаад хөсөр даран унагавай. Бич өгүүлрүүн: “Чи ямар газрын зүс буруу ард буй?” хэмээсэнд Гахай тэргүүн бөхийж: “Аймшиггүй хариу өчсүгэй, зүс буруу хүн бус, танил болой! Танил болой!” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Миний доорх олон самж болбоос цөм дүр байдал адил бөлгөө, чиний төрсөн шинж өөр бөгөөд зүс царай чинь болхи муухай, лав өөр газрын шулам болой. Нэгэнтэйеэ өөр газраас ирж надад орж өгсү хэмээвээс, урьдаар нэгэн хувь цагаалах бичиг барьж овог нэрээ мэдүүлбээс хуврагт ахуулан жагсаалд үлдээхүйд сайн. Хэрвээ эс ахуулбаас чи аймшиггүй энд дэмий л мөргөх хэрэг юун?” Гахай тэргүүн гудайж хоншоор унжийлган өгүүлрүүн: “Ичих нүүргүй ийм царай үзүүлэх чинь юун? Би чам лугаа хэдэн жил ах дүү бололцсон бөгөөтөл танихгүй түлхэж зүс буруу хүн хэмээмүй?” Бичин инээн: “Чи толгойгоо өргө, би үзсү” хэмээхүйд Манхуу Гахай хоншоороо өлийлгөн: “Чи үзэгтүн! Намайг үл танивч бээр миний хоншоорыг үл таних буюу?” хэмээв. Бичин багш тэсгэлгүй инээж: “Гахай!” хэмээн нэгэнтээ дуудахуйд тэр хэдийн дэвхрэн босч: “Тийн болой! Тийн болой! Би болбоос Гахай мөн бөлгөө.” хэмээгээд дотроо: “Таниваас даруй үг хэлэхүйд сайн болов” хэмээн бодов.


Бич өгүүлрүүн: “Чи Тансаг лугаа ном залаар эчихгүй юун хэмээн энд ирсэн аж? Бодвоос чи лав багшийг хилэгнүүлээд мөн хөөгдөн ирсэн буй за? Үлдэх бичиг буй аваас би үзсү.” Гахай өчрүүн: “Түүнийг хилэгнүүлсэн бус, үлдэх бичиг үгүй бөгөөд мөн намайг үлдсэн бус.” Бич өгүүлрүүн: “Үлдэх бичиггүй бөгөөд эс хөөсөн бөгөөтөл чи юун хэмээн энд ирсэн аж?” Гахай: “Багш чамайг мөрөөдөх тул намайг илгээн золгуулмуй” хэмээв. Бич өгүүлрүүн: “Тэр намайг мөрөөдөх, залах ёсон үгүй бөлгөө, анх өдөр тэнгэрийг заан амалдаж, өөрийн гараар үлдэх бичиг бичсэн бөгөөтөл бас яахан намайг мөрөөдөж, чамайг алсад ирүүлэн залуулах аж? Би хэрхэвч бээр тийм хялбар эчих нь бус!” Гахай даруй: “Үнээр мөрөөдөж баймуй! Үнээр мөрөөдөж баймуй!” хэмээн худал хэлэв. Бич: “Тэр яахан намайг мөрөөдсөн аж?” хэмээсэнд Гахай өчрүүн: “Багш морь унаж хараахан явж бүхүйд “Шавь нар минь” хэмээн дуудваас би сонссонгүй, Шороо мөн дүлий хэмээн шалтаж, эс өчсөн тул багш даруй чамайг мөрөөдөн үүсгэж, биднийг тусгүй хэмээн голж чамайг уран сэргэлэн бөгөөд нэгэнтээ дуудваас дуугарч, нэгийг асууваас арвыг өчмүй хэмээн магтаж, тусгайлан намайг ирүүлж залуулсан бөлгөө. Нэгэнд болбоос түүний санан мөрөөдөх сэтгэлийг үл үтээрэн, жичид бөгөөс миний алсад ирсэн санааг эс огоорон хүрч эчих ажааму.” Бичин сонсоод хаднаас харайн бууж, Гахайг хөтлөн: “Шударга дүү чи алс газраас алжаан ирсэн дашрамд түр над лугаа наадаар эчсү” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Ах минь, зам хол тул хэтэрхийеэ удваас багш хүлээвүүзэй, би үл наадмуй.” Бич өгүүлрүүн: “Чи мөн энд хүрч ирсэн дашрамд миний уулан үзэмжийг үзэгтүн.” Манхуу Гахай аймшиггүй зөрчиж чадахгүй, арга буюу түүнийг дагаж, тойрон явлаа.


Тэд хоёул хөтлөлцөж, олон бич араас даган, Цэцэг жимст уулны ноён оргилд гарахуйяа, Бичин харьж ирсний хойно шинэтгэн зассан уулан үзэмжийг хэлбээс үнээр: 


        Ноён оргил тэнгэрт тулж, 
        Номин асга үүлэнд шувталжээ. 
        Наана цаан барс оцойн, луу цагираглаж, 
        Найман зовхист тогоруу сармагчны дуу цуурайтмуй. 
        Өглөө гарахуйяа өндөр оргилд үүлс бүрхэж 
        Үдэш харахуйяа өтгөн ойд наран тусмуй. 
        Ундармал булаг урсахуйяа
        Утаст хөгжим аялгуулах мэт, 
        Урсгал горхи ивлэхүйеэ
        Уянгат ятга эгшиглэх адил. 
        Ас өмнөд асга өндөр хана хад,
        Ар хойнод ягч сахлаг цэцэг мод. 
        Дээшээ рашаан булаг лугаа залгалдаж 
        Доошоо ац урсгал лугаа нийлжээ. 
        Уул усны өнгө үзэмж Пэн Лай арлаас хэтийдэж 
        Ариун цэвэр газар нутаг тэнгэрийн орон лугаа тэнцмүй. 
        Урлан хэдий зуравч гаргаж чадахуйяа бэрх, 
        Уянгалан хэдий шүлэглэвч үзүүлж чадахуйяа бэрх. 
        Үзэмж бүрдсэн хад уулс чулуун сийлмэл мэт, 
        Өнгө ялгарсан оргил сарьдаг урлан хийсэнд адил. 
        Агаарын наран мандахуйяа алтан гэрэл цацран, 
        Ариун уур дэгжихүйеэ улаан туяа татмуй. 
        Диваажингийн орон хэмээгч дэлхий ертөнцөд буй ажгуу, 
        Дэлгэрэх цэцэг, цэлгэрэх мод уул хянгыг бүрхжээ. 


Гахай бахран үзээд баршгүй баярлан өгүүлрүүн: “Ах минь, сайхан орон баймуй, үнээр тэнгэрийн доор тэргүүн зэргийн нэрт уул ажгуу!” Бичин өгүүлрүүн: “Дүү үзвээс аж төрөхүйд аргацаан болох буюу?” Гахай инээн өгүүлрүүн: “Номын ах ямар үг хэлмүй? Энэ эрдэнийн уул үнэнхүү төгс жаргалын орон бөгөөтөл яахан аргацаан эвлүүлмүй хэмээх аж?” хэмээн хоёул нэгэн зэрэг хэлэлцэн инээлцээд уулнаас буув. Гэнэт үзвээс замын хажууд хэдэн бяцхан бич зүйл бүрийн жимс тэргүүтнийг өргөн барьж сөгдөн: “Бич өвөг өглөөн цаваа зооглох ажааму?” хэмээхүйд Бичин инээн өгүүлрүүн: “Миний дүү Гахай болбоос гэдэс их бөгөөд жимс ногоо идэхгүй бөлгөө, больтугай, муу хэмээн голохгүй болбоос бага сага амсагтун.” Гахай өгүүлрүүн: “Би хэдий гэдэс их боловч хаа эчвээс дууг дуулан чадмуй, ац, би мөн хэдийг амсаж үзсүгэй.”


Тэд хоёул жимс идэж атал наран дэгдсэнд Манхуу Гахай Тансагийг аврах хэрэгт сэтгэл алгасаж: “Ах минь, багш тэнд бид хоёрыг хүлээн аху тул над лугаа хамт эртхэн эчих ажааму?” хэмээн дэмий л шаардахуйд Бичин: “Дүү чи Усан үүдэт агуйд орж наадаж үзэгтүн.” хэмээв. Гахай өгүүлрүүн: “Ахын хүндэтгэх сэтгэлд талархан амуй. Багш хүлээн удсан тул агуйд орохыг больсугай.” Бич өгүүлрүүн: “Тийн бөгөөс аймшиггүй удаан суулган чадахгүй, бид эндээс аярлан салалцсугай.” Гахай өгүүлрүүн: “Ах чи үл эчмүй юү?” Бич: “Би хаа эчмүй? Миний энд тэнгэрийн цааз, ертөнцийн хуульд захирагдахгүй, эрх дураар наадах атал бас ямар хувраг болмуй? Би эчихгүй, чи эчигтүн. Тансагт уулзваас, нэгэнтэйеэ хөөсөн тулд дахин битгий санагтун хэмээн мэдүүл.” хэмээсэнд Манхуу Гахай сонсоод аймшиггүй хэтэрхийеэ шаардан чадахгүй, шахамдуулан уурлуулбаас гэнэт хэдэн шийдэм буулгахаас эмээн арга буюу ёслон салж зам эрэн одов.


Бичин түүнийг эчсэнийг үзээд даруй гүйдэг бич хоёрыг илгээн, Гахайг мөрдөн гэтэж, ямар үг хэлэхийг сонсч ир хэмээн тушаав. Манхуу Гахай үнээр уулнаас бууж дэмий гурав дөрвөн газар явсангүй тэргүүн эргэж Бичинг заан харааж: “Энэ муу самж хувраг болохгүй шулам болмуй! Муу сармагчин! Би сайн санаагаар түүнийг залаар ирсэн бөгөөтөл тэр харин үл эчмүй! Чи эчихгүй бөгөөс больтугай!” хэмээн хэдэн алхам явбаас нэгэн зэрэг хараамуй. Тэр хоёр бяцхан бич яаран буцан ирж мэдүүлрүүн: “Бичин өвөг минь, тэр Гахай дэмий номхон бус, алхам бүрт ам хамхилгүй харааж амуй.” Бичин их л хилэгнэж: “Барьж ац!” хэмээмэгц олон бич уул дүүрэн нэхэмжлэн ирж Гахайг хөсөр даран унагаж зогдроос базгадан, чихнээс чангааж, үснээс атган, сүүлнээс татсаар хойш баривчлан аваачив. Хэрхэн шийтгэхийг мэдэхгүй, амь насан хааш болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 47 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 34 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 3 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 7 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 50 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 23 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 26 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 26 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 0 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 10 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 20 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 25 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 47 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 4 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 58 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 22 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 23 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 39 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК