зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


ХОРСОХ ҮГЭЭР ГАХАЙ БАГШ БИЧИН ВАНГ ӨДӨВ
ХУВИЛГААН УВИДСААР ИХ БОГД ХОРТ ШУЛМЫГ ДАРАВ


        Бат журмаар барилдан нөхөрлөж, 
        Бодь ном бодгаль биед оршмуй. 
        Ивээлт төмөр модон махбод зохицож үнэн ёсыг бүтээн, 
        Ерөөлт Бичин, Гахай хоёр эедэж бодь биеийг олмуй. 
        Төгс жаргалант бурхны орноо хамтаар дэвшиж, 
        Түүнчлэн бүтэх шашны үүднээ цугаар ормуй. 
        Үнэн ном нь урьж бясалгахуйн цагаан замыг зааж, 
        Үнэхээр туулсан бурхан нь өөрийн сүлдэд оршмуй. 
        Ах дүү гурвуул эедэн зохицож, энд шулмыг аргаар дармуй. 
        Атгагт зургаан заяаны цалмыг таслан аврал дээд аянган дуутыг зоримуй.


Өгүүлэх нь, тэр Манхууг олон бич бариад чирэх нь чирэн, дамнах нь дамнан, татах нь татсаар өмссөн намжирыг нь цөм урсанд тэр амандаа түднэн: “Барав! Барав! Энэ одоо лав занчиж алах буй за!” хэмээн атал удалгүй агуйн хаалганд хүрвээс Бичин хадан дээр сууж, хараан өгүүлрүүн: “Энэ муу аагын тулам, чи эчвээс барав, юунд намайг хараамуй?” Гахай газарт сөгдөж өгүүлрүүн: “Ах минь, би чамайг хараасан бээр үгүй, үнэхээр хараасан болбоос хэлний боом дээр яр гарах болтугай. Ах эс эчвээс би ганцаар одож багшид хэлсүгэй хэмээсэн бөлгөө, ямар аймшиггүй ахыг хараамуй?” Бичин өгүүлрүүн: “Чи намайг яахан хуурч чадмуй? Би зүүн чихээ дээш өргөвөөс гучин гурван тэнгэрийн хэлэлцэхийг сонсмуй, баруун чихээ доош дарваас арван эрлэгийн түшмэд лүгээ хэрэг зөвдөхийг сонсох бөгөөтөл, чиний замд намайг хараасныг би үл сонсох ёс буюу?” Гахай өгүүлрүүн: “Аяа, ах минь, би чиний хулгайч зантайг мэдмүй, бас ямар нэгэн юм хувилж намайг дагаж сонссон буй за.” Бичин дуудан өгүүлрүүн: “Хүүхэд хаа буй, бүдүүн гэгч шийдмийг авчир! Урьдаар үүний гуян дээр огтлоон шийдмийг хоринтоо занч, дахин нурууг нь нэвширтэл гучинтаа занч, барсны хойно би болд бэрээгээр үүнийг үдсүгэй!” Гахай ихэд гэлмэж мөргөн өгүүлрүүн: “Ах минь, хэрхэвч багшийн нүүрийг бодож намайг уучлах ажааму!” Бич өгүүлрүүн: “Би багшийн тэр нигүүлсэхүй сэтгэлийг санах буюу!” Гахай бас өгүүлрүүн: “Ах чи багшийн нүүрийг эс бодвоос, Бодисадвагийн нүүрийг бодож намайг уучлах ажааму!”


Бичин, түүний Бодисадваг дурдсанд сэтгэл нь баахан зөөлөрч өгүүлрүүн: “Дүү чи ийн өгүүлбээс занчихыг түр байсугай. Чи үнэн үгээ хэл, намайг бүү хуурагтун, тэр Тансаг хаа зовлонд учирснаар чи ирж намайг хуурмуй?” Гахай өгүүлрүүн: “Ах минь, багшид зовлон тохиолдсонгүй, гагц чамайг мөрөөдмүй.” Бичин хараан өгүүлрүүн: “Энэ муу арьс нь загатнасан тэнэг юм юунд намайг дэмий хуурсугай хэмээмүй? Өвгөн Сүн миний бие хэдийгээр Усан үүдэт агуйд эгэвч, сэтгэл минь ном залагч тойнд нөхцөн амуй. Тэр багш хөдлөх бүр зовлон тулгаран газар бүр гамшигт учирч буй, эртхэн надад хэлэгтүн, занчихыг байсугай!” Гахай тэр үгийг сонсоод мөргөн өгүүлрүүн: “Чамайг үнэхээр хуурч аваачсугай хэмээсэн бөлгөө. Санамсаргүй ах харин энэ мэт сэргэг, намайг занчихгүй тавьж босговоос би хэлсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос босч хэлтүгэй.” Бага бичид Гахайг тавив. Тэр Манхуу босмогц дөрвөн зүгийг ажиглахуйд Бичин өгүүлрүүн: “Чи юуг ажигламуй?” Гахай өгүүлрүүн: “Би аль зам нь тавиу хэмээн ажмуй, дутаахуйд сайн.” Бичин өгүүлрүүн: “Чи хааш дутаамуй? Чи гурван өдөр урьдчилан явавч өвгөн Сүн би нэхэн авчирч чадмуй! Үнэнээ түргэн хэл! Намайг хилэгнүүлбээс чамайг хэрхэвч үл тавьмуй.” Төд Гахай өгүүлрүүн: “Би үнэнээ хэлсүгэй. Чамайг явсны хойно би Шороо лугаа багшийг хамгаалан урагш одож, нэгэн их ойн захад хүрээд, багш мориноосоо бууж намайг цав бадарлаж ир хэмээв. Би хэдий чинээ яваад айл тосгон олсонгүй тул ихэд зүдрээд өвсөн дотор шурган баахан унтавй. Санамсаргүй Шороо багшийг хаяад намайг эрэн иржээ. Тэр багш хэмээх суудалгүй хүнийг ах чи мэдмүй, тэр ганцаар ойн дотор орж үзэмжийг үзэн гарч ирэхүйеэ, нэгэн алтан суварга гэрэл цацрахыг үзээд сүм буй за хэмээн бодон атал санамсаргүй суварганы дотроос нэгэн Шар дээлт хэмээх шулам гарч ирээд түүнийг барьж аваачжээ. Би Шороо лугаа хойноос нэхэмжлэн хүрвээс, гагц бөх цагаан морь, амьтай боодол харагдахаас биш, багш үзэгдэхгүй. Тийнхүү агуйн үүдэнд эрэн хүрч шулам лугаа алалдав. Багш агуйн дотор байж, золоор нэгэн аврагч лугаа тохиолджээ, тэр болбоос шулмын барьж авчирсан Эрдэнэ заант улсын хааны гуравдугаар гүнж болой. Тэр гүнж нэгэн битүүмж гэрийн бичиг бичиж багшаар илгээхүйн тусад түүнийг тавьж гаргав. Багш тэр улсад нь хүрээд гүнжийн бичгийг өгсөнд тэр хаан даруй манай багшаар шулмыг даруулж гүнжийг эгүүлэн авчруул хэмээн гуйв. Тэр тойн угаас шулмыг дарж чадах эсэхийг ах чи мэдмүй, Шороо бид хоёул дахин одож шулам лугаа байлдав. Санамсаргүй тэр шулмын эрдэм их тул Шороо түүнд баригдав. Би буруулан дутаагаад өвсөнд шурган хэвтэхүйн зуур тэр шулам нэгэн хээнцэр хүн болж хувилаад Эрдэнэ заант улсын хаанд хадам таниар одож, багшийг барс болгон хувилгажээ. Завшаанаар тэр бөх цагаан морь шөнөөр луугийн уг бие илрэн багшийг эрэхээр одоод олсонгүй, шулам мөнгөн харшид архи ууж байхыг үзээд, нэгэн ордны охин хувилж, архи нэрж илд бүжиглэх зуур шулмыг цавчсугай хэмээгээд сэрэгдэж гэдрэг түүнд лааны тавиураар цохигдон хөл нь шархаджээ. Тийнхүү тэр намайг илгээж ахыг залаар ирүүлсэн бөлгөө. Түүний хэлсэн нь “Ах болбоос өршөөл журамтай сайн эр тул өнгөрсний өшөөг бодохгүй лав ирж багшийг зовлонгоос авармуй” хэмээжээ, түмэнтээ гуйх нь ах та “Нэгэн өдрийн багш болбоос нэг насны эх” хэмээсэн үгийг санаж, хэрхэвч түүнийг нэг удаа аврах ажааму!” Бичин өгүүлрүүн: “Энэ муу Манхуу, би салах үед хэрвээ багш шуламд баригдваас чи өвгөн Сүнг Тансагийн ууган шавь хэмээн өгүүл гэж чамд дахин давтан захьсан бус уу, юунд намайг эс дурдмуй?” Гахай дотроо: “Жанжныг залахаас жанжныг өдөөхүйд үл хүрмүй, би үүнийг өдөөсүгэй” хэмээн бодоод өгүүлрүүн: “Аяа, ахыг эс дурдсан болбоос харин сайн бөлгөө. Чамайг дурдмагц тэр шулам нэн ёсгүй болов!” Бичин өгүүлрүүн: “Яахан ёсгүй болов?” Гахай өгүүлрүүн: “Би тэр шулмыг “Чи ёсгүй бүү аашил, миний багшид бүү хор хийгтүн! Надад бас нэгэн Бичин хэмээгч номын ах буй, түүнд хувилгаан эрдэм аж, шулмыг дарж чадмуй. Тэр ирсэн цагт чи үхээд ясаа оршуулах газар ч олдохгүй хэмээсэнд тэр шулам сонсмогц нэн хилэгнэн хараан өгүүлрүүн: “Тэр сармагчнаас би айх буюу! Тэр хэрэв ирвээс би түүний арьсыг нь өвчөөд шөрмөсийг нь сугалж, ясыг нь хэмхлэн, зүрхийг нь идмүй! Тэр муу сармагчныг эцэнхий хэмээн голж тосонд хуурч идмүй!” хэмээмүй.” Бичин үүнийг сонсоод их л тачаадан чих завжаа маажлан харайлан дэвхцэн хараан өгүүлрүүн: “Хэн намайг ийнхүү аймшиггүй хараамуй!” Гахай өгүүлрүүн: “Ах чи хилэнгээ дарму, тэр Шар дээлт шулмын хараасан нь юуны энүүхнээр зогсох аж, би сонссоноо дуурайн өгүүлэх буюу.” Бич өгүүлрүүн: “Дүү чи бостугай, би үнэхээр үл одсугай хэмээсэн бөлгөө. Гагц тэр шулам намайг айшгүй ийн хараамуй, би түүнийг барьж үл чадах буюу. Би чам лугаа одсугай. Таван зуун жилийн өмнө, би тэнгэрийн орныг ихэд түйвээн явахуй цагт тэнгэрийн эрхтэн нар, өвгөн Сүн надад бие мэхийн цөмөөр их богд хэмээн өргөмжилдөг бөлгөө. Энэ шулам харин ёсгүй, далдаас намайг хараах буюу! Би өдгөө түүнийг барьж түмэн анги огтчин, намайг хараасан хорслоо тайлаад хойш ирсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Ахын үг зөв болой. Чи одож шулмыг барин өшөөгөө авсан хойно ирэх нь цөм чиний дур буй за.”


Тэр их богд агуйд орж, хар дээлээ халж намжир өмсөн, барсын арьсан хормойвчоо бүслээд, шийдмээ барин хаалгаас гарч ирсэнд, тэдгээр бичид ихэд цочиж хориглон өгүүлрүүн: “Их богд өвөг, маныг дагуулж наадахгүй хааш одмуй?” Бичин өгүүлрүүн: “Та нар ямар үг өгүүлмүй?” Өвгөн Сүн миний Тансагийн шавь болсныг тэнгэрийн доор, газрын дээр цөм мэдмүй. Тэр намайг нэг мөсөн хөөсөн бус, намайг түр харьж гэр нутгаа үзэж, нэг үе дураараа наадтугай хэмээсэн бөлгөө. Өдгөө ийм нэгэн учир гарсан тул та нар эрээ сайхан сахиж, зүйл бүрийн модыг улирал тохиолдуулан олон таригтун, битгий атаршуулахуйд хүрүүл. Би Тансаг лугаа ном залж, үйл бүтсэн хойно мөн хойш ирж тан лугаа жаргасугай.” Олноор мөн хэмээн хүлээн авав. 


Төд Бичин, Гахай лугаа үүл хөлөглөн зүүн далайг туулан баруун хөвөөнд хүрч ирээд үүлийг зогсоон өгүүлрүүн: “Дүү алгуур явж намайг хүлээгтүн, би далайд орж биеэ угаасугай.” Гахай өгүүлрүүн: “Яарч явах атал юунд биеэ угаамуй?” Бичин өгүүлрүүн: “Чи юуны мэдмүй? Би ирснээс нааш хэдэн өдөр болсон тул, миний биед шулмын үнэр шингэжээ. Багш хэмээгч ариун цэвэр хүн тул намайг жигших болуузай.” Гахай үүнийг сонсоод сая Бичний хоёргүй үнэн сэтгэлийг мэдэв. 


Төдөлгүй угааж бараад, дахин үүл хөлөглөн баруунш одов. Холоос тэр суварганы гэрэл цацрахыг үзээд Гахай заан өгүүлрүүн: “Тэр үзэгдэх нь даруй Шар дээлт шулмын гэр болой, Шороо бас түүний гэрт буй.” Бичин өгүүлрүүн: “Чи огторгуйд баахан хүлээж байгтун, би түүний хаалганд одож үзсүгэй. Шуламтай байлдахуйд сайн.” Гахай: “Одох хэрэггүй, тэр шулам гэртээ үгүй” хэмээсэнд, Бичин “Би мэдмүй” хэмээгээд үүлнээс бууж үүдэнд ирвээс, хоёр хүүхэд тэнд манцуурга бялуу, ноосон бөмбөг, шагайгаар наадаж амуй. Үзвээс нэг нь арваад настай, нэг нь найм есөн настай. Бичин хүрмэгц тэр хоёр хүүхдийн гэзэгнээс базгадсанд хоёр хүүхэд бархиран уйлахуйд, тэр Хөхөмдөг саран агуйн нэгэн бяцхан шулам гүйсээр агуйд орж гүнжид мэдүүлрүүн: “Хатан минь, ямар хүнийг мэдэхгүй, манай хоёр агийг булаан аваачив!” Үзвээс тэр хоёр хүүхэд нь гүнж шулам хоёрын төрсөн хүүхэд ажгуу.


Гүнж үүнийг сонсоод яаран гарч ирэн үзвээс, Бичин тэр хоёр хүүхдийг гарт барьж өндөр хадан дээр зогсон доош савах хэмээж байхыг үзээд их л сандарч яаран өгүүлрүүн: “Аяа, тэр хүн, би чам лугаа ямар ч өшөөгүй атал, чи юунд миний хөвгүүнийг барьж аваачмуй? Эдний эцэг нь маш хэцүү, баахан осолдвоос чамайг тэр зүгээр үл тавьмуй!” Бичин өгүүлрүүн: “Чи намайг танихгүй юу? Би болбоос Тансагийн ууган шавь Бичин хэмээгч болой. Миний номын дүү Шороо таны агуйд буй, чи түүнийг тавьж, гаргаваас би чиний хөвгүүнийг өгсүгэй, чи нэгээр хоёрыг солихуйд мөн үл хожигдох болой.” Гүнж тэр үгийг сонсоод яаран орж, олон бяцхан шулмыг зандан эгүүлж, Шороон хүлээсийг өөрийн гараар тайлахуйд Шороо өгүүлрүүн: “Гүнж чи намайг бүү тавь, тэр шулам ирээд чамаас намайг нэхвээс, чи хэрэгт чирэгдэх бус уу?” Гүнж өгүүлрүүн: “Аяа, тойн чи миний ачит хүн, чи миний бичгийн учрыг үл задруулан амийг аварсан болой. Би чамайг хэдийн тавья хэмээн санасан бөлгөө. Өдгөө хаалганы гадна чиний номын ах Бичин хэмээгч ирээд миний хөвгүүнийг барьж чамайг тавь хэмээмүй.”


Тэр Шороо, Бичин хэмээх үгийг сонсмогц адис хүртэж, рашаан амталсан мэт уужран сэргэж, үнэт эрдэнэ, олдошгүй орхоодой олсон мэт тэсгэлгүй баясан, ханцуй сэгсрэн дээлээ гөвөн гарч ирээд, Бичиний зүг ёслон өгүүлрүүн: “Ах минь, чи үнэхээр тэнгэрээс бууж ирсэн болой! Маныг тэнхрүүлэн аврах ажааму!” Бичин инээн өгүүлрүүн: “Багш цагираг чангалах тарниа уншихуйн үед та хориглон ятгах бээр үгүй, гэдрэг харин ховлон хөгжөөмүй! Та багшийг сахиж баруун газар одохгүй, юунд энд суумуй?” Шороо өгүүлрүүн: “Ах минь, түүнийг дурдаж юу хийх вэ? Сайн эр өнгөрсний хэргийг үл нэхмүй, бид болбоос дарагдсан цэргийн ялагдсан жанжин тул их үгийг хэлж чадахгүй. Намайг авартугай!” Бичин: “Чи хадан дээр гарч ир” хэмээсэнд Шороо төд дээр үсрэн гарав. 


Тэндээс Гахай үүлэн дээр аж, Шороон агуйгаас гарч ирэхийг үзээд, доош баахан дуудан өгүүлрүүн: “Дүү минь, юутай хөөрхий! Юутай хөөрхий!” хэмээхүйд Шороо өгүүлрүүн: “Ах чи хаанаас ирэв?” Гахай өгүүлрүүн: “Өчигдөр байлдан дарагдаад, үдэш хотод орж, бөх цагаан морь лугаа учран Шар дээлт шулам увидас хэрэглэн багшийг барс болгон хувилгасныг мэдэж, түүн лүгээ зөвдөн номын ахыг залаар эчсэн бөлгөө.” Бич өгүүлрүүн: “Олон үг хэлэлцэх хэрэггүй, энэ хүүхдийг та хоёр тэвэрч урьдаар тэр Эрдэнэ заант хотод одож, шулмыг өдөөн гаргаж ирүүл, би энд хүлээж түүн лүгээ байлдсугай.” Шороо өгүүлрүүн: “Түүнийг хэрхэн өдөөмүй?” Бич өгүүлрүүн: “Та хоёул үүл хөлөглөж алтан харшийн дээрээс түүний хоёр хүүхдийг хасын индэр лүү савж орхи. Хүн асууваас Шар дээлт шулмын хүүхдийг бид барьж авчрав хэмээн өгүүл. Үүнийг тэр шулам сонсвоос лав хойш ирмүй, би түүнийг энд хүлээж байлдсугай. Хотод байлдваас, үүл нэмэн дэгдээн, хамаг Шороо хийсгэж хотын ардыг цочоовуузай хэмээн болгоомжилмуй.” Гахай инээн өгүүлрүүн: “Ах чи хэрэг өдөөхүйд цөм биднийг өмнөө барьмуй.” Бичин өгүүлрүүн: “Би яаж чамайг өмнөө барив!” Гахай өгүүлрүүн: “Энэ хоёр хүүхдийг чи барьж авчрав, өдгөө айгаад цөс нь гэлмэрч, уйлсаар хоолой нь сөөв, удалгүй үхмүй. Өдгөө авч одоод дээрээс орхивоос махан талх болох бус уу, тэр шулам биднийг нэхэж хөвгүүнийхээ амийг төлж авмуй хэмээвээс, чи савсангүй тул үүнд сайн хүн болох бус уу? Үүнийг даруй хэрэг өдөөхүйд цөм биднийг өмнөө барьмуй хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Тэр хэрвээ чам лугаа зууралдваас, та хоёул түүнийг өдөөн миний дэргэд авчран, энд газар уудам, би түүн лүгээ байлдсугай.” Шороо өгүүлрүүн: “Мөн, мөн! Номын ахын үг зөв болой, бид өдгөө одсугай” хэмээн тэд хоёул Бичний сүрт итгэж хүүхдийг тэврэн одов.
Бичин хаднаас бууж шулмын хаалганы гадна ирсэнд, тэр гүнж өгүүлрүүн: “Энэ тойн юунд ийм батгүй буй. Би чиний дүүг тавив, чи миний хөвгүүнийг буцаан өгмүй хэмээн хэлэлцэн тогтсон бөлгөө. Би чиний дүүг тавив, чи миний хөвгүүнийг буцаахгүй юунд миний хаалганд ирэв?” Бичин инээн өгүүлрүүн: “Гүнж битгий буруушаагтун, чи энд ирээд өдөр удав, би чиний хүүхдийг нагац эцэгт нь золгуулахаар илгээв.” Гүнж өгүүлрүүн: “Тойн та ёсгүй бүү аашил, миний тэр Шар дээлт хүргэнийг бусдад адилтгаж үл болмуй. Чи миний хүүхдийг баахан айлгаваас, тэр чамайг амар үл тавьмуй.”


Бичин өгүүлрүүн: “Гүнж, хүн тэнгэр газрын хооронд төрвөөс юуг ял олох хэмээмүй?” Гүнж өгүүлрүүн: “Би мэднэм.” Бичин өгүүлрүүн: “Чи эхнэр хүн юуг мэдмүй?” Гүнж өгүүлрүүн: “Би хар багаас гэртээ аж, эцэг эхийн сургаалыг хүртжээ. Эртний бичигт өгүүлсэн нь “Таван эрүү дотор холбогдох ял гурван мянга авч, элбэрэлгүйгээс хүнд нь үгүй.” хэмээжээ.” Бичин өгүүлрүүн: “Чи чухам элбэрэлгүй хүн болой. Шимээр эцэг ундлан, сүүгээр эх тэжээв, эцэг эхийн ачийг үүрд хариулахуй бэрх.” хэмээжээ. Тийнхүү элбэрэл хэмээгч зуун явдлын язгуур, түмэн буяны үндэс болой. Чи юунд шулмын эхнэр болоод, эцэг эхээ өчүүхэн ч үл санамуй? Үүнийг элбэрэлгүйн ялаас мултран чадав хэмээх буюу? Гүнж эдгээр үгийг сонсоод орох газаргүй ичгүүрэн удтал нүүр улайж гэнэт “Тойн таны үг маш зөв, би эцэг эхээ үл санах ёсон буй буюу? Гагц энэ шулам намайг энд авчраад цааз нь маш чанга бөгөөд замаас хол тул би яван эс чадав, чимээ сураг хүргэх хүн ч үгүй. Би үхсүгэй хэмээвээс эцэг эх намайг босов хэмээн сэжиглэж, эцэстээ үнэнээ олохгүй болохоос зовмуй. Иймийн тул аргагүй амийг зуун амуй, үнэхээр дэлхий дахины тэргүүн зэргийн их ялт хүн болой!” хэмээгээд нулимсаа асгаруулан уйлахуйд Бичин өгүүлрүүн: “Гүнж бүү уярагтун, гүнж чи миний багшийг аварч гаргасныг би Гахайгаас сонсов. Чиний бичгийн дээр мөн эцэг эхээ санагалзсан үг буй. Өвгөн Сүн би эрхгүй шулмыг барьж, чамайг эгүүлэн хаанд золгуулсугай. Тэр цагт өөр хүнд гарч өтөлтөл хамтаар жаргаваас ямар?” Гүнж өгүүлрүүн: “Тойн чи үхэхээ бүү эр, өчигдөр ирсэн хоёр дүү чинь тийм бүдүүн их эр бөгөөтөл миний тэр Шар дээлт хүргэнийг дийлэн чадсангүй, чиний энэ ясан таяг, хатсан мэлхий ямар эрдэм буй хэмээн аймшиггүй шулмыг барьмуй хэмээн өгүүлмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Чи хүнийг танихгүй ажгуу, ерийн үгэнд “Аргал хэдий их боловч хөнгөн, алт хэдий бага боловч хүнд” хэмээжээ. Тэд хэдий бие их боловч ямар хэрэг буй. Хоолны тулам, хувцасны өлгүүр, махан овоо, малгайн тавиур болой, өвгөн Сүнг үзэхүйд хэдийгээр бага боловч чадал их.” Гүнж өгүүлрүүн: “Чи үнэхээр шулмыг барьж чадах чадал буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Миний чадлыг чи үзсэнгүй тул мэдэхгүй, би хэзээд шулмыг барьж, чөтгөрийг дардаг болой.” Гүнж өгүүлрүүн: “Чи намайг гэдрэг хөнөөх болуузай.” Бичин өгүүлрүүн: “Би чамайг хөнөөхүйд хүргэхгүй.” Гүнж бас асууруун: “Чи шулмыг дарж чадваас, өдгөө түүнийг яаж барьмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи түүн лүгээ найр зузаан тул хайрлах ч магадгүй, чи хол зайлагтун, би түүн лүгээ байлдахуйд сайн.” Гүнж өгүүлрүүн: “Аргагүй энд аху атал юу хэмээн би түүнийг хайрламуй?” Бичин өгүүлрүүн: “Чи түүн лүгээ арван гурван жилийн эр эм болсон тул саналгүй хэмээж болох буюу? Би түүнд учирваас хүүхэд наадах лугаа адил бус, шийдэм эргүүлэн нударга далайн, түүнийг занчин албаас, чи сая улсдаа эгэж, эцэг хаандаа бараадаж чадмуй.”


Тэр гүнж Бичиний үгийг дагаж далд газар эрэн зайлан эчив. Мөн ч тэр хоёрын ургийн барилдлагаа дуусах цаг болсон тул, тийнхүү их богд залран ирэх лүгээ тохиолдсон нь энэ болой. Төд Бичин тэр гүнжийг зайлуулан, биеэ гүнж болон хувилаад, агуйн дотор орж шулмыг хүлээн суув.


Өгүүлэх нь: Гахай Шороо хоёул тэр хоёр хүүхдийг барьсаар Эрдэнэ заант улсад хүрээд, харшийн хасын индэр лүү савж орхисонд хөөрхий тэр хоёр хүүхэд няц эчив. Тэр улсын түшмэд үзээд сандран орж хаанд айлтгаруун: “Муу болов! Муу болов! Тэнгэрээс хоёр хүн унаж ирэв!” Гахай их дуунаар дуудан: “Энэ хоёр хүүхэд нь Шар дээлт шулмын хөвгүүд болой, Шороо бид хоёул барьж авчирсан болой!” хэмээв.


Тэр шулам мөнгөн харшид архинд согтууран унтан байхуйд гэнэт хүн өөрийн нэрийг нь дуудсаныг сонсоод үсрэн босч дээш харваас, үүлний дотор Гахай, Шороо хоёул бархиран байхыг үзээд дотроо санаруун: “Гахай ч байтугай, Шороог би барьж гэртээ хүлсэн бөлгөө, тэр яахан гарч ирэв? Миний гэргий түүнийг юунд тавьмуй? Миний хөвгүүн бас юунд түүний гарт орох аж? Энэ цөм Гахай намайг өдөөн байлдах арга буй за, би гарч байлдсугай хэмээхүл, согтуу хөлчүү тул түүний малтуурт оногдвоос, нэр сүр буурч, нууц хэрэг мэдэгдэхүйд хүрмүй. Түр гэртээ харьж миний хөвгүүн мөн бусыг мэдсэн хойно эдэн лүгээ хэлэлцэхүйд мөн оройтох бээр үгүй.”


Тэр шулам, хаанд мөн золголгүй яаран гарч, ирээд шууд агуйн зүг мэдээ авахаар ирэв. Үзвээс, тэр шулам өчигдөр шөнө ордны охидоос нэгийг идсэн хойно, дутааж гарсан арван долоон охин таван жингийн үед ирж хаанд учрыг айлтгаснаа хаан их л сэжиглэн авай. Өдгөө золголгүй одсонд хаан түшмэд цөм шулам хэмээн мэдэв. Тийнхүү хаан даруй олон түшмэдийг захиж тэр хуурмаг барсыг сахиулж суухыг түр өгүүлэхгүй. 


Өгүүлэх нь, тэр шулам агуйдаа хүрч ирсэнд Бичин хуурмагаар шогшин уйлж, “Хөвгүүн минь” хэмээн гаслан газар дэвсэн, өвчүүгээ дэлдэн байхуйд тэр шулам таньсан бээр үгүй тэврэн өгүүлрүүн: “Гэргий минь, чи юунд энэ мэт эвхрэн уйлмуй?” Бичин нулимсыг цувруулан өгүүлрүүн: “Нөхөр минь, эртний үгэнд “Эр хүн эхнэргүй болбоос эдэд эзэнгүй, эхнэр хүн эргүй бөгөөс биед түшиггүй” хэмээжээ. Чи өчигдөр хаанд золгон хадмаа танихаар одоод юунд үл эгмүй? Энэ өглөө Гахай ирээд Шороог булаан аваачиж, бас хоёр хөвгүүнийг минь шүүрэн аваачивай. Гэргий би гаслан гуйвч тус болсонгүй, нагацад нь учруулмуй хэмээн авч одоод хагас өдөр болжээ. Хүүхдийн амь нь чухам хааш болсныг мэдэхгүй, чи ч гэрийн бараа үзэхгүй, намайг хэрхэн тэстүгэй хэмээмүй?” Тэр шулам үүнийг сонсоод их л уурлан өгүүлрүүн: “Үнэхээр миний хөвгүүн буюу?” Бичин өгүүлрүүн: “Чив хэмээн мөн, Гахай булаан аваачсан болой.”


Тэр шулам тэсгэлгүй дэвхцэн өгүүлрүүн: “Барав! Барав! Тэр миний хөвгүүнийг савж алав! Өдгөө нэгэнтээ эдгээхүйеэ бэрх болжээ. Гагц тэр тойныг барьж, миний хөвгүүний амийг төлүүлж өшөөгөө авсугай! Гэргий чи бүү уйл, чиний дотор өвднөм буй за? Түр эмнүүлбээс сайн.” Бичин өгүүлрүүн: “Дэмий хэрхсэн бээр үгүй, гагцхүү хүүхдээ санаж уйлсаар зүрх минь өвдмүй.” Шулам өгүүлрүүн: “Энэ хялбар, чи босогтун, надад нэгэн эрдэнэ бий, чиний өвдөх газар нэгэнтээ илбээс даруй илаар болмуй. Гагц эрхий хуруугаараа няслагтун, хэрвээ нясалбаас миний уг дүр илэрмүй.” Бич үүнийг сонсоод маш баясан дотроо сэтгэрүүн: “Энэ муу шулам харин ч үнэнч байнам, эрүү үзээгүй атал, үнэнээ хэлмүй. Эрдэнээ гаргасан хойно эрхий хуруугаа нясалж, түүний ямар шулам болохыг үзсүгэй” хэмээн атал, тэр шулам Бичинг дагуулан агуйн ёроолд нь хүрээд, амнаасаа тахиан өндгөн чинээ өөрөө бүтээсэн нэгэн шарил үрлийг бөөлжин гаргав. Бичин үзээд дотроо баясан өгүүлрүүн: “Үнэхээр сайн юм ажгуу, энэ эрдэнийг бүтээхүйд арга билгийг нийлүүлэн хэдий чинээ жил бясалган сая энэ шарил үрлийг бүтээснийг мэдэхгүй. Энэ өдөр өвгөн Сүн над лугаа ерөөл аж, минийх болов” хэмээгээд гараар тосч аваад, ямар өвдөх газар байх аж, биеэ илэгч болгон гэнэт нясалсанд тэр шулам сандран ирж булаав. Тэр Бичин шаламгай тул хэдийн амандаа хийж залгижээ. Тэр шулам нударгаар нударгадан ирэхүйд Бичин нэгэн гараараа тосч хориглон, нэгэн гараар нүүрээ илмэгц мөн уг бие болж их дуунаар: “Шулам сайтар үзэгтүн! Би хэн бэ? Битгий ёс бусчил” хэмээмүй.


Тэр шулам үзээд их л цочин өгүүлрүүн: “Гэргий минь, чи юунд ийм муухай зүстэй болов?” Бичин хараан өгүүлрүүн: “Энэ муу шулам! Хэн чиний гэргий буй? Элэнц эцгээ юунд үл танимуй?” Тэр шулам гэнэт сэрж өгүүлрүүн: “Би чамайг үзсэн шиг.” Бичин өгүүлрүүн: “Би чамайг занчихгүй, чи дахин лавлаж үз.” Шулам өгүүлрүүн: “Би чамайг үзсэн мэт бөлгөө, гагц овог нэрийг чинь бодож олохгүй болжээ. Чи чухам хэн бэ? Хаанаас ирэв? Чи миний гэргийг хаа нуугаад, орлон ирж эрдэнийг хууран авмуй? Үнэхээр ёсгүй! Юутай заналтай!” Бичин өгүүлрүүн: “Чи намайг үл танимуй, Тансагийн ууган шавь Бичин хэмээгч би мөн болой. Таван зуун жилийн өмнөх өвөг эцэг чинь мөн!” Шулам өгүүлрүүн: “Ийм учиргүй, ийм учир үгүй! Би Тансагийг барих үед Гахай Шороо хэмээх хоёрхон шавь байснаас өөр Сүн овогт хэмээх шавийг эс сонслоо, чи аль газрын шулам энд ирж намайг хуурмуй!” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би тэдэн лүгээ хамт ирсэнгүй нь үнэн. Миний багш болбоос нэгэн өршөөл нигүүлсэнгүй хүн тул, өвгөн Сүн намайг шулам олон алав хэмээн хөөн үлдэв. Тийнхүү хамт эс ирснээр, чи өвөг эцгийнхээ нэрийг эс мэдсэн буй за.” Шулам өгүүлрүүн: “Чи муу эр болой! Нэгэнтээ багшдаа үлдэгдээд бас ямар нүүрээр ирж хүнд золгомуй!” Бичин өгүүлрүүн: “Энэ муу шулам юуны мэдмүй? Нэгэн өдрийн багш болбоос нэгэн насны эх буюу”, “Эх хөвгүүний өшөө хэмээгч, нэгэн шөнийг үл өнгөрөөн арилах буюу”, чи миний багшийг хорлохуйд, би ирж аварч үл болох юун, чи миний багшийг хорловоос барав, бас юунд намайг далдаас хараамуй? Шулам өгүүлрүүн: “Би чамайг хэзээ хараав?” Бичин өгүүлрүүн: “Гахай надад хэлж өгсөн болой!” Шулам өгүүлрүүн: “Чи түүний үгийг бүү итгэ, тэр Гахайн хоншоор нь урт, эм хүн лүгээ адил хов үгэнд дуртай, чи юунд түүний үгийг сонсмуй?” Бичин өгүүлрүүн: “Олон арван үг хэлэх хэрэггүй, энэ өдөр өвгөн Сүн би болбоос чиний гэрт ирсэн холын зочин тул хөнгөлж болохгүй, хэдий сайн архи будаа үгүй боловч, толгой чинь буй бус уу? Хурдан толгойгоо гудай, өвгөн Сүн би нэгэн шийдэм шийдэмдэж түр умдаа дарсугай!” Тэр шулам ха ха хэмээн ихэд инээн өгүүлрүүн: “Бичин чи ташаарчээ, чи намайг занчуузай хэмээсэн бөгөөс юунд даган орж ирмүй. Миний энд их бага нийт хэдэн зуун шулам бий, чи хэдий чадалтай боловч миний үүднээс хэрхэн гарч чадмуй.” Бичин өгүүлрүүн: “Чи бүү донгод! Хэдэн зуу байтугай хэдэн түм байсан ч, хүйс тэмтрэн цөм алж үндсийг чинь тасалмуй!” хэмээв.


Тэр шулам сонсоод яаран уулын ар өвөр, дотор гаднахын бүгд шулмаа дуудсанд цөмөөр зэвсэг барилцан хэдэн давхар хаалгыг ив чив бөгж авав. Бичин үзээд тэсгэлгүй баясан гарт шийдмээ барьж “Хувил!” хэмээн нэгэнтээ зандарсанд бие нь гурван толгой, зургаан гартай болж, болд бэрээгээ гурав болгон хувилгаж, зургаан гарт гурван шийдэм эргүүлэн, цусан зам нээж, цохилон гарч ирэх нь үнэхээр догшин барс хонины сүрэгт орж, тас бүргэд тахианы үүрт орсон мэт. Хөөрхий тэдгээр бага шулам оногдсон нь улаан нөж болон, дайрагдсан нь махан талх болжээ, нааш цааш хүнгүй газар явахуйд адил. Тэр үед их шулам нэхэж ирээд хаалганы гадна гарч хараан өгүүлрүүн: “Энэ сармагчин огоот ёсгүй! Юунд миний үүднээ ирж хүнийг барламуй!” Бичин хойш эргэн гараар даллан: “Ир! Ир! Чамайг албаас сая хэрэг төгсмүй” хэмээв.


Тэр шулам эрдэнийн илдээ далайн тэргүүнийг эрэн цавчин орохуйд Бичин шийдмээр угтан авав. Энэ удаа уулны орой дээр үүл хөлөглөн байлдсан нь: 


        Богд Бичиний хувилгаан увидас хэмээхүл, 
        Буг шулмын эрдэм чадал бас ч хэцүү,
        Нэг нь болд бэрээ эргүүлэн занчихуйяа, 
        Нөгөө нь эрдэнийн илдийг далайн угтмуй. 
        Сүрчигнэн ирэх илдний ирээс гэрэл гялсч, 
        Сунган цохилох бэрээний үзүүрээс суунаг татмуй. 
        Урагш хойш зөрөлдөн олон удаа байлдаж, 
        Урван хөрвөн биеэ хамгаалж хэдэн зэрэг дийлдэв. 
        Нэг нь увидас гарган улиран хувилж, 
        Нөгөө нь эрдэм үзүүлэн эрэлхэн байлдмуй. 
        Нэг нь ал нүдээ төгрөглөн урт гараа сунгаж, 
        Нөгөө нь алтан цэцгийгээ бүлтийлгэн атган зэвсэгээ далаймуй.
        Нааш цааш зөрөлдөн зэвсэг тулган байлдаж, 
        Илдээр цавчин шийдмээр тосч ялдар үл хаямуй.
        Бичин вангийн болд бэрээ гурван аргаар хувилан, 
        Буг шулмын эрдэнийн илд зургаан замаар улирмуй. 
        Нэг нь эрдэм чадал хэцүүдээ шулмын эзэн болоод, 
        Нөгөө нь рид шид ихдээ Тансагийг хамгаалан явмуй. 
        Эрэмгий догшин Бичин ван нэн хэцүү болоод, 
        Эрэлхэг сүрхий тэр шулам улам сүр нэмэгдэв. 
        Өрнөш одох Тансагийг хамгаалан ном залахын тулд, 
        Үхэхүй сэхэхүйг үл хайхран өндөр огторгуйд тулалдмуй.


Хоёул тавь, жаран удаа зөрөлдсөний хойно Бичин дотроо: “Миний шийдмийг хориглон чадахуйгаар үзэхүл, үүний сурсан эрдэм мөн хялбар бус, би үүнд нэгэн чөлөө тавьбаас, тэр таних эс танихыг үзсүгэй” хэмээн сэтгээд хоёр гараар шийдмээ дээр өргөхүйд тэр шулам Бичиний аргыг мэдэхгүй, завшаан олов хэмээн бодож, эрдэнийн илдийг гурван замаар улируулан цавчин ирэхүйд Бичин гэнэт шийдмээр түүний илдийг зайлуулж, “навчийг сөхөн тоорыг авах” аргыг хэрэглэн шулмын тэргүүн рүү нэгэнтээ занчсанд тэр шулмын тэргүүн оногдож, бараа туруугүй болон одов. Бич шийдмээ өргөн үзвээс бараа туруугүй болсонд их л хирдхийж: “Хөвгүүн минь чи юунд занчихыг даахгүй нэгмөсөн арилмуй. Хэрвээ үхсэн болбоос хүүр нь байх бөлгөө, лав дутаасан буй за” хэмээгээд яаран огторгуйд дэвхрэн гарч, зүг бүр ажиглаваас огтхон ч бараа сураг үгүй. Бичин бас сэтгэрүүн: “Өвгөн Сүн миний энэ нүднээс юу ч гарч үл чадах бөлгөө, юунд ийм хурдан дутаав. Би мэдлээ, тэр шулам намайг танимуй хэмээн өгүүлсэн бөлгөө, бодвоос тэр ертөнцийн шулам бус, тэнгэрийн орноос ирсэн амьтан буй за.”


Төд тэр их богд ихэд хилэгнэн болд бэрээгээ хурааж нэгэнтээ тонгорцоглон тэнгэрийн өмнө хаалганаа ирсэнд хаалга сахигч эрхтэн нар хоёр гарлан бие мэхийн зогсож аймшиггүй эс хориглов. Тэр их богд шууд гэгээн харшид ирэхэд дөрвөн их адиша асууруун: “Их богд хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Тансагийг хамгаалж Эрдэнэ заант улсад хүрвээс, нэгэн шулам аж, улсын гүнжийг хууран аваад миний багшийг хөнөөхүйд хүрсэнээ өвгөн Сүн би түүн лүгээ байлдан атал гэнэт үзэгдэхгүй болов. Бодвоос ертөнцийн шулам бус, тэнгэрийн оронд ямар нэгэн эрхтэнээ алдсан буй за хэмээн тусгайлан байцаар (байцаахаар) ирэв.” Адишаа нар яаран биндэрьяа эрдэнийн харшид гарч, хурмастад айлтгав. Хурмаст зарлиг буулган байцаалгаваас есөн гараг, арван хоёр эрхтэн, зүүн баруун, өмнө хойно дундын таван Ударасад эзэн, мөрөн голын олон мичид, таван хайрхан дөрвөн бялхмалын эрхтэд, тэнгэрийн бүгд сахиулсан хувилгаан цөм амуй. Дахин бас өмнөд Ударасадын гаднах хорин найман одыг байцааж, дахин дахин тооловч, хорин долоо аж, Ривади од үгүй болжээ.


Адиша дээш мэдүүлж: “Ривади од ертөнцөд буув” хэмээсэнд хурмаст зарлиг болруун: “Хэдий өдөр болов?” Адиша айлтгаруун: “Гурван өдөрт нэг бүрдэх бөлгөө, бүртгэлээс дөрвөнтөө саатсан тул нэгэнтээ арван гурван өдөр болж байнам.” Хурмаст: “Тэнгэрийн орны арван гурван өдөр болбоос, ертөнцийн арван гурван он болой” хэмээгээд хорин долоон одонд зарлиг буулган бариулахаар илгээв. 


Тэр хорин долоон од хурмастын зарлигийг хүлээн, тэнгэрийн хаалгыг гарч, одыг хураамжлах тарни уншсанд Ривади од ихэд цочив. Тэр од хааш дутаав хэмээвээс, их богд тэнгэрийн ордныг ихэд түйвээхийн үес тэр их богдод ихэд дарагдаж цөм хуурсан сахиулсан тул, энэ удаа мөн байлдах санаагүй болж уулан завын дотор шургаж, усны уураар шулмын мананг халхлан, үзэгдэхгүй болжээ. Тэр одыг хураамжлах тарнийн дууг сонсож, сая гарч ирээд олныг дагаж тэнгэрийн орноо эгэв. Их богд хаалганд тосч занчин алсугай хэмээсэнд бүгд од хориглож хурмастад хүргэв. Тэр шулам ташаанд зүүсэн алтан шошгыг гаргаж, хөсөр мөргөн буруугаа хүлээсэнд хурмаст зарлиг болруун. “Тэнгэрийн орноо цаглашгүй жаргалтай атал, чи хулууж ертөнцөд буух нь юун?” Ривади од тэргүүн даран мөргөн айлтгаруун: “Түмэн наст, түшмэл миний үхэх ялыг хэлтрүүлэх болов уу, тэр Эрдэнэ заант улсын гүнж хэмээгч ертөнцийн сүнс бус, хүж баригч тэнгэрийн охин бөлгөө. Тэр надад найр сэтгэлтэй болсноо би арилсан ариун орныг бузарлуузай хэмээсэнд тэр урьдаар ертөнцөд бууж хааны ордонд орж төрөв. Түшмэл би урьдын болзоог үтээрэхгүй хэмээн ертөнцөд буун нэрт уулыг эзлэн шулам болоод түүнийг агуйд авчраад арван гурван жил эр эм болон суув. Өдгөө их богд энд ирж мэдүүлээд хэрэг сая төгсчээ” хэмээсэнд хурмаст түүний алтан шошгыг авч, түшид ордны Дилавын зуухчин болгон яллаж, урьдын пүнлүү цалинг хүртээн, гавьяа байгуулсан цагт тушаалд эгүүлэн, баахан осолдвоос нэмж торгомуй хэмээн эчүүлэв. Бичин үүнийг үзээд их л баясан хурмастад мэхийсхийн, олон эрхтний зүг: “Та олныг зүдээв.” хэмээсэнд адиша нар инээн өгүүлрүүн: “Энэ сармагчин мөн тэр хөдөөх зангаа хаяагүй, үүнд шулмыг хураан өгсөн атал, тэнгэрийн хишигт мөргөхгүй, хоосон мэхийсхиймүй.” Хурмаст зарлиг болруун: “Тэр хэрэг өдөхгүй, тэнгэрийн орон амгалан болбоос завшаан болой.” 


Тэндээс Бич өнгөт үүлнээ хөлөглөн Аяга уулны Хөхөмдөг саран агуйд хүрч ирээд, гүнжийг дуудан гаргаж, ривади од эглийн сэтгэл төрж ертөнцөд бууж шулам болсон учрыг гарган хэлж атал, Гахай Шороо хоёр огторгуйгаас их дуунаар дуудан өгүүлрүүн: “Шулмыг цөм сөнөөв, Шороо өгүүлрүүн: “Тийм болбоос энд удах хэрэггүй, газар товчлох увидсыг үүсгэн гүнжийг улсад нь хүргэсүгэй. Нүдээ анигтун!” хэмээв.


Тэр гүнж нүдээ анимагц чихэнд салхи шуугиж, чимээ сонстон агшин зуур хэдийнээ нийслэл хотдоо ирэв. Тэд гурвуул гүнжийг алтан харшид дагуулан орсонд тэр гүнж эцэг хаан эх хатанд мөргөн, эгч дүү нарт учраад олон сайд түшмэл цөм ирж золгов. Тэр гүнж бас айлтган өгүүлрүүн: “Энэ Сүн овогт тойны цаглашгүй рид хувилгаанд шүтэн, Шар дээлт шулмыг дарж, доорд охин намайг авран гаргаж авч ирэв.” Хаан асууруун: “Тэр Шар дээлт нь чухам ямар шулам буй?” Бичин өгүүлрүүн: “Хааны тавнан болбоос тэнгэрийн Ривади од ажгуу, гүнж болбоос хүж баригч тэнгэрийн охин болой. Эглийн сэтгэл төрөгдсөнөөр ертөнцөд буужээ. Үүнийг хөнгөлж үл болмуй, цөм урьд төрлийн тогтоосон ерөөл барилдлага буй тул ийнхүү эр эм болжээ. Өвгөн Сүн би тэр шулмыг хурмастад айлтган байцаалгаваас, дөрвөн удаагийн бүртгэлээс саатаж арван гурван өдөр болсон нь ертөнцийн арван гурван жил болой. Тийнхүү тэнгэрийн хорин долоон одыг томилж хураан аваачаад түшид ордонд цөлөн гавьяагаар ялыг солихоор эчүүлэв. Өвгөн Сүн би ирж гүнжийг гарган авчирсан нь энэ болой.” хэмээсэнд тэр хаан Бичиний ачид талархаж, багшаа үзэхээр эч” хэмээмүй. 


Тэд гурвуул олон түшмэд лүгээ хамт эрдэнийн харшид гарч ирээд, өрх гэрт орж, төмөр чингэлгийг дамнан гаргаж, тэр хуурмаг барсын гинжийг нь тайлав. Хэдий Бичиний нүдэнд Тансагийн үнэн бие хувилсангүй боловч, өөр хүн үзвээс нэгэн барс болон ажээ. Үзвээс тэр Тансаг нь шулмын увидаст дарагдаад дотор нь хэдий саруул боловч хэлж хөдөлж чадахгүй болжээ. Бичин инээн өгүүлрүүн: “Аяа, багш минь, чи нэгэн сайн тойн бөлгөө, юунд ийм муухай дүрстэй болов? Чи намайг нүгэлтэй хэмээн үлдэж, гагц сэтгэлээр буян үйлдэх хэмээсэн атал агшин зуур юунд энэ мэт шинжгүй болов?” Гахай өгүүлрүүн: “Ах минь, багшийн ярыг малтаад юу хиймүй? Түүнийг аврах ажааму.” Бичин өгүүлрүүн: “Аливаа хэрэгт чи цөм хатгамуй, чи түүний хайрт шавь тул аврахгүй бас өвгөн Сүн намайг хэлэх нь юун? Би чамд шулмыг дарж намайг хараасан өшөөгөө авсны хойно, даруй хойно эгмүй хэмээн хэлсэн бус уу” Шороо урагш давшиж сөгдөн өгүүлрүүн: “Ах минь, эртний үгэнд “Бурсан хуврагийн нүүрийг бодохгүй боловч бурхан Бодисадвагийн нүүрийг бодмуй” хэмээжээ. Ах нэгэнтээ энд ирсэн тул хэрхэвч түүнийг аврах ажааму. Бид аварч чадах аваас чамайг юунд төдий холоос залмуй” хэмээсэнд Бичин гараараа түшин босгож “Би ямар сэтгэлээр үзэж байгаад үл авармуй? Түргэн ус авчир!” хэмээсэнд тэр Гахай яаран буудлын газар хүрч, морь юмаа авч, бадрын аягаа гаргаад ус хийж Бичинд барив. Бичин усыг аваад тарни уншин, барсын толгой дээр нэгэн ам үлээн сүрчсэнд тэр даруй шулмын увидас арилан барсын уур сарнив. 


Тансагийн үнэн бие илрээд, сэтгэлийг тогтоон, нүдийг сөхөж Бичинийг таниад түүний гараас барин өгүүлрүүн: “Чи хаанаас ирэв” хэмээтэл, Шороо хажуунаас Бичинийг залж шулмыг дарсан, гүнжийг гаргаж, барсын уурыг арилгасан, бас энд хүрч ирснийг нэгэн зэрэг тоочин хэлсний хойно Тансаг тэсгэлгүй баясан өгүүлрүүн: “Мэргэн шавь минь би чамайг хилсдүүлэв! Эртхэн баруунш одож ном залж ирсний хойно чиний тэргүүнийг Тан хаанд айлтгасугай” Бич инээн өгүүлрүүн: “Болтугай! Болтугай! Тэр тарниа уншихгүй болбоос намайг хайрласан нь тэр болой.” хэмээснээ хаан сонсоод тэр дөрвүүлийг ятган хэлж, цагаан цав барив. Багш шавь дөрвүүл хаанаас салаад баруунш одов. Энэ үнээр хаан эзэн харшид буцан улс гүрнийг тогтоон хувраг нар бурханд мөргөхөөр хутагтны орныг зорив. Чухам үүнээс хойш бас ямар явдал тохиолдон хэзээ Энэтхэгийн оронд хүрэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 44 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 32 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 1 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 5 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 47 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 20 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 24 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 24 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 58 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 7 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 17 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 2 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 56 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 20 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 21 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 36 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК