зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ҮНЭН ЧАНАРЫГ БУРУУ НОМ БАЧЛАВ
ӨРЛӨГ СҮЛД УГ СЭТГЭЛИЙГ ТУСЛАВ


Өгүүлэх нь, тэр шулам Гахайг барьж агуйд ирээд Алтан эвэрт шулмын зүг өгүүлрүүн: “Тэдний дотроос нэгийг нь барьж ирэв.” Тэр Алтан эвэрт шулам алсхийн баясч: “Авчир, би үзсү” хэмээсэнд Мөнгөн эвэрт шулам: “Энэ бус буюу?” хэмээв. Тэр Алтан эвэрт шулам үзээд ийн өгүүлрүн: “Дүү чи буруу барьжээ, энэ тойн ямар ч хэрэггүй юм.” Гахай мөн түүний үгийг дагуулж өгүүлрүүн: “Их ван хэрэггүй тойныг үлдээж юу хиймүй, тавьбаас барав!” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Ах минь, энэ хэдий хэрэггүй боловч, Тансагийн шавь Гахай хэмээгч болой. Тавьж болохгүй, үүнийг түр хойд хүрээнд ариун нуурт орхиж, хир буртаг нь арилсан хойно давслан хатааж зуд шуургантай өдөр архин зууш хийсүгэй.” Гахай үүнийг сонсоод өгүүлрүүн: “Булай болов. Нэгэн давсалсан махны худалдаачинд таарсан ажгуу!” хэмээтэл тэдгээр бага шулам хэдийнэ ирж дамнан аваачаад усанд орхисныг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Тансаг хөтлийн өмнө сууж, чих хангинан нүд татаж, сэтгэл амаргүй болоод Бичинийг дуудан өгүүлрүүн: “Гахай уулыг цагдахаар гараад юунд өдий их удав?” Бичин өгүүлрүүн: “Багш бас түүний сэтгэлийг үл мэдэх буюу?” Тансаг өгүүлрүүн: “Түүнд ямар сэтгэл буй?” Бичин өгүүлрүүн: “Багш минь, энэ ууланд шулам буй бөгөөс тэр нэг алхам ч явахгүй, хэдийн цуу гарган надад ирж мэдүүлэх буюу, санаваас шулмын зам төвшин тул шууд одсон буй за.” Тансаг өгүүлрүүн: “Хэрвээ шууд одсон болбоос, энэ эзгүй уулан газар хаа хүрч уулзмуй?” Бичин өгүүлрүүн: “Багш бүү зов, мориндоо морд, тэр манхуу хашин хойрго тул алхах нь лав удаан буй за. Багш морио баахан шавдаж, түүнийг гүйцээд хамт явбаас барав.” хэмээсэнд Тансаг морио унаж, Шороо дамжуураа дамнан, Бичин өмнөд удирдан ууланд орон эчив.


Өгүүлэх нь, тэр Алтан эвэрт шулам бас Мөнгөн эвэрт шулмыг дуудан өгүүлрүүн: “Дүү чи Гахайг барьж ирэв, Тансаг лав баймуй, чи дахин гарч уулыг цагдаад хэрхэвч түүнийг тавин гаргаж болохгүй.” Мөнгөн эвэрт шулам: “Мөн! Мөн! Даруй одмуй.” хэмээгээд тавин бага шулмыг дагуулан уулыг цагдаар эчив. 


Ийн цагдаж яван атал, гэнэт зүүн зовхисоос өлзийт үүл эвхрэлдэж бэлэгт униар хөвөлзөв.


Тэр шулам олондоо ийн өгүүлрүүн: “Тансаг айсуй.” Олон бага шулам асууруун: “Тансаг хаа буй?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Буянтай хүн залрахуйд бэлгэт үүл бүрхэх буюу, буг шулам явахуйд будан хүдэн дагалдах буюу, тэр Тансаг хэмээгч алтан цалцагын бүрэлба, арван төрөл ариун бясалгал хийсэн хүн тул тийнхүү бэлгэт үүл биеийг ороожээ.” Олон шулам цөм олж үзэхгүйд тэр шулам хуруугаар зааж: “Тэр ирэгч бус буюу?” хэмээсэнд Тансаг морины дээр нэгэнтээ дагжив. Ийнхүү гурвантаа заасанд гурвантаа дагжив. Төд Тансаг амаргүй болж өгүүлрүүн: “Шавь минь, ямар учирт миний бие дэмий л дагжмуй?” Шороо өгүүлрүүн: “Жихүүцэн даардас хүрэх нь идээнээс гэмтсэн буй за.” Бич өгүүлрүүн: “Дэмий донгодмуй, багш энэ аглаг уул өндөр даваанаа явахуйд лав жихүүцэн айсан буй за. Багш бүү ай! Өвгөн Сүн би шийдэм сөрж чиний сүр сахиусыг тогтоон дарсугай.” хэмээгээд тэр Бичин морины өмнө явж дөрвөн зүг, найман зовхист шийдэм улируулан сөрөв. Тансаг морины дээрээс үзвээс, Бичиний эрдэм үнэхээр дэлхий дахинаа хосгүй ажгуу. 


Зам нээн шууд урагш одохуйд, тэр шулам уулан дээрээс үзээд, сүнс сарнин сүг завхаж, арай эс унаж дуу алдан өгүүлрүүн: “Урьд их богдын алдрыг сонссон бөлгөө, энэ өдөр үзвээс үнэхээр нэрийг гутаасангүй.” Олон шулам урагш давшин ийн өгүүлрүүн: “Их ван, юунд түүнийг магтаж, бусдын сүрийг бадруулан, өөрийн зоригийг мохоомуй?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Бич хувилгаан эрдэм нэвтэрсэн тул тэр Тансагийг барихуйд бэрх болой.” Олон шулам өгүүлрүүн: “Хоёрдугаар их ван та хүчрэхгүй болбоос, бид одож их ванд мэдүүлэн, агуйн хөгшин залуу олныг цөм гаргаж, жагсаал жагсаан хүчлэн байлдваас, түүнийг барихуйд зовох учир юун?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Түүний тэр төмөр шийдэмд түмэн эрийг тэнцэх хүчин ахуг та нар юуны мэдэх ажээ. Манай агуйн дөрөв таван зуун цэрэг яахан түүний нэгэн шийдмийг даамуй?” Олон шулам өгүүлрүүн: “Тийм болбоос Тансагийг идэж чадахгүй, харин эндүүрэн Гахайг барив? Өдгөө түүнийг тавьбаас барав.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Түүнийг эндүүрэн барьсан буюу, юунд тийм хялбар тавьмуй. Өдгөө барин идэхүйд баахан бэрх болбоос хожим эрхбиш Тансагийг идэх буй за.” Олон шулам өгүүлрүүн: “Тийн болбоос хэзээ барьж идмүй?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Дэмий удахгүй, би үзвээс тэр Тансагийг гагц сайнаар удирдан барихаас өөр хүчлэн барьж үл болмуй. Хэрвээ хүчлэн барьсугай хэмээвээс, барихуйг байтугай ойртож үл болмуй, гагц сайнд удирдан түүний сэтгэлийг олсны хойно арга үүсгэн барьваас болох болой.” Олон шулам өгүүлрүүн: “Их ван аргаар түүнийг барих болбоос биднийг хэрэглэх буюу?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Та бүгдээр цайздаа эгтүгэй, үүнийг их ванд мэдэгдэж үл болмуй. Түүнд мэдэгдвээс лав чимээ сэрэгдэж миний аргыг эвдэхүйд хүрмүй. Надад түүнийг барих хувилгаан эрдэм буй.”


Олон шулам агуйдаа буцав. Тэр шулам уулаас бууж, замын хажууд нэгэнтээ хөрвөмөгц нэгэн хөгшин бумба болон хувилав. Түүний чимсэн нь: 


        Бумбын малгай тэргүүнд өмсөж,
        Буурал гэзгээ сул тавьжээ.
        Өдөн дээл дээгүүр өргөн бүс бүслэн
        Үүлэн шаахайд шар угалз ороожээ.
        Царай өнгө цуг сүлдтэй арш хувилгаан мэт,
        Цогцос бие чийрэг тэнхлүүн архад хутагтан адил.
        Ариун арш аруудхан бумбыг дурдах учир юун,
        Аван үзэхүйеэ авир дүр нь адиша багшаас хэтийдмүй.
        Хуурмаг дүрээ хувилсан нь үнэн бие лүгээ адил
        Хоосон явдал зохиосон нь бодит хэрэг мэт.


Тэр шулам замын хажууд хөл нь хугарсан бумба болон хувилж, хөлөөсөө цус гоожуулан амандаа “Амь авар! Амь авар!” хэмээн ёолон хэвтмүй.


Тэндээс Тансаг, Бичин, Шороон эрдэмд эрдэж, баяртайгаар яван атал, “Багш минь, амь авар!” хэмээх дуун сонстов. Тансаг өгүүлрүүн: “Энэ эзгүй ууланд айл тосгон үгүй атал, ямар хүн ийн дуудмуй? Лав араатнаас айсан хүн буй за” хэмээгээд морио татаж: “Чи ямар хүн бэ? Гарч ир.” хэмээн дуудсанд, тэр шулам өвсөн дотроос мөлхөн гарч ирээд, Тансагийн морины өмнө толгой өргөлгүй мөргөхүйд Тансаг морины дээрээс үзвээс, нэгэн өтгөс бумба тул, дотор маш энэрэн мориноосоо бууж гараас нь тэтгэн, “Босогтун, босогтун.” хэмээсэнд тэр шулам “Өвдмүй, өвдмүй” хэмээв. Тансаг гараа тавин харваас, түүний хөлөөс цус цувран байхуйг үзээд цочин асууруун: “Та хаанаас ирэв? Хэрхэн хөлөө гэмтээв?” Тэр шулам хуурч өчрүүн: “Багш минь, энэ уулны баруун этгээдэд нэгэн сүм буй, би тэр сүмийн бумба бөлгөө” Тансаг өгүүлрүүн: “Чи сүмдээ сууж хүж зул барин ном уншихгүй, энд юунд явмуй?” Шулам өгүүлрүүн: “Урждар уулны өмнөх өглөгийн эзэн биднийг залж гүрэм хийлгэсэн бөлгөө. Орой болж хойш эгэх замд, гэнэт нэгэн эрээн барс хүрч ирээд миний шавийг зууж аваачив. Ядуу бумба айн гүйсээр чулуун дээр нэгэнтээ бүдрэн унаж хөл минь гэмтээд, эгэх замаа олохгүй болжээ. Энэ өдөр бурхны авралаар багшид олж учрав. Түмэнтээ гуйх нь багш нигүүлсэж, миний амийг аврах ажааму. Сүмдээ олж эгвээс, биеэ худалдаж, амиа арилживч ачийг сааргүй хүндэд хариулмуй.” Тансаг үнэмшиж өгүүлрүүн: “Бумба багш, чи бид цөм нэгэн адил гэрээс гарсан хүн, би тойн гэхүл чи бумба. Дээл малгай хэдий өөр боловч бясалган үйлдэх ёсон нь цөм адил болой. Би чамайг эс аварваас тойн хүний явдал бус. Би чамайг аварсан ч хөл чинь гэмтээд явж чадахгүй болжээ.” Шулам өгүүлрүүн: “Би зогсож мөн дийлэхгүйд, хэрхэн явж чадмуй?” Тансаг өгүүлрүүн: “Болтугай! болтугай! Би мөн алхаж болох тул чи миний морийг унатугай. Сүмд хүрсэн хойно надад эгүүлж өгвөөс барав.” Тэр шулам өгүүлрүүн: “Багшийн энэрэл хайрт гүн талархмуй. Хэдий тийн боловч хөл минь хугарсан тул морь унаж чадахгүй.” Тансаг: “Тийн болой.” хэмээгээд Шороог дуудаж: “Чи юмаа миний морин дээр ачаад үүнийг үүрэгтүн” хэмээсэнд Шороо “Би үүрсүгэй” хэмээв.


Тэр шулам хойш хандан ширвэн үзээд өгүүлрүүн: “Аяа, багш минь би сая тэр догшин барсаас их л айсан тул, энэ цэнхэр нүүрт багшийг үзээд нэн аймуй. Айшгүй түүнээр үүрүүлэхгүй.” Тансаг өгүүлрүүн: “Тэр болохул Бичин үүртүгэй.” Бич яаран: “Би үүрсүгэй” хэмээхүйд тэр шулам Бичийг таньж, чив хэмээн түүнээр үүрүүлэх санаатай тул, дуун эс гарав. Шороо инээн өгүүлрүүн: “Энэ томоогүй хөгшин бумба! Би үүрсүгэй хэмээвээс болохгүй, харин түүнээр үүрүүлмүй. Тэр багшаас далдалж чамайг чулуун дээр савж шөрмөсийг чинь таслах болой.” хэмээв. Бичин түүнийг үүрээд аман дотроо өгүүлрүүн: “Энэ муу шулам айшгүй над лугаа халдмуй! Өвгөн Сүн би хэдий жил давс идсэнийг чи мэдэх буюу! Чи Тансагийг хуурч чадах буй за, намайг яахан хуурч чадмуй? Чи болбоос энэ уулны шулам болохыг би таньмуй! Бодохул чи миний багшийг идсүгэй хэмээх буй за, миний багш зүв зүгээр чамд идэгдэх буюу! Үнэхээр идсүгэй хэмээвээс их хагасыг өвгөн Сүн надад хуваан өгөх хэрэгтэй.” Тэр шулам Бичиний ийн түднэн өгүүлэхийг сонсоод: “Багш минь, би сайн хүний үр болой, энэ өдөр барсын зовлонд учрав, би шулам бус.” Бичин: “Чи барсаас айх болбоос юунд “Умараа ударасад”-ын номоо эс уншмуй?” хэмээсэнд, Тансаг хараахан морилон явахуйяа түүний ийн өгүүлэхийг сонсоод хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин чи! Хүний нэгэн амийг аварваас, долоон давхар суварга цогцолсон лугаа адил буюу, түүнийг үүрэх болохул үүрвээс барав, бас юуны “Умар ударасад”, “өмнө ударасад”-ын ном унш хэмээмүй!” Бичин өгүүлрүүн: “Энэ дамшигийн зол таарчээ! Миний багш болбоос буянд дуртай энэрэнгүй сэтгэлт хүн, бас баахан өөр хүнийг өр өвдөн өөрийн хүнээ хардах зантай болой. Би чамайг эс үүрсүгэй гэхүл, тэр намайг буруушаамуй, үүрэх нь үүрэвч урьдаар хэлэлцэн тогтох нь: хэрвээ бааж шээх бөгөөс урьдаас хэлэх хэрэгтэй, нуруун дээр гоожуулаад, шинхэг үнэр тарьж, хувцас дээлийг бузарлаваас надад угааж өгөх хүн үгүй.” Тэр шулам өчрүүн: “Би хэдий настай болоод үүнийг эс мэдэх ёс буюу?” хэмээсэнд Бичин сая түүнийг үүрээд Тансаг Шороон хамт их замаар баруунш одов. Уулан зам тэгшгүй тул Бичин зориуд алгуур яван, багш юугаа урьдчилан эчүүлэв.


Дөрөв таван газар явсангүй, багш нь Шороо лугаа уулны хотгорт орж үзэгдэхгүй болсонд, Бич дургүйцэн сэтгэрүүн: “Багш, ахимаг хүн атал, огоот учир мэдэхгүй. Хол замд хоёр чих ч хүнд санагдах атал, бас энэ шулмыг надад үүрүүлмүй! Шулам байтугай, сайн хүн болсон ч мөн үхэж болох насанд хүрчээ. Нэг л савж алсугай, үүнийг үүрч яамуй?” хэмээгээд хараахан савсугай хэмээн санан атал, тэр шулам мэдээд, тарни уншин “Уулыг нүхлэн далайг юүлэх” увидас хэрэглэн, сүмбэр уулыг нүхлэн авчирч, Бичиний толгой руу дарахуйд, Бичин яаран толгойгоо далжийсанд зүүн мөрийг нь дарав. Бичин инээн өгүүлрүүн: “Хөвгүүн минь, чи юунд бие хүндрүүлэх увидас хэрэглэн өвгөн Сүн намайг дармуй? Энэ харин гайгүй, гагц “Тэнтэй болбоос дамнахуйд сайн, тэнгүй болбоос дамнахуйд муу болой.” Тэр шулам: “Нэг уул түүнийг дарж дийлэхгүй хэмээн!”дотроо сэтгэн тарни уншин Э Мэй уулыг нүүлгэн авчирч дарав. Бичин бас толгойгоо далжийсанд, баруун мөрийг нь дарав. Хоёр мөрөнд дамнаад ажиггүй багшаа нэхэн нисэх мэт гүйхийг үзээд, тэр шулам цочин гэлмэж, бүх биеэс хөлс асгаран: “Энэ бас уул дамнан чадмуй!” хэмээгээд бас тарни уншин Дайшан уулыг нүүлгэн авчирч, толгой дээр нь дарсанд Бичиний хүч сулран сүнс зайлж, сүг завхав.


Тэр шулам увидас хэрэглэн Бичинийг дараад, хуй салхи хөдөлгөн огторгуйд дэгдэж, гар сунган Тансагийг мөрөн дээрээс шүүрэн аваар ирэхүйд Шороо яаран юмаа таягдан эрдэнийн шийдмээ далайн угтан авав. Тэр шулам долоон одот сэлмээ гаргаж, угтан байлдав. Энэ нэгэн зэрэг байлдсан нь: 


        Атган зэвсэг сэлэм шийдэм зөрөлдөхүйеэ
        Алтан гэрэл зурвас зурвас цацармуй
        Нэг нь нүд төгрөглөн хар мангас мэт,
        Нөгөө нь царай хөхрөн хилэнт махаранз адил 
        Тэр шулам чадал гарган Тансагийг барьсугай хэмээхүйеэ
        Энэ Шороо хүчлэн байлдаж багшаа үхэн хамгаалмуй.
        Тэр хоёул үүл манан дэгдээн агаарын нарыг халхалж,
        Элс шороо хийсгэн алтан дэлхийг бүрхжээ.
        Цааш нааш байлдан есөн удаа зөрөлдөөд
        Шороон чадал бууран хүчин дарагдав.


Тэр шулам маш хэцүү, эрдэнийн сэлмээ цавчин ирэх нь суунаг татан, солир харвах адил тул Шороо эс тэсэн хойш буруулахуйд, тэр шулам хэдийнэ эрдэнийн шийдмийг сэлмээр зайлуулаад их гарыг сунган Шороог базгадан авч зүүн суганд хавчуулан, баруун гараар Тансагийг морин дээрээс шүүрэн авч, боодолтай юмыг хөлөөр дүүжлэн, бөх цагаан морины далаас амаар зууж, нэгэн зэрэг салхи хөдөлгөн, Бадам лянхуа агуйд хүрээд, өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Ах минь, тойныг цөм авч ирэв” хэмээв.


Их шулам үүнийг сонсоод маш баясан өгүүлрүүн: “Авчир, би үзсүгэй.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Энэ байх бус уу?” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Мэргэн дүү минь, бас бурууг авчирчээ.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Чи Тансагийг барьсугай хэмээсэн бөлгөө.”Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Энэ нь Тансаг мөн, гагц тэр чадал ихт Бичинийг барьсангүй. Түүнийг барьсан хойно Тансагийг сая идэж болмуй. Түүнийг барихаас урьд нэгийг ч хөдөлгөж үл болмуй. Тэр Бичиний хувилгаан эрдэм цаглашгүй, бид хэрвээ түүний багшийг идвээс, тэр зүгээр тавих буюу? Үүдэнд ирж үймүүлэн түйвээвээс бид яахан амар амьдарч чадмуй.” Мөнгөн эвэрт шулам инээн өгүүлрүүн: “Ах, түүнийг хэтэрхий магтав. Чиний хэлэх бээр болбоос, түүний эрдэм нь орчлон дэлхий дээр хосгүй болой. Би үзвээс дэмий эрдэм үгүй.” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Чи барьсан буюу?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Би түүнийг гурван их уулаар дарсанд, тэр нэгэнтээ өчүүхэн төдий ч хөдлөн чадахгүй болжээ. Тийнхүү сая Тансаг, Шороо, морь, боодлыг цөм авч ирсэн бөлгөө.” Алтан эвэрт шулам үүнийг сонсоод маш баясан өгүүлрүүн: “Сайн! Сайн! Тэр дамшигийг барьсан бөгөөс Тансагийг идэж болмуй” хэмээгээд бага шулмыг дуудан: “Түргэн архи бэлтгэ, дүүгийн гавьяа байгуулсанд нэгэн хундага барьсугай” хэмээсэнд Мөнгөн эвэрт шулам: “Ах архийг түр байтугай, хүүхдээр тэр Гахайг уснаас гарган дүүжлүүлсүгэй” хэмээгээд, Гахайг гаргаж зүүн саравчинд дүүжилж, Шороог баруун саравчинд дүүжилж, Тансагийг дунд саравчинд дүүжлээд бөх цагаан морийг онгоцонд оруулан, амьтай юмыг хураан аваачив.


Алтан эвэрт шулам инээн өгүүлрүүн: “Мэргэн дүүгийн эрдэм үнэхээр хэцүү ажгуу! Хоёр удаад гурван тойныг барьжээ. Бичийг уулан доор дарсан боловч ямар нэгэн аргаар авч ирэн хамт чанаж идвээс сая сайн бөлгөө.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Бичийг авчирсугай хэмээвээс бид эчих хэрэггүй, хоёр хүүхдэд хоёр зүйлийн эрдэнэ өгч, дотор нь хийлгэж авчирваас барав.” Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Ямар хоёр зүйлийн эрдэнийг өгч илгээмүй?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Миний тэр “Улаан алтан хул”, чиний тэр “Цагаан хасын хумх”-ыг өгч илгээе” хэмээсэнд Алтан эвэрт шулам эрдэнээ гаргаж өгүүлрүүн: “Хэнийг илгээвээс зохимуй?” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Хэрсүү золиг, Самбаат дүвж хоёрыг илгээсүгэй” хэмээгээд дуудан өгүүлрүүн: “Та хоёул энэ хоёр эрдэнийг аван өндөр уулын оргилд гарч, ёроолыг нь дээш, амсрыг нь доош хандуулан бариад “Бичин” хэмээн дууд. Тэр хэрвээ хариу өчвөөс даруй үүний дотор орох бөлгөө. Тэр даруй энэ “Ядам шанравын зарлиг ёсоор даруй болтугай” хэмээх тарниар амсрыг битүүмжлэн наагтун, нэгэн цаг гурван мөчийн дотор тэр даруй хайлж идээ шүүс болох болой” хэмээв. Тэр хоёр бага шулам мөргөн ёсолж, эрдэнийг авч одохыг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Бичин уулын доор дарагдаад зовлон учирваас Тансаг юугаа санагалзан, гамшиг тохиолдвоос багш юугаа дурдан, их дуунаар бархиран өгүүлрүүн: “Багш минь, эрт өдөр чи хязгаарын ууланд хүрээд маанийн зургаан үсгийг шагайлан авч, өвгөн Сүн миний зовлонг арилган, шашны үүднээ оруулав. Би Бодисадвагийн зарлигийг хүлээн чам лугаа ном бясалган, ерөөл тавиланг нэгтгэн, үзэх мэдэхийг хамтатгасугай хэмээлээ. Энэ газар ирээд, энд шулам лугаа уулзан уулан доор дарагдахыг хэн саналаа. Хайрхан болой! Чиний үхэх цаг болов, гагц Шороо, Гахай, бөх цагаан морь зэрэг нэгэн үеийн чигч сэтгэлтэн чамайг дагаж зовлон амсав. Энэ үнэхээр: Аварга мод салхин урьж сажлан савлаж, алдарт хүн атгаг үүсгэн биеэ хөнөөмүй хэмээгч нь болой!” хэмээгээд нүдний нулимсыг бороо орох мэт асгаруулав.


Энэ уйлсан нь хэдийн уул усны навдаг, савдаг, таван орны кирди нарыг цочоов. Тэр алтан толгойт кирди хэдийн хүрч ирээд: “Энэ уул хэнийх вэ?” хэмээн асуусанд савдаг өчрүүн: “Минийх бөлгөө” “Чиний уулан доор дарсан нь хэн бэ?” Савдаг өчрүүн: “Хэн болохыг мэдэхгүй,” тэр кирди өгүүлрүүн: “Та нар үл мэдмүй, тэр уулан дор дарагдаж байх нь, таван зуун жилийн өмнө тэнгэрийн ордныг их л түйвээсэн тэнгэр лүгээ чацуу их богд Бичин болой. Өдгөө бурхны номд орж, Тансагийг даган шавь болжээ. Чи юунд уулаа шуламд өгч, түүнийг даруулмуй? Та нар үхсүгэй хэмээмү. Тэр хэрвээ хэзээ нэгэн цагт бие мултран гарч ирвээс таныг уучлах буюу! Адаг багадаа орны савдагийг улаач болгож, уулын эзнийг цэрэгт цөлөөд биднийг мөн буруу хүлээлгэмүй.” Тэдгээр навдаг, савдаг, сахиулсан эрхтэн нар сая ихэд гэлмэж өгүүлрүүн: “Бид үнээр мэдсэнгүй. Гагц тэр шулам уул нүхлэх тарни уншсанд аргагүй уулыг авчирч өгөв. Их богдыг дарахыг хэн мэдэв.” Кирди өгүүлрүүн: “Та нар айх хэрэггүй, хуульд өгүүлсэн нь: “Үл мэдэгчдэд ялгүй” хэмээжээ.” Би чам лугаа зөвдөж түүнийг тавин гаргасу, тэр гарч ирээд биднийг занчихыг байлгасугай.” Савдаг өгүүлрүүн: “Тавин гаргаж атал, бас занчих буюу? Даанч ёсгүй болой.” Кирди өгүүлрүүн: “Чи мэдэхгүй болой, түүнд нэгэн чандмань бэрээ буй, маш хэцүү: цохигдвоос үхмүй, хавьтваас шархадмуй, шүргэгдвээс шөрмөс тасран арьс шалбармуй!”


Тэдгээр навдаг савдаг сахиулсан эрхтэн нар үүнийг сонсоод, их л гэлмэгдэн айж, кирди лүгээ хэлэлцэн тогтоод гурван уулны өмнө ирээд дуудан өгүүлрүүн: “Навдаг, савдаг сахиулсан эрхтэн таван орны кирди нар золгоор ирэв.” Барс эцэвч баатар сүрээ алдахгүй хэмээсэн мэтчилэн тэр их богд мөнхүү омогтойгоор: “Надад золгож яамуй?” хэмээн их дуунаар асуусанд савдаг өчрүүн: “Их богдод мэдэгдэх нь уулыг нүүлгэн чамайг гаргасугай хэмээмүй. Өчүүхэн эрхтэдийн үл хүндэлсэн ялыг уучлах ажааму.” Бичин өгүүлрүүн: “Уулыг нүүлгэвээс, би таныг занчихгүй” хэмээгээд бас “Түргэн нүүлгэ!” хэмээн нэгэнтээ зандарсанд, олон сахиулсан тарни уншин, уулыг цөм уг оронд нь эгүүлж Бичийг гаргав. Бичин харайн босч, биеэ шилгээж шороогоо гөвөөд, хормойгоо шууж, чихэн дотроос шийдмээ гарган олон сахиулсаныг дуудан өгүүлрүүн: “Нааш ир, хүн бүрийг урьдаар хоёр шийдэм шийдэмдэж, өвгөн Сүн миний бухимдлаа тайлсугай.” Олон сахиулсан их л гэлмэгдэн өгүүлрүүн: “Их богд уучилсугай хэмээсэн бөлгөө. Юунд гарч ирмэгц үгээ буцаж биднийг занчсугай хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Та нар өвгөн Сүн надаас айхгүй, харин шулмаас айх нь юун?” Савдаг өчрүүн: “Тэр шулмын хувилгаан увидас адбиш хэцүү, тарни уншваас биднийг агуйдаа дуудан аваачиж өдөр бүр жасаалуулмуй” хэмээв.


Бичин жасаалуулмуй хэмээх үгийг сонсч их л цочин, тэнгэрийг ширтэн, өндөр дуунаар өгүүлрүүн: “Тэнгэр! Тэнгэр! Балар харанхуй анх ялгаран тэнгэр газар сая тогтохуйн цагт, Цэцэг жимст уулнаа би төрлөө. Дэлхийг тойрон дээд эрдэмт багшийг мохтол эрэн мөнхийн шидийг олов. Би салхины аяар хувилан, барсыг номхотгон, лууг дагуулахуй эрдмээр тэнгэрийн орныг ихэд түйвээж, тэнгэр лүгээ чацуу их богд хэмээх нэрийг олсон атал, навдаг савдаг, сахиулсан эрхтнийг дураар зарсангүй. Өдгөө энэ шулам огоот ёсгүй, юунд айшгүй олон сахиулсаныг боолчлон зарж жасаалмуй? Тэнгэр минь, өвгөн Сүн намайг төрүүлсэн атал, бас юунд энэ шулмыг төрүүлмүй?” хэмээв. 


Тэр Бичин хараахан шүүрс алдан атал уулны заваас гэрэл цацрахыг үзээд өгүүлрүүн: “Та нар тэр агуйд жасаалж байсан тул аливаа явдлыг мэдэх буй за. Тэр гэрэл цацрагч юу буй?” Савдаг өчрүүн: “Тэр нь шулмын эрдэнийн гэрэл болой, лав эрдэнээр чамайг бариулаар илгээсэн буй за.” Бичин өгүүлрүүн: “Энэ харин нэгэн сайхан наадам байнам! Би та нараас асуусугай, тэр шулам ямар хүн лүгээ нөхөрлөмүй.” Савдаг өгүүлрүүн: “Тэр бөгөөс үрэл бүтээн эм найруулахуйд бахтай бөгөөд бумба лугаа нөхөрлөхүйд дуртай.” Бичин: “Тэр нэгэн бумба болон хувилж миний багшийг хууран аваачжээ. Таныг занжихуйг байсугай, өвгөн Сүн би өөрөө түүнийг барьсугай, та нар харигтун” хэмээсэнд тэдгээр сахиулсан дэгдэн эчив.


Бичин биеэ нэгэн хөгшин бумба болгон хувилгав. Түүнийг яахан чимсэнийг үзвээс: 


        Тэргүүний үсийг өндөр шанхлан ороогоод
        Тэгш биед шармал дээл өмсчээ.
        Ганди дамарыг гарын аяар тогшин, 
        Гадуур даруулан гөрмөл бүс бүсэлжээ.
        Удалгүй шулам хүрч ирвээс,
        Урхи торыг Бичин ван тавихаар
        Их замын хажууд хажуулан
        Ирэх шулмыг цөхрөлгүй хүлээжээ.


Удалгүй тэр хоёр шулам хүрч ирсэнд, Бичин болд бэрээгээр хөлийг нь торгоосонд шулам бүдрэн ойчоод мөлхөн босч, Бичиний зүг ийн өгүүлрүүн: “Бүтэлгүй амьтан! Хэрвээ манай их ван таны зэргийн бумба нарыг эс хүндэлдэг бөгөөс чамайг зүгээр үл тавих бөлгөө.” Бичин инээн өгүүлрүүн: “Бумба, бумба лугаа учирваас цөм нэг гэрийн хүн бөгөөтөл юунд зүгээр үл тавих хэмээх үгийг өгүүлмүй?” Тэр шулам өгүүлрүүн: “Чи юунд энд унтаж, миний хөлийг торгоомуй?” Бичny өгүүлрүүн: “Таны мэтийн бага бумба, хөгшин бумба надад золгохуйд унаж тусахаар уулзсаны бэлэг болговоос зохих буюу.” Шулам өгүүлрүүн: “Манай их ван мөн хэдэн лан мөнгөний бэлэг авдаг бөлгөө, чи юунд унаж тусахаар уулзсаны бэлэг болгомуй? Манай эндэхийн суртал бус, чи лав өөр орны бумба буй за.” Бичин өгүүлрүүн: “Би үнэхээр эндэхийн хүн бус, Пэн Лайхэмээх арлаас ирсэн болой.” Тэр шулам өгүүлрүүн: “Сонсвоос тэр Пэн Лай арал хэмээгч далай хойгийн хувилгаан сахиулсаны суусан орон хэмээдэг бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Би хувилгаан бус, өөр хэн хувилгаан болох вэ?” хэмээсэнд, тэр хоёр шулам маш баясан урагш давшиж өгүүлрүүн: “Манай зэргийн махан нүдтэй, энгийн амьтан, их хувилгааныг эс танин, үгээр дайрсан бурууг уучилму.” Бичин өгүүлрүүн: “Би буруушаахгүй, энгийн үгэнд “Хувилгаан хүн хог тоост ертөнцөд үл одох” хэмээх тул та нар юуны намайг танимуй? Танай энэ ууланд ирж нэгэн хувилгаан болох хувьтай хүнийг эрж шавь болгосугай хэмээн ирсэн бөлгөө, аль нь намайг дагаж одох вэ?” хэмээсэнд тэр хоёр шулам: “Би дагасугай! Би дагасугай!” хэмээн тэмцэн өчнөм.


Бичин зоримогоор асууруун: “Та хоёул хаанаас ирэв?” Шулам өчрүүн: “Бид Бадам лянхуа агуйгаас ирсэн бөлгөө,” “Хааш одсугай хэмээмүй,” Шулам өчрүүн: “Манай их вангийн зарлигаар Бичинийг бариар одмуй.” Бичин асууруун: “Тэр Тансагийг дагаж ном залаар одогч Бичин буюу?” Шулам өчрүүн: “Мөн, мөн чи түүнийг таних буюу?” Бичин өгүүлрүүн: “Тэр сармагчин даанч ёсгүй бөлгөө, би түүнийг таних бөгөөд би бас түүнд хорсном бөлгөө. Би таныг туслан түүнийг барьж гавьяа бүтээсүгэй.” Шулам өчрүүн: “Багш минь, та бидэнд туслах хэрэггүй, манай хоёрдугаар их ван хувилгаан увидас хэрэглэн, түүнийг гурван их уулаар хөдөлж чадахгүй болтол дараад, бид хоёрт эрдэнээ өгч, түүнийг хийж авчир хэмээн илгээсэн бөлгөө.” Бичин асууруун: “Ямар эрдэнэ буй?” Хэрсүү золиг өгүүлрүүн: “Надад өгсөн нь “алтан хул”, түүнд өгсөн нь “Хас хумх”. Бичин өгүүлрүүн: “Түүний дотор хэрхэн хийх буй?” Шулам өгүүлрүүн: “Энэ эрдэнийн амсрыг нь доош хандуулан бариад Бичиний нэрийг дуудмуй, тэр хэрвээ хариу өчвөөс өөрөө үүний дотор ормуй. Амсрын дээр нь “Ядам шанравын зарлиг ёсоор даруй болтугай” хэмээх тарниар битүүмжлэн нааваас, нэгэн цаг гурван мөчид хайлаад идээ шүүс болмуй.” Бичин сонсоод сэмээр цочин: “Хэцүү! Хэцүү! Эрхтэн надад хэлсэн нь түүнд таван зүйлийн эрдэнэ буй хэмээсэн бөлгөө. Хоёр нь энэ ажгуу, өөр гурав нь бас ямар эрдэнэ болов?” хэмээн сэтгээд инээн өгүүлрүүн: “Та хоёр эрдэнэсээ гаргаж надад үзүүлэх ажааму” хэмээв. Тэр хоёр шулам юуны Бичиний аргыг мэдэх аж. Ханцуйнаасаа хоёр эрдэнийг гарган Бичинд өргөн барьсанд Бичин үзээд дотроо баясан: “Сайн юм! Сайн юм! Би үүнийг аваад дутааваас өвгөн Сүн минийх болох буюу” хэмээн сэтгээд: “Муухай! Хар өдрөөр хүний юмыг булааваас, өвгөн Сүн миний нэрд муухай” хэмээгээд эрдэнийг гэдрэг буцаагаад, ийн өгүүлрүүн: “Та хоёул миний эрдэнийг үзсэнгүй.” Тэр шулам өгүүлрүүн: “Багшид бас ямар эрдэнэ байж, бидэнд үзүүлэн, барцад түйтгэрийг минь арилгаму.”


Бичин сүүлийн үснээсээ нэгийг сугалан авч тарни уншин “Хувил” хэмээмэгц нэг тохой долоон ямхын улаан алтан хул хувилгаад өврөөсөө гаргаж өгүүлрүүн: “Та нар миний энэ хулыг үз” хэмээсэнд Самбаат дүвж гараар тосон аваад өгүүлрүүн: “Багш чиний энэ хул нь агуу бөгөөд үзэхүйд сайхан боловч хэрэггүй.” 


Бичин өгүүлрүүн: “Юунд хэрэггүй хэмээмүй?” Шулам өгүүлрүүн: “Манай энэ хоёр эрдэнэ хэмээгч нэгэнд нь мянгаад хүнийг багтаамуй.” Бичин өгүүлрүүн: “Үүнийг юунд дэмий гайхамшиг болгомуй? Миний энэ хул хэмээгч тэнгэрийг цөм багтаамуй!” Шулам өгүүлрүүн: “Үнэхээр тэнгэрийг багтаамуй юу?” Бичин өгүүлрүүн: “Үнэхээр тэнгэрийг багтаамуй.” Шулам өгүүлрүүн: “Худал үг буй за, үнэхээр тийм бөгөөс чи хийж бидэнд үзүүл, эс тийм бөгөөс хэрхэвч итгэх бээр үгүй.” Бичин өгүүлрүүн: “Хэрвээ тэнгэр намайг уурлуулбаас нэг сард би түүнийг долоо найман удаа хиймүй, эс уурлуулбаас би түүнийг нэг удаа ч хийхээргүй.” Самбаат дүвж өгүүлрүүн: “Ах минь, бид түүний тэнгэрийг багтаах эрдэнийг сольж авбаас ямар? Хэрсүү золиг өгүүлрүүн: “Тэнгэрийг багтаагч эрдэнээрээ хүнийг хийгч эрдэнээ солих буюу?” Самбаат дүвж өгүүлрүүн: “Эс болох болбоос энэ хумхыг нэмж өгсүгэй.” Бичин дотроо баясан сэтгэрүүн: “Хулыг хулаар солиод дээр нь бас хумхтай, нэгийг хоёроор сольвоос үнэхээр үсэртэл олох буй за!” хэмээгээд урагш давшин Самбаат дүвжг татаж өгүүлрүүн: “Тэнгэрийг багтааваас солих буюу?” Шулам өгүүлрүүн: “Тэнгэрийг багтааваас сольсугай, солихгүй болбоос чиний хөвгүүн болтугай!” Бичин өгүүлрүүн: “Барав! Барав! Би танд хийж үзүүлсүгэй.”


Тэр Бичин тэргүүнийг даран сэмээр тарни уншин, тэдгээр өдөр шөнийг эзлэгч эрхтэн, таван орны кирди нарыг дуудан авчирч өгүүлрүүн: “Та нар түргэн одож хурмастад айлтга, өвгөн Сүн би бодь мөрт орж, Тансагийг даган баруун орноос ном залаар одохуйн замд бартаат уул таарч, багш зовлонд учирсан тул би шулмын эрдэнийг хууран авсугай хэмээмүй. Тийнхүү мэдэгдэх нь, тэнгэрийг надад зээлэн өгч, хагас цаг гаруй хуланд хийлгэж, миний хэрэг бүтэхүйд тусалму. Хэрвээ эс өгвөөс өвгөн Сүн би биндэрьяа эрдэнийн харшид одож дайн хөдөлгөмүй хэмээгтүн.”


Тэр өдрийг сахигч эрхтэн яаран тэнгэрийн өмнө хаалгаар орж биндэрьяа эрдэнийн харшийн доор хүрч, хурмастад золгон, Бичиний үгийг цөм айлтгасанд хурмаст зарлиг болруун: “Энэ муу сармагчин зоригоор хэлмүй. Урьд Хомсим Бодисадва ирж, түүнийг тавиад Тансагийг хамгаалуулмуй хэмээхүйд би таван орны кирди, дөрвөн цагийн эрхтэнийг ээлжлэн, илгээж түүнийг хамгаалсан бөлгөө. Өдгөө бас тэнгэрийг зээлсүгэй хэмээмүй, тэнгэрийг хуланд хийж болох буюу?” хэмээн өгүүлтэл, Нэйж тайж зэргээс давшин айлтгаруун: “Түмэн наст минь, тэнгэрийг хуланд хийж болмуй.” Хурмаст зарлиг болруун: “Хэрхэж хийх буй?” Нэйж өгүүлрүүн: “Балар эрт цагт хөнгөн тунгалаг нь дээш мандаж тэнгэр болоод, хүнд булингар нь доош сууж газар болжээ. Тэнгэр хэмээгч нэгэн бөөн ариун хий тул, хурмастын орд харшийг дэгдээн тогтоожээ. Зүй нь хуланд хийж болохгүй боловч, Бичин өдгөө Тансагийг дагаж баруун газарт ном залаар одох нь үнэхээр сүмбэр уул мэт их буян, сүн далай мэт сайн явдал тул, энэ өдөр түүнийг тусалбаас зохимуй.” Хурмаст зарлиг болруун: “Сайд чамд ямар сайн арга буй?” Нэйж өгүүлрүүн: “Эзэн зарлиг буулгаж, умард тэнгэрийн орныг сахигч Махашувари тэнгэрээс бараан хиурыг зээлэн авчруулж, тэнгэрийн өмнө хаалганы гадна дэлгэж, нар сар од гарагийг цөм халхлаад юу ч үзэгдэхгүй хав харанхуй болгож тэнгэрийг хуланд хийж авав хэмээн тэр шулмыг хуурч, Бичийг тусалбаас барав. Хурмаст үүнийг сонсоод зарлиг болруун: “Чиний айлтгалаар болтугай.” Нэйж зарлигийг хүлээн умард тэнгэрийн орны Махашувари тэнгэрт хэлсэнд Махашувари тэнгэр хиураа Нэйжд өгөв. 


Сахигч эрхтэн ирж Бичиний чихэнд: “Нэйж туслаар ирмүй” хэмээн сэмээр өгүүлсэнд Бичин дээш харж үзвээс өлзийт үүл эвхрэлдэн үнэхээр сахиулсан айсуйг үзээд, шулмын зүг өгүүлрүүн: “Би өдгөө тэнгэрийг хийсүгэй.” Тэр бага шулам өгүүлрүүн: “Хийвээс хийтүгэй, юунд дэмий л удаамуй?” Бичин өгүүлрүүн: “Би сая тарниа бясалгасан бөлгөө.” Тэр хоёр шулам тэнгэрийг хэрхэн хийх болов хэмээн нүд цавчилгүй харж байхуйд Бичин хуурмаг хулаа дээш орхин илгээвэй. Энэ нь үсээр хувилгасан хул тул салхинд хийсэгдэн хагас цаг болтол дэгдээд, сая газар дээр унаж ирэхүйд, тэнгэрийн өмнө хаалганд Нэйж бараан хиурыг нэгэнтээ дэлгэсэнд нар, сар, од, гараг цөм халхлагдвай. Энэ үнэхээр хорвоо орчлонг хар бэхээр будаад хүний ертөнцийг бараан бөсөөр бүтээжээ. Тэр хоёр бага шулам цочин өгүүлрүүн: “Сая хэлэлцэн байхуйд үд болоогүй бөлгөө, өдгөө юунд бүрий тасрав?” Бичин өгүүлрүүн: “Тэнгэрийг нэгэнтээ хуланд хийснээр цаг мөч ялгагдахгүй болсон тул, бүрий болохгүй хэрхмүй?”, “Юунд энэ мэт харанхуй буй?” Бичин өгүүлрүүн: “Нар сар одон гарагийг цөм хулны дотор хориод гадагш гэрэл нэвтрэхгүй тул юунд харанхуй болохгүй буй?” Бага шулам өгүүлрүүн: “Багш чи хаа баймуй?” Бичин өгүүлрүүн: “Би чиний өмнө байнам” хэмээв. Тэр хоёул гараар тэмтрэн байн өгүүлрүүн: “Чиний дуун сонсдох бөгөөтөл юунд үл үзэгдмүй, бид өдгөө ямар газар баймуй?” Бичин бас хууран өгүүлрүүн: “Болтугай! Болтугай! Тэнгэрийн тавьцаа, бид тэнгэрийг хуланд хийхийг мэдэв, энэ мэтээр удваас далайд унаж, гэртээ харьж чадахгүй болмуй” хэмээв.


Бичин тэдний үнэмшсэнийг мэдээд тарни уншсанд, Нэйж мэдэж хиураа эвхэн авмагц, гэрэлт нар орой дээр дэгдэж, гол үд болжээ. Бага шулам инээн өгүүлрүүн: “Гайхамшигтай! Гайхамшигтай! Ийм сайн эрдэнийг сольж эс авбаас чухам гэрээ тэтгэх хөвгүүн бус” хэмээгээд Хэрсүү золиг хулаа өргөн, Самбаат дүвж хумхаа гарган, Бичинд өгөв. Бич хуурмаг хулаа бага шуламд өгөөд, бас явдал хийхүйд голч байхыг бодож, хүйсэн доороос нэг үсийг сугалан авч, гуулин зоос хувилгаад өгүүлрүүн: “Та нар энэ зоосыг аваачиж нэг хуудас цаас худалдан авчир.” Шулам өчрүүн: “Юунд хэрэглэмүй?” Бичин өгүүлрүүн: “Би тан лугаа нэгэн бат Бичиг байгуулсугай, таны хүнийг хийх хоёр эрдэнээр миний тэнгэрийг хийх нэгэн эрдэнийг соливой. Хүний сэтгэл хэмээгч тогтворгүй тул, хожим ямар нэгэн өдөр гэмшвээс энэхүү бат Бичгээр баримт болгосугай.” Бага шулам өгүүлрүүн: “Энд бээр цаас үгүй, ямар бичиг хиймүй? Бид чиний өмнө амалдсугай.” Бичин өгүүлрүүн: “Яахан амалдмуй?” Шулам өгүүлрүүн: “Бид хүнийг хийх хоёр эрдэнээр чиний тэнгэрийг хийх нэгэн эрдэнийг сольж авав. Хэрвээ хожмын өдөр гэмшвээс жилийн дөрвөн улиралд хижиг өвчинд дайрагдах болтугай.” Бичин инээн өгүүлрүүн: “Би хэрхэвч гэмших бээр үгүй, хэрвээ гэмших болбоос таны амалдсан мэт болтугай” хэмээгээд нэгэнтээ дэвхлэн тэнгэрийн өмнө хаалганаа хүрч, Нэйжийн хиур сэжин тусалсанд тал өгөв. Нэйж хойш одож хурмастад айлтган, хиурийг Махашувари тэнгэрт хүргэснийг өгүүлэхгүй. Бичин огторгуйн цээлд зогсон тэр хоёр шулмыг ажиглан авай. Чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 38 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 26 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 55 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 59 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 41 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 14 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 18 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 18 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 52 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 1 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 11 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 17 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 39 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 56 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 50 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 14 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 15 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 30 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК