зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гучин тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ:


СОЛИУ ЁСОН СҮР БАДРУУЛАН ТӨВ ЧАНАРЫГ ДАРЛАВ
СЭТГЭЛИЙН БИЧИН ЭРДЭНЭ ОЛЖ ГАЖУУ ШУЛМЫГ ДАРАВ


        Уг чанар ухааран оновоос ёсноо аяндаа нэвтэрч,
        Урван босч, урхи тороос үтэр харайн гарнам.
        Бүтээн бясалгаж хувилан улирах нь хялбар явдал бус,
        Боловсруулан олсон мөнхийн шид эгэл лүгээ юуны адил?
        Тунгалаг булангир хэдэнтээ солигдсон ч аяараа орчиж,
        Тохиолт галав олонтаа эхэлсэн ч тааваараа болном.
        Тоолшгүй олон жил эрхээрээ явруун, 
        Түгээмэл гэрэлт хувилгаан туяа хоосныг нийдэм гийгүүлнэм.


Энэхүү шүлэг нь их богдын гайхамшиг ёсыг далдаар өгүүлжээ. Өгүүлэх нь Бичин, шулмын эрдэнийг олоод ханцуйн дотор агуулж маш баясан: “Шулам чи биеийг зовоон намайг барьсан нь усан дотор сарыг шүүхээс юун өөр буй. Өвгөн Сүн би чамайг барьсугай хэмээхүл мөн гарын алга урвуулах мэт хялбар болой” хэмээн сэтгээд хулаа нууж сэмээр хаалгын гадна гараад, үнэн биеэ илрүүлэн өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Шулам үтэр түргэн үүдээ нээ!” Бага шулам асууруун: “Чи ямар хүн бэ? Айшгүй энд ирж бархирмуй?” Бич: “Чи хурдан орж их шуламдаа сармагчин ирэв хэмээн мэдүүл!” хэмээв.


Тэр бага шулам яаран дотогш орж мэдүүлрүүн: “Их ван минь, үүдэн гадна бас нэгэн сармагчин хэмээгч иржээ.” Алтан эвэрт шулам их л цочин өгүүлрүүн: “Дүү минь, Муу болов! Түүний нэг үүрийг хөдөлгөв! Алтан цалмаар Бичинийг хүлэв, хулны дотор мичийг хорив, өдгөө бас юуны нэгэн сармагчин ирэв хэмээмүй? Бодвоос түүний ах дүү нар цөмөөр хөдөлсөн буй за.” Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Ах сэтгэлийг сул тавь, миний хул мянган хүнийг багтаамуй, өдгөө мичийг хорьж буй, тэр сармагчнаас айх учир юун? Би гарч түүнийг бас хийж авчирсугай.” Алтан эвэрт шулам: “Дүү минь хичээгтүн” хэмээв. 


Тэр Мөнгөн эвэрт шулам хуурмаг хулыг авч, мөн урьдын адил сүр тавин гэхэлзэн гарч ирээд өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Чи аль газрын хүн, ямар аймшиггүй миний энд ирэн орилмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи намайг танихгүй буюу?


        Уг нутаг уул орныг хэлбээс Цэцэг жимст уул, 
        Оршиж суусан газрыг өгүүлбээс Усан үүдэт агуй,
        Тэнгэрийн ордныг ихэд түйвээсний харгайгаар 
        Тэмцэн мөчөөрхөхийг түр зогсон өдөр удав. 
        Буянаар өдгөө би зовлонгоос хэлтрээд, 
        Бумбын ёсыг тэвчин бурсан хувраг болов. 
        Бодисадвагийн сургаалаар аянган дуутад одож 
        Бурхны номыг залан авчирч бодь мөрд ормуй. 
        Хорт шулам хулжин чөтгөр зам мөрд тохиолдвоос 
        Хувилгаан эрдмийг түүнд даруй үзүүлмүй. 
        Баруунш одож бурханд мөргөхийг үл саатаан, 
        Багш Тансагийг тавин надад тушаан өгвөөс 
        Хоёр этгээд хатган байлдан үхэн тэмцэлдэхийг зогсоод 
        Хувь хувийн хязгаараа сахин энх амар амьдарсугай. 
        Өвгөн Сүн миний ундууг хөдөлгөн, уурыг хүрүүлбээс, 
        Утсан амийг чинь таслан эрлэгийн орноо хүргэмүй!”


Мөнгөн эвэрт шулам өгүүлрүүн: “Чи нааш ир, би чам лугаа алалдахгүй, би чамайг дуудваас чи аймшиггүй хариу өчих буюу?” Бичин инээн өгүүлрүүн: “Чи намайг дуудваас би даруй өчсүгэй, би чамайг дуудваас чи өчих буюу?” Шулам өгүүлрүүн: “Би чамайг дуудах нь надад нэгэн хүнийг хийж авах эрдэнийн хул бий, чамд ямар эрдэнэ буй хэмээн намайг дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Надад бас нэг хул буй.” Шулам өгүүлрүүн: “Тийн болбоос чи гарга, би үзсүгэй.” Бичин ханцуйнаасаа хулыг гарган: “Муу шулам чи үзэгтүн!” хэмээгээд булаагдахаас болгоомжлон дахин ханцуйлав.


Тэр шулам үзээд их л цочин: “Энэ хулыг энэ хаанаас олсон буй? Юунд миний хул лугаа адил аж?... хэдий нэгэн зэл дээр суусан хоёр хул болсон ч их бага янз хэлбэр яг адилгүй буй за?” хэмээн сэтгээд царайг төв болгож асууруун: “Сармагчин чи энэ хулыг хаанаас олсон буй?” Бичин хулын ирэлийг үл мэдэх тул “Чи тэр хулаа хаанаас олсон буй?” хэмээн тэнсэн асуув. Тэр шулам тэнсэн асуусныг үл ухан үнэнээр өгүүлрүүн: “Миний энэ хул хэмээгч тэнгэр газар сая бүтэх цагт эрдэм Шанрав багшаар Ишвари Рахини болон хувилаад чулууг боловсруулан тэнгэрийг нөхөж, сав ертөнцийг энхжүүлэн, огторгуйн орныг нөхөхүйд сүмбэр уулын хормойд нэгэн хувилгаан ороонго ороож зэл дээр нь ийм нэгэн улаан алтан хул суусныг Ядам шанрав багш авснаас хойш өдгөө болтол уламжлагджээ.” Бичин бас тийнхүү үгийг даган өгүүлрүүн: “Би мөн тэндээс олсон бөлгөө.” Шулам асууруун: “Яахан олов?” Бичин өгүүлрүүн: “Тэнгэр газар сая бүтэх цагт тэнгэр баруун хойш хэлбийгээд, газар өмнөш хэлбийсэнд эрдэм Шанрав багш бээр Ишвари Рахини болон хувилаад тэнгэрийг нөхөж, сүмбэр уулын хормойд ирэхүйеэ нэгэн хувилгаан ороонго ургаж зэл дээр нь эр эм хоёр хул суужээ. Миний энэ нь эр хул, чиний тэр нь эм хул болой.” Шулам өгүүлрүүн: “Эр эмийг шүүмжлэх хэрэггүй, алин нь хүнийг хийж аван чадваас тэр даруй сайн эрдэнэ болой.” Бичин өгүүлрүүн: “Чиний үг мөн, чи урьдаар намайг хийж үз.”


Тэр шулам их л баясан огторгуйд дэгдэн гарч хулаа барин: “Сармагчин” хэмээн хэдэнтээ дуудсанд Бичин нэгэн амьсгаагаар “Буй, буй” хэмээн арваад удаа хариулсанд эс хийж авав. Тэр шулам огторгуйгаас бууж ирээд газрыг дэвсэн гашуудан өгүүлрүүн: “Тэнгэр, тэнгэр үнэхээр ертөнцийн явдал хувиршгүй хэмээгч үнэн болой! Эрдэнэ бас эрээсээ айх ажгуу.” Бичин инээн: “Чи дуудахыг түр байтугай өдгөө миний дуудах ээлж болов.” хэмээгээд огторгуйд дэгдэн гарч хулын амсрыг доош хандуулан “Мөнгөн эвэрт их ван” хэмээн дуудсанд тэр шулам айшгүй алгуурлаж үл болох тул хариу дуу гарсан төдий хулны дотор пүсхийтэл орон эчив. Бичин хул дээр Ядам шанравын тарнийг батлан нааж дотроо их л баярлан сэтгэрүүн: “Хөвгүүн минь, энэ өдөр чи бас үүний амтыг үзэх ажгуу!”


Төд огторгуйгаас бууж, хулаа барин багш юугаа аврахыг бодож Бадам лянхуа агуйн зүг ирэв. Уулан зам энхэл донхол бөгөөд түүний хөл ч дайваг тул дэмий л дайвалзан алхахуйд барьсан хулын дотор шал шал гэх дуу гармуй. Тэр юунд ийм хурдан хайлж дуу гарав? хэмээвээс угаас энэ их богд хэмээгч бясалгалыг олсон үнэн цогц тул, хулын дотор орсон ч тийм хялбар хайлах бээр үгүй, тэр шулам хэдий рид хувилгаантай боловч бие нь ертөнцийн эгэл махбод тул эрдэнийн дотор ормогц даруй хайлсан ажгуу. Бичин тэр дууг сонсоод инээн өгүүлрүүн: “Хөвгүүн минь, чи шээсэн буюу, амаа зайлах буюу, энэ чухам өвгөн Сүн миний хэрэглэж өнгөрсөн арга болой, чи намайг хэрхэн хуурч чадмуй? Долоо найм хоноод шүүс болсон ч би чамайг сөхөж үзэх бээр үгүй. Ямар хэрэгтэй хэмээн төдий их яармуй? Би гарч ирснээ санаваас хулгайч чамайг мянган жил хорьсон ч яарах учир юун!” хэмээн түднэсээр санамсаргүй агуйн өмнө хүрч хулаа хөдөлгөж үзвээс улам шал шал гэх дуу гармуй. Бичин сэтгэрүүн: “Энэ юм харин ч төлгө үзэгчийн шаваан хонгио мэт дуугармуй, өвгөн Сүн би төлгө хаяж багш минь аль цагт олж гарахыг үзсүгэй” хэмээгээд хулыг сажиж: “Зурхайч Жоу Вэн ван, Күнз богд, Тао хуа ньюй сяншэн, Хүй хо зы сяншэн” хэмээн уншив. 


Агуйн бага шулам үзээд мэдүүлрүүн: “Их ван хэрэг муухай болов! Тэр сармагчин хэмээгч манай хоёрдугаар их ванг хулны дотор хийж тэнд төлгө үзэж амуй!” хэмээсэнд Алтан эвэрт шулам үүнийг сонсоод сүнс зайлан сүг завхан, газар унаад дуу тавин уйлан өгүүлрүүн: “Дүү минь! Би чам лугаа дээд орноос хулгай хийж, доод ертөнцөд буугаад агуйг эзлэн ашид жаргасугай хэмээн санасан бөлгөө, тэр тойны гарт энэ өдөр үхэхийг хэн саналаа!” Бүгд шулам цөм мэгшин шогшин уйлав.


Гахай гэрийн нуруунаас дүүжлэгдэн, тэдний уйлахыг сонсоод эс тэсэн өгүүлрүүн: “Шулам та нар уйлахыг түр зогс, Гахай би танд хэлж өгсү. Тэр Бичин, мич, сармагчин хэмээгч нь нэг нэрийг гурвантаа улируулан хэрэглэжээ, миний хомын ах Бичин нь далан хоёр зүйлийн хувилах хувилгаан эрдмээр чиний эрдэнийг хулуун аваад чиний дүүг түүний дотор хийж авав. Чиний дүү нэгэнтээ үхэж дуусав, гашуудах хэрэггүй. Хурдан тогоогоо угаан цагаан мөөг, цайн хөлөг, хулсан сүеэ, буурцгийн ээдэм, гурилын зутан, модон далдуу, шинэ ногоо зэрэг ариун цав бэлтгэ, манай багш шавийг залж суулган “Төрөл олгох ном” уншуул.” Тэр шулам тэсгэлгүй хилэгнэн: “Гахайг би номхон хэмээн санасан бөлгөө, үзвээс номхон бус ажгуу, тэр харин намайг элэглэмүй!” хэмээгээд бага шулмасаа дуудан өгүүлрүүн: “Түр уйлахыг зогс, урьдаар тэр Гахайг буулгаж шалзартал жигнээд, би цадтал идээд сармагчинг барьж өшөөгөө авсугай.” Шороо зэмлэн өгүүлрүүн: “Шор чинь тэр! Би чамайг дутуу дуугар хэмээсэн бус буюу? Өдгөө чамайг жигнэж идэх хэмээмүй.” Тэр манхуу маш айн байн атал, хажуугаас нэгэн бага шулам өгүүлрүүн: “Их ван тэр Гахайг жигнэхүйд амар шалзрахгүй буй за.” Гахай залбиран өгүүлрүүн: “Арьяабалын аврал! Аль нэгэн буянтан нь ач хийв? Үнэхээр амарт шалзрахгүй болой.” хэмээтэл бас нэгэн бага шулам өгүүлрүүн: “Түүний арьсыг өвчвөөс амархан шалзармуй.” Гахай сонсоод мэндэн өгүүлрүүн: “Шалзармуй! шалзармуй! Арьс яс минь хэдий хатуу боловч нэгэнтээ буцалгаваас даруй шалзармуй.”


Хараахан цуугилдан атал, бас нэгэн бага шулам ирж мэдүүлрүүн: “Тэр сармагчин үүдэнд ирж хараан амуй!” Тэр шулам их л цочин өгүүлрүүн: “Энэ золиг намайг хүнгүй хэмээн басамжилмуй, Гахайг мөн оронд нь дүүжил, бас хэдэн зүйлийн эрдэнэ байхыг байцааж үзэгтүн!” Санч бага шулам өчрүүн: “Агуйд бас гурван зүйлийн эрдэнэ буй.” Шулам асууруун: “Аль гурван зүйл буй?” Санч өчрүүн: “Долоон одот сэлэм, гадил дэвүүр, хас хумх буй.” Их шулам өгүүлрүүн: “Тэр хумх нь хүнийг дуудан хариулбаас хийж авдаг бөлгөө, өдгөө тарнийг нь Бичин сурч миний дүүг хийж авчээ. Тэр хэрэггүй тул гэрт үлдээж, сэлэм, дэвүүрийг авчир.” Тэр санч шулам даруй хоёр зүйлийн эрдэнийг авчран их шуламд барив. Хөгшин шулам гадил дэвүүрийг заамд хатгаж, долоон одот сэлмийг гарт атган, тэргүүнд дуулга даран, биед гал улаан магнаг дээл өмсч, их бага гурван зуу илүү шулмыг дайчлан Бичинийг барихаар гарав. Бичин тэр үед Мөнгөн эвэрт шулам нэгэнтээ хайлсныг мэдэж, хулын амсрыг сайтар таглаад, ташаанд зүүж, гарт алтан толтот болд бэрээ барин хүлээн авай. Төд үзтэл тэр шулам улаан туг дэрвэлзүүлэн хаалгаар давхилан гарч ирэв. Түүний чимсэнийг үзвээс: 


        Тэргүүнд тавьсан дуулгын залаа улалзан хийсч, 
        Дундуур бүсэлсэн өнгөт бүс солонгорон мяралзмуй. 
        Дотор өмссөн бэгтэр хуяг товруугаар дүүрч, 
        Дээгүүр хэдэрсэн ал дээл гал улаан харагдмуй.
        Хараахан нүдээ төгрөглөн харахуйяа гэрэл татан, 
        Ган сахал нь сарвайхуйяа шөрөг мэт. 
        Гарт долоон одот сэлэм барьж, 
        Гадил дэвүүрийг заамд хатгажээ. 
        Давхилан гүйх нь суунаг татах мэт, 
        Дуудан хашхирах нь аянга нижигнэх адил. 
        Аваргасыг дарам айхавтар сүр мандуулан, 
        Уур хүрч олноо дагуулан агуйгаас гарав.


Тэр Алтан эвэрт шулам олныг жагсаан Бичинийг хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин огоот ёсгүй! Миний дүүг алсан өшөөг би сааргүй авмуй!” Бичин мөн хараан өгүүлрүүн: “Үхлээ эрсэн муу шулам чи! Нэг шулмын амийг төдий их хайрламуй, миний багш, дүү нар, жич морь зэрэг дөрвөн амийг зүв зүгээр агуйд дүүжилсэнд миний сэтгэл хэрхэн төвдмүй! Түргэн гаргаад бас замын хүнс ихээр өгч өвгөн Сүнг баахан баясгаваас харин чиний энэ хөгшин шулмын нохойн амийг уучилсугай!” Тэр шулам юуны ялган хэлэлцэх аж, даруй эрдэнийн сэлмийг далайн, тэргүүнийг эрэн цавчин оров. Бичин мөн шийдэм өргөн угтан авав. Агуйн гадна энэ нэгэн зэрэг алалдсан нь: 


        Ган шийдэм, эрдэнийн сэлэм харшилдахуйяа,
        Гал бутран цахилгаан цахилах мэт.
        Сүрчигнэн ирэх жавар хүнийг жихүүцүүлж,
        Суунаглан босох тоос уул давааг бүрхжээ.
        Нэгэн нь алагдсан дүүгийнхээ төлөө огтхон ч найр тавихгүй,
        Нэгэн нь баригдсан багшийнхаа төлөө бяцхан ч ялдар харахгүй.
        Хоёр этгээд зууралдан байлдахуйяа занал нэгтэй тул,
        Хувь хувьдаа хилэн төрж хорсол өвөрлөжээ. 
        Амь цөлөн алалдахуйяа чөтгөр сахиулсан цочин
        Агаарын нар тоосонд халхлагдан луу барс чичиржээ.
        Энэ нэгний шүдээ хавирах нь яс хуурайдах мэт,
        Тэр нэгний нүдээ гөлийх нь оч үсрэх адил.


Ийш тийш зөрөлдөн эр чадлаа гарган эргэн урван тулалдаж зэвсгийн эрдэм үзүүлмүй. 


Энэ шулам Бичин лүгээ хорин удаа зөрөлдөж дийлэн дийлэгдэх ялгарахгүй байхуйяа, сэлмээр бага шулмасыг даллан “Бүгдээр цөм ор!” хэмээн дуудсанд гурван зуу илүү бага шулам цугаар орж Бичинийг томоолон хаав. Тэр их богд өчүүхэн ч шантрахгүйгээр шийдмээ эргүүлэн дөрвөн зүгт сөрөн цохивоос, тэдгээр бага шулам улам ноцолдож, олсны сэв мэт ороолдон тэврэх нь тэврэн, борвидох нь борвидон харил халтиралгүй орж ирэхүйд Бичин баахан шантарч, бие үржүүлэх увидас хэрэглэн зүүн суганаас нэг атга үсийг сугалан авч, зажлан үлээгээд “Хувил!” хэмээсэнд цөм Бичин болон хувилж өндөр нь шийдэм эргүүлэн богино нь нударга далайн бяцхан нь гар оруулах газаргүй тул хөлийг нь тэврэн гуяыг нь хазаж, улаа бутартал цохилсонд олон шулам ихэд мэндүүрэн зэргээр бархиран өгүүлрүүн: “Их ван, хэрэг муухай болов! Уул талгүй цөм Бичин болов!” Энэ бие үржүүлэх увидаст олон шулам цөм дарагдан сарниж, Алтан эвэрт шулам ганцаар үлдээд зүүнш дутаан баруунш буруулсан ч гарах замгүй болж олон бичинд хаагдав. 


Тэр шулам их л цухалдаж, зүүн гарт эрдэнийн сэлмийг барин, баруун гарыг сунган гадил дэвүүрээ авч, өмнө зүг, улаан улаагчин галын орон өөд нэгэнтээ дэвсэнд газраас гал гарав. Тэр шулам нэг дараагаар долоо найм дэвсэнд тэнгэр тулам догшин гал мандав. Энэ нь:


        Тэнгэрийн гал бус, хөөргөний гал бус, уулын түймэр бус, зуухны цучил ч бус, 
        Таван махбодын дотроос боловсруулан авсан хувилгаан гэрлийн гал болой.
        Энэ дэвүүр хэмээгч эгэл ертөнцийн 
        Энгийн дэвүүр бус бөгөөд
        Урчуудын урлан үйлдсэн дэвүүр бус, 
        Тэнгэр газар сая бүтэх үед буй болсон үнэн эрдэнэ буюу,
        Энэ дэвүүрээр энэ галыг хөгжөөвөөс,
        Хөх огторгуйг өвч улайлгаж, 
        Хөвчин дэлхийг хуу шатаамуй.
        Утаагүй энэхүү улаан гал ноцвоос
        Уул талыг тас түймэрдэж, 
        Ой модыг өвч шатаамуй.
        Элд оршигч араатан гөрөөс
        Амь зулбан дутааж,
        Үүрт агч жигүүртэн шувуу
        Өндөр нисэн зугатмуй.
        Энэ хувилгаан гал хөгжин ноцвоос,
        Хад хэмхрэн, нуур хатаж, 
        Газар бүхэн гал болмуй.


Бичин энэ галыг үзээд их л цочин дотроо: “Муу болов! Миний бие хэдий гайгүй боловч үсээр хувилсан тэдгээр Бичин хэрхэн тэсч чадмуй?” хэмээн сэтгээд, биеэ сэгсрэн, үсээ цөм хураан аваад, нэгийг нь үлдээж биеэ болгон хувилгаж дутаалгаад өөрөө гал халхлах тарни уншин, огторгуйд дэгдэн галаас гараад, шууд Бадам лянхуа агуйд багшаа гаргахаар ирэв. Үүдэнд хүрч үүлний толгойг даран буугаад үзвээс агуйн үүдний гадна зуу илүү бага шулам цөм хөл гар хугарч, арьс хагаран, мах тасарчээ. Энэ нь цөм түүний бие үржүүлсэн цэрэгт шархдаж дутааж энд ирээд энэлэн шаналан ёолон хайлан байсан ажгуу. Бичиний балмад зан нь бас хөдлөөд болд бэрээгээ эргүүлэн зам нээн занчин оров. Хөөрхий тэдгээр хатуужилтайгаар бясалган хүний биеийг олсон бүтээл нь хоосроод уг бие нь илрэн арьс яс нь цайвай!


Бичин тэдгээр бага шулмыг дуусган алаад, агуйд орж багшаа гаргасугай хэмээтэл үзвээс дотор нь бас нэг галын гэрэл үзэгдмүй. Үүнийг үзээд тэр их л гэлмэж: “Барав! барав! Энэ гал хойд үүдэнд ноцсон нь өвгөн Сүн миний багшаа аврахуйд бэрх болов!” хэмээн бодож хараахан мэндүүрэн нарийвчлан үзвээс, гал бус, харин нэг зурвас алтан гэрэл ажгуу. Бичин дотроо маш баясан: “Сайн эрдэнэ болой! Хоёр бага шулам энэ хумхыг уулнаа авчрахын үеэр өвгөн Сүн би хууран авч санамсаргүй тэр шуламд дахин автагдав. Өдгөө харин энд хураан тавьжээ, үзвээс энэ эрдэнэ бас гэрэл гарах аж.” хэмээн сэтгээд тэр хумхыг хулуун авч тэсгэлгүй баярлан багшаа тавилгүй яаран агуйгаас гаран иртэл, тэр шулам дэвүүр илдээ барьж, өмнөөс нь ирэв. Бичин зайлан эс амжсанд тэр шулам сэлэм өргөн тэргүүнийг нь эрэн цавчив. Бичин яаран тонгорцоглон үүлэн дээр үсрэн гараад бараа туруугүй болон одсоныг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр шулам агуйн үүдэн дээр хүрч бага шулам нь хөндлөн гулд үхсэнийг үзээд тэнгэрийн зүг урт шүүрсийг алдаж тэсгэлгүй гашуудаж: “Юутай гашуун! Юутай гашуун!” хэмээгээд дуу тавин уйлав. Үүнийг шүлэглэсэн нь:


        Хорсолтой нь хурьцлын сэтгэл, хомхой санаагаар 
        Хувилгаан биеэс улиран хорвоо ертөнцөд буув.
        Эндүү бодлоор тэнгэрийн орноос ангижран 
        Эгэл төрөлхтөн болж энэ уулнаа буув.
        Сүргээсээ салсан галуу энэлгээтэй,
        Цэргээ алдсан би эмгэнэлтэй.
        Аль цагт хилэнц тасран нүгэл арилаад
        Язгуур үндэснээ эгэж оршин
        Дээд оронд буцах болов?


Тэр шулам ийнхүү уяран уйлсаар агуйн дотор орж үзвээс хэдий гэрийн хэрэгсэл гээгдэлгүй цөм буй боловч нэг ч хүн үзэгдэхгүй, гань ганцаар үлдээд эл хуль болсонд дотор нь маш уяран суун атал, нойр нь хүрч чулуун ширээгээ түшиж, эрдэнийн сэлмээ ширээ түшүүлэн тавьж дэвүүрээ мөрний доор дарж унтав. “Баярын явдал тохиолдвоос цог сүлд сэргэг, битүүрэл бухимдал тулгарваас унтах нойр үлэмж” хэмээгч үүнийг өгүүлжээ.


Тэндээс Бичин үүлний толгойг буцаан уулын өмнө ирж зогсоод хам хумхаа ташаанд чанд уяж, багшаа гаргасугай хэмээн шууд агуйн үүдэнд хүрч гэтэж үзвээс үүд хаалга цөм цайтал нээж, нам жим чимээ аниргүйд даруй хөнгөнөөр алхан сэмээр агуйд оров. Хараахан үзвээс тэр шулам чулуун ширээг түшин хурхиран унтаж амуй. Түүний мөрөн доор дарсан гадил дэвүүр сугаран гарчээ. Долоон одот эрдэнийн сэлэм ширээг түшүүлэн тавьсныг үзээд Бичин сэмээр дэргэд нь хүрээд, дэвүүрийг нь сугалан авч дутаав. Дэвүүрийн иш шулмын гэзгийг гоходсонд тэр цочин сэрээд тэргүүн өргөн үзвээс, Бичин түүний дэвүүрийг хулуусан тул сэлмээ барин угтан гарч ирэв. Бичин хэдийнэ үүдний гадна үсрэн гарч дэвүүрийг үсэнд хавчуулан гарт шийдэм эргүүлэн шулмыг угтан ирэв. Энэ нэгэн удаагийн их л алалдсан нь:


        Хорсол хилэн шулмын цээжнээ дүүрч, 
        Хуйхын үс дээш босон дуулгыг өргөв.
        Зальтай Бичинийг бүхлээр нь залгисан ч 
        Зангирсан хорслыг тайлахуйяа бэрх.
        Тэр шулам аль муугаар хараан:
        “Урьд хожид хэдэн удаа намайг шоглож,
        Олон бага хүүхдийг минь үлдээлгүй хөнөөгөөд
        Бас эрдэнийг минь хулуух юун.
        Энэ удаа чамайг амар тавихгүй, 
        Эгнэгт үхэж сэхэхийг ялгасугай” хэмээв.
        Бичин шулмыг зандан өгүүлрүүн: 
        “Чи үнэхээр ёс учрыг мэдэхгүй болой
        Шавь нараа гаргаж над лугаа байлдуулах нь 
        Өндгөөр чулууг цохьсон хэрэг бус буюу?”
        Эрдэнийн сэлэм, болд бэрээ зөрөлдөн 
        Хоёр этгээд хэн алинд найр тавих бээр үгүй.
        Эргэн эргэн байлдан 
        Эрэгчин эмэгчнээ ялгав.
        Дахин дахин байлдан
        Зэвсгийн эрдэм мөрийцөв.
        Гагцхүү ном залах тойныг хамгаалан
        Гандарагүд уулнаа хүрч бурханд мөргөхийн тул
        Төмөр гал харилцан зохицохгүй болон
        Таван махбодоос ивээлдэн найр эвдэрэв.
        Сүр мандуулан хувилгаан эрдмийг үзүүлэн
        Чулуу хийсгэн чухам чадлыг гаргав.
        Алалдан тулалдсаар наран баруунд ташаад
        Алтан эвэрт шулам хүч дарагдан буруулав.


Тэр шулам Бичин лүгээ гуч дөчин удаа зөрөлдөөд болд бэрээг хүлээн чадахгүй тул жагсаалаас буруулан гарч, шууд баруун өмнө лусыг дарагч агуйн зүг дутаан одохыг өгүүлэхгүй. 


Бичин үүлнээс бууж, Бадам лянхуа агуйд ороод Тансаг, Гахай, Шороог тайлан тавив. Тэр гурвуул сая зовлонгоос мултран Бичинд тал хийж, “Тэр шулам хааш одов?” хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Мөнгөн эвэрт шулмыг хулан дотор хийсэн бөлгөө, өдгөө лав хайлсан буй за, тэр Алтан эвэрт шулам нь над лугаа нэгэн зэрэг байлдан дарагдаад баруун өмнө лусыг дарагч уулны зүг дутаав. Агуйн бага шулмыг өвгөн Сүн биеийг үржүүлэх увидсаар их хагасыг алж, агуйд дутааж ирснийг нь мөн өвгөн Сүн би дуусган алж, та нарыг гаргав” хэмээсэнд Тансаг тал хийж өгүүлрүүн: “Аяа, шавийг маш зовоов.” Бичин инээн өгүүлрүүн: “Үнэн тийм болой, та дүүжлэгдэн зовохоос өөр зовлонгүй, өвгөн Сүн би өөд уруугүй зогсолгүй гүйсээр түүний эрдэнийг хулууж аваад, сая тэр шулмыг дарав.” Гахай өгүүлрүүн: “Ах тэр хулаа гарга, бид нээж үзсүгэй, тэр шулам лав нэгэнтээ хайлсан буй за,” Бичин урьдаар хумхаа тайлж аваад, бас алтан цалам хийгээд дэвүүрийг гаргасны хойно хулыг гарт барьж өгүүлрүүн: “Бүү үз!, бүү үз! Тэр шулам урьд өвгөн Сүн намайг энэ хуланд хийсэн бөлгөө, би амандаа шүлсээ хураан дуу гаргаж, түүнийг хууран дутаан гарав. Энэ манийг хуурах магадгүй, бүү нээгтүн” хэмээсэнд бүгдээр их л баясан агуйгаас будаа ногоог нь гаргаж тогоо савыг сайтар угаан арилгаад цав хийж цадтал идээд, нэгэн шөнө агуйд амарлингуй хонож, удсангүй тэнгэр гэгээрэв.


Өгүүлэх нь тэр Алтан эвэрт шулам лусыг дарагч агуйд хүрээд, их бага бүгд эм шулмыг цуглуулж, эмэг эхээ алагдуулсан, эрхэм дүүгээ баригдуулсан, эрдэнийн зүйлээ хулуугдсан, олон бага шулмаа сөнөөгдсөнөө хэлсэнд бүгд эм шулам дуу тавин уйлалцав. Удтал гаслан уйлаад Алтан эвэрт шулам өгүүлрүүн: “Олноор дэмий бүү уяр, надад бас энэ долоон одот сэлэм буй, та олон эм цэргийг авч лусыг дарагч уулын ард гаран нагац нарыг залбаас лавтайяа тэр Бичинийг барин өшөө авч болмуй” хэмээн өгүүлж барахын урьд хаалга сахигч бага шулам орж ирэн мэдүүлрүүн: “Уулын арын өвгөн нагац цэргээ авч ирэв.” Алтан эвэрт шулам яаран бэлэвсрэлийн хувцсыг өмсөн, бие мэхийн угтан оруулав. Тэр өвгөн нагац хэмээгч нь түүний эхийн дүү, нэр нь их ван Ху А Чи хэмээмүй. Бичин түүний эгчийг занчин алаад, зээ хүүхдийн эрдэнийг хулуун өдөр бүр Дэвсэг ууланд дайлалдан амуй хэмээн уул цагдагч шулам цэргээс сонсоод өөрийн агуйнхаа хоёр зуу илүү шулам цэргийг бүгдийг авч туслахаар ирсэн ажгуу. Тэр урьдаар эгчийн гэрт чимээ авахаар ирээд, зээ хөвгүүний бэлэвсрэлийн хувцсыг өмсч угтахыг үзэж хоёул дуу тавин уйлалцав. Нэлээд удсан хойно, Алтан эвэрт шулам сөгдөж, урьдын учрыг нэгэн зэрэг хэлэв. Тэр их ван Ху А Чи гал мэт хилэгнэн, Алтан эвэрт шулмын бэлэвсрэлийн хувцсыг халуулж, бүх эм шулмыг дуусган дагуулан зүүн хойш мордов.


Тэндээс Бичин, Шороо өглөөн цав базаан идээд явсугай хэмээтэл, гэнэт салхины чимээ гарахуйд яаран гадна гарч үзвээс баруун өмнөө нэг бүлэг шулам цэрэг айсуй. Бичин их л цочин эргэж ороод Гахайг дуудан: “Дүү минь, тэр шулам туслах цэрэг авч ирэв.” хэмээсэнд Тансаг сонсож их л айн царай алдан өгүүлрүүн: “Шавь минь, хэрхвээс сайн?” Бичин инээн өгүүлрүүн. “Багш сэтгэлийг сул тавь, түүний эрдэнийг цөм нааш авчир” хэмээгээд хул, хумхыг ташаанд зүүж, алтан сэлмийг ханцуйлан, гадил дэвүүрийг ард хатган, гарт болд бэрээ бариад Шороогоор багшаа сахиулан Гахайг дагуулж байлдаар гарав.


Үзвээс жагсаалын өмнө их ван Ху А Чи зогсчээ. Тэр шулмын нүүр цагаан, сахал урт, хөмсөг жиртгэр, чих дэлдгэр, тэргүүнд алтан дуулга тавьж биед гархин хуяг өмсч, гарт сэрээт жад барьжээ. Тэр шулам өндөр дуунаар хараан: “Энэ муу самуун сармагчин ямар аймшиггүйгээр эрдэнийг хулууж, эгчийг минь алж, цэргийг сөнөөн, цэвэр агуйг удтал эзлэн бусдыг дармуй! Эртхэн хүзүүгээ нааш авчир, эгчийн өшөөг авахуйд сайн” хэмээсэнд Бичин бас хараан өгүүлрүүн: “Энэ муу үхлээ эрсэн үст адгуус, өвөг эцгийнхээ чадлыг үл мэднэм, битгий дутаа, миний шийдмийн амтыг үз” хэмээн занчин орохуйд тэр шулам хажуу тийш зайлан сэрээт жад өргөн, угтан байлдав. Хоёул тэр уулан дээр нааш цааш гурав дөрвөн удаа зөрөлдөөд, шулам эс тэсэн дутаан эчихүйд Бичин хойноос нэхэн хүртэл Алтан эвэрт шулам хажуунаас тосон байлдав. Хоёул бас хоёр гурван удаа зөрөлдөн атал, Ху А Чи бас гэдрэг байлдаар нэхэхүйд Гахай есөн араат малтуур далайн угтан оров. Дөрвүүл хослон байлдан дийлэн дийлэгдэх ялгарахгүй атал, тэр шулам нэгэнтээ зандарсанд олон шулам цугаар орж бүслэн авав.


Өгүүлэх нь Тансаг агуйн дотор сууж, алалдан харшилдахуйн дууг сонсоод Шороог дуудан: “Чи гарч ах нарынхаа дийлэн дийлэгдэх ямар болж байхыг үз” хэмээсэнд Шороо даруй шулмыг дарах шийдмээ барин гарч, эгнэгт зандран орж, олон шулмыг байлдан ухруулав. Ху А Чи байдал бусыг үзээд бушуухан буруултал Гахай хөөж ирээд хойноос нь малтуурдсанд шулмын ар оногдож есөн нүхнээс цус цувран хөөрхий сүнс нь есөн булгийн доор оров. Түүнийг чирж авчран хувцсыг тайлан үзвээс харин нэг үнэгэн шулам ажгуу. 


Тэр Алтан эвэрт шулам нагацаа алагдсаныг үзээд Бичинийг орхин Гахайг цавчин орохуйд Гахай малтуур далайн тосон байлдав. Хараахан нурин байлдан атал, Шороо бас шийдэм эргүүлэн занчин орохуйд шулам тэр хоёрын хүчийг хүлээж чадахгүй тул үүл хөлөлглөн урагш дутаан одов. Гахай Шороо хоёул хойноос тавилгүй нэхэн ирэхүйд Бичин үзээд яаран огторгуйд дэгдэн гарч хумхаа гарган: “Алтан эвэрт их ван” хэмээн дуудсанд шулам түүнийг өөрийн дарагдсан бага шулам хэмээн хойш хандан дуу гартал пүсхийн хумхийн дотор хэдийнэ орон эчив. Бичин мөн тарниар амсрыг нь наавай. Долоон одот сэлэм газарт унан ирэхүйд Бичин тосч аваад хойш ирэхүйд Гахай асууруун: “Эрдэнийн сэлмийг чи олжээ, шулам нь хаа буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Барьжээ! барьжээ! Нэгэнтээ хумхад хийж авчээ” хэмээсэнд Гахай их л баярлав. 


Тэр үед олон шулмыг цөм арилгаад хойш ирэн Тансагт баяр мэдүүлэн: “Шулмыг цөм сөнөөж уулыг цэвэр болгов, багш моринд морд, явсугай” хэмээсэнд Тансаг тэсгэлгүй баярлан багш шавь бүгдээр өглөөний цаваа зооглоод юмаа аван, морио хөтлөн замд орон баруунш явав. 


Хараахан яван атал гэнэт замын хажуунаас нэгэн сохор тойн гарч ирээд Тансагийн морин жолоог барин өгүүлрүүн: “Тойн та хааш одмуй? Миний эрдэнийг эгүүлж өг!” хэмээсэнд Гахай их л цочиж: “Муу болов, энэ лав хөгшин шулам эрдэнээ нэхээр иржээ!” хэмээхүйд Бичин нарийвчлан үзээд Дилавыг таньж ёслон өгүүлрүүн: “Өвгөн бурхан хаанаас ирэв?” Дилав яаран дээш дэгдэн эрдэнийн сууринд төв сууж, өндөр огторгуйд саатан байж: “Их богд минь эрдэнийг эгүүлж өг” хэмээв. Бичин мөн огторгуйд гарч өгүүлрүүн: “Ямар эрдэнэ вэ?” Дилав өгүүлрүүн: “Хул болбоос миний үрэл хийдэг сав бөлгөө, хумх болбоос миний ус хийдэг бумба бөлгөө, сэлэм болбоос миний шулмыг дарагч зэвсэг бөлгөө, дэвүүр болбоос миний үрэл бүтээхүйд гал дэвэгч дэвүүр бөлгөө, алтан цалам болбоос миний орхимжны бүс бөлгөө, тэр хоёр шулам хэмээгч, нэг нь миний алтан хөөргийг сахигч шавь, нэг нь миний мөнгөн хөөргийг сахигч шавь болой. Тэд миний эрдэнийг хулууж доор ертөнцөд бууж ирээд эрж олохгүй атал өдгөө чи барьж гавьяа бүтээжээ.” Бичин багш өгүүлрүүн: “Өвгөн чи үнэхээр ёсгүй, шавь юугаа дураар тавьж шулам болгох нь цөм чиний захиран чадсангүйн ял бус буюу?” Дилав өгүүлрүүн: “Энэ учир надад хамаагүй, чи хүнийг бүү буруушаагтун. Энэ нь Хомсим Бодисадва надаас гурвантаа асан авч, таны багшийн баруунш одох үнэн сэтгэлийг тэнссүгэй хэмээн шулам болгож тавьсан бөлгөө” хэмээсэнд Бичин дотроо сэтгэрүүн: “Энэ Бодисадва юунд ийм худлаар өгүүлмүй! Эрт өдөр өвгөн Сүн намайг гаргахуйд Тансагийг хамгаалан баруун газраас ном залаар од хэмээн захьсан бөлгөө, зам мөрт бартаа олон, одохуйяа бэрх хэмээн маргахуйд тэр зовлон тохиолдвоос өөрийн биеэр тусалсугай хэмээгээд өдгөө юунд эргүй эмийн аашийг гарган үгэнд үл суун шулмасыг илгээн биднийг зовоомуй. Хэрвээ өвгөн чи өөрөө эс ирсэн бөгөөс эрдэнийг эм өгөх бөлгөө. Өдгөө ийн өгүүлэх тул чамд өгсүгэй” хэмээгээд эрдэнийг Дилавт өгсөнд Дилав наасан тарнийг шаалан хул, хумхын амсрыг сөхсөнд хоёр бөөн хувилгаан уур дотроос гарав. Тэр Дилав хуруугаар заан зандарсанд мөн уг ёсоор алтан мөнгөн хоёр хувилгаан шавь болон зүүн баруунд даган одов. Үзэж байтал өнгө бүрийн гэрэл цацран солонгорсоор Түшид ордноо эгээд амарлингуйгаар ариун тэнгэрт гарав. Чухам үүнээс хойш ямар явдал тохиолдон Бичин Тансагаа хэрхэн хамгаалж хэзээ баруун газарт хүрэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 6 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 53 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 22 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 26 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 9 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 42 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 45 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 46 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 20 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 29 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 39 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 44 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 7 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 24 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 49 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 18 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 42 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 43 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 58 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК