зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


СЭТГЭЛИЙН БИЧИН ГАЛД ДАРАГДАВ
ГАХАЙ БАГШ ШУЛАМД БАРИГДАВ


        Сайн мууг нэгэн цагт умартаад
        Сайжрал буурлыг нэнд хайхарсны хэрэггүй. 
        Харангуй гэгээн ил далд өөрийн зоригоор болоод, 
        Ханах өлбөрөх цөм хувийн заяанаас болмуй. 
        Цог бадарваас өнөд нам сэлүүн болоод, 
        Сүлд буурваас чөтгөр шулам адалмуй. 
        Таван махбод харшваас даяаны шугуй эвдрээд, 
        Салхи хөдөлбөөс сааргүй бие нь жихүүцмүй. 


Өгүүлэх нь, их богд Гахайг дагуулан Шороогоос салж хувхай нарсан завыг үсрэн гараад шууд тэр арзгар хадын өмнө хүрч үзвээс, үзэмж байдал өөр ажгуу:


        Тойруу бэрх тоом зам буйд бөгөөд сэлүүн,
        Тэргэл сар сэрүүн салхинаа тогоруун дуу чагнанам.
        Хурц гэрэл талыг гийгүүлэн нимгэн үүлийг нэвтрүүлээд
        Хорчигнон урсах гол горхи аршийн сэтгэлийг сэргээнэм.
        Бичин жижигнэн, болжмор донгодохуйяа цэцэг мод сонихон,
        Бэрх хаднаа зэл торлохуйяа хөх цахирмаа дэлгэрмүй.
        Бор манан цэнхэр униар гуу завд тунаран, 
        Булбарай ногоон нарс хулс өнгөт гарьдыг далланам.
        Алс холд уул нуруунууд ханаран жигдрээд,
        Уулын энгэр завын завсарт аршийн агуй харагднам.
        Эх судас нь сүмбэр уулаас үүсэн гараад,
        Эрт төрөлд ерөөлтэй хүн энэ уулыг эзэлжээ.


Агуйн ойр хүрч үзвээс нэгэн хөшөө чулууны дээр: “Тэмдэгт уулын хувхай нарсан завын гал үүл агуй” хэмээх том үсэг сийлжээ. Агуйн хаалганы гадна олон бага шулам хашхиралдан жад сэлэм эргүүлж наадан байхуйг Бичин үзээд өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Та нар орж агуйн эзэндээ мэдүүл, миний багш Тансагийг түргэн гаргаж өгвөөс, таны агуйн олон амьтны амийг үлдээсүгэй, хэрвээ айшгүй эс өгвөөс би даруй чиний уулыг хөрвүүлэн, агуйг чинь талхидмуй” хэмээсэнд тэдгээр бага шулам мэндэн сандан дотогш гүйлдэн үүдээ дарж, дотор ороод шуламдаа мэдүүлрүүн: “Их ван, зовлон болов!” хэмээв. 


Өгүүлэх нь, тэр шулам Тансагийг барьж аваачаад дээл хувцасыг тайлан чармаа нүцгэнээр дөрвөн мөчийг гэдрэг татаж хүлээд, хойд хүрээнд хорьж бага шулмасаар ариун усыг авчруулж угаалгаад чанаж идсүгэй хэмээн атал, гэнэт ийн мэдүүлэхийг сонсоод, угаалгахыг байж өмнө танхимд ирэн: “Ямар зовлон болов?” хэмээн асуусанд бага шулам өчрүүн: “Нэгэн нүүртээ үстэй аянгын эрхтэн мэт тойн, нэгэн урт хоншоор их чихтэй тойныг дагуулан гадна ирж багшийг гаргаж өг хэмээмүй, хэрэв айшгүй эс өгвөөс уулыг хөрвүүлэн, агуйг талхидмуй хэмээмүй” хэмээсэнд, шулам хүйтнээр инээн өгүүлрүүн: “Энэ ирсэн нь Бичин Гахай хоёул буй за. Тэд харин ч эрж олжээ. Би түүний багшийг уулаас барьж энд иртэл зуун тавин газар буй, яахан мэдэж миний үүднээ эрэн ирсэн буй, хүүхэд та эчиж миний тэргийг гарга!” хэмээсэнд, бага шулмас таван бяцхан тэргийг түлхэн авчирч өмнө үүдийг нээхүйг Гахай үзээд ийн өгүүлрүүн: “Аяа, ах, энэ шулам лав биднээс айгаад тэргээр өөр газар нүүх буй за?” Бичин өгүүлрүүн: “Тийн бөгөөс, тэргээ хаа тавихыг бид үзсүгэй” хэмээв. Тэр бага шулмас тэргийг гаргаж, төмөр, мод, ус, гал, шороо таван махбодын орноор тавьж, таван шулмаар сахиулан, нөгөө таван шулам нь дотогш орж мэдүүлэв. Тэр шулам асууруун: “Бэлтгэсэн тавьсан буюу?” Бага шулмас: “Бэлтгэв” хэмээсэнд шулам “Жадыг авчир” хэмээв. Зэвсэг хамаарагч нэг бүлэг шулам нэгэн гал үзүүрт урт жадыг дамнан ацарж өргөсөнд шулмын ван жадаа аваад хуяг дуулгаа ч өмсөхгүй, дундуур нэгэн байлдааны хормойвч бүслэн, хөл нүцгэн гарч ирэв. Бичин Гахай хоёул тэр шулмыг үзвээс:


        Нүүрийн өнгө оо түрхсэн мэт цагаан,
        Уруул нь шунх түрхсэн адил улаан.
        Урт гэзэг нь бэх мэт,
        Яруу хөмсөг нь шинийн саран адил.
        Байлдааны хормойвчид луу гарьдыг хатгамлаж,
        Байдал дүр нь ялгуусан хөвгүүн мэт.
        Хоёр гарт жад атган сүр маш айхавтар,
        Хувилгаан гэрлээр биеийг хамгаалан үүд гарч ирэв.
        Агсран зандрах дуу нь аянга нижигнэх мэт,
        Алаг хоёр нүдний цавчлах нь цахилгаан гилбэхүйд адил.
        Энэ шулмын овог нэрийг олж мэдсүгэй хэмээвээс,
        Эрэмгий алдар үүрд дуурьссан Улаан хөвгүүн хэмээмүй.


Тэр шулам гарч ирээд их дуунаар дуудан өгүүлрүүн: “Ямар хүн аймшиггүй миний энд ирж бархирмуй!” хэмээсэнд, бич урагш давшин инээн өгүүлрүүн: “Мэргэн ач минь, битгий ийн хуурмагаар аашил, энэ өглөө чи нэгэн мэхт туранхай хөвгүүн болон хувилаад замын хажуугийн модны салаанд дүүжлэгдэж миний багшийг хуурсаныг би үл мэдэх буюу, би харин сайн санаагаар чамайг үүрсэн атал чи харин салхи үүсгэн миний багшийг аваачив. Чи өдгөө бас ийн ирэхүйд би чамайг үл таних буюу? Эртхэн миний багшийг гаргаж өг, нүүр эвдрэлцвээс ойр төрлийн сэтгэлд муухай болж, чиний эцэг өвгөн Сүн намайг бага хүүхдийг дарлав хэмээн буруушаамуй.” Тэр шулам ихэд хилэгнэн зандан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин! Би чам лугаа ямар ураг садан болмуй? Чи дэмий донгодож, намайг мэргэн ач хэмээн дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн чи үл мэдэх нь мөн, урьд би чиний эцэг лүгээ ах дүү барилдахуй цагт чи төрөөгүй бөлгөө.” Тэр шулам өгүүлрүүн: “Энэ сармагчин нэн чалчжээ!  Чи хаанах хүн буй? Би хаанах хүн буй, чи яахан миний эцэг лүгээ ах дүү барилдах буй?” Бичин өгүүлрүүн: “Чи мэдэхгүй. Таван зуун оны өмнө тэнгэрийн орныг түйвээсэн тэнгэр лүгээ чацуу их богд Сүн Ү Күн хэмээгч би болой. Тэнгэрийн орныг түйвээхийн урьд би далайн тэртээ, тэнгэрийн хормой, дөрвөн их тивийг дуусган тойрч сайн эрс лүгээ нөхөрлөсөн бөлгөө. Чиний эцэг үхэр шулам ванд тэнгэрийг төвшитгөгч богд хэмээх цол өгөөд өвгөн Сүн би ах дүү барилдаж, түүнийг их ах болгосон бөлгөө. Бас матар ванг далай хөрвүүлэгч их богд өргөмжлөн хоёрдугаар ах болговой, хан гарьд ванг тэнгэрийг хутгагч их богд өргөмжлөн гуравдугаар ах болгов. Арслан ванг уул шилжүүлэгч их богд өргөмжлөн дөрөвдүгээр ах болгов, жич хөгшмөл Бичин ванг салхи нэвтлэгч их богд хэмээн тавдугаар ах болгов, хүрэн Бич ванг хувилгаадыг үлдэгч их богд өргөмжлөн зургадугаар ах болгов, өвгөн Сүн миний бие авсаар тул тэнгэр лүгээ чацуу их богд хэмээн өргөмжилж долдугаар болон бид ах дүү долуул жарган ахуйд чи бас төрөөгүй болой!” хэмээв.


Тэр шулам үүнийг сонсоод юуны итгэх аж, жад өргөн жадлан орохуйд Бичин бие хэлбийн жаднаас зайлан гарч, шийдмээр угтан авч: “Энэ муу адгуус үнэхээр ёсгүй, миний шийдмийг үз!” хэмээн занчин орохуйд тэр шулам бас бие хэлбийн шийдмийг өнгөрүүлж ийн өгүүлрүүн: “Самуун сармагчин үнэхээр ёсгүй, миний жадыг үз!” хэмээн хоёул найр талыг харахгүй цөм царай хувилан өөр өөрийн чадал эрдмээ гаргаж, огторгуйд давхилан гарч их л алалдав.


        Богд Бичний нэр алдар их хэмээхүл,
        Буг шулмын чадал эрдэм бас ч хэцүү:
        Нэг нь алтан толтот шийдэм атгаж,
        Нэг нь гал үзүүрт жад барьжээ.
        Бургисан униар гурван ертөнцийг халхлан,
        Бутарсан үүл дөрвөн этгээдийг бүрхэв.
        Ал хэмээх дуу агаар тэнгэрт дуурьсан,
        Алтан нар мөнгөн сар гэрэл юүгээ алдав.
        Хэлэн байлдаад хэн алиндаа автахгүй,
        Хилэн уур хэнхдэг цээжнээ оргилон буцлав.
        Нэг нь санаан зоригоор ёс дүрмийг алдаж, 
        Нэг нь царай хувилж ураг хэлхээг умартав. 
        Шийдмээр тосохуйяа хувилгаан сүрийг бадруулан, 
        Жадаар жадлахуйяа зэрлэг санаа ахуулжээ.
        Нэг нь түйвээгч бүрэлба үнэн их богд,
        Нэг нь төвөөр туулсан маньбадар хөвгүүн.
        Хоёул хослон байлдаж эрэгчин эмэгчнийг ялгах нь 
        Хувраг Тансагийн бурханд мөргөхийн учир буй за.


Тэр шулам, Бичин лүгээ хорин удаа зөрөлдөн дийлэн дийлэгдэх ялгарахгүй. Гахай хажуунаас үзвээс, шулам хэдий дийлэгдэхгүй боловч зөвхөн хориглон тосохоос өөр дайран орох чадалгүй болжээ. Бичин хэдий дийлэхгүй боловч түүний шийдмийн эрдэм хэцүү тул шулмын тэргүүнээс огт салахгүйг үзээд Гахай дотроо ийн санаруун: “Болохгүй, Бичин хэмээгч шаламгай амьтан тул баахан завшаан өгч шулмыг хууран ойртуулаад нэг шийдэмд занчин унагаваас Гахай надад гавьяагүй болмуй...” хэмээгээд сүр бадруулан есөн араат малтуураа далайн занчин орохуйд, тэр шулам их л мэндэн жадаа чирэн буруулан эчив. Бичин хойноос Гахайг зандан: “Түргэн нэхэгтүн!” хэмээв.


Хоёул шулмыг нэхэмжлэн агуйн үүднээ хүрч ирэхүйд тэр шулам хэдийнээ дунд тэргэн дээр үсрэн гарч нэг гараар гал үзүүрт жадыг барин нөгөө гараар өөрийн хамраа хэдэнтээ цохихуйг Гахай үзээд инээн өгүүлрүүн: “Энэ дамшиг ичихгүй, чи хамраа цохиж цус гарган царайгаа бялдаад маныг гөрлөн заалдъя хэмээх буюу” хэмээн өгүүлтэл, тэр шулам тарни уншин хамраа цохин нүдээ цавчсанд ам хамраас нь гал утаа зэргээр гараад таван тэрэгнээс цөм галын гэрэл мандвай. Тэр шулам залгавар хэдэн зэрэг үлээсэнд их гал агуйг бүрхэн тэнгэр газар нийдэм гал болов. Гахай их л мэндэж бархиран өгүүлрүүн: “Ах минь, муу болов! Энэ галд хашигдваас Гахай би амьд гарахыг байтугай шарсан мах болоод түүний хоол болох буюу! Явсугай! Түргэн явсугай!” хэмээгээд Бичинийг орхин дутаан одов. 


Бичин болбоос рид хувилгаан их тул гал халхлах тарни уншиж, галын дотор шурган ороод шулмыг эрэхүйд шулам Бичинийг үзээд дахин хэд үлээсэнд тэр гал нь урьдахаас нэн хэцүү болов. Үзэж байтал:


        Дүрэлзэн ноцох улаан гал тэнгэрийн тагнайг шатаагаад
        Дөрвөн зүгт өрөвсөх нөл хөрст дэлхийг хуйхалав.
        Гал бөмбөг газар бүхэнд тоглох мэт,
        Нүүрсэн цог дөрвөн зүгт үсрэхүйд адил.
        Энэ гал хан Мяранзын үүдсэн гал бус,
        Энэ гал өвгөн Дилавын зуухны гал бус,
        Тэнгэрийн гал ч бус,
        Түймрийн гал ч бус,
        Харин ч шулмын бясалган бүтсэн
        Самадийн үнэн гал.
        Таван тэргийг таван махбодоор нийлүүлэн жагсааж,
        Таван махбодын үүсэх хувилахыг галаар бүтээжээ.
        Элэгний мод зүрхний галыг бадруулж,
        Зүрхний гал бас дэлүүний шороог тэгшитгэмүй.
        Дэлүүний шорооноос төмөр үүсэн 
        Төмөр нь ус хувилаад,
        Уснаас мод үүсэн гайхамшиг чадалд нэвтэрмүй.
        Үүсэх хувилах бүхэн цөм галд шалтан 
        Гал хан огторгуйд түгвээс түмэн бодис дэлгэрмүй.
        Гажуу шулам самадийн нууцад хэдийнээс сэрж
        Баруун газрыг үүрд дарангуйлагчийн тэргүүн болжээ.


Бичин тэр утаанд шулмын агуйд хүрэх зам үзэгдэхгүй болохуйд галаас үсрэн гарч ирэв. Тэр шулам Бичиний гарч одсоныг үзээд, сая галаа хураан авч олон шулмаа дагуулан агуйд орж хаалгаа даран дийлсэн ёсоор хөгжим үүсгэн хуримлан суухыг түр өгүүлэхгүй.


Жич өгүүлэх нь, Бичин хувхай нарсан заваас үсрэн гараад үүлнээс буун чагнаваас Гахай Шороо хоёул модны доор хэлэлцэх нь тодорхой сонстмуй. Бичин урагш давшин Гахайг ийн зандан өгүүлрүүн: “Энэ манхуу ч огт хүний чанаргүй! Шулмын галаас айж намайг ганцаар орхин дутаах чинь юун?” Гахай инээн өгүүлрүүн: “Тэр шулам ах чамайг онотол хэлжээ.Чи үнэхээр юмын өнгийг мэдэх хүн бус, эртний хүний өгүүлсэн нь: “Юмын өнгийг мэдэгчид нь баатар эрдэмтэн болой” хэмээжээ. Тэр шулам чамлугаа огтхон ч харьцаагүй бөгөөтөл чи түүнийг хөвгүүн хэмээн дуудмуй. Тэр чам лугаа амь цөлөн байлдаж, тийм хэцүү гал тавихуйд бас дутаахгүй түүн лүгээ нөрөн байлдмуй!” Бичин өгүүлрүүн: “Тэр шулмын чадал нь надаас ямар буй?” Гахай өчрүүн: “Хүрэхгүй.” “Түүний жадан эрдэм надаас ямар буй?” Гахай өгүүлрүүн: “Бас чамд хүрэхгүй, тийнхүү би сая чамд тусалсугай хэмээн орсон бөлгөө, тэр шулам харин дутаан эчиж гал тавьжээ.” Бичин өгүүлрүүн: “Би түүн лүгээ дахин хэдэн удаа зөрөлдөж завшаан олон занчсан болбоос эс дийлэх буюу?” хэмээн хоёул дэмий л өгүүлэлдэн байхуйг Шороо сонсоод элгээ хөштөл инээхүйд Бичин асууруун: “Дүү чи юунд инээмүй? Чамд тэр шулмыг барих ба галыг нь сөнөөх арга буй буюу? Энгийн үгэнд: “Унгасан бөмбөг түмэн ширхэг ноосоор бүрэлдвэй” хэмээжээ. Чи хэрэв шулмыг барьж багшийг гарган чадваас энэ нь чиний байгуулсан их гавьяа болой.” Шороо өгүүлрүүн: “Надад шулмыг барих арга үгүй, та хоёулын тийн мэндсэнийг сонсоод инээд хүрсэн бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Бид хэрхэн мэндсэн буй?” Шороо өгүүлрүүн: “Тэр шулмын чадал хүч, жадын эрдэм цөм чамд хүрэхгүй, гагц галд дарагдан дийлэн эс чаджээ. Миний үзэхээр усыг хэрэглэвээс түүнийг дийлэхүйд ямар бэрх буй?” хэмээхүйд Бичин сая сэхэсхийж их л инээн өгүүлрүүн: “Дүүгийн үг мөн болой, бид мэндээд энэ хэргийг умартжээ. Үнэхээр усаар тэр галыг унтрааваас болмуй. Өдгөө ямар газраас ус авчран шулмын галыг унтрааж, багшийг гаргамуй.” Шороо өгүүлрүүн: “Мөн, мөн, алгуурлаж болохгүй” хэмээсэнд Бич өгүүлрүүн: “Та хоёул энд байж түүн лүгээ бүү байлд, би зүүн далайд одож лусын цэргийг зээлэн ус авчраад галыг унтрааж, шулмыг барьсугай” хэмээсэнд Гахай: “Ах одтугай, бид мэдмүй” хэмээв.


Бичин үүл хөлөглөн төдөлгүй зүүн далайд хүрээд уул усны үзэмжийг үзэх ч завгүй усыг зайлуулах увидас хэрэглэн, давалгааг зүсэж шууд ортол, далай цагдагч нэгэн ягчист тохмиолдов. Тэр ягчис Бичинийг үзмэгц яаран болор ордонд эгэн лусын хаанд мэдүүлсэнд, лусын хаан Уу Гуан даруй хөвгүүн ач сам наймаалжийн олныг дагуулан Бичинийг угтан оруулаад, дээр суулгаж, ёслон золгосны хойно цай ирэв. Бичин өгүүлрүүн: “Цай авчрах хэрэггүй, лусын хааныг зовоох нэгэн учир буй, миний багш баруунш одож бурханд мөргөн ном залахын тул тэмдэгт уулын хувхай нарсан завын гал үүлт агуйд хүрвээс тэнд нэгэн Улаан хөвгүүн хэмээгч шулам аж, миний багшийг барьж аваачжээ. Өвгөн Сүн би агуйд эрэн хүрч түүн лүгээ байлдаад галд дарагдав. Санаваас усаар галыг унтрааж болох тул тухайлан чамаас борооны усыг агсан, Тансагийг энэхүү аюулаас аварсугай хэмээн ирэв.” Лусын хаан өгүүлрүүн: “Их богд ташаарав. Хэрэв борооны усыг авбаас намайг эрэх хэрэггүй.” Бичин өгүүлрүүн: “Чи болбоос бороо хурыг захирагч дөрвөн далайн лусын хаан болой, чамайг эрэхгүй хэнийг эрмүй?” Лусын хаан өгүүлрүүн: “Би хэдий бороо хурыг захиравч айшгүй зоригоор явж үл болмуй. Хурмастаас ямар газар аль цагт хэдэн тохой, хэдэн ямх бороо оруул хэмээх зарлиг ирвээс, бас гурван түшмэл бийр барин анхан одон бичиг уламжилсны хойно салхи цахилгаан үүл аянгын эзэд лүгээ нийлэн тогтоод сая бороо оруулмуй. Энгийн үгэнд “Үүлгүй болбоос луу үл явах” хэмээжээ.” Бичин өгүүлрүүн: “Би салхи, үүл, аянга, цахилгааныг хэрэглэх бус, гагц усыг хэрэглэж галыг унтраасугай хэмээмүй.” Лусын хаан өгүүлрүүн: “Их богд салхи, үүл, аянга цахилгааныг үл хэрэглэх болбоос би ганцаар мөн туслаж чадахгүй, би дүү нэр лүгээ хамт их богдыг тусалбаас ямар?” Асууруун: “Эрхэний дүү нар өдгөө хаа буй?” Лусын хаан өгүүлрүүн: “Өмнөд далайн лусын хаан Уу Чин, умард далайн лусын хаан Уу Жин өрнөд далайн лусын хаан Уу Шүн даруй миний дүү нар болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Би дахин гурван далайг тойрох болбоос тэнгэрт гарч хурмастаас зарлиг эрэхийг хүрэхгүй болой.” Лусын хаан өгүүлрүүн: “Их богдыг зовоох бээр үгүй, ганц төмөр хэнгэрэг алтан жүнг дэлдвээс агшин зуур тэд цөм хүрч ирмүй.” Бичин сонсч: “Тийн болбоос хөгшин лус чи хэнгэрэг жүнгээ дэлдэгтүн” хэмээв. 


Удсангүй, гурван далайн лусын хаан хүрч ирээд ийн асууруун: “Их ах, маныг ямар хэрэгт дуудав?” Уу гуан өгүүлрүүн: “Их богд шулмыг дарахын тулд усыг зээлэхээр иржээ, та нар орж золго” хэмээсэнд гурвуул дотор орж ёслон золгосны хойно бич сая ирсэн учраа тоочин өгүүлэв. Олон лусын хаад их л баясан туслах цэргээ бүртгэн эхлэв. 


        Аварга загас баатар эрэмгий тул өмнөд цэргийг захирч
        Ам их давхралыг гавшгай хошууч тавив.
        Мөрөг өрлөг давалгаа босгон долгион татуулан,
        Мөгцөг хайга захирагч болоод манан салхийг үүсгэв.
        Хар амар дэмч түшмэл зүүн этгээдэд хайн,
        Хадар дугтар хураагч болон баруун газрыг хамаарав.
        Улаан нүдэт шаршин малан өмнөд хүрээнээ бүжиглэн,
        Хар хуягт хайгаа жанжин ар талыг хамгаалав.
        Хоров ерөнхий дундад хүрээнээ тохионы тэмдэг тавин,
        Таван ангийн хуяг цэрэг давшин давшин гавшгайлмуй.
        Лаг мэлхий нааш цааш яван мэргэлээд,
        Яст мэлхий зөвдөгч болоод далд нууцыг таслав.
        Хурц бодлого оюун билигт хэвтээ загас туслагчийн тушаалд давшаад
        Хувилах улирах цаглашгүй лаг мэлхий ерөнхийлөгч ноён болов.
        Хөндлөн явагч наймаалж баатар урт сэлэм атгаж,
        Хөвөн дэгдэгч хөгшин сам хатуу нумыг тэлжээ.
        Цулбуурт хиа гадаад түшмэл данс бичгийг байцааж,
        Цэрэг дайчлан болор ордноос мордон гарав.
        Шүлэглэсэн шүлгийн үг:
        Улсын багш Тансаг тойн зовлонд тохиолдсон шалтгаанаа
        Ус зээлэн гал унтраахаар Бичин гарч ирэв.
        Тэнгэр лүгээ чацуу их богд тэсгэлгүй гуйснаа
        Дөрвөн далайн лусын хаад дэмжин туслахыг зөвшөөрөв.


Бичин лусын цэргийг дагуулан удалгүй тэмдэгт уулын хувхай нарсан завд хүрээд Бичин ийн өгүүлрүүн: “Уу овгийн дөрвөн лусын хааныг хол зам хөөлгөж ихэд зовоов. Энэ зав даруй шулмын сууж байх орон тул, та нар огторгуйд аж бүү мэдэгд. Өвгөн Сүн би одож түүн лүгээ байлдсугай, дийлэн дийлдсэн ч надад туслах хэрэггүй, гагц тэр шулам гал тавьбаас та миний захиаг даган бороо оруул” хэмээсэнд, дөрвөн лусын хаан захиаг хүлээн авав.


Төд Бичин үүлнээс бууж ойн дотор ороод Гахайтныг дуудсанд, Гахай яаран өчрүүн: “Ахын ирсэн нь юутай түргэн, лусын хааныг залж авчирсан буюу?” Бичин өгүүлрүүн: “Цөм ирэв, та нар амьтайгаа хичээ, их бороонд норох болуузай. Би өдгөө шулам лугаа байлдаар одмуй.” Шороо өгүүлрүүн: “Ах, сэтгэлээ сул тавь. Бид мэдмүй” хэмээв.


Бичин завыг үсрэн гарч агуйн үүдэнд хүрээд: “Хаалга нээ!” хэмээн зандсанд бага шулам орж: “Тэр бич бас ирэв” хэмээн мэдүүлсэнд шулам дээш хандан их л инээж өгүүлрүүн: “Тэр сармагчин галд эс түлэгдэн үхсэн тул өдгөө бас иржээ. Энэ удаад би чамайг үнс болтол шатаасугай!” хэмээгээд, жадаа шүүрэн авч: “Тэргийг түлхэн гарга!” хэмээн гарч ирээд Бичинийг үзэж өгүүлрүүн: “Чи бас юунд ирэв?” Бичин: “Багшийг түргэн авчир” хэмээв. Шулам өгүүлрүүн: “Энэ сармагчин даанч мэдэлгүй, тэр Тансаг чамд багш болж болох атал, надад архин зууш болж үл болох буюу! Чи аваачсугай хэмээмүй юү? Санаагаа хураа!” хэмээсэнд Бичин тэсгэлгүй хилэгнэн шийдэм далайн занчин оров. Тэр шулам яаран гал үзүүрт жадыг өргөн угтан байлдав. Энэ удаагийн нөрөн байлдсан нь урьдах лугаа нэн адилгүй:


        Буранхуй шулам хилэгнэн хашхирахуйд
        Богд Бичин уурлан зандармуй.
        Нэг нь тойн юугаа гаргасугай хэмээн бачимдан,
        Нэг нь тарган Тансагийн махыг тавтай идсүгэй хэмээн яармуй.
        Эд хоёул элгэн садан элбэрэл журмаа цөм умартвай.
        Буранхуй шулам богд Бичийг барьж арьсыг нь өвчсгүэй хэмээн санахуйяа
        Богд Бич буранхуй шулмыг алж махыг нь идсүгэй хэмээн бодмуй.
        Эд хоёул эрэмгий байнам, 
        Ертөнцөд хосгүй баатар байнам.
        Жадаар шийдмийг тосон дийлэн дийлэгдэхийг ялгахуйяа,
        Шийдмээр жадыг зайлуулан эрэгчин эмэгчнийг тасалмуй.
        Хойш урагш хорин хэдэн удаа зөрөлдөн 
        Хоёр этгээдийн хүч тэнцэн хэн хэндээ автахгүй.


Тэр шулам, Бичин лүгээ хорин удаа зөрөлдөөд байлдан дийлэхгүйгээ мэдэж, хоосныг жадлан хойш буруулан хамраа хэдэнтээ цохьсонд мөн урьдах ёсоор гал бутран гарсанд, тэр үүдний өмнөх тэрэгнээс утаа гал зэргээр үүсэв. Бичин хойш хандан: “Лусын хаад хаа буй?” хэмээн дуудсанд, Уу овгийн ах дүү усны олон эрхтэнээ дагуулж шулмын гал дээр бороо оруулав. Тэр бороо үнэхээр: 


        Шуугих борооны ширүүн нь тэнгэрийн хаяанаа солир од харвах мэт,
        Шогшин орохын долгин нь далайн ёроолыг хөмөрсөнд адил.
        Сая эхлэн орохуйяа шанага аягаар сүрчихүйд адил,
        Шаагин шаагин ширүүсэхүйеэ сав суулгаар цутгах мэт.
        Өргөн талд үер буун усан далай болоод,
        Өндөр уул үзэгдэхгүй болж орой нь цухуйжээ.
        Гуу завд үер буун цагаан давалгаа цайлзаад,
        Гол горхийн ус тэлж мөнгөн долгион татжээ.
        Гурван замын уулзар үзэж байтал дүүрээд
        Есөн горхийн сав харж байтал бялхжээ.
        Энэ болбоос, Тансаг тойн зовлонд учирсан тул лусын хаад ирээд
        Тэнгэрийн голыг татан авчирч энэ газарт цутгажээ.


Тэр хурын ус ганц ертөнцийн галыг унтраан чадахаас өөр шулмын самадийн үнэн галыг яахан унтрааж чадмуй. Бороо орох тутам гал дээр тос дуссан мэт улам хөгжихүйд Бичин үзээд ийн өгүүлрүүн: “Би гал халхлах тарни уншиж гал дотор орсугай” хэмээн шийдэм далайн шулмыг эрэн занчин ирэхүйд, тэр шулам бичийг олж үзээд нүүр өөд нь утаа үлээсэнд Бичиний толгой нь эргэн нүд эрхрэн өвдөөд нулимсыг цувруулан эс дасан хойш гарч ирэв. Үзвээс энэ Бичиний нүд хэмээгч галаас айхгүй боловч утаа үзэж болохгүй ажгуу. Эрт өдөр тэнгэрийн орныг их л түйвээхүйн цагт Дилавын найман хөлөлийн зууханд ороод, нэгэн удаа түлэгдэхүйд тэр хийн оронд сууснаар, бие нь гэмтсэнгүй. Гагцхүү жаварт нүхэлсэн утаа түүний нүдийг утсаар ал нүд алтан цэцгийтэй болгожээ, тийнхүү өдгөө болтол мөн утаанаас аймуй. Тэр шулам Бичний өөд утаа үлээсэнд Бич хүлээж тэсэхгүй тул үүл хөлөглөн одов. Тэр шулам галаа хураан агуйдаа эгжээ. 


Тэндээс Бичин бүх бие гал болоод дотор нь халуу оргин тэсэхгүйдээ завын усанд үсрэн оров. Үзвээс, хүйтэн усны хүчинд галын уур дотогш шургаж зүрхэнд ороод гурван сүнс биеэс гарчээ. Хөөрхий Бичиний голын хий хоолойд бөглөрөөд сүнс сарнин сүг завхаж амь нь егүүдэв! Тэр дөрвөн лусын хаад огторгуйгаас үзээд, их л мэндүүрэн бороогоо хурааж, өндөр дуунаар: “Тэнгэрийн өрлөг баатар, үүд сөхөгч жанжин аа! Та хоёр ойд нуух хэрэггүй хурдан ахаа эрэгтүн!” хэмээв.


Гахай Шороотон тэдний хувилгаан цолыг дуудахыг сонсч, яаран морио тайлаад, дамжуураа дамнан ойгоос гарч, шавар усыг хайхрахгүй завын усыг өөдөлж эрэн одохуйд, урсгалын дээрээс нэгэн үхсэн хүн давалгаанд ирэхийг Шороо үзээд яаран усны дотор үсрэн орж тэврэн аваад эргийн дээр гаргаж үзвээс Бичин ажгуу. Аяа! Түүний дөрвөн мөч атиран хөшөөд бүх бие нь мөсөнд адил болжээ. Шороо нулимсыг асгаруулан өгүүлрүүн: “Ах чи, буман жилд үл өтлөх мөнхийн шидийг оллоо, энэ өдөр замын зуур зуурмагаар үхэхийг хэн санавай” хэмээн мэгшин уйлахуйд Гахай их л инээн өгүүлрүүн: “Дүү чи бүү уйл, энэ сармагчин үхсэнээр овлон маныг айлгамуй. Чи түүний элгийг дарж үз, халуун амьсгал буй буюу?” Шороо өгүүлрүүн: “Хамаг бие нь цөм хөрчээ, хэдий нэгэн хэсэг халуун амьсгал буй боловч яахан амь орох аж?” Гахай өгүүлрүүн: “Үүнд далан хоёр зүйлийн хувилгаан буй тул далан хоёр амь буй, чи түүний хөлийг татаж байгтун, би засч үзсүгэй” хэмээгээд Бичинийг өргөж завилуулан суулгаад Гахай хоёр алгаа халуун болгоод Бичиний хүйсийг иллэв. Тэр Бичин хүйтэн усанд элэгдэж амьсгал нь хүйсний доор чиглэрээд дуу гарч чадахгүй болжээ. Гахайн ийн иллэхүйд Бичиний амьсгал нь төдөлгүй тархаад магнайд эргэж, сүв бүхэнд нэвтэрмэгц гэнэт сэрж: “Багш” хэмээн бархирав. Шороо: “Ах минь чи амьд байхуйд багшийн тул болоод, үхэвч амандаа багш хэмээн дуудмуй. Чи сэргэгтүн, бид энд байнам” хэмээсэнд, Бичин нүдээ нээж үзээд ийн өгүүлрүүн: “Дүү нар энд буюу? Өвгөн Сүн би энэ газарт хор амсав!” Гахай инээн өгүүлрүүн: “Чи сая үхсэнд өвгөн Гахай би эс аварсан бөгөөс энд хэдийнээ барах бөлгөө, бас надад талархахгүй!” Бичин босоод дээш харж: “Лусын хаад хаа буй?” хэмээн асуусанд, лусын хаад огторгуйд аж ийн өчрүүн: “Өчүүхэн лус бид энд хүлээж байнам.” Бичин өгүүлрүүн: “Та нарыг хол газраас авчирч зовоовой, өдгөө гавьяа бүтэж эс чадсан тул та түр хойш эгэхтүн, хойч өдөр ачийг чинь хариулсугай” хэмээсэнд лусын хаад цэргээ авч хойш харьсныг өгүүлэхгүй.


Тэндээс Шороо сая Бичийг түшин ойн дотор орж суусан хойно Бичиний сахиус төдөлгүй тогтоод нүднээсээ нулимсыг цувруулан ийн дуудан өгүүлрүүн: “Аяа багш минь:


        Эрт өдрийг эрэгцүүлэн санаваас их Тангаас анх мордоод
        Эрэг хадын ёроол доороос намайг зовлонгоос гаргав.
        Зуун ус мянган уулнаа зэтгэр шулам учран
        Зовлон гаслан мянган давхар элэг зүрх эмтэрвэй
        Өглөөн цавт бадар эрэн олсон хэвээр зооглон
        Үдшийн бүрийд даяанаа суун уулан ойд хоногловой
        Гагц сэтгэлээр гавъяа бүтээлийг гүйцэтгэсүгэй хэмээн зорьсоор
        Гай зовлонг энэ өдөр амсахуйг чи юуны мэдмүй!” хэмээн гаслан уйлахуйд Шороо өгүүлрүүн: “Ах чи битгий гасал бид нэгэн арга гаргаж өөр газраас туслах хүн авч ирж багшаа гаргаваас сайн бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Туслах хүнийг хаанаас олмуй?” Шороо өгүүлрүүн: “Урьд Хомсим Бодисадва манд захьсан нь: “Та нар Тансагийг хамгаалан баруунш од, зовлон тохиолдсон цагт тэнгэрийг дуудваас тэнгэр туслаж газрыг дуудваас газар тусламуй.” хэмээн өгүүлсэн бөлгөө. Тэнд одож гуйхгүй юу?” Бичин өгүүлрүүн: “Эрт өдөр өвгөн Сүн би тэнгэрийн орныг түйвээхүйн цагт тэдгээр тэнгэрийн эрхтэн над лугаа эсэргүүцэлдэн эс чадмой. Өдгөө энэ шулмын чадал хүч нь бага бус, өвгөн Сүн надаас илүү хүн байваас сая түүнийг барьж чадмуй. Тэнгэрийн эрхтэн газрын онгод цөм тусгүй, энэ шулмыг барьсугай хэмээвээс Хомсим Бодисадваг залбаас болмуй. Миний бие чилээрхэн нуруу хөш шархиран өвдөх тул тонгорцоглон чадахгүйг хэрхсү?” Гахай өгүүлрүүн: “Ямар үг буй болбоос надад хэл. Би одож залсугай!” Бичин инээн өгүүлрүүн: Тийм болбоос чи одтугай, Бодисадвад золгосон хойно дээш бүү харагтун. Гагц толгойгоо бөхийж мөргөн ёсол, тэр чамаас асууваас чи энэ уулын шулмын нэрийг өгүүлж багшаа гаргахын тул Хомсим Бодисадваг залсугай хэмээн ирэв хэмээн айлтгагтүн. Бодисадва залран ирвээс сааргүй энэ шулмыг барьж чадмуй” хэмээсэнд Гахай даруй үүл буданг хөлөглөн Бодисадваг залаар одов. 


Өгүүлэх нь, тэр шулам агуйд сууж баясан өгүүлрүүн: “Бичин энэ удаа хор олж одов эс үхэвч нэгэнтээ үхэдхийх буй за. Аяа тэр бас туслах хүнийг гуйхаар одох магадгүй. Үүдийг түргэн нээхтүн, тэр хэнийг залж ирэхийг би үзсүгэй” хэмээв. 


Тэр олон шулам агуйн үүдийг нээсэнд шулам гараад огторгуйд гарч харваас Гахай урагш одохыг үзэж тэр шулам дотроо сэтгэрүүн: “Өмнөш одохыг үзвээс өөр газар эчихгүй, лав Хомсим Бодисадваг залах буй за” хэмээгээд яаран үүлнээс буун ирээд: “Хүүхэд түргэн миний тэр арьсан тулмыг эрж гарга, хэрэглэсэнгүй маш удсан тул амсрыг нь уях дээс нь хуучирч муудсан магадгүй, нэгэн шинэ оёдол халж дотор үүдний гадна тавь, би Гахайг барьж авчираад туламд хийж ялзартал жигнэж та нарт хурим тавьсугай” хэмээв. Үзвээс энэ шуламд нэгэн тэлэх авчих тулам буй ажгуу. Олон шулам оёдлыг нь халж авчираад үүдний дотор тавихыг өгүүлэхгүй. 


Жич өгүүлэх нь: Тэр шулам энэ газар удаан суусан тул эндээс өмнө далайд хүрэх дөт замыг цөм мэдмүй. Тэр үүл хөлөглөн дөтлөн одоод Гахайн өмнө гарч Хомсим Бодисадва болон хувилаад чулуун дээр сууж Гахайн хүрч ирэхийг хүлээв.


Тэр манхуу хараахан үүл хөлөглөн явахын зуур гэнэт бовьсадваг үзээд юуны үнэн худлыг ялган таних аж. Тэр даруй үүлнээс бууж ёслон өгүүлрүүн: “Шавь Жу Ү  Нин Бодисадвад мөргөмүй” хэмээсэнд тэр шулам өгүүлрүүн: “Чи Тансагийг дагаж номоо залахаар одохгүй надад ирж золгох нь юун.” Гахай өгүүлрүүн: “Шавь би Тансагийг хамгаалан явахын замд тэмдэгт уулны хувхай нарсан завын гал үүлт агуйн Улаан хөвгүүн хэмээгч шуламд тохиолдов. Тэр шулам миний багшийг хийсгэн аваачсанд шавь би номын ах лугаа түүний үүдэнд эрэн одож их л байлдав. Тэр шулам гал тавьж чадах тул бид түүнд дарагдаад лусын хаадыг залан бороогоор туслуулсан боловч мөн галыг дарж чадсангүй. Манай ах түүний галд шатаагдаж хөдөлж чадахгүй болоод намайг зарж Бодисадваг залаар ирүүлэв. Энэрэн нигүүлсэж миний багшийг аюулаас аврахыг түмэнтээ гуймуй!” хэмээсэнд шулам өгүүлрүүн: “Гал үүлт агуйн эзэн болбоос амьтныг хорлохгүй бөлгөө, та нар лав түүнд халдсан буй за.” Гахай өгүүлрүүн: “Манай номын ах Бич халдсанаас өөр би түүнд огт халдсан бээр үгүй. Тэр шулам нэгэн бага хүүхэд хувилаад модон дээр өлгөгдөн багшийг тэнсэв, миний багш асар сайн сэтгэлтэй хүн тул надаар түүнийг тайлан буулгуулж, ах түүнийг савсанаар тэр салхи хөдөлгөн багшийг хийсгэн аваачжээ.” Шулам өгүүлрүүн: “Чи босч, намайг даган түүний агуйд эчигтүн, чи түүнид буруугаа хүлээж ёсло, би хэлж багшийг чинь тавьсугай.” Гахай: “Үнэхээр багшийг минь тавих болбоос түүнд мөргөвч ямар хамаа буй” хэмээв.
Тэр шулам: “Чи намайг дагаж ир” хэмээсэнд тэр манхуу үнэхээр сайн мууг мэдэхгүй түүнийг дагаж шууд ирсэн замаар эгэж, гал үүлт агуйн зүг ирэв. Төдөлгүй агуйн үүдэнд хүрэхүйд шулам ийн өгүүлрүүн: “Чи түүнийг бүү сэжиглэ, тэр миний хуучин танил, чи орж ир.” Манхуу сая үүдийг алхан ортол, бүгд бага шулам зэргээр хашхиран ирж, Гахайг дарж унагаагаад, туламд хийж амсрыг чанд уян гэрийн гол нуруунаас дүүжилбэй. Тэр шулам уг биеэр болон дээр сууж ийн өгүүлрүүн: “Гахай чамд ямар чадал буй хэмээн айшгүй Тансагийг хамгаалж ном залаар одмуй? Бас айшгүй Бодисадваг залж намайг бариулсугай хэмээмүй? Чи хоёр нүдээ бүлтийж харсаар идэр богд намайг танихгүй! Чи өдгөө надад баригдвай, чамайг гурав дөрвөн өдөр дүүжилсний хойно жигнэн шалзлаад, хүүхдэд хувь тавьж архин зууш болгосугай!”Гахай тулмын дотроос: “Энэ муу шулам чи даанч ёсгүй! Чи намайг идэх болбоос та бүхнийг нэг нэгээр толгой хавдах хижигт би нэрвэгдүүлсүгэй!” хэмээн манхуу дахин дахин хараан цуугилдахыг өгүүлэхгүй.


Тэндээс өгүүлэх нь, Бичин Шороо лугаа хараахан сууж байтал гэнэт нэгэн шинхэг үнэр салхийг даган нүүрийг илбэн гарахуйд Бичин гэнэт найтаагаад өгүүлрүүн: “Муу болов! Муу болов! Энэ салхинд муу олон, сайн цөөн, Гахай лав зам эндүүрсэн буй за.” Шороо өгүүлрүүн: “Тэр зам эндүүрсэн бөгөөс хүнээс үл асуух буюу?” Бичин өгүүлрүүн: “Лав шуламд учрав.” Шороо өгүүлрүүн: “Шуламд учирваас тэр хойш дутааж үл ирэх буюу?” Бичин өгүүлрүүн: “Муу болов, чи энд амьтайгаа сахиж суу, би завын дэргэд одож мэдээ авсугай.” Шороо өгүүлрүүн: “Ах чиний бие сайн болоогүй, түүнд хор олох болуузай. Дүү би одсугай.” Бичин: “Чи хэрэггүй, би одсугай” хэмээв.


Бичин шүдээ зууж шийдмээ барьж, завыг өнгөрөн агуйн үүдэнд хүрээд: “Шулам үүдээ нээ!” хэмээн дуудсанд тэдгээр бага шулмас яаран дотогш орж мэдүүлрүүн: “Тэр Бичин бас ирээд үүдээ нээ хэмээмүй” хэмээсэнд тэр шулам олон хүүхдийн зүг: “Та олноор гарч түүнийг барь!” хэмээв. Тэдгээр олон шулмас цөм жад илд өргөлцөн зэргээр: “Барь! Барь!” хэмээн хашхиралдан гарч ирэхүйд Бичин үнэхээр зүдэрсэн тул айшгүй угтан байлдахгүй, замын хажууд зайлан гарч тарни уншин: “Хувил!” хэмээн зандмагц нэгэн боодол болон хувилав. Олон шулмас тэр боодлыг авч агуйд орон мэдүүлрүүн: “Их ван, тэр Бичин бидний “Барь” хэмээх дууг сонсмогц айн боодлоо орхин дутаав!” Шулам инээн өгүүлрүүн: “Боодолд ямар сайн юм байх аж, хагархай намжир, хуучин малгайн төдий буй за, та аваачиж угаагаад нөхөөс хийтүгэй” хэмээсэнд, нэгэн бага шулам тэр боодыг үүрэн дотогш орохуйд, Бичин сэтгэрүүн: “Сайн болов! Энэ боодлыг үүрсэн чинь таарна!” хэмээв. Тэр шулам дэмий хэрэгсэхгүй, үүдний нэгэн буланд хаяв. 


Тэр Бичин хуурмагийн дотор нэн хуурмаг, хоосны дотор нэн хоосон аргыг хэрэглэн үсээ сугалж аваад тэр боодолд адил хувилгаад өөрийн биеэ нэгэн шумуул болон хувилгаад хатавчны дээр сууж чагнаваас Гахайн ёолох дуу бүүр түүр сонстмуй. Бичин нисэн түүнийг эрвээс харин нэгэн туламд уутлагдаж дээр дүүжлэгджээ. Бичин тулмын дээр сууж чагнаваас Гахай нь тэр шулмыг хараан: “Чи юунд Хомсим Бодисадва хувилж намайг хууран авчраад бас намайг идмүй хэмээмүй!”Аль нэгэн өдөр миний номын ах:


        Тэнгэр лүгээ чацуу цаглашгүй увидсаа гаргаж
        Тэрс шулмуудыг цагийн зуур бариад
        Тулмын амсрыг нээж намайг тавин гаргаваас,
        Төмөр малтуураар мянгантаа занчиж хорслоо тайлсугай!” хэмээмүй.


Бичин үүнийг сонсоод инээд хүрч: “Энэ манхуу хэдийвээр энэ тулмын дотор орсон боловч мөн зоригоо алдсангүй. Өвгөн Сүн сааргүй энэ шулмыг бариад өшөөгөө авсугай!” хэмээв. Бичин Гахайг гаргахаар ийн сэтгэн атал, тэр шулам дуудан өгүүлрүүн: “Зургаан баатар хаа буй?” хэмээсэнд зургаан түшмэл орж ирэн сөгдөв, эдгээр нь цөм түүний итгэлийг олсон шулам тул жанжин өргөмжилжээ. Тэдний нэр нь: “Үүлэн дэх манан, Манан дахь үүл, Догшин гал, Түргэн салхи, Хагсаагч, Хатаагч хэмээмүй. Тэр шулам асууруун: “Та нар эцэг вангийн гэрийг мэдэх буюу?” хэмээхүйд зургаан жанжин: “Мэдмүй!” хэмээв. Шулам захиран: “Та нар түргэн одож, эцэг ванг зал! Тансагийн махыг идүүлсүгэй!” хэмээсэнд зургаан шулам зарлигийг хүлээж яаран гарч ирэв. Бичин бас нисэн гарч тэр зургаан шулмыг даган одов. Чухам яахан залж ирэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 18 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 6 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 34 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 38 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 21 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 54 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 57 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 58 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 32 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 41 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 51 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 56 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 19 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 36 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 30 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 54 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 55 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 10 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК