зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ:


ЭРДЭМТ ИХ БОГД ХИЧЭЭНГҮЙГЭЭР ӨМНӨД ДАЛАЙД МӨРГӨХӨӨР ОДОВ
ЭРХТ ХОМСИМ БОДИСАДВА НИГҮҮЛСЭХҮЙГЭЭР УЛААН ХӨВГҮҮНИЙГ БАРЬЖ ХҮЛЭВ


Өгүүлэх нь, тэр зургаан шулам агуйгаас гараад, зам барин баруун өмнөш одохуйд Бичинн дотроо ийн сэтгэрүүн: “Тэр шулам эцэг вангаа залж, миний багшийг идүүлсүгэй хэмээмүй, түүний эцэг ван хэмээгч лав үхэр ван буй за, өвгөн Сүн би урьд түүн лүгээ маш янаг бөлгөө, өдгөө өвгөн Сүн би номын ёсонд оров. Тэр мөн шулам байсаар буюу хэдий хэдий өдөр удсан боловч би түүний дүрийг мөн цээжилсээр бөлгөө, өвгөн Сүн би үхэр ван болж эднийг хууран үзсүгэй” хэмээгээд зургаан шулмаас салж нисэн одоод арван хэдэн газар явж, бие сэжин үхэр ван болон хувилав. Бас үснээсээ хэдийг сугалж аваад хэдэн бага шулам болгон хувилгаж, шувуу мөрлөн нохой дөрөөвчилж авлах байдал гарган уулын хотгорт зургаан жанжныг хүлээн авай. Тэр зургуул яван атал үхэр ван өмнө нь сууж байхыг үзээд Хагсаагч, Хатаагч хоёр яаран сөгдөн: “Өвгөн ван энд байх ажгуу” хэмээн түчигнэтэл мөргөхүйд тэр Үүлэн дэх манан, Манан дахь үүл, Догшин гал, Түргэн салхи нар цөм эгэл нүд энгийн бие тул үнэн худлыг юуны үзэж гарах аж, тэд цөм мөргөн сөгдөж: “Бид цөм гал үүлт агуйн идэр богдын тэндээс зарагч хүүхэд бөлгөө, өвөг ванг Тансагийн махыг идтүгэй хэмээн залаар ирэв” хэмээсэнд Бичин: “Хүүхэд та бос, би гэртээ харьж дээлээ халаад жич одсугай” хэмээсэнд бага шулмас мөргөн өгүүлрүүн: “Өвөг ван өршөө, ордондоо эгэхгүйгээр эндээс даруй одох болов уу, удваас манай ван биднийг зэмлэх болуузай” хэмээн гуйсанд, Бичин инээн: “Сайн хүүхэд байнам, тийн болтугай, та нар өмнө зам удирд, би одсугай” хэмээсэнд, зургаан шулам сүр бадруулан зам удирдсанд Бичин хойноос даган төдөлгүй хүрч ирэв.


Догшин гал, Түргэн салхи хоёул урьд орж: “Өвөг ван хүрч ирэв” хэмээн мэдүүлсэнд, шулмын ван маш баясан: “Сайн хүүхэд, үнэхээр түргэн иржээ” хэмээгээд, тэргүүч нарыг дуудан олныг жагсаан туг өргөн хэнгэрэг дэлдэж, эцэг ванг угт! хэмээсэнд бүгд шулмас үгийг дагаж угтан ирэхүйд, Бичин цээж тэнийн гэхэлзэн алхаж, биеэ нэгэнтээ шилгээмэгц хөтөлсөн нохой шувуугаа цөм хураагаад агуйд орон урагш хандаж гол дунд суусан хойно, Улаан хөвгүүн урагш ирж мөргөн: “Эцэг ванд хөвгүүн би мөргөн ёсолмуй” хэмээсэнд, Бичин: “Үр минь, ёслохуйг байгтун” хэмээтэл тэр шулам дөрөв мөргөөд индрийн доор гар тавин зогсов. Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн чи, намайг залж авчирсны учир юун буй?” Шулам бие мэхийн өгүүлрүүн: “Эрдэмгүй хөвгүүн би өчигдөр зүүн газраас ирсэн Тансагийг барив. Хүний хэлэлцэхийг сонсвоос, тэр арван төрөлдөө ариунаар бясалгал хийсэн хүн, түүний махыг нэгэн хэсэг олж идвээс, үхэхгүй төрөхгүй болоод өлзий хутаг нь хутагтын орны мөнхийн хувилгаад мэт урт болмуй хэмээжээ. Мунхаг хөвгүүн айшгүй ганцаар идэж үл болохын тул тийнхүү эцэг ван лугаа хамт идсүгэй хэмээн залсан бөлгөө.” Бичин сонсоод цочисхийн өгүүлрүүн: “Тэр Тансаг хэмээгч хэн буй?” Шулам өчрүүн: “Баруун газраас ном залаар одогч хүн болой.” Бичин өгүүлрүүн: “Үр минь, тэр хэмээгч Бичиний багш бус уу?” Шулам: “Мөн” хэмээв. Бич толгойгоо сэжин өгүүлрүүн: “Түүнд бүү халд! Түүнд бүү халд! Бусдыг халдавч харин гайгүй, тэр Бичинд халдаж үл болмуй. Хөвгүүн чи түүнийг мэдэхгүй, тэр сармагчны хувилгаан увидас нь их, хувилан улирах олон, тэр тэнгэрийн орныг түйвээхүйн цагт хурмаст арван түмэн цэрэг илгээж тэнгэрийн доор газрын өөш дэлгээд бас түүнийг барьж чадсангүй бөлгөө. Чи айшгүй түүний багшийг яахан идэж болмуй! Түргэн буцааж өг, бүү тэр сармагчинд халдагтун. Чи хэрэв түүний багшийг идвээс дайлалдах ч үгүй, гагц шийдмээ уулын дундуураар чичиж цоолоод уулыг чинь үүрч аваачваас, чи хаа суух вэ, хөгшин намайг хэн тэжээх вэ!” хэмээв.


Шулам өгүүлрүүн: “Эцэг юунд энэ үгийг хэлж, бусдын сүрийг мандуулж, хөвгүүний зоригийг мохоомуй. Тэр Бичин хэмээгч ах дүү гурвуул Тансагийг зам удирдан, миний уулын дотор орж ирсэнд би нэгэн хувилгаан увидсыг хэрэглэж түүний багшийг хийсгэн авчрав. Тэр, Гахайгаа дагуулан миний үүднээ ирж, ойр төрөл болмуй хэмээн өгүүлсэнд би уурлан түүн лүгээ хэдэн удаа байлдав. Би үзэхүйд тийм ч хэцүү бус, надаас төдий үлэмжгүй. Тэр Гахай хажуунаас орж ирээд туслан байлдсанд, хөвгүүн би самадийн үнэн галыг үлээж тэднийг нэгэн зэрэг шатаавай. Тэд ихэд мэндэн дөрвөн далайн лусын хаадыг залан бороо оруулаад, миний самадийн үнэн галыг мөн унтрааж эс чадаад, Бичин харин галд шатагдан үхэдхийв. Тэр гачигдахуйдаа Гахайг илгээн өмнө далайн Хомсим Бодисадваг залаар эчсэнд би Хомсим Бодисадва болон хувилж, Гахайг хууран авчирч бариад, хүүхдэд түгээн идүүлсүгэй хэмээн өдгөө туламд хийж дүүжлэн буй. Энэ өглөө тэр Бичин бас хаалганд ирж бархирахуйд би барь хэмээн хүүхдийг гаргамагц тэр айж боодлоо орхин дутаан одов. Тийнхүү эцэг ван Тансагийн амьд дүрийг үзээд хойно чанаж идвээс өлзий хутаг үлэмж нэмэгдэх буюу.”


Бичин инээн өгүүлрүүн: “Аяа, хөвгүүн чи, гагц самадийн галаар түүнийг дийлэхийг мэдэхээс өөр түүний далан хоёр зүйлээр хувилах хувилгаан эрдмийг мэдэхгүй.” Шулам өгүүлрүүн: “Тэр яахан хувилавч би түүнийг танимуй, тэр ч айлгүй үүдээр орж ирэн үл чадмуй.” Бичин өгүүлрүүн: “Үр минь, чи хэдий танивч, тэр заан тэмээ мэтийн том юм болон хувилах бээр үгүй, тэр мэтийн том юм болбоос чиний хаалгаар орж ирэн чадахгүй буй за, тэр жижиг юм болон хувилбаас чи танихуйд бэрх болой.” Шулам өгүүлрүүн: “Тэр ямар зэргийн жижиг юм болон хувилавч, миний хаалга бүрт таван хүн сахиж баймуй, тэр хэрхэн орж ирэн чадмуй!” Бичин өгүүлрүүн: “Чи түүнийг мэдэхгүй, тэр ялаа батгана, нохойн бөөс, эсвээс зөгий, шумуулын зэргийн юм хувилж чадах бөгөөд бас надад адил хувилж чадмуй, чи хаанаас таньж чадмуй?” Шулам өгүүлрүүн: “Олон сэжиглэх хэрэггүй, тэр төмөр зүрхтэй болсон ч айшгүй миний хаалганд үл орж ирмүй” хэмээв.

 
Бичин өгүүлрүүн: “Миний хөвгүүн тийм эрдэм аргаар түүнийг дийлж чадахын тул намайг Тансагийн махыг идүүлсүгэй хэмээн залсан аж, тийн боловч энэ өдөр идэхгүй.” Шулам өгүүлрүүн: “Юунд үл идмүй?” Бичин өгүүлрүүн: “Чиний эх намайг хөгширсөн тул буян үйлд хэмээн ятгаснаар би бацаг барив.” Шулам өгүүлрүүн: “Эцэг вангийн бацаг хэмээгч үүрд барих буюу нэгэн сар барих буюу?” Бичин өгүүлрүүн: “Миний энэ үүрдийн бацаг ч бус, сарын бацаг ч бус. “Аянгын бацаг” хэмээмүй, сар бүр дөрвөн өдөр бацаг барьмуй.” Шулам асууруун: “Аль дөрвөн өдөр буй?” Бичин өгүүлрүүн: “Гурван цагаагчин хийгээд шинийн зургаан, энэ дөрвөн өдөр барьмуй, энэ өдөр цагаагчин тахиа тул нэгд болбоос бацгийн өдөр, хоёрт болбоос тахиа өдөр зочин залахгүй, манагаар би биеэр үзэж, угаан өвчиж чанаад хөвгүүн чам лугаа хамт идсүгэй” хэмээв.


Тэр шулам сонсоод дотроо сэтгэрүүн: “Эцэг ван урьд хүнийг үргэлж иддэг бөлгөө, өдгөө мянга илүү наслаад харин бацаг барьмуй? Урьд хийсэн хилэнцийг энэ гурав дөрвөн өдрийн бацгаар яахан дайлж чадмуй, энэ үг худал сэжиглэлтэй! сэжиглэлтэй!” хэмээгээд, гадна гарч тэр зургаан жанжнаа дуудан асууруун: “Та нар өвөг вангаа хаанаас залж ирэв?” Хүүхэд өчрүүн: “Бид замд учраад залж авчрав.” Шулам өгүүлрүүн: “Та нар даанч хурдан ирсэн бөлгөө, гэрт нь хүрсэнгүй юу?” Хүүхэд өчрүүн: “Бид гэрт хүрсэнгүй.” Шулам: “Муу болов! Би түүнд хууртав, тэр лав миний эцэг ван бус!” хэмээсэнд бага шулмас цугаар сөгдөж өчрүүн: “Их ван та, өөрийн эцгээ танихгүй буюу?” Шулам өгүүлрүүн: “Дүр байдал аашилж байх нь цөм адил, гагц үг нь өөр байнам, хууртан хорлогдох болуузай, та нар сайтар хицээж зэвсэгээ бэлтгэж байгтун, би дахин асууж мэдсүгэй, үнэхээр эцэг ван болбоос нэгэн өдөр үл идэх ч байтугай, нэгэн сар үл идэвч ямар гай буй! Хэрэв бус болбоос миний хоолой засахаар тэмдэг болгон та нар зэргээр гар хөдөл” хэмээсэнд олон шулам үгийг даган эчив.


Тэр шулам эгэж ороод Бичиний өмнө ирж мөргөхүйд, Бичин өгүүлрүүн: “Үр минь, өөрийн эцэгт өдрийн хэд удаа мөргөөд юун хиймүй. Үг буй болбоос хэлэгтүн” хэмээсэнд Шулам өгүүлрүүн: “Хөвгүүн би эцэг ванг залсан нь нэгд болбоос Тансагийн махыг барьж, хоёрт болбоос нэгэн учрыг асуусугай хэмээсэн бөлгөө, би тэр өдөр үүл хөлөглөн огторгуйгаар сул зугаацан яван атал, гэнэт Жан Сян Шэн лугаа учрав.” Бичин өгүүлрүүн: “Тэнгэрт адиша болсон Жан Доу Лин буюу?” Шулам: “Мөн” хэмээв. Бичин: “Тэр юу хэлж буй?” Шулам өгүүлрүүн: “Тэр миний төрсөн байдал төвлүүнийг үзээд надаас аль жил аль сар аль өдрийн ямар цагт төрөв, би чиний заяаг бодож үзсүгэй хэмээв. Хөвгүүн би тэмдэглэсэнгүйн тул хариулж эс чаджээ. Өдгөө эцэг вангаас үүнийг асуун тэмдэглэж, хойно учирваас түүнээр заяагаа бодуулсугай хэмээмүй.” Бичин сонсоод сэтгэрүүн: “Өвгөн Сүн би бодь мөрт ороод Тансагийг даган гарч ирснээс хэдий олон шулмасыг барьсан боловч энэ шуламд адил ийм хэрсүү бус. Энэ надаас идэж уух мэтийн гэр зуурын аар саар учрыг асууваас би амны аяар аргацаан хариулж болох болой. Өдгөө энэ надаас төрсөн он сар өдрөө асууваас, би хаанаас мэдмүй!....” хэмээгээд, өчүүхэн ч эмээхгүй, баясах царайгаар инээн өгүүлрүүн: “Мэргэн хөвгүүн чи босогтун, өвгөн эцэг чинь би, өдгөө насан хөгшрөөд мартамтгай болсны дээр үргэлж өдөр зуурын хэрэг явдалд чирэгдэн сэтгэл санаа зовсоор чиний төрсөн он өдөр сарыг нэгэнтээ умартжээ. Маргаад гэрт харьсан хойно чиний эхээс асууж чамд хэлж өгсүгэй” хэмээв.


Шулам сэтгэрүүн: “Миний эцэг ван өгүүлэх бүр үргэлж миний төрсөн өдөр цагийг дурдан намайг тэнгэр лүгээ чацуу мөнхийн шидийг олох хэмээх бөлгөө, энэ өдөр умартах ёс буюу? Энэ лав хуурмаг болой!” хэмээгээд нэгэнтээ хоолой засмагц олон шулмас цугаар урагш давшин Бичиний тэргүүн нүүрийг жадлан ирэхүйд, Бичин шийдмээ гарган, мөн биеэр болж, шулмын зүг өгүүлрүүн: “Сайн хөвгүүн, чи юунд сурталгүй аашилмуй, эцгээ занчих хөвгүүн буй буюу?” хэмээсэнд тэр шулам маш ичгүүрэн буруу хартал Бичин хэдийнэ алтан гэрэл болон агуйгаас гарч одов, бага шулам: “Их ван, Бичин оджээ” хэмээн мэдүүлэхүйд шулам өгүүлрүүн: “Байтугай! Байтугай! Одвоос одтугай! Түүнд нэгэнтээ мэхлэгдэв! Түр үүдээ дар, түүн лүгээ хэлэлцэх хэрэггүй, Тансагийг урьдаар жигнэж идвээс барав” хэмээв.

 

Жич өгүүлэх нь, Бичин шийдмээ барин, хадганан инээсээр завын тэртээгээс ирэхүйд Шороо угтан гарч асууруун: “Ах өдий удаж сая ирээд юунд ийнхүү инээмүй, багшийг гаргаж авчирсан буй за?” Бичин өгүүлрүүн: “Хэдий багшийг гаргасангүй боловч, өвгөн Сүн би ихэд хонжин ирэв.” Шороо: “Хэрхэн хонжив?” хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Тэр шулам харин Хомсим Бодисадва болон хувилаад дүү Гахайг хууран аваачаад туламд хийж дүүжилжээ. Би Гахайг туслан гаргасугай хэмээтэл, тэр шулам зургаан жанжнаа илгээж эцэг вангаа залан багшийн махыг идүүлсүгэй хэмээмүй. Өвгөн Сүн би санаваас түүний эцэг ван лав үхэр ван мөн болохыг мэдээд, үхэр ван болон хувилж ороод дээр суусанд тэр шулам эцгээ хэмээн эндүүрээд надад мөргөхүйд би хүлээн авав. Энэ нь хонжсон бус буюу?” Шороо өгүүлрүүн: “Ах, чи өчүүхэн олзод дурлаад, багшийн аминд хор ирэх болуузай.” Бичин өгүүлрүүн: “Дэмий олон юм бодох хэрэггүй, би одож Бодисадваг залж авчирсугай.” Шороо өгүүлрүүн: “Нуруу чинь өвднөм бусуу?” Бичин өгүүлрүүн: “Өвдөхөө байв, эртний хүний өгүүлсэн нь “Хүнд баяртай явдал тохиолдвоос цог сүлд бадармуй” хэмээжээ. Чи боодол морио сайтар сахиж байгтун, би одсугай.” Шороо өгүүлрүүн: “Тэр шулам чамд өшөө барьсан тул, багшид хор хийх магадгүй, чи түргэн одож түргэн ир.” Бичин өгүүлрүүн: “Би будаа болохын зуур даруй буцаж ирмүй” хэмээв.


Тэндээс, Бичин Шороогоос салаад үүлнээ тонгорцоглон өмнө далайн зүг одов. Хагас цагийн зуур, хэдийнэ Будлан ууланд хүрээд үүлээс бууж, шууд Лука хадан дээр гарахуйд, хорин дөрвөн замын тэнгэр угтаж ирээд: “Их богд хааш одмуй?” хэмээн асуусанд Бичин ёслон өгүүлрүүн: “Би Бодисадвад золгосугай хэмээмүй.” Олон тэнгэр: “Түр хүлээгтүн, бид орж мэдүүлсүгэй” хэмээгээд чойжин агуйн гадна ирж: “Бичин ирж золгосугай хэмээмүй” хэмээн айлтгасанд, Бодисадва оруул хэмээв. Бичин хормойгоо суун зарлигийг дагаж алгуур алхан дотогш орж, сөгдөн мөргөсөн хойно, Бодисадва асууруун: “Бичин чи багшаа хамгаалж ном залаар одохгүй, энд юунд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Бодисадвад мэдүүлэх нь, шавь би Тансагийг хамгаалан урагш одоод тэмдэгт уулын хувхай нарсан завын гал үүлт агуйд хүрвээс тэнд Идэр богд улаан хөвгүүн хэмээгч шулам аж, миний багшийг хийсгэн аваачжээ. Шавь би Гахай нар лугаа түүний агуйд эрэн одож байлдав. Тэр шулам самадийн үнэн галыг үлээсэнд бид хавьтан үл чадан, багшаа гаргаж дийлэхгүй болоод, яаран зүүн далайд одож, дөрвөн далайн лусын хаадыг залж бороо оруулсан боловч, галыг дарж эс чадав. Шавь намайг цөм утаж үхэтгүүлээд арай эс амиа алдав.” Бодисадва зарлиг болруун: “Түүний тэр самадийн гал тийм хэцүү атал, чи намайг залахгүй юунд лусын хааныг залмуй?” Бичин өгүүлрүүн: “Бодисадваг залсугай хэмээсэн бөлгөө, гагц шавь бие хөдөлж болохгүй болсон тул Бодисадваг зал хэмээн Гахайг илгээсэн бөлгөө.” Бодисадва зарлиг болруун: “Гахай миний энд ирсэнгүй.” Бичин өгүүлрүүн: “Гахай замд шуламд учраад, тэр шулам Бодисадва болон хувилж Гахайг хууран аваачаад арьсан туламд хийж жигнэж идсүгэй хэмээмүй.”


Бодисадва үүнийг сонсоод, тэсгэлгүй ихэд хилэгнэн зарлиг болруун: “Тэр шулам айшгүй надлугаа адил болж болох буюу!” хэмээгээд гарт барьсан рашааны эрдэнийн хумхаа далайд хаяж оруулав, Бичин айн босч нэг этгээдэд нь зогсож сэтгэрүүн: “Энэ Бодисадвагийн хилэгнэсэн нь, эсхүл өвгөн Сүн миний үг буруу болоод бясалгалыг нь саатуулсан буюу , юуны тул хумхаа далайд орхимуй. Хайран юм! Хайран юм! Өвгөн Сүн надад хайрласан болбоос, би мөн түүнд тал үл бодох буюу!”


Хараахан ийн өгүүлэн атал, далайн дунд давалгаа давалгаалан нэг юм тэр хумхыг нуруун дээрээ үүрэн гарч ирэв. Бичин хумх үүрсэн тэр юмыг лавлан үзвээс: 


        Уг язгуурыг ухчлан асууваас шавар дотроос бүтээд
        Усны ёроолд удаан оршин ганцаар сүр бадруулжээ.
        Алтан дэлхийгээс ангижран суусан ч тэнгэрийн зүйг төсөөлөөд,
        Амар сэлүүн далд агсан ч сахиусны нууцыг ухжээ.
        Хүзүүгээ атирваас толгой сүүл нь танигдахгүй болоод,
        Хөлөө жийн гүйвээс хуй салхи мэт түргэн.
        Вэн ван хөллөө зураад, Зэн Юан төлгөө үзэхүйеэ
        Үргэлж түүнийг авчран По Шид хань болгомуй.
        Усыг яран урагшлан урагшлан ирэх нь урнаа үзүүлээд,
        Давалгааг босгон давшин давшин давхих нь дадамгайгаа гайхуулжээ.
        Түмэн ширхэг алтан утсаар хуяг юугаа сэлгээд,
        Мянган хэлтэс өнгөт хайрсаар бие юүгээ чимжээ.
        Есөн мэнгэ, найман хөлөлийн дээлээ үргэлж нөмрөөд,
        Өөдсөөр зүйсэн ногоон намжирыг өвч биед өмсчээ.
        Амьдын цагт аруухан баатар тул лус түүнийг өршөөгөөд,
        Үхсэний хойно бурхан багшийн хөшөө үүрэгч болгожээ.
        Энэ амьтны эрхэм нэрийг мэдсүгэй хэмээвээс,
        Үүрд үймүүлэн түйвээгч хавтаст мэлхий болой.


Тэр хавтаст мэлхий хумхыг нуруун дээрээ үүрээд, эргийн дээр гарч ирэн Бодисадвагийн зүг толгойгоо хорин дөрөв дохин мөргөл хийсэнд, Бич үзээд дотроо инээн сэтгэрүүн: “Үзвээс, хумхыг энэ юм сахидаг ажгуу, хумхгүй болбоос үүнээс авах буй за” хэмээтэл, Бодисадва зарлиг болруун: “Чи тэр хумхыг авч ир” хэмээсэнд Бич даруй одож тэр хумхыг авахуйд өчүүхнээр хөдөлгөн эс чадаад урагш ирж сөгдөн айлтгаруун: “Шавь би өргөж үл даавай.” Бодисадва зарлиг болруун: “Энэ сармагчин хоосон хоншоор ажгуу, нэг хумхыг даахгүй буюу, ийн атал шулмыг яахан дарсугай хэмээмүй!” Бич өгүүлрүүн: “Бодисадвад нуулгүй хэлсүгэй, урьд ажиггүй даадаг бөлгөө, өдгөө тэр шуламд хор олоод хүч буурч даахгүй болсон буй за.” Бодисадва зарлиг болруун: “Урьд болбоос хоосон хумх болой. Өдгөө далайд орхиж энэ нэгэн цаг болсон нь нэгэнтээ гурван мөрөн таван тэнгис, найман далай дөрвөн бялхмал булаг горхийн эх цүнхээлийн агуйгаас нэгэн далайн усыг ахуулан авчирсан тул чи яахан далайг өргөн дийлмүй” хэмээсэнд Бичин наманчлан залбирч: “Шавь би үнэхээр мэдэхгүй” хэмээв.


Бодисадва урагш одоод тэр хумхыг баруун гараар хөв хөнгөн өргөн аваад зүүн гарын алган дээрээ тавьсанд тэр хавтаст мэлхий бас тэргүүнийг дохин мөргөөд усанд эгэж оров. Бичин үүнийг үзээд сэтгэрүүн: “Энэ нь хумх сахигч амьтан ажгуу!” хэмээв. Бодисадва залран суугаад зарлиг болруун: “Миний энэ хумхын доторх рашааны ус, тэр лусын хаадын ус лугаа адилгүй, тэр шулмын самадийн үнэн галыг дарж болмуй. Өдгөө чамд өгч илгээсүгэй гэхүл чи мөн даахгүй. Миний тэр сайн Эддү лусын охиныг чам лугаа хамт илгээсүгэй хэмээвээс чиний сэтгэл муу хуурамч, миний охины зүст тачаагаад хумх бас ч эрдэнэ болохын тул чи хууран авч одвоос харин ямар чөлөөгөөр чамайг эрмүй, эрхбиш чи нэг юмаа энд барьцаалан тавь” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Алмарди болой! Бодисадва юунд ийнхүү сэжиг олон буй, шавь би бурхны номд орсноос тэр явдлыг нэгмөсөн зогссон болой. Чи намайг нэг юм барьцаалан тавь хэмээмүй. Би ямар юмаа тавьмуй? Миний энэ бөс намжир ч чиний хайрласан, энэ барсын арьсан хормойвч хэдэн зоос хүрмүй? Энэ шийдэм болбоос миний өдөр шөнөгүй биеийг хамгаалагч зэвсэг, гагц энэ толгойн цагираг болбоос алт мөн, энэ ч бас чи увидасар авч үл болохоор миний толгойд ургуулжээ. Хэрэв авах болбоос дуртайяа үүнийг өгсүгэй. Бодисадва, султгах тарниа уншиж авагтун, эс бөгөөс ямар юмаа чамд барьцаалан өгмүй?” Бодисадва зарлиг болруун: “Тийн хялбархан буюу! Би чиний тэр намжир, шийдэм, алтан цагирагийг цөм авахгүй, гагц чиний тэр духан дээрх амийг аврагч гурван үснээс нэгийг авсугай.” Бичин өгүүлрүүн: “Тэр үсийг мөн чи хайрласан бөлгөө, нэгийг үгтээн авбаас, өөр нь хэрэггүй болох буй за, миний амийг аварч чадахгүй болох буй за.” Бодисадва хараан зарлиг болруун: “Энэ сармагчин чи! Нэг ширхэг үсээ ч өгөхийг хайрламуй, би энэ сайн Эддү охиноо яахан чиний хамт илгээмүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Бодисадва олон сэжиглэх хэрэггүй, “Тойны нүүрийг эс бодвоос бурхны нүүрийг бод” хэмээсэнчлэн хэрхвээс миний багшийг энэ нэгэн удаагийн аюулаас аврах ажааму!” хэмээхүйд тэр Бодисадва: 


        Энх амарлингуйгаар баясан мөшөөсөөр 
        Эрдэнийн лянхуагаас буугаад
        Үүлнээ гишгэн үнэр анхилсаар эрэг хадан дээр гарав.
        Учир нь богд тойнд аюул зовлон учирсны харгайгаар
        Уршигт шулмыг устган дарж тойныг гаргахаар одмуй.


Бодисадва бадам лянхуан тавцангаас буун ирэхүйд Бичин тэсгэлгүй ихэд баясан, Бодисадваг залан чойжин агуйгаас гарч ирэв. Тэдгээр олон тэнгэр их хувилгаад Будлангийн хадан дээр жагсан зогссонд, Бодисадва: “Бичин чи далайг гэтэл” хэмээсэнд Бичин бие мэхийн: “Бодисадва урьдаар залрагтун” хэмээв. Бодисадва: “Чи урьдаар гартугай” хэмээн зарлиг болсонд, Бичин мөргөн өгүүлрүүн: “Шавь би ямар аймшиггүй Бодисадвагийн өмнө хэтрэмхийлмүй. Хэрэв би үүлэнд тонгорцоглон доорд биеэ Бодисадвад үзэгдүүлбээс чи намайг хичээнгүй үгүй хэмээн буруушаах буй за.” хэмээсэнд Бодисадва сайн Эддү лусын охиныг дуудан лянхуан  нуураас нэгэн хэлтэс бадмын навч авчруулж усны дээр тавиад: “Бичин чи үүний дээр суу, би чамайг гэтэлгэсүгэй” хэмээсэнд, Бичин түүнийг үзээд айлтгаруун: “Энэ нимгэн навч намайг яахан даамуй! Би усанд унаж барсын арьсан хормойвчоо норговоос энэ хүйтэнд юу өмсмүй!” Бодисадва зандан: “Чи гарч үз!” хэмээсэнд Бичин аймшиггүй зөрчиж үл болохын тул үсрэн гарав. Дээр нь гараад үзвээс, харин далайн онгоцноос агуу их ажгуу. Бичин маш баясан, “Бодисадва, энэ навч намайг даажээ” хэмээсэнд, Бодисадва: “Чамайг даах болбоос юунд үл гэтэлмүй?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Надад сэлүүр мод үгүй, онгоцонд дарвуул үгүй, хэрхэн гэтэлмүй?” Бодисадва: “Тийн болбоос хялбар” хэмээгээд, нэгэнтээ үлээсэнд төдөлгүй гэтлээд өмнөд далайн чанад эрэгт гарав. Бичин эрэг дээр гараад инээн өгүүлрүүн: “Энэ Бодисадва эрдмээ гайхуулж өвгөн Сүн намайг үлээн гаргав, хүч хэрэглэсэн бээр үгүй” хэмээв.


Тэндээс Бодисадва бүгд тэнгэр нарт Будлангийн орныг сайтар сахь хэмээгээд, сайн Эддү лусын охиноор үүдээ даруулаад өлзийт үүлнээ хөлөглөн Будлан хаднаас салж тэртээ хөвөөнд хүрээд: “Ивээл тойн хаа буй?” хэмээн дуудав. Тэр Ивээл тойн хэмээгч даруй Суваргат махаранзын хоёрдугаар хөвгүүн, багын нэр нь Мүз хэмээгч болой. Бодисадва ийн дуудахуйд, Ивээл тойн алгаа хамтатган зарлигийг хүлээв. Бодисадва: “Чи түргэн тэнгэрийн оронд одож чиний эцгээсээ даяан ган хэмээх илдийг авч ацар” хэмээсэнд, Ивээл тойн ийн өгүүлрүүн: “Багш хэд хэрэглэмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Бүгдийг цөм авч ир” хэмээв. 


Ивээл тойн зарлигийг хүлээн үүл хөлөглөн тэнгэрийн өмнө хаалгаар орж, үүлэн асарт ордонд хүрч эцэгт золгосон хойно, Суваргат махаранз ийн асууруун: “Хөвгүүн хаанаас ирэв?” Мүз өгүүлрүүн: “Бичин миний багшийг залж шулам дарах тул, багш намайг зарж эцэг вангаас даяан ган илдийг зээлүүлээр илгээв” хэмээсэнд Суваргат махаранз даруй Нэйжийг дуудан гучин зургаан даяан ган илдийг авчруулж Мүзэд өгөв. Төд Мүзэ, Нижагийн зүг өгүүлрүүн: “Ах чи эхэд мөргөн мэдүүлтүгэй, энэ удаа яаруу тул эхэд мөргөж эс завдвай. Илдийг хүргэж ирэх үед мөргөсүгэй” хэмээгээд, мэндэн үүлээр ирж, Бодисадвад золгон илдийг өргөвэй.


Бодисадва илдийг аваад газарт шидэн тарни уншсанд тэр илд мянган навчит лянхуан тавцан болон хувилав. Бодисадва түүний дээр гарч завилан суув. Бичин хажуунаас үзээд сэмээр инээн өгүүлрүүн: “Энэ Бодисадва даанч харамч байнам, тэр өөрийн бадам лянхуан тавцан дээрээ суухгүй бас хүнээс зээлж суумуй.” Бодисадва зарлиг болруун: “Бичин олон үг бүү хэл, намайг дагаж ир” хэмээгээд бүгдээр үүл хөлөглөн өмнөд далайгаас салахуйд цагаан тоть жигүүрээ дэлгэн өмнө нисэн Бичин Мүз хойноос дагав.


Төдөлгүй нэгэн уулан толгой үзэгдэхүйд Бичин өгүүлрүүн: “Энэ даруй тэмдэгт уул мөн, тэр шулмын агуй эндээс бараг дөрвөн зууны газарт буй” хэмээсэнд Бодисадва үүлээ зогсоон тарни уншсанд тэдгээр уулын навдаг савдаг цөм цуглаад Бодисадвагийн эрдэнэ лянхуан тавцангийн доор ирж мөргөхүйд, Бодисадва зарлиг болруун: “Та нар бүү айгтун, би энэ удаа тэр шулмыг барьмуй. Та нар энэ орчин тойрны гурван зуун газрын дотор амьтныг байлгаж болохгүй. Үүний тойронд байх хорхой шавжаас дээшийг нь цөм үүр нүхнээс гаргаж, хор үл амсах өндөр оргил дээр гарга.” Олон эрхтэн за хэмээн зарлиг хүлээн одоод удалгүй ирж ариутгавай хэмээн айлтгасанд Бодисадва зарлиг болруун: “Тийн болбоос та нар өөр өөрийн оронд од” хэмээгээд хумхын усыг цутган гаргасанд гэнэт аянга нижигнэх мэт их дуу гарав. Энэ үнэхээр:


        Уулан толгой бүтэн, далай мэт нэлийгээд
        Ургаа хадыг сэтлэн, усан сан болговой.
        Хүдэн манан хөх тэнгэрийг бүрхэн нуур далай болгоод,
        Хөхөмдөг долгион нарыг халхлан хүйтэн амьсгал татав.
        Эргийн дээгүүр цагаан давалгаа цалгилан 
        Өргөн далайд алтан лянхуа дэлгэрэв.
        Бодисадва шулам дарах хувилгаан увидас гарган
        Ханцуйн дотроос бие тогтоох эрихийг гаргав.
        Лука уул Будлангийн орны үзэмж болгон хувилгасанд
        Үнэхээр өмнө далай лугаа яг адил болов.
        Зэгс хулс жигдрэн ургаж бөмбөөлсөн цоморлог болов.
        Заарт цэцэг бадран дэлгэрч үнэр нь анхилмал.
        Хэдэн суурь бор хулснаа тоть амарлин сууж,
        Хэрийн харагдах хөх нарснаа өмнөч шувуу жиргэмүй.
        Түмэн давхар долгион хязгааргүй үргэлжлэн, 
        Дөгөөгүй салхи салхилан усан тэнгэрийг бүрхэв.


Бичин үүнийг үзээд дотроо гайхан сэтгэрүүн: “Үнэхээр ихэд нигүүлсэхүй Бодисадва ажгуу! Өвгөн Сүн надад ийм рид хувилгаан буй болбоос энэ хумхын усыг уулан дээрээс цутган орхих бөлгөө. Юуны тэдгээр амьтныг хайрламуй!” Бодисадва бас: “Бичин чи гараа гарга” хэмээсэнд Бичин яаран ханцуйгаа шамлаж зүүн гараа гаргасанд Бодисадва удын мөчрөөр хумх доторх рашаан усыг дүрж аваад, түүний алган дээр “Будангуй” хэмээх нэгэн үсэг бичээд: “Чи нударгаа атгасаар одож тэр шулмыг өдөөн байлд, дийлэгдэхээс бус дийлж болохгүй. Чи түүнийг удирдан миний дэргэд авч ир би увидсаар барьсугай” хэмээв.


Бичин үүлийг эгүүлэн шулмын хаалганд хүрч өндөр дуунаар: “Шулам хаалгаа нээ!” хэмээн зандахуйд, бага шулам дотогш орж: “Бичин бас ирэв!” хэмээн мэдүүлсэнд шулам өгүүлрүүн: “Түүнийг бүү хайхар! Хаалгаа батлан дар!” хэмээв. Бичин бас дуудан өгүүлрүүн: “Сайн хөвгүүн минь! Эцгээ үүдэн гаднаа хөөж гаргаад, үл оруулах ёс буй буюу!” хэмээсэнд, бага шулам сонсоод дахин орж мэдүүлрүүн: “Бичин аль муухай үгээр хараамуй” хэмээхүйд, шулам бас: “Бүү хайхар!” хэмээв. Бичин түүнийг үл гарахыг үзээд, шийдэм далайн хаалгыг хага занчсанд бага шулам мэндэн гүйж ороод: “Бичин хаалгыг хагалав!” хэмээсэнд, шулам тэсгэлгүй хилэгнэн, үсрэн босч жадаа барин гарч ирээд, Бичинийг зааж хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин, чи үнэхээр сайн мууг танихгүй, би чамд найр тавин атал, чи мөн ханахыг мэдэхгүй бас ирж намайг дарлан үүдийг эвдмүй. Чамайг хэрхэн шийтгэвээс зохимуй?” Бичин өгүүлрүүн: “Эцгээ үүдэн гаднаа хөөж гаргасан хөвгүүнийг чухам хэрхэн шийтгэвээс зохимуй?” хэмээв.


Тэр шулам тэсгэлгүй ичгүүрэн, жад өргөн өвчүүг заан жадлан ирэхүйд Бичин шийдмээр угтан хоёул дөрөв таван удаа зөрөлдмөгц Бичин дарагдан буруулав. Тэр шулам уулын өмнө зогсож өгүүлрүүн: “Би чамайг хөөхгүй, Тансагийг чанаж идэхээр одмуй!” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн чи тийм үгийг бүү хэл, тэнгэр чамайг үзэж амуй! Нааш ир!” хэмээхүйд шулам нэн хилэгнэн нэхэн ирж жадлахуйд Бичин шийдмээр угтан хэдэн удаа зөрөлдөж бас дутаав. Шулам хойноос хараан өгүүлрүүн: “Энэ сармагчин, урьд чамд хорь гучин удаа зөрөлдөх чадал буй бөлгөө, өдгөө байлдахуйд юунд дутаан одмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Эцэг чинь би, чиний гал тавихаас аймуй.” Шулам өгүүлрүүн: “Би гал тавихгүй, чи нааш ир” Бичин өгүүлрүүн: “Гал тавихгүй бөгөөс чи нааш ир, сайн эр бөгөөс үүдэн дээрээ хүнийг дарлах ёс буюу” хэмээсэнд тэр шулам Бичиний аргыг мэдэхгүй тул жад өргөн нэхэн ирэхүйд Бичин шийдмээ чирэн, атгасан нударгаа дэлгэхүйд тэр шулмын дотор нь будангуйраад тавилгүй нэхэн ирэв.


Төдөлгүй Бодисадвагийн дэргэд хүрч ирэхүйд Бичин хойш харан шуламд өгүүлрүүн: “Шулам би чамаас айв, чи намайг өмнө далайд хүртэл хөөв, бас эгэхгүй яамуй?” Тэр шулам итгэх бээр үгүй, шүдээ зуун нэхэн ирэхүйд Бичин биеэ сэжин Бодисадвагийн хувилгаан гэрлийн дотор оров. Бичин үзэгдэхгүй болохуйд тэр шулам Бодисадвагийн зүг өгүүлрүүн: “Чи Бичиний залж авчирсан хүн мөн буюу?” Бодисадва дуу эс гарсанд шулам урт жадаа өргөн зандан өгүүлрүүн: “Чи Бичиний залж авчирсэн хүн мөн буюу?” Бодисадва бас дуу эс гарав. Тэр шулам Бодисадвагийн цээжийг дайруулан жадлан иртэл, Бодисадва алтан гэрэл татан огторгуйн цээлд гарав. Бичин даган одоод ийн өгүүлрүүн: “Бодисадва чи гагц намайг дарлаж чадах буй за, тэр шулам дахин давтан асуухуйд чи хэлгий мэт, дүлий адил болоод айшгүй дуу эс гарав. Тэр чамайг жадлахуйяа харин лянхуан тавцангаа орхин буруулжээ!” Бодисадва зарлиг болруун: “Чи бүүр дуугарагтун, түүний бас хэрхэхийг үзсүгэй” хэмээв. Бичин, Мүз хоёул огторгуйд зэрэгцэн зогсож үзэн байтал, тэр шулам жихүүнээр хадганан инээж: “Энэ муу сармагчин эндүүрч намайг эс танивай. Идэр богд намайг ямар хүн хэмээн санавай! Тэр хэдэн удаа байлдаад надад хүч дарагдаж дутаав. Нэгэн хэрэггүй Бодисадваг залж авчраад, миний нэгэн жадад бараа туруугүй дутаан одоод харин лянхуан тавцангаа надад орхиж өгөв, би дээр нь гарч суусугай” хэмээгээд тэр шулам Бодисадваг дуурайн лянхуан тавцангийн төв дундад завилан суув. Бичин үзээд өгүүлрүүн: “Сайн! сайн! Лянхуан тавцангаа шуламд хүргэж өгөв.” Бодисадва зарлиг болруун: “Бичин чи бас юуг өгүүлмүй?” Бичин өчрүүн: “Юуг өгүүлэх вэ? Лянхуан тавцангаа шуламд өгснийг өгүүлмүй! Тэр шулам нэгэнтээ суув. Чи эгүүлэн авч чадахгүй болжээ!” Бодисадва өгүүлрүүн: “Төв хэмээн түүнийг суутугай хэмээх болой.” Бичин өгүүлрүүн: “Түүний бие нь бага тул суусан нь чамаас бас лавтуун байнам” хэмээтэл Бодисадва: “Чи бүү дуугарагтун, миний хувилгаан увидсыг үз” хэмээв.
Төд Бодисадва удын мөчрөөр доош зааж “Эгүүл” хэмээн нэгэнтээ зандсанд, тэр лянхуан тавцангийн цэцэг навч алтан гэрэл агшин зуур цөм үгүй болоод шулам илдийн үзүүр дээр суусан ажгуу. Бодисадва Мүзийг дуудаж: “Чи шулмыг дарангуйлагч манцуургаар тэр илдийн бариулыг нэг хэд занчиж ир” хэмээсэнд Мүз үүлийг даран одож, шулмыг дарангуйлагч манцуургаар хэрэм цохих мэт зуу мянга занчсанд тэр илд шулмын биед ороод цус дааварлан гарч ирэв. Үзтэл тэр шулам шүдээ зуун өвдөхийг хүлцэн жадаа орхиж гараар илдийг сугалахуйд Бич үзээд ийн өгүүлрүүн: “Аяа, Бодисадва, тэр шулмыг үз, өвдөхөөс айхгүй бас илдийг сугалж баймуй” Бодисадва бас Мүзийг дуудан: “Түүний амийг бүү хөнөөгтүн” хэмээгээд удын мөчрөөр доош зааж, “Ум” хэмээх үсгийн тарнийг уншсанд тэр даяан ган илдний үзүүр цөм чонын шүд мэт дэгээ болоод огт хөдөлгөж болохгүй болов. Тэр шулам сая мэндүүрч энэлэх дуунаар гуйн өгүүлрүүн: “Шавь би нүд байгаад цэцгийгүй, Бодисадвагийн цаглашгүй их рид хувилгааныг эс таниад буруу болов. Бодисадва нигүүлсэн энэрч миний амийг уучлах болов уу! Би дахин ийнхүү дээрэнгүйлэн аашлахгүй, дуртайяа дагаж бурхны номд орон санваараар явсугай” хэмээв.


Бодисадва үүнийг сонсоод Бичин Ивээл тойн хоёрыг дагуулан цагаан тоть, алтан гэрлээ цацруулан огторгуйгаас бууж шулмын дэргэд ирээд ийн зарлиг болруун: “Чи надаас санваар авах буюу?” Шулам тэргүүнээ дохиж нулимс унаган өгүүлрүүн: “Миний амийг аврах болбоос би сахил авсугай.” Бодисадва өгүүлрүүн: “Чи миний номд орох буюу?” Шулам өчрүүн: “Үнэхээр амийг аврах болбоос, номд орохыг хүсмүй” хэмээсэнд Бодисадва өгүүлрүүн: “Тийн болбоос би чиний толгойг илбэн санваар хүртээсүгэй” хэмээн ханцуйгаас нэгэн тонгорог гаргаж түүний үсийг нь тойлон орой дээр нь Дайшан уулын тэргүүнийг дарагч гурван тав үсийг нь үлдээгээд гурван гэзэг гөрж өгөв. Бичин хажуунаас нь үзээд инээн өгүүлрүүн: “Энэ шулмын хийморь хэвтжээ! Эр ч бус, эм ч бус, чухам ямар юмыг мэдэхгүй болов!” Бодисадва зарлиг болруун: “Чи энэ өдөр миний номд орсон тул би чамд сайн Эддү хөвгүүн хэмээх нэр өгсүгэй!” хэмээсэнд, тэр шулам толгой дохин хүлээн авч гагц амийг авар хэмээхүйд Бодисадва хуруугаар зааж: “Эгэгтүн!” хэмээмэгц тэр гучин зургаан даяан ган илд өөрөө сугаран газарт унаж шулмын биед өчүүхэн ч сорви үлдсэнгүй.
Бодисадва, Ивээл тойныг дуудан: “Илдийг эцэгтээ хүргэж өгөгтүн, нааш ирэх хэрэггүй, Будлан ууланд харьж, бүгд тэнгэр лүгээ намайг хүлээгтүн” хэмээн зарлиг болсонд Мүз илдийг авч одсоныг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь тэр хөвгүүн биед өчүүхэн ч шархгүйг мэдээд зэрлэг сэтгэл үүсэн жадаа авч Бодисадвад өгүүлрүүн: “Чамд ямар үнэн рид хувилгаан буй хэмээн намайг дагуулмуй! Илий төдий гажуу увидас буй за! Би чиний сахилыг авахгүй! Чи жад үз!” хэмээгээд Бодисадваг жадлан ирэхүйд Бичин их л тачаадан шийдэм далайн угтан автал Бодисадва зарлиг болруун: “Бичин, чи бүү байлд, надад үүнийг залхаах арга буй” хэмээгээд ханцуйнаасаа нэгэн алтан цагираг гаргаж ийн зарлиг болруун: “Энэ эрдэнэ хэмээгч эрт өдөр Шэгимүни бурхан надад хайрласан гурван цагирагийн нэг бөлгөө, урьд тэр чангатгагч цагирагийг чамд зүүлгэв. Цээрлүүлэгч цагирагийг тэр хар өтөг шуламд зүүлгэвэй. Энэ алтан цагирагийг үүнд зүүлгэсүгэй” хэмээгээд, салхи өөд нэгэнтээ сэгсрэн “Хувил!” хэмээн зандмагц таван цагираг болон хувилсанд, Бодисадва: “Онотугай!” хэмээн шулмын зүг орхин илгээсэнд нэг нь толгойд углавай, хоёр нь гарт углавай, бас хоёр нь хөлд углав. Бодисадва мөн зарлиг болруун: “Бичин чи хол байгтун, би цагираг чангатгах тарнийг уншмуй” хэмээхүйд Бичин мэндэн өгүүлрүүн: “Шулмыг барьтугай хэмээн Бодисадваг залсан бөлгөө, юунд харин намайг тарнидмуй?” Бодисадва өгүүлрүүн: “Энэ тарни чамайг тарнидах бус, тэр хөвгүүнийг тарнидах тарни болой” хэмээсэнд Бичин сая сэтгэлийг сул тавьж, Бодисадвагийн дэргэд ирж тарни уншихыг сонсон байвай. Бодисадва тэр тарниа уншсанд тэр шулам эрүү түүшээ маажилхийлэн, дөрвөн мөч атираад өнхөрхийлэн үүсгэвэй. Энэ чангатгагч тарни үнэхээр: “Хорвоо ертөнцөд ерөндөгт цаглашгүй рид шидтэй болой. Тэр хөвгүүн чухам хэрхэн бурхны номд орохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.  


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 19 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 7 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 36 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 40 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 22 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 55 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 59 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 59 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 33 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 42 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 52 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 58 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 20 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 37 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 31 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 55 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 56 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 11 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК