зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ДӨЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ХАР УСТ ГОЛЫН ШУЛАМ ТАНСАГИЙГ БАРЬЖ АВААЧИВ
БАРУУН ДАЛАЙН ЛУСЫН ХӨВГҮҮН ШУЛМЫГ ХҮЛЖ ХҮРГЭВ


Өгүүлэх нь, Бодисадва тарнийг хэдэн удаа уншаад зогсмогц тэр шулмын толгой нь өвдөхгүй болов. Шулам харайн босоод үзвээс толгой дөрвөн мөч цөм цагирагт боогдоод оролдвоос огт хөдлөхгүй, маханд нь ургасан мэт улам оролдвоос улам шигдмүй. Бичин инээн өгүүлрүүн: “Эрх хонгор минь Бодисадва чамайг энхрийлж зангиа бугуйн зүйлүүдийг зүүлгэсэн болой.” Тэр шулам сонсоод их л хилэгнэн жадаа шүүрэн авч Бичийг жадлан ирэхүйд Бичин Бодисадвагийн ард далдлан: “Тэр тарниа унш!” хэмээв.


Бодисадва удын мөчрөөр хумхын рашаанаас дүрж, шулмын дээр сүрчин: “Залбир!” хэмээсэнд тэр шулам жадаа орхин хоёр гараа зүрхэн тус залбиран наманчлах мэт болоод салгаж эс чадаад зогсон байвай. Өдгөө болтол “Хомсим Бодисадвагийн залбирал” хэмээн уламжилсан нь үүнийг өгүүлжээ. Шулам гараа хөдөлгөж болохгүй, жадаа авч чадахгүй болоод сая Бодисадвагийн рид хувилгаан цаглашгүй ихийг мэдээд, аргагүй тэргүүн даран мөргөв.


Тэндээс Бодисадва хумхаа хэлбийлгэн үнэн тарниа уншсанд тэр нэгэн далайн усаа нэг дусал ч үлдээлгүй цөм хурааж авав. Бодисадва Бичинд: “Энэ шулам хэдий дагасан боловч сэтгэл нь тогтоогүй тул би үүнийг нэг алхамд нэг мөргүүлж Будлан ууланд хүрсэн хойно увидсаар номхотгосугай. Чи өдгөө түүний агуйд одож багшаа гарга” хэмээн зарлиг болсонд, Бичин мөргөн өгүүлрүүн: “Бодисадваг хол ирүүлэн биеийг зүдээвэй, шавь би хүргэвээс зохимуй.” Бодисадва: “Чи хүргэх хэрэггүй, чиний багшийн аминд хор болуузай, түргэн од” хэмээсэнд Бичин тэсгэлгүй баясан мөргөж салаад хойш ирэв. Тэр шулам бас бодь мөрийг олоод Бодисадвад тавин гурван удаа залбиран мөргөв.


Бодисадва тэр шулмыг хураамжилсныг өгүүлэхгүй. Өгүүлэх нь, Шороо ойн дотор удтал сууж, Бичиний ирэхгүйд дотор нь цухалдан амьтайгаа мориндоо ачаад шулам дарах шийдмээ атган морио хөтөлж ойгоос гарч ажиглахуйд Бичин харин инээсээр ирмүй. Шороо угтан өгүүлрүүн: “Ах чи, Бодисадваг залаар одсон юунд ийнхүү удав! Би бачимдаж үхэхүйд хүрэв!” Бичин өгүүлрүүн: “Чи мөн зүүдэлсээр буюу. Өвгөн Сүн би Бодисадваг залж шулмыг барив!” хэмээн Бодисадвагийн хувилгаан ридийг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд Шороо их л баясан: “Багшийг гаргахаар одсугай!” хэмээв.


Хоёул завыг харайн гарч агуйн үүдэн гадна морио уяад, бага шулмыг цөм занчин алж, тулмыг тайлан Гахайг гаргасанд тэр манхуу Бичинд ёслон өгүүлрүүн: “Ах минь, тэр шуламхаа буй? Би түүнд малтуур амтлуулж уураа гаргасугай!” Бичин: “Урьдаар багшийг эрэхээр одсугай” хэмээв.


Гурвуул хойд хүрээлэнд одож үзвээс, багш нь чармаа нүцгэнээр хүлэгдэж уйлах амуй, Шороо яаран хүлээсийг тайлж, Бичин даруй дээл хувцасыг нь авчирч өмсгөөд гурвуул багшийн өмнө сөгдөж: “Багш зовов” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Би, шавь та нарыг зовоовой, шулмыг яахан дарав?” Бичин бас Бодисадваг залж шулмыг дагуулсныг нэгэн зэрэг дараалан өгүүлсэнд Тансаг яаран өмнөш хандан Бодисадвад мөргөв. Бичин өгүүлрүүн: “Түүнд мөргөх хэрэггүй, бид харин буян үйлдэж түүнд нэгэн шавь олговой.” Шавь нь Хомсим Бодисадвад тавин гурав мөргөж, гурвантаа мөргөхүйдээ бурханаа золгомуй хэмээгч даруй үүнийг өгүүлжээ. Тэндээс Шороо бээр агуйн доторх эрдэнэсийн зүйлийг хураан бас амуу эрэн ариун цагаан цав чанаж багшдаа зооглов. Тэр тойн үнэхээр амь насны түгшүүрээс мултрахуйяа их богдод итгээд үнэн номыг залахуйяа сайхан Бичин ванд түшжээ. Тэндээс Тансаг багш шавь дөрвүүл агуйгаас гарч моринд мордон их замаар баруунш явав. Ийн урагш яван сар илүү болсонгүй гэнэт нэгэн өдөр усны хүрчигнэн урсах дуу чихэнд сонстов. Тансаг маш цочин асууруун: “Аяа, шавь минь бас яахан усны дуу гарав?” Бичин инээн өгүүлрүүн: “Өвгөн багш та ийм сэжиг ихтэйгээр яахан тойн болмуй. Бид дөрвүүлийн дотор хэн ч үл сонсон атал, адбиш чи ганцаар олж сонсох нь юун? Чи тэр билиг барамидаа умартсан буюу?” Тансаг өгүүлрүүн: “Билиг барамид хэмээгч бурхант уулны шувуун үүрт даяанчийн өгсөн ном бөлгөө, нийт тавин дөрвөн бадаг, хоёр зуун далан үсэг буй, би тэр үед хэдий чихээр уламжилсан боловч өдгөө болтол өдөр бүр уншдаг, чи намайг аль үгийг умартав хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш чи тэр “нүдгүй, хамаргүй, чихгүй, хэлгүй, биегүй, сэтгэлгүй” хэмээх үгийг умартжээ. Бидний зэргийн гэрээс гарсан хүн, нүдэнд өнгийг үзэлгүй, чихэнд дууг сонсолгүй, хамарт үнэрийг үнсэлгүй, хэлэнд амтыг амтлалгүй, биед халуун хүйтнийг мэдэлгүй, сэтгэлд хурьцалгүй болбоос үүнийг сая зургаан дайсныг сөнөөв хэмээмүй. Чи өдгөө ном залах хэргийг сэтгэлээсээ үл гаргах атал шулмаас айж биеэ хайрламуй. Цав зооглохуйд амттайг эрэн, дууг сонсохуйд чихний сонорыг хөдөлгөн, юмыг үзэхүйд алдалгүй ширтэн, зургаан дайсныг удирдан ирүүлбэй. Ийм болбоос яахан баруун газарт хүрч бурханд золгомуй?” Тансаг үүнийг сонсоод бодлого болон ийн өгүүлрүүн: “Аяа шавь минь, би:


        Эрт өдөр эзэн хаанаас аярлан салснаас нааш,
        Өдөр шөнийг хайхралгүй баруунш зорин одов.
        Өвсөн шаахайгаа элтэл уул давааг даван
        Өмссөн бүрхээ цоортол үүл мананг шувтлав.
        Шөнийн сэлүүнд Бич жижигнэхүйеэ маш уяралтай бөгөөтөл
        Сарны тунгалагт болжмор донгодохуйяа бас эмгэнэлтэй.
        Шуудсан замд гурван гурвын үйлийг хэзээ туулаад
        Шигэмуни бурхны гайхамшигт номыг аль цагт залах болов.”


Бичин үүнийг сонсоод алга ташин инээн өгүүлрүүн: “Энэ багш үргэлж гэрээ санах ажгуу! Гурван гурвын үйлийг төгсгөсүгэй хэмээвээс ямар бэрх буй! Эртний үгэнд “Хичээл гүйцвээс өөрөө бүтмүй” хэмээжээ.” Гахай өгүүлрүүн: “Ах, чөтгөр шулам энэ мэт догшин сүрхий бөгөөс мянган жил явавч юуны бүтмүй!” Шороо өгүүлрүүн: “Хоёрдугаар ах чи надлугаа адил ам бядуу учир мэдэхгүй, гагц мөрөө цоортол дамжуураа дамнаж явбаас эцэст хэрэг бүтэх өдөр байх буй за” хэмээв.


Багш шавь дөрвүүл ийн өгүүлэлдсээр зогсолгүй урагш одон нэгэн их голын захад хүрч үзвээс хар ус тэнгэр тулам уйлан, хүн морь гарч үл болох тул дөрвүүл эргийн дээр зогсож лавлаваас, тэр ус үнэхээр:


        Булингарт давалгаан давхар давхар тэнгэр тулам уйлаад,
        Бурзант долгион үе үе хар ус цалгилмуй.
        Ойртон хүрч өнгийн үзвээс хүний зүс үл танигдаад,
        Ой шугуйн бараа сүүдэр алсад балран сүүмэлзмүй.
        Нэлийн цэлийн нэгэн сав бэх,
        Ойлон цойлон мянган газар бурзан.
        Сахрах хөөс харлан дэгдээд, 
        Сацчих усан хөө асгасан мэт.
        Үхэр хонь бурзангаас жигшин уух бээр үгүй,
        Өнгөрөх хэрээ булингараас айн нисэх бээр үгүй.
        Гагцхүү эрэг дээрх хулс зэгс цагийн улиралыг даган ургаад, 
        Хөвөөн дээрх цэцэг өвс цэвэр гайхамшигийг мөрийцмүй.
        Далай тэнгис гол мөрөн дэлхий дахинд мунгүй,
        Нуур бүрд булаг ус хүний ертөнцөд олон буй.
        Эхээс төрсөн эр бие элдвийн юмыг үзлээ,
        Энэ мэт баруун орны хар уст голыг хэн олж үзэв.


Тансаг мориноос бууж өгүүлрүүн: “Шавь нар минь, энэ ус яахан ийнхүү булингар аж?” Гахай өгүүлрүүн: “Аль нэг айл нь бөс будсан усаа энэ голд цутгасан буй за.” Шороо өгүүлрүүн: “Бус, бус, ямар нэгэн хүн бэхийн зууруулаа энэ голд угаасан буй за.” Бичин өгүүлрүүн: “Та нар дэмий өгүүлэлдэх хэрэггүй, багшийг хамгаалан гаргах аргыг бодсугай.” Гахай өгүүлрүүн: “Энэ голыг би гарах бөгөөс бэрхгүй, эсвээс үүл хөлөглөн эсвээс усаар умбаж будаа болох зуур даруй гэтлэн гармуй.” Шороо өгүүлрүүн: “Хэрэв би гарах бөгөөс бас үүлэнд давхилан усыг гишгэн цагийн зуур гэтэлмүй.” Бичин өгүүлрүүн: “Бид гарахуйд хялбар, гагц багш гарахуйд бэрх болой.” Тансаг өгүүлрүүн: “Та гурвуул зөвлөж үз, хэн нь намайг үүрч гармуй.” Бичин өгүүлрүүн: “Гахай чи багшийг үүр.” Гахай өгүүлрүүн: “Би үүрч дийлэхгүй, энгийн үгэнд “Эгэл хүнийг үүрэх нь уул мэт хүнд” хэмээжээ. Багшийг үүрч үүлнээ хөлөглөсүгэй хэмээхүл газраас гурван тохой ч салж дийлэхгүй, усаар явсугай хэмээхүл багш над лугаа усанд унах болой.”


Багш шавь дөрвүүл ийн зөвлөлдөн байтал, нэгэн хүн завь сэлж ирэхийг Тансаг үзээд маш баясан: “Шавь нар минь завь ирэв, биднийг гаргатугай хэмээн түүнийг дууд!” хэмээсэнд Шороо өндөр дуугаар: “Тэр завьт хүн нааш ирж биднийг гарга!” хэмээсэнд завь дээрх хүн өгүүлрүүн: “Миний завь болбоос хүн тээх завь бус тул хэрхэн гэтэлмүй?” Шороо өгүүлрүүн: “Ертөнцөд хүнийг туслах нь тэргүүн буян хэмээжээ. Чиний завь хэдий хүнийг гэтэлгэх завь бус боловч бид мөн үргэлж ирж таныг зовоох хүн бус, бид болбоос зүүн газрын Тан хааны зарлигаар баруун газраас ном залаар одогч тойд, маныг тусалж гол гэтэлгэвээс чамд талархмуй.” Тэр хүн завиа эргийн зүг ойртуулан сэлүүрээ түшиж ийн өгүүлрүүн: “Энэ бага завиар та хэдүүлийг хэрхэн гэтэлгэмүй?” Тансаг урагш давшин үзвээс тэр завь харин ганц модыг ухаж хийсэн, хоёрхон хүн багтах завь ажгуу. Тансаг өгүүлрүүн: “Ийн болбоос яасу?” Шороо өгүүлрүүн: “Тийн болохул биднийг хоёр удаа суулгаж гаргатугай.” Гахай бэрхээс дальдран арга гаргаж өгүүлрүүн: “Шороо чи номын ах лугаа энд үлдэж морь амьтайгаа сахигтун, би урьдаар багшийг хамгаалан гараад, дахин ирж чамайг гаргасугай.” Бичин толгойгоо дохин: “Дүүгийн үг зөв” хэмээв.


Тэр манхуу Тансагийг түшин завинд гарч суусан хойно тэр хүн завиа сэлэн урсгалыг зүсэн одов. Голын төв дундад хүрсэнд гэнэт нэгэн их дуу гарч, давалгаа уйлан долгион босч, тэнгэрийн нар үзэгдэхгүй болж, их салхи хөдлөв. Тэр салхины хэцүү нь:


        Огторгуйн цээлээс нэгэн хэсэг будангуй үүл гарч,
        Урсгалын дунд мянган давхар хар давалгаа босов.
        Хоёр хөвөөнөө хумаг хийсч нарны гэрлийг халхлан,
        Дөрвөн этгээдэд мод унаж тэнгэр газрыг донсолгомуй.
        Далайг хутган мөрнийг урвуулахуйяа лусын эрхтэн эмээж,
        Тоос дэгдэн шороо бутрахуйяа цэцэг мод зулгарав.
        Хуугин шуугих дуу нь хаврын аянга нижигнэх мэт,
        Хөмрөн ирэх давлагааны хэцүү өлөн барс урхирах адил.
        Наймаалж, лаг, загас, сам дээш хандан мөргөж,
        Нисэх жигүүртэн гүйх араатан үүр элээ алдав.
        Таван тэнгисийн онгоц бүхэн аюул зовлонд тохиолдож,
        Дөрвөн далайн хүн амьтан гай гамшигт учрав.
        Горхийн хөвөөн дэх загасч өвгөн гөхөө цөм алдаж,
        Голын дундах онгоцчин эр алмуураа хэрхэн тулгуурламуй.
        Тоосго хөдлөн ваар ховхрон гэр байшин нураад,
        Тэнгэр долгисон, газар хөдөлж Дайшан уул сажлав.


Үзвээс тэр завьчин нь энэ хар уст голын шулам тул энэ их салхийг салхилуулсан ажгуу. Үзтэл, завь нь усанд живэн Тансаг Гахай хоёул бараа туруугүй болжээ. 


Эндэх эрэгт асан Бичин Шороо хоёул үүнийг үзээд их л мэндэн өгүүлрүүн: “Яаваас сайн! Багш үнэхээр урагшгүй, газар бүр гай зовлонд учирмуй, сая шулмын гараас мултарч завшаанаар энэ нэгэн зам амар явтал бас хар усанд тохиолдов!” Шороо өгүүлрүүн: “Завь хөрвөсөн буй за, бид усны доор урсгалд одож эрсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Завь хөрвөсөн бус, үнэхээр хөрвөсөн болбоос Гахай ус чадах тул багшийг үүрэн гарч ирэх бөлгөө, би сая тэр завьчныг үзвээс лав тэр салхи хөдөлгөж багшийг усанд авч оржээ.” Шороо өгүүлрүүн: “Ах юунд эрт үл хэлмүй! Чи морь амьтайгаа сахиж суу, би орж үзсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Энэ усны өнгө зүгээр бус, чи орж үл болмуй.” Шороо өгүүлрүүн: “Энэ ус нь миний тэр шороо голоос хэцүү бус тул орж болмуй.”


Шороо намжираа тайлан шийдмээ барисаар усанд ороод ус эрэн урагш одон атал, гэнэт хүний үг хэлэлцэх дуун сонстмуй. Шороо хажуу тийш зайлан гэтэж харваас нэгэн харш дээр “Ээвэр завын хар уст голын лусын ордон” хэмээн бичжээ. Бас чагнаваас эщтэр усны шулам гол дундад сууж өгүүлрүүн: “Энэ тойн хэмээгч арван төрөл ариунаар бясалгасан сайн хүн бөлгөө, үүний махыг нэгэн хэсэг олж идвээс өтлөхгүй мөнхийн шидийг олох хэмээмүй! Би үүнийг удтал хүлээсээр энэ өдөр сая олов” хэмээгээд, бас хүүхдийг дуудан: “Та нар миний тэр төмөр жигнүүрийг түргэн гарга, энэ хоёр тойныг бүхлээр жигнэж болгоод, хоёрдугаар нагац аавыг залан авчирч, түүний өлзий хутгийг уртатгасугай.” Шороо үүнийг сонсоод их л хилэгнэн эрдэнийн шийдмээр үүдийг занчин: “Самуун шулам, хурдан багш ба миний номын ахыг гаргаж өг!” хэмээн дуудан хараасанд, хаалга сахигч бага шулам дотогш орж: “Гай болов!” хэмээн мэдүүлсэнд шулам асууруун: “Ямар гай болов?” Бага шулам өчрүүн: “Гадна нэгэн цэл хөх тойн ирж үүдийг занчин багшийг ац хэмээн дэмий л хараамуй.” Тэр шулам сонсоод хуяг дуулгаа өмсөж, гарт хулсан үет төмөр ташуур барин гарч ирэв. Шороо түүнийг үзвээс:


        Гархин нүднээс нь гэрэл цацраад, 
        Гас улаан ам нь цусан сав хэлбийлгэсэн мэт.
        Ганц хоёр сахал нь гадагш сэрвийгээд
        Гал улаан үс нь дээш босчээ.
        Төрсөн байдал нь догшин од буусанд адил,
        Төлөв шинж нь аянгын эрхтэн илэрсэн мэт.
        Биед өмссөн төмөр хуяг гилбэгнэн харагдаж,
        Тэргүүнд дарсан дуулгын тана шигтгэр гэрэлтмүй.
        Хулсан үет төмөр ташуурыг гарт бариад,
        Хоромхон зуур хүрч ирэх нь хуй салхи мэт.
        Төрж өссөн орныг өгүүлбээс түргэн урсгалын дотор
        Түмэнтээ хувилан мянгантаа улирах нь дөгөөгүй хэцүү.


Энэ шулмын үнэн нэрийг мэдсүгэй хэмээвээс, өмнө төрөлд хэвтээ мэлхий байсан Матар луу болой.


Тэр шулам хүрч ирээд зандан өгүүлрүүн: “Ямар хүн миний хаалганд цуугимуй?” Шороо өгүүлрүүн: “Энэ муу мэдэлгүй шулам! Чи юунд арга гарган завьчин болж миний багшийг барьж авчирмуй? Эртхэн гаргаж өгвөөс чиний амийг уучилсугай!” Тэр шулам хадганатал инээн өгүүлрүүн: “Энэ тойн үхэхээ эрнэм! Чиний багшийг би барьж ирсэн нь үнэн, өдгөө жигнэж болгоод хүнийг урьсугай хэмээмүй! Чи нааш ир, бид хоёул нэгэн зэрэг байлдаж эрэгчин эмэгчнээ ялгасугай! Чи дийлэх болбоос багшийг чинь өгье, хэрэв эс дийлбээс чам лугаа хамт цөм барьж идмүй, баруун газар одохыг битгий санагтун!” Шороо их л хилэгнэн шийдэм далайн тэргүүнийг эрэн занчин орохуйд тэр шулам төмөр ташуур өргөн угтан байлдав. Хоёул усны ёроолд нэгэн зэрэг алалдсан нь: 


        Хулсан үет ташуур шулам дарагч шийдэм хослоод,
        Хоёул ихэд хилэгнэн дийлэн дийлэгдэхийг таслан ялгав.
        Нэг нь хар уст голын удаан оны шулам,
        Нэг нь сударсун харшийг сахисан эрт цагийн хувилгаан.
        Нэг нь Тансагийн махыг амттай хэмээн шунаж,
        Нэг нь багшийн амийг хөөрхий хэмээн хайрламуй.
        Эд хоёул усны ёроолд эрэгчин эмэгчнийг ялган тэмцэж,
        Эрдмээ шалган гавьяа бүтээхийг бодмуй.
        Алалдахуйд сам наймаалж хос хосоор толгой сэжин буруулж
        Загас жараахай зүйрэй зүйрэйгээр тэргүүн атиран далдалмуй.
        Гагц сонсвоос усны олон шулам хэнгэрэг харанга дэлдэн 
        Үүдний өмнө бүгд шулам үймэлдэн бархиралдмуй.
        Бурсан хувраг бурхны шавь Шороо 
        Ганц бие нэг шийдмээр сүр хүчийг бадруулан
        Давалгаа дэгдээн долгион босгон эсэргүүцэн тулалдаж,
        Шийдмээр ташуурыг тосч нөрлөн байлдах нь санаваас,
        Сааргүй Тансаг тойныг гарган Шигэмунид бараадан 
        Үнэн номыг залахын төлөө буй за.


Тэр хоёул гучин удаа зөрөлдөн дээр дооршүй тэнцэн байлдахуйд, Шороо дотроо: “Энэ шулам лугаа байлдваас би дийлж үл чадах тул, өдөөн гаргаж номын ахаар занчуулсугай” хэмээн сэтгээд хоосон занчин шийдмээ чирэн дутаахуйд тэр шулам нэхэлгүй зогсон өгүүлрүүн: “Чи эчтүгэй, би чамайг нэхэх бээр үгүй, зочноо залаар одмуй.”


Шороо сүйлэглэн гарч ирээд Бичинд золгон: “Ах, энэ шулам даанч ёсгүй” хэмээсэнд Бичин асууруун: “Чи одоод юунд өдий удав? Шулам буй буюу?” Шороо өгүүлрүүн: “Усны дотор нэгэн харш буй, хаалганы дээр нь “Ээвэр завын хар уст голын лусын ордон” хэмээн бичжээ. Би бие далдлан түүний хэлэхүйг чагнаваас, тэр шулам хүүхдээ дуудан төмөр жигнүүрийг авчирч багш, Гахай хоёулыг жигнэж болгоод нагац ааваа урих хэмээмүй. Би уурлаж түүний үүдийг занчсанд тэр шулам гарт төмөр ташуур барин гарч ирээд надлугаа гучин удаа зөрөлдөөд дийлэн дийлэгдэх ялгарахгүйд би өдөөн авчирч ахаар занчуулсугай хэмээн хоосныг занчин хойш буруулав! Тэр шулам даанч зальтай, намайг нэхсэнгүй харин нагац ааваа уримуй хэмээн хойш буцав.” Бичин өгүүлрүүн: “Тэр чухам ямар шулам болохыг чи мэдсэн буюу?” Шороо өгүүлрүүн: “Түүний байдлыг үзвээс лаг мэлхий бус бөгөөс Матар луу буй за.” Бичин өгүүлрүүн: “Түүний нагац нь чухам хэн болов?”


Ийн өгүүлэлдэн атал голын тохойгоос нэгэн өвгөн гарч ирээд хол сөгдөн: “Хар уст голын өчүүхэн лус би их богдыг угтмуй” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Чи тэр завиар ирсэн шулам буюу?” Тэр өвгөн нулимс унагаж мөргөн өгүүлрүүн: “Би шулам бус, энэ голын лус болой. Тэр шулам урьд жилийн таван сард их долгионыг даган баруун далайгаас ирээд надлугаа байлдахуйд би нас хөгширөөд бие дорой тул түүнд дарагдав. Тэр шулам ордыг эзлэн суугаад усны аймгийг олонтоо хороохуйд би аргагүй лусын хаанд заалдав. Үзвээс, тэр баруун далайн лусын хаан нь түүний нагац аав болох тул миний заргыг үл зөвдөөн намайг орноо түүнд эгүүлэн өг хэмээв. Би дээд хурмастад айлтгасугай хэмээхүл, зэрэг хэргэм бага тул бараадан үл чадахыг хэрхсү. Өдгөө их богд залран ирснийг сонсоод чухам учраа мэдүүлсүгэй хэмээн ирэв, их богд миний тул өшөөг авч өгөх болов уу?” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос баруун далайн лусын хаан бас ялтай болов, тэр багш миний багш ба дүүг барин аваачаад жигнэж болгоод нагац ааваа залж идүүлэх хэмээмүй. Би түүнийг барьсуга хэмээтэл чи ирж мэдэгдэв. Чи энд Шороо лугаа сууж бай, би баруун далайд одож тэр лусын хааныг авчраад шулмыг бариулсугай.” Тэр лус: “Их богдын ачид гүн сүсэглэмүй!” хэмээв.


Тэндээс Бичин үүл хөлөглөн баруун далайд төдөлгүй хүрээд, ус зайлуулах тарнийг уншин давалгааг зүсэн хараахан яван атал, нэгэн хар загасан шулам гартаа хайрцаг барин нисэх мэт түргэн ирэхүйд учраад Бичин шийдэм өргөн гал магнай руу ганцхан цохьсонд, хөөрхий тэр шулмын гавал дэлбэрэн тархи нь үсрэн үхвэй. Бичин хайрцгийг нээн үзвээс дотор нь нэгэн битүүмж урилгын бичиг буй ажгуу. Тэр бичигт өгүүлсэн үг нь: 


“Мунхаг зээ Матар луу миний бие, Их хүн хоёрдугаар нагац аавын индрийн доор бие мэхийн зуунтаа мөргөж өргөн бариму. Нагац аавын хайр хишгийг ашид хүртэж өнөд дурсан санасаар бөлгөө. Өдгөө зүүн газраас ирсэн хоёр тойныг олзолсон нь, үнэхээр хорвоо ертөнцөд олдошгүй ховор юм тул, бага зээ аймшиггүй ганцаар эдлэж үл болмуй. Нагацын мэндэлсэн өдөр ойр болсныг санан, дөхөм найрын хурим бэлтгэж нагацын насан хутаг мянган он уртдахыг бэлгэлсүгэй хэмээмүй. Түмэнтээ хүсэх нь түргэн морилж ирэх ажааму!” хэмээжээ.


Бичин үзээд инээн: “Энэ шулам аман өчгөө өвгөн Сүн надад өгчээ” хэмээгээд, бичгийг ханцуйлан урагш яван атал, далай цагдагч нэгэн ягчис Бичинийг үзээд яаран болор ордонд орж их ванд: “Тэнгэр лүгээ чацуу их богд ирэв!” хэмээсэнд, тэр лусын хаан Уу Шүн усны олноо дагуулан угтан гарч ирээд өгүүлрүүн: “Их богд ордонд бууж цай зооглох ажааму.” Бичин өгүүлрүүн: “Би чиний цайг уугаагүй бөгөөтөл чи миний архийг урьд уужээ!” Лусын хаан инээн өгүүлрүүн: “Их богд бурхны номд орсоноос нааш, архи махыг амтлахгүй болсон бөгөөтөл намайг хэзээ урьж архи уулгасан буй?” Бичин өгүүлрүүн: “Миний архийг уусангүй нь үнэн боловч архи уух ялыг өдөөжээ.” Уу Шүн хирдхийн өгүүлрүүн: “Өчүүхэн лус надад ямар ял буй?” Бичин багш ханцуйн дотроос бичгийг гаргаж лусын хаанд өгөв.


Лусын хаан тэр бичгийг үзээд сащүнс сарниж сүг нь завхаад яаран сөгдөж мөргөн өгүүлрүүн: “Их богд ялыг уучлах ажааму! Тэр болбоос миний охин дүүгийн есдүгээр хөвгүүн бөлгөө. Миний хүргэн дүү салхи бороог ташааран борооны дуслын тоог хассан учир хурмаст зарлиг буулгаж цаазын түшмэл Вэй Жингээр зүүднээ цавчуулсан тул миний охин дүү суух газаргүй болоод өчүүхэн лус би дэргэдээ нүүлгэн авч ирсэн бөлгөө. Охин дүү минь урьд жилгүй болсонд, би тэр хөвгүүнийг хар уст голд илгээж зан чанараа засан суугтун хэмээсэн бөлгөө. Санамсаргүй тэр ийм их хилэнц үйлдсэн ажгуу, бага лус би хүн илгээж түүнийг барьж авчруулсугай.” Бичин өгүүлрүүн: “Эрхмийн охин дүү бүгд хэдэн хөвгүүнтэй буй? Цөм ямар газар шуламлаж байх буй?” Лусын хаан өгүүлрүүн: “Охин дүүгээс есөн хөвгүүн буй, нөгөө найм нь цөм сайн, ахмад нь Бага шар луу хэмээгч өдгөө Хуай Хэ голд буй. Хоёрдугаар нь Бага хар луу хэмээгч өдгөө Жий Шүй голд буй. Гутгаар нь Хөх луу хэмээгч өдгөө Хөх мөрөнд буй, дөтгөөр нь Улаан сахалт луу хэмээгч өдгөө хатан голд буй. Тавдугаар нь тоймог луу хэмээгч өдгөө бурхан багшийн харангыг сахиж буй. Зургадугаар нь Гүмбэрва луу хэмээгч өдгөө хувилгаан ордны нурууг сахиж буй. Долдугаар нь Хингин луу хэмээгч хурмаст тэнгэрийн дуазыг сахиж буй. Наймдугаар нь Зэргэлээн луу хэмээгч, их ахын дэргэд зүүн хайрханыг сахиж буй. Есдүгээр Матар луу хэмээгч нь нас бага, тушаалгүй тул ноднин жил Хар уст голд тавьж чанараа тэжээн, баахан нэртэй болсны хойно давшуулан хэрэглэсүгэй хэмээсэн бөлгөө, санамсаргүй тэр харин миний зарлигийг тэрслэж их богдод халдсан ажгуу.”


Бичин үүнийг сонсоод инээн өгүүлрүүн: “Чиний охин дүүд хэдэн эр буй?” Уу Шүн өгүүлрүүн: “Жин Хэ голын лусын хаан нь миний охин дүүгийн хүргэн болой. Урьд жил хурмастын цаазаар алагдаад охин дүү бэлэвсэн тул миний гэрт сууж уржнан жил сая үхжээ.” Бичин өгүүлрүүн: “Тэр эр эм хоёулаас яахан ийм хэдэн зулзага гарсан буй за?” Уу Шүн өгүүлрүүн: “Луун зулзага есөн зүйл, зүйл бүр өөр” хэмээгч үүнийг өгүүлжээ.” Бичин өгүүлрүүн: “Би сая уурлаж энэ бичгийг барин чамайг шулмыг тэжээн хүнийг хорломуй хэмээн хурмастад айлтгасугай хэмээсэн бөлгөө. Өдгөө нэгд таны ах дүүн нүүрийг бодож, хоёрт гагц тэр дамшиг нас бага мэдэлгүйгээр явсныг чи мөн сайн мэдэхгүй тул айлтгахыг байсугай. Чи хурдан хүн илгээн түүнийг барин миний багшийг гарга” хэмээсэнд, лусын хаан даруй хөвгүүн Мүэ Анг дуудан: “Чи таван зуун сам наймаалжийн олныг авч түргэвчлэн одоод Матар лууг барьж авчир” хэмээгээд бас хурим бэлтгэн их богдод ялаа тайлсугай хэмээхүйд Бичин: “Лусын хаан, хурим бэлтгэн ялаа хүлээсний хэрэггүй, би чамайг нэгэнтээ уучилсан тул, чиний хөвгүүн лүгээ хамт мордож багшаа гаргасугай” хэмээв.


Тур лусын хаан Бичинийг хүчлэн үлдээвч үл болох тул охиноо дуудан цай барив. Бич зогсоогоор нэг цом цай уугаад лусын хаанаас салан, Мүэ Ангийн хамт цэрэг аван, баруун далайгаас гарч удсангүй хар уст голд хүрч ирээд Бичин: “Чи шулмыг хичээж барь! Би эргийн дээр гарч хүлээсүгэй” хэмээсэнд, Мүэ Ан: “Их богд сэтгэлээ сул тавь, би урьдаар түүнийг бариад их богдод золгож түүний ялыг тогтоогоод, дахин эрхмийн багшийг хүргэж авчирсны хойно, сая хойш эгмүй” хэмээсэнд Бичин их л баясан сайн хэмээгээд, ус зайлуулах тарниа уншин долгионоос харайн гарч шууд зүүн эрэгт хүрсэнд Шороо, тэр голын лус лугаа угтан: “Ах үүл хөлөглөн одоод удүгээ юунд усаар ирэв?” хэмээсэнд, Бичин загасан шулмыг алж урилгын бичгийг олсон ба лусын хааныг зэмлэн, лусын хөвгүүн Мүэ Ан лугаа цэрэг авч ирсэн учирыг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд, Шороо тэсгэлгүй баярлан бүгдээр эргийн дээр зогсож багшаа хүлээн байхыг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, Мүэ ангийн илгээсэн элч шулмын ордонд ирж: “Баруун далайн лусын хөвгүүн Мүэ Ан хүрч ирэв” хэмээн мэдүүлсэнд тэр шулам дотроо их л сэжиглэж сэтгэрүүн: “Би хар загасан шулмыг илгээж хоёрдугаар нагац аавыг залсан бөлгөө, юунд харин нагац ах ирсэн аж?” хэмээтэл гол цагдагч бага шулам ирж: “Ордны баруун этгээдэд нэг багийн цэрэг ирж буужээ, тугийн дээр “Баруун далайн бага эзэн Мүэ ан өрлөг” хэмээн бичжээ.” Шулам өгүүлрүүн: “Манай энэ нагац ах даанч эрхтэй болжээ. Лав нагац эцэг явдалтай болоод нагац ахыг илгээсэн буй за! Хуримд ирвээс барав, бас юунд цэрэг авчирмуй? Аяа! Үүний дотор учир байх магадгүй” хэмээн “Миний хуяг дуулгыг бэлхэн болго, гэнэт хувьсгал гарах магадгүй, би гарч түүний юу хэлэхийг үзсүгэй” хэмээсэнд олон шулам зарлигийг хүлээн нэг нэгээр бэлтгэн хүлээв.


Тэр Матар луу үүднээс гарч үзвээс, үнэхээр нэгэн анги далайн цэрэг баруун этгээдэд хүрээ буужээ. Үзвээс:


        Байлдааны туг намиран хийсээд,
        Барьсан зэвсэг яралзан харагдмуй.
        Эрдэнийн сэлэм нарнаа гялалзаж,
        Урт жадны улаан залаа хийсчээ.
        Хөвчит нум тэргэл саранд адил харагдаж,
        Хурц зэв хоромсогондоо архайлцмуй.
        Дэм илдийн хурц ир гялалзан,
        Охор шийдмийн дуу нь тачигнамуй.
        Халим загас хав загас мөр зэрэгцэн зогсоод
        Сам наймаалж лаг мэлхий сүр бадруулан жагсчээ.
        Их бага усан эрхтэн эгнэн,
        Илд жад ой шугуйд адил.
        Өрлөг жанжны зарлиггүй бөгөөс
        Өөрийн зоригоор хэн самууран аашилмуй!


Матар луу үүнийг үзээд цэргийн хүрээний өмнө хүрч их дуугаар: “Дүү би нагац ахыг ордноо залму” хэмээсэнд хүрээ цагдагч тун яаран дундад цацарт орж: “Гадна матар луу ирж мянган настыг залж баймуй” хэмээсэнд, тэр даруй тэргүүнд тавьсан алтан дуулгаа засаж, бэлхүүсний бүсийг дахин чангалж гарт гурвалжин төмөр ташуурыг барин, хүрээнээс гүйн гарч ирээд: “Чи намайг залж юу хиймүй?” хэмээн асуусанд Матар луу ёслон өгүүлрүүн: “Дүү би нагац эцгийг урьсан бөлгөө, санаваас нагац эцэг намайг голж ахыг илгээсэн буй за, ах хуримд ирвээс барав, бас юунд зэр зэвсэг барин цээг морийг хөдөлгөн ирээд ордонд орохгүй энд цэрэг буумуй? Үүнд нэгэн учир буй за?” Лусын хөвгүүн өгүүлрүүн: “Чи нагац эцгээ урьж юу хийх вэ?” Шулам өгүүлрүүн: “Би нагац эцгийн хишгээр энэ орныг эзлэн суугаад, ачийг хариулсангүй удав. Өчигдөр би нэгэн тойныг барив. Сонсвоос тэр арван төрөл ариун бясалгал хийсэн тул хүн түүний махыг олж идвээс өлзий хутаг өнөд мөнхрөх хэмээмү, тийнхүү төмөр жигнүүрт жигнээд нагацад идүүлсүгэй хэмээн урисан бөлгөө.” Лусын хөвгүүн өгүүлрүүн: “Энэ муу амьтан чи үнэхээр эргүү! Тэр тойн хэн болохыг чи мэдмүй юү?” Шулам өгүүлрүүн: “Тэр болбоос баруун газраас ном залаар одогч Тан улсын Тансаг тойн бөлгөө!” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Чи гагц Тансагийг мэдэхээс өөр түүний доорх шавь нарын хэцүүг мэдэхгүй болой.” Шулам өгүүлрүүн: “Түүнд нэг урт хоншоортой Гахай хэмээгч шавь буй, би нэгэнтээ бариад Тансаг лугаа хамт жигнэж идсүгэй хэмээмүй. Түүнд бас нэг цэл хөх царайтай Шороо хэмээгч шавь буй, өчигдөр тэр гарт нэгэн эрдэнийн шийдэм барьж миний үүднээ ирээд багшаа авсугай хэмээхүйд би олон усан цэргээ дагуулан гарч нэгэн зэрэг байлдсанд тэр хүч дарагдан буруулжээ.”


Лусын хөвгүүн өгүүлрүүн: “Үзвээс, чи мэдэхгүй ажгуу! Түүнд бас нэг шавь буй, тэр нь таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг ихэд түйвээсэн тээд орны анхан хувилгаан, тэнгэр лүгээ чацуу их богд Сүн Ү Күн хэмээгч болой. Тэр Будлан уулын ихэд нигүүлсэхүй Хомсим Бодисадвагийн ятгалгаар бурхны номд ороод, өдгөө Тансагийг хамгаалж баруун газраас ном залаар одмуй. Чи юунд хийх явдалгүй ийм их хэргийг өдөж гаргасан аж? Тэр энэ өглөө баруун далайд чиний зарсан элчид учирч урилгын бичгийг булаагаад шууд болор ордонд орж, манай эцэг хөвгүүнийг “шулам лугаа хоршоолоод сайн хүнийг хорлов” хэмээн ял тулган зовоожээ. Чи эртхэн Тансаг, Гахай хоёулыг голын хөвөөнд хүргэн ирж их богд Бичинд эгүүлэн тушааваас, тэр шулам нүүр талыг харж чиний амийг хэлтрүүлэх буй за. Эс тийн болоод хэрвээ “Өгөхгүй” хэмээх үгийг шүдэн завсраар гаргаваас амьд мэндээр энэ газар суух хэмээн бүү сана!” Тэр шулам үүнийг сонсоод их л хилэгнэн өгүүлрүүн: “Чи бид хоёр ах дүү бөгөөтөл чи юунд хөндлөн хүнийг өмгөөлмүй. Чиний үгээр болбоос Тансагийг эгүүлэн хүргэх буюу! Дэлхий дахинд хаа бас ийм хялбар хэрэг байж болмуй!” Чи түүнээс айх буй за, би бас түүнээс айх буюу? Тэр хэрэв чадал байх болбоос миний үүдэнд айлгүй ирж надлугаа гурван удаа байлдтугай. Тэр намайг дийлбээс би дуртайяа түүний багшийг хүргэсү, хэрэв надад дийлэгдвээс би мөн түүнийг барьж авчраад цугаар жигнэн болгож ямар ч ураг садан хэмээн залахгүй үүдээ дарж хүүхдээр дуулуулан бүжиглүүлж би дээр нь суугаад амар тавтайгаар идэж найрламуй!” хэмээв.


Лусын хөвгүүн түүний ийнхүү өгүүлэхийг сонсоод тэсгэлгүй хараан өгүүлрүүн: “Энэ самуун амьтан! Үнэхээр ёсгүй, их богд чамлугаа байлдахыг түр байтугай, чи айлгүй надлугаа байлдах буюу?” Шулам өгүүлрүүн: “Сайн эр хэмээвээс чамлугаа байлдахаас юун аймуй!” хэмээгээд бас: “Миний хуяг дуулыг авч ир!” хэмээсэнд олон бага хүүхэд авчран өгөв. Тэр хоёр луун зулзага царай хувилан тус бүр баатар сүрийг бадруулан цааз зарлаж, хэнгэрэг харангыг зэргээр дэлдвэй. Энэ удаагийн байлдсан нь Шороо лүгээ байлдсантай адилгүй. Гагц үзвээс:


        Туг хиур мяралзан, илд жад гялалзмуй.
        Эндэх этгээд нь жагсаалаа урагш давшуулахуйяа
        Тэртээ тал нь хаалга үүдээ цайтал нээв.
        Мүэ Ан алтан шийдмээ ас дээш далайхуйяа
        Матар шулам төмөр ташуураар түүнийг угтан байлдав.
        Гал дүүг нүржигнэтэл нэгэн зэрэг тавихуйяа
        Голын цэрэг догшироод
        Гуулин харангыг дангинатал 
        Гурван зэрэг цохихуйяа
        Далайн эрхтэн гавшгайлав.
        Сам нь сам лугаа тэмцэлдэн
        Наймаалж нь наймаалж лугаа тулалдав.
        Халим лах хайрст мөргийг залгин,
        Тамтан хавтгай тайхуаг савмуй.
        Тулан үхүүр хар амарыг бүхлээр идэж
        Тархан мэлхий тахар загасыг нэхэн барьмуй.
        Хадсан загасны хавтас сэрвээ төмөр сэрээ мэтэд
        Нахиа загасны шүдний хурц шөвөг зүүд адил.
        Хилэм загас нь могой зарсыг нэхэмжлэн
        Сагамхай давхрал үхэр загасыг барьмуй.
        Хар уст голын хамаг шулам сүр бадруулахуйяа
        Хаан лусын далайн эрхтэн эрэгчин эмэгчнийг ялгамуй.
        Хатгалдан байлдан нэлээд удахуйяа давалгаа долгио хөрвөн
        Хувилгаан Мүэ Ангийн баатар нь очирваань тэнгэрээс хэтийдэв.
        Ал хэмээн агсрах бүр алтан шийдэм тэргүүн рүү тусахуйяа
        Аюулын шулам Матар луу алалдах чадалгүй болжээ.


Тэндээс Мүэ Ан даруй гурвалжин шийдмийг хоосоор нэгэнтээ занчсанд тэр шулам хуурахыг үл мэдэн урагш шургалан орохуйд Мүэ Ан шийдмийн эрдмийг улируулан шулмын баруун мөрийг нэгэнтээ хүчлэн занчсанд шулам тэсч чадалгүй урагш шунган унав. Мүэ Ан гүйцэн хүрээд хөлөөр гишгэсэнд далайн олон цэрэг хэдийнэ ноцон орж хоёр гарыг нь ард дарж хүлээд, далын ясыг цоолон төмөр гинжээр гинжлээд эргийн дээр гаргаж Бичиний дэргэд авчраад: “Лусын хөвгүүн би Матар лууг барьж авчрав, их богд та үүний ялыг тогтоох ажааму” хэмээв.


Бичин Шороо хоёул үүнийг сонсоод өгүүлрүүн: “Энэ муу амьтан чи юунд зарлигаас зөрчмүй. Чиний нагац аав чамайг энд суулган чанараа тэжээн сайн явдлыг үйлдэж нэр гарсны хойно дахин давшуулан хэрэглэсүгэй хэмээн илгээсэн бөгөөтөл, чи юунд голын лусын орныг эзлээд догшиноор явж, аргаар миний багш дүүг барьж аваачмуй. Би чамайг занчсугай хэмээхүл, миний энэ шийдэм маш хүнд тул амь чинь үлдэхгүй. Чи миний багшийг хаа аваачиж нуув?” Тэр шулам мөргөн өгүүлрүүн: “Би их богдыг таньсангүй, өдгөө бас нагац ахыг эсэргүүцэн түүнд баригдав. Их богд миний амийг үлдээсэн их өршөөлд сүсэглэн мөргөж баршгүй. Таны багш өдгөө харшийн дотор хүлээстэй байнам, их богд миний далны гинжийг тайлан гарын хүлээсийг суллаваас би орж хүргэн авч ирсүгэй.” Мүэ Ан хажуунаас өгүүлрүүн: “Их богд үүнийг тавьж үл болмуй. Энэ болбоос туйлын сөргүү амьтан тул аргалж гараад бас хэрэг үйлдэх мэдэшгүй.” Шороо өгүүлрүүн: “Би орж багшийг гаргасугай, түүний харшийг би мэдмүй.”


Төд Шороо голын лус хоёул хамт голд үсрэн ороод, шууд харшийн үүдний өмнө ирж үзвээс, үүдэн хаалгыг цайтал нээж нэг ч шулам үгүй. Дотор харшид орж үзвээс Тансаг Гахай хоёулыг цөм чармаа нүцгэлэн хүлсэн ажгуу. Шороо яаран багшийн хүлээсийг тайлсанд лус бас Гахайн хүлээсийг тайлаад хоёул нэг нэгийг үүрч уснаас гаран шууд эргийн дээр хүрч ирэв. Гахай тэр шулмыг хүлж байхыг үзээд, малтуур далайн урагш давшиж хараан өгүүлрүүн: “Энэ муу адгуус! Өдгөө чи бас намайг идэх буюу?” хэмээн занчин ортол Бичин хориглон: “Дүү, чи лусын хаан эцэг хөвгүүний нүүрийг үзэж үүний үхэх ялыг уучил” хэмээсэнд, Мүэ Ан урагш давшин ёслон өгүүлрүүн: “Өчүүхэн луу би айлгүй энд удаан байж үл болмуй. Өдгөө нэгэнтээ таны багшийг гаргасан тул, би энэ адгуусыг аваачиж эцэгт тушаасугай. Их богд үүний үхэхийг хэлтрүүлсэн боловч, миний эцэг үүний амьдын ялыг хэрхэвч уучлахгүй, лав их богдод дахин илгээн ялыг нь тайлуулах буй за.” Бичин: “Тийм болбоос чи үүнийг авч хойш эгээд, миний нүүрт орон цэргээ дагуулан хойш эгсэнийг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр голын лус Бичинд талархан өгүүлрүүн: “Их богдын хүчинд би орд харшаа дахин олов!” Тансаг өгүүлрүүн: “Аяа, шавь нар минь, бид бас зүүн эрэгт байсаар болой, энэ голыг хэрхэн гэтэлмүй?” Тэр голын лус: “Багш бүү зов, бага лус би зам нээж багшийг удирдан гаргасугай” хэмээсэнд Тансаг сая моринд мордож Гахай морийг хөтлөн, Шороо дамжуурыг дамнаад, Бичин зүүн барууныг хичээн одохуйдтэр лус усыг боох увидсаар урсгалыг тогтоосонд төдөлгүй нэгэн их хуурай зам гарав. Багш шавь, дөрвүүл тэр хуурай замаар яван баруун эргийн дээр гарч, голын луст тал өгч их замыг өлгөв. Энэ нь: 


Ганжуур залагч Тансаг тойн 
Гай зовлонгоос тонилон гарахуйяа
Зам өөрөө нээгдэн хар уст голыг гатлав.
Үүнээс хойш чухам хэрхэн бурхны оронд хүрэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 32 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 20 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 48 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 52 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 35 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 8 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 11 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 12 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 46 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 55 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 5 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 10 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 33 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 50 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 44 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 8 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 9 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 24 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК