зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ДӨЧИН ТАВДУГААР БҮЛЭГ:


ГУРВАН ЯДАМЫН СҮМД ИХ БОГД НЭРЭЭ ҮЛДЭЭВ
ХОЛХИ ХАРШААР УЛСАД БИЧИН ВАН УВИДАС ҮЗҮҮЛЭВ


Өгүүлэх нь, Бичин зүүн гараар Шороог чимхэн, баруун гараар Гахайг түлхсэнд тэр хоёул ухаад доош харан дуугүй суув. Тэдгээр бумба цөм лаа зул  барьж гал бамбар өргөн хойно өмнө эрэн үзвээс, тэр гурвуул яг шавраар барьж алтаар бүтээсэн бурхан мэт байв. Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Нэг ч хүнгүй бөгөөтөл юунд тахилын юмыг цөм идэв?” Буга хүчит хувилгаан өгүүлрүүн: “Жимсний хальсыг нь шаалан үрийг нь хаяснаар үзэхүл хүн идсэн мэт бөгөөтөл юунд хүн үзэгдэхгүй буй?” Ямаан хүчит хувилгаан өгүүлрүүн: “Та нар бүү сэжиглэ, бид хааны төлөө үнэн сүсгээр өдөр шөнөгүй ном уншиж дээд багшид залбирсан тул гурван Ядам биеэр залран ирж тахилын юмыг зооглосон буй за. Энэ ирсэнд завдаж бид адис рашаан алтан үрлийг гуйн аваад хаанд барьж мөнхийн шидийг олгуулбаас мөн бидний гавьяа бус уу?” Барс хүчит хувилгаан: “Энэ үг мөн болой” хэмээгээд шавь нараа дуудаж: “Хөгжим үүсгэж ном унш! Номт дээлийг авчир, би одыг тахиж мөргөн даатгамуй” хэмээсэнд олон шавь нар зарлигийг хүлээн хоёр гарлан жагсаж хас туурга нэгэнтээ дуугармагц зэргээр ном уншин үүсгэв. Барс хүчит хувилгаан номт дээлээ өмсч хас шаваа барин, чиг өмнө ирж тоос бутартал бүжиглэн дэвхцэж газар тэврэн мөргөж залбиран өгүүлрүүн: 


        “Үнэн сэтгэлээс айн эмээж тэргүүн даран бишрэн сүсэглэж айлтгаму.
        Шавь бид шашныг дэлгэрүүлэн, Ядамын ариун ордонд залбирсан бөлгөө.
        Болхи хүдэги тойд хуврагийг хөнөөн
        Гэгээн мэргэн бумба санваартныг хичээнгүйлэн гийгүүлж амуй.
        Эзний зарлигаар эрдэнийн харшийг байгуулж,
        Хааны зарлигаар хасын асрыг цогцолов.
        Тахил тавгийг үлэмж өргөж луут манжлагыг өндөр өлгөв.
        Шөнө дуусан зул барьж, өдөр дуусан хүж асаан,
        Гагц сэтгэлийг дээдэст илтгэж, 
        Үнэн сүсгийг богдост гүйцэтгэмүй.
        Өдгөө багш нар соёрхон заларч ирсэнд
        Хувилгаан хөлгийг хөдөлгөн эгэхийн урьд
        Эзэн хаанд адис рашаан алтан үрлээ хайрлаж,
        Өлзий хутгийг өмнө уул мэт бат болгохыг мөргөн гуймуй.”


Гахай баахан бачимдаж сэмээр Бичиний зүг өгүүлрүүн: “Энэ бидний буруу буй за, хүний жимс боорцгийг идээд явахгүй суусаар ийнхүү залбиран даатгуулахуйд хүрүүлжээ, өдгөө хэрхэн хариулах буй?” Бичин, Гахайг сэмхэн чимхээд бас ийн өгүүлрүүн: “Шавь нар та битгий мөргөгтүн, бид хурмастын өлзийт тоорын хуримаас нааш ирсэн тул алтан үрэл адис рашааныг авч ирсэнгүй. Хожим авчирч хайрласугай.” Тэдгээр их бага бүгд бумба, ийн өгүүлэхийг сонсоод нэг нэгээр дагжин чичирч өгүүлрүүн: “Өвөг минь! Амьд Ядам заларч ирсэн тул яасан ч бүү тавь, ямар ч болов нэг урт наслах адис гуйсугай!” хэмээтэл, Буга хүчит хувилгаан урагш давшиж мөргөн өгүүлрүүн: 


        Өлмийн доор чинь мөргөн, үнэн сүсгээ гүйцэтгэмү,
        Өчүүхэн шавь бид нарын номчлон явах нь 
        Ядам гурван богдыг шүтсэнээ орших болой.
        Энэ газар ирснээс янар бумбыг мандуулан хуврагийг арлигав.
        Ийнхүү улсын эзэн сэтгэл баясч, өтгөс настныг хичээнгүйлэн хүндэлж,
        Тахил тайлгыг ихээр тавьж, шөнө дуустал ном уншуулмуй.
        Завшаанаар дээд богд та нар ивээн биеэр залран ирснээ өршөөн нигүүлсэж
        Адис рашаанаа соёрхож шавь нар маныг урт наслуулан мөнхрүүлэх ажааму.


Шороо, Бичинийг түлхэн сэмээр өгүүлрүүн: “Аяа, ах минь эд тавилгүй ац хэмээмүй, яасугай.” Бичин: “Бид баахан өгсүгэй” хэмээхүйд Гахай сэмээр: “Бид хаанаас олж өгмүй?” Бичин өгүүлрүүн: “Та нар намайг үз, надад буй бөгөөс та хоёулд мөн баймуй” хэмээгээд тэр бумба нар бялар бишгүүр үлээж барсан хойно, Бичин ийн зарлиг болруун: “Шавь нар та бүү мөргөгтүн, би рашааныг эс өгвөөс үр ач нар тасруузай хэмээмүй. Өгсүгэй хэмээхлээр огоот хөнгөн болмуй” хэмээхүйд бүгдээр бас мөргөж өгүүлрүүн: “Дээд богд, шавь нарын хичээнгүйлэн сүсэглэх сэтгэлийг таалбаас өчүүхэн төдий ч болов хайрлах ажааму, шавь бид өршөөл эрдмийг ихэд алдаршуулан, улсын хаанд айлтгаж, нийтээр бумбын шашинд сүсэглүүлсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос та нар сав ацрагтун” хэмээв. Тэдгээр бумба зэргээр мөргөлхийлэн хишигт хариулав. Тэр Барс хүчит хувилгаан үлэмж олсугай хэмээн нэгэн ган ацарч тавив. Буга хүчит хувилгаан нэгэн ваар ацарч тахилын ширээн дээр тавьснаа, Ямаа хүчит хувилгаан нэгэн цэцгийн хувингийн цэцгийг авч хувинг дунд ацарч тавив. Бичин өгүүлрүүн: “Та нар цөм гараад үүд гэгээвчийг хаа, тэнгэрийн нууцыг хүнд ер сэрэгдэж үл болмуй. Би та нарт багахан өгч одсугай” хэмээсэнд олон бумба цөм индрээс буун үүдийг хаагаад сөгдөж хүлээв.


Бичин босч барсын арьсан хормойвчоо сөхөж хувинд нэгэн шивтэр шээс шээсэнд, Гахай үзээд баярлан өгүүлрүүн: “Ах минь, би чам лугаа хэдэн он ах дүү болоод гагц энэ удаа ийм явдал үйлдэв. Би сая цадтал идээд гадна гаръя хэмээж байсан бөлгөө” хэмээгээд манхуу хормойгоо сөхөөд уулан үер буух мэт ваарын дотор хорчигнотол шээж дүүргэв. Шороо бас гангийн дотор дундуур чинээ шээжээ. Гурвуул шээж бараад, мөн тус тусын суудалд гарч суугаад дуудан: “Шавь нар ирж рашааныг аваачигтун” хэмээв.


Тэндээс бумба нар дуудахыг сонсож үүдийг түлхэн орж ирээд сөгдөж хишигт мөргөн өргөж гаргаад цөм их ганд нийлүүлж даруй: “Амталж үзье, хундага авчир” хэмээхүйд банди бумба нэгэн хундага ацарч их хувилгаанд өгөв. Их хувилгаан нь нэг хундага утган аваад нэгэнтээ оочиж, дэмий л амаа арчин тамшаалан байхуйд Буга хүчит хувилгаан өгүүлрүүн: “Амт нь сайн буюу?” Барс хүчит хувилгаан уруулаа ярвайсаар өгүүлрүүн: “Амтаар дэмий амтгүй, гагц эхүүн шорвог амттай баймуй.” Ямаа хүчит хувилгаан нь: “Би нэг амталж үзсүгэй” хэмээгээд, бас нэгэнтээ оочиж өгүүлрүүн: “Муухай! Гахайн шээс мэт шинхэг үнэртэй” хэмээсэнд Бичин дээр сууж байгаад энэ үгийг сонсож Гахайд өгүүлрүүн: “Эдэнд нэгэнтээ сэрэгдэв, би харин нэгэн увидас үзүүлэн нэрээ үлдээж тавьсугай” хэмээгээд их дуунаар өгүүлрүүн:


“Бумбачууд аа, бумбачууд аа, та нар даанч дэмийрмүй! Тэр гурван Ядам хэмээгч нь ертөнцөд юуны буумуй? Өдгөө би танд үнэн нэрээ хэлж сонсгосугай. Бид болбоос зарлигаар ном залаар баруунш одогч их Тан улсын хуврагууд болой. Энэ шөнийн сайханд хэрэггүй тул, сүмийн тахилаас идэж, нэгэн зэрэг зоогхийн найрласугай хэмээн энд ирэв. Та нар ийнхүү мөргөн гуйхуйд бид юугаар хариулах буй? Та нарын хүртэн уусан нь юуны рашаан болох аж, булт нь шээс болой.” Тэдгээр бумба үүнийг сонсмогц үүдийг бөглөн, зэргээр гар хөдлөн, бялуу шийдэм, чулуу тоосгоор нүүр нүдгүй дотогш дэмий цохилохуйд, эрдэм чадалт Бичин багш төд зүүн суганд Шороог хавчин баруун суганд Гахайг сугавчилж, хэдийнэ үүдийг дайран гарч үүл хөлөглөн шууд “Гүн билигт сүм”-д харьж ирээд, Тансагийг мөн цочоохгүй, ор оронд орж дахин унтав. Тэд өглөөн таван жингийн үед тэр улсын хаан харшид гарснаа, хоёр жигүүрийн бичиг цэргийн дөрвөн зуун сайд түшмэд цөм бараалалд цуглаад үзвээс улаан бүрхүүлт зулын гэрэл гэрэлтэж, эрдэнийн гүлсээс хүжсийн утаа бургилмуй. Энэ үед Тансаг сэрж дуудруун: “Шавь нар минь, бид тэмдэг бичгээ халаар одсугай” хэмээсэнд Бичин, Шороо, Гахайтан яаран босч, хувцасаа өмсөн зүүн баруунд зогсож өгүүлрүүн: “Багш минь, энэ улсын эзэн тэдгээр бумба нарт бачлагдаад бумбыг мандуулан хуврагийг хөнөөмүй. Тийнхүү хэл ам болж бичгийг халж өгөхгүй хэмээх болуузай: Бид багшийг хамгаалж бүгдээр цөм харшид орсугай” хэмээв.


Тансаг их л баярлан номт дээлээ нөмөрч Бичин замын тэмдэг бичгээ авч, Шороод бадар аягаа бариулан, Гахайд дулдуйг атгуулан: “Боодол амьтай, морио “Гүнээ билигт сүм”-ийн хувраг нарт тушаан өгч хадгалуулаад шууд таван гарьдын асрын өмнө ирж, хаалга сахигч түшмэлд ёслон, овог нэрээ мэдүүлж, бид болбоос зүүн газрын их Тан улсын баруун бодийн орноос ном залаар одогч тойд, энд ирж замын тэмдэг бичгээ халсугай хэмээмүй. Манай тул дотогш мэдүүлэх ажааму хэмээсэнд тэр түшмэл орж алтан индрийн доор сөгдөн ёсолж айлтгаруун: “Гадна дөрвөн тойн ирж зүүн газрын их Тан улсын ном залаар одох тойд хэмээмүй, замын тэмдэгээ халахын учир золгосугай хэмээн өдгөө таван гарьдын асрын доор зарлигийг хүлээмүй.” Хаан сонсоод өгүүлрүүн: “Энэ тойд үхэх газаргүй хэмээн энд эрэн ирсэн буй за! Цагдан баригч түшмэд тэднийг юунд үл барьмуй?” хэмээхүйд хажуугаас хааны шадар түшмэл гарч айлтгаруун: “Зүүн газрын их Тан улс хэмээгч өмнөд Замбутивд буй, цолыг дундад гүрэн хэмээмүй. Эндээс түмэн газар хол бөгөөд замд бас шулам олон болой. Гэтэл эдгээр тойн энд хүрч ирж чадсанаар үзвээс лав хувилгаан увидас байнам. Эзэн, алс гүрэн дундад улсаас ирснийг бодож түр дуудан оруулж замын тэмдгийг нь халж илгээвээс сая буяныг үүдэхийн санаа болой” хэмээсэнд, хаан зөвшөөж, Тансаг таныг алтан харшид оруулсанаа багш шавь дөрвүүл индрийн доор зэрэгцэн зогсож, замын тэмдгээ хаанд барив.


Хаан бичгийг дэлгэн сая үзтэл, хаалгын түшмэл орж ирэн: “Гурван их улсын багш ирэв” хэмээн айлтгасанд хаан бичгийг хурааж яаран луун ширээнээс буун, шадар хиа нараар магнаг олбог дэвсүүлж, бие бөхийн угтан оруулав. Тансагтан гэдрэг хандан тэр их хувилгааныг үзвээс, гэлбэлзэн гэхэлзэж, гэзгээ шанхалсан банди дагуулан дотогш шууд орж ирэв. Хоёр жигүүрийн түшмэд бие бөхийн айшгүй дээш харахгүй. Тэр хаан асууруун: “Мөхөс хүн багш нарыг залсаншүй удав. Энэ өдөр яахан биеэр залран ирэв?” хэмээхүйд, тэр бумба нар өгүүлрүүн: “Дээш айлтгах нэгэн хэрэг байх тул эзний өмнө эзний өмнө мэдүүлэхээр ирэв. Энэ дөрвөн тойн хаанаас ирэв?” хэмээн асуусанд хаан өгүүлрүүн: “Эд болбоос зүүн газрын Тан улсаас баруун бодийн орноос ном залаар одогч тойд хэмээмүй, энд хязгаар өнгөрөх замын тэмдэг бичиг халаар иржээ.” Тэр гурван бумба алгаа ташин их л инээж өгүүлрүүн: “Бид эднийг явсан буй за хэмээн санасан бөлгөө, харин энд байх ажгуу!” Хаан хиртхийж асууруун: “Багш нарт ямар хэлэх үг буй? Эд сая ирж нэр овгоо мэдүүлжээ. Хараахан улсын багшид барьж хүргэн зарцлуулсугай хэмээхүл арга бус, шадар түшмэлийн айлтгасан нь зүйтэй тул, холоос ирснийг бодож дундад гүрний буяны үйлийг таслахгүй хэмээж сая дуудан оруулж замын тэмдгийг байцаанам бөлгөө. Санамсаргүй улсын багшийн ийнхүү асуухыг санаваас эд эрхэм нүүрт халдаж хэрэг гаргасан учир байх буй за?” Бумба нар инээн өгүүлрүүн: “Хаан мэдэхгүй, эд өчигдөр ирж зүүн хаалганы гадна бидний хоёр шавийг цохиж алан, таван зуун ялт хуврагуудыг тавиад тэргийг эвдэж, шөнө бас сүмд орж гурван Ядам залран буусан болгож: Адис рашаан алтан үрэл гуйн хаанд хүргэж өлзий бататган урт наслуулсугай хэмээн хүссэн бөлгөө. Санамсаргүй эд шээсээ өгч маныг хуурсанд, бид цөм нэжгээд ам ууж амтыг мэдээд хараахан барьсугай хэмээтэл, эд дутаан оджээ. Өдгөө төв хэмээн “Өшөөтэй хүн даваан дээр” хэмээсэнчлэн энд байсан ажгуу.” Хаан сонсоод их л хилэгнэн дөрвөн тойныг алсугай хэмээв.


Тэндээс Бичин багш алгаа хамтатган наманчлан өгүүлрүүн: “Хаан түр уур хилэнгээ дарж манай айлтгахыг сонсогтун.” Хаан өгүүлрүүн: “Та нар улсын багшид халджээ, улсын багшийн үг яахан ташаа байх буй!” Бичин өгүүлрүүн: “Тэд маныг өчигдөр ирж хотын гадна тэдний хоёр шавийг алав хэмээх нь ямар баримт буй? Бид хилсээр хүлээн авч хоёр тойноор амь төлүүлэвч бас хоёрыг нь тавьж ном залаар явуулах болой. Бас маныг тэргийг эвдэж ялт тойдыг тавив хэмээмүй. Энэ хэрэг бас баримтгүй, бодохул мөн алахуйд хүрэхгүй, бас нэг тойноор ял хүлээлгэвээс барах болой. Тэд маныг гурван Ядамыг эвдээд сүмийг түйвээв хэмээмүй. Энэ нь бас ч маныг гүжирлэх нь болой.” Хаан өгүүлрүүн: “Юунд таныг гүжирлэв хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Бид болбоос зүүн газрын хүн таны энд сая иржээ, хот доторх замыг ч таниагүй, яахан шөнийн зуур тэдний сүмийн доторх учрыг мэдмүй? Нэгэнтээ шээс баасыг мэдэх бөгөөс тэр үед даруй бариваас зохих болой, өдий болсон хойно хүний нэрийг зааж маныг алмуй хэмээмүй? Хаан гэгээндээ тольдон нягтлан заах ажааму.” Энэ хаан угаас эргүү будангуй хаан тул Бичиний үгийг сонсоод таслан ядаж байв.


Хараахан ийнхүү сэжиглэн байтал хаалга сахигч түшмэл бас орж мэдүүлрүүн: “Хаалганы гадна дөч тавин өтгөс ирж зарлигийг хүлээмүй.” Хаан оруул хэмээн оруулсан хойно тэдгээр өтгөс урагш давшиж мөргөн айлтгаруун: “Энэ хавраас нэг ч бороогүй ган болсон тул зуны улиралд хатаж хохирох болуузай хэмээн тухайлан ирж айлтгамуй, аль нэгэн улсын багшаар нэг удаагийн сайн бороо гуйлган оруулж хүн амьтанд тус буян үйлдэх болов уу” хэмээхүйд хаан: “Та нар түр эгтүгэй, даруй бороо орох болой” хэмээснээ тэдгээр өтгөс хишигт мөргөж хойш эгэв. Хаан Тансагтаны зүг өгүүлрүүн: “Мөхөс хүн бумбыг хүндлэн, хуврагийг бууруулсан нь юун? хэмээвээс урьд жилд хувраг бумба нар цөм бороо гуйхуйд хуврагууд бороо оруулж чадсангүй, завшаанаар тэнгэр өршөөн улсын багш нарыг ирүүлж гамшигаас тэнхрүүлэв. Та нар өдгөө миний улсын багш нар лугаа халдсан тул ял хэлэлцэх бөлгөө. Гагц хол газраас ирснийг санаж та нарыг түр уучилсу, та нар айшгүй миний улсын багш нар лугаа бороо гуйхыг мөрийцөх буюу? Хэрвээ нэг удаа сайн бороо оруулж түмэн иргэнийг туслан чадваас та нарын ялыг уучлаад замын тэмдгийг халан өгч, тавьж баруунш явуулсугай. Хэрвээ бороо оруулж эс чадваас та нарыг цаазаар аваачин цавчиж, цээрлэл үзүүлмүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Өчүүхэн тойн би бас бороо гуйхыг баахан төсөөлнөм бөлгөө.”


Хаан даруй зарлиг буулган мандлыг цэвэрлэн шүүрдүүлж: Нэгэнтээгүүр: “Жагсаал жагсаагтун, мөхөс хүн биеэр таван гарьдын асарт гарч эдний бороо гуйхыг үзсүгэй” хэмээсэнд, удалгүй олон түшмэл жагсааж барсан хойно, хаан харшаас гарч асрын дээр залрав. Тансаг шавь нарын хамт асрын доор зогсов. Тэр гурван бумба хааны хамт асар дээр гарсан хойно, нэгэн түшмэл морь давхин ирж айлтгаруун: “Бороо гуйх мандлыг засаж төгсөв, улсын багшийг мандалд залмуй.” Тэр Барс хүчит хувилгаан босч гар өргөн хаанд аяарлаад шууд асраас буун ирэхүйд Бичин урагш давшин хорьж зогсоон асууруун: “Багш та хааш одмуй?” Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Би мандалд гарч бороо гуймуй.” Бичин өгүүлрүүн: “Чи даанч ихэрхмүй, манай холоос ирсэн хуврагуудад баахан ч найр тавихгүй, болтугай, “Хувилгаан луу хохь могойг дарлахгүй” хэмээсэнчлэн чи одвоос одтугай, гагцхүү хааны өмнө хэлэлцэж тодорхойлон батлах хэрэгтэй.” Тэр хувилгаан өгүүлрүүн: “Юуг баталмуй?” Бичин өгүүлрүүн: “Бид хамтаар мандалд гарч бороо гуйваас, бороо чинийх буюу минийх буюу? Хэний гуйснаар орсныг мэдэхгүй” хэмээсэнд, хаан сонсож сэмээр баярлан өгүүлрүүн: “Энэ бяцхан тойны үгэнд баахан цөм зориг буй.” Шороо сонсож дотроо санаруун: “Түүний хэнхдэг дүүрэн хүч чадлаа харин гаргаагүйг чи хэрхэн мэдмүй!” Тэр хувилгаан өгүүлрүүн: “Хэлэлцэх хэрэггүй, хаан өөрөө мэдмүй за.” Бичин өгүүлрүүн: “Хэдий тийм гэвч бид хэмээгч хол газраас ирсэн тойд, урьд чам лугаа учирсангүй, тэр цагт харилцан гүжирлэвээс харин муухай, урьдаар тодорхойлон тогтоовоос хойно хэлэлцэхүйд сайн.” Хувилгаан өгүүлрүүн: “Би мандал дээр гарваас миний дохиогоор тэмдэг болгомуй, дохио нэгэнтээ дуугарваас салхи салхилмуй. Хоёронтоо дуугарваас үүл бүрхмүй. Гурвантаа дуугарваас аянга дуугармуй. Дөрвөнтөө дуугарваас бороо ормуй. Тавантаа дуугарваас бороо зогсож үүл сөхмүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ үнэхээр гайхамшигтай! Иймийг би ер үзсэнгүй! Та залран гартугай!” Тэр хувилгаан мандлын зүг алхан одохуйд Тансагтан хойноос дагаж одоод, мандлын үүдэн гадна зогсож үзвээс, тэр мандал гурван жан илүү өндөр буй, хоёр этгээдэд хорин найман одны хиур хатгаж, дээр нь нэгэн ширээ тавиад, ширээний дээр нэгэн хүжсийн хүлс буй, хүлсийн дотроос хүжийн утаа манармуй. Хоёр хажууд хоёр зулын тавиур буй, тавиурын дээр зул гэрэлтмүй. Хүлсийн хажууд нэгэн алтан шошго түшүүлэн тавьж, шошгын дээр аянгын эрхтэн нарын нэр цолыг сийлжээ. Доор этгээдэд таван их гантай ус тавьж, дотор уд улиасын салаа хийжээ. Салааны дээр нь төмөр шошго тавин, шошгын дээр аянгын элч нарын нэрийг бичжээ. Шорог бүрийн дэргэд хоёр бумба төмөр манцуурга барьж шоргийг цохихоор бэлтгэн зогсчээ. Мандлын ард нэлээд олон бумба ном бичиж буй, төв дундад нэгэн цаасан гүлс тавьж, онгод цалиг, навдаг савдгийн хөргийг зуржээ.


Тэр хувилгаан огт найр тавихгүй, шууд мандал дээр гарч зогссоноо бага бумба ар саяг, сэлэм зэргийг өргөн барив. Тэр хувилгаан сэлмийг барин тарни уншин нэгэн саягийг галд шатаав. Доор барьсан тэр хэдэн бумба бас нэгэн онгодын хөргийг нэг хуудас тарнийн хамт галд шатаав. Мандал дээр дохио нэгэнтээ дуугарсанд, огторгуйгаас хэзээний сэр сэр жавар хөдлөн ирэв. Гахай үзээд сэмээр: “Муу болов! Энэ бумба үнэхээр чадалтай ажгуу! Дохио дуугармагц үнэхээр салхи хөдөлжээ!” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Чи дуугүй байгтун, над лугаа бүү хэлэлц, гагц багшийг сайтар сахигтун, би хэрэг үйлдэж ирсүгэй.”


Бичин багш нэг ширхэг үсээ сугалан авч үлээн: “Хувил!” хэмээн дуудаж биеийн ор болгон Тансагийн дэргэд зогсоогоод чухам бие нь огторгуйд гарч дуудан өгүүлрүүн: “Тэр салхи хөдөлгөгч хэн буй?” хэмээхүйд, тэр салхич эмгэн яаран тулмаа атган, оролтын хөвгүүн уядсаас баруун урагш ирж ёсолсонд, Бичин өгүүлрүүн: “Би Тан улсын богд тойныг хамгаалан баруун бодийн орноос ном залаар одмуй, өдгөө замын гудам энэ Харшаар улсаар өнгөрөхүйеэ тэр шулам бумба лугаа бороо гуйхуйг мэлзмүй, чи юунд намайг туслахгүй гэдрэг харин түүнд тусалмуй? Салхиа түргэн хурааваас, чиний ялыг уучилсу. Хэрэв тэр бумбын сахал нь баахан хийсэх төдий салхи байваас таны хүн бүрийг хорин бэрээ элдмүй!” хэмээсэнд тэр салхич эмгэн: “Ямар аймшиггүй үл хураамуй!” хэмээгээд даруй унгарил хөдлөх салхигүй болгов, Гахай үзээд хүлцэн ядаж дэмий бархиран өгүүлрүүн: “Тэр багш залран буухгүй юуг хүлээмүй! Дохионы дуу гараад юунд өчүүхэн ч үл салхилмуй? Чи буугтун, манайхыг үз!”


Тэр бумба бас урилгын саягаа шатааж, дохиогоо нэгэнтээ цохьсонд, үзтэл мөн огторгуйгаас үүл бүрхэн ирмүй. Бичин бас угтаж дуудан: “Үүл бүрхүүлэгч байх нь аль нэгэн буй?” хэмээхүйд тар үүлч хөвгүүн, мананч хүүхэд урагш ирж ёслов. Бичин бас урьдын үгээ нэгэн зэрэг өгүүлсэнд тэр үүлч хөвгүүн, мананч хүүхэд үүл манангаа хураав. Төд нар гарч, түмэн бээрийн огторгуйд үүлгүй болжээ. Гахай инээн өгүүлрүүн: “Энэ багш гагц хаанаа хуурч, ард иргэнийг мэхлэхээс өөр эрдэмгүй ажгуу! Дохио хоёронтоо дуугараад юунд үүл үл гармуй?”


Тэр хувилгаан дотор цухалдан сэлэм барин үсээ тавьж саягийг түлэн тарни уншиж, дохиог бас нэгэнтээ цохьсонд, тэнгэрийн өмнө хаалга аянгын тэнгэр, аянгын эзэн, цахилгааны дагиныг дагуулан ирээд Бичинд золгон ёсолсонд Бичин бас урьдах үгээ нэгэн зэрэг хэлээд: “Та нар юунд энэ мэт шударгаар ирэх буй! Түүний ямар номын зарлиг буй!” хэмээхүйд аянгын тэнгэр өгүүлрүүн: “Тэр бумбын таван аянгын увидас болбоос үнэн бөлгөө, тэр тарни түлж саяг шатаахуйд хурмаст цочжээ. Тийнхүү хурмаст зарлиг буулган шууд “Тэнгэрсийн аянгын эрхт дээд богд”-ын ордонд хүрч бид зарлиг хүлээн ирээд, аянга цахилгаанаар туслан бороо оруулмуй.” Бичин: “Ийм болбоос та нар түр хүлээж надад тусал” хэмээсэнд үнэхээр аянга дуугарахгүй, цахилгаан бас цахилахгүй болов.


Тэр бумба нэнт мэндүүрч бас хүж өргөн, саяг түлж тарни уншин дохиогоо цохьсонд огторгуйд дөрвөн лусын хаад хүрч ирэв. Бичин өөдөөс тосч зандан өгүүлрүүн: “Уу Гуан! Хаа одмуй?” хэмээсэнд, тэр Уу Гуан, Уу Шүн, Уу Чин, Уу Жэн нар урагш давшин угтан ёслов. Бичин урьдын үгээ нэгэн зэрэг хэлээд, өгүүлрүүн: “Урьд удаа та нарыг зовоогоод явдал мөн бүтсэнгүй, энэ өдрийн хэрэгт та нар хүч тусал” хэмээсэнд лусын хаад: “Зарлигийг дагамуй!” хэмээв. Бичин бас Уу Шүнд хариулан талархаж: “Урьд өдөр эрхэний хөвгүүнийг зовоож багшийг аварвай” хэмээсэнд лусын хаан өгүүлрүүн: “Тэр амьтныг далайд оньсолсоор бөлгөө, би аймшиггүй шийтгээгүй, хараахан богд таны хэрхэн засаглахыг хүлээж буй.” Бичин өгүүлрүүн: “Чи түүнийг өөрийн дураар шийтгэвээс барав. Өдгөө харин надад нэгэнтээ тусалтугай. Тэр бумбын дохио дөрвөнтөө дуугарав, миний хэрэг үйлдэх ээлж болжээ. Надад тэмдэг дохио үгүй, шатаах тарни саяг ч үгүй, та нар надад туслан үйлдэж өгтүгэй.”


Аянгын тэнгэр өгүүлрүүн: “Их богдын захианаас хэн аймшиггүй зөрчмүй! Ганц нэгэн дохио тэмдэг байваас сая ёсчлон дагаж үйлдмүй, үгүй бөгөөс цахилгаан бороо самуураад таныг замбараагүй болгохуйд хүрмүй.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос би бэрээгээр дохио болгосугай.” Аянгын эзэд цочиж өгүүлрүүн: “Өвөг минь! Бид чиний бэрээг яахан дааж чадмуй?” Бичин өгүүлрүүн: “Би та нарыг цохих бус, та нар гагц миний бэрээг харж байгтун: Дээш нэгэнтээ зааваас салхил.” Тэр салхич эмгэн, оролтын хөвгүүн за хэмээн хүлээн авч: “Дохиог дагамуй!” хэмээв. “Хоёронтоо зааваас үүл бүрхэгтүн.” Үүлч хөвгүүн мананч хүүхэд: “Даруй үүлтүүлмүй!” хэмээв. “Гурвантаа зааваас аянга нижигнүүлэн цахилгаан цахиул.” Аянгын эзэн, цахилгааны дагина: “За!” хэмээн хүлээн авав. “Дөрвөнтөө зааваас бороо оруул, тавантаа зааваас арилуул, бүү саад хийгтүн” хэмээсэнд, лусын хаад: “Зарлигийг дагасугай!” хэмээн цөм хүлээн авав.


Захиж бараад даруй үүлийг даран бууж ирээд, үсээ нэгэнтээ сэгсрэн хураан авав. Тэдгээр энгийн нүд эгэл төрөлхтөн үүнийг юуны олж мэдмүй? Бичин бумбын хажуунаас дуудан өгүүлрүүн: “Багш залар. Чи дөрвөн удаа дохиогоо цохиж барав, өчүүхэн ч салхи, үүл, бороо, аянгын зүйлгүй, өдгөө минийхийг үзэгтүн” хэмээсэнд тэр хувилгаан удаан байж болохгүй тул аргагүй мандлаас буун ороо өгөөд уруулаа унжийлгасаар шууд асрын өөд хаанд золгохоор одохуйд Бичин хойноос нь: “Би одож түүний юу хэлэхийг сонссугай” хэмээгээд асрын үүдэнд хүрвээс, тэр хаан асууруун: “Мөхөс хүн эндээс хичээн сонсож байтал, багшийн дохио дөрвөнтөө дуугараад өчүүхэн ч бороогүй нь юун буй? Бумба өчрүүн: “Лусын хаан энэ өдөр цөм гэртээ үгүй тохиолджээ.” Бичин их дуунаар өгүүлрүүн: “Лусын хаад цөм гэртээ буй, энэ багшийн увидас мөхөс тул ацарж чадсангүй, тойн миний ацрахыг хаан чи үз” хэмээсэнд хаан өгүүлрүүн: “Түргэн мандалд гарагтун, би бас энд бороог хүлээмүй” хэмээв.
Бичин зарлигийг хүлээн яаран хойш ирж, Тансагийг татан: “Багш мандалд залрагтун” хэмээхүйд Тансаг өгүүлрүүн: “Би бороо гуйж чадахгүй болой.” Гахай инээн өгүүлрүүн: “Тэр чамайг хөнөөсөн болой, хэрвээ бас бороо орохгүй бөгөөс хуурай түлээ тойруулан овоолж гал ноцоовоос барсан болой!” Бичин өгүүлрүүн: “Чи бороо гуйж чадахгүй буй за, ном уншиж чадахгүй буюу, номоо уншиж суу, би туслах болой.” Тансаг сая мандалд гарч завилан суугаад, билиг барамидаа уншиж байв. Хараахан сууж байтал, гэнэт нэгэн түшмэл ирж асууруун: “Тэр тойн юунд дохиогоо цохиж, урилга саягаа үл шатаамуй?” хэмээсэнд Бичин өндөр дуунаар хариу өгүүлрүүн: “Бидэнд дохио хэрэггүй! Бид самадид суун гуймуй” хэмээсэнд тэр түшмэл хойш айлтгахаар одсоныг дурдахгүй.
Бичин, багш юугаа ном уншиж дууссаныг үзээд даруй чихнээсээ бэрээгээ гарган салхин эсрэг нэгэнтээ сажин хоёр алд илүү урт, аяган чинээ бүдүүн болгож хувилгаад огторгуйн зүг нэгэнтээ заасанд, удалгүй салхины чимээ гарав. Энэ салхи энгийн салхи лугаа үнэхээр адилгүй:


        Өвс цэцгийг үгтээн, ой модыг хугачмуй.
        Гол харшийн хана туурга хазайж, 
        Гонхон асрын тулгуур багана хэлбийжээ.
        Тор тоос дэгдэн тэнгэрийн нарыг халхалж, 
        Элс шороо хийсэн эн дэлхийг бүрхжээ.
        Баатар жанжин бачимдан, 
        Бичгийн түшмэл бальдаж,
        Эрхэмсэг хатад эмээн,
        Ордны охид үймэлджээ.
        Албан ноёдын жинст малгай хийсч,
        Айлтгалын түшмэл ам нээхүйеэ бэрхэджээ.
        Барааллын сайдууд байртаа зогсон чадахгүй,
        Төрийн түшмэд төвлөн жагсаж чадахгүй болжээ.
        Алтан харшийн ваар тоосг ховхрон,
        Хасын асрын хаалга цонх онгойжээ.
        Энэ их салхи эзэн түшмэл,
        Эцэг хөвгүүн учрахуйяа бэрх болж,
        Их зээлд явах хүн яггүй болоод,
        Өрх бүр үүд хаалгаа таг даржээ.


Хараахан догшин салхи салхилснаа, Бичин бас хувилгаан эрдмийг үзүүлэн, алтан толтот бэрээгээр хоосны зүг бас нэгэнтээ заасанд төдөлгүй огторгуй дүүртэл хар үүл бүрхэв. Гагц үзвээс:


        Үүлч хөвгүүн сүр бадруулан огторгуй дүүрэн үүл түгээв.
        Мананч хүүхэд увидас хэрэглэн дэлхий даяар манан татуулав.
        Бараан үүл балгасан дээгүүр нэтийж, 
        Будангуй манан бүх хотыг бүрхжээ.
        Сүн далайгаас салхи дэгдэхүйеэ
        Сүмбэр уулнаа бороо цутгалмуй.
        Харж байтал хамгийг харангуйлж,
        Хоромхон зуур хотлыг бүрхвэй.
        Үзэгдэх юм огт үгүй болж, 
        Өндөр асар орд харш өвч халхлагдав.


Энэ үед өтгөн манан бүрхэж, зузаан үүл тунарав. Бичин багш алтан толтот бэрээгээ хоосны зүг бас нэгэнтээ заасанд: 


        Аянгын эрхтэн хилэгнэн ал гөрөөснөө онож,
        Агаар тэнгэрээс буув.
        Цахилгааны дагина уурлан
        Цахиур толио гялалзуулж сансар огторгуйгаас залрав.
        Аварга дуу уул хайрханыг доргиулж, 
        Алтан цацраг арван зүгт харвамуй.
        Тачигнан нижигнэж тив дэлхийг донсолгон,
        Гялалзан улалзан галын оч бадармуй.
        Ургах бодисуудын өнгө цог өгөртөн,
        Орших амьтад уур амьсгал авав.
        Хаад түшмэд хирдхийн гэлмэлзэж,
        Худалдаачин арилжаачин цочин эмээлцмүй. 


Тэр нүсэр аянга нүжигнэн тачигнахуйяа, үнэхээр газар хагаран уул дэлбэрэх мэт, хотын хүмүүс өрх бүр хүж шатаан гэр бүр цаас түлэв. Бичин багш өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Аянгын тэнгэр чи тольдож тэр хахуульд шунаж хуулийг гажуудуулан эзэн түшмэлийн хэлхээг тэрсэлсэн ачлалгүй хөвгүүнийг илүү хэдийг ниргэж олонд цээрлэл болготугай!” хэмээхүйд тэр аянга улам их л нижигнэн үүсгэв. Бичин болд бэрээгээр бас нэгэнтээ дээш заасанд:


        Ууа анди лус зарлиг буулгамагц
        Орчлон дэлхийд бороо асгарав.
        Хүч нь тэнгэрийн гол тив рүү цутгах мэт,
        Ширүүн нь суунаг солир харвах адил.
        Саравч руу буух бороо
        Сав суулгаар цутгах мэт,
        Цонхны гадна шаагих чимээ
        Цүнхээлийн ус цалгих адил.
        Тэнгэрийн гол доош цутгахуйяа
        Тив дэлхийд цагаан давалгаа босов.
        Гацаа тосгод үерт бүслэгдэн,
        Голын эргээр ус хальжээ.


Энэ үнэхээр: 


        Ялман тариалан Анабад далай болоод 
        Эх газар усан сан болжээ. 
        Хувилгаан луу хүч туслан, 
        Хөх мөрнийг хөнтрөн цутгажээ.


Энэ бороо луу цагаас морин цаг болтол оров. Тэр харш хотын дотор гадна, зээл гудамжаар ус нэлийжээ. Хаан зарлиг болж: “Бороо нэвтрэв! Бороо нэвтэрвэй! Үүнээс хэтэрвээс тарианд муу болмуй” хэмээсэнд таван гарьдын асрын доорх их захиа хүлээгч түшмэл борооны дундуур морь ташуурдан мандлын доор ирж: “Богд тойн бороо гүйцэв” хэмээн дамжуулсанаа Бичин алтан толтот бэрээгээ бас дээш нэгэнтээ заасанд хоромхон зуур аянга хураан салхи зогсож, үүл тархан бороо арилж нар гарав. Хаан эзэн нь их л баярлан, харшийн түшмэд гайхалдан магтаж өгүүлрүүн: “Үнэхээр сайн тойн ажгуу!”Чадалтны дотор чадалтан буй” хэмээгч нь энэ болой! Манай улсын багш нар бороо гуйхуйд хэдий оруулавч арилах цагт бас нарийн бороо хагас өдөр орж түргэн арилдаггүй бөлгөө. Энэ тойн арил хэмээмэгц арилж нар гараад түмэн газар тохмын төдий ч үүлгүй болжээ!” хэмээлдэв.


Тэндээс хаан ордонд эгэж Тансагтаны замын тэмдгийг халж явуулсугай хэмээн хараахан тамга дарж өгтөл тэр гурван бумба орж бас хөндөлдөн өгүүлрүүн: “Энэ бороо бас ч манай бумбын хүч болой, тэдний хүч огт бус” хэмээсэнд хаан өгүүлрүүн: “Чи сая лусын хаадыг гэртээ үгүй хэмээгээд бороо орсонгүйг тэр тойн самадид суун төдөлгүй бороо оруулсан атал юунд тэдэн лүгээ дахин маргамуй?” Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Би мандал дээр гараад урилгын саяг түлж, тарни уншин дохио цохихуйд хэн айлгүй үл ирмүй? Санаваас лав тэр салхи, үүл, аянга цахилгаан, борооны таван эзэд өөр газарт бороо оруулаар одоод цөм байхгүй аж, миний дуудахыг сонсоод даруй түргэлэн иржээ. Тэр үед би буумагц тэр гарахуйд тохиолдож оруулсан нь болой, чухам уг учрыг эрвээс манай урьсан лусын оруулсан бороо буй за, юунд тэдний гавьяа болгомуй?” хэмээхүйд тэр хаан яламгай хүн тул үүнийг сонсоод бас сэжиг төрөв.


Бичин урагш давшин алгаа хамтатган наманчилж өгүүлрүүн: “Энэ цөм солгой ёсны увидас болой, үүнийг дэмий минийх чинийх хэмээх хэрэггүй: Өдгөө лусын хаад миний үггүй тул хойш эгтүгэй, цөм огторгуйд баймуй. Багш нар таны аль нэг нь чадах болбоос лусын хааныг дуудаж хаанд илт үзүүлбээс даруй түүний гавьяагаар бодсугай.” Хаан их л баярлан өгүүлрүүн: “Мөхөс хүн хорин гурван жил хаан сууринд суутал амьд лус ямрыг олж үзээгүй, танай хоёр этгээд хувраг бумбын алин ч болов тийм увидас байж лусын хааныг үзүүлж чадваас гавьяа түүнийх болтугай. Эс чадваас ял хиймүй.” Тэр бумба нар юуны тийм эрдэм байх аж? Үнэхээр даруй дуудан авчирч чадваас тэр лусын хаад Бичин багш энд байх тул айлгүй илрэн үзэгдэхгүй болой. Бумба өгүүлрүүн: “Бид чадахгүй, чи чадваас дуудан ацрагтун.”


Тэндээс Бичин багш огторгуйн зүг харж өндөр дуунаар: “Уу Гуан хаа буй? Та бүгдээрээ ирж биеэ үзүүл!” хэмээсэнд, лусын хаад ах дүү дөрвүүл яаран биеэ огторгуйн дээр дөрвөн луу болон үүл сүлжин мананг нэвтлэн, алтан харшийн зүг нисэн бүжиглэв. Үзвээс: 


        Үүл хөлөглөн манан татаж улиран хувилах нь гайхамшиг.
        Матирсан хумс нь хас гох мэт,
        Мяралзсан хайрс нь мөнгөн толь адил.
        Сарвайсан сахал нь алтан цацаг мэт,
        Сэрвийсэн эвэр нь ац ширээ адил.
        Цондгор магнай нь цогтой харагдаж,
        Цолмон нүднээс нь гэрэл цацармуй.
        Илрэх нуугдах нь булзаашгүй,
        Нисэх дэгдэх нь хэмжээлшгүй.
        Хур гуймагц хоромхоноо оруулж,
        Арилахыг хүсмэгц төдхөн зогсоомуй.
        Энэ үнэхээр: хувилгаан луун үнэн бие илэрч,
        Харшийн өмнө нисэн бүжиглэмүй.


Тэр хаан харшийн дээр хүж асааж, хамаг түшмэд индрийн доор ёслон мөргөв. Хаан өгүүлрүүн: “Лусын хаад та нар алтан биеэ зүдээж үзүүлэн соёрхов, өдгөө залран эгтүгэй, мөхөс хүн хойч өдөр ач хариулан тахьсугай” хэмээхүйд, Бичин дээш харж: “Олон сахиулсан тус тусын оронд эгэгтүн, энэ хаан хойч өдөр ач хариулан тахьсугай хэмээмүй” хэмээсэнд, лусын хаад шууд далайд эгэж, олон хувилгаан эрхтэн тус тус тэнгэрт буцав. Энэ үнээр: Цаглашгүй үнэн гайхамшиг номын онолоор солгой ёсыг эвдэв. Шулмыг чухам яахан арилгахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 7 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 55 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 23 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 27 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 10 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 43 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 46 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 47 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 21 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 30 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 40 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 25 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 19 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 43 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 44 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 59 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК