зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


СОЛГОЙ НОМТОН СҮРЭЭР ҮНЭН НОМТНЫГ ДАРЛАВ
СЭТГЭЛИЙН БИЧИН ШИД ҮЗҮҮЛЭН БҮГД ГАЖУУГ ДАРАВ


Өгүүлэх нь, тэр хаан Бичиний лууг дуудан хувилгааныг зарах увидас байхыг үзээд, замын тэмдэг бичигт тамга дарж, Тансагийг тавин явуулсугай хэмээтэл, тэр гурван бумба яаран алтан харшид гарч хаанд ёслон айлтгахуйд хаал луун суудлаас бууж өөрийн гараар өргөн босгоод: “Улсын багш нар энэ өдөр юунд ийн ёсолмуй?” хэмээн асуусанд бумба нар өгүүлрүүн: “Бид энд ирээд улсыг сахин, төрийг тэтгэн иргэнийг амаржуулан хорин жил болов. Энэ өдөр энэ тойн увидсаар гавьяа бүтээгээд манай нэр төрийг гутаажээ. Эзэн нэгэн цагийн борооны тул хүн алсан ялыг уучлах бөгөөс биднийг огоот хөнгөлсөн бус уу? Хаан эдэнд тэмдэг бичиг өгөхийг түр байгаад манай ах дүү нар эдэн лүгээ дахин нэг удаа мөрийцөхийг үзвээс ямар” Тэр хаан үхээнц будангуй тул үнэхээр үгийг дагаж өгсөн тэмдэг бичгээ дахин буцаагаад асууруун: “Улсын багш түүн лүгээ юунаар мөрийцмүй?” Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Би эдэн лүгээ самадид суух эрдмээр мөрийцсүгэй.” Хаан өгүүлрүүн: “Улсын багш та эндүүрэв, тойн хэмээгч ер самадийн сургаалаар үндэс болгох тул, эд лав самадид суух эрдэмд шалгарсны хойно сая аймшиггүй эзний зарлигаар ном залаар гарч ирсэн буй за. Та түүн лүгээ яахан мөрийцөж болмуй?” Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Миний энэ самадид суух нь ерийн самадид суух лугаа адилгүй, үүний нэрийг нь “Үүлэн шатнаа үнэн дүр үзүүлэх” хэмээмүй. Хаан өгүүлрүүн: “Юуг “үүлэн шатнаа үнэн дүр үзүүлэх” хэмээмүй?” Тэр хувилгаан өгүүлрүүн: “Зуун ширээ хэрэглэмүй. Тавин ширээгээр нэг мандал босгомуй, ширээг нэг нэгээр давхлан босгоод гишгүүр хэрэглэхгүйгээр хүн бүр үүл хөлөглөн мандлын дээр гарч, хэдэн цаг өчүүхэн ч хөдлөлгүй суумуй.”


Хаан нэлээд хэцүүг сонсоод ийн асууруун: “Тойд та нар сонс, миний улсын багш та нар лугаа “Үүлэн шатнаа дүр үзүүлэх” даяанд суух эрдмээр мөрийцсүгэй хэмээмүй, үүнийг чадмуй юу?” хэмээсэнд Бичин удтал дуугарахгүй байтал Гахай өгүүлрүүн: “Ах юунд үл өчмүй?” Бичин өгүүлрүүн: “Чамд нуулгүй хэлсүгэй, өвгөн Сүн би тэнгэр дээр гарах, газар доор орох, далайг хутган мөрнийг урвуулах, уулыг үүрэн сарыг нэхэх, одыг солин мичдийг шилжүүлэх зэргийн сонин хэргийг цөм чадмуй, тэргүүнийг цавчиж, гавлаа хагалах, гэдсээ гаргаж зүрхээ сугалах гайхалтай зүйлээр хувилахаас огт айхгүй бээр, гагц самадид суумуй хэмээвээс би даруй дийлдэх болой. Чи намайг төмөр багана дээр оньсловч би мөн өөд уруу мөлхөж малтмуй, надад хаанаас тийм тогтоод суух зан баймуй?” Тансаг үүнийг сонсоод өгүүлрүүн: “Би харин самадид сууж чадмуй.” Бичин баярлан өгүүлрүүн: “Сайн! Сайн! Багш хэдий сууж тасалмуй?” Тансаг өгүүлрүүн: “Би багын цагт дээд тойн лугаа учрахуйд түүний өгүүлсэн нь, амь насны язгуурт чанарыг тэжээн, сахиусыг тогтоовоос үхэж төрөхийн эцсийн даваанаа хүрсэн ч мөн хоёр гурван жил сууж чадмуй хэмээжээ.” Бичин өгүүлрүүн: “Багш, хэрвээ хоёр гурван жилээр сууваас, бид ном залж чадахгүй болмуй, хэтэрвээс гурван цаг суух буй за.” Тансаг өгүүлрүүн: “Суух нь хялбар, гагц гарч чадахгүйг хэрхмүй.” Бичин өгүүлрүүн: “Чи урагш одож хүлээж ав, би чамайг гаргасугай.” Тансаг үнэхээр урагш одож гараа наманчлан өгүүлрүүн: “Ядуу тойн самадид суухуйг тусалмуй.” Хаан зарлиг буулгаж мандал босго хэмээв. Улс хэмээгч үнэхээр уулыг унагаах хүч байх тул удсангүй даруй хоёр мандлыг алтан харшийн хоёр хажууд босгов.


Тэр Барс хүчит хувилгаан харшаас буун индрийн дунд зогсож биеэ нэгэнтээ өндөсхийн нэгэн хэсэг дэвсгэр үүлийг хөлөглөн шууд баруун этгээдийн мандалд гарч суув. Бичин үсээ нэгийг сугалан авч биеийн ор болгон Гахай, Шороон хамт доор зогсож, чухам бие нь хэдийнэ таван өнгийн өлзийт үүл хувилж, Тансагийг хоосонд өргөн шууд зүүн этгээдийн мандалд гаргаж суулгав. Тэр бас гэрлээ хураан нэг шумуул хувилж, Гахайн дэргэд нисэн ирж чихинд шивнэн өгүүлрүүн: “Дүү чи багшийг сайтар харагтун, миний хувилгасан бие лүгээ бүү хэлэлц.” Тэр манхуу инээн: “Би мэдмүй! мэдмүй!” хэмээв.


Жич өгүүлэх нь тэр Буга хүчит хувилгаан магнаг олбог дээр сууж, тэр хоёулыг харваас удтал дээр дооргүй авай. Буга хүчит хувилгаан ахаа тусалсугай хэмээн гэзэгний үснээсээ нэгийг сугалан авч тарни уншин няслан илгээсэнд, нэгэн бясаа хорхой болон хувилж Тансагийн толгой дээр гарч шигдсэнд Тансагийн толгой тэсгэлгүй загатнан өвдөв. Самадид суухын ёс гар хөдөлбөөс даруй дийлэгдэхийн тул шүдээ зуун хүзүүгээ гудайж дээлийн хуулавчид баахан шөргөөн байхуйд Гахай үзээд өгүүлрүүн: “Бус болой, багшийн толгойн өвчин хөдөлсөн буй за.” Бичин сонсож өгүүлрүүн: “Миний багш туйлын үнэнч хүн, самадид сууж хүлцэнгүйг хийж чадмуй хэмээсэн тул лав сууж чадмуй. Чадахгүй бөгөөс лав чадмуй хэмээн хэлэхгүй болой. Сайд эрдэмтэн юуны худал үг хэлэх аж? Та хоёул бүү хэлэлцэгтүн, би гарч үзсүгэй” хэмээгээд гингэнэн нисч Тансагийн толгой дээр хүрч үзвээс буурцгийн төдий нэгэн бясаа хорхой шигдэж байх тул яаран гараар имрэн аваад, багш юугаа толгойг маажиж өгсөнд Тансагийн толгой загатнаж өвдөхгүй болоод, төв суун авай. Бичин дотроо санаруун: “Тойны гэлэн толгойд бөөс бас тогтон чадахгүй бөгөөтөл энэ бясаа хорхой яахан байж болох аж?... Энэ лав миний багшийг хорлосугай хэмээн тэр бумбын үүсгэсэн арга болой, ха ха! Ийнхүү зүгээр байваас талаар зүдээн дийлэн дийлэгдэх ялгарахгүй, би одож түүнийг нэгэнтээ оролдсугай!” хэмээгээд нисэн гарч алтан алтан харшийн матрын толгой дээр бууж, бие сэжин нэгэнтээ хувилан нэгэн долоон ямх урт чичүүр хорхой болоод шууд ирж тэр Барс хүчит хувилгааны хамрыг нэгэнтээ хатгасанд, тэр хувилгаан суун тогтохгүй нэгэнтээ тонгорцоглон ширээн дээрээсээ унан ирж арай амь гаран үхэдхийж, завшаанд их бага түшмэд хүн олон асан тул тэтгэн авав. Хаан их л цочиж даруй ятгагч сайдаар хувилгаанаа түшүүлж, соёлыг бадруулагч харшид оруулж угаан ариулав. Тэндээс Бичин бас үүл болон хувилж багшаа индрийн өмнө өргөн ацарч буулган, Тансаг нэгэнтээ мэлзээ шүүв. 


Тэр хаан замын тэмдгийг солин өгч илгээсүгэй хэмээсэнд, Буга хүчит хувилгаан бас айлтган өгүүлрүүн: “Миний номын ах угаас хий өвчтэйн тул өндөр газар сууж хий салхи аваад авчин хөдөлж түүнд шүүгдэв. Түүнийг түр байлгагтун, би тэр тойн лугаа “Далд юмыг зөгнөх” мэлзээ тавьсугай.” Хаан асууруун: “Юуг “Далд юмыг зөгнөх” хэмээмүй?” Буга хүчит хувилгаан өгүүлрүүн: “Ядуу бумбад далдах юмыг таамаглаж мэдэх увидас буй, тэр тойны чадах ба үгүйг үзсүгэй, тэд хэрэв намайг шүүвээс тэднийг тавьж илгээсүгэй. Хэрэв тэд таамаглаж эс чадваас ямар ял торгохыг хаан мэдэж, манай ах дүүгийн хорслыг тайлбаас хорин он улсыг тэтгэсний ачийг үл үтээрэх болой.” Тэр хаан нь үнэхээр будангуй балар тул энэ хов үгийг авч, даруй ордны түшмэдээр нэгэн улаан авдрыг дамнан авчруулж, хатанд илгээж үүний дотор нэгэн эрдэнэ хийж тавигтун хэмээгээд удсангүй дотор нь нэгэн юм хийж харшийн индэр дээр дамнан ацарч тавиулсан хойно, хаан өгүүлрүүн: “Та хоёр этгээд шид мөрийцөж, үүний дотор юу байхыг таамаглаж мэд” хэмээхүйд Тансаг Бичиний зүг өгүүлрүүн: “Шавь минь, авдар доторх юмыг яаж мэдмүй?” хэмээхүйд Бичин даруй гэрлээ хураагаад нэгэн шумуул болон хувилж Тансагийн толгой дээр сууж өгүүлрүүн: “Багш сэтгэлээ агуу тавь, би одож үзээд ирсүгэй” хэмээгээд, гингэнэн нисч, авдарын доор хүрч хавтасны завсараар орон үзвээс нэгэн улаан тавгийн дотор хатны өмсдөг уул усны хатгамалтай цэгдэг, бас нэгэн тэнгэр нар газар дэлхий оёсон хормойвч ажгуу. Бичин өргөн авч сэгсрэн хэлээ хазаж цус гарган тэр дээлийн дээр үлээж “Хувил!” хэмээгээд, даруй нэг урагдаж навтарсан намжир болгон хувилгаж, бас дээр нь нэгэнтээ шээж, хавтасны завсараар гарч ирээд Тансагийн чихэнд ирж өгүүлрүүн: “Чи урагдаж навтарсан намжир хэмээн өгүүл.” Тансаг өгүүлрүүн: “Тэр эрдэнийг таамагла хэмээж буй, навтархай намжирыг ямар эрдэнэ хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Түүнийг хайхрах хэрэггүй, таамаглан тааруулбаас барав.” Тансаг урагш давшиж таамагласугай хэмээтэл, тэр Буга хүчит хувилгаан өгүүлрүүн: “Би урьдаар таасугай, үүний дотор хатны цэгдэг, хормойвч буй” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Бус, бус. Үүний дотор их л урагдаж навтарсан намжир буй.” Хаан уурлан өгүүлрүүн: “Энэ тойн дэмий донгодмуй! Айшгүй миний улсад эрдэнэгүй хэмээн элэглэх буюу, юуны урагдаж навтарсан намжир хэмээн муулан таамуй, үүнийг баригтун!” хэмээсэнд, хоёр жигүүрийн цэргийн ард сая гар хөдөлсүгэй хэмээтэл Тансаг яаран наманчилж өндөр дуугаар өгүүлрүүн: “Хаан, ядуу тойныг түр уучил, үүнийг сөхөж үз, үнэхээр эрдэнэ болбоос ядуу тойн ял хүлээсүгэй. Бус болбоос намайг хилсээр яллах бус уу?” Хаан зөвшөөн шадар сайдаар нээлгэж улаан тэвшийг өргөн гаргаж үзвээс, үнэхээр нэгэн урагдаж навтарсан намжир байсан ажгуу. Хаан үзээд их л хилэгнэн өгүүлрүүн: “Хэн үүнийг хийсэн буй?” хэмээсэнд, луун суудлын араас гурван ордны гол хатан гарч ирээд айлтгаруун: “Эзэн минь, гэргий би өөрийн гараар уул усны цэгдэг, тэнгэр нарны хормойвчоо хийсэн бөлгөө, яахан ийм юм хувилсныг үл мэдмүй.” Хаан өгүүлрүүн: “Амраг хатан минь хойш аярлагтун, мөхөс хүн мэдэв. Үүний дотор хэрэглэх юм торго, шоо, хив, дурдангаас бус ийм юм юуны байх вэ? Авдрыг ацар, би өөрөө нэг юм хийж дахин таалгасугай” хэмээв.


Тэр хаан даруй хойд ордонд эгээд, цэцгийн хүрээлэнгийн тоорын модноос нэг аяган чинээ бүдүүн тоор ацарч дотор нь хийж дамнан гаргаж бас таагтун хэмээсэнд, Тансаг бас Бичиний зүг өгүүлрүүн: “Бас таа хэмээмүй.” Бичин: “Сэтгэлээ сул тавь, би дахин очиж үзсүгэй” хэмээгээд, гингэнэн нисч урьдын тэр завсараар авдрын дотор орж үзвээс нэгэн тоор ажгуу, Бичин их л баярлан уг биеэр болж авдрын дотор суун тоорыг идээд хоосон ясыг нь үлдээн тавиад нисэн ирж Тансагийн чихэнд өгүүлрүүн: “Багш түүнийг чи тоорын яс буй хэмээн өгүүл” хэмээхүйд Тансаг өгүүлрүүн: “Шавь бүү надаар наад, урьд удаа хэлж завдсангүй болбоос арай цаазаар аваачсан болой. Энэ удаа эрдэнэ хэмээвээс сая сайн, тоорын яс ямар эрдэнэ буй?” Бичин өгүүлрүүн: “Бүү ай, түүнийг магад шүүвээс барав за.”


Тансаг сая хэлсүгэй гэтэл, тэр Ямаа хүчит хувилгаан өгүүлрүүн: “Ядуу бумба урьдаар таасугай дотор нь нэгэн шинэ тоор буй.” Тансаг өгүүлрүүн: “Тоор бус, хоосон тоорын яс буй.” Хаан зандан өгүүлрүүн: “Миний улсын багш тааж олов, би биеэр хийсэн тоор болой, чи юунд яс хэмээмүй?” Тансаг өгүүлрүүн: “Сөхөж үзвээс мэдмүй за.” Хаан сөхүүлж улаан тэвшийг гаргаж үзвээс үнэхээр нэгэн тоорын яс ажгуу, хаан их л гайхаж өгүүлрүүн: “Багш нар үүн лүгээ мөрийцөх хэрэггүй, эднийг дураар явуулсугай. Мөхөс хүн өөрийн гараар хийж тавьсан тоор бөлгөө, өдгөө гэнэт яс болжээ, ямар хүн идсэн буй? Лав эдэнд далдаас чөтгөр сахиулсан тусалж баймуй” хэмээлцэн атал, Гахай сонсоод жихүүнээр инээж Шороон зүг шивнэн өгүүлрүүн: “Тэд бас түүний удаан жил тоор идэж амьдарсныг нь мэдэхгүй баймуй!” хэмээв.


Тэр үед Барс хүчит хувилгаан соёл бадруулагч харшаас угаан самнаад дахин ирж өгүүлрүүн: “Энэ тойнд юмыг зөөн нүүлгэх увидас буй тул ийм болой, авдрыг дахин ацар, би дахин таамаглаж түүний увидсыг эвдсүгэй.” Хаан өгүүлрүүн: “Улсын багш юуг таамагласугай хэмээмүй?” хувилгаан өгүүлрүүн: “Увидас гагц эд юмыг сольж чадах буй за, амьд хүнийг хийвээс сольж үл чадмуй. Энэ нэгэн бага бумбыг авдрын дотор хийж амсрыг яг даран дамнаж гаргаад: “Тойн чи энэ гуравдугаар удаа ямар эрдэнэ хийснийг дахин таа” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Бас ирэв!” Бичин өгүүлрүүн: “Би дахин одож үзсүгэй” хэмээн бас нисэн гарч ирээд авдрын дотор орж үзвээс нэгэн бумба ажгуу. Чадалт тэр богд Бичиний ухаан эрдэм үнэхээр их, улируулан арилжих увидас нь орчлонд чухаг, хурц сэргэлэн нь хорвоод хосгүй!


Бичин багш дотор нь орж биеэ нэгэнтээ сэжин тэр Барс хүчит хувилгааны дүрээр хувилан: “Шавь минь” хэмээн дуудсанд, тэр бага бумба: “Багш чи хаанаас ирэв?” хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Би бие халхлах увидсаар орж ирсэн бөлгөө.” Бага бумба өчрүүн: “Багш та юуг сургахаар ирэв?” Бичин өгүүлрүүн: “Тэр тойн чиний орсныг үзсэн тул бумба хэмээн өгүүлбээс маныг бас шүүх бус уу? Тиймийн тул чам лугаа зөвлөж үсийг чинь аваад бид тойн хэмээн дуудсугай хэмээмүй.” Бумба өгүүлрүүн: “Багшийн захиагаар болтугай, гагц шүүвээс барав, хэрэв түүнд дахин шүүгдвээс нэр алдар буурах төдийгөөр үл барам, эзэн хаан бас хүндэтгэхгүй болох болой.” Бичин өгүүлрүүн: “Чиний үг мөн болой, чи нааш ир, тэднийг шүүсэн хойно чамд хүндэд шагнамуй” хэмээгээд болд бэрээгээ тонгорог болгон хувилгаад тэр бумбыг тэврэн: “Үр минь, өвдөхийг тэсвэрлэгтүн, бүү дуугар, би чиний үсийг хусаж өгсүгэй” хэмээн удсангүй үсийг нь хусан авч бөөгнөн атгаад авдрын буланд чихэж, тонгоргоо хураан авч түүний мухар толгойг илж бас өгүүлрүүн: “Үр минь, толгой чинь өдгөө тойн болов, гагц дээл чинь өөр, чи дээлээ тайл, би чамд хувилж өгсүгэй” хэмээсэнд тэр бага бумба биед өмссөн ссонгинын цагаан өнгөтэй үүлэн хуар, гэмэрлэг эмжээртэй цагаан дурдан агуу дээлээ тайлж өгөв. Бичин тэр дээлийг сажлан тарни уншиж, “Хувил!” хэмээн зандан нэгэнтээ үлээсэнд, нэгэн шаравтар өнгөтэй намжир болон хувилав. Үүнээ тэр бумбад өмсгөөд бас хоёр ширхэг үс сугалан авч ганди хувилгаж, гарт нь бариулаад өгүүлрүүн: “Чи чагнаж байгтун, бумба хэмээн дуудваас чи битгий хөдөл. Тойн хэмээн дуудсан хойно даруй авдрын амсрыг өргөн, гандигаа тогшиж ном уншсаар гарч ир, ийм болсонд сая гавьяа бүтмүй” хэмээсэнд бяцхан бумба өчрүүн: “Би гагцхүү “Гурван богдын судар”, “Долоон өвгөний судар”, “Хилэнц арилгах судар” зэрэг гурван номыг уншиж чадахаас бурхны номыг уншиж чадахгүй болой.” Бичин өгүүлрүүн: “Чи маань уншиж үл чадах буюу?” Бяцхан бумба өгүүлрүүн: “Ум ма ни бад мэ хум хэмээхүйг хэн үл чадмуй?” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос чи маань уншиж гарагтун, би бас зааж өгөх хэрэггүй, сайхан цээжлэгтүн, би одмуй.” хэмээгээд шумуул хувилан гарч одон Тансагийн чихэнд өгүүлрүүн: “Багш төд тойн хэмээн өгүүл” хэмээхүйд Тансаг өгүүлрүүн: “Энэ удаа лав шүүгдэх болой.”


Бич өгүүлрүүн: “Чи яахан мэдэв?” Тансаг өгүүлрүүн: “Номд өгүүлсэн нь “Бурхан, ном, хувраг гурван эрдэнэ” хэмээжээ. Тойн хувраг бас ч нэгэн эрдэнэ мөн болой” хэмээв.


Ийнхүү хараахан шивнэн атал, тэр Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Хааны энэ авдрын дотор нэгэн бага бумба буй” хэмээгээд гэнэт дуудсан авч ер гарч ирсэнгүй. Тансаг гараа наманчлан өгүүлрүүн: “Хаан минь, үүний дотор нэгэн тойн буй” хэмээв. Гахай өндөр дуугаар: “Авдрын доторх тойн гарч ир” хэмээн хашхирсанд тэр хөвгүүн авдрын амсрыг түлхэн нээж, гандигаа тогшиж маань уншсаар гарч ирэв, тэндээс хоёр жигүүрийн сайд түшмэд шагшин гайхаж бархиралдтал, гурван их хувилгаан багш нь мэхийрэн мэлэрч дуугүй болов. Хаан өгүүлрүүн: “Энэ тойнд эзэд сахиулсан далдуур туслахын тул ийнхүү болох буй за! Бумба ороод юунд тойн болох буй? Хэдийвээр даган орж чадавч гагц үсийг хусваас барсан болой, яахан хувцас бас биед зохицож аманд бас маань уншин чадмуй? Багш нар минь! Тавьж илгээсүгэй!” хэмээв.


Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Эзэн минь, нэгэнтэйеэ “Эсэргүүцэлд учирч эр тэнцсэн” тул ядуу бумба багын цагт Жүн Эн Шан ууланд сурсан эрдмээ эдэн лүгээ нэгэнтээ мөрийцсүгэй хэмээмүй.” Хаан өгүүлрүүн: “Ямар эрдэнэ буй?” Барс хүчит хувилгаан өгүүлрүүн: “Бид ах дүү гурвуулд толгойгоо огтолж аваад дахин наах, өвчүүгээ хагалж зүрхээ сугалаад дахин хийх, буцлам тосон тогоонд биеэ угаах зэрэг гайхамшиг увидас буй” хэмээсэнд хаан цочиж өгүүлрүүн: “Энэ гурван хэрэг цөм үхэх зам, наадам бус!” Их хувилгаан өгүүлрүүн: “Манд ийм увидас байх тул сая айшгүй гаргаж өгүүлмүй, эрхгүй эдэн лүгээ мэлзэн мөрийцөж үзээд сая зогсмуй” хэмээхүйд хаан өгүүлрүүн: “Зүүн газрын тэр тойн сонс, миний улсын багш таныг тавьж явуулахгүй, бас тан лугаа толгойгоо огтолж, хэвлийгээ хуулан буцалсан тосонд бие угаахыг мөрийцсүгэй хэмээмүй.” Бичин хараахан шумуул болоод нааш цааш хэрэг мэдүүлж байтал, гэнэт энэ үгийг сонсож даруй үсээ хураан авч уг биеэр болон хадганан инээж: “Сайн! Сайн! Арилжаа үүдэнд эрж ирэв!” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Энэ гурван мэлзээ цөм амь лугаа хэлэлцэх нь болой, юунд үүдэнд ирсэн арилжаа болгон өгүүлмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи миний эрдмийг бас мэдэхгүй ажгуу.” Гахай өгүүлрүүн: “Ах чи энэ мэт хувилан улирч дэвшүүлэн шилжүүлэх нь гүйцсэн болой, яахан бас тийм чадал байх буй?” Бичин өгүүлрүүн: 


        Би толгойгоо огтолж орхисон ч үг хэлж чадан,
        Гараа цавчиж хаясан ч хүнийг цохиж дийлмүй.
        Хөлөө огтолж орхисон ч явж чадан,
        Гэдсээ хагалж тавьсан ч эдгээн анагаах эрдэм буй.
        Энэ нь энгийн хүний банш барих мэт,
        Эмзэг газрыг чимхвээс уг ёсоор болгомуй.
        Тосон тогоонд бие угаах тэр нэн хялбар,
        Тоос хирээ бүлээн усанд угаах лугаа адил


Гахай, Шороотон инээлдэн сонстол, Бичин урагш одож, хаанд мэдүүлрүүн: “Тойн би толгойгоо огтолж чадмуй.” Хаан өгүүлрүүн: “Чи яахан толгойгоо огтолж чадмуй?” Бичин өгүүлрүүн: “Би багын цагт сүмд шавилан явах үес нэгэн бадарчин тойн надад толгойгоо огтлох увидас сургасан бөлгөө. Болох эсэхийг мэдэхгүй, өдгөө нэгэнтээ тэнсэж үзсүгэй.” Хаан инээн өгүүлрүүн: “Энэ тойн нас бага, хэргийг мэдэхгүй, толгой огтлохыг бас тэнсэж болох нь буюу? Толгой хэмээгч зургаан аргын тэргүүн болой, огтолбоос даруй үхмүй.” Барс хүчит шулам өгүүлрүүн: “Төв хэмээн түүнийг тийм замаар эчүүлбээс сая манай хорсол арилах болой” хэмээсэнд, тэр харангуй хаан түүний үгийг зөвшөөн зарлиг буулгаж толгой цавчих газар бэлтгүүлэв.


Зарлиг уламжилмагц даруй гурван мянган шадар цэрэг хаалганы гадна жагсаав. Хаан: “Тойн урьдаар гарч толгойгоо огтлогтун” хэмээсэнд Бичин баярлан хүлээн авч: “Би урьд одсугай! Би урьд одсугай!” хэмээгээд гар чацуулан өндөр дуунаар: “Улсын багш, миний цөс их болж хэтрэмхийлэн урьдчилсныг уучлагтун” хэмээн өгүүлж, бие эргэн даруй гадагш одохуйд Тансаг татаж: “Шавь минь хичээгтүн, энэ наадам бус болой” хэмээсэнд, Бичин: “Юунаас аймуй! Чи тавигтун, би одож ирсүгэй” хэмээв.


Тэр Бичин багш шууд цавчих талбайд алхан орсноо цэргийн ард барьж хүлээд өндөр газарт дарж гагц: “Цавч!” хэмээн нэгэнтээ дуудмагц тэргүүнийг нь цавчиж орхин яргачин бас хэдийнэ нэг өшиглөн, тарвас шатсан мэт гуч дөчин алхам гартал бөмбөрүүлэв. Бичиний хүзүүнээс өчүүхэн ч цус харвахгүй бөгөөд гэдсэн дотор нь: “Толгой ир!” хэмээн дуугармуй. Тэндээс Буга хүчит хувилгаан энэ мэт чадал байхыг үзээд яаран тарни уншин савдаг навдгийг дуудаж ацраад өгүүлрүүн: “Үүний толгойг бүү илгээ, та нар дарж зогсоо, би тойныг шүүсэн хойно, хаанд айлтган танд бага сүмийг их сүм болгож, шавар хөргийг чинь алтаар бүтээж өгсүгэй” хэмээв. Угаас энэ бумба нарт таван аянгыг зарах увидас байх тул тэр савдаг навдаг цөм түүнээс айж зарагдмуй, тийнхүү далдуур үнэхээр Бичиний толгойг даран зогсоов. Бичин бас: “Толгой ир!” хэмээн дуудавч, тэр толгой газарт ургасан мэт эс хөдлөв. Бичин ундууцан нударгаа зангидаж хүлсэн дээсийг тасартал тэлчлэн өндөр дуунаар: “Толгой урга!” хэмээсэнд, хүзүүн дээрээс бас нэгэн толгой урган гарч ирэв. Үзэж байсан тэдгээр яргачинд гэлмэгдэн цочиж: шадар цэрэг цөс цалгижээ. Тэр захиран цавчих түшмэл яаран хаанд одож айлтгаруун: “Түмэн наст, тэр бага тойны толгойг цавчин унагатал бас нэгэн толгой урган гарч ирэв.” Гахай хүйтнээр инээж өгүүлрүүн: “Бичин ахад харин ийм эрдэм байхыг юуны мэдэв” хэмээхүйд, Шороо өгүүлрүүн: “Ахад далан хоёр зүйлийн хувилгаан байх тул, мөн далан хоёр толгой байх болой.”


Үг барахын урьд Бичин хүрч ирээд: “Багш” хэмээн дуудсанд, Тансаг үзээд тэсгэлгүй баярлан өгүүлрүүн: “Шавь зовов за?” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Зовсонгүй, харин сайхан наадам ажгуу.” Гахай өгүүлрүүн: “Шарх анагаах эм түрхэх буюу?” Бичин өгүүлрүүн: “Чи тэмтэрч үзтүгэй, шарх сорви байх буюу?” Тэр манхуу тэмтэрч үзээд гайхан инээж өгүүлрүүн: “Гайхалтай! Гайхалтай! Ургасан нь харин ч бүрэн бүтэн бөгөөд залгасан ор ч огт үгүй!” хэмээв.


Ах дүү нар хараахан баярлан байхуйд сонсвоос хаан: “Тэмдэг бичгээ автугай, танд ялгүй болтугай, та нар өдгөө түргэн явагтун!” хэмээмүй. Бичин өгүүлрүүн: “Бичгээ ававч, танай улсын багш бас толгойгоо огтолж манд үзүүлбээс сая сайн болой.” Хаан өгүүлрүүн: “Их улсын багш, энэ тойн чамайг тавихгүй баймуй, чи бас нэгэнтээ үзүүлтүгэй, гагц мөхөс хүнийг битгий цочоогтун.” Барс хүчит хувилгаан нь аргагүй одож тэр хэдэн яргачнаар хүлүүлэн, газарт даран толгойгоо огтлуулав. Яргачин мөн огтолж авсны хойно нэгэнтээ өшиглөж, гуч илүү алхам явуулсанд мөн хүзүүнээс бас цус гарахгүй, хэвлийн дотроос: “Толгой ир!” хэмээн дуудаж атал, Бичин яаран үсээ нэг ширхэг сугалан авч: “Хувил!” хэмээн тарнидсанд хэдийнэ нэгэн шар нохой хувилж талбайд гүйн ороод, бумбын толгойг зууж аван, шууд голын хөвөөнд хүрч орхисныг өгүүлэхгүй.


Тэндээс тэр бумба гурвантаа дуудтал толгой эс ирсэнд тэр яахан Бичин багшийн мэт чадал байж өөр тогой ургуулан чадах аж, даруй хоолойноос нь улаан цус боргилон гарав. Хөөрхий бороог дуудан салхи урих увидас хоосоор байвч, яахан мөнхийн шидийг олсон хувилгаан лугаа адилтгамуй. Удсангүй хөсөр унаж үхжээ. Дээр хүрч үзвээс харин нэгэн толгойгүй шар эрээн барс ажгуу.


Тэр захиран цавчих түшмэл бас орж айлтгаруун: “Түмэн наст айлд, их багш толгойгоо огтолж унагаагаад дахин ургуулж чадсангүй үхэв, нэг толгойгүй шар эрээн барс болжээ” хэмээсэнд, хаан их л цочин тэр хоёр бумбыг харж байсанд, Буга хүчит хувилгаан давшиж өгүүлрүүн: “Миний номын ахын насан тоо гүйцээд үхсэн буй за, юунд Барс болох буй! Цөм энэ тойн нүдийг халхлах увидас хэрэглэн миний ахыг адгуус болгожээ! Би үүнийг хэрхэвч хэлтрүүлэхгүй, эрхбиш түүн лүгээ зүрхээ сугалан авч нэгэнтээ мөрийцсүгэй!”


Хаан сонсож сая баахан сэтгэл тогтнон дотор амарлиж бас дуудан өгүүлрүүн: “Бага тойн миний хоёрдугаар их багш тан лугаа бас мөрийцсүгэй хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Өчүүхэн тойн би угаас гал утаагаар болгосон идээ иддэггүй бөлгөө, урьд өдөр баруунш ирэхүйд өглөгийн эзэн цав хийж шалахуйд илүү хэдэн боорцог идсэнээр энэ хэдэн өдөр гэдэс дэмий өвднөм, санаваас хорхойтсон ч магадгүй, төв хэмээн эзний илдийг зээлэн гэдсээ хагалж, цул саваа ариутган угаасан хойно сая баруун газарт хүрч бурханд бараадахуйд сайн хэмээн санах бөлгөө.” Хаан сонсоод: “Үүнийг аваачиж гэдсийг хагал” хэмээсэнд, тэдгээр олон хүмүүс ирж түшиж тэврэн аваачихуйд, Бичин гараа алдуулан авч өгүүлрүүн: “Түшиж татах хэрэггүй, би өөрөө одсугай. Гагц нэгэн зүйл, гарыг хүлж болохгүй, би гараар цулаа угаамуй” хэмээсэнд, хаан зарлиг буулган: “Түүний гарыг бүү хүлэгтүн” хэмээв.


Бичин гэлбэлзэн алхаж шууд алах газар хүрээд биеэ босоо модонд түшүүлэн дээл бүсээ тайлж гэдсээ гаргаж зогсов. Тэр яргачин нэг дээсийг түүний хүзүүгээр хийж, бас нэг дээсээр түүний хөлийг татаж уяад, матааг гялбалзуулан гэдсийг нь нэгэнтээ дарж ярайтал хагалав. Бичин багш өөрийн гараар гэдсээ татан ангайлгаад, зүрх зүлд, гэдэс дотроо гаргаж нэг нэгээр нэлээд удтал засаж ариутган тахиж хэвлийний дотроо хийж уг ёсоор ороон мурийлгаж гадар арьсыг чимхэж бариад нэгэнтээ үлээн: “Анагтун!” хэмээн зандармагц хэдийн угийн адил ор сорвигүй анав. Хаан үзээд их л цочиж замын тэмдэг бичгийг гарт барьж өгүүлрүүн: “Богд тойн нар та замаа бүү саат, бичгээ авч одогтун” хэмээхүйд Бичин инээн өгүүлрүүн: “Замын тэмдэг бичгийн хэрэг бага, хоёрдугаар багшийг залж бас элэг зүрх цул саваа уудалж бидэнд үзүүлбээс ямар?” хэмээсэнд хаан Буга хүчит хувилгааны зүг өгүүлрүүн: “Энэ хэрэг мөхөс хүнд хамаагүй, чиний өөрөө түүн лүгээ мөрийцсүгэй хэмээсэн хэрэг, одогтун одогтун.” Буга хүчит хувилгаан өгүүлрүүн: “Сэтгэлийг сул тавь, санаваас би магад түүнд үл шүүгдмүй.”


Үзвээс, тэр бас Бичин багшийн ёсоор гэлбэлзэн алхаж алах газар шууд одож, яргачнаар хүлүүлэн матаагаар нэгэнтээ даран хэвлийгээ хагалаад гараар зүрх зүлд гэдэс дотроо гаргаж оролдном бөлгөө. Тэр тухай Бичин бас нэг ширхэг үсээ сугалан авч “Хувил!” хэмээсэнд, тэр үс хэдийнэ нэгэн өлөн шонхор болоод, жигүүр дэлгэн шунган ирж, тэр бумбын таван цул зургаан савыг цөм базгадан аваад, бургитал чирж идэхээр одов. Тэр бумба тэр даруй гэдэсгүй хөндий хэвлийт чөтгөр, хий сүнс болов. Яргачин нар баганыг өшиглөн унагаж үхдэлийг чирэн авчирч үзвээс нэгэн цагаан цаа буга ажгуу!


Тэр захиран цавчих түшмэл их л мэндүүрэн бас хаанд ирж айлтгаруун: “Хоёрдугаар багш үнэхээр хийморь нь хэвтжээ, хараахан гэдсээ хагалтал нэг өлөн шонхор ирээд гэдэс дотор элэг зүрхийг цөм шүүрэн авч анагааж чадсангүй үхэв. Чухам бие нь нэгэн цаа буга ажгуу.” Хаан айж өгүүлрүүн: “Юунд буга болсон буй?” Ямаа хүчит хувилгаан өгүүлрүүн: “Миний номын ах нар үхвээс төд буй за, юунд адгуус дүрст болмуй? Энэ цөм тойны увидсаар гүтгэн үйлдэх нь болой. Би ах нарын өшөөг авсугай.” Хаан өгүүлрүүн: “Чи ямар увидсаар түүнийг шүүмүй?” Ямаа хүчит хувилгаан өгүүлрүүн: “Би эдэн лүгээ буцлам тосон тогоонд орж бие угаан мөрийцсүгэй” хэмээсэнд, хаан их тогоо авчруулж тавиулаад, дүүртэл тос хийж гал түлэн буцалгаад, та хоёул мөрийцтүгэй хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Хишигт талархмуй, бага тойн би бие угаасангүй удсан тул, энэ хэдэн өдөр бие загатнамуй, юу ч болов угааж үзсүгэй.” 


Тэр хааны шадар сайд үнэхээр тост тогооны доор хуурай түлээ хийж догшин гал хөгжөөгөөд тосыг буцалгаж тойн урьдаар ор хэмээсэнд Бичин наманчлан асууруун: “Ёсорхог угаал буюу, ерөндөг угаал буюу?” Хаан өгүүлрүүн: “Ёсорхог угаал нь юун? Ерөндөг угаал нь юун?” Бичин өгүүлрүүн: “Ёсорхог угаал хэмээгч дээлээ тайлалгүйгээр тосон тогоонд нэгэнтээ өнхрөн гарч иртэл, дээл дээр өчүүхэн ч тосны дусал наалдахгүй болбоос шүүснээр бодмуй. Ерөндөг угаал хэмээвээс дээлийн тавиурт дээлээ өлгөөд, нүцгэнээр алчуур авч тогоон дотор ороод зоригоор урван хөрвөж, наадан угаах болой.” Хаан сонсоод Ямаа хүчит хувилгаанаас асууруун: “Чи түүн лүгээ хэрхэн мөрийцмүй?” Ямаа хүчит хувилгаан өгүүлрүүн: “Дээлтэйгээр угааваас түүний дээл нь эмээр болгосон тул тос үл нэвтрэх эд ч магадгүй, түүн лүгээ дээлээ тайлж угаалцсугай.” Бичин урагш давшин өгүүлрүүн: “Зоримогийг уучил, удаа бүр ба урьдыг эзэлбэй” хэмээгээд үзтэл тэр бөс намжираа тайлж барсын арьсан хормойвчоо авч тост тогоонд үсрэн ороод, урван хөрвөн усанд умбаж наадах мэт угаан байв.


Гахай үзээд хуруугаар зааж, Шороод өгүүлрүүн: “Энэ сармагчныг бид бас эс мэджээ! Ерийн өдөр элдэв муу үгээр хатган шоглодог бөлгөө, үүний ийм хэцүү үнэн эрдэм байхыг хэн мэдэв!” хэмээн хоёул шивнэн шагшиж байхуйг Бичин үзээд дотроо сэжиглэн санаруун: “Тэр Манхуу лав намайг элэглэж инээмүй! Энэ төв хэмээн “Хурц нь хүчээ бараад хүдэги нь хоймор жаргамуй” хэмээгч болой. Би энэ мэт зовлон амсаж байтал тэр харин амраар баймуй, үүнийг нэгэнтээ хүлүүлж айлгасугай” хэмээгээд гэнэт пүлхийн ороод тогооны ёроолд живэн нэгэн хэсэг төмөр болж дахин гарахгүй болов.


Захиран хамаарагч түшмэл нь бас хаанд айлтгаруун: “Тэр бага тойн тосонд хайрагдаж үхэв.” Хаан их л баярлан ясыг гаргаж үз хэмээсэнд тэр түшмэл төмөр шороор шүүвээс тэр шорын нүх их Бичиний хувилсан хадаас бага тул нааш цааш шорын нүхээр гоожин юуны тогтох аж! Бас хаанд айлтгаруун: “Энэ тойны бие бага яс хатуураагүй тул цөм хайлан эчжээ.”


Хаан даруй зарлиг буулган: “Энэ гурван тойныг бас барьж хий!” хэмээсэнд, хоёр жигүүрийн ард Гахайн дүр сүрхийг үзээд урьдаар Гахайг хүлэв. Тансаг тэсгэлгүй гэлмэгдэж бархиран өгүүлрүүн: “Хаан, ядуу тойныг түр зуур уучлах ажааму, миний тэр нөгчсөн шавь минь номд орсноос удаа дараа хүчээ их л өргөсөн бөлгөө. Тэр энэ өдөр улсын багшид харшилдаад тост тогоонд үхэв, хэрхсү, урьд үхсэн нь сахиулсан болмуй, ядуу тойн би аймшиггүй амийг юуны хайрлах аж! Дэлхий дахины түшмэл сайд бас дэлхий дахины иргэнийг захирдаг лугаа адил, хаан эзэн, сайдыг үх хэмээвээс түшмэл ямар аймшиггүй үл үхмүй. Гагц гуйх нь надад будаа, цай, цаасан зоос тэргүүтнийг хайрлаж, би тогооны ойр хүрч шавьдаа буян түлш өргөж багш шавийн сэтгэлийг гүйцэтгэсэн хойно ялаа хүлээхүйг зөвшөөх болов уу.” Хаан өгүүлрүүн: “Үүний үг мөн зүй, Дундад гүрний хүн олонх нь журамтай” хэмээн будаа цай, цаасны зүйлийг ацруулан Тансагт өгөв.


Тансаг, Шороо хоёул индрийн доор хүрч тогоон дэргэд одохуйд, Гахайг хэдэн цэргийн хүн чихнээс чангааж тогооны дэргэд аваачив. Тансаг тогооны дэргэд цаас шатаан эмгэнэн өгүүлрүүн:


 “Шавь минь, Сүн Ү Күн!


        Сахил авч санваарыг хичээн бурхны номд орсноос 
        Санаа тавин баруунш хүрсэн ачлал хайр зузаан.
        Сайны хутгийг хамтаар олохыг хүсэн зорьж атал 
        Санамсаргүй өдгөө чи эрлэгийн замыг хөөв!
        Амьдын цагт номын ёсыг нэгэн сэтгэлээр шүтэж,
        Үхсэний хойно бурхан сахиулсанаа гагц сэтгэлээр сүсэглэмүй.
        Алс одох эрэлхэг сүнс өчүүхэн хүлээх ажааму,
        Арван эрлэгт хүрсэн хойно аянгын дуутад одтугай!”


Гахай сонсоод өгүүлрүүн: “Багш, бүү тийнхүү дайгтун, Шороо чи будааны шүүсийг дусаа, би залбирсугай” хэмээгээд, тэр манхуу хүлээстэйгээр хөсөр хэвтэж хурхиран өгүүлрүүн: 

 

        “Хэрэг өдөөгч самжийн зулзага,
        Хэдэр мунхаг агтан даамал.
        Үхэл таарсан өмхий Бич,
        Ялзартлаа шарагдсан улаан бөгст.
        Үр нь тасарч
        Үндэс нь харласан муу сармагчин аа!”


Бичин багш тогооны ёроолоос манхуугийн хараахыг сонсоод, тэсч ядан үсрэн босч хараан өгүүлрүүн: “Энэ муу манхуу аагын тулам! Чи хэнийг хараамуй!” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, би айж үхэн алдав!” хэмээхүйд Шороо өгүүлрүүн: “Ах хуурмагаар үхэхийг үнэхээр сурчээ!” Тэдгээр бичиг цэргийн түшмэд мэндүүрэн урагш ирж хаанд айлтгаруун: “Түмэн наст, тэр тойн үхсэнгүй, тогоон дотроос гарч ирэв” хэмээсэнд, тэр мөрийг хамаарагч түшмэл урьд мэдүүлснээ хуурмаг хэмээн загнахаас эмээж, урагш давшин айлтгаруун: “Үхсэн нь үхсэн болой, харш өдөр тохиолдоод бага тойны сүнс эргэсэн нь болой” хэмээв.


Бичин энэ үгийг сонсож тэсгэлгүй хилэгнэн тогооноос гарч дээлээ өмсөн шийдмээ гаргаж тэр түшмэлийг талх болтол цохиж алаад: “Би ямар сүнс ирсэн буй!” хэмээхүйд олон түшмэд аялдан яаран Гахайг тайлан тавьж газарт сөгдөн: “Ялыг хэлтрүүл!” хэмээн уйлан гуйхуйд хаан айж ширээнээсээ буутал Бичин дэвхрэн гарч татан бариад өгүүлрүүн: “Хаан бүү дутаа, чиний гуравдугаар багшаа бас тогоонд хий.” Тэр хаан чичрэн дагжиж өгүүлрүүн: “Багш чи тогоонд орж мөхөс хүний амийг тэнхрүүл, хурдан орогтун, бүү тойноор намайг цохиул.”


Тэр Ямаа хүчит хувилгаан харшаас бууж, дээлээ тайлан тогооны дотор ороод Бичиний адил угаан авай.


Тэндээс Бичин хааныг тавиад, тост тогооны дэргэд хүрч гал түлэгчээр түлээ нэмүүлэн гараа тогоонд дүрж үзвээс аяа! Буцлах тос нь жингэнэх мөс мэт хүйтэн болсныг мэдээд дотроо санаруун: “Би угаахуйд буцлам халуун бөлгөө, үүнийг орохуйд юунд хүйтэн болов, энэ лав аль нэгэн лусын хааныг ацарч биеэ туслуулах ажаам” хэмээгээд яаран огторгуйд дэвхрэн гарч “Ум” үсгийн тарни уншин хойд далайн лусын хааныг дуудан ацарч өгүүлрүүн: “Энэ муу эвэртэй могой, хөлтэй загас чи! Юунд тэр бумбад тусалж хүйтэн лусаар тогооны ёроолыг тойруулж намайг шүүгдүүлмүй!” хэмээхүйд лусын хаан их л эмээж дагжин чичирхийлж өгүүлрүүн: “Би айшгүй түүнд юунд тусалмуй. Богд та харин мэдэхгүй. Энэ адгуус хатуужилтайгаар нэгэн үе бясалгаж өөр зүйлийн бүтээл бүтээгээд, хүний биеийг олж, таван аянгын үнэн увидсыг сурчээ. Түүнээс бус нь цөм гажуу суртал, хувилгааны ёсонд орж үл чадмуй. Энэ болбоос түүний Сьюй Муу Шан уулнаас сурч ирсэн “Хагалж огтлох” увидас болой. Тэр хоёрыг богд та нэгэнтээ эвдээд уг бие нь илэрчээ. Үүний энэ бас тэр өөрөө бүтсэн хүйтэн луу болой, өөр хүнийг хуурч чадах буй за, богд таныг яахан хуурч чадмуй! Би түүний хүйтэн лууг хураан авч түүний яс хэмхрэн арьс шатаж үхэх болгосугай.” Бичин өгүүлрүүн: “Эртхэн хураан авбаас элдэхээс уучилсугай!” хэмээхүйд тэр лусын хаан нэгэн зэргийн хуй салхи хөдөлгөн тогооны ёроол дахь хүйтэн лууг барьж далайд авч эгсэнийг өгүүлэхгүй.


Тэндээс Бичин бууж ирэн багш ба хоёр дүүгийн хамт харшийн өмнө зогсож үзтэл тэр бумба тогооны дотор буцлах тосонд тэлчлэн мөлхөж гулгаран унаад гарч эс чадан агшин зуур арьс зулгаран мах шалзарч яснаас салаад үхжээ.


Мөрийн даамал түшмэл бас ирж айлтгаруун: “Түмэн наст аа, гуравдугаар багш тосонд хуршин үхэв.” Хаан ширээг түшин дуу тавин уйлан өгүүлрүүн: 


        “Хүний биеийг олохуй хэмээгч үнэхээр хялбар бус,
        Хүч эрдэм бүрдэхгүй цагт битгий үрэл бүтээ.
        Хувилгаан сахиусыг урихуй хэмээгч хоосон үгийн төдий,
        Хутаг өлзийг батдах үрэл хорвоо ертөнцөд үгүй.
        Гэгээн харангуйг яахан ялгаж гаслангаас хэрхэн хагацмуй?
        Санаа сэтгэлийг талаар сүйтгэж саях биеэ зовоомуй.
        Эгнэгт энэ мэт хясагдахыг эртээс мэдсэн ахул
        Эзгүй уулнаа мөрийг далдалж нууж суухыг хүрэхгүй.”


Энэ үнээр эрдэнийн үрлийг оролдон бүтээхүйеэ өчүүхэн ч тусгүй, үүл бороог дуудан чадваас эгнэгт мөн хоосон! Багш, шавь нар чухам яахан явахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 19 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 7 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 36 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 40 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 22 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 55 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 59 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 59 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 33 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 42 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 52 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 58 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 20 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 37 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 31 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 55 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 56 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 11 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК