зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөчин долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ:


БОГД ТОЙН ШӨНӨӨР ТЭНГЭР ГОЛД ХАШИГДАВ
БИЧИН ГАХАЙ НИГҮҮЛСЭХҮЙГЭЭР ТАХИЛЫН ХҮҮХДИЙГ АВРАВ


Өгүүлэх нь, тэр хаан луун ширээг түшин нулимсыг булаг оргилох мэт цувруулан уйлж орой болтол зогсохгүй байхуйд Бичин урагш давшин дуудан өгүүлрүүн: “Хаан чи юунд энэ мэт эргүү буй! Эд гурван бумбын барс буга бүрхэнгийн ясыг тавьж байхыг үзсэнгүй юу, бүрхэнг идэхгүй болбоос тогооноос шүүж гарга, хүнд хаанаас тийм яс баймуй? Тэд цөм шулам бүтсэн уулын араатан гөрөөс болой, чиний энд чамд хор хийхээр ирсэн бөлгөө. Чиний сүлд хийморь хараахан бадарч байх тул айшгүй чамд эс халджээ. Хэрвээ бас хоёр жил өнгөрч сүр сүлд чинь буурсан үес хэдийнэ чиний амийг хөнөөгөөд төрийг чинь эзэлмүй. Завшаанаар бид эрт ирж шулмасыг даран чиний амийг завдан гаргав. Чи бас юунд уйлмуй! Эртхэн замын тэмдэг бичгийг гарган манд өг” хэмээсэнд тэр хаан сая сэргэв. Олон түшмэд дахин айлтгаруун: “Үхсэн нь үнэхээр цагаан буга, шар барс, тогоонд байсан нь үнэхээр бөхөнгийн яс мөн. Богд тойны үгийг эс итгэвээс үл болмуй.” Хаан өгүүлрүүн: “Ийм болбоос богд тойнд ач хариулан мөргөмүй. Энэ өдөр оройтов. Та маргаад мордогтун” хэмээгээд бас шадар сайдыг дуудан: “Энэ богд тойдыг бас Гүн билигт сүмд залж хонуул, манагаар эрт зүүн асрыг нээж хуримын яаманд ариун цагаан цавын их хурим бэлтгэж тал өгсүгэй” хэмээсэнд олон түшмэд, Тансагийг сүмд хүргэн нойрсуулав.


Жич өглөө таван жингийн үед хаан харшид гарч түшмэдэд зарлиг болруун: “Тойдыг дахин элсэх тунхаг тархааж дөрвөн үүдний олон замд нааж тавьтугай” хэмээгээд, нэгдүгээр их хурим бэлдэж, хаан биеэр Гүнээ билигт сүмд хүрч Тансагтаныг залж зүүн асарт хуримлан зочлохуйг түр өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр амь хэлтэрсэн тойд дахин элсэх тунхаг гаргасныг сонсож тус тус баярлан цөм хотод ирж Бичин багшийг эрэн учраад үсийг нь тушаал тал өгөн мөргөцгөөв. Тансаг хуримаас буумагц хаан тэмдэг бичгийг халж өгөөд, хатан, бин, бэй хоёр жигүүрийн сайд түшмэдийг авч Тансагийг үдэв. Зовлонгоос ангижирсан тойд цөм ирж замын хажууд сөгдөн өгүүлрүүн: “Тэнгэр лүгээ чацуу их богд! Бид цөм элсэн дэнгээс амь мултарсан тойд болой. Богд та шулмасыг дарж, зовлонг арилгаж хаан бас тунхаг тархаасныг үзээд бид ирж үсийг чинь эгүүлэн тушааж тэнгэр мэт их ачид хүндэтгэн мөргөмүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Та нар хэдий хүн ирэв?” Тойд өчрүүн: “Таван зуун хүн нэг ч дутсангүй.” Бичин биеэ сэгсрэн үсээ хураав. Бас хаан, түшмэл, харц, тойд бүгдэд захиран: “Эдгээр тойдыг тэр өдөр тавьсан нь мөн, тэргийг хоёр боомтоор зөөн өнгөрүүлж, хавчил нурууг өнгөрөөн хэмхчин эвдсэн ч үнэхээр өвгөн Сүн миний үйлдсэн хэрэг, тэр хоёр шулам бумбыг мөн би занчиж алав. Өдгөө шулмыг алж арилгаад, сая бурхны номын хүчийг сэргээв. Үүнээс хойш дахин эргүүтэн баларч болохгүй. Адбиш хувраг бумбыг зэргээр хүндлэн, эрдэмтнийг тэтгэж, гурван сургаалыг нэг болгож хөгжүүл, тийн болсонд чинь төр уртад батдах болой.” Хаан шүтэн биширж зогсохгүй, хариулан талархаж, хүндэтгэн үдэж хотоос гартал хүргэн мордуулбай.


Энэ одох нь, гагц их хөлгөний номыг залах тул, шилжишгүй чин сэтгэлээр уг сүлдийг бясалгамуй. Тэд шар нар бор хоногийг өнгөрүүлсээр удсангүй бас хавар дуусч зун эцэслээд, навч шарласан намрын цаг болов. Тэр өдөр санамсаргүй зам гудаст нар унаснаа Тансаг морин дээрээс өгүүлрүүн: “Шавь нар минь, бид энэ шөнө хаа хонох буй?” Бичин өгүүлрүүн: “Багш аа, тойн болсон хүн эгэл хүний үгийг бүү өгүүл.” Тансаг өгүүлрүүн: “Эгэл хүн хэрхэн? Тойн хүн хэрхэн?” Бичин өгүүлрүүн: “Эгэл хүн хэмээгч энэ цагт халуун орын дулаан хөнжилд гэргий юүгээ тэврэн хөвгүүн юүгээ үнсэж, амарлин жаргаж унтан амуй. Бид тойн болсон хүн яахан чадмуй! Даруй сарны гэрэлд замнан, одны гэрэлд зорчиж, салхиар өл даран, шүүдрээр унд хийж, зам бүхүйд зорчиж, зам мухардваас зогсох болой.” Гахай өгүүлрүүн: “Ах чи нэгийг мэдээд хоёрыг эс мэджээ. Өдгөө энэ зам их бэрх бартаатай, би энэ хүнд дамжуурыг дамнаад үнэхээр зүдүүхэн амуй, нэгэн газар олж сайтар унтаж, биеэ амруулаад, маргаад явбаас сайн буй за, эс бөгөөс харин намайг зүдээн унагах нь бус уу?” Бичин өгүүлрүүн: “Энэ саруул шөнөд завдаж, од нэгэн зэрэг яван, айл олсон хойно хоног барьсугай.” Багш шавь хэдүүл арга бус, мөд Бичинийг дагаж урагш явав.”


Урагш дэмий явсангүй гэнэт нэг их урсгалын долгионы дуу сонстов. Гахай өгүүлрүүн: “Барав! Бид газрын хязгаарь хүрч ирсэн буй за!” Шороо өгүүлрүүн: “Өмнө байгч их усан болой.” Тансаг өгүүлрүүн: “Энэ усыг хэрхэн гарах буй?” Гахай өгүүлрүүн: “Би одож түүний гүн гүехэнийг тэнсэж үзсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Ү нин чи бүү дэмий өгүүл, усны гүн гүехэнийг яахан тэнсмүй?” Гахай өгүүлрүүн: “Нэг хэсэг өөхөндэй чулуу олж усны дунд орхиод хэрвээ ус үсэрч хөөс гарваас гүехэн болой, хэрэв орхисон ёсоор тунан орж дуугарваас гүн болой.” Бич өгүүлрүүн: “Сайн, чи одож тэнсэн үз.” Тэр манхуу нэгэн хэсэг чулуу олж усны дотор шидэн явуулсанд пүлхийж тосч долгио гарч ёроолд тунан одов. Гахай эгэж ирээд өгүүлрүүн: “Гүн! Гүн! Гэтэлж болохгүй!” хэмээхүйд Тансаг өгүүлрүүн: “Чи гүнийг мэдэвч түүний хэдий өргөнийг мэдэхгүй буй за?” Гахай: “Өргөнийг харин мэдэхгүй, мэдэхгүй” хэмээхүйд Бичин: “Би одож үзсүгэй” хэмээгээд, огторгуйд тонгорцоглон гарч дээрээс лавлан үзвээс:


        Халгис халгис гэрэл сарыг тунгааж,
        Хөвхөс хөвхөс сүүдэр тэнгэрийг хөвөлзүүлмүй.
        Уйлах давалгаа уул хайрханыг залгиж,
        Урт урсгал өмнө хязгаарт нэвтэрчээ.
        Эвхэр эвхэр дөлгөөн эргэлдэн хөрвөлдөж,
        Давхар давхар долгион уул мэт босном.
        Олом эрэгт загасчны гал үзэгдэхгүй,
        Элсэн хөвөөнөө усан дэглий унтмуй.
        Нэлийн цайраад их далай мэт,
        Нүдний үзүүрт хөвөө нь үзэгдэхгүй.


Бичин яаран үүлийг хурааж хойш эгэн өгүүлрүүн: “Багш, Өргөн! Өргөн! Явж болохгүй өвгөн Сүн миний ал нүд алтан цэцгий өдөр мянган газрын үзүүрийн сайн мууг үзэж гардаг. Шөнө мөн гурав дөрвөн зуун газрыг үзмүй. Өдгөө чанад хөвөө нь үзэгдэхгүй тул, өргөний хэмжээг яахан тоо заан хэлж чадмуй?”


Тансаг их л хиртхийж үг хэлэн чадахгүй, дуу бөглөрч уйлан өгүүлрүүн: “Шавь нар аа, ийм болбоос одоо яамуй?” Шороо өгүүлрүүн: “Багш бүү уйл, чи үз, тэр усны хөвөөнд зогсох нь хүн бус уу?” Бичин: “Загасч буй за, би эчиж асуусугай” хэмээгээд шийдмээ аван, гүйн хүрч үзвээс хохой! Хүн бус, нэг хөшөө чулуу ажгуу. Дээр нь “Тэнгэр гол” хэмээх үссгийг тулгуурын үсгийн тигээр сийлжээ. Доор нь 


“Гатлах олом найман зуун газар 
Галав тогтсоноос өнгөрөх хүн чухаг”
хэмээсэн хоёр мөр үсэг сийлжээ. Бичин дуудан өгүүлрүүн: “Багш ирж үүнийг үз.” Тансаг үзээд бас нулимс унаган өгүүлрүүн: “Шавь нар минь, би зүүн газраас гарч ирэхүйдээ баруун газрын зам хялбар хэмээн санасан бөлгөө, энэ мэт ад шулам зовоож, уул ус бэрх бартаатайг хэн мэдлээ!”


Гахай гэнэт өгүүлрүүн: “Багш чагнаж үз, хаанаас цан хэнгэргийн дуу гармуй? Лав нэг ном гүрэм гэгчид буй за, бид эчиж цав бадарлан идээд, олмыг асууж, онгоц эрэн маргаад гарсугай.” Тансаг морины дээрээс сонсвоос үнэхээр цан хэнгэргийн дуу сонстмуй. Тансаг: “Энэ харин бумбын хөгжим бус, лав манай тойн хуврагууд ном уншиж баймуй. Бид одсугай.” Бичин өмнөд замчлан багш шавь дөрвүүл тэр дууг эрэн ирэхүйд, юуны зам цуваа байх аж, дэгэн догон алхлан элсэн дэнг туулан гарснаа холоос нэгэн бүлэг айл үзэгдмүй. Бараг дөрөв таван зуун өрх буй, харин суусан нь нэлээд тэгш сайхан, гагц үзвээс:


        Уулын хажуугаар зам нэвтэрч, 
        Асгын захаар горхи урсан,
        Газар газар гөрмөл үүдийг дарж, 
        Гэр гэр хулсан хашааг хаажээ.
        Элсний хөвөөнөө хоногшсон дэглий зүүднээ сэргэг,
        Удан шугуйд донгодох шувууны хэл цэлмэгэр.
        Богино бишгүүрт эгшиг үгүй,
        Хүйтэн занчуурт айзам мөхөс.
        Улаан шимэлдгийн навчин сарыг шилгээж
        Шар хулсны навч салхийг өдөөнөм.
        Замын үзүүрийн тосгоны нохой шивээ хашаанаа хуцаж, 
        Олмын хөвөөнөө өвгөн загасчин гөхдөх хөлгөнөө унтмуй.
        Дэнгийн гэрэл сийрэг, хулангийн утаа харагдахгүй, 
        Огторгуйн цээл дэх ариун саран өлгөсөн толь мэт.
        Үе үе үнсдэх унаган туруун сайхан үнэрийг 
        Үзвээс харин өрнө салхи тэртээ эргээс хүргэнэм аж.


Тансаг мориноос буун үзвээс замын дэргэд нэгэн гэр буй. Үүдний гаднаа нэгэн залам босгож, дотор нь зулын гэрэл туяалан хүжсийн утаа анхилжээ. Тансаг өгүүлрүүн: “Ү Күн, энд харин тэр уулын хотгор голын хөвөө лүгээ адилгүй, хүний гэрийн саравчин доор ч жихүүн сүүдрийг далдлан сэтгэл амар унтаж болмуй. Та нар цөм эндээ хүлээж бай, би урьд одож тэр гүрэм хийгчийн гэрт хоног гуйсугай. Хоног өгвөөс би та нарыг дуудъя. Хэрэв хоноглохгүй бөгөөс та нар бүү дэмий хэтрэмгийлэн аашил, та нарын зүс чарай айхавтар сүрхий, хүн үзээд яаж халгаахгүй болбоос харин хонох газаргүй болмуй.” Бичин өгүүлрүүн: “Багшийн үг мөн болой, багш урьд одсугай, бид энд хүлээсүгэй.”


Тансаг бүрх малгайгаа авч, толгой нүцгэнээр номт дээлээ засан, дулдуйгаа барьж, шууд тэр гэрийн үүдэн дээр хүрч үзвээс хаалгыг завсартай хаажээ. Тансаг аймшиггүй шууд орохгүй, гадна баахан хүлээтэл дотроос хүзүүндээ эрих зүүсэн нэгэн өвгөн амандаа маань уншсаар гарч ирээд хаалгаа дарсугай гэтэл занлуу их л мэндүүрэн гараа наманчлан дээр дуугаар: “Өвгөн өглөгийн эзэнд ядуу тойн би эндээс наманчилмуй” хэмээсэнд, тэр өвгөн хариу ёсолж өгүүлрүүн: “Тойн чиний ирсэн нь баахан оройтжээ.” Тансаг асууруун: “Оройтов хэмээгч ямар үг буй?” Өвгөн өгүүлрүүн: “Оройтож ирснээр юманд хожимджээ. Эртхэн ирсэн бөгөөс би хуврагуудад өглөг өргөж, цадтал цав бариад цайлгасан амуу гурван шан, цагаан бөс нэг ам, гуулин зоос арав өгдөг бөлгөө, чи яагаад энэ үес сая ирсэн аж?” Тансаг бие бөхийн өгүүлрүүн: “Өвгөн өглөгийн эзэн ээ, ядуу тойн би цавын тул ирсэн бус.” Өвгөн өгүүлрүүн: “Цавын тул бус гэхүл энд юунд ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Би зүүн газрын их Тан улсын хааны зарлигаар баруун газраас ном залаар одогч тойн болой. Энд хүрч иртэл орой болсон тул эрхмийн хэдэн цан хэнгэргийн дуу гарахуйг сонсоод тухайлан нэг шөнийн хоног гуйхаар ирсэн бөлгөө, маргаад тэнгэр гэгээрэхийн хирээр явмуй.” Тэр өвгөн гар сажиж өгүүлрүүн: “Тойн та гэрээс гарсан хүн, бүү худал үг өгүүл, зүүн газрын их Тан улс хэмээгч эндээс таван түм дөрвөн мянгын газар буй, чи энэ мэт ганц биеэр яахан хүрч ирж чадмуй?” Тансаг өгүүлрүүн: “Өвгөн таны үг маш мөн, ганц надад бас гурван шавь буй, тэд уул учирваас зам нээн, ус тохиолдвоос гүүр тавьж, ядуу тойныг харгалзсаар сая энд хүрч ирэв.” Өвгөн өгүүлрүүн: “Шавь нар байх бөгөөд юунд хамт ирэхгүй буй? Дуудаж ир, миний гэрт хонох газар буй.” Тансаг хойш харж: “Шавь нар, энд ир” хэмээн дуудав.


Тэр Бичин угаас зан түргэн, Гахай төрөлх бүдүүлэг, Шороо бас болхи тул гурван хүн багшийн дуудахуйг сонсон, морио хөтлөн, дамжуураа дамнаж юуг ч лавлахгүйгээр хуй салхи мэт дайран орохуйд, тэр өвгөн үзээд их л цочин хөсөр унан мөлхөлхийлэн амандаа дэмий л: “Шулмас ирэв! Шулмас ирэв!” хэмээхүйд Тансаг түшин босгож өгүүлрүүн: “Өглөгийн эзэн бүү айгтун, эд шулмас бус, цөм миний шавь нар болой.” Тэр өвгөн чичрэн дагжиж өгүүлрүүн: “Ийм сайхан лагшин бэлгэтэй багш бөгөөтөл юунд цөм ийм сүрхий хүмүүсийг олж шавь болгосон аж!” Тансаг өгүүлрүүн: “Эдний зүс царай хэдий муухай боловч харин ч луу барсыг номхотгож, буг шулмыг барих чадал буй болой.” Өвгөн итгэн ядаж байвч Тансагийг түшин алгуур оров.


Өгүүлэх нь, тэр сүрхий гурвуул хойноос дагаж ороод, морио уяж дамжуураа тавин, гэр дотор ном уншиж байсан хэдэн хуврагийг үзээд Гахай багш хоншоороо өлийлгөн өндөр дуунаар дуудан: “Тойд та нар, ямар ном уншмуй?” хэмээсэнд, тэдгээр тойд дууг сонсож, гэнэт нүд өргөн:


        Хаалга сөхөн орж ирсэн хүнийг ажваас,
        Хошуу урт чих дэлбэгэр, 
        Бие бүдүүн, бэлхүүс өргөн,
        Бархирах дуу нь аянга мэт.
        Бичин Шороог ажиглан үзвээс
        Байдал дүрс нэн сүрхий
        Танхимд суусан хуврагууд
        Толгойгоо тэврэн үл айх бээр үгүй.
        Цорж лам ном уншсугай хэмээхүл
        Умзад лам од болтугай хэмээв.
        Очир хонхоо орондоо хаян зугатаж, 
        Онгод бурхадаа орхин гээж дутаав.
        Унан тусан өөр өөрийн амийг цөлбөж, 
        Үүдний чухалд алин ч гарч дийлэхгүй.
        Доор доороо дух толгойгоо мөргөлцөж,
        Дахин лавлахуйяа хулын цахлуур ойчсон мэт.
        Ариун цагаан номын хурал нь үзэж атал инээдэм шогоор дүүрчээ.


Энэ гурвуул тэдгээр унан тусан дутаахыг үзээд алга ташин инээлдэхүйд тэд нэнтээ айн, толгой түрүүгээ мөргөлхийлэн тус тус амь гарсугай хэмээн цөм дутаан одов. Тансаг, тэр өвгөнийг тэтгэн гол гэрт орж ирвээс дэн зул цөм үгүй, харин тэр гурвуул хи хи ха ха хэмээн бас инээлдэн баймуй. Тансаг хараан өгүүлрүүн: “Энэ муу амьтан даанч тэнэг манхуу болой! Би та нарыг өглөө бүр сурган өдөр болгон захивч огт сонсохгүй. Эртний үгэнд “Эс сургасаар мэдэх нь богд бус юун! Сургасаар мэдэх нь мэргэн бус юун! Сургавч үл мэдэх нь тэнэг бус юун!” хэмээжээ. Таны энэ мэт хонхолзон самуурах нь үнэхээр туйлын доорд, туйлын мунхагийн зэрэг болмуй! Үүдийг ормогц дээр доорыг мэдэхгүй, өвгөн өглөгийн эзнийг цочоон унагавай, өдгөө бас гүрэм хийх тойдыг айлгаж дутаалгажээ. Хүний гэрийн буяны үйлийг ийнхүү хутган саадхийх нь надад хилэнц болох бус уу?” Тэд айж хариу дуу эс гарав. Тэр өвгөн сая үнэхээр түүний шавь нар мөн ажгуу хэмээн итгээд, яаран тэргүүн эгэж ёслон өгүүлрүүн: “Багш, их хэрэг бус, өнөө сая дэн зул унтрааж тархалцан ном гүрэм хийж дууссан бөлгөө.” Гахай өгүүлрүүн: “Гүрэм төгссөн болбоос төгсгөлийн цав манзаа ацарч манд идүүл, бид идээд унтахуйд сайн.” Тэр өвгөн: “Зул асааж ир!” хэмээсэнд гэрийн хүмүүс гайхалдан өгүүлэлдрүүн: “Гол гэрт ном уншиж төдий чинээ дэн зул байх бөгөөд бас юуны дэн асаа хэмээмүй?” хэмээж хэдэн зарц хүүхэд гарч үзвээс тэнд хав харанхуй байх тул гал бамбар өргөн орж ирээд, гэнэт Гахай Шороо нарыг үзэж гал бамбараа орхин дутааж ороод үүдээ дарж, дотогш: “шулмас ирэв! Шулмас ирэв!” хэмээн бархирав.


Бичин гал бамбарыг нь авч зулыг нь асаагаад, нэгэн исэрийг татан авчирч Тансагийг залан суулгаж, гурвуул доор нь суув. Өвгөн өмнө нь сууж сая хэлэлцэн атал, дотроос бас нэгэн өвгөн таяг тулж гарч ирээд: “Ямар шулмас аж, харангуй шөнө манай буянт гэрийн үүдэнд ирэв?” хэмээсэнд сууж байсан тэр өвгөн яаран угтан босч, ташаалавчийн ард орж өгүүлрүүн: “Ах бүү бархир, шулмас бус, зүүн газрын Тан улсын ном залаар одох архад болой, шавь нарын дүр нь хэдий муухай боловч сэтгэл цөм сайн.” Тэр өвгөн сая таягаа тавьж, дөрвөн хүн лүгээ ёслолцон сууж: “Цав цай ацар” хэмээн хэдэнтээ дуудсанд гэрийн хөвгүүн чичрэн дагжин гарч ирээд айшгүй хөшөөг татахгүй бөлгөө.


Гахай тэсч ядан өгүүлрүүн: “Өвгөн өглөгийн эзэн чиний энэ хүүхэд хоёр этгээдээр явах нь юун?” Өвгөн өгүүлрүүн: “Танд цав цай барихын тул эднийг дуудсан бөлгөө.” Гахай өгүүлрүүн: “Хэдэн хүн эмсэглэн дайлмуй?” Өвгөн өгүүлрүүн: “Найман хүнээр эмсэглүүлсүгэй хэмээмүй.” Гахай өгүүлрүүн: “Энэ найман хүн хэнийг зочилмуй?” Өвгөн өгүүлрүүн: “Таны дөрвүүлийг зочлуулсугай хэмээмүй.” Гахай өгүүлрүүн: “Манай тэр цагаан царайтай багшид нэг хүн болбоос болмуй. Тэр өсгий царайтай багшид хоёр хүн байваас гүйцмүй. Гагц тэр зоот тэнгэрийн царайтад найман хүн ормуй, надад хорин хүн байваас мөн яаралтай болой.” Өвгөн өгүүлрүүн: “Тийм болохул чиний гэдэс баахан их буй за.” Гахай өгүүлрүүн: “Арай бас тооцож болох буй за.” Өвгөн: “Хүн буй! Хүн буй!” хэмээгээд их багатай гуч дөчин хүнийг дуудан ацрав.


Тэр үед өвгөн тойн лугаа зоог хэлэлцэхүйг үзээд олон хүн сая айхгүй болов.Төд нэгэн их ширээ тавин Тансагийг дээр залан суулгаж, хоёр этгээдэд гурван ширээ засаж, тэд гурвуулыг залан суулгаад: “Өмнө этгээдэд нэгэн ширээ тавин хоёр өвгөн сууж, урьдаар жимс боорцог, ногоо жууш оруулж, дараагаар хоол будаа, идээ шөл тэргүүтнийг сайхан жагсаажээ. Тансаг савх өргөн аяган Ядам уншихуйд тэр манхуу нэгд болбоос идэхүйд шунахай, хоёрт их л өлссөн тул юуны Тансагийн аяган Ядам уншиж дуусахыг хүлээх аж, нэг багвар аягатай будааг аманд хөнтрөн оруулан залгиж орхив. Хажууд байсан хүүхэд өгүүлрүүн: “Энэ багш даанч бодлогогүй, боорцгийг өвөрлөхгүй, юунд будааг өвөрлөмүй, дээлийг чинь буртаглахгүй юу?” Гахай инээн: “Би идсэн болой, хэзээ өвөрлөсөн буй.” Хүүхэд өгүүлрүүн: “Ам чинь огт хөдөлсөнгүй бөгөөд яахан даруй идэв хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Та нар юунд дэмий гүтгэмүй! Тов тодорхой идсэн бөгөөтөл идсэнгүй хэмээмүй, би бас идэж танд үзүүлсүгэй” хэмээсэнд тэр хүүхэд бас нэг аяга будаа ацарж өгсөнд, Гахай тосч авсан даруй бас цутган орхив. Тэр хүүхэд өгүүлрүүн: “Багш чиний тэр хоолой үегүй бүдүүн хулсаар хийсэн буюу, үнэхээр торох юмгүй цутгах бүхнийг оруулж завднам!” хэмээлдэв. Тансагийг аяган Ядам уншиж барахын урьд, Гахай хэдийн тав зургаан аяга хөнтөрч орхив. Тансагтан сая хамтаар савх өргөн идэн атал, манхуу өтгөн шингэн, жимс ногоог ялгалгүй цөм дуустал идээд бас: “Будаа нэм! Будаа нэм! Улам байсаар ирэхгүй болов!” хэмээн бархирахуйд Бичин өгүүлрүүн: “Дүү баахан бага ид, тэр уулын хотгорт өлсөн суухаас дээр бус уу, дундуур хээл болбоос болсон болой.” Гахай өгүүлрүүн: “Шинжийг нь үз! Энгийн үгэнд “Өглөгийн цавыг эс цатгаваас, амьдаар булахыг үл хүрмүй” хэмээжээ.” Бичин гэрийн хүний зүг өгүүлрүүн: “Та нар сав саалиа хураатугай, түүнийг бүү хайхрагтун!” хэмээсэнд хоёр өвгөн өгүүлрүүн: “Танаас нуухгүй. Хэрвээ өдөр болбоос энэ мэт их идэх зуун хуврагийг ч цатгаж чадах бөлгөө. Гагц бэлтгэснийг нь урьд ирсэн хүн цөм иджээ. Үлдсэнийг хураагаад төдий нэг дан гурил, таван дэү аму, хэдэн ширээ цагаан идээ жигнэж, хэдэн ойр зэргэлдээн хүмүүсийг залж олон хувраг лугаа идэлцсүгэй хэмээсэн бөлгөө. Санамсаргүй таны хэдүүл ирсэнд олон хувраг цөм дутааж, ойр зэргэлдээн хүмүүсийг бас айшгүй залсангүй, байсан хэвээр цөм гаргаж танд өргөвэй. Эс гүйцсэн болохул дахиж чанасугай.” Гахай өгүүлрүүн: “Дахиж чана! Дахиж чана!” хэмээв.


Хараахан хэлэлцэхийн зуур аяга сав ширээ тэвшийг хураавай. Тансаг цавын тул тал өгөөд, сая өвгөнөөс: “Эрхэм өглөгийн эзний овог юун?” хэмээн асуусанд тэр өвгөн өгүүлрүүн: “Миний овог Чин” хэмээв. Тансаг гараа наманчлан өгүүлрүүн: “Өчүүхэн тойн лугаа харин нэг овог ажгуу.” Өвгөн өгүүлрүүн: “Багш таны овог бас Чин буюу?” Тансаг өгүүлрүүн: “Миний харц гэрийн бас Чин болой. Өнөө сая танай гэрт ямар гүрэм хийлгэсэн буй?” Гахай хажуунаас инээн өгүүлрүүн: “Багш түүнээс асууж юу хиймүй! Үл мэдэх юу буй? Лав тэр “Тариан даллага”, “Мэндийн аврал”, “Үтрэмийн тахилга” зэргээс өөр юу баймуй.” Өвгөн өгүүлрүүн: “Бус, бус.” Тансаг бас асууруун: “Үнэхээр чухам юуны учир уншуулсан ном буй?” Өвгөн өгүүлрүүн: “Үхэхээс өмнө тонилгох ерөөл” уншуулсан бөлгөө.” Гахай элгээ хөштөл инээж өгүүлрүүн: “Өтгөс та үнэхээр увайгүй өгүүлмүй! Бид болбоос худал үгээр хоол хийж, хий үгээр хээл гаргадаг улс болой, чи юунд энэ худал үгээр маныг мэхэлмүй! Хувраг болсон бид нар ном гүрмийг мэдэхгүй буюу? Гагц “Урьдаас ацаглах гүрэм”, “Урьдаас төлөөслөх гүрэм” хэмээгч буй. Хаанаас бас “Үхэхээс өмнө тонилгох ерөөл” байх аж? Танай гэрт үхсэн хүн бас үгүй бөгөөтөл ямар тонилгох ерөөл уншуулмуй?”


Бичин сонсож дотроо баярлан санаруун: “Энэ манхуу бас нэлээд зальтай болжээ” хэмээгээд өгүүлрүүн: “Өтгөс та буруу хэлжээ. Юуны “Үхэхээс өмнө тонилгох ерөөл” хэмээмүй?” Тэр хоёр өвгөн бие мэхийсхийн асууруун: “Та нар ном залаар одох бөгөөд юунд замаар явахгүй миний энд хүрч ирсэн буй?” Бичин өгүүлрүүн: “Бид замаар яван атал, их усанд хашигдаад цан хэнгэргийн дууг сонсож, тухайлан хоног гуйхаар эрэн ирсэн бөлгөө.” Өвгөн өгүүлрүүн: “Та нар усны хөвөөнөөс ирсэн болбоос ямар юм үзэв?” Бич өгүүлрүүн: “Ганц нэгэн хөшөө чулуу байнам, тэр чулууны дээр “Тэнгэр гол” хэмээх үсэг буй. Доор нь “Гатлах олом найман зуун газар, галав тогтсоноос өнгөрөх хүн чухаг” хэмээх бичиг баймуй. Түүнээс өөр юм үгүй.” Өвгөн өгүүлрүүн: “Түүнээс дээш өөдлөн явбаас тэр хөшөө чулуунаас нэг газар хир зайтай нэгэн “Илт үзүүлэгч эзэд”-ийн сүм буй, түүнийг үзэв үү?” Бичин өгүүлрүүн: “Үзсэнгүй, илт үзүүлэгч нь юун? Өтгөс та нар тодорхойлон өгүүлмү!” хоёр өвгөн зэргээр нүдэн нулимсыг унагаж уйлан өчрүүн: “Багш минь, тэр эзэд хэмээгч:


        Нэг оронд илт туслах сүмийг байгуулснаар 
        Мянган газар соёрхол үзүүлэн өтөл иргэдийг ивээмүй.
        Угаамар хурыг он он хангаж 
        Шимт бороог жил жил оруулмуй.


Бичин өгүүлрүүн: “Хур бороо оруулах нь сайн үйл болой, та нар юунд зовних сэтгэл төрмүй?” хоёр өвгөн хөл дэвсэн хэнхдэгээ дэлдэж өгүүлрүүн:


        “Багш минь! Ач аврал нь их боловч
        Аюул зовлон бас буй.
        Хишиг ивээл буй авч
        Хор хөнөөл мөн баймуй.
        Жил бүр хөвгүүн охин нэжгээдийг идэхээс үзвээс 
        Зөв зүгийн гэгээн хувилгаан бус.”


Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн охиныг иддэг буюу?” Өвгөн өгүүлрүүн: “Тийм болой.” Бичин өгүүлрүүн: “Санаваас өдгөө чиний жишээ болсон буй за?” Өвгөн өгүүлрүүн: “Энэ жил миний гэрийн жишээ болов, манай энэ гацаанд зуу илүү өрх буй. Манай энэ газар Харшаар улсын харьяа Юан Хуй сяньд захирагдмуй. Айлын нэрийг Чин жиа Жуан хэмээмүй. Энэ эздийг жил бүр нэгэн удаа таймуй, тайх бүр нэжгээд хөвгүүн охиныг Гахай, хонийн хамт давхалмуй. Тэр идэж орхисон хойно, манай энэ газар нэг жилийн салхи бороог эевэргүү болгож тариа төмсийг төрүүлмүй. Хэрвээ дайхгүй бөгөөс эрхгүй зовлон гамшиг хүртээмүй.” Бичин асууруун: “Эрхмийн гэр хэдэн хүүхэдтэй буй?” Тэр өтгөс өвдгөө дэлдэж өгүүлрүүн: “Хөөрхий! хөөрхий! Юуны хөвгүүн хэмээх буй! Миний нэр Чэн Чэн, миний энэ дүүгийн нэр Чэн Чин, би энэ жил жаран гурван настай, дүү тавин найман настай, цөм үр хүүхэд чухаг, би тавин нас хүртэл хүүхэдгүй, ойр садад намайг ятгаж нэгэн бага эхнэр автугай хэмээхүйд арга бус нэгэн татвар эхнэр авч нэгэн охин төржээ. Энэ жил сая найман настай, нэрийг Таваг-Алт хэмээмүй.” Гахай өгүүлрүүн: “Яаж өгсөн нэр буй? Үнэхээр үнэтэй нэр болой!” Өвгөн өгүүлрүүн: “Гагц үр хүүхэд чухгийн тул гүүр тавин, зам засаж сүм байгуулж суварга босгон, тойн хуврагт цав өргөн өглөг өгч энэ хүүхнийг олсон бөлгөө. Үүнд зарсан гурван лан, түүнд өргөсөн таван лан хэмээсээр, охины төрсөн тэр жил хүртэл яг сайхан гучин жин алт хэрэглэжээ. Гучин ланг нэг таваг хэмээх тул тийнхүү Таваг-Алт хэмээн дууджээ.” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн өргөх нь бас хэн болов?” Өвгөн өгүүлрүүн: “Миний дүүгийн нэгэн хөвгүүн буй, бас ч бага эмээс төржээ. Өдгөө долоон настай, нэрийг Богдын-Аврал хэмээн дуудмуй.” Бичин асууруун: “Юунд ийм нэр өгсөн буй?” Өвгөн өгүүлрүүн: “Гэрт Гуан богдыг тахьдаг бөлгөө, Гуан богдоос гуйж энэ хөвгүүнийг олсон тул тийнхүү Богдын-Аврал хэмээв. Бид ах дүү хоёулын нас нийлэн зуун хорь болж энэ хоёр үрийг олсон бөлгөө. Санамсаргүй манай гэрт жасаа тулж ирсэн тул тайхгүй болбоос болохгүй. Тиймийн тул эцэг үрийн завсаргүй сэтгэлээр хүүхдээ амьд байхуйд дахин сайн төрөл олуулахын тул ерөөл уншуулмуй. Тийнхүү “Үхэхээс өмнө тонилгох ерөөл” хэмээгч энэ болой.”


Тансаг үүнийг сонсоод тэсгэлгүй, нүднээсээ нулимс унаган өгүүлрүүн: “Энэ төв хэмээн эртний хүний өгүүлсэн “Гачигдалтай хүнд гарз тохион, ганц хөвгүүнтэй хүнийг тэнгэр хөнөөмүй” хэмээгч нь энэ болой.” Бичин өгүүлрүүн: “Танай аж төрөх чинь ямар буй?” Өвгөн өгүүлрүүн: “Амьдрал харин аргацаасхийн болмуй. Усан тариа дөрөв, таван зуун мо, хуурайн тариа зургаа долоон зуун мо, бэлчээр хадлан ная ерэн хэсэг буй. Үхэр хоёр гурван зуу, адуу хорь гуч, Гахай, хонь, тахиа, галуу аль олон. Гэрт идэж барахгүй илүүц аму, өмсөж барахгүй хувцас хунар буй. Гэрийн эд хөрөнгө мөн ч элбэг дэлбэг бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Чиний эдгээр эд хөрөнгө мөн ч чиний харамлан гамнасан нь болой.” Өвгөн өгүүлрүүн: “Намайг яахан харамлав хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Нэгэнтэйеэ ийм баялаг бөгөөд яахан сэтгэл төвдөж төрсөн хүүхдээ давхалж үхүүлэхүйд хүрүүлмүй? Тавин лан мөнгө гаргаваас нэгэн хөвгүүн худалдан авч болмуй. Зуун лан мөнгө гаргаваас нэгэн охин худалдан авч болмуй. Элдэв зардал шийтгэлтэй бодоод хоёр зуун лангаас хэтрэхгүй. Түүнээр орлон давхуулан өөрийн үр үндэс охин хөвгүүнээ зольж авбаас сайнгүй юу?” Хоёр өвгөн уйлан өгүүлрүүн: “Багш та үл мэдмүй. Тэр эзэд маш гайхамшиг сонортой бөгөөд манай гэрт үргэлж ирж явмуй.” Бичин өгүүлрүүн: “Тэр ирж явахуйд та нар түүний дүр байдлыг үзсэн буй за, хэдий өндөр биетэй буй?” Хоёр өвгөн өгүүлрүүн: “Түүний дүрийг үзсэнгүй, төд нэгэн зэрэг сайхан үнэрт салхи гарваас даруй эздийн ирснийг мэдэж, багц багцаар хүж шатаан, хөгшин залуу салхийг бараалан мөргөмүй. Тэр манай гэрийн их бага аливаа явдлаас тэргүүлэн, хөгшин залуу хүүхэд нялхын төрсөн он, сар, өдөр, цагт хүртэл цөм цээжилжээ. Тийнхүү чиний төрсөн охин хөвгүүнээс бус болбоос тэр зооглохгүй. Тийнхүү тийм яг нэгэн адил зүстэй бөгөөд төрсөн өдөр цаг адил хүүхдийг хоёр гурван зуун лан байтугай, хэдэн түмэн лангаа баравч хаанаас олмуй.”


Бичин өгүүлрүүн: “Үзвээс ийм ажгуу, болтугай, болтугай чи хүүхдээ ацар, би үзсүгэй.” Өвгөн яаран дотор орж, хөвгүүнээ тэврэн ацарж дэнгийн доор тавьсанд, тэр нялх хөвгүүн юуны үхэхээ мэдэх аж, гарт жимс барьж, дэвхцэн харайлан наадаж байхуйд, Бичин сэмээр тарни уншин биеэ тэр Богдын-Аврал лугаа ав адил болгон хувилгаж, тэр хүүхэд лүгээ хоёул гар гараа атган, дэнгийн доор авалцан наадахуйд тэр өвгөн их л цочиж доош сөгдвэй. Тансаг өгүүлрүүн: “Өтгөс, осолдлоо! осолдлоо!” хэмээхүйд өвгөн өгүүлрүүн: “Энэ багш сая хэлэлцэж атал, юунд гэнэт миний хөвгүүн лүгээ нэгэн адил болоод, нэрлэн дуудваас хамт өчин хамт ирмүй! Зүгээр миний буяныг бууруулмуй! Багш уг биеэр болох ажааму! хэмээсэнд Бичин сая нүүрээ нэгэнтээ илж мөн биеэр болов. Тэр өвгөн дэргэд ирж сөгдөн өгүүлрүүн: “Багш угаас ийм чадал буй ажгуу.” Бичин инээн өгүүлрүүн: “Хувилсан нь чиний хөвгүүн лүгээ адил буюу?” Өвгөн өгүүлрүүн: “Адил! Адил! Эгээ адил! Зүс царай, үг дуу, өмссөн дээл, өндөр богино цөм огоот адил.” Бичин өгүүлрүүн: “Чи бас сайхан үзсэнгүй болой. Хэрвээ жинлүүрээр жинлэж үзсэн болохул хүнд хөнгөн нь цөм адил болой.” Өвгөн өгүүлрүүн: “Мөн, мөн! Нэгэн адил.” Бичин өгүүлрүүн: “Энэ мэт болбоос түүнд давхлаж болмуй уу?” Өвгөн өгүүлрүүн: “Маш сайн! Тайж болмуй!” хэмээв.


Бичин өгүүлрүүн: “Би өдгөө танай гал голомт үр үндсийг залгуулахын тул би эчиж чиний хөвгүүний төлөө тэр эздийг тайсугай” хэмээсэнд тэр Чэн Чэн өвгөн сөгдөж мөргөн өгүүлрүүн: “Багш үнэхээр өршөөж миний хөвгүүнийг орлон одох болбоос, би мянган лан мөнгө гаргаж Тансаг их багшид замын хүнс барьсугай.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн чи харин өвгөн Сүн надад талархахгүй буй?” өвгөн өгүүлрүүн: “Чи нэгэнтээ орлон давхалдваас хэдийн үгүй болох болой.” Бич өгүүлрүүн: “Би юунд үгүй болмуй?” өвгөн өгүүлрүүн: “Тэр чамайг идэх болой.” Бичин өгүүлрүүн: “Тэр аймшиггүй намайг идэх буюу?” өвгөн өгүүлрүүн: “Тэр чамайг шинхэг хэмээн үл идэх болчих хэмээмүй юү?” Бичин инээн өгүүлрүүн: “Хувь заяа мэдмүй. Тэр намайг идвээс миний насан хутаг охорын хараагаар би үхмүй за, хэрвээ эс идвээс миний буян болой. Би чиний төлөө давхалдахаар одсугай” хэмээв.


Тэр Чэн Чин өвгөн мөргөж тал өгөөд, бас таван зуун лан мөнгө барьсугай хэмээн амлавай. Гагцхүү тэр Чэн Чэн мөргөх ч үгүй, талархах ч үгүй, далдавчийг түшин уйлахаас өөр үг дуугүйд, Бич санааг ухаад өвгөнийг татаж өгүүлрүүн: “Чи надад барьцаа амлахгүй, тал өгөхгүй нь лав охиноосоо салан төвдөхгүй байх бус уу?” хэмээхүйд тэр Чэн Чэн өвгөн сая сөгдөж өгүүлрүүн: “Би үнэндээ охиноо тэвчин ядмуй. Тийн хэмээн хэрхсү миний ач хөвгүүнийг гаргаваас энэ нь баршгүй хишиг болой, хөгшин надаас хөвгүүнгүй, ганц энэ нэгэн охин, даруй намайг үхсэний хойно боловч тэр бас бэлэвсрэл гүйцэтгэн уйлах болой, би яахан тэвчиж төвдмүй!” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос чи хурдан таван дэү амуy сайн будаа чанаж, цагаан цав бэлтгэж, тэр урт хошуут багшдаа идүүл. Түүнийг чиний охиныг орлон хувилгаж, бид хоёул одож тайсугай. Бид далдын буян үйлдэж танай хөвгүүн охины амийг аварсугай хэмээмүй, ийн болбоос ямар?” хэмээсэнд Гахай их л цочиж өгүүлрүүн: “Ах чи эрдмээ гаргахын тул миний үхэх сэхэхийг бодохгүй, даруй намайг чирмүй.” Бич өгүүлрүүн: “Эртний үгэнд “Амьтан боловч ачгүй идшийг үл идмүй” хэмээжээ. Чи бид ирмэгц цавыг нь цадтал идээд, чи бас цадсангүй хэмээн цуугимуй, хүнийг зовлонгоос тэнхрүүлсүгэй хэмээхүл чи юунд үл болмуй?” Гахай өгүүлрүүн: “Хөвгүүд охид хувилахыг би чадахгүй.” Бичин өгүүлрүүн: “Чамд бас гучин зургаан зүйлийн хувилгаан увидас буй атал, юунд чадахгүй хэмээмүй?” Тансаг дуудан өгүүлрүүн: “Ү Нэн, чиний ахын үг маш зөв, маш зүй. “Нэгэн хүний амийг аварваас долоон үетэй суварга бүтээснээс илүү” болой. Нэгд хүний зочлон хүндэлсэн ачийг хариул, хоёрт энэ буяны үйлийг үйлдвээс зохих болой. Тэр ч байтугай, энэ сэрүүн шөнө учиргүй тул ах лугаа нэгэнтээ зоог хийвч юун буй!” хэмээхүйд Гахай өгүүлрүүн: “Багшийн үгийг үзэхгүй юу! Би ганц уулнаас хад, мод чулуу, заан, үхэр, тарган хүн хувилж чадахаас бус бяцхан хүүхэд хувилж чадахгүй.” Бичин өгүүлрүүн: “Та нар үүний үгийг бүү итгэ, охиноо ацар, үзсүгэй.” Чэн Чэнн яаран дотогш орж тэр Таваг-Алт охиноо тэврэн гаргаж, гэр хотлоо эхнэр, татвар, их бага, хөгшин залуу цөм ирж хүүхдийн амийг аврахыг сөгдөн мөргөж гуйв. Тэр охин тэргүүндээ тана сувдын унжлагатай хас татуур татаж, биедээ улаан торгон дээл өмсөж, дээгүүрээ ногоон торгон нөмрөг нөмөрч, дундуураа улаан хуартай дурдан хормойвч бүслээд, доогуураа хоргой өвдөгч өмсөж, хөлдөө торгомсог шаахай дүрж, гарт жимс барьж идсээр баймуй. Бичин өгүүлрүүн: “Гахай, даруй энэ охин буй за. Чи түргэн үүний мэтээр хувил, бид тайхаар одсугай.” Гахай өгүүлрүүн: “Ах минь, би хэрхэн ийм говор гувай хувилж чадмуй?” Бичин өгүүлрүүн: “Хурдан хувил! Шийдэм санаж баймуй юу?” Гахай их л гэлмэж өгүүлрүүн: “Ах бүү цохь, би хувилж үзсүгэй.”


Тэр манхуу тарни уншин тэргүүнээ хэдэнтээ сэжиж “Хувил!” хэмээн дуудаж хувилсан нь нүүр толгой хэдий тэр охин лүгээ адилавтар боловч, гэдэс нь цүрдийгээд даанч үзэмжгүй болжээ.” Бичин инээн: “Дахин хувил!” хэмээхүйд Гахай өгүүлрүүн: “Чи занчваас занч! хувилж чадахгүйг яамуй?” Бичин өгүүлрүүн: “Охины толгой, тойны бие, эр ч бус, эм ч бус, үүнээр хэрхэн болмуй? Чи ган одыг гишгэгтүн” хэмээгээд тарни уншин нэгэнтээ үлээсэнд үнэхээр даруй тэр охин лүгээ ав адил болов. Бичин тэр өвгөнд захиран: “Та нар хүүхдээ аваачиж нуугтун, бүү эндүүр, баахан байсхийвээс миний тэр дүү залхууран залирхаж бас даган орвоос харин хутгалдаж танихгүй болмуй. Чи хүүхдэдээ сайн жимс бариулж битгий уйлуулан бархируул, тэр эздэд сэрэгдэх болуузай, бид хоёул наадахаар одмуй” хэмээв.


Тэндээс Бичин багш, Шороод чи багшийг сайтар хамгаалж суу хэмээн сургаад, өөрөө Богдын-Аврал хувилан, Гахайгаар Таваг алт хувилгаан дагуулж одохуйдаа бас асууруун: “Таны давхлах ёс ямар буй? Хүлж аваачих буюу, чанаж хүргэх буюу, өвчиж мөчлөөд аваачих буюу?” Гахай өгүүлрүүн: “Ах чи намайг бүү шогло, надад тийм эрдэм үгүй.” Өвгөн өгүүлрүүн: “Төдий чинээ яршиггүй, ганц хоёр их улаан тэвшид та хоёрыг суулгаж, урт ширээн дээр тавин, хоёр залуусаар дамнуулж сүмд аваачваас барах болой.” Бичин өгүүлрүүн: “Сайн! Сайн! Тийм бөгөөс тэвшээ ацар, бид үзсүгэй.” Тэр өвгөн хоёр уулан тэвш ацарвай. Бичин Гахай хоёул гарч суугаад, дөрвөн хүнээр дамнуулж, хүрээн дунд хойш урагш нэгэн зэрэг явуулан үзээд танхимд эгүүлж тавьсанд, Бичин баярлан өгүүлрүүн: “Гахай аа, энэ мэт явуулж наадах нь бид бас Тавагийн тойд болсон болой.” Гахай өгүүлрүүн: “Нааш цааш гэгээртэл дэмий явавч би айхгүй, гагц сүмд аваачсан хойно идүүлмүй хэмээгч тэр хэрэг наадам бус болой!” Бичин өгүүлрүүн: “Чи намайг үзэж явагтун, намайг барьж идэх цагт дутааваас барав за.” Гахай өгүүлрүүн: “Тэр цагт бидний хэнийг урьдаар идэхийг хэрхэж мэдмүй? Хөвгүүний урьдаар идсүгэй хэмээвээс би дутааж болмуй.” Гахай өгүүлрүүн: “Тэр цагт бидний хэнийг урьдаар идэхийг хэрхэж мэдмүй. Хөвгүүнийг урьдаар идсүгэй хэмээвээс би дутааж болмуй. Охиныг урьдаар идвээс би яасу?” Өвгөн өгүүлрүүн: “Урьд зориг цөстэй хүн сүмийн дотор нууж үзэхүйд, урьдаар хөвгүүнийг идээд, хойно охиныг иддэг хэмээмүй.” Гахай сонсоод: “Сайн! Сайн! хэмээн хэлэлцэн байтал, гадна олон хүн үймэлдэж хэнгэрэг харанга дэлдэн дэн зул гэрэлтүүлэн өмнө үүдийг нээж дуудруун: ” Чэн Чэн хурдан хөвгүүн охиноо дамнаж гарга, хэмээсэнд төр өвгөн уйлсаар дөрвөн залуусаар хоёр хүүхдийг дамнуулж гаргав. Тэр хоёрын амь хааш болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.22.76)
    Баруунш гэж үг монгол хэлэнд лав байхгүй дээ!!! Барун тийш, Баруун зүгт, Баруун руу г.м. байж болох л юм.
    2017 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 7 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 55 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 23 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 27 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 10 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 43 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 46 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 47 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 21 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 30 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 40 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 25 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 19 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 43 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 44 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 59 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК