зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


ЕСӨН ЕСИЙН ТОО ГҮЙЦЭЖ ШУЛАМ УСТАЖ БАРАВ

ГУРВАН ГУРВЫН ЯВДАЛ ТӨГСӨЖ ЁСНЫ ҮНДСЭНД ОРОВ

 

Найман Очирваань, Тансагийг улсад нь хүргэхээр одсоныг түр өгүүлэхгүй. Тэр гуравдугаар үүдэнд байсан таван этгээдийн кирди, дөрвөн цагийн эзлэгч, зургаан улаагчин зургаан хөх номын хамгаалагч Чойжин нар урагш одож Хомсим Бодисадвад ёслон айлтгаруун: “Шавь бид Бодисадвагийн зарлигийг хүлээж богд тойныг далдаар хамгаалсаар ирэв. Өдгөө богд тойны үйл гүйцсэнд Бодисадва Шигэмунийн зарлигийг эгүүлэв. Бид бас Бодисадвагийн зарлигийг эгүүлсүгэй хэмээмүй.” Бодисадва бас их л баясаж: “Эгүүлтүгэй, эгүүлтүгэй” хэмээгээд бас асууруун: “Тансаг багш шавь дөрвүүл энэ нэг замд сэтгэл нь ямар буй?” Олон эрхтэн өчрүүн: “Үнэхээр үнэнч шударга, Тансагийн замд амссан зовлон нь олон, бид цөм тэмдэглэж ирэв. Энэ даруй түүний замд зовлон үзсэнийг тэмдэглэсэн дэвтэр.”

 

Бодисадва тэр дэвтрийг авч эхнээс нь нэгэн зэрэг үзвээс, түүнд бичсэн нь:

 

“Зарлигийг хүлээсэн эрхтэн хойш мэдүүлэхийн тул Тансагийн зовлонгийн тоог хичээнгүйлэн тэмдэглэсэн нь:

 

Алтан тарцын цөлөгдсөн нэгдүгээр зовлон, хэвлийгээс унаваас хядсугай хэмээсэн хоёрдугаар зовлон, сар дүүрээд мөрнөө орхисон гуравдугаар зовлон, эхээ эрж өшөөгөө авсан дөрөвдүгээр зовлон, хотоос гармагц барсад учирсан тавдугаар зовлон, дагагсад идэгдэж аюулт өлд унасан зургадугаар зовлон, Ац давааг гарсан долдугаар зовлон, Хязгаар уулыг давсан наймдугаар зовлон, Асга завд морь халсан есдүгээр зовлон, шөнийн галд түлэгдсэн аравдугаар зовлон, карша намжраа алдсан арван нэгдүгээр зовлон, Гахайг хураамжилсан арван хоёрдугаар зовлон, Шар салхит шуламд хоригдсон арван гуравдугаар зовлон, Арьяарид Бодисадваг залж буулгасан арван дөрөвдүгээр зовлон, Шороо гол хашигдсан арван тавдугаар зовлон, Шороог оруулсан арван зургадугаар зовлон, дөрвөн богд илрэн хувирсан арван долдугаар зовлон, Таван сүлдэт сүмд орхоодой хулгайлсан арван наймдугаар зовлон, орхоодой модыг унагасан арван есдүгээр зовлон, сэтгэлийн Бичинийг үлдсэн хорьдугаар зовлон, цэлгэр нарсан ойд сарнисан хорин нэгдүгээр зовлон, Эрдэнэ заант улсад бичиг хүргэсэн хорин хоёрдугаар зовлон, Алтан харшид барс хувилсан хорин гуравдугаар зовлон, Бартаат Дэвсэг ууланд шулам тохиолдсон хорин дөрөвдүгээр зовлон, Бадам лянхуа агуйд дүүжлэгдсэн хорин тавдугаар зовлон, Удишар улсын эзнийг тэнхрүүлсэн хорин зургадугаар зовлон, шулмын увидаст бие хувилсан хорин долдугаар зовлон, Тэмдэгт уулнаа шуламд учирсан хорин наймдугаар зовлон, салхинд хийсэгдсэн хорин есдүгээр зовлон, сэтгэлийн Бичин хор амссан гучдугаар зовлон, Богдыг залж шулмыг дарсан гучин нэгдүгээр зовлон, Хар уст голд живсэн гучин хоёрдугаар зовлон, Харшаар улсын тээгчдэд учирсан гучин гуравдугаар зовлон, мөрий тавин увидас шалгасан гучин дөрөвдүгээр зовлон, Бумбыг ухруулан тойныг мандуулсан гучин тавдугаар зовлон, хөлгүй ус хөндөлдсөн гучин зургадугаар зовлон, тэнгэр голд унасан гучин долдугаар зовлон, загасан сэвэгт бие илэрсэн гучин наймдугаар зовлон, Алтан дуулгат ууланд шулам таарсан гучин есдүгээр зовлон, хамаг тэнгэрс эс дийлсэн дөчдүгээр зовлон, бурхныг эрэн язгуурыг сурсан дөчин нэгдүгээр зовлон, ус уун хордсон дөчин хоёрдугаар зовлон, Кис Курганы охин улсад богтлох хэмээсэн дөчин гуравдугаар зовлон, Бива агуйд амссан дөчин дөрөвдүгээр зовлон, сэтгэлийн Бичинийг хоёронтоо үлдсэн дөчин тавдугаар зовлон, хөгшмөл Бичинийг ялгаж эс чадсан дөчин зургадугаар зовлон, Гал уулнаа зам хаагдсан дөчин долдугаар зовлон, гадил дэвүүр гуйсан дөчин наймдугаар зовлон, үхэр ванг дарсан дөчин есдүгээр зовлон, Кашкар улсад суварга шүүрдсэн тавьдугаар зовлон, эрдэнийг олж тойдыг аварсан тавин нэгдүгээр зовлон, Шидэт модон сүмд шүлэг өгүүлсэн тавин хоёрдугаар зовлон, хуурмаг Гандарагүд тохиолдсон тавин гуравдугаар зовлон, олон эрхтэн хоригдсон тавин дөрөвдүгээр зовлон, Шавдал хавцалд хашигдсан тавин тавдугаар зовлон, Зүч улсад эмчилсэн тавин зургадугаар зовлон, хагацлын гэмийг зассан тавин долдугаар зовлон, шулмыг дарж хатныг гаргасан тавин наймдугаар зовлон, долоон нисванис бодь үндсийг төөрүүлсэн тавин есдүгээр зовлон, олон нүдэт шарагдуулсан жардугаар зовлон, Арслант уулнаа зам хаагдсан жаран нэгдүгээр зовлон, шулам гурван өнгийг хуваасан жаран хоёрдугаар зовлон, хот дотор гамшиг болсон жаран гуравдугаар зовлон, бурхныг залж шулмыг хураалгасан жаран дөрөвдүгээр зовлон, Аяг тахимлиг улсад хүүхдийг аварсан жаран тавдугаар зовлон, үнэн шулмыг үзэж таньсан жаран зургадугаар зовлон, нарсан ойд шулмыг аварсан жаран долдугаар зовлон, Далай тогтоогч сүмд өвдсөн жаран наймдугаар зовлон, өрх агуйд хоригдсон жаран есдүгээр зовлон, Ном сөнөөгч  улсад бэрхэдсэн далдугаар зовлон, Будант уулнаа шуламд учирсан далан нэгдүгээр зовлон, Гарьд мужид бороон гуйсан далан хоёрдугаар зовлон, зэвсгээ гээсэн далан гуравдугаар зовлон, араат малтуурын чуулган хийсэн далан дөрөвдүгээр зовлон, Хулсан үет уулнаа тохиолдсон далан тавдугаар зовлон, Хар сүрт агуйд амссан далан зургадугаар зовлон, хирсийг нэхэж барьсан далан долдугаар зовлон, Энэтхэг гүнжийн бөмбөгнөө оногдсон далан наймдугаар зовлон, Тун Дай Фугийн гянданд орсон далан есдүгээр зовлон, Огторгуй нэвтлэгч оломд бие халсан наядугаар зовлон, арван түм найман мянганы газрын урт замд Богд тойны амссан зовлонгийн илтгэл энэ буюу” хэмээжээ.

 

Бодисадва тэр зовлон үзсэн тэмдэглэлийг нэгэнтээ шувтран уншаад яаран ийн захируун: “Бурхны үүдэнд “Ес есийн тоо гүйцвээс сая бүтмүй. Богд тойн наян зовлонг өнгөрүүлжээ. Өдгөө бас нэгэн зовлон дутаж энэ тоонд гүйцээгүй баймуй” хэмээгээд даруй кирдийг дуудан: “Чи Очирваанийг хурдан нэхэн одож бас нэгэн зовлонд учруул хэмээн хэл” хэмээсэнд, кирди даруй зарлигийг авч үүл хөлөглөн зүүнш нэхэн нэгэн шөнө нэгэн өдөр явж гүйцэн ирж, Очирваань нарт: “Ийм тиймээр үйлдэж Бодисадвагийн зарлигийг гүйцэтгэ, битгий осолд хэмээн сэмээр өгүүлсэнд Очирваань мөн хэмээгээд тэр даруйд үүлийг дарснаа тэд дөрвүүл морь номтойгоо хамт газарт бууж ирэв.

 

Аяа! Энэ төв хэмээн:

 

Үнэн мөрийг олох ёсонд ес есийн бэрх буй, үнэн сүсэг байваас үүнийг заавал тэвчиж чадмуй. Хатуу сэтгэлийг бариваас хамаг ад халдашгүй, хатуужин сайтар бясалгаваас бодь мөрийг заавал олмуй. Бурхны номыг сул хөнгөнөөр басаж бүү үз, Богд тойн зовлонг тоогүй олон амсав. Этгээд сургаал эчнээ хамтагч эртнээс дүрэм буй, үс хялгасны эмзэг байваас үрэл хэрхэн бүтмүй.

 

Тансаг газар дээр бууж цочин байхад, Гахай хадганан инээж өгүүлрүүн: “Сайн! Сайн! Хурдан явсугай хэмээгээд харин удаан болов.” Шороо өгүүлрүүн: “Сайн! Сайн! Бид өнгөрүү түргэн явсан тул энд баахан амартугай хэмээх буй за.” Бичин өгүүлрүүн: “Энгийн үгэнд: “Есөн олмыг нэгэн өдөр яваад, арван өдөр нэгэн оломд хономуй” хэмээжээ.” Тансаг өгүүлрүүн: “Та олон таван үг хэлэх хэрэггүй, энэ чухам ямар газар болохыг таньж ав.” Шороо нэгэн зэрэг үзээд өгүүлрүүн: “Мөн болой! Мөн болой! Багш чи усны дууг чагна.” Бичин өгүүлрүүн: “Усны чимээ сонстох нь чиний уг нутаг буй за.” Гахай өгүүлрүүн: “Түүний уг нутаг болбоос Шороо гол болой.” Шороо өгүүлрүүн: “Бус, бус. Энэ тэнгэр гол бус буюу.” Тансаг өгүүлрүүн: “Шавь нар минь, сайхан үз, аль эрэгт буусан болов.” Бичин огторгуйд дэвхлэн гарч гараар саравчлан үзээд бууж ирэн өгүүлрүүн: “Багш, бид тэнгэр голын баруун эрэг дээр буужээ.” Тансаг өгүүлрүүн: “Энэ, би санаж олов, энэ голын зүүн эрэгт Чэн өвгөний гэр буй. Тэр жил бид тэнд буугаад чи түүний хөвгүүн охины амийг аварснаар ач хариулсу хэмээн онгоц үйлдэж үдсүгэй хэмээтэл цагаан юан мэлхий биднийг ачиж гэтэлгэсэн бөлгөө. Миний цээжилсэн нь энэ голын баруун эрэгт хүн амьтангүй бөлгөө, өдгөө хэрхвээс сайн?” Гахай өгүүлрүүн: “Би ертөнцийн хүн л гэм хийх хэмээн саналаа, үзвээс бурхны гар доорх дөрвөн Очирваань бас гэм хийх ажгуу. Бурхны нүүр дээр биднийг зүүн газар хүргэх зарлигийг нь хүлээж аваад өдгөө тэд орхиж одов. Яаваас сайн?” Шороо өгүүлрүүн: “Хоёрдугаар ах бүү гасал, манай багш нэгэнтээ ёсыг олоод урьд тэр Огторгуй нэвтлэгч оломд бие халсан тул энэ удаа лав усанд үл унамуй. Бид гурвуул увидас үүсгэн багшийг хийсгэн аваачсугай.” Бичин мар мар инээж: “Үл болох!” хэмээв. Чухам хувилгаан ридийг үүсгэвээс нэгэн голыг байтугай мянган голыг ч гарч чадах атал, Бичин юунд үл болох хэмээмүй. Тансагийн ес есөн зовлон нь гүйцээгүй болоод бас нэгэн зовлонг энд амсуулах хэмээн ийн торгосныг Бичин хэдийнээ илт мэдсэн тул тийн өгүүлжээ.

 

Багш шавь дөрвүүл хараахан ийн хэлэлцсээр голын хөвөөнд хүрвээс гэнэт: “Богд тойн! Богд тойн! Нааш ир! Нааш ир!” хэмээн нэгэн хүний дуудах дуун сонстмуй. Дөрвүүл хирдхийн харваас дөрвөн этгээд хүнгүй, онгоц сал бас үгүй, үзвээс тэр эргийн доор нэгэн их цагаан юан мэлхий толгойгоо цухуйлган: “Багштаныг би хэдэн жил хүлээв, энэ өдөр сая хүрч ирэв үү?” хэмээн бархирмуй. Бичин инээн өгүүлрүүн: “Юан гуай, тэр жил чамайг зовоосон бөлгөө, өдгөө бас олж учрав.” Тансаг, Гахай, Шороотон бас цөм тэсгэлгүй баярланам бөлгөө. Бичин: “Хөгшин мэлхий. Чи үнэхээр биднийг угтах санаа буй болбоос хөвөөн дээр гарч ир” хэмээсэнд, тэр мэлхий үнэхээр ухасхийн уснаас гарч ирэв. Бичин морио тэр мэлхийн нуруун дээр гаргасны хойно Тансаг Шороо хоёулыг морины зүүн баруун талд зогсоож, Гахайг хойно болгож нэгэн хөлөөрөө мэлхийн хүзүүн дээр гишгэн нөгөө хөлөөр мэлхийн толгой дээр гишгэж: “Хөгшин мэлхий, лавдуун явагтун” хэмээсэнд, тэр хөгшин мэлхий даруй дөрвөн хөлөө жийж төвшин газар явах мэтээр усан дээгүүр багш шавь хөлөг морьтой тавуулыг нуруундаа ачиж, зүүн эрэг өөд явав. Энэ үнэхээр:

 

Хоёргүй нэгэн сургаалд нууц увидас гүн, хамаг адыг нядлан дарваас хүн тэнгэрийг ухмуй. Хуучин үеийн нүүр зүс өдгөө сая илрэн, хувилгаан Егүзэрийн уг үндэс анх олж бүрдэв. Гурван хөлгөнийг шүтэн магадалсаар эрх чөлөөтэй зорчиж, есөнтөө боловсруулсаг үрэл бүтээгээд өөрийн зоригоор эргэлдмүй. Амьтай дамнан дулдуй чирснийг цөм бүү дурд, алсхийн баярлах нь анхны мэлхий өдгөө дахин учирчээ.

 

Хөгшин Юан мэлхий тэднийг ачиж долгионыг гишгэн давалгаанд дэгдэж хагас өдөр илүү яваад наран шингэхийн урьд зүүн эрэгт ойртон ирэв. Хөгшин мэлхий гэнэт ийн асууруун: “Тэр жил би багшаас гуйсан нь, бурханд золгосон хойно, миний эцсийн явдал юу болох, насан хэмжээ хэдий байхыг бурхнаас асуу хэмээсэн бөлгөө, өдгөө асуусан буюу?” Үзвээс тэр багш баруун орны хас үзшилд бие ариутган, Огторгуй нэвтлэгч оломд бие халснаас явганаар Гандарагүд ууланд гарч нэгэн сэтгэлээр бурхан Бодисадвад мөргөж ном залахаа сэтгэсээр өөр хэргийг огт ойшоосонгүй, тийнхүү хөгшин мэлхийн аврал ирэхийг нэг мөсөн умартаад эс асуусан тул өчих үггүй болжээ. Төдий бас айшгүй худал хэлж чадахгүй удтал бодлого болон дуун эс гарсанд, тэр Юан мэлхий хэдийн түүний эс асуусныг мэдээд, нуруугаа нэгэнтээ шилгээмэгц тэд дөрвүүлийг морьтой номтой цөм усан дотор орхив. Аяа! Мундаан Тансаг бас ёсыг олж яс мах халсандаа болжээ. Хэрвээ урьдын адил байсан бөгөөс энэ удаа хэдийнээ усны ёроолын зочин болжээ. Завшаанаар цагаан морь, Гахай Шороо цөм ус чадах тул, Бичин багш хувилгаан шидийг хэрэглэн Тансагийг авч зүүн эрэгт гаргав. Гагцхүү баглаатай судар, боодолтой хувцас, эмээл тохом цөм норжээ.

 

Багш шавь дөрвүүл сая эрэг дээр гараад судраа тиглэн атал гэнэт бас нэгэн зэрэг  догшин салхи салхилмагц тэнгэр бүдгэрч аянга нижигнэн цахилгаан цахилж чулуу дэгдэн шороо хийсэв. Гагц үзвээс:

 

Салхины хүчинд сав дэлхий долгисож, аянгын дуунд уул мөрөн дайвалзмуй. Нижигнэн цахилах цахилгаан гал хар үүлийг зүсэж, надайн буусан будан манан түмэн бодисыг залгив. Агаарын салхи шуугин аянгын дуун догшров. Улаан гал солонгорон цахилж, униар хүдэн одон мичдийг халхлав. Салхинаа боссоноо хумаг шороо нүүр царайг эсгэж, аянганд цочсон барс, ирвэс сүүл толгойгоо нуув.  Цахилгаанаас айсан жигүүртэн шувууд сонин дуугаар донгодож, хүдэнд залгигдсан хонгорцогт модон бараагүй болов. Салхинд үлээгдсэн тэнгэр голын улаан давалгаан босож, аянганд долгиссон тэнгэр голын загас өлөөс гарав. Цахилгаанд туссан тэнгэр гол ёроолд нь харагдаж, мананд бүрхэгдсэн тэнгэр голын ирмэг нь балрав. Хэцүү салхин! Уул нуран, хад хагаран, нарс майлс унав. Хэцүү аянга! Ичигсдийг хөдөлгөн өвчтөнийг хөндөх сүр хүчин аюултай. Хэцүү цахилгаан! Огторгуйд хорт могойн хэл гулбалзсан мэт. Хэцүү хүдэн! Огторгуйг бүрхэн есөн тэнгэрийг халхалжээ.

 

Тансаг сандран номын боодлыг дарж, Шороо дамжууртай номоо барьж, Гахай морио хөтөлж, Бичин шийдэм эргүүлэн гадуур хамгаалав. Үзвээс тэр салхи, манан, аянга, цахилгаан хэмээгч цөм албин чөтгөрүүд түүний номыг булаасугай хэмээсэн ажгуу. Төдий нэгэн шөнө үймүүлээд тэнгэр гэгээрсэн хойно сая намжив. Тансаг хөлс асгарч чичрэн өгүүлрүүн: “Ү Күн, энэ ямар учир болов?” Бичин сүйлхийлэн өгүүлрүүн: “Багш, чи үүний нарийн учрыг мэдэхгүй. Бид чамайг хамгаалан энэ номыг залж олсон нь, нэгэнтээ тэнгэр газрыг үйлдэн бүтээсэн чадлаас хэтэрч, орчлон дэлхий лүгээ хамт оршин наран саран лугаа адил гэрэлтэн, өлзий хутаг үүрд мөнхөрч, номын бие егүүтгэшгүй болсон тул, тийнхүү тэнгэр газар эгдүүрэн, асар сахиулсан атаарч, далдуур булаахаар ирсэн нь энэ болой. Нэгэнд болбоос энэ судар цөм норжээ, жичид болбоос багш чиний номын биеэр дарсан тул аянга үл дайрч, цахилгаан үл галдах, манан үл төөрүүлэх, өвгөн Сүн би бас төмөр шийдэм эргүүлэн үнэн аргаар хамгаалсан тул гэмгүй болов. Өдгөө тэнгэр гэгээрч аргын уур дээш мандсан тул булааж чадахгүй болжээ” хэмээв.

 

Тансаг Гахай Шороотон үүнийг сая ухав. Удсангүй, наран мандсаны хойно, номоо шилжүүлэн өндөр эргийн дээр аваачиж алдраан дэлгээд наранд эгшээн хатаав. Өдгөө болтол тэр газар ном дэлгэн хатаасан чулуун бас буй болой. Тэд бас дээл хувцсаа тайлан хадны ээвэр дэлгэн тавиад, маш хөөрөлдөв. Энэ үнэхээр:

 

Нэгэн бие үнэн арга наранд ээж баясахуйяа, нүгэлт шулам айшгүй үл халдмуй. Уснаа норсон үнэн ном нэн чамбай болохуйяа, униар хүдэн салхи цахилгаанаас үл эмээхийг мэдсү. Үүнээс хойшид энх төвшин бодь мөрийг олоод, эндээс эхлээд амар тайван Аршийн гүрнээ хүрмүй. Ном хатаасан хадан дээр ор мөр нь үлдэж, мянган үе тэр газар мангас шулам үгүй.

 

Тэд дөрвүүл судраа нэг нэгээр дэлгэж эгшээн байтал хэдийн хэдэн загасчин голын хөвөөнд ирээд эднийг олж үзжээ. Тэдний дотор таних хүн өгүүлрүүн: “Багш та тэр жил энүүгээр гарч баруун газраас ном залахаар одсон тойд бус буюу?” Гахай өгүүлрүүн: “Мөн, мөн та хаанах хүн? Биднийг яахан танив? Загасчин өгүүлрүүн: “Бид Чэн Жиа Жуан хэмээх гацааны хүн болой.” Гахай асууруун: “Чэн Жиа Жуан эндээс бас хэдий хол буй?” Загасчин өчрүүн: “Эндээс өмнөш хорин газар буй.” Гахай өгүүлрүүн: “Багш, бид номоо тэр гацаанд аваачиж хатаасугай. Тэдний тэнд хонох гэр хоол идэш буй, хувцсаа бас угаалгаж болмуй.” Тансаг: “Байг, байг эндээ хатаагаад явсугай” хэмээв. Тэр хэдэн загасчин урагш одоод санамсаргүй Чэн өвгөнд учирч: “Тэр жил танай хүүхдэд тайлга тавьсан багш нар буцаж ирэв” хэмээсэнд Чэн Чэнг өгүүлрүүн: “Та хаана олж үзсэн буй?” Загасчин нар гэдрэг харж: “Тэр хадан дээр номоо хатааж буй” хэмээв.

 

Чэн Чэнг хэдэн хүчний хүнийг авч угтан эчиж сөгдөн өгүүлрүүн: “Багш таны ном залах үйл нэгэнтээ бүтсэн атал юунд миний гэрт одохгүй энд дэмий суумуй? Хурдан миний гэрт эчих ажааму.” Бичин өгүүлрүүн: “Номоо хатаагаад очсугай.” Чэн Чэнг бас асууруун: “Багш нарын ном дээл юунд цөм норсон буй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр жил цагаан Юан мэлхийн сайнаар тэнгэр голын баруун хөвөөнд гарсан бөлгөө, энэ жил бас түүний нуруун дээр сууж нэгэнтээ хөвөөнд ойртоход, мэлхий тэр жилийн гуйсан авралаа надаас асуув, би үнэхээр нэгэнтээ умартсан тул тэр даруй нуруунаа шилгэж биднийг усанд унагаж ийнхүү норгожээ” хэмээгээд бас өнгөрсөн учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлсэн хойно, тэр Чен өвгөн үнэнч сэтгэлээр дахин дахин залахад Тансаг аргагүй, судраа эвхэн дэглэв. Чулуун дээр дэлгэсэн бурхны үндсэн мөрийн судар санамсаргүй хэдэн хуудас нь хадан дээр наалдаад шаалж авахад урагдаж хоцров. Тийнхүү тэр ном өдгөө болтол бүрэн бус болоод хадны дээр үсгийн мөр байсаах буй хэмээмүү. Тансаг гаслан өгүүлрүүн: “Энэ цөм бидний эс хичээснээс ийм болов!” Бичин инээн өгүүлрүүн: “Тийм бус! Тийм бус! Тэнгэр газар цөм бүрэн үгүй атал, бидний залсан ном бүрэн байх ёс буюу. Өдгөө наалдаж баахан орхигдсон нь бүрэн төгс хэмээх явдал ер үгүй хэмээсэн нууцыг мэдүүлсэн болой. Үүнийг хүний хүчээр хэрхэн мушгиж дийлэх аж!” хэмээгээд, багш шавь дөрвүүл номоо багцлан аваад Чэн овогтын гэр зүг ирэв.

 

Тэр гацааны хүмүүс нэгнээс арав, аравнаас зуу, зуунаас мянганд уламжлаад хөгшин залуус хүүхэд бэрээд цөм угтан ирж үзэв. Чэн Чэнг сонсоод даруй хүжсийн ширээ бэлтгэн үүдэн дээрээ хэнгэрэг дэлдэн бишгүүр үлээн угтан оруулжээ. Чэн Чэнг гэрийн хүмүүс бүхнийг дагуулан гарч мөргөн золгуулж, тэр жилийн охиныг аварсан ачид тал өгөн цав манз барив. Тансаг нэгэнтээ бурхны хувилгаан идээг амсаж эгэл биеэ гээж бурхан болсон тул ертөнцийн идшинд огт дурлахгүй болсон боловч хоёр настан хүчлэн шалах тул тэдний сэтгэлийг бодож аргагүй амснам бөлгөө. Богд Бичин угаас галаар болгоосон идээнд дургүй тул мөн “Цадав” хэмээн идэхийг зогсов. Шороо бас дэмий идсэн бээр үгүй. Гахай бас урьдах адил лугаа үгүй, өчүүхэн идээд аягаа тавьсанд Бичин өгүүлрүүн: “Манхуу, чи юунд үл идмүй?” Гахай: “Яаснаа эс мэдэв, энэ орчим ходоод авчжээ” хэмээх тул гэрийн эзэн цавын ширээг хураагаад, ном залсан учрыг асуусанд, Тансаг бас урьдаар Ариун хас хэмээх сүмд бие угаасан, Огторгуй нэвтлэгч оломд бие хөнгөрснөөс Аянга дуут сүмд Шигэмунид бараадсан, Эрдэнийн асарт ном сонссон, Сувд тагтны хуримд суусан, хоёр Бодисадва бэлэг эс олсны учир үсэггүй ном өгч илтгээд, хойно дахин бурханд заалдаж, сая нэг хөлгөний ном олсон, бас цагаан Юан мэлхий нуруугаа шилгэн голд орхисон, ад чөтгөрүүд далдуур булаасугай хэмээн ирсэн учир хүртэл нэгэн зэрэг тоочин өгүүлээд даруй ёслон аярлаж одсугай хэмээв.

 

Тэр хоёр настны гэрийн хүмүүс бүгдээр огт явуулахгүй ийн өгүүлрүүн: “Урьд өдөр богд тойд миний охин хөвгүүний амийг аварсан их ачид хариулан бид бүгдээр амийг аварсан нэгэн сүм байгуулаад хүж зул шатаан тахив” хэмээгээд, тэр жилийн тайлгаас авран хэлтрүүлсэн Богдын аврал, таваг алтыг дуудан авчирч мөргүүлээд, бас сүмд одож үзтүгэй хэмээв. Тансаг номын боодлоо түүний гол гэрт хураан тавиад, Эрдэнэ мөнхийн судрыг үзсэний хойно, сүмд гүйвээс Чэн овогт энд бас хурим бэлтгэн барьжээ. Суудалд суухын урьд бас хүн ирж залмуй. Ийн залахад Тансаг айшгүй маргаж үл болох тул бага амсаж, тэр сүмийн байгуулсныг үзвээс үнэхээр сайхан ажгуу.

 

Өглөгийн эзний үлэмж хөрөнгөнд түшиж, үүд хаалгыг улаан будгаар буджээ. Нэгэн суурь Асар тагт тэр жил байгуулж, хоёр хонгил чихэн гэр өдгөө бас шинэтгэжээ. Шунхны улаан халхавчинд, сувд шигтгэн чимжээ. Хүжсийн үнэр хөх огторгуйд сэвэлзэн, ариун гэрэл агаарын гүнд гялалзжээ. Хэдэн суурь нарсны навч дээр усан мөхлөг мэлтгэнэж, нэгэн мөр сөөг бутлагагүй шинэхэн харагджээ. Тэнгэр голын түмэн давалгааныг өшиглөн өндөр уулын мянган оргилыг түшиг болгон байгуулжээ.

 

Тансаг үзэж бараад сая тагтан дээр гарваас дээр нь үнэхээр тэдэн дөрвүүлийн шуумал хөрөг буй. Гахай үзэж Бичинийг татан өгүүлрүүн: “Ахын хөрөг асар төлөвтэй гарчээ.” Шороо өгүүлрүүн: “Чиний дүр нэн төлөвтэй, гагцхүү багшийг хөрөглөсөн нь өнгөрүү хээнцэр болжээ.” Тансаг: “Харин сайн! Харин сайн!” хэмээгээд даруй тагтнаас ууваас өмнө тэнхимийн саравчин доор бас цав өргөөд ирж хүлээжээ. Бичин асууруун: “Тэр Тай вангийн сүм яав?” Олон өвгөд өгүүлрүүн: “Мөн тэр жилдээ эвдэлжээ. Багш, бид энэ сүмийг барьснаас нааш жил бүр тариа төрж, он болгон элбэг хураалт авмуй, энэ үнэхээр багштаны буян ивээл болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ цөм тэнгэрийн хишиг бй за, манд ямар хамаа баймуй! Ганц үүнээс хойш харин таны энэ гацааг үр ач өлзий мөртэй, үхэр хонь үржил сайтай, жил жил салхи бороон тэгш, он он тариа төмс төрөх болгосугай” хэмээсэнд, олноор тал хийж мөргөв.

 

Төдий үзэж байтал өмнө хойноос олон хүн дагалдан жимс өргөн цав барих нь тоолшгүй болжээ. Гахай инээж өгүүлрүүн: “Энэ цөм миний хишиг үгүй болой! Урьд миний их идэж явах цагт залах хүнгүй болоод, өдгөө идэж орохгүй үед, залах хүн тасралгүй ирмүй” хэмээгээд баахан амсхиймагц бас арваад аяга будааг цутган оруулж, хорь гучин боорцгийг идэж орхив. Бүгдээр цөм цадтал идсэн атал бас хүн ирж залахад, Тансаг даруй: “Шавь нар минь, хишгийг их хүртэв, энэ үдэш энд хүрээд маргааш дахин хүртсүгэй” хэмээв.

 

Тансаг номоо сахиж суусаар гурван жингийн үе болоход сэмээр: “Ү Күн, эндэх хүмүүс манай ёсыг олж үйл бүтсэнийг мэджээ. Эртний үгэнд: “Үнэн Арш үнэнээ мэдэгдэхгүй, үнэнээ мэдэгдвээс үнэн Арш бус” хэмээжээ. Бид энд байсаар хэргээ саатах болжээ” хэмээсэнд, Бичин: “Багшийн үг зөв болой. Бид энэ шөнийн гүнд завшиж сэмээр одсуу” хэмээсэнд, Гахай, Шороо цөм учрыг ухаад, цагаан морь бас санааг мэджээ. Тэд бүгдээр босож, номоо ачиж, дамжуураа дамнан саравчны доогуур шууд сүмийн үүднээ хүрвээс хаалгыг оньсолжээ. Бичин бас оньс тайлах увидсаа хэрэглэн хэдэн давхар хаалгыг цөм нээж, зам эрэн зүүнш гарч одов. Гэнэт сонсвоос хоосон огторгуйн дээрээс найман их Очирваань: “Оргогч нар хурдан нааш ир!” хэмээн дуудмуй. Тансаг сайхан үнэрт салхийг үнсмэгц бие нь огторгуйд дэгдэн гарав. Энэ төв хэмээн: бясалга гүйцвээс урьдын зүсээ таниад, бие хөнгөрөөд хуучин эзнээ золгомуй. Чухам Тан хаанд яахан золгохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 23 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 10 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 39 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 43 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 26 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 59 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 2 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 2 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 36 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 46 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 56 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 1 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 23 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 40 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 58 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 59 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 15 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК