зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН ДОЛДУГААР БҮЛЭГ:


АЛТНЫ ӨГЛӨГ АМИЙГ ОРООЖ АД ЗОВЛОНГ ӨДӨВ

АСУР БҮРЭЛБАА АРВАН ЭРЛЭГЭЭС СҮНС БИЕИЙГ АМИЛУУЛАВ

 

Тансагтан тэр цог гэрэлт эвдэрхий сүмд шөнийн бороог далдлан тэсвэрлэж хоносныг түр өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, энэ Дүн Тай Фугийн Дилин Сяньд нэгэн бүлэг самуун залуус буй ажгуу. Тэд шалиг самууныг үйлдэн, архи дарс ууж, зоос мөнгө наадан гэрийн хөрөнгөө цөм бараад аж төрөхийн аргагүй болоод арван хэдүүл нийлэн тонооч болж энэ өдөр бүгдээр цуглаж хотын дотор хэний гэр нь тэргүүн баян, хэний гэр нь дэд баян, түүнийг үдэш дээрэмдэхээр орсугай хэмээн зөвдөлцөхөд тэдний дотроос нэгэн өгүүлрүүн: “Энэ нь баян, тэр нь ядуу хэмээн цуу чимээ гаргасны хэрэггүй. Энэ өдөр Тансагийг мордуулсан тэр Кү өвгөн хамгаас баян, бид даруй энэ шөнийн бороонд сэргийлэх хүнгүйг завшин, өдгөө бид одож түүний эдийг дээрэмдэж аваад бас наадахаар одсугай!” Олон хулгай үүнийг сонсоод маш баясан цөм ахар илд өргөст шийдэм, гох дэгээ бялуу дээс гэрэл гал авч цутгалах бороонд шургалан ирээд Кү баяны хаалгыг нь эвдэн хашхиралдан ороход өвгөний гэрийн их бага эрс эмс цөм айн зайлж эмгэн орон доогуур шурган өвгөн үүдний ард нууж Кү Дүн, Кү Лин зочны хэдэн охид хүүхдийн хамт чичрэн дагжиж зүг болгонд дутаан оджээ. Хулгай нар илд эргүүлэн гэрэл өргөж түүний гэрийн авдар хоргыг нь эвдэн алт мөнгө, эд эрдэнэ, дээл хувцас, засал зэмсэг, сав хэрэгсэл, шил цомд хүртэл дуусган цөлбөж одоход тэр өвгөн тэсгэлгүй гарч олон хулгай нарт гуйн өгүүлрүүн: “Их ван, та нарын хэрэглэхээ авбаас даруй болох болой. Өвгөн надад баахан үлдээж өгмү” хэмээхэд хулгай нар юуны ялган хэлэлцэх аж. Урагш давшин нэгэнтээ өшгилсөнд өвгөний нууц газар оногдож үхэв. Хөөрхий тэр гурван сүнс бүрэг бараг эрлэгийн орноо эгэж, долоон сөн жадав задав хүний ертөнцөөс ангижрав! Хулгай нар энэхүү чөлөөнд Кү баяны гэрээс гаран шатаар хот давж гараад шөнийн бороонд баруунш түргэлэн одов. Кү баяны гэрийн ард хулгай орсны хойно сая гарч үзвээс, өвгөн гэрийн эзэн нэгэнтээ хөсөр унаж үхээд буй тул цөм дуу тавин уйлж: “Тэнгэр минь! Гэрийн эзнийг занчин алжээ!” хэмээгээд хүүрийг тэврэлцэн гашууднам бөлгөө.

 

Дөрвөн жингийн үеэр тэр эмгэн нь, Тансагтанд цав өргөсүгэй хэмээвч хүлээлгүй одсон бөгөөд бас үдлэгийг үлэмж ихээр хийж баянаа хүнд мэдэгдсэнээс нь зовлонг өдөн гаргав хэмээн сэжиг санаж дөрвөн тойныг хорлож өшөөгөө авсугай хэмээн бодоод: “Хөвгүүн минь, уйлах хэрэггүй. Эцэг чинь нэг насандаа цав өргөмүй, цав өргөмүй хэмээсээр энэ өдөр арай түмний тоо гүйцэхүйд хорлогч дөрвөн тойнтой учирч амиа өгчээ.” Ах дүү хоёул өгүүлрүүн: “Эх минь, аль нь амь авагч тойн буй?” Эмгэн өгүүлрүүн: “Хулгайч нар сүр бадруулан алан орж ирэхүйд би маш айж ширээн доогуур шурган ороод зулын гэрлийн зүг нарийвчлан харваас тодорхой үзэгдсэн бөлгөө. Тэднийг чи хэн хэмээн санамуй? Гэрэл барьсан нь Тансаг, илд атгасан нь Гахай бөгөөд Шороо нь алт мөнгийг зөөн, Бичин нь эцгийг чинь алсан болой” хэмээсэнд хоёр хөвгүүн эхийн үгийг үнэмшин өгүүлрүүн: “Эх тодорхой олж үзсэн бөгөөс хэрэг нь үнэн болжээ. Тэр дөрвүүл манай гэрт хагас сар суугаад үүд цонх, хэрэм хашааг цөм таньжээ. Эд цагаан нүд улаан, энэ шөнийн бороонд завшиж эргэж ирээд тоножээ. Эдийг булаахад юун буй, эцгийг алсан нь асар заналтай! Маргааш өглөө Фугийн яаманд бичиг барьж заалдсугай.” Кү Дүн өгүүлрүүн: “Заргын бичгийг хэрхэн бичмүй?” Кү Лин өгүүлрүүн: “Даруй эхийн үзсэн ёсоор бичсүгэй” хэмээгээд: “Тансаг гэрэл өргөн, Гахай илд барьж, алт мөнгийг Шороо зөөн, эцгийг Бичин цохиж алав.” хэмээн бичээд нэгэн шөнө бүгдээрээ их л үймэлдэн тэнгэр гэгээрсэн хойно ойр саднаа залж эцгээ авслаад ах дүү хоёул яаманд заалдахаар одов. Угаас энэ Дүн Тай Фугийн яамны эрхэлсэн түшмэл болбоос:

 

Анхнаасаа ариун чигч, албан хэрэгт мэргэн хээнцэр. Арван насанд цасны гэрлээр үдшийн хичээлийг уншиж, арван наймтай алтан харшид төрийн бодлогыг найруулав. Асвар шударга сэтгэлийг урьтан өвөрлөн, ач өршөөлт санааг үүрд агуулжээ. Алдар цол хөх сударт мянган үе анхилан, анхны төрийн гүн сүй, хуан сянь дахин илрэв. Ариун нэр алтан ордноо түмэн он дуурсан, аруухан мэргэд Зүэ Моу, Лу Гүн эгэж мэндлэв.

 

Тэр түшмэл даруй яаманд гарч нэлээд олон хэргийг шийтгэн бараад заалдлагын бичиг оруул хэмээсэнд Кү Лин бичгээ тэврэн орж дорогш сөгдөн өндөр дуугаар: “Ноён, өчүүхэн хүн бид хорт хулгайд хөрөнгөө тоногдож амин хэрэг гарсан хүнд хэргийг заалдмуй” хэмээв. Түшмэл заалдааны бичгийг авч ийм тийм хэмээн бичсэнийг үзээд даруй асууруун: “Сонсвоос өчигдөр таны гэрт зүүн газрын Тан улсаас ирсэн дөрвөн тойнд цав өргөж амласнаа гүйцэтгэж өвтэгш ихээр үдлэг хийв хэмээсэн бөлгөө. Бас хэрхэн ийм их хэрэг гарав?” Кү Лин мөргөн өгүүлрүүн: “Ноён айлд, өчүүхэн хүний эцэг Кү Хүн хорин дөрвөн жил хуушаан тойдод цав өргөөд холоос ирсэн нь дөрвөн хуушааны дээр хүрч ирээд түмэн тоо гүйцээв. Тийнхүү тоо гүйцсэн хурим хийж тэр дөрвөн тойныг хагас сар авч суусан тул тэд манай гэрийн үүд хаалгыг цөм таньж авчээ. Өдрийн наранд үдсэн бөлгөө. Үдшийн харанхуйгаар эргэж ирээд салхи бороонд завшин гал гэрэл өргөж, гэр хүрээг дайран орж ирээд авдартай алт мөнгө, засал чимгийг цөм авч эцгийг минь алж оджээ. Эцэг ноён голчоор тасалж өгөхийг гуймуй!” Түшмэл үүнийг сонсоод даруй морьт явган хуягийн ард нийт зуун тавин хүнд хурц зэвсэг бариулан гаргаж Тансаг багш шавь нарыг нэхэн баривчлахаар илгээв.

 

Тэндээс Тансаг шавь нартайгаа тэр Цог гэрэлтийн сүмийн эвдэрхий саравчин доор гэгээртэл хүлээн байж, өглөө сая сүмээс гарч замд ороод баруунш явав. Тэр үед чивхийтэл тэр Кү өвгөний гэрийг тоносон хулгай нар хотоос шувтран бууж бас баруунш яван тэнгэр гэгээрэхүйн хирээр энэ сүмийг өнгөрч баруунш хориод газар гараад уулын хонхолд орон эдээ хуваалцан байсан ажээ. Гэнэт Тансагийн ирэхийг үзээд олсноо бас хувааж бараагүй бөгөөд хулгайн санаа ханашгүй. Холоос Тансагийг зааж өгүүлрүүн: “Тэр даруй Кү баяны өчигдрийн үдсэн тойд бус уу!” Олноор инээлдэж: “Ирэх нь сайн! Ирэх нь сайн! Айвал бүү хий, хийвэл бүү ай. Нэгэнтээ шийдчихсэн хэрэг. Эд тэр Кү баяны гэрт нэлээд уджээ. Биед нь лав олон эд байх буй за. Бид түүнийг тосч хүнс зоос цагаан морийг нь булаагаад хувааваас тэр харин таатай хэрэг бус уу?” хэмээгээд олон хулгайч зэвсэг далайлцан хашхирч их зам дээр хөндөлсөн хашиж зогсоогоод: “Тойд, зогс! Хурдан замын зоосоо өргөвөөс амийг чинь хэлтрүүлсүгэй! Шүдэн завсраар “Үл болох” хэмээх үг гаргаваас таныг зогсоохоор цөм алмуй!” хэмээн зандрахад, Тансаг айж морин дээрээ чичирхийлэн Шороо, Гахай ихэд сандран Бичиний зүг өгүүлрүүн: “Хүйтэн бороог нэг шөнө тэсвэрлэж гартал хүчирхэг тонооч зам тосон ирэв. Яах вэ! Яах вэ! Энэ сая “Зовлон хосоор ирэх” хэмээгч үүнийг өгүүлжээ!” Бичин инээж: “Багш бүү ай. Дүү нар бүү зов. Өвгөн Сүн одож асуусугай” хэмээв. Богд Бичин барсын арьсан хормойвчоо чангалан, гэмэрлэгээ сэгсэрч урагш хүрээд гар чацуулан ёслон өгүүлрүүн: “Та цөм юу хийгч хүн буй?” Хулгайч нар зандран өгүүлрүүн: “Энэ мал үхэхээ мэдэхгүй айшгүй ирж манаас асуумуй! Чамд нүд үгүй буюу! Бид хэмээгч зам тосогч их ван. Хурдан замын зоосоо гаргаваас таныг тавин гаргасугай!” Бичин инээмсэглэн өгүүлрүүн: “Үзвээс та цөм зам тоногч хулгайч нар ажгуу!” Хулгайч нар хилэгнэн: “Мал аа!” хэмээн бархирсанд Бичин айсан мэт байдал гарган өгүүлрүүн: “Их ван минь! Их ван минь! Би болбоос нэг хөдөөний тойн, үг хэлж чадахгүй тул ам алдаж таныг дайрав, бүү буруушаа! Зоос мөнгийг авах хэмээвээс тэр гурван тойн лугаа хэлэлцэх хэрэггүй над лугаа хэлэлц. Аливаа эдийг цөм би хадгалж баймуй. Тэр ном уншиж олсон барилга бадар өглөгийн зоос цөм энэ боодол дотор бий. Тэр морь унагч тойн нь хэдий миний багш боловч ном уншихыг мэдэхээс өөр сул учрыг үл хамаарч өнгө ашгийг умартаж орхисон үгээгүү хоосон дуслын лам бөлгөө. Тэр хар нүүрт тойн нь манд шинэ дагасан шавь, гагц морь тэжээхийг чадна. Тэр урт хошуут тойн нь миний авсан хүчний хүн. Гагц дамжуур дамнан чадна. Хайрлаваас тэр гурвууланг тавин явуулаарай. Би хүнс мөнгөө цөм танд өгсүгэй.” Хулгайч нар өгүүлрүүн: “Энэ тойн харин үнэнээ хэлж байна. Ийм болбоос амийг чинь уучилсугай. Тэр гурвуулыг дамжуурыг нь орхиулж гаргасугай.” Бичин гэдрэг хандан нүд ирмэсэнд Шороо даруй дамжуурыг хаяж багшийн морийг хөтлөн Гахайтай баруунш гарч одов. Бичин бие бөхийн боодлыг тайлахын зуур газар доороос нэгэн атга Шороо атган аваад дээш нэгэнтээ цацан зогсоох тарнийг уншин: “Зогс!” хэмээн зандармагц тэр гучаад хулгайч нэгд нэгээр шүдээ зуун нүдээ бүлтийлгэн гар тавин төв зогсож дуугарч чадахгүй болоод хөдлөхгүй болжээ. Бичин: “Багш, эргэж ир!” хэмээн дуугарахад Гахай мэгдэн өгүүлрүүн: “Муу болов! Номын ах биднийг хулгайчид тушаажээ. Түүний биед өгөх юм үгүй, боодолд бас алт мөнгөний зүйл үгүй. Тийнхүү багшийн морин, бидний дээлийг өргөх буй за.” Шороо инээн өгүүлрүүн: “Бага ах, бүү дэмий таамагла! Тэрийг чи ямар хүн хэмээн санамуй. Тийм хэцүү шулмыг цөм барьсан атал энэ нэг хэдэн хулгайчаас айх буюу! Түүний энэ дуудсанд лав учир бий. Бид очиж үзсүгэй.” Тансаг мөн хэмээгээд морийг эгүүлэн хойш ирж дуудан өгүүлрүүн: “Ү Күн, ямар хэрэг болоод манийг дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Та үз, энэ хулгайч нар яасан буй?” Гахай урагш хүрч нэгийг түлхэн: “Хулгайч нар та юунд хөдлөхгүй буй?” хэмээвээс тэр хулгайч ухаангүй болсон тул дуу эс гарахад Гахай өгүүлрүүн: “Эд цөм гэнэтийн сүүдэр өвчинд дайрагдсан буй за!” Бичин инээн өгүүлрүүн: “Өвгөн Сүн би увидсаар зогсоосон болой.” Гахай өгүүлрүүн: “Биеийг зогсоосноос биш амыг бас хөвөрдсөн буюу. Юунд үг үл өчмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш мориноосоо буу. Энгийн үгэнд: “Эндүү байхаас биш эндүү тавихгүй” хэмээжээ. Дүү нар та тэднийг нэг нэгээр дарж унаган цөм хүл! Эдний өчгийг авч ямар зэргийн дээрэмчийг үзье.” Шороо өгүүлрүүн: “Дээсгүй, юугаар хүлэх буй?” Бичин даруй үснээсээ нэгийг зулгаан авч тарнидан үлээсэнд гучин дээс болов. Гахай Шороо хоёул хулгайч нарыг цөм даран унаж хөл гарыг нь өндийтөл хүлсний хойно Бичин увидсаа хураасанд хулгайч нар сая нэг нэгээр сэхээ оров.

 

Бичин багшаа дээр залан суулгаж гурвуул тус тусын зэвсэгээ барьж зандран өгүүлрүүн: “Танай энэ бүлэгт хэдэн хүн буй? Хэдэн жил хулгай хийв?” Хулгайч нар өчрүүн: “Өвөг, амь уучил” Бичин өгүүлрүүн: “Бүү орилогтун! Үнэнээ хэл!” Хулгайч нар өчрүүн: “Өвөг, бид урьддаа үүнийг хийсэн бус, цөм сайн хүний үр хүүхэд бөлгөө. Бид архи уун, зоос наадаж жарган ташаарсаар дээдсийн хөрөнгөө бараад үгүйрсэн тул аж төрөхийн аргагүй болжээ. Дүн Тай Фугийн хотоос Кү баяны эд хөрөнгө элбэг баялагийг олж мэдээд өчигдөр бид сүлбээлэн үдшийн борооны харанхуйгаар одож дээрэмдэн нэлээд алт мөнгө засал чимгийг аваад энэ замын арын хотгор дотор хараахан хуваалцаж байтал таны хүрч ирэхийг үзэв. Кү баяныхаас гарч ирснийг мэдэх хүн бидний дотор байсан тул таны тэр дамжуурын хүнд болон морь нь жороолохыг үзээд лав сайн юм байх буй за хэмээх шунахай сэтгэл үүсч тийн зам тоссон бөлгөө. Өвөг танд их хувилгаан увидас байж биднийг барьж хүлэхийг юуны мэдэх аж. Хулгайлсан юмыг дуртайяа танд барья. Өвөг та нар нигүүлсэхүй сэтгэлийг ихэд дэлгэрүүлэн бидний амийг өршөөн уучлах ажаамуу!”

 

Тансаг Кү баяны гэрээс дээрэмдсэн эд хэмээхийг сонсоод их л цочин мэндэн сандан гүйн босч өгүүлрүүн: “Аяа, Ү Күн, тэр Кү баян буян үйлдэхэд их л дуртай хүн атал юунд тийм их гайд учирмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Өчигдөр тэр бидэнд өвтэгш үдлэг хийсэн тул энэ нэг бүлэг хулгайчдын шунахай сэтгэлийг хөдөлгөжээ. Өдгөө завшаанаар манд тохиолдоод түүний хэдийчинээ алт мөнгө засал чимгийг булаан авав.” Тансаг өгүүлрүүн: “Бид түүнийг хагас сар зовоогоод энэ их ачийг хариулах юмгүй байсан бөлгөө. Өдгөө түүний эдийг хүргэж өгвөөс нэгэн сайхан хэрэг бус уу?” Бичин мөн хэмээн үгийг дагаж Гахай Шороо лугаа тэр хотгорт очиж эдийг морин дээр ачаад үлдсэнийг Гахайгаар дамнуулан Шороо өөрийн амьтайгаа дамнав. Бичин тэдгээр дээрмийг цөм шидэмдэн албаас Тансаг бас хүний амийг хөнөөв хэмээн буруушаахаас айж биеэ сэгсрэн үсээ хураан авмагц тэдгээр хулгайн хөл гар хэдийнээ хүлээснээс тайлагдсан тул мөлхөн босч зүг зүгт амь зуун дутаан оджээ. Тансаг хойш эдийг нь хүргэхээр ирэв. Энэ хүргэхээр ирсэн нь, зулын эрвээхэй галд орж зовлонг өөртөө эржээ. Шүлэглэсэн шүлгийн үг:

 

              Ачийг ачаар хариулах хүн анхнаас чухаг

Ачийг гэдрэг харин өшөө болгон хувилгамуй.

Аюулд учирсан хүнийг уснаас аврахад алдаш буй тул

Аливаа хэрэгт эргэцүүлэн үйлдвээс аюулгүй болмуй.

Тансаг багш шавь дөрвүүл эд мөнгийг аван эгэж яван атал гэнэт илд зэвсэг

 

гялалзан олон хүн тосч ирэхийг Тансаг үзээд их л цочин өгүүлрүүн: “Шавь, өмнөөс зэвсэгтэй ирэгч ямар улс болов?” Гахай өгүүлрүүн: “Гай болов! Гай болов! Энэ лав сая тавьсан хулгайч нар дахин сүлбээлдэж зэвсгээ аван бидэн лүгээ байлдахаар иржээ!” Шороо өгүүлрүүн: “Тэр улсын ирэхийг үзвээс хулгайчийн байдалгүй. Их ах чи лавлаж үз.” Бичин сэмээр Шороод өгүүлрүүн. “Багшийн гай бас хүрч ирэв. Энэ лав хулгайг барих албан цэрэг болой” хэмээн үг барихын урьд цэргийн ард хэдийнээ хүрч ирээд өгүүлрүүн: “Энэ тойд даанч хэцүү байнам! Эзнийг нь алаад эдийг нь аваад энд гэлбэлзэн залармуй!” хэмээгээд урагш ирж Тансагийг татан унагаж хүлэв. Бичин, Гахай, Шороо гурвуулыг бас цөм барьж хоёр хүн дундаа дамнан дамжуурыг булаан Фугийн зүг ирэв. Үзвээс:

 

Хувраг Тансаг таг таг чичирч нулимсыг цувуулан үггүй болов. Ховдог Гахай хор хор хошуугаа дуугарган хорсон тавлаж гуншив. Банди Шороо бавганан бавганан гасалж бодлогын дотор там тум болов. Богд Бичин бодон бодон инээж мултаръя гэвэл юун хэцүү хэмээв.

 

Албан цэрэг төдөлгүй хотод орж шууд яаманд хүрээд: “Ноён, хуяг бид хулгайчийг барьж авчрав” хэмээн мэдүүлсэн хойно, тэр Фугийн мэдэгч тэнхим дээр төв сууж хуягт шагнаад хулгайлсан эдийг нь нүүр тулган байцааж Кү баяны хөвгүүнд өгч эгүүлээд Тансагийг тэнхимийн өмнө авчирч асууруун: “Та амандаа зүүн тивээс ирж баруунд газрын бурханд мөргөмүй хэмээх боловч харин уран үгийг хэлж үүд хаалгыг таньж аваад орой бүрийгээр улсыг тонодог хулгайч ажгуу!” Тансаг өчрүүн: “Их хүн гэгээнд тольдмуй. Үгээгүү тойн бид хулгай бус, аюулгүй хуурч болох буюу. Бидэнд замын тэмдэг бичиг бий. Гагц энэ Кү баян биднийг хагас сар авч суун ихэд хүндэлж найр сэтгэл маш хүнд тул замд түүний гэрийг тоносон дээрэмтэй тохиолдоод алдсан эдийг нь булаан авч гэрт нь эгүүлэн хүргэж Кү баяны ачийг хариулсугай хэмээн санаж иртэл санамсаргүй цэрэг хуяг биднийг хулгайч хэмээн эндүүрэн барив. Үнэхээр хулгай бус. Их хүн нарийвчлан хянаму.” Тэр түшмэл өгүүлрүүн: “Энэ хулгайч манай цэрэгт баригдаад бас ачийг хариулсугай хэмээн хэлмүй. Үнэхээр зам дээр дээрмээс булаасан бөгөөс юунд хулгайчийг барьж ачийг хариулан, ялтанг яаманд үл тушаамуй? Юунд та дөрвүүлээ ирэх буй? Чи үз! Кү Лян таныг түүний эцгийг алав хэмээн заалдав. Чамд хэлэх үг буй буюу?” Тансаг сонсоод сүнс сарнин сүн завхан ихэд мэндрүүн: “Ү Күн, чи нэг үнэнээ хэлж болохгүй юү?” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Хэрэг нь үнэн болсон тул бас юуг өгүүлмүй!” Тэр түшмэл өгүүлрүүн: “Энэ үг зөв! Хулгайлсан эд гэрчилж байтал бас айшгүй гөрлөн чадах буюу?” хэмээгээд шадар ардыг дуудан: “Эрээдэс[1]-ийг авчир, урьдаар энэ хулгайн гилэн толгойг эрээд жич элдсүгэй!” хэмээсэнд Бичин мэндүүрч: “Миний багшид хэдийгээр ийм нэгэн зовлон буй боловч хэтэрхий зовоож үл болно” хэмээн санаад эрүүгийн ард дээс авчран эрээдэс зангидахыг үзэж даруй өгүүлрүүн: “Их хүн, түүнийг эрэх хэрэггүй. Өчигдөр шөнө Кү баяныг тоноход гал өргөсөн нь миний бие. Илд барьсан нь миний бие. Эдийг зөөсөн нь миний бие. Хүн алсан нь бас миний бие. Би болбоос хулгайн түрүү, эрвээс гагц намайг эр. Элдвээс гагц намайг элд, эдэнд хамаагүй.” Фугийн мэдэгч даруй: “Тийм болбоос урьдаар үүнийг эрэгтүн” хэмээсэнд эрүүдэх ард урагш давшин Бичиний толгойд эрээдэс оруулан чангалан эрэхүйд тасхийн дуугармагц эрээдсийн гогцоо тасрав. Дахин зангидаж эрвээс мөн тасармуй. Ийнхүү гурав дөрвөнтөө эрвээс цөм тасраад түүний толгойд ор ч орохгүй байв. Тийн дахин эрээдэс зангидан байтал гэнэт гаднаас нэгэн хүн орж ирээд: “Нийслэл хотын Чэн Шоу Буу их ноён хүрч ирэв. Ноён хот гарч угтму” хэмээн мэдүүлсэнд Фугийн мэдэгч даруй эрүүгийн ардад: “Хулгай нарыг гянданд хорьж сайтар сахигтун. Дээд албаны сайдыг угтсаны хойно жич шийтгэсүгэй” хэмээснээ эрүүгийн ард Тансагтан дөрвүүлийг хар гэрт түлхэн оруулав. Гахай Шороо өөрийн амьтайгаа бас чирч оров.

 

Тансаг өгүүлрүүн: “Шавь нар минь, одоо хэрхвээс сайн?” Бичин инээн өгүүлрүүн: “Багш ортугай! Ортугай! Үүний дотор хуцах нохойгүй. Наадаж суухад харин сайн!” Тэр дөрвүүлийг түлхэн оруулаад сахигч ард ирж дэмий л цохилоход Тансаг өвдөж тэсэхгүй тул их л гаслан: “Ү Күн! Яаваас сайн!” хэмээн дуудсанд Бичин өгүүлрүүн: “Тэд зоос авсугай хэмээн элдэх буй за. Өдгөө түүнд баахан зоос өгвөөс барах нь тэр.” Тансаг өгүүлрүүн: “Би хаанаас зоос олж өгмүй?” Бичин өгүүлрүүн: “Зоосгүй болбоос дээл хувцас ч болох буй за. Чи тэр намжраа өгтүгэй.” Тансаг үүнийг сонсоод зүрхийг нь хутгаар огтолсон мэт боловч нэгэн цагийн элдэхийг хүлцэн чадахгүй болоод аргагүйдээ: “Ү Күн чи мэдэгтүн” хэмээв. Бичин тэр сахигч ардад: “Та элдэхээ байгтун. Манай тэр боодол дотор нэгэн намжир буй. Үнэ нь мянган лан хүрэх буюу, та автугай” хэмээсэнд тэр сахигч ард хамтаар одож боодлыг тайлан үзвээс хэдийгээр хэдэн зах хуучин дээл уут байвч цөм зоос хүрэхээргүй, хэдэн давхар хатуу цаасаар багласан нэгэн юмыг алдрааваас гэрэл цацармуй. Сайн юм хэмээж сэгсрэн дэлгэвээс хуухай:

 

Гэгээн сувдыг энгэрт шигтгэж, гэрэлт таныг хормойд хаджээ. Ар өвөр талд алаг луу тоглож, ал гарьд дэвтрэн алтан хормойд нисчээ.

 

Бүгдээр булаалдан үзэхэд тэр гянданы даамал түшмэл ирж зандран өгүүлрүүн: “Та юунд цуугилдмуй?” Сахигч нар сөгдөн өчрүүн: “Ноёнтоны шүүсэн тэр дөрвөн тойныг бид нэг хэдэнтээ цохьсонд энэ хоёр боодлоо манд тушаав. Үүнийг бид алдрааж үзвээс энэ гайхамшигт юм буй. Хэрвээ хэсэглэн хувааваас маш хайран, нэг л хүн авбаас олноор олох юм үгүй. Тийнхүү арга ядан бөлгөө. Ноён та ирсэн тул үзэж байгаад голчоор хуваан өгмү.” Гянданы даамал үзвээс нэгэн боодолд намжир буй. Бас нэгэн боодлыг нь тайлан үзвээс дотор нь өөр бүс хувцас болон тэмдэгт бичиг бий. Тэр тэмдэгт бичиг тамгаар дүүрснийг үзээд өгүүлрүүн: “Би үзсэн нь харин сайн болов. Үгүй бөгөөс та хэрэг гаргах болой. Энэ тойн дээрэм бус, үүний юмыг бүү хөдөлгө. Маргааш яамны ноён дахин шүүвээс сая үнэн магадыг олох буй за.” Сахигч ард үүнийг сонсоод амьтайг уг ёсоор баглаж тэр даамалдаа тушааж өгөв.

 

Удалгүй шөнө орой болсонд тагтны дээр манааны дохио дуугарч дөрвөн жин өнгөрсөн хойно Бичин Тансагийн ёолох чимээ тасарч цөм унтсаныг үзээд дотроо санаруун: “Багшид нэгэн шөнийн гянданд хэвтэх гай буй тул би увидсыг хэрэглэсэнгүй бөлгөө. Өдгөө дөрвөн жингийн сүүл болов. Гай мөн барах шахав. Би урьдаар одож үйлдсүгэй. Тэнгэр гэгээрсэн хойно эндээс гарахад сайн” хэмээгээд чадал гарган биеэ багасган нэгэн шумуул хувилаад гэрийн саравчны ваарын завсраар нисэн гарч сарны гэрлийг үзвэл үнэхээр тунгалаг намуун шөнө ажгуу. Бичин зүг танин шууд Кү баяны гэрт нисэн одоход тэр зээлийн баруун этгээдийн нэгэн гэрт зул асч байхыг үзээд нисэн орон үзвээс нэгэн дүүпүү худалдагч өвгөн буй ажгуу. Тэр өвгөн гал түлэн эмгэн нь буурцаг нүднэ. Тэр өвгөн гэнэт эмгэний зүг өгүүлрүүн: “Тэр Кү баянд үндэс залуу үр хөвгүүдтэй бөгөөд элбэг баялаг эд хөрөнгөтэй боловч өөрийн бие өлзий хутаг охор. Би түүнээс таван нас ах боловч багын цагт нэгэн сургуульд бичиг үзсэн бөлгөө. Түүний эцгийн нэр нь Кү Мин. Тэр үед тариа мянган могоос хэтрэхгүй, баахан түрээс тавьсан боловч авч чадахгүй. Түүний хорин нэгэн насанд эцэг нь үгүй болоод тэр гэрийн эзэн болж үнэнээр заяа сайн тул Жан Ван хэмээгчийн охиныг авчээ. Энэ эхнэрийн багын нэр нь Зүү сүвлэгч хэмээдэг бөлгөө. Түүнийг авснаас нааш улам улмаар баяжжээ. Эхнэр авснаас тарьсан тариа нь төрж, тавьсан үр нь хураалттай болоод арилжаа наймаа ашиг хонжвортой болжээ. Өдгөө тэр арван түмэн лангийн их хөрөнгөтэй болов. Кү өвгөн дөчин насан дээрээ буян үйлдэх сэтгэл үүсгэж түмэн тойнд цав өргөсүгэй хэмээн амлаад сая гүйцээтэл санамсаргүй өчигдөр шөнө хулгайд өшиглөгдөн үхжээ. Хөөрхий! Энэ жил сая жаран дөрөвтэй, яг сайхан жаргах цагт даруй буяныг үйлдээд харин ийм муу үхлээр үхэхийг хэн санав? Үнэхээр гомдолтой! гомдолтой!”

 

Бичин тэр үгийг цөм сонсон бартал хэдийний бас таван жингийн эх болжээ. Төд нисэн Кү баяны гэрт орж үзвээс гол гэрт авс тавьж, авсын тэргүүнд зул асаан хүж тайлга тавьж эмгэн нь хажууд уйлан хүүхэд бэрээд нь тайлгын идээ ундааныг өргөж мөргөн уйлна. Бичин түүний авсын дээр суугаад нэгэнтээ ханиасанд хоёр бэрээд нь хундага цомоо алдаж дутаагаад Кү Лян ах дүү хоёул газар хэвтэж хөдлөхгүй болж гагц: “Аав! Ёх! Ёх!” хэмээв. Эмгэн нь баахан зоригтой тул авсны толгойг тэмтэрч өгүүлрүүн: “Өвгөн минь, чи идсэн буюу?” Бичин тэр өвгөний дуугаар: “Би идсэн бус” хэмээсэнд хоёр хөвгүүн гэлмэж дэмий л: “Аав минь!” хэмээн мөргөн уйлмуй. Эмгэн бас зориглон асууруун: “Өвгөн чи идсэнгүй бөгөөд юунд хэлэлцмүй?” Бичин өгүүлрүүн: “Эрлэг хаан намайг илгээж “Чи гэртээ харьж хэл. Чиний тэр Жан овогт зүү сүвлэгч эхнэр чинь амны таваараа чалчиж сайн хүнийг гүжирлэв” хэмээн эрлэгийн элчээрээ хүргэж ирүүлсэн болой.” Тэр эмгэн багын нэрийг дуудахыг сонсоод их л айж сөгдөн мөргөж өчрүүн: “Өвгөн минь! Өдий өтөлчихөөд бас юуны миний багын нэрийг дуудах буй! Би хэзээ аман тааваар сайн хүнийг гүжирлэсэн буй?” Бичин зандран өгүүлрүүн: “Хэзээ нь “Тансаг гал өргөж, Гахай илд барин, Шороо эдийг зөөгөөд, Бичин өвгөнийг чинь алсан” буй? Чиний зохиомол үгээр өдгөө сайн хүнийг зовлонд тушаажээ. Тан улсын тэр дөрвөн тойн замд хулгайг барьж, эдийг булаан аваад эгүүлэн хүргэж надад ач хариулсугай хэмээсэн нь ямар зэргийн сайхан санаа буй! Чи харин хуурмаг зарга заалдсанаар албан яам бас нягтлан байцаасангүй, тэднийг баривчлан гянданд хорьжээ. Хар гэрийн сахиулсан, навдаг савдаг сандарч унтах нойргүй болоод эрлэг хаанд айлдсанд эрлэг хаан элч гарган намайг дагуулж энд илгээв. Та хурдан одож тэр тойдыг тавиул, үгүй бөгөөс намайг гэр хотлоороо хөгшин залуугаас хөх туулайд хүртэл хүйс тэмтрэн нэгэн сар түйвээ хэмээжээ!” Тэр хоёр хүүхэд нь мөргөн гуйж өгүүлрүүн: “Эцэг, хойш од. Хөгшин залууд хор бүү хийгтүн. Маргааш өглөө бид дахиж бичиг бариад тэднийг тавиулсугай. Гагцхүү үхсэн амьдаараа цөм амар түвшин ундарсугай.” Бичин даруй: “Тийм болбоос хурдан цаас түл, би явсугай!” хэмээсэнд бүгдээр цаас түлэв.

 

Тэр Бичин нисэн гарч тэр Фугийн мэдэгчийн суух гэрт хүрч үзвээс гэр дотор зул гэрэлтэж түшмэл нэгэнтээ босчээ. Тэр гол гэрт нисэн орж үзвээс хойд туурган дээр нэгэн зураг өлгөжээ. Тэр зураг дээр нэгэн түшмэл хүн цоохор морь унаж, хойноос хэдэн дагагсад хар шүхэр өргөн исэр дамнажээ. Бичин ямар зураг болохыг мэдэхгүй дээр нь сууж байтал тэр түшмэл гарч ирээд нүүрээ угааж суув. Бичин гэнэт ханиасанд тэр түшмэл маш айж мэндэн сандан дотогш ороод дээл хувцсаа өмсөн гарч ирээд хүж шатааж өгүүлрүүн: “Дээд авга Жан Күн Чян Таны сахиулсан сүнсэнд ач Жян Күн Сан залбиран даатгамуй. Би дээдсийн буянд шүтэж дээд мөчилгөнд хэр тэнцэж өдгөө Дүн Тай Фугийн түшмэлийн хэргэмд аж, өглөө үдэш тахилгыг тасалсан бээр үгүй бөлгөө. Энэ өдөр гэнэт юунд дуун гарав? Хариулбаас бүү адал. Гэрийн хөгшин залуу бээр айх болуузай.” Бичин дотроо инээж: “Энэ нь түүний авгын тайлгын хөрөг ажгуу!” хэмээгээд үгийг дагуулан өгүүлрүүн: “Мэргэн ач Күн Сан чи дээдсийн буянд шүтэж түшмэл суугаад ямагт ариун голчоор явах нь маш сайн. Гагц тэр дөрвөн тойныг хулгайч болгон гянданд хорьсонд газар усны навдаг савдаг, хотын эрхтэн, гянданы сахиус цөм амаргүй болж эрлэг хаанд заалдсан тул эрлэг хаан элчээр намайг энд дуудан авчирч чамд хурдан хэлж учрыг тодлон тавиул хэмээжээ. Эс тавих бөгөөс эрлэг хаан чамайг аваачиж шийтгэх хэмээмүй.” Тэр түшмэл үүнийг сонсоод яс үс зэргээр шижигнэн: “Авга хойш эгэгтүн. Би шүүгээд даруй тавьсугай” хэмээсэнд Бичин: “Тийн болбоос цаасыг түлэгтүн. Би одож эрлэгийн зарлигийг эгүүлсүгэй” хэмээсэнд тэр түшмэл дахин хүж шатааж цаас түлэн мөргөв.

 

Бичин бас нисэн гарч үзвээс дорноос гийжээ. Дахин ниссээр Дилин Сяний яаманд хүрвээс тэр Сяний түшмэд цөм яаманд яамлан сууж авай. Бичин дотроо ийн сэтгэрүүн: “Шумуул байгаад үг хэлж хүнд сэрэгдвээс муухай болмуй” хэмээгээд огторгуйд гарч цаглашгүй их биетэй болон гагц хөлөө сунган яамны тэнхимийн нуруун дээр гишгэн өгүүлрүүн: “Олон түшмэд та сонс, би болбоос Хурмастын зарлигаар ирсэн ертөнцийг эргэгч эрхтэн. Таны энэ газар хилсээр ном залагч тойныг барьсан учир бий тул гурван ертөнцийн бүгд сахиулсан амаргүй болж Хурмастад заалдав. Тэднийг хурдан тавь. Эс тавьбаас би нөгөө хөлөөр гишгэж энэ нэгэн Сяний түшмэл эрхин хэмээн ялгалгүй бүгд амьтныг үнсэн товрог болгомуй!” Тэр Сяний бүгд түшмэл маш айн сөгдөн мөргөж өчрүүн: “Дээд эрхтэн хойш өөд болмуй. Бид Фугийн яаманд орж батлан гаргасугай. Яавч хөлөө бүү хөдөлгө. Доорд түшмэд зүрх дэлбэрмээр баймуй” хэмээхэд Бичин сая увидсаа хурааж мөн шумуул болоод гянданы ваарын завсраар нисэн орж орон дээр гаран унтав.

 

Өгүүлэх нь, тэр Фугийн түшмэл сая яаманд гартал Кү баяны хоёр хөвгүүн хэдийнээ үүдэнд ирж сөгдөн хашхирмуй. Түшмэл дуудан оруулсанд тэр хоёр хөвгүүн заалдлагаа буцааж бичиг барьсанд тэр түшмэл үзээд уурлан өгүүлрүүн: “Өчигдөр та заалдах бичиг барьсанд бид хулгайчийн зүс эдийг танд буцаан өгөв. Энэ өдөр юунд тавиулах бичиг барьмуй?” Тэр хоёр нулимс цувруулан өгүүлрүүн: “Өчигдөр шөнө миний эцгийн сүнс ирээд өгүүлсэн нь: “Тан улсын хувилгаан тойд чухам хулгайг барьж эдийг эгүүлэн аваад сайн санаагаар эзэнд нь эгүүлэн ачид хариулсугай хэмээсэн атал чи юунд тэднийг хулгайч болгон заалдаж гянданд зовоомуй! Энэ газрын навдаг савдаг хотын эрхтэн, гянданы сахиус цөм амаргүй болж эрлэг хаанд айлтгаад, эрлэг хаан чөтгөрийн элч заран намайг хүргэн ирүүлж танд хэлүүлэв. Хэрвээ Фуд дахин одож Тансагтаныг тавиулбаас гай арилмуй. Үгүй бөгөөс хөгшин залуугаар цөм үхмүй” хэмээсэн тул тухайлан заалдлагаа буцаахаар ирэв” хэмээсэнд тэр түшмэл дотроо санаруун: “Түүний эцэг хэмээгч үхээд удаагүй сүнс тул ингэж илрэн мэдэгдэх нь мөн сонин бус. Миний авга үхээд тав зургаан жил болж буй. Тэр яахан энэ шөнө бас ирээд намайг хянан байцааж тавигтун хэмээх аж? ... Үзвээс лав хилс болой.”

 

Ийн хараахан татгалзан атал гэнэт тэр Дилин Сяний олон түшмэд яаран тэнхимд гүйн ирээд: “Их хүн, муу болов! Муу болов! Сая Хурмаст тэнгэр, ертөнцийг эрхлэгч эрхтнийг буулгаж чамайг гянданд байх сайн хүнийг түргэн тавь хэмээмүй. Өчигдрийн барьсан тэр дөрвөн тойн хулгайч бус, цөм ном залагч бодисадва нар болой. Баахан омтгойлбоос тэр эрхтэн манай зэргийн түшмэдийг цөм гишгэлэн алаад бас хотын бүгд амьтныг үнсэн товрог болгосу хэмээмүй.” Фугийн түшмэл бас их л цочин гяндан сахигч нарт пайз илгээж дөрвөн тойныг дуудуулав. Гянданаас гарч ирэхэд Гахай зовнин өгүүлрүүн: “Энэ өдөр бас яахан засаглахыг мэдэхгүй.” Бичин инээж: “Өвгөн Сүн би явдлыг хэдийн хийж төгсгөв. Лав нэг мод ч цохихгүй. Яаманд орвоос сөгдөх хэрэггүй. Тэд бууж ирэн биднийг дээш залмуй. Би тэднээс морь амьтайгаа нэхэж авмуй. Баахан дутваас би тэднийг занчмуй. Чи үзсүгэй” хэмээв.

 

Өгүүлж барахын урьд тэнхимд хүрч ирсэнд Фугийн мэдэгч Сяний олон түшмэд цөм угтан ирээд: “Өчигдөр хувилгаан тойд та ирэхэд нэгэнд болбоос нийслэл хотоос ирсэн түшмэлийг угтах учир яаруу, жичид хулгайлсан эдээр гэрч болгож нарийвчлан асуусангүйн тул таныг зовоов” хэмээсэнд, Тансаг алгаа хамтатган бие мэхийж учраа нэгэн зэрэг дахин нарийвчлан өгүүлсэнд олон түшмэл: “Цөм бидний эндүү болов, бүү буруушаа!” хэмээгээд бас гяндан дотор осолдсон учир буюу?” хэмээн асуусанд Бичин урагш давшиж нүд дүгрэглэн өндөр дуунаар: “Миний цагаан морийг албан түшмэд аваачив. Миний амьтайг нь гянданы ард шамшив. Хурдан авчирч өг! Өдгөө би таныг шүүх цаг болов! Хилсээр хүн барьж хулгай малгай өмсүүлэгчид ямар ял тогтоовоос тохирмуй?” хэмээхэд тэр Фу Сяний түшмэд түүний ийнхүү догширохыг үзээд үл айх хүн бээр үгүй. Фугийн түшмэд амьтай морь авчирч нэг нэгээр бүртгэн өгөөд энэ эндүүрсэн шалтгааныг цөм Кү баяны хөвгүүнд шалтаглав. Тансаг шавь нарыг хориглон өгүүлрүүн: “Аяа шавь, энэ хэрэг мөн тодорхойгүй. Бид Кү өвгөний гэрт одож нэгэнд цаас шатааж ясанд золгосу. Жичид түүн лүгээ ам тулган ямар хүн намайг гэрэл барьсныг үзэв хэмээснийг асуусугай.” Бичин өгүүлрүүн: “Энэ үг зөв. Өвгөн Сүн би тэр үхсэн өвгөнийг босгож хэн түүнийг алсныг асуусугай” хэмээгээд Шороо Тансагийг сугадан мордуулж хашхиран зандран гарч одоход тэр Фу Сяний олон түшмэд бас цөм Кү өвгөний гэрт дагалдан ирэв. Кү Лян ах дүү хоёул тэсгэлгүй айж үүдэнд гарч мөргөн угтаж оруулав. Үзвээс тэр боловсролын тэнхимд эмс хүүхэд нь цөм хөгшний цаана уйлан байхад Бичин дуудан өгүүлрүүн: “Тэр худал үг ярьж сайн хүнийг гүжирлэсэн эмгэн чи бүү уйл! Чиний өвгөнийг авчирч хэн түүнийг цохиж алсныг өөрийн амаар нь хэлүүлж нүүрийг чинь баруулсугай!” Олон түшмэд цөм Бичинийг шог гаргаж амуй хэмээн бодтол Бичин: “Олон ноёд та багшид бараа болж баахан суугтун. Гахай Шороо сайтар хамгаалж бай, би одож даруй ирмүй” хэмээв.

 

Хувилгаан Бичин огторгуйд дэвхлэн одоход өнгөт униар газар бүрхэн гэр өрөөг халхалж өлзийт уур тэнгэр дүүрэн үнэн сахиулсныг хамгаалжээ. Олон хүн сая түүнийг үүл мананд хөлөглөн үхсэнийг эдгээх хувилгаан хүн хэмээн таниад хүж зул шатаан хойноос наманчлан мөргөснийг өгүүлэхгүй.

 

Тэр Бичин үүлэнд тонгорцоглон эрлэгийн ордонд хүрч шууд Шинра харшид дайран орсонд олноор мэндүүрээд: Арван орны эрлэг хаан гар чацуулан угтаж таван этгээдийн чөтгөр албат тэргүүн даран мөргөв. Мянган суурь сэлмийн модон цөм гэлбийн хазайж түмэн давхар илдэн уул бүрнээ нэлцийн тэгшрэв. Зуурдын сүнсний хот доторх хилс сүнсэн арилаад аргадалгүй хөөрөн доорхи чөтгөрийн төрлөө олов. Төв хэмээн:

 

Хувилгаан гэрэл нэгэнтээ тусахуйяа тэнгэрийн уучлал ивээсэн мэт, харанхуй далдын эрлэгийн яаман газар болгонд хийрмүй.

 

Арван эрлэг хаад, Бичинийг угтан оруулж золгон барсан хойно, ямар хэрэгт залран ирэв хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Түн Тай Фу, Дилин Сяний түмэн тойнд тахил өргөгч Кү Хүн хэмээх хүний сүнс хаана байна? Түүнийг надад түргэн байцааж өг.” Арван эрлэг өгүүлрүүн: “Сүсэгт хүн Кү Хүний сүнсийг манай элч нар авчирсан бус, тэр өөрөө энд хүрч ирсэнд газрын зүрхний Бодисадвагийн алтан дээлт хөвгүүнд учирч түүнийг газрын зүрхэн Бодисадвагийн тэнд аваачжээ.” Бичин даруй тэндээс гарч шууд хөхөмдөг үүлт ордонд хүрээд газрын зүрхэн Бодисадвад ирсэн учрыг тоочин өгүүлсэнд Бодисадва баясан өгүүлрүүн: “Кү Хүний насан хэмжээ найман наймд гүйцмүй. Заяаны үхэл нь ор дэвсгэрт буртаглахааргүй ертөнцөөс ангижирах тул би түүний буян үйлдсэнийг мэдээд сайн ерөөлтний дансыг хамаарагчийн даамал тавьсан бөлгөө. Их богд биеэр ирсэн тул би түүнд арван хоёр насыг нэмж өгөөд их богдыг дагаж харих болготугай” хэмээгээд алтан дээлт хөвгүүнээр удирдуулан авчирсанд Кү Хүн гэнэт Бичинийг олж үзээд: “Багш, багш! Намайг авар!” хэмээн бачимдан дуудахад Бичин өгүүлрүүн: “Чи хулгайд алагдаад өдгөө эрлэгийн орон газрын зүрхэн Бодисадвагийн дэргэд байх болов. Өвгөн Сүн би тухайлан чамайг аваачиж энэ хэргийг гэрчилсүгэй хэмээн ирсэн бөлгөө. Бодисадва өршөөж чамайг явуулах бөгөөд бас арван хоёр нас нэмж уртатгав. Арван хоёр жилийн дараа чи дахин ирэх болой” хэмээсэнд тэр өвгөн тал өгөн мөргөв.

 

Бичин Бодисадвагаас салж өвгөний сүнсийг ханцуй дотроо агуулж эрлэгийн орноос гаран үүлэнд гишгэн ертөнцөд ирж Кү баяны гэрт хүрч ирээд Гахайг дуудан авсны амсрыг нээлгэж түүний сүнсийг биед оруулсанд өвгөн удалгүй амьсгаа орон эдгэрээд авснаас мөлхөн гарч ирэн Тансагт толгой даран мөргөж: “Кү Хүн би үхсэнд энэ багш эрлэгт эрэн одож эгүүлэн авчирсан нь үнэхээр дахин төрүүлсэн ачит хүн болой!” хэмээгээд гэдрэг хандан олон түшмэлийн зэрэглэн зогсож байхыг үзээд бас мөргөж өгүүлрүүн: “Ноёд та энд юунд ирэв?” Фугийн түшмэл өгүүлрүүн: “Чиний хөвгүүн бичиг өргөж хувилгаан тойдын нэр заан заалдав. Би хүн гаргаж барихаар явуулсанд санамсаргүй хувилгаан тойд чиний гэрийг тоносон хулгайд учирч эд юмыг булаан аваад эгүүлэн хүргэхээр ирэхэд зарсан хүмүүс ташааран бариад би ч хянан асуусангүйгээр хар гэрт аваачиж хорив. Мөн шөнөдөө чиний сүнс гэртээ илэрч, миний авга бас над ирж хэлэв. Сяний яаманд бас ертөнцийг эргэгч сахиулсан илэрч нэгэн цагт даруй энэ мэт зүг зүгээс илт үзүүлэхүйд бид хувилгаан тойдыг тавин гаргаж богд тойн бас одож чамайг авран эдгээсэн болой” хэмээсэнд өвгөн сөгдөж өгүүлрүүн: “Ноён, энэ дөрвөн тойн ихэд хилсджээ! Тэр шөнө гал гэрэл өргөн гуч илүү хулгайч нар орж ирээд миний эд мөнгийг цөлбөхөд би үзэж төвдөхгүй болоод тэр хулгайч нарт надад бага үлдээж өгмү хэмээн өгүүлэн атал тэр хулгайч намайг өшгилсөнд миний нууц газар оногдож үхэв. Эд дөрвүүлд ямар ч хамаагүй!” хэмээгээд эхнэрээ дуудан авчирч: “Хэн өшгилж алсныг чи үзсэн буюу. Айшгүй аман тааваар нэрлэн заалдмуй? Ноён та яллах ажааму” хэмээхэд нэгэн гэрийн хөгшин залуус дэмий л мөргөн гуйх тул түшмэл ялыг уучлав. Кү Хүн гэрт дахин хурим бэлтгэж Фу, Сяний түшмэлийг нэгэн өдөр хуримлав. Жич өдөр Кү Хүн мөн урьдын ёсоор тойдод цав өргөх тэмдэгээ өлгөж Тансагийг дайлан авч суухад Тансаг мөн огт болохгүй хэмээх тул дахин ураг саднаа цуглуулж лавир чимэг бэлтгэн урьдын ёсоор үдэн мордуулав. Аяа энэ төв хэмээн:

 

Хар сэтгэлтнийг ханагар дэлхий агуулавч хан тэнгэрт буянт хүнийг үтээрэхээргүй. Амар төвшин аглаг сэлүүн аршийн замаар аялбаас арилсан орон Гандарагүд уулнаа хүрмүй. Хойшид чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


[1] Эрээдэс – шумгай модны зэргийг. /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он. 67-р тал/


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 28 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 16 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 44 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 48 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 31 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 4 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 7 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 8 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 42 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 51 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 1 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 6 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 29 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 46 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 40 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 4 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 5 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 20 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК