зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН ТАВДУГААР БҮЛЭГ:


ҮНЭН ХУУРМАГ ДҮРД НИЙЛЭН ХАСЫН ТУУЛАЙГ БАРИВ

ӨРЛӨГ БИЛИГТЭН ТӨВД ОРОН ГАЙХАМШИГТ ҮНДСЭНД ЦУГЛАВ

 

Өгүүлэх нь, Тансаг гунин явсаар хааныг дагаж хойд ордонд орвоос хөгжмийн дуу дуурсаж сайхан үнэр анхилмуй, Тансаг толгой даран дээш харахгүй, Бичин сэмээр баярлаж багшийн үснирт малгай дээр суугаад алтан цэцгийт ал нүдээр ажиглаваас хоёр этгээдэд жагссан тэдгээр өнгөт охид үнэхээр цөм тэнгэрийн дагинас, хувилгаан охид адил.

 

        Хасын цогц мөсний махбод, ганхалзан танхилзан нахилан нохилмуй.

        Хоёр хоёр гувай хүүхэн Чугийн авайгаас гарч,

        Хос хос сайхан охин Си Ши хатныг эчээмүй.

        Үүлэн шанхыг өндөр ороохуйяа өнгөт гарьд нисэн,

        Удын хөмсөг баахан босохуйяа алсын уулс богинодмуй.

        Бялар бишгүүр үлээн, бумбын хэнгэрэг дэлдмүй.

        Хөндүүн шандуун хиудуун жадуун юдуун нарийн бүдүүн дээр доор тэгш.

        Яруу хоолой уран бүжиг үнэхээр бахархалтай,

        Цэцгийн баг, магнагийн жагсаал адбиш гайхалтай.

 

Бичин багшийн сэтгэл өчүүхэн ч үл хөдлөхийг үзээд дотроо шагшин магтаж: “Сайн тойн! Сайн тойн! Таж магнаг дэвсэж байгаад тачаахгүй, тана хас дэрлэж агаад шунахайрахгүй” хэмээн бодов.

 

            Баахан удмагц хатан авай нар гүнжийг авч Шаазгай ордноос угтан гарч ирээд: “Түмэн наст хаан эзэн, Түмэн наст хаан эзэн!” хэмээн дуудахад Тансаг мэндүүрч чичрэн дагжиж хэрхэхээ олохгүй болов. Бичин гүнжийг үзвээс толгойноос нь баахан шулмын уур гарч авч төдий сүрхий бус мэт. Бичин даруй Тансагийн чихэнд: “Багш, гүнж нь хуурмаг” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Тийн бөгөөс үүний уг дүрийг яахан гаргамуй?” Бичин өгүүлрүүн: “Би хувилгаан биеэр болж мөн даруй барьсугай.” Тансаг өгүүлрүүн: “Болохгүй! Болохгүй! Хааныг айлгаж үл болмуй, хаан хатныг эгсэний хойно жич бариваас болмуй.”

 

            Бичин хэмээгч зан түргэн тул юу нь хүлцэн чадах аж, уг биеэр болж өндөр дуунаар нэгэнтээ зандран, урагш давшин гүнжийг шүүрэн аваад: “Чивэлт адгуус, чи үнэн худлыг хутгалан энд энэ мэт өргөн хүндэлсэн нь мөн гүйцсэн бөгөөтөл, басхүү сэтгэл ханахгүй, харин миний багшийн үнэн шимийг алдуулан өөрийн хурьцлаа хангасугай хэмээн дэмий баширламуй!” хэмээн хараан үүсгэсэнд, хаан нь гэлмэгдэн мэлэрч хатан нь үхэдхийн ойчоод, ордны охид үл дутаах нь үгүй, тус тус амийг зулбан далдалжээ. Энэ үнэхээр:

 

Хаврын салхин хүрээлэнгээр сүрчигнэхүйеэ хамаг цэцэг сажилж, намрын жавар ойгоор сэрчигнэхүйеэ навч унгарил бадармуй. Цочсон мандарваа гацааны хажууд унаж, сандарсан сараана хэрсэгийн доор хэвтмүй. Нуурын хөвөөнд цацагт цэцэг ханхалзаж, индрийн ёроолд удвалын цоморлиг овоорчээ, хайтан цэцэг ногоорон газар ойчоод хатгуур цэцэг налж хөсөр хэвтмүй. Хаврын салхи лянхуан салааг хугалж хаялсан цас тэргүүлэгч цэцгийн хэлтсийг даржээ. Анарт цэцэг, унжгар уд ийш тийш сажилмуй. Нэгэн шөнийн салхин бороон нэрт цэцгийг дайрахуйяа, ногоон улаан навч гэсэр налан гэмэрлэг дэвсчээ.

 

Тансаг бас бальдан сандарч чичрэн дагжсаар хааныг тэвэрч: “Хаан бүү ай! Хаан бүү ай! Энэ нь миний шавь увидас гарган үнэн худлыг ялгасугай хэмээмүй” хэмээв.

 

            Тэндээс тэр шулам байдал бусыг үзэж гараа сажин алдуулж, хувцсаа тайлан, засал чимгээ авч таягдаад даруй цэцгийн хүрээлэнгийн савдагийн сүмд гүйн орж, нүдүүр мэт нэгэн манцуй аван Бичинийг занчин ирэхэд Бичин шийдмээр ас тулан угтан байлдав. Тэр хоёул хашгиран бахиралдаж цэцгийн хүрээлэнд байлдан үүссэнээс удсангүй цөм хувилгаан увидас гарган үүл  манан хөлөглөн огторгуйд гарч байлдав. Энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Алтан толтот болд шийдэм язгуураас алдартай, алхан толгойт мухар манцуй үл таних зэвсэг. Нэгэн нь үнэн номыг залахын тул энэ газар ирж, нэгэн нь сонин цэцгийг бахархахын учир энэ орноо суужээ. Энэ шулам тойн Тансагийг хэзээний олж мэдээд, эр эм бололцон үнэн шимийг авсу хэмээмүй. Тэр жил чухам гүнжийг шүүрэн хийсгэж аваачаад түүний оронд хувилан ирж хааны хайрыг олов. Энэ өдөр их богд шулмын уурыг таниад, үнэн худлыг ялган битүү зовлонтыг тэнхрүүлмүй. Бялуун манцуй догшрон гавлыг эрэн бууж, болд бэрээ хэцүүдэн нүүр өөд занчмуй. Бархиралдан хашгирч хүч тагнан байлдахуйяа будан үүл тэнгэрийг бүрхэн өдрийн нарыг халхалжээ.

 

Тэр хоёулын огторгуйд их л алалдахыг үзээд хот дүүрэн ард иргэн айн хэлмэж, хаан хатан түшмэл түшээ эмээн чичиржээ. Тансаг хааныг түшиж дэмий л: “Бүү ай! Хатан бүү цочигтун. Тэр гүнж чинь хуурмаг юм мэхлэн иржээ. Миний шавь өдгөө барьсны хойно даруй мэдэх болой” хэмээмүй. Хатдын дотроос зоригтой нэгэн нь гүнжийн дээл хувцас засал чимэг авч их хатанд үзүүлж өгүүлрүүн: “Эдгээр цөм гүнжийн өмсөж зүүсэн юм, өдгөө цөм тайлж хаяад чармай нүцгэнээр тэр тойн лугаа агаар дээр байлдаж баймуй, лав шулам буй за.” Төд хаан хатад сая лавтай шулмыг мэдээд баахан зориг орж, дээш харахыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэр шулам, Бичин лүгээ удтал байлдаж дийлэн дийлэгдэх ялгарахгүй байтал, Бичин гэнэт шийдмээ дээш орхин: “Хувил! хувил” хэмээн зандмагц тэр шийдэм даруй нэгээс арав, арваас зуу, зуугаас мянга түм болоод зай завсаргүй шулмыг занчин ирэхэд, тэр шулам мэндүүрч нэгэн зурвас салхи болон хувилж дээш дутаан одов. Бичин тарни уншин шийдмээ хураагаад гэрэл татан  хойноос нэхэн ирэв. Тэнгэрийн баруун хаалганы ойр хүрч ирвээс туг хиур мяралзан үзэгдмүй. Бичин өндөр дуугаар дуудан: “Хаалгачин нар шулмыг хашигтун, бүү дутаалга!” хэмээн бархирсанд тэр хаалган дээр байсан сахигч Махаранз Пан, Льюй, Хү, Би дөрвөн өрлөгийг дагуулан бүгдээр зэвсэг барин хориглон тосоход шулам орж чадахгүй яаран хойш эргэж манцуй эргүүлэн Бичин лүгээ дахин байлдав.

 

            Бичин шийдэм бүжиглэн угтан авч байлдах зуур түүнийг нарийвчлан үзвээс тэр манцуйны нэгэн үзүүр нь сарваг, нэгэн үзүүр нь шувтан яг амуу цайлгах уурын нүдүүр мэт. Бичин тачигнан зандарч өгүүлрүүн: “Энэ хилэнцэт мал чи! Ямар юмыг бариад айшгүй над лугаа эсэргүүцэлдмүй! Хурдан дагаваас энэ шийдмийн доор гавлаа хагалуулахаас олж хэлтэрмүй!” Тэр шулам шүд зуун занаж өгүүлрүүн: “Чи бас миний энэ зэвсгийг танихгүй юу? Миний хэлэхийг сонс:

 

Хувилгаан үндэс нэгэн хэсэг цул цагаан хас, хавиран шөргөөж бясалган бүтээсэн он жил үлэмж. Газар тэнгэр бүтэхийн үед би олоод галав дэлхий үүсэх цагт би уйдав. Их язгуурыг энгийн юм лугаа үргэрлэж үл болмуй, үүсэн гарсан эх сурвалж дээд тэнгэрт буй. Нэгэн цогц алтан гэрэл дөрвөн гэгээнд нийлж, таван махбодын бэлгэт амьсгал гурван үүсэлд найралджээ. Намайг дагаж саран ордноо удаан өдөр сууж, надад хань болж гавир харшид удаан өдөр зузаан хоног авай. Нэрт цэцэгт дурлахын тул ертөнцийн орноо буугаад, нэр зээлэн гоо охиноор Энэтхэг  гүрнээтанхилзмуй. Хааны ордноо жарган цэнгэлдэхийг би юунд санамуй, хувраг Тансаг лугаа холбож ерөөлөө гүйцэтгэсү хэмээлээ. Хүний энэ сайн холбоог чи юун таслан, хүчин чадалдаа эрдэж хөөн нэхэж байлдмуй. Атгасан энэ манцуйн алдар цол их, алтан толтот шийдмээс чинь урьд байсан бөлгөө. Сэрүүн тунгалаг ордны дотор эм нүдэх нүдүүр ширвэж нэгэнтээ занчваас амь чинь буснимуй!”

 

            Бичин сонсоод хадганан  инээж өгүүлрүүн: “Муу чивэлт адгуус! Чи саран ордонд байсан бөгөөс өвгөн Сүн миний чадлыг мэдэхгүй буюу? Айшгүй энд ирж чалчмуй? Эртхэн уг биеэр болж дагаваас амийг чинь уучилсугай.” Шулам өгүүлрүүн: “Таван зуун орны мөнх тэнгэрийн орныг ихэд түйвээсэн агтын даамал чамайг би таньж буй, чухам найр тавиваас зохих бөлгөө. Ганц чи хүний бүтсэн хэргийг бүрэлгэж ургийг эвдсэн нь эцэг эхийг алсан мэт их өшөө тул хэлтрүүлбээс алсугай!” хэмээв. Бичин угаас “Агтын даамал” хэмээх үгэнд хорсдог тул энэ үгийг сонсоод тэсгэлгүй хилэгнэж, шийдэм өргөлцөн занчин ирэв. Тэр шулам нүдүүр далайн угтан аваад тэнгэрийн баруун хаалганы өмнө тус тусын хорслыг гарган энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Алтан толтот шийдэм, эм талхдах манцуй хувилгаан хоёр зэвсэг хослон тэнцэж болмуй. Нэгэн нь ургийн учир ертөнцөд бууж, нэгэн нь Тансагийг хамгаалан энэ газар иржээ. Чухам шалтгаан хаан нь төв бусаар цэцгийг бахараан шунасаар шулмыг баясгасанд амуй. Үүнчлэн хоёр хүн өшөөлөн тэмцэж эрүү зуунн хорсож үхэн байлдмуй. Нааш цааш зөрөлдөн дийлэн дийлэгдэхийг ялгаж, ярган шарган булаалдаж ам хэл бололдмуй. Дэмий нүдүүрийн эрдэм чадал ертөнцөд ховор хэмээвэл, эрдэнийн шийдмийн ид шид нэнт гайхалтай. Алтан гэрэл гялс гялс тэнгэрийн хаалганд тусаж өнгөт туяа мярс мярс газрын хөрсөнд залгалдав. Ар өврөөр цохилдож арвай будаа болоод ад шулмын хүчин мөхөсдөж тэсэхгүй болов.

 

Тэр шулам Бичин лүгээ арван хэдэн удаа зөрөлдөөд Бичиний шийдмийн увидас хэцүүг үзэж, бодвоос дийлэн чадахгүй тул хоосонд нэгэнтээ занчин биеэ сажмагц алтан гэрэл хувилан ас өмнөш буруулан одов. Бичин хойноос нэхсээр гэнэт нэгэн  их ууланд хүрэхэд, шулам гэрлээ хураан агуйд шурган орж мөр сураггүй болжээ. Бичин түүнийг далдуур дахин хотод орж багшийг хөнөөвүүзэй хэмээн айж, уулын байдлыг тэмдэглэн аваад үүлийг эргүүлэн хотын зүг ирэв. Энэ үес тэр хаан хараахан Тансаг лугаа зуураад чичрэн дагжиж: “Богд тойн намайг авар!” хэмээж байсан бөгөөд хааны хатад ч их л айн эмээж байтал, гэнэт огторгуйгаас Бичин бууж ирэн: “Багш би ирэв!” хэмээсэнд, Тансаг: “Ү Күн, мөн тэндээ зогсож байгтун, хааныг бүү цочоо. Тэр хуурмаг гүнжийн цэрэг хэрхсэн буй?” хэмээв. Бичин Шаазгай ордны гадна зогсож Тансагт чарлан өгүүлрүүн: “Хуурмаг гүнж нь нэгэн шулам мөн, анх над лугаа хагас өдөр байлдаж дийлдээд салхи болон хувилан дээш дутаагаад гарахад би тэнгэрийн эрхтнийг дуудаж хориглон хашсан бөлгөө, тийнхүү тэр над лугаа дахин байлдаж арваад удаа болоод дарагдаж, алтан гэрэл хувилан ас өмнөхийн нэгэн ууланд дутаан оров. Би нэхэж хүрвээс нэгэнт мөр сураггүй болжээ. Би түүний буцан ирж чамайг хөнөөхөөс болгоомжлон тодруулан үзэхээр ирсэн бөлгөө.” Хаан сонсоод Тансагийг татаж асууруун: “Энэ гүнж үнэхээр шулам болбоос миний үнэн гүнж хаа байх болов?” Бичин өгүүлрүүн: “Би тэр хуурмаг гүнжийг барьсан хойно, үнэн гүнж чинь аяндаа гарч ирэх буй за.” Олон хатад энэ үгийг сонсоод айсан сэтгэл арилж, бүгдээр урагш давшин сөгдөж гуйруун: “Хувилгаан тойн үнэхээр манай гүнжийг олж авчран үнэн цагааныг ялгаруулбаас эрхгүй хүндэтгэн хариулсугай.” Бичин өгүүлрүүн: “Энд манай хэлэлцэх газар бус, хатад цөм тус тусын ордонд эгэгтүн, хаан багш лугаа өмнө харшид заларч, миний хоёр дүү Гахай Шороотоныг ирүүлэн багшийш хамгаалуултугай, ийм болбоос би шулмыг дарахаар одоход сэтгэл таталдахгүй бөгөөд дотоод гадаад ялгууртай болмуй. Би хичээн чармайж сэтгэл хүчээ нэгэнтээ илэрхийлсүгэй.” Хаан түүний үгийг зөвшөөрч тал өгч барахгүй байв. Төд Тансаг лугаа гар барилцан харшид залраад, олон хатад тус тусын ордондоо эгэв. Бас нэгэнтээгүүр цав бэлдүүлэн, нөгөөтэйгүүр Гахайг Шороог оруулсанд хоёр хүн удсангүй хүрч ирэв. Бичин урьдын учрын нэгэн зэрэг тоочин өгүүлээд та хоёул багшийг сайтар сахиж байгтун хэмээн захимагц үүл хөлөглөн оджээ. Харшид байсан олон түшмэд цөм одсон зүгт мөргөхийг өгүүлэхгүй.

 

            Бичин төд удалгүй тэр ууланд хүрч эрэв. Үзвээс тэр шулам дутаан ирээд нүхэндээ орж амсрыг чулуугаар даран хэвтсэн ажгуу. Бичин нэгэн зэрэг эрээд мөр сураггүй тул дотроо баахан цухалдаж хуруу имрэн тарни уншиж савдаг нарыг дуудсанд хоёр савдаг удсангүй хүрч ирээд мөргөн өгүүлрүүн: “Мэдсэнгүй! Мэдсэнгүй! Мэдсэн бөгөөс лав хол гарч угтмуй. Осолдсон ялыг уучлах ажаамуу!” Бичин өгүүлрүүн: “Би та нарыг цохихгүй. Энэ уулын нэр юу гэгч буй? Энд хэдий шулам баймуй? Үнэнээр өчвөөс та нарын ялыг уучилсугай.” Хоё садваг өчрүүн: “Энэ уулыг Үсэн сорт уул хэмээмүй, ууланд гурван газар туулайн нүх буй. Эртнээс өдгөө болтол этгээд гажуу шулмын зүйл үгүй, өлзий мөртэй буянт орон болой. Их богд шулмыг эрэх бөгөөс баруун оронд байх буй за.” Бичин өгүүлрүүн: “Би баруун орны Энэтхэг  улсад хүрвээс, тэр улсын гүнжийг нь нэгэн шулам шүүрч аваачаад, шулам нь гүнж болон хувилж, хааныг мэхлэн цэцэгт тагт цогцолж хатгамал бөмбөг орхиж хүргэн сонгомуй хэмээж ажгуу. Би Тансагийг хамгаалан тагтны доогуур өнгөрөхөд, тэр шулам Тансаг лугаа холбож үнэн шимийг нь алдуулж авах санаа байж, бөмбөгөөр багшийг цохиж онуулжээ. Би үзэж таниад ордны дотор уг биеэр илрэн барьсугай хэмээтэл тэр даруй өмсөж зүүснээ тайчиж орхиод нэгэн манцуй барьж ирээд над лугаа хагас өдөр байлдаж дийлэгдэн салхи болон оджээ. Би тэнгэрийн баруун хаалганд нэхэн хүрээд бас арваад удаа байлдахуйяа тэр дахин алтан гэрэл хувилан энд дутаан ирсэн бөлгөө, юунд үгүй болсон аж?”

 

            Хоёр савдаг үүнийг сонсоод даруй Бичинийг удирдан тэр гурван нүхийг үзтүгэй хэмээв. Урьдаар уулын хормойн дахь нүхэнд хүрч үзвээс тэнд молтогчин туулай байж цөм цочин дутаажээ. Эрсээр яг орой дээрх нэгэн нүхэнд хүрч үзвээс хоёр хэсэг бүдүүн чулуугаар амсрыг нь бөглөж буй. Савдаг өгүүлрүүн: “Энэ лав шулам буй, нэхэгдэж цухалдахдаа шурган оржээ.” Бичин даруй шийдмээр тэр чулууг хөшин нээвээс, тэр шулам үнэхээр дотор нь байж, үсрэн гарч ирээд эмийн нүдүүрээ далайн занчин ирэхүйеэ Бичин шийдмээрээ тосож авав. Савдаг нар үзээд айн дутаамуй. Шулам амандаа тэр хоёр савдагийг хараан: “Хэн таныг үүнийг энд дагуулж авчир хэмээсэн буй!” хэмээсээр шийдмийг арайхан хориглож огторгуйд дэгдэн гарав.

 

            Хараахан ийнхүү цухалдан байтал тэнгэр бас орой болжээ. Бичин улам догширч, чадваас нэгэн шийдмээр цааш хандуулсугай хэмээн занчтал, гэнэт огторгуйгаас нэгэн хүн: “Их богд гар бүү хөдөл! Шийдмийн доор найр тавигтун!” хэмээн бархирмуй. Бичин хойш харваас, үзвээс саран тэнгэр олон дагинасыг дагуулан хүрч ирсэн ажгуу. Бичин яаран шийдмээ хурааж бие мэхийн ёсолж өгүүлрүүн: “Саран тэнгэр хааш морилмуй? Өвгөн Сүн зайлж далдалж завдсангүй осол болов.” Саран тэнгэр өгүүлрүүн: “Чам лугаа байлдсан энэ шулам болбоос миний тунгалаг саран ордны эм нүдэгч хас туулай болой. Энэ амьтан хас үүднээ алтан оньсыг хулгайлан нээгээд оргон гарч яг нэг жил болов. Өдгөө үүнд үхэх аюул тулагдсаныг мэдээд би тухайлан амийг нь аврахаар ирсэн бөлгөө. Их богдтон хөгшин миний нүүр дээр үүний амийг уучлах ажаамуу.” Бичин өчрүүн: “Айшгүй үл зөрчмүй! Эмийн нүдүүр хэрэглэхийг үзээд би үүнийг ямар шулам болов хэмээн сэтгэсэн бөлгөө, үзвээс хас туулай ажгуу! Саран тэнгэр та энэ шулмын Энэтхэг улсын гүнжийг нуугаад биеэр гүнж болон хувирч, миний багш тойны үнэн шимийг алдуулан авсугай хэмээснийг мэдэхгүй буй за. Ял үнэхээр хөнгөн бус! Яахан хялбараар хэлтрүүлж болмуй?” Саран тэнгэр өгүүлрүүн: “Чи үл мэдмүй. Тэр улсын гүнж бас ч эгэл сүнс бус, мөн Саран ордны Цагаан дагина хэмээгч болой. Арван найман оны өмнө тэр дагина энэ туулайг нэгэнт алгадаж, ертөнцийн хүссэнээр тэр хааны гол ордны хатны умайд орж төржээ. Энэ туулай тэр өшөөгөө авсугай хэмээн тэр жил ордноос оргон одоод Цагаан дагиныг хээр цөлд аваачиж нэгэнт орхижээ. Гагцхүү Тансаг лугаа холбож нийлсүгэй хэмээсэнд ял үнэхээр хөнгөн бус. Тийм боловч завшаанд чиний хичээн сэрэмжилснээр үнэн худлыг үзэж таниад багшаа эс хорлуулжээ, миний нүүрийг үзэж үүний ялыг уучил, би хураан аваачсугай.” Бичин инээн өгүүлрүүн: “Ийм олон учир шалтгаанаар ирсэн болбол би мөн айшгүй үл зөрчмүй. Гагц чи үүнийг хураан аваачваас тэр хаан үл итгэх болуузай, айшгүй таныг зүдээсүгэй. Саран тэнгэр та яллан аваачсан дагина лугаа хас туулайгаа аван тэр улсад хүрч хаанд нэгэнтээ гэрчилж өгвөөс ямар буй, ингэвээс нэгд өвгөн Сүний эрдэм чадлыг илэрхийлж, жичид болбоос тэр хаанд Цагаан дагины ертөнцөд буусан шинж шалтгааныг хэлж, түүнд үйлийн үрийн харуусал хэмээгчийг мэдүүлэхэд сайн болой.” Саран тэнгэр түүний үгийг дагаж хуруугаар шулмыг зааж: “Чивэлт адгуус чи хурдан уг биеэр болохгүй бас юуг хүлээмүй!” хэмээн зандмагц тэр шулам зогссон орондоо нэгэнт өнхрөн уг бие илэрч нэгэн цагаан туулай болов. Үнэхээр:

 

Сэтэрхий уруул сийрэг сахал, сэртгэр чих, шөвгөр шүд. Хөвчин бие нь хөвөн мэт, хөл хурдан нь хөвөн нисэх адил. Хун цагаан нүүр хос улаан нүд цасан дээр цус дусалсан адил. Хярж хэвтвээс цул мяндас мэт, харайн босвоос гялаан бөмбөг адил. Хас тивийн ариун сүүдрийг шөнө бүр шимсээр, хувилгаан эмийн хамт мөнхөрч хас манцуй ч гайхамшигтай.

 

Бичин үүнийг үзээд их л баярлан үүлэнд гишгэн урагш ойртон суухад, Саран тэнгэр дагина нарыг дагуулж, цагаан туулайгаа авч шууд Энэтхэгийн хааны ордны зүг ирэв. Тэр үед үдэш болж саран манджээ. Хотод хүрвээс дохионы асарт хэнгэрэгийн дуу гармуй. Хаан нь Тансаг лугаа бас харшид байж, Гахай, Шороотон олон түшмэдийн хамт цөм индрийн өмнө байж хараахан бараалал тархсугай хэмээж байтал гэнэт хатад өмнө ирээд туяа татан гэгээн гэрэл өдөр мэт гийгүүлмүй. Олноор тэргүүн өргөн гайхах атал, Бичиний дуу гарч: “Хаан, хатдаа дуудан гаргаж ирүүлтүгэй. Энэ эрдэнэ Дуазын доор байх нь Саран тэнгэр болой, хоёр этгээдэд байх нь цөм саран дагина нар болой, тэр нэг цагаан туулай нь таны хуурмаг гүнж мөн, өдгөө чухам биеэр болов” хэмээсэнд тэр хаан яаран олон хатад ордны охидыг дуудан гаргаж бүгдээрийг огторгуй зүг мөргүүлж, өөрийн бие Тансагийн хамт олон түшмэдэд бас огторгуй зүг мөргөв. Бүх хотын ард иргэд цөм хүж шатаан мөргөв. Ийнхүү үзэж байсаар Гахай гэнэт хурьцлын сэтгэл хөдөлж тэсгэлгүй огторгуйд дэгдэн гараад Солонго дагиныг тэвэрч: “Хайрт өгий минь, чи бид хуучин танил болой, хоёулаа наадахаар одсугай” хэмээн татлахад Бичин урагш хүрч Гахайг шүүрэн авч хацрыг хэд алгадан өгүүлрүүн: “Энэ муу мангуу чи! Үүнийг ямар газар хэмээн айшгүй хурьцлын сэтгэл хөдөлмүй!” Гахай өчрүүн: “Шог гаргаж уйтгар сэргээх хэрэг төдий буй за.” Тэндээс Саран тэнгэр олон дагинаа авч цагаан туулайгаа дагуулж Саран ордондоо буцав.

 

Бичин Гахайг чирсээр бууж ирсэнд, хаан тал өгөн ёсолж, бас урьдын учрыг асууж өгүүлрүүн: “Хувилгаан тойны их увидсын ачаар хуурмаг гүнжийг олж барив, мөхөс хүний үнэн гүнж чухам хаа байх болов?” Бичин өгүүлрүүн: “Чи тэр үнэн гүнж бас ч эгэл сүнс бус, Саран ордны цагаан дагина хэмээгч болой. Арван найман жилийн өмнө тэр хас туулайг нэгэнтээ алгадаж ертөнцийн хүсэл төөрөгдөөд доор бууж чиний хатны хэвэлд орон төрөл авчээ. Тэр туулай хуучин хорслоо бодож тэр жил хас үүдний алтан оньсыг хулгайлан нээж оргон гарч ирээд, цагаан тэнгэрийг төөрүүлэн орхиж, өөрөө орлон ирж чамайг хуурчээ. Энэ нэгэн билгийн үйлийн үрийн харууслыг Саран тэнгэр өөрийн амаар сая хэлсэн болой. Энэ өдөр хуурмагийг аваачсан нь маргааш үнэнийг нь өчин ийн аваачтугай хэмээх санаа болой.” Хаан үүнийг сонсоод дотроо эвхрэн тэсгэлгүй уйлан өгүүлрүүн: “Үр минь! Мөхөс хүн хар багаасаа суурин суугаад хотын хаалгыг ч гараагүй бөлгөө, намайг хаа одож чамайг иртүгэй хэмээх аж!” Бичин инээн өгүүлрүүн: “Хаан бүү зовогтун, чиний гүнж өдгөө Хотол баясгалант алтан өглөгийн сүмд баймуй. Өдгөө түр эгтүгэй, манагар би чамд үнэн гүнжийг чинь авчирч золгуулбаас барав.” Олон түшмэд бас цөм өлмий даран сөгдөж: “Эзэн хаан дэмий битгий гунигтун, энэ хэдэн хувилгаан тойн цөм үүл мананаар явагч бурхад тул лав нөгчсөн ба ирээдүйг нэвт айлдмуй. Маргааш хувилгаан тойныг нэгэнтээ зүдээн хамтран эрэхээр гарваас эрхгүй олох буй за” хэмээн хүчлэн ятгасанд хаан сая зөвшөөрч, Тансагтаныг Хавар саатагч хэмээх тэнхимд үдшийн цав өргөж зочлон амруулав, төдийд нэгэнт хоёр жингийн үе болсон бөлгөө. Төв хэмээн:

 

Цагийн хувин дуслан саран дээр мандаж цайр хонх тянгалзан салхин дууг хүргэмүй. Хөхөө шувуу донгодож хаврын хугас болоод хүний хөл хураагдан шөнө дөл ойртов. Хааны хүрээлэн яв цав өлзийт модон навчлан, хөх огторгуй хангай уудам тэнгэрийн оёдол хөндөлджээ. Урд зээл дээр огт чимээгүй болоод, одон мичид агаар дүүрэн түгжээ. Тэр шөнө тус тусын ордонд эгэж унтсаныг өгүүлэхгүй.

 

            Энэ нэгэн шөнийн зуур шулмын уур биеэс арилсан учир тэр хааны сүлд нэмэгдэж таван жин өнгөрмөгц харшид гарав. Бараалал төгссөн хойно гүнжийг эрэх хэргийг зөвдсүгэй хэмээн Тансагтаны дөрвүүлийг залуулсанд Тансагтан удалгүй хүрч ирээд хаанд ёслон золгосонд, хаан угтан босож бие мэхийн өгүүлрүүн: “Өчигдөр, гүнжийг эрж өгөх хэмээсэн бөлгөө, айшгүй хувилгаан тойныг зүдээж энэ хэргийг бүтээхийг гуймуй.” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн зүүн зүгээс ирэх замдаа тэр өдөр тэнгэр оройтоод Хотол баясгалант хэмээх сүмд хоног гуйхаар орсон бөлгөө. Оройн цавын дараа бид сарны доор алхлан зоог хийж алтан дэвсгэрт сүмийн хуучин хүрээнд ороод эртний буйрыг үзэн атал гэнэт уйлах дуун сонсогдмуй. Түүний шалтгааныг зуун нас гарсан нэгэн өвгөн тойноос асуухад тэр тойн бусдыг цөм гаргаад сая хэлсэн нь: ноднин гурван сарын нэгэн шөнө бие хараахан сэм сууж байтал, гэнэт нэгэн их салхи салхилан гаслан уйлах дуу гарав. Би ширээнээс буун Хотол баясгалант хүрээлэнгийн буйр дээр гарч үзвээс даруй нэгэн охин байжээ. Түүний учрыг асууваас тэр охин: “Би ирэв” хэмээн өчив хэмээмүй. Тэр өвгөн тойн бас хүний ёсыг их мэдэх тул, сүмийн балмад тойд гүнжийг бузарлажээ хэмээн санаж, би шулмыг дарж хорив хэмээх нэр гарган, нэгэн сэлүү гэрт оньсолж тавьжээ. Гүнж бас түүний санааг ухаад өдөр болбоос солиу ярьж дэмий аашлан цай будаа гуйн идээд шөнийн гүн хүнгүй үед эцэг эхээ санан уйлмуй. Тэр өвгөн тойн бас хэдэн удаа энд ирж сурваас гүнж ордондоо байх тул айшгүй айлтгаж чадсангүй хэмээмүй. Тэрээр миний шавийн баахан шид байхыг үзэж дахин давтан захиж намайг хотод орвоос хэрхэвч нэгэнт лавлаж өгөгтүн хэмээсэн бөлгөө. Санамсаргүй харин Саран ордны хас туулай шуламлан ирээд үнэн дүрийг булаан эзэлж гүнж болоод бас миний үнэн шимийг алдуулсугай хэмээв. Завшаанд миний шавь эрдэм увидсаа гаргаж үнэн худлыг таниад өдгөө нэгэнт Саран тэнгэрээр хураалгав. Эрхмийн гүнж чинь өдгөө Хотол баясгалант сүмд солиотойгоор овлож баймуй” хэмээсэнд, хаан учир шалтгааныг ухаж олоод хэдийнэ дуу тавин уйлсанд гурван ордон зургаан хүрээлэнгийн хатад цөм хүрч ирэв. Төд учир шалтгааныг асуун сонссон хойно олон хүн эс уйлсан бээр үгүй. Нэлээд удсан хойно хаан бас асууруун: “Тэр сүм эндээс хэдий хол баймуй?” Тансаг өгүүлрүүн: “Эндээс жаран газар баймуй.” Хаан даруй зарлиг болж: “Зүүн баруун хоёр ордны хатан харшийг сахиж төрийн эрхэлсэн тайш хатныг хамгаалан суугтун, мөхөс хүн их хатан лугаа олон түшмэдийг авч, дөрвөн хувилгаан тойны хамт сүмд хүрч гүнжийг аврахаар одсугай” хэмээв. Тэр даруй хаан мордож хотоос гарав. Бичин багш огторгуйд дэвхлэн гарч нэгэнтээ бөхиймөгц сүмд хүрсэнд олон хувраг яаран угтан мөргөж: “Багш та урд явганаар одсон бөгөөд энэ өдөр яахан тэнгэрээс бууж ирсэн аж?” хэмээхэд, Бичин инээн өгүүлрүүн: “Таны тэр өвгөн багш чинь хаана байна вэ? Түүнийг хурдан дуудаж ир, өдгөө улсын хаан хатан, сайд түшмэд манай багш лугаа энд ирмүй, түргэн хүжсийн ширээ бэлтгэж хааныг угтагтун.” Олон хувраг түүний санааг ухахгүй даруй орж өвгөн багшдаа хэлсэнд, өвгөн тойн гарч ирэн Бичинд мөргөн золгож өгүүлрүүн: “Гүнжийн учир хэрхэв?” Бичин тэр хуурмаг гүнжийн хатгамал бөмбөг таягдан Тансаг лугаа холбосугай хэмээснээс байлдан эхэлсэн, бас Саран тэнгэр хас туулайгаа хураан аваачсанд хүртэл нэгэн зэрэг нарийвчлан өгүүлсэнд тэр өвгөн тойн дахин давтан мөргөж тал өгөв. Бичин түүнийг тэтгэн босгож: “Бүү мөргө, бүү мөргө. Хурдан хааныг угтахаа бэлтгэ” хэмээсэнд олон хувраг сая хойд хүрээнд оньсолж байх нь гүнж ажгуу хэмээн мэдээд, цөм гайхан баярлаж номт дээлээ өмсөн зул хүж асааж, хэнгэрэг харанга дэлдэн гарч хүлээв. Удсангүй хааны жагсаал хүрч ирсэнд үзвээс:

 

Эвхэр эвхэр бэлгэт үүл агаар дүүрэн түгж, ярс ярс яруу униар аглаг уулыг хөшиглөв. Өлзий бэлгэ үргэлж оршин далай мөрөн ариудаж, үнэн буян үүр ивээн Иьюй  Танд тэнцмүй. Өвс модон хишгийг хүртэж өнгө үзэмж нэмэгдэн, навч цэцэг ивээлийг олж үнэр үлэмж ханхалмуй. Эрт үеийн эрдэмт өтгөсийн үлдээн хоцроосон мөрд энэ өдөр гэгээн эзэн залран ирсэнд баясмуй.

 

Хаан сүмийн үүдэнд хүрч үзвээс олон хувраг дарь тэгш жагсаж ёслон угтмуй. Тэдний дунд Бичин бас байхыг үзээд тойн гайхан асууруун: “Хувилгаан тойн яахан урьдаар хүрч ирсэн аж?” Бичин инээн өгүүлрүүн: “Би нэгэнтээ бөхөсхиймөгц даруй энд хүрч ирэв. Та нар юунд өдий удаан явсан буй?” хэмээв. Дагалдуур Тансагтан цөм хүрч ирээд хааныг удирдан хойд гэрт ирэхэд гүнж бас солиогоор овлож дэмий л өгүүлмүй. Өвгөн тойн сөгдөн зааж: “Урьд жилийн салхинд хийсгэгдэн ирсэн гүнж даруй энэ гэрт баймуй” хэмээсэнд, даруй хаалганы оньсыг нээлгэн хатны хамт орж гүнжийг үзмэгц таниад бузар буртагийг бодолгүй урагш одож тэврэн үнсэж: “Зовлонт үр минь! Чи яахан ийм хал зовлон үзэж энд байсан аж!” хэмээгээд, үнэхээр эцэг эх үр хүүхэд учирсан нь энгийн хүн лүгээ адилгүй. Гурвуул хүзүү хүзүүнээсээ тэврэлдэн нэгэн зэрэг ихэд уйлж салж хагацсанаа нэгэн зэрэг хэлэлцсэн хойно цэвэр ус авчруулж гүнжийг угаалган дээл хувцсыг халан өмсгөж, сүйхийг авчруулан хойш эгсүгэй хэмээв.

 

            Бичин бас гар өргөн өгүүлрүүн: “Өвгөн Сүн би бас нэгэн учир буй, хаанд мэдүүлсүгэй хэмээмүй.” Хаан хариу ёсолж өгүүлрүүн: “Хувилгаан тойн ямар захих хэрэг байваас хэлэгтүн, мөхөс хүн би ёсчлон үйлдмүй.” Бичин өгүүлрүүн: “Энэ уулын нэрийг Зуун хөлтийн уул хэмээмүй, өнөөхөн сонсвоос энэ ууланд чичүүр хорхой шулам бүтээд шөнө гарч хүнд хор хийж зорчигчдыг маш зовоомуй хэмээнэм. Би санаваас чичүүр хорхой хэмээгч ганц тахианаас аймуй, хаан хотоос мянган бүдүүн эрэгчин тахиа авчирч ууланд тавиваас энэ хорт хорхойг арилгаж болмуй. Дахин энэ уулын нэрийг халах зарлиг хайрлаваас эндхийн тойдын гүнжийг үлдээн тэжээсэн ачийг хариулж болмуй” хэмээсэнд, хаан баярлан зөвшөөрч түшмэл заран хотоос тахиа авчруулан ууланд тавиулж, уулын нэрийг Эрдэнийн цогт уул хэмээн халаад, бас үйлдэх яамаар мод чулуу төхөөрүүлэн сүмийг засуулж “Зарлигаар байгуулсан Эрдэнийн цогт уулын Хотол баясгалант сүм” хэмээгээд, тэр өвгөн тойныг “Улсыг тэтгэгч цогчин тойн” өргөмжлөн гучин зургаан дангийн пүнлүү идүүлэв. Олон хувраг хишигт мөргөөд хааныг үдэв. Гүнж ордонд эгээд бүгдэд золгосон хойно, хаан хурим базаалган гүнжийн зовсныг тайлан баяр хийв. Алдсан гүнжээ олж хаан хатан хамаг түшмэд хамтаар баярлалцан нэгэн шөнө хуримлан найрласныг өгүүлэхгүй.

 

            Дэд өглөө хаан зарлиг буулган нэрт зурагч авчран, богд тойн дөрвүүлийн хөргийг зуруулан цог амарлингуй хэмээх асарт хүндэтгэн тахьжээ. Бас гүнжийг шинээр засан чимэн харшид гарган Тансагтан дөрвүүлийн зовлонгоос аварсан ачид мөргүүлэв. Гүнж мөргөж барсан хойно Тансаг хаанд аярлан одсугай хэмээхэд, тэр хаан юу тавьж явуулах аж, даруй тав зургаан өдөр их хурим тавьж зочлов. Энэ харин ганц тэр мангуугийн санаанд сууж хэдэн өдөр үнэхээр хэвлий мэдэн идэв. Хаан тэдний бурханд золгохоор байхыг мэдээд, хүчлэн үйлдвээс болохгүйн тул даруй алт мөнгө хоёр зуун хэсэг, эд эрдэнэ тус тус нэжгээд тэвш авчруулж барьсанд багш шавь нар сохор зоос ч авахгүй тул даруй жагсаал жагсаан Тансагийг их сүйхэнд суулгаж түшмэлээр хот гартал үдүүлж, олон хатад түшмэл, ард иргэд цөм зам бөглөртөл ирж мөргөж байв. Сая замд ортол олон хувраг мөргөн үдэж салан төвдөхгүй байхад Бичин тэдний эгэхгүйг үзээд арга баран хуруу имрэн хийн орны зүг нэгэнтээ үлээж нэгэн зэрэг салхи хөдөлгөсөнд олон хүн их салхинд нүд нээж болохгүй байх чөлөөнд сая олж мултран одов. Төв хэмээн: ачийн давалгаанд ариутган угаахуйяа үнэн чанар тогтнож, ашгийн далайгаас ангижран гарсанд чухам хоосныг ономуй. Урагш замд ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 57 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 45 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 13 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 17 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 0 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 33 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 36 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 37 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 11 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 20 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 30 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 35 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 58 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 15 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 9 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 33 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 34 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 49 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК