зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ЕРЭН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


ДӨРВӨН ТОЙН ХААНЫ ЦЭЦГИЙН ХҮРЭЭЛЭНД ХУРИМЛАН ЦЭНГЭЛДЭВ

НЭГЭН ШУЛАМ ТАЧААНГУЙ СЭТГЭЛИЙГ ӨВӨРЛӨН ХООСОНД БАЯРЛАВ

 

Өгүүлэх нь, Бичинтэн тэр хиа түшмэлийг дагаж ордны хаалганд хүрсэнд, хаалгач түшмэл хэдийнэ хаанд айлтган оруулсанд тэд гурвуул зэрэгцэн зогсож, огт ёслон мөргөх бээр үгүйд хаан зарлиг болруун: “Та гурвуул даруй миний богд тойн тавнангийн шавь нар буюу? Нэр овог юун? Аль газрын ямар хүн буй? Ямар учирт гэрээс гарч тойн болов? Ямар номыг залах буй?” Бичин урагш давшиж харшийн дээр гарсугай хэмээтэл хажуунаас нэгэн хиа түшмэл өндөр дуунаар зандран өгүүлрүүн: “Бүү хөтөл! Учир буй болбоос зогсоогоор айлтга.” Бичин инээж: “Манай зэргийн гэрээс гарсан тойн хүн хэмээгч явж болох газар байваас даруй урагш давших болой” хэмээгээд Гахай Шороотныг дагуулж хааны харшийн дэргэд ойртон ирэхүйд, Тансаг тэдний болхи бүдүүлэгт эзэн хаан айн цочихоос болгоомжилж суудлаасаа босож: “Шавь нар минь, хаан та нараас учрыг асуух тул хариулан айлтгаваас барав” хэмээв. Бичин багшаа зогсож байхыг үзээд тэсшгүй өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Хаан, хүнийг хөнгөлсөн нь мөн биеэ хөнгөлсөн болой. Нэгэнтээ миний багш бээр тавнан болгосон атал, юунд ийн зогсоомуй? Дэлхий дахины хүн хүргэнээ “Эрхэм хүн” хэмээн дуудах бөгөөтөл, эрхэм хүнд суудал үл шагнах ёсон буй буюу!” Хаан Бичиний энэ үгийг сонсоод маш айн дотогш орсугай хэмээхүл төв ихэмсэгийг алдахаас болгоомжилж зориг гаргаж хажууд байсан хиа түшмэлээр суудал авчруулж Тансагт шагнасан хойно, Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний өссөн нутгийг хэлбээс,

 

Зүүн Үлэмж биет тивийн Уулай улсын

Цэцэг жимст уулын Усан үүдэт агуй.

Хад чулуу хага үсрэн намайг төрүүлсэн тул,

         Хан тэнгэр хамаг дэлхий миний эцэг эх бөлгөө.

        Дээд эрдэмтнийг багш барьж их ёс бүтээгээд

        Хувилгаан уул хутагт агуйдаа би буцав.

        Далайд орж лусын хааныг номхотгож,

        Уулан дээр гарч барс ирвэсийг би барьлаа.

        Эрлэг тамын данснаас нэрээ баллаж,

        Эрхт тэнгэрийн дэвтэрт овгоо тэмдэглүүлж,

        Тэнгэр лүгээ сацуу их богд хэмээх хэргэмийн туйлд хүрлээ.

        Хас эрдэнийн ордонд сэтгэлийн тааваар тойрч

        Хамаг олон эрхтэн лүгээ санааны дураар цэнгэлдлээ.

        Гагц өлзийт тоорын хуримыг түйвээж

        Тэнгэрийн орныг ихэд самууруулсан тул

        Түүнчлэн ирсэн бурханд баригдаж

        Таван махбодын уулын доор дарагдлаа.

        Өлсвөөс төмөр үрэл идэж,

        Ундаасваас гуулин ус ууж,

        Таван зуун жил цай хоолыг аманд эс хүргэлээ.

        Миний багш баруун газраас ном залах болсонд,

        Хомсим бодисадва намайг өршөөж

        Тэнгэрийн аюулаас гаргалаа.

        Бодь хутгийг залахыг бодож бурхны шавь боллоо.

        Уг нэр нь Сүн Ү Күн, олсон цол нь Син Жэ хэмээлээ.”

 

Тэр хаан түүний их алдрыг сонсоод яаран луугийн суудлаас бууж өөрийн гараар Тансагийг түшин: “Тавнан минь, энэ бас ч мөхөс хүн миний сайн ерөөлөөр та мэтийн арш хувилгаад лугаа ураг садан болов” хэмээсэнд Тансаг хариу талархаж хаан харшид залран суугтун хэмээв. Тэр хаан бас: “Аль нь хоёрдугаар шавь буй?” хэмээн асуусанд, Гахай хошуугаа эртийлгэн сүр бадруулан өгүүлрүүн:

 

             “Өвгөн Ү би өнгөрсөн төрөлд өнгөнд дуртай явж,

Өлөн мунхгийн учраа үзэж мэдсэн бага.

Уулын хол, усны гүнийг үл таньж

Асар тэнгэр, алтан дэлхийн уудмыг эс мэдэв.

Хэлтрэн явахын дашрамд гэнэт нэгэн хувилгаанд тохиолдож

Гэгээрүүлэн хэлсэн хэдэн үгээр миний хилэнцийг тайлав.

Учрыг мэдэж ухаарсан тул би түүнийг багш барьж,

Хоёр наймын бясалгал бясалгаж, ес есийн эрдмийг сурав.

Хувилгаан эрдэм бүтэж огторгуйд дэгдэн гарсанд,

Хурмаст тэнгэр намайг өршөөж их өрлөгийн тушаалд суулгав.

Тэнгэрийн орны усан цэргийг би гар доороо захирч,

Дээд оронд дураар явав.

Өлзийт тоорын хуримд би үлэмж их согтсон тул,

Саран охин тэнгэрийг шоглож Замбутивд намайг цөлөв.

             Эхийн хэвлийд эндүүрэн орж гахайн төрлийг аваад,

            Буянт уулнаа болохгүй муу хэргийг үйлдэв.

            Бодисадва надад уулзан бодь мөрийг заасанд

            Бурхны сургаалд орж богд тойныг дагав.

            Гандарагүд уулыг зорьж

            Гайхамшигт номыг залахаар явав.

             Номын нэр Ү Нэн, сахилын нэр Найман санваарт хэмээмүй.

 

Хаан сонсоод цөс цалгин зүрх чичирч айшгүй ас харахгүйд, тэр Манхуу нэн их сүр бадруулан толгойгоо сэжин хошуугаа эртийлгэн хадганан инээмүй. Тансаг бас хааныг эмээгүүзэй хэмээн санаж: “Найман санваарт чи баахан номтой байгтун!” хэмээн зандарсанд, тэр сая гараа тавин төв зогсов. Хаан бас: “Гутгаар шавь бас юуны учир шашинд оров?” хэмээн асуусанд, Шороо даруй алгаа хамтатган ийн өгүүлрүүн:

 

“Өвгөн Ша би угаас нэгэн эрэмгий эр боловч

Сансрын хүрднээ орчихуйгаас айн ёсыг сурав.

Далайн хязгаарт хэсэн тойрч

Тэнгэрийн хормойд зорчин явав.

Номт дээлийг салгалгүй биед авч,

Бодисадвагийн тарнийг амандаа уншив.

Чигч сүсэг ийнхүү үнэн асан учираа

Шидтэн аршид учирч,

Мөнхийн үрлийг боловсруулан

Мөнгөн усыг ширгээв.

Гурван мянганы үйл бүтэж дөрвөн шинж нийлэв.

Хувилгаан увидас бүтэж хоосон огторгуйд гарсанд,

Хурмаст тэнгэр намайг өршөөж

Орхиул эвхэгч их жанжны тушаалд тавив.

Өлзийт тоорын хурим дээр болор хундагыг

Болгоомжгүй хагалсны учир,

Шороо голд цөлсөнд

Нүүр зүсээ халж нүгэлт явдлыг ихэд үйлдэв.

Буянаар бодисадвад учирч

Бурхны шавь Тансагийг дагаж бодь мөрийг ол хэмээн намайг ятгав.

Түүнээс эхлэн муугаа халж сайнд орон,

Бясалгал хийж номд сүсэглэв.

Голыг зааж нэрийг хэлж Шороо хэмээв.”

 

Тэр хаан үүнийг сонсоод баярлан бөгөөтөл бас эмээв. Түүний баярласан нь өөрийн охин амьд бурхныг сонгож хүргэн болгов, эмээх нь энэ гурвын уг гарал цөм шулам болой. Баярлан эмээхийн хооронд байн атал, үзлэгч түшмэл орж ирээд ийн айлтгаруун: “Хуримын өдрийг хянаваас энэ сарын арван хоёрны хар хулганын луу цаг нь хандсан зүгт хишиг тогтсон өлзийт өдөр тул холбовоос болмуй.” Тэр хаан өгүүлрүүн: “Өдгөө хэд болов?” Үзлэгч түшмэл айлтгаруун: “Энэ өдөр шинийн найман, жимс өргөх шар бичин өдөр тул хуримын юмыг төхөөрвөөс болмуй.” Хаан алсхийн баярлаж шадар түшмэдээр хааны цэцгийн хүрээлэнгийн асар тагтыг цэвэрлүүлэн, тавнангийн шавь нарын хамт амруулж, дараагаар хурим тавин гүнжийг холбомуй хэмээсэнд, түшмэд зарлигийг даган эчив. Хаан ордонд эгэж хамаг түшмэд тархсаныг өгүүлэхгүй.

 

            Тэндээс, Тансаг багш шавь дөрвүүлийг хааны цэцгийн хүрээлэнд залж авчиртал тэнгэр нэгэнтээ орой болсон тул цагаан хурим шагнасанд, Гахай их л баярлаж: “Энэ өдөр бас хуримд суух болов” хэмээгээд авчирсан хоол будааг цөм идэж цадсаны хойно сая зогсов. Удалгүй зул авчирсанд тэд өөр өөрийн оронд орж хэвтэв. Тансаг хүнгүйг үзээд Бичинийг занан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин, чи дахин дахин намайг зовоомуй! Би тэмдэгт бичгээ сольж одсугай хэмээхүл чи болохгүй, заавал тэр тагтны доор эчиж үзсү хэмээмүй. Өдгөө ийм хэрэг өдөв, хэрхвээс сайн?” Бичин инээн өгүүлрүүн: “Нэгнээр багш чи өөрийн эхийн заяаны бөмбөг таягдаж хүргэн сонгосон учрыг үргэлж дурдах тул, чамд бас тийм санаа байх мэт. Хоёрт Алтан дэвсгэрт тэр сүмийн өвгөн тойны үгийг санаж үнэн худлыг мэдсүгэй хэмээн чамайг тагтны доор аваачсан бөлгөө. Би тэр хааны царайг лавлаваас өчүүхэн муу ёр буй, гагц тэр гүнжийг үзсэнгүй.”

 

            Тансаг өгүүлрүүн: “Чи тэр гүнжийг үзэж яамуй?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн миний энэ алтан цэцгийт ал нүдээр тэр гүнжийг үзвээс, түүний үнэн худал, сайн муу, баян эрхэм, үгээгүү ядуу, төв гажууг цөм ялгаж чадмуй.” Шороо Гахайтан цөм инээж: “Ах, царай шинжигч болжээ” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Царай шинжигч нь өвгөн Сүн миний ач жич болох буй за.” Тансаг зандран өгүүлрүүн: “Олон үг хэлсний хэрэггүй, өдгөө тэр надаар хүргэн болгосугай хэмээмүй, хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Арван хоёрын сайн өдөр, тэр гүнж лав эцэг эхдээ золгохоор гарч ирмүй. Би чиний хажууд байж үзвээс, хэрэв үнэн хүн болбоос чи даруй түүний тавнан болоод улсын их буян дээр жаргаваас барав.” Тансаг тэр үгийг сонсоод маш тачаадан хилэгнэж хараан өгүүлрүүн: “Энэ сармагчны зулзага! Чи бас намайг хөнөөсүгэй хэмээх буюу! Ү Нэнгийн хэлэхээр болбоос бид арван хувийн есийг явсан атал чи харин үгээр намайг хорломуй. Тэр өмхий амаа бушуу хумигтун, дахин хэлбээс би даруй тэр тарниа уншиж чамайг тэсэшгүй болгомуй.” Бичин тарни унших хэмээхийг сонсоод маш айж сөгдөн өгүүлрүүн: “Бүү унш! Бүү унш! Хэрэв үнэн үг болбоос тэнгэрт мөргөхүйн үед бид тэр хааны ордныг үймүүлэн чамайг булаан гаргасугай” хэмээн багш шавь бүгдээр хэлэлцэн атал, хэдийнэ бас шөнө дөл болов. Төв хэмээн:

 

            Хааяа хааяа шөнийн дохио сонстож,

            Ханхас ханхас цэцгийн үнэр үнэртмүй.

            Баян айл сувдын орхиулаа буулгаж,

            Сул тэнхимд зулын гэрэл сөнөжээ.

            Дүүжингийн дээс жихүүн сүүдрээ газар үлдээж,

            Дөрвөн жинд дуугүй нам гүм.

            Сарны гэрэл доор сайхан цэцэг найгаж,

            Огторгуйн гүнд одон мичид түгжээ.

            Хөхөө шувууны донгодох дуун тасарч,

            Хөнгөн эрвээхэй зүүдэнд нөхцжээ.

            Мөнгөн гол огторгуйд хөндөлсөн,

            Мяндсан үүлс нутагт эгжээ.

            Удын найлзуур урьхан салхинаа найгахуйд,

            Уйтгарлах сэтгэл нэнтээ нэмэгдмүй.

 

Төд Гахай багшдаа: “Шөнийн гүн болов, учир байваас маргааш дахин зөвдсүгэй” хэмээгээд багш шавь дөрвүүл нэг шөнө амсхийн нойрсов.

 

            Удалгүй тахиа дуугарсанд, хаан харшид залрав. Гагц үзвээс:

            Орд харшийн үүдийг сөхөхүйеэ бор униар дэгдэж,

            Хөгжмийн эгшиг салхинд хийсэн хөх огторгуйд нэвтэрчээ.

            Ирвэсийн сүүлд үүл нүүж туг хиур хөдөлж,

            Матрын толгой дээр нарны гэрэл тусч хасын сүйх сажилжээ.

            Нимгэн униар хөшиглөхүйеэ ордны уд ногоорон

            Шингэн шүүдэр буухуйяа хүрээлэнгийн цэцэг булбарай.

            Түмэн наст хэмээн бүжиглэхүйеэ мянган түшмэл жагсаж,

            Төр улс төвшин болохуйяа тэнгис мөрөн тунгалаг.

 

Бичиг цэргийн хамаг түшмэд бараалалд цугларсны дараа, хаан бас зарлиг болруун: “Арван хоёрын их баярын хуримыг Хишиг буянт сүмд бэлтгэ. Энэ өдөр тавнанг цэцгийн хүрээлэнд залж зугаацуулсугай” хэмээгээд, бас ёслолын түшмэлд Бичинтэнийг өртөөний газар аваачиж Хишиг буянт сүмд бэлтгэсэн хуримаас гурван ширээ аваачиж зочлоод, хоёр этгээдэд цөм хөгжим үүсгэн хаврын үзэмжийг үзүүл хэмээн захив. Гахай үүнийг сонсоод өндөр дуунаар дуудан өгүүлрүүн: “Хаан, багш шавь бид дөрвүүл учирсан өдрөөс нааш нэг ч өдөр салсан бээр үгүй, та миний багшийг тавнан болгосугай хэмээвээс биднийг бас цэцгийн хүрээлэнд аваачиж хуримлаад хэдэн өдөр зугаацуул, эс тийн бөгөөс энэ хэрэг бүтэхүйеэ бэрх.” Хаан түүний дүр байдал муухай бөгөөд үг хамар бүдүүлэг дээр бас толгойгоо дамардан хошуугаа эртийлгэн чихээ гөвөх нь баахан солиотой мэтийг үзээд ургийн хэргийг эвдүүзэй хэмээн болгоомжлон: “Цуг амарлингуй асарт хоёр ширээ зас, би тавнан лугаа суумуй. Хавар саатагч тагтанд гурван ширээ засаж тэд гурвуулыг зочилтугай. Багш шавь дөрвүүл хамт сууваас ёсонд үл нийцэх болуузай” хэмээсэнд тэр Манхуу сая дээш харан тус тус хойш болсны хойно, бас зарлиг буулган гурван ордны хатад, зургаан хүрээлэнгийн авай нар гүнжийг чимж арван хоёрын холбох өдрийг хүлээгтүн хэмээв.

 

            Могой цагийн үед тэр хаан сүйхэнд сууж, Тансагийг цэцгийн хүрээлэнд залан аваачив. Үзвээс үнэхээр сайхан хүрээлэн ажгуу.

 

            Өнгөт чулуу дэвссэн замын дэргэд үнэрт цэцэг дэлгэрч

            Үүдний хэрсэгийн дотор гадна удамбарын сайхан үнэр анхилжээ.

            Улаан тоор ногоон навчнаа согтуурч

            Уд найлзуурын дотор алтан гургалдай жиргэжээ.

            Алхах бүр ариун үнэр ханцуйн дотор нэвтэрч,

            Явах бүр янзын үнэр дээлийн дотор шингэжээ.

            Тагтнаас гарсан бишгүүрийн эгшиг галбингааг удирдан авчирч,

            Нуурын дотор тэжээсэн загас жараахай луу хувилан оджээ.

            Хулсан асар дээр бичсэн шүлэг үгийн дээжийг дуусган

            Хэрсэгийн дэргэд өлгөсөн дэвтэр хасын тэвгээр товчилжээ.

            Уул хад оюу шүрээр чимж,

            Урсгалт мөрөн цэнхэрлэн давалгаалжээ.

            Мандарваа цэцэгт дэгд, цанхуй цэцэгт жиас,

            Таж магнагийг зэрэглэн дэвссэн мэт,

            Малиа хэрсэг, хайтан хүрээлэн хасыг сийлсэнд адил.

            Цээнэ цэцгээс сайхан үнэр анхилж,

            Гавир цэцэг гайхалтай сайхан ургажээ.

            Алим тоор амт булаалдан жимсэлж,

            Бор цахирмаа шар цэцэг өнгө тэмцэлдэн дэлгэрчээ.

            Угтмал цэцэг, цацагт цэцэг, хурц улаан цэцэг алаглан ургаж,

            Мөшөөлт цэцэг, хумсан будаг цэцэг, хас хатгуур цэцэг салхинд сажилжээ.

            Бор улаан цэцэг бут бутаар харагдаж,

            Элдэв зүйлийн хуар энд тэндгүй үзэгдмүй.

           Халуун наран ханагар дэлхийг ивээхүйд

           Хамаг бодис дахин амилж хаврын өнгөөр бялхжээ.

 

Хаан түшмэд хаврын үзэмжийг удтал үзэж байтал, ёслолын яамны түшмэл хэдийнэ бас Бичинтэнийг залж Хавар саатагч тагтанд орсонд, хаан бас Тансагийн хамт цуг Амарлингуй асар дээр гарч хуримлав. Шимт идээг ширээ дүүрэн өрж, хөгжим үүсгэн энэ нэгэн зэрэг найрласан нь:

 

        Өндөр асрын дээр өглөөний туяа тусч

        Өрөө тагтны дэргэд өнгөт солонго татжээ.

        Хамаг ургамал хаврын үзэмжид баясч

        Харвах нарны гэрэл гэмэрлэг дээлийг гэрэлтүүлжээ.

        Хуур хөгжим хуримын ширээнээ хүнгэнэж

        Хорзын сайхан үнэр хундагын дотор анхилжээ.

        Хиа түшмэд хааны хамт цэнгэлдэж

        Хязгаар орон энх түвшинд амарчээ.

 

Тэр хаан түүнийг тийн их хүндэтгэн хуримлахуйд, Тансагийн дотор хэдий баяргүй байсан боловч мэдэгдэхээс болгоомжилж аяыг даган баясав. Тансаг суудлаас үзвээс туурган дээр дөрвөн улирлын үзэмжийн урт зургийг өлгөж хажууд цөм Бичгийн утгач нарын шүлэглэсэн шүлгийг бичжээ.

 

Хаврын үзэмжийн шүлэгт өгүүлсэн нь:

 

        “Дөрвөн улирал ээлжлэн төдөлгүй хавар болохуйяа

        Түмэн бодис дахин амилж төв дэлхий шинэтгэмүй.

        Харилцан тэмцэлдэн алим тоор өнгө ялгаран навчлахуйяа

        Хараацай ирж гэрийн саравчнаа шинэ үүр барьмуй.”

 

Зуны үзэмжийн шүлэгт өгүүлсэн нь:

 

        “Халуун жавар нил нил сэтгэлийг ихэд бухимдуулахуйяа

        Хааны ордонд хал анар нарнаа гялтганамуй.

        Хас бишгүүр жингэнэн үдийн зүүднээс дуудан сэрээхүйеэ

        Халхавчийн цаанаас цэцгийн сайхан үнэр анхилмуй.

        Намрын үзэмжийн шүлэгт өгүүлсэн нь:

        “Уянгат модны шар навч сэрчигнэн газар унахуйяа

        Орхиул буулгагүй цонхны дээр шөнийн хяруу буув.

        Уран хараацай улирлыг мэдэж үүрээс салан одохуйяа,

        Олон галуу сүрэглэн нисч өөр нутгийг эрвэй.”

 

Өвлийн үзэмжийн шүлэгт өгүүлсэн нь:

 

        “Огторгуйд үүл бүрхэн улам хүйтэн болохуйяа

        Умард салхи хуугин цас уулыг бүрхжээ.

        Хааны ордонд хяс түлж гэрээ дулаацуулахуйяа

        Хашаан дотор тэргүүлэгч цэцэг дэлгэрснийг мэдээлжээ.”

 

Тэр хаан, Тансагийн шүлэгт сонин байхыг үзээд, “Тавнан тэр шүлгийн утгыг амтархан зажлахыг үзвээс, лав шүлэг уянгад дуртай буй за. Хэрэв хас тана мэт шүлгээ хайрлахгүй бөгөөс тус бүр нэгэн бадаг нийлүүлэхүйд ямар?” Тансаг шүлэгт шунан байсан тул хааны ийн шүлэг нийлүүлсүгэй хэмээхийг сонсоод санамсаргүй амны аяар:

 

“Хаврын наран цам мөсийг хайлуулахуйд,

Хааны хүрээлэнгийн цэцэг хуар шинэдвэй” хэмээн уншсанд, тэр хаан их л баясч   

шадар түшмэлд “Бичгийн гэрийн дөрвөн эрдэнийг авч ир” хэмээсэнд Тансаг мөн өчүүхэн ч маргасан бээр үгүй, бийр сажлуулан шүлэглэсэн нь:

 

        Хаврын үзэмжид нийлүүлсэн шүлэг:

        “Хаврын наран цас мөсийг хайлуулахуйяа

        Хааны хүрээлэнгийн цэцэг хуар шинэдвэй.

        Урьхан салхи өгөөмөр хурыг буулгахуйяа

        Улаан тоос дарагдаж улс иргэн амарвай.”

 

Зуны үзэмжинд нийлүүлсэн шүлэг:

 

        “Удирасад одон өмнө зүгийг заахуйяа,

        Уд хөхрөн одон мичид гялалзмуй.

        Ордны шугуйд алтан гургалдай донгодохуйд,

        Уран хараацайн дуун замыг нэвтэлмүй.”

 

Намрын үзэмжид нийлүүлсэн шүлэг:

 

        “Улбар жүржийн сайхан үнэр анхилахуйд

        Нарс майлс ногоорон хяруунд баясмуй.

        Хашааны доторх удвал хагас дэлгэрэхүйд,

        Хааяагүй хөгжмийн эгшиг жингэнэмүй.”

 

Өвлийн үзэмжид нийлүүлсэн шүлэг:

 

        “Анхны цас орохуйд уур амьсгал жихүүн,

        Уулын оройг цагаан хас бүрхжээ.

        Хяс түлж үйрмэг ээзгий хийхүйд

        Ханцуйгаа тохойлон хэрсэг түшин дуулжээ.”

 

Хаан, нийлүүлсэн тэр шүлгийг уншаад их л баярлаж: “Юутай сайхан “Ханцуй тохойлон хэрсэг түшин дуулмуй” хэмээгч буй!” хэмээгээд, хөгжмийн түшмэлээр шүлэгт хөг тааруулж хөгжимдүүлэн өдөр дуусан цэнгэлдэж сая тархав.

 

            Бичинтэн бас Хавар саатагч тагтанд тааваар зооглон, цөм хэдэн хундага архи уун халж багшаа эрэхээр ирэв. Тансаг хаан лугаа нэгэн асарт найралдаж байхыг Гахай үзээд тэнэг нь хөдөлж дуудан өгүүлрүүн: “Юутай жаргал! Юутай жаргал! Энэ өдөр цадтал идэв, өдгөө унтахаар одсугай!” Шороо инээн өгүүлрүүн: “Бага ах үнэхээр юм мэдэхгүй, энэ мэт тэнийтэл идчихээд яаж унтмуй?” Гахай өгүүлрүүн: “Чи юуг мэдмүй, энгийн үгэнд “Гэдийтэл идээд эс хэвтвээс гэдсэн дотор өөх үл суух” хэмээжээ.”

 

            Тансаг, хаанаас аярлан салж тагтнаа хүрч ирээд Гахайг зэмлэн өгүүлрүүн: “Та юунд нэн тэнэгээр явмуй! Энэ ямар газар буй! Дэмий бархирсаар хааныг хилэгнүүлбээс миний аминд хор үл болох буюу?” Гахай өгүүлрүүн: “Гайгүй! Гайгүй! Бид үүнд худ ураг болмуй. Энгийн үгэнд “Элдээд салшгүй элгэн садан, хөөгөөд явшгүй хөрш гэр” хэмээжээ. Бага сага зоог барихуйд тэр юуны биднийг буруушаах аж, түүнээс айсны учир юун?” Тансаг зандран өгүүлрүүн: “Энэ тэнэг амьтныг дарж унага, хорин мод элдсүгэй.” Бичин дарж унаган Тансаг занчихуйд, Гахай “Тавнан ноён! Ялыг минь уучил! Ялыг минь уучил!” хэмээн бархирсанд, хажуудах хааны түшмэл гуйж зогсоов. Манхуу мөлхөн босоод амандаа түднэн өгүүлрүүн: “Юутай хэцүү тавнан буй! Гүнжийг аваагүй байтал, хүнийг хуульдаж эхлэв.” Бичин түүний амыг битүүлж: “Дэмий бүү донгод! Унтахаар одсугай!” хэмээгээд тэр Хавар саатагч тагтанд нэгэн шөнийг өнгөрөөж, жич өдөр бас уг ёсоор хуримлан цэнгэлдэв.

 

            Ийн цэнгэлдсээр санамсаргүй гурав дөрвөн өдөр болоод, төв хэмээн арван хоёрын сайн өдөр болсонд, Хишиг буянт сүмийн гурван аймгийн олон түшмэд хойш ирж мэдүүлрүүн: “Түшмэл бид шинийн найманд зарлигийг хүлээж одоод, өдгөө нэгэнтээ тавнангийн ордныг төхөөрч барав. Бас хуримын юмыг цөм төхөөрч барав, махтай махгүй нийт таван зуун ширээг нэгэнтээ бэлтгэн төгсөв” хэмээсэнд, тэр хаан их л баясч тавнанг залан хуримласугай хэмээтэл, дотоод ордны түшмэл ирж айлтгаруун: “Түмэн наст, Дундад ордны хатан хааныг залмуй.” Хаан даруй ордонд орж үзвээс, гурван ордны хатад зургаан хүрээлэнгийн авай нар гүнжийг Наран гийгүүлэгч ордонд авчирч инээлцэн хэлэлцмүй. Хаан үзвээс үнэхээр хуар цэцэг мяралзах мэт болоод, тэр нэгэн бүлгийн гоо үзэсгэлэн нь үнэхээр тэнгэрийн ордон, сарны харшаас хэтийдээд, аршийн орон хутагтын газраас дооргүй болжээ. Үүний баярт учрал сайхан ураг хэмээх дөрвөн үгийн шинэ уянгаар тэмдэглэвээс болмуй. Баярын уянгад өгүүлсэн нь:

 

        Баяр! баяр! баяр!

        Баярлан цэнгэтүгэй, эр эм болруун энхрийлэн хайрлах нь сайхан.

        Сайхан засан гоёлон чимсэн нь,

        Саран дагина яаж адилтган чадах,

        Луугийн хатгуур гарьдын унжлага өнгө ялгармуй.

        Ув улаан уруул, дун цагаан шүд,

        Урагш хойш алхахуйд хуар цэцэг найгах мэт.

        Таван өнгийн солонгын дотор таж магнаг дэрвэлзэн,

        Авай охидын эгнээ ариун үнэр анхилмуй.

 

Учралын уянгад өгүүлсэн нь:

 

            Учрал! учрал! учрал! Дагинад адил гуа ганган,

            Моу Чан лугаа мөрийцөж Чоугийн охиныг ичээжээ.

            Төрсний сайхан нь төр улсыг мөхөөж

            Түмэн цэцгийггуниалгажээ

            Засал чимэг өнгө ялган гялтганаж,

            Хатгуур ээмэг хангир жингэр дуугарчээ.

            Зан ааль ариун хөөрөнгүй,

            Сэтгэл санаа зэрэглэн нэмүүн,

            Хасын царай мөсөн бие эрхэм дээд.

            Хар хөмсөг хөхөмдөг уулс хөндөлссөн мэт,

            Нэгэн цогц гуа бие хасаар сийлсэнд адил.

 

Сайхны уянгад өгүүлсэн нь:

 

        Сайхан! сайхан! сайхан!

        Хас тана мэт сайхан охин юутай хайрлалтай, юутай магталтай.

        Элдэв зүйлийн сайхан үнэр анхилан,

        Энгэсэг ооны өнгө ялгарчээ.

        Эрхт тэнгэр хутагт орон эндээс хол тул,

        Энэ улсын хааны охин лугааэ яахан мөрийцөж чадмуй.

        Баярлалдан инээлцэх дуу байн байн сонстож

        Бишгүүр хөгжмийн эгшиг тасралгүй дуулдмуй.

        Самаа цэцэг мэт сайхан төрсөн энэ охин лугаа

        Саран дагина хувилгаан хүүхэн зүйрлэж үл болмуй.

 

Ургийн уянгад өгүүлсэн нь:

 

            Ураг! ураг! ураг!

            Заар хүдрийн сайхан үнэр анхилахуйд,

            Залуу охин хээнцэр авай нар цуварчээ.

            Хатад авхай нар чимж засахуйд

            Хааны охин төрийн хувцас өмсчээ.

            Үүлэн гэзгийг өндөр шанхлан эвхэж

            Өнгөт дээлд гарьд нисэн галбингаа дэрвэжээ.

            Хөгжмийн аяс нэгэн зэрэг жингэнэхүйд

            Үзэсгэлэн охидын өмссөн хувцас гялтганамуй.

            Эртний ерөөлөөр заяаны бөмбөгөнд оногдохуйд

            Энэ өдөр баярт учралын сайхан ураг болжээ.

 

Хаан орж ирэхүйд, бүгд хатад, өнгөт охид, ордны авай нар гүнжийг авч угтан ирэхүйд, хаан маш баясан Наран гийгүүлэгч ордонд орж суув. Хатад авай нар бараадсаны хойно, хаан ийн зарлиг болруун: “Гүнж шинийн наймны өдөр заяаны бөмбөгийг таягдсанд, нэгэн богд тойн оногдов. Энэ мөн ч охины заяа буй за. Эл яамны түшмэд миний санааг дагаж хуримын юмыг цөм төхөөрөн төгсчээ. Энэ өдөр төв хэмээн сайн өдөр болсон тул цаг мөчийг алдалгүй хуримаа хийвээс сайн.” Тэр гүнж урагш ирж мөргөн айлтгаруун: “Эцэг хаан, өчүүхэн охин миний түмэнтээ үхэх ялыг уучлах ажааму. Охин надад айлтгах нэгэн учир буй, энэ хэдэн өдөр ордны түшмэдээс сонсвоос богд тойн Тансагийн гурван шавийн төрсөн нь асар аймшигтай хэмээмүй. Өчүүхэн охин би тэдэн лүгээ учирваас эрхгүй айж гэм болох тул түмэнтээ хүсэх нь эцэг хаан тэр гурван шавийг урьдаар хотоос гаргаваас даруй охин намайг айж цочихоос хэлтрүүлж болмуй. Би тэдэнд золгохоос маш эмээмүй.” Хаан өгүүлрүүн: “Охин чи эс хэлсэн бөгөөс мартахуйд хүрчээ. Тэдний төрсөн байдал маш айхавтар нь үнэн бөлгөө, энэ хэдэн өдөр тэднийг Хавар саатагч тагтын дотор хуримлуулав. Өдгөө би харшид гарч тэдний тэмдэгт бичгийг халж явуулсугай, бид хуримаа хийхүйд сайн.” Гүнж маш баясан хишигт мөргөсний хойно, хаан харшид заларч Тансагийг шавь нарын хамт дуудуулав.

 

            Тэндээс Тансаг хуруу даран бодвоос арван хоёрын өдөр тулсан тул, тэнгэр гэгээрэхүйн өмнө гурван шавь лугаа зөвдөн өгүүлрүүн: “Арван хоёрын өдөр болов, энэ хэрэг яаваас сайн?” Бичин өгүүлрүүн: “Би тэр хааныг үзвээс нүүрт баахан хир буй боловч биед нь халдаж амжаагүй тул их хор болох бээр үгүй. Би гагц гүнжийг үзээгүй, хэрэв үзвээс үнэн худлыг нь мэдмүй. Багш чи сэтгэлээ сул тавь, өдгөө тэр хаан лав биднийг дуудаж хотоос гаргасугай хэмээх буй за, чи хүлээж ав. Бүү айгтун, би түр зайлж одоод хувилан ирж далдуур чамайг сахьсугай.” Багш шавь дөрвүүл хараахан ийн хэлэлцэж байтал, хэдийнэ шадар түшмэл ёслолын яамны түшмэлийн хамт залахаар иржээ. Бичин инээн өгүүлрүүн: “Одсугай! одсугай! Лав бид гурвуулыг үдэж явуулаад багшийг үлдээн авч хурим хийсүгэй хэмээмүй.” Гахай өгүүлрүүн: “Үдэхүйд лав түм мянган лан шижир алт цагаан мөнгө өгөх буй за, бид бас бэлгийн юм худалдан авч хадамдаа харихуйд сайн.” Шороо өгүүлрүүн: “Бага ах амандаа хамхиж бүү дуугар, гагц их ахын санаагаар явсугай.”

 

            Төд морь амьтайгаа авч тэр түшмэдийг даган хааны хасын индрийн доор хүрч ирэв. Хаан, Бичинтэнийг дуудаж ийн зарлиг болруун: “Та тэмдэг бичгээ авч ир, би тамга дарж өгсүгэй. Бас идэх замын хүнсийг үлэмжхэн өгсүгэй. Та эртхэн Гандарагүд ууланд хүрч бурханд золгон номоо залаад хойш эгэхүйд энүүгээр дайрч ирэгтүн, тэр үед би хүндэт шагнасугай. Тавнанг энд үлдээмүй, та зовох хэрэггүй.” Бичин хаанд тал өгөөд Шороогоос тэмдэгт бичгийг авч хаанд барив. Хаан тэр тэмдэгт бичгийг үзээд дээр нь гарын үсэг зурж тамгаа дараад, бас арван алтан өлгий, хорин мөнгөн өлгий хайрлаж худ ургийн бэлэг болгосонд Гахай угаас эд өнгөнд дуртай хүн тул тосч авав. Бичин биеэ мэхийсхийн ёслоод: “Ичихгүй! ичихгүй!” хэмээгээд гадагш гаран одохуйд, Тансаг ихэд мэндэж харайн босоод Бичинийг татаж араагаа зуун: “Та цөм намайг орхиж одох буюу!” хэмээсэнд, Бичин багшийн гараас чимхэж нүд ирмэн өгүүлрүүн: “Чи энд амран жаргасугай, бид ном залж эгэхүйдээ ирж үзсүгэй.” Тансаг итгэж ядан Бичиний гарыг тавилгүй байхуйд олон түшмэд үнэхээр салж одох хэмээн санажээ. Хаан, түшмэдээрээ Тансагийг залуулж, Бичинтэнийг хот гартал үдэх болсонд Тансаг аргагүй Бичиний гарыг тавьж ордонд оров.

 

            Бичин ах дүү гурвуул хааны хаалганаас гараад үдэгч олон түшмэдээс салсны хойно, Гахай өгүүлрүүн: “Бид үнэхээр явсугай хэмээх буюу?” Бичин огт дуугүйгээр шууд буусан өртөөндөө орсонд, өртөөний түшмэл цав цай өргөв. Цав идэж барсны хойно Бичин, Шороо Гахайтанд өгүүлрүүн: “Та хоёул сууж бүү гадна гар, өртөөний түшмэл энэ тэрийг асууваас хааш яаш хариулан над лугаа ер бүү хэлэлц, би багшийг сахихаар одмуй” хэмээв.

 

            Төд Бичин үснээсээ нэгийг сугалж хувилган уур үлээн: “Хувил” хэмээн нэгэнтээ зандарсанд, мөн биед адил нэгэн бичин хувилгаж Гахай Шороо лугаа хамт өртөөнд суулгав. Бичиний үнэн бие нь огторгуйд дэвхлэн гараад сэжмэгц нэгэн зөгий болж хувилав. Үзвээс:

 

            Шар жигүүр, чирхэрлэг хошуутай нэгэн зөгий

            Салхины аяар дэрвэн нисч дэгдэн одов.

            Тоорцогт суун тоосыг уламжлахуйд тун чадамгай тул,

            Цэцэгт сүлжин удны дундуур зорчмуй.

            Цэцгийн тоосыг зөөж цааш нааш нисэн ганцаар дэмий л яармуй

            Амтат юмыг үйлдэвч аяа тэр юуны амтлах буй,

            Алтан дэлхий дээр бал найруулагч хэмээх нэрээ үлдээх төдий буй за.

 

Үзтэл тэр зөгий хөв хөнгөнөөр дэвтрэн ниссээр хааны ордонд орон үзвээс, Тансаг тэр хааны зүүн талд хөмсөгөө атируулан зовнин сууж амуй. Бичин шууд нисэн одоод багшийн үснирт малгайн дээр сууж сэмээр чихний дэргэд нь хүрээд: “Багш би ирэв, бүү зовогтун” хэмээв. Энэ дууг гагц Тансаг сонсохоос өөр тэдгээр эгэл хүн эс сонссон бөлгөө. Тансаг, Бичиний ийн өгүүлэхийг сонсоод дотор нь сая агуу болов. Төдөлгүй ордны түшмэл ирж: “Түмэн наст, ураг холбох баярын хуримыг нэгэнтээ Шаазгай ордонд засаж, хатан гүнж лүгээ дотоод ордонд хүлээж амуй. Хаан, тавнанг дагуулж хуримд одох ажааму” хэмээн хэлсэнд, хаан маш баясан Тансагийг дагуулан дотоод ордонд оров. Төв хэмээн: “Харангуй хаан цэцгийг хайрлахуйяа цэцэг зовлонг өдөв, даяанч сэтгэл хөдлөхүйеэ сэтгэлээс гамшиг үүсэв. Эгнэгт Тансаг ордонд ороод дахин яахан мултрахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.” 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 25 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 13 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 41 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 45 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 28 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 1 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 5 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 5 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 39 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 48 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 58 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 3 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 26 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 43 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 37 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 1 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 2 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 17 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК