зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ЭРДЭНИЙН МОДОН ХҮРЭЭЛЭНД ЭРТНИЙХИЙГ ӨГҮҮЛЭН ШАЛТГААНЫГ АСУУВ

ЭНЭТХЭГ УЛСЫН ХААНД УЧИРЧ УЛСЫН ТАВНАН БОЛОВ

 

            Санааг үүсгэвээс сааргүй хайр төрөгдөж,

            Сэтгэлийг үлдээвээс гарцаагүй гай тохиомуй.

            Сэргэлэн ухаан аль цагт гурван мандлыг таньж,

            Сэдсэн хэрэг гүйцвээс аяндаа язгуурт эгмүй.

            Арш бурхны аль нэгийг болсон ч

            Анхны ерөөл эртний тавилан буй за.

            Ариуныг хичээн улаан тоосноос зайдваас

            Адбиш бодь мөрийг олж бурхны орноо дэвшмүй.

 

Өгүүлэх нь, тэр сүмийн тойд үүр цайсны хойно Тансаг багш шавь дөрвүүл харагдахгүй болсонд, бүгдээр өгүүлрүүн: “Үлдээгүй, үдээүгүй, үнэн бурхан бодьсадваг үзэлгүй, явуулав!” хэмээн хараахан өгүүлэлдэн атал, өмнө тосгоноос хэдэн баячууд урихаар ирсэнд тойд залбиран өгүүлрүүн: “Өчигдөр үдэш сэргийлсэнгүй тул тэр бодьсадва нар цөм үүл хөлөглөн одов.” Тэр баячууд огторгуй өөд залбиран мөргөв. Тэр хотын ноёд түшмэл тэргүүлэн ард иргэд цөмөөр хүж зул бэлтгэж сүмд эчиж тахил өргөн мөргөхийг өгүүлэхгүй.

 

            Тэндээс Тансаг багш шавь дөрвүүл өдөр яван шөнө хоноглож замд сааталгүй хагас сар явсны хойно, нэгэн өдөр гэнэт өндөр уул харагдсанд, Тансаг эмээн өгүүлрүүн: “Аяа, шавь, тэр уул маш өндөр бөгөөд бэрх, та хичээвээс сайн.” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ зам баруун газар бурхны оронд ойртсон тул гажуу шулам цөөрсөн буй за, багш сэтгэлээ сул тавь.” Тансаг өгүүлрүүн: “Аяа шавь, хэдийвээр баруун газар бурхны орон лугаа ойртсон боловч, Нигүүлсэхүй үүлэн сүмийн тойдын хэлсэн нь Энэтхэгийн Ширавасун балгасанд хүрэх нь бас хоёр мянганы газар буй, үүнээс цааш хэдий хол байхыг мэдэх бээр үгүй хэмээжээ.” Бичин өгүүлрүүн: “Багш чи Шувуун үүрт даяанчийн Билиг барамид хэмээх номыг умартсан буюу?” Тансаг өгүүлрүүн: “Билиг барамид хэмээгч нь зүрхний тарни болой. Шувуун үүрт даяанч надад зааж өгснөөс хойш өдөр бүр уншдаг тул умартах ёсон буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Багш уншин чадахаас бус, түүний утгыг тайлан үл чадмуй.” Тансаг өгүүлрүүн: “Энэ сармагчинг үзэхгүй юу, чи юунд түүний утгыг тайлж үл чадах хэмээн намайг хэлмүй? Чи чадах буюу?” Бичин өгүүлрүүн: “Би чадмуй, би чадмуй.” Тансаг Бичин хоёул цөм дуугүй байхуйд Гахай элгээ хөштөл инээж, Шороо магнайгаа тэнийтэл баярлав. Гахай өгүүлрүүн: “Энэ уран хоншоорыг үзэхгүй юу, ах над лугаа адил шулмаас тойн болоод хэзээ бурханд золгож ном өгүүлэлдэв? Дэмий хоосон үгээр хүн хуурч “Тайлж чадах, тайлж чадах” хэмээмүй, өдгөө юунд тайлахгүй буй. Тайлтугай! Тайлтугай.” Шороо өгүүлрүүн: “Хоёрдугаар ах, түүний үгийг итгэж яамуй. Их ах элдэв юм ярьж багшийн замыг хороох төдий буй за. Тэр шийдмээ эргүүлэхийг чадахаас бус, юуны номын утгыг өгүүлж чадах аж!” Тансаг өгүүлрүүн: “Ү Нэн, Ү Жин, та хоёул битгий дэмий өгүүл, Ү Күн үл дуугарах нь үсэггүй үнэн номыг тэр тайлж чадах” хэмээв.

 

            Багш шавь дөрвүүл хараахан ийн өгүүлэлдсээр хэд хэдэн уул давааг өнгөрч нэлээд хол гарсанд, замын хажууд нэгэн сүм харагдав. Тансаг өгүүлрүүн: “Ү Күн, өмнөд нэгэн сүм харагдав, чи тэр сүмийг үзвээс:

 

        Их ч үгүй, бага ч үгүй атал,

        Гялтганасан ногоон ваараар дээвэрлэжээ.

        Шинэ ч бус, хуучин ч бус байтал,

        Хоёр талын хэрмийг улаанаар буджээ.

        Алар балар дүн хар модоор халхлагдсаныг үзвээс,

        Аль эртний хуучдын сүм энд байх мэт.

        Эгшиг татан горчигнон урсах горхийг харваас,

        Эртний хаадын аль нэгэн төрд буй болсныг мэдэх бээр үгүй.

        Үүдэн дээр “Өглөг буянт даяаны сүм” хэмээх хэдэн үсгийг бичжээ.

        Өлгөсөн илэрхийлэл дээр “Эрт үеийн үлдээл дурсгал” хэмээх хэдэн үсгийг сийлжээ.”

 

Бичин харж хараад: “Алтан дэвсгэрт даяаны сүм хэмээн бичжээ” хэмээсэнд, Гахай бас: “Алтан дэвсгэрт даяаны сүм хэмээн бичжээ” хэмээв... Тансаг морины дээрээс өндийж: “Алтан дэвсгэрт” ...... “Алтан дэвсгэрт”....... хэмээх нь Ширавасун балгасны зах хязгаарт тулж ирсэн буй за?” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Гайхалтай болов! Би багшийг дагаж хэдэн жил болов. Зам танихгүй багш энэ өдөр зам таних болов.” Тансаг өгүүлрүүн: “Бус болой, миний уншсан номд өгүүлсэн нь, бурхан энэ Ширавасун балгасны Эрдэнийн модон хүрээлэнд өөд болж байхуй цагт, Ананд биндахи нэрт өвгөн ялгуугч ирж хаан хөвгүүнээс Эрдэнийн модон хүрээлэнг худалдан авч бурхныг саатуулж ном номлуулсугай хэмээсэнд, тэр хан хөвгүүн өгүүлрүүн: “Би энэ хүрээлэнгээ худалдах бээр үгүй. Та хэрвээ худалдан авсугай хэмээвээс алтаар энэ хүрээлэнгийн газрыг нийдэм дэвсвээс сая өгмүй” хэмээв. Ананда биндахи өвгөн ялгуугч үүнийг сонсоод алтан тоосгоор тэр хүрээлэнгийн газрыг дэвссэнд хан хөвгүүн худалдан өгсний хойно, бурхан сая тэнд саатаж ном номлов хэмээжээ. Энэ Алтан дэвсгэрт сүм хэмээгч тэр мөн буй за...” Гахай инээн: “Сайн болов, үнэхээр тэр Алтан дэвсгэрт сүм болбоос тэр тоосгоноос нэг хэдийг аваад бусдад хүргэсүгэй” хэмээсэнд, олноор цөм нэгэн зэрэг их л инээлдэн сүмийн үүднээ хүрч Тансаг мориноос буув.

 

            Сүмийн хаалганы дотор орж үзвээс амьтай үүрсэн, дамжуур дамнасан, тэрэг чирсэн олон явдлын хүмүүс унтах нь унтацгааж, хэлэлцэх нь хэлэлцэн амуй. Тэд аруухан нь аруухан, муухай нь муухай дөрвөн тойн орж ирэхийг үзээд их л айлдсан боловч мөн зам тавин өгөв. Тансаг хэрэг татахаас хичээж: “Номтой байгтун! Номтой байгтун! хэмээсэнд, Бичин ах дүү гурвуул биеэ барьж байжээ. Очирваань харшийг тойрон гарсанд нэгэн аруухан хээнцэр тойн хүн гарч ирэв. Түүний төрсөн байдал нь:

 

        Нүүрийн өнгө тэргэл сар мэт тунгалаг гэгээн,

        Биеийн байдал бодь модонд адил гойвор шулуун.

        Өргөн ханцуйг өргөх бүр ариун салхи сэвэлзэн,

        Өвсөн шаахай хөлд өмсөж чулуун замаар айсуй.

 

Тансаг тэр тойнд мэндэлсэнд, тойн яаран хариу ёс хийж: “Багш хаанаас ирэв?” хэмээн асуусанд, Тансаг өгүүлрүүн: “Би зүүн газрын их Тан улсын хааны зарлигийг хүлээн баруун газар бурхны орноос ном залахаар одмуй. Танай энэ эрдэнийн сүмийг үзээд нэгэн шөнийн хоног гуйхаар ирэв.” Тэр тойн өгүүлрүүн: “Сүм хэмээгч арван зүгийн тойдын гэр, та хэмээгч зүүн газрын их тойн тул хэдэн өдөр хонохуйд ямар хамаа буй.” Тансаг үүнийг сонсоод тэр тойнд тал өгөн, гурван шавиа дагуулж хүж зулын өрөөг гарч хойд дуганд ирж эзэн зочин харилцан найр тавин суулцсаны хойно, Бичин ах дүү гурвуул хажууд гар тавин суув.

 

            Тэр сүмийн олон тойд зүүн газрын их Тан улсын ном залагч тойн ирэв хэмээхийг сонсоод их бага хэмээн ялгалгүй цөм ирцгээж Тансагт золгосны хойно цав манз оруулав. Тансаг цав авах ном уншин атал, Гахай хэдийнэ хэд хэдэн мантуу, гурав дөрвөн аяга будааг шөлийн хамт идэн оруулжээ. Энэ үест сүмийн тойд улам олдож, эрдэмтэй тойн нь Тансагийн аруухныг гайхалдмуй, юманд дуртай нь Гахайн цав зооглохыг үзэхээр ирмүй. Шороо үүнийг үзээд Гахайн зүг нүд зарж: “Номтой байтугай!” хэмээмүй, гэдэс хоосроод нэгэнтээ ном үгүй болжээ!” хэмээсэнд, Шороо инээн өгүүлрүүн: “Хоёрдугаар ах, чи үл мэдэх болой. Тэнгэрийн доор хичнээн олон “Номтой хэрэг” буй. Хэрэв гэдэс хоосныг өгүүлэхүйд хүрвэл, бас юуны чи бид хоёроор зогсох аж.” Гахай үүнийг сонсоод сая идэхийг байв. Тансаг аяганы тарниа уншиж бараад цав зооглож ширээ хураасны хойно тэр сүмийн тойдод тал өгөв.

 

            Тэр сүмийн тойд зүүн газраас ирсэн учрыг асуусанд, Тансаг нэгэн зэрэг тоочин өгүүлээд энэ Алтан дэвсгэрт сүмийн учрыг асуусанд, тэр тойн өгүүлрүүн: “Энэ сүмийн уг нэр нь, Ширавасун балгасны Эрдэнэ модон хүрээлэнгийн сүм хэмээжээ. Ананд биндахи өвгөн ялгуугч бурхан багшийг залж ном номлуулахын цагт алтан тоосго авчирч газарт дэвссэн тул ийм нэрийг олжээ. Ананд биндахи өвгөн ялгуугч Ширавасун балгасанд сууж байсан тул миний энэ сүмээс өмнөш харваас Ширавасун улсын балгас үзэгдмүй. Миний энэ сүм өвгөн ялгуугчийн Эрдэнэ модон хүрээлэн байсан учираа, Эрдэнэ модон хүрээлэнт Алтан дэвсгэрт сүм хэмээжээ. Энэ сүмийн ар талд өдгөө болтол бас тэр эрдэнийн модон хүрээлэнгийн хуучин суурь амуй. Их бороотой жилд тэр алтан тоосго бас гарч ирэх бөлгөө. Буянт хүн жил бүр нэгэн хэдийг олж аваачмуй.” Тансаг үүнийг сонсоод: “Номд айлтгасан нь хоосон бус” хэмээв. Тансаг бас асууруун: “Бид сая сүмийн хаалганаа орж ирэхүйд илжиг луусыг хөлөглөсөн тэрэгтэй ачааны арилжаачин байсан нь ямар учир буй?” Олон тойд өгүүлрүүн: “Миний энэ уулыг “Зуун хөлт уул” хэмээмүй. Урьд нь амгалан байсан бөлгөө, энэ хэдэн жилд уур амьсгал сониноор орчин хэдэн чичүүр хорхой шулам болж замын хүнийг хорломуй. Хэдий хүний амийг авахгүй боловч, хүмүүс түүнээр явахыг их бэрхшээмүй. Тэр уулын доор нэгэн “Тахиан дуут боомт” хэмээх газар буй. Тахиа дуугарсны хойно түүнээр гарваас гайгүй. Тэдгээр арилжааны хүмүүс орой болохуйд манай энэ сүмд нэгэн шөнийг өнгөрөөж маргааш тахиа дуугарахуйд сая явмуй.” Тансаг өгүүлрүүн: “Тийм болбоос бид тахиа дуугарсны хойно сая явсугай.” Багш шавь дөрвүүл хараахан ийн өгүүлэлдэн атал цав авчирч барив.

 

            Цав идэж дууссаны дараа тэргэл саран өндөр мандсанд Тансаг Бичинийг дагуулан зорчин явахуйд, бас нэгэн бага тойн ирж өгүүлрүүн: “Манай өвгөн багш, Дундад улсаас ирсэн хүн лүгээ золгохоор ирэв.” Тансаг яаран гэдрэг харан үзвээс, нэгэн өвгөн тойн гарт хулсан таяг тулж ирээд ёслон өгүүлрүүн: “Та Дундад улсаас ирсэн их багш мөн буюу?” Тансаг хариу ёслон: “Үгээгүү тойн би мөн болой” хэмээсэнд, тэр тойн маш сайшаан бас ийн өгүүлрүүн: “Их багшийн насан хутаг хэдий болов?” Тансаг өгүүлрүүн: “Хоосноор дөчин таван жилийг өнгөрөв, өвгөн таны насан хутаг хэд болов?” Өвгөн тойн инээн өгүүлрүүн: “Их багш чамаас илүү жаран жил амьдрав.” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос энэ жил нэгэн зуун таван настай ажгуу, чиний үзэхээр би хэдий настай буй?” Өвгөн тойн өгүүлрүүн: “Тойн таны өнгө зүс үнэхээр сонин бөгөөд өвгөн миний нүд сарны гэрэлд бүргэлзэх тул үзэж үл гармуй” хэмээн нэгэн зэрэг өгүүлэлдэн ар талын дуганыг тойрон үзэв. Тансаг өгүүлрүүн: “Саяын хэлсэн тэр Эрдэнийн модон хүрээлэнгийн хуучин суурь хаа буй?” Тэр өвгөн тойн: “Хойд хаалганы гадна буй” хэмээгээд яаран хаалгыг нээсэнд, Тансаг түүнд одож үзвээс нэгэн хэсэг хоосон газар болоод егүүрсэн чулуун хэрмийн суурь харагдмуй. Тансаг алга хавсран залбирч шүүрс алдан өгүүлрүүн:

 

        “Эрт үеийн өглөг буянт өвгөн ялгуугч бурхан,

        Эрдэнэ модон хүрээлэнд алт дэвсэж үгээгүүчүүдийг тэтгэв.

        Энэ хүрээлэнгийн гайхамшигт нэр мянган он үлдээд,

        Эрхэм ялгуугч бурхан минь өдгөө хаа байнам.

 

Тансаг сарны гэрэл доор алгуур алхаж хойд хаалганы гадна гарч чулуунд суусан хойно, гэнэт уйлах дуу сонсогдов. Тансаг чих тавин сайтар чагнаваас эцэг эхээ дурдаж эвхрэн уйлжээ. Тансагийн дотор нь маш уяраад нулимсыг цувруулан тэр тойноос: “Ямар хүн хаа ийн уйлмуй?” хэмээн асуусанд, өвгөн тойн шавь нараа манз бэлтгүүлэхээр явуулаад хүнгүй болсны хойно сая газар сөгдөн Тансаг Бичинд мөргөв. Тансаг тэд тойныг тэтгэн босгож: “Өвгөн тойн ямар учирт ийн мөргөмүй?” хэмээн асуусанд, тэр тойн өгүүлрүүн: “Өвгөн тойн би зуу илүү насалсан тул аливаа хэрэгт үл тохиолдсон бээр үгүй. Үдэш даяанд суух бүр хэд хэдэн сонин хэрэгт тохиолдмуй. Та багш шавь хоёул өөр хүн лугаа адил бус тул нэг хоёрыг хэлж өгөхүйд ямар хамаа буй. Энэ гашуудан уйлах учрыг мэдсүгэй хэмээвээс, чиний шавь энэ багшаас өөр хүн үл чадах болой.” Бичин өгүүлрүүн: “Ямар хэрэг буй? Чи надад хэлсүгэй.” Өвгөн тойн өгүүлрүүн: “Урьд жилийн энэ өдөр, шавь би даяанд суун атал, гэнэт салхи салхилсанд сайтар чагнаваас нэгэн хүний гашуудан уйлах дуу сонсогдов. Шавь би орноос бууж Эрдэнэ модон хүрээлэнгийн суурин дээр одож үзвээс, нэгэн үзэсгэлэнт охин байжээ. Би түүнээс: “Чи ямар хүний охин? Ямар учраар энд хүрч ирэв?” хэмээн асуусанд тэр охин өчрүүн: “Би Энэтхэг хааны охин болой. Сарны саруулд цэцэг үзэж явтал, салхи хөдөлж намайг энд авчрав.” Би түүнийг нэг хоосон гэрт хорьж тавиад, тэр гэрийг мөн гяндангийн маягаар нэгэн аяга багтах бяцхан нүх гаргаж бага тойдод: “Би нэгэн шулмыг барьж энэ гэр дотор хорьж тавив. Бид хэмээгч тойн хүн тул, түүний аминд хор хийж болохгүй. Өдөр бүр хоёр удаа цай будаа өгч амийг нь тэжээ” хэмээж захьсанд, тэр охин бас ч ухаан сэргэлэн тул миний хэлсэн үгийн утгыг ойлгож, тойдод дарлагдахаас болгоомжлон дэмий л тэнэгрэн аашилж шээс баасан дотроо унтаж хэвтмүй. Өдий болбоос элдвийг донгодон үдэш эцэг эхээ санагалзан уйлмуй. Би хэдэн удаа хотод орж хааны охины чимээ сургийг лавлаваас амгалан аху тул эндээс гаргасангүй өдгөө болтол хадгалсаар бөлгөө. Өдгөө эрхэм тойд та ирсэн тул хотын дотор орж хувилгаан ридээр худал үнэнийг тодорхойлбоос, нэгд амьтны амийг авран, хоёрт цаглашгүй их буяныг үйлдэх буй за. Тансаг Бичин хоёул өвгөн тойны үгийг сонсоод цээжиндээ тэмдэглэн авав. Хараахан ийн өгүүлэлдэн атал, хоёр бага тойн ирж манз бэлтгэн барав хэмээсэнд хойш буцав.

 

            Гахай Шороод: “Маргааш тахиан дуунаар явах агаад, өдгөө болтол ирж унтахгүй бас юуг үзмүй” хэмээн түднэн байхуйг Бичин сонсоод: “Манхуу бас юуг өгүүлмүй?” хэмээн асуусанд Гахай өгүүлрүүн: “Унт, унт! Өдий орой болсонд бас ямар үзэмж үзэх хэмээн тойрмуй.” Өвгөн тойн хойш буцсаны хойно бүгдээрээ унтав. Энэ үнэхээр:

 

            Саран баруунш ташихуйд сав дэлхий нам гүм,

            Шаа бүрхүүлт цонхноо халуун салхи нэвтрэхүйд хүн нойр үгүй.

            Гуулин хувингийн ус гурвантаа дуслан

            Шөнийн гүнг мэдүүлсэнд,

            Тэнгэрийн оёдол цайран тодорч

            Тив дэлхийг гийгүүлэв.

 

Төдөлгүй тахианы дуу сонстохуйд арилжааны хүмүүс цөм босоод тулга тулж хүнсийг бэлтгэн үйлдмүй. Тансаг бас Гахай Шороо хоёулыг дуудан босгоод, морио эмээллэн амьтайгаа бэлтгүүлж, Бичинийг дуудан зул асаалгуулав. Тэр сүмийн тойд хэдийнэ босч цав манз базааж дайлсанд, Гахай маш баясан хэд хэдэн боорцог идээд амьтайгаа морин дээр ачиж хөтлөн гарч ирсэнд Тансаг Бичин хоёул тойдод салах ёсыг хийсэнд тэр өвгөн тойн Бичинд: “Тэр гаслант хэргийг цээжиндээ сайтар тэмдэглэтүгэй!” хэмээсэнд, Бичин: “Мэдэв! Мэдэв! Би хааны нийслэлд орсны хойно хонхон дуунаар учрыг мэдэж, нүүрийн өнгөөр зүсийг танимуй” хэмээв. Тэдгээр арилжааны хүмүүс мөн үймэлдэн цуугилдан тэдэн лүгээ хамт мордож их замыг барин явсаар барс цагт тахиан дуут боомтыг өнгөрч могой цагт хааны нийслэлд ойртон ирэв. Энэ хотыг үзвээс үнэхээр алтаар цогцолсон аршийн ордон хэмээвээс болмуй. Тэр хот нь:

 

            Ганжир саравчинд гайхамшигт араатан сонин гөрөөс харагдаж,

            Гарьд галбингын асар тагтаас өнгийн гэрэл цацарчээ.

            Бор хотыг тойрон гол горхи ивэлзэн урсаж,

            Буянт уул усыг дагаж гэмэрлэг тэмдэг хатгажээ.

            Өглөөний наран өнгөт хиур өргөн замыг гэрэлтүүлж,

            Үлээн ирэх хаврын жавар гол мөрнийг илбэжээ.

            Эзэн нь элбэрэлтэй тул өмссөн дээл тэгш сайхан,

            Элбэг хураалт олсны учир иргэдийн сэтгэл амарлингуй.

 

Тэр өдөр зүүн их зээлд орсонд арилжааны хүмүүс хувь хувийн хонох газрыг эрэхээр эчив. Тансаг багш шавь дөрвүүл хотод орон явж атал, нэгэн их буудлын өртөө харагдсанд Тансагтан орж эчив. Тэр өртөөний хамаарагч дотогш орж өртөөний түшмэлд: “Өөр зүст дөрвөн тойн нэгэн цагаан морийг хөтлөн хүрч ирэв” хэмээн мэдүүлсэнд, тэр түшмэл морьтой хэмээхийг сонсмогц албан түшмэл иржээ хэмээн угтан гарсанд, Тансаг ёслон өгүүлрүүн: “Ядуу тойн би зүүн газрын Тан улсын хааны зарлигийг хүлээж Гандарагүд уулын Их аянга дуут агуйн бурханд бараадан ном залахаар одмуй. Биед зам нэвтрэх түдээ тэмдэг буй тул хаанд бараалан шалгуулсугай хэмээмүй. Танай ордонд нэгэн шөнө амсхийн хэрэг барсны хойно одсугай” хэмээсэнд тэр өртөөний түшмэл хариу ёслон өгүүлрүүн: “Миний энэ өртөө болбоос, албан түшмэдийг агуулах газар бөлгөө, эрхэм зочин ирсэн тулд нэн ёсонд нийцэв, дотогш залсугай.” Тансаг ийн өгүүлэхийг сонсож маш баясан шавь нарыг дуудан оруулж өртөөний тэр түшмэлд учруулав. Тэр түшмэл тэдний төрсөн зүс царайг үзээд хүн буюу чөтгөрийг эс таньж маш гэлмэгдэн айсан боловч мөн ёсыг дагаж цав манз барив. Тансаг түүний ийн айн байхуйг үзээд: “Их хүн битгий айгтун, миний энэ гурван шавь хэдий зүс царайгаар муухай боловч сэтгэл санаа нь цагаан болой. Энгийн үгэнд “Царай нь хар боловч зүрх нь цагаан” хэмээжээ, чи тэднээс айсны учир юун!”

 

            Өртөөний түшмэл үүнийг сонсоод сэтгэл сая тогтвортой болоод ийн асууруун: “Их Тан улс хэмээгч аль зүгт буй?” Тансаг өгүүлрүүн: “Тан улс хэмээгч нь өмнөд Замбутивд буй.” Тэр түшмэл бас асууруун: “Аль жилд гарч ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Жин Гуаны арван гуравдугаар онд гарч ирээд түмэн ус мянган уулын гашуун зовлонг туулж нэгэнтээ арван дөрвөн жил болоод сая энд хүрч ирэв.” Тэр өртөөний түшмэл: “Хувилгаан тойн болой! Хувилгаан тойн болой!” хэмээсэнд Тансаг асууруун: “Дээд улсад ямар он болов?” Тэр өртөөний түшмэл өгүүлрүүн: “Миний энэ орон болбоос их тэнгэрийн Энэтхэг улс бөлгөө. Тулгуур төрийг нээсэн өвөг хаанаас нааш үе залгамжлан өдгөө нэгэнтээ таван зуу илүү он болжээ. Өдгөө төрд аху эцэг хаан уул ус цэцэг хуарт ихэд дуртай, өргөмжилсөн цол нь Амарлингуйн дээд хаан хэмээмүй. Төрийг халж Жин Ян хэмээгээд өдгөө нэгэнтээ хорин найман жил болжээ.” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн би энэ өдөр хаанд золгож түдээ тэмдэг бичгийг сольсугай хэмээмүй. Бараалалд хэзээ олж золгох болов?” Өртөөний түшмэл өгүүлрүүн: “Сайн! Сайн! Өдгөө сайн тохиолд тааралдав. Манай улсын гүнж өдгөө хорин настай. Зээлийн бэлчирт өндөр тагт барьж, дээрээс хатгамал бөмбөг орхин тэнгэрээс заяасан хүргэнээ эрмүй. Өдгөө яг инээдэм хөгжөөнтэй үе тул бодвоос хаан эзэн бас хойш буцжээ, энэ дашрамд тохиолдуулан хаанд бараадан түдээ тэмдэг бичгээ солихоор одвоос сайн.” Тансаг маш баясан одсугай хэмээтэл, цав манз нэгэнтээ орж ирсэн тул аргагүй тэр түшмэл болон Бичин Гахайтан лугаа хамт сууж зооглов.

 

            Үдийн хойно болсонд Тансаг: “Бид хаанд бараадахаар одсугай” хэмээхүйд, Бичин: “Би багшийг хамгаалан одсугай” хэмээв. Гахай үүнийг сонсоод: “Би бас эчсүгэй” хэмээсэнд, Шороо өгүүлрүүн: “Ах байтугай. Чи тэр сайхан зүсээ хүнд үзүүлсүгэй хэмээмүй юү? Номын ах эчвээс барав.” Тансаг өгүүлрүүн: “Шороон үг маш зөв болой. Бичиний зүс царай баахан нарийлаг тул тэр эчтүгэй, Гахай байгтун.” Гахай хошуугаа эртийлгэн: “Багшийг гаргаваас бид гурвуулын зүс царай хэн алиндаа автахгүй” хэмээхүйд, Тансаг карша намжрыг өмсөж Бичинийг дагуулан эчив. Зээл гудамжид цэрэг ард ноёд харц хэмээн ялгалгүй цөм ирцгээж: “Хатгамал бөмбөг хаяхыг үзсүгэй” хэмээлдмүй. Тансаг замын хажууд зогсож Бичинд: “Энэ газрын хүмүүсийн өмсөж зүүх, эдэлж хэрэглэх, өгүүлж өчих зан ааль цөм бидний Тан улс лугаа өөр бус. Урьд миний бор гэрийн эх минь бас хатгамал бөмбөг орхиж заяаны нөхөрт холбожээ хэмээмүй. Энд бас ийм заншил байх аж.” Бичин өгүүлрүүн: “Бид бас эчиж үзсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Болохгүй, болохгүй! Бидний хувцас өөр тул бусдад сэжиг төрүүлэх буй за.” Бичин өгүүлрүүн: “Багш та Эрдэнэ модон хүрээлэнгийн Алтан дэвсгэрт сүмийн тойны охиныг умартсан буюу. Түүний хэлсэн нь нэгдүгээр цацагт тагт үзэж, нөгөөтэйгүүр тэр хэргийн үнэн худлыг ялгасугай хэмээсэн бөлгөө. Тэр хаан гүнжийн баярын учирт яаран байх тул, хожим бидний ирсэн явдлыг юуны хамаармуй, бараадахаар одсугай! одсугай!” Тансаг Бичиний үгийг дагаж эчив, тэнд элдэв хүмүүс цөм цугларч хатгамал бөмбөг орхихыг үзмүй. Аяа, энэ эчсэн нь, загасчин өвгөн гөх утсыг усны дотор орхихуйд, завшаан бусаар хэрэг татсан лугаа адил болохыг тэд юуны мэдмүй.

 

            Өгүүлэх нь, тэр Энэтхэгийн хаан уул ус цэцэг хуарт дуртай тул, урьд жилийн нэгэн сартай саруул шөнө гүнжээ дагуулан цэцгийн хүрээлэнд орж цэнгэлдэн яван атал, нэгэн шулам үүнийг мэдээд гүнжийг барьж аваачаад биеэ гүнж болон хувилж Тансагийг энэ жилийн энэ сарын энэ өдөр энд хүрч ирэхийг мэдээд, Тансагийг эрээ болгож түүний аргын ариун шимийг хүртэж арш хувилгаан болсугай хэмээн Энэтхэг улсын их хөрөнгийг хэрэглэн хатгамал бөмбөг орхих өнгөт тагтыг цогцолсон нь энэ ажгуу. Яг жин үд морин цагт Тансаг Бичинийг дагуулан үзэгч олны дунд орж тагтны доор хүрч ирэхүйд, тэр гүнж хүж шатаан тэнгэр газарт залбиран эхлэв. Тэр гүнжийн зүүн баруун талд оо энгэсэг түрхсэн жар далан сайхан охид хатгамал бөмбөг барин зогсож ажээ. Тэр гүнж тагтны цонхоор доош харан үзвээс, Тансаг нүдний доор хүрч ирэхийг олж хараад, хатгамал бөмбөгийг авч нэгэнтээ доош орхисонд чив хэмээн Тансагийн толгой оногдож үснирт малгай далжийсанд Тансаг их л цочин хоёр гараар малгайгаа тэгшлэхүйн зуур тэр бөмбөг рид шидтэй тул хэдийнээ түүний ханцуйн дотор бөмбөрөн оров. Тэр тагтны дээрх ард: “Нэгэн тойны дээр тусав!” хэмээн бархиралцав.

 

            Тэр зээл гудамжид байсан арилжаа наймааны хүмүүс цөмөөр хатгамал бөмбөгийг олсугай хэмээн хашхиран чихэлдэн ирэхүйд, Бичин нэгэнтээ шүдээ арзайн биеэ гурван жан өндөр болгон сүр бадруулан зандарсанд тэдгээр хүмүүс Бичиний их сүрээс айж Тансагт ойртон эс чадав. Төдөлгүй тэдгээр хүмүүс цөм тархан одсонд, тэр тагтан дээрх ордны охид тайган түшмэд цөм бууж ирээд Тансагт мөргөн: “Эрхэм хүргэн эзэнд бараадан баяр хүргэхээр одсугай.” Тансаг тал өгөн хариу ёслоод олныг түшин босгосны хойно хойш харж Бичинийг зэмлэн өгүүлрүүн: “Энэ сармагчин намайг үгүй хийв.” Бичин инээн өгүүлрүүн: “Орхисон бөмбөг чиний толгой дээр тусч, бас чиний ханцуйн дотор оров. Энэ нь надад ямар хамаа буй хэмээн чи намайг дэмий л зэмлэмүй?” Тансаг өгүүлрүүн: “Өдгөө хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Багш сэтгэлийг сул тавь, чи хаанд золгохоор од, би хойш өртөөнд буцаж Гахай Шороо лугаа тэнд хүлээсүгэй. Тэр гүнж чамайг хүргэнээ болгохгүй болбоос тэмдэгт бичгээ сольж ав, хэрвээ хүргэнээ болгосугай хэмээвээс чи хаанд: “Би шавь нараа авч ирэн, нэгэн үг захисугай” гэж өгүүл, тэр хаан биднийг дуудаж оруулсны хойно, тэр гүнжийн үнэн худлыг мэдэх арга надад буй. “Хүргэн болж хөнөөлт шулмыг барих” хэмээгч үүнийг өгүүлжээ.” Тансаг аргагүй Бичиний үгийг дагасанд Бичин өртөөнөө эгэв.

 

            Ордны олон охид Тансагийг түлхэн татсаар тагтын өмнө авчирсанд тэр гүнж бууж ирээд хас цагаан гараар Тансагийг тохойлон Эрдэнийн сүйхэн дээр сууж хөгжим үүсгэн хаан ордны хаалга хүрч ирсэнд, хаалгач түшмэл дотогш орж: “Түмэн наст гүнж нэгэн тойны гараас тохойлон хаалганы гадна зарлиг хүлээмүй” хэмээн айлтгасанд, тэр хаан үүнийг сонсож маш баяргүй болоод эгүүлтүгэй хэмээхүл гүнжийн санаа юу болохыг мэдэхгүй тул аргагүй авч уулзах зарлиг буулгав. Тэр гүнж Тансагийг дагуулж Алтан харшийн өмнө ирээд эр эмийн ёсоор бие мэхийн түмэн наст хэмээн ёсолсонд, тэр хаан ийн зарлиг болруун: “Тойн хаанаас ирэв? Миний охины орхисон хатгамал бөмбөгт оногдсон буюу?” Тансаг бие мэхийн айлтгаруун: “Ядуу тойн би зүүн газрын Тан улсын хааны зарлигаар бурхнаас ном залахаар одмуй. Замын түдээ бичгээ халсугай хэмээн хаанд бараадахаар ирэхүйд гүнжийн хатгамал бөмбөгөнд оногдмуй. Би хэмээгч шашны үүднээ орсон тойн хүн тул гүнж лүгээ яахан холбож болмуй. Гуйх нь ядуу тойн миний үхэх ялыг уучлан тэмдэг бичгийг халж өгөөд, бурхны орон Гандарагүд ууланд ном залахаар эчүүлбээс хожим улсад эгсэний хойно хааны энэ ачлалыг үүрд үл умартмуй.” Тэр хаан зарлиг болруун: “Чи хэмээгч зүүн газрын тойн, миний гүнж хорин насыг хэтрээд сар өдрийн сайныг сонгож заяаны бөмбөгийг таягдсанд чив хэмээн чиний бие дээр туссан нь мөн ч урьд төрлийн хувь ерөөл хэмээвээс болмуй. Би хэдий дургүй боловч, гүнжийн сэтгэлийг ямрыг нь мэдэх бус.” Тэр гүнж мөргөн өгүүлрүүн: “Эцэг хаан минь, эртний үгэнд “Тахиа дээр тусваас тахиа, нохой дээр тусваас нохой” хэмээжээ. Урьд өдөр охин би заяаны бөмбөг таягдан хүргэн сонгосугай хэмээн тэнгэр бурханд амлан даатгасан бөлгөө. Энэ өдөр заяаны бөмбөгийг орхисонд чив хэмээн тойны толгой дээр туссан нь тэнгэрээс заяасан нэг насны сайхан ерөөл тул яахан сольж болмуй. Би дуртайяа түүнээр хүргэн хиймүй.” Хаан үүнийг сонсоод маш баясан, зурхайн яаман түшмэлийг дуудаж сайн өдрийг сонгож гүнжийг хуримлуул хэмээх зарлиг буулгасанд, Тансаг маш айн: “Уучил! Уучил!” хэмээн гуйхуйд хаан зарлиг болруун: “Энэ тойн өчүүхэн ч ёс мэдэхгүй. Би чамайг улсын тавнан болгосугай хэмээхүйд, чи энэ жаргалыг мэдэхгүй харин ном залаар одох хэмээх нь юун! Бас үл болох үгийг хэлбээс хиа түшмэл үүнийг аваачиж цавч!” хэмээсэнд, Тансагийн сүнс сарнин сүг завхаж, их л айн чичрэн өгүүлрүүн: “Эзэн хаан өршөө, надад гурван шавь буй. Тэднийг оруулан ирж би нэг хэдэн үг захиж замын тэмдэгт бичгийг нь халуулж ирээд илгээвээс баруунш одох учир саатахгүй бус буюу.” Хаан зөвшөөж: “Чиний шавь нар хаа буй?” хэмээн асуусанд Тансаг: “Зочдын буух өргөөнд буй” хэмээв. Хаан тэр даруйд албан түшмэл илгээж тойны шавь нарыг дуудан түдээ тэмдгийг халж баруунш явуул, энэ тойныг үлдээж улсын тавнан болгомуй хэмээсэнд, Тансаг аргагүй болоод босч зогсов. Үүнийг шүлэглэсэн шүлгийн үг нь:

 

            Эрдэнийн үрлээ эс алдсу гурван бүтнийг хичээ,

            Элэн далан эс бүтэхүйд муу заяанаа гомд.

            Эрдмийн шимийг эцэг тэнгэр чамд уламжлах гэхлээр

            Үүрд сайнд бясалгах нь эрхгүй өөрийн биед амуй.

            Ховдог шунахай зургаан эрхтэний эрхэнд эс орвоос

            Хоромхон зуур нэгэн чанар нээгдэж язгуурт буцмуй.

            Элдвийг эс бодон дурлаж нам сэлүүн байваас,

            Энэлэх зовлонгоос эгнэгт хагацан энх амгаланд дэвшмүй.

            Албан түшмэл зочдын өртөөнд хүрч Тансагийн шавь нарыг дуудахыг түр өгүүлэхгүй.

 

            Тэндээс Бичин Тансагаас салснаас нааш нэгэн зам инээж, баярлан дэвхэрсээр зочдын буух өртөөнд буцаж ирэхүйд Гахай Шороо угтан авч: “Ах чи юунд ийн их баярлаж инээмүй? Багш хаа буй?” хэмээн асуусанд Бичин: “Багшид баяр болов” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Баруун газар хүрч бурханд золгон ном залаагүй атал бас ямар баяр болов хэмээмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Би багш лугаа туналжин зээлээр явж байтал, гүнжийн орхисон заяаны бөмбөг багшийн толгой дээр туссан тул ордны охид тайгачууд багшийг хааны ордонд аваачиж улсын тавнан болгов, энэ баяр бус юун буй?” Гахай үүнийг сонсоод өвчүүгээ дэлдэн өгүүлрүүн: “Би эчсэн бөгөөс сайн болсон бөлгөө, энэ нь надад хор хийв! Би тэр хааны тавнан болоод үл жаргах буюу!” Шороо ирж Гахайн нүүрийг илэн өгүүлрүүн: “Урт хоншоорт улам ичгүүргүй болжээ, “Гурван цэн зоосоор нэгэн хөгшин илжиг худалдан аваад түүний дээр унаж биеэ гайхуулмуй” хэмээгч үүнийг хэлжээ. Тэр заяаны хатгамал бөмбөг үнэхээр чиний толгой дээр тусавч, мөн тэр орой цаас түлэн Гахай чамайг гаргавч мөн хожимдсон хэрэг гэж гэмших буюу, чиний мэт ийм тэнэг амьтнаар тавнан хийх ёсон буй буюу!” Гахай өгүүлрүүн: “Чиний энэ хар хүн юм үл мэдмүй, эртний үгэнд өгүүлсэн нь “Арьс хүдэглэг, яс хатуу боловч хувь хувийн амт буй” хэмээжээ, миний дүрс муухай боловч өөр нэг амт буй!” Бичин өгүүлрүүн: “Манхуу дэмий бүү донгод! Амьтайгаа бэлд, бодвоос багш их сандран аху тул биднийг дуудуулсан буй за, хурдан ордонд орж багшийг хамгаалсугай.” Гахай өгүүлрүүн: “Ах бас ташаарав. Өдгөө багш хааны тавнан болж гүнж лүгээ хамт ордонд жарган амуй. Ямар уул усыг даван чөтгөр шуламд учирсан бус, чи түүнийг юунд дэмий л хамгаалмуй. Багшийн тэр насаар үүл борооны учрыг үл мэдэх бээр үгүй, чи түүнд дэмий туслах учир юун!” Бичин Гахайн чихнээс атгаж нударга зангидан хараан өгүүлрүүн: “Энэ тачаангуй сэтгэлээ үл таягдагч тэнэг! Юунд ийн дэмий донгодмуй!” хэмээв.

 

            Ийн цуугилдан атал, өртөөн түшмэл орж ирэн мэдүүлрүүн: “Хааны зарлиг, богд тойн та гурвуулыг эзний ордонд дуудав.” Гахай өгүүлрүүн: “Биднийг дуудаж яамуй?” Өртөөний түшмэл өгүүлрүүн: “Чиний багш манай гүнжийн заяаны бөмбөгөнд оногдож тавнан болсон тул та нарыг залжээ.” Бичин өгүүлрүүн: “Ирсэн түшмэл хаа буй? Оруултугай.” Тэр түшмэл орж ирээд Бичинд ёсолж бараад дээш харалгүй маш айн аманд: “Чөтгөр буюу! Шулам буюу!... Аянгын эзэн буюу! Ягчис буюу?...” хэмээн дэмий л өгүүлмүй. Бичин үүнийг үзээд: “Түшмэл чи хэлэх үг буй болбоос өгүүл, юунд дэмий л янцагламуй?” хэмээсэнд тэр түшмэл маш чичирхийлэн хоёр гараа дээш өргөн хааны зарлигийн бичгийг барьж: “Манай гүнж таныг залж хүргэн хиймүй, манай хаан таныг эрмүй” хэмээн дэмий донгодохуйд Гахай өгүүлрүүн: “Чи битгий айгтун, би чамайг занчихгүй, үгээ алгуур хэлэгтүн!” Бичин өгүүлрүүн: “Чиний занчихаас айсан бус, харин чиний тэр нүүрээс айжээ. Хурдан морио хөтлөн дамжуураа дамнан хаанд золгохоор одсугай” хэмээв. Хавчуу замд дайралдсан тул зайлах газаргүй, хайр янаг эцэст хорсол болон хувирав хэмээгч үүнийг өгүүлжээ. Хаанд золгосны хойно ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    8 цаг 5 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 52 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 21 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 25 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 8 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 41 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 44 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 45 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 19 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 28 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 38 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 43 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    15 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 23 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 17 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 41 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 42 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 57 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК