зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН ХОЁРДУГААР БҮЛЭГ:


ГУРВАН ТОЙН ХӨХ ЛУУТ УУЛАНД ИХЭД БАЙЛДАВ

ДӨРВӨН ОДОН ХИРС ХЭМЭЭХ ҮХЭР ШУЛМЫГ БАРИВ

 

            Өгүүлэх нь: Их богд хоёр дүүгээ дагуулж үүл салхийг хөлөглөн зүүн хойш хандан явсаар төдөлгүй Хөх луут уулын Хар сүрт агуйд хүрээд үүлэн толгойг доош дарсанд Гахай агуйн хаалгыг эвдсүгэй хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Түр байгтун. Би урьдаар орж багш үхсэн ба амьд ахуй чимээг авсны хойно түүний хаалгыг эвдэхүйд мөн оройтохооргүй.” Шороо өгүүлрүүн: “Энэ хаалгыг өчүүхэн ч завсаргүй чанга хаажээ, ах яаж ормуй?” Бичин: “Надад арга буй” хэмээв.

 

Их богд эрдэнийн болд бэрээгээ хурааж тарни уншин “хувил” хэмээн нэгэнтээ хашхирсанд нэгэн галт хорхой болон хувилав. Тэр хувилсан урныг үзвээс:

 

Хоёр жигүүр суунаг татан алтан гэрэл гялалзаж, хувиран улирах хувилгаан эрдмийг хөнгөлж үл болмуй. Илжирхий модноос галт хорхой бүтэх гэж эртний үгэнд буй атал эргэлдэн хургалзан нисэх нь эрдэм үнэхээр цаглашгүй. Шууд нисэн хаалгын дээр очиж сууваас чулууны нарийн завсраас хүйтэн салхи сийгжээ. Шулмын байдлыг үзэхээр ирсэн Бичин багш сунасхийн дотогш нисмэгц шууд орон эчив. 

 

Бичин дотор орж үзвээс олон үхэр шулам цөмөөр хурхиран унтжээ. Гол ордонд ирж үзвээс чимээ аниргүй бөгөөд дөрвөн зүгт үүд хаалга нэвтэрч байх тул тэр гурван  шулам хаана унтаж байхыг эс мэдэв. Бас дотогш нисэн хойд гэрт орсонд гэнэт уйлах дуун сонсогдмуй. Бичин чих тавин чагнаваас багш нь саравчны дээрээс дүүжлэгдэж уйлан ажээ. Тэр багшийн уйлж өгүүлсэн үг нь: “Эзний нийслэл Чан Аниас гарч ирснээс нааш энэлэн шаналан зовон зүдсээр арван жил болжээ. Цаглашгүй буянаар баруун оронд хүрч ирэхүйеэ цагаан сарын арван тавныг Жин Пингийн газарт тохиолдов. Хувь заяанд зовлон амсах үйл буйн тул хуурмаг бурханд зул барьсныг таньж эс чадав. Эрхэм шавь минь энэ өдөр дайлаар ирвээс эрдэм чадлаа ихэд бадруулан этгээд шулмыг дарах болтугай.” 

 

Бичин үүнийг сонсоод маш баясан жигүүр дэлгэн багшийн дэргэд насан ирэхүйд тэр багш нүдэн нулимсыг арчин өгүүлрүүн: Аяа, баруун орон хэмээгч бас ч гайхалтай ажгуу. Одоо хавар болж ичээс хөдлөх цаг болсон атал, бас юунд галт хорхой нисмүй.” Бичин тэсч ядан: “Багш би ирэв.” хэмээн өгүүлсэнд Тансаг маш баясан: “Хавар галт хорхойд би их л гайхсан бөлгөө. Харин чи ирсэн буй за.” хэмээсэнд Бичин мөн биеэр болоод “Аяа, багш чи үнэн худлыг танихгүйн тул замыг их л саатуулж хүчинг ихэд сүйтгэжээ. Би тэднийг сайн хүн бус хэмээтэл багш чи заавал мөргөхөөр одсонд шулам зулыг унтраан шар тос хулгайлахын хамт чамайг баривчлан аваачжээ. Би Гахай Шороо хоёулаар морь амьтайг харуулж тэр салхины хойноос нэхэмжлэн ирсэн боловч газрын нэрийг нь үл мэдэх тул эргэлзэхэд дөрвөн цагийн эзлэгч ирж энэ уул хэмээгч Хөх луут уулын Хар сүрт агуй хэмээн хэлж өгөв. Би тэр шулам лугаа бүхэл нэгэн өдөр байлдаад  тэнгэр хараахан орой болсон тул хойш эргэж дүү нарт учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлээд унтсангүйгээр бид дахин хүрч ирэв. Шөнө тулалдахад дөхөмгүйг бодож галт хорхой болон хувилаад багш хаана байхыг үзэхээр ирэв. Тансаг их л баясч  “Гахай Шороо цөм ирсэн буюу?” хэмээн асуусанд Бичин: “Тэд цөм ирэв. Сая би үзэхүйд шулам цөм унтжээ. Энэ чөлөөнд би хэзээний оньсыг тайлж чамайг гаргасугай” хэмээв.

 

Бичин оньс тайлах увидсыг хэрэглэж гараар илбэсэнд оньс удалгүй нээгдсэнд багшаа авч гадагш одохуйд тэр шулмын Ван гэнэт сэрээд “Хүүхэд хаана буй, хаалгаа батлан сахь, гал зулаа сайтар хичээ, юунд цагдаагийн тоншуур модны чимээ үл сонсогдмуй?” хэмээн  дуудав. Уул нь тэдгээр бага шулам нэгэн өдөр байлдаад их л ядарсан тул цөм унтжээ. Их вангийн ийн дуудахыг сонсоод бага шулам цөм харайн босоод тогшуур модыг тогшин харанга дэлдэн тойрон цагдан явахад чив хэмээн Тансаг багш шавь хоёр лугаа учрав. “Тойн оньсыг эвдэн босов” хэмээн бархирсанд Бичин шийдмээ гаргаж аяган чинээ бүдүүн болгоод хоёр бага шулмыг занчин алсанд өөр бага шулам тогшуур модоо таягдаж дунд тэнхимд дутаан ирж үүдийг дэлдэн: “Их Ван муу болов. Тэр нүүрт үстэй тойн орж ирээд хүн алав.” хэмээн хашхирсанд тэр гурван шулам цөм харайн босоод “барь барь” хэмээсэнд Тансаг их л айн гар хөл цөм зөөлрөв. Бичин багш юугаа орхиж шийдэм эргүүлэн зам нээж одоход хэд хэдэн бага шулмыг занчин алж хэдэн давхар хаалга үүдийг эвдэж дутаан гарч ирээд: “Дүү нар хаана вэ?” хэмээн хашхирсанд Гахай Шороо цөм малтуур өргөн таяг далайж: Ах яав?” хэмээсэнд Бичин яахан галт хорхой болон хувилаад дотогш орж багшийгаа гарган явтал шуламд сэрэгдэж багшийг орхин гарч ирсэн учраа нэгэн зэрэг тоочин өгүүлснийг өгүүлэхгүй.

 

Тэндээс тэр шулмын ван Тансагийг дахин баривчлан гинжилж гал зулыг гэрэлдүүлэн илд сүхийг өргөж: “Тэр гинжийн оньсыг хэн нээв. Тэр сармагчин яахан орж ирэв. Үнэнээ хурдан хэлбээс амийг чинь уучилсугай. Эс бөгөөс энэ илдээр түмэн анги болгомуй.” хэмээсэнд Тансаг чичрэн дагжиж сөгдөн өгүүлрүүн: “Их ван минь шавь Сүн Ү Күнд далан хоёр зүйлээр хувилан чадах эрдэм буй. Тэр нэгэн галт хорхой болон хувилаад орж ирэн намайг гаргасанд завшаан бусаар их ванд мэдэгдсэн тул миний шавь сайн мууг үл мэдэн хэдэн бага шулмыг занчин алж олноор зэвсэг барин хашхиралдан ирэхүйд тэр намайг орхиж дутаан оджээ. Тэр гурван шулам үүнийг сонсоод их л агдаганан инээж: “Бид сэрсэнгүй бөгөөс эд дутаан одсон бөлгөө.” хэмээсэнд өмнө хойд хаалгыг Шороо дарж чимээгүй байгтун” хэмээн бага шуламд захив.

 

Шороо өгүүлрүүн: “Хаалгаа таг дарж чимээгүй болов. Багшид хор хийх болуузай, бид гар хөдөлсүгэй.” Бичин: “Дүүгийн үг зөв, бид хурдан хаалгыг эвдсүгэй” хэмээсэнд тэр Манхуу сүр бадруулан малтуураар чулуун хаалгыг хэмх балба занчин хараан өгүүлрүүн:  “Тос хулгайлсан шулам миний багшийг түргэн гаргаж өг бага шулам их л аялдан дотогш орж: “Их ван муу болов.” Өмнө хаалгыг тэр тойн хэмхлэв.” хэмээн мэдүүлсэнд гурван шулам тэсгэлгүй хилэгнэн “Энэ сармагчин үнэхээр ёсгүй.” хэмээж бие хуяглан тус тусын зэвсгээ авч олон бага шулмыг дагуулан байлдахаар гарч ирэв. Энэ үес яг шөнийн гурван жингийн үе тул сарны тунгалаг нь өдөрт адил. Гурван шулам гарч ирмэгц үг дуугүй байлдан эхлэхэд Бичин шийдэм өргөн их шулмын сүхийг угтан авав. Гахай малтуур далайн хоёрдугаар шулмын дам илдийг тосон авав. Шороо таяг өргөн гуравдугаар шулмын шийдмийг хүлээн авав. Энэ нэгэн зэрэг их байлдсан нь:

 

Бэрээ, таяг малтуур барьсан гурван тойн байлдан ороход том илд шийдэм атгасан гурван  шулам угтан авав. Хүрч ирэн байлдахуйд хүдэн манан татаж хүчлэн их алалдахад солир харван солонго татжээ. Эрдэнэ малтуурын эргэлдэх нь ээрүүл мэт түргэн, чандмань бэрээний цайлалзах нь цахилгаан адил хурдан. Хувилгаан таяг нь хорвоод чухаг эрдэнэ хэмээхүл хорт гурван  шулам бас хосгүй сайн эр хэмээмүй. Дөмөөний ир нь түшингүй хурц ороонго шийдмийн гишүү нь учиргүй эрээн. Дам илдний даллан ирэх нь Дайшан уулаар дарахуй адилд дайтагч гурван тойны эрдэм нь дийлэхүйд бэрх болжээ. Энэ нэгэн этгээд нь багш юугаа гаргасу хэмээн шүд зуун хорсмуй. Тэр нэгэн этгээд нь Тансагийг үл тавья хэмээн үхэн байлдмуй. Дөмөө шийдмийн зөрөлдөх нь дийлэн дийлэгдэх ялгарахгүй илд малтуурын тэмцэлдэх нь ялан ялагдах мэдэгдэхгүй. Эрдэнийн таяг булцуут шийдэм их л тэнцэж эргэн урван байлдаж эрийн чадлыг гайхуулав. Гурван тойн гурван шулам лугаа удтал байлдан дийлэн дийлэгдэх ялгарах үгүй байтал тэр хүйтнийг халхлагч их ван: “Хүүхэд цөмөөр орогтун.” хэмээн хашхирсанд бүгд бага шулам цөмөөр ирж байлдахад Гахай торж унасанд усан үхэр шулам хэдийнэ хүрч ирээд Гахайг чирэн өргөсөөр агуйд аван оров. Шороо Гахайн баригдсаныг үзээд эрдэнийн таягаар тоосыг халхлагч их вангийн шийдмийг угтан хойш дутаан гарсугай хэмээтэл бага шулам бархиралдан ирээд татан унагааж босч завдалгүй барьж хүлжээ. Бичин ганцаар үлдэж байлдах санаагүй болоод үүл хөлөглөн дутаан одов. Гахай Шороо хоёуланг хүлж Тансагийн дэргэд авчирсанд Тансаг үзээд нулимсыг цувруулан өгүүлрүүн: “Та хоёр бас баригдмуй юу? Бичин яав?” Шороо өгүүлрүүн: “Биднийг баригдахыг үзээд номын ах дутаан оджээ.” Тансаг өгүүлрүүн: “Тэр гарсан болбоос эрхгүй ирж биднийг гаргах буй за. Гэвч биднийг хэзээ олж гарахыг үл мэднэ.” Багш шавь гурвуулаа ийн гаслан өгүүлэхийг түр өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь: Бичин үүл хөлөглөн Нигүүлсэхүй үүлэн сүмд буцаж ирэхэд тэр сүмийн тойд угтан авч, “Тансаг их багшийг гаргав уу?” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Хэцүү, хэцүү хэцүү, тэр шулмын хувилгаан эрдэм даанч хэцүү, бид ах дүү гурвуулаа тэр гурван  шулам лугаа удтал байлдан өмнө хожид Гахай Шороо цөм баригдаж би дөнгөж дутаан гарч ирэв.” Тойд айлдан өгүүлрүүн: “Таны мэт үүл хөлөглөн явагч хүн тэднийг үл барьж чадах болбоос Тан багшийн амин гарах нь хэцүү буй за.” Бичин өгүүлрүүн “Гайгүй гайгүй миний багшийг чойжин, кирди, зургаан улаагчин зургаан хөх хамгаалж буй бөгөөд мөн эрдэнийн үрлийг идсэн хүн тул үл үхэх буй за. Ганц шулмын хувилгаан эрдмээс эмээмүй. Та манай амьтай, морийг сайн харж байгтун. Би тэнгэрийн оронд одож туслах цэрэг авчирсугай.” Олон тойд айлдан өгүүлрүүн: “Та тэнгэр дээр гарч чадах буюу?” Бичин инээн өгүүлрүүн: “Тэнгэрийн орон хэмээгч уул нь миний нутаг бөлгөө. Би тэнд тэнгэр лүгээ чацуу их богд байхын цагт Өлзийт тоорын хуримыг ихэд түйвээсний харгайгаар бурханд баригдаж одоо аргагүй Тансагийг даган ялыг гавьяагаар солихын төлөө ном залахаар одмуй. Миний багш зовлонг амсах үйлтэй хүн тул нэгэн зам би түүнийг хамгаалж шулмыг арилгасныг та мэдэхээргүй. Олон тойд үүнийг сонсоод цөм залбиран мөргөв. Бичин сүмийн үүдийг гармагц пос хэмээх нэгэн дуу гарч үзэгдэхгүй болов. Төдөлгүй тэнгэрийн баруун хаалганд хүрсэнд Шугар бясман тэнгэр болон Жин, Зу, Тоу, Шьюй олон эрхтэн лүгээ хэлэлцэж байсан ажгуу. Бичиний ирэхийг үзмэгц тэд бүгд яаран ёслон өгүүлрүүн: “Их богд хааш одмуй?” Бичин өгүүлрүүн: “Би Тансагийг хамгаалан Энэтхэг  улсын зүүн зах хязгаарын Жин Пин Фугийн Мин Тянь Сянь хэмээх газарт хүрвээс тэндэхийн Нигүүлсэхүй үүлэн сүмийн тойд миний багшийг үлдээж арван тавны зулыг үзүүлэв. Алтан зулт гүүрний дэргэд хүрвээс гурван их цөгцөнд шар тос хийж үнэ нь таван түмэн лан цагаан мөнгө хүрсэн зул асааж жил бүр олон бурхад залран ирж тахилыг хүртмүй. Бид үүнийг үзэн атал үнэхээр гурван бурхан залран буусанд миний багш сайн мууг мэдэхгүйгээр мөргөхөөр очив. Би багшид тэд сайн хүмүүс бус хэмээн өгүүлтэл зул гэнэт бүдэгрэн тэр шулам тос хулгайлахын хамт багшийг бас аван явжээ. Би тэр шулмын салхины хойноос нэхэмжлэн үүр цайхын үед нэгэн уулын дэргэд хүрч ирсэнд дөрвөн  цагийн эзлэгч нар ирж “Энэ уулын нэр нь Хөх луут уул хэмээмүй. Үүний доор Хар сүрт хэмээгч нэгэн агуй буй. Тэр агуйн дотор хүйтнийг халхлагч их ван, халууныг халхлагч их ван, тоосыг халхлагч их ван хэмээх гурван шулам сууж буй” хэмээн мэдээ хүргэв. Өвгөн Сүн би тэр агуйн үүднээ хүрч шулам лугаа нэгэн өдөр байлдаад дийлэн эс чадав. Би галт хорхой болон хувилаад агуйн дотор орж үзвээс багш хор олоогүй хоригдож аху тул оньсыг тайлан гаргатал тэр шулам мэдсэнд би багшийг орхиж ирэв. Сүүлээр Гахай Шороотой хамт очиж байлдаад тэд цөм шуламд баригдсан тул өвгөн Сүн би аргагүй хурмастад учирч шулмын ирэл үүслийг эрэн тэнгэрийн цэргийг гуйхаар ирэв. Шугар гараг их л агдганан инээж: Их богд тэдэн лүгээ байлдсан агаад түүнийг ямар шулам болохыг үл таних буюу? хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Танимуй танимуй, нэгэн үхрийн шулам болой.” Гагц тэдний хувилгаан эрдэм маш хэцүү тул төдөлгүй барихад үнэхээр бэрх.” Шугар гараг өгүүлрүүн: “Тэр гурван хэмээгч хирсийн шулам болой. Тэд цөм тэнгэрийн зүйг их мэдэх тул олон жил бясалгал хийж үнэн биеийг олжээ. Энэ шулам үүл мананг хөлөглөн чадах бөгөөд биеийн сүүдрээс жигшиж үргэлж усанд орж маш ариуныг эрмүй. Тэдгээр шулмын дотор хирс хирс, эр хирс, эм хирс, цоохор хирс, сахалт хирс зэрэг олон ялгаа буй. Тэд цөм хамрын нүхнээс гурван үс ургаж, хоёр эвэртэй далай мөрний дотор явахад усыг хоёр тийшээ яран зам гаргаж чадмуй. Тэр хүйтнийг халхлагч их ван, халууныг халхлагч их ван, тоосыг халхлагч их ван хэмээгчийн эврээс цөм бэлгэт агаар дээш мандах тул их ван хэмээх нэрийг олжээ. Их богд тэднийг барьсугай гэвэл дөрвөн модон жигүүртэн одныг залбаас болмуй. Бичин үүнийг сонсоод яаран асууруун: “Тэр дөрвөн модон жигүүртэн одон хэмээгч хэн буй? Шугар гараг та надад нэгэн нэгнээр илт зааж өгөх ажааму. Шугар гараг инээн өгүүлрүүн: “Тэр одон тэнгэрийн Сударсан ордонд тэнгэр газрыг захиран сууж буй. Чи тэднийг мэдсүгэй хэмээвээс хурмастад очиж айлтга, тэр чамд нэг нэгээр хэлж өгмүй. Бичин алга хамтатган хариу тал хийж тэнгэрийн хаалгыг шурган шууд дотогш орон эчив.

 

Төдөлгүй Бичин тунгалаг гэгээн харшийн доор хүрч ирээд Хэ, Цьюй, Жан, Шьюй дөрвөн их Адишад учрав. Адиша асуун өгүүлрүүн: “Их богд хаана одмуй?” Бичин өгүүлрүүн: “Жин Пангийн газар ойртсонд миний багш тойны чанарыг алдаж арван тавны зул үзсэнд шуламд тохиолдож баригдав. Өвгөн Сүн би тэр шулмыг дарж үл чадах тул хурмастад бараадан туслах цэргийг гуйхаар ирэв. Адиша түүнийг сонсоод Бичинийг дагуулж бидэрьяа эрдэнийн харшийн өмнө ирж хурмастад мэдүүлэв. Бичин хурмастад ёсолсны хойно ирсэн учрыг тоочин өгүүлсэнд хурмаст бээр “Туслах тэнгэрийн цэргийг илгээ” хэмээн зарлиг буулгав. Бичин бас айлтгаруун: Өвгөн Сүн би тэнгэрийн баруун хаалга Шугар гараг лугаа учирсанд тэр надад хэлсэн нь: “Тэр болбоос хирс хэмээх шулам ганц дөрвөн модон  жигүүртэн одон түүнийг дарах” хэмээжээ.” Хурмаст үүнийг сонсоод Адиша нараар Бичинийг дагуулж Сударсан ордонд одож дөрвөн модон жигүүртэн одыг доод ертөнцөд буулгаж шулмыг  барь хэмээн зарлиг буулгав.

 

Адиша Их богдыг дагуулж Сударсан ордонд хүрч ирсэнд, хорин дөрвөн одод угтан авав. Адиша: “Би хурмастын зарлигаар дөрвөн модон жигүүртэн одыг Их богд дагуулан доод ертөнцөд буулган шулмыг даруулахаар ирэв” хэмээсэнд хажуугаас Цэдэр, Удирасад, Ривади, Бурнавас дөрвөн одон хэдийнээ гэхэлзэн гарч ирээд: “Их богд биднийг дайчилж хаана ямар шулмыг дарахаар одмуй?” хэмээхэд  Бичин инээн өгүүлрүүн: “Харин та хэдүүл ажгуу, энэ өвгөн Шугар гараг надаас та нарын нэрийг нууснаас болж би учрыг нь ухан эс чадав. Хорин найман оддын доторх дөрвөн модон од хэмээж эрт хэлсэн аваас, өвгөн Сүн би шууд ирж тан лугаа уулзваас барав, бас юуны хурмастын тэндээс зарлиг авахаар одмуй.” Дөрвөн модон одон өгүүлрүүн: “Их богд юу хэлж амуй, бид хурмастын зарлиггүй болбоос эндээс аймшиггүй гарч болох буюу? Чухам хааш одмуй? Эртхэн явбаас сайн.” Бичин өгүүлрүүн: “Жин Пин Фугаас зүүн хойш, Хөх луут уулын хар сүрт агуйд хирс  шулам бүтжээ.” Удирсад, Ривади, Цэдэр өгүүлрүүн: “Хэрвээ хирс шулам бүтсэн болбоос ганц Бурнавас одвоос барав, бид явсны хэрэггүй. Түүнд уулын барсыг идэх, усны хирсийг барих чадал буй.” Бичин өгүүлрүүн: “Тэр хирс өөр хирстэй адилтгаж үл болох, тэр цөмөөр бясалгал хийж мөрийг олоод мянган жил болжээ. Үнэрхсэний хэрэггүй, дөрвүүлээ эч, хэрвээ та дөрвүүлийн нэгэн нь одоод баривчлан үл чадах болбоос надад яршиг болох буюу?” Адиша өгүүлрүүн: “Таны энэ чинь ямар үг буй? Хурмаст та дөрвүүлийг од хэмээв. Үл одох ёсон буй буюу? Эртхэн мордвоос сайн, би хурмастын зарлигийг эгүүлэхээр одмуй” хэмээхэд тэр Адиша Их богдоос салж одов.

 

Төд  дөрвөн одон өгүүлрүүн: “Их богд урьдаар одож тэднийг өдөөн байлдаж гарга, бид барихад сайн.” Бичин агуйн хаалганд хүрээд хараан өгүүлрүүн: “Тос хулгайлагч шулам багшийг гаргаж өг!” Тэр агуйн хаалгыг Гахай нэгэнт балбачихсан тул, бага шулам хэдэн бэнсээр хаджээ. Тэр агуйн бага шулам Бичиний ийн хараахыг сонсоод яаран дотогш орж: “Их Ван, нүүрт үстэй тэр Сүн тойн ирж хараамуй!” хэмээн мэдүүлсэнд, тоосыг халхлагч Их Ван өгүүлрүүн: “Тэр өчигдөр дутаан одоод энэ өдөр бас ирэх буюу? Санаваас ямар газраас туслах цэрэг авчирсан буй за.” Хүйтнийг халхлагч халууныг халхлагч хоёр Их Ван: “Түүний туслах цэргээс айх учир юун, хуяг дуулгыг авч ир, хүүхэд та түүнийг сайтар томоолон ав, гаргаж болохгүй” хэмээхэд, тэдгээр бага шулам үхэхийг унтахын төдий бодохгүй цөм зэвсэг далайн, туг хиур өргөн, хэнгэрэг харанга дэлдэн агуйн дотроос гарч ирээд Бичиний зүг зандран өгүүлрүүн: “Энэ үхэхээс айхгүй сармагчин бас юунд ирэв?” Бичин “Сармагчин” хэмээх үгийг маш цээрлэх тул шүд зуун их л хилэгнэн шийдэм дайлан занчин одов. Тэр гурван шулмыг дийлэн Их богдыг дундаа оруулан томоолон авав. Тэндээс дөрвөн модон жигүүртэн одон тус тусын зэвсгийг өргөж, “Энэ адгуусан битгий ёс бусчил! хэмээн зандарсанд, гурван шулам дөрвөн одыг үзээд маш айн: “Муу болов, тэр бидний эрлэгийг авчрав! Хүүхэд та бүгд өөр өөрийн амьдрах замаа эрэгтүн!” хэмээсэнд, тэр бага шулам цөм үнэн дүрсээ илрүүлж уулан үхэр, усан үхэр, арлын шар болон хувилж уул талаар дүүрэн гүйлдэв. Тэр гурван шулам бас уг дүрсээ гаргаж дөрвөн төмөр туурайгаа тачигнуулан зүүн хойш дутаан одсонд, Их богд Бурнавас, Цэдэр хоёр одыг дагуулж хойноос нэхэмжлэн эчив. Удирасад, Ривади хоёр одон энэ ууланд үлдэж тэдгээр бага шулмыг алахыг нь алж, барихыг нь барив. Бас хар сүрт агуйд орж Тансаг Гахай Шороо гурвын хүлээсийг тайлав.

 

Шороо тэр хоёр одыг таниад ёслон өгүүлрүүн: “Та хоёул хаана ирж биднийг туслав?” Хоёр одон өгүүлрүүн: “Их богд хурмастад айлтгаж биднийг авчрав.” Тансаг нүдэн нулимсыг унагаж өгүүлрүүн: “Миний шавь Сүн Ү Күн юунд үл үзэгдмүй?” Хоёр одон өгүүлрүүн: “Тэр гурван шулам хэмээгч хирс болох тул биднийг үзээд ихэд айж одов. Бид зүүн хойш зүг дутаан одсонд, Их богд, Цэдэр, Бурнавас хоёр одыг дагуулж нэхэн одов. Бид хоёул хамаг өөр шулмыг арилгаж богд тойнтоныг тавьсугай хэмээн ирэв.” Тансаг үүнийг сонсоод хоёр одонд дахин ёслон тал өгч, бас тэнгэр өөд харан залбирав. Гахай багш юугаа тэтгэн босч: “Тал олдвоос хуурмаг болой, багш дахин дахин тал өгсөний хэрэггүй. Нэгэнд болбоос хурмастын зарлиг, хоёрт болбоос номын ахын найрыг бодож дөрвөн одон ирээд бүгд шулмыг арилгав. Тэр гурван шулмыг яаж дарахыг үл мэдэх тул бид энэ агуйн сайн юмыг аваад түймэр тавьж хорын үндсийг тасалж хойш сүмд буцаж номын ахыг хүлээхийг хүрэхгүй” хэмээсэнд, Ривади одон: “Тэнгэрийн их өрлөг зөв болой. Чи орхиул эвхэгч их жанжинтай хамт багшаа хамгаалаж сүмд буц, бид хоёул тэдний хойноос нэхэж туслан байлдсугай” хэмээхэд, Гахай өгүүлрүүн: “Мөн! Мөн! Та хоёул нэгэн мөрийн хүчин болон туслаад, шулмыг бүрмөсөн барьсаны хойно хурмастын зарлигийг эргүүл” хэмээсэнд, хоёр одон тэндээс салж нэхэмжлэн одов.

 

Гахай Шороо хоёул агуйн доторхи шүр сувд, манах хас, алт мөнгө аливаа эрдэнэсийн зүйлийг цөм авч гаргаад, багшаа нэгэн хадан дээр аваачиж суулгаад дахин агуйд орж гал тавин багш юугаа авч сүмд ирэв. Энэ үнэхээр:

 

Номд өгүүлсэн нь: “Жаргалын туйлд хүрсэн буюу”, сайны дотор бас зовлон тохиолдмуй. Саран зулд дурларуун тойны чанар самуураад, сайн үзэмжид баясруун хуврагийн сэтгэл төөрөгдөв. Бясалгасан үрлийг эртнээс ордонд сахь, бусинуулж орхивоос зовлон аяндааирмүй.сахил шагшавадаа сайтар сахихгүй бөгөөс саад харш үхрийн үснээс олон тохиолдмуй.

 

Багш шавь гурвуул амь гаран сүмд буцсаныг түр өгүүлэхгүй. “Удирасад Ривади хоёр одон үүл хөлөглөн зүүн хойш шулмыг нэхэмжлэн одов. Тэр хоёр одон огторгуйн дээрээс харан атал, баруун их далайн хөвөөнд Их богд зогсож их дуугаар зандран хашхирах дуун сонстов. Тэр хоёр одон үүлийн толгойг дорогш дарж: “Их богд, шулам хаана буй?” хэмээн асуусанд, Бичин их л хорсон өгүүлрүүн: “Та хоёр шулмыг нэхэмжлэхгүй хаана байж өдгөө сая ирж ийн асуумуй?” Удирасад одон өгүүлрүүн: “Их богд та Цэдэр Бурнавас хоёр одыг дагуулж буруулсан шулмыг нэхэн эчихийг үзээд лавтайяа барих хэмээн бид хоёул үлдсэн шулам бүгдийг арилгаж хар сүрт агуйд хүрч чиний багш дүү нарыг гаргав. Агуйг нэгжин шатааж таны багш Тансагийг Гахай Шороод тушааж нигүүлсэхүй үүлэн сүмд илгээв. Их богд эргэж ирсэнгүйг мэдээд бид энд эрэн ирэв.” Бичин үүнийг сонсоод, маш баясан тал өгч: “Тийн болбоос таныг зовоов. Бид гурвуул шулмыг нэхэмжлэн ирсэнд, тэд цөм далайд шурган оров. Хоёр одон тэдний хойноос нэхэн орж, би эндээс гарч ирэхийг хүлээн амуй. Та хоёул ирсэн тул энд хүлээж байгтун, Өвгөн Сүн би хойноос нь орсугай” хэмээгээд Их богд шийдэм далайн ус халхлах тарни уншин зам нээж далайн дотор оров.

 

Бичин үзвээс, тэр гурван шулам далайн ёроолд Бурнавас Цэдэр хоёр одтой үхэн байлдаж амуй. Бичин ойртон ирээд: “Өвгөн Сүн би ирэв!” хэмээн өндөр дуугаар зандсанд, гурван шулам хоёр одны хүчийг хүлээж чадахгүй байхад Сүн Ү Күн хүрч ирэхийг үзээд амийг хамгаалж дутаан одов. Шулмын тэр эвэр нь усан ярах эрдэм буй тул усан замыг нээж нисэх мэт дутаан одоход, Бичин хоёр одтой хойноос нэхэмжлэн одов. Баруун далайг цагдагч ягчис холоос гурван хирс ус яранм ирэх болоод хойноос Их богд хоёр одон нэхэн ирэхийг үзээд яаран болор ордонд орж лусын хаанд мөргөмүй: “Их Ван, Их богд хоёр одтой гурван хирс шулмыг нэхэж айсуй!” хэмээхэд, тэр өвгөн лусын хаан Үү Шүн хөвгүүн Мүэ Нэнг дуудаж “Санаваас хирс шулам хүйтнийг халхлагч халууныг халхлагч тоосыг халхлагч нар Их Богдод халджээ. Чи усан цэргийг авч түргэн тусал” хэмээсэнд Мүэ Нэн усан аймгийг авч туслахар гарав.

 

Төдөлгүй усан аймгийн олон жанжин нар гарт зэвсэг барьж болор ордноос гарч ирэхийг гурван шулам үзээд өмнөш одож үл болохыг мэдээд хойш ухартал, Их Богд хоёр одонд хашигдав. Гурван шулам ихэд мэндүүрэн тус тусын амьдрах замыг эрэн буруулан одоход, тоосыг халхлагч шулам өвгөн лусын хаан усан аймгийн цэрэгт томоологдохыг Бичин үзээд ихэд баясан: “Бүү яар, алж болохгүй, амьдаар барь! хэмээхэд, Мүэ Нэн зарлигийг дагаж тоосыг халхлагч их шулмыг татан унагаж хамрыг нь дөрлөн дөрвөн мөчийг нь хүлж хаяв.

 

Лусын хаан бас цэрэг салган хоёр шулмыг нэхэмжлэн хоёр одыг тусал хэмээх зарлиг буулгасанд, тайж олон усан аймгийг дагуулж хүрч ирэхэд, тэр Бурнавас одон мөн биеэр болж хүйтнийг халхлагч шулмыг идэн ахуйг үзээд: “Бурнавас, Бурнавас, түүнийг битгий ал! Их Богд амьдаар барь хэмээв” хэмээн тайж хэдэнт хашхиран атал, тэр одон хэдийнээ шулмын тэргүүнийг таслан орхижээ.

 

Мүэ Нэн тайж усан аймгийн жанжин нарт хирсийн хүүрийг тушааж болор ордонд хүргүүлсний хойно Бурнавас одтой хамт халууныг халхлагч шулмыг нэхэмжлэн ирэхэд, Цэдэр одон тэр шулмыг гэдрэг хөөж ирэхийг Бурнавас одон үзээд тайжийн дагуулсан усан аймгийн цэргээр томоолон авсанд, тэр шулам аргагүй болоод “Амийг уучил! Амийг уучил!” хэмээн гуйсанд Бурнавса одон урагш ирж дам илдийг булаан чихнээс барьж “Алахааргүй. Алахааргүй. Их Богд чамайг шийтгэх болтугай” хэмээв.

 

Төдөлгүй зэвсэг хурааж усан болор ордонд буцаж ирцгээж “Бүгдийг барив” хэмээн мэдүүлсэнд, Бичин ирж үзвээс нэгний толгой нь тасарч цус гоожуулан газар хэвтмүй. Бас нэгнийг нь Бурнавас одон чихнээс чирч авчраад газар сөгтгөв. Бичин тэр толгой тасарсан шулмыг нэгэн зэрэг сайтар шинжээд: “Түүний толгой зэвсэгт гэмтсэн бус болой” хэмээхэд, Тайж инээн өгүүлрүүн: “Би эс хашхирсан бөгөөс Бурнавас одон түүний бүх биеийг идсэн болой.” Бичин өгүүлрүүн: Тийм болбоос барав. Хөрөө авчир. Үүний хоёр эврийг нь хөрөөдөн авч, махыг лусын эцэг хөвгүүдэд идүүлсүгэй” хэмээгээд тоосыг халхлагч шулмын хамрыг дөрлөж Цэдэр одоор хөтлүүлж, халууныг халхлагч шулаын хамрыг дөрлүүлж бурнавас одноор хөтлүүлж “Жин Пин Фугийн ноёнд үзүүлээд худал бурхан иргэнийг олон жил зовоосон учрыг нэгэн зэрэг тодорхойлон өгүүлсний хойно шулмын тэргүүнийг цавч” хэмээв.

 

Олноор зарлигийг дагаж лусын хаан эцэг хөвгүүнээс аярлан салж баруун далайгаас гарч ирээд удирасад Ривади хоёр одтой учирч хирс хөтлөн “Жин Пин Фугийн зүг үүл хөлөглөн одов. Их Богд хөлд бэлгэт үүлийг өшгөлөн огторгуйгаас: “Жин Пин фуг захирсан түшмэл ба олон ноёд тэргүүлэн хотын цэрэг иргэн та бүгд сонс: “Би болбоос зүүн газрын Их Тан улсын хаан баруун бурхны орноос ном залахаар илгээсэн элч тойн Тансагийн шавь бөлгөө. Таны Фу сяний газрыг жил бүр хуурч бурхан болон тос хулгайлахын хамт миний багшийг бас авчирсанд би тэнгэрийн эрхтэн нарыг залан авчирч шулмыг дарав. Өдгөө иргэнийг зовоох үндсийг таслан уул агуйд ард иргэд амаржив.” Энэ үед Гахай Шороо хоёул багш юугаа түшиж сүмийн үүдээр сая ортол, огторгуй дээрээс Бичиний ийн өгүүлэхийг сонсоод багш амьтай бүхнээ орхиж огторгуйд дэвхлэн гарч шулмыг дарсан учрыг асуусанд, Бичин өгүүлрүүн: “Гурван шулмын нэгнийг нь Бурнавас одон хазаж алсан тул эврийг нь авчрав, өөр хоёрыг нь амьдаар барин авчрав.” Гахай өгүүлрүүн: “Тэр хоёр шулмыг хотын дотор орхиж Фу сяний түшмэдэд үзүүлбээс бидний хувилгаан тойд болохыг мэдэхэд сайн, дөрвөн одон биеийг нэгмөсөн чилээж үүлийг хурааж яамны газар бидэнтэй хамт очин шулмыг шийтгүүлэн хортоныг арилгасан үнэн сэтгэлээ илтгэхгүй бас ямар цагийг хүлээмүй!” хэмээсэнд, дөрвөн одон: “Тэнгэрийн их өрлөг орчим болоод хууль ёсыг их мэдэх болжээ.” хэмээхэд Гахай өгүүлрүүн: “Нэлээд хэдэн жил тойн болоод баахан юм олж сурсан бөлгөө” хэмээв.

 

Олон эрхтэн үнэхээр

Олон эрхтэн үнэхээр тэр хоёр хирс шулмыг огторгуйгаас түлхэн буулгаж өнгөт үүлийг дорогш дарж хотын дээр хүрч ирсэнд, энэ Фу сяний ноёд түшмэд тэргүүлэн бүх хотын ард иргэд цөмөөр маш айлдан өрх бүр хүж зул асааж тэнгэрийн эрхтэн сахиулсанд мөргөв. Бас тэр нигүүлсэхүй үүлэн сүмийн тойд Тансагийг сүйхэд суулган яамны хаалгаар дамнан орсонд Тансаг Бичинтэй уулзаж, бас дөрвөн одонд тал өгөн ийн өгүүлрүүн: “Тэнгэрийн дөрвөн одон биеийг ихэд чилээж биднийг аварсанд талархмуй. Миний Сүн Ү Күн буцаж ирэхгүйд миний сэтгэл маш зовнин атал, өдгөө шулмыг дарж ирэхийг үзээд машид баярлав. Энэ шулмыг хаана хүртэл нэхэмжлэн яаж барьсан болов!” Бичин өгүүлрүүн: “Уржигдар багшаас салснаас нааш, Өвгөн Сүн би шулмын эрэл гарлыг сурвалжлан тэнгэрийн оронд одсонд Шугар гараг хишиг хүртээн тэр шулам болбоос хирс болох бөгөөд дөрвөн модон жигүүртэн одныг залбаас адбиш үгүй дарах хэмээн тодорхой заан өгчээ. Хурмастад золгон дөрлвөн одныг авч ирээд шуламтай байлдсанд, шулмыг нэхэмжлэх зуур, Удирасад одон, Ривади одон ирж багштаныг гаргажээ. Тэр гурван шулам баруун далайд шургасанд лусын хаан, хөвгүүнээ илгээн биднийг туслуулсан тул шулмыг баривчлан шийтгэхээр энд авчрав” хэмээсэн Тансаг ихэд баясан дахин тал өгөн баршгүй. Бас Фу сяний олон ноёд түшмэдтэй уулзсанд, тэд цөм хүж асаан мөргөн залбирав.

 

Төдөлгүй Гахай малтуураа далайн хоёр шулмыг занчин алаад, эврийг нь хөрөөдөн авсанд, Бичин өгүүлрүүн: “Дөрвөн одон энэ нэгэн бээрийг авч дээд тэнгэрийн оронд хүрсний хойно, хурмастын зарлигийг эгүүлэхийн хамт бэлэг болгон барьсугай” хэмээгээд, өөрийн авчирсан хоёр эврийн нэгийг тэр хотын ноёдод өгч: “Үүнийг хотод үлдээж хойч өдөр тосон алба авч болохгүйн тэмдэг болгожээ, нэгнийг нь бид аваачиж Шигэмуни бурханд барьсугай” хэмээсэнд дөрвөн одон ихэд баясан Их Богдод ёслон үүлэн хөлөглөж хурмастын зарлигийг эгүүлэхээр одов.

 

Жин Пин Фугийн олон түшмэд маш их хурим бэлтгэж багш шавь дөрвүүлийг дайлав. Нэгэнтэйгүүр тунхаг нийтэлж дараа жилээс эхэлж алтан зулын тосны алба тавьж болохгүй хэмээн цэрэг ардад зарлав. Нөгөөтэйгүүр яргачныг авчирч хирсийн арьсийг өвчөөд сайтар шулж хуяг хийлгэж махыг нь түшмэдэд түгээн өгөв. Бас албанаас зоос мөнгө гаргаж нэгэн хэсэг газар худалдан аваад дөрвөн одон шулмыг дарсан сүм барив. Бас Тансаг багш шавь дөрвүүлд хөшөө байгуулж үсэг бичиг тахил тавиад түмэн он уламжлан үүрдийн дурсгал болгон үлдээв.

 

Багш шавь дөрвүүл энэ тахилыг хүртээд, бас тэр тосны алба баригч хоёр зуун дөчин өрхөд ээлжээр залагдсанд Гахайн сэтгэлд их ханамжтай болоод агуйн дотроос нэгжин авчирсан эрдэнэсээ тэдэнд хариу тал болгон өгөв. Нэгэн сар болоод бас явж эс чадахад, Тансаг Бичинд ийн өгүүлрүүн: “Үлсэн эрдэнэсийг энэ сүмийн тойдод өгөөд, тэр өрхүүдээс хулгайлж маргааш явсугай. Жаргалд цэнгэсээр ном залахаа саатваас бурхан биднийг буруушааваас бас ч амаргүй болмуй” хэмээхэд, Бичин тэр эрдэнэсийг нигүүлсэхүй үүлэн сүмийн тойдод хувааж өгөв.

 

Тэд маргаашийн таван жингийн үед босоод Гахайг морио эмээллэгтүн хэмээсэнд, тэр Манхуу архинд их л манхуурсан тул: “Ийм эрт морь эмээллэж юу хиймүй?” хэмээв. Бичин зандан өгүүлрүүн: “Багш явах хэмээмүй!” Тэр манхуу нүдээ нухлан: “Багш даанч тусгүй, хоёр зуун дөчин өрх биднийг залсугай хэмээтэл, арай гучаад өрхийн хоолыг идэж явах нь Өвгөн Жу намайг өлсгөх буюу.” Тансаг түүний ийн өгүүлэхийг сонсоод хараан өгүүлрүүн: “Энэ аагийн тулам битгий дэмий донгос! Бушуу бос! Бас энэ тэр хэмээн яршиглаваас Бичинээр намайг занчуулмуй!” Занчих хэмээхийг тэр манхуу сонсоод их л сандран: “Багш урьд намайг их л хайрлаж мунхаг хэмээн ахаар занчуулдаггүй бөлгөө. Энэ өдөр юунд хар бууж намайг занчуулсугай хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш чамайг хоолонд ховдог болоод зам сатуулахад уурламуй. Чи түргэн босч морио эмээллэн,  амьтайгаа бэлтгэ! Эс бөгөөс би чамайг занчмуй! хэмээсэнд, манхуу занчихаас айж харайн босч дээлээ өмсөөд: “Түргэн бос, занчихаар ирмүй! хэмээн Шороод бархиран өгүүлсэнд, Шороо босч амьтайгаа бэлтгэв. Тансаг гараар даллан: “Чимээ битгий гарга! Сүмийн тойд мэдүүзэй.” хэмээгээд моринд мордон сүмийн хаалгаар гаран одов. Энэ эчсэн нь үнэхээр: Хасын чингэлгийг сэмээр нээж, галбингаа нисэн одож, алтан оньсыг өөрөө тайлж, матар тоглосонд адил болжээ. Үрийн гэгээ татсаны хойно өглөгийн эзэн хэрхэхийг мэдсүгэй  хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    8 цаг 10 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 57 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 26 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 30 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 13 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 46 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 49 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 49 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 23 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 32 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 43 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 48 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    15 цаг 10 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 27 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 21 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 45 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 46 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    17 цаг 1 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК