зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ердүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРДҮГЭЭР БҮЛЭГ:


БАГШ АРСЛАН ТОЙНД ОРОН ЦӨМ НЭГЭНД НИЙЛЭВ

ХУЛГАЙЧ ЁСОН ДАЯАНД ОРООЛДОН ЕСӨН ГАЙХАМШИГТЫГ АРИЛГАВ

 

            Өгүүлэх нь, Бичин Гахай Шороо гурвуул хотоос гарч үзвээс, шар арслан өмнөдөд зам удирдаж арслан арслан, заан баригч арслан, үнэг идэгч арслан, буржгар арслан, хилэн арслан, цагаан арслан баруун зүүн хойныг хамгаалагч, төв дундад есөн толгойт арслан танаран заларчээ. Хөх нүүрт шулам таван өнгийн хэвт шүхийг тэр есөн толгойт арслангийн тэргүүн дээр өндөр өргөж, зальт чөтгөр мэхт шулам туг хиур өргөлцөн зогсчээ.

 

            Тэнэг Гахай үүнийг үзээд өмнөш болон өндөр дуугаар хараан өгүүлрүүн: “Эрдэнэ хулгайлагч шулам чи! Өдгөө хаана одож элдэв зүйлийн шулмыг авч ирэв!” Тэр шар арслан шүдээ зуун хараан өгүүлрүүн: “Энэ муу тоймог тойд өчигдөр та гурвуул над лугаа байлдахад, би та нарт найр тавин дутаан одсон атал, та юун хэмээн миний уулан агуйд гал тавин өрх гэр, үр хүүхдийг сүйтгэмүй? Энэ өшөө далай мэт гүн! Битгий буруул! Миний хүрзний амтыг үз!” хэмээн занчин ороход, Гахай малтуур далайн угтан байлдав. Тэд хоёул дийлэн дийлэгдэх ялгарахгүй байтал буржгар арслан гарт төмөр зангуу барин, цагаан арслан атганд гурван ирт жад бүжиглэн гарч ирэхэд, Гахай “Сайн болов!” хэмээн нэгэнт хашгиран угтан байлдахад, Шороо эрдэнийн таяг өргөн тэр хоёр шулмыг тосон авав. Арслан арслан шийдэм далайн, хилэн арслан манцуурга атган, заан баригч арслан жад барин, үнэг идэгч арслан дөмөө бүжиглэн хүрч ирэхэд их богд болд бэрээ далайн угтан байлдав. Долоон арслан гурван тойн лугаа энэ нэгэн зэрэг ихэд байлдсан нь:

 

Арслан долоон шулам атганы зэвсэг юүгээ далайн, ах дүү гурван тойныг дундаа хааж авав. Их богдын бэрээ хэмээгч далайн хэмжүүр төмөр, эрэмгий Шороогийн таяг хэмээгч ертөнцөд чухаг эрдэнэ. Гахай багш салхи гишгэлэн гавшгайлан байлдахуйяа, гар дахь малтуураас гайхамшигт гэрэл цацармуй. Өмнийг тосон хойныг хамгаалан хувилгаан эрдмийг ихэд дэлгэрүүлж, барууныг угтан зүүнийг халхлан баатар сүрийг машид бадруулмуй. Хайсан дээрээс хан хөвгүүн харанга хэнгэргийг нүрчигнэтэл дэлдэн хашгиран бархиран байлдааны сүрийг өдөөмүй. Атганы зэвсэг нааш цааш зөрөлдөхүйеэ алалдааны уур агаар тэнгэрийг бүрхжээ.

 

            Тэр долоон шулам их богд ах дүү гурвуул лугаа хагас өдөр байлдаж удалгүй орой болов. Гахай шүлсийг савируулан хөл унтран зогсож чадахгүй болоод малтуурыг хоосон занчин буруулан одоход, цагаан арслан буржгар арслан хоёул: “Битгий буруул! Зэвсэг үз! хэмээн нэгэнт зандран жадалсанд Гахайн нуруу оногдож газар хэвтээд “Байтугай! Байтугай!” хэмээн хашгирсанд тэр хоёр шулам хэдийн хүрч ирээд зогдроос чангаан сүүлнээс өргөн авчраад: “Өвөг минь, бид нэгнийг барьж авчрав хэмээн есөн толгойт арсланд мэдүүлэв

 

            Шороо Бичин цөм шуламд дарагдан дутаахад, олон шулам хойноос нэхэмжлэн ирэв. Бичин үсээ нэгэн атга зуулан аваад “Хувил!” хэмээн нэгэнт зандарсанд, зуугаад бага бичин болон хувилж хилэн арслан, арслан арслан, заан баригч арслан, үнэг идэгч арслан, шар арсланг томоолон авсанд, Шороо Бичин хоёул буцан ирэн орой болтол байлдаад арслан арслан, хилэн арслан хоёрыг барив. Хөгшин шулам хоёр арслан баригдсаныг үзээд: “Энэ Гахайг аваачиж сайтар хүлээд хадгал, үүнээр хоёр арслангаа сольж авмуй, хэрэв миний хоёр арсланг албаас, мөн үүнийг алж тэдний өшөөг авсугай” хэмээгээд бүгд шулам хотын гадна хоносныг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, их богд тэр хоёр шулмыг авч хотын дэргэд хүрч ирэхэд, хан хаалгаа нээх зарлиг буулган, бас хорь гучин цэргийг дээс бариулан илгээж тэр хоёр арслан шулмыг атиртал барьж хүлүүлээд хотод авч оров. Их богд хувилгаан үсээ хурааж Шороо лугаа хотын хайсан дээр гарч багшид золгосонд, Тансаг өгүүлрүүн: “Энэ удаагийн алалцсан нь асар хэцүү. Гахайн амь нь хааш болохыг үл мэдмүй?” Бичин өгүүлрүүн: “Гэмгүй, бид тэдний хоёр шулмыг барьсан тул, Гахайн амийг хорлож үл чадах болой. Тэр хоёр шулмыг атиртал уяж маргааш Гахайгаар солихоор одсугай.” Гурван хан хөвгүүн Бичинд мөргөн өгүүлрүүн: “Багш сая эхлэн байлдахад ганц биеэр бөлгөө, хойно дийлэгдэн буруулахад зуугаад Бичин болжээ. Өдгөө хоёр шулмыг барьж хотод ирсэнд бас ганц бие болсон нь ямар ид болов?” Бичин инээн өгүүлрүүн: “Миний бие дээр найман түмэн дөрвөн мянган үс буй, энэ үс нь нэгнээс арав болох, арваас зуу болох, ийн хэдэн түмэн, хэдэн дүнчүүрээр үржихийг нь биеийн гаднах биеийн увидас хэмээмүй.” Гурван хан хөвгүүн үүнийг сонсож Бичинд мөргөж барсны хойно, хотын хайсан дээр хурим тавьж цав барив. Бас хотын өнцөг бүхэнд дэн зул асааж туг хиур хатгаад, харуул манааг ихэд чандлан, үхэр буу тавин сүр мандуулав.

 

Төдөлгүй үүр цайсанд, хөгшин шулам шар арслан лугаа арга зөвдөн өгүүлрүүн: “Та нар энэ өдөр Бичин Шороо хоёрыг хичээн баригтун, би нууцаар нисэн одоод хотын хайсан дээрээс тэдний багш болон хан хөвгүүдийн хамт барьж агуйд урьдаар буцсугай, та хойноос ир.” Шар арслан үгийг дагаж буржгар арслан, цагаан арслан, заан баригч арслан, үнэг идэгч арсланг авч үүл мананг татуулан байлдахаар ирэхэд Бичин Шороо хоёул угтан гарч өндөр дуугаар зандран өгүүлрүүн: “Хулгайч шулам! Хурдан миний номын дүү Гахайг гаргаж өгөгтүн! Эс өгөх бөгөөс та бүгдийг махан талх болгомуй!” Олон шулам үг дуугүйгээр байлдан ирэхэд, Бичин ах дүү хоёул хувь хувиа хувилган эрдмээ гаргаж таван арсланг угтан авав. Энэ удаагийн алалцсанд өчигдрөөс нэн хэцүү:

 

Хуугинан босох хуй салхи газрын хөрсийг долоож, хөх униар хар манан агаарын нарыг халхлав. Хайр хийсэн, чулуу өнхрөхүйеэ чөтгөр сахиулсан айлдаж, хайлс унан хус хугарахуйяа барс ирвэс үргэв. Сүх дөмөө гялалзах нь сүмбэр уулаар дарах мэт, жад хүрз цайлалзах нь хорт могойн хэл адил. Баатар Бичинийг барин авч бүхлээр залгихыг бодож, бага Шороог шүүрэн авч амьдаар баривчлахыг санамуй, тэртээ эдгээдэд их богдын чандмань бэрээ цайлс цийлс, сунаж агчих цаглашгүй их гайхамшгийг үзүүлэв. Энтээ этгээд Шороо багшийн таяг гялс гялс, тэнгэрийн орны ховор эрдэнийн хувилгаан эрдмийг гайхуулав. Өдгөө эд хоёул эрдэм чадлаа ихэд бадруулж, Энэтхэг газрын шулмыг арилган их гавьяа байгуулмуй.

 

Тэр таван арслан их богд, Шороо лугаа ийн байлдан атал, хөгшин шулам хэдийнээ бараан үүлийг хөлөглөн хотын хайсан дээр хүрч ирээд толгойгоо дохиход бичиг цэргийн олон түшмэд маш айлдан өнхрөн унав. Тэр хөгшин шулам хотын асрын дотор орж Тансаг ба хан хөвгүүн дөрвүүлийг цөм үмхэн гэдрэг ирэн Гахайг бас үмхээд, зургаан амандаа зургаан хүнийг үмхэж, үлдсэн гурван амыг сул тавьж: “Би урьдаар одсугай!” хэмээхэд, таван арслан өвгийнхөө дийлснийг үзэн баясаад тус тусын эр чадлаа ихэд гарган байлдав.

 

Бичин, хотын дээр хүн хар шулам хэмээн бархиралдахыг сонсоод аргад орсныг мэдэж Шороог хичээтүгэй хэмээгээд, гарын сарвууны үсээ бүгдийг зуулан аманд хийн зажлаад “Хувил!” хэмээсэнд зуун мянган бага бичин болж таван шулмыг томоолон авав. Төдөлгүй буржгар арслан, цагаан арслан, заан баригч арслан, үнэг баригч арсланг цөм амьдаар баривчлан, шар арсланг занчиж алаад хотын доор цуугилдан ирэхийн завшаанд, хөх нүүрт шулам, зальт чөтгөр, мэхт шулам гурвуул амь мултран дутаан одов. Хотын дээр зогсож байсан олон түшмэд хаалгыг цайтал нээж Бичинтэнийг залж оруулаад барьсан дөрвөн арсланг дээсээр атиртал хүлж цаазаар аваачсугай хэмээтэл, ханы хатан хайлан уйлсаар Бичинд өгүүлрүүн: “Багш, миний эзэн, хан хөвгүүд болоод чиний багшийн амь нь барах болов. Өдгөө энэ хоосон төрийг хэрхвээс сайн?” Их богд хувилгаан үсээ хураан авч хатанд ёслон өгүүлрүүн: “Мэргэн хатан сэтгэлийг сул тавь. Би түүний зургаан арсланг баривчлан нэгэн арсланг цохиж алав. Тэр хэдий миний багш болоод чиний эзэн хөвгүүдийг аваачсан боловч аймшиггүй хорлохооргүй буй за. Маргааш бид ах дүү хоёул одож тэр хөгшин шулмыг эрхгүй баривчлан чиний эзэн хөвгүүдийг гаргасугай.” Тэр хатан болоод хааны төрөл садан бүгдээр үүнийг олж сонсоод: “Миний эзэн, хан хөвгүүд амгалан байтугай! Төр улс минь түвшин болтугай!” хэмээн Бичинд ёслон мөргөөд нулимсыг мэлмэлзүүлэн ордонд эгэв. Төд Бичин түшмэдэд: “Тэр үхсэн шар арслангийн арьсыг өвчөөд, бусдыг нь хадгалж баригтун. Та бүгд айсны хэрэггүй, цав авчир бид идэж бараад унтмуй” хэмээн захимуй.

 

Манагар эрт Бичин Шороо хоёул үүл хөлөглөн Хулсан үет уулын дээр хүрч ирээд үүлний толгойг доош дарж үзвээс, үнэхээр өндөр уул ажгуу:

 

Уул хад эрвэн сэрвэн, даваа хөтөл муруй сарий. Гуу жалгаар гол горхи хоржигнон урсаж асга хадны энгэр анхилмал цэцэг мяралзан дэлгэрчээ. Элгэн хад дэгтэр дэгтэр эртний зам муруй сарий. Хар бичин хадны нөмөрт жимс түүн гүйлдэж, хандгай буга нарны ээвэрт цэцэг үмхэн тогломуй. Гарьд галбинга урьхан эгшгээр донгодож шар бялзуухай элдэв дуугаар шулганамуй. Хавар болохуйяа алим тоор өнгө тэмцэлдэж зун хүрэхүйеэ уд улиас навчны сахлагийг булаалдмуй. Намрын улиралд шар цэцэг өнгө ялгаран дэлгэрч, өвлийн цагт цасны лавс хуйлран бүжиглэмүй. Ховрын сайхан үзэмжийг бүрэн бүрдүүлсэн нь, хувилгаан уул хутагтын орноос доргүй. Тэд хоёул энэ уулны оргил дээр зогсож үзэмжийг үзэн атал, гэнэт хөх нүүрт шулам гарт нэгэн охор шийдэм барьж уулын заваар ирэхийг үзээд “Хаана одмуй! Өвгөн Сүн би ирэв” хэмээн нэгэнт зандарсанд, тэр бага шулам балаг алдан айж өнхрөн тонгорсоор хадан хавцалд орж эчив. Бичин Шороо хоёул шулмын хойноос нэхэмжлэн хүрвээс хэдийн үзэгдэхгүй болжээ. Цааш хэдэн алхам явсангүй нэгэн агуй харагдах болоод чулуун хаалгыг чанга хаажээ. Тэр хаалганы дээр талын чулуун хавтгай дээр “Түмэн гайхамшигт Хулсан үет уулын есөн сархинагт агуй” хэмээх найман үсэг сийлжээ.

 

Тэр бага шулам агуйн дотор дутаан ороод чулуун хаалгыг таг дарж хөгшин шуламд: “Их ван, гадна хоёр тойн ирэв” хэмээн мэдүүлсэнд, хөгшин шулам өгүүлрүүн: “Буржгар арслан, цагаан арслан, заан баригч арслан, үнэг идэгч арслан ирсэн буй за?” Тэр бага шулам өгүүлрүүн: “Ирсэнгүй! Ирсэнгүй! Харин хоёр тойн хүн бидний уул орой дээрээс ажиглаж ахуйг би үзээд дутаан ирж агуйн амсрыг дарав. “Тэр хөгшин шулам үүнийг сонсоод нулимсаа цувруулан: “Аяа, юутай гашуун! Миний шар арслан алагдав! Бусад арслан цөм баригдав! Энэ хорслыг би яаж тайлсугай!” хэмээн ихэд гаслав. Гахай, хан эцэг хөвгүүд, Тансаг нар түүний дэргэд хүлэгдэж зовлон амсаж байгаад, хөгшин шулмын ийн гашуудахыг Гахай олж сонсоод маш баясан сэмээр: “Багш та битгий айгтун, хан та битгий зовогтун. Манай номын ах бүгд шулмыг барьж өдгөө биднийг аварч гаргахаар ирэв” хэмээгээд, багш юу хэлэхийг чагнаваас, тэр хөгшин шулам: “Хүүхэд та эднийг сайтар сахигтун, би одож тэр хоёр тойныг барьж авч ирсний хойно, тэднийг нэгэн дор шийтгэсүгэй” хэмээв.

 

Тэр шулам биед хуяг дуулга өмссөн бээр үгүй, гарт зэр зэвсэг барьсангүй, агуйн хаалгыг нээлгэж алд алдаар алхан гарч ирээд Бичинийг үзэн байлдан ороход, Бичин шийдэм далайн Шороо таяг өргөн угтан авав. Тэр хөгшин шулам толгойгоо сажмагц зүүн баруун хоёр мөрнөөс дөрөв дөрвөн толгой ургаж найман амаа ангайн Бичин Шороо хоёулыг үмхэж аван агуйд ороод: “Дээсийг авч ир!” хэмээн хашгирсанд, өчигдөр амь мултран дутааж ирсэн зальт чөтгөр, мэхт шулам, хөх нүүрт шулам хоёр дээсийг авч ирээд Бичин Шороо хоёулыг атиртал барьж хүлэв. Тэр хөгшин шулам өгүүлрүүн: “Энэ удаа сармагчин чи миний долоон ач хөвгүүнийг барьж аваачив,” Би өдгөө таны дөрвөн тойн хан хөвгүүн дөрвүүл нийт найман хүнийг барив. Та наймуулаар долоон ач хөвгүүний амийг төлүүлмүй. Хүүхэд эчиж бургас цуулж авч ир, урьдаар энэ сармагчныг хэдэн бургас элдэж ач хөвгүүн шар арслангийн өшөөг авсугай!” Тэр гурван бага шулам бургас авчирч Бичинийг элдэхэд, Бичин хэмээгч шидийг олсон хувилгаан бие тул, тэр элдэх нь загатнасан газар маажихад адил болоод өчүүхэнээр эс алзав. Гахай, Шороо, Тансаг, хан хөвгүүн хэдүүл ийн элдэхийг үзээд маш эмээн байхад бургас халж тоолшгүй элдсээр үдэш болов. Шороо ирэн олонтоо элдэхийг үзээд сэтгэл нэгэнт тэсэшгүй болоод: “Би түүний оронд зуун бургас элдүүлсүгэй” хэмээсэнд, тэр хөгшин шулам өгүүлрүүн: “Чи яарсны хэрэггүй, нэг өдөр нэгийг элдэх тул маргааш даруй чиний ээлж болмуй.” Гахай үүнийг сонсоод маш амран өгүүлрүүн: “Нөгөөдөр өвгөд миний ээлж болох буй за!” Тэр шулам Бичинийг эрэн элдсээр шөнө болсонд хөгшин шулам өгүүлрүүн: “Хүүхэд та элдэхийг түр зогс, та гурвуул эдний хорыг ихэд амссан тул дэн асаан баахан хоол идэж сайтар сахь, би түр амарч маргааш өглөө дахин элдсүгэй.” Тэр гурван бага шулам дэн асаан авчирч бургасан шийдмээр Бичиний толгой руу хэнгэрэг дэлдэхэд адил нэгэн зэрэг тачигнатал буулгаж шөнө дөл болсны хойно сая элдэхийг зогсож унтжээ. Бичин биеэ агчуулах увидас хэрэглэн хүлээснээс мултран гарч ирээд, үсээ сэгсрэн дээлээ тэгшилж, чихнээсээ шийдэм гарган булын чинээ бүдүүн, хоёр алд урт болгож гурван бага шулмын зүг “Чивэлт адгуус та гурав намайг өдөр дуусан шийдэмдэв. Өдгөө өвөг чинь шийдмийг шийдмээр хариулан хүн бүрт нэг нэг шийдмийг идүүлж үзсүгэй” хэмээгээд тэр гурван бага шулмыг шавар болтол занчиж дэнг гэрэлтүүлэн Шороог хүлээснээс тавихад, Гахай ихэд мэндэн өндөр дуугаар бархиран өгүүлрүүн: “Ах миний хөл гар цөм хүлээсэнд хавдсан атал, юунд намайг урьдаар үл тавьмуй!” хэмээсэнд, тэр хөгшин шулам сэрээд гүйн босож: “Хэн ямар хүнийг тавьмуй?” хэмээн асуув. Бичин үүнийг сонсоод дэнг үлээн унтрааж, Шороотоныг тавих ч чөлөөгүй болоод хаалгыг шийдмээр хага цохиж дутаан одов. Хөгшин шулам гол тэнхимд орж ирээд: “Хүүхэд минь, дэн юунд унтраав? Тэр дутаасан буюу?” хэмээн асуусанд, хариу өчих хүн үгүйд, дэн асаан үзвээс бага шулам гурван хэсэг нөж болж газарт хэвтжээ. Тансаг, хан эцэг хөвүүн, Гахайтаныг үзвээс цөм амуй. Ганц Бичин Шороо хоёул үгүй болсонд дэн барьж өмнө хойно эрсэнд, Шороо харин хэрэм түшин зогсож байхыг үзээд дарж унаган мөн уг ёсоор хүлж тавив. Бичинийг эрсэнд хаалга үүд цөм хагарч эвдэрснийг үзээд дутаан одсоныг мэдэж хойноос нь нэхэлгүй агуйд орж хаалга үүдээ дахин бэхэлж суухыг түр өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, тэнгэр лүгээ чацуу их богд тэр есөн Сархинагт агуйгаас гарч ирээд, бэлгэт үүлийг хөлөглөн Бадгар аймгийн хотод хүрч ирэхэд орон газрын навдаг савдаг, хот балгасын эзэд сахиулсан ирж золгосонд, Бичин: “Та цөм хаа эчиж юунд сая ирэв?” хэмээн өгүүлсэнд, хот балгасын эзэд сахиулсан өгүүлрүүн: “Өчүүхэн эрхтэн бид их богд Бадгар аймагт залран буусныг мэдмүй. Тэр аймгийн хан та нарыг хүндлэн үлдээсэн тул бид аймшиггүй ирж эс чадав. Өдгөө аймгийнхан, Тансагтан шуламд баригдаж, их богд шулмыг барихаар одсоныг сонсож золгохоор ирэв.”  Бичин үүнийг сонсоод маш хилэгнэн атал, алтан үснирт Кирди, зургаан улаагчин зургаан хөх зэргийн эрхтэн нар нэгэн уулын навдагийг авч ирээд сөгдөн өгүүлрүүн: “Их богд, бид энэ газрын нэгэн чөтгөрийг барьж авчрав” хэмээсэнд Бичин маш хилэгнэн: “Та нар хулсан үет ууланд миний багшийг хамгаалахгүй, юунд энд ирж дэмий л бархирмуй?” хэмээн зандарсанд, зургаан улаагчин өгүүлрүүн: “Их богд есөн сархинагт агуйгаас дутаан гарч ирсний хойно, тэр шулам тэнгэрийн орхиул эвхэгч их жанжныг дахин барьж хүлэв. Тэр хөгшин шулмын хүчин чадал маш их, түүний уг үндсийг энэ уулын навдаг сайн мэдэх тул үүнийг авч ирэв. Их богд үүнээс асууж шулмын үндсийг олоод, Тансаг болон хан эцэг хөвгүүний зовлонг таслах ажаамуу.” Бичин сонсоод алсхийн маш баясаж, түүнээс асуусанд, тэр уулын навдаг маш чичрэн айж мөргөн өгүүлрүүн: “Энэ хөгшин шулам уржнан жил манай хулсан үет ууланд ирэв. Энэ уулын есөн сархинагт агуй болбоос зургаан арслангийн үүр бөлгөө. Энэ хөгшин шулам ирсэнд зургаан арслан түүнийг өвөг эцгээ гэв. Тэр шулам болбоос Есөн толгойт арслан, цол нь Есөн гайхамшигт их богд хэмээмүй. Түүнийг барьсугай хэмээвээс өөр хүн хорь гаруй, эрхбиш зүүн туйлын гайхамшигт эрхиний одноос түүний эзнийг залж авчирваас барьж чадмуй.” Бичин түүний ийн өгүүлэхийг сонсоод баахан бодолхийлж өгүүлрүүн: “Зүүн туйлын гайхамшигт эрхиний ордон хэмээгч зовлонг арилгагч анхны дээд тэнгэрийн суудаг орон буй за, тэр дээд тэнгэрийн хөлөг нь есөн толгойт арслан бөлгөө. Ийн болбоос.......” хэмээгээд, бас: “Зургаан улаагчин, зургаан хөх, алтан үснирт Кирди та нар уулын навдагийг авч хойш буцаагаад миний багш дүү нар болон хан эцэг хөвгүүнийг далдуур сайтар сахь, хот балгасын эзэд сахиулсан та нар энэ хотыг сайтар сахигтун” хэмээсэнд, олон эрхтэн сахиулсан тус тусын тушаалд эгэв.

 

Их богд үүлэнд тонгорцоглон бараг Бичин цагийн үед тэнгэрийн зүүн хаалганы гадна хүрч ирэхүйеэ их хаан Барувбагана болон тэнгэрийн эрхтэн хүчтэнд учрав. Тэнгэрийн эрхтэн нар цөм гар өргөн ёсолж “Их богд хаана морилсугай хэмээмүй?” хэмээсэнд, их богд олонд хариу ёсолж “Гайхамшигт эрхиний ордонд хүрсүгэй” хэмээв. Их хан Барувбагана өгүүлрүүн: “Их богд баруун оронд эчихгүй, манай зүүн тэнгэрийн оронд ирсний учир юув?” Их богд өгүүлрүүн: “Бадгар аймагт хүрсэнд, тэр аймгийн хан биднийг хүндлэн үлдээж, гурван хан хөвгүүндээ цэргийн эрдэм сургах хэмээн надад шавь таниулав. Эрдэм сургахын зуур завшаан бусаар нэгэн бүлэг шуламд учирчээ. Өдгөө сурваас гайхамшигт эрхиний ордныг эзэлсэн зовлонг арилгагч анхны дээд тэнгэр хэмээгч шулмын эзэн тул түүнийг залж шулмыг барьж багшийгаа гаргасугай хэмээн ирэв.” Тэр их хаан Барувбагана өгүүлрүүн: “Чи тэр аймагт багш болсны учир тэр нэг бүлэг арсланг өдөөн гаргажээ.” Их богд ихэд инээж “Тийн болой, тийн болой!” хэмээсэнд, тэнгэрийн эрхтэн хүчтэн нар өргөн зам тавив. Их богд тэнгэрийн зүүн хаалгыг шурган удалгүй гайхамшигт эрхиний ордны өмнө ирж үзвээс:

 

            Өнгөт үүл эвхрэлдэн бор униар татжээ. Асрын ваараас алтан гэрэл цацарч, хаалганы дэргэд хас араатан зэрэглэжээ. Хэрсэг тойрон хуар цэцэг дэлгэрч, хээрийн ойд шүүдрийн ус мэлтэгнэжээ. Үнэхээр түмэн аршийн төгс жаргалант орон, мянган богдын мандан энхэжсэн газар хэмээвээс болмуй. Харш ордон давхар давхар, хаалга үүд хааяагүй нэвтэрчээ. Эрээн луу эвхрэлдэн бэлгэт гэрэл цацарч шар зам гялалзан өлзийт униар бүрхжээ. Энэ дээд тэнгэрийн төгс баясгалант орон, зүүн туйлын гайхамшигт эрхиний ордон ажгуу. Тэр ордны үүдэн дотор зогсож байсан нэгэн хувилгаан хүүхэд Сүн их богд хүрч ирэхийг үзээд дотогш орж: “Дээд орныг ихэд түйвээсэн тэнгэр лүгээ чацуу их богд хүрч ирэв” хэмээн өгүүлсэнд, тэр зовлонг арилгагч анхны дээд тэнгэр үүнийг сонсоод, биеийг хамгаалагч олон хувилгаан арш нарыг дуудаж угтахаар нар хэмээв. Их богд ордонд орж үзвээс есөн өнгийн лянхуа цэцэгт өндөр ширээнд тэр дээд тэнгэр залран сууж, бэлгэт гэрэл биеийг нь түмэн давхар ороожээ. Их богд ордонд орж ирэхийг дээд тэнгэр үзээд суудлаасаа буухад, их богд дээш харж ёслов. Дээд тэнгэр их богдод хариу ёслон ийн өгүүлрүүн: “Их богд энэ хэдэн жил үзэгдэхгүй болов. Сонсвол их богд бурхан бүтсэн буй за.” Их богд өгүүлрүүн: “Гавьяа хэдий бүтээгүй боловч мөн ч ойртжээ. Би Тансагийг хамгаалан Бадгар аймагт хүрсэнд, тэр аймгийн хан биднийг хүндлэн үлдээж, гурван хан хөвгүүндээ цэргийн эрдэм сургасугай хэмээн өвгөн Сүн намайг багш танив. Тэр гурван хан хөвгүүн бид гурвын зэвсгийн янзаар зэвсэг үйлдэх хэмээн аваачаад шөнө дөл хулгайчид алджээ. Маргааш өглөө ирэхэд Ирвэс толгойт уулын Барс амт агуйн шар арслан бидний зэвсгийг хулгайлж аваачжээ. Өвгөн Сүн би аргаар зэвсгээ буцааж авсанд, тэр шар арслан олон арслан лугаа сүлбэлдэн ирж над лугаа нэгэн зэрэг ихэд байлдсан бөлгөө. Тэдний дотор нэгэн есөн толгойт арслан аж, хувилгаан эрдэм нь маш их тул миний багш Тансаг, дүү Гахай болон тэр аймгийн хан эцэг хөвгүүн дөрвүүлийг цөм үмхэн Хулсан үет уулын Есөн сархинагт агуйд аваачив. Маргааш нь Шороо бид хоёул эрэн хүрээд мөн тэр шуламд баригдаж, өвгөн Сүн би түүнд тоолшгүй олонтаа элдэгдэж увидас үүсгэн дутаан гарч ирэв. Орон газрын навдаг савдагаас асууваас дээд тэнгэр даруй түүний эзэн хэмээх тул, шулмыг хороож багшийг гаргамуй хэмээн залахаар ирэв.”

 

Тэр дээд тэнгэр их богдын ийн өгүүлэхийг сонсоод эрхтэнээ илгээж арсланг сахигч бага зарцыг дуудахаар эчүүлсэнд, бага зарц харин сурхиртал унтаж ажгуу. Тэнгэрийн эрхтэн түүнийг татан сэрээгээд дунд ордонд түлхлэн авчрав. Дээд тэнгэр түүнээс: “Арслан хаана буй?” хэмээн асуусанд, тэр арслан сахигч бага зарц нулимсыг цувруулан: “Амийг уучил! Амийг уучил!” хэмээн мөргөхөд, тэр дээд тэнгэр өгүүлрүүн: “Их богд энд байх тул чамайг элдэхийг хэлтрүүлсүгэй. Чи юунд есөн толгойт арсланг алдаж гаргаснаа хэл!” сахигч бага зарц өгүүлрүүн: “Би уржигдар их мянган Рашаант ордонд орж нэгэн их малуу архи хулгайлан уусан бөлгөө. Тэр архинд согтоод хаалгыг оньслохыг умартан унтсан тул тэр арслан дутаажээ.” Дээд тэнгэр өгүүлрүүн: “Тэр архи  хэмээгч Ядам Шанравын надад хүргэсэн “Орчигч арз” бөлгөө. Чи тэр арзыг ууваас гурван өдөр үл сэрэх болой. Тэр арслан дутаагаад хэдэн өдөр болов?” хэмээсэнд, их богд: “Тэр уулын навдагийн хэлэхээр болбоос уржнан ирэв хэмээсэн тул хоёр гурван жил болжээ.” Дээд тэнгэр инээн: “Мөн! Мөн! Тэнгэрийн орны нэгэн өдөр хэмээгч доод орчлонгийн нэгэн жил лүгээ тэнцмүй” хэмээгээд, арслан сахигч бага зарцад: “Чи бос, чиний ялыг хэлтрүүлсүгэй. Чи намайг дагаж их богд лугаа доорд орчлонд бууж арсланг барихаад одсу, бусад эрхтэн эчсэний хэрэггүй тул өөр өөрийн ордонд эгсүгэй” хэмээв.

 

Тэр дээд тэнгэр зарц хөвгүүнийг дагуулж их богд лугаа үүл хөлөглөн Хулсан үет ууланд шууд хүрч ирэхэд, таван орны Кирди, зургаан улаагчин зургаан хөх тус орны уул усны навдан савдаг бүгд сөгдөж дээд тэнгэрийг угтав. Их богд өгүүлрүүн: “Та миний багшийг хамгаалсан бөлгөө. Хор олсон ба үгүйг үл мэдмүй?” хэмээсэнд, олон эрхтэн өгүүлрүүн: “Тэр шулам их л унтжээ, чиний багшид хор хийсэнгүй.” Дээд тэнгэр өгүүлрүүн: “Миний тэр их богд хэмээгч бас олон жилд бүтээл бүтээж, гайхамшигт үнэн ёсыг олсон амьтан, нэгэн дуу гарваас дээш гучин гурван тэнгэрт сонстож доош есөн булгийн доор дуулдмуй. Их богд чи түүний үүдэнд эчиж өдөөн байлд, тэр гарч ирвээс би түүнийг хураан авахад сайн” хэмээв.

 

Бичин үүнийг сонсоод шийдэм далайн агуйн амсарт хүрч: “Чивэлт шулам, чи миний хүнийг гаргаж ац! Чивэлт шулам чи миний хүнийг гаргаж ац!” хэмээн хэдэнтээ хараан өгүүлсэнд, тэр шулам унтаж байсан тул эс мэдэв. Их богд хэмээгч түргэн зантай хүн тул төмөр шийдэм өргөн түчигнэтэл цохилон ороход, тэр шулам нойрноосоо цочин сэрээд маш хилэгнэн “байлдсугай” хэмээн толгойгоо сэгсрэн амаа ангайн үмхэхээр ирэхэд Бичин дутаан гарав. Тэр шулам хойноос хөөж агуйн гадна ирээд: “Садаа сармагчин чи хааш дутаасугай хэмээмүй!” хэмээн хараахад, Бичин уулын орой дээр зогсож инээн өгүүлрүүн: “Үхэл нь өмнө чинь буй атал чи бас ямар их зоригоороо ёс бусаар аашилмуй! Чиний эзэн энд буюу?” Тэр шулам нэн хилэгнэн хөөж ирэхэд, дээд тэнгэр тарни уншин “Их богд би ирэв” хэмээсэнд, тэр богд эзнээ таниад маш айн, дөрвөн хөлөө нугалж сөгдөн мөргөв. Арслан сахигч тэр бага зарц хүрч ирээд, түүний далнаас шүүрэн авч нударга зангидан зуугаад элдэж хараан өгүүлрүүн: “Адгуус чи юунд босож намайг ялд унагамуй!” Тэр арслан их л айж өчүүхэн ч эс хөдлөв. Тэр зарц хөвгүүн гараа ядтал занчаад магнагийн эмээлийг мундаа даран тохсонд, дээд тэнгэр түүний дээр заларч “Яв” хэмээсэнд, тэр арслангийн дөрвөн тавгаас үүл ургаж дээш дэгдэн гайхамшигт эрхиний ордонд эгэв.

 

Их богд огторгуй өөд гаран дээд тэнгэрт талархсаны хойно, агуйд орж урьдаар Бадгар аймгийн хан, дараагаар Тансаг Гахайтныг цөм хүлээснээс суллан тавив. Шулмын хураасан эдийг нь цөм хураамжлан авч агуйгаас гарч ирсэнд, Гахай хэдийнээ хуурай түлээ авчирч түймэр тавьсанд тэр Есөн сархинагт агуй агшин зуур үнсэн товрог болов. Их богд бас олон эрхтэнийг тавин явуулж газрын эздийг дуудан энэ уулыг сахиулав. Гахай Шороо хоёр гайхамшигт увидсыг хэрэглэн хан эцэг хөвгүүн дөрвөн хүнийг үүрч, Бичин Тансагийг түшсээр хотод эгэв. Удалгүй хотод хүрч ирсэнд ханы хатад авай хамаг олон түшмэд бүгдээр угтан оруулж хурим тавин хамтаар их л баясалдав. Тансаг багш шавь дөрвүүл тэнхимд орж нойрссоны дараа, хан эцэг хөвгүүн тус тусын ордонд очиж амрахыг түр өгүүлэхгүй.

 

Маргааш болсонд хан цагаан хурим бэлтгэж Бичинд тал өгсөнд төрийн түшмэд цөм хурж Бичиний ачид талархав. Бичин яргачныг дуудаж тур зургаан амьд арсланг авчирч алаад, шар арслангийн хамт арьсыг өвчиж махыг нь олонд амсуул хэмээв. Тэр хан үүнийг сонсоод алсхийн баярлаж зургаан арсланг алуулж, нэгийг нь ордонд хүмүүст амсуулж, нэгийг нь олон түшмэдэд амсуулж, үлдсэн таван арслангийн махыг нь хотын цэрэг ардад хуваан өгч амсуулсанд, тэр хотын хүмүүс цөм их бага хэмээн ялгалгүй их л сүсэглэв.

 

Тэр төмрийн дархчууд гурван зүйлийн зэвсэг үйлдэн авчирч Бичинд мөргөн: “Өвөг минь, өчүүхэн ард бид зэвсгийг хийж авчрав” хэмээсэнд, Бичин: “Тус бүр хэдий хүнд буй?” хэмээн асуусанд, дархчууд “Төмөр шийдэм мянган жин, есөн араат малтуур болон эрдэнийн таяг цөм найман зуун жин” хэмээв. Бичин гурван хан хөвгүүнийг дуудаж, тус бүр зэвсэг өгсөнд, тэр гурван хан хөвгүүн их л баярлаж: “Эцэг хан, бид зэвсэгтэй болов.” хэмээсэнд, тэр хан өгүүлрүүн: “Энэ зэвсгийн төлөө бид эцэг хөвгүүн дөрвүүл эсэлгэн амиа өгөн алдав.” Хан хөвгүүн өгүүлрүүн: “Төвшин болов.” Тэр хан дархчуудыг шагнаж Бичинд талархав.

 

Тансаг, Бичинийг эрдмээ зааж өг, явахад сайн хэмээн шаардсанд Бичин ах дүү гурвуул тус тусын зэвсгээ авч ордонд орон хан хөвгүүнд сургав. Хэдэн өдөр болсонгүй тэр гурван хан хөвгүүн далан хоёр замын цэргийн эрдмийг цөм сурч төгсгөв. Энэ нь нэгд тэр хан хөвгүүн сурахад шимтэй, хоёрт хувилгаан Бичин увидсыг зааж өгсөн тул тэд цөм мянган жингийн шийдэм, найман зуун жингийн малтуур таягийг цөм хэрэглэн чаджээ. Үүнийг шүлэглэсэн:

 

        Хувь ерөөл буй тул хувилгаан багшид учирч,

        Хугацаа болзон эрдэм сурахад хорт шулмыг цочоов.

        Буг шулмыг арилган цэвэрлэж богдын дүрийг амгуулж,

        Бодь хутаг эелдэн нийлж хязгаар орныг төвшитгөв.

        Хорт шулмын тоо нь язгуурын аргын ёсонд нийцэж,

        Хувилгаан эрдэмд нэвтэрч бодь мөрийг олов.

        Багш шавийн гэгээн ухаан түмэн он алдаршиж

        Бадгар аймгийн төр гүрэн батжин энхжив.

 

            Тэр хаан бас хурим бэлтгэж алт мөнгийг авчран тал өгөн барьсанд Бичин инээн өгүүлрүүн: “Бидний гэрээс гарсан хүнд, алт мөнгө ямар хэрэг баймуй, хурдан аваачтугай.” Хажуугаас Гахай өгүүлрүүн: “Алт мөнгө бидэнд хэрэггүй нь үнэн. Ганц тэдгээр арслан намайг барихад, миний эрэнг цөм уржээ. Надад нэгэн эрэнг өгвөөс мөн ч хайрласан нь багагүй болой.” Тэр хан маш баясан оёдолчныг дуудаж хөх улаан бор гурван зүйлийн гэмэрлэгээр гурван янзын дээл хийж барив. Бичинтэн алсхийн баярлаж авчирсан дээлийг цөм өмсөв. Багш шавь дөрвүүл юмаа авч явсугай хэмээхэд, хотын хүмүүс их бага хэмээн ялгалгүй цөм амьд бурхан ертөнцөд буув хэмээлдэн ирцгээж хөгжийн дуу зээлд цуурайтан туг хиур гудамжинд дүүрчээ. Үүнийг үнэхээр айл бүхэн анхилмал хүжсийг асааж, өрх болгоны үүдэн дээр өнгөт зул өлгөжээ хэмээвээс болмуй. Хотын хүмүүс хол гартал хүргэж хойш эгсэний хойно, багш шавь дөрвүүл баруун газрыг чиглэв. Энэ эчсэн нь, буцалгүй үнэн сэтгэлээр бурхны орныг зорьж, алжаалгүй ариун санаагаар Аянга дуут сүмийг чиглэв. Ганц сэтгэлийн барьж Гандарагүд ууланд хэзээ хүрэхийг мэдсүгэй хэмээвээс доор бүлэгт  үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 7 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 55 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 23 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 27 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 10 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 43 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 46 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 47 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 21 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 30 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 40 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 45 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 25 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 19 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 43 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 44 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 59 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК