зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН ТАВДУГААР БҮЛЭГ:


ХУВИЛГААН БИЧИН ХУУРАН ӨГҮҮЛЖ ХОВДОГ ГАХАЙГ ШОГЛОВ

ХОРТ ШУЛАМ АРГА ҮҮСГЭН ХУТАГТ ТОЙНЫГ БАРИВ

 

Өгүүлэх нь: “Тэр хааны бичиг цэргийн олон түшмэд бараалалд гарч айлтгаруун: “Эзэн минь түшмэд бидний дүрмийг алдсан ялыг уучилму.” Хаан өгүүлрүүн: “Эрхэм сайд та нар ёс дүрэм гэвчлэн атал дүрмийг алдав хэмээх нь юун?” Олон түшмэд айлтгаруун: “Эзэн минь, түшмэд бид нэгэн шөнийн зуур үс гэзгээ алджээ. Үүний шалтгааныг эс мэдэв.” “Үсээ алдав” хэмээн мэдүүлэхийг сонсмогц эзэн хаан нь ширээнээс бууж олон түшмэдийн зүг өгүүлрүүн: “Үнэхээр ямар шалтгааныг мэдэхүйеэ бэрх ордон доторх олон бүгд ч нэгэн шөнийн дотор тоймог болж дуусчээ.” Тийнхүү эзэн түшмэд хамтаар нулимс цувруулан: “Үүнээс хойш тойн хуврагийг хядаж болохгүй байна.” хэмээлдээд хаан нь хараахан суудалдаа сууж сайд түшмэд хоёр жигүүрлэн зогссоны хойно хаан зарлиг болруун: “Учир байваас үтэр айлтгагтун. Учиргүй бөгөөс бараалал тартугай.” Тийн цэргийн түшмэдийн ангиас хотын цагдагч цэргийн өрлөг бичгийн түшмэдийн ангиас зүүн хотын цэргийн хэлтсийн түшмэл гарч ирээд индрийн өмнө мөргөн айлтгаруун: “Богд эзний зарлигаар түшмэл бид хотыг цагдаж хулгайгаас нэг хорго нэг морь олзлов. Өчүүхэн түшмэл аймшиггүй зориуд шийтгэж үл болох тул эзний зарлигийг хүлээнэ.” Хаан нь ихэд баярлаж: “Бүгдийг авч иртүгэй” хэмээн зарлиг болов. Тэр хоёр түшмэл яамандаа эргэж цэрэг жагсаан хоргыг дамнаж ирэв. Хоргоны дотор саатсан Тансагийн сүнс зайлан сүг сарниж өгүүлрүүн: “Шавь нар минь өдгөө хааны дэргэд авч эчвээс юу хэмээн өгүүлбээс зохих ажээ?” Бичин инээн өгүүлрүүн: “Битгий дуу гаргагтун. Би нэгэнт шийтгэн тавьжээ. Хоргыг нээмэгц тэд даруй манийг багш барин мөргөх болой. Гагц Гахай чи элдэв хоёрыг өгүүлэхгүй бөгөөс барав.” Гахай өгүүлрүүн: “Алж нядлахгүй бөгөөс аврал өршөөлд талархаж баршгүй бөгөөтөл ам хэл тэмцэх ёсон хаана байна?” хэмээн хэлэлцэж байтал барааллын харшид хүрч таван гарьдын асрын индрийн дор хоргыг тавив. Хоёр түшмэл хаанд мэдүүлсэнд: “Нээ” хэмээн зарлиг буулгав. Амсрыг сая сөхтөл Гахай үсрэн гарч ирсэнд тэдгээр олон түшмэд айн бэгтэрч ам нээж чадахгүй болжээ. Дараагаар Бичин Тансагийг түшин Шороо амьтайгаа үүрэн гарч ирэв. Цагдаагийн өрлөг бөх цагаан морийг хөтөлж байхыг Гахай үзээд урагш давшин: “Энэ морь болбоос минийх болой. Нааш авч ирэгтүн.” хэмээн зандрахад тэр түшмэд айн гэлмэгдэж таварцаглан унав. Эд дөрвүүлийг үзвэл цөм тойн тул хаан яаран ширээнээс бууж гурван ордны хатдыг дуудан алтан харшаас бууж олон сайд түшмэдтэй хамтаар Тансагтанд ёслон өгүүлрүүн: “Хутагт тойн ямар газраас ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Бид болбоос зүүн их Тан улсын хааны зарлигаар баруун газрын бодийн орны их Аянгын дуут сүмд эчин бурханд бараалж үнэн номыг залахаар явна.” Хаан өгүүлрүүн: “Хол газрын хутагт тойн юуны учир хоргон дотор суусан аж?” Тансаг өчрүүн: “Хаан таны тойн хуврагийг хядаж байна хэмээн амласаныг үгээгүй тойн би мэдээд эрхэм улсад өдрөөр ирж эс чадан хар хүний хувцас өмсөж шөнөөр ирэн буудалд буув. Тийнхүү хүнд танигдан хэрэг гаргахаас эмээн хоргоны дотор хэвтсэн болой. Зол муугийн учир хулгайд автан хотоос гараад тэнгэрийн цэрэгт шүтэн эргэж ирлээ. Өдгөө эзэн таны луугийн нүүрт бараадсанд үнэхээр үүлийг сөхөн нарыг үзсэн мэт болой. Олдохул, үгээгүү тойныг уучлан тавиваас өршөөл хишиг далайгаас гүн болой.” Хаан өгүүлрүүн: “Эрхэм багш хэмээгч дээд гүрний хутагт тойн мөхөс хүн угтахыг осолдов. Урьд тойн хувраг бээр мөхөс хү намайг муушаасны тул түмэн хуврагийг алсугай хэмээн амласан бөлгөө. Самансаргүй өдгөө дахин номд орж мөхөс хүнээс тэргүүлэн цөм хувраг болжээ. Өдгөө эзэн түшмэл, хатад, охид цөм үсгүй болсон тул багш та болхи хүдэгийг үл жигшин шавь болгон авму.” Гахай их л инээж: “Хоосны үүднээ орж хуврагийн санваар хүртэхэд гар цайлгах бэлэг юу амуй?” хэмээхэд хаан өгүүлрүүн: “Багш нар манийг авшигтаа багтааваас улсын эд эрднийг өргөн барьсугай.” Бичин өгүүлрүүн: “Эд эрдэнийг битгий дурдагтун. Бид болбоос ёс номт хувраг болой. Чи ганц замын тэмдэг бичгийг халан өгч манийг хүргэн хотоос гаргаваас хаан төр чинь мөнхжиж хамаг улс чинь энхжихийг баталсугай.” Тэр хаан сонсоод даруй хуримын яаманд зарлиг буулган, хурим бэлтгэн зочилж эзэн сайд нийтээр шавь болон номд ороод замын тэмдэг бичгийг солин өгч улсын нэрийг халж өгөхийг гуйв. Бичин өгүүлрүүн: “Эрхэм улсын “ном” хэмээх үг маш сайн, гагц “сөнөөгч” хэмээх үг нь муу, үүнээс хойш “Номыг хүндэтгэгч улс” хэмээн хэлбээс төр улс чинь үүрд энхжин түмэн иргэн чинь тэгш жаргана.” хэмээсэнд хаан даруй тал өгөв. Тийнхүү төрийн жагсаалаар Тансаг багш шавь дөрвүүлийг үдээд буцав. Энэ улсын эзэн түшмэлийн хамтаар номд орсныг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь: “Тансаг Номыг хүндэтгэгч улсын хаанаас аярлан салаад агтан нуруун дээрээ алсхийн баярлан өгүүлрүүн: “Ү Күн минь, энэ арга үнэхээр сайн, тус гавьяа их болой.” Шороо асууруун: “Хаанаас ийм олон үсчин олж нэгэн шөнийн зуур өдий чинээ олон хүний үсийг тойлсонаж?” Бичин увидас үүсгэн эрдэм гаргаснаа нэгэн зэрэг ярьж хэлсэнд багш шавь дөрвүүл элгээ хөштөл инээлдэв. Хараахан баясан хэлэлцэж явтал нэгэн зэрэг бартаат уул эчих замыг хөндөлдсөнд Тансаг морин жолоог татан өгүүлрүүн: “Шавь нар үзэхүйеэ энэ бол маш бэрх уул байнам. Хичээн болгоомжилбоос зохино.” Бичин инээн өгүүлрүүн: “Гайгүй, гайгүй. Багш чамд барцадгүйг баталбаас барав.” Тансаг өгүүлрүүн: “Барцадгүй хэмээн бүү өгүүл. Би үзэхүл, тэр уулнаас аюулын уур мандаж байхын тул айдас хүрч амаргүй болов. Бичин инээн өгүүлрүүн: “Багш та шувуун үүрт даяанчийн уламжилсан билиг барамидыг хэдийн умартсан буй за.” Тансаг өгүүлрүүн: “Би цээжилсээр буй.” Бичин өгүүлрүүн: “Чи хэдийгээр түүнийг умартаагүй авч өөр дөрвөн шадыг умартсан бус уу?” Тансаг асууруун: “Аль дөрвөн шад вэ?” Бичин өгүүлрүүн:

 

        “Гайхамшигт уулын бурхныг холоос битгий эр.

        Гайхамшигт уул даруй чиний зүрхэнд амуй.

 

Бодийн гайхамшигт уул хүнд бийн тул бүтээл бясалгалыг түүнд хийхүйеэ сайн болой.” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, би яахан үл мэдэх ёс байнам?” Энэ дөрвөн шадаар болбоос ном судар түм буман боть агсан ч гагцхүү сэтгэлээ засахад буй болой.” Бичин өгүүлрүүн: “Өгүүлэх хэрэггүй, сэтгэл ариун богөөс гэгээн зул асаж сэтгэл бат болбоос түмэн мөр гиймүй. Хэрвээ осолдон цалгайрваас түмэн мянган галавт бодь хутгийг олж чадахгүй. Гагц сэтгэлийг бариваас Гандарагүд уул хол бус буюу, таны энэ мэт айн татгалзваас үнэн мөрөөс зайдан Гандарагүдээс холдмуй. Татгалзах хэрэггүй. Намайг дагаж явбаас барав.” Тансаг тэр үгийг сонсоод сэтгэл амирлан сэжиг арилав. Дөрвүүл явсаар удалгүй уулнаа хүрч үзвээс асга оргилоор үүл манан тунаран ар өврөөр ой мод бүрхжээ. Жигүүртэн шувууд халин зэрлэг араатан тоглоно. Хуш нарс жигдрэн хулсан шугуй багларчээ. Өлөн чоно идэш таталдан уйлахуйяа өлсгөлөн барс өеө булаалдан урхирмуй. Бич сармагчин жимс эрэн жажиганахуйяа буга хандгай сарьдаг өөд тэмүүлмүй. Салхи сэнгэнэж ус хоржигнохуйяа сэлүүн завд хааяа болжмор жиргэнэ. Ойн дотор ороонго зэл торлон усны хөвөөгөөр цэцгийн үнэр анхилна. Эрвэн сэрвэн хад чулуу сэгийлцэн эгц өндөр шорон оргил сүндэрлэнэ. Үнэг хярс сүрэглэн, илбэнх мянгас бүлэглэнэ. Зорчин явсан бэх бартаанаас зүрхшээхүйеэ зөрөг цувааны муруй сарийг яана.

 

Багш шавь дөрвүүл хараахан айн эмээж явтал гэнэт нэгэн зэрэг салхи дэгдэв. Тансаг гэлмэн өгүүлрүүн: “салхи салхилав” Бичин өгүүлрүүн: “Хавар урьхан салхи бий, зун халуун салхи бий, намар хонгор салхи бий, өвөл хүйтэн салхи аж. Дөрвөн улиралд цөм салхитай тул түүнээс айх учир юун?” Тансаг өгүүлрүүн: “Энэ салхи дэгдсэн нь үнэхээр догшин тэнгэрийн салхи бус буй за.” Бичин өгүүлрүүн: “Эртнээс нааш салхи газраас үүсэн үүл уулнаас ургана, юунд эрх биш тэнгэрийн салхи хэмээмүй?” хэмээтэл бас нэгэн хэсэг манан дэгдэв. Тэр манан үнэхээр хар манан тэнгэрийг халхлан харанхуй будан дэлхийг бүрхжээ. Нарны гэрэл яг үзэгдэхгүй шувууны дуу таг сонсогдохгүй. Элэр балар энэхүү байдлыг үзэхүйеэ элс хумагт хучигдсан мэт болжээ. Халил хадны ой мод харагдахгүй болсон бөгөөтөл хаанаас бас эм түүгчид тохиолдох аж. Тансаг айж өгүүлрүүн: “Ү Күн минь, салхи тохроогүй атал бас манан татах нь юун болов?” Бичин өгүүлрүүн: “Битгий сандар багш та мориноосоо буугаад сууж бай. Номын дүү нар багшийг хамгаалж байгтун. Би очиж сайн мууг ажсугай.” Бичин бөхөсхиймэгц огторгуйд дэгдэн гараад гараар саравчилж харваас үнэхээр тэртээх хадан дээр нэг шулам сууж баймуй. Түүний төрсөн байдал төлөв шинжийг өгүүлбээс аварга бузгай бие нь лүглийгээд ад биш сүр жавхантай харагднам. Хурц соёо нь хутга мэс мэт, гохигор хамар нь гох дэгээ адил ал шар нүднээс араатан жигүүртэн айн, арвагар сарвагар сахлаас чөтгөр сахиусан цочно. Хадан ирмэг дээр сүр бадруулан сууж хамар амнаасаа уур манан гаргана. Түүний дэргэд бас гуч дөчин шулам гарлан жагсжээ. Үзвээс шулам тэнд увидас үүсгэн манан татуулж салхи дэгдээж байх аж. Бичин дотроо инээд нь хүрч санаруун: “Багшид үнэхээр ёр заасан ажгуу. Тэр тэнгэрийн салхи бус хэмээсэн нь үнэхээр энэ шулам энд увидас үүсгэн агсан ажгуу. Би болд бэрээгээр дотогш цохивоос няц нүдэх болой. Тийм болбоос энэ нь миний нүүрт хүрэх явдал болмуй.” Үзвээс энэ Бичин ерөөс их эрийн явдлаар явдаг хүн тул гэнэдүүлэн алах үйлийг хийдэггүй ажгуу. Тэр бас санаруун: “Би түрэгэж Гахай гайхлыг хууран энэ шулам лугаа алалдуулсугай. Хэрэв шулам дийлбээс түүний зол болтугай. Чадал мөхөстөн шуламд автваас би түүнийг аварч эрдэм чадлаа үзүүлсүгэй. Тэр хашин хойрго мөртөө ходоод их хоолонд ховдог тул түүнийг хууран шоглож үзсүгэй.” хэмээн тогтов.

 

Тийнхүү үүлэн толгойг даран дотогш бууж Тансагийн дэргэд ирсэнд Тансаг асууруун: “Ү Күн, салхи манангийн чанд сайн муу ямар вэ?” Бичин өгүүлрүүн: “Өдгөө нэгэнт цэлмэг болоод салхи зогсон манан арилжээ.” Тансаг өгүүлрүүн: “Тийн болой. Үзэхэд намдсан мэт байнам.” Бичин инээж өгүүлрүүн: “Багш ердөө үзэж харахдаа гярхай байдаг. Миний бие энэ өдөр ташаарчээ. Салхи манангийн чанд шулам бий болов уу? хэмээсэн минь бус ажээ.” Тансаг өгүүлрүүн: “Юун амуй?” Бичин өгүүлрүүн: “Өмнө этгээдэд эндээс даамай холгүй нэгэн тосгон бий. Тосгоны иргэд буян үйлдэхэд дуртай тул цагаан будааны цав хийж цагаан гурилын боорцог жигнэж бадрын тойдод пог түгээж байнам. Энэхүү манан хэмээгч тэр тосохын боорцог жигнэсэн уур ажгуу, харин ч буян хураахын бэлгэ тэмдэг болой. Гахай сонооод үнэмшиж Бичинг ёврон сэмээр өгүүлрүүн: “Ах чи тэдний погоос олж хүртсэн буй за?” Бичин өгүүлрүүн: “Тэдний хийсэн уушийн давс нь ихэдсэний учир даамай идсэнгүй” Гахай өгүүлрүүн: “Би болбоос ямар шорвог болсон ч дэлбэртлээ идэхгүй бөгөөс зогсохгүй. Ундаасч эс тэсвээс ирж ус уухгүй юу?” Бичин өгүүлрүүн: “Чи идсүгэй хэмээн санамуй юу?” Гахай өгүүлрүүн: “тийм болой. Ходоод хоосорсон тул урьдаар эчиж амссугай гэнэм. Ямар вэ?”Бичин өгүүлрүүн: “Дүү чи битгий дэмий өгүүл. Эртний бичигт өгүүлсэн нь: “Эцэг байваас хөвгүүн зоригоор явж болохгүй.” хэмээжээ. Багшийн бие энд атал хэн аймшиггүй урьдчилмуй?” Гахай инээн өгүүлрүүн: “Чи хэрвээ илүү эс дуугарваас би эчихэд маш хялбар” Бичин: “Би өгүүлэхээргүй, чиний хэрхэн одохыг үзсүгэй.” Тэр тэнэг урагш давшин Тансагийн өмнө эчиж мэхэсхийгээд өгүүлрүүн: “Багш минь өмнө тосгонд хуврагт пог түгээж байна хэмээн номын ах сая хэлэв. Морь чинь өвс идээгүй тул тэнд эчсэн хойно өвс бордоо гуйваас харин ч яршиг бус уу? Өдгөө цэлмэг болсон тул та нар түр сууж атугай, би эчиж баахан өвс хадаж авчран моринд идүүлээд жич тэр тосоход эчин цав бадарласугай.” Тансаг өгүүлрүүн: “Сайн болой. Энэ өдөр нар хаанаас гараад чи ийм хөнгөн болсон аж? Түргэн очоод бушуу иртүгэй.” хэмээв. Тэнэг Гахай тэсгэлгүй баярлан эчихэд Бичин татаж зогсоогоод өгүүлрүүн: “Дүү минь, тэр тосгоны хүмүүс муухай тойнд цав барихгүй болой.” Гахай өгүүлрүүн: “Тийм бөгөөс хувилж очих хэрэгтэй байна.” Бичин: “Зүй болой. Чи хувилж очвоос сайн” хэмээв. Тэр бас гучин зургаан зүйлийн хувилгаан увидастай тул уулын хотгорт ормогц тарни уншин ягчиг туранхай тойн болж хувилаад гартаа ганди тогшин амандаа унших номгүй тул гагцхүү “лам ядам” хэмээн түднэн явав.

 

            Өгүүлэх нь: “Тэр шулам салхиа зогсоон манангаа хурааж олон шулмыг захиран их замын бэлчир дээр жагсаал жагсаан замын хүнийг хүлээнэ. Манхуугийн хийморь хэвтсэн тул удалгүй хүрч ирэн жагсаалд орсонд олон шулам гар хөдлөн чирэх нь чирч татах нь татахад Гахай өгүүлрүүн: “Чирч чангаах хэрэггүй. Би өрх дараалан идвээс барав.” Олон шулам өгүүлрүүн: “Тойн чи юуг идсүгэй хэмээнэм?” Гахай өгүүлрүүн: “Танай энд тойн хуврагт пог түгээж буй хэмээн сонсоод ирлээ.” Олон шулам: “Хуврагийг хооллож бүхий тосгон бий хэмээн санаснаас бус, хуврагийг идэж ахуу биднийг мэдсэнгүй буй за. Бид цөм уулын бэрхэд ёсыг олсон шулмын хувилгаан. Тухайлан таны мэтсийн хуврагийг гэртээ аваачин жигнүүрт тавин идэх болой. Чи бас их санаагаар ирж цав манзанд горилжээ.” хэмээлдэхэд Гахай сая гэлмэн бэгтэрч Бичинг хараан: “Энэ муу агтан даамал юутай хор ёртой аж. Энэ тосгонд бог түгээж буй хэмээн намайг хонжсон аж. Хаанаас айл тосгон байж юуны тойн хуврагийг хоолломуй. Харин шулмын үүр агсан ажгуу.” хэмээн бодоод тачаадан хилэгнэж уг биеэр болж малтуураа гарган нэгэн зэрэг цохилж шулмыг зайлуулав.

 

Бага шулам яаран гүйн очиж түрүү шуламдаа мэдүүлрүүн: “Их шулам аюул болов.” Их шулам асууруун: “Ямар аюул болов?” Бага шулам өчрүүн: “Уулын өмнөөс нэгэн хээнцэр тойн ирсэнд бид гэртээ авчран жигнэж идсүгэй, эс бөгөөс борцлон хатаагаад хожим зарсугай хэмээн хэлэлзтэл тэр харин хувилж чаддаг ажгуу. Шулам асууруун: “Ямар дүрээр хувилсан бэ?” Бага шулам өчрүүн: “Үзэшгүй муухай дүртэй байнам. Урт хошуу их чихтэй, шилэн хүзүүн дээрээ зогдортой, гарт малтуур эргүүлж зүг толгойгүй цохилоход бид айн их ванд мэдүүлэхээр ирэв.” Тэр шулам өгүүлрүүн: “Битгий айгтун, миний очиж үзэхийг хүлээтүгэй.” хэмээн гарт нэгэн манцуурга барьж дэргэд нь ирж үзэхэд үнэхээр эмээлтэй.

 

Цорвойсон хошуу нь муна мэт, цухуйсан соёо нь цүүц адил, дүгрэг нүд нь цог мэт дэлбэгэр чих нь дэвүүр адил хүзүүний зогдор нь шөрөг мэт, хөвчин бие нь хөгзгөр хөх. Атгандаа барьсан зэвсэг нь этгээд сонин. Арвайсан сэрвийсэн есөн араат тэр малтуур айхтар хэцүү. Тэр шулам үзээд зүрхээ чангалан зандран асууруун: “Уг нутаг чинь хаана вэ? Овог нэр чинь хэн хэмээмүй? Үтэр түргэн мэдүүлбээс өчүүхэн амийг чинь хэлтрүүлсүгэй.” Гахай инээн өгүүлрүүн: “Хөвгүүн минь, өвөг Гахайгаа өдгөө болтол эс таньжээ. Чи нааш ирэгтүн би чамд хэлж өгсү:

 

Их ам урт соёо рид шид их, эцэг хурмаст тэнгэр намайг өрлөг баатар өргөмжлөв. Тэнгэрийн оёдлын найман түмэн цэргийг би ганцаар захиран Сударсан ордонд сууж цэнгэлийг их эдлэв. Архи дарсанд согтон эсрүүн дагиныг шоглож аруухан баатрын нэр төрөө ардаа таягдав. Ударасад харшийг хошуугаараа сэндлэн унагаагаад Нэвс хүрз эхийн эрдэнийн орхоодойг авч идэв. Эрхт дээд хурмаст намайг хоёр мянган манцуурга занчиж эгэл доод ертөнцөд бууруулан хөөж буулгав. Сэтгэлээ барьж сүлдээ хамгаал хэмээн сургасан атал замбуутивд би харин шулам болж явав. Го Лу Жуан тосгонд гэрлэн сууж атал хувь заяа мөхөсдөн Сүн авгайтай учрав. Алтан толтот шийдэмд нь хүч дарагдан дагаж арга буюу Тансагт шавь болон мөргөв. Анх төрөлдөө түүнд өртлөөстэй тул агтыг нь эмээллэн амьтайг нь дамнаж явнам. Төмөр хөлт өрлөг миний уг овог Жу, түүнчлэн өгсөн номын нэр нь Найман санваарт хэмээмүй.” Тэр шулам сонсоод зандран өгүүлрүүн: “Үзвээс чи харин Тансагийн шавь байсан аж. Тансагийн мах амттай хэмээн би эрт сонслоо. Чив хэмээн барьсугай хэмээн базааж атал чи үхлээ өөрөө эрэн иржээ. Чамайг хэрхэн уучилж болмуй. Битгий буруул, манцуурга амтал.” Гахай өгүүлрүүн: “Муу мал чи төмрийн дархан байсан буй за.” Шулам өгүүлрүүн: “Намайг юунд төмрийн дархан хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Тийм бус бөгөөс энэ манцуургаар юу хийнэ?” Тэр шулам ялган хэлэлцэхгүй цохилон ороход Гахай угтан авч уулын хотгор дотор их л алалдав. Энэ удаа алалцсан нь:

 

“Нэгэн нь малтуур хэрэглэн нөгөө нь манцуурга зармуй. Малтуур хэрэглэхэд догшин салхи дэгдэн манцуурга зарахад ширүүн бороо ормуй. Нэгэн нь зам тоссон нэргүй шулам, нөгөө нь багшаа тэтгэсэн тэнгэрийн өрлөг. Чанар төв болбоос чөтгөр шулмаас айх юун, уул өндөр боловч газрын хүйс үл болмуй. Тэр нэгний манцуурга эргүүлэх нь аварга могой гурвалзах мэт. Энэ нэгэн малтуур буулгах нь Гүмбэрваа луу ширвэх адил бархирах дуун уул хайрхныг донсолгон, байлдах сүр барс ирвэсийг цочооно. Гахай сүр бадруулан шуламтай байлдахад тэр шулам бага шулмыг зандран бүслэн авахыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Тансагийн ард зогсож байсан Бичин гэнэт инээд алдсанд Шороо асууруун: “Ах та юунд инээд алдана?” Бичин өгүүлрүүн: “Гахай юутай тэнэг аж, цав пог бий хэмээн хэлмэгц хууртан очоод өдий болтол бас бараагүй байна. Хэрвээ шулмыг дийлбээс сүр бадруулан гавьяа тоочих болой. Хэрвээ дийлэн эс чадан шуламд баригдваас даруй миний үйл болж хичнээн удаа агтын даамал хэмээн зүхэгдэхийг мэдэхгүй. Шороо чи битгий дэмий өгүүлэгтүн. Би үзээр эчмүй.” хэмээгээд Тансагт мэдэгдэлгүйгээр духнаасаа нэгэн үс зуулан авч тарнидан “Хувил” хэмээн зандармагц өөрийн дүрээр болгоод Шороогийн хамт Тансагт бараа болгон суулгав. Үнэн бие нь огторгуйд дэгдэн гарч үзэхэд Гахай чив хэмээн шуламд бүслэгдэн хүч сулраад малтуурын увидас нь самуурч улам улам эсэргүүцэн чадахгүй болж амуй.

 

Бичин тэсч ядан үүлэн толгой дарж өндөр дуугаар” Гахай битгий сандар, би ирэв” хэмээсэнд тэнэг Гахай Бичиний дууг сонсоод зориг төрөн хүч нэмэгдэж малтуур бүжиглэн цохилон оров. Тэр шулам эсэргүүцэн чадахгүй болоод өгүүлрүүн: “Энэ тойн анханд гавьгүй байсан бөлгөө, өдгөө яахан энэ мэт хэцүү болов.” Гахай өгүүлрүүн: “Хөвгүүн минь намайг дарлаж болохгүй манай хүн ирэв.” хэмээн урагш давшин нүүр нүдгүй цохилоход тэр шулам хүлээж чадахгүй болоод олон шулмыг дагуулан буруулан эчив. Шулмын дарагдаж эгсэнийг үзээд Бичин ойр очилгүй үүлээ эргүүлэн уг орондоо эргэж үсээ хураан авсанд Тансагийн эгэл нүд хэрхэн сэрж мэдэх аж. Удалгүй тэнэг Гахай ч дайснаа дийлээд зажнаасаа хөлс дуслуулаад жавьжнаасаа шүлс савируулж амьсгаадсаар ирээд: “Багш аа” хэмээн дуудсанд Тансаг үзээд цочин өгүүлрүүн: “Чи моринд өвс хадаар очоод яахан ийм дүргүй эргэж ирэв. Бодохул уулан харуул өвс хадуулсангүй буй за. Гахай малтуураа орхин өвчүүгээ  дэлдэж өгүүлрүүн: “Багш минь битгий асуугтун. Өгүүлбээс үнэхээр нүүрт хүрмүй.” Тансаг өгүүлрүүн: “Нүүрт хүрмээр юун амуй?” Гахай өгүүлрүүн: “Номын ах надаар наадам хийжээ. Тэр анханд салхи манангийн цаана шуламгүй буян үйлдэхэд дуртай нэгэн тосгоны иргэн цагаан будаа чанаж, цагаан гурилын боорцог жигнэж амуй хэмээхүл, би үнэмшин гэдэс өлсөх хэцүү тул урд эчин баахан идсүгэй хэмээн өвс хадахаар шалтаг болгон эчсэн бөлгөө. Харин шуламд бүслэгдмүй хэмээн хэн санав. Нэгэн зэрэг үхэн байлдсан боловч номын ах ёдрын модоороо тусалсангүй бөгөөс эргэж ирэхэд бэрх болой. Бичин хажуунаас инээж өгүүлрүүн: “Энэ тэнэг худал хэлж баймуй. Чи хулгай хийхдээ хүнийг чирэгдүүлэн юу хиймүй, би энд багшид бараа болон төө салсангүй болой.” Тансаг өгүүлрүүн: “Тийм болой, Бичин надаас огт салсангүй болой.” Тэнэг Гахай тэсэлгүй дэвхцэн өгүүлрүүн: “Багш минь, чи үл мэднэм. Түүнд биеэ орлох увидас бий.” Тансаг асууруун: “Бичин, үнэхээр шулам байна уу?” Бичин нууж эс чадан мэхийн инээж өгүүлрүүн: “Нэг хэдэн өчүүхэн шулам байвч мантай аймшиггүй халдаж үл чадна. Гахай чи нааш ир, чамайг нэнт өргөн  хөхиүлсүгэй. Бид багшийг хамгаалан бартаат уулыг өнгөрөх нь цэрэг мордоход адил болой. Гахай өгүүлрүүн: “Цэрэг мордох болбоос хэрхмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи зам нээх хошууч болтугай, шулам эс ирвээс яах, ирвээс түүнтэй байлдагтун, шулмыг дарваас чиний гавьяа болой. Тэр шулмын хүчин чадал түүнтэй бараг хэмээн мэдэх тул Гахай хүлээн авч өгүүлрүүн: “Түүний гарт үхвээс үхмүй за, би өмнө явсугай.” Бичин өгүүлрүүн: “Энэ тэнэг чи урьдаар ийм бэлгэ муутай үг хэлээд яахан өөдтэй явж чадмуй.” Гахай өгүүлрүүн: “Эрхэмсэг хүн хуриманд сууваас согтохгүй боловч хөлчүүрхэнэ, эрэмгий баатар жагсаалд орвоос үхэхгүй боловч шархадмуй хэмээснийг мэдэхгүй буюу? Хэдий урьдаар их үг хэлэвч эр хүчээ хойно гаргах болой.” Бичин их л баярлан багшаа тэтгэн моринд мордуулж шороо дамнуураа дамнан Гахайн хойноос уулнаа оров.

 

            Өгүүлэх нь, тэр шулам дарагдсан шулмаа дагуулан агуйдаа эргэж хадан дээрээ дув дуугүй сууж байтал агуй сахиж гэрт үлдсэн хэдэн шулам урагш давшин асууруун: “Их ван та гадагш гарах бүр баяр хөөртэй эргэж ирдэг агаад өдгөө юунд энэ мэт гунин уйтгарлана?” Тэр шулам өгүүлрүүн: “Хүүхэд минь урьд би гадагш гарах бүр ганзагатай буцаж гарт таарсан хүн амьтныг авчран та нарыг тэжээдэг бөлгөө, энэ өдөр хийморь хэвтсэнээр нэгэн их эрд учирчээ.” Бага шулам асууруун: “Их эр хэмээгч нь хэн бэ? “Түрүү шулам өгүүлрүүн: “Нэгэн тойн хүн даруй зүүн газрын ном залаар одох тойн Тансагийн шавь, нэр нь Гахай хэмээмүй, би түүнтэй байлдаад санамсаргүй дарагдав. Үнэхээр уурлалтай. Тансаг хэмээгч арван төрөл ариунаар бясалгасан архадын бүрэлбаа тул түүний махнаас нэгэн хэсэг олж идвээс мөнхийн шидийг олж болно хэмээн хүмүүсийн хэлэлцэхийг урьдад сонслоо. Өдгөө тэр минь хязгаарт ирсэнд барьж аваад чанаж идсүгэй хэмээтэл түүнд бас ийм шавь байхыг хэн мэдлээ.” хэмээжээ. Тийн өгүүлж атал шулмын сүргээс нэгэн бага шулам гарч түрүү шулмын зүг гурвантаа уйлаад, бас гурвантаа инээхэд тэр шулам зандран асууруун: “Чиний уйлах бөгөөд инээх нь юун?” Бага шулам сөгдөн өгүүлрүүн: “Их ван та Тансагийн махыг иднэ хэмээмүй, Тансагийн мах идэж болох нь бус.” Шулам асууруун: “Тансагийн махнаас олж идвээс мөнхийн шидийг олж болно хэмээн хүн бүхэн хэлж байтал яахан идэж болох нь бус хэмээмүй?” Бага шулам өгүүлрүүн: “Хэрвээ идэж болох аваас түүнийг манай энд хүргэлгүйгээр бусад шулам цөм идэж дуусгах болой. Түүнд эрдэм чадалтай гурван шавь байхын учир идэж чадсангүй болой.” Түрүү шулам асууруун: “Аль гурван хүнийг чи мэдүй?” Бага шулам өгүүлрүүн: “Түүний их шавь нь Бичин хэмээж гутгаар шавь нь Шороо хэмээнэ. Саях болбоос тэр шавь Гахай хэмээгч буюу.” Шулам асууруун: “Шороо нь Гахайнаас ямар вэ?” Бага шулам өгүүлрүүн: “Бараг очно.” Бичин түүнээс ямар вэ? Бага шулам хэлээ бултайлган өгүүлрүүн: “Айх мэт хэлж болохгүй, тэр Бичин хэмээгчийн хувилгаан увидас цаглашгүй, хувирч улирах мохошгүй болой. Таван зуун оны өмнө тэр тэнгэрийн ордныг түйвээсэн, дээд тэнгэрийн хорин найман орон, есөн гарагт, арван хоёр тэргүүн, таван эрхэм, дөрвөн  туслагч өрнө дорны одод, өмнө умрын сахиус, таван хайрхан, дөрвөн бялхмалын бүгд тэнгэрийн эрхтэн түүнтэй хавьтаж эс чаджээ, их ван та ямар аймшиггүй Тансагийн махыг идэхийг санамуй?” Шулам асууруун: “Чи юутай ийм нарийн мэдэх аж?” Шулам өгүүлрүүн: “Би анх Арслант давааны Арслант агуйн их вангийн доор байх цагт тэр ван сайн мууг мэдэхгүйгээр Тансагийг идэх хэмээсэнд Бичиний бие бэрээ эргүүлэн орж ирээд үрийг нь тасалж үндсийг нь харлууллаа, би байдал бусыг мэдээд хойд үүдээр амь зулбан гарч энд ирсэнд ах ван өршөөлдөө багтаан үлдээн авчээ. Тийнхүү уг язгуурыг сайн мэдэх бөлгөө. Түрүү шулам үүнийг сонсоод царай алдан эмээжээ. Энэ чив хэмээн “Баатар жанжин төлгийн үгнээс айна” хэмээх нь буюу? Гэрийн хүн нь ийн өгүүлэх тул тэр айн гэлмэгдэхгүй байж хэрхэн чадах аж.

 

            Хараахан айн зовниж байтал бас нэгэн бага шулам гарч ирэн урагш давшин өгүүлрүүн: “Их ван та битгий эмээгтүн энгийн үгэнд: “аливаа хэргийг уужуу бодох хэрэгтэй” хэмээжээ. Хэрвээ Тансагийг идсүгэй хэмээн бодож аваас миний аргаар явагтун. Түрүү шулам асууруун: “Чамд ямар арга буй?” Шулам өгүүлрүүн: “Надаар нэгэн хэлтсийг хуваан гэсрийг авах арга байна.” Түрүү шулам асууруун: “Хэлтсийг хуваан гэсрийг авах хэмээгч юу вэ?” Бага шулам өгүүлрүүн: “Өдгөө агуйн харьяат бүхүй шулмыг хорлоод мянганы дотроос зууг шилж, зууны дотроос арвыг сонгоод, арваас эрдэм чадлаар зүгээр хувилж улирч чаддаг гурвыг шалган авч цөмийг их вангийн дүрээр хувилгаад ах вангийн хуяг дуулгыг өмсгөж барьдал зэвсэг бариулан тэд ах дүү гурвуулыг аргадан салгасны хойно их вангийн бие огторгуйгаас Тансагийг бариваас “туламтай номыг авч тогоотой махыг шүүх” мэт хялбар болой. Түрүү шулам сонсоод ихэд баярлан: “Энэ арга үнэхээр урны туйл болой. Тансагийг барьж эс чадваас яах, хэрвээ барьж чадваас чамайг хошууч өргөмжилсүгэй.” хэмээсэнд бага шулам хишигт мөргөн бүгд шулмыг цуглуулж хэлсэн ёсоор сонгон шилсээр гурвыг олж цөм түрүү шулмын дүрээр хувилган бүгүүлэн Тансагтаны хүрч ирэхийг хүлээлгэв.

 

            Өгүүлэх нь, Тансаг сэжиг ажиг огт үгүй болж Гахайг даган их замаар явж байтал замын хажуунаас шулам үсрэн гарч Тансагийг булаах хэмээв. Бичин яаран дуудруун: “Гахай, шулам ирсэн атал гар хөдлөхгүй юуг хүлээмүй?” хэмээсэнд тэр тэнэг хаанаас үнэн хоорондын ялгаж танина, малтуур эргүүлэн цохилон оров. Тэр шулам манцуурга эргүүлэн тосон авч хоёул уулын бэл доор байлдаж байтал өвсний дотроос дуу гарч бас нэгэн шулам үсрэн гараад шууд Тансагийн зүг ирэв. Бичин дуудруун: “Багш муу болов. Гахайн нүд алгасангуй тул шулмыг алдан гаргажээ. Би очиж цохьсугай хэмээн болд бэрээгээ гарган дээрээ далайж хаана очно, бэрээний амтыг үз, хэмээн занчин ороход тэр шулам огт дуугүй манцуурга эргүүлэн угтан авав. Хоёул энд байлдаж байтал уулын араас салхи шуугин бас нэгэн шулам гарч ирээд Тансагийг барих хэмээв. Шороо үзээд их л цочин өгүүлрүүн: “Багш минь, их ах ба хоёрдугаар ахын нүд нь цөм эрээлжээд шулмыг алдан гаргажээ, чи энд байтугай. Би очиж дарсу.” хэмээгээд энэ тэрийг үл хайхран таяг эргүүлэн шулмыг угтан авч байлдав. Агаарт байсан их шулам агт дээрх Тансагийг үзэн ган дэгээ мэт саврыг сунгаж шүүрэн аваад салхи хөдөлгөн эчив, хөөрхий болой. Энэ төв хэмээн “Даяаны чанар энд учирваас  бодь хутгийг олъё бэрх, тойн Тансаг бас зовлонд тушигдав. Тэр шулам Тансагийг агуйдаа авч ирээд: “Хошууч” хэмээн дуудахад тэрхүү арга гаргасан шулам урагш давшин сөгдөн өгүүлрүүн: “Хүлээж үл чадмуй, хүлээж үл чадмуй.” Түрүү шулам өгүүлрүүн: “Юунд ийн өгүүлмүй, их эрийн хэлсэн үг хэмээгч им татаж тамга дарсан мэт болой. Тэр үед Тансагийг барьж чадваас чамайг хошууч өргөмжилсүгэй хэмээсэн бөлгөө. Өдгөө чиний уран арга бүтсэн тул чамд батыг алдаж яахан болно. Өдгөө хүүхдээр ус авчруулж, тогоо угаалган, түлээ бэлтгэн, гал түлж, Тансагийг жигнэж болгоод, чи бидэн хоёул нэжгээд хэсэг идэн урт насалж удаан жаргасугай.” Хошууч өгүүлрүүн: “Их ван түр идэж болохгүй.” Шулам өгүүлрүүн: “Нэгэнт барьж ирсэн байтал идэж болохгүй нь юун?” Хошууч өгүүлрүүн: “Их ван түүнийг идвээс Гахай, Шороо ч гайгүй ганц тэр Бичин хэмээгч хэргийн эзэн тул хэрвээ манай идсэнийг мэдвэл алалдан тэмцэхийг хэлэх юун, ганц болд бэрээгээрээ уулыг нэгэнт  гудалбаас даруй уул нурж хад егүүрууд манай үүр өл цөм балрах болой.” Шулам сонсоод асууруун: “Хошууч чамд ямар сайн арга байх аж?” Хошууч өгүүлрүүн: “Доодын бодохоор болбоос Тансагийг хойд хүрээнд аваачин хэдэн өдөр хоол будаа идүүлэлгүй хүлбээс гэдэс дотор нь цэвэрших мөртөө шавь нар нь ч ирсээр цөхрөх болой. Тэр үед сая гарган авч ирээд тав мэдэн идвээс харин сайн бус уу?” Шулам өгүүлрүүн: “Тийн болой. Тийн болой. Хошуучийн өгүүлсэн нь маш зөв.” хэмээв. Тэд бага шуламд зарлиг буулгамагц Тансагийг хойд хүрээнд аваачин модноос хүлж орхиод түрүү шулмын өмнө ирж зарлиг хүлээв. Тансаг хүлэгдэн дүүжлэгдэх хал зовлонг амсан тэсэлгүй нулимс асгаруулан дуудруун: “Шавь нар минь, та нар тэр уулын ямар газар шуламтай дийлдэн аль замаар хөөж явнам болов? Би өдгөө самуун шуламд баригдан энд зовлон амсаж буй, бид хэзээ дахин уулзах болов? Үнэхээр элэг зүрхийг минь огтлох болой.” хэмээн нүдэн нулимсыг асгаруулан байтал, модон дээрээс нэг хүн дуудруун: “Багш тойн та бас баригдаж ирэв үү?” Тансаг сэтгэлээ тогтоон асууруун: “Чи ямар хүн бэ?” Тэр хүн өгүүлрүүн: “Би болбоос энэ ууланд амьдрагч түлээчин болой. Уржигдар уулын эзэнд баригдан энд ирээд модноо хүлэгдэв. Өдгөө нэгэнт гурван өдөр болов. Тэднүүс намайг идсүгэй хэмээж байгаа болой.” Тансаг нулимс унаган өгүүлрүүн: “Түлээчин эр чи үхэвч татгалзах юм үгүй, ганц бие төдий болой. Би болбоос үхэвч амирлахгүй болой.” Түлээчин өгүүлрүүн: “Багш та бол гэрээсээ гарсан хүн тул дээр эцэг эхгүй, доор эхнэр хүүхэдгүй тул үхвээс үхэв за. Юуны учир үхэвч амирлахгүй хэмээх аж?” Тансаг өгүүлрүүн: “Би болбоос зүүн газраас баруун бурхны оронд хүрч ном залагч тойн болой. Тан улсын Тайзун  хааны зарлигийг хүлээн бурхан багшид золгон үнэн номыг залж зуурдын сүнсийг тонилгохын тул явмуй. Хэрэв би өдгөө амиа бусниулбаас хаан тэргүүлэн хамаг сайдын зарлиг даатгалыг хөсөрдүүлэн тэрхүү зуурдын хотон дахь тоо томшгүй олон зуурдын сүнсийг үүрд тонилгож чадахгүй болгоход хүрэх бус уу? Ийнхүү миний үлдсэн буян цагийн зуур товрог болох тул  амирлаж яахан чадах аж.” Түлээчин нулимс унаган өгүүлрүүн: “Багш чи үхвээс мөн адил энэ буй за. Би үхвээс нэн эмгэнэлтэй болой. Би хараахан багаас эцгээ алдан бэлэвсэн эхтэй амь зууна. Надад хөрөнгө хэмээн үгүй, өдөр бүр түлээ хадаж амь зуух бөлгөө. Наян гуравтай настан эхийг ганц би тэжээх тул би өдгөө үхвээс хэн түүний ясыг барих аж. Гашуун болой. Элэг зүрхийг минь огтчих нь буюу.” хэмээсэнд Тансаг түүний үгийг сонсоод дуу тавин уйлж, “Хөөрхий, хөөрхий уул хөдөөгийн түлээчин эр бас эхээ элбэрэх сэтгэл бий. Үгээгүү тойн би номд хоосоор нэвтэрчээ. Эзэнд үйлчлэх эхийг элбэрэхийн ёс нэг болой. Чи эхийн ачийг санахад би эзний хайрыг бодно.” Энэ нулимсыг нулимсаар хариулж зовлонтон зовлонтноо өрөвдөнө” хэмээгч үүнийг өгүүлжээ. Тансагийг зовлонд тушигдсаныг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин уулын бэл доор шулмыг байлдан эгүүлээд яаран буцаж ирвээс багш нь бараа сураггүй болоод бөх цагаан морь нь амьтай боодол хоцорчээ. Тэр их л бэгтэрч, морийг хөтлөн дамнуурыг дамнан уул дотор эрэв. Эвий халаг, энэ үнэхээр: зовлонтой Тансагт зовлон тохиох олон. Шулмыг дарагч богдод шулам учрах арвин. Багшаа эрж олох эсэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 23 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 10 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 39 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 43 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 26 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 59 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 2 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 2 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 36 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 46 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 56 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 1 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 23 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 40 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 35 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 58 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 59 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 15 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК