зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


НОМЫГ СӨНӨӨГЧИЙГ НОМХОТГОН ШИРНЭНГИЙН ШАВЬ БОЛГОВ

НОМУН ХААН ҮНЭНИЙ ЭЗЭН НЭГЭН ЦОГЦ БОЛОВ

 

Өгүүлэх нь, Тансаг үнэн сүлдээ чанд хамгаалж заарын урхи, цэцгийн цалмаас арайхан мултраад Бичинийг даган баруунш зорчсоор санамсаргүй зуны улирал болжээ. Тэр үес илчит уур мандан намираа хур орж, үнэхээр үзэмжтэй болжээ:

 

            Удан шугуй ногоорон сүүдэрлэж,

            Уран хараацай сүлжин нисмүй.

            Шинэ лянхуа нуур дээр гэсэрлэж

            Суман хулс согтлон ургамуй.

            Анхилмал өвс талыг бүрхэж,

            Уулын цэцэг бадран дэлгэрмүй.

            Агь зэгс үнэр нэмж,

            Анар сэмбэрүү өнгө бүрэлдүүлмүй.

 

Багш шавь дөрвүүл аагим халуунд урагш яван атал замын хажуугийн уд модны дотроос хүүхэд хөтөлсөн нэгэн эмгэн гарч ирээд Тансагийн зүг өндөр дуугаар: “Тойн та урагш явж үл болмуй, эртхэн зүүнш буцтугай, баруунш одвоос үхлийн зам болой” хэмээсэнд Тансаг сонсоод айн бэгтэрч мориноос яаран буугаад эмгэнээс асууруун: “Хөгшин Бодисадва, эртний үгэнд: “Анабад далайд загас дураар яраалж, агаар тэнгэрт шувуу зоригоор нисмүй” хэмээжээ. Баруунш одохуйд зам мухардах учир нь юун буй?” Эмгэн гараар баруунш зааж өгүүлрүүн: “Эндээс баруунш тав зургаан газар явбаас даруй номыг сөнөөгч улсын хязгаар болмуй. Тэр улсын хаан нь урьд төрөлд зандсан өшөөний тавилангаар энэ төрөлдөө нүгэл хилэнцийг цаглашгүй үйлдэж явмуй. Хоёр жилийн өмнө бас түмэн хуврагийг алмуй хэмээн амлаад, энэ хоёр жил дараалан есөн мянга есөн зуун ерэн зургаан нэргүй хуврагийг алжээ. Өдгөө нэртэй тойныг дөрөв алж, түмийн тоог гүйцээмүй хэмээж буй. Та нар тэнд эчих нь чив хэмээн амь юугаа хүргэх нь болой.” Тансаг сонсоод ихэд эмээн дагжиж өгүүлрүүн: “Бодисадва таны хэлж өгсөнд талархаж баршгүй! Дахин асуух нь хотыг тойрон гарах зам буй болбоос үгээгүү тойн бид тойрон өнгөрвөөс барав.” Тэр эмгэн инээн өгүүлрүүн: “Тойрч гарахуйяа бэрх, тойрч гарахуйяа бэрх, нисч чадах болбоос дээгүүр нь өнгөрч болмуй. Үүнээс өөр зам үгүй.” Гахай бас хажуунаас хоншоор түрэн өгүүлрүүн: “Эмгэн өгий та айлгах үг битгий хэл, бид цөм нисч чадмуй.”

 

            Бичин алтан цэцгийт ал нүдээр тэр эмгэнийг ажиглаваас Хомсим Бодисадва мөн бөгөөд хөтөлсөн хүүхэд нь Маньбадар хөвгүүн мөн болохыг таниад яаран мөргөн ёсолж: “Бодисадва, шавь нар угтахыг осолдов!” хэмээхүйд, Бодисадва өнгөт үүл хөлөглөн дэгдэн гарав. Тансаг их л хиртхийж толгой өргөлгүй мөргөхүйд Гахай Шороо тэд хөсөр сөгдөн хоосон зүг мөргөмүй. Удалгүй өнгөт үүл өлзийт туяа бараагүй болж өмнө далай зүг одсонд Бичин босоод багшаа тэтгэж өгүүлрүүн: “Багш босму, Бодисадва нэгэнтээ Будлан ууландаа хүрсэн болой.” Тансаг босоод асууруун: “Бичин ээ, чи Бодисадваг таньж агаад юунд эрт үл өгүүлмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Чамайг асууж барахын урьд би ёсолж мөргөсөн бөгөөтөл яахан эрт бус хэмээмүй?” Гахай Шороотон Бичиний зүг өгүүлрүүн: “Бодисадвагийн айлдсанд үзэхүл өмнө даруй номыг сөнөөгч хэмээх улс аж тойн хуврагийг хядаж нядлах тул бид чухам хэрхвээс зохимуй?” Бичин өгүүлрүүн: “Тэнэг чи юун аймуй! Хүлцэн чөтгөр хөнөөлт шулам хүчит барс гүмбэрваалуунаас айсангүй бид, энэхүү ертөнцийн энгийн хүнээс эмээх учир юун буй? Гагц энд хоноглох газар бус, тэнгэр орой болж байх тул хэрэв гацаа тосохын иргэд хотод арилжаа хийж буцахуйд тохиолдон тойн баймуй хэмээн цуурхваас дөхөмгүй болмуй. Тийнхүү багшийг удирдан баахан далд газар эчин жич зөвлөсүгэй.” Тансаг үнэхээр үгийг дагаж далд газар ирж суув. Бичин өгүүлрүүн: “Дүү нар аа, багшийг сайхан хамгаалж суутугай, би хувилан хотноо орж амархан гарах зам олж шөнөөр явсугай.” Тансаг бас: “Шавь минь, хөнгөвчилж үл болмуй, эзний хууль эргэлтгүй болой, хичээн болгоомжилбоос зохимуй” хэмээхүйд Бичин инээж: “Багш санаа амар байгтун! Надад бодлого буй” хэмээжээ. Их богд дэвхэрмэгц огторгуйд гарав. Үнэхээр сонин болой:

 

        Дээрээс татах дээс үгүй,

        Доороос тулах тулгуур үгүй.

        Энгийн хүн лүгээ адил бөгөөтөл

        Эгнэгт энэ дэгдэн чадмуй.

 

Бичин төд үүлэн дээр зогсон дорогш үзвээс тэр хотоос баярын уур мандан бэлгэт гэрэл цацармуй. Бичин: “Үнэхээр сайхан газар болой! Тийн агаад юунд номыг сөнөөмүй?” хэмээн өчиж атал тэнгэр улмаар харанхуй болов. Үзвээс:

 

        Өрц зээлд дэнгийн гэрэл дуалж,

        Өрлөг харшаас жүнгийн дуу гармуй.

        Агаар дүүрэн одон мичид түгж,

        Аянчин цөм буудалд буужээ.

        Цэргийн хороонд дохионы бүрээ үлээн,

        Цагийн асарт мөчийн хувин өлгөжээ.

        Хүдэн манан хүрээлэн татаж,

        Утаа униар дээгүүр тунарчээ.

        Түмэн улс цөм нойрсож,

        Тэргэл саран өндөр манджээ.

 

Бичин дотроо: “Би хотод бууж зам үзсүгэй хэмээхүйеэ энэ дүрээр хүн лүгээ учирваас тойн хэмээн танигдмуй, хувилж эчсүгэй” хэмээн сэтгээд тарни уншин нэгэн удган эрвээхий болон хувилав. Үзвээс:

 

        Нарийн бие навчин жигүүртэй,

        Лав зулыг дайран ноцмуй.

        Өжил өвсөн дотор оршигч өчүүхэн авгалдайгаас бүтжээ.

        Гал гэрэл үзмэгц шургалан гадуур нь тойрон нисмүй.

        Шумбан орох нь ширүүн шаламгай

        Шөнийн гүн, салхины намд тааламжтай.

 

Тэр ниссээр хотын хэрмийн буланд хүрэхүйеэ тэнд нэгэн айл байх бөгөөд үүдэн дээрээ бүрхүүл зул өлгөжээ. Тэр санаруун: “Энэ айл өлзийт бөмбөлгийн найр хийж байх ч болов уу, юунд гэр бүрийн үүдэн дээр цөм бүрхүүлт зул өлгөсөн аж?” хэмээн нисэн хүрч үзвээс гол гэрийн үүдэн дээр өлгөсөн дөрвөлжин бүрхүүлт зулын дээр “Аян замын арилжаачин худалдаачныг буулгамуй” хэмээн бичээд доор нь бас “Ван Сьюй эл-ийн буудал” хэмээн бичжээ. Бичин үүнийг үзээд аянчдын буудал хэмээн мэдэв. Дотогш шагайж үзвээс, найм есөн хүн хоол идэж бараад хувцсаа тайлан хөлөө угааж өөр өөрийн оронд гарч хэвтэх нь харагдав. Бичин сэмээр баярлан: “Багш өдгөө гарах замтай болов” хэмээн сэтгэв. Ямар замтай болсон бэ? хэмээвээс Бичин харин тэдгээр хүмүүсийг унтсаны хойно хувцас хунарыг нь хулууж хар хүний маягаар хувцаслан хотноо орсугай хэмээн боджээ. Бичин хараахан ийнхүү бодож атал буудлын эзэн орж ирээд өгүүлрүүн: “Эрхэм зочид та нар хэрсүүлтүгэй. Доорд миний буудалд сайн ба муу хүн цөм буй, өөр өөрийн хувцас хунар амьтай боодол юугаа хичээн анхаарму.” Олныг тойрон орчлонг эргүүлэн арилжаа наймаа хийдэг хүмүүс аль зүйлийг үл хичээмүй? Нэнт буудлын эзэн ийнхүү хэлсэн тул бүгдээр босч өгүүлрүүн: “Буудлын эзний үг мөн болой, бид цөм зам хөөж ядарсан хүн тул нойрт дарагдан алдаш гарваас хэрхмүй? Эдгээр дээл хувцас, малгай бүсийг аваачиж хадгалаад манагар бидэнд тушаан өгвөөс барав.” Буудлын эзэн үнэхээр буй бүхий хувцас хунарыг хураан авч өөрийн гэрт оров. Бичин хэмээгч бачим зантай хүн тул яаран нэгэн малгайн тавиур дээр суув. Тийн атал Ван Сьюй Эл гарч үүдэн дээрээс бүрхүүлт зулаа буулган авч хаалгаа дараад сая хувцсаа тайлан унтав. Ван Сьюй Эл-ийн эмгэн нь унтахгүй хуучин хувцсаа нөхөж суух бөгөөд хоёр хүүхэд нь бас унтахгүй цуугимуй. Бичин үүнийг үзээд дотроо: “Хэрэв эдний унтахыг хүлээвээс хотын хаалга дараад багшийн хот өнгөрөх хэрэг саатахад хүрмүй” хэмээн бодож зулыг тайран унтраагаад бие сэжин нэгэн хулгана хувилаад хувцас хунар дээл малгайг цөм авч одохуйд тэр эмгэн сандарч: “Өвгөн минь муу болов! Лус хулгана шулам бүтжээ!” хэмээн дуудав.

 

            Бичин сонсоод уг биеэр болж үүдийг халхлан зогсож өндөр дуугаар дууруун: “Ван Сьюй Эл эмгэнийхээ дэмий донгодохыг битгий сонсогтун. Би хулгана шулам бус. Их эр бага эрийн ёсоор явахгүй, би чамд хэлсүгэй: Би болбоос тэнгэр лүгээ чацуу их богд ертөнцөд бууж Тансагийг хамгаалан баруун газраас ном залаар одмуй, таны улсын хаан ёсгүй тул тухайлан та нараас дээл малгай захилан миний багшийг чимсүгэй хэмээсэн бөлгөө, хот өнгөрсөн цагт даруй буцаасу.” Тэр Ван Сьюй Эл сонсоод гүйн босч харанхуйн дээр мэндүүрсэн тул өмдөө шүүрэн хүрэм болгон нөмөрч нааш цааш таталж тэвдэн авай.

 

            Бичин хэдийн үүл хөлөглөн гарч эчээд Тансагийн дэргэд буцан ирэв. Тансаг Бичиний ирэхийг үзээд өндийн асууруун: “Шавь минь, номыг сөнөөгч улсыг өнгөрөхүйд хялбар буюу?” Бичин урагш давшин хувцас хунарыг орхиод: “Багш минь, номыг сөнөөгч улсыг өнгөрөхүйд хар хүн болбоос болмуй” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Ах минь! Чи юу болсугай хэмээнэм? Хар болсу хэмээвээс маш хялбар болой. Хагас жил үсээ хусахгүй болбоос даруй ургах болой.” Бичин өгүүлрүүн: “Хагас жилийг хэрхэн хүлээмүй! Мөн доороо хар болсу хэмээж аху болой” Тэр Манхуу сандран өгүүлрүүн: “Ах чи аман тааваараа яримуй. Бид цөм тойн болсон хүмүүс доороо хар болохуй яахан алчуур боож малгай өмсмүй? Оосор бүчийг нь татавч оройн алчуурыг ороох газар үгүй болой.” Тансаг зандан өгүүлрүүн: “Хэрэггүй үг битгий хэлэгтүн, тухайтай явдал хэлэлцсүгэй! Чухам яаж гармуй?” Бичин өгүүлрүүн: “Багш минь! Энэхүү хотыг би сайтар үзлээ, хаан эзэн нь ёсгүй, тойн хуврагийг алмуй хэмээвч харин үнэхээр нэгэн тэнгэрийн хөвгүүн байнам. Хот дээр баярын уур мандан бэлгэт гэрэл цацармуй. Хотын зээл гудамжийг би цөм мэдэж авсан бөгөөд энэ газрын үг хэлийг ч мэдэв. Саяхан буудлын гэрээс эдгээр дээл хувцас малгай гутлыг зээлж ирэв, бид даруй хар хүний ёсоор чимж хотноо орон буудлын гэрт хоноод дөрвөн жингийн үес босч хоол будаа базаалган идэж, таван жингийн үес хотын хаалгаар гаран их замаар баруунш явсугай. Хэдий хүн хард учран хориовч бид болбоос дээд улсын элч тул номыг сөнөөгч улсын хаан аймшиггүй алж эс чадан тавин явуулсугай хэмээвээс болмуй.” Шороо өгүүлрүүн: “Номын ахын өгүүлэх үнэхээр зүй, даруй тийн чимбээс барав.” Тансаг арга бус эрэн самдаваа тайлан үснирт малгайгаа авч хар хүний хувцас малгай солин өмсөв. Шороо ч мөн ёсоор хувцсаа солив. Гагц Гахайн тэргүүн их малгай багтахгүй тул Бичин зүү утас гарган хоёр малгайг ханзлан нийлүүлж оёод нэг малгай болгон өмсгөж, бас агуу хувцсыг сонгон өмсгөв. Дараад сая өөрөө хувцас солиод: “Бид багш шавь хэмээх үгийг түр цээрлэвээс зохимуй” хэмээхүйд Гахай өгүүлрүүн: “Үүнийг цээрлэвээс өдгөө юу хэмээн дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Бүгдээр ах дүү хэмээн дуудчилмуй: багшийг Тан да, чамайг Ү Сан, Шороог Ша Сэ хэмээж намайг Сүн эл хэмээтүгэй. Буудалд хүрсэн хойно та нар дуугүй байгтун, хариулж өчихийг би мэдсүгэй, манийг ямар арилжаа хийж амуй хэмээн асууваас агтны арилжаачин хэмээн хэлсүгэй. Энэ цагаан мориор янз болгож болох биш үү. Ах дүү арван хүн, бид дөрөв урьдаар ирж гэр хөлслөн морь худалдмуй хэмээвээс буудлын эзэн манийг лавтайяа сайтар зочилмуй, бид идэж уун хонож хэвтээд явахдаа, миний бие ваарын хагархайгаар мөнгө хувилган өгч талархваас барав.” Тансаг бодож бус зам үгүй тул толгой дохив.

 

            Тийн морио хөтлөн дамжуураа дамнан яаран мэндсээр дөрвүүл замдаа оров. Энэ газар болбоос энх түвшин орон тул шөнө дөл болтол хотоо хаалгыг дарахгүй ажгуу. Тийнхүү шууд орж эчээд Ван Сьюй Элийн буудлын үүдэнд хүрэхүл дотор нь үймэн, зарим нь: “Миний малгай алга болжээ!” Зарим нь бас: “Миний хувцас алдагджээ!” хэмээн цуугиж байхуйд Бичин үл мэдэгч болон өнгөрөн гарч замын тэртээ байх нэгэн буудалд оров. Тэр буудал хараахан бүрхүүлт зул юугаа унтраагаагүй асан тул урагш давшин дуудруун: “Буудлын эзэн сул гар, сэлүү өрөө баймуй юу? Бид хоног эрж явмуй” хэмээсэнд нэгэн эхнэр хүн хариу өчин: “Баймуй! Баймуй! Зочид та нар асар дээр гартугай” хэмээтэл нэгэн эр хүн гарч ирэн морийг хөтөлж аваачив. Бичин морь юугаа тушаан өгөөд багшаа удирдан асар дээр гарав. Тэр асар дээр бэлэн ширээ сул суудал байх тул цонхыг сөхөн сарны гэрэлд шахалцтал нэгэн хүн зул асааж авчрав. Бичин зулыг үлээн унтраагаад: “Ийм гэгээн сар атал зул асааж юу хиймүй” хэмээв.

 

            Тэр хүн бууж эчтэл бас нэгэн охин дөрвөн цом цай аягалж ирсэнд тосч авав. Тийн атал доор асраас жар шахам насны нэгэн эмгэн гарч ирээд хажууд зогсож асууруун: “Зочин та ямар газраас ирэв, ямар эрхэм үнэт бараа таваар буй?” Бичин өгүүлрүүн: “Бид болбоос ар газраас ирэгсэд болой, хэдэн морь арилжсугай хэмээн явмуй.” Тэр эмгэн өгүүлрүүн: “Агтны арилжаачин төдий олон бус!” Бичин өгүүлрүүн: “Энэ болбоос Тан да, тэр нь Ү Сан, бас нэг нь Ша Сэ миний нэр Сүн эл хэмээмүй.”Эмгэн инээн өгүүлрүүн: “Цөм өөр овогтон ажгуу.” Бичин өгүүлрүүн: “Чив хэмээн өөр овогтон хамт явмуй хэмээгч энэ буюу. Бид ах дүү арвуулаас бид дөрөв урьдаар гарч ирээд гэр хөлслөн буурь бэлтгэсүгэй хэмээх бөлгөө, нөгөө зургаа нь нэг сүрэг агт авч хотын гадна байжээ, энэ өдөр тэнгэр орой болсон тул орж ирсэнгүй, бид гэр хөлслөн авсан хойно манагар ирмүй, агтаа арилжиж барсны хойно сая эгмүй.” Тэр эмгэн асууруун: “Хэдий агт авч явах аж?” Бичин өгүүлрүүн: “Сайн муутай зуу илүү баймуй, бие бялдрыг хэлбээс цөм энэ агттай адил, гагц өнгө зүс нь өөр.” Тэр эмгэн инээн өгүүлрүүн: “Сүн эл ноён үнэхээр арилжаа хийж аянд явж мэргэжсэн хүн ажгуу, хэдийн доордын буудлыг эрэн иржээ, бус буудал бөгөөс айлгүй та нарыг буулгахгүй болой. Миний буудлын хүрээ хашаа уудам, онгоц, жүчээ бүрэн, өвс бордоо элбэг тул та нарт хэдэн зуун агт буй авч багтаамуй. Хэдий тийн боловч нэгэн учир буй: Доордын буудоа удаан жил болсон тул бас ч баахан нэртэй бөлгөө, талийсан эрийн овог Зу, ертөнцөөс ангижраад одов. Тийнхүү миний буудлыг Зу бэлэвсний буудал хэмээх бөлгөө. Миний буудал гурван зэргийн зочлох ёс баймуй, өдгөөгийн цаг хэмээгч урьд өчүүхэн хүн, жич сайд эрдэмтэн хэмээх тул гэрийн хөлсийг үнэлж тогтсоны хойно данс бодохуйд сайн болой.” Бичин асууруун: “Зүй болой, эрхмийн гурван зэргийн зочлох ёс хэмээгч аль гурван зэрэг аж? Эртний үгэнд: “Бараа таваар дээд доорд зэрэг гурван дэсийн үнэ буй, гийчин зочинд хол ойргүй нэгэн адил үзмүй” хэмээжээ. Чи юунд гурван зэргээр зочилмуй хэмээх аж? Чи хэлж үз, би сонсож мэдсүгэй.” Зу бэлэвсэн өгүүлрүүн: “Миний энд болбоос дээд дунд доод гурван зэргээр зочилмуй. Дээд зэрэг нь хоёр хүн тутамд таван пял жимс таван пял зуушийн нэгэн ширээ гаргаж, бас дууч эмсээр архи бариулан дуулуулж зочилмуй. Үүний үнэ нь гэрийн хөлстэй хамт бодоод хүн бүрээс таван цэн мөнгө авмуй.” Бичин инээн өгүүлрүүн: “Хямд! Хямд! Манай тэнд болбоос таван цэн мөнгө нь дууч эмст бас хүрэхгүй болой.” Зу бэлэвсэн бас өгүүлрүүн: “Дунд зэрэг нь: Нийлүүлсэн нэгэн ширээ бөгөөд дууч эмсгүй, архийг өөрөө хэмнэн уумуй. Хүн бүрээс хоёрхон цэн мөнгө авмуй.” Бичин өгүүлрүүн: “Нэн хямд! Доорд зэрэг нь ямар буй?” Зу бэлэвсэн өгүүлрүүн: “Үүнийг эрхэм зочны нүүр дээр өгүүлэхүйеэ бэрх.” Бичин өгүүлрүүн: “Хэлэхүйд ямар гай буй. Бид сонсож мэдээд нэгийг сонгохуйд сайн.” Зу бэлэвсэн өгүүлрүүн: “Доорд зэрэг нь: зарагдах хүнгүй, тогоонд бүхий бэлэн будааг гэдэснийхээ хэрээр идээд өвс дэвсэн унтаж манагар явахдаа хэдэн зоос өгвөөс бармуй, бага болов. хэмээн чамлах бээр үгүй.” Гахай сонсоод өгүүлрүүн: “Зол болов! Зол болов., өвгөн Ү миний хишиг иржээ! Тогоотой будааг нь цадтал идээд зуухны өмнө унтваас барах нь тэр болой.” Бичин: “Дүү чи ямар үг хэлмүй, бид цөм арилжаа хийж явах улс хаанаас хэдэн лан мөнгө олохгүй аж! Дээд зэргээр бэлтгэж авчиртугай” хэмээсэнд тэр эмгэн маш баярлаж асраас буухын зуур яаран дуудруун: “Галуу нугас алж, Гахай хонь нядлан, архи зууш бэлтгэж, цагаан будаа цагаан гурилаар хоол базаа.” Үүнийг Тансаг сонсоод өгүүлрүүн: “Сүн эл хэрхвээс зохимуй? Тэд галуу нугас алж Гахай хонь нядлан мөд хүргэж ирвээс бид цөм бацагтай хүн, яахан идэж болмуй?” Бичин өгүүлрүүн: “Надад арга буй” хэмээж асрын хаалган дээр эчиж хөл дэвсэн: “Зу эмгэн чи гарч иртүгэй” хэмээсэнд, тэр эмгэн асар дээр гарч ирээд асууруун: “Сүн ноён захих юу буй?” Бичин өгүүлрүүн: “Энэ өдөрт битгий алш гаргагтун, бид цөм бацагтай болой.” Эмгэн гайхан асууруун: “Эрхэм зочин та нар үргэлжийн бацагтай буюу, сарын бацагтай буюу?” Бичин өгүүлрүүн: “Алин ч бус бидний бацгийг “Цагаан Бичиний бацаг” хэмээмүй. Энэ өдөр болбоос цагаан Бичин өдөр тул бацагтай, шөнө дөл өнгөрмөгц цагаагчин тахиа болох тул бацаг тайлмуй, манагар алш гаргатугай, энэ өдөр баахан цагаан хоол сиү зууш авч ирвээс барав, үнэ ханшийг хэлэлцсэн ёсоор өгмүй.” Тэр эмгэн нэнт баярлан гүйн бууж захиран: “Алш гаргах хэрэггүй, далдуу дүпүү, шинэ сүеэ, шинэ ногоогоор шөл зууш гарган гурил исгэн боов жигнэж, тутарга угаан будаа чанаж, сайн цайг ариун усаар буцалгатугай” хэмээв. Үзвээс, тэдгээр тогооч, галч, аягач хэмээгч цөм цагаарсан гар тул удалгүй бэлтгэн барьж, асар дээр авч ирэв. Эмгэн бас: “Жимсний архи баахан уух буюу?” хэмээн асуухуйд Бичин өгүүлрүүн: “Тан ноён үл уухыг гаргаваас бид хэдүүл хүн бүр хэдэн хундага уусугай.” Зу бэлэвсэн даруй нэгэн хувин халуун архи авч ирэв. Тийнхүү гурвуул сая хэмнэж эхэлтэл асар доор түчир тачир хэмээх дуу гарахуйд Бичин асууруун: “Асрын доор ямар дуу гармуй?” Эмгэн өчрүүн: “Доордын тосгоноос түрээсэн амуу хүргэж ирсэн тариач эрс оройтсоны учираа асар доор хоносон бөлгөө, эрхин зочид залран ирсэнд зарах хүнгүй тул тэд нараар сүйх дамнуулан дуучийн хүрээлэнд эчүүлж дууч эмс авчруулан та нарыг зочлуулсугай хэмээсэн бөлгөө. Бодвоос сүйхийн арал асрын хавтсыг мөргөсөн дуу буй за.” Бичин өгүүлрүүн: “Эрт хэлсэн бус уу, өнөөдөр манай бацгийн өдөр бөгөөд ах дүү нар бас ирж гүйцээгүй тул дууч даруй авчрах хэрэггүй. Манагар бүрдсэн хойно хүн бүр нэжгээд дууч авчран эрхмийн буудалд цэнгэж, агтаа арилжаад буцсугай.” Зу бэлэвсэн: “Сайн! Сайн! Ийн болбоос ах дүүгийн ая найр эвдрэхгүй бөгөөд бие амарч бас чадмуй” хэмээгээд цааш: “Сүйхийг дамнаж оруулагтун, дууч авчрах хэрэггүй” хэмээн захив. Тэд дөрвүүл ууж идэж барсан хойно сав саалийг хураав. Тансаг Бичиний чихэнд шивнэж өгүүлрүүн: “Хаа унтмуй?” Бичин өгүүлрүүн: “Даруй асар дээр унтваас барав.” Тансаг өгүүлрүүн: “Үл болмуй за, бид цөм зам хөөж ядарсан тул унтаагаар малгайгаа унагаж, гэр цэвэрлэхээр ирэх хүнд үзэгдэн тойн хэмээн танигдваас хэрэг болохгүй юу?” Бичин: “Тийм болой!” хэмээгээд мөнхүү асрын үүдэнд эчиж хөл дэвсэн дуудсанд Зу бэлэвсэн гарч ирээд асууруун: “Сүн ноён бас ямар захиа амуй?” Бичин өгүүлрүүн: “Бид хаа унтмуй?” Эмгэн өгүүлрүүн: “Асар дээр унтваас сайн, батганагүй мөртөө өмнийн салхин тул цонхоо нээж унтваас сэрүүн тавтай болой.” Бичин өгүүлрүүн: “Болохгүй, манай энэ Ү Сан, Ша Сэ цөм хулуу хуянтай тул жавраас аймуй. Тан ах гагцхүү харанхуй газар унтдаг, би ч мөн гэрэл гэгээтэй газар унтаж чаддаггүй бөлгөө, тийнхүү энд унтаж болохгүй.”

 

            Зу бэлэвсэн бууж ирээд хэрсэгийг түшин шүүрс алдахуйд, охин нь хүүхдээ тэврэн хүрч ирээд асууруун: “Эх минь, энгийн үгэнд: “Арван өдрийн хүлээсэн ашгийг нэг өдөр олж болмуй” хэмээжээ. Өдгөө зуны цаг тул арилжаа худалдаа төдий ялгамгүй боловч намрын цаг болбоос хийж баршгүй худалдаа ирэх болой, юунд шүүрслэн зовнимуй?” Зу бэлэвсэн: “Хүүхэн минь, арилжаа худалдаа ашиг муутай хэмээн зовних аж бус, энэ өдрийн бүрийн үес агтын арилжаачин дөрвөн хүн ирж, дээд зэргээр зочлуулмуй хэмээв. Ийнхүү тэд нараас хэдэн цэн мөнгө хонжсугай хэмээсэн боловч, тэднүүс цөм бацагтай тул сохор зоос ч олж хонжихгүй хэмээн хэн саналаа, тийнхүү шүүрсэлмүй” хэмээгээд бас: “Тэд нар цөм гэм архагтай тул цөм жавраас айн, гэрлээс далдалж харанхуй газар унтах хэмээмүй. Чи бодож үзтүгэй, манай гэр цөм саруул байшин тул хаанаас харанхуй газар олж унтуулмуй? Харин тэдэнд идүүлсэн нэгэн цагийн хоолоо тэвчиж өөр газар хоног эрэхээр явтугай хэмээхийг үл хүрмүй” хэмээхүйд охин нь өгүүлрүүн: “Ээж минь, манай гэрт харанхуй газар буй, жавар салхи нэвтрэхийн завсар үгүй маш сайн.” Зу бэлэвсэн өгүүлрүүн: “Хаа амуй?” Охин нь өгүүлрүүн: “Аавын амьд сэрүүн байхдаа хийлгэсэн тэр их хоргон дотор унтуулбаас барав.” Зу бэлэвсэн: “Болох ба эсэхийг асууж үзсүгэй” хэмээгээд асар дээр гарч: “Сүн ноён минь, доорд эхнэрийн хүдэг буудалд харанхуй газар үнэхээр олдохгүй, гагц нэгэн их хорго аж жавар салхи нэвтрэхгүй, гэрэл гэгээ орохгүй тул дотор нь унтваас ямар?” Бичин: “Сайн! Сайн!” хэмээхүйд эмгэн даруй хэдэн хүн зарж хоргыг дамнан гаргаад амсрыг нээж, тэднийг асраас залж буулгав. Тийнхүү Бичин, багшаа удирдаж, Шороо дамжуураа дамнан хоргын дэргэд ирэв. Гахай юуг ч хайхралгүй урьдаар мөлхөн орсонд Шороо амьтай боодлоо дотогш өгөөд Тансагийг тэтгэн оруулж өөрөө бас оров. Бичин дуудруун: “Миний морь хаа амуй?” Зарч хүн өчрүүн: “Хойт гэрт уян өвс бордоогоор тэжээж буй.” Бичин өгүүлрүүн: “Нааш хөтөлж иртүгэй, бордооны онгоцыг ч дамнаж авчран морийг хоргын дэргэд уятугай” хэмээгээд сая хоргон дотор орон бас дуудруун: “Зу эмгэн амсрыг нь чандлан дарж цоожил, зай завсар байх бөгөөс цаасаар наагаад манагар эрт ирж нээгтүн.” Зу бэлэвсэн: “Хэрсүү чинь хэтэрчээ” хэмээгээд гэртээ орж үүдээ даран унтахуйг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэд дөрвүүл хоргын дотор нойрсохоор болов. Аяа, юутай хөөрхий! Малгай дарж, алчуур боосон бөгөөд тэнгэр бас бүгчим халуун тул бүтсэн халууцаж үл тэсэхдээ дээл хувцсаа цөм тайлан малгайгаар дэвэн сэрүүцэж шахалдан хэвтсээр хоёр жингийн үед сая унтвай. Гагц Бичин хэмээгч хэрэгт дуртай тул унтаж орохгүй гар сунган Гахайн гуяыг чимхэж наадахуйд, тэнэг Гахай тийчлэн өшгичиж түднэн өгүүлрүүн: “Унттугай! Ийн зүдэрч атал бас ямар сэтгэлээр чимхэж таталмуй?” Бичин шоглон: “Манай уг өртөг таван мянган лан, өглөө морь худалдаад гурван мянган лан олов, өдгөө энэ хоёр даварганд дөрвөн мянган лан буй, энэ сүрэг агт ядахдаа гурван мянган лан хүрмүй, ашиг хонжвор арван хувь тул алдсангүй байнам” хэмээхүйд нойрондоо сайн Гахай түүнийг хаанаас ойшоомуй.

 

            Харин энэ буудлын манаачин, ус дамнагч, гал түлэгч зэргийн зарч хүн нь уулаас хулгай дээрэмтэй сүлбээ нэгтэй ажгуу. Тийнхүү Бичиний хэдий чинээ мөнгө баймуй хэмээхийг сонсоод нэг хэд нь сэмээр гарч хориод хулгайг хүйлэн авчирч гал гэрээ[1] өргөн, бялуу шийдэм барьж агтын арилжаачныг тоносугай хэмээн хаалгыг эвдэн орж ирсэнд, Зу бэлэвсэн эх охин хоёул айн бэгтэрч, дотоод хаалгаа таг даран гаднах юмсыг тэдний дураар тавив. Тэдгээр хулгайч харин буудлын юмыг огт авахгүй. Гагц аянчныг эрмүй. Асар дээр хүний бараа алга тул гал гэрээ өргөн зүг бүрт ажиглахул хүрээн дунд нэгэн их хорго тавиад хөлөөс нь нэгэн цагаан морь уяжээ. Хоргын амсрыг чандлан оньсолсон тул үзвээс маш хүнд амуй. Хулгай нар: “Олныг тойрсон хүний арга ухаан арвин, энэ хоргоны ийм хүндээс үзэхүл лавтайяа ачаа амьтай, алтан торгоо хийж оньсолсон буй за, бид морийг хөтлөн хоргыг дамнаад хотын гадна гарч хувааваас ямар буй?” хэмээлдэн үнэхээр дээс дамжуур авчран дамнаад сажлуулан явав. Гахай урьдаар сэрээд өгүүлрүүн: “Ах минь, унтваас унттугай, түлхэж татаад яамуй?” Бичин өгүүлрүүн: “Дуугүй байгтун! Түлхсэн хүн үгүй болой.” Энэ үед Тансаг, Шороотон ч сэрээд өгүүлэлдрүүн: “Ямар хүн манийг дамнан явж амуй?” Бичин өгүүлрүүн: “Битгий бархирагтун! Тэдний дураар явтугай! Ийн дамнаж явсаар баруун газар хүрвээс харин ч зам хөөж зүдэхгүй бус уу?”

 

            Тэдгээр хулгай олз олоод баруунш одохгүй, харин зүүнш явж хаалгач цэргийг алан хотын зүүн хаалгыг нээн гарав. Ийнхүү хот даяар доргиж манааны хуягууд цөмөөр хот цагдагч цэргийн өрлөг хийгээд зүүн хотын цэргийн хэлтэст мэдүүлсэнд, тэд нар тус тусын тушаалд холбогдох хэрэг тул яаран цэрэг авч хотоос гаран хулгайг нэхэв. Албан цэргийн хүч их хулгайг нам эсэргүүцэн тулж эс чадан их хоргыг орхин, цагаан морийг тавьж буруулан бутаржээ. Албан цэрэг хэдийгээр хулгайг олж алсангүй боловч хоргыг булаан, морийг олзолсон тул ялгуусан ёсоор эгэв. Цагдагч цэргийн өрлөг нь зулын гэрэл доор бөх цагаан морийг шинжихүл үнэхээр сайн морь ажгуу:

 

            Чандаган зүстэй, цахилгаан явдалтай.

            Ажнайгаас түргэн, аранзалаас хурдан.

            Мянган агтын манлай, түмэн хүлгийн тэргүүн.

            Үнэхээр гүмбэрваа луу далайгаас гарч хас хилэн ертөнцөд буусан мэт.

 

Тийнхүү тэр өрлөг өөрийн морио уналгүйгээр энэхүү цагаан моринд мордоод цэргээ дагуулан хотод орж их хоргыг яамандаа тавиад өөрийн гараар тийзлэн хадгалж, манагар эзэнд айлтган тогтоосугай хэмээн олон цэрэг хуягийг тархсаныг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь: Тансаг хоргын дотор, Бичинийг буруушаан өгүүлрүүн: “Энэ садаа самж, намайг хөнөөх нь болой! Гадна явж агаад хүнд баригдан номыг сөнөөгч улсын хааны тэнд эчсэн бөгөөс хэлэх үгтэй болой. Өдгөө хоргын дотор оньслогдон хулгай дээрмээр дамнуулуулаад хуяг цэрэгт булаагдаж ирсэн ямар өчих үг баймуй?” Бичин өгүүлрүүн: “Гадна хүн баймуй! Хоргыг эвдэн гарваас хүлж дүүжлэн занчиж зовоомуй. Харин баахан тэсвэртэй хэвтвээс энэхүү зовлонд тусаахгүй болой. Манагар тэр харангуй хаанд учирваас надад өчих үг буй, багш чамд өчүүхэн ч халдахгүй болговоос барав, өдгөө санаа амар нойрсогтун.”

 

            Тийн агсаар гурван жингийн үе болсонд, Бичин увидас үүсгэн болд бэрээгээ авч тарнидан өрөм болгон хувилгаж хоргын ёроолыг өрөмдөн нүхлээд биеэ шилгээн шоргоолж болон хувилаад гарч ирэв. Гарч ирмэгц уг биеэр болж үүл хөлөглөн хааны ордонд хүрч үзэхүл хаан нь дуг нойр унтаж баймуй. Бичин биеэсээ нэгэн атга үс сугалан авч цөм бага Бичин болгон хувилгаж, бас нэг атга үс сугалан авч унтуулагч хорхой болгоод, тарни уншин тус газрын навдаг савдгуудыг дуудан авчирч тушаан өгөөд хааны ордноос эхлэн зургаан журган, эл яамны зэрэгтэн бүхэнд нэжгээдийг хүргэж, хүн бүрийг хөдлөлгүй унтуулах хэрэгтэй хэмээн захив. Бас болд бэрээгээ мянга түмэн тонгорог болгон хувилгаж Бичин бүрт нэжгээдийг бариулан хааны ордон, зургаан журган, эл яаманд орж үс тойлтугай хэмээв. Энэ үнэхээр:

 

            Номын хаан номыг сөнөөхүйеэ ном барагдашгүй,

            Ном нь тэнгэр газарт туулж их ёс нэвтэрмүй.

            Түмэн ном нэгэн цогц, гурван хөлгөн нэг үндэс.

            Хас авдрыг нүхлэн арга ухаан олж,

            Алтан үсийг тархаан балар харанхуйг арилгамуй.

            Номын хаанд бодь хутаг олгож,

 

            Төрөхгүй, егүүдэхгүй хоосон чанарыг оноомуй. Энэ хагас шөнийн дотор үс тойлж бараад навдаг савдгийг буцаан биеэ шилгээж үсээ цөм хураан авав. Жич тонгоргуудыг нийлүүлэн уг ёсоор болд бэрээ болгоод бас сэжиж зүүн чинээ болгож чихэн дотроо агуулаад дахин шоргоолж хувилж хоргон нүхээр шурган орж биеэр болж Тансагтаны хамт унтсаныг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэрхүү хааны дотоод ордны охид гэгээрэхээс өмнө босч үс гэзгээ самнан даруулахуйяа нэгд нэгээр цөм үсгүй болсон бөгөөд их бага тайгачууд ч цөм үсгүй болсон тул хааны амрах ордны өмнө эчиж хөгжим үүсгэн эзнийг сэрээхүйд бүгд нулимсыг хавчиж дуугүй авай. Удалгүй гол ордны хатан сэрээд үзэхүл мөнхүү тоймог болсон тул яаран зулыг дэвшүүлэн луун ордод эчиж үзэхүл магнаг хөнжил дотор нэгэн тойн унтаж баймуй. Хатан нь тэсгэлгүй дуугарч хааныг сэрээсэнд хаан нүдээ нээн үзэхүйд хатан нь тоймог толгойтой болсон тул яаран өндийн босч: “Хатан минь, чи яахан ийм дүртэй болсон аж?” хэмээн асуусанд хатан өчрүүн: “Эзэн ч мөн ийм болсон болой.” Тэр хаан тэргүүнээ тэмтэрч үзээд биеийн сүнс нь биед үгүй, билгийн ухаан нь цээжинд үгүй болоод: “Мөхөс хүн яахан ийм болсон аж?” хэмээн хараахан мэндүүрч атал, тэдгээр зургаан хүрээлэнгийн хатад, ордны охид их бага тайган цөм тоймог толгойлон мөргөн мэдүүлрүүн: “Эзэн минь, бид цөм хувраг болжээ!” Хаан үзээд нулимс унаган: “Бодохул мөхөс хүн миний хуврагийг хядсанаас болсон буй за...” хэмээн санаад, зарлиг болруун: “Та нар үс унасан хэргийг битгий гадагш задруулагтун, бичиг цэргийн олон түшмэл бээр төр улс төвшин бус хэмээн шүүмжлэх болуузай” хэмээв.

 

Өгүүлэх нь, тэдгээр зургаан журган ба эл яамны зэрэг жинстэн цөм эзэнд бараалахаар эрт босохуйяа энэ нэгэн шөнийн зуур цөм үсээ алдаж тоймог болжээ. Ийнхүү хүн бүр цөм айлтгал бичиж энэ хэргийг мэдүүлмүй хэмээн бараалалд цуглаж хаан эзний харшид залран ирэхийг хүлээмүй. Эгнэгт тэрхүү цагдагч цэргийн өрлөг хоргыг булаагаад хэрхэх ба Тансаг зэрэг дөрвөн хүний амь нас ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.

 


[1] гэрэл


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 32 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 20 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 48 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 52 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 35 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 8 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 11 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 12 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 46 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 55 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 5 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 10 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 33 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 50 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 44 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 8 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 9 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 24 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК