зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наян хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЯН ХОЁРДУГААР БҮЛЭГ:


ӨНГӨТ ОХИН АРГЫН МАХБОДЫГ ЭРЭВ

ӨРЛӨГ СҮЛД НОМЫН БИЕИЙГ ХАМГААЛАВ

 

Өгүүлэх нь, Гахай уулнаас бууж нарийн замаар тав зургаан газар явахуйяа тэргүүндээ этгээд өндөр шанхавч татсан хоёр эм худаг дээр ус авч байхыг үзээд шулам хэмээн мэдэж урагш давшин: “Шулам” хэмээн дуудсанд тэр хоёр шулам сонсоод ихэд хилэгнэж: “Энэ тойн юутай ийм нүүргүй аж! Танил тал ч бус, үг хэлэлцэж өнгөрсөн ч үгүй атал юунд бид нарт учирмагц шулам хэмээн дуудмуй” хэмээлдэж дамжуур эргүүлэн занчин ирэв.

 

            Тэр Манхуу гартаа барьдал зэвсэггүй асан тул хариуцаж үл чадан хэдэнтээ занчигдаад уулнаа буруулан ирж өгүүлрүүн: “Ах, эртхэн эгсүгэй! Эдгээр шулам хэцүү байнам!” Бичин асууруун: “Ямар хэцүү буй?” Гахай өгүүлрүүн: “Уулын доор ус авч асан хоёр эм шулмыг би нэгэнтээ дуудмагц даруй дамжуур эргүүлэн намайг хэдэнтээ занчив!” хэмээхүйд Бичин асууруун: “Чи түүнийг юу хэмээн дуудсан буй?” Гахай өчрүүн: “Би түүнийг шулам хэмээн дуудлаа.” Бичин инээн: “Занчсан нь арай хөнгөджээ” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Халамжилсанд чинь баярласугай! Толгой цөм хавдсан атал бас хөнгөдөв хэмээмүй!” Бичин өгүүлрүүн: “Эетэй зөөлөн хүн эн дэлхийг тойрохуйяа хялбар, эрэмгий хатуу хүн өдрийн газар гарахуйяа бэрх” хэмээжээ. Тэд хэмээгч энэ газрын шулам, бид болбоос холоос ирсэн тойн тулд эрдэм чадал чинь хэдий их байсан ч баахан эелдэг байваас зохимуй. Чи учирмагц шулам хэмээсэн тул чамайг занчихгүй намайг занчих буюу? “Хүн ёслол хөгжмөөр урьтал болговоос зохимуй” хэмээжээ.” Гахай: “Огт ухахгүй!” хэмээхүйд Бичин өгүүлрүүн: “Чи хараахан багаас ууланд оршиж хүн идэж асан тул хоёр зүйлийн модыг мэдэх буй за?” Гахай өгүүлрүүн: “Үл мэдмүй, ямар модыг өгүүлж амуй?” Бичин өгүүлрүүн: “Улиас хайлаас хоёр зүйлийн мод болой. Улиас модыг урчууд авчран богдын хөрөг, бурхны дүрийг сийлж хас шигтгэн алт суулгамуй. Энэ модны чанар зөөлөн тул хамаг амьтны зул хүжийн тахилыг амсаж, цаглашгүй буянт болмуй. Хайлаас модоор хасаг тэрэгний бул хийж цагираг оруулан хадаас хадан нүх цоолон хигээс шаамуй. Энэ модны чанар хатуу тул ийм хал үзмүй” хэмээв. Гахай сонсоод: “Ах минь, энэ сайн үгээ эртхэн хэлж өгсөн аваас энэ мэт элдэгдэн занчигдахуйд хүрэхгүй болой” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Чи дахин эчиж лавлан асууж ир.” Гахай өгүүлрүүн: “Ийн эчихүйд тэд лав таних буй за.” Бичин өгүүлрүүн: “Тийн бөгөөс хувилж эч.” Гахай өгүүлрүүн: “Ах, хувилахын хэрэг ч хялбар болой, харин юу хэмээн асууваас зохих буй!” Бичин өгүүлрүүн: “Чи тэдний дэргэд эчиж ёслоод насыг нь хирлэтүгэй, ман лугаа нас бараг болбоос “өгий” хэмээж, манаас ахимагийг нь “ээж” хэмээн дуудтугай.” Гахай инээн өгүүлрүүн: “Үнэхээр төвөгтэй! Энэ харь газар хол нутагт бас ямар ураг төрөл, садан сүлбээгээ танимуй!” Бичин өгүүлрүүн: “Ураг садан таних бус түүний үгийг олох нь болой! Тэд хэрэв багшийг аваачсан бөгөөс гар хөдлөхүйд хялбар болой! Тэд аваачсангүй бөгөөс бид багш юугаа эрэхэд саад болох бус уу?” Гахай өгүүлрүүн: “Зүй болой, би дахиж эчвээс барав.”

 

            Манхуу малтуур юугаа үүрч уулнаас буугаад бие сэжин нэгэн тарган хар тойн болон хувилж явсаар шулмын дэргэд хүрч бие мэхийн хүндэтгэн ёслон: “Ээж минь бадарчин тойн ёс хиймүй” хэмээсэнд хоёр шулам баясч: “Энэ тойн харин сайн, ёс хийхийг мэдэх бөгөөд ёстой сайхан үг хэлмүй.” хэмээлдэж асууруун: “Багш та хаанаас ирэв?” Гахай өчрүүн: “Хаанаас ирэв.” Шулам дахин асууруун: “Хаанаас эчмүй?” Гахай өчрүүн: “Хаа эчмүй.” Дахин асууруун: “Чиний нэр хэн хэмээмүй?” Гахай өчрүүн: “Миний нэр хэн хэмээмүй.” Шулам инээн өгүүлрүүн: “Энэ тойн сайн нь сайн боловч үнэн нь олдохгүй үг дагуулан дуурайн өчихүйд мэргэшжээ” хэмээв. Гахай асууруун: “Ээж та ус авч юу хийх буй?” Шулам өгүүлрүүн: “Тойн чи мэдэхгүй, манай гэрийн хатны өчигдөр шөнө олж ирсэн Тансаг хэмээгч тойн агуйн дотор баймуй, түүнийг зочилсугай хэмээхүл манай агуйн доторх ус цэвэр бус тул бид хоёулыг зарж, эндэхийн арга билиг нийлэлдсэн сайн усыг аваачин цагаан цав базааж Тансагт идүүлэн энэ шөнө ураг холбомуй хэмээмүй.”

 

            Тэр Манхуу эдгээр үгийг сонсоод яаран буцаж гүйн ирээд дуудан өгүүлрүүн: “Шороо чи хурдан эчиж амьтайг авчир бид хэдүүл хуваасугай” хэмээхүйд Шороо өгүүлрүүн: “Хоёрдугаар ах, юунд бас хуваах хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Амьтай боодол аль бүхнээ хуваагаад чи Шороо голдоо эгэж хүнээ ид, би Гоо лу жуан тосгондоо буцан гэрээ эрхэлсүгэй, ах Цэцэг жимст уулнаа одож богдоо болтугай. Цагаан морь далайдаа эгэж луугаа болтугай. Багш нэгэнтээ энэхүү шулмын агуйд бие бүтэн ураг холбожээ! Бид ч мөн тус тусдаа амьдрах замаа эрвээс зохимуй!” Бичин: “Манхуу чи бас юуг дэмий донгодмуй!” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Худал хэлсэн бөгөөс хөвгүүн чинь болсугай! Сая тэр ус дамнах хоёр шулмын өгүүлсэн нь цагаан цав бэлтгэж Тансагт идүүлээд ураг холбон хурим хиймүй хэмээмүй!” Бичин өгүүлрүүн: “Багш шулмын агуйд хоригдоод бидний эчиж авран гаргахыг нүд чилтэл бараалж байтал чи харин энд дэмий юм хэлж суумуй!” Гахай өгүүлрүүн: “Хэрхэн аварсугай хэмээмүй?” Бичин: “Та хоёул морио хөтөлж дамнуураа дамнаад бид хэдүүл тэр хоёр эхнэрээр замч болгон дагаж үүдэнд хүрмэгц гар хөдөлсүгэй” хэмээв.

 

            Манхуу төд дагаж явав. Бичин холоос тэр хоёр эхнэрийг бараалан мөрдсөөр удалгүй уулнаа орж, бас хориод газар явахуйяа хоёр шулам гэнэт алга болжээ. Гахай хирдхийн өгүүлрүүн: “Багшийг өдрийн чөтгөр аваачсан буй за!” хэмээхүйд  Бичин өгүүлрүүн: “Чиний нүд юутай гярхай аж! Яахан түүний уг дүрийг үзэж гарав?” Гахай: “Саяхан ус дамнаж явсан хоёр шулам хоромхон зуур завхсан нь өдрийн чөтгөр бус юун буй!” хэмээхүйеэ, Бичин: “Агуйд шургасан болзошгүй, би ажиглаж үзсүгэй” хэмээв.

 

            Бичин ван ал нүд алтан цэцгийгээр уулан завыг үлдээлгүй ажиглаваас мөр сүүдэр үгүй. Лавлан үзвээс хана хадын энгэрт угалз хээг уран нарийнаар сийлж улаан ногооноор өнгө ялгаруулан ширсэн нэгэн цамхаг буй. Бичин төд Гахай Шороо хоёрын хамт дэргэд нь хүрч үзвээс дээр нь “Хөндий уулын Өрх агуй” хэмээн бичжээ. Бичин өгүүлрүүн: “Дүү нар минь шулам хаягаа энд босгосон боловч хаалга нь хаа байхыг үл мэднэм!”

 

            Шороо өгүүлрүүн: “Холгүй! Холгүй! Нарийвчлан эрсү!”Бүгдээр хойш харж үзвээс, цамхагийн доор уулын хормойд эргэн тойрон арваад газар бүхий нэг хад буй. Хадны гол дунд нь тогоон амсарын чинээ нүх буй. Гахай өгүүлрүүн: “Ах аа, энэ даруй шулмын орж гардаг нүх болой.” Бичин өгүүлрүүн: “Гайхалтай болой! Миний бие Тансагийг хамгаалснаас нааш ад шулмыг аль олон дарсан боловч энэ мэт агуйг анх олж үзмүй. Гахай чи урьдаар орж гүн гүехнийг нь үзэгтүн, би орж багшийг аврахуйд сайн.” Гахай толгой тэмтрэн өгүүлрүүн: “Энэ бэрх! Энэ бэрх! Гахай миний бие нүсэр бядуу, хэрвээ хөл алдаж унаваас хэдэн жилийн хойно ёроолд хүрэхийг үл мэдмүй!” Бичин өгүүлрүүн: “Үнэхээр тийм гүн буюу?” Гахай: “Чи үзтүгэй!” хэмээхүйд Бичин агуйн амсар дээр элэгдэн шагайваас үнэхээр гүн уудам байнам! Эргэн тойрон гурван зуун газар магад буй. Бичин хойш харж “Дүү нар аа үнэхээр гүн байнам!” хэмээхүйд Гахай өгүүлрүүн: “Даруй эгэж буцваас барав! Багшийг аврах хэмээгч сэтгэшгүй болжээ!” Бичин өгүүлрүүн: “Чи юу хэмээн өгүүлмүй! “Алжуу залхуу сэтгэлийг тэвч, ардаг хойрго бодлыг орхи.” Амьтай юугаа буулган цагаан морийг цамхагийн баганаас уягтун. Шороо та хоёул малтуур, шийдмээ авч үүдийг сахьтугай, би орж сурагласугай. Багш үнэхээр агуй дотор хоригдож байваас би шулмыг гадагш хөөж гаргасугай. Үүдэн дээр ирвээс та нар тосч байлдагтун: Үүнийг даруй дотор гаднаас хавчин байлдах хэмээмүй. Шулмыг дарваас сая багшийг аварч чадмуй” хэмээсэнд тэд хоёул тийн хүлээж авай.

 

            Бичин төд өнгөт үүл хөлөглөж, өлзийт гэрэл цацруулан доошилсоор төдөлгүй ёроолд тулж үзвээс нарны гэрэл гийгэж, навч цэцэг дэлгэрэн жавар салхи сэнгэнэж жимсний мод ургажээ. Бичин алсхийн баясч: “Сайхан орон байнам! Өвгөн Сүн намайг заяах үес Эсэрүа тэнгэрээс Усан үүдэт агуйг соёрхсон бөлгөө. Энэ ч тийм тэнгэрийн заяасан орон байнам!” хэмээн бодов. Дотогш харваас бас нэгэн хаалган асар амуй. Түүний чанад хөх нарс, ногоон хулсны дундуур гэр өргөө харагдмуй. Бичин: “Энэ лав шулмын сууц буй за, би орж мэдээ авсугай. Байз! Хэрэв энэ мэт эчих бөгөөс эрхгүй танигдмуй, хувилж эчсү” хэмээн бодоод тарни уншин бие сэжиж нэгэн ялаа болон хувилж хаалган асар дээр нисч гараад ажиглаваас тэр шулам гөрмөл тагтанд сууж байнам. Үзэхүл нарсан ойд аврал эрж сүмийн хүрээн дотор байлдсан лугаа адилгүй их сайхан засаж чимжээ.

 

            Өөдөн хар гэзгээ ороон шанхалж,

            Өвч ногоон торгон дээл өмсчээ.

            Авай хөл нь лянхуан цоморлиг мэт,

            Арван хуруу нь хулсан нахиа адил.

            Оон царай нь өнгөт хас мэт,           

            Улаан уруул нь интоор адил.

            Сайхан хүний зүс төлөв бүрдэж,

            Саран дагина залран буусан адил.

            Энэ өдөр ном залагч тойныг авчран

            Ертөнцийн жаргалыг эдэлсү хэмээнэм.

 

            Бичин, түүний юу хэмээхийг чагнан дуу гарахгүй атал, удсангүй инээх дүр нүүр дүүрч, интоорын уруулыг бяцхан завсарлаж: “Хүүхдүүд минь, цагаан цав бэлтгэж, найрын ширээ засагтун. Би Тансаг авгай лугаа идээд дэр нэгдэж их ёсыг гүйцэтгэмүй” хэмээн дуудахуйд Бичин инээд хүрч: “Үнэхээр ийн асан ажгуу! Би гагц Гахай элдвийг ярьж даажигнамуй хэмээн саналаа! Би орж багшийн ямар газар ахуг эрж үзсүгэй. Түүний санаа чухам ямрыг үл мэдмүй. Хэрвээ шуламд бачлагдан хурьцал нь хөдөлсөн бөгөөс энд үлдээсүгэй” хэмээн бодоод даруй нисэн орж үзэхүл, зүүн үзүүрийн гэр дотор Тансаг сууж баймуй.

 

            Бичин цонхон цаасыг мөргөн цоолж, Тансагийн толгой дээр нисч хүрээд: “Багш” хэмээн дуудав. Тансаг түүний дууг таниад дуудан өгүүлрүүн: “Шавь минь амийг аварму!” Бичин өгүүлрүүн: “Багшийн зол бас ч болмуй! Тэр шулам хуримын ширээ засаж чам лугаа идэж гүйцмэгц дэр нэгдмүй хэмээнэм. Хэрвээ үр хүүхэдтэй болбоос бас ч хуврагийн удам болох болой, ямар зовних учир баймуй.” Тансаг сонсоод шүдээ хавирч: “Шавь минь, би Чан Аньхотоос мордон гарч хязгаар уулнаа чамайг шавь болгон баруунш ирэхүйд хэзээ хурьцал хөдлөн сахилыг эвдэж гажуу сэтгэл төрж өнгөрсөн аж? Өдгөө энэ шулам намайг авчраад бие нийлэх хэмээн арлаж баймуй, би хэрвээ үнэн шим юүгээ алдахуйд хүрвээс очир тамд унаж өнөд төрөл олохгүй болтугай!” Бичин инээж: “Ам алдах хэрэггүй. Баруун газраас ном залсугай хэмээх сэтгэл чинь үнэн бөгөөс би удирдан гаргасугай” хэмээв. Тансаг өгүүлрүүн: “Орж ирсэн замыг би цөм умартжээ.” Бичин өгүүлрүүн: “Чиний умартсаныг юун өгүүлэх, энэ агуй энгийн агуй лугаа адил бус, ас дээрээс доош бууж ормуй, өдгөө чамайг аварваас ас доороос дээш гаргах болой. Хэрвээ зол аваас агуйн амсарыг олж гармуй. Зол муудваас гарч чадахгүй бүтэж үхэхүйд хүрэх болой.” Тансаг нүднээс нулимс асгаруулан өгүүлрүүн: “Нэгэнтээ ийн болсон бөгөөс чухам хэрхвээс зохимуй?” Бичин өгүүлрүүн: “Хялбар болой! Хялбар болой! Тэр шулам хурим хийж чамд архи барих хэмээж аху тул хүлцэж нэг хундага уугаад, түүнд хариу хундагалахуйд түргэн хийж хөөс сагуулагтун, би нэг шумуул хувилж архины хөөсийн дотор далдалсугай. Тэр намайг залгиж оруулмагц би элэг зүрхийг нь урж, гэдэс дотрыг нь тасдаад шулмыг дарваас чи даруй олж гарах болой.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь, ийн үйлдэх нь эр хүний үйл бус болой.” Бичин өгүүлрүүн: “Урдад өршөөлт үйлээр явсугай хэмээх нь өөрийн амь юугаа бусниулах болой. Шулам хэмээгч орчлон дэлхийн зовлонгийн үндэс, түүнийг хайрлаж яамуй!” хэмээсэнд Тансаг: “Болтугай! болтугай! Чи гагц намайг дагаж явбаас барав” хэмээв. Энэ үнэхээр хутагт тойныг хамгаалахаар их богд зориг шуудаж хөлгөн номыг залахуйяа Бичин ванд итгэжээ.

 

            Багш шавь хоёул хараахан завдаж байтал тэр шулам хэдийн хуримын ширээг засаж бараад зүүн гэрийн гадна ирж үүдний оньсыг нээн: “Багш тойн” хэмээн дуудсанд Тансаг аймшиггүй дуугарсангүй. Түүний хариу үл өчих нь юун хэмээвээс “Өчвөөс өөдгүй болж, хэлэлцвээс хэл ам болмуй” хэмээхийг санажээ. Бас хэрвээ сэтгэлийг хатууд барьж дуу гарахгүй бөгөөс тэр шулам хар санаа үүсгэж хоромхон зуур аминд хор хийх болуузай хэмээн эмээжээ. Ийнхүү элдэвчлэн бодож хоёрын хооронд түйд болон татгалзаж атал, тэр шулам: “Багш тойн” хэмээн дахин дуудав. Тансаг арга буюу хариу өчрүүн: “Авай, би баймуй.” Тансагийн ийн өчсөн нь үнэхээр тангараг буурсан мэт болоод, хүмүүс цөм Тансагийг бараад газар эчин бурханд мөргөн ном залах чин үнэн сүсэгт тойн бөгөөтөл юуны учир энэхүү эм шулам лугаа хэлэлцэх аж? хэмээн бодмуй. Гэтэл өдгөө чив хэмээн аюулын даваан дээр арга мухардахдаа аман дээрээ өчсөн боловч үнэндээ хурьцлын сэтгэл үгүй хэмээгчийг үл мэдэх болой. Тансагийн дууг сонсоод тэр шулам үүдийг түлхэн орж ирээд тэтгэн босгож гарыг атган мөрийг ивж, хацар нийлүүлэн хоншоор тааруулмуй. Тэр хэдий дэнхэлзэн донхолзож өдөөн гөхдөвч Тансагийн сэтгэл огт хөдлөлгүй байхыг яахан мэдмүй. Бичин үзээд дотроо: “Манай багш ийн өдөөн гөхдөхийг тэсэхгүй гэнэт тачаах сэтгэл хөдлөх болуузай” хэмээн санамуй. Энэ үнэхээр:

 

            Ариун тойн атаатанд учран зовинохуйяа

            Ад шулам араатан түүнийг гөхөдмүй.

            Удын сайхан хөмсөг хослон жирмэж,

            Улаан хацар, цагаан царай өнгө ялгарчээ.

            Хатгамал шаахайг цоморлиг хөлдөө өмсөж

            Хар үсээ үүлэн шанх ороожээ.

            Эрхлэн инээж багш тойны гараас барин

            Эрхэм үнэрийг номт дээлд хүргэмүй.

 

Шулам, Тансагийн гараас хөтлөн өвсөн тэнхимд хүрч өгүүлрүүн: “Багш тойн оо, би нэгэн хундага дарс бэлтгэж чам лугаа найрласугай хэмээмүй.” Тансаг өчрүүн: “Авай аа, үгээгүй тойн би улаан идээ цээрлэдэг бөлгөө.” Шулам өгүүлрүүн: “Улаан цав зооглодоггүйг чинь би мэдээд, агуйн доторх усыг ариун бус хэмээж тусгайлан уулан дээрх арга билиг нийлэлдсэн ариун усыг авчруулж баахан цагаан цав бэлтгээд чам лугаа найрласугай хэмээмүй.” Тансаг түүнийг даган орж үзвээс:

 

            Өнгөт хив замбалзуурыг үүдэн дээр өлгөөд,

            Үнэрт хүж арцыг өрөөн дотор асаажээ.

            Агар зандан ширээн дээр амтат идээ тавьж,

            Арчмаг сайхан таваг дотор

            Алим жимс овоолжээ.

            Амтат алмарад, ал арүр, алтан лянхуан гол,

            Усан үзэм, улаан гүйлс, уулан туулайн бөөр.

            Хушга самар, хурган бөөр, ховор чухаг жимс,

            Алтан жүрж, мөнгөн гүйлс, алаг луун нүд,

            Буудайн охь, буурцгийн ээдэм, булбарай хулсан сүеэ.

            Модон далдуу, мөнгөн мөөг, мөхлөг шар төмс,

            Шар цэцэг, шимт ногоог үрийн тосоор хуурч,

            Тансаг сайхан цагаан зуушийг

            Таван амт бүрдүүлэн базаажээ.

 

            Тэр шулам хасын гараар алтан хундагыг өргөж, амтат сархдыг мэлмэлзтэл сөгнөөд Тансагт барьж өгүүлрүүн: “Тойн авгай минь, аруухан хүн минь, баярын дарс нэгэн хундагыг тогтоому” хэмээв. Тансаг ичгүүрэн ширвээтэж хундагыг аваад огторгуй зүг ядамлан, дотроо сэмээр залбиран даатгаруун: “Номын сахиулсан тэнгэр нар таван орны кирди, дөрвөн цагийн эзлэгч нарт өргөмү, Чэн Шуан Зан зүүн газраас салаад Хомсим Бодисадва олон эрхтнийг зарж хамгаалуулан ивээсэнд шүтэн, аянгын дуут сүмд мөргөж, амьд бурханд бараалан үнэн номыг залах хэмээв. Өдгөө замын зуур шулам учран эрүүлэн шахаж ураг барилдсугай хэмээж энэхүү нэгэн хундага дарсыг надад өгөв. Энэ архи хэрвээ жимсний архи бөгөөс шавь би чармайн уувч мөн бурханд олж бараадан гавьяа бүтэж болмуй. Хэрвээ бус бөгөөс шавь миний сахил эвдэрч, очир тамын ёроолд унах болой” Их богд биеэ өчүүхэн болгон хувилгаад Тансагийн чихний ёроолд суун авай. Түүний хэлэх дуу нь гагц Тансагт сонсогдмуй. Энгийн цагт Тансагийн үзмийн архинд дуртайг тэр мэдэх тул түүнийг нэгэн хундага уугтун хэмээхүйд Тансаг арга бус хөнтрөн шавхраад дахин түргэн хундагалж шуламд өгөв. Хундаган дотор хөөс сагасан тул Бичин нэгэн шумуул болон хувилж хөөсөн дотор нуув. Тэр шулам хундагыг аваад уухгүйгээр ширээн дээр тавьж, Тансагт хэдэн зэрэг ёслон сэтгэлийн үгээ тоочоод сая хундагыг өргөтөл хөөс нэгэнтээ намаграад шумуул илэрчээ. Бичиний хувилсан хэмээгчийг тэр шулам үл мэдэн шумуул хэмээн санаад чигчий хуруугаар этэн авч няслаж илгээв.

 

            Хэрэг явдал урагшгүй хэвлий дотор орохуйяа бэрх болсныг Бичин мэдээд даруй нэгэн өлөн харцгай болон хувилав. Үзвээс үнэхээр:

 

            Мөнгөн хумс алтан нүд маш сүрхий дүртэй тэр

            Мэхт үнэг, хулжин туулай үзвээс мэндэн

            Түүнээс хол зайлан дутаамуй.

            Өлсвөөс өөд нисч өеө эрэн,

            Өл залгаваас өрлөг тэнгэрт гармуй.

            Хос савар нь хурц гох мэт,

            Хүч төгсвөөс хурмаст тэнгэрт гармуй.

 

            Энэ харцгай хүрч ирэн хуримын ширээг шүүрэн хөрвүүлж тэдгээр цагаан цав шаазан сав, амтат зууш, аяга пялыг цөм сүйрүүлэн сүйтгээд Тансагийг орхин жигүүр дэвэн нисэн одов. Шулам үнхэлцгээ хагартал айсан бөгөөд Тансаг ч айн мэндэж бүх бие нь минчүүрчээ. Тэр шулам чичрэн дагжсаар Тансагийг тэвэрч өгүүлрүүн: “Тойн авгай минь, энэ юм хаанаас ирсэн аж?” Тансаг өчрүүн: “Үгээгүй тойн би үл мэдмүй.” Шулам өгүүлрүүн: “Би сэтгэл хүчийг өдий чинээ зүдээж энэ нэгэн ширээ цагаан хурим бэлтгэж чам лугаа цэнгэлдсүгэй хэмээж атал, энэ муу шувуу ямар газраас ирээд байсныг минь сүйтгэж барьсныг минь алдуулав!” Доор зарцлагдагч бага шулам нар өгүүлрүүн: “Хатан, сав саалийг сүйтгэх ч юу буй, эдгээр ариун идээ, цагаан цавыг хөсөр асгаж буртагласныг хэрхмүй?” Тансаг хэдий Бичиний үйлдсэн хэмээгчийг мэдэж аху боловч ямар аймшиггүй ил хэлж чадмуй. Тэр шулам дахин өгүүлрүүн: “Хүүхдүүд минь, би мэдэв. Санаваас би Тансагийг олсонд тэнгэр газар үл таалан энэхүү юмыг буулгасан буй за, та нар энэ хүү хагарч хэмхэрсэн сав саалийг цэвэрлэж гаргаад дахин ариун булингар, цагаан улааныг үл хайхран нэгэн ширээ застугай, би тэнгэрийг заан зууч болгож газрыг дуудан гэрч барьж Тансаг лугаа ураг бололцмуй” хэмээн Тансагийг мөнхүү зүүн гэрт аваачин суулгасныг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин нисэн гарч ирээд уг дүрээр болж агуйн үүдэнд хүрч өндөр дуунаар: “Үүдээ нээгтүн!” хэмээн дуудсанд, Гахай инээн өгүүлрүүн: “Шороо оо! Ах ирэв!” хэмээн хоёул босож барьдал зэвсгээ хураан авсанд Бичин үсрэн гарч ирэв. Гахай урагш давшин асууруун: “Шулам баймуй юу? Багш буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Буй! Буй! Буй!” Гахай өгүүлрүүн: “Багш энэ дотор хал амсаж аху ажгуу, дүүжилж баймуй юу? Хүлж баймуй юу? Уураар болгох хэмээж буй юу? Усаар чанах хэмээж баймуй юу?” Бичин өгүүлрүүн: “Арай ийм хэрэггүй цагаан цав ариун идээ бэлтгэж түүн лүгээ тэр үйлийг үүсгэх хэмээж баймуй.” Гахай өгүүлрүүн: “Чиний хийморь дэгджээ! Баярын дарсыг ууж багалзуурын хуримыг идээд ирсэн буюу?” Бичин өгүүлрүүн: “Тэнэг минь, багшийн амь насны амар мэндийг батлахуйяа бэрх атал, бас ямар баярын дарсаа уумуй!” Гахай өгүүлрүүн: “Тийн бөгөөс чи юунд эгэж ирсэн аж?” Бичин даруй Тансаг лугаа уулзан рид гаргаж хувилан тэмцсэнээ нэгэн зэрэг тоочиж өгүүлрүүн: “Дүү нар минь, дахин битгий дэмий бодол өвөрлөгтүн. Багш нэгэнтээ энд аху тул Бичин би энэ удаа эчихүйд эрхгүй авран гаргаж чадмуй. Тийнхүү дахин агуйд орж нэгэн ялаа болон хувилаад үүдэн асар дээр суун чагнатал, тэр шулам уухилан ундууцаж тэнхим дотроос захиа буулган: “Хүүхдүүд ээ, улаан цагаан болох эсэхийг битгий хамаарагтун! Үтэр түлш өргөн цаас шатаатугай. Би тэнгэр газраар зууч болгож түүн лүгээ ёсыг төгсгөн дэр нэгдмүй!” хэмээхүйд, Бичин сэмээр инээж санаруун: “Энэ шулмын ичих нүүр үнэхээр элгэ болжээ! Гэгээн өдөр гэрэлт нарны доор лам хуврагийг барьж аваачаад дураар оролдмуй. Яарч яамуй. Би орж үзсүгэй” хэмээн зүүн гэрийн өмнө нисэн хүрч нүүр дүүрэн нулимс урсгаж уйлж суусан Тансагийн дэргэд буув. Бичин урагш давшин тэргүүн дээр нь хүрч: “Багш” хэмээн дуудсанд Тансаг түүний дууг таниад ховх үсрэн босч шүд зуун өгүүлрүүн: “Самжин зулзага чи! Хүний их цөс хэмээгч бусдыг аврах буюу, чиний их цөс хэмээгч өөрийн биеэ аврах буюу. Чи увидас үүсгэн шид гаргаж сав саалийг хэмхэчсэн ч ач тус юу амуй! Харин тэр шулмын хурьцлыг нэгэнтээ өрнүүлжээ. Өдгөө цагаан цав улаан идээг ялгахгүй бэлтгэж заавал над лугаа нийлмүй хэмээж буй! Энэ хэргийг хэрхвээс сайн!” Бичин инээд хүрч өгүүлрүүн: “Багш битгий буруушаагтун, би чамайг аварч чадмуй.” Тансаг өгүүлрүүн: “Намайг хэрхэж аварсугай хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Би саяхан нисч ирэхүйд түүний хойд хүрээнд нэгэн цэцгийн хүрээлэн харагдлаа, чи түүнийг мэхлэн цэцгийн хүрээлэнд цэнгэлдсүгэй хэмээн аваачиж чадваас би чамайг аврахад хялбар болой!” Тансаг өгүүлрүүн: “Цэцгийн хүрээлэнд яахан намайг аврах аж?” Бичин өгүүлрүүн: “Чи түүнийг удирлан цэцгийн хүрээлэнд дагуулан ороод тоорын модон дэргэд хүрч зогстугай. Би модон дээр гарч нэгэн улаан тоор болж хувилмуй. Чи даруй жимс идэх хэмээж урьд улааныг нь тасалж автугай, улаан өнгөтэй нь би мөн болой, тэр ч бас нэгэн жимсийг авах нь лав тул улаан тоороо чи түүнд найр тавин өгтүгэй. Тэр хэрвээ идвээс би даруй хэвлийд нь орж гэдэс дотрыг тасдан элэг зүрхийг нь базаж амийг нь тасалбаас чамайг аварч чадмуй.” Тансаг өгүүлрүүн: “Чи хэрвээ эрдэм чадал чинь хүрэх бөгөөс түүн лүгээ тэмцэлдэн байлдваас барав за, юунд түүний хэвлийд орох хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Багш та үл мэдэх болой. Энэ агуй хэрэв орж гарахуйд хялбар бөгөөс түүн лүгээ тэмцэлдэн байлдахуйд юун буй? Гагц орж гарахуйд дөхөмгүй зам нь төвөг ихтэй тул хэрвээ гар хөдлөн ганцаар тэмцвээс түүний энэ нэгэн үүр их бага шулам цөм ирж намайг бас барьж авахуйд хүрвээс хэрхмүй? Гагц энэ мэт уран аргаар тэмцвээс бидэнд тустай болой.” Тансаг сонссоор тэргүүн дохиж: “Тийн бөгөөс чи намайг дагаж явагтун” хэмээсэнд, Бичин: “Мэдмүй! Мэдмүй! Би даруй тэргүүн дээр чинь аху болой” хэмээв.

 

            Багш шавь хоёул ийн зөвдөж тогтоод, Тансаг босч хоёр гараараа цонхыг тогшиж: “Авай, авай” хэмээн дуудсанд тэр шулам сонсоод баярлан хөөрч гүйн ирээд асууруун: “Аруухан авгай, ямар сургаал баймуй?” Тансаг өгүүлрүүн: “Авай, би Чан Аниас гарч баруун зүг ирэхүйд уул эс учирсан өдөргүй, ус эс гаталсан хоног бээр үгүй аялав. Тэр өдөр далайг тогтоогч сүмд хоноглохуйяа салхи авч жаварт цохигдоод хүнд хижигт нэрвэгдсэн боловч энэ өдөр хөлс гараад баахан илаарь болжээ. Бас авай таны үлэмж сэтгэлгээг хүртэн аршийн агуй ариун оронд ирсэн боловч ийн нэгэн өдөр суухуйд сэтгэлийн дотор баахан бүтэж уйтгарлах мэт байнам. Өдгөө чи намайг удирдан баахан сэлгүүцэн алхаж сэтгэлийг сэргээвээс ямар?” Тэр шулам сонсоод дэлбэртэл баярлаж: “Аруухан авгай та харин урамтай байх тул би чам лугаа цэцгийн хүрээлэнд эчиж цэнгэлдсүгэй” хэмээгээд: “Хүүхэд, түлхүүр аваачиж хүрээлэнгийн хаалгыг нээн шүүрдэн арилгагтун” хэмээн захисанд олон шулам үүд нээн зам цэвэрлэх хэмээн яаралдан бужигнав.

 

            Эндээс шулам үүдийг нээн Тансагийг түшин тэтгэсээр гарч ирэв. Тэдгээр олон бага шулам цөм оо энгэсэг түрхэж нахилан тахилзаж Тансагийг дагаж цэцгийн хүрээлэн зүг эчив. Үнэхээр сайн тойн ажгуу! Эдгээр хатад авхайн сүрэгт ажиггүй алхлан, хал торгон хувцастны дотор сохор мэт явнам. Ийм хад адил хатуу сэтгэлт хүнээс өөр өнгө дарсанд шунасан эгэл бэртэгчин яахан баруун газраа одож бурхны ном залж чадах аж. Тийн явсаар цэцгийн хүрээлэнгийн үүднээ хүрч ирсэнд тэр шулам нам дуунаар шивнэн өгүүлрүүн: “Аруухан авгай минь, энэ газар зугуухан цэнгэлдвээс ямар уйтгар хэнэг хэмээвч сэргээж болох буй за.” Тансаг түүн лүгээ хөтлөлцөн түшилцэж хүрээлэнд ороод үзэхүл үнэхээр сайхан ажгуу. Үзвээс:

 

            Зөрөг замд зүлэг ногоо цэлгэрэн

            Зурмал цонхноо цэцэг навч сүүдэрлэжээ.

            Зөөлөн жавар сэвэлзэхүйеэ гэмэрлэг таж мяралзан

            Зүс бороо зогсохуйяа хас тана илэрмүй.

            Улаан гүйлс ногоон навч оюу шорон манжлага мэт,

            Уур өргөн гадил навталзан өдөн гөвүүр дэвэх адил.

            Хэрмийн гаднах удын ойд алтан гургалдай донгодож,

            Хэрсэгийн доторх цэцгийн дээгүүр өнгийн эрвээхэй эргэцмүй.

            Анхилмал асар, ариун асар, амармагийн асар,

            Амуулагч асар адбиш үзэсгэлэнтэй.

            Хаврын тагт, хасын тагт, хонгор тагт,

            Хурын тагт үнэхээр сүрлэг.

            Тогоруу нуур, тунгалаг нуур, тунамал нуур,

            Толин нуур, биндэрьяагийн өнгөөр харагдмуй.

            Бичгийн өрх, бэхсийн өрх, зугаан өрх,

            Зочны өрх, зурмал гэгээвч зэрэглэмүй.

            Нуурын хөвөөгөөр номин хад сэгийлцэн,

            Ногоон хулс согтолмуй.

            Ордны тойронд өндөр нарс жигдрэн

            Өнгийн цэцэг дэлгэрчээ.

            Үнэхээр аршийн арлын үзэмж лүгээ адилшааж,

            Ариун хойгийн өнгө лүгээ тэнцмүй.

 

Тансаг тэр шулам лугаа хөтлөлцөн цэцгийн хүрээлэнгийн сайхан үзэмжийг үзэн явсаар санамсаргүй тоорын ойд хүрч ирэхүйеэ Бичин багшийн тэргүүн дээр нэгэнтээ дохисонд Тансаг даруй олж мэдэв.

 

            Бичин тоорын модон дээр нисч гараад нэгэн боловсорсон улаан тоор хувилав. Тансаг даруй шулмын зүг өгүүлрүүн: “Авай, цэцгийн анхилмалд эрвээхэй тачаан тавтирж, жимсийн боловсорсонд болжмор тэмцэн туяж атал энэхүү модны жимс юуны учир улаантай ногоонтой аж?” Шулам инээн өчрүүн: “Тэнгэрт арга билиг үгүй болбоос наран саран гэрэлгүй, газарт арга билиг үгүй болбоос өвс мод ургахгүй, хүнд арга билиг үгүй болбоос эр эм ялгагдахгүй буюу. Энэ тоорын модны дээрх нарнаа хандсан жимс нь урьд боловсормуй, тийнхүү улаан болой, сүүдэр тал дахь жимс нь хойно боловсормуй, тийнхүү ногоон болой, энэ ч мөн арга билгийн зүй болой.” Тансаг өгүүлрүүн: “Авайн сургасанд талархмуй, эс бөгөөс ядуу тойн мэдэхгүй бөлгөө” хэмээн гар сунгаж улаан тоорыг таслан авав. Шулам мөн урагш давшиж нэгэн ногоон тоорыг таслан авсанд, Тансаг бие мэхийн улаан тоорыг шуламд барьж өгүүлрүүн: “Авай чи өнгөнд баясах тул улаан тоорыг идсүгэй, ногоон тоорыг би идсүгэй.” Шулам үнэхээр тоор арилжаад баярлан сэтгэрүүн: “Сайн тойн! Үнэхээр хэтийдсэн хүн мөн! Хар үсээ хагалж халуун галд мөргөөгүйгээр хайрлаж санах нь энэ зэрэгт хүрчээ” хэмээн тэсгэлгүй баярлан ногоон тоорыг Тансагт өргөв. Тансаг тоорыг авмагц идэхүйд шулам мөн хэмээн тоорыг цугаар идэхээр шунхан уруулыг завсарлан хасын шүдээр хазаж завдаагүй байтал Бичин хэмээгч зан түргэн хүн тул нэгэнтээ өнхөрмөгц хоолойгоор бөмбөрөн шууд гэдсэнд оров. Шулам их л гэлмэж Тансагийн зүг өгүүлрүүн: “Хутагт тойн миний энэ жимс жигтэй байнам, юунд зажилж залгихыг үл хүлээн өөрөө гулган оров?” Тансаг өгүүлрүүн: “Шинэ түүсэн жимс идэхүйд сайн тул хурдан оров.” Шулам өгүүлрүүн: “Яс цөмийг ялгаагүй атал даруй шувтран оржээ.” Тансаг өгүүлрүүн: “Авай чиний санал хүсэл сайхан, идэх дуршил хэтийдсэн учир цөм ясыг гаргалгүй залгисан болой.”

 

            Бичин түүний гэдсэн дотор ороод уг биеэр болж өндөр дуугаар дуугаран: “Багш та түүн лүгээ дэмий хэлэлцэх хэрэггүй, энэ муу шулам нэгэнтээ миний гарт оров.” Тансаг: “Шавь чи дураар болтугай” хэмээхүйд шулам сонсоод: “Чи ямар хүн лүгээ хэлэлцмүй?” Тансаг өгүүлрүүн: “Би шавь Бичин лүгээ хэлэлцэж баймуй?” Шулам өгүүлрүүн: “Бичин хаа баймуй?” Тансаг өгүүлрүүн: “Гэдсэн дотор чинь байх болой, саяын идсэн улаан тоор даруй Бичин мөн болой.” Шулам гэлмэгдэн мэндэж өгүүлрүүн: “Барав! Барав! Энэ муу сармагчин нэгэнтээ гэдсэнд орсон бөгөөс би үхэх нь болой! Бичин чи ийм аргаар миний гэдсэн дотор орох нь юун буй?” Бичин шулмын гэдсэн дотроос занан өгүүлрүүн: “Яах ч үгүй! Гагц элэг уушги, зүрх зүлд таван цул зургаан савыг чинь бага багаар бартал идэж хоосон хэнхдэгт шулам болгоном!” Шулам сонсоод сүнс нь сарниж чичрэн дагжсаар Тансагийг тэвэрч өгүүлрүүн: “Хутагт тойн минь:

 

        Урьдын ерөөлийн улаан шижмээр”

        Ус загас учран нийлсү хэмээн бодлоо.

        Уран хачин гэнэт салалцан ангижирч

        Урагш хойш ас асдаа хагацахыг хэн мэдлээ.

        Уршиг түйтгэр тохион хэрэг бүтэхүйеэ бэрх болж,

        Ургийн барилдлагын сайхан учрал усны хөөс боллоо.

        Энэ өдөр ийнхүү хагацан салалцсанаа

        Эгнэгт чам лугаа хэзээ дахин уулзах болов!”

 

Бичин шулмын гэдсэн дотор аж, энэхүү үгийг олж сонсоод, Тансаг түүний уран үгийг үнэмшин нигүүлсэхүй сэтгэл төрөгдөж дахин бачлагдах магадгүй хэмээн бодоод хөл гараа эргүүлэн хөндлөн гулд өшгичин нударгалахад шулам өвдөхүйд хүлцэн чадахгүй үхэтхийн унаж үг дуугүй болов. Бичин түүний үг дуугүй болсныг үзээд лав үхэв за хэмээн бодоод гараа багахан султгамагц шулам дахин сэргэж өндөр дуугаар: “Хүүхдүүд ээ! Хаа баймуй?” хэмээв. Үзвээс, тэдгээр бага шулам хүрээлэнд орж ирмэгц бүгдээр учраа мэдэн зайлан эчиж тус тус цэцэг түүн өвс чимхэж Тансаг шулам хоёулыг хэлэлцэн зоог хийтүгэй хэмээж байлаа. Тийн атал гэнэт дуудахыг сонсож гүйлдэн ирээд шулмын царайг өнгө хувилан газар хэвтэн ёолж босч чадахгүй байхыг үзээд яаран тэтгэн босгоод асууруун: “Хатан хэрхсэн аж? Зүрх чинь өвдмүй юү?” Шулам өгүүлрүүн: “Бус! Бус, таануус асуух хэрэггүй, өдгөө миний гэдсэн дотор нэгэнтээ хүн оржээ! Үтэр түргэн энэ тойныг илгээж миний амийг үлдээтүгэй!” хэмээх тул тэдгээр бага шулам үнэхээр ирж Тансагийг дамнах хэмээв. Шулмын гэдсэн дотроос Бичин дуугаран: “Бусад хэн аймшиггүй дамнамуй! Чи өөрийн биеэр багшийг минь гадна хүргэж гаргаваас би сая амийг чинь үлдээмүй!” Тэр шулам арга буюу хатуужин босч Тансагийг үүрэн гадагш алхав. Бага шулам асууруун: “Хатан авай, хаа эчмүй?” Шулам өгүүлрүүн: “Анабад далай аваас ариун саран баймуй, алтан гөхийг тавих газаргүй хэмээн зовних учир юун, энэ гайхлыг гарган тавьж өөр нэгийг эрвээс барав!” хэмээжээ.

 

            Үнэхээр хэцүү шулам ажгуу, алтан гэрэл гишгэн агуйн амсарт хүрч ирэхүйд зэр зэвсэг хангинах дуу гармуй. Тансаг өгүүлрүүн: “Шавь гадна зэвсэгийн дуу гарч амуй.” Бичин өгүүлрүүн: “Гахай малтуурдаж байх нь болой. Чи дуудаж үзэгтүн.” Тансаг даруй: “Гахай!” хэмээн дуудсанд Гахай сонсоод өгүүлрүүн: “Шороо! багш гарч ирэв” хэмээж хоёул барьдал зэвсгээ хураасанд шулам Тансагийг үүрч гарч ирэв. Аяа! энэ үнэхээр:

 

            Шидэт Бичин дотроо гажуу шулмыг номхотгохуйяа

            Шороо Гахай гаднаас хутагт тойныг тосмуй!

            Шулмын амь нас ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    8 цаг 8 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 55 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 24 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 28 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 10 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 43 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 47 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 47 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 21 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 30 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 41 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 46 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    15 цаг 8 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 25 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 19 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 43 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 44 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 59 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК