зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


АГУЙГ ЭРЭН ШУЛМЫГ БАРЬЖ УРТНАСТ ОДОНД УЧРАВ

ХАРАНГУЙ ХААНЫГ ТӨВД ОРУУЛЖ НЯЛХ ХӨВГҮҮДИЙГ ҮЗҮҮЛЭВ

 

Өгүүлэх нь, тэр хиа түшмэл хуурмаг Тансагийг өртөөнөөс чирэн гаргаад шадар цэрэг лүгээ хашин тойрсоор хааны хаалганд авчирч “Бид Тансагийг авчрав, хаанд орж айлтга” хэмээн хаалгач түшмэлд өгүүлсэнд, тэр түшмэл үгийг дагаж дотогш орон Харангуй эзэнд айлтгасанд оруулагтун хэмээв.Олон түшмэд хасын индрийн  доор сөгдөн ахуйд, ганц тэр хуурмаг Тансаг индрийн  голд гэхэлзэн зогсож “Аяг тахимлиг улсын хаан, үгээгүү тойн намайг авчирсны учир юун буй?” хэмээн их дуугаар асуусанд тэр хаан инээн өгүүлрүүн: “Мөхөс миний бие нэгэн өвчин олоод илаар болохгүй өдөр маш удав. Миний хадам эцэг нэгэн сайн зор олж эм цөм бүрдсэн болов.ч, гагцхүү эмийн хөлөгт их л гачигджээ. Тиймийн тул өвгөн багш таныг өнөөдөр залж хөлөг гуйсугай хэмээмүй. Миний өвчин илаар болсны хойно, өвгөн багшийн ачид хариулан сүм суварга цогцлон байгуулж, улс гэрт зарлиг уламжлан дөрвөн улиралд тахилга тахиж мөнхийн зулыг үл тасалдуулах болгосугай.” Хуурмаг Тансаг өгүүлрүүн: “Би хэмээгч гэрээс гарсан тойн, ганц биеэр энд хүрч ирэв. Хааны хадам эцэг ямар юмаар эмийн хөлөг хийхийг мэдэхээргүй.” Тэр Харангуй хаан өгүүлрүүн: “Тойн чиний зүрхийг хэрэглэсүгэй хэмээмүй.” Тэр хуурмаг Тансаг өгүүлрүүн: “Хаанаас нуух бус, надад хэдэн зүйлийн зүрх буй, ганц ямрыг нь хэрэглэхийг үл мэдмүй?” Хааны хадам эцэг хажуугаас заан өгүүлрүүн: “Тойн чиний хар зүрхийг хэрэглэмүй.” “Хуурмаг Тансаг” өгүүлрүүн: “Тийм боловч хурдан хутга авч ирэгтүн, өвчүүг хагалж үнэхээр хар зүрх буй болбоос  хааны зарлигаар барьсугай.” Тэр Харангуй хаан үүнийг сонсоод маш баясан, жасааны түшмэлээр нэгэн эвхүүр хутга авчруулж хуурмаг Тансагт өгөв. Тэр хуурмаг Тансаг хутгыг тосож авсны дараа, хувцсаа тайлан цээжээ тэнийлгэж зүүн гараар цээжээ илж баруун гарын хутгаар өвчүүгээ яран хагалсанд, мах огтлох дуун нэгэн зэрэг гарч, дотроос олон зүрхэн бултайсхийн гарч ирэв. Бичиг цэргийн олон түшмэд үүнийг үзээд царай цөм хувирч үл айлдсан бээр үгүй. Харшид агсан хааны хадам эцэг үүнийг үзээд: “Олон зүрхт тойн ажгуу!” хэмээсэнд, тэр хуурмаг Тансаг цус гоожсон зүрхийг нэг нэгээр авч гарган олонд үзүүлсэнд, улаан зүрх, цагаан зүрх, шар зүрх, харамч зүрх, ашигт зүрх, атаат зүрх, жөтөөт зүрх, дийлэмтгий зүрх, омгорхоглох зүрх, басамжлах зүрх, алах зүрх, хорт зүрх, айх зүрх, хичээнгүй зүрх, харгис зүрх, нэргүй олон зүйлийн муу зүрх гарч ирснээс бус, хар зүрх нэг ч бээр үгүй. Тэр Харангуй хаан ихэд айн дагжиж үг хэлж гарахгүй болоод: “Зүрхээ хурдан хураан авагтун!” хэмээсэнд хуурмаг Тансаг аргагүй зүрхээ хураан авч уг биеэр болоод: “Хаан чи юмны өнгийг үзэж үл гарах болой, бидний тойн хүний зүрх цөм цагаан, ганц чиний хадам эцгийн зүрх нь хар тул эмийн хөлөг хийвээс болмуй. Эзэн эс итгэх болбоос би чамд гаргаж үзүүлсүгэй” хэмээв..

 

Үүнийг сонсоод, хааны хадам эцэг нь нүд тавин сайтар ажиглаваас, тэр тойны өнгө зүс цөм өөр болж хувирсанд, таван зуун жилийн өмнө алдаршсан Сүн их богд мөн болохыг хэдийнээ үзэж таниад маш айн үүл хөлөглөн дутааж одоход, Бичин бас огторгуйд тонгорцоглон гарч: “Битгий буруул! Миний шийдмийн амтыг үз!” хэмээн занчин ирэхэд хааны хадам эцэг таягаар угтан байлдав. Тэдэн хоёул огторгуй дээр энэ нэгэн зэрэг их л байлдсан нь:

 

Чандмань бэрээ гохир таяг огторгуйд эргэлдэхүйеэ үүл манан будантав. Хааны хадам эцэг хэмээгч угаас чөтгөр тул, шулам охиноо сайхан хүн болгож хаанд өргөжээ. Харангуй хаан өнгөнд шунаж өвчинд нэрвэгдсэнд, буг шулам арга үүсгэн боолын хүүхдийг алахыг бодов. Үүнд тохиолдсон их богд эрдэм юүгээ ихэд бадруулж, этгээд шулмыг эрхгүй барьж эглийн хүүхдийг гаргахыг санав. Төмөр шийдэм тэргүүн рүү бууж ирэх нь үнэхээр хэцүү хэмээхүйеэ. Гохир таягны угтан авах бас ч гайхалтай. Алалдааны уур агаар тэнгэрт бүрхсэнээ, аяа хөөрхий хотын хүмүүс их л царай нь зэвхийжээ. Бичиг цэргийн олон түшмэдийн сүг сүнсэн завхаж, хааны хатан авхай нарын сайхан зүс хувирчээ. Аяг тахимлиг улсын хаан айхын ихээр айж, бүх бие нь нэгэнтээ чичрэн орох газаргүй болжээ. Алтан бэрээг дээш өргөхүйеэ арслан барс уулнаас харайсан мэт, эрдэнийн таяг эсрэгцэн тосохуйяа эрээн луу далайгаас гарсан адил. Энэ өдөр Аяг тахимлиг улсад эрэгчин эмэгчнийг шалгаж эгнэгт төв гажуугийн алин болохыг энд ялгажээ. Тэр шулам Бичин лүгээ ихэд байлдан гучин удаа болсонгүй, гохир таяг нь алтан бэрээг хүлээж үл болох тул хоосныг таягдаж нэгэн зурвас хүйтэн гэрэл болон хувилаад хааны ордонд орж охиноо авч хааш дутаан одсоныг мэдэхгүй.

 

Их богд үүлийг дарж хааны ордны өмнө бууж: “Та яасан сайн улсын хадамтай буй!” хэмээн олон түшмэдээс асуусанд, бүгд түшмэд угтан авч хувилгаан тойн хэмээн мөргөв. Бичин өгүүлрүүн: “Та нар надад мөргөсний хэрэггүй, Харангуй хаан хаана байхыг үзэхээр одсугай.” Олон түшмэд өгүүлрүүн: “Манай эзэн та хоёрын байлдахыг үзээд маш айсан тул, өдгөө аль нэгэн ордонд орж нуусныг эс мэдмүй.” Бичин: “Хааныг хатан шулам авч оджээ! Түргэн ирэхээр одсугай!” хэмээн зарлигдсанд олон түшмэд Бичинийг дагаж хатны ордонд орж үзвээс хаан хатан цөм үгүй. Гол ордны хатан ба зүүн баруун ордны хатан, зургаан хүрээлэнгийн авхай нар Бичинийг угтан мөргөсөнд, Бичин: “Бос! Бос! Өдгөө хараахан мөргөх цаг болоогүй, эзнийг хурдан эрсүгэй” хэмээв.Удалгүй тэр хаан дөрөв таван тайганаар түшүүлэн биеийг хичээнгүйлэх ордноос гарч ирэхэд, бүгд түшмэд газар тэврэн мөргөж ийн өгүүлрүүн: “Эзэн минь! Хувилгаан тойн ирж худал үнэнийг ялгаруулав. Хааны хадам эцэг хэмээгч нь шулам ажгуу, өдгөө хатан бас үзэгдэхгүй болов.” Хаан үүнийг сонсоод Бичинийг залж хаан ордноос гарч эрдэнэ харшид буулгасны хойно ёслон өгүүлрүүн: “Тойн та сая ирэхэд зүс нь аруухан хээнцэр бөлгөө, өдгөө юунд ийм өөр болов.?” Бичин инээн өгүүлрүүн: “Хаанд нуулгүй хэлсүгэй, урьдын ирсэн тэр тойн нь миний багш, Тан хааны дүү Тансаг болой. Би хэмээгч түүний их шавь Бичин хэмээмүй, бас Гахай Шороо хэмээх хоёр номын дүү буй, өдгөө буурины өртөөнд амарч амуй. Эзэн шулмын үгийг итгэж, миний багшийн зүрхийг авч эмийн хөлөг болгох хэмээхийг сонсоод, өвгөн Сүн би багшид адил хувилж шулмыг барьсугай хэмээн ирсэн бөлгөө.” Тэр хаан үүнийг сонсоод түшмэдээ илгээж Тансаг багш шавь гурвуулыг өртөөнөөс залуулав.

 

Бичин уг дүрсээр хувилж огторгуйд шулам лугаа байлдан ахуйг Тансаг сонсмогц сүг сарнин сүнс нь завхжээ. Гахай Шороо хоёул хамгаалж байхын сайнаар нүүрэнд өмхий шавар наалдуулж их л урамгүй суун атал: “Багш минь, бид болбоос Аяг тахимлиг улсын хааны илгээсэн элчин түшмэдийн зарч бөлгөө, өдгөө хаан та нарт тал хийх тул тусгайлан залахаар ирэв” хэмээх дуун сонстмуй. Гахай инээн өгүүлрүүн: “Багш битгий айгтун! Битгий айгтун! Энэ ирсэн нь чиний зүрхийг авах бус, лав ах шулмыг дийлсэн тул багш чамайг залж тал хийсүгэй хэмээх буй за.” Тансаг өгүүлрүүн: “Шулмыг дийлж намайг залахаар ирсэн ч, би ийм зүс царайгаар хаанд хэрхэн золгомуй?” Гахай өгүүлрүүн: “Хамаагүй, бид ахад уулзсаны хойно адбиш арга олдмуй.” Тансаг аргагүй Гахайг дагаж, Шороогоор амьтайгаа дамнуулж морио хөтлүүлэн өртөөнөөс гарч ирэв. Хааны элчин түшмэл тэднийг үзмэгц их л айж: “Бурхан минь! Буг чөтгөр мэт улс байнам” хэмээн дуун алдсанд, Шороо өгүүлрүүн: “Түшмэл та бидний зүсний муухайд цочсоны хэрэггүй, бидний зүс царай эхээс төрөхүйеэ ийм бөлгөө, ганц номын ахад миний багш учирваас даруй сайхан хүн болмуй.”

 

Тэдэн гурвуул эзний зарлигийг хүлээлгүй олон түшмэд лүгээ хамт хааны ордонд орж ирэв. Бичин угтан гарч ирээд багшийн царай дээрх шаврыг арилган хувилгаан хий үлээж “Хувил!” хэмээн нэгэнтээ зандарсанд Тансаг мөн уг биеэр болж улам сүр жавхаатай болов. Хаан ордноосоо гарч “Бурхан багш” хэмээн хүндэтгэн угтахад, багш шавь гурвуул морио уяанд уяж харшид гарч хаанд бараадав. Бичин өгүүлрүүн: “Тэр шулам ямар газар сууж байхыг хаан мэдмүй юү? Өвгөн Сүн би шулмыг барьж хожмын хорын үндсийг арилгасугай.” Гурван ордон зургаан хүрээлэнгийн хатад авхай нар хасын халхавчны цаанаас Бичиний ийн өгүүлэхийг сонсмогц эрэгтэй эмэгтэй эрхэм эгэл хэмээн ялгалгүй цөм гарч ирээд: “Хувилгаан тойн их эрдмийг бадруулан хорт шулмыг хоггүй арилгаваас цаглашгүй их хишиг тул ачийг хүндтээ хариулмуй” хэмээн мөргөн гуйсанд, Бичин яаран хариу ёсолж хааны хэлэхийг хүлээн зогсов. Тэр хаан маш ичингүйрэн өгүүлрүүн: “Гурван жилийн өмнө сая ирэхийн цагт би түүнээс хаана сууж ахууг асуусан бөлгөө. Энэ хотын өмнө далан газарт нэгэн Бургаст хажуу, Ариун лянхуа хэмээх тосгон буй, хадам эцэг өтөлтөл үр хүүхэдгүй болоод, хожим татвараас нэгэн охин төрж, нас нь арван зургаатай болтол харьцаагүй тул надад хатан болгов. Мөхөс би тэр охиныг маш хайрласан тул ордонд оруулж энхрийлэв. Удалгүй мөхөс миний бие өвчин олсонд, хааны эмч халшралгүй эм тавин зассан боловч тус гарсан бээр үгүй. Хадам эцгийн хэлсэн нь: “надад нэгэн хувилгаан зор буй, ганц нялх хүүхдийн зүрхээр даруулж уумуй” хэмээжээ. Мөхөс хүн эрдэмгүйд түүний үгийг хөнгөнөөр итгэж ардын хүүхдийг цуглуулан өнөөдрийн жин үдийн морин цагийг сонгож өвчүүг яран зүрхийг авсугай хэмээтэл, санамсаргүй хувилгаан тойн залран ирж чингэлэгт тэжээсэн хүүхэд нь үгүй болжээ. Хадам эцгийн хэлсэн нь, хувилгаан тойн болбоос арван үе ариун бясалгал хийсэн тул түүний зүрх нь нялх хүүхдийн зүрхнээс түмэн хувь илүү хэмээсэнд, хувилгаан тойн хорт шулмыг нэвт танисныг үл мэдэх тул мөхөс би нэгэн цагийн эндүүрлээр хувилгаан тойнд халдав. Их багш эрдмээ бадруулан хорт шулмыг хоггүй арилгаж өгвөөс улс гэрийн эд хөрөнгөө бүгдийг хөнтрөн ачид хариулсугай.” Бичин инээн өгүүлрүүн: “Хаанд нуулгүй хэлсүгэй, миний багш  чингэлэг доторх нялх хүүхдийг үзээд энэрэнгүй сэтгэл ихэд төрөгдсөн тул би тэднийг нуун далдалсан бөлгөө. Өдгөө эд хөрөнгийн зүйлийг хэлэлцсэний хэрэггүй, шулмыг бариваас даруй миний гавьяа бүтэх болой” хэмээгээд “Гахай, чи над лугаа одсугай” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Ахын зарлигийг хичээнгүйлэн дагамуй, гагц гэдэс хоосон тул хүч гаргахад бэрх болов. Хаан үүнийг сонсоод: “Хишигт буянт сүмд цав бэлтгэ” хэмээх зарлиг буулгав. Удалгүй цав авчирч барив. Гахай хоолонд цадаж Бичинийг даган үүл хөлөглөн одоход, хаан түшмэд, хатад авхай нар цөм гайхан тэнгэр өөд харж: “Бурхан сахиулсан булт биеэр ертөнцөд буужээ” хэмээн сүсэглэн залбирав. Их богд, Гахайг дагуулж өмнөш далан газар явсангүй үүлийг доош дарж шулмыг эрвээс, нэгэн гол харагдаж голын хоёр талын хөвөөнд мянга түмэн бургас улиас ургасан тул Ариун лянхуа хэмээгч тосгон хаана байхыг үл мэдэв. Түмэн газрын хээрийн тариа хязгааргүй харагдахад, мянган хашлагад униарт бургасан үзүүргүй үргэлжилжээ хэмээх нь үүнийг өгүүлжээ.

 

Их богд эрж олохгүй тул “Ум” үсгийн үнэн тарнийг уншсанд тус орны нэгэн газрын эздийг дуудан гаргав. Тэр газрын эзэд их л айн чичирсээр  өмнөш ирж “Их богд, Бургаст хажуугийн газрын эзэд ирж мөргөмүй” хэмээн сөгдөн ёсолсонд, Бичин өгүүлрүүн: “Би чамайг занчих бээр үгүй, чи битгий айгтун! Би чамаас асуух нь Бургаст хажуугийн Ариун лянхуа хэмээгч тосгон хаана буй?” Тэр газрын эзэд өгүүлрүүн: “Ариун лянхуа хэмээгч тосгон үгүй, харин Ариун лянхуа хэмээгч нэгэн агуй буй. Өчүүхэн хувилгаан би мэдэв, Их богд лав Аяг тахимлиг улсын хааны төлөө ирсэн буй за?” Бичин: “Мөн, мөн, Аяг тахимлиг улсын хаан шуламд мэхлэгдсэнд өвгөн Сүн би шулмыг үзэж таниад түүн лүгээ нэгэн зэрэг их л байлдав. Шулам надад дарагдаж нэгэн зурвас хүйтэн гэрэл болон хааш дутаан одсоныг мэдэхгүй болов. Би хаанаас асууваас гурван жилийн өмнө тэр шулам нэгэн сайхан охиныг авчран хаанд өргөхийн цагт, хотын өмнө далан газарт нэгэн Бургаст хажуугийн Ариун лянхуа хэмээгч тосгон буй, тэнд сууж амуй хэмээсэн бөлгөө хэмээжээ. Би энд ирж эрвээс ганц Бургаст хажуу харагдахаас бус, тэр “Ариун лянхуа хэмээх тосгоныг эрж олохгүйн тул асуусуу хэмээн чамайг дуудав.” Тэр газрын эзэд мөргөн өгүүлрүүн: “Их богд миний ялыг уучлах болов уу? Аяг тахимлиг улсын хаан мөн ч миний эзэдсэн газрын эзэн тул өчүүхэн хувилгаан би эргэцэн үзвээс ёсонд нийцэх бөлгөө. Ганц тэр шулмын хувилгаан эрдэм адбиш их, хэрвээ хэрэг сэрэгдвээс барьж чадахгүйгээр үл барам түүнд дарлагдахаас айв. Өдгөө Их богд залран ирсэн тул түүний байх газрыг чамд хэлсүгэй. Энэ өмнө эргийн ирмэгт есөн салаатай нэгэн улиасан мод буй, тэр модны ёроол доор буруугаар гурав, зөвөөр гурав эргээд, хоёр алгаар модыг дэлдэн”хаалгаа нээ” хэмээн гурвантаа дуудваас тэр Ариун лянхуа агуйн үүд даруй нээгдмүй.”

 

Бичин үүнийг сонсоод газрын эздийг буцааж Гахай лугаа голыг үсрэн чанад эрэгт гараад тэр улиасан модыг эрвээс үнэхээр нэгэн есөн салаат улиасан мод ажээ. Бичин Гахайд ийн өгүүлрүүн: “Чи энд хүлээж байгтун, би орж шулмыг хөөн гаргаваас чи угтан байлд.” Тэр Гахай үнэхээр модноос хагас газрын зайтай хүлээн зогсов. Бичин газрын эздийн үгээр модыг буруугаар гурав, зөвөөр гурав эргээд, хоёр алгаар модыг дэлдэн, ”хаалгаа нээ! хаалгаа нээ!” хэмээн гурвантаа дуудсанд, нэгэн их дуун гарч хаалга нээгдсэнд тэр мод үзэгдэхгүй болов. Тэр агуйн дотор өнгөт гэрэл солонгорон нэг ч хүн үзэгдэхгүйд, Бичин эрдэнэ бэрээгээ далайн дотогш шурган орж үзвээс үнэхээр нэгэн сайхан орон ажгуу:

 

Өнгөт туяа солонгорон, өдрийн наран гялбажээ. Агуйн амсраас цагаан үүл цувран тэнхимийн дотор ногоон хөвд бүрхжээ. Сонин цэцэг замын хажууд өнгө тэмцэлдэн дэлгэрч шидэт өвс индрийн дэргэд үнэр ханхлан ургажээ. Ариун агаар аршийн агуй лугаа тэнцэж, хаврын үзэмж хутагтын орноос хэтэрчээ. Урт зэл гилгэр сандлыг ороож ороонго өвс гөлгөр гүүрнээ дүүжилжээ. Эрээн зөгий цэцэг зуун агуйн үүднээ шургаж эгц хаднаа эрвээхий нисэн эрхэм цахирмааг шогломуй.

 

Бичин дотогш орж нарийвчлан үзвээс чулуун халхавчны дээр “Ариун лянхуан аршийн ордон” хэмээх хэдэн их үсэг бичиж ажээ. Бичин тэсэшгүй уурлан чулуун халхавчийг тойрон гарч үзвээс, хөгшин шулам нэгэн үзэсгэлэн охиныг тэврэн их л сүйлхийлж: “Гурван жилийн өмнөх сайн хэрэг энэ өдөр бүтэх атал, тэр муу сармагчин ирж эвдэв” хэмээн Аяг тахимлиг улсын хэргийг өгүүлэн амуй.

 

Бичин: “Унгасан бөмбөг чамд ямар “бүтэх хэрэг” буй хэмээн дэмий өгүүлмүй! Миний шийдмийн амтыг үз! хэмээн занчин ороход, тэр шулам гоо охиноо орхиж гохир таягаар угтан байлдав. Эд хоёул агуйн өмнө энэ нэгэн зэрэг алалдсан нь урьдахаас нэн хэцүү:

 

Чандмань бэрээг өргөхүйеэ цагаан гэрэл гялбаж, чивэлт таягийг далайхад жихүүн жавар татмуй. “Эргүү сармагчин чи үүднээ ирсний учир юун?” хэмээн шулам асуусанд, “Эрхбиш чамайг барьж шулмыг дарсугай” хэмээн Их богд хариулмуй. “Эзэнд дурласан миний санаа чамд ямар хамаа буй хэмээн, эрэмгийлэн ирж эгнэгт намайг дарламуй?” хэмээн шулам асуусанд, “Энэрэнгүй сэтгэлээр төв номд орсон тул, эглийн хүүхдийг ингэж алахад сэтгэл үл төвдмүй” хэмээн Их богд өгүүлмүй. Хоорондоо үг булаалдахад хорсол нэн нэмэгдэж, хос зэвсэг өргөхөд хоосон үл гаргахыг бодмуй. Навч цэцэг зулгарсан нь найр үл хаясны хараа, ногоон хөвд талхигдсан нь ноцолдож зууралдсаны шалтгаан. Агуйн туяаг алар балар болтол алалдаж, хад чулууг хайр шороо болтол тулалдав. Хашхиран бархирах дуунд хамаг жигүүртэн үргэж, алалдан цуугилдах чимээнд аруухан хүмүүс завхжээ. Хөгшин шулам, Бичин ван хоёр байлдахад, хөрст газраас хуй салхи дэгдмүй. Алалдан цуугилдан агуйн амсраас арай гарч ирэхэд, ааш догшин Гахай лугаа ас золгон учирчээ.

 

Гахай гадна хүлээж ахуйд, агуйн дотор их л цуугилдах дууг сонсоод гарын алга тэсгэлгүй загатнахад малтуураа өргөн есөн салаат улиасан модыг занчин унагав. Тэр модноос цус гарч бас ёолох дуун гарсанд, Гахай: “Энэ мод шулам бүтжээ, энэ модонд шулам бүтжээ!” хэмээн дахин дахин занчин атал, Бичин шулам лугаа байлдан агуйгаас гарч ирэв. Гахай малтуураа далайн шулмыг угтан занчин ороход, тэр шулам Бичиний хүчинд дарагдан атал, Гахай бас занчин ирэхийг үзээд их л сандарч бие сэжин нэгэн зурвас хүйтэн гэрэл болон зүүнш дутаан одов. Бичин Гахай хоёул мөн тавилгүй нэхэмжлэн эчив.

 

Төдий нэхэмжлэн алалдан байхад, гэнэт тогоруун дуун сонстож алтан гэрэл агаарт туналзав. Бичин нүд өргөн үзвээс Уртнаст одон ажгуу. Тэр одон шулмын хүйтэн гэрлийг хураамжлан авч дуудан өгүүлрүүн: “Их богд, Тэнгэрийн өрлөг, та хоёр нэхэмжилсэн хэрэггүй, өвгөн Бумба би эндээс ёсолмуй.” Бичин хариу ёслон: “Өвгөн дүү хаанаас ирэв?” хэмээн асуусанд, Гахай их л инээж: “Энэ махан толгойт өвгөн хүйтэн гэрлийг хураав, лав шулмыг барьсан буй за” хэмээсэнд, Уртнаст одон мөн инээж: “Энд байнам, энд байнам, та хоёул түүний амийг уучил” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Тэр шулам чамд ямар хамаа буй хэмээн түүний өмнөөс амийг гуймуй?” Уртнаст одон инээн өгүүлрүүн: “Тэр болбоос миний хүлэг бөлгөө, санамсаргүй энд ирж шулам болжээ” Бичин өгүүлрүүн: “Үнэхээр өвгөн дүү чиний хүлэг болбоос үнэн биеийг нь илрүүл, бид үзсүгэй.” Уртнаст одон Бичиний ийн өгүүлэхийг сонсоод тэр хүйтэн гэрлийг тавин гаргаж: “Муу мал! Чиний үхэх ялыг уучлав, түргэн үнэн биеэ гаргаж үзүүл!” хэмээн зандарсанд,  тэр шулам хойш эргэмэгц нэгэн цагаан буга болон хувилав. Уртнаст одон шулмын гохир таягийг авч: “Энэ чивэлт малыг үзсү! Миний таягт хүртэл цөм хулгайлан авчирчээ.” хэмээн өгүүлсэнд, тэр цагаан буга дуугүй болоод газар хэвтэн нүднээс нулимс унагамуй. Үзвээс:

 

Хас адил цагаан үсний дотор хар толбо харагдаж, хантарсан хоёр эвэр данхайн долоон салаа ургажээ. Өлсвөөс өлзийт өвсийг идэж, ундаасваас ундармал булгийн усыг уужээ. Он жилийн уртад огторгуйд дэгдэхийг сурч, өдөр сарын зузаанд өнгө зүсээ хувилгахыг чаджээ. Энэ өдөр эзэн нь дуудахад, эгэл бие хувирч чих хулмайн зогсчээ.

 

Уртнаст одон  Бичинд тал өгөн бугад мордож явсугай хэмээтэл, Бичин түүний дээлнээс татаж: “Өвгөн дүү битгий одогтун, бас хоёр зүйлийн хэрэг буй” хэмээсэнд, Уртнаст одон: “Ямар хоёр зүйлийн хэрэг буй?” хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Тэр үзэсгэлэн охиныг бариагүй тул ямар шулмыг мэдэхээргүй. Бас Аяг тахимлиг улсын хаанд золгож шулмын үнэн дүрийг үзүүлбээс сайн.” Уртнаст одон өгүүлрүүн: “Тийм болбоос би энд хүлээсүгэй, Их богд та тэнгэрийн өрлөг лүгээ хамт одож тэр охиныг барьсны хойно, хаанд золгохоор одсу.” Бичин: “Өвгөн дүү баахан хүлээж байтугай, бид очиж удалгүй ирмүй” хэмээв..

 

Гахай, Бичинийг дагаж сүр бадруулан Ариун лянхуан аршийн ордонд хүрч: “Шулмыг баримуй! Шулмыг баримуй!” хэмээн хашхирсанд, тэр эм шулам чичрэн дагжиж дутаах газаргүй болоод чулуун халхавчны ард орсонд, Гахай: “Битгий буруул! Золбин шулам малтуурны амтыг үз! хэмээн ихэд зандан ороход, тэр эм шулам гарт зэвсэггүй тул байлдан эс чадаад нэгэн зурвас хүйтэн гэрэл болон гадагш дутаасугай хэмээтэл, Бичин хэдийнээ тэр гэрлийг шийдэмдсэнд, эм шулам зогсож чадахгүй болоод газар унаж мөн биеэр болсныг үзвээс нэгэн цагаан нүүрт үнэг ажгуу. Тэр Манхуу тэсэшгүй болоод малтуураар тэргүүнийг эрэн занчсанд, галвыг үймүүлэх сайхан үстэй тэр эм шулам, Гахай багшийн ганц малтууранд гавал нь хагарч үхжээ. Бичин дуудан: “Битгий сүйтгэ, бид аваачиж тэр Харангуй хаанд үзүүлсүгэй” хэмээсэнд, тэр Манхуу бузар хэмээн жигших бээр үгүй сүүлнээс нь шүүрэн чирсээр Бичинийг даган хаалгаар гарч эчив. Тэр Уртнаст одон бугын толгойг илж: “Муу мал, чи юунд эзнийгээ орхиж энд шулмасалмуй! Хэрвээ би эс ирсэн бөгөөс Их богд чамайг занчин алжээ!” хэмээн их л хараан атал, Бичин хэдийнээ харайн гарч ирээд: “Өвгөн дүү юу хэмээн өгүүлмүй?” хэмээн асуусанд, Уртнаст одон: “Би бугаа сургамуй, би бугаа сургамуй!” хэмээв. Гахай үхсэн үнэгийг бугын өмнө авчирч хаяад: “Энэ чиний охин мөн буюу?” хэмээсэнд, тэр буга толгойгоо хэдэнтээ дохин хошуугаар үнэртээд хурьцлын сэтгэл хувирашгүй мэт бас хэдэнтээ урамдсанд, Уртнаст одон түүний толгойг шааж: “Чивэлт мал! Чи үхэхийг санажээ, юунд түүнийг үнэртмүй?” хэмээгээд бүсээ тайлж бугын хүзүүнээс уяад: “Их богд, өдгөө бид Аяг тахимлиг улсын хаанд золгохоор одсугай” хэмээсэнд, Бичин: “Байз, байз, бид энэ газарт гал тавьж, хожим бүтэж чадахгүй болговоос сайн” хэмээв..

 

Гахай тэр улиасан модыг малтуураар хэдэнтээ занчив. Бичин “Ум” хэмээх үнэн тарниа уншин тэр орны газрын эздийг дуудан гаргаж: “Хуурай түлээ авчирч түймэр тавь, шулам бүтэх үндсийг чинь таслан өгсүгэй” хэмээсэнд, тэр газрын эзэд хойш эргэж хувилгаан цэргээр угтмал өвс, намрын шарилж, хошуун өвс, цагаан дэрс, хөх суйх, хуурай түлээ мэтийн гал золгомогц ноцох өвс модыг авчруулав. Бичин Гахайг дуудан: “Тэр модыг занчсаны хэрэггүй, чи энэ түлээг аваачиж агуйд чихээд гал тавин үнсэн товрог болог! хэмээсэнд, төдөлгүй Ариун лянхуа хэмээгч агуйд галын дөл дүрэлзэж агшин зуур үнсэн товрог болов.

 

Бичин газрын эздийг хойш эгүүлсний хойно, Уртнаст одон лугаа тэр бугыг хөтөлж үнэгийг чирсээр хааны ордонд орж: “Энэ болбоос чиний хатан, чи түүн лүгээ янаглахгүй юу?” хэмээсэнд, тэр хаан маш айв. Уртнаст одон бугаа хөтөлж хүрч ирэхэд хаан түшмэд хатад авхай нар цөм их л цочиж ёслон мөргөхөд, Бичин тэр хааныг тэтгэн босгож инээн өгүүлрүүн: “Надад битгий ёсол, энэ буга болбоос чиний хадам эцэг тул түүнд ёсол!” хэмээсэнд, тэр хаан их л ичингүйрч орох газаргүй болоод: “Хувилгаан тойны ачаар манай улсын бага хүүхдийн амь нь гарав. Энэ мөн ч тэнгэрийн хишиг болой” хэмээн Бичинд тал өгөхгээд, хишиг буянт сүмд цагаан хурим бэлтгүүлэн, зүүн ордны үүдийг цайтал нээлгэж Уртнаст одон болон Тансаг багш шавь дөрвүүлийг залж хишигт мөргөсөнд, Тансаг Шороо хоёр бас Уртнаст одонд ёслон золгов. Тэд бүгдээр: “Энэ цагаан буга өвгөн одны хүлэг атал, юунд энд ирж хүнийг хорломуй?” хэмээн асуусанд, Уртнаст одон инээн өгүүлрүүн: “Зүүн Хуа Шан уулын үнэн эзэн миний уулаар өнгөрөхөд би түүнийг залж шатар тавин суухын чөлөөнд энэ мал надаас дутаан иржээ. Би зочныг харьсны хойно эрсэн боловч олохоор үгүйд, хуруу даран бодож үзвээс энэ адгуусан энд иржээ. Тийнхүү би эрэн иртэл Их богдын их сүрт учрав. Би баахан удсан аваас энэ мал Их богдын гарт үхэх болой” хэмээтэл “Хуримыг бэлтгэн дуусав” хэмээн мэдүүлэх дуун сонстов. Энэ хуримыг үзвээс:

 

Өнгө бүрийн өлзийт солонго үүд хаалганаа ороож, үнэр бүрийн амтат идээн өрсөн ширээнээ дүүрчээ. Ширээнээ тавьсан хатгамал алчуурнаас зүйлийн гэрэл гялалзаж, газар доор дэвссэн улаан хивснээс өнгөт туяа цацарчээ. Ариун гүлсний дотор арц зандангийн утаа анхилж, арчсан ширээний дээрээс амтат идээний үнэр ханхалжээ. Таваг дотор тарвас жимс овоолж, аяга дүүрэн амтат чихэр өржээ. Уран хачин чилэг, арслан аршийн чихэр дүрс лүгээ нийцэж, тоть шувууны цом, цагаан дэглийн халбага хэлбэр лүгээ тохирчээ. Хуримын ширээнээ өрсөн алим жимс өнгө нь ялгаран харагдаж, найрын ширээнээ тавьсан нарийн идээнээс сайхан үнэр анхилмуй. Туулайн бөөр бөмбөрхөн гэвэл, майлц тоор бас ч шинэхэн. Шавтал чавганы амт нь сайхан гэвэл, самар үзэмний архины үнэр гайхалтай. Балдсан идээг тосонд чанаж тавьж гэвэл, хөөрүүлсэн өрмийг бас чихэрт хийж өржээ. Алтан тавагт амтат боорцог овоолтол тавьж гэвэл, мөнгөн аяганд тутарга будааг дүүртэл аягалжээ. Халуун шөлөнд хийсэн пүнтүүз урт бөгөөд нарийн, сайхан үнэр саванд анхилан амтатны дээд болжээ. Цагаан мөөг, модон далдуу, зөөлөн сүеэ, хэрээний нүд, арван зүйлийн амтат ногоо, зуун янзын үнэрт идээний орж гарах нь үнэхээр цаглашгүй.

 

Уртнаст одон гол ширээнд сууж, Тансаг дэд ширээнд суусны хойно, Аяг тахимлиг улсын хаан эсрэгцлэн суув. Бичин Гахай Шороо гурвуул хажуугийн ширээнд суусанд, бас гурван тийш түшмэд эсрэгцлэн суужээ. Хөгжмийн журганаас эгшиг барьж эхэлсэнд хаан өөрийн гараар архи шагнах их хурим хийв. Ганц Тансаг уусан бээр үгүй. Гахай, Бичинд: “Алим жимсний зүйлийг ах чи илүүхэн ид, будаа ногооны зүйлийг дүү надад үлдээ” хэмээгээд, тэр Манхуу эрээлж нарийлахыг мэдэхээрүгүй, өмнөө тавьсан юмыг цөм хоосортол идэж барав.

 

Хурим дуусаад Уртнаст одон хойш буцсугай хэмээтэл, тэр хаан хэдийнээ сөгдөн мөргөж насыг уртатгах эм гуйсанд, өвгөн одон инээн өгүүлрүүн: “Би бугаа эрэхийн учирт яарч эм юүгээ авч ирсэнгүй. Чиний судал шөрмөс суларч сүр сүлд буурсан тул биеийг тэжээх нэгэн эмийг чамд өгсүгэй. Миний ханцуй дотор байх энэ гурван чавга болбоос зүүн Хуа Шан уулын үнэн эзэн ирэхийн цагт би цайн дотор хийсүгэй хэмээн бэлтгэсэн бөлгөө, өдгөө чамд өгсүгэй” хэмээв. Хаан өгсөн чавгыг идсэнд сүр сүлд орж бие нь ихэд хөнгөрсөн мэт болоод, хожим урт насалсан нь цөм үүний сайн болой. Гахай үзээд: “Өвгөн одон, чамд улаан чавга бас буй болбоос надад нэгэн хэдийг идүүлэх болов уу?” хэмээн хашхирсанд, өвгөн одон: “Авч ирсэн бээр үгүй, хожим чамд хүргэсүгэй.” хэмээгээд тал өгөн зүүн ордноос гарч ирээд цагаан буганд мордон үүл хөлөглөн одов. Хаан тэргүүлэн бүх хотын сайд түшмэд хатан авхайгаас эхэлж харц иргэд хүртэл зул хүж асаан хойноос мөргөснийг түр өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, Тансаг: “Шавь нар минь, та амьтайгаа бэлтгэ, хаанаас салж одсугай” хэмээсэнд, тэр хаан Тансагтаныг нэгэн өдөр үлдээж ном хүртэхийг гуйв. Бичин өгүүлрүүн: “Хаан чи үүнээс хойш өнгөнд шунахыг зогсож, өглөг буяныг илүүц үйлдэж буруугаа халбаас даруй урт наслах болой.” хэмээх сургаал хүртээсэнд, тэр хаан маш баясан хоёр таваг хэмхдэг алт мөнгийг авчирч замын зардал болготугай хэмээн барьсанд, Тансаг нэгэн хэсэг ч авсан бээр үгүй. Хаан аргагүй болоод хонхт сүйх тэргийг засаж Тансагийг залж суулгаад хаан өөрийн биеэр хатад авхай нараа дагуулж хүрд булыг нь түлхэн ордноос үдэн гаргахад, бүгд хотын зуун овогтон аяганд ариун ус хийж, гүлсэнд үнэрт хүж асааж хот гартал үдэв. Гэнэт огторгуйд салхи хөдлөн нэгэн мянга нэг зуун арван нэгэн чингэлэг доторх нялх хүүхэд цөм замын хажууд унаж ирэв. Хотын эзэд, газрын эзэн, уул усны навдаг савдаг, таван этгээдийн кирди, дөрвөн цагийг эзлэгч, зургаан улаагчин, зургаан хөх, Чойжин зэрэг олон эрхтэн сахиулсан өндөр дуугаар: “Их богдын зарлигаар бид нялх хөвгүүдийн чингэлгийг цөм хураамжлан аваачсан бөлгөө. Өдгөө Их богдын эрхэм гавьяа бүтээд одохыг мэдэж хүргэн ирэв” хэмээсэнд, хаан хатад сайд түшмэд үүнийг сонсоод цөм мөргөв. Бичин огторгуй өөд харж: “Олон эрхтнийг зовоов, та өөр өөрийн орондоо од, би та нарт ертөнцийн тахил тавиулсугай” хэмээсэнд, нэгэн зэрэг жихүүн салхи салхилж цөм тархан одов.

 

Бичин хотын хүмүүсийг хүүхдээ таньж аваачих зар тархсанд, тэр хотын иргэд цөм их л баясалдан гарч ирээд өөр өөрийн хүүхдээ таньж аваад Тансагийн дээлнээс татаж “Гэрт залж хүүхдийн амийг аварсан ачийг хариулсугай” хэмээлдээд, их бага эмс эрс хэмээн ялгалгүй цөм ирж Тансагийг дамнан, Бичинийг өргөж, Шороо Гахайтаныг үүрч, морь амьтайг аван хотод тахин ороход хаан бээр цаазлан эс чадав. Хотын хүмүүс гэр гэртээ залж хурим хийв. Залж завдсангүй нь тойны малгай, тойны шаахай, тойны эрэн, тойны оймс хийж өгөх гээд сар болсны хойно сая явуулав. Бас тэднийг хөрөглөн авч хөшөө чулууг босгон багш шавь дөрвүүлэнд хүж зул асаан өнөд тахих болов. Ардын хүүхдийг аварсан их гавьяа, уул мөрөнд адил өнөд оршив хэмээгч нь үүнийг өгүүлжээ. Үүнээс хойш ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 58 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 45 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 14 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 18 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 1 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 33 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 37 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 37 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 11 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 20 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 31 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 36 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 58 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 15 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 41 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 9 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 33 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 34 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 49 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК