зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

        ДАЛАН НАЙМДУГААР БҮЛЭГ:


АЯГ ТАХИМЛИГ УЛСАД ХҮҮХДИЙГ ЭНЭРЭН САХИУЛСНААР АВРУУЛАВ

АЛТАН ХАРШИД ШУЛМЫГ ТЭНСЭН НОМ ӨГҮҮЛЭЛДЭВ

 

Хатуу сэтгэл үүсгэтэл хамаг ад хөдлөв. Хатуужилтайгаар бясалгаваас хэн чамайг хэрхэж чаднам. Хир буртгийг арилгах мөртөө хичээл бясалгалыг баримтлагтун. Элдэв хүслийг тэвчвээс эгнэгт амарлиж эргүү шулмыг арилгаваас үүрд амаржмуй. Тийнхүү чадваас тор хүлээснээс ангижран тэнгэрт нисэн дэгдээд дээд оронд дэвшмүй.

 

Өгүүлэх нь, их богд арга бүхнийг сүвэгчлэн авралт Бурхныг залж ад шулмыг номхотгон ачит багшаа зовлонгоос гарган, Аслант хотоос баруунш мордож хэдэн сар явахуйяа хэдийнээ өвлийн улирал болов. Гагц үзвээс:

 

Навч цэцэг зулгаран нуурын ус хөлдөж, ой шугуй шарлана. Хаялах цас буун хагд өвсийг дарж өвөл болоод хүйтэн амьсгал үлээмүй. Багш шавь нар хүйтэн жихүүнийг тэсвэрлэн хээр хоноглож хад дэрлэн явсаар нэгэн хотод хүрч ирээд Тансаг асууруун: “Ү Күн, энэ бас ямар газар болов?” Бичин өгүүлрүүн: “Орж үзвээс мэдэх буй за. Хэрвээ хааны хот бөгөөс замын тэмдэг бичигтээ тамга даруулсугай. Фу, Жоү, Сяны хот бөгөөс шууд өнгөрсүгэй” хэмээн хэлэлцэн явсаар удалгүй хотын хаалганд тулав.

 

Төд Тансаг мориноос буун дөрвүүл явгалан алхаж хотын хаалгаар ороход тэнд нэгэн өвгөн цэрэг хурхиран унтмуй. Бичин урагш одож түлхэн: “Ноён багш” хэмээн дуудсанд тэр өвгөн цэрэг цочин сэрээд нойрмогоор Бичинийг үзмэгц яаран газарт сөгдөж мөргөн: “Өвөг минь!” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Чи дэмий бүү донгод. Би догшин сахиулсан бус атал чи намайг “Өвөг” хэмээн дуудаж яана?” Өвгөн цэрэг мөргөн өчрүүн: “Өвөг чи аянгын эзэн бус уу?” Бичин өгүүлрүүн: “Дэмий донгод! Бид зүүн газраас баруун газар одож ном залагч тойд болой. Сая энд хүрч ирээд газрын нэрийг мэдэхгүй тул чамаас асуусугай хэмээсэн бөлгөө.” Тэр өвгөн цэрэг үүнийг сонсож сая зүрх тогтон нэгэнтээ эвшээн босч өчрүүн: “Багш тойн та өчүүхэн хүний ялыг уучилтугай. Энэ газрыг өнгөрсөн үес Аяг тахимлиг улс хэмээх бөлгөө. Өдгөө хөвгүүдийн хот хэмээн халжээ.” Бичин асууруун: “Хотод хаан буй буюу?” Өвгөн цэрэг өчрүүн: “Буй! Буй! Буй!” Бичин даруй эргэж ирэн Тансагт: “Багш, энэ газрын хуучин нэр нь Аяг тахимлиг улс хэмээх бөгөөд өдгөө Хөвгүүдийн хот хэмээх болжээ хэмээнэм. Гагц юуны учир нэр халсныг эс мэдэв.” Тансаг сэжиглэн өгүүлрүүн: “Аяг тахимлигийг юунд хөвгүүд хэмээн халсан аж?...” Гахай өгүүлрүүн: “Бодвоос аяг тахимлиг хаан хальсан хойно сууринд суусан нь бага хүүхэд болоод тийнхүү нэрийг халсан буй за.” Тансаг өгүүлрүүн: “Учиргүй үг! Юун ч болов, бид хотод орсон хойно дахин лавласугай.” Шороо: “Тийм тийм. Тэр өвгөн цэрэг учрыг мэдэхгүй дээр манай их ахаас айж бальдаад дэмий донгодмуй. Бид хотод ороод жич лавласугай” хэмээв. Тэндээс бас гурван давхар хаалга шурган их зээлд хүрч үзвээс хүн иргэн нь аруухан хээнцэр бөгөөд дээл малгай нь тэгш ажаанам. Ажиглаваас:

 

Дарсны асарт дуулан хөөрөлдөж цайны мухлагт хүүрнэн өгүүлэлдмүй. Арилжаа худалдаа адбиш хөгжилтэй, арилжигчид авагчид үнэхээр олон. Алт мөнгө хэмээн амь гүжрэн гүйгэж ашиг алдрыг дэмжигчид зоосыг эрхэм болгожээ.

 

Багш шавь нар морио хөтлөн амьтайгаа дамнаж энэхүү хөөр хөгжөөнтэй байдлыг үзэж явахуйяа өрөө бүрийн үүдэнд нэгэн галууны чингэлэг тавьж байхыг Тансаг үзээд: “Шавь нар аа, эндэх хүн өрөө бүрийн үүдэн гадна галууны чингэлэг тавьж байх нь ямар учир буй?” хэмээсэнд Гахай ажиглаваас үнэхээр таван өнгийн хивээр бүрхсэн галууны чингэлэг  байхыг олж үзээд инээн өгүүлрүүн: “Багш, энэ өдөр лав өлзий мөртэй сайн өдөр тохион цөм хурим найр хийж байх буй за.” Бичин өгүүлрүүн: “Дэмий чалчмуй! Хаанаас гэр бүр цөм хурим найр хийх явдал буй! Лав өөр учир баймуй. Би одож үзсүгэй.” Тансаг татан зогсоож: “Чи очих хэрэггүй. Чиний зүс царайнаас хүн жихүүрмүй” хэмээхэд Бичин: “Би хувилаад одсугай” хэмээв. Бичин тарни уншиж бие сэжиж зөгий болон хувилаад нэгэн гэрийн үүдэн дэх чингэлэгийн бүрхүүл дотор нисэн орж үзвээс дотор нь нэгэн бяцхан хүүхэд суулгажээ. Нөгөө нэгэн гэрийн үүдэнд хүрч үзвээс бас ч хүүхэд буй. Арваад гэрийн үүдэн дээр одож үзвээс цөм нэгэн адил хүүхэд суулгажээ. Нарийвчлан ажваас цөм хөвгүүн аж. Нэг ч охингүй, тэдний зарим нь чингэлэг дотор наадаж зарим нь уйлмуй! Бас зарим нь жимс барьж идэн, зарим нь унтаж баймуй. Бичин үзээд уг биеэр болж эгэж ирэн Тансагийн зүг: “Тэр чингэлэг бүрийн дотор цөм тав орчим насны бяцхан хүүхэд буй. Ямар учиртайг мэдэхгүй хэмээсэнд Тансаг мөн сэжиглэн зогсохгүй бөлгөө. Тэндээс бас нэгэн гудамжийг ороон орвоос тэнд нэгэн буурчийн өртөө байх тул Тансаг баярлан өгүүлрүүн: “Шавь нар аа, бид энэ өртөөнд орж морь унаагаа амруулан газар орныг асууж удирдваас даруй энд хоног барьсугай.” Шороо: “Мөн мөн. Бид даруй орсугай” хэмээн дөрвүүл үүдэн дээр хүрвээс үнэхээр албаны хүн өртөөний түшмэлд мэдүүлэн дотогш залан оруулав. Төд харилцан ёслон суулцсан хойно өртөөний түшмэл асууруун: “Багш та хаанаас ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн болбоос зүүн газрын их Тан улсаас баруунш ном залахаар одогч болой. Өдгөө эрхмийн энд хүрч ирээд замын тэмдэг бичгээ үзүүлэх хэрэг байх тул дээд өртөөнд нэгэн шөнө өнжсү хэмээмүй.” Тэр түшмэл цай авчруулж дагалдаар бас жасааны хүнд захиж сайтар зочил хэмээв. Тансаг босч тал өгөөд бас асууруун: “Энэ өдөртөө ордонд орж замын тэмдгийг үзүүлбээс болмуй?” Өртөөний түшмэл өгүүлрүүн: “Энэ өдөр оройтжээ. Маргааш өглөөг хүлээтүгэй. Энэ шөнөд энд амарч унтагтун.”

 

Удсангүй цав авчирч өртөөний түшмэл дөрвүүлийг зочлон суулгаад бас доорх хүмүүст хонох гэрийг цэвэрлэн зас хэмээн захив. Тансаг дахин дахин талархаж суудалд сууж өгүүлрүүн: “Ядуу тойнд нэгэн учир ухааныг үл мэдэх явдал байж таныг зүдээн асуусу, зааж соёрхох ажаамуу. Таны энд хүүхдээ яаж тэжээх болов.” Өртөөний эзэн өгүүлрүүн: ““Тэнгэрт гагц нар, хүнд нэг ёс” болой. Үр хүүхэд нь эцгийн дусал, эхийн шимээр хөврөөд арван сар хэвлийд байж цаг болмогц төрмүй. Төрсөн хүүхэд гурван он эхийн сүүг хөхөн өсч бойжмуй. Үүнийг үл мэдэх юу буй!” Тансаг өгүүлрүүн: “Энэ нь манай улс лугаа өөргүй. Гагц ядуу тойн хотод орж ирээд үзвээс зээлийн гэр бүрийн үүдэн дээр галуун чингэлэг дотор хүүхдээ хийж буй. Энэ учрыг мэдэхгүй тул тийнхүү айшгүй зүдээн асуусан болой.” Өртөөний түшмэл сэмээр өгүүлрүүн: “Багш та түүнийг хамаарах хэрэггүй. Асуух ч хэрэггүй. Сайтар амраад маргааш замаа хөөгтүн.” Тансаг үүнийг сонсоод нэн ч мэдсүгэй хэмээн санаж өртөөний түшмэлийг татан барьж асуухад тэр түшмэл гараа сэжин: “Амаа хичээ!” хэмээв. Тансаг тавилгүй шавдан асуухад өртөөний түшмэл аргагүй. Албаны ардыг зайлуулж сэмээр өгүүлрүүн: “Саяын асуусан тэр галуун чингэлэгийн учрыг дурдваас өдгөөгийн хааны ёсыг алдсанд холбогдмуй. Чи огоот түүнийг асууж яамуй!” Тансаг өгүүлрүүн: “Ёсыг алдсан нь юу вэ? Эрхгүй тодорхойлон сонсговоос би сая сэтгэл амармуй.” Өртөөний түшмэл өгүүлрүүн: “Угтаа манай улсын нэр Аяг тахимлиг хэмээх бөлгөө. Өдгөө олны цуурхлаар хөвгүүдийн хот хэмээмүй. Гурван жилийн урьд нэгэн бумбын дээлтэй өвгөн арван зургаатай нэгэн охиноо дагуулан иржээ. Тэр охины өнгө зүс тэнгэрийн дагина мэт гоо үзэсгэлэн бөлгөө. Тэр өвгөн охиноо манай хаанд барьсанд хаан өнгөнд тачаан ордонд оруулж сайхан хатан хэмээн өргөмжилжээ. Хаанаар гурван ордон зургаан хүрээлэнгийн хатад, Фэй нараа цөм хүйтнээр харах болоод өдөр шөнийн хувьд түүн лүгээ цэнгэлдсээр өвчин олж тамир сүлд доройтон идээн ундаанаас гарч амин нь өглөө үдэш болжээ. Хааны эмч нар зуун зүйлээр эмнэн засавч огт тус болохгүй. Охин хүргэсэн тэр бумбыг манай хаан өргөмжилж улсын хадам эцэг болгожээ. Улсын хадам эцэгт амь насыг уртатгаж гайхамшигт жор бий хэмээж эмээ арван хойг гурван арлаас түүсээр нэгэнтээ гүйцээв. Гагц эмийн хөлөг нь хэцүү, нэг мянга нэг зуу арван нэгэн хүүхдийн зүрхний шөлөөр даруулмуй. Үүнийг ууваас даруй мянга наслах хэмээмүй. Галууны чингэлэгт байх хүүхэд болбоос цөм эмийн хөлгийн сонгуульд орсон нь болой. Төрийн цааз хэмээгч хатуу тул төрсөн эцэг эх нь уйлж үл болмуй. Тийнхүү доогуур цуу тархаж хөвгүүдийн хот хэлэлцмүй. Багш та маргааш өдөр ордонд орвоос замын тэмдэг бичгээ халуулбаас барав. Энэ учрыг шүдэн завсраар гаргаж үл болмуй” хэмээгээд яаран босч одов. Тансаг сонссоор хамаг бие шимшрээд тэсгэлгүй эмгэнэн уйлж гэнэт дуу алдаж: “Харанхуй хаан чи өөртөө өнгөнд шунаж өвчин олоод бас юунд ийм олон хүүхдийн амийг хилсээр хорлох буй! Юутай гашуун! Юутай гашуун!” хэмээв. Шүлэглэсэн нь:

 

        Ужид хаан эргүүтэж үнэн ёсыг алдаад

        Өнгөнд унан цэнгэсээр эрүүл биеэ хордуулав.

        Өлзий хутгаа уртатгах хэмээн үй олон хүүхдийг хядаж

        Өвчин эмгэгээ засах хэмээн өдий арвин хөвгүүдийг алмуй.

        Өртөөний түшмэлийн хэлж өгснийг сонсоод

        Өршөөлт тойн өр өвдөн нигүүлсэж эмгэнэмүй.

 

Гахай урагш давшин өгүүлрүүн: “Багш чи яасан бэ? Бусдын төлөө бэлэвсрэх нь юун! Битгий зовнитугай! Энгийн үгэнд: “Эзэн нь түшмэлээ үхтүгэй хэмээхүйеэ түшмэл нь эс үхвээс шударга бус, эцэг нь хөвгүүнээ үхтүгэй хэмээхүйеэ хөвгүүн нь эс үхвээс элбэрэлгүй” хэмээжээ. Түүний өөрийн ардаа алах аврах чамд ямар хамаа буй! Эртхэн унтваас барав. “Төрийн төлөө шимнээс зовох хэрэггүй” болой.” Тансаг уйлсаар өгүүлрүүн: “Шавь минь, чи яг энэрэлгүй! Гэрээс гарсан хүн бид буян үйлдэж сайнаар яван хүнийг туслахыг тэргүүн болгомуй. Энэ харанхуй хаан юутай ийм хэрцгий аж! Хүний элэг зүрхийг идэж өлзий хутаг уртатгах явдлыг ерөөс олж үзсэнгүй. Ийм хэргийг үзэж байгаад намайг яахан бүү зов хэмээмүй!” Шороо өгүүлрүүн: “Багш түр битгий зовнигтун. Маргааш замын тэмдэг бичгээ халахад тэр хааны нүүр дээр ятган хэлж үз. Эс дагаваас түүний хадам эцэг нь ямар юм болохыг үзсүгэй. Тэр улсын хадам эцэг нь эсхүл шулам байж хүний элэг зүрхэнд дурлаад ийм арга гаргасан ч магадгүй.” Бичин өгүүлрүүн: “Ү Жингийн үг маш зүй, багш нойрсогтун. Маргааш бид хоёулаа ордонд орж тэр улсын хадам эцгийн байдлыг ажсугай. Тэр хэрвээ хүн болбоос лав солгой номд бачлагдаж үнэн мөрийг мэдэхгүйгээр хоосоор эм бүтээхэд үнэмшжээ. Тийм болбоос өвгөн би уг язгуурыг тодорхойлон ухуулж түүнийг зөв номд оруулсугай. Хэрвээ шулам болбоос түүнийг бариад хаанд үзүүлэн өнгийг тэвчүүлж биеийг нь сувилуулан эдгээр хөвгүүдийн амийг хөнөөлгөхгүйгээр гаргасугай” хэмээсэнд Тансаг суудлаас босч бие мэхийн Бичинд ёс хийж өгүүлрүүн: “Шавь минь, энэ шүүмжлэл маш зүй! Маш сайн. Гагц тэр эргүү хаанд учирмагц даруй үүнийг гарган өгүүлж болохгүй. Тэр харангуй хаан хар цагааныг ялгалгүйгээр цуу үг зохиомуй хэмээн ял тулгаваас яах вэ!” Бичин өгүүлрүүн: “Надад увидас бий. Би өдгөө галуун чингэлэг дэх бяцхан хөвгүүнийг цөм хотоос гаргаж маргааш түүнийг зүрх авах юмгүй болгосугай. Албаны түшмэд лав дээш айлтгамуй за. Харангуй хаан сонссон хойно лав нэгэн зарлиг болох буюу. Эсвээс хадам эцэгтэйгээ зөвлөж эсвээс өөрийг сонгомуй за. Тэр цагт ташрамыг үзэн айлтгаваас лав надтай ял хэлэлцэхгүй болой. Тансаг тэсгэлгүй баярлаж: “Гагц өдгөө бяцхан хөвгүүнийг хотоос яахан гаргамуй? Хэрвээ үнэхээр зайлуулан чадваас мэргэн шавийн тэнгэр мэт их буян болой! Түргэлбээс сайн. Баахан удваас завдахгүй болуузай” хэмээсэнд Бичин даруй босоод Гахай Шороогийн зүг өгүүлрүүн: “Та хоёр багшийн хамт сууж бай. Би гарч увидас үүсгэн салхи салхилуулбаас бяцхан хүүхэд хотоос гарсныг мэдтүгэй.” Тэр гурвуул зэргээр “Намо авралт оточ бурхан!” хэмээн уншиж суув.

 

Тэндээс Бичин багш гадна гараад нэгэнтээ исгэрэн огторгуйд дэвхлэн гараад нэгэнтээ тарни уншин хотын эзлэгч савдаг навдаг, есөн эзэд ,таван орны кирди өдрийн эзлэгч тэнгэр, номын сахиулсныг цөм дуудан авчрав. Олон сахиулсан бие мэхийн ёсолж: “Их богд шөнийн гүнд манийг дуудсан нь ямар чухал хэрэг байх вэ?” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Өдгөө энэ Аяг тахимлиг ёсоор өнгөрөхөд энэ улсын хаан ёсыг алдаж тэрс шулмын үгийг аваад бага хүүхдийн элэг зүрхээр эм даруулан ууж урт наслахыг эрмүй. Миний багш огоот төвдөхгүй, хүүхдийг тэнхрүүлэн хөлчнийг арилгасугай хэмээмүй. Тийнхүү би өдгөө та олныг залж тус тусын шидээ гаргаж, энэ хотын гэр бүрийн үүдэнд өлгөсөн галуун чингэлэгтэй хүүхдийг хотын гаднах уул хотгор, ой шугуйд шилжүүлэн аваачиж жимс юмаар хоёр өдөр тэжээж далдуур хамгаалж ажгуу. Би тэр гажууг арилган хааныг төвөөр ятган сэнхрүүлж эндээс явах үед хүүхдийг надад хүргэж ирэгтүн” хэмээв. Олон эрхтэн зарлигийн ёсоор даруй тус тусын увидсыг үүсгэн үүлийг дарж хотод буув. Үзтэл хот дүүрэн хар салхин дэгдэн харанхуй манан бүрхэв. Хар салхинд одон бүдгэрэн харанхуй мананд саран будангуйрав. Сэрчигнэх жавраар сахиулсан ирж хүүхдийг авран хүүгэх салхинаар хувилгаад ирж хөвгүүдийг тэнхрүүлмүй. Янгинам хүйтэнд яахан нойрсмуй. Жингэнэм жихүүнд хэрхэн дулаацмуй. Аав ээж болсон арга баран мэндүүрч ах бэргэн болсон аюулхай бэтгэрэн зовнив. Хуй салхинд дэгдэж хүүхдийг хийсгэн аваачсанд энэ шөнө гансрах боловч өглөө болмогц баясалдмуй.

 

Шүлгийн үг:

 

Бодийн шашны энэрэл нигүүлсэх эртнээс их.

Буян үйлдэн ном бясалгаж их хөлгөнийг өгүүлмүй.

Сахиулсан арш цөм бүтээлээс болж

Санваар шагшаабад бүр омготголгоос үндэсэлжээ.

Хаан болсон нэгэн хүний хар үйлээр

Хайрхан мянган хүүхдийн амь нь буснимуй.

Багшийн сэтгэлээр Бичин увидасалж эднийг тэнхрүүлсэнд

Барагдашгүй буян нь барамидаас хэтийджээ.

 

Тэр шөнө гурван жингийн үед олон эрхтэн сахиулсан чингэлэгтэй хүүхдийг цөм хотоос гаргаж өөр газар аваачин нуув.

 

Бичин алтан гэрэл гишгэн бууж өртөөний гэрт орохуйяа тэр гурвуул бас: “Намо амьтныг аврагч оточ бурхан” хэмээн уншсаар амуй. Бичин бас сэмээр баярлаж урагш давшин: “Багш, би буцаж ирэв. Салхи ямар зэрэг вэ?” хэмээсэнд Гахай тосч өчрүүн: “Сайн салхи!” Тансаг өгүүлрүүн: “Хүүхдийг аврах хэрэг ямар болов?” Бичин: “Хүүхдийг үлдээлгүй цөм гаргав. Бид эндээс явах үедээ эгүүлж тушаасугай” хэмээсэнд Тансаг дахин дахин талархаж сая унтав.

 

Тэнгэр гэгээрсэн хойно Тансаг босч хувцаслаад: “Ү Күн, би эрт барааллыг завдаж замын тэмдэг бичгээ халуулахаар одсугай” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Багш гагцаар орвоос тусгүй тул өвгөн Сүн би даган орж байдлыг үзсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Чи орж ёс хийхгүй болбоос хаан нь буруушаах болуузай.” Бичин өгүүлрүүн: “Би илээр дагах бус. Бие далдлан чамайг хамгаалж орсугай.” Тансаг их л баярлан Гахай Шороог морь амьтайгаа сайн сахигтун хэмээгээд сая одсугай хэмээтэл тэр өртөөний түшмэл бас орж ирээд багш тойны өмсч зүүснийг үзвээс өчигдөртэй адилгүй:

 

Алмааз эрдэнэт намжирыг биедээ хэдэрч алтан үснирт малгайг тэргүүндээ даржээ. Есөн гаригт дулдуйг гартаа барьж илбэ хувилгааны нууцыг агуулжээ. Ал торгон боодлыг биеийн ойр авч аяны тэмдэг бичгээ түүний дотор баглажээ. Алхаж гишгэх нь архад бодьсадва адил, авир дүр нь амьд бурхан мэт.

 

Тэр өртөөний түшмэл ёслон баруун чихэнд шивнэн илүүц үг бүү хэл хэмээн дахин давтан гуйхад Тансаг толгой дохин мөн хэмээв. Бичин үүдний хажууд байж тарни уншин бие сэжиж нэгэн шумуулд хувилаад Тансагийн малгай дээр суун өртөөнөөс гарч ордны зүг ирэв. Удсангүй ордны хаалганд хүрээд Тансаг хаалгач түшмэлд ёс хийж: “Ядуу тойн би болбоос зүүн их Тан улсаас баруун газар ном залахаар одогч тойн болой. Өдгөө эрхэм улсад хүрч ирсэн тул хаанд золгон замын тэмдэг бичгээ үзүүлсүгэй хэмээмүй. Уламжлан мэдүүлэх ажааму” хэмээсэнд тэр түшмэл дотогш мэдүүлсэн хойно хаан их л баярлаж: “Хол газрын тойн лав бясалгалтан буй за.” хэмээгээд оруултугай хэмээв. Хаалгач түшмэл зарлигийг хүлээн Тансагийг залж оруулсанд Тансаг ёслон золгов. Хаан харшийн дотор залан суудал шагнасанд Тансаг хишигт мөргөн суугаад тэр хааны байдлыг үзвээс царай шарлан нүд сууж, сүлд бууран, тамир барагдаж гар өргөхүйеэ салганан үг хэлэхүйеэ унгалмуй. Тансаг замын тэмдэг бичгээ барьсанд хаан бүрэг нүдээр удтал үзээд сая тамгаа дарж эгүүлэн өгөв.

 

Хаан сая ном залах учрыг асуун атал шадар түшмэл орж: “Улсын хадам ирэв” хэмээн айлтгасанд тэр хаан даруй тайганаар түшүүлэн луугийн ширээнээс чармайн босч бие мэхийн угтахад Тансаг яаран босч гар тавин хажууд зогсоод ажиглаваас нэгэн бумба, хасын яндар өөд гэгэлзэн гарч ирэв. Үзвээс:

 

Тэргүүнд шар өнгөт шаа малгай тавьж, биед бараан өнгөт тоорон дээл хэдэрчээ. Дундуур өнгөт ёнхор бүс бүсэлж хөлд үүлэн угалзат шаахай өмсчээ. Гарт луугийн таяг тулж энгэрт магнаг хавтага зүүжээ. Царай нүүр өнгө цогтой, цагаан сахал өвчүүг бүрхжээ. Урталжин нүд нь гэрэлтэн, өргөн хөмсөг нь сэгийжээ. Алхаж гишгэх нь хөнгөн, авир дүр нь ихэмсэг. Харшийн доорх сайд түшмэд гар тавин мэхийж хааны хадам ихэс хэмээн хамтаар хүндэтгэн угтмуй. Тэр улсын хадам ёс хийх ч үгүйгээр харш дээр гэхэлзэн гарч ирэхэд хаан бээр бие мэхийн: “Улсын хадмын аршийн бие залран ирсэнд баярламуй” хэмээж зүүн этгээдийн гэмэрлэг исэр дээр суулгав. Тансаг босч зогсоод: “Улсын хадам их хүнд ядуу тойн ёсолмуй” хэмээн бие мэхийхэд тэр бумба огт ойшоохгүй хэдийн суугаад хаанаас асууруун: “Энэ тойн хаанаас ирэгч буй?” Хаан өгүүлрүүн: “Энэ тойн болбоос зүүн орны Тан улсаас баруун газар ном залахаар одогч хэмээнэм. Энд замын тэмдэг бичгээ халахаар иржээ.” Тэр бумба инээн өгүүлрүүн: “Баруун газрын зам балар харанхуй, ямар сайн газар буй?” Тансаг өгүүлрүүн: “Баруун газрыг эртнээс төгс жаргалант ялгуусан орон хэмээх атал юунд сайнгүй хэмээмүй?” Хаан өгүүлрүүн: “Мөхөс хүн эртний өгүүлснийг сонсвол “Тойн хэмээгч бурхны шавь” хэмээмү. Ийнхүү тойн хувраг үхэхгүй болж бурхан шүтэгч мөнхөрч чадах эсэхийг үл мэднэм?” Тансаг сонсоод алгаа хамтатган залбирч өгүүлрүүн: “Бурсан хувраг бологч хамаг хүслийг тэвчиж бодь чанарыг оногч хамаг номыг хоосон хэмээмүй. Их билигтэн сэм аж, төрөхүй үгүйн дотор оршном. Үнэн мэдэлтэн нам сууж, егүүдэхүйн дотор амарлимуй. Гурван ертөнц хоосрохуйяа хамаг шалтгаан засраад зургаан үндсэн ариудахуйяа аливаа үйл төгсмүй. Үнэхээр оносугай хэмээвээс мэдэхийг хичээх хэрэгтэй: сэтгэл арилбаас гэгээн зулыг асаасан адил. Сэтгэл байваас хамаг орд харанхуй болмуй. Үнэн дүр хомсгүй бөгөөд илүүгүй. Амьд цагт үзэж болмуй. Илбэ бие өнгө буй боловч эцэст лав эвдэрмүй. Хувийн гадна хүсэх юун? Бясалгал хийж даяан суух нь тугдам орохуйн эх болой. Өглөг өгч буян үйлдэх нь үнэн бүтээл хийхийн үндэс болой. Уран хэтийдэгсэд олдой болж учир бүхэн үл бүтэхийг ухтугай. Мэргэн арга мохдогийн туйл тул аливаа бодлыг тэвчигтүн. Гагцхүү нэгэн сэтгэлийг барин чадвал түмэн үйл аяндаа бүтмүй. Билгийг олж аргыг нөхөх хэмээгч гаж буруу үг, өнгө үзлээр мөнхөрсү хэмээгч хий хоосон чалчаа. Гагцхүү улаан тоосны барилдлагыг тэвчвээс аливаа өнгийг хоосон хэмээн таниюу. Ариун цагаанаар хурьцал хүслийг дийлбээс насан хутаг цаглашгүй болмуй.”

 

Тэр улсын хадам сонсоод нэгэнтээ инээж Тансагийг хуруугаар заан өгүүлрүүн: “Хэн! Хэн! Энэ тойн үнэхээр аман тааваараа чалчмуй! Таны самадийн ёс нь эрхбиш чанарыг танихыг өгүүлмүй. Чи тэр чанарын юунаас устахыг үл мэдмүй! Хатуужин сууж самади бясалгах нь цөм сохор балай бүтээл. Энгийн үгэнд “Үргэлж суусаар өгзөг чинь цоорч өөрийгөө хорлож гэдрэг зовлон болмуй.” хэмээжээ. Чи харин манийг үүдний ёсыг үл мэдмүй:

 

Арш бологсдын бие цогцос аруухан ёсныг нэвтрэгсдийн сүлд сахиус гэгээн. Хул сагсыг тохойлон гүн ууланд нөхрийг сурвалжилж хамаг эмийг түүж ертөнцийн хүнийг тусалмуй. Аршлаг цэцгээр бүрх гөрж анхилмал өвсөөр дэвсгэр хиймүй. Алга ташиж аялгуулан дуулж алсхийн бүжиглэж үүлэнд нойрсмуй. Бумбын ёсыг уламжлан богдын номыг дэлгэрүүлмүй. Арвис сахиа тарнидаж ад чөтгөрийг арилган тэнгэр газрын ариун уурыг хураан наран сарны охь шимийг авмуй. Арга билгийг улируулан үрэл бүтээж ус галыг хэрэглэн үр боловсруулмуй. Хоёр наймд билиг хохирохуйяа бүрэг бараг бодогдож гурван есд арга бадрахуйяа нууц далд санагднам. Дөрвөн цагаар эм бүртгэн есөн боловсролоор үрэл бүтээмүй. Хөх галбинга хөлөглөн хурмастын ордонд орж цагаан тогоруу унаж эсрүүн тэнгэрт гармуй. Арван зүгийн ариун сүлдийг үзүүлж, адист номын аливаа гайхамшгийг илтгэмүй. Таны тэр сүлдээ барьж самадид суун цогцсоо орхиж нирваан болоод басхүү тоост ертөнцөөс ангижирч үл чадах бурхны шашин лугаа үлитгэж хэрхэн болмуй! Гурван сургаалын эрхэм дээд нь гагц манай бумбын сургаал болой!”

 

Тэр хаан үүнийг сонсоод маш баярласанд төрийн олон сайд түшмэд цөм: “Үнэхээр бумбын сургаал эрхэм! Бумбын сургаал эрхэм!” хэмээн магталцав. Тансаг олон хүний цөм бумбыг магтахыг үзээд тэсгэлгүй ичингүйрчээ. Хаан бас зарлиг болж хуримын яаманд ариун хурим базааж хол газрын тойныг зочлон үдэгтүн хэмээв.

 

Тансаг хишигт хариулан ёсолж сая харшаас буутал Бичин малгайн дээрээс чихний дэргэд нисэн ирж: “Багш, энэ улсын хадам нь үнэхээр шулам мөн. Энэ хаан шуламд бачлагдаж буй. Чи урьдаар эгэж цав барихыг нь хүлээж бай. Би энд байж түр түүний байдлыг үзсүгэй” хэмээсэнд Тансаг санааг ухаад гагцаар хойш эгсэнийг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, Бичин нисч алтан харшийн хас халхавч дээр суун харж байтал нийслэл хотын цэргийн түшмэл гарч ирээд урагш давшин айлтгаруун: “Хаан эзэн айлд, энэ шөнө нэгэн зэрэг жихүүн салхи салхилмагц өрөө бүрээс сонгон авсан бага хүүхдийг чингэлэгтэй нь цөм хийсгэн авчирчээ.” Хаан сонсоод хирдхийнэм бөгөөд зовниж хадам эцэгтээ өгүүлрүүн: “Энэ нь тэнгэр намайг сөнөөх нь болой! Өвчин улам ч хүндрэн шадар эмч нар засч чадахгүй байхуйяа завшаанаар улсын хадам хувилгаанд хайрлаж яг энэ өдрийн морин цагт хүүхдийн элэг зүрхийг авч хөлөг хийсүгэй хэмээтэл санамсаргүй салхи салхилж аваачсан нь тэнгэр намайг сөнөөх бус юун аж?” хэмээсэнд Бумба инээн өгүүлрүүн: “Хаан бүү зовнигтун. Эдгээр хүүхдийг хийсгэн аваачсан нь тэнгэр хааныг урт наслуулахын тулд болой.” Хаан өгүүлрүүн: “Үзтэл чингэлэгтэй хүүхдийг салхи хийсгэн аваачсан атал харин юуны тэнгэр урт наслуулах хэмээмүй?” Бумба өгүүлрүүн: “Би сая орж ирээд туйлын сайн нэг эмийн хөлгийг олж үзэв. Энэ хөлөг тэдгээр мянга нэг зуун арван нэгэн хүүхдийн зүрхнээс давмуй. Хүүхдийн зүрх ахдахдаа чамайг мянга наслуулах төдий буй за. Энэ хөлгөөр миний эмийг даруулан ууваас лав түг түмэн насалж мөнхийн шидийг олмуй.” Хаан учрыг ухахгүй дахин давтан гуйн асуухад тэр бумба сая өгүүлрүүн: “Зүүн газраас ирсэн тэр ном залагч тойныг би сая үзвээс арван төрөл үнэнээр бясалгасан арш хувилгаан арга шимээ алдаагүй ариун тойн ажээ. Ийнхүү тэр бага хүүхдээс түмэн хувь илүү болой. Хэрвээ түүний элэг зүрхний шөлөөр миний тэр эмийг даруулж ууваас түмэн насалж чадмуй” хэмээсэнд тэр харангуй хаан сонсоод үнэмшин итгэж хадам эцэгтээ өгүүлрүүн: “Юунд эрт хэлэхгүй аж! Үнэхээр тийм тустай бөгөөс саяын ирсэнд үлдээж үл явуулах бөлгөө.” Бумба өгүүлрүүн: “Энэ ямар бэрх буй! Сая түүнийг хуримын яаманд хуримлахуй хэмээсэн тул тэр лав цав идээд сая явмуй. Өдгөө даруй зарлиг буулган хаалгыг чандлан дарж цэрэг гарган өртөөг бүсэлж тэр тойныг авчран зүрхийг нь гуйсугай. Хэрэв үг даган өгье хэмээвээс даруй зүрхийг нь аваад хааны жагсаалаар хүүрийг нь оршуулж өгөн, сүм барьж тахьсугай. Хэрэв өгөхгүй хэмээн маргаваас түүнийг даруй хатуугаар аваачин барьж хүлээд зүрхийг нь сугалж авсугай. Үүнд ямар бэрх буй!” Тэр харанхуй хаан түүний үгийг авч даруй зарлиг буулган хаалга бүрийг даруулж шадар цэргээр өртөөг бүслүүлэхээр явуулав.

 

Бичин энэ үгийг сонсож өртөөн зүг нисэн ирээд уг биеэр болон Тансагт: “Багш минь, зовлон болов!” хэмээсэнд Тансаг сая Гахай Шороо лугаа цав зооглож байгаад энэ үгийг сонсож сүнс сарнин сүг завхаж хөсөр унаж хөлс чийхран, нүд тогтон, хэл хөшив. Шороо мэндүүрэн одож төдхөн босоод: “Багш сэргэ! Багш сэргэ!” хэмээхэд Гахай бас өгүүлрүүн: “Ямар зовлон боловч аажим болбоос барав. Юунд багшийг энэ мэт айлгамуй.” Бичин өгүүлрүүн: “Багшийг харшаас гарч ирсэн хойно би эгэж ороод үзвээс тэр хадам эцэг хэмээгч нь үнэхээр шулам мөн. Дэмий удалгүй нэгэн цэргийн түшмэл орж ирээд салхи салхилан хүүхдийг хийсгэн аваачсаныг айлтгав. Хаан сонсоод зовнин байтал тэр харин гэдрэг баярлуулан өгүүлсэн нь: “Энэ харин тэнгэр чамайг урт наслуулах болой” хэмээн багшийн зүрхийг аван эмийн хөлөг хийвээс түмэн наслах хэмээв. Тэр харангуй хаан түүний үгийг үнэмшин өдгөө шадар цэргээр өртөөг бүслээд хиа түшмэлээр багшийн зүрхийг гуйлгахаар ирүүлжээ.” Гахай инээж: “Нигүүлсэхүй сэтгэлээр хүүхдийг аварсны ач хариуд аюул зовлон авчрав!” хэмээмүй.

 

Тансаг чичрэн дагжсаар мөлхөн босч Бичинийг татан бариад гуйн өгүүлрүүн: “Мэргэн шавь минь! Энэ хэргийг өдгөө хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Үүнээс мэнд өнгөрье хэмээвээс их нь бага болох хэрэгтэй.” Шороо асууруун: “Юуныг бас “Их нь бага болох хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Хэрвээ амь мэнд гарсугай хэмээвээс багш нь шавь болж шавь нь багш болбоос сая болмуй.” Тансаг өгүүлрүүн: “Чи намайг аврах аваас би дуртайяа чиний үр шавь болсу.” Бичин өгүүлрүүн: “Тийм бөгөөс уурлаж болохгүй. Гахай хурдан шавар нухаж авчир” хэмээсэнд Манхуу даруй одож малтуураар шороо малтан гаргаж гаднаас ус авчрахаасаа айгаад хормойгоо шуун шээгээд нэгэн бөөн үмхий шавар нухаж авчран Бичинд өгөв. Бичин аргагүй шаврыг авч алгадан нимгэлээд өөрийн нүүр дээрээ наалдуулан хэв гаргаж аваад Тансагийг хөдлөлгүй зогсоож түүний нүүрт сармагчны нүүрийн шавар багийг өмсгөн тарнидан үлээж: “Хувил!” хэмээн дуудмагц даруй бичин болон хувилав. Бичин дээлээ сольж өмсөөд тарни уншин бие сэжиж хэдийн Тансагийн дүрээр хувилсанд Гахай Шороо ч ялгаж танихуйяа бэрх болжээ. Ийн хувилаад хүлээж байтал гадна хэнгэрэг нижигнэж, илд жад гялалзан шадар цэргийн түшмэл гурван мянган цэрэг авч өртөөний гадуур нэгэнтээ бүсэлжээ. Үзтэл бас нэгэн хиа түшмэл өртөөнд орж ирээд “Зүүн Тан улсаас ирсэн тойн хаана баймуй?” хэмээн асуусанд тэр өртөөний түшмэл чичрэн эмээж сөгдөөд хуруугаараа зааж “Тэр зочны гэрт баймуй” хэмээсэнд тэр түшмэл даруй буусан гэрт ирээд: “Тан улсын тойн багшийг манай хаан залж буй” хэмээв. Гахай Шороо “Хуурмаг бич”-ийг эмсэглэн байтал “Хуурмаг Тансаг” босч ёслон өгүүлрүүн: “Хиа ноён оо, хаан ямар учир байж ядуу тойн намайг дуудмуй?” Хиа түшмэл урагш давшин гараас барьж: “Бид харшид одсугай. Бодвоос лав чухал хэрэглэх зүйл байх буй за” хэмээв. Ай! Энэ үнэхээр: Буг шулмын хор санаа бодь сэтгэлийг дарж буян үйлдэгсдэд гэдрэг зовлон учруулав. Энэ удаа эчсэнд түүний амь чухам хаашаа болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 58 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 46 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 14 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 19 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 1 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 34 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 38 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 38 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 12 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 21 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 31 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 37 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 59 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 16 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 42 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 10 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 34 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 35 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 50 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК