зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН ТАВДУГААР БҮЛЭГ:


СЭТГЭЛИЙН БИЧИН АРГА БИЛГИЙН БУМБЫГ ЦООЛОВ

ШУЛМЫН ХААН ҮНЭН МӨРИЙН ҮҮДНЭЭ ДАГАВ

 

Тэндээс Бичин багш агуйд ороод хоёр этгээдийг ажиглаваас, гагцхүү:           

 

Хувхай гавал уул адил овоорч, хэлхээ яс даваа мэт даланлажээ. Гэзэг үс гишгэгдсээр ширэлдэн эсгийрч, илжрээд балчиг шавар болжээ. Шир шөрмөс модон дээр ороолдон, шарлаж хатаад шилэрхэг өнгөтэй харагдмуй. Үнэхээр ясан уул цусан далай болоод, өмхий үнэрт ойртож үл болном. Амьдаар шулагч бага шулмас зүүн этгээдэд бужигнаж, арьс өвчигч ад бугууд баруун хонгилд яармуй. Арслангийн зүрст Бичин вангаас өөр нэгэн хүн болбол айшгүйеэ энэ үдээр шургаж хэн ормуй.

 

Удсангүй хоёрдугаар үүдийг орж үзвээс эндэх байдал гаднах лугаа адил үгүй, нам сэлүүн арийн цэвэр, уудам саруул үзэсгэлэн сайхан. Зүүн баруунд хаслаг өвсөн ургаж аршлаг цэцэг дэлгэрэн, өмнө хойно суман нарс согтмол хулс ургажээ. Бас долоо найман газар явсан хойно сая гуравдугаар хаалганд хүрч үзвээс тэнд дээр суудалд айхавтар сүрхий гурван их шулам сууж буй. Дунд суудал дахь тэр нэгний төрсөн нь:

 

Шүд араа нь цүүц хөрөө мэт, толгой тэргүүн нь тогоо хөмөрсөн адил, хүрхрэх дуу нь аянга мэт, хоёр нүд нь цахилгаан адил. Сартгар хамар нь сансар өөд хандан, шар улаан хөмсөг нь дээш босчээ. Ухасхийн босвоос олон араатан айж, орондоо сууваас аливаа ад эмээмүй. Араатан бүхний хаан болсон арслан шулам энэ буюу. Зүүн этгээдэд суусан тэр нэгний төрсөн нь:

 

Гарьдын нүд цөцгий, шар нүд шонгийн хөл. Урт хамар унжийн дорогш буужээ. Түнтгэр магнай үрчгэр хөмсөг, том бие дов мэт. Дуу хоолой нь нарийн, дух толгой нь жигтэй. Шашны үүднээ бясалгал хийсэн шар соёот заан энэ буюу. Баруун этгээдэд суусан тэр нэгний төрсөн нь:

 

Салхин жигүүр даянгийн толгой, цолмон нүд алтан цөцгий, замбутивийг даяар айлгагч чацуулшгүй эрэлхэг хүчтэн. Цэрвэн дөлж хувилан улирахуйяа, шувууд шагшин луу эмээмүй. Хоёр далавчаа дэвбээс хамаг шувуу нуугдаж, хурц савраа дэлгэвээс олон жигүүртэн аймуй. Нэгэн дэвлэгт есөн түмэн газар нисэгч нэрт их хангарьд энэ буюу. 

 

Хоёр жигүүрт бас хоёр дуулга өмссөн их бага зуун илүү шулам сүр тавин зогсчээ. Бичин үзээд дотроо баярлаж, огтхон ч эмээлгүй их алхмаар шууд дотогш орж, тогшуур хонхоо тайлж, дээш: “Их ван минь” хэмээтэл тэр гурван шулам хадганан инээж асууруун: “Бага салхич яваад ирэв үү?” Бичин: “Ирэв” хэмээв. “Сүн Ү Күний чимээг авахаар одсон хэрэг чинь ямар болов?” Бичин өгүүлрүн: “Их ван нарын өмнө айшгүй хэлж үл болох үг буй.” Их шулам асууруун: “Юунд хэлж үл болмуй?” Бичин өгүүлрүүн: “Би их вангийн зарлигаар тогшуур хонхоо цохиж хараахан явж байтал, гэнэт үзвээс нэгэн хүн горхины хөвөөнөө явган суугаад шийдэн билүүдэн амуй, яг Махаранз  мэт, босч зогсвоос лав гучаад алд өндөр байнам. Эргийн хадан дээр усыг битүлэн битүүлэн сууж билүүдэхийн зуур бас амандаа: энд иртэл энэ шийдмийн эрдэм чадлыг гаргаж үзээгүй, өнгө гартал билүүдээд их ван нарыг ирж занчмуй хэмээмүй үүнийг сонсоод энэ лав Сүн Ү Күн хэмээн мэдээд тухайлан мэдүүлэхээр ирэв.”

 

            Тэр их шулам үүнийг сонсоод хамаг биеэс хөлс чийхран уруул ам хавагнаж: “Дүү нар аа, би хэдийнээ Тансагт бүү халд хэмээн хэлсэнгүй юу. Түүний шавийн эрдэм, увидас хэцүү, урьдаас бэлтгэн шийдэн билүүдэж манийг алсугай хэмээмүү, өдгөө хэрхвээс сайн буй?” “Хүүхэд, гаднах их бага олныг цөм дуудаж оруул, хаалгаа дараад түүнийг дураар өнгөрүүлэн явуул” хэмээсэнд, тэдгээр түрүүчид: “Хаалганы гаднах олон бага шулам цөм тархжээ” хэмээн мэдүүлсэнд их шулам өгүүлрүүн: “Юунд цөм тархсан буй? Бодвоос муу чимээ олж сонссон буй за. Бушуухан хаалга дар! Бушуухан хаалга дар!” хэмээтэл олон шулам нэгэн зэрэг үймэлдэж өмнө хойно хаалгыг чанд дарж оньслов.

 

            Бичин гэнэт хирдхийж: “Эд хаалгаа дарав, надаас энэ тэрийг асууж байсаар намайг таниваас үүнд баригдах бус уу? Үүнийг бас нэг хэд айлгаж хаалгыг нь нээлгэсүгэй, дутаахад сайн” хэмээн бодоод урагш давшиж бас өгүүлрүүн: “Их ван аа, тэр бас элдвийн муу үг хэлэв.” Их шулам өгүүлрүүн: “Өөр бас юу хэлэв?” Бичин өгүүлрүүн: “Түүнийг, их вангийн арьсыг өвчмүй, хоёрдугаар вангийн махыг шулмуй, гуравдугаар вангийн шөрмөсийг сугалмуй хэмээмүй. Өдгөө бид үүдээ хааж гарахгүй боловч, тэр хувилж чадмуй., хэрвээ ялаа хувилан орж ирээд манийг цөм барьж аваачваас одоо юу хиймүй?” Их шулам өгүлрүүн: “Ах дүү нар хичээгтүн, миний энэ агуйд хэзээд ялаа үгүй бөлгөө, ялаа үзэгдвээс тэр даруй Сүн Ү Күн мөн” хэмээсэнд Бичин инээд хүрч: “Тийн болбол нэг ялаа хувилаад үүнийг айлгаж хаалгыг нь нээлгэе” хэмээгээд хажуу тийш зайлан байж духны дээрээс нэгэн ширхэг үсээ сугалан аваад тарнидан үлээж: “Хувил!” хэмээмэгц хэдийн нэг ялаа хувилаад нисэн одож их шулмын толгойг нэгэнтээ мөргөв. Тэр их шулам сандарч: “Дүү нараа! Сайн үгүй! Ороод ирэв зэ!” хэмээсэнд тэдгээр их бага шулам тус тусад малтуур шүүр өргөн тэр ялааг тэмцэн хөөмүй.

 

            Бичин үүнийг үзээд тэсгэлгүй ха ха хэмээн инээжээ. Чухамдаа эс инээсэн бөгөөс зохих бөлгөө, энэ инээсэнд хэдийн уг дүр нь илэрсэнг тул тэр гуравдугаар шулам урагш үсрэн ирээд, Бичинийг базгадан авч: “Ах аа үүнд хууртан алдав!” хэмээхэд, их шулам өгүүлрүүн: “Хэн нь хэнээ хуурав?” Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Саяын энэ үг мэдүүлсэн бага шулам нь бага салхич бус, Сүн Ү Күн мөн. Бага салхич лугаа учран алж орхиод түүний дүрээр хувилж манийг мэхлэхээр иржээ.” Бичин сандран: “Энэ намайг таньжээ!” хэмээгээд нүрээ илээд хөгшин шуламд “Намайг юунд Сүн Ү Күн хэмээмүй? Би бага салхич болой, их ван эндүү танив” хэмээхэд их шулам эмээн өгүүлрүүн: “Дүү минь энэ даруй бага салхич болой, өдрийн гурван удаа дуудан бүртгэж үзэж байх хүн, би үүнийг танимуй”. “Чамд тэмдэг байх бус уу?” Бичин: “Баймуй” хэмээж, хормойгоо шуун тэмдгээ гаргаж өгсөнд их шулам нэнт үнэмшиж: “Дүү үүнийг бүү хэлсдүүл” хэмээхэд, гуравдугаар шулам “Ах үзсэн үү? Энэ сая далдлан ухраад нэгэнтээ инээсэнд тэр аянгын эзний хоншоор нь илэрсэн болой, би ирж брихал энэ дахин ийм болжээ”  хэмээгээд бас: “Хүүхэд, дээс авчир!” хэмээн дуудмагц олон түрүүчид даруй дээс авчирсанд гуравдугаар шулам Бичинийг татаж унаган атиртал хүлэв. Хувцсыг нь тайлан үзвээс  агтын даамал яг мөн ажгуу. Үзвээс энэ Бичин багш далан хоёр зүйлээр хувилдаг боловч, хүнээс бус зүйл хувилахад өвч биеэр хувилмуй., хэрвээ хүн хувилах бөгөөс тэргүүн нүүр хувилахаас бус, бие нь огт хувилахгүй ажгуу, тийнхүү үс ноос, улаан бөгс одой сүүл уг хэвээр буй. Их шулам үзээд өгүүлрүүн: “Үнэхээр Сүн Ү Күний бие дээр бага салхичийн толгойг хадсан ажгуу, яг мөн! Яг мөн!” хэмээгээд бас: “Хүүхэд урьдаар архи авчир, гуравдугаар ванд гавьяаны хундага өргөсүгэй, үүнийг барьснаар Тансаг даруй манай аманд орсон мах болжээ.” Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Архи уухыг бүү яар, энэ хэмээгч оргож босоход онцгой дадсан амьтан, оргох болуузай. Хүүхдээр бумба авчруулж, үүнийг хийж аваад сая мэдсүгэй.”

 

            Их шулам их л инээж: “Яг таарчээ! Яг таарчээ!” хэмээн даруй гучин зургаан бага шулмыг дуудан хойд хөмрөгийн үүдийг нээж бумбыг авчруулахаар эчүүлэв. Тэр бумбыг чи хэдий их хэмээн бодмуй? Тэр сая хоёр тохой дөрвөн ямх өндөр бөлгөө. Түүнийг юунд гучин зургаан хүнээр дамнуулмуй хэмээвээс, тэр бумба хэмээгч арга билгийн хоёр уурыг ахуулсан эрдэнэ мөн, дотор нь долоон эрдэнэ найман хөлөл, хорин дөрвөн уурыг бүтээсэн тул эрх биш тэнгэрийн товчны тоогоор гучин зургаан хүн байваас сая өргөж чадмуй. Дэмий удсангүй эрдэнийн бумбыг дамнан авчраад гуравдугаар үүдний гадна тавин, амсрыг нээж, Бичиний хүлээсийг тайлаад дээл хувцсыг цөм тайлан авч, дээр нь авчирмагц даруй тэр хувилгаан ууранд сорогдон оржээ. Шулам даруй амсрыг таглаж битүүмж тарнийг нааж, сая архины хундага өргөлцөн: “Сармагчин чи энэ өдөр миний эрдэнэд орсноор дахиж баруунш явахыг бүү сана! Хэрвээ бас санаа байх бөгөөс дахиж төрөл олон гарч ирэгтүн” хэмээгээд их бага олон шулам цөм хадганан инээлдэж баярлан наргилдахыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин багш эрдэнийн дотор ороод түүний хэмжээгээр биеэ өчүүхэн болгож, хувилан гарсугай хэмээн нэлээд удтал сууваас дотор нь маш сэрүүн байхад гэнэт санамсаргүй дуун алдаж: “Үзвээс энэ шулам дэмий цуудамнасан ажгуу, юуг энэ бумбад хүн ороод нэг цаг гурван мөч болбоос идээ шүүс болон хайлмуй хэмээмүй? Хэзээд ийн сэрүүн бөгөөс арван он суувч ямар хамаа буй?” хэмээв. Бичин багш угаас энэ эрдэнийн учрыг мэдэхгүй. Энэ хэмээгч хүн ороод нэг жил боловч дуун гарахгүй бөгөөс ийм сэрүүн байдаг, дотор нь хүний дуун гарваас даруй гал ноцож шатаах ажгуу. Бичин үг хэлж барахын урд нэгэнтээ улаан гал дүрэлзэн хөгжжээ. Завшаанд тэр чадал байх тул гал халхлах тарни уншин ажиггүй суув. Бас хагас цаг хэр хүлцэн суутал дөрвөн талаас дөчин могой гарч ирээд түүнийг заамуй, Бичин шүүрэн атгаж мушгиад наян анги болгов. Удалгүй бас гурван галуу гарч ирээд бичнийг солбин орооход үнэхээр тэсгэлгүй халуун болов. Бичин арга баран сандарч: “Өөр нь мөн гайгүй, энэ гурван гал луу харин хэцүү, баахан удаж халуун уур зүрхэнд шургаваас юу хиймүй?” хэмээн бодоод: бас “Биеэ өсгөж байгаад үнийг дэлбэлсүгэй” хэмээгээд тарни уншин биеэ хоёр алд илүү өндөр болговоос тэр эрдэнэ мөн биеийг нь даган дээш өсч, биеэ багасгаваас эрдэнэ мөн багасмуй. Бичин гэлмэгдэн: “Бэрх! бэрх! Энэ юунд намайг даган өсч багасмуй? Одоо хэрхвээс сайн?” хэмээн хэлж барахын урьд бүдүүн гуя нь нялцаганан өвдмүй, яаран гараар тэмтэрч үзвээс галд зөөлөрчээ, дотроо: “Юу хийвээс сайн? гуя зөөлрөв? Лав нэгэн зэмдэг хүн болох буй за!” хэмээн гасалж тэсгэлгүй нулимс унаган шогшин уйлав, энэ төв хэмээн: шулам учран зовлон тохиохуйяа багш Тансагийг дурдан, гай болж гамшиг дайрахуйяа богд тойн бодогдмуй хэмээгч болой. Төд гаслан өгүүлрүүн: “Багш минь! Тэр жил би санваар авч хоншин бодисадвагийн сургаалыг даган тэнгэрийн гамшгаас гэтэлсэнээс нааш зам гудас уул мөрөн ад шулмын мянган зовлонг туулж, Гахайг дагуулан Шороог олж түмэн гашууныг амсан, үнэн газарт хүрч хамтаар бодь мөрийг бүтээсүгэй хэмээн санасан бөлгөө. Энэ өдөр энэ муу шуламд тохион, үүний дотор ороод амь юугаа алдаж чамайг ууланд орхиж цааш явж чадахгүй болгохыг хэн санав! Энэ цөс шавь миний өнгөрсний өдсөн зовлон буй за!” хэмээн зовниж гэнэт: “Эрт өдөр бодисадва могой ороонго уулнаа надад амь сахих гурван үс хайрласан бөлгөө, байх эсэхийг мэдэхгүй ирж үзье” хэмээн бодож олоод бүх биеэ тэмтрэн эрвээс духны дээр маш хатуу гурван үс баймуй, Бичин их л баярлаж: би дээрх үс цөм тийм зөөлөн бөгөөтөл энэ гурван үс ийм хатуугаар үзвэл, лав миний амийг аврах нь энэ гурван үс буй за хэмээн шүд зуун өвдөхийг тэсвэрлэж, зуулан аваад тарнидан үлээж: “Хувил” хэмээн зандмагц даруй нэгэн нь өрөм, нэгэн нь нум, нэгэн нь хөвч болон хувилав. Төд өрмөөр нэгэн зэрэг өрөмдмөгц тэр бумбын ёроолыг цоолов. Бичин тэсгэлгүй баярлаж: “Зол! Зол! Одоо гаргасугай!” хэмээтэл тэр бумбын дотор дахин бас сэрүүн болжээ. Юунд сэрүүн болов хэмээвээс, үзвээс түүний өрөмтөн цоолсон нүрээр арга билгийн уур цөм гараад тийнхүү сэрүүн болсон ажгуу. Бичин багш үсээ хураан аваад биеэ багасгаж үс төдийхөн нарийн шумуул болоод, тэр нүхээр гарч ирэн бас явахыг яарахгүй шууд нисч их шуламын толгой дээр одож суув. Тэр их шулам архи ууж байсаар гэнэт хундгаа тавьж: “Гуравдугаар Ван аа, Сүн Ү Күн өдгөө хайлсан буй за?” хэмээсэнд, гуравдугаар шулам инээн өгүүлрүүн: “Өдий удах буюу?” Их шулам даруй бумбыг авчир хэмээсэнд, доор байгч тэр гучин зургаан бага шулам одож бумбыг өргөхөд тэр бумба хол хөнгөн болсон тул бага шулмас сандарч: “Их Ван аа бумба хөнгөрчээ!” хэмээн мэдүүлэхэд, их шулам зандаж: “Аман таваараа донгод, арга билгийн үнэн бүтээлт эрдэнэ, юунд хөнгөн болмуй!” хэмээсэнд түүний дотор бага биетэй нэгэн нь бумбыг өргөн авчирч: “Үз, энэ хөнгөрсөнгүй юү?” хэмээв. Их шулам амсрыг сөхөн дотор нь хийснийг үзээд тэсгэлгүй дуу алдаж: “Бумба хоосорсон нь ёроол цоорсны учир болой!” хэмээхэд, Бичин түүний толгой дээр байж тэсгэлгүй дуун гарч: “Хүүхэд минь! Үзэж байгаад одуулах нь үдэж явуулсны хэрэг буй за!” хэмээв. Олон шулам сонсоод: “Оджээ! оджээ!” хэмээгээд бас: “Үүдийг дар! Үүдийг дар!” хэмээв.

 

            Төд Бичин хэдийнээ биеэ сэгсрэн дээлээ аваад уг биеэр болон агуйгаас дэвхлэн гарч, бас эргэж харан хараан өгүүлрүүн: “Шулам чи дэмий битгий ёс бусчил! Бумба чинь цоороод хүн тогтохгүй болов, хэрмийн ёроол тавиад шээсэн лонх болготугай!” хэмээгээд баярлан дэвхэрч бархиран дуулсаар үүлнээ гишгэн Тансагтаны зүг ирэв. Тэр үед Тансаг хараахан элс овооолон өвс хатгаад огторгуйн зүг наманчлан дуудах ажээ. Бичин үүлийг зогсоон түүний дуутгалыг чагнаваас Тансаг алгаа хамтатган тэнгэрийн зүг ийн хэмээн дуудруун:

 

“Гурван ертөнцийн хамаг арш хувилгаан, номын сахиулсан тэнгэр нарт даатгаму.

 

Миний мэргэн шавь Сүн Ү Күний увидас эрдмийг хязгаарлашгүй болготугай” хэмээмүй. Их богд эдгээр үгийг сонсоод нэнт зориг орж үүлнээс бууж: “Багш аа, би хүрч ирэв!” хэмээсэнд, Тансаг өгүүлрүүн: “Ү Күн чи зүдсэн буй за! Эчнээ уулнаа гүн ороод удтал эгж ирэхгүйд би үнэхээр зовнисон бөлгөө. Энэ ууланд чухам ямар юм байх вэ?” Бичин инээн: “Багш аа, энэ удаа очсонд нэгд болбоос зүүн газрын хамаг амьтны хувь ерөөлд дулдуйдаж хоёрт болбоос багштаны хязгаарлашгүй буянд шүтэж, гуравт болбоос мөн шавь миний эрдэм увидаст итгэжээ!” хэмээгээд саяын салхич хувилан одож, бумбад орсноос мултран гарсан хүртэл өнгөрсөн учрыг нэгэн зэрэг нарийвчлан хэлээд: “Өдгөө багшид дахин золгосон нь үнэхээр дахиж төрөл олсон мэт!” хэмээхэд, Тансаг бас тал хийж зогсохгүй өгүүлрүүн: “Энэ удаа чи шулам лугаа байлдсангүй юу?” Бичин өгүүлрүүн: “Байлдсангүй.” Тансаг өгүүлрүүн: “Тийм болбоос уулыг өнгөрөхийг мөн хэлж мэдэхгүй буй за?” Бичин хэмээгч дийлэмтгий хүн тул их дуугаар бархиран өгүүлрүүн: “Юунд хэлж мэдэхгүй хэлмүй?” Тансаг өгүүлрүүн: “Чи түүн лүгээ дийлэн дийлэгдэхийг ялгасангүйгээр энэ мэт хуудам ирсэн атал би ямар айшгүй урагш ормуй!” Бичин инээн өгүүлрүүн: “Багш үнэхээр ухваргүй. Энгийн үгэнд: “Ганц хүн хүн болохгүй, ганц цуцал гал болохгүй” хэмээжээ. Тэнд их шулам гурав, бага шуламс мянга түм буй, намайг ганцаараа тэдэн лүгээ яахан байлд хэмээмүй?” Тансаг өгүүлрүүн: “Хүн цөөн болбоос хүчин мөхөс, чи ганцаар одвоос үнэхээр бас ч бэрх. Гахай шоройтон бас цөм эрдэм чадалтай тул тэднийг чамд дагуулж хавсруулсугай, сэтгэл хүчээ нэгтгэж шулмыг арилган намайг уулнаас гаргатугай.” Бичин бодлого болсоор өгүүлрүүн: “Багшийн үг маш зүй. Шороогоор багшийг сахиулж энд үлдээе, Гахайг дагуулж эчсүгэй. “Тэр манхуу гэлмэгдэн өгүүлрүүн: “Ах хүнийг үзэж гарахгүй! Би болхи бөгөөд бядуу, ямар ч чадалгүй илүүдээ харин явж суухaд дээр, би чамд ямар тус болмуй?” Бичин өгүүлрүүн: “Дүү чи хэдий эрдэм чадалгүй боловч тоосныг даган тоо гүйцээвээс мөн нэг хүн бус уу, энгийн үгэнд: “Мэлхийн шээс далайд нэмэр” хэмээжээ. Надад хань болж болох болой.” Гахай өгүүлрүүн: “Болтугай, болтугай, гагцхүү бачим яарч оргож босох үед надаар бүү наадам хий.” Тансаг: “Гахай чи хэрсүүлэгтүн, би Шороотой энд сууж байя” хэмээв.

 

Тэр манхуу даруй сүр тавин, бичний хамт догшин салхи хөдөлгөн үүл мананд гишгээд өндөр уулыг давж агуйн үүдэнд хүрвээс, тэр агуйн хаалгыг таг дараад эргэн тойрон огт хүнгүй. Бичин төмөр шийдэм өргөн урагш одож өндөр дуугаар: “Шулам үүдээ нээж хурдан өвгөн Сүний шийдмийг амталж үз!” хэмээн хашхирахaд, агуйд байсан бага шулмас орж мэдүүлсэн хойно, их шулам тэсгэлгүй эмээн дагжиж: “Хэдэн жилийн өмнөөс хэцүү самж хэмээн сонслоо, энэ үг худал бусыг энэ өдөр мэдэв!” хэмээхэд, хоёрдугаар шулам хажуугаас асууруун: “Ах юунаас мэдэв?” Их шулам: “Тэр Бичин энэ өглөө бага шулам болон хувилаад орж иртэл таньж гарсан хүнгүй, завшаанаа гуравдугаар дүү олж таниад бумбад хорив, тэр бас эрдэм гаргаж бумбыг цоолоод дээлээ авч оджээ. Өдгөө гадна ирээд байлдсаар хэмээн бархирмуй, хэн хүн айлгүй түүн лүгээ тэргүүн удаа байлдмуй?” хэмээхэд нэг ч хүн дуун гарсангүй тул дахин давтан асууваас чөм харин хэлгий дүлий мэт амуй. Хөгшин шулам тэсгэлгүй тачаадан: “Бид цөм баруун газрын зам дээр муу нэрийг авч удтал суугаад энэ өдөр нэгэн Сүн Ү Күн ирж энэ мэт басамжлан атал хэрвээ гарч байлдахгүй болбоос манай алдар нэр ямар болмуй. Би гарч хөгшин амиа цөлөн түүн лүгээ гурван удаа байлдсугай! Гурван удаад түүнийг дийлбээс Тансаг даруй манай аманд орсон мах болмуй, дийлэн эс чадваас үүдээ дараад түүнийг дураар тавин явуулсугай” хэмээгээд хуяг дуулгаа өмсөн үүдийг нээж гарав. Бичин, Гахай нар үзвээс үнэхээр сүрхий нэгэн шулам байнам:

 

Тэргүүнд эрдэнийн дуулга тавин, биед алтан хуяг өмсчээ. Бэлхүүсээр луугийн бүс бүслэн, гарт ган илд барьжээ. Нүүрний өнгө хүрэл төмөр мэт, нүд нь цолмон од адил. Шүд араа нь цүүц хөрөө мэт, хумс хуруу нь хурц гох адил. Аянга нижигнэх мэт их дуугаар бархиран “Аймшиггүйгээр хаалга цохьсон нь хэн буй?” хэмээв. Их богд өгүүлрүүн: “Өвөг эцэг чинь тэнгэр лүгээ чацуу их богд би болой.” Шулам инээн өгүүлрүүн: “Чи даруй Сүн Ү Күн буюу? Цөс ихтэй садаа сармагчин чи! Би чамд халдсангүй атал чи юунд харин үүдэнд ирж байлдсугай хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Салхи хөдөлсөн хойно давалгаан сая босмуй” Чи халдахгүй бөгөөс би чамайг эрж ирэх ёсон буюу? Чи үнэг чонын олон лугаа сүрэглээд миний багшийг идсүгэй хэмээсэнд би сая энд ирж эрдэм үзүүлмүй.” Их шулам өгүүлрүүн: “Чоно энэ мэт сүр тавин эрж ирсэн нь байлдсугай хэмээмүй юү?” Бичин өгүүлрүүн: “Өөр юун буй” Шулам өгүүлрүүн: “Чи дэмий битгий хэтэрхийлэн аашил! Би хэрвээ олныг авчран жагсаал жагсааж чам лугаа байлдваас гэрээрээ орж гадны хүнийг дарласан хэрэг болмуй. Би ганцаар байлдаж өөр хавсарлага авахгүй!” Бичин үүнийг сонсоод: “Найман санваарт ухарч бай, энэ муу юм өвгөн Сүн намайг яаж чадмуй!” хэмээсэнд, тэр манхуу үнэхээр хойш ухран зогсов. Шулам өгүүлрүүн: “Чи нааш ир, бид урьдаар нэг мэлзээ хэлэлцсүгэй, чи гилэн толгойгоо надаар гурвантаа цавчуулбаас би чиний Тансагийг тавин явуулсугай; хэрвээ тэсэхгүй бөгөөс эртхэн тэр Тансагаа хүргэж авчир, нэгэн цагийн шөл уусугай!” Бичин инээн өгүүлрүүн: “Чиний агуйд бийр цаас байх бөгөөс авчирч чам лугаа нэгэн гэрч бичиг бичсүгэй, энэ өдрөөс эхлэн ирэх жилийн ой болтол цавчивч би мөн чамаас хэрэг эрэхгүй!”

 

            Тэр шулам сүр тавин зогсож илд далайн бичний толгойг хүчнийхээ чинээгээр цавчсанд Бичин дээш өндийн тусахуйяа тасхийтэл дуу гараад, хуйх нь улайсан ч үгүй тул, шулам их л хирдхийн өгүүлрүүн: “Энэ сармагчин үнэхээр хатуу толгойтой ажээ!” Бичин инээн өгүүлрүүн: “Чи мэдэхгүй. Өвгөн Сүн болбоос:

 

Төрөлхийн гуулин толгойтой төмөр гавалтай, тэнгэр газар орчлон дэлхийд өөргүй. Дөмөө сүх илд жаданд ажрахгүй, түшид ордны Дилавын зуутгана хараахан багадаа давтагджээ. Ударасадын дөрвөн одон эзэд үзэн байж сахиад одон гараг хорин наймуулаа унтах нойроо алдав. Усанд дэвтээж хэдий оролдоод гэмтээж чадсангүй, эрүү түүш дух шинэ эвэр шөрмөсөөр гадарлажээ. Учирсан багш Тансаг бас намайг хэврэг болуузай хэмээгээд урьдаар бэлтгэсэн алтан боодсоо надад өгч зүүлгэжээ.”

 

Их шулам өгүүлрүүн: “Сармагчин чи дэмий бүү донгод! Дахин цавчихыг үз! Эрхбиш үл хэлтэрмүй!” Бичин өгүүлрүүн: “Цавчивч ямар хэрэг байх вэ.” Шулам өгүүлрүүн: “Сармагчин чи миний энэ илдийг танихгүй буй за:

 

Хясын дотор догшин галаар хайлуулж, хувилгаан хүчээр олонтаа давтан боловсруулжээ. Хурц ир нь гурван бодлогыг эсгэн, хатан чанар нь зургаан дугтуйг дуурайжээ. Ялааны гэдэсний шинжтэй, аварга дагтарын нуруутай. Уулнаа гарваас үүл униар татан, уснаа орвоос цалгиа давалгаа босмуй. Түмэн удаа шаргаан билүүдэж, мянган удаа давтан боловсруулжээ. Зав гуугийн хуучин агуйд хадгалан жагсаалын өмнө шинэ гавьяа байгуулмуй. Хувраг чиний хулан толгойд оновчтой нэг буулгаваас хулс хагалахаас хол амархан хоёр хэсэг болгомуй!”

 

Бичин инээн өгүүлрүүн: “Энэ шулам чи юуг ч үзэж гарахгүй! Өвгөн Сүнг харин хулан толгойтойгоор үзмүй! Болтугай, болтугай! Би чамаар бас хэдэн удаа цавчуулсугай” хэмээв.

 

            Тэр шулам дахин илд өргөн цавчтал Бичин өндийн тусaхуйяа тасхийтэл дуу гараад толгой нь хоёр анги болжээ. Бичин тэр доороо нэгэнтээ өнхөрмөгц хэдийн хоёр бие болов. Шулам үзээд их л сандран илдээ газар хаясныг Гахай үзээд инээн өгүүлрүүн: “Шулам чи түрүү нэг илдээ баахан хүчтэй цавчсан бөгөөс өдгөө дөрвөн хүн болгосонгүй юу?” Их шулам Бичинг зааж өгүүлрүүн: “Чиний бие үржүүлэх увидастайг би сонссон бөлгөө, миний өмнө тэр шидээ үзүүлж яана!” Бичин өгүүлрүүн: “Юуг бие үржүүлэх увидас хэмээмүй?” Шулам өгүүлрүүн: “Түрүү нэгэн илдэнд чи юунд хөдлөхгүй, сүүлийн нэг илдэнд даруй хоёр хүн болон зогсмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Муу шулам чи бүү айгтун. Чи нэг түм цавчваас би чамд хоёр түмэн болон үзүүлсүгэй!” Их шулам өгүүлрүүн: “Сармагчин чи ганц биеэ үржүүлж чадахаас өөр биеэ хурааж чадахгүй буй за. Чамд ийм эрдэм буй болбоос биеэ хураан нэгэн хүн болж намайг шийдэмдэн одтугай” Бичин өгүүлрүүн: “Битгий худал хэл, чи намайг гурван илд цавчих хэмээгээд өдгөө сая хоёр илд цавчив. Чи намайг нэгэн шийдэм занч хэмээхэд өвгөн Сүн би хагас шийдэм занчваас овог нэрээ халсугай!” Шулам: “Тийм, тийм” хэмээв.

 

            Бичин багш бие биеэ тэвэрч нэгэнтээ өнхөрмөгц даруй уг ёсоор нэгэн бие болж, шийдэм далайн тэргүүнийг эрэн занчсугай хэмээтэл, тэр шулам илд өргөн хориглон зогсоож өгүүлрүүн: “Ёсгүй садаа сармагчин! Чи юунд нэгэн ёдор модыг барьж хүний үүднээ халдахаар ирмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи хэрвээ миний энэ шийдмийг асууваас тэнгэр газарт цөм алдартай болой.” Шулам өгүүлрүүн: “Ямар алдар баймуй?” Бичин өгүүлрүүн:

 

“Дахин дахин давтаж бүтээсэн энэ шийдмийг Дилав лам өөрийн гараар хөөргөн дотор боловсруулжээ. Тулгар нээсэн Иүй хаан олоод “Чандмань эрдэнэ” нэрийдэж дөрвөн далай найман голыг үүгээр тогтоон дарангуйлав. Хугас дунд нь одон гаргийг оршуулж, хоёр үзүүрт алтан толт зохиожээ. Нууц тарнийн хүрдийг бадарлан гаргаад, луу гарьдын зургийг урлаж гэгээлжээ. “Аргын гайхамшигт шийдэм” хэмээгч энэхүү эрдэнэ, Aнабад далайн санд удтал хадгалагдан байжээ. Атганд орсноос хувилж улиран нисэн дэгдэж чадаад, арван өнгийн гэрэл татан алтан туяа цацрав. Өвгөн Сүн ёсыг бүтээн үүнийг авч эгээд үлгэрлэшгүй үүний эрдмийг олонтаа гаргаж үзэв. Уулан чинээ бүдүүрүүлэн утсан төдий нарийсгаж, урт охор хэдий болгох өөрийн минь дур. Өргөн авч хөнгөн сажваас өнгөт үүлэн үүсч эргүүлэн улируулж хүчтэй занчваас гал цахилгаан цахилмуй. Луу барсыг дарангуйлан номхотгохуйяа биеийн шадар дагалцан, лус тэнгэр гурван ертөнцөд дуусган зорчиж үзлээ. Тэр жил энэ шийдмээр тэнгэрийн орныг түйвээгээд түүний хүч миний чадлаар өлзийт хуримыг тархаав. Тэнгэрийн махаранз нар мөрийцөн байлдаад дийлж эс чадан, тайж Нэйж эсэргүүцэл бус тэргүүнээ тэврэн буруулав. Төмөр шийдмийн догшин сүртэй хамаг сахиулсан эмээж, тэнгэрийн цэрэг арван түм цөм буруулан дутаажээ. Аянга цахилгааны олон баатар бидэрьяа харшийг хамгаалсанд уурлан дэвхэрч гэгээн ордноо занчин орсон бөлгөө. Төрийн түшээ эрхтэн сайдууд цөм бальдан сандарч, тэмдэг данстай хувилгаан түшмэд зүггүй зугатаав. Умар ударaсад ордныг урваж хөрвөтөл үймүүлэн, өмнө туйлын харшийг унаж тустал түрхрүүлэв. Алтан харшийн хан хурмаст шийдмийн сүрхийг үзэж аврал дээд Шигэмунийг залан авчирч надад золгуулав. Алалдан байлдваас дийлэн дийлэгдэх нь аяндааны хэрэг, аюул зовлон гай гамшгийг магадалж хэрхэн чадмуй. Илүү дутуугүй таван зуун жил дарагдаж ивээл таарч Хомсим бодисадва ерөөл тавин соёрхов. Их Тангийн гэрээс гарсан нэгэн хувраг байж ертөнцийн амьтдыг гэтэлсүгэй хэмээн тэнгэрийн зүг амлажээ. Зуурд үхсэн олон чөтгөрийг төрөл авуулахын учир зам алс хачир уулнаас ном залахаар мордов. Баруун этгээдийн зам гудас энд шулмас үлэмж, барцад чөтгөр олон тул явж болшгүй. Бултыг ялагч болд бэрээг хэзээний тэр мэдээд бараа болон хамгаалму хэмээн намайг гуйсан бөлгөө. Мангас шулам дайралдсан бүхэн магад эрлэгийг үзэж, мах нялдран яс хэмхэрч гурил талх болмуй. Газар газрын энд шулмас энэ шийдэмд мөхөж, мянга түм бум сая юуг тоолж гарнам, дээд орны Сударсан балгасыг сүрдүүлж, доод ертөнцийн шар харшийг дарангуйлав. Тэнгэрийн орны есөн гарагийг дийлэн нэхэж шахамдуулан, там эрлэгийн ордны зарлагын элчийг алав. Хоосон огторгуйгаас орхин буулгаваас уул мөрнийг долгисуулж, хувилгаан тэнгэр Дай Суй одны эзлэгч сэлмээс хэтийдмүй. Хувьтай олсон шийдэмд итгэн хувраг Тансагийг хамгаалж, хорвоо дэлхийн хорт шулмасыг хиартал алж арилгамуй!!”

 

            Тэр хөгшин шулам үүнийг сонсоод чичрэн дагжиж амийг цөлж илд өргөн цавчин орохoд Бичин ван хадганатал инээсээр угтан ороод, хоёулаа агуйн үүдэнд байлдаж байснаасаа огторгуйд гарч алалдав. Энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Тэнгэрийн голын ёроолыг тогтоогч чандмань эрдэнийн шийдэм, дэлхийд алдартай сэтгэлчлэн хувилагч болд бэрээ. Хүч чадлаа гайхуулан өгүүлэхэд хөгшин шулам хилэгнээд, хурц илдийг дээр далайж эрдэм увидастаа омогшмуй. Үүдний гадна мөрийцөхөд ойртож бас болном. Үүлэн дээр тулалдахад халдаж юу болмуй! Өөрийн дураар зүсээ хувилгагч дээд нэгэн идтэн өгүүлэлдэхийн хооронд өсөх буурах этгээд нэгэн шидтэн. Нэгэн нь Тансагийн махыг идэхийн тул арга ухаан гаргаж, нөгөө нь түүний амийг хамгаалахын төлөө эрдэм увидас хэрэглэмүй. Ганжуур номыг газрын хол дэлгэрүүлэхийн учир гажуу төв хоёр эсрэглэж харилцан тэмцэлдмүй.

 

            Тэр шулам Бичин лүгээ хорин илүү удаа болтол дийлэн дийлэгдэх ялгарахгүй байхуйяа Гахай доор аж тэр хоёулын халамшин байлдахыг үзээд тэсгэлгүй малтуур эргүүлэн салхи татаж давхилан гараад шулмын нүүр өөд нэгэнтээ малтуурдав. Шулам Гахайн хий сүрээр хүн айлгадгийг мэдэхгүй тул энэ урт хошуу их чихтийн малтуур хэцүү хэмээн бодож илдээ орхиод дарагдан буруулжээ. Бичин: “Нэх! нэх!” хэмээн хашхирсанд манхуу саяын сүрт эрэмшин малтуур далайн шулмыг нэхэн оров, шулам түүний ойртож ирснийг үзээд даруй уулын хөтөлд зогсож, салхины эсрэг нэгэнтээ сажлан уг биеэр болоод, амаа ангайн Гахайг залгихаар ирэхэд, Гахай их л гэлмэж  гэдрэг дутаан сөөг дотор шурган ороод өргөс сондуу нүүр царайг хатгахыг хайхралгүй нуугдан хэвтэв. Дагалдаар Бичин хүрч ирвээс тэр шулам бас амаа ангайсаар тул Бичин баярлаж шийдмээ хураагаад угтан иртэл шулам хэдийн залгин оруулжээ. Гахай сөөг дотроос үзээд гаслан: “Энэ орох эгэхийг мэдэхгүй агтын даамал! Залгихаар ирсэн шулмаас зайлахгүй, харин угтан гүйж ормуй! Ийнхүү идэгдсэнээр хөөрхий чи, энэ өдрийн тойн эргэх өдрийн баас болсон болой!” хэмээгээд, тэр шулам хойш эгсэн хойно сая гарч ирээд ирсэн замаар буцав.

 

            Тэндээс Тансаг, Шороогийн хамт зам дээр суун хараахан бараа харж байтал гэнэт Гахай ганцаар сүйлгэлсээр ирмүй. Тансаг их л гэлмэж асууруун: “Чи юунд ийнхүү мэндэж ирсэн буй? Ү Күн юунд үзэгдэхгүй вэ?” Гахай гаслан уйлж: “Номын ахыг шулам ганцхан залгижээ!” хэмээсэнд Тансаг харангадан унаж нэлээд удсан хойно сая сэхээрэн хөл дэвсэн өвчүүгээ дэлдэж: “Шавь минь! Чамайг юун ганц шулмыг дарахад сайн, намайг хамгаалан баруун газрын бурханд золгуулж чадмуй хэмээн бодсон бөлгөө, энэ өдөр шулмын аманд сүйдэхийг хэн санав! Юутай гашуун, юутай гашуун! Бид хэдүүлийн сайн явдал буяны үйл өдгөөгөөс нэгэнт хоосон болов!” хэмээн тэсгэлгүй гаслан эмгэнэж уйлахaд, тэр манхуу, багшаа тайтгаруулахгүй харин: “Шороо чи амьтайг нааш авчир, хоёулаа хувааваас барав” хэмээмүй. Шороо өгүүлрүүн: “Хувааж юу хиймүй?” Гахай өгүүлрүүн: “Хуваагаад тус тусын замаа хөөсүгэй. Чи Шороо голдоо одож хүнээ барьж ид, би Гоу Луу Жуан гацаанд гэргийгээ эрэхээр одмуй. Цагаан морийг худалдаад багшид авс худалдан авч өгөөд эцэс болгосугай.” Тансаг түүнийг сонсоод амьсгал дээрдэн тэнгэр газрыг дурдан их л уйлав, үүнийг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь шулам Бичинг залгиад их л баярлаж агуйд эгж ирснээ, олон шулам угтан гарч байлдсан учрыг асуусанд, шулам өгүүлрүүн: “Нэгнийг нь барьж авчрав. “Хоёрдугаар шулам баярлан өгүүлрүүн: “Ах алийг нь барив?” Их шулам өгүүлрүүн: “Сүн Ү Күнийг барив” Хоёрдугаар шулам өгүүлрүүн: “Хаана баймуй?” Их шулам өгүүлрүүн: “Би залгиж оруулаад гэдсэн дотор баймуй.” Гуравдугаар шулам их л гэлмэж өгүүлрүүн: “Их ахад би хэлэхийг мартав, Сүн Ү Күнийг залгиж болохгүй болой!” Бичин түүний гэдсэн дотроос өгүүлрүүн: “Энэ сая идүүртэй болой, өл дарахад бас сайн, дахиж өлсөхийг мэдэхгүй болмуй!” Бага шулмас сандарч: “Их ван, муу болов! Сүн Ү Күн чиний гэдсэн дотор дуугарч баймуй!” хэмээхэд, их шулам өгүүлрүүн: “Түүний дуугарахаас айх юун! идэж чадаад шингээж чадахгүй буюу? Та нар хурдан одож давстай ус буцалгаж авчир, би түүнийг битүү дотор цацaан алж гаргаад алгуураар шилжилж архи зуушилсугай.” Бага шулмас үнэхээр дундуур тогоо давстай ус буцалгаж авчирсанд шулам нэг л хөнтөрч уугаад, хүзүү сунган ам ангайж бүжиглэвээс Бичин түүний гэдсэн дотор ургасан мэт огт хөдлөхгүй; харин хоолойг чичилж оролдох тул шулам тэсгэлгүй толгой дүйрэн цөс дэлбэртэл огшиж үл зогсмуй, Бичин нэн лавдуун сууж хөдлөхгүйд шулам сүйлэглэн өгүүлрүүн: “Сүн Ү Күн чи үнэхээр гарч ирэхгүй юу?” Бичин өгүүлрүүн: “Хол, хол, гартал хол буй!” Шулам өгүүлрүүн: “Чи юунд үл гарч ирмүй?” Бичин өгүүлрүүн: “Энэ шулам чи үнэхээр учир мэдэхгүй, би тойн болсноос хойш жил жил маш зүдүү амьдарчээ; өдгөө хараахан намрын сэрүүн орж буй, миний хувцас хэмээвээс ганц энэ дан намжирын төдий, энэ дотор харин ч дулаан бөгөөд салхигүй тул өвлийг энд өнгөрүүлээд ирэх хавар гарсугай хэмээмүй.”

 

            Олон шулмас үүнийг сонсоод: “Их Ван аа, Сүн Ү Күн чиний гэдсэн дотор өвөлжих хэмээмүй!” Их шулам өгүүлрүүн: “Тэр энэ дотор өвөлжих хэмээвээс би самадид суун хий намнах увидас хэрэглэж өвөл дуустал мацаг барьж, агтын даамал чамайг өлбөргөж алсугай!” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн минь, чи мэдэхгүй! Эцэг чинь би Тансагийг хамгаалан ном залахаар ирэхдээ нэгэн эвхүүр тогоо авчирсан бөлгөө. Чиний элэг, бөөр, зүрх, гэдэс дотрыг арвилан чанаж идвээс мөн ирэх жилийн ханш болтол гүйцмүй!” Хоёрдугаар шулам их л айж өгүүлрүүн: “Ах аа, энэ сармагчин үнэхээр тийн үйлдэхэд үл ядах болой!” Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Ах, гэдэс дотрыг идэхэд ч гайгүй, ганц тогоогоо хаана тавьдаг болов.” Бичин өгүүлрүүн: “Олон яс нийлэх дээр тогоо тавихад сайхан газар болой.” Гуравдугаар шулам өгүүлрүүн: “Муу болов! Хэрвээ тогоо тавьж гал хийвээс утаа нь хамраар гарч ирээд найтаалгахгүй юу?” Бичин инээж: “Хамаагүй! Би болд бэрээгээр эсэрүаг чинь чичиж цоолбоос нэгд тооно болж, хоёрт хулан болох болой.” хэмээв.

 

Их шулам сонсоод аман дээрээ хэдий айхгүй хэмээх боловч дотроо түгшнэм. Тийн авч хатуужин өгүүлрүүн: “Ах дүү нар бүү айгтун; миний тэр хортой архийг авчир, би хэдэн хундага ууж энэ сармагчинг хордуулан алсугай!” Бичин сэмээр инээж: “Өвгөн Сүн би таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг ихэд түйвээсэн үес Дилавын үрэл, хурмастын архи, Нэвс хүрз эхийн тоор, жич гарьдын чөмөг, луугийн элэг, юуг эс идсэн аж? Чамд ямар хортой архи байж айшгүй намайг хордуулсугай хэмээмүй?” хэмээтэл, тэдгээр бага шулам тэр эмтэй архийг хоёр хувин халуулан авчирч нэг хундага хийж их шуламд барив. Шулам тосч авмагц Бичин дотроос хэдийнэ архины үнэрийг олж үнэртээд: “Үүнд уулгаж болохгүй!” хэмээж, толгойгоо гэдийн амаа бүрээн ам болгон хувилгаад түүний хоолойн дотор нь ангайн хүлээв. Тэр шулам нэгэн хундага архийг залгитал Бичин хэдийнэ тосч гүд гэтэл уужээ, хоёрдугаар хундгыг Бичин бас ийнхүү тосч балгав. Дараагаар долоо найман хундага уусныг Бичин цөм тосч залгив. Шулам хундгаа тавьж: “Энэ архийг урьд хоёр хундага ууваас дотор даруй халуун оргидог бөлгөө; өдгөө долоо найман хундага уутал царай мөн нилцэгнэхгүй! Уухгүй” хэмээв. Үзвээс Бичин архи даамай даадаггүй ажээ, өдгөө долоо найман хундага уугаад даруй хөлчүүрэн дэвхцэн харайлж өшгөлөн дэвсэж, тонгорцоглон таварцаглаж бүжиглэхэд шулам өвдөж тэсэхгүй болоод хөсөр үхэтхийн унав. Үхэх сэхэх ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 16 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 3 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 32 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 36 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 19 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 52 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 55 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 55 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 29 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 38 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 49 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 54 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 16 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 33 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 27 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 51 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 52 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 7 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК