зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


СУГАР ГАРАГ ШУЛМЫН ХЭЦҮҮГ МЭДЭЭЛЭВ

ШИДЭТ БИЧИН ХУВИЛАХ УВИДСЫГ ХЭРЭГЛЭВ

 

Хурьцал хүслийн уг шалтгаан цөм нэгэн адил, хурьцал аваас хүсэл нь аяндаа байх болой. Шашны үүднээ бясалгал хийгч үй олон санваартан, хурьцлыг таслан хүслийг тэвчвээс даруй дияaн мөн. Хичээн сахиж хатуу сэтгэл барин, хир тоос огт халдаахгүйгээр сар мандтал бясалгагтун. Бүтээл хийж хутгийг олохдоо битгий эндүүрэн үйлд, бүтээл бүтэж хутгийг олбоос үнэхээр туулсан арш болой.

 

            Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүлээ хурьцлын хүлээснээс мултран, хүслийн өөшнөөс гараад морийг шавдан баруунш замнасаар удсангүй бас ч зун дуусч намрын эх болоод сэрүүн амьсгал оров. Ганц үзвээс:

 

Ширүүн бороо зуны халууныг үлдээд, шар навч намрын тэмдгийг үзүүлжээ. Сэрүүн шөнө галт хорхой нисч, сарны гэрэлд жиргэрээ дуугармуй. Шар замба шүүдрийг тосон дэлгэрч, шимэлдэг одол[1] шанд дүүрэн налжээ, зэгс уд урьдаар зулгараад, ятгын эгшигт жиргэрээгийн дуун хосолмуй.

 

Тансагтан хараахан яван атал, гэнэт өндөр уул одох замыг хөндөлдөв. Үзвээс шорон оргил тэнгэрийг шувталж, сэгийм хад нарыг халхалжээ. Тансаг үзээд эмээн Бичинийг дуудаж өгүүлрүүн: “Чи энэ уулыг үз, юутай ийм өндөр буй, өнгөрөх зам байх эсэхийг мэдэхгүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Багш юу хэлэх аж, эртний үгэнд “Уул өндөр боловч өнгөрөх зам буй, ус гүн боловч гатлах онгоц буй” хэмээжээ. Сэтгэлээ агуу тавь, юуг зам үл нэвтрэх ёс байх аж?” Тансаг сонсоод баярлан инээж морийг ташуурдан шууд өндөр уул зүг давхив.

 

            Хэдэн газар явбаас цал буурал гэзэгтэй, хун цагаан сахалтай нэгэн өвгөн хүзүүнд эрх зүүж, гартаа таяг тулан, уулын хөтөл дээр зогсоод их дуугаар: “Баруунш одох тэр хутагт тойн түр байз, энэ ууланд нэгэн бүлэг шулам эздээд замбутивийн хүн амьтныг дуусган идмүй, урагш орж үл болмуй!” хэмээн хашхирахад, Тансаг сонсоод цочин муужирч царай шарлан мориноос унаж, өвсөн дотор сулдайн хэвтэж ёолоход Бичин урагш одож түшин босоод: “Бүү ай! Бүү ай! Би энд баймуй!” хэмээхэд, Тансаг өгүүлрүүн: “Чи тэр хадан дээрх өвгөний үгийг сонсохгүй юу, энэ ууланд хүн амьтныг дуусган барьж идэх нэгэн бүлэг шулам баймуй хэмээмүү, хэн айшгүй түүнээс үнэн магадыг лавлахаар эчмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи сууж бай, би асууж ирсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Чиний үзэх дүр муухай, өгүүлж өчих чинь хэгжүүн, өтгөс хүнийг халдаж дайраад, үнэн магадыг олж сонсохгүй болуузай.” Бичин инээн өгүүлрүүн: “Би хээнцэр хүн хувилж асуухаар одсугай.” Тансаг: “Чи даруй хувилтугай би үзвээс” хэмээсэнд, Бичин даруй тарни уншин бие сармагчин хэдийн ариун хээнцэр нэгэн залуу тойн болон хувилав, үзвээс үнэхээр нүд хөмсөг ариун тунгалаг, нүүр царай цэвэр сайхан, ааш зан усгал номхон, өгүүлэх өчих нь эелдэг зөөлөн. Бүс намжираа засч багшийн өмнө ирээд: “Багш, ийм болбоос ямар буй?” хэмээхэд, Тансаг үзээд ихэд баярлаж өгүүлрүүн: “Хувилсан нь маш сайн!” Гахай өгүүлрүүн: “Сайхангүй яана! Гагцхүү манийг улам үзвэргүй болгосонгүй болой. Өвгөн Жү хэдий хоёр гурван жил өнгөрөвч ийм сайхан хувилж үл чадмуй!”

 

            Бичин явсаар шууд тэр өвгөний өмнө хүрч бие мэхийн: “Өвгөн аав аа, ядуу тойн ёсолмуй” хэмээхэд тэр өтгөс түүний төрсөн нь хээнцэр бөгөөд нас багыг үзээд ойшоохтой үгүйтэй хариу ёслоод толгойг нь илж инээн асууруун: “Бага тойн та хаанаас ирсэн буй?” Бичин өгүүлрүүн: “Бид болбоос тухайлан баруун газрын бурханд мөргөн ном залахаар одогч зүүн их Тан улсын тойд болой. Сая энд ирээд өвгөн аав таны энд шулам буй хэмээн хэлснийг сонсоод, манай багш аймтгай хүн тул надаар чамаас асуулгахаар ирүүлэв; үнэхээр чухам ямар шулам байж энэ мэт айшгүй зам тосно! Өвгөн аавыг зовоож нарийвчлан сонсвоос би түүнийг шийтгээд явахад сайн болой.” Тэр өвгөн инээн өгүүлрүүн: “Тойн чиний нас бага цус шингэн, наана цааныг мэдэхгүй, тэр шулмын эрдэм увидас үнэхээр хэцүү, түүнийг чи яахaн шийтгээд явах хэмээн хэлмүй!” Бичин инээн өгүүлрүүн: “Чиний үгэнд түүнийг баахан өмгөөлөх санаа байх мэтээр үзвэл түүн лүгээ лав ураг садан бус болбоос ойр зэргэлдээ буй за; тийм бус болбоос юунд түүний сүр хүчийг мандуулж хэлээд түүний уг язгуурыг үл хэлэх аж.” Өвгөн толгой дохин инээж өгүүлрүүн: “Энэ тойн харин ам хоншоортой! Бодвоос чи багшаа дагаж бадарлан хэссээр энд тотгор арилгах ялиагүй увидас сурсан буй за, гэвч чи их хэцүү шуламд учраагүй болой!” Бичин өгүүлрүүн: “Ямрыг нь их хэцүү хэмээмүй?” Өвгөн өгүүлрүүн: “Тэр шулмын нэгэн дугтуй бичиг Гандарагүд уулнаа хүрвээс, таван зуун архад угтан авмуй, нэгэн хуудас захиа тэнгэрийн ордноо хүрвээс арван нэгэн их одон гараг цөм хүндэтгэмүй. Дөрвөн далайн лусын хаад түүн лүүгээ ханилаад, найман агуйн арш хувилгаан үргэлж түүн лүгээ хуралдмуй. Арван эрлэг номын хаан ах дүү хэлэлцэн, навдаг савдаг, хотын эзлэгч цөм түүнд зарц болмуй.”

 

            Их богд сонссоор гэнэт хатганатал инээж өвгөнийг татан барьж өгүүлрүүн: “Хэлэх хэрэггүй! Хэлэх хэрэггүй! Тэр шулам миний хүүхэд лүгээ нөхөр болохоор үзвэл тийм хэцүү бус болой. Бага тойн миний ирснийг сонсвоос шөнө дөл одох буй за!” Өвгөн өгүүлрүүн: “Энэ бага тойн чи аман таваараа өгүүлмүй! Аль сахиулсан богд нь чиний хүүхэд болох буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Би чамд үнэнээ хэлбээс, миний уг нутаг болбоос Уулай улсын Цэцэг жимст уулын Усан үүдэт агуй, миний овог Сүн, нэр Ү Күн, эрт цагт би бас шуламлан, их явдал хийж явсан бөлгөө. Нэгэн удаа олон шулам лугаа архидан баахан хэтэрч унтсанд зүүдний дотор хоёр хүн ирээд намайг эрлэгийн оронд аваачихад, би хилэн төрж бэрээгээр тэр эрлэгийн элчийг занчин алаад, эрлэг хааныг эмээлгэн, Шинра харшийг хөрвүүлмээр болсноо арван эрлэг нэрээ бичиж гарын үсгээ зуран, хэлтрүүлэхийг гуйж, надад хүүхэд болъё хэмээн амласан бөлгөө.” Өвгөн өгүүлрүүн: “Арьяaбал! Энэ тойн улам улам амандаа даваагүй үг хэлмүй, одоо урт наслахыг бүү сана.” Бичин өгүүлрүүн: “Миний энэ нас мөн бага буюу.” Өвгөн өгүүлрүүн: “Чи хэдэн настай вэ?” Бичин өгүүлрүүн: “Чи тааж үз.” Өвгөн өгүүлрүүн: “Ихэдвээс долоо найман настай буй за.” Бичин инээн өгүүлрүүн: “Долоо найман настай хэмээвээс баахан ойртож эчих буй за! Чи эс буруушааваас би чухам дүрээ чамд нэгэнтээ үзүүлсүгэй.” Өвгөн өгүүлрүүн: “Юуны бас чухам нэг дүр байдаг вэ?” Бичин өгүүлрүүн: “Надад далан хоёр зүйлийн зүс баймуй.”

 

            Тэр өвгөн ухаан дөгөөг олохгүй дэмий л үг асуун атал, Бичин гэнэт нүүрээ нэгэнтээ илмэгц язгуур шүд, шөвгөр хоншоор, улаан нүүртэй уг дүр нь илрэн, дундуураа барсын арьсан хормойвч бүсэлж, гартаа алтан толтот шийдэм бариад аянгын эзэн мэт хадны доор зогсчээ. Тэр өвгөн үзээд царайн өнгө Шороо мэт болж, гар хөл салганан ойчсонд, Бичин урагш хүрч: “Өвгөн бүү айгтун. Би хэмээгч зүс муухай боловч зүрх цагаан болой. Бүү ай! Бүү ай! Сая таны сайн сэтгэлд соёрхогдон шулам байхыг олж сонсов. Чухам үнэнийг цөм хэлээд өгвөөс би бүрнээ талархсугай!” хэмээсэнд, тэр өвгөн чичрэн дагжиж, үг хэлж гарахгүй болоод нэгэн үг ч хариулахгүй болжээ.

 

            Бичин түүний өчихгүйг үзээд даруй буцан иртэл, Тансаг асууруун: “Ү Күн хүрээд ирэв үү? Асуусан учир ямар буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Гайгүй! гайгүй! Баруун газар нэг хоёр шулам байх хэмээмүй, ганц энэ газрын хүн зориггүй тул тийнхүү түүнийг юм болгон үзжээ. Зүгээр! Намайг байсан цагт гайгүй!” Тансаг асууруун: “Чи түүнээс энэ уулын нэр, агуйн цoл, шулам буг хэдий байх, аль замаар явбаас Аянган дуутад хүрэхийг цөм асуусан буюу?” Гахай өгүүлрүүн: “Багш, миний илүүц үгийг бүү буруушаа. Хувилж улиран хумслан дэгээлж, хошигнон зовоох ажил болбоос надад адил тав арав ороод манай ахад хүрэхгүй, хэрвээ үнэнч шударгыг хэлбээс манай ахын адил арав хорь боловч надад үл хүрмүй.” Тансаг өгүүлрүүн: “Тийм! тийм! Үнэхээр чи үнэнч шударга.” Гахай өгүүлрүүн: “Түүний юу юу гэж хэлээд эх сүүл эрээ хурайгүй эргээд ирснийг мэдэхгүй, би одож тодорхойлон асууж ирье” хэмээхэд, Тансаг: “Ү Нэн хичээгтүн” хэмээв.

 

            Тэр манхуу малтуураа мөрлөн хар намжираа засч, хайван тайван алхаж, хөтөл дээр гараад, өвгөний зүг: “Өвгөн аав аа, ёсолж баймуй” хэмээсэнд, тэр өвгөн сая Бичиний эгснийг мэдээд таяг тулж гэлдэрхийлэн босоод явсугай хэмээн салганан ажээ. Гэнэт Гахайг үзээд нэн гэлмэж: “Өвөө минь! Энэ өдөр ямар гамшгийн одон буугаад ийм чөтгөр хүмүүст учрах аж! Анхны ирсэн тэр нэгэн нь хэдий үзэхийн дүргүй боловч мөн хүний байдалтай бөлгөө, энэ тойн юутай ийнхүү эртгэр хошуу дэвүүрийн чих, живэн царай, зогдор үстэй, огт хүний шинжгүй аж!” хэмээхэд, Гахай инээн өгүүлрүүн: “Энэ өвгөн тавгүй болбоос хүнийг муулах зантай ажгуу. Чи намайг юугаар үзэж байх буй? Би үзэх дүргүй муухай боловч байсхийвээс даруй сайхан болж болох болой.” Тэр өвгөн түүний хүний хэлээр үг хэлэхийг сонсоод, даруй асууруун: “Чи хаанаас ирсэн буй?” Гахай өгүүлрүүн: “Би болбоос Тансагийн хоёрдугаар шавь, номын нэр найман санваарт Ү Нэн хэмээгч болой. Саяын ирсэн нь манай номын ах Ү Күн хэмээгч болой. Тэр ирээд өвгөн аавыг айлгаж сайхан асууж олсонгүй хэмээн багш надаар лавлуулахаар илгээсэн бөлгөө. Энэ уулын нэр юу хэмээмүй, ямар агуй байж, эзэдсэн нь ямар шулам буй, баруунш одоход аль замаар явмуй, өвгөн аавыг зүдээж тодорхойлон заалгасугай.” Өвгөн асууруун: “Чиний үг үнэн буюу?” Гахай өчрүүн: “Би нэг насандаа худал үг хэлдэггүй.” Өвгөн өгүүлрүүн: “Чи саяын ирсэн тэр тойны адил тийнхүү битгий чалчигтун.” Гахай өчрүүн: “Үгүй, үгүй, би түүнтэй адил бус” хэмээв.

 

            Тэр өвгөн таягаа тулж Гахайд өгүүлрүүн: “Энэ уулын нэрийг найман зуун газрын арслант уул хэмээмүй. Дотор арслант агуй хэмээх нэгэн агуй буй, агуйд гурван их шулам баймуй.” Гахай түй хэмээн нулимж өгүүлрүүн: “Өвгөн таны хэрсүү мөн өнгөрч хэтэрчээ! Гуравхан шулмын төлөө зовон зүдэж ирж чимээ өгч яана!” Өвгөн өгүүлрүүн: “Чи айхгүй юу?” Гахай өгүүлрүүн: “Чамд үнэнээр өгүүлсүгэй, үнэхээр гуравхан шулам болбоос манай номын ах нэгийг шийдэмдэж; би нэгийг малтуурдаад; манай бас нэг дүү буй, тэр нэгийг занчваас гурвууланг нэг л доор алаад, манай багш өнгөрөн гармуй, тэр ямар бэрх буй!” Өвгөн инээн өгүүлрүүн: “Энэ тойн үнэхээр ухваргүй болой!” Тэр гурван түрүү шулмын эрдэм увидас үнэхээр хэцүү! Түүний гар доор байх бага шулам, өмнө даваан дээр таван мянга, ар даваан дээр таван мянга; зүүн замд нэг түм, баруун замд нэг түм байх бөгөөд цагдан тойрогч дөрөв таван мянга, хаалга сахигч нэг түм буй; үүнээс гадна тогооч шулам тоогүй, түлээч шулам түм илүү, бүгдийг нийлүүлэн бодвоос бараг дөрвөн түм найман мянга буй. Эдгээр нь цөм дансанд нэртэй, ташаандаа шошготой, хүн барьж идэгчид болой.”

 

            Гахай үүнийг сонсоод бальдаж, ухаан алдаад гэдэргэ буцан гүйсээр Тансагтаны ойр ирж, үгээ хариулах ч үгүй, тэнд малтуураа таягдан, хормой өргөж буухaд, Бичин үзээд хашхиран зандаж: “Асуусанд ирж өчихгүй, чи тэнд оцойж юу хиймүй?” хэмээхэд, Гахай өчрүүн: “Би сүнс завхаад баас алджээ! Түүнийг хэлэх ч хэрэггүй, эртхэн тус тус амьдрахын замаа эрье!” Бичин өгүүлрүүн: “Энэ манхуу! Би одож асуугаад огт цочих сэтгэл орсонгүй атал чи асуугаад юунд энэ мэт мэндүүрмүй!”  Тансаг асууруун: “Үнэхээр ямар учир буй?” Гахай өгүүлрүүн: “Тэр өвгөний хэлсэн нь энэ уулыг арслант уул хэмээмүй, дотор нэгэн арслант агуй хэмээх агуй буй. Агуйд гурван их шулам аж гар доор нь дөрвөн түм найман мянган бага шулам байж, тухайлан хүний мах идэж ундармуй хэмээмүй. Өнгөрч гарахыг бүү сана! Түүний энэ уулын захад гишгэвээс даруй түүний идэш болмуй.” Тансаг сонсоод дагжин чичирч, яс шажигнан: “Ү Күн, хэрхвээс сайн?” хэмээхэд, Бичин инээн өгүүлрүүн: “Багш сэтгэл амар бай, гайгүй буй за. Бодвоос энд хэдэн шулам баймуй хэмээн сонсоод нутгийн хүмүүс зориггүйдээ могой хэмээхэд, шор шор гэв хэмээлдэн нэг нэгээн айлгаж байх нь болой. Би байсан цагт айх хэрэггүй!” Гахай өгүүлрүүн: “Aх юу ярьж байх аж! Би чам лугаа адилгүй, миний асуусан үг үв үнэн, өчүүхэн төдий ч худал хуумгайгүй. Уул зaв дүүрэн шулам байхад яахaн явж болмуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Шинжийг нь үз! Дэмээр цочих хэрэггүй! Уул зaв дүүрсэн ч сая хэдийхэн буй, өвгөн Сүний шийдмийн хагас шөнө эргүүлэхийг үл тэснэ!” Гахай өгүүлрүүн: “Нүүрээ барах их үгийг бүү хэл! Тийм олон шулмыг тооловч мөн арван өдөр тоолох атал, алаад яахан хагас шөнөд бармуй?” Бичин өгүүлрүүн: “Чи намайг яаж алахаар хэлмүй?” Гахай өгүүлрүүн: “Чиний тэр барих, хүлэх зогсоох зэрэг увидсаар яаж алавч тийм хурдан алж үл бармуй.” Бичин инээн өгүүлрүүн: “Барьж тавих уяж хүлэхийг хэрэглэхгүй. Би энэ шийдмээ сунган татаж, дөчин хос алд урт арван тэвэр бүдүүн болгоод өмнөш нэгэнтээ өнхрүүлбээс таван мянгыг алан, хойш нэгэнтээ өнхрүүлбээс таван мянгыг талагдаад, зүүнээс баруунш нэг тавибаас лав дөрөв таван түмийг махан талх болгож гарах болой!” Гахай өгүүлрүүн: “Аяа! Үнэхээр ийнхүү гурил хөвөрлөх мэтээр албаас магад хоёр жингийн үес цөм төгсгөх буй за.” Шороо дэргэд байсаар гэнэт инээн өгүүрүүн: “Их ахын ийм хувилгаан эрдэм байтал юунаас аймуй! Багш морилогтун, замаа хөөсү” Тансаг, шавь нарын ийнхүү баатарлан хэлэлцэхэд аргагүй баахан зориг орж морилон явав.

 

            Хараахан явж байтал, мэдээ өгсөн тэр өвгөн хэдийнээ үзэгдэхгүй болсонд, Шороо өгүүлрүүн: “Тэр өвгөний өөрийн бие нь шулам агаад хууран ирж манийг айлгасан ажээ.” Бичин: “Бүү сандар, би одож үзье” хэмээгээд, өндөр оргил дээр гарч дөрвөн зүгт бараалбаас мөр сүүдэргүй яаран гэдрэг харваас огторгуйд өнгөт үүл үзэгдмүй, Бичин даруй гүйцэн хүрээд үзвээс Сугар гараг ажээ. Ойр хүрч татан барьж, түүний багын нэрээр дуудаж: “Ли Цэн Гэн!  Ли Цэн Гэн! Чи үнэхээр ярвигтай хүн байнам! Ямар үг байвч шууд хэлбээс барав. Юунд уул хээрийн өтгөс болж ирээд хуурмуй!” Сугар гараг яаран ёс хийж өгүүлрүүн: “Их богд, мэдээ хүргэсэн миний баахан хожимдсоныг бүү буруушаа! Тэр шулмын эрдэм увидас үнэхээр хэцүү, хүчин чадал маш их, үүнийг туулахaд ганц чиний хувилах улирах хувилгаан увидас уран аргад итгэмүй; баахан омтгойлбоос магад гарч үл чадмуй.” Бичин тал өгч өгүүлрүүн: “Талархсугай! талархсугай! Үүнийг мэдвээс өвгөн гараг миний төлөө хурмастад айлтгаж надад цэрэг туслуулбаас сайн болой.” Сугар гараг: “Баймуй! баймуй! Чи нэг аман захиа хүргүүлбээс арван түмэн цэрэг авчирч баймуй” хэмээв.

 

            Бичин үүлийг даран Тансагийн дэргэд ирж буугаад: “Саяын тэр өвгөн нь харин сугар гараг аж, мэдээ хүргэж ирсэн ажгуу” хэмээхэд, Тансаг алгаа хамтатган өгүүлрүүн: “Шавь минь, чи хурдан дахиж эчин түүнээс энд өөр тойрч гарах зам байх эсэхийг асуугаад ир, бид зам тойрон гарсугай.” Бичин өгүүлрүүн: “Тойрон гарч болохгүй. Өргөнөөр найман зуун газрын уулыг яаж тойрон гармуй?” Тансаг үүнийг сонсоод бас тэсгэлгүй шогшин уйлж өгүүлрүүн: “Ийм бэрх болбоос бурханд яахан олж золгомуй!” Бичин өгүүлрүүн: “Бүү уйл! Бүү уйл! Уйлбаас даруй үхээнц золигийн янз гармуй! Түүний энэ мэдээ бас баахан худал газар баймуй. Гагцхүү манийг сэтгэл тавигтун хэмээн санаа буй за, үүнийг болбоос “Хэтрүүлж хэлбэл хэрсүүлэхэд сайн” хэмээгч нь болой. Чи түр мориноосоо буугаад энд сууж байгтун.” Гахай өгүүлрүүн: “Бас юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Чи түр энд багшийг сайтар сахиж бай, Шороо амьтай боодлоо харж бай. Би урьдаар даваан дээр гарч лавлаж, түүний энд хэдий шулам байхыг үзэн, нэгнийг бариад түүгээр бүх шулмын нэрийг бүртгэн бичүүлж аваад, нэг нэгээр тодорхойлон байцааж, агуйн үүдийг нь даруулж, гарч зам хороож болохгүй хэмээн захиваас манай багшаа ав амархнаар өнгөрүүлэн аваачиж болмуй. Ийн болбоос сая миний чадлыг мэдэх буй за!” Шороо: “Хичээтүгэй! хичээтүгэй!” хэмээхэд Бичин: “Захих хэрэггүй. Би хүрвээс их далай боловч зам гаргаж, төмөр уул боловч цоолон гарна!” хэмээв.

 

            Бичин нэгэнтээ тонгорцоглон өндөр хадан дээр гараад, лавлан үзвэл тэр ууланд яв цав огт хүнгүй тул гэнэт дуу алдаж өгүүлрүүн: “Ташаарчээ! ташаарчээ! Энэ сугар хөгшнийг тавьж явуулсангүй бөгөөс зохьсон бөлгөө. Үзвээс манийг айлгaсан ажээ. Энд хаана ямар шулам баймуй! Байваас энэ үед гарч ирээд жад сэлэм бүжиглэн, цэргийн эрдэм боловсрох буй за; юунд нэг ч үл харагдмуй?...” хэмээн дотроо таамаглан атал, гэнэт уулын араас хэнгэрэг харангын дуу гарч, тогшуур хонхны дуу сонстмуй. Яаран хойш эргэж харваас үзвээс нэгэн бага шулам “Зарлиг” хэмээх үсэгт туг мөрлөөд, бэлхүүсэнд хонх дүүжлэн, гарт тогшуур тогшиж хойноос өмнөөс өнгөрмүй, нарийвчлан үзвээс тэр шулмын биеийн өндөр бараг арван хоёр тохой буй. Бичин дотроо инээд хүрч: “Энэ лав нэгэн өртөөч цэрэг буй за, бас хааш юун бичиг хүргэх болов, би түр үүний юу хэлэхийг дагаж сонссугай” хэмээн бодов.

 

            Бичин даруй тарни уншин бие сэжиж нэгэн ялаа хувилаад хөв хөнгөн одож түүний малгайн дээр суугаад чих тавин чагнаваас тэр шулам зам дагуу тогшуураа тогшиж аман дотроо: “Манай уул цагдагчид тус тус Сүн Ү Күнг хичээмүй, тэр болбоос ялаа ч хувилж чадмуй!” хэмээн уншихад, Бичин хирдхийн санаруун: “Энэ амьтан намайг олж үзсэн ажээ, эс бөгөөс яахан миний нэр овгоос эхлэн ялаа хувилсанд хүртэл цөм хэмээмүй...” хэмээв. Угаас тэр бага шулам олж үзсэн бус, ганц тэр өдрийн их шулмын захьсан үгнээс ийм нэгэн үгийг цээжлээд ийнхүү уншиж явах ажээ. Бичин тэр учрыг мэдэхгүй олж үзэв хэмээн сэжиглээд шийдмээ гаргаж занчин алсугай хэмээгээд бас санаруун: “Өглөө Гахай эчиж сугараас олж сонссон нь түүний тэргүүлсэн нь гурван их шулам, бага шулам нь дөрвөн түм найман мянга байх хэмээмүй. Энэ мэтийн бага шулмас илүү хэдэн түм байсан ч ямар харш болмуй, ганц тэр гурван их шулам нь чухам ямар зэргийн чадалтайг мэдэхгүй... үүнээс асууж аваад жич алахад оройтохгүй буй за..”

 

            Бичин түүний малгай дээрээс үсрэн буугаад модон дээр суун тэр шулмыг хэдэн алхам явуулаад, бие хөрвөн нүд ирмэхийн зуур бас нэг бага шулам болж, түүний ёсоор тогшуур тогшин, хонх сэжиж, туг мөрлөөд, нэгэн адил хувцастай болон хувилав. Ганц түүнээс хэдэн ямх өндөр биетэй болоод, амандаа бас тэр мэтээр уншин хойноос гүйцэн ирээд: “Хүлээж бай, хүлээж бай, хүлээж бай, хамт явъя” хэмээхэд, тэр шулам гэдрэг харж үзээд асууруун: “Чи хаанаас ирэгч вэ?” Бичин инээн өгүүлрүүн: “Нэгэн гэрийн хүнээ бас танихгүйгээр аашилмуй!” Шулам өгүүлрүүн: “Манай гэрт чи мөн үгүй.” Бичин өгүүлрүүн: “Юунд намайг үгүй хэмээмүй? Чи лавлаж үз.” Бага шулам өгүүлрүүн: “Танихгүй! танихгүй! Гадны хүн.” Бичин өгүүлрүүн: “Танихгүй хэмээх нь мөн зүй, би тогоон гэрийн хүн тул тан лугаа уулзсан нь цөөн.” Бага шулам толгой сэжин өгүүлрүүн: “Биш! биш! Манай агуйн тогоон гэрийн ах дүү нарын дотор бас чиний мэт ийм шөвгөр хоншоортой нь үгүй.” Бичин төд сэмээр: “Би хоншоороо шөвгөр хувилгасан ажгуу” хэмээгээд толгой мэхийж гараар хэдэнтээ илээд: “Миний хоншоор төдий шөвгөр бус” хэмээгээд үнэхээр шөвгөргүй болгожээ. Бага шулам өгүүлрүүн: “Чи сая шөвийсөн хоншоортой байсан хүн юунд нэг л илмэгц даруй шөвгөргүй болсон нь мөн гайхал төрүүлмүй! Манай гэрийн хүн бус! Учирсангүй! учирсангүй! сэжиглэлтэй! сэжиглэлтэй! Манай их вангийн гэрийн ёс чанга, тогоочдыг тогоон гэрээс гаргахгүй, уул цагдагчдыг уулнаас эгүүлэхгүй. Чамаар галыг чинь түлүүлэхгүй боловч, лав уул цагдахаар ирүүлэхгүй буй за?” Бичин үгийг нь дагуулан: “Чи мэдээгүй болой. Их ван миний гал түлсэн нь сайныг үзээд даруй давшуулж уул цагдахад оруулсан болой” хэмээв.

 

            Бага шулам өгүүлрүүн: “Болтугай, бас манай энэ уул цагдагчид жасаа бүр дөчин хүн, арван жасааны нийт дөрвөн зуун хүнийг цөм өөрийн уг овог нэр нас жилийг дурдахгүй. Их ван манийг эндүүрэх болуузай хэмээгээд хүн бүрт цол нэр бичсэн тэмдэг өгсөн бөлгөө, чиний тэмдэг хаана буй?” хэмээв. Бичин угаас түүний хувцас хунар, янз байдлыг дууриан хувилсан боловч түүний тэмдэг бичгийг олж үзсэнгүй тул тийм тэмдэггүй бөлгөө. Тийн бөгөөд бас үгүй хэмээн шууд хэлэлгүйгээр: “Саяхан олсон тэр бичгийг хэлж байх буй за, мөнөөх юунд үгүй болмуй? Урьдаар таны хуучнаа гарга, би үзсүгэй.” хэмээхэд, тэр бага шулам юуны арга хэмээн мэдэх аж, даруй энгэрээ сөхөж дотор зүүж байсан алтан ширтэй, ёнхор оосортой шошгоо гаргаж Бичинд үзүүлэв. Бичин түүний шошгын ар талд “Баатар сүр бүх адыг дармуй” хэмээх алтан үсэг байж, өнгөн талд “Бага салхич” хэмээх үсэг байхыг үзээд дотроо: “Mэдлээ! Уул цагдагч бүхний нэрд эрхбиш нэгэн “Салхи” хэмээх үсэг таалцмуй!” хэмээн бодоод: “Чи миний тэмдгийг үз” хэмээн гар сунгаж сүүлийн үзүүрээс нэгэн ширхэг шар үс зуулан аваад: “Хувил!” хэмээн тарнидмагц даруй нэгэн улаан шар ёнхор оосортой шошго болоод дээр нь: “Ерөнхий салхич” хэмээх үсэг буй, үүнийг шуламд өгч үзүүлэхэд бага шулам их л гайхаж өгүүлрүүн: “Mанай цолыг цөм бага салхич хэмээх атал миний нэрийг юунд “ерөнхий салхич” хэмээсэн аж!” Бичин хэмээгч үйлдэхэд уран, өгүүлэхэд зүйтэй хүн даруй нийлүүлж: “Та нар үнэхээр мэдээгүй ажээ. Их ван миний гал түлсэн сайныг үзээд, тэр доор намайг салхич өргөмжилж дээр бас ийм нэгэн шинэ тэмдэг өгчээ. Энэ тэмдгийн үсэг нь: “ерөнхий салхич” хэмээж, таны нэг жасааны дөчөөд ах дүү нарыг захиртугай хэмээжээ” хэмээсэнд, тэр шулам даруй ёсолж өгүүлрүүн: “Ноёнтоон, ноёнтоон, таныг шинэ томилсон тул би үнэхээр олж таньсангүй, багшийн үг баахан хэгжих болсныг бүү буруушаа!” Бичин хариу ёслон инээж өгүүлрүүн: “Буруушаах үгүй, юунд буруушаамуй, ганц нэгэн учир буй, золголтын гар бэлэг хүн бүр таван лангүйгээр болох болой.” Бага шулам өгүүлрүүн: “Ноёнтон яарах хэрэггүй, би өмнө даваан дээр хүрсэн хойно, жасааны бүгдээс нийлүүлэн авч өргөсүгэй.” Бичин “Тийн болбоос бид хамт одсугай” хэмээгээд шулмаар зам удирдуулан Бичин хойноос даган эчив.

 

Хэдэн газар явсангүй, гэнэт нэгэн арваад хос алтан өндөр шорон хад харагдмуй. Бичин тэр хадан дээр үсрэн гарч суугаад: “Салхич нар аа! Бүгдээр ир!” хэмээн дуудсанд, тэр олон салхич цөм хадны доор ирээд: “Ноёнтонд хичээнгүйлэн золгомуй” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Та нар их вангийн намайг илгээсэн учрыг мэдмүй?” Бага шулмас өгүүлрүүн: “Мэдэхгүй” Бичин өгүүлрүүн: “Их ван нар Тансагийг барьж идэх хэмээгээд ганц тэр Сүн Ү Күний эрдэм увидас их, хувилан улирч чадах тул, салхич нарын дотор хутган орж ирэх болуузай хэмээн хичээж намайг салхич нарын даамалд дэвшүүлж, таны нэг жасааны дотор хуурмаг салхич байх эсэхийг байцаалгахаар ирсэн бөлгөө” Бага шулмас нэгэн дуугаар өчрүүн: “Ноёнтон, бидний дотор хуурмаг салхич үгүй. “Бичин өгүүлрүүн: “Та нар цөм үнэн болбоос манай их ван нарынхаа чадлыг мэдмүй?” Бага салхич өгүүлрүүн: “Би мэдмүй. “Бичин өгүүлрүүн: “Чи мэдэх бөгөөс хэлтүгэй, хэлсэн нь миний мэдэх лүгээ нийлбээс үнэн, хэрвээ баахан буруу хэлбээс чи даруй хуурмаг, би эрхгүй хүргэн аваачиж их ван нараар шийтгүүлмүй” тэр бага салхич түүний өндөр хадан дээр залран суугаад, ухчлан мохоож өгүүлэн зандахыг үзээд аргагүй үнэнээр өчрүүн: “Манай их вангийн эрдэм увидас их, хүчин чадал хэцүү, нэг л үмхдэр арван түмэн тэнгэрийн цэргийг залгисан удаа буй” Бичин зандан өгүүлрүүн: “Чи хуурмаг буй за!” Бага шулам гэлмэгдэн өгүүлрүүн: “Ноён аав аа, би үнэн болой, юунд хуурмаг хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи үнэн бөгөөд юунд худал үг хэлмүй! Их вангийн бие хэдийн их болов хэмээн тэнгэрийн цэргийг арван түмээр залгимуй?” Бага салхич өчрүүн: “Ноёнтон урьд мэдээгүй буюу, манай их ван их болъё хэмээвээс дээш тэнгэрт тулж, бага болъё хэмээвээс гаймуугийн төдий болж, хувилан чадмуй. Тэр жил Нэвс хүрз эх өлзийт тоорын хуримандаа олон орны хувилгаадыг уриад, түүнийг эс залсан учир манай их ван хурмастыг дайлсугай хэмээхэд хурмаст арван түмэн цэрэг гаргаж дайлахаар ирүүлжээ; манай их ван шидийн биеэ хувилгаж амаа хотын хаалга мэт ангайгаад хүчлэн сороход тэнгэрийн цэрэг айшгүй урагш орохгүй, тэнгэрийн хаалгаа дараад шургажээ. Түүнээс нэгэн үмхэд арван түмнийг залгив хэмээн хэлэх болжээ.” Бичин сонсоод инээд алдаж: “Чадлыг хэлэлцвээс би бас үүнийг хийж үзсэн болой,” хэмээн бодоод бас: “Хоёрдугаар их вангийн чадлыг хэл!” хэмээхэд шулам: “Хоёрдугаар их вангийн биеийн өндөр гурван хос алд, хүрийн хөмсөг, гарьдын нүд, уянгат хоолой, халбаган шүд, гүмбраагийн хамартай, хүн лүгээ тэмцэлдвээс хамраар нэгэнтээ ороовоос хэдий төмөр голтой хүн боловч сүг сүнс завхмуй!” Бичин бас: “Хамраар ороох шулмыг барихад мөн бэрхгүй” хэмээн бодоод: “Гуравдугаар их вангийн чадал юу юун буй?” хэмээхэд бага шулам өчрүүн: “Манай гуравдугаар их ван болбоос энэ эгэл ертөнцийн бүтээлтэн шулам бус, нэрийг үүлнээ халигч түмэн газрын хан гарьд хэмээмүй. Хөдлөн нисэхэд салхи хуйлран далай цалгиж уул догдолмуй. Биед “Арга билгийн бумба” хэмээх нэгэн эрдэнэ буй. Хэрвээ түүнд хүн хоригдвоос нэгэн цаг гурван мөчид шүүс идээ болмуй.”

 

            Бичин сонсоод дотроо хирдхийж: “Шулам нь харин ч гайгүй, ганц тэр бумбыг сэргийлбээс зохимуй” хэмээгээд өгүүлрүүн: “Гурван их вангийн чадлыг хэлсэн чинь дэмий андуугүй. Ганц аль их ван Тансагийг идсүгэй хэмээж баймуй?” Салхич өгүүлрүүн: “Ноёнтон мэдэхгүй буюу?” Бичин зандан өгүүлрүүн: “Би таны хир мэдэхгүйдээ асууж байх буюу! Таныг мэдэхгүй болуузай хэмээн надаар үнэнийг асуулгах нь болой!” Бага салхич өгүүлрүүн: “Манай их ван хийгээд хоёрдугаар ван болбоос энэ арслант агуйд удаан суужээ. Гуравдугаар их ван болбоос энд суудаггүй. Түүний уг нутаг нь эндээс ас баруунтаа дөрвөн зууны газар буй. Тэнд арслант улс хэмээх нэгэн улс байсныг таван зуун оны өмнө тэр, хаан түшмэд харц иргэдийг цөм барьж идээд төрийг нь эзэлж өдгөө хот дүүрэн буг шулам болжээ. Хаанаас хэзээ олж сонссоныг мэдэхгүй, зүүн Тан улсаас арван төрөл ариунаар бясалгасан Тансаг хэмээгчийг томилон баруунш ном залахаар одуулмуй, түүний махыг нэгэн хэсэг олж идвээс насан хутаг уртадмуй хэмээнэм, ганц түүний гар доор нь Сүн Ү Күн хэмээх хэцүү нэгэн шавь буй тул, ганцаар гар мөхөстүүзэй хэмээн энд ирээд манай хоёр их ван лугаа нөхөр бололцон, сэтгэл хүчнийг нэгтгэж Тансагийг барьсугай” хэмээмүй.

 

            Бичин сонсоод их л хилэгнэн: “Энэ муу шулмас үнэхээр ёсгүй! Би Тансагийг хамгаалан явж үнэн мөрийг бүтээсүгэй хэмээхэд, тэр юунд миний хүнийг идэх хэмээх горьдмуй!” хэмээгээд, тачигнатал зандан, шүд хавирч, төмөр шийдмийг далайн үсрэн буугаад, шулмын толгой руу нэгэнтээ орхисонд бага шулмыг яг махан талх мэт болгожээ! Үүнийг үзээд бас өр өвдөж өгүүлрүүн: “Хөөрхий! Энэ сайхан сэтгэлээр надад гэрийн учраа цөм хэлсэн бөгөөтөл, би юунд хүнийг энэ мэт хар хортойгоор хариулсан аж? Болжээ одоо! Нэгэнтээ хийчихсэн хэргийг гэмшээд юу хийнэм!” хэмээв. Тэр Бичин ван гагцхүү багшийн учир зам нээх аргагүй ийм хэргийг үйлджээ. Төд түүний тэмдгийг тайлж аваад өөрийн ташаандаа зүүж, “Зарлиг”-ийн тугийг мөрлөн хонхыг зүүгээд, тогшуурыг тогшин, тарни уншиж салхины эсрэг нэгэнтээ бие сажаад тэр бага салхичийн дүрээр хувилж, түүний ирсэн замаар агуйн зүг явж эр гурван их шулмын байдлыг үзэхээр ирэв. Энэ үнэхээр: Mянган зүйлээр хувилагч сайхан Бичин ван, түмэн зүйлээр улирах эрдэм чадалтай болой!

 

            Гүн ууланд ороод хараахан замаар явж байтал, гэнэт хашхиралдах дуун сонстмуй, нүд өргөн үзвээс арслант агуйн үүдэнд хүрсэн аж, тэнд түм буман бага шулмас байж, жад сэрээ гялалзан, туг далбаа мяралзмуй. Бичин дотроо сэмээр баярлаж: “Ли Цэн Гэн үнэхээр худал хэлсэнгүй! Худал хэлсэнгүй!” хэмээв. Үзвээс жагсаалд хоёр зуу тавин хүнийг нэгэн их баг болгожээ. Баг бүрийн өмнө алаг эрээн туг мяралзаж, дөчин бүлэг байхыг үзээд даруй түм хүн байхыг мэдэж ийн сэтгэрүүн: “Би энэ биеэр орж очоод, тэр шулмын түрүү нь надаас уул цагдсан явдлыг асууваас би эрхгүй асуултыг үзэн хариулт хиймүй. Хэрвээ үг хэлэхийн дунд өө сэв мэдэгдвээс даруй түүнд сэрэгдэх тул яахан бие мултармуй? Гадагш буцаж дутаахaд эдгээр хаалгач буй, үүднээ хэрхин гарнам? Үүр доторх их шулмыг барихaд, үүдэн дээрх олон шулмасыг урьдаар тонилгох хэрэгтэй!” Ийм олон шулмыг тэр чухам яаж тонилгодог болов?... Тэр бас: “Тэр шулмын түрүү над лугаа учирсангүйгээр миний нэрийг мэджээ, түр энэ алдар нэрээ ашиглаж их үгээр эднийг нэг айлгаж үзье. Үнэхээр дундад орны хамаг амьтан ном олж хүртэх хувь ерөөл байх болбол айлгах хэдэн үг хэлбээс мөн үүдэн дээрх шулмын нэлээдийг тархааж болмуй; хэрвээ хамаг амьтан үнэн ном хүртэх хувь ерөөлгүй болбол, хэдийгээр цэцгийн хур ортол хэлэвч үүдэн дээрх шулмыг тархааж үл чадмуй” хэмээн арга бодож тогтоогоод тоншуур хонхоо дуугарган, шууд Арслант агуйн үүдэнд алхан хүртэл хэдийнээ өмнөд жагсаалын бага шулмас тосч: “Бага салхич хүрээд ирэв үү?” хэмээвээс Бичин үл сонсогч болон толгой дарж дуугүй алхмуй.

 

            Хоёрдугаар жагсаалд хүртэл бага шулмас бас тосч татан барьж: “Бага салхич хүрээд ирэв үү?” хэмээмүй. Бичин өгүүлрүүн: “Хүрээд ирсэн.” Олон шулам өгүүлрүүн: “Чи энэ өдөр гараад Сүн Ү Күн хэмээгчид олж учрав уу?” Бичин өгүүлрүүн: “Учирлаа, тэнд суугаад хөшүүрэг төмрөө билүүдэж баймуй.” Олон шулам эмээлдэн өгүүлрүүн: “Ямар дүртэй вэ? Юуны хөшүүрэг төмөр билүүдмүй?” Бичин өгүүлрүүн: “Тэр горхийн хөвөөн дээр явган суусныг үзвээс яг Махаранз адил; хэрвээ босч зогсвоос лав гучин алд өндөр баймуй! Гартаа аяган чинээ бүдүүн төмөр шийдэм бариад, хадан дээр ус битүүлэн битүүлэн цацаж шийдмээ билүүдэж, амандаа: “Шийдэм минь! Энэ орчим чиний эрдэм чадлыг гаргах газар олсонгүй, арай хэмээн энд арван түмэн шулам ам хишгээрээ амиа хүргэж ирэв! Би тэр гурван түрүүг нь алсан хойно чамайгаа мялайсугай хэмээн өгүүлмүй. Тэр шийдмээ билүүдсэн хойно лав таны энэ нэг түмэн жагсаалын шулмыг урьдаас алмуй!”  Тэдгээр шулмас үүнийг сонсоод цөм цөс цалгин зүрх чичирч, сүнс сарнин сүг завхав. Бичин бас өгүүлрүүн: “Ах дүү нар аа, тэр Тансагийн мах хэдийхэн байх вэ, маньд хүртэх юм бус, хүний төлөө амиа хүргэж юу хийнэ? Харин тархахыг хүрэхгүй” Олон шулам цөм: “Зүй болой. Бид тус тус амь зулбасугай” хэмээлдэв. Тэдгээр нь цөм барс чоно, баавгай өтөг, бүргэд харцгай, бөднө гургуул зэрэг араатан жигүүртэн тул доргитол тархан оджээ. Энэ нь Бичин багшийн нутгийн дууллаар найман мянган цэргийг тархаасан арга болжээ! Бичин дотроо баясан: “Болжээ! Түрүү шулам дуусчээ! Нэрийг сонсмогц дутааж байх амьтан ямар айшгүй нүүр тулан байлдмуй? Өдгөө орвоос бас энэ үгээ хэлсүгэй. Энд хэлсэн лүгээ буруу хэлж үл болмуй, саяын эдгээр бага шулам энэ нэгэн хоёр нь дотогш орж мэдүүлбээс сэрэгдэх бус уу?” хэмээн бодоод зориглон дотогш оров. Түрүү шуламд учраад сайн муу ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.

 


[1] зэгс


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 37 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 25 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 53 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 57 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 40 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 13 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 16 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 17 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 51 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 0 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 10 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 15 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 38 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 55 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 13 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 14 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 29 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК