зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ХУУЧИН ХОРСЛООР ХУВРАГУУДАД ХОР ХҮРГЭВ

ХУВИЛГААН БИЧИН ЗОЛООР ШУЛМЫН УВИДСЫГ ЭВДЭВ

 

Өгүүлэх нь, Бичин Тансагийг тэнхрүүлэн Гахай, Шороотны хамт их замаар баруунш яван хагас өдөр болсонгүй нэгэн газарт хүрвээс, асар тагт сэгийлцэн орд харш сүндэрлэж харагдмуй. Тансаг морийг татан: “Шавь нар та үз, тэр ямар газар буй?” хэмээхэд, Бичин тэргүүн өргөн үзвээс:

 

Өндөр уул орд харшийг хүрээлэн, урсах ус асар тагтыг тойрчээ. Үүдний өмнө элдэв модод жигдрэн, эргэн тойрон өнгийн цэцэг дэлгэрчээ. Удын дунд цагаан дэглий суухуйяа, утааны доторх цэвэр хас адил, уран гургалдай тоорын салаанаа донгодохуйяа, улайм гал дахь шижир алт мэт. Уул хөвчөөр бор согоо гүйлдэн, ой модон жигүүртэн шувуу донгодмуй. Үнэхээр хувилгааны агуйд адилшаан, хутагтын лаврингаас доргүй.

 

Бичин төд: “Тэр бээр хад ноёдын орд өргөө бус, яг сүм хийд мэт харагдмуй, тэнд хүрвээс мэдмүй зэ” хэмээхэд Тансаг морийг ташуурдан багш шавь дөрвүүлээ үүдэнд хүрч үзвээс хаалганы дээр “Шар цэцэгт сүм” хэмээх илэрхийлэл буй, Тансаг даруй мориноос буутал, Гахай өгүүлрүүн: “Шар цэцэгт сүм хэмээхээр үзвээс лав бумбын суух газар буй за, бидний дээл малгай түүнлүгээ адилгүй боловч бясалгал нэгэн адил тул орж учирваас болмуй.” Шороо өгүүлрүүн: “Мөн зүй болой, орвоос нэгд дотор байдал үзэмжийг үзэж, жичид морь унаагаа тэжээмүй. Аятай болбоос цав хоол олж багшид идүүлбээс мөн болмуй.”

 

            Тансаг үгийг даган дөрвүүлээ дотогш орж хоёрдугаар хаалганд хүрвээс үүдэн дээр нь: “Шар удвал цагаан цас арш хувилгааны ордон, шидэт өвс хаслаг цэцэг өдөн дэвэлтийн гэр” хэмээх хос уянга буй. Бичин инээн өгүүлрүүн: “Энэ нь өвсөн галаар эм найруулж, хясаа хөөрөгтөн ханд нэрдэг бумба ажгуу.” Тансаг түүнийг чимхэн өгүүлрүүн: “Амаа хичээ! Амаа хичээ! Бид түүн лүгээ танил бус, түдэсхийгээд явах хэрэг, түүнийг хайхарч яамуй?” Хоёрдугаар хаалгаар орон үзвээс гол харшаа хаагаад зүүн жигүүрийн харшийн саравчин дор нэгэн бумба сууж эм үрэлдэн амуй. Түүний өмсөж зүүснийг үзвээс:

 

Тэргүүнд алтадмал улаан малгай тавин, биед тас хар дээл өмсөж, хөлд цэл ногоон шаахай өшгөлөн, дундуураа шар ёнгор бүс бүсэлжээ. Нүүр хөх нүд гэрэлтэй. Хамар өндөр, уруул зузаан. Үзвээс бясалгалт аршид бүтээлт бумбын байдалтай.

 

Тансаг үзээд дээр дуугаар: “Хувилгаан аршид  эндээс ёсолмуй” хэмээхэд  тэр бумба гэнэт үзээд их л цочин, гар дахь эмээ тавиад, хувцсаа засч, индрээс буун ирээд: “Багштаныг угтахыг осолдов, дотор заларч буу” хэмээхэд Тансаг их л баярлан харшид гарч, үүдийг нээн орж үзвээс, гол дунд гурван ядмын хөргийг тахиж, тахилын ширээн дээр хүж хүлс цөм буй тул даруй хүж асаан хүлсэд хатгаад гурван зэрэг мөргөсөн хойно сая бумба лугаа ёслолцон зочны суудалд одож багш шавь дөрвүүлээ суулцав. Бумба яаран банди нарыг дуудаж цай авчир хэмээсэнд, хоёр банди, дотор ороод, таваг эрж, цом угаан, цай жимс авах хэмээсээр хэдэн өшөөтнөө сэрэгдүүлжээ.

 

            Үзвээс ороонго торын агуйн тэр долоон эм шулам болбоос энэ бумба лугаа нэгэн сургуулийн шавь ажгуу. Өглөө тэд хуучин дээлээ олж өмсмөгц хүүхдийг гаргаж тулуулаад өөрсдөө шууд энд ирж шургажээ. Өдгөө хараахан хойд гэрт хувцас эсгэн байгаад, тэр банди нарын цай зөөхийг үзэж, даруй асууруун: “Гадна ямар зочин ирээд энэ мэт яаралдмуй?” Банди өчрүүн: “Сая дөрвөн тойн ирсэн багш биднийг дуудаж тэдэнд цай хүргүүлмүй.” Охин шулмас асууруун: “Нэгэн цагаахан царайтай тарган тойн байна уу?” Өчрүүн: “Баймуй.” Бас асууруун: “Нэгэн урт хоншоор дэлбэгэр чихтэй тойн байна уу?” Өчрүүн: “Баймуй.” Охин шулмас өгүүлрүүн: “Чи хурдан одож цайгаа өгөхдөө багшдаа нүд дохиол, энд чухал учир буй хэмээн авч ир” хэмээв.

 

            Тэр банди таван цом цай авчран баримагц, тэр бумба ханцуйгаа шамлан хоёр гараар Тансагт барьж, дараагаар Гахай, Шороо, Бичинтэнд барив.  Цай ууж цом хураасан хойно банди нэгэнт нүд ирмэсэнд, бумба босч бие мэхийн: “Та нар залран сууж байгтун” хэмээгээд бас: “Шавь, цай тавгаа тавьж зочлон сууж бай, би даруй ирмүй” хэмээгээд одсон хойно, багш шавь нар тэр бандийн хамт харшийн дээр гарч бахархан үзнэм бөлгөө. Үүнийг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь, бумба сая хойд гэрт алхан ортол тэр долоон охин хамтаар сөгдөж: “Номын ах! Номын ах! Өчүүхэн дүү нарын нэгэн үгийг сонсмуу!” хэмээхэд, бумба тэтгэн босч өгүүлрүүн: “Энэ өдөр би яг саяхан билгийг цээрлэх нэгэн эм найруулж байсан тул өглөө та нарын хэлэлцсүгэй хэмээснийг зөвшөөсөнгүй бөлгөө. Өдгөө хэлэлцсүгэй хэмээхэд хараахан гадна бас зочин иржээ, учир байваас алгуураар хэлэлцвээс барав.” Олон шулам өчрүүн: “Энэ учрыг зочин ирсэнд сая тухайлан номын ахад айшгүй мэдүүлмүй; хэрвээ зочин явсны хойно хэлэвч тусгүй болмуй.” Бумба инээн өгүүлрүүн: “Манай охин дүү нарын үгийг үз, юунд эрх биш зочин байхад сая хэлмүй хэмээмүй? солиорсон буюу? ариун сэлүүн агч аршийн бясалгалтан би байтугай, хэдий эм үртэй хар хүн боловч мөн зочныг мордуулаад сая гэрийн учраа шийтгэх болой. Юунд ийм мэргэн бусаар явж, миний нүүрийг бармуй! Би эчсү” хэмээхэд олон шулмас бас хамтаар чирэлдэж: “Номын ах хилэнгээ дарагтун, тэнд байгч зочин чухам хаанаас ирэгч буй?” хэмээхэд, бумба царай барайж дуу эс гарав. Олон шулмас өгүүлрүүн: “Бид саяын цай аваачсан бандиас сонсвоос дөрвөн тойн хэмээмүй.” Бумба уурлан өгүүлрүүн: “Тойн болбоос яамуй?” Шулмас асууруун: “Тэд дөрвийн дотор цагаан царайтай тарган тойн нэг буй, урт хоншоор дэлбэгэр чихтэй тойн нэг буй бус уу, номын ах тэдний хаанаас ирэгчийг асуусан буюу?” Бумба өгүүлрүүн: “Тийм, тийм ийм хоёр хүн буй, та нар хэрхэн мэдэв? Бодвоос золгосон газар буй за?”

 

Охид өгүүлрүүн: “Ах харин энэ нэгэн хилс хэргийг мэдэхгүй. Тэдгээр болбоос баруун бурхны орноос ном залахаар одогч Тан улсын тойд болой. Өглөө манай тэнд хүрч бадар гуйхад бид Тансаг хэмээхийг сонсоод барьж авсан бөлгөө.” Бумба асууруун: “Түүнийг бариад хэрхмүй?” Охид өчрүүн: “Тансаг болбоос арван төрөл бясалгасан ариун бодь хүн, түүний нэгэн хэсэг махыг олж идвээс даруй урт насалмуй хэмээн урьд сонссоноор түүнийг барьсан бөлгөө. Хойно тэр дэлбэгэр чихт тойн манийг угаалын рашаан булаг дотор хашаад, хувцсыг булааж, бас бидэнтэй хамт умбасугай хэмээхэд бид мөн хориглож чадсангүй, тэр үсрэн ороод бас могой загас хувилан садарлах санаа үүсэж эрх биш бидний алын доогуур шургалмуй. Үнэхээр тачаалтай! Тэр бас уснаас гарч уг биеэр болоод манай санаагүйг үзэж, нэгэн төмөр малтуур эргүүлэн алахаар ирэв. Бидэнд баахан чадал байсангүй бөгөөс түүний гарт мөхжээ. Тийнхүү айх эмээн дутаан ирэхдээ мунхаг хэдэн зээг чинь тэдэн лүгээ байлд хэмээсэн бөлгөө, үхсэн амьдыг үл мэдмүй. Тийнхүү тухайлан ахыг эрэн ирсэн бөлгөө, ах нэгэн сургуульд хамт агснаа санаж, энэ өдөр маньд өшөөг авч өгөх ажааму!”

 

Тэр бумба энэ үгийг сонсоод хилэгнэн өгүүлрүүн: “Энэ тойн үзвээс энэ мэт ёсгүй ажгуу! Та нар цөм санаа амар бай, би түүнийг шийтгэсүгэй!” хэмээхэд, охид талархан өгүүлрүүн: “Номын ах гар хөдлөх бөгөөс бид бас туслан байлдсугай.” Тэр бумба: “Байлдахгүй! байлдахгүй! Энгийн үгэнд: “Нэг байлдваас гурван хувь хохирмуй” хэмээжээ. Та нар намайг дагаж ир” хэмээв

 

Охид даган гарваас тэр бумба гэр дотор ороод шат авчран, хэвтэх орны араар дам нуруун дээр авиран гарч, гуулин оньстой арьсан хайрцаг авч буулгаж оньсыг сөхөөд дотроос нэгэн баглаа эм гаргав. Тэр эм хэмээгч:

 

Элээ хэрээ элдэв шувууны баасыг эрэн түүж мянган жин цуглуулаад, галын хүч уур усыг тэнцүүлж, гуулин тогоонд буцалган чанажээ. Мянган жинг шанаганд багттал ширгээж, нэг шанагыг гуравхан пүн болтол хайлуулжээ. Гуравхан пүнгээ галаар бас хуурч, талх болтол түлснээ дахин нүджээ. Ийнхүү найруулсан энэ эмийг хэлбээс үлгэрлэшгүй их хор болой. Аманд хийж хэл баахан хүрмэгц амтыг мэдэхийн урьд арван эрлэгт уулзмуй!

 

Бумба өгүүлрүүн: “Охин дүү нар сонс, миний энэ эрдэнийг эгэл хүн нэгээхэн ли ууваас даруй үхмүй; арш хувилгаан гурван ли ууваас даруй үхмүй. Эдгээр тойд эрдэмтэй ч магадгүй, гурван ли өгсүгэй, хурдан хэмнүүр авчир” хэмээтэл нэгэн нь яаран одож хэмнүүр авчран өгсөнөө: “Нэг пүн хоёр ли хэмнэж дөрвөн тийш хувааваас болмуй” хэмээгээд бас арван хоёр улаан чавга авч, эмийг чавганы дотор шингээн дөрвөн цомонд хийж, бас хоёр хар чавгыг нэгэн цомонд хийж тэвшинд тавиад бумба өгүүлрүүн: “Би гарч асуусугай, тэд Тан улсаас ирсэн бус болбоос байсугай; хэрвээ Тан улсаас ирэгч болбоос би даруй цай хэмээн дуудсугай, та нар энэ цайг банди нараар өгч илгээгтүн. Ууваас даруй үхэх тул үүгээр та нар өшөөг авч хорслыг тайлсугай” хэмээснээ долоон охин талархаж барахгүй авай.

 

            Тэр бумба нэгэн зах дээл халж өмсөөд хөнгөмсөг аашлан гарч ирээд, Тансагтаныг дахин суудалд суулгаж: “Тойн багш бүү зэмлэ. Сая би тэнд одож бага шавиар ногоо авчруулж цагаан цав базаалгах хэмээсээр эмсэглэхийг осолдов” хэмээхэд, Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн гар хоосноор золгон бараадсан бөгөөд ямар айшгүй цав хүртмүй?” Бумба инээн өгүүлрүүн: “Чи бид цөм гэрээс гарагсад, хийдийн үүд учирваас хэдэн шэн амууны хувь буй атал юунд гар хоосон хэмээх үгийг дурдмуй? багшаас айшгүй асуусугай, эрхэм уул хаана буй? энд ямар явдлаар ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн болбоос зүүн их Тан улсын хааны зарлигаар баруун газрын их Аянган дуут сүмээс ном залахаар одогч болой, сая эрхмийн хувилгаан орноор өнгөрөхдөө ёслон золгохоор ирсэн бөлгөө.” Бумба инээмсэглэн өгүүлрүүн: “Багш болбоос бодь сэтгэлт богд болой, өчүүхэн бумба мэдсэнгүй тул хол угтахыг осолдов. Уучилтугай! Уучилтугай!” хэмээгээд: “Хүүхэд цай авч ир, цав базаа” хэмээсэнд, хүүхэд цай авахаар ортол тэр охид дуудан ирүүлж: “Энд бэлэн цай буй, аваачиж баригтун” хэмээсэнд тэр банди тэр таван цом цайг авч ирмэгц бумба яаран босч хоёр гараар улаан чавгатай цайг урьдаар Тансагт бариад бас Гахайн бие бузгайг үзэн ахмад шавь хэмээн бодож дараагаар түүнд барьж, жич Шороод барин, Бичинийг отгон шавь хэмээн бодоод хамаг сүүлд сая барив.

 

Бичин хэмээгч нүд гярхай хүн тул цомтой цайг авах дашрам хэдийнээ тэвшид байх цомд хоёрхон хар чавга байхыг үзээд: “Бумба, хоёулаа нэг цом сольсугай” хэмээхэд, бумба инээн өгүүлрүүн: “Тойн багштанд нуулгүй хэлсүгэй, уул хээрийн ядуу бумба, цай жимсийг тав дээр бэлтгэж амжсангүй, сая би өөрөө одож эрж олсон энэ арван хоёрхон улаан чавгаа хуваан хэмнэж хүндэтгэн өргөсөн бөлгөө. Ядуу бумба дэргэд хоосон сууж үл болох тул, тийнхүү хар чавга хоёр олж хундагалан зочилмуй. Энэ болбоос ядуу бумба миний хичээнгүйлэн хүндэтгэхийн санаа болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Юун хэмээх аж? эртний үгэнд: “Араг үүрсэн баянаас айл гэртэй ядуу дээр” хэмээжээ. Чи болбоос гэр өрхтэй хүн юунд ядуу хэмээмүй! Бидний ийм бадарчин тойдыг сая ядуу хэмээх буй за. Хоёулаа сольсугай, сольсугай” хэмээтэл Тансаг үзээд: “Ү Күн, энэ хувилгаан арш мөн ч үнэнч сэтгэлээр зочлох нь болой, уутугай, түүнийг сольж яамуй?” хэмээх тул Бичин аргагүй зүүн гарт цомыг барин баруун гараар амсрыг битүүлээд тэднийг харж суув.

 

Тэр Гахай болбоос нэгэнт ундаасаж жичид гэдэс их тул цомонд гурван бүдүүн чавга байхыг үзээд өргөн авмагц хөнтрөн залгижээ. Шороо, Тансагтан мөн дагалдуур цөм уув, удсангүй Гахайн царайны өнгө хузайж Шороон нүд тогтоод, Тансагийн амнаас цагаан хөөс гарч цөм сууж тогтохгүй болж хөсөр унав.

 

Бичин хор өгснийг мэдээд, цайтай цомоор бумбын нүүр өөд цохиход бумба ханцуйгаар халхлахад цом газар тусаж хэмхрэв. Тэр бумба уурлан өгүүлрүүн: “Энэ тойн үнэхээр балмад, юунд хүний цомыг хагалмуй?” Бичин хараан өгүүлрүүн: “Энэ муу адгуус чи! Манай энэ гурван хүн одоо яамуй. Бид чамд ямар өшөө буй хэмээн манай хүнийг хорт цайгаар хөнөөмүй?” Бумба өгүүлрүүн: “Энэ муу зэрлэг адгуус чи хэрэг гаргаад юунд үл мэдэгчээр овломуй?” Бичин өгүүлрүүн: “Бид сая орж ирээд байх атал чи намайг ямар хэрэг гаргав хэмээмүй?” Бумба өгүүлрүүн: “Чи ороонго торын агуйгаас бадар эрж, угаалын рашаан булагт бие угаасан бус уу?” Бичин өгүүлрүүн: “Угаалгын рашаан булагт долоон шулам буй, чи түүнийг дурдах нь лав түүн лүгээ сүлбээ буй, лав мөн шулам буй за?! бүү дутаа! Миний шийдмийг амталж үз!” хэмээгээд чихнээсээ болд бэрээгээ гаргаж нэгэнтээ сэжин аяган чинээ бүдүүн болгоод бумбыг нүүр нүдгүй занчин ирэхэд тэр бумба мэндүүрэн зайлж гараад, нэгэн сэлэм авч угтан ирэв.

 

Тэр хоёул хараалцан цохилдоход дотор байсан охин шулмас сонсон хамтаар гарч ирээд: “Номын ах зүдэх хэрэггүй, бага охин дүү нар бид барьж өгсүгэй” хэмээхэд, Бичин үзээд нэнт хилэгнэж шийдэм эргүүлэн цохилон ортол, тэр долуулаа энгэрээ сөхөн гэдсээ гаргаж, хүйснээсээ ёнгор ширхэг цувуулан сүлжин торлож Бичинийг хорьж авав.

 

Бичин байдал бусыг мэдэж, тарни уншиж торыг цоолон тонгорцоглон гараад, уурыг хүлцэн агаарт зогсож үзвээс, тэр ёнгор ширхэг түм мянган давхар сүлжин торлож удалгүй тэр шар цэцэгт сүмийг бараагүй бүрхэв. Бичин үзээд сэмээр: “Хэцүү! Хэцүү! Золоор хоригдсонгүй, ийнхүү Гахай торлогдон унасан ажгуу! Одоо хэрхвээс сайн буй! Багш ба дүү нар бас хордоод буй, эдгээр шулмас сэтгэл нэгдэн хамсчээ. Эдний уг язгуурыг бас мэдэхгүй, мөнхүү тэр савдгаас одож асуусугай” хэмээв.

 

Их богд төд үүлийг даран тарни уншиж савдгийг дуудан авчирснаа савдаг замын хажууд сөгдөж мөргөн өгүүлрүүн: “Их богд, багшаа тэнхрүүлэхээр эчсэн бөгөөд юунд эгэж ирсэн аж?” Бичин өгүүлрүүн: “Өглөө би багшаа гаргаад нааш ирж удсангүй энэ шар цэцэгт сүм тохиолдсонд, бид багш лугаа үзсүгэй хэмээн ортол сүмийн эзэн угтан зочлоод, үг хэлэлцэхийн зуур манай хэдүүлд хор уулгаж үхэтхийгүүлжээ. Завшаанд би цайг уусангүй тул шийдэм гарган занчихад тэр сая ороонго торын агуйд бадар эрсэн, угаалын рашаан булагт бие угаасан учрыг хэлж гаргаснаа би түүний шулмыг мэдэв. Би сая түүн лүгээ золгон байлдтал, тэр долоон охин гарч ирээд тор татахад өвгөн Сүн үзэж гараад дутаан гарч ирэв, бодвоос чи энэ газрын савдаг тул лав тэдний уг язгуур нь ямар шулмыг мэдэх буй за, үнэнээр өчвөөс занчихаас хэлтрүүлсүгэй!” Савдаг мөргөж өгүүлрүүн: “Эдгээр шулам энд ирсээр арваад жил болжээ. Өчүүхэн хувилгаан гурван жилийн өмнө лавласаар сая тэдний уг бие нь аалзыг мэдэв. Тэдний тэр гаргадаг ёнгор ширхэг нь аалзан тор болой.” Бичин сонсоод их л баярлан: “Тийм болбоос дэмий хамаагүй, чи эгтүгэй, би увидсаар тэднийг барьсу” хэмээснээ савдаг мөргөсөөр эчив.

 

Бичин төдий шар цэцэгт сүмийн гадна буун сүүл дээрээсээ далан ширхэг шар үс зуулан авч “Хувил!” хэмээн далан бага Бичин хувилгаж, бас алтан толтот шийдмийг тарнидан далан ацат шийдэм болгон хувилгаж, Бичин бүрт нэжгээдийг бариулан өөрөө шийдэм барин гадна зогсож тэр далан Бичинээ дотогш оруулан хүчин нийлүүлэн хамтаар хашхирч, эргүүлэн орооход, хүн бүрийн ацат шийдэмд арван хэдэн жин ширхэг ороогоод түүний дотор тогоон чинээ долоон аалз хамагдан гарч ирээд дэмий л “Амийг уучил! Амийг уучил!” хэмээмүй. Тэр үед далан бага Бичин ацат шийдмээр аалзыг дараад юун тавих аж. Бичин: “Түр бүү ал, эд нараар багш ба дүү нарыг авчруулсугай” хэмээхэд, шулам бархиран: “Номын ах, түүний Тансагийг авчирч өгөөд манай амийг тэнхрүүлмүү!” хэмээмүй. Тэр бумба дотроос гүйн гарч ирээд: “Би Тансагийг идсүгэй хэмээмүй, дүү нарыг гаргаж чадахгүй болов” хэмээсэнд, Бичин их л хилэгнэн: “Чи үнэхээр миний багшийг гаргаж өгөхгүй болбоос, охин дүү нараа үзэж байгтун хэмээгээд ацат шийдмээ нэгэнтээ сажин уг ёсоор болгож, долоон аалзан шулмыг шавар болтол занчиж алаад сүүлээ хөдөлгөн шар үсээ хурааж, ганц биеэр бэрээ далайн шулмыг алахаар ирэв.

 

Тэр бумба номын дүү нарын үхсэнийг үзээд тэсгэлгүй хорсож сэлэм далайн угтан авав. Энэ удаа хувь хувийн хорсол, өөр өөрийн эрдмийг гарган байлдсан нь:

 

Буг шулам эрдэнийн сэлмээр цавчихуйяа, богд Бичин болд бэрээгээр угтмуй. Нэгэн Тансагийг хэрхэхийн төлөө, долоон охиныг урьдаар тонилгов. Өдгөө эд хоёр ид хүчээ гарган эрэлхэглэн байлдаж, эрдэм увидас хэрэглэж эсрэглэн тулалдмуй. Хувилгаан Бичиний цог сүлд бадрангуй, хорт шулмын зориг цөс их. Атган зэвсэг хэрэглэх нь аянга цахилгаан буулгах мэт, орчуулан түүнийг зарах нь илбийн хүрд эргүүлэх адил. Урагш хойш зөрөлдөн ухаан самбаа гаргаж, улируулан хувилган байлдаж уран арга  хэрэглэмүй. Хатгалдан ийнхүү тулалдахад хар салхин дэгдэн хувилгаан чөтгөр айж, харанхуй манан татан хөх тэнгэрийг бүрхжээ.

 

Тэр бумба Бичин лүгээ тавиад удаа зөрөлдөөд гар сулран хүчин буурч тэсэхгүй болохдоо хар дээлээ тайлан хаяхад Бичин инээн өгүүлрүүн: “Хөвгүүн минь! Хүчин хүрэхгүй болбоос хувцсаа тайлавч тусгүй” хэмээв. Үзвээс тэр шулам хувцсаа тайлан хоёр гараа дээш өргөмөгц хоёр суганаас мянган нүд гарч нүд бүрээс алтан гэрэл цацрав. Энэ үнэхээр аймшигтай.

 

Хоёр суганаас шар манан дэгдэж, мянган нүднээс алтан гэрэл цацармуй. Дөрвөн талд гуйлан хэрэм босгон дээрээс алтан тогоо хөмөрсөн адил. Алтан гэрэл агаар тэнгэрийг бүрхэн аюулын манан наран сарныг халхлаад, тэнгэр лүгээ чацуу их богдыг түүний дотор хумин хурааж авав. Бичин төмөр суулга хөмрөгдсөн мэт болоод хаашаа ч гарч чадахгүй болжээ. Бүтэнсэн цухалдаж дээш цоолсугай хэмээн нэгэнтээ үсэрвээс алтан гэрлийг нэвтлэн эс чадаад толгойгоо мөргөөд тонгорцоглон унав. Толгой нь өвдөх мэт тул, яаран гараар тэмтэрвээс зулай нь зөөлөрчээ. Дотроо цухалдан: “Хийморь хэвтжээ! Миний энэ толгой энэ өдөр юунд ийм тусгүй болов! Энгийн өдөр илд сүхээр цавчаад гэмтэхгүй байтал, энэхүү алтан гэрэлд мөргөөд яахан зөөлөрсөн аж? Лав идээлэх буй за. Хэдий сайн боловч мөн лав сорви үлдмүй” хэмээн бодов. Нэлээд болоод ан тачаадаж бас ийн сэтгэрүүн: “Дөрвөн зүгт гарч чадахгүй, дээш цоолж дийлэхгүй, одоо яаваас сайн? Ай газраар одсугай!” хэмээв.

 

Төд, тарни уншин бие сэжиж нэгэн цоолтуур эрээлж хувилав. Үзвээс үнэхээр:

 

Алмас дөрвөн савар уулыг өрөмдөх нь гурил нүхлэх мэт, арам хуурай хайрс, хадыг хагалах нь хэмх хэрчих адил. Хоёр нүд нь цолмон од мэт, хоншоор хошуу нь ган өрөм адил. Эмийн найруулгад матрын хумс энгийн нэр нь цоолтуур эрээлж хэмээмүй.

 

Үзэж байтал Бичин доош өрөмдөж хориод газрын гадна хүрч сая гарч ирэв. Угаас тэр алтан гэрэл нь аравхан газрыг бүрхэх ажгуу. Төдий уг биеэр болоод зогсохуйяа бүх бие нь шимшрэн өвдөх тул тэсгэлгүйеэ нүднээс нулимс асгаруулан санамсаргүй дуу алдаж:

 

“Багш минь! Эрт өдөр сургаалыг хүлээж уулан доороос гараад энэ зүгт зорчин ирэхүйеэ гашуун зовуурийг амсав. Давалгаат их далайгаас үл айлаа, далд сувгийн дотор харин эмээлд учирлаа” хэмээв.

 

            Сайхан Бичин ван хараахан гаслан байтал гэнэт уулын цаана хүн уйлах дуун сонстмуй, яаран босч нулимсыг арчин эгэж харваас, биед бэлэвсэрлийн хувцас өмссөн нэгэн эхнэр хүн, зүүн гарт идээтэй аяга барьж, гарт цаасан зоос барин тэндээс уйлсаар ирмүй. Бичин тэргүүн дохин шүүрс алдаж: “Энэ үнэхээр “Эмгэнэлт хүнд уйлах хүн учраад гаслант хүнд зовлонт хүн тохиолдмуй!” хэмээсэнчлэн энэ эхнэр бас юуны учир уйлахыг мэдэхгүй, би асууж үзсүгэй” хэмээн санан атал, тэр эхнэр удсангүй хүрч ирсэнд, Бичин бие мэхийн асууруун: “Эх бодисадва юун тул уйлмуй?” Тэр эхнэр нулимсыг хавчин өгүүлрүүн: “Миний эр нөхөр хулс худалдан авахын учир тэр шар цэцэгт сүмийн бумба лугаа тэмцээн болоод түүний хор хольсон цайнд эндэгдэн үхжээ, би энэ цаасан зоосыг хойноос төлж эр эмийн сэтгэлийг гүйцэтгэхээр ирсэн бөлгөө.” Бичин сонсоод бас дагаж уйлсанд тэр эхнэр хилэн төрж өгүүлрүүн: “Энэ хүн тун шинжгүй! Би болбоос миний эрийн тул эмгэнэн гашуудмуй, чи юунд намайг хошигномуй?”

 

            Бичин бие мэхийн өгүүлрүүн: “Эх бодисадва бүү уурла, би болбоос зүүн их Тан улсын хааны дүү Тансагийн ахмад шавь Сүн Ү Күн хэмээгч болой. Баруун газар одохын тул энэ шар цэцэгт сүмд орж морь амгаалжээ. Энэ сүмийн бумба ямар шулмыг мэдэхгүй, долоон аалзан шулам лугаа нөхөр бололцжээ. Аалзан шулам нь ороонго торын агуйд манай багшийг алсугай хэмээснийг би номын хоёр дүү Гахай, Шороо лугаа тэнхрүүлсэн бөлгөө. Тэр аалзан шулам түүний энд ирээд харин манийг түүнийг халдан дарлах санаа буй хэмээн ховлосоноо бумба хортой цайгаар миний багш ба хоёр дүүтэй цөм хордуулан унагав, өдгөө морь юм цөм тэр сүмд буй. Ганц би түүний цайг уусангүйгээр цомыг савж хагалаад түүн лүгээ байлдав. Хашхиралдах дуунаар тэр долоон аалзан шулам гарч ирээд тор гаргаж намайг торлоход би увидсаар дутаан гарч савдгаас түүний уг язгуурыг лавлан мэдээд бие олшруулах увидсаар торыг ороон шулмыг чирч гаргаад занчин алжээ. Энэ бумба даруй түүний өшөөг авмуй хэмээн сэлэм өргөн ирж над лугаа тавиад удаа байлдаад дарагдаж, дээлээ тайлмагц түүний хоёр суган дахь мянган нүднээс алтан гэрэл гарч намайг бүрхжээ. Тийнхүү дээш гарч дийлэхгүй болоод сая нэгэн цоолтуур эрээлж болон хувилж газраар өрөмдөн ирсэн бөлгөө. Энд сая ганцаар гаслан байтал чиний уйлахыг сонсоод тийнхүү асуусан бөлгөө. Чамайг үзвээс мөн эрдээ сэтгэл гүйцэтгэн төлөх цаасан зоос буй, миний багш цааш хандтал огт гүйцэтгэх юмгүй тул тийнхүү гомдон гаслах нь болой, ямар айшгүй таныг хошигномуй!” хэмээв.

 

            Тэр эхнэр аяга цаасаа тавиад Бичиний зүг хариу ёсолж өгүүлрүүн: “Бүү юм бодогтун, би чиний зовлонтойг мэдсэнгүй. Чиний хэлэхийг сонстол чи тэр бумбыг танихгүй ажгуу. Тэр нь зуун нүдэт шулам хэмээгч бөгөөд бас олон нүдэт шулам хэмээмүй. Чи үнэхээр тэр гэрлээс зайлан чадаж, түүн лүгээ тэнцэн байлдах эрдэм увидас байх бөгөөс мөн хялбаргүй, тийн хэмээвч мөн дийлэн үл чадмуй за.” Би чамд нэгэн богд мэргэнийг хэлж өгсүгэй. Тэр хүн лав алтан гэрлийг эвдэж шулмыг дарж чадмуй.” Бичин яаран ёсолж асууруун: “Эх бодисадва үнэхээр тийм танил байваас түргэн зааж өгмүү, үнэхээр тэр богд мэргэнийг залж ирээд, багшаа тэнхрүүлбээс чиний эрийн өшөөг бас хариулах нь буй за.” Эхнэр өгүүлрүүн: “Би хэлээд чи залж авчран шулмыг дарваас ганц өшөө авахын төдий буй за, чиний багшийг магад эдгээж үл дийлмүй.” Бичин асууруун: “Юунд тэнхрүүлж үл дийлмүй?” Эхнэр өгүүлрүүн: “Тэр амьтны хор маш хэцүү, хордсон хүн гурван өдрийн дотор яс чөмөг цөм ялзармуй. Чи одож ирэхэд зам хол тул лав үл завдмуй за.” Бичин өгүүлрүүн: “Хэдий хол боловч хагас өдөр болохгүйгээр хүрч ирэх чадал надад буй.” Эхнэр өгүүлрүүн: “Чи тийм чадалтай болбоос би хэлж өгсүгэй. Эндээс тэр улбар үүлт уул мянганы газар буй. Тэр ууланд мянган цэцэгт хэмээх нэгэн агуй буй, агуйд Бирузана бодисадва хэмээгч нэгэн богд мэргэн баймуй, тэр ирвээс энэ шулмыг дарж чадмуй.” Бичин асууруун: “Тэр уул аль газар буй? эндээс хаашаа одмуй?” Тэр эхнэр хуруугаар зааж: “Тэр ас өмнөш одвоос даруй олмуй” хэмээгээд Бичинийг тэргүүн өргөтөл хэдийн үзэгдэхгүй болжээ.

 

            Бичин мэгд санд ёслон мөргөж: “Аль нэгэн бодисадва залран ирсэн буй? Шавь би газрыг өрөмдсөөр толгой эргээд эс танив, нэр юүгээ үлдээх ажааму, тал хийхэд сайн болой!” хэмээхэд, гэнэт хоосны дотроос: “Их богд, би болой” хэмээмүй. Бичин яаран нүд өргөн үзвээс, Ли Шан Лоу Му ажгуу. Бичин огторгуйд нэхэн гараад асууруун: “Лоу Му хаанаас залран ирээд надад заасан буй?” Лоу Му өгүүлрүүн: “Би сая бурхны чуулганаас буцаж ирэхэд, чиний багшид зовлон тушаасныг мэдээд тийнхүү үхлээс нэгэнт аварсугай хэмээн эрд гашуудал хийх бэлэвсэрлийн эхнэр болж хувилан ирсэн бөлгөө. Чи өдгөө хурдан залахаар од. Ганц намайг хэлж өгөв хэмээн бүү хэлэгтүн, тэр богд, хүнд юм бодох зантай бөлгөө” хэмээв.

 

            Бичин мөхийсхийн талархаад, аярлан гарч, үүлэнд тонгорцогломогц хэдийн улбар үүлт уулны дээр хүрээд үүлийг тогтоон, тэр мянган цэцэгт агуйг үзвээс, агуйн гадна:

 

Хөх нарс ялгуусан орныг бүрхэж, хөхөмдөг майлс аршийн агуйг хүрээлжээ. Ногоон уд жалга хөндийд дүүрч, нарт цэцэг зав горхинд мяралзжээ. Анхилам цахирмаа чулуун өргөөг хаяалан, аршлаг өвс хадны ирмэгт ургажээ. Урсах усан нуурт нийлэн туналзаж, үүл манан хөгшин моддыг бүрхжээ. Жигүүртэн шувууд донгодох дуун анирлаж, зүр, буга алгуур, алгуур алхалмуй. Суман хулс согдлон ургаж, сонор гүйлс жишүүлэн жигдэрчээ. Хар луу аварга модноо үүрлэж, хаврын болжмор өндөр салаанаа жиргэмүй. Арвай буудай зуны тариаланд халиуран ар өвөрт намрын тариа төржээ. Он он унашгүй навчид, улирал улиралд зулгаршгүй цэцгүүд. Өнгөт туяа өндөр огторгуйд залгалдан, өлзийт үүлэн өрлөг тэнгэрт үргэлжилмүй.     

 

Их богд тэсгэлгүй баярлан дотогш явбаас үнэхээр үзээд баршгүй үзэмж буй. Явсаар агуй дотор орж үзвээс нэг ч хүн хар үзэгдэхгүй нам гүм тул дотроо: “Яг сайхан энэ богдын гэртээ үгүйд нь тохиолджээ” хэмээгээд бас дотогш явбаас нэгэн эмгэн тэнд ширээн дээр сууж амуй. Түүний байдал дүрийг хэлбээс:

 

Таван өнгийн хатгамалт гэмэрлэг малгайг тэргүүнд тавьж, таж магнагийн нэхмэл дээлийг биедээ хэдэрчээ. Үүлэн хоншоорт гарьдын гутлыг хөлд өшгөлөн, ёнгорын гүрвэл цацагт бүсийг дундуураа бүсэлжээ. Нүүрийн өнгө хярууны дараах удвал цэцэг мэт, нарийн хоолой уран галбинга эгшиглэх адил. Хэнхдэгт гурван хөлгөний номыг ахуулж, сэтгэлд дөрвөн үнэний ёсыг бясалгажээ. Хоосноос хоосны үнэн мөрийг онож мэдээд эчнээс эчнээ нууц ёсыг ухаж эрхшээжээ. Мянган цэцэгт агуйн эзэн богд машид гийгүүлэгч Бирузана бодисадва энэ мөн.

 

Бичин урагш одож: “Бирузана бодисадвад ёсолмуй” хэмээхэд, тэр бодисадва даруй ширээнээс буун хариу ёсолж өгүүлрүүн: “Их богд хаанаас залран ирэв? Би угтахыг алдав.” Бичин өгүүлрүүн: “Чи намайг яахан танив?” Бирузана өгүүлрүүн: “Эрт өдөр чи тэнгэрийн орныг түйвээсэн тухай газар бүрт чиний дүр уламжлагдан дуурссан тул хэн хүн үл танимуй?” Бичин өгүүлрүүн: “Энэ үнэхээр “Сайн явдал чимээ имээгүй, саар явдал салхиар дамжмуй” хэмээгч нь болой. Хуучин муу нэрийг мэдэхээс бус, өдгөө миний бурхны шашинд орсныг мэдсэнгүй буй за!” Бирузана өгүүлрүүн: “Хэзээ бурхны шашинд орсон буй? Баяр! Баяр!” Бичин өгүүлрүүн: “Орчимхон сая зовлонгоос гараад, багш Тансагийг хамгаалан баруун газраас ном залахаар одмуй, багш өдгөө шар цэцэгт сүмийн бумбын хорт цайнд хордоод унасан учир би түүн лүгээ байлдахуйяа, тэр даруй алтан гэрэл гаргаж намайг бүрхсэнд би увидас хэрэглэн дутаан гарав. Тийнхүү бодисадва таны тэр гэрлийг дарж чадахыг олж сураад тухайлан залахаар ирэв.” Бодисадва өгүүлрүүн: “Хэн чамд хэлж өгсөн буй? Би моломын хуралд одож ирснээс өдгөө гурван зуун он болтол үүдэн бошго алхаж гараагүй, нэр овгоо нуугаад нэг ч хүнд мэдэгдсэнгүй бөлгөө, чи намайг яаж мэдэв?” Бичин өгүүлрүүн: “Би хэмээгч газрыг барсан гайс, хаана байсан ч би цөм сурж олмуй.” Бирузана өгүүлрүүн: “Болтугай, болтугай. Би чухам эчихгүй бөлгөө, арга бус их богд биеэр залран ирсэн тул ном залах буяны үйлийг саатуулж үл болмуй, одож ирсүгэй.”

 

            Бичин даруй тал өгөн өгүүлрүүн: “Би үнэхээр эргүүтжээ, зүгээр шалахыг мэдээд, бодисадвагийн чухам ямар зэвсэг аваачихыг асуусангүй.” Бодисадва өгүүлрүүн: “Миний нэг хатгамалын зүү буй, үүгээр тэр амьтныг дарваас болмуй.” Бичин тэсгэлгүй өгүүлрүүн: “Аяа, бодисадва чи намайг саатуулсан болой, хатгамлын зүү хэмээн мэдсэн бөгөөс юун чамайг зүдээхээр ирэх аж, өвгөн Сүн надад тэргээр тээвч мөн баймуй.” Бирузана өгүүлрүүн: “Чиний тэр зүү хэмээгч алт, мөнгө, болд, төмөр төдий буй за, тэр хэрэггүй. Миний энэ эрдэнэ болбоос болд төмөр бус, алт мөнгө ч бус. Энэ нь миний хөвгүүн нарны дотор бясалган бүтээсэн зүү болой.” Бичин асууруун: “Эрхмийн хөвгүүн хэн буй?” Бирузана өгүүлрүүн: “Бага хөвгүүн Гирдиг одон болой.” Бичин гайхаж явтал өмнө алтан гэрэл үзэгдэв. Бичин гэдрэг харж: “Тэр гэрэл гарах нь даруй шар цэцэгт сүм болой” хэмээсэнд, Бирузана даруй заамын дотроосоо үсэн чинээн бүдүүн тав зургаан пүн урт нэгэн зүү гаргаад дээш орхин илгээсэнд, удсангүй нэгэнтээ дуу гармагц алтан гэрэл дарагджээ. Бичин баярлан өгүүлрүүн: “Бодисадвагийн энэ үнэхээр гайхалтай, гайхалтай! Зүүгээ эрье, зүүгээ эрье!” хэмээхэд, Бирузана алгаа дэлгээд: “Энд байхгүй юу?” хэмээмүй. Бичин даруй бодисадвагийн хамт үүлнээс буун сүмд ороод үзвээс тэр бумба нүдээ аниад гөжийн зогсчээ. Бичин харааж: “Энэ муу шулмыг үз, бас сохроор овломуй!” хэмээн чихнээс шийдмээ гаргаж занчсугай хэмээтэл, Бирузана татан зогсоож: “Их богд үүнийг алах хэрэггүй, урьдаар багшийг чинь үзэхээр одсугай” хэмээв.

 

Бичин шууд ар дахь зочны суудалд хүрч үзвээс, тэр гурван хүн нэгэнт хөсөр хэвтээд ам хамраас нус хөөс гармуй. Бичин гаслан уйлж: “Одоо яаваас сайн одоо яаваас сайн” хэмээн дэвхцэхэд Бирузана: “Их богд бүү гасал, би энэ удаа нэгэнт гарч ирсэн тул  мөн нэгэн буян үйлдсүгэй хэмээмүй, надад хор дийлэгч үрэл буй, би чамд гурван үрэл өгсүгэй” хэмээсэнд, Бичин мөргөн гуйв. Бодисадва ханцуйнаасаа нэгэн цаасан баглаа гаргаж, гурван үрэл аваад Бичинд өгөн аманд нь цутгаж оруул хэмээв. Бичин тэр гурвуулын шүдийг хөшиж хүн бүрийн аманд нэгэн үрэл цутгаж оруулсанд, удсангүй эмийн хүчин дотогш гүйж, огшин бөөлжөөд хор нь гарч амь оров. Гахай урьдаар босч: “Бүдэнсүүлж алан алдав!” хэмээтэл Тансаг, Шороотон цөм сэрээд: “Хэцүү мансуурав” хэмээмүй. Бичин давшиж: “Та нар цөм тэр цайны хоронд хордсон болой, завшаанаа энэ Бирузана бодисадва ирж тэнхрүүлсэн бөлгөө, хурдан бүгдээрээ ирж тал хийгтүн” хэмээсэнд, Тансаг даруй дээлээ засан бие мэхийн тал өгч мөргөв. Гахай: “ах, тэр бумба хаана баймуй? Би түүнээс юуны учир манийг хорлохыг асууя” хэмээхэд, Бичин даруй тэр аалзан шулмын учрыг нэгэн зэрэг хэлсэн хойно, Гахай занан өгүүлрүүн: “Энэ амьтан аалз лугаа ах дүү хэмээлцэх болбоос мөн лав шулам буй за!” Бичин зааж өгүүлрүүн: “Тэр амьтан харшийн дор зогсоод сохроор овлож баймуй.” Гахай даруй малтуур өргөн занчсугай хэмээтэл, Бирузана бас хориглож өгүүлрүүн: “Тэнгэрийн өрлөг та хилэнгээ дарагтун. Миний агуйд өөр хүнгүй тул би үүнийг хураан аваачиж гэрээ харуулсугай” Бичин: “Их эрдэмд шүтсэн тул ямар айшгүй үл дагамуй! ганц түүний уг биеийг илрүүлж маньд нэгэнтээ үзүүлмүү” хэмээсэнд, Бирузана: “Тэр  гайгүй” хэмээгээд урагш давшин хуруугаар нэгэнтээ заамагц тэр бумба даруй хөсөр унаад уг бие илрэн долоо найман тохой урт нэгэн их чичүүр хорхой болжээ. Бирузана чигчий хуруугаар этэн авч үүл хөлөглөн Мянган цэцэгт агуйн зүг өөд болон эчихэд, Гахай өлийн харсаар өгүүлрүүн: “Энэ эмгэн харин энэ мэт хэцүү, ийм сүрхий юмыг яахан дарангуйлан чадсан аж?” Бичин инээн өгүүлрүүн: “Би түүнээс ямар зэвсгээр шулмын алтан гэрлийг дармуй хэмээхэд, түүний хөвгүүн Гирдиг одны нарны дотор бүтээсэн нэгэн зүү буй хэмээжээ. Санаваас Гирдиг одон хэмээгч эрэгчин тахиа тул энэ эмгэн лав хөгшин эмэгчин тахиа буй за. Тахиа хэмээгч чичүүр хорхойн даралга тул тийнхүү дарангуйлан чадсан болой.”

 

            Тансаг сонсоод бишрэн сүсэглэж зогсохгүй: “Шавь нар амьтайгаа багцал, одоо явсугай” хэмээсэнд, Шороо даруй дотроос баахан будаа олж авчран чанаж цөм цадтал идээд морио хөтлөн амьтайгаа дамнаж, багш юугаа морилуулан гарч одов. Бичин гал тавьж сүмийг үнсэн товрог болтол шатаагаад, замаа хөөв. Төв хэмээн: амин юугаа олсон Тансаг лам арш Бирузанад сүсэглэн, ариун сахилаар аливааг дэвхчид олон нүдтийг дарав. Үүнээс хойш бас ямар учир болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    8 цаг 2 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 50 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    11 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    11 цаг 18 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 22 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    12 цаг 5 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 38 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 42 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 42 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    13 цаг 16 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 25 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 35 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 40 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    15 цаг 3 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    15 цаг 20 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 46 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    16 цаг 14 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 38 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 39 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 54 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК