зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Далан хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДАЛАН ХОЁРДУГААР БҮЛЭГ:


ОРООНГО ТОРЫН АГУЙД ДОЛООН НИСВАНИС БОДЬ ҮНДСИЙГ ТӨӨРҮҮЛЭВ

УГААЛЫН РАШААН БУЛАГТ НАЙМАН САНВААРТ БУРСАНГИЙН ШИНЖЭЭ АЛДАВ

 

Өгүүлэх нь, Тансаг Зүчи улсын хаанаас салаад баруунш замнаж, уул талыг туулан, ус мөрнийг гаталж зорчсоор хэдийн бас намрыг нөгчөөн, өвлийг өнгөрүүлж хавар болжээ. Багш шавь дөрвүүл хараахан уул усны үзэмжийг үзэн явтал, гэнэт нэгэн айл тосгон үзэгдэв. Тансаг даруй мориноос бууж их замын хажууд зогссонд, Бичин асууруун: “Энэ зам цагаан бөгөөд энд шулам үгүй атал юунд явахгүй буй?” Гахай өгүүлрүүн: “Ах үнэхээр учир мэдэхгүй болой! Багш морь унасаар алжаалсан буй за, өдгөө бууж хөлийн чилээгээ баахан гаргавч мөн болох болой.” Тансаг өгүүлрүүн: “Чилээгээ гаргах бус; тэнд айл үзэгдмүй, би одож баахан цав бадарласугай хэмээх болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Багшийн энэ үгийг үзэхгүй юу? Чи цав идье хэмээвээс би одож бадарлаваас зохих буй за, энгийн үгэнд: “Нэгэн өдөр багш болбоос энэ насны эцэг болой” хэмээжээ. Шавь болсон амархан суугаад багшаар цав зөөлгөх ёс хаана буй?” Тансаг өгүүлрүүн: “Учир тийм бус, энгийн өдөр айл тосгон хол бүхий цагт та эчиж бадарлан авчирдаг бөлгөө. Өдгөө айл ойр буй, би одож бадарлаваас зохих болой.” Гахай өгүүлрүүн: “Багш ташаарсан болой. Энгийн үгэнд: “Гурван хүн хамт явбаас бага нь зовмуй” хэмээжээ. Тэр ч байтугай та болбоос манай багш, бид хэмээгч таны үр шавь. Эртний бичигт: “Үйл явдал аваас үр шавь хүчин гаргамуй” хэмээжээ. Өвгөн Жү би одсугай.” Тансаг өгүүлрүүн: “Шавь нар минь, энэ өдөр болбоос тэнгэр тунгалаг, салхи бороонд өдөр лүгээ адилтгаж болохгүй. Тийм үес айл хол болбоос аргагүй та эчих нь зүй, энэ айл ийм ойр тул би одсугай. Цав оловч эс оловч хурдхан эгэж ирээд замаа хөөсүгэй.” Шороо хажуугаас инээн өгүүлрүүн: “Номын ах нар дэмий бүү олон өгүүл, багшийн санаа нэгэнтээ шуудваас битгий мушгигтун, хэрэв уурыг нь хүргэвээс та нар цав бадарлаж авчирсанч идэхгүй болмуй.”

 

            Гахай үгийг дагаж бадар аягыг авч өгөн, дээл малгайг халж өмсгөмөгц Тансаг шууд тэр тосгоны өмнө хүрч ажиглаваас үнэхээр сайхан газар аж:

 

Чулуун гүүрний доогуур горхины ус горчигнон урсаж, чаргай шугуйн дотор жигүүртэн шувууд жиргэн донгодмуй. Гүүрний чанадад гөрмөл гэрүүд хийд сүм адил ариун цэвэр, ханчилан хийсэн цонхнууд бясалгалын хүрээ мэт гэгээн саруул. Гэнэт үзвээс гэгээвчний доор хээнцэр дөрвөн өхий суугаад гарьд галбинга хатган зүү утасны үйл хиймүй.

 

Тансаг тэр гэрт нэг ч эр хүн үгүй, дөрвөн охин байхыг үзээд айшгүй урагш орохгүй, модон доор таллан зогсож тэр охидыг үзвээс цөм:

 

Гүн гэрийн хатуу сэтгэл ч чигмай, гавар цахирмаа хаварт золгосон баяртай. Хасын царайд улаан өнгө хослон, шунхан уруул нь энгэсэг түрхсэн мэт. Удын хөмсөг жирмийж, өөдөн гэзэг гэлтгэнэмүй. Хэрвээ тэднийг цэцгийн дунд зогсоовоос, хэсэх зөгий ялган танихгүй ташаармуй.

 

Нэлээд удтал зогсвоос чимээ имээгүйд Тансаг бодруун: “Би цав бадарлахаар ирээд нэг цагийн будаа ч олохгүй болбоос шавь нар намайг элэглэж, цав олохгүй шавь Шигэмунид хэрхэн учирмуй хэмээх болой.”

 

            Хутагт тойн аргагүйн урагш одож, гүүрэн дээр гарч үзэвээс, хүрмэл гэрийн цаана нэгэн дөрвөлжин тагт буй, тагтны доор бас гурван охин бөмбөг өшиглөн амуй. Энэ гурван охины төрсөн нь анхны тэр дөрөв лүгээ нэн бас адилгүй. Үзвээс:

 

Ногоон ханцуй сажлан нарийн хуруугаа нахилзуулж, нолмын хормойвчоо намируулан лянхуайн үзэмжээ цухуйлгажээ. Авир дүр нь ад биш янзтай, алхаж гишгэх нь ялгуум хөнгөн. Дээш өшиглөхүйеэ дам дамаа үзэж, дэгдээн элгээхүйеэ аслан аслан явуулмуй. Өлмийгөөрөө урагш өшиглөж, өсгийгөөрөө хойш ухармуй. Хөөрөн ирэх бөмбөгийг хөнгөнөөр тосч, хоёр хөлөө сэлгэж хойш урагш өшиглөмүй. Ас дээшээ асарын оройд гаргаж аван даруй тосч агаар өөд илгээмүй. Хөндлөн ирэхийг нь хумхин барьж, хөсрөөр ирэхийг нь хойш өшиглөмүй. Өвдөг нугалан оцойж, өсгий өргөн эргэмүй. Хөлөөр өшиглөн гараар тосч, хөнгөн шаламгайгаар хөрвөн урвамуй. Эгүүлэн буцааж гэдрэг өшиглөхүйеэ, өмнөөс нь тосч авмуй. Тэр нэгэн нь тэргүүн хэмээн бодохуйяа, энэ нэгэн нь эргүүл өшиглөмүй. Өргөн дээш бариад өлмийгөөрөө илгээмүй. Борви өндийн тосч, бие эргэн өшиглөмүй. Бууж ирэх бөмбөгийг булаалдан завшиж тосцгоомуй. Санаанд суутал өшиглөвөөс сайхан хүмүүс зэргээр магтмуй. Өшиглөсөөр цөм алжааж ооны царайнаас хөлс урсан урам алдран байх хариуд ая болжээ хэмээлдэв.

 

Өгүүлээд үнэхээр баршгүй. Бас шүлэглэсэн нь:

 

                           Хүмүүжих хавар хөнгөн бөмбөг өшиглөхүйеэ,

              Хувилгаан салхи хасын царайг илбэмүй.

Ооны хацраас хөлс урсан,

              Удын хөмсөгт тоос суужээ.

Ногоон ханцуй сажлан нарийн хуруу нахилзаж

Нолмын хормойвч намиран лянхуан өлмий цухуйжээ.

Өшиглөсөөр алжаан ядарч

Үүлэн шанх суларч эвхсэн гэзэг алдарчээ.

 

Тансаг удтал харж зогсоод аргагүй гүүрийг өнгөрөөн гарч их дуугаар: “Охин бодисадва, ядуу тойн цав бадарлаж идсүгэй хэмээн энд хүлээмүй” хэмээсэнд, тэдгээр охид сонсоод цөм тэсгэлгүй баярлалдан, үйлээ хаяж, бөмбөгөө орхиод урагш ирж инээлдэн өгүүлрүүн: “Багш тойныг угтахыг осолдов. Өдгөө хүдэги тосгонд ирсэн тул гадна цав барьж яахан болмуй. Гэрт залран буугтун.” Тансаг сонсоод дотроо баярлаж: “Сайн! сайн! Баруун газар хэмээгч үнэхээр бурхны орон ажгуу! Эхнэр охид цөм ийнхүү тойн хуварагт өглөг өгөхийг мэдэх атал, эрсийн сүсгийг нэн юун өгүүлмүй?” хэмээн бодов.

 

            Тансаг урагш одож мэндчилээд охидыг даган хүрмэл гэрээр орж, модон тагтыг өнгөрөн дотогш орвоос аяа! Тагт гэр өрөх огт үгүй, ганц:

 

Шорон хад үүлнээ шурган, суман зэв лусад нэвтэрчээ. Үүдний өмнүүр чулуун гүүр хөндөлдөж, урт горхи муралзан урсчээ. Тоор гүйлсэн мод жигдрэн ургаж, тэргүүлэгч цэцэг бадран дэлгэрмүй. Ороонго зэл торлон ургаж, эрхэм цахирмааны сайхан үнэр анхилмуй. Алсаас харахуйяа агуй хад нь аршийн арлаас хэтийдэж, ойртон үзэхүйеэ уул ой нь дор нь хайрхнаас давмуй. Өөр айл үгүй өчин ганц агуйг үзэхүйеэ, арш бус болбоос албины орших орон.

 

Нэгэн охин нь урагш давшин чулуун хаалгыг нээгээд Тансагийг дотогш буу хэмээсэнд, Тансаг аргагүй агуйд орж тэргүүн өргөн үзвээс, чулуун ширээ, чулуун исэр тавьж, чихүүн амьсгал татан зүрх сэжигнүүлмүй. Тансаг дотроо: “Энэ газар сайн нь цөөн муу нь олон” хэмээн хирдхийн атал тэдгээр охид дэнхэлзэн инээлдэж: “Тойн залран суу” хэмээх тул Тансаг аргагүй дагжин суув. Охид асууруун: “Тойн багшийн суусан уул хаана буй? Юуны бадар эрмүй? Гүүр тавьж зам засах буюу, сүм байгуулж суварга босгох буюу, бурхан бүтээж ном барлах буюу? Бадар эрэх бичгээ гарга, бид үзсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Би эд юм бадарлах тойм бус.” Охид өгүүлрүүн: “Тийм бус бөгөөс энд юу хийхээр ирэв?” Тансаг өгүүлрүүн: “Би болбоос зүүн их Тан улсаас баруун их Аянган дуут сүмд хүрч ном залагч болой, өлссөндөө эрхмийн гэрээс нэгэн цагийн цав бадарлаж олоод одсугай хэмээсэн бөлгөө.” Тэр охид: “Сайн! Сайн! Сайн! Энгийн үгэнд “Хол газраас ирсэн тойн уншлагадаа сайн” хэмээдэг. Эгч дүү нараа! Битгий омтгойл, хурдан цав бэлтгэ” хэмээв.

 

            Тэр үед гурван охин Тансагт нөхөр болон сууж зоог хэлэлцэн, нөгөө дөрвөн охин тогоон гэрт ороод ханцуй шамлан хормой шууж, тогоо угааж цав базаав. Тэдний базаасан цав ямар хэмээвээс, хүний махыг махыг хүний тосоор хүүрштэл хуурч чамар болгоод хүний тархийг чанаж ээдэн болгосон нь болой. Төд түүнээ хоёр тэвш давхаглаад чулуун ширээн дээр тавьж Тансагийн зүг: “яаруу дээр сайн цав базааж завдсангүй, үүгээр өлөө дартугай, дагалдуур бас нэмж авчирмуй” хэмээхэд Тансаг нэгэнтээ үнэрлэж авааж айшгүй үл хөдөлгөн бие мэхийн өгүүлрүүн: “Охин бодисадва нар аа, ядуу тойн би төрөлхийн шааюу болой.” Охид инээлдэн өгүүлрүүн: “Багш, энэ даруй цагаан цав болой.” Тансаг өгүүлрүүн: “Арьяабал! Хувраг хүн би хэрэв ийм цагаан цавыг идвээс Шигэмунид олж учран, үнэн номыг олж залахыг бүү сана.” Охид өгүүлрүүн: “Тойн та гэрээс гарсан хүн битгий хүний өглөгийг гологтун.” Тансаг өгүүлрүүн: “Айшгүй голох бус! Хувраг би их Тан улсын хааны зарлигийг хүлээн баруунш ирэхэд зам турш хорхой шавьжийг ч хороосонгүй, зовлонтныг үзвээс авран, мөхлөгийг үзвээс хальслан залгиж, ширхэг хөвөн олбоос сэлбэн өмссөөр буй, ямар айшгүй өглөгийг голмуй!” Охид инээн өгүүлрүүн: “Тойн та өглөгийг голсонгүй боловч гэрт ирээд хүнийг зэмлэх нь болой. Харваас хэмээн бүү гологтун, баахан зоогловоос барав.” Тансаг өгүүлрүүн: “Санваар алдахаас аймуй, үнэхээр хөдөлгөхгүй. Амьтныг хорьж тэжээх нь тавин явуулахыг хүрэхгүй олдвоос охин бодисадва нар намайг тавин явуулж болов уу.”

 

            Тансаг гарсугай хэсээн тэмүүлэвч олон охид үүдийг хашаад юунд тавин явуулах аж. Цөм өгүүлрүүн: “Үүдэнд ирсэн худалдааг авахгүй тавьж явуулах ёс буюу!” “Унгас алдаад харин гараар дарна уу?” Чи хаана одмуй?” Үзвээс тэдгээр охид цөм цэргийн эрдэмтэй бөгөөд гар хөл гавшгай тул Тансагийг татан унагаагаад бүгдээр дарж дээсээр хүлэн дам нуруунаас дүүжлэв. Үзвээс нэгэн гарыг нь урагш жийлгэн нэгэн дээсээр хүлж дүүжлэн, нөгөө гарыг нь урагш нуруун дээр нь татан нэгэн дээсээр хүлж дүүжлэн хоёр хөлийг нь нэгэн дээсээр хүлж хойш татан дүүжилжээ. Үүнийг “Арш зам заагч” дүүжлүүр хэмээмүй. Ийнхүү гурвалжлан хүлж дүүжилбээс нуруун дээш хандаж хэвлий нь доош хандмуй. Тансаг өвдөж тэсэхгүй нулимс цувруулан өгүүлрүүн: “Хувраг миний заяа юутай ийм муу аж! Сайн хүний гэр буй за хэмээн санаж цав бадарлахаар орж ирээд галт нүхэнд унахыг хэн мэдлээ! Шавь нар минь! Хурдан ирж тэнхрүүлбээс бид олж учирмуй, баахан удваас миний амь дуусах болой.”

 

            Хутагт тойн хэдийгээр хүлэгдэн зовж байх боловч бас сэтгэл тавин тэдгээр охидыг ажигланам бөлгөө. Тэдгээр охид дүүжилж бараад одож хувцсаа тайлахад Тансаг хирдхийн: “Хувцсаа тайлаад лав намайг эдлэх байнам, эсвэл амьдаар мөлжиж идэх ч магадгүй” хэмээтэл тэдгээр охид ганц дээр хувцсаа тайлаад гэдсээ гаргаж тус тусын увидсыг үүсгэн, хүйснээсээ цомын чинээ бүдүүн гялаан ширхэг цувуулан гаргаад агшин зуур нэгэн айлыг цөм бүрхжээ. Үүнийг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь Бичин, Гахай, Шороотон цөм замын хажууд хүлээн Гахай Шороо хоёр нь морь амьтайгаа сахин авай, ганц Бичин болбоос алиа тул модонд гарч жимс эрмүй. Гэнэт нэгэн хэсэг цагаан гэрэл татсаныг үзээд их л хирдхийж модноос үсрэн буугаад бархиран: “Mуу болов! Mуу болов! Багшид барцад болов!” хэмээгээд хуруугаараа зааж: “Та нар тэр айлыг үз, яасан буй?” хэмээхэд, Гахай, Шороотон, зэргээр харваас тэр айл цас мэт цайж, мөнгө мэт гэлтгэнэмүй. Гахай өгүүлрүүн: “Барав, барав! Багш шуламд баригджээ! Хурдан одож тэнхрүүлсүгэй!” Бичин өгүүлрүүн: “Мэргэн дүү бүү цууги. Та энд бай, өвгөн сүм би одож ирсүгэй.” Шороо: “Ах хичээгтүн” хэмээхэд Бичин: “Надад бодлого буй” хэмээв.

 

            Бичин багш төд барсын хормойвчоо чандлан бүслээд, болд бэрээгээ барин, хөл өргөмөгц хэдийн хүрч үзвээс ёнгор дээсээр зуун мянган давхар сүлжин торложээ. Тэмтрэн үзвээс зөв зөөлөн гарт наалдав. Бичин үүний ямар юм болохыг мэдэхгүй шийдэм далайж: “Миний энэ нэгэн шийдэмд хэдэн мянган давхар байтугай хэдэн түмэн давхар байвч тасарч болмуй!” хэмээгээд бас: “Хэрвээ хатуу юм болбол занчин тасалж болмуй за, энэ зөөлөн юм ганц навших төдий буй за. Гэдрэг түүнд сэрэгдээд намайг бас ороож авбаас нэн муухай болмуй, харин асуугаад дахин цохьсугай” хэмээн бодов.

 

            Төд тэр тарни уншсанд, тэр орны савдаг цөм дотроо дэмий л тээрэм зүтгэх мэт эргэв. Эмгэн нь асууруун: “Өвгөн юунд дэмий л эргэмүй? Эргүү өвчин чинь хөдөлсөн буюу!” Савдаг өгүүлрүүн: “Чи мэдэхгүй! Чи мэдэхгүй! Нэгэн тэнгэр лүгээ чацуу их богд ирэхэд би гарч одсонгүй тул тэр өдгөө намайг дуудаж баймуй.” Эмгэн нь өгүүлрүүн: “Тйим бөгөөс одож золговоос барав, энд эргэлдэж юу хиймүй?” Савдаг өгүүлрүүн: “Түүнд учирваас тэр чиний сайн мууг хайхрахгүй занчмуй! Түүний тэр шийдэм тэсгэлгүй хүнд.” Эмгэн өгүүлрүүн: “Тэр чиний мэт ийм настай хүнийг учирмагц юунд даруй занчихад хүрмүй?” Савдаг: “Тэр нэг насандаа бэлнийг зооглох зантай, ерөөс өвгөн хүнийг эрж занчмуй.” хэмээн хоёул нэг зэрэг хэлэлцээд аргагүй гарч чичрэн дагжсаар замын хажууд хүрч сөгдөн: “Их богд, тус орны савдгаас мөргөмүй” хэмээсэнд, Бичин: “Чи бостугай, ов гаргах хэрэгггүй, түр тэмдэглэж чамайг мөн занчихгүй, энэ газрын нэр юун? Чи өчигтүн” хэмээхэд, савдаг өгүүлрүүн: “Их богд хаанаас ирсэн буй?” Бичин өгүүлрүүн: “Би зүүнээс баруунш одмуй.” Савдаг өгүүлрүүн: “Их богд зүүнээс ирсэн бөгөөс тэр давааг дайрсан буюу?” Бичин өгүүлрүүн: “Төв хэмээн тэр даваагаар ирээд тэнд манай морь амьтай цөм байх болой!”  Савдаг өгүүлрүүн: “Тэр давааг “Ороонго тоорын даваа” хэмээмүй. Давааны доор “Ороонго торын агуй” хэмээх нэгэн агуй аж тэр агуйд долоон шулам баймуй.” Бичин асууруун: “Цөм эр шулам буюу, эм шулам буюу?” Савдаг өчрүүн: “Цөм эм шулам.” Бичин асууруун: “Тэдний эрдэм увидас ямар буй?” Савдаг өчрүүн: “Өчүүхэн эрхтэн миний хүчин бага чадал мөхөс учир тэдний чадал ямрыг мэдэхгүй, ганц мэдсэн нь эндээс ас өмнө гурван газрын үзүүрт тэнгэрийн долоон дагины бие угаадаг угаалын рашаан булаг буй. Эдгээр шулмас энд ирж сууснаас нааш тэр булгийг эзэлсэнээ дагина нар мөн булаалдсангүй зүгээр тавин өгчээ. Тэдгээр тэнгэрийн дагинас тэдэн лүгээ үл халдахын үзээд шулмын чадал лав их буй за хэмээн санамуй.” Бичин өгүүлрүүн: “Тэд тэр булгийг эзлээд юу хиймүй?” Савдаг өчрүүн: “Шулмас булгийг эзэлсэнээс өдрийн гурван удаа орж бие угаамуй. Өдгөө могой цаг өнгөрч буй, морин цагт гарч ирмүй.” Бичин үүнийг сонсоод: “Тийм болбоос савдаг та түр эгтүгэй надад түүнийг барих арга буй” хэмээснээ, тэр савдаг нэгэнтээ мөргөөд, тэргүүнийг тэврэн сүмд эгэв.

 

            Энд Бичин мөн ганцаар увидас үүсгэн бие сэжиж нэгэн ялаа хувилаад замын хажууд өвсөн дээр сууж хүлээн атал, удсангүй шорчигнох чимээ гарч саяын тэр ёнгор ширхэг цөм үзэгдэхгүй болоод айл гэр илрэн гарч уг ёсоор гарчээ. Ийн атал дотроос инээлдэх дуу сонстож, долоон охин гарч ирэв. Бичин нарийвчлан үзвээс гар гараасаа хөтлөлцөн, мөр мөрөө дэлцэж, инээлцэн хэлэлцэж гүүрийг өнгөрөн ирмүй. Үзвээс үнэхээр гоо үзэсгэлэн:

 

                        Хас хэмээвэл анхилмал сайхан үнэртэй, цэцэг хэмээвэл үг өгүүлмүй. Удын хөмсөг жирмийж интоорын уруул жимийжээ. Хатгуурын үзүүр хас унжлага дүүжлэн, хормойвчийн доогуур лянхуан өлмий цухалзмуй. Мэдээд манай багш өөрөө бадар эрэхээр ирсэн ажгуу. Энэ долоон сайхан охин багшийг идэвч нэг цаг хүрэхгүй, хэрэглэвч хоёр өдөр гүйцэхгүй. Нэн гар хөдлөн булаалдан ээлжилбээс нэгэнтээ оролдохыг тэсэхгүй үхэх болой. Би түр одож эдний хэрхэхийг сонсож авсугай.”

 

            Бичин багш гингэнэн нисч тэргүүлэн явагч нэгэн шулмын гэзгэн дээр суугаад, сая гүүрийг өнгөрөн эцтэл хойноос ирсэн нэгэн нь гүйцэн ирээд: “Эгч, бид хурдан угааж ирээд тэр тарган тойныг жигнэж идсү” хэмээхэд Бичин сэмээр инээд хүрч: “Эдгээр шулмас бодлогогүй! Чанаж идвээс түлээ бага орох бус уу, юунд бас жигнэх буй!” хэмэээв. Тэдгээр охид цэцгийг чимхэн өвсийг тасдан явсаар, удалгүй булгийн дэргэд хүрч ирвээс маш сүрлэг сайхан хүрээ буй. Үзвээс бас газар дүүрэн сайхан үнэр анхилан, зам бүрхэн цахирмаа цанхуй ургажээ. Хойноос нэгэн охин урагш алхан ирж нэгэнтээ хүрээний хаалгыг нээвээс түүний дотор үнэхээр нэгэн халуун рашаан буй. Тэр ус:

 

Орчлон ертөнц анх тогтох үеэс огторгуйн наран арав байв хэмээмүй. Эе хэмээгч мэргэн харваач есөн хэрээг харван газар унагажээ. Үлдсэн ганц нэгэн алтан хэрээ нь өдгөөх нар даруй мөн хэмээмүй. Олон хэрээ унаж бүтсэн рашаан булаг ес буй. Тэр есөн рашаан булаг хэмээвээс Анхилмал булаг, Уулан булаг, Халуун булаг, Хашаат булаг, Шарга булаг, Амар булаг, Өргөн булаг, Оргил булаг, энэ нэгэн нь Угаалын рашаан булаг болой.

 

Шүлэглэсэн шүлгийн үг:

 

Ээлжлэх дөрвөн улиралд үүр бүлээн, өвөл зуны улиралгүй үргэлж халуун.

Тогоонд буцалгаж байх мэт оргилон, торвогонд халааж байх адил даргилмуй.

Тэлж гарсан нь тариа төмсийг ундлан, тэндээ тогтсон нь хир буртгийг арилгамуй.

Гэрэлт сувд асгарч байх мэт давлан, гэгээн тана цацсан адил яралзмуй.

Нүнжиг нэмүүн бөгөөд ариун цэвэр нам тунгалаг бөгөөд бүлээн халуун.

Өлзий оршсон газрын хүчин, үүсч бүтсэн нь өөрийн угаал.

Сайхан хүн угааваас бие мах бодь нэмүүн болж, хир буртаг арилан хасын цогц цэвэршмүй.

 

Тэр угаал өргөнөөрөө таван хос алд илүү, уртаараа арван хос алд илүү буй, ус нь дөрвөн тохой гүн байх боловч ёроолд тултал тув тунгалаг үзэгдмүй. Дөрвөн тал дахь долоо найман нүхээр гадагш гарч хоёр гурван газрын үзүүр дэх тарианд урсан орж буй. Угаалын дээр бас тагт буй. Тагтны ар хаяаны ёроолд тавьсан хөлтэй ширээний хоёр этгээдэд хувцасны тавиур буй. Бичин тэр хувцасны тавиур дээр гарч суув.

 

Тэдгээр охин усны тунгалаг бөгөөд халууныг үзээд даруй хамтаар хувцсаа тайлж, тавиур дээр тавин ороход, тэр нь Бичин ажиглаваас:

 

Цогцос бие нь цас мөс адил нэмүүн. Нарийн нуруу намилхай гэдэс нарийвчлан тоочих юун. Нүцгэлэн тэд шалдалж, нисванисын нууцгайгаа гаргажээ.

 

Тэдгээр охин цөм үсрэн ороод хөвөн живэн хөрвөн урваж дэмий л наадмуй. Бичин үзээд: “Би эднийг алсугай хэмээвэл, нэгээхэн шийдмээр няц цохих болой. Хөөрхий! Хөөрхий! Ийн албаас ганц өвгөн Сүн миний нэр муухай болмуй. Энгийн үгэнд: “Эр хүн эхнэр хүн лүгээ тэмцэлдэхгүй” хэмээжээ. Би сайн эр хэмээн явах бөгөөд энэ хэдэн хүүхнийг албаас үнэхээр тусгүй. Алахыг байж, эднийг цөм хөдөлж чадахгүй болговоос сайн болой” хэмээн бодож тарни уншин бие сэжиж нэгэн бүргэд болон хувилав. Үзвээс:

 

Өд өрвөлөг нь гилтгэнэн, үзэх нүд нь гэрэлтмүй. Хулжин үнэг үзвээс үхэн айж, хуйхар туулай учирваас үнхэлцэг нь хагармуй. Хөлийн хумс нь хурц бөгөөд хүчтэй, хоёр жигүүр нь хөнгөн бөгөөд гавшгай. Хурц савраараа идэш олж, хурдан нисэлтээрээ өгөөгөө ирмүй. Өндөр огторгуйд зоригоороо халин үүл мананд тааваараа зорчмуй.

 

Сүрхрэн нисч ороод тавиур дээрх долоон хүний хувцсыг цөм шүүрэн авч давааны дээр ирээд уг биеэр болон, Шороод золгов.

 

            Тэр манхуу угтан авч инээн өгүүлрүүн: “Үзвээс манай багшийг дэнжийн пүүсэнд аваачсан ажгуу.” Шороо асууруун: “Яахан мэдэв?” Гахай өгүүлрүүн: “Чи үзэхгүй юу, номын ах ийм арвин хувцсыг булаан авчирсан бус уу?” Бичин дэргэд авчирч тавиад: “Эдгээр нь шулмын өмссөн хувцас болой” хэмээхэд, Гахай өгүүлрүүн: “Юунд ийм арвин байх аж?” Бичин өгүүлрүүн: “Долоон өвч буй.” Гахай өгүүлрүүн: “Яахан ийнхүү хялбараар цөм дийлж авсан аж?” Бичин өгүүлрүүн: “Юунд гар хөдөлж тайлах аж. Энэ газрын нэр нь ороонго торын даваа хэмээх бөгөөд тэр айлыг ороонго торын агуй хэмээмүй. Агуйд долоон охин шулам байж манай багшийг барьж дүүжлээд өөрсдөө угаалын рашаан булагт угаахаар оджээ. Тэр булаг болбоос өөрөө бүтсэн халуун рашаан болой. Тэд санаандаа угааж хариад багшийг жигнэн идэх хэмээмүй. Би тэднийг даган угаалд хүрвээс цөм хувцсаа тайлаад усанд оржээ. Би занчиж алсугай хэмээгээд бас шийдмээ бузарлаж нэр юүгээ гутаах болуузай хэмээн санаж шийдэм хөдөлгөсөнгүй, нэгэн бүргэд болон хувилаад  хувцсыг нь цөм шүүрэн авчрав. Тэд цөм ичингүйрч усан дотроос гарч чадахгүй суун амуй. Бид хурдан одож багшаа гарган аваад замаа хөөсүгэй.” Гахай инээн өгүүлрүүн: “Ах та явдал бүхэнд сүүл үлдээмүй. Шулам мөн бөгөөтөл юунд алахгүйгээр багшаа тавьсугай хэмээмүй. Тэдгээр амьтан өдрөөр хэдийгээр ичингүйрэн гарч ирэхгүй боловч харанхуй болсон хойно лав гарч ирмүй. Тэдний гэрт хэрхэвч хуучин хувцас буй, түүнээ авч өмсчихөөд манийг нэхэх болой. Нэхэхгүй боловч бид эгэж ирэхэд бас үүгээр ирмүй. Энгийн үгэнд: “Урьд хүнд зоос дутуулж болном, өст хүнд шийдэм дутуулж үл болмуй” хэмээжээ. Тэр үед тэнд үам тосч хуучин өшөөгөө авах хэмээхгүй буюу?” Бичин асууруун: “Чиний санаагаар болбоос хэрхмүй?” Гахай өгүүлрүүн: “Минийхээр болбоос урьдаар шулмыг алаад жич багшийг тавимуй. Энэ болбоос “Хорт өвсийг үндсээр нь арилгах арга” Болой.” Бичин өгүүлрүүн: “Би тэднийг цохихгүй, чи цохьсугай хэмээвээс одож цохитугай.”

 

            Тэр манхуу сүр тавин их л баяртай малтуураа мөрлөн гүйсээр хаалгыг нээн орвоос тэр долоон охин цөм усан дотор сууж, шувууг харааж: “Энэ муу өдөт адгуус! Үхэл дайрсан амьтан! Хүний хувцсыг цөм шүүрч аваачаад өдгөө бид яахан гармуй!” хэмээлдэв. Гахай тэсгэлгүй инээн өгүүлрүүн: “Охин бодисадва нар энд угааж баймуй. Хувраг намайг бас оруулж угаалгаваас ямар?” Шулмас хилэгнэн өгүүлрүүн: “Энэ хувраг үнэхээр ёсгүй! Бид болбоос гэрт байх охид, чи болбоос гэрээс гарсан эр хүн, эртний бичигт: “Долоо насалсан хөвгүүн охин хамт орд суухгүй” хэмээжээ. Чи юунд мань лугаа хамт угаасугай хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Тэнгэр маш халуун, аргагүй, намайг аргалж угаалгатугай. Юунд усанд умбахад бас нэг ор хоёр ортой буй!” хэмээгээд ялган хэлэлцэхгүй, малтуураа таягдмагц, хар намжираа тайлаад үсрэн орсонд тэдгээр шулмас ихээр хилэгнэн зэргээр урагш давшин занчлахад, Гахай усанд угаас сайн тул бие хөрөвмөгц хэдийн нэгэн могой загас хувилаад, шулмас энд тэмтэрвээс тэнд гулгаран одоод, нааш цааш сүлжин огт баригдахгүй дэмий л охидын алын доогуур шургалмуй. Тэр ус цээж чинээ гүн тул дээгүүр нэгэн зэрэг яргалан доогуур нэгэн зэрэг эргэлдэхэд охид хөөсөөр алжаажээ.

 

            Төд Гахай сая уснаас үсрэн гарч уг биеэр болон дээлээ өмсөөд малтуураа барьж: “Би хэн буй? Та нар намайг загас хэмээн санасан буюу!” хэмээн зандахад, тэдгээр шулмас чичрэн дагжиж Гахайн зүг: “Чи анх ирэхэд хувраг байж, усанд ормогц загас болоод тэмтрээд баригдахгүй, өдгөө бас ийнхүү болсон нь чи үнэхээр хаанаас ирэгч буй? Нэрээ үлдээгтүн” хэмээхэд, Гахай өгүүлрүүн: “Энэ муу шулмас намайг үнэхээр танихгүй буюу! Би болбоос зүүн их Тан улсын ном залагч хутагт тойн Тансагийн шавь, тэнгэрийн өрлөг, найман санваарт хэмээгч болой. Та нар миний багшийг агуйд дүүжлээд жигнэж идсүгэй хэмээмүү! Миний багшийг идэж болох нь буюу? Хурдан хүзүүгээ нааш сунга, тус тусад нэгэн малтуур хүртээж танай үндсийг тасалсугай!” хэмээсэнд, тэдгээр шулмас сүнс сарнин сүг завхтал эмээгээд, усан дотроо сөгдөж: “Бид нүд байгаад олж таньсангүй, танай багшийг ташааран барив. Өдгөө гэрт хүлж байх боловч огт хор хүргэсэнгүй. Өршөөн соёрхож манай амийг уучлах ажааму, дуртайяа замын хүнс тусалж таны багшийг баруунш үдэн гаргасугай” хэмээхэд, Гахай гар сэжин: “Бүү дэмий чалч! Ерийн үгэнд: “Чихрийн худалдаачинд хууртагдсан учраар өдгөө болтол балын хоншоортныг сэжиглэмүй” хэмээжээ. Хүн бүр нэжгээд малтуур хүртэж явбаас барав!” хэмээв.

 

            Тэр манхуугийн бүдүүлэг ааш нь хүрээд хасыг хайрлан заарыг хөөрхийлөх сэтгэл огт үгүй, малтуур далайн сайн мууг үл ялган цохилон ороход, шуламсууд амин дээрээ тулахад ичихийг хайхрахгүй, амь тавин гараар нууц газраа битүүлэн үсэрхийлэн гараад тагтанд орж увидас үүсгэн хүйснээсээ ширхэг гарган торлон бүрхэв. Тэр манхуу дээш харваас нар үзэгдэхгүй болсоноо яаран гадагш гарсугай хэмээтэл газар дүүрэн зэл урхи татсан тул торж унав. Босон гэтэл бас таварцаглан ойчив. Эргээд бостол элэг түрүүлэн унав. Тэр манхуу унаж ойчсоор толгой эргэж бие муужран, хөдлөх тэнхээгүй болоод хөсөр ёолон хэвтэв. Тэдгээр шулмас Гахайг торлоод зодсон ч үгүй, хорлосон ч үгүй, цөм гадна гарч ширхэгээр биеэ халхлан агуйдаа буцав.

 

Төд тэд чулуун гүүрэн дээр гарч зогсоод тарни уншин ширхэгээ цөм хураан аваад чармай нүцгэнээр агуйдаа орж Тансагийн өмнүүр хихи хаха хэмээн инээлдэн гүйсээр чулуун өргөөнд орж хуучин хувцсаа авч өмсөөд хойд үүдэнд хүрч: “Хүүхэд хаана баймуй?” хэмээн дуудав. Үзвээс тэдгээр шуламд нэжгээд журмын хөвгүүн байх ажгуу. Тэдгээр нь балт зөгий, дурхи зөгий, модон зөгий, цөөргөнө, хэдгэнэ, өрөм хулгайч, хөх түрүү болой. Урьд эдгээр шулмасын татсан торонд энэ долоон зүйлийн шавьж унаснаа барьж идсүгэй хэмээхэд эд амиа гуйгаад, дуртайяа эх танин мөргөж, хавар болбоос хамаг ургамлын дээжийг барьж, зун болбоос зуун цэцгийн шимийг өргөмүй. Өдгөө гэнэт дуудахад цөм хүрч ирээд: “Эх манийг дуудсан нь ямар захиа буй?” хэмээсэнд, шулмас өгүүлрүүн: “Бид өглөө Тан улсаас ирсэн тойнд ташааран халдсанаар сая түүний шавь ирж угаалын усанд манийг хашаад шившгийг үзүүлж, амийг аван алдав! Та бүгдээр гарч түүнийг ухруулж үз, хэрэв дийлэн чадваас нагацын гэрт манийг эрж эчтүгэй” хэмээгээд номын ахыгаа эрэн  одсоныг өгүүлэхгүй. Тэлгээр хорхой тус тус сүр тавин угтаж байлдахаар авай.

 

Өгүүлэх нь Гахай унаж туссаар толгой эргэн хэвтэж атал тор урхи гэнэт үзэгдэхгүй болсонд, сая мөлхөн босч өвдөхийг тэсвэрлэн алхаж хуучин замаар буцан ирж Бичинд учран: “Ах минь толгой хавдаж нүүр хөхөрсөн буюу?” хэмээхэд Бичин асууруун: “Чи яасан буй?” Гахай өгүүлрүүн: “Би тэдгээр амьтны торонд торлогдон, унаж туссаар ууц огцрон сүүж мөлтөрсөн мэт болоод хөдөлж чадахгүй хэвтэв. Сая торгүй болсонд амь мултран гарч ирэв.” Шороо өгүүлрүүн: “Барав, барав! Чи зовлон өдөж ирсэн болой! Тэдгээр шулмас лав агуйд эгэж багшийг хорлохоор оджээ, хурдан тэнхрүүлэхээр одсугай!”

 

Бичин сонсоод яаран гарч одоход Гахай мөн морио хөтлөн дагаж айлын өмнө хүрч ирээд үзвээс чулуун гүүрний дээр долоон бяцхан шулам хашин зогсоод: “Алгуур ир, алгуур ир! Бид энд буй!” хэмээмүй. Бичин: “Инээлтэй! Юутай цөм ийм бяцхан хүүхдүүд буй? Өндрөөрөө гурван тохой хүрэхгүй; хүндээрээ арван жин хүрэхгүй” хэмээгээд зандан: “Та нар ямар шулам буй?” хэмээхэд, тэдгээр шулмас өгүүлрүүн: “Бид болбоос долоон дагины хөвгүүд, чи манай эхийг ичээн дарлаад бас айшгүй энд ирэх буюу! Бүү дутаа!” хэмээгээд цохилон ирэхэд Гахай торлогдоод ууртай байсан тул эдгээр бяцхан шуламсыг үзээд нэнт хилэн төрж малтуур далайн занчин оров. Тэдгээр шулмас манхуугийн сүрхийг үзээд цөм уг биеэр болж дээш нисэн гарч: “Хувил!” хэмээн дуудмагц агшин зуур нэгнээс арав, арваас зуу, зуугаас мянга, мянгаас түм хувилж, тоолшгүй олон болжээ. Үзвээс:

 

Үхэр хэдгэнэ тэнгэр дүүрэн нисч өрөм хулгайч газар бүрхэн ирмүй. Балт зөгий тэргүүн магнайг хатган, бүдүүн зөгий нүдийг эрэн зүүлмүй. Хүрэн хорхой ар өврийг зууж, хөх түрүү энд тэнд шөвөглөмүй. Агаарыг бүрхэн нисч ад чөтгөрийг айлган, авааралдан шавалдан  ирж арш хувилгааныг цочоомуй.

 

Гахай сандарч өгүүлрүүн: “Ах минь, ном залахыг амар хэмээлээ. Баруун газрын хорхой шавьж ч хүнийг дарламуй!” Бичин өгүүлрүүн: “Дүү бүү ай, урагшлан занч!” Гахай өгүүлрүүн: “Нүүр толгой, нүд хамаргүй цөм давхар давхар шавсан атал яахан занчмуй?” Бичин өгүүлрүүн: “Гар үгүй! Надад арга буй!” Шороо өгүүлрүүн: “Ах, ямар арга байваас хурдан гарга, баахан байваас хилэн толгойг хавдтал заах болой!”

 

            Бичин даруй үсээ нэг атга зуулан авч зажлан тасалж үлээгээд тарнидмагц даруй харцгай, хөгшин бор, элээ, халуу мэргэн, хулд, өвөгт хэрэмч, цагаан элээ зэрэг долоон зүйлийн шувуу болов. Гахай асууруун: “Ах бас ямар битүү үг хэлж дэмий л ха, хө хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Дүү чи мэдэхгүй, ха хэмээгч харцгай, хө хэмээгч хөгшин бор... шулмын хүүхэд болбоос долоон зүйлийн шавьж, миний үс болбоос долоон зүйлийн шувуу болой.” Тэдгээр шувууд хорхойг хошуугаараа туяж, савраар шүүрэн, жигүүрээр дэлдэж удсангүй цөм устгаж орхив. Үхээд газар унасан нь гурван  тохой зузаан овоорчээ. Гурвуул сая гүүрийг даван агуйд ороод үзвээс багш нь тэнд дүүжлэгдээд ёолон уйлж амуй. Гахай урагш хүрч ирж өгүүлрүүн: Багш та харин энд ирж дүүжин наадаад, миний хэдий чинээ таварцаглан унасныг мэдэхгүй байнам!” Шороо өгүүлрүүн: “Дийлэн аваад жич хэлэлцсүгэй.” Бичин даруй дээсийг таслаад багшаа буулгаж, асууруун: “Шулам хааш одсон буй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр долуулаа чармай нүцгэнээр хойш хүүхдээ дуудахаар гарсан бөлгөө.” Бичин даруй: “Дүү нараа эрэхээр одсугай” хэмээв.

 

Гурвуул зэвсэг барин ар хүрээнд орж нэгэн зэрэг эрвээс огт мөр сүүдэргүй  тул тоор гүйлсэн модны салаанд хүртэл цөм иржээ. Гахай өгүүлрүүн: “Оджээ! Оджээ!” Шороо: “Тэднийг ирэх хэрэггүй, багшийг моринд мордуулсугай” хэмээсэнд урагш ирцгээн Тансагийг моринд мордуулаад, Гахай өгүүлрүүн: “Та нар багш лугаа урагш явж бай, өвгөн Жү би энэ гэрийг малтуурдан нураагаад, тэднийг эргэж ирэв ч орших газаргүй болгосугай.” Бичин инээн өгүүлрүүн: “Малтуурдваас хүчин сүйтгэмүй, түлээ баахан авчраад үндсээр нь арилгахыг хүрэхгүй болов.” Манхуу үнэхээр хувхай нарс, хуурай уд, хулс, ороонго зэргийг авчран гал ноцоож тас түймэрдээд багш шавь нар сая санаа амран урагш эчив. Үүнээс хойш сайн муу ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 34 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 21 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 46 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 50 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 54 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 36 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 9 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 13 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 13 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 47 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 56 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 7 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 12 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 34 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 51 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 45 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 9 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 10 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 25 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК