зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Жаран есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЖАРАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


ЭМЧ БИЧИН ШӨНИЙН ГҮНД ЭМ НАЙРУУЛАВ

ЭЗЭН ХААН ХУРИМЫН ШИРЭЭНД ШУЛМЫГ ӨГҮҮЛЭВ

 

            Өгүүлэх нь, Бичин түшмэдийн хамт хааны суусан харшийн гадна зогсоод, гурван алтан утсаа тайганд өгч: “Чи үүнийг авч ордонд орж хааны зүүн гарын бугуйнаас уян нэгэн үзүүрийг нь цонхны нүхээр гаргаж надад өг” хэмээв. Тэр тайган хэлсэн үгээр хааныг түшин суулгаж, алтан утасны нэгэн үзүүрийг хааны зүүн гарын бугуйнд уяад нөгөө үзүүрийг цонхны нүхээр гадагш гаргав. Бичин утасны үзүүрийг зүүн гараар барьж, баруун гарын долоовор, дунд ядам хуруугаар утсыг барьж өөрийн гарын  цон, ган, чаг гурван судлыг дараад амьсгалаа тогтоож, дөрвөн тамир, таван шим, долоон өнгө, найман эчнээ, есөн гэм, хөвөхүй дотор живэв. Живэхүйн дотор хөвөхүйг ялган хий шарын хямралын үндсийг олоод бас зүүн гарын утсыг тайлан хааны баруун гарт уяулаад мөн урьдын ёсоор зүүн гарынхаа судлыг барьж үзээд алтан утсаа хураан авч их дуугаар өгүүлрүүн: “Хаан чиний зүүн гарын цонгийн судал хүчтэй болоод чанга лугших нь голын тамир доройтож дотор өвдөх болой; гангийн судал чагтуун болоод алгуур лугших нь хөлөрч бие тамирдах болой. Чагийн судал хөндий болоод живэхүй нь шингэн мөр улаан, өтгөн мөр цустай болой. Баруун гарын цонгийн судал хөвөн тогтуургүй нь дотор зангирч гүйдэл судал хаагдсан болой; гангийн судал алгуур болоод зангирах нь идээн хоногшиж гэмтсэн болой. Чагийн судал хурдан болоод хатуу нь уур хүрч бачимдаад хүйтэн лүгээ хямарсан болой. Эзний энэ эмгэгийг үзвээс айсан цочсон санасан зовсноос болсон өвчин, нэр нь хос болжмор нөхрөөсөө хагацсан өвчин хэмээмүй.” хэмээсэнд, хаан сонсоод маш баясан их дуугаар: “Сайн эмч! Сайн эмч! Миний өвчнийг тодлов! Хурдан эм найруулан авч ир” хэмээв.

 

            Бичин гарч ирэхэд Тансаг угтан ирж ямар болов? хэмээн асуусанд Бичин өгүүлрүүн: “Судлыг нь барив, өдгөө өвчинд тохирох эм найруулмуй” хэмээсэнд бүгд түшмэд урагш давшиж асууруун: “Хувилгаан тойн таны саяын хэлсэн “Хос болжмор нөхрөөсөө хагацсан” өвчин хэмээгч юун буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Эрэгчин эмэгчин хоёр болжмор нэгэн газар хамт байн атал гэнэт догшин салхи ширүүн бороогоор цочин салаад нэгэн нэгнээ олохгүй бөгөөс харилцан санах буюу, энэ нь “Хос болжмор нөхрөөсөө хагацсан” өвчин бус юун буй?” Бүгд түшмэд үүнийг сонсоод: “Хувилгаан тоайн, хувилгаан эмч байнам!” хэмээн гайхалдан зогсохгүй. Хааны эмч ирж асууруун: “Өвчний үндсийг нэгэнтээ тодлов өдгөө ямар эм хэрэглэх буй?” Бичин өгүүлрүүн: “Судрыг баримтлахгүй олдсон эм бүхнийг цөм хэрэглэмүй.” Эмч өгүүлрүүн: “Сударт өггүүлсэн нь “Эмд найман зуу найман зүйл буй, өвчин дөрвөн зуу, зөрвөн зүйл буй” хэмээжээ. Нэгэн хүний өвчинд эм бүхнийг хэрэглэх ёсон буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Эртний үгэнд “Судрыг баримтлахаар үгүй, зохисыг үзэн хэрэглэмүй” хэмээжээ. Тиймийн тул эм бүхнийг эвээр нь нийлүүлэн нэмэж хасан хэрэглэх буй за.” Тэр эмч дахин өгүүлсэнгүй гарч эчээд хотын бүгд эмийн пүүсээс зүйл бүрийн гурван жин авчирч хувилгаан тойн Бичинд барив. Бичин өгүүлрүүн: “Эмийг энд найруулж болохгүй, энэ эмийг нүдэх зэмсгийн хамт Хуй Дүн Гуан буудалд аваачиж миний хоёр дүүд өгтүгэй.” Тэр эмч үгийг нь дагаж найман зуу, найман зүйлийнм эмийг нүдэх зэмсгийн хамт Хуй Дүн Гуан буудалд хүргүүлэв.

 

            Бичин харшид гаран багшид золгож: “Бид буудалдаа одож эм найруулсугай” хэмээсэнд, Тансаг сая босон атал, хааны зарсан түшмэл ирж хааны эмчид “Та одож Тансаг их тойныг соёлын харшид хүндэл, маргааш эм ууж өвчин илаар болсны хойно тал өгөн тэмдэгт бичгийг халан үдсүгэй” хэмээх хааны зарлигийг удамжлахад Тансаг сонсоод ихэд цочин өгүүлрүүн: “Аяа, шавь минь эд лав надаар барьцаа болгон авч суугаад эзний өвчин эдгэвээс биднийг сайнаар үдэн, эс эдгэвээс намайг хорлох санаа буй за, чи эмээ хичээн найруулбаас сайн!” Бичин инээн: “Багш сэтгэлээ сул тавьж санаа амар суу надад засах арга буй” хэмээв.

 

            Бичин багш ба олон түшмэдээс салан шууд буудлын газарт хүрч ирсэнд, Гахай угтан авч инээн өгүүлрүүн: “Ахын санааг би мэдэв.” Бичин өгүүлрүүн: “Чи миний ямар санааг мэдэв?” Гахай өгүүлрүүн: “Чи ном залах явдал үл  бүтэхийг мэдээд худалдаа хийсүгэй хэмээвээс өртөггүйн тул энэ газрын баян тарганд дурлаж арга үүсгэн нэгэн эмийн пүүс нээсүгэй хэмээх буй за.” Бичин зандан өгүүлрүүн: “Дэмий бүү донгод! Хааны өвчнийг эдгээвээс даруй явмуй, юунд бас эмийн пүүс нээх буй!” Гахай өгүүлрүүн: “Найман зуу найман зүйлийн эм, зүйл бүр гурван жинг нийлүүлбээс бүгд хоёр мянга дөрвөн зуу хорин дөрвөн жин буй, үүнийг хоол болгон идэвч нэг хүн мөн хэдэн жил идэх буй за!” Бичин өгүүлрүүн: “Юунд дэмий олон эм хэрэглэх аж? Эдний эндэх эмч нар цөм юм мэдэхгүй мунхаг, би ямар эм зарахаа тэдэнд мэдэгдэхгүйн тул тийм арвин эмийг дурдан тэдний толгойг эргүүлсэн бөлгөө.” Ийн өгүүлэлдэн атал, буудлын газрын хоёр зарц ирж Бичиний өмнө сөгдөн: “Хувилгаан тойд оройн цав зоогло” хэмээн залсанд Бичин өгүүлрүүн: “Өглөө биднийг үл ойшоогоод өдгөө ийн залах нь юун?” Тэр зарц мөргөн өчрүүн: “Хувилгаан тойдыг сая ирэхэд бидний зэргийн эгэл хүн эрхмийн нүүрийг эс танив. Өдгөө багш та гурван хурууны гайхамшигт эрдмээр манай хааны өвчнийг тодлоод, хэрэв хааныг эдгээн чадах болбоос улсын хагас ч багшийн болох тул бид мөн таны сайд түшмэл болох болой.” Бичин үүнийг сонсоод алсхийн баясаж гол суудалд суусанд, Гахай Шороотон хоёр этгээдэд суув. Цав авч ирсний хойно Шороо Бичинээс: “Багш хаана буй?” хэмээн асуусанд Бичин инээн өгүүлрүүн: “Хааны өвчин илаар болсон хойно бидэнд тал өгөн мордуулах хэмээн багшийг барьцаа болгон үлдээжээ.” Шороо бас асууруун: “Багшид цав буй буюу?” Бичин өгүүлрүүн: “Багшийг хөнгөлж болох буюу! Намайг гарч ирэхэд гурван хөгшин сайд ирж түүнийг хуриманд залж соёлын харшид одсон бөлгөө.” Гахай өгүүлрүүн: “Тийм болбоос багш харин ч оножээ. Бид энд буудлын хоёр зарцаар зочлуулмуй, тэр тэнд хөгшин сайдаар зочлуулмуй. Байг, байг! Түүнийг түр хэлэлцэхгүй, өвгөн Жү би цадтал идвээс барав” хэмээгээд ах дүү хоёул цав юугаа зооглов.

 

            Тэнгэр орой болсны хойно, Бичин зарцад: “Ширээгээ хурааж дэн зулыг илүүхэн асаа, бид шөнийн сэлүүнд эм найруулахад сайн” хэмээсэнд, тэр зарц үнэхээр маш арвин лаа авчирч өгөв. Шөнө дөл болсонд Гахай өгүүлрүүн: “Ах, эм найруулах болбоос эртхэн найруулсугай, нойр хүрч байнам.” Бичин өгүүлрүүн: “Чи нэг лан жүмз авчирч нарийн талх болгон нүдэгтүн.” Шороо өгүүлрүүн: “жүмз хэмээгч амт гашуун, сэрүүн чанартай, хоргүй; түүний чанар хөвөхүйгээс бус тунахгүй, түүний хүч нь хөөхөөс бус хуруулахгүй; цогцолсныг хөөж хаагдсаныг тайлмуй, самуурлыг дарж амарлингуй болгох тул нэрийг нь “Баатар найруулга” хэмээмүй. Ганц тэр хаан удаан хэвтээд тамир нь буурай болсон тул даахгүй болуузай.” Бичин инээн өгүүлрүүн: “Дүү эс мэдэв, энэ эм цэрийг хайлуулан амьсгалыг эевэргүү болгож, хэвлийн доторх халуун хүйтэн зангирсныг хөөмүй. Чи хамаарах хэрэггүй. Нэг лан данраг авчирч хальсыг нь цөмөн хорыг нь гаргаад талх болго.” Гахай өгүүлрүүн: “Данраг хэмээгч амт гашуун, чанар халуун бөгөөд хортой; хураасныг буулгаж, уушиг цулд шургасан сэрүүнийг үлдэж, бөглөрөн хаагдсаныг шувтлан, идэш уушийн замыг засмуй; энэ нь боомтыг шувтлан үүдийг нээгч баатар тул хөнгөнөөр хэрэглэж үл болмуй.” Бичин өгүүлрүүн: “Чи мөн эс мэджээ. Энэ эм зангирсныг эвдэж гэдсийг туулган, цээж дүүрэн, хаван буухыг засмуй. Түргэн найруултугай, энд бас хор тайлах хүлэг буй” хэмээв. Гахай Шороо хоёул тэр хоёр зүйлийн эмийг талх болтол нүдээд: “Өөр бас ямар эм нүдмүй?” хэмээсэнд, Бичин: “Өөр эм хэрэггүй” хэмээв. Гахай өгүүлрүүн: “Найман зуу найман зүйлийн эмээс энэ хоёрхныг хэрэглэх бөгөөс үнэхээр хүнээр наадам хийсэн нь болой.” Бичин нэгэн пял авчирч: “Бүү олон үглэ, чи үүнийг авчирч тогоон хөө авч ир” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Түүгээр юу хиймүй?” Бичин: “Эмэнд ормуй” хэмээв. Шороо өгүүлрүүн: “Тогооны хөө эмд орохыг би олж үзсэнгүй.” Бичин өгүүлрүүн: “Дүү чи эс мэдмүй, тогооны хөө хэмээгч зуун өвсний дээж тул хамаг өвчнийг засч чадмуй.” Тэр манхуу одож хагас пял хөө авчрав. Бичин бас нэгэн цом авч Гахайд өгөөд: “Чи дахин одож манай морины шээхийг хүлээж нэг цом шээс авч ир” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Түүнээр юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Эм үрэлдмүй.” Шороо инээн өгүүлрүүн: “Би ганц цуугаар үрэлдэх, тутаргаар үрэлдэх, балаар үрэлдэх буюу цэвэр усаар үрэлдэхийг үзсэнээс өөр морин шээсээр эм үрэлдэхийг эс сонслоо. Тэр жүмз данрагийг хүн ууваас доош суулгах атал, бас морин шээс үнэртэж дээш бөөлжвөөс наадам буй.” Бичин өгүүлрүүн: “Чи мэдэхгүй, манай тэр морь хэмээгч ертөнцийн морь бус баруун далайн луу болой, түүний шээсийг олж ууваас ямар ч өвчин цөм эдгэрмүй. Ганц барин олоход бэрх буй за.” Гахай сонсоод мориныхоо дэргэд одож үзвээс тэр морь хэвтэн авай, манхуу өшиглөн босгоод доор нь цомоо барин удтал тоссон ч тэр морь эс шээв. Гахай хойш ирэн Бичинд өгүүлрүүн: “Аяа, ах минь, хааны эмнэхийг байгаад түргэн эчиж морийг эмнэ, тэр адгуусан шээс хоригдох гэм олсон буй за.” Бичин инээн: “Бид эчиж үзсүгэй” хэмээсэнд Шороо: “Би бас үзсүгэй” хэмээв.

 

            Гурвуул морины дэргэд хүрсэнд тэр морь харайн босоод хүний хэлээр өгүүлрүүн: “Номын ах, чи юунд үл мэдэх буй? Би уг нь баруун далайн лус бөлгөө, тэнгэрийн цаазыг зөрчин ял олсонд Хомсим бодисадва намайг аварч, миний эврийг огтлон хайрсыг хусаад багшид хүлэг болгож гавьяагаар ялаа тайлтугай хэмээв. Би усанд шээвээс загас амталж луу болох, газарт шээвээс бэлгэт далдуу ургаж хувилгаан хүүхэд идвээс мөнхийн шидийг олмуй. Энэ энгийн газар элс хамагт би хэрэггүй шээж болох буюу?” Бичин өгүүлрүүн: “Дүү минь, энэ нь эзний нийслэл, энгийн газар бус бөгөөд бас зүгээр шээх бус, бид хааны өвчнийг эдгээвээс нүүр олох бус уу, эс тийм бөгөөс энэ газраас салах бэрх болжээ” хэмээсэнд, тэр морь урагш суниан хойш оцойж араагаа тачигнатал хавирсаар арай гэж хэдэн дусал шээв. Гахай үүнийг үзээд: “Энэ муу адгуус! Рашаан буюу? Юунд ийм бага шээмүй!” хэмээсэнд, Бичин үзээд: “Гүйцмүй! Гүйцмүй! Хойш харьсугай” хэмээхэд Шороо алсхийн баярлав.

 

            Гурвуул гэрт орон Гахай эмээ гурван бүдүүн үрэл болгон үрэлдсэнд Бичин: “Дүү минь тун бүдүүн болжээ.” Гахай өгүүлрүүн: “Энэ сая тоорын чинээ гурван үрлийг би идвээс ам дүүрэхгүй болой!” хэмээгээд гурван үрлээ нэгэн бяцхан хайрцаг ахуулан хурааж, хэдүүл бүхлээр унтжээ. Тэр шөнө өөр учиргүй.

 

            Тэндээс тэр хаан тэнгэр гэгээрмэгц өвчнийг хүлцэн бараалалд гарч Тансагт учраад олон түшмэдийг Хуй Дүн Гуан буудалд одож хувилгаан тойн Бичинээс эм зал хэмээв.

 

            Олон түшмэд буудлын газарт хүрч Бичинд мөргөн: “Хаан биднийг эм зал хэмээн илгээв” хэмээсэнд, Бичин Гахайгаар хайрцгийг нээлгэн гурван үрэл авч өгөв. Тэр түшмэд асууруун: “Эмийн нэр нь юу болов? Хаанд айлтгахад сайн.” Бичин өгүүлрүүн: “Энэ эмийг “Хар алтан үрэл” хэмээмүй.” Гахай, Шороотон сэмээр: “Тогооны хөөгөөр найруулсан үрэл хар бус юун аж!” хэмээн инээлдэв. Тэр түшмэд бас асууруун: “Юугаар даруулах буй?” Бичин өгүүлрүүн: “Үүнийг хоёр зүйлийн хүлгээр даруулбаас болмуй. Хялбар олдох нэгэн нь огторгуйд нисэгч хэрээний унгас, усан доторх загасны шээс, Нэвс хүрз эхийн нүүрт түрхэх оо, Дилавын үрэл бүтээгч зуухны үнс, хурмастын өмсөж элсэн малгайнаас гурван хэсэг, хөгшин луугийн сахлын үснээс тав, энэ зургаан зүйлийг чанасан сүмсээр даруулбаас танай хааны хууч төдөлгүй эдгэрмүй.”

 

            Түшмэд өгүүлрүүн: “Энэ цөм үл олдох юм, өөр нэгэн зүйлийн хүлэг нь юун болов?” Бичин өгүүлрүүн: “Хөлгүй усаар даруулмуй.” Түшмэл инээн өгүүлрүүн: “Энэ харин ч олоход хялбар.” Бичин өгүүлрүүн: “Та нар хялбар олохыг яахан мэдэв?” Түшмэд өчрүүн: “Манай эндхийн хүмүүсийн хэлэхээр, худаг буюу голын уснаас утган хойш гэрэлгүй газарт хүргэлгүй аваачаад өвчтөнд эм даруулан уулгахыг нь хөлгүй ус хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Тэр цөм бус, миний энэ хөлгүй усан хэмээгч тэнгэрээс буусан борооны усан сая хөлгүй ус хэмээмүй.” Олон түшмэд: “Ийм болбоос мөн хялбар, бороо орохыг хүлээж эмийг ууваас барав” хэмээгээд Бичинд тал өгөн эмээ авч хойш одоод хаанд барив.

 

            Хаан тэр үрлийг тосон аваад маш баясан: “Энэ эмийн нэр нь юун буй?” хэмээн асуусанд түшмэд айлтгаруун: “Нэр нь хар алтан үрэл, үүнийг хөлгүй усаар даруулмуй.” Тэр хаан сонсоод түргэн одож хөлгүй усыг авч ир хэмээсэнд түшмэд өчрүүн: “Тэр хувилгаан тойны хэлсэн нь, худаг, голын ус үл болох, борооны усаар даруулмуй хэмээжээ.” Хаан: “Та нар тойдыг цуглуулан гүрэм хийж бороо гуйгтун” хэмээсэнд, түшмэд гарч бороо гуйх тунхаг тархаахыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин тэр Хуй Дүн Гуанд сууж Гахайд өгүүлрүүн: “Би сая борооны усаар даруул хэмээн тэдэнд хэлсэн бөлгөө юунд тийм түргэнээ бороо орох аж? Би үзвээс тэр хаан их буянтай тул бид хоёул бороогоор тусалбаас ямар буй?” Гахай өгүүлрүүн: “Бороог яахан оруулмуй?” Бичин өгүүлрүүн: “Чи туслагч одон болж миний зүүн талд зогс” хэмээгээд бас Шороог дуудан: “Чи дэмжигч гараг болж миний баруун талд зогс, өвгөн Сүн би эдэнд хөлгүй усаар тусалсугай” хэмээгээд ган одоор гишгэн тарни уншсанд зүүн этгээдээс нэгэн хэсэг хар үүл нүүсээр орой дээр нь ирэн дуудан асууруун: “Их богд, зүүн далайн лусын хаан Үү Гуан би ирэв” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Хэрэггүй бөгөөс лусын хаан чамайг үл залах бөлгөө, өдгөө энэ улсын хаанд эм уулгахын тул борооны усыг хэрэглэмүй.” Лусын хаан өгүүлрүүн: “Их богд дуудахдаа бороо оруул хэмээсэнгүйн тул өчүүхэн лус би ганц биеэр ирэв. Салхи, үүл, аянга, цахилгааны эрхтнийг авч ирсэнгүй, яахан бороо оруулах буй?” Бичин өгүүлрүүн: “Өдгөө салхи, үүл, аянга, цахилгааны эрхтэн хэрэггүй, эм даруулах өчүүхэн дусал буулгаваас барав их бороог хэрэглэхгүй.” Лусын хаан өгүүлрүүн: “Тийм болбоос би нэгэн хэдэн найтаагаад шүлс нусаа үсэргэвээс түүнд эм даруулж хүрэх буй за.” Бичин: “Маш сайн! Маш сайн! Алгуурлаж болохгүй түргэн найтаагтун!” хэмээв.

 

            Тэр хөгшин лус үүлээ доош дарж хааны ордон дээр хүрээд, биеэ далдлан нэгэнтээ найтаасанд түүний шүлс нус нь рашаан болон буув. Хааны ордны бүгд сайд түшмэд: “Манай эзний үлэмж буянаар эцэг тэнгэр рашаанаа хайрлав” хэмээн маш баясалдав. Хаан зарлиг болруун: “Ордны дотор гадар, түшмэлийн их бага хэмээн ялгалгүй цөм сав барин рашаан усыг тосч миний биеийг тэнхрүүл!” хэмээснээ хааны ордны бичиг цэргийн бүгд түшмэд гурван урт зургаан хүрээлэнгийн хатад, гурван мянган өнгөт охид, найман зуун хайрт гэг нар хундага цом барин аяга пял өргөн рашаан хурыг хүлээтэл, тэр хөгшин лус огторгуйгаас шүлс нусаа нэгэн цаг хэр ордны дээгүүр савируулан Бичинд аярлан хойш эгэв. Олон түшмэд саваа цуглуулан үзвээс, зарим нь нэгэн хоёр дусал олсон ч буй, зарим нь тав гурван дусал олсон ч буй, зарим нь нэгэн дусал ч олсонгүй нь мөн буй. Бүгдийг нийлүүлэн гурван хундага болгоод хааны ширээний өмнө барив. Тэр усны гайхамшигт үнэр алтан харшид анхилаад сайхан амт эзний ордонд амтлагдав!

 

            Тэр хаан номын багшаас салаад ордонд орон гурван “Хар алтан үрэл”-ийг гурван хундага усаар даруулан уусанд төдөлгүй гэдэсний дотор горчигнон дөрөв таван удаа суулгасны хойно, сая сүмс ууж ор дээрээ гарч хэвтэв. Хоёр хатан нь тэр гүйлгэснийг үзвээс нялцгар ёлхдосын нисүүн үнэр хамар хадах бөгөөд дотор нь нэгэн хэсэг эс шингэсэн амусу буй. Тэр хатан хааны орны дэргэд ирж: “Өвчний хор гарав” хэмээсэнд хаан маш баясаад бас нэгэн аяга сүмсийг уув. Удалгүй дотор нь уужран хий цус зохицолдон, тамир тэнхээ нэмэгдэв. Төд луугийн ширээнээс буун төрийн дээл хувцсаа өмсөн харшид ирээд Тансагийн өмнө мөргөхөд, тэр багш яаран хариу ёсолж тэтгэн босгов. Тэр хаан өөрийн гараар урилгын бичиг барьж түшмэддээ “Та нар одож номын багшийн гурван шавийг залж бас зүүн асрыг нээж тал хийх хурим бэлд!” хэмээсэнд улс хэмээгч уулыг нүхлэх хүчин буй тул удалгүй урилгын бичиг илгээн хуримаа бэлтгэн дуусчээ.

 

            Тэндээс Гахай урилгын бичгийг үзээд тэсгэлгүй баярлаж: “Үнэхээр хувилгаан үрэл ажгуу! Өдгөө лав ахын гавьяанд тал хийхээр урьсан буй за.” Шороо өгүүлрүүн: “Ах ямар үг хэлэх буй! Энгийн үгэнд: “Нэгэн хүний буянд нэгэн гэр баяжмуй” хэмээжээ. Бид хоёр бас хавсран найруулсан тул ганц гэдэс цатгахаар одсугай, олон бүү өгүүл” хэмээгээд ах дүү гурвуул ихэд баясан ордонд ирэв.

 

            Тэнд олон түшмэд угтан авч зүүн асарт гарч үзвээс хаан ба хөгшин түшмэдийн хамт хуримын ширээнээ суужээ. Гурвуул багшдаа ёсолтол олон түшмэд цөм хүрч ирэв. Үзвээс дээр талын дөрвөн ширээнд цагаан цавыг дүүрэн өрж тавьсан бөгөөд доор талд нэгэн ширээ тавьж дээр нь улаан цавыг элбэг өржээ. Зүүн баруун хоёр этгээдэд дөрөв таван зуун ширээ тавьж засч зэрэглэсэн нь асар тэгш:

 

Эртний бичигт өгүүлсэн нь: “Эрхэм идээ элдэв амттан, өндөр пүнлүү үлэмж цалин. Тос бяслаг цагаан идээ, торгон залаа улаан дээл” хэмээжээ. Үнэхээр эрдэнийн чимэг гялалзан, элдэв жимсийн үнэр анхилмуй. Арслан барсын чихрийг овоолон луу гарьдын боорцгийг өржээ. Улаан цавд Гахай, хонь, галуу, тахиа, загас, нугас зүйл бүрийн мах буй. Цагаан цавд шинэ ногоо, хулсан сүеэ, мөнгөн далдуу, цагаан мөөг, шар тостой чихэрт боорцог, цагаан будааны амс, шүлхий тутаргын хярам буй. Торгон хурц шөл халуун бөгөөд амттай. Тансаг сайхан ундаа анхилам бөгөөд чихэрлэг. Эзэн түшмэл хундага өргөж ширээ сая тэгширтэл, эрхэм доод зэрэг дэсээр хувин алгуур дамжмуй.

 

Тэр хаан өөрийн гараар хундага өргөн Тансагт барьсанд, Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн архи уудаггүй бөлгөө.” Хаан өгүүлрүүн: “жимсний архи болой. Номын багш энэ нэгэн хундагыг зоогловоос ямар?” Тансаг өгүүлрүүн: “Архи хэмээгч тойн хүний тэргүүн цээрлэл болой.” Тэр хаан сэтгэлд үл төвдөн: “Номын багш архи цээрлэх болбоос юугаар дайлмуй?” Тансаг: “Миний гурван шавь намайг төлөөлөн уутугай” хэмээсэнд, хаан баясан алтан хундаганд архи хийж Бичинд барив. Бичин тосч аваад олонд ёсыг гүйцэтгээд хөнтрөв. Хаан түүний хуур шүүр уусныг үзээд дахин нэгэн хундага барихад Бичин бас авч уув. Хаан инээн өгүүлрүүн: “Гурван эрдэнийг дахихын тул гурван хундага зооглотугай” хэмээсэнд, Бичин мөн маргалгүй уухад, хаан бас нэгэн хундага хийж: “Дөрвөн цагийн тоогоор бас нэгэн хундага зооглох болтугай” хэмээн барив. Гахай хажуугаас нь ганц Бичинийг шалахыг үзээд тэсгэлгүй хоолой хөдлөн шүлсээ залгин дуудан өгүүлрүүн: “Хаан таны уусан эмийг би бас хүчээ гаргаж найруулсан бөлгөө, тэр эмийн дотор морины....” хэмээн өгүүлтэл, Бичин түүнийг хэлж гаргахаас болгоомжлон хундагатай архиа Гахайд өгсөнд, Гахай сая өгүүлэхээ зогсов. Хаан асууруун: “Сая эмийн дотор морь байх нь юун буй?” Бичин яаран тосч аваад: “Миний дүүгий ам сул, сайн жорыг сонсвоос бусдад ярих дуртай бөлгөө. Хааны уусан тэр эмийн дотор морин хөгнө хэмээх эм орсон болой.” Хаан олон түшмэдээс асууруун: “Тэр ямар эм буй? Ямар өвчнийг засах буй?” Хааны эмч түшмэл суудлаас босч ийн айлтгаруун: “Эзэн гүн:

 

Морины хөгнийн амт гашуун, чанар сэрүүн бөгөөд хор үгүй, агсааг тайтгаруулан цэрийг хайлуулахад ерөндөгтэй, нян хорхойг арилгаж хийг нэвтрүүлэх чадалтай. Тамир оруулан ханиадыг зогсоох тустай.” хэмээсэнд, хаан сонсоод маш баясан: “Сайн эм! Сайн эм! Жү багш дахин нэгэн хундага уутугай” хэмээсэнд, тэр манхуу өчүүхэн ч маргахгүй бас гурван хундага хөнтрөв. Хаан Шороод архи барьсанд Шороо мөн гурван хундага уув.

 

            Нэлээд уусан хойно, хаан дахин их хундаганд архи сөгнөн Бичинд барьсанд, Бичин өгүүлрүүн: “Эзэн саатмуу, өвгөн Сүн миний ээлж болбоос эрээлэлгүй уусугай.” Хаан өгүүлрүүн: “Хувилгаан тойны уул мэт их ачид мөхөс би талархаж үл бармуй, хэрхэвч энэ нэгэн хундагыг зооглосны хойно надад мөн хэлэх үг буй” Бичин асууруун: “Хаан хэлтүгэй, өвгөн Сүн сонссон хойно архиа уухад сайн.” Хаан өгүүлрүүн: “Би сэтгэлийн өвчин олж гурван жил болоод хувилгаан тойны ганц эмд сайн болов.” Бичин инээн өгүүлрүүн: “Өвгөн Сүн би хааны судлыг үзмэгц сэтгэлийн өвчин олсныг мэдсэн бөлгөө, ганц өвчний шалтгааныг эс мэдэв?” Хаан өгүүлрүүн: “Эртний үгэнд: “Гэрийн учрыг  гадагш битгий задруул” хэмээжээ. Хэдий тийм авч хувилгаан тойн миний амийг аварсан хүн тул эс элэглэх болбоос би хэлсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Гайгүй бид ямар аймшиггүй эзнийг элэглэмүй, хаан хэлтүгэй.” Хаан өгүүлрүүн: “Хувилгаан тойн та миний улсад хүрч иртэл хэдий улсыг өнгөрөв?” Бичин өгүүлрүүн: “Тав зургаан улсыг өнгөрсөн буй за.” Хаан асууруун: “Тэдгээр улсууд хатдаа юун хэмээн дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Их хатныг гол ордны тамган хатан, бага хатдыг баруун зүүн ордны хатад хэмээн дуудмуй.” Хаан өгүүлрүүн: “Миний улсад тийм бус, их хатныг алтан ордтон хэмээн өргөмжилмүй, хоёрдугаар хатныг хас ордтон хэмээмүй, гуравдугаар хатныг мөнгөн ордтон хэмээн дуудмуй. Өдгөө хас, мөнгөн ордтон хоёр хатан л байнам.” Бичин өгүүлрүүн: “Алтан ордтон юу хийв?” Хаан нулимс унаган өгүүлрүүн: “Үгүй болоод нэгэнт гурван жил болжээ.” Бичин өгүүлрүүн: “Хааш одсон буй?” Хаан өгүүлрүүн: “Гурван жилийн өмнөх таван сарын тавны сайн өдөр, би бөгөөд хатдын хамт цэцгийн хүрээлэнгийн анарын тагтад суйх хатгасан сэрүүн амс идэн, шудагийн дарсыг ууж луугийн толгойт онгоцны мөргөлдөхийг үзэн атал, гэнэт нэгэн их салхи салхилан огторгуйгаас нэгэн шулам гарч ирээд биеэ бэлгэт гөрөөсөн уулны голч гөрөөсөн агуйд суугч Сай Тайсуй хэмээв. Тэр шулам агуйдаа хатангүй тул миний алтан ордтоныг сайхан хэмээн сонсоод хатан болгосугай хэмээн авахаар иржээ, гурвантаа дуудаад эс гаргаж өгвөөс урьдаар мөхөс хүнийг идээд жичид зуун түшмэдийг залгиж бүх хотын ард иргэдийг үлдэлгүй идмүй хэмээгээд, мөхөс хүн улс иргэнээ хайрлан аргагүй алтан ордтоныг анарын тагтаас түлхэн гаргаад шуламд өгөв. Тэр үес мөхөс хүн сэрүүн амс идэж байсан бөлгөө, тийн цочиж айснаас зангирч, өдөр шөнөгүй хатнаа санах тул энэ муу өвчнийг олоод гурван жил болов. Өдгөө хувилгаан тойны ганц эмийг уугаад хэдэн удаа доош туулан гурван жилийн өмнө тогтсон идэш цөм гарч өвчин арилан бие хөнгөрөөд цог сүлд урьдын адил болов. Энэ өдрийн амийг цөм хувилгаан тойн өгсөн тул ач нь Сүмбэр уулаас хүнд.”

 

            Бичин үүнийг сонсоод их л баясан хундагатай архийг уугаад хаанаас инээн асууруун: “Хааны өвдсөн шалтгаан ийм ажгуу! Завшаанаар өвгөн Сүн миний гараар илаар болов. Өдгөө алтан ордтоноо эгүүлэн авсугай хэмээх буюу?” Тэр хаан нулимсыг цувруулан өгүүлрүүн: “Би өдөр шөнө үл санах бээр үгүй тул юунд эгүүлэн авчрах санаагүй аж! Ганц шулмыг барих хүнгүй болой.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би чиний төлөө одож шулмыг бариваас ямар?” Хаан яаран сөгдөж өгүүлрүүн: “Үнэхээр хатныг минь авч ирээд өгвөөс би хатан хөвгүүдээ иргэн болоод төрөө дөрвөн тойнд барьсугай.” Гахай хажуугаас тэр хааны ийн хүндлэн мөргөхийг үзээд тэсгэлгүй ихэд инээн өгүүлрүүн: “Энэ хаан ёсыг алдав! Юунд ийм тул төрөө өгөөд, тойнд ийн мөргөмүй?” Бичин яаран босч хааныг түшин босоод өгүүлрүүн: “Тэр шулам хатныг чинь аваачсанаас хойш дахиж ирсэн буюу?” Хаан өгүүлрүүн: “Уржнан жилийн таван сард хатныг аваачсанаас хойш арван сард дахин ирж хатанд заруулах хэмээн хоёр охиныг аваачив, ноднин жилийн гурван сард бас ирж хоёр охиныг аваачиж долоон сард ирж хоёр охиныг аваачив. Энэ жилийн хоёр сард бас ирж хоёр охиныг аваачжээ. Өдгөө бас хэзээ ирэхийг мэдэхгүй.” Бичин өгүүлрүүн: “Энэ мэт дахин дахин ирэхэд та айхгүй буюу?” Хаан өгүүлрүүн: “Би түүний дахин дахин ирэхэд хорлох болуузай хэмээн эмээгээд ноднин дөрвөн сард шуламсаас далдлах хэмээх нэгэн тагт бариулж салхи салхилмагц даруй хатдаа авч түүний дотор орж далдалдаг бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн намайг дагуулж шулмаас далдлах асраа үзүүлэх болов уу?” Тэр хаан Бичиний гараас барин одоход олон түшмэд цөм суудлаас босов. Гахай уруулаа эртийлгэн өгүүлрүүн: “Ах чи үнэхээр ёсыг мэдэхгүй! Ийм сайн хуримыг идэхгүй бас ямар тагт үзэх хэмээмүй?” Хаан түүний идэхэд дуртайг нь мэдээд түшмэдэд шулмаас далдлах асрын дотор хоёр ширээ цагаан цав бэлд хэмээсэнд, тэр манхуу сая дуун эс гаран Тансаг Шороотоны зүг инээж: “Ширээг шинэтгэн зооглосугай” хэмээв.

 

            Нэгэн бүлэг бичиг цэргийн сайд түшмэд зам удирдан, хаан Бичиний гараас хөтлөн ордныг өнгөрөн цэцгийн хүрээлэнд орж үзвээс асар тагт үзэгдэхгүйд Бичин асууруун: “Шулмаас далдлах асар хаана буй?” хэмээн өгүүлэхийн зуур хоёр тайган гарт улаан шир хөшүүрэг модыг барьж нэгэн дөрвөлжин хавтгай чулууг өргөж сөхөв. Хаан өгүүлрүүн: “Энэ даруй мөн болой, дөрвөн хос алд гүн бөгөөд доор есөн тасалгаа их харш буй. Бас дөрвөн их ганд тос хийж зул асаасанд өдөр шөнө үл сөнөх болой. Салхи салхилмагц би үүнд орж нуугаад бусдаар чулуун амсарыг даруулдаг бөлгөө.” Бичин инээн өгүүлрүүн: “Тэр шулам үнэхээр чамайг хорлосугай хэмээвээс энэ чулуун амсар түүнийг яахан хориож чадмуй?” хэмээн өгүүлэн байтал, ас өмнө этгээдээс тор тоос дэгдээгээд салхин хөдлөхөд, олон түшмэд цөм Бичинийг зэмлэн өгүүлрүүн: “Энэ тойн бэлгэ муутай үгийг хэлээд шулмыг ирүүлэв!” хэмээтэл тэр хаан сандан мэгдэн тэр гэр дотроо дутаан ороход Тансаг бас даган оров, бүгд сайд түшмэд цөм зугтан дутаав.

 

            Гахай, Шороотон бас дутаасугай хэмээтэл Бичин хоёулыг татан барьж: “Та нар бүү айгтун бид ямар шулмыг таньж авсугай” хэмээсэнд Гахай өгүүлрүүн: “Саваагүй, түүнийг таньж юу хиймүй? Олон түшмэл цөм зайлан одов, багш далдлан хаан нуув, бидэнд ямар ойр төрөл болох хэмээн түүнийг хүлээмүй!” хэмээгээд цааш зүтгэсэн боловч Бичиний гараас алдуулж эс чадав. Төдөлгүй огторгуйд нэгэн шулам харагдав. Үзвээс:

 

Галзуу догшин сүрхий дүр есөн тохойн бие, гархин хоёр гэрэлт нүд гал ноцох мэт, гадил дэвүүр мэт хоёр чих нь далбайж, ган шор адил дөрвөн соёо гадагш ярзайжээ. Хос хөмсөг зажны үс нь босч, хоёр хамрын нүх нь онгойж харагдмуй. Хүрэн улаан сахал нь бутлан хийсч, хүнхэр хөх царай нь хөгц түрхсэн мэт. Атган гартаа урт жад барин, ирвэсийн арьсан хормойвчийг дундуураа бүсэлжээ. Хөлөө нүцгэлэн үсээ тавьсан дүр байдлыг үзвээс хөлчин чөтгөр хөрлөх мангас мэт айхавтар сүрхий.

 

Бичин өгүүлрүүн: “Шороо и түүнийг танихгүй юу?” Шороо өгүүлрүүн: “Би түүн лүгээ яьалдсан удаагүй яахан танимуй!” Бас асууруун: “Гахай түүнийг танихгүй юу?” Гахай өгүүлрүүн: “Би түүн лүгээ хуримын ширээнээ хамт суугаагүй, айл зэргэлдээ болон явалцаагүй, би түүнийг яахан танимуй!” Бичин өгүүлрүүн: “Тэр яг зүүн хайрханы номын хааны хаалга сахигч хөх царай шар нүдэт чөтгөр мэт.” Гахай: “Бос! бос! Чи түүний бүсийг яахан мэдэв?” Гахай өгүүлрүүн: “Чөтгөр хэмээгч билгийн сүлдтэн, ганц бич, тахиа, нохой, Гахай цагт сая гарч ирмүй. Өдгөө могой цаг тул тэр ямар аймшиггүй гарч ирмүй? Үнэхэр чөтгөр болбоос юунд үүл хөлөглөн чадах аж, ганц хуй салхи хөдөлгөн ирэхээс бус юунд их салхи хөдөлгөн чадмуй? Эсвэл Сай Тайсуй мөн буй за.” Бичин инээн өгүүлрүүн: “Манхуу бас хоёр үг олж хэлжээ! Тийм болбоос та хоёул энд сахиж байгтун, би одож түүний нэр цолыг асуун мэдэж тэр алтан ордтоныг авч ирэхэд сайн.” Гахай өчрүүн: “Биднийг тэр шуламд үл хэлэх бөгөөс чи ичтүгэй.” Бичин хариу өчсөнгүй солонго татан давхилан одов. Аяа! Төв хэмээн: улсыг засахад урьдаар харин хааны өвчнийг засаад, ёсыг барихад эрхбиш хайр жигшлийг тэвчих хэрэгтэй. Энэ удсанд шулмыг хэрхэн барин хатныг хэрхэн аврахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 10 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 57 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 26 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 30 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 13 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 45 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 49 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 49 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 23 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 32 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 43 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 48 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 10 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 27 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 21 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 45 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 46 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 1 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК