зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Жаран долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЖАРАН ДОЛДУГААР БҮЛЭГ:


ТОРЛОГ ТОСГОНЫГ АВРААД САМАДИЙН БИЕ АМАРЛИВ

ӨМХИЙ БУРТАГААС АНГИЖРААД НОМЫН СЭТГЭЛ АРИУТГАВ

 

            Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл бага бурхны орноос ангижран баруунш зам хөөж сар илүү болохуйяа, бас хаврын дунд сар болоод ой мод ногоорчээ. Тансаг наран шингэснийг үзээд морийг татаж өгүүлрүүн: “Шавь нар минь, тэнгэр орой болов, хаа хүрч хоног эрмүй?” Бичин инээн өгүүлрүүн: “Шавь сэтгэлийг сул тавь, хоногийн газар олохгүй болбоос Гахай өвс хадан Шороо мод зөө, өвгөн Сүн би модчины ажлыг хийж чадмуй, энэ замын дэргэд гэр бариваас нэгэн шөнө хонохыг байтугай, нэгэн жил суувч зовох газар үгүй.” Гахай өгүүлрүүн: “Аяа, ах, энэ газарт барс ирвэс чөтгөр шулам дүүрээд, өдөр явахад хэцүү атал шөнө яахан хонох буй?” Бичин өгүүлрүүн: “Энэ манхуу улам доройтов! Өвгөн Сүн би бардамнах бус, ганц миний энэ шийдэм байсан цагт тэнгэр нуравч тулж чадмуй.” Багш шавь дөрвүүл ийн өгүүлэлдэн явтал гэнэт нэгэн айл үзэгдэв. Бичин өгүүлрүүн: “Сайн болов! Хонох газар олдов!” Тансаг асууруун: “Хаана буй?” Бичин хуруугаар заан: “Тэр модон дотор байх нь айл бус буюу, бид тэнд хоноод, маргааш өглөө явсугай” хэмээсэнд, тэр багш маш баясан морь ташуурдаж айлын үүднээ хүрч мориноос буугаад үзвээс үүдээ хаажээ. Тансаг хаалгыг тогшин: “Үүдээ нээгтүн” хэмээн дуудсанд, дотроос нэгэн өвгөн таяг тулан гарч ирэв. Тэр өвгөнийг үзвээс хөлд зэгсэн шаахай дүрж тэргүүнийг хар алчуураар ороон, биед цагаан дээл өмсчээ. Тэр өвгөн үүдээ нээж асууруун: “Хаанаас ирсэн хүн буй?” Тансаг алгаа хамтатган бие мэхийн ёслон өгүүлрүүн: “Өвгөн өглөгийн эзэн үгээгүй тойн би зүүн газраас баруун газар ном залахаар одогч болой, сая энд ирэхэд тэнгэр орой болсон тул хоног гуйхаар ирэв.” Өвгөн өгүүлрүүн: “Тойн чи баруун газарт одож үл болмуй, энэ газар болбоос бага бурхны орон, хэрвээ их бурхны оронд хүрсүгэй хэмээвээс зам маш хол, тэнд хүрэх ч байтугай энэ газраас гарахад мөн бэрх болой.” Тансаг асууруун: “Ямар бэрх буй?” Өвгөн гараар заан өгүүлрүүн: “Манай энэ тосгоноос хорин газрын цаана нэгэн өмхий шавдалт хавцал буй, уулын нэрийг долоон гайхамшигт уул хэмээмүй.” Тансаг асууруун:  “Юуг долоон гайхамшиг хэмээмүй?” Өвгөн өгүүлрүүн: “Энэ уул өргөнөөр найман зуун газар байх бөгөөд цөм шавдалын модоор дүүрчээ. Эртний хүмүүсийн өгүүлсэн нь “Шавдалын модонд долоон гайхамшиг буй” хэмээжээ. Нэг нь хутаг урт, хоёр нь сүүдэр их, гурав нь шувуун үүрлэх бээр үгүй, дөрөв нь хорхой шавьж үгүй, тав нь хяруут мөчирт зоог хийхэд сайн; зургаа нь жимс амтлаг, долоо нь салаа навч сахлаг. Тийнхүү долоон гайхамшигт уул хэмээн нэрлэжээ. Манай энд газар уудам хүн цөөн, тэр ууланд эртнээс хүний хөл хүрээгүй. Айл бүр боловсорсон шавдал тэр хавчлыг дүүртэл унагаад бороо хурын усанд илжрэн өмхий балчиг болмуй. Тийнхүү эндхийн хүн бас чацгын хавцал хэмээжээ. Баруун этгээдээс  салхин салхилбаас өмхий үнэр нь манай энд хүрч ирээд, хэдий жорлон уудлавч тийн пагшим өмхий үгүй. Өдгөө хараахан хаврын сүүл, зүүн өмнөөс салхи салхилах тул харин бас мэдэгдэхгүй байнам.” Тансаг сонсоод маш зовниж дуу гарахгүй байв. Бичин тэсэж ядан их дуугаар өгүүлрүүн: “Энэ өвгөн үнэхээр учир мэдэхгүй! Бид холоос хоног гуйхаар ирэхэд чи харин элдэв үгээр хүнийг айлгав! Гэр чинь чухал болоод хонох газар үгүй бөгөөс бид энэ модны доор сууваас нэгэн шөнийг өнгөрөөж болмуй, юунд ийм тийм хэмээн бэлчмүй.” Тэр өвгөн Бичиний зүсийг үзээд зүрх түгшсэн боловч зориглон байж таягаар зааж зандан өгүүлрүүн: “Энэ муу нүүр үсхий үзэшгүй амьтан, чи дээр доорыг мэдэхгүй шовоосон амаар миний мэт өвгөн хүнийг айшгүй дайрмуй!” Бичин инээн өгүүлрүүн: “Чи нүд байвч цөцгий үгүй, зүсээр хүнийг сонгож болох буюу! Шинжигчийн өгүүлсэн нь: “Арзгар чулуунд алт буй” хэмээжээ. Би хэдийгээр зүс муухай боловч шулмыг барих лууг дарангуйлах чадал буй.” Өвгөн асууруун: “Чи хаанах хүн? Овог юун буй? Чамд ямар эрдэм буй?” Бичин инээн өгүүлрүүн:

 

“Уг язгуурын нутаг минь Үлэмж биет тив, оршиж суусан орон минь Цэцэг жимст уул, эрдэм сурсан багш минь эрхт бодисадва. Далайг хутган лусыг номхотгох чадвартай би, уулыг үүрэн нарыг нэхэх эрдэмтэй би, шулмыг дарж чөтгөрийг барих увидастай би. Тэнгэрийг түйвээн эрлэгийг үймүүлж их нэр алдаршсан тэнцэшгүй хувилгаан Бичин хэмээгч би болой!”

 

Өвгөн үүнийг сонсоод хилэгнэхээ байж бие мэхийн инээн өгүүлрүүн: “Тийм болбоос миний богино саравчинд буугтан!” Багш шавь дөрвүүл морио хөтлөн амьтайгаа дамнасаар дотогш орвоос хатгуурын торлог сондуугаар хашаалж, дотор хүрээний хэрмийг тоосго чулуугаар зэрэглэж бас торлог сондуутаар толгой тавьжээ. Дотогш орвоос гурван тасалгаа ваарын гэр буй. Өвгөн ширээ тавин цай барьсны хойно, бас цагаан цав оруулсанд багш шавь дөрвүүл цадтал зооглоод Гахай Бичинийг татаж сэмээр өгүүлрүүн: “Энэ өвгөн хонуулахгүй хэмээн аашилсан бөгөөтөл өдгөө цав барих нь ямар санаа буй?” Бичин өгүүлрүүн: “Энэ хэдэн зоосны юм буй!  Маргааш бидэнд арван ширээ базааж манийг үдэх болой!” Гахай өгүүлрүүн: “Худал үг! Чи их үг хэлж хүний будааг хуурч идсэн атал, маргааш бас чамд юу идүүлэх буй?” Бичин инээн өгүүлрүүн: “Бүү яар, надад өөр арга буй” хэмээв.

 

            Удсангүй шөнжө болж өвгөн зул асаасан хойно, Бичин бие мэхийн асууруун: “Өвгөний эрхэм овог юун?” Өвгөн өчрүүн: “Миний овог Ли.” Бичин бас асууруун: “Энэ тосгоныг Ли Жин Жуан хэмээх буй за?” Өвгөн өчрүүн: “Бус, энэ тосгоны нэрийг Торлог хэмээмүй, нийт таван зуу илүү өрх буй, Ли овогтон би ганцаар, бусад нь цөм өөр овогтон болой.” Бичин өгүүлрүүн: “Ли өглөгийн эзний гэрт ямар хэрэг буйн тул маньд энэ мэт сайн цав барив?” Тэр өвгөн бие мэхийн өгүүлрүүн: “Чиний шулмыг барьж чадахыг сая сонсов, манай энд нэгэн шулам буй, чи барьж өгвөөс бид хүндэт талархмуй.” Бичин ёслон “Сайн! сайн!” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Энэ хэргийн эзнийг үз! Шулам хэмээхийг сонсмогц нагац өвгөө үзсэн мэт баясан ёслон мөргөмүй!” Бичин өгүүлрүүн: “Мэргэн дүү мэдэхгүй болой, миний ёсолсон нь шулмыг барих өөр хүн залж үл болохыг түүн лүгээ болгоомжилсон төдий буй за.”

 

            Тансаг сонсоод: “Энэ сармагчин аливаа хэрэгт эзэн мэдэн аашилмуй. Хэрвээ тэр шулмын ид шид их болоод барьж эс чадваас, бид гэрээс гарсан хүн худал хэлж болох буюу?” хэмээсэнд, Бичин инээн: “Багш бүү зэмлэ, би дахин лавласугай” хэмээгээд Бичин асууруун: “Таны энд газар төвшин хүн олон, бартаа үгүй атал ямар шулам айшгүй ирж халдмуй?” Өвгөн өгүүлрүүн: “Чамаас нуухгүй, манай энд жил удтал үнэхээр амар төвшин байсан бөлгөө. Гурван жилийн өмнөх зуны зургаан сард их салхи салхилав. Тэр үес манай тосгоны хүмүүс тарианы ажилд яаралдан тэнгэрийн уур амьсгал хувилав хэмээн гайхалдав. Салхи өнгөрмөгц нэгэн шулам ирж хүн мал учирсан бүхнийг идмүй. Түүнээс хойш тэр шулам үргэлж ирж хүнд хор хиймүй. Багш чадалтай болоод шулмыг барин энэ газрыг амаржуулбаас бид танд хүндэт талархмуй.” Бичин өгүүлрүүн: “Энэ харин барихад бэрх болов.” Гахай өгүүлрүүн: “Барихад бэрх! Бэрх! Бид цөм явдлын тойд, хоног олж нэгэн шөнийг өнгөрөөгөөд маргааш замаа хөөхгүй, бас ямар шулмыг баримуй!”  Тэр өвгөн өгүүлрүүн: “Үзвээс та нар харин будаа хууран идэгч тойд ажгуу! Сая учрахдаа шулмыг барин чөтгөрийг хүлэх хэмээн их үг өгүүлсэн бөлгөө, өдгөө энэ хэргийг дурдмагц юунд барихад бэрх хэмээмүй!”

 

            Бичин өгүүлрүүн: “Шулмыг барихад хялбар, ганц таны энэ тосгоны хүмүүсийн сэтгэл нэгдэхгүйн тул барихад бэрх.” Өвгөн өгүүлрүүн: “Манай сэтгэл нэгдэхгүйг чи яахан мэдэв?” Бичин өгүүлрүүн: “Тэр шулам таныг гурван жил зовоож олон хүнд хор хийсэн атал, юунд хүн бүр нэг лан мөнгө, нийт таван зуун лан мөнгө гаргаж нэгэн сайн эрдэмт хүнийг олж шулмыг бариулахгүй буй?” Өвгөн өгүүлрүүн: “Мөнгийг дурдваас хүнийг зовоож алмуй! Бид хүн бүр дөрөв таван лан гаргасан! Уржнан жил уулын өмнө суугч нэгэн тойныг залж шулмыг бариулах хэмээгээд тэр барьж эс чаджээ.” Бичин асууруун: “Тэр хэрхэн барьсугай хэмээв?” Өвгөн өгүүлрүүн:

 

“Тэр тойн номт дээлээ өмсөөд урьд нэгэн ялгуусан тогос эх хэмээх судар уншин хойно цагаан лянхуа хэмээх их хөлгөн судрыг туулав. Тэр үнэрт хүжийг багц багцаар асааж очир хонхыг дахин дахин сэжиж байлаа. Тэр тойн ийн уншин байтал, салхи салхилан үүл дэгдэн хүрч ирэн тойн лугаа байлдав. Тэд хоёул өшгөчин тийрэн үсдэн базгадах нь үнэхээр гайхалтай. Тойны хонжих нь мухар толгойтой тул үсдмээр юм үгүй. Төдөлгүй тэр шулам дийлээд хуй дэгдээн хойш эгжээ. Бид одож үзвээс тойны толгой илжирсэн тарваст адил болжээ.”

 

Бичин сонсоод инээн өгүүлрүүн: “Тийм болбоос тэр тойн хонжсонгүйгээр хор олсон ажгуу.” Өвгөн өгүүлрүүн: “Тэр тойны ганц амь бас гайгүй, бид харин хор бүхнийг амсав. Түүнийг авсалж оршуулаад шавь нарт нэлээд зоос мөнгө өгөв. Түүний шавь нар бас санаа гүйцэхгүй болоод өдгөө болтол зарга хийж уршиг татаж амуй!”

 

            Бичин асууруун: “Бас түүнээс өөр хүнийг залсан буюу?” Өвгөн өгүүлрүүн: “Ноднин жил бас нэгэн бумбыг залсан бөлгөө.” Бичин асууруун: “Тэр бумба яахан барьсугай хэмээв?” Өвгөн өгүүлрүүн: “Тэр бумба:

 

Алтан оргойг тэргүүнд даран аршийн дээлийг биед нөмөрч алган дээрээ ганди догшин аман дотроо тарни уншмуй! Энд шулмыг авчир хэмээн онгод тавин илгээжээ. Зарлиг дохио ийнхүү сая буутал жавар салхи хүрчигнэн, жихүүн уур татаж, чөтгөр харин эрж ирээд заллагын бумбатай ноцолджээ. Үдэш болохын алдад өнөөх шулам солонго болон оджээ. Өглөөний наран гарсан хойно, өглөгийн эзэн бүгдээр цуглажээ. Шөнийн байлдсан арш юугаа эрвээс шавдалын гууд цацаж үхжээ. Шүүж гаргаад үзсэн чинь шөлөнд чанасан тахиа мэт ажгуу.”

 

Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос бас хор амссан ажгуу.” Өвгөн өгүүлрүүн: “Тэр бумбын ганц амь бас гайгүй, бид харин будаа зоосыг тоогүй арвин сүйтгэжээ.” Бичин өгүүлрүүн: “Гайгүй, гайгүй, би танд түүнийг барьж өгсүгэй.” Өвгөн өгүүлрүүн: “Чи чадал байгаад түүнийг барьсугай хэмээвээс, би урьдаар гацааны өтгөсийг цуглуулж баталгааны бичиг байгуулсугай. Хэрвээ чи олж дийлбээс хэдий мөнгөний ач хариу авахыг чиний санаагаар болгосугай, хэрвээ идэгдвээс мөн урьд төрлийн тавилан буй за, манийг бүү гөрлө.” Бичин инээн: “Энэ өвгө хүнд гөрлүүлж нэгэнтээ хаширчээ, бид тийм хүн бус, чи түргэн одож хүнээ авчир” хэмээв.

 

            Тэр өвгөн маш баясан гэрийн хүүхдийг заран ойр төрөл ураг садан болох долоо найман өвгөнийг дуудан авчраад, Тансагт золгуулан шулам барих учрыг зөвтгөөд үл баясах нь үгүй. Бүгд өвгөд Тансагаас асууруун: “Аль нэгэн нь шулмыг баригч тойн буй?” Бичин: “Бага тойн би барьсугай хэмээмүй” хэмээсэнд олон өвгөд цочин өгүүлрүүн: “Болохгүй! Болохгүй! Тэр шулмын хүч их, бие бузгай, чиний мэт ийм бяцхан хүн түүний шүдний завсар ч дүүрэхгүй!” Бичин инээн өгүүлрүүн: “Өвгөн та нар хүнийг үзэж гарахгүй, миний бие хэдий бага боловч чадал хүчин их болой.” Олон өвгөд сонсоод: “Тийм болбоос шулмыг барьсны хойно хэдий юм авмуй?” Бичин өгүүлрүүн: “Эдийг бүү дурд! Энгийн үгэнд “Мөнгө цагаан нүд улаан” хэмээжээ. Бид хэмээгч буян үйлдэгч тойн, эдийг үл авмуй.” Өвгөн өгүүлрүүн: “Тийм болбоос та нар цөм ариун явдалт тойд ажгуу, хэдийгээр эд авахгүй боловч яахан зүгээр зүдмүй! Бид цөм загас агнан амьдрах бөлгөө. Хэрвээ та шулмыг барин биднийг амаржуулбаас өрх бүр хоёр мүү сайн тарианы газар гаргаж нэгэн сүм барьж өгсүгэй. Та нар энд тэнд хэсэн явахын оронд, энэ сүмд суун даяан хийвээс сайн биш үү.” Бичин инээн өгүүлрүүн: “Тэр нэн үл болмуй, хэрвээ газар тариатай болбоос амуу будааны алба тушаалд өглөө үдэш амарч чадахгүй болмуй.” Олон өвгөн өгүүлрүүн: “Тийм болбоос бид юугаар тал хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Манай гэрээс гарсан хүнд нэгэн цагийн цагаан цав бариваас барах нь тэр болой.” Тэр өвгөд баясан өгүүлрүүн: “Энэ маш хялбар, тэр шулмыг яаж барих буй?” Бичин өгүүлрүүн: “Тэр ирвээс даруй барьж чадмуй.” Олон өвгөд өгүүлрүүн: “Тэр шулмын бие нь маш их, үүл манангаар ирж буцах тул, чи түүнийг хэрхэн баримуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Үүл манангаар дэгдэгч өчүүхэн шулам болбоос өвгөн Сүн надад ач гуч болмуй, хэрвээ бие нь их хэмээвээс надад бас түүнийг дарах чадал буй!”

 

            Хараахан ийн өгүүлэлдэн атал, гэнэт салхи салхилах дуун сонсогдсонд тэр өвгөд маш айж чичрэн дагжин: “Муу амтай тойн ажгуу! Шулам хэмээтэл шулам ирэв!” хэмээгээд, тэр Ли өвгөн гол үүдийг нээж, Тансаг ба хэдэн өвгөнийг нэгэн битүү гэрт оруулж бас: “Шулам ирэв! Орж ир!” хэмээн дуудахад Гахай Шороо хоёул даган ороход Бичин тэр хоёрт өгүүлрүүн: “Та хоёул гэрээс гарсан хүн байгаад юунд ёс мэдэхгүй буй? Намайг даган гадна гарч ямар шулам болохыг үзсүгэй.” Гахай өгүүлрүүн: “Аяа ах минь шулам ирэхийг мэдэж, салхи салхилмагц тэд цөм зайлан одов. Бид шулам лугаа ураг ч бус, төрөл ч бус, ах дүү ч бус, түүнийг үзэж юу хиймүй?” Бичин тэд хоёрыг татаж чангаасаар гадна гарч үзвээс тэр салхины хэцүү нь:

 

Аварга модон унан арслан барс үргэж Анавад далай цалгилан ад чөтгөр эмээмүй. Уул хайрхан донслон алтан дэлхий догдолмуй. Өрх бүр үүдээ даран улс бүхэн нуугджээ. Бараан үүл тэнгэрийг халхлан будангуй манан газрыг бүрхжээ.

 

Гахай маш айн хоншоороо газарт шаан огт хөдлөхгүй хэвтэв. Шороо нүдээ анин толгойгоо бүтээн суув.

 

            Бичин салхины чимээгээр шулмыг таниад дээш харваас, огторгуйд хоёр зул сүүмэлзэн үзэгдмүй.Бичин яаран: “Дүү нар! Салхи өнгөрөв! Босч үзэгтүн!” хэмээн дуудсанд тэр манхуу хошуугаа газраас сугалан авч бие дээрх Шороогоо сэгсрэн, дээш харан үзээд инээн өгүүлрүүн: “Энэ нь ёс мэдэх шулам ажгуу, зул барьж ирэв, түүн лүгээ ханьцваас болмуй!” Шороо өгүүлрүүн: “Ийм харанхуй шөнө түүний сайн мууг чи хэрхэн мэдэв!” Гахай өгүүлрүүн: “Эртний үгэнд өгүүлсэн нь “Харанхуй шөнө зулд түшмүй” хэмээжээ. Хоёр зул барин ирэх нь лав сайн хүн болой.” Шороо өгүүлрүүн: “Тэр зул бус шулмын хоёр нүд буюу.” Гахай цочин өгүүлрүүн: “Нүд нь ийм их болбоос ам нь хэдий их болов!” Бичин өгүүлрүүн: “Дүү битгий ай, та хоёул одож багшийг сахь, би түүнээс ямар шулам болохыг асуусугай.” Гахай өгүүлрүүн: “Ах, түүнд биднийг бүү хэл.”

 

            Бичин багш огторгуйд дэвхлэн гараад шийдмээр заан: “Алгуур ир! Би энд хүлээж байнам!” хэмээн зандсанд, тэр шулам зогхийн зогсоод гарт барьсан урт жадаа бүжиглэмүй. Бичин шийдмээ хөндлөн атгаж: “Чи хаанаас ирсэн шулам буй?” хэмээн асуусанд, тэр шулам дуу эс гарав. Бичин гэнэт асууваас эс өчихөд: “Энэ шулам хэлгий буюу, дүлий буюу! Бүү дутаа! Шийдэм үз!” хэмээн занчин ороход, тэр шулам жад өргөн угтан байлдав. Хоёул огторгуйд гурван жин болтол байлдаад дийлэн дийлэгдэх эс ялгарав. Гахай, Шороо хоёул Ли өвгөний хүрээнд зогсон үзвээс тэр шулам ганц биеэ хамгаалахаас өөр чадал үгүй, харин Бичиний шийдэм шулмын толгойноос салахгүй байхыг үзээд, Гахай инээн өгүүлрүүн: “Шороо чи багшийг сахь, би одож туслан байлдсугай, тэр сармагчин ганцаар гавьяа байгуулж архины дээжийг уух магадгүй.”

 

            Тэр манхуу огторгуйд дэгдэн гарч малтуураар цохин ороход, шулам бас нэгэн жадаар угтан байлдав. Түүний хоёр жадны бүжиглэн ирэх нь цахилгаан цахилах мэт. Гахай магтан өгүүлрүүн: “Энэ шулам жадад мэргэшжээ! Үүний энэ нь “Зөөлөн ишт жад” Буй за?” Бичин өгүүлрүүн: “Манхуу дэмий бүү донгод! Хаанаас бас “Зөөлөн шит жад” Байх буй!” Гахай өгүүлрүүн: “Чи үз, энэ жадны үзүүр ирэх болоод жадны иш нь юунд үзэгдэхгүй буй.” Бичин өгүүлрүүн: “Зөөлөн ишт жад” ч магадгүй, энэ шулам үг үл хэлэхийг нь үзвээс лав хүний төрлийг олоогүй билгийн уураар явж буй, тэнгэр гэгээрэн аргын уур дэгдвээс ад биш дутаах буй за, тэр үеэс үүнийг тавьж үл болмуй.” Гахай: “Зөв! Зөв!” хэмээв.

 

            Бас нэгэн зэрэг байлдан атал тэнгэр гэгээрсэн тул шулам үнэхээр байлдахгүй дутаан одоход, Бичин, Гахай хоёул нэгэн эргээс гэнэт өмхий үнэр хамар гадав, энэ даруй долоон гайхамшигт уулын чацга хавчил ажгуу. Гахай өгүүлрүүн: “Хэн жорлонгоо уудалмуй! Үнэхээр хавьтаж болшгүй!” Бичин хамраа битүүлсээр: “Шулмыг тавьж болохгүй!” хэмээн дуудсанд тэр шулам уулыг өнгөрмөгц уг биеэр болов. Үзвээс нэгэн улаан хайрст аварга могой ажгуу. Түүнийг үзвээс:

 

Харах хоёр нүд нь үүрийн цолмон мэт гэрэлтэж хамраас гарах уур нь хар утаа мэт бурхирмуй. Ярзайсан шүд нь ган сэрээ мэт , араа соёо нь алтан гох адил. Толгойд махан эвэр ургаж, биеийг улаан хайрс бүрхжээ. Доор хэвтвээс магнаг хөнжил дэлгэсэн мэт, дээш дэгдвээс улаан солонго татсан адил. Хэвтэх газарт шинхэг үнэр ханхлан, явах үест улаан үүл бүрхмүй. Хан сүмбэр уул мэт бүдүүн, хатан их мөрөн гол мэт урт.

 

Гахай өгүүлрүүн: “Үзвээс ийм бүдүүн могой нэгэн цагт таван зуун хүн идэвч үл цадах буй за!” Бичин өгүүлрүүн: “Зөөлөн ишт жад хэмээгч нь үүний хэл ажгуу. Энэ муудсанд нэхэн цохьсугай!” хэмээтэл Гахай гүйн хүрч малтуураар нэгэнтээ цохьсонд нүхэн дотроо шурган ороод долоо найман тохой сүүлээ гадна үлдээжээ. Гахай малтуураа орхиод сүүлийг атган хүчлэн татахад өчүүхэн ч хөдөлгөн эс чадав. Бичин хажуугаас инээн өгүүлрүүн: “Манхуу! Нүхэнд орсон могойг бүү тат, түүнийг тавьж оруул, өөр арга буй” хэмээсэнд, Гахай гараа тавив. Тэр могой сүүлээ хураан нүхэнд оров. Гахай зэмлэн өгүүлрүүн: “Сая эс тавьсан бөгөөс хойд хагас бие нь манайх үл болох буюу, өдгөө орсонд яаж гаргамуй?” Бичин өгүүлрүүн: “Үүний бие нь бүдүүн нүхний дотор эргэх газар үгүй тул эргэхгүй цааш шууд гарах буй за. Чи түргэн одож түүний гарах нүхийг хашиж байгтун, би хойноос орон занчсугай.”

 

            Манхуу гүйсээр уулын цаана хүрч үзвээс үнэхээр нэгэн нүх буй, тэр нүхний дээр зогсон атал, Бичин шийдмээр могойн нүхэнд орж нүдэхэд, шулам өвдөн тэсэхгүй болоод нөгөө амсраар гарч ирээд, Гахайг сүүлээрээ шарван унагаагаад дутаан одоход Бичин, шулмын дутаасныг мэдэн, шийдмээ барин хүрч ирээд, шулмыг хөөгтүн хэмээсэнд, Гахай маш ичингүйрч өвдөхийг тэсвэрлэн малтахыг Бичин үзээд инээн өгүүлрүүн: “Шулам дутаав, чи малтаж юу хиймүй?” Гахай өгүүлрүүн: “Би өвсийг хөдөлгөн могойг үргээмүй!” Бичин: “Манхуу! Түргэн нэхсүгэй!” хэмээв.

 

Хоёул хөөсөөр завыг гэтлэн одоход, тэр шулам цагираглан хэвтээд, толгой горойлгон амаа ангайн Гахайг залгисугай хэмээв. Гахай үзээд их л айн хойш дутаасанд Бичин хүрч ирэн шуламд залгигдав. Гахай хөлөө дэвсэн өвчүүгээ дэлдэн: “Ах чамайг хорлов!” хэмээсэнд, Бичин, могойн гэдсэн дотроос дуудан өгүүлрүүн: “Гахай, бүү гасал, би үүнийг нэгэн гүүр хувилгаж чамд үзүүлсүгэй!” хэмээгээд шийдмээр тэр шулмын нурууг түлхсэнд гүүр мэт гүдийв. Гахай өгүүлрүүн: “Хэдий гүүр адил боловч хэн аюулгүй үүний дээгүүр явмуй.” Бичин өгүүлрүүн: “Би нэгэн онгоц хувилгаж үзүүлсүгэй!” хэмээгээд шийдмээр гэдсийг нь түлхсэнд, тэр аварга могойн гэдэс нь газарт наалдан шилээ хантран сүүлээ эртийлгэн онгоцонд адил болов. Гахай өгүүлрүүн: “Хэдий онгоцонд адил боловч дарвуулгүй тул хэрэглэж үл болох буй за.” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос чи хол байгтун, би үүнийг дарвуултай онгоц хувилгаж чамд үзүүлсүгэй” хэмээгээд шийдмээр дээш чичин шулмын нурууг нь нэвт цоолон гаргасанд тэр шулам тэсэлгүй өвдөн амь тэмцэн урагш зүтгэхэд салхи мэт түргэн хориод газар гүйгээд үхжээ. Гахай хойноос нэхэн ирээд малтуур далайн бас дэмий л занчмуй. Бичин тэр могойн хавиргаар цоолон гарч ирээд: “Манхуу! Үхсэн могойг дэмий л цохиж юу хиймүй?” хэмээсэнд, Гахай: “Ах чи болсны миний үхсэн могой цохиход дуртайг үл мэдэх буюу?” хэмээгээд хоёул зэвсгээ хураан могойн сүүлээс чирж хойш ирэв.

 

Өгүүлэх нь торлог тосгоны өвгөд шулам барихыг хүлээж ядан Тансагт өгүүлрүүн: “Чиний хоёр шавь одоод нэгэн шөнө болов, лав амиа алдсан буй за.” Тансаг: “Гайгүй, бид гарч үзсүгэй” хэмээтэл Бичин Гахай хоёул нэгэн аварга могойг чирсээр хашхиралдан асуй. Бүгдээр шулмыг барьсныг үзээд маш баясан сөгдөн мөргөж өгүүлрүүн: “Биднийг хорлох нь яг энэ шулам болой, багш таны их хүчээр үүнийг сөнөөв” хэмээгээд гэр бүр урихад багш шавь дөрвүүл зургаа долоон өдөр саатаад сая баруунш одов. Тэд алт мөнгийг авахгүйг үзээд, өрх бүр хуурай хүнс жимс боорцог бэлтгэн луус морийг эмээллэн долоон найман зуун хүн өнгө бүрийн далбаа өргөж үдэн мордуулав.

 

Төдөлгүй долоон гайхамшигт уулын шавдалын хавчилд хүрсэнд өмхий үнэр хамар хадан зам боогдсоныг Тансаг үзээд: “Бичин үүнийг яаж гарах буй?” хэмээсэнд, Бичин хамраа битүүлж: “Энэ харин маш хэцүү” хэмээв. Тансаг, Бичиний хэцүү хэмээн өгүүлэхийг сонсоод тэсгэлгүй нүдэн нулимс унаган уйлан байхад тосгоны олон урагш давшиж өгүүлрүүн: “Багш битгий зов, та нар шулмыг дарж манай нэгэн тосгоны зовлонг арилгав, бид үнэнч сүсгээр өөр нэгэн зам нээж таныг гаргасугай.” Бичин инээн өгүүлрүүн: “Та нар энэ уулын өргөн нь найман зуун газар хэмээсэн бөлгөө. Та нар хувилгаан эрхтэн ч бус, яахан уулыг нээн зам гаргамуй! Багшийг гаргасугай хэмээвээс мөн бид хүчлэхээс өөр аргагүй.” Тансаг мориноос бууж асууруун: “Бичин чи яахан зам гаргамуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Өөр замаар өнгөрч үл болох тул мөн хуучин хавчлаар гарах буй за, ганц маньд будаа бэлтгэх хүн үгүй.” Ли өвгөн өгүүлрүүн: “Багш та ямар үг хэлмүй! Таны дөрвөн хүн манай энд нэгэн жил суувч бид мөн тэжээж дийлмүй, юунд будаа хүргэх хүн үгүй хэмээмүй!” Бичин: “Тийм болбоос та нар эгэж хорин дан будаагаар хийсэн боорцог авч ир, миний энэ урт хошуут дүү цадтал идээд, Гахай болон хувилж хуучин замыг сэндчин зам гаргатугай” хэмээв.

 

Гахай сонсоод өгүүлрүүн: “Ах та цөм биеийн амрыг эрж, юунд харин ганц болсны намайг буртагт оруулмуй?” Тансаг өгүүлрүүн: “Гахай чи чадахгүй болбоос зам гарга, энэ уулыг гарсаны хойно чамд тэргүүн гавьяаг тэмдэглэсүгэй.” Гахай инээн өгүүлрүүн: “Бүгд өглөгийн эзэд та бүү элэглэ, болсны надад гучин зургаан зүйлийн хувилгаан буй. Хөнгөн уран хөвөн дэгдэгч юм хувилж үл чадмуй. Хэрвээ уул, мод, чулуу, довцог, заан, Гахай, хирс, тэмээ зэргийн бүдүүлэг юм хувилбаас үл чадах нь үгүй, ганц их юм хувилбаас гэдэс цүлхгэр болох тул эрхбиш цадтал идвээс сая их үйлийг үйлдэхэд сайн бөлгөө.” Бүгд хүмүүс “Буй! Буй! Бид танд базаасан хуурай хүнс боорцог жимс арвин байнам, өдгөө та идтүгэй. Чи хувилан зам гарах үес будаа бэлтгэн дахин авчирсугай” хэмээсэнд, Гахай сонсоод маш баясан намжираа тайлан, есөн араат  малтуураа таягдаад олонд: “Та бүү элэглэ болсны миний энэ удаагийн өмхий гавьяа бүтээхийг үзэгтүн” хэмээв. Тэр манхуу тарни уншин, биеэ нэгэн их Гахай болгон хувилгасанд:

 

Тойрог хошуу ган бэрээ мэт, төрснөөсөө эмийн үндэс иджээ. Дүгрэг нүд хар нүүрт ялгаран зул асаасан адил, том чих нь далбайн гадилын дэвүүр мэт. Бясалгасан бие нь тэнгэр лүгээ чацуу мөнхрөн, боловсруулсан арьс нь төмөр хуяг мэт бэх. Хамар хорчигнон харчигнан дуугарч, хуулзар нь хурхиран хархиран сүйлмүй. Цагаан алаг дөрвөн шийр мянган тохой өндөр, сэлмэн зогдорт урт бие зуун алд илүү. Хүний ертөнцийн тарган Гахай хэдий олон байвч, хөндий дүүрэн бүдүүнийг хэн олж үзэв! Хөгшин залуус бүгдээр Тансагийн хамт магтаж хөхрөлдөн шагшиж өрлөгийн увидас гайхамшиг хэмээлдэв.

 

Бичин, Гахайн энэ мэт хувилсныг үзээд үтэр ирсэн хүмүүсийн хүнс боорцгийг нэгэн газар овоолж Гахайг ид хэмээсэнд, тэр манхуу болсон түүхийг хайхрахгүй идэж орхиод урагш одох зам гаргав. Шороо шаахайгаа тайлан дамжуурыг дамнав. Багш моринд мордов. Бичин шаахайгаа тайлан үтэр ирсэн хүмүүст: “Та нар хэрвээ тал өгсүгэй хэмээвээс түргэн эгэж будаа хүргэн авчирч миний дүүд идүүл” хэмээсэнд, тосгоны хүмүүсийн хагас илүү нь морь луус унан ирсэн тул нисэх мэт довтлон будаа бэлтгэхээр эчив, унаагүй гурван зуу илүү явган хүмүүс уулын доор зогсон тэднийг үзмүй. Тэр тосгон энэ уулнаас гучаад илүү газар зайтай тул эчсэн хүмүүс морь луусанд будаа ачиж өдөр шөнөгүй хүргэн ирж: “Ном залагч багш алгуур явагтун! Бид будаа хүргэж ирэв!” хэмээсэнд, Тансаг маш баясан тал өгч: “Үнэхээр үнэн сүсэгтэн болой!” хэмээгээд Гахайг дуудан будаа идүүлэв. Тэдгээр хүмүүсийн хүргэн ирсэн будаа хэрхэвч долоо найман дан буй, тэр манхуу хоёр өдөр сэндийчээд хараахан өлсөж байсан тул болсон түүхийг ялгалгүй идэж орхиод бас урагш замаа сэндийчэн одов. Тансаг, Бичинтэн олонд тал өгөн салав.

 

                        Торлог тосгоны олон гэрт хойш эгээд, тэнэг Гахай уулыг сэндийчэн хавчлыг өнгөрөн гарав. Тансагийн сэтгэл үнэнчийн тул эрхтэн сахиулсан хамгаалж, дагтар могойн шулмыг даран Бичин шидийг үзүүлэв. Мянган оны шалбаг шавдлыг энэ өдөр ариутгаж, долоон гайхамшигт хавчил хөндийг өдгөө хараахан нээв. Зургаан хүслийн буртаг бодлыг тас тэвчин арилгаад, төвшин амгалангаар сааталгүй бурхан багшид мөргөмүй. Үүнээс хойш хэзээ хүрэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 31 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 18 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 44 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 47 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 51 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 34 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 7 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 10 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 10 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 44 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 53 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 4 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 9 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 31 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 48 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 42 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 6 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 7 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 23 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК