зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Жаран тавдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЖАРАН ТАВДУГААР БҮЛЭГ:


ТҮЙТГЭР ШУЛАМ ХУУРМАГ ГАНДАРАГҮД БАЙГУУЛАВ

ДӨРВӨН ХУВРАГТ ИХ ГАМШИГ ТОХИОВ

 

Энэ бүлгийн шалтгаан үрд хүнийг буянд хичээлгэж нүгэл битгий үйлд хэмээн ятгажээ. Нэгэн бодол төрөгдвөөс гэгээн хувилгаанд тольдож, түүний зоригоор үйлдүүлмүй. Олдой хүдэги ба заль самбайг авгай юунд сурмуй, хоёр зүйлд цөм ерөндөг эм үгүй. Амьддаа завдаж номыг бясалгаваас зохимуй, битгий цалгайрагтун. Язгуур үндсээ ухаж, эгэл биеийг тэвчигтүн. Мөнхийн шидийг сурч, эрхбиш олох хэрэгтэй. Цаг бүр тольдон үзэж, адис авшиг болгох хэрэгтэй. Гурван боомтыг тоолж булингар далайг таглаваас буянтнаа магад гарьд галбинга хөлөглүүлмүй. Түүний дотор гунигтныг нэнт энэрэн нигүүлсэж төгс баясгалантад давшуулмуй.

 

Өгүүлэх нь, Тансаг ганц сүсгийг барихад тэнгэрийн хувилгаад хамгаалахаар үл барам гайхамшгийг олсон өвс модод хүртэл цөм үдэн угтаад, нэгэн шөнийн сайхан хуримыг өнгөрөөж шивэр сондууг туулан, дахин урхи ороонгоос мултран гарав. Багш шавь дөрвүүл баруунш одоод удалгүй өвөл өнгөрөн хавар болов.

 

Түмэн бодис хөврөн хүмүүжиж, дохиурын иш барсад эгжээ. Өвс ногоо газар бүрхэн хөхрөөд, уд улиас давааг бүрхэн ногоорчээ, тоорын цэцэг уул дүүрэн дэлгэрээд, тунамал нуур униар татан цэнхэрлэмүй. Хичнээн олон бороон, хязгаарлашгүй санаа сэтгэл аж. Наран ээхүйеэ цэцгийн гол үзэсгэлэн, хараацай зуухуйяа хөвд хигтэр хөнгөн. Уулын үзэмж уран зураг мэт, шувууны дуу уянгат хөгжим адил. Анхилмал цэцгийг аяны хүн анзаарахгүй ч эрвээхий зөгий ээнэгшиж эргэцэн нисмүй.

 

Багш шавь цэлгэр зөөлнөө гишгэн цэцгийн үнэрийг танарлаж хараахан яван атал, гэнэт нэгэн тэнгэр тулам өндөр уул үзэгдэв. Тансаг ташуураар заан өгүүлрүүн: “Бичин чи үз, тэр уулын өндөр нь тэнгэрт тулжээ.” Бичин өгүүлрүүн: “Эртний шүлэгт өгүүлсэн нь “Уул хэдий өндөр боловч тэнгэрт үл тулах” хэмээжээ, тэр уул хэдий өндөр боловч яахан тэнгэрт тулж чадах аж!” Гахай өгүүлрүүн: “Тэнгэрт тулж үл чадах атал юунд Сүмбэр уулыг “Тэнгэрийн багана” хэмээн өгүүлмүй.” Бичин өгүүлрүүн: “Чи мэдэхгүй, эртний үгэнд “Тэнгэр баруун хойш хэлбийгүү” хэмээжээ, тэр Сүмбэр уул баруун хойд зүгт байх тул огторгуйд шургаад “Тэнгэрийн багана” хэмээгдсэн буй за.” Шороо инээн өгүүлрүүн: “Ах, энэ сайхан үгийг түүнд бүү хэл, тэр сураад бас өөр хүнд мэргэлэх болой. Бид явж уулан дээр гарсны хойно өндөр богиныг нь мэдэх буй за.”

 

            Тэр манхуу, Шороог дагаж алиархан одсоор төдөлгүй ууланд хүрээд дээш авирав. Тэр уул үнэхээр:

 

Гувар шугуйд сэрчигнэн горхины ус горчигнон урсмуй. Өдөн жигүүртэн давшгүй өндөр, үнэн арш туулшгүй бэрх. Мянган асгат түмэн зав, буман булан, сая тохой, тор тоос дэгдээд хүн хүршгүй, сонин хад сэгийлцэн үзэж баршгүй. Газар газар үүл тунараад нуур бялхмал мэт. Зүг зүгт мод багларч шувууны дуун үргэлжилмүй. Буга согоо далдуу зуун гүйлдэж, бич сармагчин тоор түүн дэвхэрмүй. Эргийн дээр үнэг илбэнх зөрчилдөн, давааны оройд араат гөрөөс тогломуй. Барсын хүрхрэх дуун гэнэт сонстож, ирвэс чоно урагшлах замыг хөндөлджээ.

 

Тансаг үзээд маш айхад Бичин шийдэм далайн нэгэнтээ хашхирахуйяа барс ирвэс чоно араатан цөм дутаан одов. Бичин багшаа удирдан төдөлгүй уулыг давж тэгш газар хүрвээс гэнэт хувилгаан гэрэл холоос цацран, өнгөт униар хөвөлзөн орд харш үзэгдээд цан хэнгэргийн дуу бүү түүр сонстмуй. Тансаг үзээд: “Шавь нар минь тэр чухам ямар газар болов?” хэмээсэнд, Бичин саравчлан үзвээс:

 

Эсрүн харш эрдэнийн тавцан эрхэм хийд нэрт орон. Зав хөндийгөөр бялрын дуу цуурайтан жалга хөтлөөр хүжсийн үнэр сэнгэнэмүй. Ногоон нарс өндөр асгыг хүрээлэн, номин хулс номын дуганыг сүүдэрлэжээ. Өнгөт туяан дотор өндөр харш сүндэрлэн, үзэсгэлэнт цэцэрлэгийн дунд өв тэгш хийд оршмуй. Шунхан хэрсэг хасын хашлага сийлмэл нуруу, зурмал багана. Ном өгүүлэгчид суудал дүүрэн сууж, тарни уншигчид саран мандтал бясалгамуй. Бодь модноо шувуу донгодож, булгийн уснаа тогоруу ундаалмуй. Дөрвөн талд цэцэг дэлгэрээд аршийн хүрээлэн цэвэрхэн, гурван этгээдийн үүд нээгдэхүйеэ шагшабадын гэрэл цацармуй. Хонхон асар хаалганаа сэгийлэн харангын дуу уртлан анирламуй. Цонхыг нээхүйеэ жавар сэвэлзэн, үүдийг сөхөхүйеэ  салхи сэнгэнэмүй. Энгийн хуврагийн сэтгэл сэлүүн, эгэл бусчуудын санаа эелдэг. Улаан тоосон үгүй үнэн аршийн орон, огоотон арилсан ариун номын газар.

 

Бичин саравчлан ажиглаж үзээд хариу өгүүлрүүн: “Тэнд нэгэн сүм буй, хэдийгээр самадийн гэрэл цацран авч түүнд бас муу уур байх нь сонин болой. Гадар байдал нь Аянган дуут сүм лүгээ адил боловч зам нь үл нийцмүй, бид дэргэд нь хүрвээс шууд орж үл болмуй, хор амсах магадгүй.” Тансаг өгүүлрүүн: “Аянган дуут сүмийн шинж буй болбоос, бид хачир цогцолсон Гандарагүд ууланд хүрч ирсэн буй за? Чи миний чин сүсэгт үнэн санааг саатуулах болуузай.” Бичин өгүүлрүүн: “Бус! Бус! Гандарагүд ууланд би хэдэнтээ хүрсэн бөлгөө, тэр зам ийм бус.” Гахай өгүүлрүүн: “Хэдий бус боловч нэгэн сайн хүний суусан орон буй за?” Шороо өгүүлрүүн: “Дэмий л сэжиглэх хэрэггүй, энэ зам лав сүмийн үүдээр өнгөрөх тул мөн бусыг хүрвээс мэдмүй за.” Бичин: “Шороогийн үг зөв хэмээв.”

 

            Тансаг морио ташуурдан сүмийн хаалганд хүрээд “Аянган дууд сүм” хэмээх гурван үсэг байхыг үзмэгц яаран мориноос үсрэн буугаад газар элэгдэн хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин! Намайг хөнөөв, Аянган дуут сүм илт мөн атал бас намайг хуурах буюу!” Бичин инээн өгүүлрүүн: “Багш бүү хилэгнэ, сүмийн үүдний илэрхийлэлд дөрвөн үсэг байн атал чи гуравхныг уншаад бас намайг буруушаах буюу?” Тансаг чичрэн дагжин мөлхөн босоод дахин үзвээс үнэхээр “Бага Аянган дуут сүм” хэмээх дөрвөн үсэг буй ажгуу. Тансаг өгүүлрүүн: “Хэдий бага Аянган дуут хэмээвч, үүний дотор сааргүй бурхан бодисадва нар саатах буй за, номд өгүүлсэн нь гурван мянган бурхан буй хэмээжээ, санаваас үүнийг нэгэн газарт байх буй. Хомсим бодисадва Будланд буй, самандабадра А Мэй ууланд буй, манзушир Утай ууланд буй. Энэ мөн аль нэгэн бурхны орон болох мэдэшгүй. Эртний хүний өгүүлсэн нь: “Бурхан байваас ном баймуй, эрдэнэ үгүй орон үгүй” хэмээжээ, бид орсугай.” Бичин өгүүлрүүн: “Орж болохгүй, энэ газарт сайн нь цөөн муу нь олон, хэрвээ зовлонд тохиолдвоос намайг бүү зэмлэ.” Тансаг өгүүлрүүн: “Хэдий бурхан үгүй боловч, хөрөг нь байх буй за, би бурханд золговоос даруй мөргөмүй хэмээн амласан атал юунд чамайг зэмлэмүй” хэмээгээд Гахайгаас намжираа авч үснирт малгайгаа өмсөн сүмийн дотор орж эчив. Хаалганы дотроос нэгэн хүн дуудан өгүүлрүүн: “Тансаг чи зүүн газраас бурханд мөргөхөөр ирсэн агаад юунд ийн алгуурламуй?” Тансаг сонсоод яаран сөгдөн мөргөхөд Гахай Шороо хоёул мөн хойноос даган мөргөв. Бичин морио хөтлөн амьтайгаа авч хойноос оров, хоёрдугаар хаалгыг орж үзвээс түүнчлэн ирсний их харшийн гаднах эрдэнийн тавцангийн доор таван зуун архад гурван мянган Кирди, дөрвөн очирваань, найман бодисадва, аяг тахимлаг, ширван, тоолшгүй арш тойн шидтэн хоёр этгээдэд мөрлөн үнэхээр зулын гэрэл гийж, хүжсийн үнэр анхилан бэлгэт туяа татахад, Тансаг их л магтан Гахай Шороо хоёулыг дагуулж унал мөргөлөөр тавцангийн доор хүрэв. Ганц Бичин гэхэлзэн зогсож эс мөргөв. Гэнэт бадам тавцангийн дээрээс өндөр дуугаар “Бичин чи Шигэмуни бурханд үл мөргөх нь юун?” хэмээн дуудахад, Бичин дахин нарийвчлан хараад хуурмагийг нь мэдэн морь амьтайгаа орхиж шийдэм далайн “Энэ чивэлт адгуус ямар аймшиггүй бурхны нэрийг зааж Шигэмунигийн ариун буяныг бузарламуй! Бүү дутаа!” хэмээгээд занчин ороход тавцангийн дээр хангинах дуун гармагц хоёр алтан цан буун ирээд Бичинийг хумив. Гахай Шороотон яаран байлдсугай хэмээтэл, тэдгээр архад Кирди, арш, тойн, шидтэн нар цугаар урагш давшин Тансаг тэд гурвуулыг атиртал барьж хүлэв.

 

            Үзвээс тэр бадам тавцангийн дээр бурхан хувилан суусан нь шулмын түрүү ажгуу, тэдгээр ариун бодисадва нар нь цөм бага шулам ажгуу, тэд цөм мөн биеэр болоод Тансаг, Гахай, Шороо гурвуулыг хойш дамнан аваачив. Бичинийг алтан цангийн дотор хумхиад тавцангийн дээр тавьж гурван өдөр гурван шөнө болж өөрөө хайлсны хойно, Тансаг Гахай Шороо гурвуулыг жигнэж идэхээр болов. Энэ үнэхээр:

 

Хурц нүдэт соргог Бичин худал үнэнийг танивч, хутагт тойн хууртагдаад алд бие хэмээн мөргөв. Шар эмгэн дэмий балай эмсэглэн дагаж мөргөөд, шал манхуу модон эх сахиулсан болгон өгүүлмүй. Хөнөөлт шулам хорт аргаар бодь хутагтныг хуурч, хөлчин чөтгөр нүгэлт санаагаар буянт хүнийг мэхэлмүй. Шашны бясалгал бага боловч шулмын бүтээл их тул, тэрс номд ороод талаар биеэ шийтгэмүй.

 

Тэр олон бага шулам Тансаг Гахай Шороо гурвуулыг хойно аваачиж хүлээд, морийг нь аваачиж уяж карша намжир үснирт малгайг цөм хуваан аваад чандлан сэргийлэхийг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь Бичин тэр цангийн дотор хумигдаад амьсгал бүтэж хөлс чийхран дөрвөн зүгт нь мөргөлхийлж гарч чадахгүйд дотор цухалдан шийдмээрээ дэмий цохилбоос өчүүхэн эс хөдөлгөн чадав. Тэр тарни уншин биеэ мянган алд өндөр болгож тэр алтан цан мөн түүний бие лүгээ адил өсөж огт завсар зааг гарахгүй. Бас биеэ хуурсан чинээ болгон хувилгаваас тэр алтан цан мөн төдий бага болоод огт завсар үгүй. Бичин шийдмээ шорог болгон хувилгаж дотроос долоон бас үсээ сугалан авч тавалжин өрөм болгоод мянгаад өрөмдөж, ганц жижигнэн дуугарахаас бус өчүүхэн ч үл ажрав. Бичин их цухалдаж  “Гурван номын аймаг ба арван зүгийн эрхтэн”-ий арвис тарнийг уншмагц тэдгээр таван орны Кирди, зургаан улаагчи,н зургаан хөх, арван найман Чойжин алтан цангийн гадна ирээд: “Их богд, бид таны багшийн хорлогдохоос айж сахиж агсан бөлгөө, та биднийг дуудаж юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Mиний багш үгийг авахгүй тул үхэвч хохи нь тэр, та нар аргалж намайг гаргагтун, үүний дотор хав харанхуй бүтэж үхэх буй за.” Олон эрхтэн ирж өргөвөөс өчүүхэн ч нээж эс чадав. Алтан тэргүүт Кирди өгүүлрүүн: “Их богд, энэ чухам ямар эрдэнийг мэдэхгүй, хоёр цан нэг бүхэл болсон тул нээн эс чадав.” Бичин өгүүлрүүн: “Би дотроос хэдий чинээ оролдоод мөн нээж эс чадав.”

 

             Алтан тэргүүт Кирди сонсоод зургаан улаагчнаар Тансагийг сахиулан, зургаан хөхөөр алтан цанг сахиулж олон Чойжиноор гадна дотныг цагдуулан, өөрийн бие гэрэл хөлөглөн, төдөлгүй тэнгэрийн өмнө хаалгыг шурган шууд бидэрьяа эрдэнийн харшийн доор хүрээд хурмастад мөргөн айлтгаруун: “Өдгөө тэнгэр лүгээ чацуу их богд Тансагийг хамгаалан ном залахаар одож замын гудас бага Аянган дуут хэмээх сүмд хүрсэнд Тансаг, Гандарагүд уул хэмээн ташааран орж мөргөөд шуламд баригдаж Бичинийг алтан цангийн дотор хумхиж гарах аргагүй болгосон тул айлтгахаар ирэв” хэмээсэнд хурмаст яаран: “Хорин найман одыг одож тусал” хэмээв.

 

            Тэр хорин найман од Кирдийг дагаж тэнгэрийн орноос бууж сүмийн үүдэнд иртэл хоёр жингийн үе болжээ. Тэр үед их шулам бээр Тансагийг барьсан их баяр хийж бага шуламд хурим шагнаад тус тус унтахаар эчсэн ажгуу. Хорин найман одон сэмээр алтан цангийн дэргэд хүрч ирээд “Их богд, бид хорин найман одон, хурмастын зарлигаар туслахаар ирэв” хэмээсэнд, Бичин маш баясан өгүүлрүүн: “Та нар үүнийг занчин хагалбаас би даруй гарах болой!” Олон одон өгүүлрүүн: “Үүнийг занчиж болохгүй, энэ болбоос цул алтаар бүтсэн тул цохивоос дуугармуй. Дуу гаран шулмыг цочоовоос гарч чадахгүй болмуй. Бид зэвсгээр хөшөөд өчүүхэн завсар гаргаваас чи түүнээр шурган гарагтун.” Бичин: “Сайн, сайн” хэмээв. Тэдгээр одод жад, илд, сэлэм, сүхээ гаргаж мөрлөх нь мөрлөн дамнах нь дамнаж, өргөх нь өргөж, хөших нь хөшсөөр гурван жин болтол оролдсон боловч нэгэн бүхэл төмөр мэт болоод өчүүхэн ч эс хөдлөв. Бичин дөрвөн зүгт мөлхлөн үзвээс гэрэл өчүүхэн ч эс үзэгдэв.

 

            Сувади одон өгүүлрүүн: “Их богд бүү цухалд, энэ нь чандмань эрдэнэ тул хувилан улирах нь цаглашгүй, чи дотроос нь эрдэнийн хавсарсан завсрыг тэмтэрч байгтун, би эврээр цоолж үзсүгэй, чи нэгэн юм хувилж гарч иртүгэй.” Бичин мөн хэмээгээд дэмий байтал, тэр одон биеэ бага болгон хувилгаж эврээрээ зүү мэт болгоод цангийн хавсарсан завсраар арай гэж оруулаад эврээ аяган чинээ бүдүүн болгосонд тэр цан хавчиж өчүүхэн ч завсар үгүй. Бичин түүний эврийг тэмтэрч олоод “Тусгүй! Өчүүхэн ч завсар үгүй! Хэрхвээс, чамайг бага өвтгөх болой” хэмээгээд шийдмээ нэгэн өрөм болгож, түүний эврийг өрөмдөн нүх гаргаад, биеэ хуурсан чинээ болгон хувилгаад, нүхэнд орж суугаад: “Эврээ тат! Эврээ тат!” хэмээсэнд, сувади хичнээн хүч барсныг мэдэхгүй, сугалж авмагц бие сулран хөсөр унажээ.

 

            Бичин эврээс гараад мөн биеэр болж шийдэм өргөн тэр цанг нэгэнтээ цохьсонд уул нуран уурхай дэлбэрэх мэт дуу гаран, хайрхан тэр бурхны үүдний нэгэн эд зуу, мянган хэсэг болов. Тэр хорин найман одон, таван орны Кирди их л айн их бага олон шулам цөм цочин сэрээд, их шулам харайн босч дээлээ нөмрөн харанга цохиж, олон шулмыг дагуулан хүрч ирэхэд тэнгэр гэгээрчээ. Их шулам бурхны тавцангийн доор хүрч ирэн Бичин бүгд одон лугаа хагархай цанг тойрон зогсож байхыг үзээд маш их цочин: “Хүүхэд! Өмнө үүдийг бэхлэн дар, нэг ч хүнийг бүү гарга!” хэмээв.

 

            Бичин сонсоод бүгд одон лугаа огторгуйд дэгдэн гарав. Тэр шулам цөм зүүднээс цочин сэрээд, их шулам харайн босч дээлээ нөмрөн харанга цохиж, олон шулмыг дагуулан хүрч ирэхэд тэнгэр гэгээрчээ. Их шулам бурхны тавцангийн доор хүрч ирэн Бичин бүгд одон лугаа хагархай цанг тойрон зогсож байхыг үзээд маш цочин: “Хүүхэд! Өмнө үүдийг бэхлэн дар, нэг ч хүнийг бүү гарга!” хэмээв.

 

            Бичин сонсоод бүгд одон лугаа огторгуйд дэгдэн гарав. Тэр шулам хагархай цангаа хураан аваад бүгд шулмаа сүмийн үүдний гадна жагсаан бие хуяглан гарт нэгэн араат шийдэм барин жагсаалын өмнө гарч өндөр дуугаар:  “Бичин чи сайн эр болбоос бүү дутаа! Түргэн ирж над лугаа гурвантаа байлдтугай!” хэмээсэнд, Бичин тэсгэлгүй хилэгнэн олон одыг дагуулан үүлийг дарж доош буун шулмыг үзвээс:

 

Өрөвгөр улаан үс нь дээш босч, өргөн шар хөмсөг нь үзэх нүдний дээр сэгийжээ. Шанагар хамрын нүх нь онгойж, соёо шүд нь ярзайжээ. Биед гархин хуяг өмсөж, дундуур ёнгор бүс бүсэлжээ. Хөлд сөөхий гутал өшгөлөн, гарт араат шийдэм барьжээ. Араатнаас сүрхий арзаг мангас, хүнээс өөр хөлчин чөтгөр.

 

Бичин шийдэм далайн зандан өгүүлрүүн: “Чи хэмээгч ямар шулам буй, айшгүй бурхны дүрээр хувилан уулыг эзлэн Аянган дуут сүмийг байгуулан хүнийг хуурмуй!” Тэр шулам өгүүлрүүн: “Энэ сармагчин чи мэдэхгүйгээр миний аршийн уулнаа халдахаар иржээ. Энэ газрыг бага бурхны орон хэмээмүй. Бие бясалгал хийж төв ёсыг олсон тул, тэнгэр надад энэ ордныг байгуулж өгөв. Миний нэр Шар хөмсөгт бурхан, эндэх хүмүүс намайг мэдэхгүй тул Шар хөмсөгт ван, Шар хөмсөгт өвгөн хэмээн дуудна. Би хэдийн таныг баруун газар одохыг сонсоод идээр чиний багшийг хууран барьж чам лугаа эрдмээ мөрийцөн үзсүгэй хэмээсэнд бөлгөө. Чи над лугаа тэнцэх болбоос таны багш шавийг баруун газарт илгээж бодь мөрийг олгосугай, чадалгүй болбоос би таныг цөм занчин алаад Шигэмунигаас ном залж зүүн газарт дэлгэрүүлмүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Муу шулам, амны зоригоор битгий чалч! Үнэхээр мөрийцсүгэй хэмээвээс түргэн ирж шийдмийн амтыг үз!”  Тэр шулам инээмсэглэн ирж араат шийдмээр угтан байлдав. Энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Энэ хоёр шийдэм нэгэн адил юм бус, өөр өөрийн ирэл гарал шинж байдал өөр. Араат шийдэм нь бурхны үүдний юм, алтан толтот бэрээ нь лусын сангийн эд. Тус тус цөм хувилах улирах чадал буй, тохиолдож учирсан энэ удаа цагираг хүчийг үзүүлмүй. Охор зөөлөн араат шийдэмд магнаг тажийн чимэг буй, урт бүдүүн бэрээнд матар луугийн шинж буй. Бүдүүн нарийн санааны тааваар болж, богино урт сэтгэлийн аяыг дагамуй. Бичин хийгээд шулам ас тулан байлдахуйяа байлдааны талбарт энэ удаа хоосоор үл зогсмуй. Номд орсон сармагчин санваар авч сэтгэлийн Бичин болоод, нүгэлт шулам тэнгэрийг мэхэлж хуурмаг дүрээр овлов. Хилэгнэн хорсож хэн хэндээ ч ялдар тавихгүй. Догшрон уурлаж аль нь ч хэцүү сүрхий. Дарж цохих хүнд шийдэм дальдрах халаглах завсаргүй. Дайруулж занчих охор шийдэм тосч хариулах завгүй. Үүл манан гарган агаарын нарыг халхалж, униар хүдэн татуулан асга хадыг бүрхжээ. Атган зэвсэг далайлцан ас тулан байлдаж, хоёулаа тавинтаа зөрөлдөөд дийлэн дийлэгдэх ялгарахгүй байхад, олон шулам сүмийн гадна хэнгэрэг харанга дэлдэж, туг далбаа сажмүй. Хорин найман одон, таван орны Кирди, олон сахиулсан лугаа цөм зэвсэг өргөн зэргээр томоолон ороход, тэр олон бага шулмас цөм айн хэнгэрэг харанга цохихоо байв.

 

            Тэр их шулам огт эмээхгүй, нэгэн гараар шийдэм эргүүлэн олон сахиулсаны зэвсгийг тосч, нөгөө гараар ташаанаас нэгэн хуучин цагаан бөс уут тайлан авч дээш орхисонд хангинах дуу гармагц Бичинийг хорин найман одон, таван орны Кирди лүгээ уутлан аваад мөрлөн одов. Олон бага шулам маш баясан дагаж буцав. Их шулам хүүхдийг дуудан гуч дөчин олсон дээс авчруулж уутнаас нэг нэгээр гаргаж цөм хүлээд хойд хүрээнд аваачиж хаяв. Шулам хуримлан цэнгэлдсээр нар шингэсэн хойно сая унтахаар одохыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь Бичин олон сахиулсаны хамт хүлэгдээд шөнө дунд болсонд, гэнэт хүний уйлах дуу сонсмтуй. Чих тавин чагнаваас үзвээс Тансаг уйлан өгүүлрүүн: “Ү Күн! Би тухайн үед чиний үгийг сонссонгүйн уршигаар өдгөө бид гамшиг зовлонд тохиов. Алтан цангийн дотор чамайг хохируулаад, олсон дээсээр намайг хүлснийг хэн мэднэм. Бид дөрвүүлийн хувь заяа муудаж, гурван мянганы бүтээл булт барагдав. Тохиосон энэ зовлонгоос хэрхэн олж мултраад, төвшин амраар баруун орноо зорчин эгэх болов!” хэмээмүй. Бичин сонсож дотроо энэрэн сэтгэрүүн: “Багш хэдий миний үгийг авахгүй боловч, өдгөө зовлонд унан гаслахдаа бас өвгөн Сүн намайг дурдах ажгуу, энэ шөнө шулмын унтсан чөлөөнд бүгдийг тавьж түр тонилон одсугай” хэмээв.

 

            Төд Бичин тарни уншин биеэ бага болгоод хүлээснээс мултран, Тансагийн дэргэд ирээд чихэнд нь “Багш” хэмээн дуудсанд, тэр багш дууг нь таниад ийн асууруун: “Чи яахан энд ирэв?” Бичин сэмээр өнгөрсний учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд Тансаг их л баясан: “Шавь минь! Түргэн намайг авартугай! Үүнээс хойш чиний санаагаар явсугай” хэмээсэнд, Бичин урьдаар багшаа тайлан дараагаар Гахай, Шороо, хорин найман одон, Кирди нарыг цөм тайлаад, морио аван сая хаалга гартал, амьтайгаа мартсан тул дахин эрэхээр ороход, сувади одон өгүүлрүүн: “Багш чинь гарваас барах нь тэр буй за, бас тэр амьтайгаар юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Боодлын дотор боомт өнгөрөх тэмдэгт бичиг, карша намжир, алтан бадар аяга буй, эдгээр цөм бурхны хайрласан чухаг эрдэнэ тул яахан орхиж болмуй!” Гахай өгүүлрүүн: “Ах, чи эрэхээр одвоос бид урьдаар явж чамайг хүлээсүгэй.” Тэдгээр олон одон, Кирди нар нэгэн зэрэг хөдөлгөмөгц Тансагийг дундаа аван их замд ороод нэгэн тэгш газар хүрч хүлээн суув.

 

            Бараг гурван жингийн үед, Бичин сэмээр дотогш орон үзвээс сүмийн үүдийг дарсан нь маш чанга, тэр тагтан дээр гараад доош буусугай хэмээвэл хаалттай цонхыг хүн хөндөөн дуу гарахаас болгоомжлон тарни уншин нэгэн багваахай болон хувилав. Түүний байдлыг хэлбээс:

 

Шовгор толгой нь хулганы адил, шөвгөр хоншоор мөн тэр мэт. Шар бүрийд тэр нисч гараад, шурган далдалж хар өдөр үзэгдэхгүй. Саравч ваарын завсар бие оршиж, шарын идэш ялаа батганыг барьмуй. Саруул тунгалаг сарны доор зорчих дуртай, шөнө бүрий нисээд цаг мөчийг мэдмүй.

 

Тэр ваарын завсар унины доогуур шурган ороод, хэд хэдэн үүд хаалгыг давж хүрээний дунд хүрч үзвээс, тэр гурван давхар тагтны цонхноос нэгэн зурвас гэрэл гармуй, ажваас тэр гэрэл нь зулын гэрэл бус, галт хорхойн гэрэл бус, долонгийн гэрэл бус, цахилгааны гэрэл бус тул зүрх оволзон цонхны доор хүрч үзвээс боодлоос гарах гэрэл ажгуу. Тэр шулам, Тансагийн намжирыг тайлж авмагц эвхсэнгүйгээр боодлын дотор чихжээ, тэр намжир хэмээгч бурхны чухаг эрдэнэ бөгөөд түүний дээр чандмань сувд, мань сувд, улаан мана, хүрэн шүр, шарил, шөнө гэрэлтэх сувд зэрэг буйн тул тийнхүү гэрэл цацарсан ажгуу. Тэр амьтайгаа үзээд маш баясан мөн биеэр болж дамжуурын дан эсэхийг хамаарахгүй дамнан гарч ирэхэд санамсаргүй нэгэн үзүүрийн дээс нь мултарч тагтны шал дээр унасанд тэр шулам цочин сэрээд: “Хүн байнам! Хүн байнам!” хэмээн их л бархирсанд, олон бага шулам зул барьж өмнө хойно үзээд: “Нэг ч хүн үлдсэнгүй цөм дутаажээ!” хэмээсэнд их шулам: “Хаалга бүрт хичээгтүн!” хэмээв. Бичин түүнд баригдах болуузай хэмээн эмээж боодлоо орхиж цонхны нүхээр гарч одов.

 

            Тэр шулам тэнгэр гэгээртэл Тансагтныг эрэн эс олсонд, шийдмээ барин олныг дагуулж нэхэн ирвээс, тэр хорин найман одон, таван орны Кирдитэн уулын бэлд суун амуй. Тэр шулам: “Та нар хаана одмуй! Би ирэв!” хэмээн зандан өгүүлснээ Цэдэр одон яаран: “Дүү нар! Шулам ирэв!” хэмээн дуудмагц, Сувади, Ширван, Анурад, Цэста, Мол, Бурвасад, Ударасад, Авизи, Шошаг, Даниста, Садабис, Бурвабадрабад, Удирабадрабад, Ривади, Ашувани, Барани, Гирдиг, Рувагини, Маргасар, Артир, Бурнавасан, Бүс, Аслис, Мэг, Бурбабэлгүни, Ударабэлгүни, Хасда, алтан тэргүүт Кирди, мөнгөн тэргүүт Кирди, зургаан улаагчин зургаан хөх, Чойжин, Гахай, Шороо нар Тансаг цагаан морийг орхин тус тусын зэвсгийг далайн угтан ирэхэд, тэр шулам хадганан инээж нэгэнтээ исгэрсэнд, дөрөв таван мянган бага шулам магшин ирж уулын доор зууралдан байлдав. Энэ удаагийн байлдсан нь:

 

Буг шулам нүгэлт сэтгэлээр бодитоныг дарлахуйяа, бодитон буурай зөөлөн тул шуламхэрхэн тэсмүй. Ухаан бодлогыг зуунтаа хэрэглэвч аюулаас мултарахуйяа бэрх, мэргэн аргыг мянгат заравч тус үл болмуй. Асар тэнгэрс бууж ирээд хамгаалж, архад арш зэвсэг өргөн туслав. Ардаг манхуу анхан найрт хөтлөгдөн, амилагч эмгэн олны ачид зоригжив. Зууралдан тэмцэхүйеэ тэнгэр газар түрхрэн, жагсаал мөрийцөхүйеэ тор өөш бүтжээ. Зүүн этгээд туг даран хашхиралдаж, баруун биед харанга дэлдэн зандмуй. Сэрээ жад ярайж жихүүн гэрэл татан, сэлэм илд гялалзан алах уур мандмуй. Шулам цэрэг догшин бөгөөд баатар, сахиулсан эрхтэн тайлж хэрхэн чаднам. Бараан үүл нар сарыг халхалж, будангуй манан үүл мөрөнг бүрхжээ. Бие биеэ занан байлдан тэмцэх нь, булт цөм тойн Тансагийг бурханд бараадахын учир.

 

Төд дийлэн, дийлэгдэх ялгарахгүй байхад Бичин: “Өвгөн Сүн би ирэв!” хэмээв. Гахай угтан ирж: “Амьтай хаана буй?” хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Чи бас амьтайг асуумуй, өвгөн Сүн би арай эс амиа алдав.”  Шороо эрдэнийн шийдмээ барин: “Хэлэлцэх хэрэггүй, шулмыг дайлахаар одсугай!” хэмээв. Тэр үес бүгд эрхтэн, шуламд бүслэгдэн авай. Их шулам Бичинийг үзмэгц шийдэм далайн занчин ирэхэд, Бичин, Гахай, Шороотон тус тусын зэвсгээ өргөн угтан байлдаад орой болсонд, тэр шулам бага шуламдаа дохио өгөн эсгэрээд эрдэнээ гаргав. Тэр шулмын эрдэнээ гаргахыг Бичин үзээд: “Муу болов! Уусугай!” хэмээгээд Гахай, Шороо бөгөөд эрхтнийг ажрааж амжилгүй тонгорцоглон огторгуйд дутаан гарав. Олон эрхтэн, Гахай, Шороотон ухааныг мэдэхгүй байтал, тэр шулам эрдэнээ дээш орхисонд, Бичинээс бусад хамаг эрхтнийг мөн урьдын ёсоор уутлан авч одов. Тэр шулам цэргээ хураан сүмд орсны хойно, Тансаг, Гахай, Шороотоныг хүлж нурууны дээрээс дүүжлээд цагаан морийг хойд хүрээнд уяж бүгд эрхтнийг хүлж нүхэн гэрт хорихыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь Бичин огторгуй дээрээс олон эрхтэн цөм баригдсаны үзээд үүлнээс бууж уулын орой дээр суугаад шүд зуун шуламд хорсож, багшаа санан тэнгэр өөд харж урт шүүрс алдан өгүүлрүүн: “Аяа, багш! Чи аль төрөлд нүгэл үйлдсэнээр энэ төрөлдөө ийнхүү алхам бүр адад учран, баршүгүй зовлонг амсах аж, юу хийвээс сайн!” хэмээн ганцаар нэгэн зэрэг гаслаад бас дотроо ийн сэтгэрүүн: “Энэ шулмын тэр уут нь ямар юм болоод, төдий чинээ ариун юмыг багтаах аж? Өдгөө хамаг эрхтэн одыг цөм хийж аваачив. Би тэнгэрийн оронд одож туслахыг гуйсугай хэмээвээс хурмаст буруушаах магадгүй. Миний сонссон нь хойд орны Махашувари болбоос шулмыг доош их тэнгэр хэмээмүй. Тэр өдгөө өмнөд замбутивийн Удан хэмээх ууланд сууж амуй. Би одож түүнийг залж ирээд багшаа зовлонгоос гаргасугай” хэмээв. Төв хэмээн: арш ёсон бүтээгүйд морь, бич, ардаг, сүлд тамир эзэн үгүйд таван махбодь хувхай. Энэ одсон нь ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 14 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 1 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 30 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 34 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 16 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 49 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 53 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 53 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 27 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 36 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 46 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 52 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 14 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 31 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 25 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 49 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 50 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 5 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК