зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Жаран дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЖАРАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


ШИВЭР СОНДУУТ ДАВААНД ГАХАЙ ГАВШГАЙЛАН ЗҮТГЭВ

ШИДЭТ МОДНЫ СҮМД ТАНСАГ ШҮЛЭГ ӨГҮҮЛЭВ

 

Өгүүлэх нь, тэр Кашкар улсын хаан, Тансаг багш шавь дөрвүүлийн эрдэнийг дахин олж шулмыг барьсан ачинд хариулан эд агуурсыг барьсанд өчүүхэн ч хүлээн авсангүй тул, жасаан түшмэлд зарлиг буулган эд дөрвүүлэнд энгийн өмсөх дээл хувцас, шаахай оймс тус бүр нэгэн хос жийлгэж, бас хуурай хүнс өгч хязгаар орныг өнгөрөх тэмдэг бичгийн халаад биеэр бичиг цэргийн зуун түшмэд ба хотын иргэд, лусыг номхотгогч сүмийн тойдыг дагуулан хорин газар үдэж хойш буцав. Тэр сүмийн тойд буцалгүй тавь жаран газар хүргээд зарим нь баруун газар одсугай хэмээмүй, зарим нь шавь болсугай хэмээмүй. Бичин тэдний эгэхгүйг үзээд биен дэх үсийг гуч дөч сугалан авч: “Хувил” хэмээн зандсанд цөм хүрэн эрээн догшин барс болон хувилаад эчих замыг боож хүрхрэн авай. Олон тойд маш эмээн дагахгүй болов. Бичин багшаа удирдан удалгүй хол одсонд бүгд тойд “Ачит багш минь! Бид хувь ерөөл үгүйн тул даган эс чадав!” хэмээлдээд хоцров.

 

            Өгүүлэх нь тэд дөрвүүл их замд орсны хойно үсээ хураан баруунш одов. Цаг улирлын орчих нь түргэн тул, хэдийнэ өвөл дуусч хавар болоод халуун хүйтэн үгүй амраар яван атал, гэнэт нэгэн их даваа үзэгдэв. Тансаг морио татан ажиглаваас тэр даваанд шивэр сондуу дүүрэн ороонго зэл торлон эчих замыг боожээ. Тансаг өгүүлрүүн: “Аяа шавь нар минь энэ замаар яаж явах буй?” Бичин өгүүлрүүн: “Юунд явж үл болох буй?” Тансаг өгүүлрүүн: “Шивэр сондуу эчих замыг боожээ, ганц могой хорхой явж болох буй за, морьтой хүн яахан явж болмуй?” Гахай өгүүлрүүн: “Гайгүй, би түлээ малтах эрдмээ гаргаж шивэр сондууг малтан зайлуулбаас морьтой хүн байтугай, сүйхэнд суусан хүн ч явж болмуй.” Тансаг өгүүлрүүн: “Чамд хүчин буй боловч хэдий холыг мэдэхгүй, удаандаа би чинь тэсэх буюу?” Бичин өгүүлрүүн: “Би одож үзсүгэй” хэмээгээд, огторгуйд дэгдэн гарч үзвээс:

 

Өргөн даваа тэнгэрийн хаяанаа тулж, униар хүдэн ус чийг ахуулжээ. Зув дээр зузаан өвс ширэлдэн зоон дээр зогоо навч бүрхжээ. Цурав ногоо цэлгэрэн хөхөрч, зулзага модод нахиалан ногоорчээ. Холоос ажиглахуйяа хөвөө хязгаар үл харагдан, хавьтан үзвээс хөхөмдөг давалгаа долгиолох мэт. Хөхрөн ногоорон цэлийгээд хүглийн сүглийн чаргаджээ. Дорно салхин илбэж, дулаан наран ээмүй. Өнө ногоон модод ойн дунд цэлгэрэн, үр жимс модод үргэлжлэн ургажээ. Ороонго зэл ороон сүлжиж, тугал өвс торлон холбожээ. Гүйс гүйс цэцэг дэлгэрсэн нь гэмэрлэг олбог дэвссэн мэт, ханхлам сайхан үнэр хааяа хааяа сэнгэнэмүй. Өргөс сондуу орон бүхнээ буй хэмээвч өрнө газрын модыг хэн олж үзлээ!

 

Бичин удтал үзээд хойш ирэн “Хол, хол!” хэмээсэнд, Тансаг асууруун: “Хэдий хол байнам?” Бичин өгүүлрүүн: “Бараг мянган газар байх буй за.” Тансаг хирдхийн өгүүлрүүн: “Тийн болбоос юу хийсүгэй?” Шороо инээн өгүүлрүүн: “Багш бүү зов, бид түймэр тавьж шивэр сондууг шатаан гарсугай.” Гахай өгүүлрүүн: “Дэмий битгий донгод! Өвөл түймэр тавьж болох буй за, өдгөө өвс модон хөврөх цаг түймэр тавьж болох буюу?” Бичин өгүүлрүүн: “Түймэр тавьж болох боловч галын хэрэгт орохоос аймуй.” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбоос яахан гарах буй?” Гахай инээн: “Гарсугай хэмээвээс намайг дагаж ир!” хэмээв.

 

            Тэр манхуу тарни уншин биеэ дөчин алд өндөр малтуураа жаран алд урт болгож: “Багш, намайг дагаж ир!” хэмээсэнд Тансаг маш баясан морь ташуурдан хойноос даган одов. Шороо боодлоо дамнан, Бичин бас болд бэрээгээр зам нээн урагш яван нэгэн өдөр туж зогсолгүй малтаж зуу илүү газар ортол тэнгэр мөн орой болов. Нэгэн хэсэг алгаг газар хүрвээс зам дээр нэгэн чулуун хөшөө аж, дээр нь “Шивэр сондуут даваа” хэмээх их үсэг сийлээд доор нь “Энэ даваа өргөн тийш найман зуун газар, эртнээс зам авч явах хүн ховор” хэмээх арван дөрвөн нарийн үсэг сийлжээ. Гахай инээн: “Өвгөн би бээр: “Өдгөө найман санваарт миний бие үүнийг нээснээр өрнө газарт нэвтрэх цагаан зам болжээ!” хэмээх үсэг нэмэн сийлсүгэй” хэмээсэнд Тансаг маш баясан мориноос бууж: “Шавь чи ядрав! Бид энд хоноод маргааш явсугай” хэмээсэнд, Гахай: “Багш амрах хэрэггүй, энэ тэнгэр гэгээтэйд, бидний урам хөгжсөнд зам нээн шөнөжин явсугай!” хэмээсэнд Тансаг мөн хэмээн дагав.

 

            Төд Гахай өмнө нь гавшгайлан багш шавь дөрвүүл зам нээн нэгэн шөнө нэгэн өдөр яваад, тэнгэр мөн орой болсонд, хулсны намаа салхинаа шуугин, нарсны намаа харшилдах дуун сонстмуй. Үзвээс нэгэн сүм буй, сүмийн үүдэнд нарс майлс найган, тоор гүйлс тэмцэлдэн ургажээ. Тансаг мориноос бууж, шавь нарын хамт тэр сүмийг үзвээс:

 

Хадан энгэрийн хуучин сүм хүйтэн урсгалыг хөвөөлөн элий хулий хээрийн эзгүй хөтөлд оршжээ. Уул хадны дотор он жилийг нөгцөөн, ой шугуйн дунд орчих улирлыг өнгөрөөнөм. Согтмол хулсны сажлах нь тэргүүн сэгсрэх мэт, шувуу болжморын шулганах нь гомдол тоочих адил. Хүн амьтан огт харагдахгүй, хээрийн ороонго хэрмийн оройгоор зэллэжээ.

 

Бичин үзээд: “Энэ нь сайн газар бус тул удаж үл болмуй” хэмээсэнд Шороо өгүүлрүүн: “Ахын сэтгэл ахдав. Энэ хүн амьтангүй газарт ямар хөлчин чөтгөр буй хэмээн түүнээс аймуй?” хэмээн өгүүлэн атал, гэнэт жихүүн салхи салхилмагц нэгэн өвгөн гарч ирэв. Тэр тэргүүнд өнцөгт малгай тавин биед цайвар дээл өмсөж, хөлд өвсөн шаахай өшгөлөн, гарт гохир таяг тулан, хойноосоо нэгэн хөх царай улаан сахалтай нүцгэн чөтгөрөөр тэвштэй боорцог өргүүлэн хүрч ирээд Бичиний өмнө сөгдөн: “Их богд, өчүүхэн сахиулсан би болбоос энэ Шивэр сондуут давааны савдаг бөлгөө, их богдын хүрч ирэхийг мэдсэн боловч хүндлэн өргөх юм үгүй тул энэ нэгэн тэвш боорцгийг бэлтгэн багшид өргөв, үүнээс цааш найман зуун газар хүн үгүй, энэ цаваас өчүүхэн зооглож өл хоолоо болготугай” хэмээсэнд, Гахай маш баясан боорцгийг тосч авсугай хэмээтэл, Бичин хэдийн мэдээд: “Байз! Энэ чивэлт амьтан! Битгий ёс бусчил! Өвгөн Сүн намайг хуурч гарах буюу, шийдэм үз!” хэмээн занчин иртэл, тэр өвгөн хуй болон Тансагийг шүүрэн аваачив. Бичин мэгдэн дөрвөн зүгт ирвээс эс олов; Гахай Шороотон цөм их л гэлмэж цагаан морь мөн үргэн янцгаамуй. Ах дүү гурвуул багшаа олохгүй байхыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, тэр өвгөн, чөтгөр хоёул Тансагийг нэгэн чулуун гэрийн өмнө аваачиж тавиад гараас нь барин өгүүлрүүн: “Богд тойн битгий айгтун, бид муу хүн бус, би болбоос Шивэр сондуут давааны арван наймдугаар өвгөн, энэ тэргэл сартай сайхан шөнө чам лугаа золгож шүлэг холбон найрлаж уйтгараа сэргээсүгэй хэмээсэн бөлгөө.” Тэр багш сонсоод сэтгэл сая агуу болж нүд өргөн үзвээс:

 

        Алар балар униар татсан орон

        Ариун тунгалаг аршийн суусан газар.

        Цогцсыг ариутган бясалгал хийхүйеэ адбиш тохирч,

         Цэцэг тарин хулсыг өсгөхөд эгнэгт зохицмуй.

        Номин асгат тогорууны суух нь үргэлж харагдан,

        Ногоон нуурт мэлхийн дуугарах нь ямагт сонсогдмуй.

         Бясалгалын орны байдал лугаа чацуулан

        баруун хайрханы үзэмж лүгээ тэнцмүй.

        Үүлнээ тариалж сарнаа гөхдөхийг юун өгүүлнэм,

        Энэ газар амар жимэр суух нь үнэхээр тааламжтай.

        Удаан сууваас өвчүү цээж уужран,

        Үдшийн  саран цонхны шаад туснам. 

 

Тансаг хараахан лавлан атал саран мандан одон түгээд, гадна: “Арван наймдугаар өвгөн богд тойныг залж авчрав” хэмээн хэлэлцэх дуун гармуй. Тансаг тэргүүн өргөн үзвээс тэртээгээс гурван өвгөн айсуй, түрүүнд явагч царай цагаан бие мяраалаг, дэдэд явагч нь, толгой буурал бие чилгэр, гутгаарт явагч нүүр хөхөмдөг бие хөнгөн, өнгө зүс өмссөн дээл цөм өөр гурван өвгөн ирж Тансагт ёсолсонд Тансаг хариу ёслон өгүүлрүүн: “Тойн надад ямар эрдэм буй хэмээн аймшиггүй хувилгаан өвгөдийг зовоомуй?” Тэр арван наймдугаар өвгөн инээн өгүүлрүүн: “Богд тойныг эрдэмтэй хэмээн хэдийнээс сонссон бөлгөө, завшаанаар энэ өдөр олж золгосонд үнэхээр эс голбоос түргэн сууж ном айлдан Даяаны нууцын үнэн номыг соёрхон хайрлах ажааму.” Тансаг бие мэхийн өгүүлрүүн: “Айшгүй асуух нь хувилгаадын алдар юун?” Тэр арван наймдугаар өвгөн өчрүүн: “Энэ цагаан царайт өвгөний нэр Шударга шулуун хэмээмүй, тэр буурал толгойт өвгөний нэр Огторгуй лугаа чацуу хэмээмүй, энэ хөх нүүрт өвгөний нэр Үүлийг хөвөгч хэмээмүй, өчүүхэн өвгөн миний нэр Чигч зоригт хэмээмүй.” Тансаг бас асууруун: “Арш нарын насан сүүдэр цөм хэдий хүрэв?” Шударга шулуун өчрүүн:

 

“Өвгөн би өдгөө нэгэн мянга насаллаа, өндөр чаргай навч нахиа өнө үүрд хавар. Ац салаа ороолдон луу могойн шинж, орой саравч дэгтэрлэн хяруу цасны бие. Хар багаасаа хатан чийрэг аж үл хөгшрөн хараахан өдгөө төв чигч үнэнийг бясалгахыг таалмуй. Гарьд галбинга үүрлэгч гайхамшигт язгууртан, аварга өндөр сэгийсэн ариун төрөлхтөн.”

 

Огторгуй лугаа чацуу инээн өгүүлрүүн:

 

“Миний бие мянган оны салхи хярууг өнгөрөөлөө, аварга цогцос ягц салаа аяндаа идээрхэг. Нам шөнө дуун гарваас бороо дуслах мэт, намрын цагт сүүдэр тусваас үүл бүрхэх адил. Уг үндэс минь урт наслахын нууцыг олоод, амь гол минь үл өтлөхийн аргыг ухжээ. Тогорууг түдээн дууг саардуулагч ер бусын биетэн, цэлгэрэн ногоорч сэгийн сүндэрлээд аршийн агуйд ойртжээ.”

 

Үүлийг хөвөгч инээн өгүүлрүүн:

 

“Хүдэги бие хоосоор мянган жил амьдарлаа. Хөгшрөх наснаа чиймэй бөгөөд нэнт ариун тунгалаг. Хог тоосноо будагдахгүй хэзээд цэвэр, хяруу цаснаа хохирохгүй үргэлж үзэсгэлэн. Долоон мэргэд нөхөрлөн ёсыг хамтаар шүүмжилж, зургаан эрдэмтэн найзлан дууг цугаар дуулмуй. Алтыг тогшиж хасыг хавирах нь дэмий явдал бус, аяндаа заяасан авьяасаар арш лугаа зугаацмуй.”

 

Чигч зоригт инээн өгүүлрүүн:

 

“Бараглан бодвоос би бас мянган насыг хэтэрчээ. Бат аруудхан зан чанар өөрийн тааллаар болном. Бороо шүүдрийн шимэлсэнээ итгэж, тэнгэр газрын амилсанаа шүтжээ. Униар хүдэнгийн дунд онц бие сэгийж, улирал цагийн хувиралтад уг ёсоор амуй. Шүхэр лавирын сэрүүн сүүдэрт шидтэн арш суулцан, шатар тавин ятга чавхдаж шастир ном өгүүлэлдмүй.”

 

Тансаг талархан өгүүлрүүн: “Дөрвөн аршийн насан хутаг өндөр бөгөөд ялангуяа арван наймдугаар өвгөн мянга илүү насалжээ. Өндөр настан ёсыг олж, өнгө зүс ийм аруудханаар үзвээс Хан улсын үеийн “Дөрвөн өтгөс” бус уу?” Дөрвөн өвгөн өгүүлрүүн: “Хэтэрхий өргөв! хэтэрхий өргөв! Бид тэр дөрвөн өтгөс бус, аглаг уулын “Дөрвөн зоригтон” болой. Аймшиггүй асуух нь богд тойны насан сүүдэр хэдий болов?” Тансаг алгаа хамтатган өчрүүн:

 

“Дөчин жилийн өмнө эхийн хэвлийгээс эснэлээ, төрөлх зовлон амсах тавилантай бөлгөө. Долгин давалгаат мөрнөө урсан амь олж хэлтийгээд, дорнодын алтан уулнаас бие олж гарлаа. Чанарыг тэжээн ном уншихуйяа алжууран осолдсонгүй, чин сүсгээр бурханаа мөргөхүйеэ цалгайрч яахан болмуй? Өдгөө би зарлигаар баруун газар одохуйяа өвгөн арш нар замд тохиолдон хайр хишиг хүртээмүй.” Дөрвөн өвгөн магтан өгүүлрүүн: “Эхийн хэвлийгээс эснэмэгц бурхны шашинд орж хараахан багаасаа бясалгал хийсэн үнэхээр бодь хутагт богд тойн ажгуу. Бидэн завшаанаар багшийн гэгээн танаа золгосон дашрам, маньд сургаал хайрлан, даяан самадийн номыг нэг хоёр заан соёрхож энэ насны хүртээл болгохыг хүснэм.” Тансаг сонсоод өчүүхэн ч татгалзалгүйгээр олны зүг өгүүлрүүн: “Самади хэмээгч тугдам болой, ном хэмээгч хүлэг болой. Тугдамын доторх хүлгийг унахгүй болбоос үл бүтмүй. Онол хэмээгч сэтгэл санаагаа ариутган, эглийн балчигаас тонилон улаан тоосноос ангижрах нь болой. Хүний биеийг олох нь бэрх, Дундад оронд төрөх нь бэрх, үнэн ном лугаа барилдах нь бэрх. Энэ гурав бүрдэх нь цаглашгүй их зол заяа болой. Их эрдэм нууц ёсыг оновоос, зургаан хүслийг арилгаж болмуй. Бодь хэмээгч төрөхгүй, үхэхгүй, илүүгүй, дутуугүй бөгөөд өнгө ба хоосон, богд ба бодгалийг багтаасан нь болой. Эрдмийн авшгийг магад сурч, чадагчийн эрдмийг үнэхээр ухваас Галданы хөлгөнийг хөдөлгөн, галсангийн түритгэлийг тас дайрч чадмуй. Ухахын дотор ухаж, унахын дотор унаж, очийн төдий билгийн гэрлийг ч бүрнээ хамгаалах хэрэгтэй. Хураасан хурц гэрлийг гаргаваас их мянганыг гийгүүлэн номын аймаг илт болмуй. Нарийн нууцыг олж, нэн чанд баримталтугай. Эчнээ олмыг хоосоор өгүүлбээс хэн олж гэтэлмүй? Миний энэ үндэсний үнэхээр туулсан номд ерөөл зориг буй аваас сая үйл ухаж чадмуй.” Дөрвөн өвгөн чих тавин сонсож, цаглашгүй баясан, мөргөн наманчилж өгүүлрүүн: “Богд тойн үнэхээр самадийн нууцыг оногч болой.”

 

            Үүлийг хөвөгч өгүүлрүүн: “Самади хэдийгээр тугдам, ном хэдийгээр хүлэг хэмээвч чанар тогтуун, сэтгэл үнэнч байх хэрэгтэй. Хэдийгээр үнэхээр туулсан арш боловч үл төрөхийн ёсноо ахуй хэрэгтэй болой. Бидний нууц болбоос өсөд өөр болой.” Тансаг өгүүлрүүн: “Ёсон хэмээгч ер бус, бод ба номлол нэгнээ атал юунд өөр хэмээмүй.” Үүлийг хөвөгч инээн өгүүлрүүн:

 

“Бид нарын бие төрөлх бат чанга, бод ба номлол тан лугаа адилгүй. Тэнгэр газрын ачаар төрж, хур шүүдрийн шимээр өсөв. Салхи хяруунд баясан хөхөлзөж, шар өдрийг нөхцөөн өнгөрөөмүй. Нэг навч үл зулгаран, мянган гишүү чигч бат. Энэ үг этгээд харш бус атал эгнэгт чи эсрүн үгээр өгүүлмүй. Ёсон хэмээгч угаас Дундад орныг амуулах атал гэдрэг харин баруун газраас нотлол эрмүй. Өвсөн шаавар[1]-аа элтэл талаар яваад эгнэгт юуг эрэхийг үл мэдмүй? Чулуун арслан зүрхээ сугалаад, хярс үнэг шүлсээр чөмгөө дүүргэмүй. Угаа умартан даяанд орж бодь хутгийг олохыг хэмээгч нь манай энэхүү Шивэр сондуут давааны зэрлэг ороонгын оньсого, зэл өвсний чалчаа мэт болой. Ийм сайд эрдэмтэн хэрхэн удирдан таалмуй? Энэ ёсоор хэрхэн авшиг хүртээмүй? Урьдыг дүрийг нь эрхбиш хянаж, тугдамын дотор амьдрал ахуйг мэдэх хэрэгтэй. Ёроолгүй хулсан сагсаар ус авч, үндэсгүй төмөр модон цэцэг дэлгэрмүй. Хувилгаан хаднаа хөл нутад зогсож, хурлаас хойш буцан ирээд хутагтын орноо залармуй.”

 

Тансаг сонсоод мөргөн ёслоход тэр Чигч зоригт, Шударга шулуун ирж Тансагийг тэтгэн босгов. Огторгуй лугаа чацуу урагш ирж инээн өгүүлрүүн: “Үүлийг хөвөгчийн үг нэгэнт нууцыг задруулав. Богд тойн бостугай, бүрэн итгэж үл болмуй. Бид энэ шөнийн саруул сарны тунгалагт номын ёсыг шүүмжилсүгэй хэмээсэн бус, харин шүлэг шүлэглэн уйтгараа сэргээсүгэй хэмээсэн бөлгөө.” Үүлийг хөвөгч чулуун гэрийг зааж инээн өгүүлрүүн: “Хэрвээ шүлэглэсүгэй хэмээвээс, богино саравчинд бууж баахан цай зоогловоос ямар?”

 

            Хутагт тойн босч зогсон чулуун гэрийг үзвээс илэрхийллийн дээр нь “Шидэт модон хувилгааны сүм” хэмээн бичжээ. Тэнд орж дэс дараалан суусны хойно, тэр чармай нүцгэн чөтгөр нэгэн тэвш боорцог авчран таван аяга цай хийж барьсанд дөрвөн өвгөн Тансагийг урьдаар зоогло хэмээв.  Тансаг сэжиглэж айшгүй идэхгүй байхад тэр дөрвөн өвгөн авч идсэн хойно, Тансаг сая хоёр хэсэг авч идээд цайг ууж хураалгав. Тансаг сэмээр үзвээс, үзэмж байдал үнэхээр гэгээн тунгалаг:

 

Урсах усан чулууны завсар горчигнон, анхилах үнэр цэцгийн хүйсээс сэнгэнэмүй. Ор суудал онц хээнцэр сайхнаа, огт бас хог тоосгүй.

 

Тэр багш энэхүү аршийн орныг үзэж алсхийн баясаад амны аяар нэгэн бадаг шүлэг уншруун: “Самадийн сэтгэл саран лугаа адил тув тунгалаг.” Чигч зоригт нийлүүлрүүн: “Шүлгийн урам цэнхэр огторгуй мэт цэв цэлмэг.” Шударга шулуун бас нийлүүлрүүн: “Сайхан бадгийг хослохуйяа эсгэсэн гэмэрлэгийг эгнэх мэт.” Огторгуй лугаа чацуу нийлүүлрүүн: “Яруу уянгыг үл цохловч алтан хасын үгс буй.” Үүлийг хөвөгч өгүүлрүүн: “Зургаан төрд нэгэнтээ шахагдаад шүлгийн сод нь барагдсанаа дөрвөн ууган дахин шинэтгэж яруу ба магтаалыг ялгав.” Тансаг өгүүлрүүн: “Шавь би санамсаргүй ам алдаж нэгэн бадаг уншсан нь “Уран дарханы өмнө ойл эргүүлсэн” мэт болжээ. Сая дөрвөн хувилгааны шүлэглэхийг сонсвоос шүлгийн үгсийн яруу сайхан нь үнэхээр шүлэгч өвгөн хэмээвээс болмуй.” Чигч зоригт өгүүлрүүн: “Богд тойн дэмий магтах хэрэггүй, гэрээс гарсан хүн үүсгэл төгсгөлийг эрхэм болгомуй, шүлгийг нэгэнтээ эхэлсэн атал юунд үл төгсгөмүй? Доош ялган шүлэглэмүй.” Тансаг өгүүлрүүн: “Шавь надад ямар эрдэм буй, хүсэх нь Чигч зоригт өвгөн шүлэглэн төгсгөх ажааму.” Чигч зоригт өвгөн өгүүлрүүн: “Танай сувдыг гаргаад дахин залгих ёс буюу? Та өөрөө үүсгэсэн тул өөрөө төгсгөх буй за?” Тансаг аргагүй болоод сүүлийн хоёр мөрийг ялган уншруун: “Нарсны шуугианаа хажуулан хэвтэхүйеэ цай бас буцлаагүй, найрлан дуулахуйяа хаврын санаа хэнхдэг дүүрэн.”

 

            Чигч зоригт өвгөн өгүүлрүүн: “Юутай сайхан “Найрлан дуулахуйяа хавар санаа хэнхдэг дүүрэн” аж!” Шударга шулуун өвгөн өгүүлрүүн: “Чигч зоригт өвгөн чи шүлгийн амтыг гүн мэдэх тул юунд дахин нэгэн бадаг эхлэхгүй буй?” Чигч зоригт өвгөн маргалгүй өгүүлрүүн: “Тийм бөгөөс би сүүл толгой холбох ёсоор шүлэглэгч хэмээгээд хавар хөврөхгүй боловч өвөл үл хувхайрах хар үүл бор униарт өөрийн дураар өнгөрмүй.”  Огторгуй лугаа чацуу өгүүлрүүн: “Би бас аялгууд нийлүүлэн холбосугай хэмээгээд, өнгөрөх салхи нь үгүй атал өвсөө эргэгч сүүмэлзүүр сүүдэр, үзэгчид бүхнийг өөрийн эрхгүй баясгагч өлзий буяны зориг.” Үүлийг хөвөгч өгүүлрүүн: “Зориг нь баруун уулын чин зоригт өтгөс, аруудхан нь өмнө гүрний цол голт эр.” Шударга шулуун бас нийлүүлрүүн: “Эр нь улмын тулгуур хэмээгдэн, дайвуу нь төрийн түшээ болжээ.”

 

            Тансаг сонсоод шагшин магтаж өгүүлрүүн: “Үнэхээр урьхан хаврын цагаан цас, аянга төгс сайхан хослол болой! Шавь би эрдэмгүй боловч аймшиггүй хоёр дахин бадаг эхэлсүгэй.” Шударга шулуун өвгөн: “Богд тойн хэмээгч ёсыг олсон эрдэмтэн, бясалгал хийсэн хүн болой. Бадаг холбох хэрэггүй, бүтэн шүлэг өгүүлбээс бид бас чармайн нийлүүлэхэд сайн.” Тансаг аргагүй болоод нэгэн шүлгийг гиншин өгүүлрүүн:

 

“Дулдуй тулан баруунаа ирж номын хаанд золгон,

Тарни ном судар шастирыг дэлхий дахинаа дэлгэрүүлсү хэмээмүй.

Алтан гүнждийн гурван хээнцэр шүлгийн мандлын дээж,

Эрдэнэ модны мянган цэрэг анхилам үнэртний охь.

Зуун алтан шоргийн үзүүр бас давшихыг урьд,

Арван зүгийн орон ертөнцөд нууц буяныг үйлдмүй.

Хас гүрний аварга биеийг

Хатууд бясалгаж бүтээгээд,

Хотол баясгалангийн үүднээ

Номын хурал хиймүй.”

 

Дөрвөн өвгөн цөм их л мэндэж, Чигч зоригт өвгөн: “Олдой хөгшин эрдэмгүй боловч бас нэгэн бадгийг чармайн нийлүүлсүгэй” хэмээгээд уншруун:

 

                           “Хатан бие хамгаас оройлон галбарагчийг элэглэж,

              Гайхамшигт Ховол ч миний адил нэр алдаршсангүй.

Өндөр орой зуун алд луугийн сүүдэр татаж,

Урт үндэс мянган оны бойшилын үнэр сэнгэнүүлмүй.

Тэнгэр газрын хөгжих унтрах уур амьсгалыг ухаж,

Салхи борооны улируулан үйлдэхийн нууц гавьяанд баясмуй.

Дордон зулгарахуйяа аршийн мах бодь үгүйдээ гутарч,

Гагцхүү аглагийн хандыг шүтэж өлзий хутгийг эдэлнэм.”

 

Шударга шулуун: “Энэ шүлгийн үүсгэсэн бадаг итгэрүүн, залгасан бадаг нь мөн чанга, ганц төгсгөлийн бадагт хөнгөмсөглөсөн нь асар хэтэрчээ. Магтаалтай! Магтаалтай! Олдой өвгөн бас нэгэн бадаг нийлүүлсүгэй” хэмээгээд:

 

              “Хяргууны зүс эгнэгт жигүүртний хааны хоноглоход баясаж,

Хэтэрхий танхимын өмнө аварга цогц хэхэлзмүй.

Сувдын залаанд шүүдэр тогтож ногоон лавир бүрхээд,

Сэрэвгэр хаднаа салхи сэвэлзэн жихүүн уур сэдэрмүй.

Сэлүүн шөнө урт хонгилд гинших дуу яруу,

Сэрүүн намар хуучин харшид бараг сүүдэр нуугдмуй.

Шинийн нэгнээ хаврыг угтан өлзийн бэлэг өргөж,

Сэгийн омгорхож уул орноо аж төрөн суумуй.”

 

Огторгуй лугаа чацуу инээн: “Сайхан шүлэг! сайхан шүлэг! Үнэхээр гэмэрлэг дээр цэцэг хатгасан мэт олдой өвгөн хэрхэн нийлүүлж чадмуй? Ганц хоосноор өнгөрөөж үл болохын тул бас хэдэн бадаг чалчих буй за” хэмээгээд уншруун:

 

              “Тулгуур баганы эрдэм чадал эзэн хаанд ойртож,

Тунгалаг ариун ордны гадна нэр алдар мандуулмуй.

Гэгээн өргөөнөө ариун амьсгал эгнэгт аж,

Хуш туурганаа уртад сайхан үнэр сэнгэнэмүй.

Чигч зориг чанга бие мянган үе аруудхан,

Чийрэг үндэс урт сурвалж есөн булагт нэвтэрчээ

Үүлийг шувтлах эрэлхэг дүр шүхэр сүүдэр татаж,

Өнгө мөрийцөх олон үнэртнээс өөр нэгэн газар аа.”

 

Үүлийг хөвөгч өгүүлрүүн: “Гурван гүнгийн шүлэг цөм яруу сайхан туйлын авьяас билгийг гаргажээ. Би хэдий эрдэм үгүй боловч дөрвөн гүнгийн сургаалыг хүртээд бөглөрсөн цээж нээгдсэн мэт болов. Хэрхвээс бас хэдэн бадаг нийлүүлсүгэй, үл элэглэх ажааму” хэмээгээд шүлэглэрүүн:

 

              “Чи нуу хүрээлэнд богд эзэн цэнгэж,

Вэй Чуан талд мянган үрийн тариаг тааваар тарьмуй.

Хөхөмдөг хулсан Сян  Агийн нулимснаа бодогдохгүй ч,

Цоохор цуудаснаа улсын судрыг уртад уламжилж болмуй.

Навчны зүс хяруу унасан ч үл солигдон,

Нахианы өнгө униар татсан ч уг ёсоор.

Ци Юй нөгчсөнөөс аялгууг мэдэгчид цөөн,

Бичгийн утгасын хүрээлэнд эрхэм нэрээ үлдээмүй.”

 

Тансаг өгүүлрүүн: “Дөрвөн хувилгааны шүлэг нь гарьд дүүлэн сувд цацсан мэт, Юй, Сянаас хэтэрчээ. Дөрвөн хувилгааны зузаан хайранд талархмуй, ганц шөнө орой болоод, бага шавь нар намайг хаана хүлээж байхыг мэдэхгүй. Шавь би удаан байж чадахгүй, эндээс буцваас тэр нь намайг маш хайрласан болой. Буцах замыг зааж өгөх ажааму.” Дөрвөн өвгөн инээн өгүүлрүүн: “Богд тойн бүү зовогтун, бид мянган жилийн урьдах хувь зохиолоор олж золгов. Сарны гэгээн тунгалаг нь өдөр мэт тул бас баахан сонссугай, үүр цайсны хойно бид давааг гаргаж шавь нарт чинь золгуулсугай.”

 

Ийн хэмээн өгүүлэлдэн атал, гаднаас бараан дээлт хоёр охин, улаан бүрхүүлт зул барьж нэгэн хувилгаан тэнгэрийг удирдан орж ирэв. Тэр дагина гарт нэгэн салаа гүйлсэн цэцэг чимхэж инээсээр ирэн бүгдэд ёслон золгов. Тэр дагины төрсөн байдлыг үзвээс:

 

Гэгээн нүүр нь гэрэлт хас мэт, гэр хацар нь энгэсэг түрхсэн адил, цолмон нүд нь тунгалаг бөгөөд хурц, цэвэрхэн хөмсөг нь тэгш мөртөө сайхан. Урлан оёсон ягаан хормойвчийг дундуураа бүсэлж, улаан торгон урт нөмрөгийг дээгүүрээ нөмөрчээ. Гарьдын хоншоортой хатгамал шаахай дүрж хорхой хөвөөтэй дурдан оймс өмсчээ. Гуа үзэсгэлэн нь тэнгэрийн дагина адил, гуалиг сайхан нь эртний да жий мэт.

 

Дөрвөн өвгөн бие өндийн өгүүлрүүн: “Гүйлсэн хувилгаан хаанаас ирэв?” Тэр дагина бүгдэд ёслоод: “Эрхэм зочин энд ирж шүлэглэв хэмээхийг сонсоод золгохоор ирэв” хэмээсэнд Чигч зоригт хөвгүүн Тансагийг зааж өгүүлрүүн: “Эрхэм зочин хэмээгч энэ бус буюу?” Тансаг бие мэхийн аймшиггүй дуун эс гарахад, тэр дагина: “Хурдан цай авч ир” хэмээн дуудсанд, хоёр шар дээлт охин улаан тэвш өргөн, табуртай цай барин орж ирэв. Тансаг үзвээс тэвшийн дотор элдэв жимс ба цом, халбага зэрэг тавьжээ. Табуртай цайнаас сайхан үнэр анхилмуй. Цай аягалсны хойно, тэр дагина цомыг өргөн урьдаар Тансагт бариад, дараагаар дөрвөн өвгөнд барьж, эцэст өөрөө нэгэн цом аван зочлов.

 

            Огторгуй лугаа чацуу өвгөн өгүүлрүүн: “Гүйлсэн хувилгаан юунд үл суумуй?” Тэр дагина сая суудалд сууж, чи ууж барсны хойно бие өндийн өгүүлрүүн: “Өвгөн хувилгаан, энэ шөнийн найртай шүлэглэсэн сайхан бадгаасаа нэгэн хоёрыг надад сонсгож болох буюу!” Үүлийг хөвөгч өвгөн өгүүлрүүн: “Манай шүлэг цөм болхи бүдүүлэг үгс болоод, ганц богд тойны нийлүүлсэн нь мандсан гүрний утга уянга тул маш гайхалтай.” Тэр дагина өгүүлрүүн: “Хэрвээ харамгүй сургах болбол нэгэн хоёрыг сонсгох ажааму.” Дөрвөн өвгөн Тансагийн шүлэг шүлэглэсэн ба номын ёсыг тайлбарласныг нэгэн зэрэг өгүүлсэнд тэр дагина сонсоод мөшөөн бүгдэд ийн өгүүлрүүн: “Би эрдэмгүй боловч элэг болохоос ичихгүй, хойдох шүлэгт нь чадахын чинээгээр нэгэн бадаг нийлүүлэн шүлэглэвээс ямар?” хэмээгээд:

 

              “Эртний төрд Ү ван нэр юүгээ үлдээж,

Эрдэмт Күнз Жоугийн үед сургаал байгуулан алдаршжээ.

Арш Дүн Сян намайг хайрлаж асран хүмүүжүүлээд

Анх төрд Сүн ч бас өр өвдөн итгэлийг амсуулав.

Улбар нүүрт бороо шимэгдэхүйеэ Тансаг бөгөөд булбарай,

Номин биеийг униар бүрхэхүйеэ ил бөгөөтөл нуугдмуй.

Улайж боловсорвоос хүчлэг болохоо өөрөө бас мэднэм,

Унагаж аваачваас он бүр үтрэм тарианаа нөхцөөмүй.”

 

Дөрвөн өвгөд шүлгийг сонсож, цөм гайхалдан “Яруу тунгалаг бөгөөд бадаг бүрт хаврын санааг атгуулжээ. Үнэхээр “Улбар нүүрт бороо шимтэхүйеэ Тансаг бөгөөд булбарай” хэмээвээс болмуй” хэмээсэнд тэр охин инээсээр сэмээр өгүүлрүүн: “Ичгүүрмүй! Ичгүүрмүй! Сая богд тойны шүлгийг сонсвоос үнэхээр таж гэмэрлэг мэт сайхан ажгуу. Сувд тана мэт шүлгээ эс маргаваас бас нэгэн бадаг хайрлаваас ямар?” Тансаг инээж дуун эс гарахад, тэр дагина улам тачаангуй сэтгэл хөдлөөд шахан сууж сэмээр өгүүлрүүн: “Эрхэм зочин чи ийм сайхан шөнө наадан цэнгэлдэхгүй юу хиймүй? Хүний ертөнцөд амьдрах өдөр хэдий урт буй?” Чигч зоригт өгүүлрүүн: “Гүйлсэн хувилгаан дээдийг хүсэхийн сэтгэлд богд тойн юунд үл нийлүүлэх аж? Хэрвээ эс хайрлаваас үнэхээр амтыг үл мэдэх хүн болой.” Шударга шулуун өвгөн өгүүлрүүн: “Богд тойн хэмээгч ёсыг олсон нэрт эрдэмтэн тул хэрхэвч хааш яаш хэрэг үл үйлдэх буй за. Ийн хөнгөнөөр үйлдвээс цөм бидний буруу болоод тойны нэрийг гутаан эрдмийг эвдэх буюу. Гүйлсэн хувилгаан үнэхээр санаатай болбоос, Үүлийг хөвөгч, Чигч зоригт хоёр өвгөн зууч болж, би огторгуй лугаа чацуу өвгөн лүгээ түрүү худ болон энэ сайн ерөөлийг барилдуулан бүтээвээс сайн бус буюу!”

 

            Тансаг сонсоод царай хувилан өндөр дуугаар зандан өгүүлрүүн: “Та цөм нэгэн аймгийн шулам ажгуу, ном хэлэлцэж шүлэг шүлэглэх хэмээн намайг авч ирээд харин сайхан хүний урхиар ядуу тойныг хөнөөсүгэй хэмээх нь ямар ёсон буй!” Дөрвөн өвгөн Тансагийн ийн хилэгнэхийг үзээд хуруугаа заан дахин дуун эс гарав. Ганц чармай нүцгэн чөтгөр уурлан өгүүлрүүн: “Энэ тойн хүндлэхийг мэдэхгүй, миний энэ хувилгаан эгч муу буюу? Зүс царай үзэсгэлэн сайхан, зан авир нь зөөлөн найрамдуу, үйл утасны урныг өгүүлэхгүй, ганц шүлэг холбох эрдэм нь мөн чам лугаа үл тэнцэх буюу. Чи юунд ийн маргамуй! Сайхан учирлыг бүү талаар өнгөрүүл, Шударга шулуун өвгөний үг маш зөв. Хэрвээ чиний санаанд эс хүрэх болбоос би чамд зууч болсугай.” Тансаг сонсоод маш айн тэд зоригоор цуугилдавч дуун эс гарав. Тэр чөтгөр бас өгүүлрүүн: “Энэ тойн бидний сайн үгийг сонсохгүй, хэрвээ бид уур хүрэн чамайг өөр газар аваачваас, чи тойн болж чадахгүй, эм олж авахгүй, энэ нэгэн насыг талаар өнгөрөөх бус уу?” Тэр багшийн сэтгэл төмөр мэт хатуу тул эс ажин сэтгэрүүн: “Шавь нар намайг хаана эрж явах болов!...” хэмээгээд тэсгэлгүй нүдэн нулимс унаган их л уйлсанд тэр охин жуумалзан инээж, ногоон ханцуйнаас нэгэн хив алчуур гарган нулимсыг нь арчаад өгүүлрүүн: “Сайхан зочин чи бүү ундууц би чам лугаа хас хавиран заар зууралдах мэт наадахаар одсугай.” Тансаг хилэгнэн босч гаран одоход тэд бүгдээр зууралдан цуугилдсаар үүр цайлгав.

 

            Гэнэт “Багш!  Багш! Чи хаана өгүүлмүй?” хэмээн дуудах дуун сонсдов. Үзвээс тэр үес Бичин ах дүү гурвуул морио хөтлөн, дамжуураа дамнаад үүл хөлөглөн нэгэн шөнө эрэн явсаар найман зуун газрын Шивэр сондуут давааны захад гарч Тансагийн дууг сонсоод сая ийн дуудсан ажгуу. Тансаг зүтгэсээр хаалгыг гаран: “Бичин минь би энд байнам, хурдан ирж намайг авар” хэмээн дуудсанд, дөрвөн өвгөн, нүцгэн чөтгөр гүйлсэн хувилгаан зарц охид цөм жадвалзан биегүй болжээ.

 

            Удалгүй Бичин Гахай Шороотон цөм хүрч ирээд: “Багш яаж энд ирэв?” хэмээсэнд, Тансаг Бичинийг татан барьж өгүүлрүүн: “Шавь нарыг зүдээв! Өчигдөр орой савдаг болж ирээд цав өгсөн тэр өвгөнийг чи зандан занчсугай хэмээсэнд тэр намайг энд хийсгэн авчраад, миний гараас хөтлөн гэрт орсонд бас гурван өвгөн ажгуу. Тэд намайг “Богд тойн” хэмээн шөнө дөл болтол шүлэглэхэд, шөнө бас нэгэн сайхан охин цэцэгт зул барьж орж ирээд над лугаа шүлэглэжээ. Тэр намайг дэмий л “Сайхан зочин” хэмээгээд ураг холбосугай хэмээн гуйсан дуунд би сая ухав. Би эс хүлээсэнд тэд цөм зууч болсугай хэмээлдмүй, би хилэгнэн тэдэн лүгээ цуугилдан гаран иртэл санамсаргүй та нар хүрч ирэв. Нэгэнд болбоос тэнгэр гэгээрч жичид болбоос танаас айж цөм үзэгдэхгүй болжээ.” Бичин өгүүлрүүн: “Та тэд нар лугаа шүлэг холбон найрласан болбоос нэр овгийг нь асуусангүй юу?” Тансаг өгүүлрүүн: “Би тэдний нэрийг асууваас, нэгэн нь Чигч зоригт хэмээмүй; хоёрдугаар өвгөний нэр нь Шударга шулуун, гутгаар өвгөний нэр нь Огторгуй лугаа чацуу; дөтгөөр өвгөний нэр нь үүлийг хөвөгч хэмээмүй; тэр дагины нэр нь Гүйлсэн хувилгаан хэмээмүй.” Гахай өгүүлрүүн: “Тэдгээр шулам аль газар баймуй? Цөм хааш одов?” Тансаг өгүүлрүүн: “Одсон зүг оршсон газрыг мэдэхгүй; ганц шүлэг холбосон газар нь эндээс холгүй.” Багш шавь дөрвүүл одож үзвээс нэгэн хад буй бөгөөд хадны дээр “Шидэт модон хувилгааны сүм” хэмээх үсэг баймуй. Тансаг: “Энэ газар мөн болой” хэмээсэнд Бичин ажиглан харваас үзвээс тэнд нэгэн суурь бүдүүн хонгорцогт мод, нэгэн суурь хөгшин майлс, нэгэн суурь хөгшин нарс, нэгэн суурь хөгшин хулс байж, хулсны ард бас нэгэн суурь улаан бат цагаан буй. Дахин үзвээс хадны нөгөө захад нэгэн суурь хөгшин гүйлс, хоёр суурь тэргүүлэгч цэцэг, хоёр бут гавир цэцэг буй. Бичин инээн: “Та нар шулмыг олж үзэв үү?” хэмээсэнд Гахай үгүй хэмээв. Бичин өгүүлрүүн: “Чи мэдэхгүй, энэ хэдэн суурь хөгшин мод шулам бүтсэн нь болой.” Гахай өгүүлрүүн: “Ах хэрхэн мэдэв?” Бичин өгүүлрүүн: “Чигч зоригт хэмээгч нь нарс; Шударга шулуун хэмээгч нь майлс, Огторгуй лугаа чацуу хэмээгч нь хонгорцогт мод; Үүлийг хөвөгч хэмээгч нь хулс болой; чармай нүцгэн чөтгөр нь бат цагаан мод; гүйлсэн хувилгаан хэмээгч даруй гүйлсэн мод; зарц охид нь энэ гавир цэцэг, тэргүүлэгч цэцэг тэргүүтэн болой.” Гахай сайн мууг ялгалгүй малтуураараа малтан хоншоороороо үлэн хэдэн модыг унагасанд модны үндэснээс цөм цус гарав. Тансаг, Гахайг татан зогсоож өгүүлрүүн: “Эдийг эвдэх хэрэггүй! Хэдийгээр шулам бүтсэн боловч надад хор хийсэн үгүй, бид зам эрж явбаас барав.” Бичин өгүүлрүүн: “Багш эдгээрийг хайрлаж болохгүй, хожим нь хүч нь их болоод хүн амьтанд хор болуузай. Тэр манхуу сонсоод хүчний чинээгээр нэгэн зэрэг малтуурдсанд нарс, майлс, хонгорцогт мод, хулс цөм унав. Тансаг моринд мордож багш шавь нар дөрвүүл их зам барин баруунш одов. Үүнээс хойш чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.”


[1] шаахай


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 5 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 52 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 21 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 25 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 8 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 41 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 44 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 44 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 18 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 27 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 38 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 43 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 5 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 22 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 16 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 40 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 41 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 56 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК