зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Жаран гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЖАРАН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ХОЁР ТОЙН ШУЛМЫГ ДАРАН ЛУСЫН ОРНЫГ ТҮЙВЭЭВ

ХУТАГТ БОГДОС ТЭРСИЙГ СӨНӨӨН ЭРДЭНИЙГ ОЛОВ

 

            Өгүүлэх нь, Кашкар улсын хаан тэргүүлэн сайд түшмэд Бичин Гахай нарын шулмыг авч үүл хөлөглөн одохыг үзээд цөм тэнгэрийн зүг мөргөн: “Үнэн бурхан бодисадваг энэ өдөр сая олж үзэв!” хэмээлдээд үзэгдэхгүй болсон хойно хаан сая Тансаг Шороотонд ёслон өгүүлрүүн: “Би чиний шавь гагцхүү хүчээр шулмыг барих буй за хэмээн санасан бөлгөө, ийнхүү үүл манангаар явах хувилгааныг хэн мэдлээ.” Тансаг өгүүлрүүн: “Үгээгүй тойнд өчүүхэн ч ид хувилгаан үгүй тул энэ гурван шавийн хүчинд түшиглэжээ.” Шороо өгүүлрүүн: “Хаанд нуух үгүй, миний тэр их ах хэмээгч тэнгэр лүгээ чацуу их богд бөлгөө, урьд тэнгэрийн орныг ихэд түйвээж нэгэн шийдмээр тэнгэрийн арван түмэн цэрэг лүгээ байлдан Дилавыг айлган тэнгэрийг цочоосон бөлгөө. Миний тэр хоёрдугаар ах хэмээгч тэнгэрийн их өрлөг бөлгөө, тэр мөн тэнгэрийн оёдлын найман түмэн усан цэргийг захиран ажгуу. Ганц би болбоос ид хувилгаан үгүй, орхиул эвхэгч их жанжин баруун сахил авсан бөлгөө. Бид ах дүү гурвуул өөр хэрэгт чадал үгүй, ганц шулмыг барин адыг номхотгох, хулгайг нэхэмжлэн хөлчнийг дарах, луу барсыг дагуулан лусын орныг үймүүлэхийг бага сага чадмуй. Үүл хөлөглөх, бороо оруулах, салхи урих, одыг шилжүүлэн гарагийг нүүлгэх, уулыг үүрэн сарыг нэхэх цөм өчүүхэн хэрэг, үүнийг гайхах учир юун!”  Тэр хаан сонсоод нэн их хүндлэн Тансагийг дээр залж бурхан багш хэмээгээд, Шороотоныг мөн бодисадва хэмээн дуудахад, сайд түшмэд харж ирээд цөм дагаж бишрэхийг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин, Гахайтан үүл хөлөглөн, хүрмэн чулуут уулын хөхөмдөг долгиот цүнхээлд ирээд, Бичин шийдмээ нэгэн хутга болгон хувилгаж хоёр шулмын чих уруулыг огтлон аваад: “Түргэн одож тэр түмэн богд лусын хаандаа хэл тэнгэр лүгээ чацуу их богд байнам. Кашкар улсын алтан гэрэлт сүмийн суварганы эрдэнийг гаргаж өг, эс өгвөөс цүнхээлийн усыг ширгээж, нэгийг ч үлдээхгүй цөм алмуй” хэмээгээд  усан дотор орхив.

 

            Тэр хоёр бага шулам үхэхээс мултран гинжээ зүүсээр усанд ороход, усны шулмас цөм хуран ирж: “Та хоёул юунд гинж зүүн ирэв?” хэмээсэнд нэгэн нь чихээ даран, нэгэн нь уруулаа битүүлэн: “Хаан минь ээ хэрэг болов!” хэмээсэнд есөн толгойт тавнан лугаа архи уун сууж байсан түмэн богд лусын хаан хундагаа тавин ямар хэрэг болов хэмээн асуужээ. Хоёр бага шулам айлтгаруун: “Өчигдөр шөнө байцаахаар одсоноо Тансаг Бичин биднийг барьж гинжлээд Кашкар улсын хаанд мөргүүлэв, Бичин Гахай бид хоёулын чих уруулыг огтлон усанд орхиж, суварганы эрдэнийг гаргаж өг хэмээмүй” хэмээж урьдах учрыг нэгэнтээ тоочин өгүүлсэнд тэнгэр лүгээ чацуу их богд хэмээх нэрийг сонсмогц хөгшин лус их л цочин сүр сүлдгүй болоод тавнандаа өгүүлрүүн: “Аяа тавнан минь, өөр хүн ирсэн бөгөөс гайгүй бөлгөө, тэр ирсэн нь хэрэг муухай болов!”  Тавнан нь инээн өгүүлрүүн: “Хадам эцэг сэтгэлээ сул таьт, муу хүргэн чинь би хар багаас эрдэм сураад дөрвөн далайн сайн эрс лүгээ нөхөрлөсөн бөлгөө, түүнээс айх нь юун! Би гарч түүн лүгээ байлдан дагуулсугай” хэмээв.

 

            Тэр шулам хэнхэлзэн босоод бие хуяглан гарт саран цавчуур барин уснаас гарч: “Тэнгэр лүгээ чацуу их богд хэмээгч ямар хүн буй? Нааш ирж тэргүүнээ өргө!” хэмээн дуудан өгүүлсэнд Бичин, Гахай хоёул тэр шулмыг үзвээс:

 

Тэргүүнд дарсан мөнгөн дуулга гялалзан, биед өмссөн бэгтэр хоёр гилтэгнэмүй. Гадуур хэдэрсэн магнаг дээл мяралзан, дундуур бүсэлсэн хирсийн бүс эрээлжмүй. Гарт барьсан саран цавчуур гал бутран, хөлд өшгилсөн арьсан гутал долгионыг зайлуулмуй. Холоос харахад ганц толгойтой, урьдан лавлаваас олон тэргүүн буй. Алаг нүд нь ар өвөртөө цөм аж, арван зүгийг ажиглан завдмуй. Ам хоншоор нь өмнө хойноо цөм байж, аль тийш ч өгүүлэн чадмуй. Хашхирах дуу нь хүнгэнэн хан тэнгэрт анирламуй.

 

Бичин хариу үл өгүүлсэнд, тэр шулам бас: “Тэнгэр лүгээ чацуу их богд хэмээгч хэн буй?” хэмээн асуусанд Бичин болд бэрээгээ барин: “Өвгөн Сүн энд буй” хэмээв. Тэр шулам өгүүлрүүн: “Чиний уусан ус унасан Шороо хаана буй? Чи юунд Кашкар улсын суваргыг сахин айшгүй миний хүүхдийг барьж элдвээр эрүүдээд, энэ өдөр миний эрдэнийн ууланд ирэн байлдсугай хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Энэ хулгайч шулам, чи Сүн өвгөө эс таних буюу! Нааш ир, би чамд хэлж өгсүгэй.

 

Сүн өвгийн чинь уг нутаг Цэцэг жимст уул, сүн далайн дундах Усан үүдэт агуй. Хар бага наснаасаа эвдэршгүй биеийг бясалгаж хаан хурмаст намайг тэнгэр лүгээ чацуу богд хэмээн өргөмжлөв. Хүчин чадалд эрдэж би тэнгэрийн орныг түйвээгээд хувилгаан цэрэг сахиулсан жанжныг дийлсэн учраа гайхамшигт эрдэмт Шигэмуни бурхныг хурмаст залан авчрав. Түүний оюун билиг цаглашгүй тулд мэлзээ хэлэлзэн мөрий тавьж эрдэм увидас тэмцэлдэхүйеэ, мутраа уул болгож намайг хүндэд дарав. Өдгөө хүртэл яг таван зуун оны үест, Хомсим бодисадва авран соёрхсоноо амь сая мултрав. Арш хутагт Тансаг тойн баруун орныг зорьж, алс хол Гандарагүдээс ном залахаар одохуйяа уулан доороос намайг гарган шавь болгон дагуулснаар адыг номхотгон шулмыг дарж мөрийг засан ирэв. Баруунш одох замын гудас Кашкар улсад ирвээс, бурхны шавь гурван үеэр хилс эрүү амсаж буй. Бид төд энэрэнгүй нигүүлсэхүйгээр учир шалтгааныг сурваас, алтан суварганы гэрэлгүй болсны учир хэмээмүй. Шөнийн гүний гурван жинд манай багш сэв сэмээр суварга шүүрдэн учир гэмийг тодлоод, шулам хулгайг барьж хүлээд үнэн өчгийг авбаас суварганы эрдэнийг таны энд хулгайлан авчрав хэмээмүй. Ордон хотлоор хулгай болж лусын хаан тэргүүлэн, өөрийн охин гүнжээ бас түмэн богд нэрийджээ. Цусан бороо оруулан суваргыг бузарлаад шарил эрдэнийг хулгайлан авчирч хувиийн ордонд хэрэглэжээ. Харшийн дээр авсан өчиг хуурмаггүй буй за, хааны зарлигийг хүлээж таны энд ирлээ. Учир иймийн тул учран байлдахыг эрнэм, өвөг Сүний овог нэрийг дахин асуух хэрэггүй. Хурдан эрдэнийг авчирч түүнд эгүүлэн бариваас хотлоор олон хөгшин залуусын амийг түр уучилсугай. Хэрвээ бас ухааралгүй хүчин чадлаар тэмцвээс хүрмэн уул хөхөмдөг цүнхээлийг хутган ширгээж талагдмуй!”

 

Хэмээсэнд, тэр есөн толгойт хүйтнээр инээж өгүүлрүүн: “Саваагүй нохой саранд хуцах, түүний эрдэнийг би хулгайлсан нь ном залагч тойн чамд ямар хамаа буй?” Бичин өгүүлрүүн: “Энэ хулгайч шулам даанч ёс мэдэхгүй! Би хэдий хааны хишгийг хүлээсэнгүй боловч, чи түүний эрдэнийг хулгайлан суваргыг нь бузарласнаар алтан гэрэлт сүмийн бүгд тойд цөм зовлонд унав. Тэд хэмээгч над лугаа адил тойн тул би юунд хүчийг гарган хилс хэргийг тодорхойлохгүй буй?” Тэр тавнан өгүүлрүүн: “Чи над лугаа байлдсугай хэмээх буюу. Энгийн үгэнд өгүүлсэн нь: “Зэвсгийн үзүүр нь үгүй” хэмээжээ. Гар хөдөлбөөс найр тавихгүй тул, чиний аминд хор болоод ном залахаар одохыг чинь саатуулах болуузай!”

 

            Бичин их л хилэгнэн зандан өгүүлрүүн: “Энэ хулгайч шулам чамд ямар их эрдэм буй хэмээн айшгүй ийм их хэлмүй! Нааш ирж өвөг эцгийнхээ шийдмийн амтыг үз!” хэмээн занчин ороход, тэр есөн толгойт мөн сандрахгүй саран цавчуураар угтан авч хүрмэн уулын орой дээрээс нэгэн зэрэг ихэд байлдсан нь:

 

Буг шулам эрдэнийг хулгайлан суваргын гэрлийг үгүй болгосноо, Бичин багш шулмыг барин улсын хаанд мэдүүлэв. Бага шулам амь хэлтрэн усан ордноо эгсэнд, хөгшин лус цөс хэмхрэн хуйвалдан зөвдөлцмүй. Ёсөн толгойт тавнан эрэлхэг сүрийг мандуулж хуяглан гарч ирээд хүчин чадлыг үзүүлмүй. Их богд хилэгнэн эрдэнийн шийдэм буулгахуйяа, есөн толгойт шулам ас тулан угтмуй. Хүчит Бичин хүнд шийдмээр занчихуйяа, хөнөөлт шулам хөшин тосч байлдмуй. Шийдмийн буух нь суунаг татах мэт, цавчуурын ирэх нь цахилгаан цахилах адил. Тэр нэгэн нь хэрлэн: “Хазгай явдал хэмээвч хараахан чамд хамаагүй.” Энэ нэгэн нь өгүүлрүүн: “Санаатайгаар эрдэнийг хулгайлсан муу хулгайч битгий балмадал, эрдэнийг эгүүлэн өгвөөс өвөг чинь сая амруулмуй!” Шийдмээр угтан цавчуураар тосч дээр доорыг үзэлцэн, дийлэн дийлэгдэхийг ялгаж дайны талбарт байлдмуй.

 

Хоёул гуч гаруй удаа зөрөлдөж дийлэн дийлэгдэх нь ялгарахгүй байхад, Гахайн гар нь загатнаж малтуур өргөн шулмын ар талаас цохилон ороход тэр шулмын есөн толгойд цөм нүд буй тул Гахайг үзээд цавчуурын ишээр тосон байлдав. Бичин Гахай хоёул ийн хавчин байлдахад, тэр шулам үл дасан огторгуйд гараад уг биеэр болов. Үзвээс есөн толгойт шувуу ажгуу:

 

Өд өрвөлөг нь сэгсийж үс чандар нь ширэлджээ. Өргөн бүдүүн нь арван хоёр тохой хэртэй, урт хүзүү нь яст мэлхийн шинжтэй. Хоёр хөлийн хумс нь гөх мэт, есөн толгой нь өт багсарсан адил, халин нисэхдээ үнэхээр хэцүү, хан гарьд боловч үл тэнцмүй; хүнгэнэм дуу нь хол дуурьсаж харанга цохих мэт сонстмуй. Олон нүднээс гэрэл цацарч омог сүр нь энгийн шувуудаас огоот өөр.

 

Гахай үзээд гайхан өгүүлрүүн: “Ах минь! Би хүн болсноос нааш ийм жигтэй юмыг эс олж үзэв! Энэ чухам ямар юмнаас бүтсэн буй?” Бичин өгүүлрүүн: “Үнэхээр ховор! Үнэхээр чухаг! Би эчээд цохиж үзсүгэй!” хэмээгээд үүл хөлөглөн огторгуйд гарч төмөр шийдмээр толгойг нь занчсанд тэр шулам жигүүрээ дэлгэн халин нисч уулын өмнө хүрч ирээд бэлхүүснээсээ бас нэгэн толгой гаргаад цар мэт их амаа ангайн Гахайн зогдроос зуун усан дотор авч оров. Лусын ордны үүднээ хөөрөөд мөн биеэр болон Гахайг хөсөр орхин: “Хүүхэд хаана буй?” хэмээн дуудсанд бүгд бага шуламнууд нэгэн дуунаар: “Энд буй!” хэмээн хуран ирэв. Тавнан өгүүлрүүн: “Энэ тойныг хүлэгтүн, би суварга цагдахаар эчсэн хоёр хүүхдийн өшөөг авсугай!” Олон шулам Гахайг түлхлэн дотогш авчирсанд хөгшин лус үзээд маш баясан: “Тавнан чи үүнийг яахан олж барьсан буй?” хэмээн асуусанд, тэр тавнан учраа нэгэн зэрэг тоочин өгүүлэв. Лус баясан хурим тавин баяр хийхийг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Бичин тэр шулмын Гахайг шүүрэн одсоныг үзээд дотроо сэтгэрүүн: “Энэ амьтан юутай хэцүү! Өдгөө би хойш эгвээс тэр хаан намайг элэглэх болуузай. Байлдсугай хэмээвэл усан доторх хэрэгт болой. Би өөр юм хувилж ороод Гахайг яахан байхыг үзсүгэй, хэрвээ гарын ишээр дайрваас түүнийг хулгайлан гарсугай” хэмээгээд тарни уншин нэгэн наймаалж болон хувилаад усанд оров, тэр урьд үхэр шулмын алтан цэцгийт гөрөөсийг хулгай хийхдээ энд ирж өнгөрсөн тул шууд ордны дэргэд хүрч үзвээс хөгшин лус хүргэн лүгээгээ архидан амуй. Бичин зүүн гэрийн хонгил доор одоод тэр бага шулмаас ийн асууруун: “Тавнангийн барьж ирсэн урт хошуут тэр тойн үхсэн буюу?” Бага шулам өчрүүн: “Өдий, тэр баруун гэрт хүлэгдээд ёолж байгч бус буюу?”

 

            Бичин мөлхөж хүрээд үзвээс тэр манхуу үнэхээр хүлэгдээд ёолж амуй. Бичин дэргэд нь хүрч: “Гахай чи намайг танина уу?” хэмээсэнд, Гахай Бичиний дууг таниад: “Ах аа, юу хийсү! Харин түүнд баригдав!” хэмээв. Бичин дөрвөн зүгт харваас нэг ч хүн үгүйд хүлээсийг тайлан одсугай хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Малтуур шуламд автагдав, хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Хаана тавьсныг чи мэдмүү?” Гахай өгүүлрүүн: “Тэр шулам харшдаа авч орсон бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Чи урьдаар гарч намайг хүлээ.” Гахай гарч одсоны хойно, Бичин дахин ордонд ороод лавлан үзвээс, зүүн хаалганаа Гахайн малтуур гэрэл цацармуй, Бичин бие хамгаалах увидсаар малтуурыг хулгайлан гарч ирээд Гахайд өгөв. Гахай малтуураа аваад: “Ах чи урьд усан хөвөөнд гарч хүлээ, би харшид алан орж, дийлбээс бүгдийг барьсу, дийлэгдвээс дутаан ирсүгэй, чи эргийн дээрээс угтан байлд.” Бичин их л баясан хичээгтүн хэмээсэнд, Гахай: “Түүнээс айх хэрэггүй усан доторх хэргийг би баахан мэдмүй” хэмээв. Бичин уснаас гаран одохыг өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь Гахай малтуураа барин хар намжираа засаад ороход бүгд усан аймаг цөм айн ордонд орж: “Муу болов! Эрт урт хошуут тойн дээсээ таслаад занчин айсуу!” хэмэээсэнд хөгшин лус хүргэн лүгээгээ мэндэн нуув, тэр манхуу малтуураа эргүүлэн нүүр нүдгүй занчин ороод хаалга хатавч, ширээ сандлыг хэмх балба цохив. Шүлэглэсэн шүлгийн үг:

 

                        Модон эх зовлон тохион усан шуламд баригдаад,

                        Сэтгэлийн Бичин тэвдэхгүй хойноос эрэн оров.

                        Уран аргыг хэрэглэн хүлээснийг сэмээр тайлсанаа ,

                        Ид хүчнийг ихэд хэрэглэн хилэн хорслыг гаргамуй.

                        Хүргэн тавнан мэндүүрэн гүнжээ аваачин нууж,

                        Хөгшин лус дагжин дуун үл гармуй.

                        Усан орны үүд хаалга эвдрэн,

                        Лусын хөвгүүд ач нар сүг сүнсэн завхав.

 

Тэр есөн толгойт шулам, гүнжээ дотор оруулан нуугаад саран цавчуураа авч яаран гарч ирээд зандан өгүүлрүүн: “Энэ манхуу, чи ямар аймшиггүй миний усан аймгийг цочоомуй!” Гахай хараан өгүүлрүүн: “Энэ муу шулам чи ямар аймшиггүй намайг барьж ирмүй! Чи намайг ордондоо залж авчирснаас бус, би өөрөө ирсэн буюу, хурдан эрдэнийг гаргаж ац, эс тийм бөгөөс чиний нэгэн гэрийн амийг үл үлдээмүй!” Тэр шулам юуг найр тавих аж. Шүд зуун Гахай лугаа байлдав. Хөгшин лус сая хөвгүүн ач нараа дагуулан жад илд өргөн хамтаар томоолон ороход Гахай байдал бусыг үзээд, малтуурыг хоосон занчин хойш буруулан одов. Хөгшин лус олныг авч хойноос нэхэн усны дээр гарч ирэв.

 

Тэндээс Бичин цүнхээлийн эрэг дээр хүлээн байтал олон шулам Гахайг нэхэн ирэхийг үзээд, үүл хөлөглөн дэгдээд бүү хөдөл хэмээн нэгэнтээ зандан шийдмээр занчсанд, хөгшин лусын толгой оногдож хэмх эчив. Хөөрхий хүрэн улаан цус цүнхээлийн усыг будаад хүүр яс нь давалгааны дээр хөвөв. Тэр лусын аймаг үзээд их л айн зүг бүр дутаан одсонд есөн толгойт тавнан хадам эцгийнхээ хүүрийг авч ордонд оров.

 

Бичин, Гахайтан нэхэхгүй эргийн дээр гарсанд Гахай өгүүлрүүн: “Тэр амьтны сүр нэгэнтээ мохжээ! Сая би цусан зам гарган алан орсонд, тэд цөм айн, сүг сүнс нь завхжээ. Би есөн толгойт шулам лугаа байлдан атал хөгшин лус хүргэнээ өмгөөлөн ирэхэд ах чи алав! Эд лав боловсрол хийж үл гарч ирэх буй за, тэнгэр бас орой болов, хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Тэнгэр орой болсон ч хамаагүй, чи дахин орж эрдэнийг олсон хойно харьсугай.” Тэр манхуу хараахан алжааран атал Бичин шахамдуулан өгүүлрүүн: “Дүү дэмий эрхлэх хэрэггүй, урьдах адил өдөөн авч ир, би занчсугай.”

 

Хоёул ийн өгүүлэлдэн атал, гэнэт зүүн этгээдээс догшин салхи хөдлөн, бараан үүл эвхрэлдэн урагш өнгөрөхөд Бичин нарийвчлан үзвээс, Эл Лан богд Мэй Шан уулын зургаан дүүгээ дагуулан, шувуу барин нохой хөтөлж үнэг туулай үүрэн буга гөрөөсийг дамнаж, тус бүр саадаг хоромсого агсан сэрээ сэлэм барин үүл хөлөглөн айсуй. Бичин Гахайд өгүүлрүүн: “Тэр миний долоон богд ах дүү болой, тэднийг залж тусалсугай.” Гахай өгүүлрүүн: “Тийм болбоос тэднийг залахад ямар?” Бичин өгүүлрүүн: “Тэр Эл Лан урьд намайг барьсан бөлгөө, тиймийн тул залахаа баахан ичмүй, чи одож “Бага богд зогсмуу, тэнгэр лүгээ чацуу их богд бараадан золгосу хэмээмүй” хэмээн өгүүл, тэр миний нэрийг сонсвоос лав зогсмуй, би эчиж золгосугай.”

 

Тэр манхуу үүл хөлөглөн огторгуйд гараад өндөр дуугаар: “Бага богд зогсмуу, тэнгэр лүгээ чацуу их богд золгосугай хэмээмүй” хэмээн дуудсанд Эл Лан дүү нарыг дуудан зогсоож Гахайд өчрүүн: “Тэнгэр лүгээ чацуу их богд хаана баймуй!” хэмээн асуусанд, Гахай өгүүлрүүн: “Уулын доор хүлээж амуй.” Эл Лан дүү нарыг дуудан: “Түргэн одож залагтун” хэмээсэнд, Кан, Жан, Юү, Ли, Хүэ, Хи зэргийн ах дүү зургаан хүн Бичиний дэргэд ирэн: “Их богдыг залсугай” хэмээн дуудсанд, Бичин урагш ирж олонд ёслон золгож, уулан дээр гарсанд Эл Лан угтан гараас нь барин: “Их богд зовлонгоос гэтлэн бурхны шашинд орж төдөлгүй их хэргээ бүтээн бадам тавцанд өндөр залрах хэмээн сонсов, баяр болой! Баяр болой!” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Урьд өдөр бага богдын ачийг хүртээд хялгасан төдий ч хариулж эс чадав. Хэдий зовлонгоос гэтлэн баруунш одох боловч хэрэг хэзээ бүтэхийг яахан мэдмүй. Өдгөө Кашкар улсад ирээд олон тойдын зовлонг арилгахын тусад шулмыг барин эрдэнийг олж авсугай хэмээтэл санамсаргүй бага богд лугаа учрав, гуйх нь нэгэн мөрийн хүчин туслах ажааму. Эл Лан хаанаас ирснийг эс мэдэв.” Эл Лан инээн өгүүлрүүн: “Би хэрэггүй тул дүү нараа дагуулан ан гөрөө хийж хойш эгэх бөлгөө. Их богд бага дүүг гололгүй дуудан учирсан нь урагш өдрийн найр болой. Өдгөө шулмыг дарсугай хэмээхэд ямар айшгүй үл тусалмуй. Энэ ямар шулам болов?” Зургаан дүү нь зэргээр: “Ах умартсан буюу? Энэ хөхөмдөг долгионт цүнхээлийн түмэн богд лусын ордон бус уу” хэмээсэнд Эл Лан цочин өгүүлрүүн: “Тэр түмэн богд лус хэрэг үл өддөг бөлгөө, юунд суварганы эрдэнийг хулгай хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Түүний хүргэн нь есөн толгойт шулам болой, тэр хадам эцэг хүргэн хоёул Кашкар улсад цусан бороо оруулж алтан гэрэлт сүмийн суварганы орой дээрх шарилыг хулгайлан аваачжээ. Тэр улсын хаан нь учрыг ухахгүй сүмийн тойдыг зовоов. Миний багш нигүүлсэхүй сэтгэл үүсгэн суваргыг шүүрдсэнд, би даган одож хоёр бага шулмыг бариад, энэ өглөө хаанд тушаан үнэн өчгийг авав. Тэр хаан миний багшийг шулмыг дартугай хэмээсэнд, багш бид хоёрыг илгээсэн бөлгөө. Түрүү удаа байлдахад есөн толгойт шулам бэлхүүснээсээ нэгэн толгой ургуулж Гахайг үмхэн авчирсанд би наймаалж болон хувилаад усанд орж Гахайг гаргасан бөлгөө. Гахай дахин өдөөн байлдсанд би тэр хөгшин лусыг занчин алав. Тэр есөн толгойт шулам хадам эцэгтээ боловсрол хийж байх буй за хэмээн бид хоёул зөвлөн атал, Эл Лан богд үүгээр өнгөрөв.” Эл Лан өгүүлрүүн: “Хөгшин лус үхсэн дашрамд орвоос шулмын үндсийг тасалж болмуй.” Гахай өгүүлрүүн: “Хэдий тийм боловч тэнгэр харанхуй болов, юу хийвээс сайн.” Эл Лан өгүүлрүүн: “Цэргийн бичигт өгүүлсэн нь: “Дайнд эрт орой үгүй” хэмээжээ, тэнгэр харанхуй болсноос зовних учир юун!”

 

Кан, Юү, Хүвэ, Хи нар өгүүлрүүн: “Их ах яарах хэрэггүй, тэр шулмын төрөл садан цөм энд байх тул өөр явах газаргүй. Сүн, Жү хоёр ах лугаа сая золгов, бэлэн архи зууш буй, хүүхдээр гал түлүүлэн энэ уулан дээр нэгэн шөнө найрлан хоноод маргааш эрт байлдавч мөн хожимдохгүй.” Эл Лан сонсоод маш баясан зөв хэмээгээд хурим базаалгав. Бичин өгүүлрүүн: “Ах дүү нарын хайрыг айшгүй үтээрч үл болмуй. Ганц тойн болсноос нааш цагаан цав идэхээс өөр улаан цав эдлэхгүй болжээ.” Эл Лан өгүүлрүүн: “Цагаан цав жимсний архи буй” хэмээгээд ах дүү хэдүүл хээр сууж хэмжээлшгүй их найр хийв.

 

Зовнин уйдахуйяа нэгэн мөч урт, жарган цэнгэлдэхүйеэ өвлийн шөнө охор хэмээсэнчлэн төдөлгүй тэнгэрийн хаяа зүүнээс сэгийж үүр цайхад, Гахай хэдэн хундага архи уугаад их л хөөрч дэврэн өгүүлрүүн: “Тэнгэр гийв, болсны би усанд орон өдөөн байлдсугай.” Эл Лан өгүүлрүүн: “Тэнгэрийн өрлөг хичээн байлдаж түүнийг гарга, бид бүгдээр түүн лүгээ дайлалдсугай.” Гахай: “Би мэдмүй! Би мэдмүй!” хэмээн инээн өгүүлээд хормой шуун малтуурыг барин усны дотор харайн орж хаалга цохин хашхиран оров.

 

Тэр цагт лусын хөвгүүн нь цагааныг өмсөн эцэг хааны ёсыг сахин уйлж авай. Лусын ач тавнан хоёул хойд гэрт авс бэлтгэн хожмын явдал төхөөрч байв. Гахай зандан ороод малтуураар лусын хөвгүүний толгойг нь цохьсонд есөн нүхнээс цус гаран үхэв. Лусын хатад цөм айн дутааж: “Урт хошуут тойн ирж миний хөвгүүнийг алав!” хэмээсэнд, тэр есөн толгойт тавнан саран цавчуураа барин лусын ачийг дагуулан гарч ирээд Гахай лугаа байлдав. Гахай малтуур далайн түүнийг өдөөн усны дээр гарсанд, Бичин, Эл Лан ах дүү долуул зэргээр урагш давшин лусын ачийг шавар болтол цавчив. Тэр есөн толгойт тавнан байдал бусыг үзээд уулын доор нэгэнтээ өнхрөн мөн биеэр болоод жигүүрээ дэлгэн огторгуйд нисэн гарсанд Эл Лан алтан хөвчит нумандаа мөнгөн бөмбөг онилон дээш харван атал, тэр шулам бэлхүүснээсээ бас нэгэн толгой гарган түүнийг үмхэн ирэхэд, Эл Ланы дагуулсан нохой гүйж ирээд тэр толгойг нь тас хазаж орхив. Тэр шулам өвдөн тэсэхгүйдээ хойд далайн зүг дутаан одов. Гахай хойноос нэхсүгэй хэмээтэл Бичин ятган өгүүлрүүн: “Цэргийн бичигт өгүүлрүүн нь “Мохсон дайсныг нэхэмжилж үл болмуй” хэмээжээ, түүнийг нэхэх хэрэггүй. Толгойг нь нохой хазаж тасалсан тул тэр үхэх буй за. Өдгөө би түүнд адил хувилсугай. Чи намайг нэхэж усан дотор ор, тэр гүнжээс эрдэнийг хууран авсугай.” Эл Лан ах дүү долуул: “Түүнийг эс нэхэж сүйтгэлгүй үлдээвээс өдгөө гайгүй боловч хойчийн хүнд хор болмуй” хэмээв. Есөн толгойт хорхой өдгөө болтол цус дусалган байх нь түүний үр үндэс болой.

 

Гахай Бичиний үгээр усыг зүсэн зам нээж, Бичинийг өмнөө хөөж ороход, тэр түмэн богд гүнж үзээд Бичинээс асууруун: “Тавнан юунд ийн сандармуй?” Бичин өгүүлрүүн: “Тэр Гахай намайг дийлээд хойноос нэхэн айсуй, чи эрдэнийг авч ир, би нуусугай!” Тэр гүнж яаран хойд ордонд орж нэгэн алтан хайрцаг авчран Бичинд өгөөд “Энэ нэг нь бурхны шарил” хэмээгээд бас нэгэн хас хайрцаг авчирч: “Энэ нэгэн нь есөн навчит бэлгэт өвсөн. Би түүн лүгээ байлдваас, чи энэ хоёр эрдэнээ аваачин нууж дахин гарч ирэн намайг хавсран байлд.” Бичин хоёр хайрцгийг авч өвөрлөөд, мөн биеэр болон: “Гүнж лавлан үз, би чиний тавнан мөн буюу?” хэмээсэнд, тэр гүнж их л гэлмэгдэн хайрцгаа булаасугай хэмээн ноцон иртэл, Гахай хойноос ирэн цохин унагав.

 

Лусын эмгэн нь хойш дутаан одоход Гахай шүүрэн аваад занчин алсугай хэмээтэл Бичин харин өгүүлрүүн: “Бүү ал, үүнийг амьдаар аваачиж Кашкар улсын хаанд үзүүлсүгэй” хэмээсэнд Гахай бээр тэр лусын эмгэнийг чирэн уснаас гарч одоход, Бичин хоёр хайрцгийг авч хойноос даган эргийн дээр гарч ирээд, Эл Ланы зүг: “Ах таны хүчин сүлдэнд шүтэж эрдэнийг олон шулмыг сөнөөв” хэмээсэнд Эл Лан өгүүлрүүн: “Нэгэнд болбоос тэр хааны буян, жичид болбоос та хоёулын цаглашгүй ид хүчинд буй за. Надад ямар гавьяа буй!” Ах дүү нар нь зэргээр: “Сүн ахын гавьяа бүтсэн тул, бид эндээс харьсугай” хэмээв. Бичин тал өгөөд хамт одож хаанд золгосугай хэмээсэнд, Эл Лан ах дүү долуул хүлээлгүй Гуанжиян  мөрний амандаа эгэв.

 

Тэндээс, Бичин хайрцгийг тэврэн Гахай лусын эмгэнийг чирсээр үүл хөлөглөн хотын дээр хүрч ирэхэд, тавигдсан тойд угтан оруулав. Хаан эзэн Тансаг лугаа зоог хэлэлцэн сууж атал, тойн орж ирэн: “Түмэн наст хоёр багш хулгайчийг барьж эрдэнийг авч ирэв” хэмээн айлтгасанд, тэр хаан яаран харшаас бууж, Тансаг Шороотон лугаа угтан гараад тал өгөн хуримлахаар зарлиг буулгасанд Тансаг: “Хуримлахыг түр байж суварганы эрдэнийг уг оронд тавьсан хойно сая мэдсүгэй” хэмээгээд бас Бичинээс асууруун: “Та нар өчигдөр одоод юунд энэ өдөр сая ирэв?” Бичин даруй тэр есөн толгойт тавнан лугаа байлдсан, хөгшин лусыг алсан, Эл Ланд золгосон, шулмыг дутаалгасан, эрдэнийг хуурч авснаа нэгэн зэрэг нарийвчлан өгүүлсэнд, Тансаг тэргүүлэн хаан түшмэд цөм маш баясав.

 

Хаан бас асууруун: “Тэр лусын эмгэн бэр хүний үгийг мэдэх буюу?” Гахай: “Хүний үгийг мэднэм” хэмээв. Бас: “Хүний үгийг мэдэх бөгөөс хулгай хийсэн учраа өгүүл” хэмээсэнд лусын эмгэн өгүүлрүүн: “Бурхны эрдэнийг хулгайлсан явдал надад огт хамаагүй, энэ цөм миний тэр эр лус хийгээд хүргэн есөн толгойт шулам хоёрын хэрэг болой. Таны суварган оройноос гэрэл гарахад бурхны шарил байхыг тэр хоёр мэдээд гурван жилийн өмнө цусан бороо оруулж хулгай хийж авсан нь үнэн.” Бас асууруун: “Бэлгэт өвсийг яахан авсан буй?” Лусын эмгэн өчрүүн: “Асар тэнгэрийн бидэрьяа эрдэнийн харшийн өмнөх Нэвс хүрз эхийн энэхүү есөн навчит бэлгэт далдуу болбоос миний өчүүхэн охин түмэн богд гүнж хулгайлан авчирсан бөлгөө. Тэр шарилыг энэ өвсний хувилгаан үнэрээр тэжээвээс мянган жил үл эвдрэх, түмэн онд гэрэл нь үл сөнөх хэмээмүй. Өдгөө миний эр, хөвгүүн, охин цөм үхээд хүргэн дутаажээ. Миний нэгэн амийг хэлтрүүлэх ажааму!” Гахай өгүүлрүүн: “Чиний амийг хэлтрүүлж үл болмуй!” Бичин өгүүлрүүн: “Бүгдийг алах ёсон буюу. Би чамайг уучилсугай, чи үүрд энэ суваргыг сахь” Лусын эмгэн өчрүүн: “Сайнаар үхэх нь муугаар амьдрахад үл хүрэх, миний амийг уучилбаас та нар юу хэлсэн ч цөм болмуй.” Бичин түшмэдээр төмөр дээс авчруулан лусын эмгэний эгмийн ясыг нүхлэн хүлээд суварганд эрдэнэ оршуулахыг үзтүгэй хэмээн Шороогоор хааныг залуулав.

 

Хаан Тансаг лугаа яаран морилж бичиг цэргийн сайд түшмэдээ дагуулан алтан гэрэлт сүмд ирэв. Бичин бээр шарилыг бумбанд хийж суварганы оройн гол дунд нь тавиад лусын эмгэнийг суварган доторх баганаас гинжлээд, тарни уншин орон газрын савдаг навдаг, сүмийн Чойжинтоныг дуудан авчирч, гурван хоногт нэгэн цагийн хоол өгч энэ эмгэнийг тэжээ, өчүүхэн осолдвоос цаазаар цавч хэмээн тушаасанд бүгд эрхтэн зарлигийг хүлээн авав. Бичин бас тэр бэлгэт өвсөөр арван гурван үет суваргыг цөм ариулан бумбанд хийж шарил лугаа тавив. Энэ суварга мөн урьдын адил түмэн зурвас алтан гэрэл цацран, мянган зурвас ариун уур мандсанд, дөрвөн зүг найман зовхисын хүн цөм олж ирэх болов. Хаан Тансагт талархан өгүүлрүүн: “Бурхан багш гурван бодисадва бус болбоос энэ хэргийг яахан тодруулж чадах аж!”

 

Бичин тэр хаанд өгүүлрүүн: “Энэ “Алтан гэрэлт” хэмээгч нэр нь сайн бус, алт хэмээгч арилжааны юм, гэрэл хэмээгч гялалзан өнгөрөх уур. Ядуу тойн би таны тул зовон зүдэж энэ эрдэнийг олов, хаан чамд энэ эрдэнийг үүрд эдлэхийн тусад сүмийн нэрийг лусыг номхотгогч хэмээвээс сайн буй за.” Хаан үгийг нь даган сүмийн нэрийг халаад шинэ илэрхийлэлд “Зарлигаар байгуулсан лусыг номхотгогч сүм” хэмээн сийлэн өлгөв. Бас их хурим бэлтгэж хуримлаад уран зураачаар багш шавь дөрвүүлийг хөрөглөн авч, таван гарьдын асарт нэр цолыг сийлэн тахив. Хаан эзэн их сүйхэнд залран багш шавь дөрвүүлийг үдэн, эд агуурсыг авчран барьсанд, тэр дөрвүүл өчүүхэн ч эс авав. Энэ үнэхээр: шулмыг даран адыг арилгаснаа улс даяар амирлуулаад, шарилыг олон суварганд оршуулсанаа дэлхий дахиныг гийгүүлэв. Үүнээс хойш ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 10 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 57 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 26 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 30 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 13 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 45 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 49 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 49 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 23 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 32 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 43 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 48 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 10 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 27 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 21 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 45 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 46 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 1 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК