зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Жаран нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЖАРАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


ГАХАЙ БАГШ ХҮЧИН ТУСАЛЖ ШУЛАМ ВАНГ ДИЙЛЭВ

ГАДИЛ ДЭВҮҮРИЙГ БАГШ ГУРВАНТАА АРГАЛЖ АВЧРАВ

 

            Өгүүлэх нь, үхэр ван Бичинийг гүйцээд түүний дэвүүрийг мөрлөж баясан явахыг үзэж их л цочин: “Үзвээс энэ сармагчин дэвүүрийг хэрэглэх аргыг сурсан ажгуу, би түүнээс илт ац хэмээвээс тэр өгөхгүйгээр үл баран намайг дэвж арван түмэн найман мянган газар хийсгэвээс яг түүний санаанд нийцэх бус уу? Тансаг их замд түүнийг хүлээж амуй хэмээн сонссон бөлгөө, Тансагийн хоёрдугаар шавь Гахайг би танимуй, бага гавь Шороог бас танимуй, шулам байхын цагт цөм учирж өнгөрсөн бөлгөө. Би Гахайн дүрээр хувилан түүнийг хуурсугай, санаваас энэ сармагчин дэвүүрийг олсондоо баясан үл сэргийлэх буй за” хэмээн сэтгэв. Энэ үхэр ван мөн далан хоёр зүйлээр хувилж чадахгүй бөгөөд зэвсгийн эрдэм мөн Бичинд адил, ганц бие нь баахан бохир хүдэги тул шургахад бядуу ажгуу. Тэр эрдэнийн сэлмээ нууж Гахайд адил хувилаад Бичиний өмнөөс нь угтан ирээд: “Дүү би номын ахыг угтахаар ирэв!” хэмээв.

 

            Бичин баясан бөгөөд өөрийн эрдэмдээ эрдэн ирсэн хүнийг сэжиглэсэнгүй, Гахайг үзмэгц: “Дүү, чи хаана одмуй?” хэмээсэнд, үхэр шулам өчрүүн: “Чамайг үл ирэхэд үхэр шулмын хүчин их тул эрдэнийг үл олох хэмээн багш намайг туслахаар илгээсэн бөлгөө.” Бичин инээн өгүүлрүүн: “Зовох хэрэггүй, би олов.” Үхэр шулам бас асууруун: “Чи яаж олов?” Бичин өгүүлрүүн: “Би хөгшин бух лугаа зуун удаа байлдсанд, тэр намайг орхиж хүрмэн чулуун уулын хөхөмдөг долгиот цүнхээлд нэгэн бүлэг гүмбарва луу мэтийн шулам лугаа хуримлахаар одов. Би наймаалж хувилан хойноос нь ороод түүний ус гишгэгч алтан цэцгийт гөрөөсийг хулгайлан хөгшин үхрийн дүрээр хувилан гадил нэрт агуйд орсонд тэр эм Рагчаа над лугаа нэгэн зэрэг эр эм болон суув. Би арга хэрэглэн авч ирэв.” Үхэр ван өгүүлрүүн: “Тийм бөгөөс ах их зүдсэн болой, дэвүүрээ ац, би өргөж өгсүгэй.” Бичин үнэн худлыг ялгалгүй түүнд дэвүүрээ өгөв.

 

            Тэр үхэр шулам өөрийн дэвүүрээ их бага болгон цөм чадах тул, гартаа авмагц тарни уншин гүйлсний навчны чинээ болгоод, мөн биеэр болж хараан өгүүлрүүн: “Сармагчин! Чи намайг таних буюу?” Бичин үзээд хөлөө дэвсэн гэмшиж: “Энэ миний эндүү болов” хэмээгээд шийдмээ гарган шулмыг цохин ороход, үхэр шулам дэвүүрээрээ нэгэнтээ дэвэв. Бичин шумуул хувилан эм Рагчаагийн гэдсэн дотор ороход аман доторх салхи тогтоогч үрлээ санамсаргүй залгисан тул таван цул хатууран арьс яс бэхэ:жжээ. Тийнхүү шулам яахан дэвэвч өчүүхэн бээр эс хөдөлсөнд үхэр шулам их л хирдхийж дэвүүрээ ам дотроо хийж хос сэлэм гарган угтан байлдав. Эд хоёул огторгуйд энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Их богд Бичин багш, ертөнцийг түйвээгч үхэр ван, ганц нэгэн гадил дэвүүрийн учир, гар тэнцэн байлдаж гавшгай чадлыг гаргамуй. Санаа шууд богд Бичин хүнд хууртаж, цөс ихтэй үхэр ванд дэвүүрээ автав. Энэ нэгний болд бэрээгээр занчих нь үнэхээр айхавтар, тэр нэгний хурц сэлмээр тусах нь адбиш шаламгай. Их богд сүр тавин үүл манан татуулахуйяа, үхэр шулам увидас гарган гэрэл цахилгаан гилбүүлмүй. Хорсолт хоёр хослон байлдахуйяа хилэн нэнт дэгдэн, хөмхий зуун шүд хавирч хүч тэнцэн тулалдмуй. Хамаг тоос дэгдэн хорвоо дэлхийг бүрхэн хуй салхин босч хувилгаан сахиулсан зайлмуй. Энэ нэгэн нь өгүүлрүүн: “Чи харин аймшиггүй намайг гэдрэг мэхэлмүй?” Тэр нэгэн нь өгүүлрүүн: “Аваалийн гэргийг мэхлээд авснаас биш, ас хэлээд авсан уу? Эхнэр хүүхдийг мэхэлсэн түмэнтээ үхэлтэй сармагчин! Албан яаманд хүргэвээс алах ялаар шийтгэмүй.” Хурц сэргэг Бичин багш хэрцгий догшин үхэр ван өшөө хорсол зангидаж үхэн тэмцэн байлдмуй. Бэрээгээр занчин сэлмээр цавчиж чөлөөгүй ноцолдон, өчүүхэн төдий осолдвоос эрлэгт бараадахаар одмуй.

 

Тэр хоёрын тэнцэн байлдахыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь Тансаг зам дээр суусаар галын элчнээ ээгдэн халуудахын дээр дотор бачимдан цухалдаж гал уулын савдгаас асууруун: “Тэр үхэр вангийн авьяас эрдэм ямар буй?” Савдаг өчрүүн: “Түүний увидас эрдэм цаглашгүй, их богд лугаа тэнцмүй.” Тансаг өгүүлрүүн: “Миний шавь ердөө хэдэн мянган газрыг хоромхон зуур хүрэх бөлгөө, өдгөө юунд нэгэн өдөр болов? Лав үхэр шулам лугаа байлдаж байх буй за. Гахай, Шороо та хоёулын хэн нь номын ахаа угтахаар одмуй? Хэрэв дайлалдсан бөгөөс туслан байлд, эртхэн дэвүүрийг олоод уулыг гарч явсугай.” Гахай өгүүлрүүн: “Энэ өдөр би одож согтсуу хэмээсэн бөлгөө, ганц тэнгэр орой болсон бөгөөд тэр аянга хураагч уулын замыг мэдэхгүй.” Савдаг өгүүлрүүн: “Өчүүхэн эрхтэн мэдмүй, орхиул эвхэгч өрлөг багш лугаа саадтугай, бид хоёул одсу.” Тансаг сонсоод: “Савдгийг зүдээв, гавьяа бодсон хойно хүндэт талархсугай” хэмээв.

 

            Тэндээс Гахай дээлээ засан малтуур барин сүр бадруулан савдгийн өмнө үүл хөлөглөн шууд зүүн зүгт эчив. Хараахан яван атал гэнэт хашхирах дуун сонстмуй. Гахай үүлийг тогтоон үзвээс, Бичин үхэр шулам лугаа байлдаж байх ажгуу. Савдаг өгүүлрүүн: “Чи туслахгүй бас юу хүлээмүй?” Манхуу малтуур далайн өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Номын ах, би туслахаар ирэв!” Бичин зандан өгүүлрүүн: “Энэ муу манхуу, миний их хэргийг саатуулав.” Гахай өгүүлрүүн: “Багшийн зарлигаар чамайг угтахаар ирсүгэй хэмээхэд, би зам мэдэхгүй тул савдгийг дагуулан ирээд тийнхүү одов. Би чиний ямар их хэргийг саатуулсан буй?” Бичин өгүүлрүүн: “Чамайг удав хэмээн буруушаах бус. Би эм Рагчааг хуурч авсан дэвүүрийг үхэр шулам харин чам лугаа адил болон хувирч, намайг угтахаар ирэв хэмээхэд би баярлахдаа болгоомжлолгүйгээр дэвүүрийг үүнд өгмөгц энэ даруй уг биеэр болоод өдгөө над лугаа байлдан амуй. Энэ нь миний их хэргийг саатуулсан бус уу?” Гахай үүнийг сонсоод их л хилэгнэн малтуур далайн хараан өгүүлрүүн: “Энэ муу мэлзэн дайрсан бух чи ямар аймшиггүй өвгийнхөө дүрээр хувилан ирж миний номын ахыг хуурч ах дүү бид хоёрын найрыг эвдэв!” хэмээн нүүр нүдгүй малтуурдан ороход тэр үхэр шулам Бичин лүгээ нэг өдөр байлдаж бие зүдэрсэн бөгөөд Гахайн малтуур мөн маш хэцүү тул халхлан чадахгүй болж дутаан одоход, гал уулын садваг цэргээ авч хориглон өгүүлрүүн: “Их хүчит ван сонс, Тансаг баруун газраас ном залахаар одохыг гурван ертөнцөөр үл мэдэхээр үгүй, арван зүгийг эзэд сахиулсан үл хамгаалахаар үгүй. Чи гадил дэвүүрээ өгч гал уулыг галыг унтраан түүнийг гаргаваас сайн, эс тийм бөгөөс дээд тэнгэрт буруу болоож.” Үхэр шулам өгүүлрүүн: “Чи үл мэдмүй, тэр муу сармагчин миний хөвгүүнийг хөнөөн татварыг дарлан гэргийг мэхэлж удаа дараагаар ёс бус явав, би олдвоос түүнийг амьдаар залгин баасаараа нохой тэжээсүгэй хэмээх атал, эрдэнээ яахан түүнд өгмүй!”

 

            Ийн өгүүлэн атал, Гахай хэдийн нэхэн ирж: “Энэ муу дэлүүтсэн бух чи! Хурдан дэвүүрээ гарга, би чиний амийг уучилсугай!” хэмээн хараасанд, үхэр ван аргагүй сэлэм далайн угтан байлдахад Бичин мөн шийдэм далайн туслан оров. Энэ нэгэн зэргийн их байлдаан нь:

 

Санваар авсан бодон, шулам бүтсэн үхэр, шидийг олсон самж. Даяаныг чанар угаас дайтан бясалгахад амуй, эрхбиш бас Шороог улируулан анхан язгуурт нийлүүлэх хэрэгтэй болой. Төмөр малтуурын есөн шүд шумгай бөгөөд шор, эрдэнийн сэлмийн хосоор хурц бөгөөд хатан. Болд бэрээгийн хувилах санааны аяар болж, бас тэр савдаг хүч хавсран байлдмуй. Гурван этгээд тэмцэлдэн тулалдахуйяа хувь хувийн чадлыг гарган арга бодлого сүвэгчилмүй. Үхрийг хүлж тариа тарьваас эд хөрөнгө элбэгжээд, Гахайг дарж хөөргөнд оруулбаас түлээний утаа дарагдмуй. Сэтгэл тогтворгүйд ёсыг яахан бясалганам, сахиус уртат орноо сахиж, сармагчнаа хүлэх хэрэгтэй. Бархиран зандаж байлдан зөрөлдөхүйеэ барьдал зэвсгүүд сүрчигнэн дуугармуй. Малтуур сэлэм зөрөлдөж магад эрсдүүлэхийг бодолцон, чандмань бэрээний буух нь чандсыг дарахад буй. Эдний ийнхүү алалдахуйяа шар тоос дэгдэн сарын гэрлийг халхалж хар манан татаж хорвоо дэлхийг бүрхжээ.

 

 Тэр шулам байлдан ухарсаар нэгэн шөнө болсон боловч дийлэн дийлэгдэх эс ялгарав. Үүр цайлгаад агуйн ойр хүрсэнд, хас царайт гүнж хашхиралдах дууг сонсоод бага шулмыг зарж үзүүлсэнд, тэр бага шулам хойш ирж: “Манай их ван, хоёр тойн лугаа байлдмуй” хэмээсэнд хас царайт гүнж сонсоод агуй дотор буй бүхий цэргээ туслахаар гар хэмээв. Зуу илүү шулам гарт зэвсэг барилцан гарч ирээд: “Их ван минь бид хатны зарлигаар туслахаар ирэв!” хэмээсэнд, үхэр ван маш баясан: “Сайн болов! сайн болов!” хэмээн олн шулам цугаар цохилон ирэхэд Гахай мөн халхлан завдахгүй болоод малтуураа чирэн буруулан одоход Бичин огторгуйд дэвхлэн гарав. Үхэр ван дийлээд олноо авч агуйд орохыг өгүүлэхгүй.

 

            Тэндээс Бичин, Гахайн зүг өгүүлрүүн: “Тэр үхэр шулам үнэхээр хэцүү! Өчигдрийн Бичин цагаас эхлэн өдгөө болтол байлдаад өчүүхнээр ядарсангүй. Өдгөө хаалгаа хаагаад үл гарахыг нь яасугай.” Гахай өгүүлрүүн: “Ах чи могой цагт багшаас салж ирсэн бөлгөө, юунд Бичин цагаас эхлэн байлдав хэмээмүй? Энэ хооронд чи юу хийж суусан буй?” Бичин урьдах учраа тоочин өгүүлсэнд Гахай өгүүлрүүн: “Өдгөө дэвүүрийг олж чадахгүй болбоос баруун зүгт яахан одмуй? Буцсугай! буцсугай!” уулын савдаг өгүүлрүүн: “Их богд битгий цухалд, их өрлөг битгий шантар. Буцах хэмээгч буруу мөр буюу, тойны явдал бус, эртний үгэнд: “Хүний хөлөөр зам гаргамуй” хэмээжээ. Буцахыг дурдах нь юун? Багш чиний зам дээр сууж гавьяа бүтэхийг нүд цавчилгүй харж байнам!” Бичин өгүүлрүүн: “Энэ үг зөв! Манхуу чи дэмий бүү донгод! Бид шулам лугаа:

 

Дээр доороо үзэлцэн, дийлэн дийлэгдэхийг ялгаж, далан хоёр хувилах эрдмээ өвгөн Сүн би гаргасугай. Баруун оронд ирснээс байлдах эсэргүүцэл учраагүй, үхэр ван угаас сэтгэлийн бачны бүрэлбаа, энэ удаа төв хэмээн язгуур үндэс учирчээ, эрдэнийн дэвүүрийг зээлэх учир эрхбиш түүн лүгээ үзэлцсүгэй. Өдгөөгийн сэрүүнээ завдаж, уулын галыг унтраан, энд түйтгэрийг дарж аврал бурханд бараадсугай. Бүтээл гүйцэж төгс баясгалантад дэвшвээс бүгдээр бид нэгэн хамт бурхны цуглаанаа орсугай!”

 

Хэмээсэнд, Гахай мөн зориг түрж өгүүлрүүн:

 

“Мөн, мөн, мөн! Зүй, зүй, зүй!” Үхэр вангийн ивээл учралыг хайхрах учир юун, сүүлийн мөчлөгт мод урган Гахай лугаа холболоо. Сарлаг хирсийг хөтлөн Шороо тарианд оруулмуй. Бичин мөчлөгт төмөр үүсч язгуур нь сармагчин харшгүй, дарлагагүй угаас найрамдах. Ургамал гадилын навчаар усны санааг дэлгэрүүлэн, утаат галыг унтраан орон газрыг амарлиулмуй. Өдөр шөнө ялгалгүй чармайн хатуужлаа гүйцэтгэвээс, энэ биесийн бүтээл төгсөөд моломын хуралд морилмуй.” хэмээгээд хоёул агуйн хаалганд нь хүрээд хаалгыг хага цохьсонд, үүд сахигч шулам их л айж дотогш: “Их ван, Бичин ирж хаалгыг эвдэв” хэмээн мэдүүлэв. Тэр үед үхэр ван хараахан хас царайт гүнж лүгээ Бичинийг занан сууж ажгуу. Гэнэт хаалгыг эвдэв хэмээхийг сонсоод тэсгэлгүй хилэгнэн шийдмээ барин гарч ирээд хараан өгүүлрүүн: “Муу сармагчин! Чамд ямар чадал буй хэмээн энэ мэт хэтрэмхийлэн аашилж, миний үүд хаалгыг эвдэв?” Гахай урагш давшин хараан өгүүлрүүн: “Турсага чамд хэр зэргийн эрдэм буй хэмээн хүний чадлыг асуумуй! Битгий дутаа! Малтуурыг үз!” хэмээн занчин ороход, үхэр шулам: “Энэ муу агын тулам чи цааш баахан зайл! Хурдан тэр сармагчиныг дуудаж ир!” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Учир үл мэдэх өст мал чи! Урьд өдөр би чам лугаа ах дүү бөлгөө, энэ өдөр өшөөтөн дайсан болов, бэрээний амтыг үз!” хэмээгээд цохин ороход үхэр ван сүр тавин угтан байлдав. Гурван сайн эр энэ нэгэн зэрэг байлдсан нь урьдаас нэн хэцүү:

 

Төмөр малтуур болд бэрээ хувилгаан сүрийг мандуулан, савдгийн цэргийг дайчлан ороод хөгшин бух лугаа байлдмуй. Үхэр шулам ганцаараа эрэмгийлэн байлдаж эрдэм увидас хэрэглэн эд хоёр лугаа үзэлцмүй. Малтуураар савардан шийдмээр занчнам, болд бэрээний буух нь нэн ч гайхамшиг. Гурван зүйлийн зэвсэг харшилдан дуугарч, хойш зайлан урагш занчиж, хэн алиндаа найр үл тавимуй. Тэр хэлэхэд түүний бие түрүүлмүй хэмээхүйеэ, энэ бодоход үүний бие манлайлмуй хэмээнэм. Цэрэг хуяг үзнэм бөгөөтөл ялган салгахуйяа бэрх, мод Шороо харшилдахуйяа дээр доор таалцмуй. Энэ хоёул өгүүлрүүн: “Гадил дэвүүрээ чи юунд зээлүүлж өгөхгүй буй?” Тэр нэгэн хэлрүүн: “Чи ямар аймшиггүйгээр миний эхнэрийг мэхэлж татварыг айлган, хөвгүүнийг хорлосон буй, энэ өшөө арилаагүйгээр харин бас, эргэж ирээд хаалга үүднээ үймэлдмүй!” Энэ нь өгүүлрүүн: “Хөгшин муу үхэр чи хүнд бэрээг сэргийл, хүрч унасан газар хөнгөнөөр үл өнгөрөөмүй!” Тэр нь хэлрүүн: “Буух малтуурын хурцыг мэдвэл баахан зайлагтун, бэлтэж нэгэнтээ оногдвоос есөн сүв гармуй!” Тэрс шулам ойшоолгүй догшин сүрийг бадруулан, төмөр шийдэм эргүүүлэн завшааныг үзэн занчмуй. Бороо салхи урьж байдаг эрдмээ гарган, будан манан татуулан бүх увидсаа хэрэглэмүй. Араа шүдээ зуун амь цөлөн байлдаж алах сэтгэл төрөгдөн хүч тэнцэж тулалдмуй. Эрдэм чадлаа гарган эрэгчин эмэгчнээ ялгаж, өмнөш хойш зөрөлдөн эн тэнгүй байлдмуй. Ах дүү хоёул хамтаар хүчлэн орохуйяа, ад шулам ганцаараа чадал гарган баатарламуй. Туулай цагаас байлдсаар луу цаг болохуйяа, тулалдахыг байж үхэр ван хойш буцав.

 

Эд гурвуул амь цөлөн зуун арваад удаа зөрөлдөв. Бичиний хүчинд Гахай эрдэж тэнэг нь хөдлөн малтуураар нүүр нүдгүй цохилоход үхэр ван тэсэхгүй хойш буруулан агуйн хаалганд хүртэл савдгийн дагуулсан хувилгаан цэрэг үүдэн дээр зогсож зандан өгүүлрүүн: “Бид энд удтал хүлээв! Их хүчит ван хааш одмуй!” Тэр хөгшин үхэр агуйд орж чадахгүй байтал, Бичин Гахай хойноос нэхэн ирэхэд шулам их л эмээн хуяг шийдмээ орхин нэгэн хун галуу болон хувилж огторгуйд нисэн гарав. Бичин үзээд Гахайд: “Хөгшин бух дутаав” хэмээсэнд тэр манхуу учир ухааныг олохгүй савдаг мөн мэдэхгүй цөм ийш тийш гайхан ирэхэд Бичин хуруугаар зааж: “Тэр огторгуйд нисэгч мөн бус уу?” хэмээсэнд, Гахай өгүүлрүүн: “Тэр нь нэгэн хун галуу болой.” Бичин өгүүлрүүн: “Тэр хөгшин бух хувилжээ.” Савдаг өгүүлрүүн: “Тийн бөгөөс хэрхвээс сайн?” Бичин өгүүлрүүн: “Та хоёул агуйд орж хамаг шулмыг нь алаад хойш ирэх замыг нь тасал би түүнийг нэхсүгэй.” Гахай савдаг хоёр үгийг дагаж агуйн үүдийг эвдэн орохыг түр өгүүлэхгүй.

 

            Тэндээс Бичин бэрээгээ хурааж, тарни уншин нэгэн харцгай болон дээр нь гараад уруу нисэн хун галууны дээр бууж хүзүүг нь базалсугай хэмээтэл, тэр шулам Бичиний хувилж ирснийг мэдээд нэгэн шонхор хувилан гэдрэг Бичинийг барихаар ирэхэд Бичин нэгэн бүргэд болов. Үхэр шулам бас мэдээд бас нэгэн ал тогоруу хувилан урт дуугаар донгодож ас өмнөш нисэн одов. Бичин огторгуйн цээлд жигүүр өдөө сэгсрэн нэгэн ал гарьд хувилан донгодов. Тэр гарьд хэмээгч жигүүртний хаан тул ал тогоруу айшгүй хөдөлж чадахгүй болоод, бие хувилан хүдэр болж, хадны энгэрт өвс идэн авай. Бичин бас таниад нэгэн өлөн барс болон сүүл шарван барихаар ирэхэд, үхэр шулам ихэд айж бас ирвэс болон хувилж барсыг барихаар ирэв, Бичин үзээд салхины эсрэг толгойгоо нэгэнтээ сэгсэрмэгц бас нэгэн их шар нүдэт эрслэн болов, түүний дуу нь аянга адил, гэдрэг эргэж ирвэсийг идэхээр ирэхэд, үхэр шулам сандарч хүн гөрөөс болон хувилж тэр эрслэнг барихаар ирэв, Бичин газар өнхөрмөгц урт могойн хамартай, ургаа хулсны соёотой нэгэн том заан хувилж, хамраар хаман ирэв.

 

            Үхэр шулам үзээд хадганан инээж мөн биеэр болов. Үзвээс нэгэн цагаан үхрийн толгой нь уул хайрхан мэт нүд нь зулын гэрэл адил, сэрвэгэр хоёр эвэр нь суварга босгосон мэт, шүд нь илд хатгасан адил, өндөр нь найман зуун хос алд, урт нь мянган хос алд илүү. Тэр үхэр Бичиний зүг өндөр дуугаар өгүүлрүүн: “Сармагчин! Чи намайг яаж чадмуй?” Бичин биеэр болж болд бэрээгээ гарган нуруугаа мэхиймэгц өндөр нь түмэн хос алд, толгой нь Сүмбэр уул мэт, нүд нь наран саран, ам нь цаст нуур мэт, шүд нь шөргөн хашаа адил болоод гартаа болд бэрээгээ барин үхрийн тэргүүнийг занчин ирэхэд, тэр үхэр ван мөн эврээр угтан авав. Энэ удаагийн байлдсан нь үнэхээр уул даваа сэжлэн, тэнгэр газар дайвав! Шүлэглэсэн шүлгийн үг:

 

                        Бурхны эрдэм нэгэн тохойд

                        Бугийн увидас мянган алд,

                        Богд Бичин арга хэрэглэн

                        Эрхбиш түүнийг дарсугай хэмээнэм.

                        Уулын галыг унтраасу хэмээвээс

                        Эрдэнийн дэвүүрийг олж дэвэх хэрэгтэй.

                        Сар самбала зориг шуудан

           Ариун бүрэлбааг тэтгэхүйеэ,

           Модон эх сэтгэлгээ байж

Шулмыг арилгахад хамсмуй.

Таван мах бодь зохицон нийлээд

Бодь хутгийг бүтээж

Адыг номхотгон биеэ ариутгаж

Баруун орноо заларнам.

 

Тэр хоёул хувилган эрдмийг гарган уулан дотор тэмцэлдэхэд олон сахиулсан жич алтан тэргүүт Кирди, зургаан улагчин зургаан хөх, найман Чойжин үзээд шулмыг томоолон хаав. Тэр шулам өчүүхэн бээр инээхгүй, төмөр эврээр барууныг сэжин зүүнд мөргөлөн, сүүлээр дөрвөн зүгт гуядмуй. Бичин өмнөөс цохин, бүгд сахиулсан дөрвөн этгээдээс занчихад үхэр шулам тэсэлгүй мөн хүн биеэр болоод гадил агуйн зүг дутаан одов. Бичин мөн шидийн биеэ хураан олон сахиулсан лугаа хойноос нэхэн ирэхэд шулам агуйд ороод үүдийг дарж гаргахгүй тул, олноор хөх үүлт уулыг завсаргүй бүслэн суулга мэт хаав.

 

            Олноор агуйн хаалгыг занчин атал Гахай савдагтан мөн хувилган цэргээ авч хүрч ирэв. Бичин үзээд асууруун: “Үүлнээ чацуу агуйд эчсэн хэрэг хааш болов?” Гахай инээн өгүүлрүүн: “Би шулмын бага эмийг цохиж алаад хувцсыг тайлан үзвээс нэгэн цагаан үнэг байжээ. Тэдгээр бага шулам цөм илжиг, луус, тугал, үнээ, мангис, үнэг, илбэнх, араат, зээр, барс, буга, хандгай тэргүүтэн ажгуу, түүнийг цөм сөнөөн агуйд нь гал тавив. Савдгийн хэлэхээр энд бас нэгэн гэр буй хэмээх тул сөнөөхөөр ирэв.” Бичин өгүүлрүүн: “Эргэн дүү гавьяа байгуулав, баяр болой! Өвгөн Сүн би түүн лүгээ хувилан улирахыг мөрийцөв, тэр хэмжээлшгүй бүдүүн үхэр хувилахад би бас хязгаарлашгүй ид шидээр түүн лүгээ байлдан атал, олон сахиулсан ирж тоглосонд, тэр харин мөн биеэр болоод, агуйдаа дутаан орж гарч ирэхгүй болжээ.” Гахай өгүүлрүүн: “Энэ даруй гадил агуй мөн буюу?” Бичин өгүүлрүүн: “Мөн, мөн! Эм Рагчаа даруй энд байнам.” Гахай өгүүлрүүн: “Тийн бөгөөс хаалгыг эвдэн орж дэвүүрийг авахгүй бас юуг хүлээмүй!”

 

            Тэр манхуу сүр бадруулан, малтуур өргөн хэмх цохьсонд, тэр хаалга сахигч шулмас гүйлдэн орж: “Их ван! Ямар хүн ирснийг мэдэхгүй, хаалгыг хага цохив!” хэмээн мэдүүлэв. Энэ үе тэр үхэр шулам эм Рагчаад эрдэнийн дэвүүрийг яахан Бичинээс хууран авсанаа өгүүлэн атал, хаалгыг хага цохив хэмээхийг сонсоод маш хилэгнэн, амнаасаа дэвүүрээ гарган Рагчаад өгсөнд, Рагчаа гартаа барин нулимс цувруулан өгүүлрүүн: “Их ван минь! Энэ дэвүүрийг тэр сармагчинд өгөөд байлдахыг байлгасугай.” Үхэр шулам өгүүлрүүн: “Хатан минь, эд хэдий өчүүхэн боловч өшөө нь гүн, чи сайхан сууж буй. Би дахин гарч түүн лүгээ таслан байлдсугай” хэмээгээд хуяг дуулгаа дахин өмсөж, хос сэлмээ барин гарч ирэхэд, төв хэмээн Гахайд учрав, үхэр шулам үг дуугүй сэлэм далайн тэргүүнийг эрэн цавчин ороход Гахай мөн малтуур өргөн угтан аваад хэдэн алхам хойш ухарч хаалга гартал, Бичин шийдэм далайн тосон оров. Тэр шулам огторгуйд харайн гарсанд Бичин Гахай болон олон сахиулсан эрхтэн томоолон авав. Энэ нэгэн удаа байлдсан нь:

 

Баруун үүл тэнгэрийг халхлан, будангуй манан газрыг бүрхжээ. Хуугих салхинаа хайр чулуу хийсэн, хүрхрэх долгион далайн давалгаа болмуй. Хос илдийг дахин хурцлаад, хуяг дуулгыг бас өмсөв, зангидсан өшөө далайгаас гүн, занал хорсол газраас зузаан. Хувилгаан Бичин гавьяа байгуулахыг бодож, хуучин найрыг огт үл дурдмуй. Гахай багш баатар сүрийг бадруулан гадил дэвүүрийг булаасу хэмээж, Кирди Чойжин олон эрхтэн үхэр хааныг барьсу хэмээмүй. Шулам үхэр сэлэм эргүүлэн чөлөөгүй цавчивч, цааш тосч нааш угтан сүр хүчийг бадруулмуй. Эдний ийнхүү алалдахуйяа жигүүртэн шувууд зугтан зайлж, загас жараахай уснаа нуугджээ. Чөтгөр сахиулсан цочин гэлмэгдэж, тэнгэр газар будангуйран, луу барс айн эмээж наран саран харанхуйлагджээ.

 

Үхэр шулам амь цөлөн байлдаж тавин удаа зөрөлдөөд үл тэсэхдээ хойш дутаан одов. Өмнө нь утай уулын нууц илбэт хадны их шидэт очирваань зандан өгүүлрүүн: “Үхэр шулам чи хааш одмуй! Би Шигэмуни бурхны зарлигаар чамайг барьсугай хэмээн энд ирээд хүлээн удав!” хэмээхэд, хойноос Бичин, Гахайтан гүйцэн ирсэнд үхэр шулам яаран өмнө зүгт дутаав. Тэнд Э Мэй уулын сэрүүн агуйн цаглашгүй идэт ялгагч очирваань эчих замыг хорин зандан өгүүлрүүн: “Би бурхны зарлигаар чамайг барьсугай хэмээн энд амуй!” Үхэр шулам ихэд мэгдэн зүүн зүгт дутаахад Сүмбэр уулын мөхөөр хадны баруширман их хүчит очирваань угтан ирж зандан өгүүлрүүн: “Хөгшингүй хөөш дутаамуй? Би бурхны зарлигаар энд хүлээмүй!” Үхэр шулам ихэд айн баруун зүгт дутаав. Өмнө нь их Сүмбэр уулын алт цацрагт давааны эвдэршгүй машид оршигч очирваань урагш давшин зандан өгүүлрүүн: “Энэ муу хаана одмуй! Би аянгын дуут сүмийн бурхан багшийн зарлигаар энд чамайг хүлээн удав.” Үхэр шулам ихэд гэмшин дөрвөн зүг найман зовхис үзвээс бурхны цэрэг тэнгэрийн өрлөг нар өгөөш тор татсан мэт гарах газаргүй хаажээ, ийн атал хойноос бас Бичин олныг дагуулан нэхэн ирэхэд үхэр шулам аргагүй үүл хөлөглөн дээш дэгдэн гарав.

 

Огторгуйд Суваргат Махаранз, хөвгүүн Нэйж, Иүй ду, Жью Лин зэрэг олон эрхтнийг авч дуудан өгүүлрүүн: “Би хурмастын зарлигаар чамайг барихаар ирэв.” Үхэр шулам маш мэгдэн мөн бие цагаан үхэр болж эврээр Махаранзыг мөргөн байхад хойноос Бичин хүрч ирэв. Нэйж өндөр дуугаар өгүүлрүүн: “Биед хуяг дуулга буйн тул их богдод ёслон эс чадав. Бид эцэг хөвгүүн өчигдөр Шигэмуни бурханд учирсанд, тэр зарлиг болж хурмастад мэдүүлсэн нь Тансаг гал уулын гамшигт тохиолдон их богд тэр үхэр шулмыг дарангуйлж дийлэхгүй буй хэмээсэнд хурмаст зарлиг буулган бид хоёулыг олон эрхтнийг авч тусал хэмээн илгээсэн бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Энэ үхрийн ид хувилгаан нь маш их, өдгөө бас ийм их юм болон хувилав, хэрхвээс сайн?” Нэйж инээж: “Их богд бүү зов би түүнийг барьсугай” хэмээв.

 

Төд Нэйж: “Хувил!” хэмээн нэгэнтээ зандсанд гурван тэргүүн зургаан гартаа болж, үхрийн нуруун дээр нисэх мэт харайн гараад, шулмыг цавчих илдээр үхрийн хүзүүг нэгэнтээ цавчсанд толгой нь газарт унав. Суваргат Махаранз Бичинд ёслон золготол, тэр үхрийн хүзүүнээс бас нэгэн толгой урган гарч ирээд, мөн амнаас утаа баагин нүднээс гэрэл цацармуй. Нэйж дахин цавчсанд толгой нь унаж бас нэгэн толгой урган гарав. Дараагаар арван толгой цавчваас мөн арван толгой ургав. Нэйж гал хүрдээ тэр хөгшин үхрийн эвэр дээр өлгөсөнд тэр гал үнэн гал тул үхэр шулам эс дасан гэдэнтэн урхиран толгой сэжин сүүл гуядан сая хувилан одсугай хэмээтэл, Суваргат Махаранз шулмыг тольдогч толиор үнэн биеийг тольдсонд хөдөлж чадахгүй болоод: “Миний амийг уучил, би бурхны номд орсугай!” хэмээн гуйхад Нэйж: “Амиа гарахыг хүсвээс хурдан тэр дэвүүрээ гарга!” хэмээсэнд үхэр шулам: “Миний гэргийд буй” хэмээв.

 

Нэйж үүнийг сонсоод шулмыг гинжлэх гинжээр үхрийн хамрыг дөрлөөд хөтлөн ирэхэд Бичин багш, дөрвөн очирваань зургаан улагчин зургаан хөх арван хоёр Чойжин, Суваргат Махаранз, эрхтэн, Жью Лин жич Гахай, савдаг, хувилган цэргүүд цагаан үхрийн хойноос хөөж, гадил агуйн хаалганд хүрмэгц хөгшин үхэр: “Хатан минь, дэвүүрээ гаргаж өгөн миний амийг авар!” хэмээн дуудсанд, эм Рагчаа яаран ээмэг хатгуур өнгөт дээлээ тайлж, үсийг ороон самнаач адил болж цулгуй хувцас өмсөн аяг тахимлагмэт дүрлэж, хоёр гараар тэр хоёр алд хоёр тохойн гадил дэвүүрээ өмнөө барин үүднээ гарч ирээд олон очирваань, богд сахиулсан жич Махаранз нарыг үзээд яаран газар тэврэн сөгдөж мөргөн өгүүлрүүн: “Энэ дэвүүрийг Сүн авгад дуртайяа өргөн баримуй, гуйх нь бодисадва нар бид эр эм хоёулаа амийг уучлах ажааму!” хэмээн гуйхад Бичин урагш давшин дэвүүрийг аваад олны хамт өнгөт үүлэнд гишгэн зүүн зүгт одов.

 

Тэндээс Тансаг Бичиний ирэх үгүйд босон суун хүлээн атал, гэнэт өнгөт үүлс огторгуйд хөвөлзөн бэлгэт гэрэл газрыг бүрхэн олон сахиулсан ойртон ирэхэд, тэр багш хирдхийн өгүүлрүүн: “Шороо! Тэр ирэх нь ямар хувилгаан цэрэг болов?” Шороо үзэж таниад өгүүлрүүн: “Багш, тэр нь дөрвөн их очирваань алтан тэргүүт Кирди, зургаан улагчин зургаан хөх, арван хоёр Чойжин жич замын олон хувилгаан болой. Тэр үхэр хөтөлсөн нь Нэйж тайж, толь барьсан нь Суваргат Махаранз. Их ах гадил дэвүүр барин хоёрдугаар савдаг лугаа хойноос дагажээ, үлдсэн нь цөм бараа бологч хувилгаан цэрэг болов.” Тансаг сонсоод асар малгайгаа өмсөн, нумт дээлээ нөмөрч Шороогийн хамт олон хувилгаадыг наманчлан угтаж талархан өгүүлрүүн: “Шавь надад ямар буян эрдэм буй хэмээн айшгүй олон сахиулсаныг зүдээмүй!” дөрвөн очирваань урагш ирж: “Богд тойны бүтээл бүтэх ойртов! Бид бурхны зарлигаар чамд туслахаар ирсэн бөлгөө. Чи ашид сэтгэлээ баримтлан явтугай, осолдож үл болмуй” хэмээсэнд, Тансаг сөгдөн мөргөж, элэг зүрхэндээ сийлэн тэмдэглэв.

 

Бичин дэвүүрийг аван уулын дэргэд хүрч, хүч мэдэн нэгэнтээ дэвсэнд, тэр гал уулын нөл нь намдан унтрав; хоёронтоо дэвсэнд салхи хөдлөв; гурвантаа дэвсэнд огторгуйд үүл бүрхэн нарийн хур оров. Шүлэглэсэн шүлгийн үг:

 

              Галт уулыг гэтлэхүйеэ найман зуун газраа,

Газрыг бүрхсэн энэ гал галав дэлхийд алдартай.

Таван цувралыг галаар хагсаахуйяа үрэл бүтээхүйеэ бэрх,

Гурван оньсыг дөлөөр хуйхлахуйяа ёс ариун үгүй.

Тэнгэрийн эрхтэн залран бууж хувилгаан хүчээр туслаад

Дав даруй дэвүүрийг зээлэн түсрэх хурыг буулгав.

Үхрийг хөтлөн бурханаа тушааж балмад занг номхотгохуйяа.

Ус гал харилцан нийлээд чанар аяндаа тэгширнэм.

 

Тэр үед Тансагийн сэтгэлийн зовлон арилж дөрвөн очирвааньд мөргөсөнд, олон сахиулсан тусын ууланд эгэв. Зургаан улагчин зургаан хөх огторгуйд дэгдэв. Замын сахиулсан зүг зүгт эчив, Махаранз Нэйж хоёр үхрийг хөтлөн бурханд тушаахаар одов, уулын савдаг эм Рагчааг хүлж хажууд зарлиг хүлээн зогсов.

 

            Бичин эм Рагчааг үзээд: “Чи одохгүй энд юу хиймүй?” хэмээсэнд Рагчаа сөгдөж: “Их богд өршөөлт сэтгэлээр дэвүүрийг надад эгүүлэн өгөх ажааму” хэмээсэнд, Гахай зандан өгүүлрүүн: “Муу өлөгчин чи, өчүүхэн ч ухаангүй! Чиний амийг хэлтрүүлсэн нь зол болой, бас юунд дэвүүрээ ац хэмээмүй. Бид уулын цаана гарсан хойно хоол хүнс сольж идмүй, өдий хүч оруулж сая олсон юмыг чамд өгөх буюу! Бороо шаагиж буй, бушуу од!” хэмээсэнд Рагчаа бас мөргөн өгүүлрүүн: “Их богд урьд галыг унтраасан хойно эгүүлэн өгсүгэй хэмээсэн бөлгөө. Би үл өгсний гайгаар олон сахиулсаныг зүдээв, өдгөө гэмшивч үл гүйцмүй. Би хэдий бодь хутгийг олоогүй боловч мөн бясалгал хийж хүний төрлийг олов. Өдгөө би баруун газар бурхны номд орж дахин нүгэл үйлдэхгүй, дэвүүрийг минь өгөх ажааму.” Савдаг өгүүлрүүн: “Их богд! Энэ эмд дэвүүрийг өгч галын үндсийг тасалбаас, өчүүхэн эрхтэн надад амар болох бөгөөд эндэх хүн амьтанд бас тусыг үйлдэх болой.” Бичин өгүүлрүүн: “Миний сонссон нь нэгэнтээ дэвбээс гал унтран бороо орж нэгэн жил тариа төрөөд дараа жилд гал дахин бадармуй хэмээсэн бөлгөө, яахан үндсийг таслан чадах буй?” Рагчаа өчрүүн: “Галын үндсийг тасалсугай хэмээвээс дараагаар дөч есөн удаа тавиваас даруй үндэс нь тасрах болой.”

 

            Бичин уулын зүг дөч есөн удаа дэвсэнд гал буй газарт азарган бороо цутгалан галгүй газарт мөн тунгалаг тул багш шавь дөрвүүл галгүй газарт нэгэн шөнийг өнгөрөөгөөд манагар эрт амьтайгаа засан дэвүүрийг Рагчаад өгөөд Бичин ийн өгүүлрүүн: “Чиний дэвүүрийг эс өгвөөс өвгөн Сүн намайг итгэлгүй хэмээн хүн элэглэх болуузай. Чиний хүний төрлийг олсныг санаж уучилсугай! Үүнээс хойш бүү хэрэг гарга!” хэмээсэнд Рагчаа дэвүүрийг аваад тарни уншин бас гүйлсэн навчны төдий болгож амандаа үмхэн олон хувилгаадад мөргөн эчээд, нэр овгоо нуун бясалган суув. Хойно мөн бодь хутгийг олж, судар номын дотор түмэн үе нэр нь алдаршив. Тэндээс багш шавь дөрвүүл нэгэн шөнө амраад жич өглөө морь эмээллэн боодлоо засаад урагш эчихэд Рагчаа, савдаг үдэн мордуулав. Бичин, Гахай, Шороо гурвуул Тансагийг хамгаалан баруунш одоход үнэхээр, хөвчин биеи сэрүүн тунгалаг, хөлийн доор зөөлөн тавтай бөлгөө. Энэ үнэхээр: шавардал гэрээлэл нэгэнтээ тэтгэвээс үнэн сахиус зохилдон, ус гал тэгш болбоос их ёсон бүтмүй. Эгнэгт хэзээ сая зүүн орондоо эгэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 37 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 25 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 53 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 57 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 40 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 13 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 16 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 17 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 51 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 0 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 10 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 15 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 38 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 55 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 13 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 14 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 29 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК