зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Жардугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЖАРДУГААР БҮЛЭГ:


ҮХЭР ВАН ДАЙЛДАХЫГ БАЙЖ ИХ ХУРИМД ЗАЛРАВ

ИХ БОГД ХОЁРТ АРГАЛЖ ГАДИЛ ДЭВҮҮРИЙГ АВЧРАВ

 

Өгүүлэх нь, тэр савдаг өгүүлрүүн: “Их хүчит Ван хэмээгч даруй үхэр шулам болой.” Бичин өгүүлрүүн: “Энэ уулын галыг үхэр шулам тавиад гал уул хэмээн нэрлэсэн буюу?” Савдаг өгүүлрүүн: “Бос, бос, Их богд өчүүхэн хувилгаан намайг эс буруушааваас би аймшиггүй хэлсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Чи үүл, би чамайг юунд буруушаамуй?”  Савдаг өгүүлрүүн: “Энэ галыг Их богд чи тавьсан болой.” Бичин уурлан өгүүлрүүн: “Би хаанаас энд ирж гал тавимуй, чи дэмий чалчжээ! Би гал тавьж явах хүн мөн буюу?”  Савдаг өгүүлрүүн: “Чи мөн намайг танихгүй болов, энэ газар анхандаа уулгүй болой, Их богд та таван зуун жилийн өмнө тэнгэрийн орныг жигд түйвээхэд Бага богд таныг бариад, Дилавд аваачиж өгөн үрэл бүтээгч найман хөллийн зууханд хийж хоног гүйцээгээд зуухыг нээхэд чи үсрэн гарч ирээд хэдэн тоосгыг унагасанд энэ гал уул болжээ. Би угт түшид ордны зуухчин бөлгөө, Дилав намайг буруушааж энд буулган энэ уулын савдаг болгов.” Гахай сонсоод: “Тийм ажгуу! Энэ савдаг хэцүү бумбын байдалтай байсан болой!” хэмээв. Бичин итгэж ядан асууруун:  “Чи намайг Их хүчит Ванг эрээгүй хэмээгч юун буй?” Савдаг өгүүлрүүн: “Тэр Их хүчит ван хэмээгч эм Рагчаагийн эр бөлгөө. Аянга хураагч уулын үүл лүгээ чацуу хэмээгч агуйн түмэн оны үнэгэн шулам үхээд, түүний охин Хас царайт хэмээгч гүнж нь түмэн лангийн их баян болоод эдлэх хүнгүй тул, хоёр жилийн өмнө үхэр шулмын эрдэмд дурлан хүргэн болгон аваачив. Тэр үхэр шулам эм Рагчаагаа орхиод удтал хойш эс ирэв. Их богд одож түүнийг авч ирвээс, нэгэнд үнэн дэвүүрийг олж галыг унтраан багшаа гаргаж болмуй; хоёрт галыг ашид сөнөөвөөс энэ газрын улсад тус болмуй; гуравт би тэнгэрийн оронд олж буцмуй.” Бичин асууруун: “Тэр аянга хураагч уул эндээс хэдий хол буй?” Савдаг өгүүлрүүн: “Тэр уул өмнө зүгт буй, эндээс гурван мянганы газар буй.” Бичин сонсоод Гахай Шороо танд багшийг сайтар сахь хэмээн өгүүлмэгц үзэгдэхгүй болов. Удсангүй нэгэн тэнгэр тулам өндөр ууланд хүрээд, үүлнээс буун хадны дээр зогсон үзвээс үнэхээр сайхан уул ажгуу:

 

Орой нь үүлэнд шурган, уг нь лусад нэвтэрчээ. Уулын энгэрт өвөл зунгүй өвс ногоо хөхрөн, уулын ард зуны зургаан сар зуд болж цас мөсөн хайлахаар үгүй. Горхины ус цүнхээлд цутгахуйяа урсгал урт, гувай цэцэг үүгээр даган ургахуйяа дэлгэрэх нь эрт. Мянган урсгал яралзан Манзушака цацсан адил, түмэн цэцэг дэлгэрэн гэмэрлэг дэлгэсэн мэт. Хөмсөг даваан дээр хөх нарс ургаж, хөхөмдөг хадны дэргэд мөнх майлс жигдэрчээ. Энэ үнэхээр: Өндөр уул, өнгийм хад, цавчим эрэг, цавчиал зав, анхилмал цэцэг, амтат жимс, улаан ороонго, бор хулс, хөх нарс, ногоон уд;  зун өвөл дөрвөн цаг зулгарашгүй зүйл, зуун  үе мянган он хувиршгүй өнгө.

 

Бичин удтал үзээд хаднаас буун гүн ууланд орж зам эрэн явж атал, нарсан модны доороос нэгэн хүүхэн гарт нэгэн салаа үнэрт цахирмааг барьж нахилзан ирмүй. Бичин чулууны далд орж тэр хүүхнийг лавлан үзвээс:

 

Өнгө зүс нь улсын манлай, үзэсгэлэн гоо нь охидын тэргүүн. Үнэхээр Ван Жоу Жьюйнд адилшааж, Чу Жин хүүхэнд тэнцмүй. Цэцэг хэмээвэл өгүүлж ярих бөгөөд Хас хэмээвэл сайхан үнэр анхилмуй. Урт хар гэзгээ өндөр шанхалж усгал нүднээ инээмсэг байдал илэрчээ. Хоргой хормойвчийн доогуур лянхуан өлмий харагдан, хатгамал ханцуйн дотроос Хасын гар үзэгдмүй. Үдшийн бороон өглөөний үүлийг юун өгүүлнэм, улаан уруул, цагаан шүд үнэхээр өнгө ялгармуй. Удын хөмсөг хээнцэр дүр Вэн Жьюйн, Шьювай Доугаас хэтийджээ.

 

Тэр хүүхэн удсангүй чулууны дэргэд хүрч ирсэнд, Бичин бие мэхийн ёсолж: “Хүүхэн дагина хаана одмуй?” хэмээсэнд, тэр хүүхэн тэргүүн өргөн Бичиний зүс байдлыг үзээд маш айн мэлэрч: “Чи хаанаас ирсэн хүн буй? Аймшиггүй хэнийг асуумуй?” хэмээсэнд, Бичин дотроо: “Би дэвүүр зээлэх үнэн учраа өгүүлбээс, энэ амьтан өөр шулмын ураг болох ч магадгүй, би эм Рагчаагийн тэндээс өөр Ванг залахаар ирсэн хүн болж үүнийг хуурсугай ...” хэмээн сэтгэн атал, тэр хүүхэн царай хувилан зандан өгүүлрүүн: “Чи хэрхсэн хүн, аймшиггүй надаас асуумуй!” Бичин бие мэхийн инээн өгүүлрүүн: “Би хөх үүлт агуйнаас ирлээ, энэ газарт саяыг ирж байх тул замыг нь танихгүй аймшиггүй асуух нь энэ аянга хураагч уул мөн буюу?” Тэр хүүхэн: “Мөн, мөн” хэмээсэнд Бичин бас асууруун: “Үүл лүгээ чацуу агуй хэмээгч хаана буй?” Тэр охин өгүүлрүүн: “Чи түүнийг асууж юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Хөх үүлт уулын гадил агуйн төмөр дэвүүрт гүнж намайг зарж, үхэр ванг залтугай хэмээн илгээсэн бөлгөө.”

 

Тэр охин энэ үгийг сонсмогц царай хувилан хараан өгүүлрүүн: “Энэ муу өлөгчин үнэхээр сайн мууг мэдэхгүй! Үхэр ван миний гэрт ирээд хоёр жил болоогүй атал, би түүнд элдэв зүйлийн эрдэнэ сувд эд таваар, жил туршийн шатаах түлш, сар бүрийн идэх амууг илгээсэн бөлгөө. Тэр ичгүүргүй амар жаргах атал үхэр ванг урих нь юун!” Бичин түүний үгнээс Хас царайт гүнж болохыг мэдээд айлгасугай хэмээн алтан толтот шатмаа гарган зандан өгүүлрүүн: “Энэ муу эдээр эр худалдан авагч ичгүүргүй өлөгчин чи хэнийг хараамуй!” Тэр охин маш айн дутааж одоход, Бичин багш хойноос нь бархиран нэхэв. Уг нь тэр нарсан модыг өнгөрвөөс үүл лүгээ чацуу агуй тул, тэр охин гүйсээр агуйд орон хаалгаа хаасанд Бичин саяыг нэхэхийг байж үзвээс, мөн маш сайхан газар ажгуу.

 

Ой модон ягц зузаан, эрэг хад өнгийм өндөр. Ороонго зэл доорлон сүүдэрлэж, удамбар цахирмаа үнэхээр анхилмуй. Согтмол хулсны дундуур тунгалаг булаг урсаж, сонин чулууны дээр унасан гэсэр овоолжээ. Униар хүдэн алсын шоронг бүрхэж, ургах наран үүлэн асгыг гийгүүлмүй. Луу хүрхрэн барс урхирч, тогоруу дуугаран гургалдай донгодмуй. Ариун амарлингуй үзэмж байдал адбиш санаа тааламжтай, арш цэцэг шидэт өвсөн өнгө ашид сайхан. Даяантайн хувилгаан орон лугаа чацуулж, Пэн Лайн хутагт арлаас хэтийдмүй.

 

Бичиний энд үзэмжийг гайхан үзэхийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь, тэр хүүхэн гүйсээр бичгийн гэрт орж төд үхэр шулмын эвэр дээр өнхрөн уйлахад, үхэр шулам инээн асууруун: “Сайхан хүн үг буй бөгөөс үхлээ, юунд ийнхүү цухалдан уйлмуй?” Тэр хүүхэн гүйсээр бичгийн гэрт орж төд үхэр шулмын өвөр дээр өнхрөн уйлахад, үхэр шулам инээн асууруун: “Сайхан хүн үг буй бөгөөс үхлээ, юунд ийнхүү цухалдан уйлмуй?” Тэр хүүхэн дэвхцэн хараан өгүүлрүүн: “Хөгшин шулам чи намайг алав!” Үхэр шулам инээн өгүүлрүүн: “ Чи намайг юунд хараамуй?” Тэр хүүхэн өгүүлрүүн: “Би эцэг эхгүй, түшиж тулах хүнгүйн тул чамайг эрээ хийж эд хөрөнгөө тушаав. Чамайг сайн эр хэмээн сонссон бөлгөө, үзвээс эмээсээ айх ажгуу!” Үхэр шулам тэр хүүхнийг тэврэн үнсэж өгүүлрүүн: “Сайхан хүн, надад ямар буруу буй болбоос алгуур үхлээ, би буруугаа хүлээсүгэй.” Тэр хүүхэн өгүүлрүүн: “Би сая агуйн гадна, цэцэг үзэн цахирмаа түүж явахад гэнэт нэгэн нүүрэндээ үстэй, аянгын эрхтэн мэт тойн ирэхэд би маш айвай. Би түүнээс: Чи хаанаас ирсэн хүн буй? хэмээн асуусанд тэр: Төмөр дэвүүрт гүнж үхэр ванг залтугай хэмээн илгээв хэмээмүй. Би нэг хэдэн үг өгүүлсэнд, тэр намайг хараан шийдэм далайн алсугай хэмээхэд би дутааж ирэв, баахан удсан аваас түүнд алагдах болой! Энэ нь чамаар эрээ болгосны зовлон бус буюу? Намайг айлгаж үхүүлэхэд хүргэв!” Үхэр шулам царайгаа төв болгон буруугаа хүлээсний хойно, тэр хүүхэн сая уйлахаа зогсов. Үхэр шулам өгүүлрүүн: “Сайхан хүнд нуулгүй хэлсүгэй, тэр гадил агуй хэдийгээр буйд газар боловч цухам ариун цэвэр амарлингуй орон бөлгөө, миний тэр төмөр дэвүүрт гүнж хэмээгч хараахан багаасаа бүтээлийг олсон хувилгаан, гэрт нэг ч эр хүнгүй, хаанаас ийм хүнийг зармуй, лав өөр газрын шулам хуурч ирсэн буй за, би гарч үзсүгэй” хэмээв.

 

Тэр үхэр шулам бичгийн гэрээс гарч, гол тэнхимд орон хуяг дуулгаа өмсөж гарт шийдэм барин гарч ирээд их дуугаар: “Хэн миний энд ирж дэмий аашилмуй” хэмээсэнд, Бичин хажууд байж түүний байдлыг үзвээс, таван зуун жилийн урьдах лугаа адилгүй болжээ. Ганц үзвээс:

 

Тэргүүнд төмөр дуулга дарж, биед алтан хуяг өмсчээ; хөлд буган гутал өшиглөн, дундуур арслан бүс бүсэлжээ. Гархин хоёр нүд нь гэрэлтэж, гас улаан хөмсөг нь босчээ. Ангайсан ам нь цуст сав мэт, ярзайсан шүд нь хурц хутга адил. Мөөрч хүрхрэх долгин дуунаа савдаг навдаг зайлж, магшин алхах догшин сүрт муу сайн албин завхмуй. Ертөнцийг түйдэгч хаан хэмээн дэлхий дахинаа алдаршиж, Их хүчит ван хэмээн баруун орноо өргөгджээ.

 

Бичин багш дээлээ засан урагш давшиж ёслон өгүүлрүүн: “Ах, өчүүхэн дүү намайг таних буюу?” Үхэр шулам хариу ёслон өгүүлрүүн: “ Чи тэнгэр лүгээ чацуу Их богд Бичин мөн босюу?” Бичин өгүүлрүүн: “Мөн, мөн. Салснаас нааш нэг ч олж золгосонгүй, сая нэгэн хүүхнээс асууж ахад олж золгов. Өнгө зүс өнгөрснөөс нэн лагшин бэлгэтэй болжээ.” Үхэр шулам зандан өгүүлрүүн: “Чи сайхан үг хэлэх хэрэггүй! Би сонсвоос чи тэнгэрийн оронг ихэд түвээн бурхан багшийн таван махбодийн ууланд дарагдаад орчимхон саяыг тэнгэрийн ялнаас хэлтэрч Тансагийг хамгаалан, баруун орны бурханд бараадан ном залахаар одмуй хэмээмүү, гэтэл чи тэмдэгт уулын хувхай нарст зэвийн гал үүлт агуйгаар өнгөрөхдөө юунд миний хөвгүүн Идэр богдыг хөнөөсөн буй? Үүний учир би хараахан чамд уурлаж байтал чи бас юунд намайг эрэхээр ирсэн буй?” Бичин бас ёслон өгүүлрүүн: “Ах, намайг юунд буруушаамуй? Ач хөвгүүн минь багшийг бариад идсүгэй хэмээхэд, дүү би түүнд хүчин мөхөстсөний тул, Хомсим бодисадва ирж миний багшийг авран түүнийг шавь болгон номд оруулсан бөлгөө. Ач хөвгүүн өдгөө ах чамаас ч дээр болоод баясгалантын үүднээ ашид мөнхрөн үүрд жарган амуй. Бас ямар үл болох газар буй хэмээн дүү намайг буруушаамуй?” Үхэр шулам хараан өгүүлрүүн: “Энэ муу уран үгт сармагчин! Чи бас юунд миний хаалганд ирж миний гэргий амраг хатныг дарламуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Би ахад золгосугай хэмээгээд тэр хүүхнээс ахыг сурсанд, тэр хүүхэн намайг хараасны тул би түүнийг айлгасан бөлгөө, үзвээс бэргэн ажгуу, ах уучлан аваачмуу!” Үхэр шулам: “Тийн бөгөөс хуучин нөхрийн нүүрийг үзэж чамайг тавин илгээсүгэй, чи од” хэмээв.

 

Бичин өгүүлрүүн: “Ахын уучилсанд их л баярлав, ганц нэгэн явдал буй, надад туслах ажааму.” Үхэр шулам хараан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин, би чамайг уучилсанд одохгүй харин бас тусал хэмээн янших нь юун!” Бичин өгүүлрүүн: “Ахад нуулгүй хэлсүгэй. Өчүүхэн дүү би Тансагийг хамгаалан баруунш одоход гал ууланд хашигдаад гарч чадахгүйд их бэргэн эм Рагчаагаас гадил дэвүүрийг гуйхаар эчээд эс олов, тиймийн тул ахад ирэв. Ах тэнгэр газар мэт уудам их өршөөлийг үзүүлэн өчүүхэн дүү лүгээ их бэргэний тэнд нэгэн удаа хүрч дэвүүрээ зээлэн өгч, галыг унтраан Тансагийг гаргасан хойно, дэвүүрийг хирдүүлэхгүйгээр эгүүлэн барьсугай.” тэр үхэр шулам тэсгэлгүй хилэнлэн шүдээ тас зуун хараан өгүүлрүүн: “Үзвээс, чи лав дэвүүр зээлэх нэрээр миний их эмийг дарласанд, тэр чамд эс өгсний тул, чи намайг эрэхээр ирсэн буй за, өдгөө бас миний гэргий амраг хатныг айлгав! Энгийн үгэнд: “Нөхрийн гэргийг дарлаж үл болох, найзын татварт халдаж үл болох” хэмээжээ. Чи өдгөө миний гэргийг дарлаж, татварт халджээ, нааш ирж миний шийдмийн амтыг үз!” Бичин өгүүлрүүн: “Ах цуугилдсугай хэмээвээс дүү би мөн айхаар үгүй. Ганц дэвүүр зээлэх нь дүү миний чухам хэрэг тул түмэнтээ гуйх нь агсан өгч хэрэглүүлэх ажааму!” Үхэр шулам өгүүлрүүн: “Бид хоёул байлдан үзсүгэй, би эс дайлбаас чамд агсан өгсүгэй, хэрвээ чи надад дийлэгдвээс би чамайг алж өшөөгөө авсугай!” Бичин өгүүлрүүн: “Ахын үг зөв, өчүүхэн дүү эгнэгт залхуурсаар ахад ирж учирсангүй уджээ, энэ хэдэн жил ахын эрдэм ямар болсныг шалган үзсүгэй.” Үхэр шулам үг дуугүй төмөр шатмыг далайн тэргүүнийг даран занчин ирэхэд, Бичин бас алтан толтот бэрээг өргөн угтан байлдав. Эд хоёулаагийн энэ нэгэн зэрэг их л байлдсан нь:

 

Болд бэрээ эргүүлэн, төмөр шийдэм далайж, багын цагийн найз ханиа дурдахгүй болов. Тэр нэг нь өгүүлрүүн: “Сармагчин чинь, хөвгүүнийг минь хөнөөсөнд хорсож агсан бөлгөө!” Энэ нэг нь өгүүлрүүн: “Чиний хөвгүүнийг номын үүднээ оруулав, занах хэрэг юун буй?” Тэр нэг нь өгүүлрүүн: “Эргүү сармагчин, миний үүдэнд юунд ирэв?” Энэ нэг нь өчрүүн: “Учир бүхийн тул би эрэн сурч ирлээ. дэвүүрийг зээлэн Тансагийг гаргасу хэмээн нэгэн нь зөөлнөөр хэлэхэд, гадилаа би өгөхгүй хэмээн нөгөө нэгэн нь дэмий л харамламуй. Хэлэлцэн өгүүлэхийн хооронд хуучин найр эвдрээд, хоёр этгээд журмыг умартан цөм хилэн төрөв. Үхэр вангийн шийдмээс гүмбарва луу айн, Бичин багшийн бэрээнээс чөтгөр сахиулсан зайлмуй. Сая зөрөлдөхөд уулын доор агсан бөлгөө, сүүлээр болж цөм үүл хөлөглөн дэгдэв. Огторгуйн цээлд хувилгаан эрдмээ гаргаж, өнгөт үүлнээ гайхамшиг увидсыг хэрэглэмүй. Бэрээ шийдмийн харшилдах дуун тэнгэр газрыг түрхлүүлж, богд шулам зөрөлдөн байлдаж дийлэн дийлэгдэхийг ялгамуй.

 

Хоёул зуун удаа зөрөлдөн дээр дооргүй тэмцэн буухад, гэнэт уулан дээрээс нэгэн хүн: “Үхэр ван, миний ван таныг уримуй, эртхэн залрах ажааму” хэмээн дуудахад, үхэр шулам, төмөр шийдмээр болд бэрээг тосч Бичинд өгүүлрүүн: “Би нэгэн найзын гэрт одож хуриманд сууж ирээд чам лугаа байлдсугай!” хэмээгээд үүлийг дарж агуйд орон хас царайт гүнжид өгүүлрүүн: “Сайхан хүн, саяын тэр нүүрэндээ үстэй тойн хэмээгч Бичин болой. Би нэгэн зэрэг шийдэмдэж түүнийг дутаалгав, тэр айшгүй эргэж үл ирэх буй за, чи сэтгэлээ сул тавь, би хуриманд одмуй” хэмээгээд хуяг дуулгаа тайлж хар хилэн дээл сольж өмсөн үүдийг гарч, алтан цэцгийт усыг гишгэгч гөрөөсөө унаж, бага шуламд агуйг сайхан сахигтун хэмээн захиад үүл хөлөглөн баруун хойд зүгт одов.

 

            Бичин хадны дээр зогсож дотроо: “Энэ хөгшин бух бас ямар шулам лугаа ханилж хаана одож хуримлахыг би дагаж үзсүгэй” хэмээн сэтгээд ариун салхи болон хувилаад хойноос даган одов. Удалгүй нэгэн ууланд хүрмэгц тэр үхэр шулам үзэгдэхгүй болов. Бичин мөн биеэр болж, уулын дотор орж үзвээс, тэр уулын дунд нэгэн гүн цүнхээл амуй, цүнхээлийн хөвөөнд нэгэн хөшөө чулуу буй, хөшөөний дээр “Хүрмэн чулуун уул, хөхөмдөг долгиот цүнхээл” хэмээн сийлжээ. Бичин дотроо сэтгэрүүн: “Хөгшин бух лав энэ цүнхээлд орсон буй за, энд лав усан шулам орших буй за би орж үзсүгэй” хэмээв.

 

            Бичин тарни уншин гучин зургаан жингийн нийлэмж болон хувилаад цүнхээлд орон үзвээс нэгэн цамхаг буй, тэр цамхагаас үхэр шулмын унасан алтан цэцгийт усыг гишгэгч гөрөөсийг уяжээ. Бичин дотогш мөлхөн орвоос хөгжмийн дуу сонсдож:

 

Улаан ордон эрдэнийн харш, ертөнцөөс өөр үгүй. Алтаар дээвэрлэн, хасаар хачивчилж, толбоор тотголж, шүрээр бошголжээ. Өлзийт үүл бэлгэт туяа бадам тавцанг ороон, дээш гурван гэрэлд залгалдан, доош голдиролд нэвтэрчээ. Тэнгэрийн ордон далайн сан ус бөгөөтөл, энэ газар үнэхээр бодь арлаас хэтийджээ. Өндөр тэнхимд хурим тавьж эзэн зочид суулцан, их бага олон ноёд сувдын титэм тавьжээ. Хас дагиныг дуудаж шавааны тэвшийг өргүүлэн, хувилгаан өхийг шаардан арга билгийн аялгуу нийлүүлмүй. Урт халим уянгалан дуулж, улаан наймаалж үсрэн бүжиглэмүй. Лаг мэлхий лимбэ үлээн хэвтээ мэлхий хэнгэрэг дэлдэж, загасны үмхсэн эрдэнийн сувд хундага тавгийг гэрэлтүүлжээ. Шувуун сийлмэлийн гуурст үсэг хөхөмдөг халхавчид зэрэглэн, сам хорхойн сахлын орхиулыг давхар саравчинд өлгөжээ. Найман эгшиг давтан үүсгэж хувилгаан аялгуу хослон, гүндүүн шандуун эгшгийн дуу өнгөрөх үүлийг түдээмүй. Хөх тэргүүт саамана дууч хас царгил дэлдэж, улаан нүдэт арамана хөвгүүн үет бишгүүр хангинуулмуй. Тулан эмгэн орой дээрээ араатын өвчүүг өргөж, лусын охины тэргүүний хатгуурт алтан гарьд оцойжээ. Идэх нь хувилгаан тогоочны хийсэн найман эрдэнийн нарийн амттан, уух нь бат ордны хасын шөл аршийн нэрсэн дарс.

 

Хоймор нь үхэр шулам, хоёр этгээдэд гүмбарва шулам, хөгшин лус үр ач нараа дагуулан сууж хундага тулган архидан амуй. Бичин тэдний өмнө нь эчсэнд тэр хөгшин лус үзээд: “Тэр наймаалжийг барьж ир!” хэмээсэнд лусын ач жич нар зэргээр урагш давшин Бичинийг дарж хүлэхэд тэр наймаалж хүний хэлээр: “Амийг уучил, амийг уучил” хэмээв. Тэр хөгшин лус өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн наймаалж буй? Юунд айшгүй миний ордонд ирж хүндэт зочдын өмнүүр хөндлөн гулд явмуй? Түргэн хэл, чиний үхэх ялыг хэлтрүүлсүгэй!” Бичин худлаар өчрүүн:

 

“Төрөлх орон нуур тэнгис түр орших нь эргийн нүх, өдөр удтал амар тавтай суутал, гүндхаа явагч баатрын хэргэмд шинэ давшуулав. Эчих ирэхэд өвс шавраар зорчиж язгуураас ёслол дүрэмд бядуу бөлгөө. Хууль ёсыг үл мэдэн вангийн сүрд халдав, хайр өршөөл хүртээн ялыг түр уучилмуу!”

 

Суудалд байсан олон шулам цөм хөгшин лусын зүг бие мэхийн ёслон: “Наймаалж баатар аршийн ордонд анх ирж ёс төрийг мэдэхгүй тул орж ирсэн ялыг нь их ван уучилж ажааму” хэмээсэнд, хөгшин лус: “Тийн болбоос түүний ялыг тэмдэглэн гадна гарга!” хэмээв. Бичин гарч ирээд цамхагийн дэргэд хүрч дотроо сэтгэрүүн: “Би эдний хурим тархахыг хэзээ хүлээмүй...... Тархавч дэвүүрээ тэр надад юунд өгмүй. Би үүний алтан цэцгийт гөрөөсийг хулгайлан үхэр шулам хувилж одоод эм Рагчааг хууран дэвүүрийг авч багшаа уул гаргаваас барав...”

 

            Төд алтан цэцгийт гөрөөсийг тайлан авч алавхийн мордоод уснаас гаран үхэр шулам болон хувилж, гөрөөсийг ташуурдан үүл хөлөглөн хөх үүлт уулын гадил агуйд ирээд: “Хаалга тайл!” хэмээн дуудсанд, хаалгачин охид хаалгыг нээж үзвээс үхэр ван ажгуу. Хаалгачин охин яаран орж: “Хатан эх их ван ирэв” хэмээн мэдүүлсэнд, тэр эм Рагчаа үс зүсээ засан, үүлэн дээр явах мэт нахилзан алхсаар гарч ирээд угтан авав. Бичин гөрөөснөөс буусанд, эм Рагчаа түүний гараас нь барьж дотор орон суусан хойно охидыг дуудан цай барив. Олноор их вангийн ирснийг үзээд үл хүндлэн хичээнгүйлэхээр үгүй.

 

            Бичин эр эмийн ёсоор мэндэлцсэн хойно ийн өгүүлрүүн: “Хатны бие лагшин тунгалаг буй за.” Эм Рагчаа: “Их вангийн үлэмж буянд ивээгдэв” хэмээгээд бас: “Их ван шинэ хүнийг олоод шивэгчин намайг орхисон бөлгөө, энэ өдөр ямар салхи чамайг үлээн авчрав?” Бичин инээн өгүүлрүүн: “Хатныг юунд айшгүй орхимуй, ганц хас царайт гүнжид уригдсанаас хойш гэрийн хэрэг арвин, ирж явалцах нөхөр хань олон тул чөлөө эс гарав. Хэдий гадна ундрах боловч харин ч бас нэгэн адал хөрөнгийг босгосон болой” хэмээгээд бас ийн өгүүлрүүн: “Орчим сонсоход тэр Бичин хэмээгч Тансагийг хамгаалан гал ууланд хүрч ирэх шахав хэмээмүй, тэр Рагчаа дэвүүр агсан авахаар ирэх магадгүй, тэр ирвээс чи надад мэдээ өг, би түүнийг барьж хөвгүүнийхээ өшөөг авч бид хоёр хорслоо тайлсугай.” Рагчаа тэр үгийг сонсоод нүд нулимс унаган өгүүлрүүн: “Энгийн үгэнд “Эр хүнд эхнэр үгүй болбоос эдэд эзэн үгүй, эхнэр хүнд эр үгүй болбоос бие эзэн үгүй” хэмээжээ. Би тэр сармагчинд алагдан алдав!” Бичин сонсоод хилэгнэх байдал гаргаж хараан өгүүлрүүн: “Тэр сармагчин хэзээ өнгөрөн гарч одсон буй?” Рагчаа өгүүлрүүн: “Тэр сармагчин өнгөрөн гараагүй, өчигдар тэр дэвүүр зээлэхээр миний энд ирсэнд, хөвгүүнийхээ өшөөг авсугай хэмээн түүн лүгээ байлдаад сэлмээр хэдэнтээ цавчсанд, тэр сармагчин харин өвдөхийг тэсвэрлэж их ванг ах болмуй, намайг бэргэн болмуй хэмээмүй.” Бичин өгүүлрүүн: “Таван зуун жилийн өмнө бид долуул журмын ах дүү барилдсан бөлгөө.” Рагчаа өгүүлрүүн: “Би хараавч тэр дуугарахгүй, бие цавчивч тэр гар хөдлөхгүйд би дэвүүрээ дэвэв. Тэр хаана хүрээд салхин тогтоох увидас олж ирснийг мэдэхгүй, энэ өглөө дахин ирж орлиход би дэвүүрээр дэвэвч түүнийг өчүүхэн ч хөдөлгөж чадахгүй болжээ. Би сэлмээр цавчсанд тэр найр тавихгүй болов. Би түүний шийдмээс айж агуйд дутаан ороод хаалгаа дарсанд тэр яахан орж ирснийг мэдэхгүй, харин миний гэдсэн дотор орсонд би аргагүй дэвүүрээ түүнд өгөв.” Бичин бас хуурмагаар өвчүүгээ дэлдэн: “Хайрхан! хайрхан! Юунд энэ эрдэнийг түүнд өгөв?” хэмэв.

 

            Рагчаа инээн өгүүлрүүн: “Их ван бүү хилэгнэ. Түүнд өгсөн нь худал дэвүүр.” Бичин: “Үнэн дэвүүр хаа буй?” Рагчаа: “Гайгүй! гайгүй! Надад буй” хэмээгээд хуримын ширээ засуулан архи нэрж Бичинд барин ийн өгүүлрүүн: “Их ван шин хүнтэй болсон боловч хар багаас уулзсан нөхрөө бүү март, хуучин нутгийнхаа архинаас нэгэн хундага уу.” Бичин айшгүй маргаж үл болох тул тосон авч инээн өгүүлрүүн: “Би энэ хэдэн жил хөрөнгө олсугай хэмээн гадагш яваад, хатнаас салж одов. Өдгөө хатанд тал өгөн урьдаар нэг хундага барьсугай” хэмээн барьсанд, Рагчаа авч уугаад бас нэгэн хундага сэргээж өгүүлрүүн: “Эртний үгэнд “Эм хэмээгч эрийн хүчинд болой” хэмээжээ, бас юунд тал өгөх хэмээмүй” хэмээгээд харилцан найр тавин архидахад Бичин бачигаа эвдэхээс айж хундагыг тавин жимсийг нь идэн хэлэлцэн суув.

 

            Рагчаа арваад хундага уусны хойно тачаангуй сэтгэл нь нэгэнт хөдлөөд, Бичинийг ивэн гараас барин үнсэн эрхлэхэд Бичин мөн хуурмагаар санаа нийлүүлэн аяыг дагуулж ивэн сууж инээн хэлэлцмүй. Энэ үнэхээр:

 

Архи хэмээгч зугааг хөөх хөг, зовнилыг арилгах шүүр, урмыг төрүүлэн уйтгарыг сэргээхүйеэ үүнээс ахлах юм үгүй. Эр нь зориг чанга өвчүү цээж уудам, эхнэр нь сэтгэл хөвхөж инээн наадмуй. Булбарай хацар нь боловсорсон тоор мэт улбалзан, нарийхан бие нь найлзуур уд адил нахилзмуй. Шивнэн шовнон сэтгэлийн үгээ хэлж, чимхэн татлан цэнгэлийн санаагаа мэдэгдмүй. Байн байн гэзгээ илж, бас бас гараа зармуй. Даруй даруй ханцуйгаа сэгсэрч, дахин дахин хөлөө илмүй. Ооны хүзүү гэгэлзэн, удын нуруу мушгилдмуй. Эгээрэл хүсэл үгийг эгэн эгэн хэлж, энгэрийн товчийг тайлан өвчүү цээжээ гаргамуй. Халамшин согтохуйяа хамаг бие ундран, харах нүд жирмэлзэн хурьцлын сэтгэл хөвхөлзмүй.

 

Бичин түүний халамшсаныг үзээд үгээр тэнсэн өгүүлрүүн: “Чи тэр дэвүүрээ хаа тавьсан буй? Эрт орой хичээвээс сайн! Тэр Бичин хэмээгч хувилах улирах хэцүү, бас ирж хууран аваачих магадгүй.” Эм Рагчаа инээн аман дотроосоо гүйлсэн навчинд адил нэгэн дэвүүрийг Бичинд гарган өгч: “Энэ бус буюу?” хэмээсэнд, Бичин тосч аваад дотроо: “Ийм өчүүхэн юм тэр их галыг яахан унтрааж чадмуй?...... бас худал юм мэдэшгүй.” хэмээн сэтгэн байхад, эм Рагчаа ирж Бичиний нүүрийг үнсэн өгүүлрүүн: “Амраг минь чи эрдэнээ хурааж архи уухгүй, түүнийг дэмий л үзэж юу хиймүй?” Бичин дашрамд нийлүүлж өгүүлрүүн: “Ийм өчүүхэн юм яахан найман зуун газрын галыг сөнөөн чадмуй?” Архи хэмээгч үнэн үгийг уудлах тул эм Рагчаа өгүүлрүүн: “Их ван одсоор хоёр жил болов, санаваас өдөр шөнөгүй жарган цэнгэлдсээр тэр хас царайт гүнжид сүр сүлдээ автагдсан буй за; юунд өөрийн эрдэнээ мэдэлгүй цөм умартсан аж? Ганц солгой эрхий хуруугаар дэвүүрийн ишний дээрх долдугаар улаан судсыг дараад “Худармани падарсуухаа” хэмээх тарнийг нэгэнтээ уншваас даруй хоёр алд хоёр тохой их болмуй, энэ эрдэнэ хувилах улирах мохошгүйд, найман зуун газрын гал байтугай найман түмэн газрын галыг боловч нэгэн дэвүүрт сөнөөмүй.”

 

            Бичин тэр тарнийг сэтгэл дотроо тогтоон цээжлээд дэвүүрийг аман дотроо үмхэж, нүүрээ илэн биеэр болж дуудан өгүүлрүүн: “Өлөгчин чи үз! Би чиний эр мөн буюу! Чи хэдий чинээ шалиглан аашилж над лугаа ноцолдов, ичгүүргүй! Ичгүүргүй!”  Тэр эм Рагчаа Бичинийг үзэж маш ичүүрэн газар унаж: “Намайг ичээж алав” хэмээн гаслав.

 

            Бичин түүний үхэж унахыг огт хайхралгүй, гараа сажин гадил агуйгаас гараад огторгуйд дэгдэн гарч, үүлийг хөлөглөн, уулын оргил дээр бууж, амнаасаа тэр дэвүүрийг гаргаад, түүний хэлсэн ёсоор зүүн гарын эрхий хуруугаар ишний дээрх долдугаар улаан судсыг дарж “Худармани падарсуухаа” хэмээн уншсанд, үнэхээр хоёр алд хоёр тохой их болов. Бичин гарт бариад нарийвчлан үзвээс урьд удаагийн тэр хуурмаг дэвүүр лүгээ огт адилгүй, алтан гэрэл цацран ариун уур бүрхээд тэнгэр нь хөндлөн гулд гучин зургаан улаан судас аж, гадар дотор харилцан нэвтэрчээ. Бичин их болгох тарнийг сурснаас бага болгох тарнийг сурсангүй тул аргагүй тэр ёсоор мөрөн дээрээ мөрлөж ирсэн замд орон одохыг түр өгүүлэхгүй.

 

            Жич өгүүлэх нь, тэр үхэр шулам хөхөмдөг долгиот цүнхээлд олон шулам лугаа хуримлан тархаад гарч ирэн үзвээс ус гишгэгч алтан цэцгийт гөрөөс нь үзэгдэхгүй болсонд, лусын хаан бүгд шулмасаа цуглуулан: “Таны хэн нь үхэр вангийн хүлгийг хулгайлан тавив?” хэмээн загнахад, бүгдээр сөгдөн өчрүүн: “Бид тавьсангүй, бид цөм гэр дотор архи хулгайлан таваг зөөж дуулан бүжиглэн авай, энд нэгэн хүн ч ирсэнгүй.” Хөгшин лус өгүүлрүүн: “Эд цөм гэрийн хүүхэд тул айшгүй тавих хүн үгүй, гаднаас өөр хүн ирсэн буюу?” Лусын ач жич нар мэдүүлрүүн: “Анх хурим тавих үес орж ирсэн тэр наймаалж болбоос гадны хүн бөлгөө.” Үхэр шулам гэнэт ухан өгүүлрүүн: “Хэлэх хэрэггүй энэ өглөө эргийн зарч урихад би төв хэмээн Бичин лүгээ байлдаж байсан бөлгөө. Тэр Бичин, Тансагийг хамгаалан ном залахаар одох замдаа гал ууланд хашигдаж гарч чадахгүй болоод намайг эрэн гадил дэвүүрийг зээлсүгэй хэмээсэнд, би түүн лүгээ мэлзээ тавин байлдаад дийлэн дийлэгдэх ялгарсангүйгээр энд ирсэн бөлгөө, тэр Бичиний эрдэм чадал мохошгүй, лав тэр наймаалж хувилан ирээд мэдээ авч миний хүлгийг хулгайлан гэргийгээс дэвүүрийг хуурч аваад одсон буй за!” Олон шулам цөм их л эмээн асууруун: “Тэр даруй тэнгэрийн орныг түйвээсэн Бичин мөн буюу?” Үхэр шулам өгүүлрүүн: “Төв хэмээн тэр мөн. Олон гүн нарын дотор баруун газар одох зам хавиар сууж байх хүн байваас, түүнээс зайлбаас сайн.” Хөгшин лус өгүүлрүүн: “Тийм болбоос их вангийн хүлэг юу хийвээс сайн?” Үхэр ван инээж: “Гайгүй! гайгүй! Олон бүгд тарх, би түүнийг нэхэж авсугай” хэмээв.

 

            Тэр үхэр шулам уснаас гарч шар үүлийг хөлөглөн удалгүй хөх үүлт уулын гадил уурт хүрч чагнаваас, агуйн дотор эм Рагчаа эвхрэн дэвхцэж эхэр татан уйлж амуй. Хаалгыг түлхэн орвоос ус гишгэгч алтан цэцгийт гөрөөс бас уяатай баймуй. Үхэр шулам яаран: “Хатан, Бичин хааш одсон буй?” хэмээн асуусанд олон охид түүнийг тойрон сөгдөж: “Өвөг ван ирэв!” хэмээлдэв. Эм Рагчаа, үхэр шулмын хормойгоос татан барьж хараан өгүүлрүүн: “Хөгшин хөлтүүр чамайг тэнгэр ниргэх болтугай! Хүлгээ хичээлгүй тэр Бичинд хулгадав. Тэр чиний адил хувилан ирээд намайг хуурав!” Үхэр шулам шүдээ зуун хараан өгүүлрүүн: “Тэр сармагчин хааш одов?” Рагчаа өвчүүгээ дэлдэн хараан өгүүлрүүн: “Тэр сармагчин миний эрдэнийг хууран аваад мөн биеэр болон одов!” Үхэр ван тайтгаруулан өгүүлрүүн: “Хатан сэтгэл амар байж биеэ бүү зовоо. Би түүнийг нэхэн одож, арьсыг нь өвчин, ясыг нь хэмхчээд, элэг бөөрийг нь уудлан гаргаж чиний уурыг тайлсугай!” хэмээгээд “Зэвсгийг авчир!” хэмээсэнд зарц охид өгүүлрүүн: “Өвгийн зэвсэг энд үгүй болой.” Үхэр шулам өгүүлрүүн: “Тийн болбоос хатан эхийнхээ зэвсгийг авч ир!” хэмээв. Зарц охид хос сэлмийг авчирч өгсөнд үхэр шулам хуриманд өмссөн хар хилэн дээлийг тайлан дотор хувцасны бүсийг чангалан гарт сэлмээ барин гадил агуйгаас гарч гал уулын зүг нэхэн ирэв. Энэ нэхсэн нь чухам ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 14 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 1 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 30 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 34 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 16 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 49 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 53 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 53 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 27 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 36 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 46 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 52 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 14 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 31 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 25 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 49 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 50 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 5 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК