зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН НАЙМДУГААР БҮЛЭГ:


ХОЁР СЭТГЭЛ ТЭНГЭР ГАЗРЫГ ХУТГАН САМУУРУУЛАВ

НЭГЭН ДҮР ҮНЭН НИРВАНЫГ БҮТЭЭХЭД ХЭЦҮҮДЭВ

 

            Тэндээс Бичин Шороо хоёул бодисадвад мөргөн салаад хоёр зурвас алтан гэрэл татан өмнө далайгаас гарч одоход Бичиний үүл хөлөглөх түргэн, Шороогийн үүл хөлөглөх удаан тул Бичин урьд одсугай хэмээв. Шороо сэжиглэн: “Ах чи намайг бүү хуур, бид хамт эчсүгэй” хэмээсэнд Бичин Шороо лугаа хамт үүл хөлөглөн одов. Удалгүй цэцэг жимст ууланд хүрээд үүлийг даран хоёул агуйд ойртон үзвээс, үнэхээр нэгэн Бичин чулуун тавцан дээр сууж олон бичид лүгээ архидан амуй. Байдал шинж Бичин лугаа яг адил: шар үст тэргүүнд алтан цагираг зүүж, биед өмссөн намжирын дундуур барсын арьсан хормойвч бүсэлжээ; гарт алтан толтот болд бэрээ атган; хөлд бугуйн арьсан гутал өшгөлжээ; алтан цэцгийт ал нүдэн гэрэлтэж, аянгын эрхтний байдал хэвээр байжээ; татанга эрүү, хавтгай хацар, сэртгэр чих түнтгэр магнай нь огт ялгагдахгүй.

 

            Бичин түүнийг үзмэгц тэсгэлгүй их л хилэгнэн Шороог орхиод, шийдэм өргөн хараан өгүүлрүүн: “Чи хаанах шулам, айшгүй надад адил хувилан миний аршийн орныг эзлэн жаргамуй!” Тэр Бичин өчүүхэн бээр дуу гаралгүй шийдэм өргөн угтан ирэв. Хоёул зөрөлдөн байлдахад үнэхээр ялгагдахуйяа бэрх. Энэ нэгэн зэрэг байлдсан нь:

 

Хоёр Бичин хос бэрээ далайн, хатган байлдахуйяа хувилгаан эрдэм хэцүү, хоёул цөм Тан хааны дүүг хамгаалсугай хэмээн хувь хувьд гавьяа бүтээн хожим нэрээ мандуулсугай хэмээмүй. Хувилгаан Бичин хуврагийн санваарыг үнэхээр авсан бөлгөө, хуурмаг сармагчин бурхны учрыг худлаар чалчин өгүүлмүй. Хувилан улирах хувилгаан рид алинд цөм буй, худал үнэн ялгагдахгүй хоёулын хүч тэнцжээ. Нэгэн нь галав үүсэх үеийн гайхамшиг уур тэнгэр лүгээ чацуу их богд, нэгэн нь удаан оны бясалгасан газар товчлогч гайхамшигт шулам. Энэ нэгний хэрэглэх нь алтан толтот чандмань бэрээ гэвэл, тэр нэгний зарах нь сэтгэлийг хангагч төмөр голт шийдэм. Занчин тосох хүч нийлэн дийлэн дийлэгдэх ялгарахгүй, зайлан тулалдах завшаан тэнцэн олох алдах мэдэгдэхгүй. Анх эхлэхүйеэ агуйн гадна ихэд байлдлаа, алалдан тэмцсээр удалгүй агаар тэнгэрт гарчээ.

 

Хоёул цөм үүл хөлөглөн асар тэнгэрийн цээлд үхэн байлдахад, Шороо хажуугаас нь тусалсугай хэмээвч ялгаж танихгүйн тул, удтал хүлээгээд шийдэм далайн усан үүдэт агуйн зүг ороход бүгд бага бичид цөм дутаав. Тэр чулуун ширээг урвуулан хорго савыг цөм хэмх занчаад газар бүр ирэвч амьтайгаа эс олов. Үзвээс нэгэн хүрхрээ доош буун агуйн хаалгыг халхалсны тул усан үүдэт агуй хэмээсэн ажгуу. Үүний уг учрыг Шороо мэдэхгүй тул амьтайгаа эрж олсонгүй ажгуу. Шороо үүл хөлөглөн огторгуйд гарч эрдэнийн шийдмээ өргөн тусалсугай хэмээвч аль нь үнэн Бичин болохыг мэдэхгүй атал, Бичин өгүүлрүүн: “Шороо урьд эгэж энэ учрыг багшид өгүүл, би үүн лүгээ өмнө далайн Будлан ууланд хүрч бодисадвагаар үнэн худлыг ялгуулсугай” хэмээхэд, нөгөө Бичин нь мөн өгүүлмүй. Тэр хоёулын зүс байдал үг дуун цөм адил тул Шороо ялган ядаад, аргагүй үүлийг эгүүлэн Тансагт мэдүүлэхээр одохыг өгүүлэхгүй.

 

            Тэндээс хоёр Бичин цуугилдсаар Будланд хүрсэнд, Чойжин нар үзээд даруй Чойяан агуйд орж бодисадвад “Хоёр Бичин цуугилдсаар ирэв” хэмээн мэдүүлсэнд, бодисадва даруй Мүз Манибадар хөвгүүн, сайн Эддү охинтныг авч бадам дэвцгээс буун, үүдийг гараад өндөр дуунаар зандан: “Адгуусан хааш одмуй!” хэмээхэд хоёул цөм ноцолдсоор бодисадвад ийн өгүүлрүүн: “Энэ муу шулам над лугаа адил хувилан байхад шавь би үүн лүгээ удтал байлдан дийлэн дийлэгдэх ялгарахгүй бөгөөд Шороо бас ялган чадахгүй тул, шавь би түүнийг багшид мэдүүлэхээр явуулав. Бодисадва билгийн нүдээр үнэн худлыгнь ялгаж шулмыг барих ажааму” хэмээн хоёул адилаар өгүүлэхэд, бодисадва олон тэнгэр нар үзээд мөн эс танив. Бодисадва ийн зарлиг болруун: “Та хоёул зууралдахыг байж зайтай зогс, би дахин лавлан үзсүгэй” хэмээхэд, хоёул гараа тавин хоёр этгээдэд зогсоод нэгэн нь: “Би үнэн Бичин мөн!” хэмээхэд нэгэн нь: “Тэр хуурмаг Бичин!” хэмээмүй.

 

            Бодисадва, Мүз Манибадартанд сэмээр зарлиг болруун: “Та хоёул хүн бүр нэжгээдийг нь барь, би цагираг чангатгах тарнийг уншсугай, өвдсөн нь үнэн, эс өвдсөн нь худал буюу” хэмээсэнд, хоёр Бичин зэргээр газар өнхрөн: “Бүү унш! Бүү унш!” хэмээмүй.  Уншихыг зогсмогц тэр хоёул өвдөхгүй болоод мөн ноцолдон цуугилдан эхлэв. Бодисадва арга ядан олон тэнгэр нар Мүзтэнийг тусал хэмээхэд, тэд мөн ялган чадахгүй тул туслан эс чадав. Бодисадва: “Бичин” хэмээн дуудваас хоёул зэргээр өчмүй. Бодисадва таних аргагүй болсон тул ийн зарлиг болруун: “Чи эрт өдөр тэнгэрийн орнын ихэд түйвээн агтын даамал байв. Дээд орны эрхтэн нар чамайг цөм таньмуй; чи тэнд одож таниулаад хойш ирж хэл” хэмээсэнд нөгөө Бичин бас өршөөл хэмээн сөгдөв.

 

            Хоёул ноцолдсооо тэнгэрийн өмнө хаалганд хүрэхэд бярайвц Махаранд, Ма, Жоу, Вэн, Гуан дөрвөн өрлөг хаалганы олон эрхтэн лүгээ яаран ирж хориглон өгүүлрүүн: “Хаа одмуй! Энд таны тэмцэлдэх газар буюу?” Хоёр Бичин зэргээр өгүүлэв: “Би Тансагийг дагаж баруун газраас ном залахаар одоход замд нэгэн бүлэг дээрмийг алсан миний багш Тансаг намайг үлдэв. Би Будлан ууланд очиж Хомсим бодисадвад зовлонгоо тоочихын зуур, энэ шулам миний байдлаар хувилан Тансагийг занчин унагаагаад амьтайг булаан аваачжээ. Шороо Цэцэг жимст ууланд намайгм эрэхээр эчвээс энэ шулам миний агуйг эзлэн байсан тул Шороо Будлан ууланд одож бодисадвад айлтгахаар эчээд, намайг тавцангийн дэргэд зогсож байхыг үзэж, чи урьдчилан ирж бодисадваг хуурав хэмээн намайг хүртэхэд, бодисадва гэгээнд тольдож Шороогийн үгийг итгэж ядан, бид хоёулыг цэцэг жимст ууланд хүрч үзтүгэй хэмээв. Бид хоёул одож үзвээс тэр шулам өвгөн Сүн над лугаа нэгэн адилд усан үүдэт агуйгаас Будлан ууланд хүртэл байлдсан ч бодисадва мөн ялган эс чадсан тул энд хүрч ирэв, тэнгэр нар билгийн нүдээр бид хоёрын аль нь үнэн Бичин, аль нь худал Бичин болохыг ялган өгөх ажааму.” Тэнгэрийн эрхтэн нар удтал үзээд бас ялган таньж эс чадав. Тэд хоёул зандан өгүүлрүүн: “Ялган таньж эс чадваас зам тавь, бид хурмастад золгохоор одмуй!”

 

            Олон эрхтэн хориглон чадахгүй тавин оруулахад, хоёул бидэрьяа эрдэнийн харшид хүртэл, Ма өрлөг, Жан, Хэ, Шьюй, Чьюй дөрвөн адиша яаран дотогш орж хурмастад айлтгаруун: “Доор ертөнцийн адил хоёр Бичин ирж хурмастад золгосугай хэмээн цуугилдмуй” хэмээтэл тэд хоёул цуугилдсаар орж ирэв. Хурмаст ихэд мэндүүрэн эрдэнийн суудлаас босч асууруун: “Та хоёр ямар хэрэг аж зоригоор тэнгэрийн орныг түйвээн миний энд үхэхээ эрж ирэв!” Хоёр Бичин зэргээр: “Түмэн наст! Сайд би өдгөө би бурхны номд орсон тулд дахин аймшиггүй дээдэд халдах үгүй болжээ; ганц энэ шулам сайд миний дүрээр хувилаад...” хэмээгээд урьдын учраа нэгэн зэрэг нарийвчлан тоочиж, “…сайд надад үнэн худлыг ялгаж өгөх ажааму!” хэмээв. Хурмаст зарлиг буулган Суваргат Махаранзыг дуудан: “Чи “Шулмыг тольдогч толь”-оор тольдож үз, үнэнийг нь үлдээн, худлыг нь устгагтун” хэмээсэнд Махаранз толиор тольдов. Хурмаст хийгээд бүгд эрхтэн үзвээс толины дотор ав адил хоёр Бичин байв. Хурмаст мөн ялган чадахгүй хэмээгээд ордноос хөөн гаргав.

 

            Тэндээс хоёр Бичин жихүүнээр инээлдэн мөн ноцолдсоор тэнгэрийн орноос бууж “Би чам лугаа багшийн дэргэд одсугай! Би чам лугаа багшийн дэргэд одсугай!” хэмээн цуугилдан баруунш одох замд оров.

 

            Өгүүлэх нь, Шороо Цэцэг жимст ууланд тэд хоёроос салаад бас гурван шөнө гурван өдөр явж тосгонд хүрч Тансагт эчсэн учраа нэгэн зэрэг өгүүлсэнд, Тансаг гэмшин: “Тэр үед би Бичин ирж намайг занчаад амьтайг булаан аваачив хэмээн санасан бөлгөө, үзвээс шулам ирсэн ажгуу!” хэмээсэнд Шороо бас мэдүүлрүүн: “Тэр шулам бас нэгэн багш болоод цагаан морь, Гахай, Шороо адил хуурмагаар хувилсныг би үзээд хилэгнэн над лугаа адил хувилсныг цохиж алаад үзвээс Бичин шулам ажгуу, би бодисадвад айлтгахаар одсонд бодисадва намайг ах лугаагаа одож таньтугай хэмээв, тэр шулам ахад яг адил тул би туслан эс чадаад багшид мэдүүлэхээр ирэв.” Тансаг сонсоод их л цочсонд Гахай инээн: “Сайн! сайн! Бас нэгэн бүлэг ном залагч улс ирэх ажгуу, энэ өглөгийн эзэн эмгэний өгүүлсэн лүгээ нийлжээ” хэмээв.

 

            Тэр гэрийн их бага улс Шороогоос: “Чи энэ хэдэн өдөр хаанаас бадарлахаар одсон буй?” хэмээн асуусанд, Шороо инээн өгүүлрүүн: “Би дорно үлэмж биет тивийн цэцэг жимст ууланд хүрч ахаас амьтайгаа нэхэхээр одоод бас өмнө далайн Будлангийн Хомсим бодисадвад мөргөн дахин цэцэг жимст ууланд сая буцаж ирэв.” Гэрийн эзэн бас асууруун: “Хэдий хол буй?” Шороо өгүүлрүүн: “Эчиж ирэхдээ хорин түмэн газар баймуй.” Өвгөн өгүүлрүүн: “Ийм хол газрыг энэ хэдэн өдөрт үүлийг хөлөглөхөөс өөр яаж хүрэх буй!” Гахай өгүүлрүүн: “Үүлийг эс хөлөглөх бөгөөс далайг хэрхэн гэтэлмүй?” Шороо өгүүлрүүн: “Бид мөн удаан болой, миний их ах болбоос өдөртөө хүрч өдөртөө эгмүй.” Тэр гэрийн хүмүүс сонсоод цөм хувилгаан шидтэн болой хэмээн гайхалдахад Гахай: “Бид хэдий хувилгаан шидтэн бус боловч хувилгаан шидтэн харин бидний доор үе болмуй!” хэмээв.

 

            Тийн өгүүлэлдэн атал огторгуй дээр цуугилдах дуун гарахад бүгдээр гарч яаран үзвээс хоёр Бичин ноцолдон цуугилдсаар айсуй. Гахай үзмэгц: “Би танив” хэмээгээд, огторгуйд дэвхрэн гарч: “Номын ах бүү цуугилд, дүү би ирэв!” хэмээсэнд, хоёр Бичин зэргээр: “Дүү ирж шулмыг занч! Шулмыг занч!” хэмээв. Тэр гэрийн улс “Үүл хөлөглөгч архад нар миний гэрт залран буув! Өдөр бүр өргөц өргөн үлэмж буян үйлдсэн ч ийм сайн архад юуг минь гэрт буух аж!” хэмээн баясалдаад цаваа харамгүй бэлтгээд бас өгүүлрүүн: “Энэ хоёр багш тэнгэр газрыг хөрвөтөл байлдаад нэгэн газарт зовлон болжээ!” хэмээн дотроо зовнин байхыг Тансаг үзээд: “Өвгөн өглөгийн эзэн бүү гасал, ядуу тойн би шавиа хураамжлан шулмыг арилгасны хойно чамд тал өгсүгэй” хэмээсэнд, тэр өвгөн бас: “Аймшиггүй хүлээн үл чадмуй” хэмээв. Шороо өгүүлрүүн: “Өглөгийн эзэн багш лугаа суу, Гахай бид хоёул хүн бүр нэжгээдийг барьсугай, багш тарниа унш, үнэн нь өвдөх буй за.” Тансаг “Зөв” хэмээв.

 

            Шороо огторгуйд дэгдэн гарч та хоёул цуугилдаха зогс бид багшид одож үнэн худлыг ялгасугай хэмээн дуудсанд хоёр Бичин ноцолдохыг байв. Шороо нэгийг барьж Гахайн зүг: “Бага ах бас нэгийг барьтугай” хэмээгээд хоёул нэжгээдийг бариад үүл даран өвсөн гэрийн үүдэнд хүрсэн хойно Тансаг даруй цагираг чангатгах тарни уншсанд, хоёр Бичин хамтаар гаслан өгүүлрүүн: “Би ийнхүү гашуунаар байлдаж байхад, чи бас юунд тарнидмуй? Бүү унш! Бүү унш!” хэмээв. Тэр багш уншихаа зогсмогц хоёул мөн өвдөхгүй болов. Тэр хоёул цуугилдсаар зэргээр ийн өгүүлрүүн: “Дүү нар та багшийг хичээн сахь би үүн лүгээ эрлэг хаанд одож мөн бусыг ялгасугай!” хэмээгээд мөн ноцолдсоор үзэгдэхгүй болов.

 

            Төд Гахай өгүүлрүүн: “Шороо чи усан үүдэт агуйд одоод тэр худал Гахай амьтайг дамнасныг үзээд юунд булаан эс авчрав?” Шороо өгүүлрүүн: “Тэр шулам худал Шороогоо алагдсаныг үзээд намайг барьсугай хэмээн томоолон ирэхэд би дутаан одов. Би бодисадвад золгон ах лугаа агуйд дахиж хүрээд тэр хоёулын цуугилдахыг чөлөөнд би одож түүний ширээг урвуулсан ч үүдийг усаар халхалсан тул хаалгыг нь эс олов. Тиймийн тул хоосноор ирэв.” Гахай өгүүлрүүн: “Үзвээс чи мэдэхгүй тэр жил би номын ахыг залахаар эчсэнээ агуйн гадна учирсан бөлгөө. Би түүнийг өдөөн хэлснээ тэр дээлээ халсугай хэмээн агуйн дотор ороход, усаар шурган орсныг үзсэн бөлгөө. Тэр ус нь даруй агуйн хаалга мөн тул усан үүдэт агуй хэмээжээ, би бодоход манай амьтайг тэр шулам агуй дотор нуусан буй за.” Тансаг өгүүлрүүн: “Тийн болбоос тэр хоёулын гэрт үгүй чөлөөнд чи одож амьтайг авч ир, Бичин ирэвч би түүнийг авахгүй, бид баруунш одсу.” Гахай: “Би одсугай” хэмээсэнд Шороо өгүүлрүүн: “Агуйн гадна мянга түмэн бичид байнам, чи ганцаар хүчин мөхөсдвөөс гэдрэг харин муухай болмуй.” Гахай: “Гайгүй! Гайгүй!” хэмээгээд үүлийг хөлөглөн цэцэг жимст ууланд амьтайгаа аврахаар одохыг түр өгүүлэхгүй.

 

            Тэндээс хоёр Бичин ноцолдсоор эрлэгийн оронд хүрсэнд бүгд чөтгөр айн сандарч Шинра харшид орж: “Хаанаа! Нэгэн хос тэнгэр лүгээ чацуу их богд цуугилдан айсуй!” хэмээн айлтгасанд тэр нэгдүгээр харшийн Чамгуранз яаран хоёрдугаар харшийн Чойржалранз, гутгаар харшийн Сундиранз, дөтгөөр харшийн Бинжамранз, тавдугаар харшийн Ямранз, зургадугаар харшийн Пиндэмранз, долдугаар харшийн Дашимранз, наймдугаар харшийн Догшидранз, есдүгээр харшийн Уугамранз, аравдугаар харшийн Чакравардиранз нарт уламжилсанд, арван эрлэг хаан цөм сар харшид цугларч бас хүн илгээн газрын зүрхэн бодисадвад мэдүүлээд, эрлэгийн цэргийг цогцлуулан хоёр Бичинийг барьж үнэн худлыг ялгахаар хүлээв. Төдөлгүй салхи хөдлөн үүл манан татаад хоёр Бичин ноцолдсоор орж ирэв.

 

            Эрлэгүүд урагш давшиж төдхөн өгүүлрүүн: “Хаан танд ямар хэрэг аж ийн цуугилдан эрлэгийн оронд ирэв” хоёр Бичин зэргээр өгүүлрүүн: “Би Тансагийг даган ном залахаар одоод Кис Курган улсыг өнгөрөн нэгэн ууланд хүрвээс нэгэн бүлэг дээрэм гарч ирэн багшийг тоноход би хилэгнэн дээрмийг алсан бөлгөө. Багш уурлан намайг хөөсөнд, би өмнө далайн Хомсим бодисадвад мэдүүлэхээр одсон зуур, энэ шулам надад адил хувилаад багшийш занчин унагаж амьтайг нь булаан аваачжээ. Миний номын дүү Шороо Цэцэг жимст ууланд эчиж амьтайгаа нэхсэнд, энэ шулам харин миний уулыг эзлээд хуурмаг багш залж баруунш ном залахаар одохоор байжээ би бодисадвагийн дэргэд байтал, Шороо хүрч ирээд өмнөх учрын тоочин өгүүлсэнд, бодисадва бид хоёулыг цэцэг жимст ууланд хүрч үзтүгэй хэмээв. Бид хүрч үзвээс энэ амьтан үнэхээр  миний орыг эзлэн ажгуу. Би үүн лүгээ ноцолдсоор бодисадвагийн дэргэд хүрвээс үүний хувилсан нь над лугаа огоот адил тул бодисадва бас үнэн худлыг ялган эс чадав. Би бас үүн лүгээ ноцолдсоор хурмаст тэнгэрт хүрсэнд тэнгэрийн бүгд эрхтэн бас ялган эс чадсан тул багшийн дэргэд хүрэв. Миний багш цагираг чангатгах тарниа уншсанд энэ мөн над лугаа адилаар гаслан өнхөрмүй. Эрлэгийн хаадыг гуйх нь үхэж төрөх заяаны дэвтрийг байцаан үзэж энэ “Хуурмаг Бичин”-ий ирлийг түргэн олж сүнсийг авчран үнэн худлыг ялгах ажааму.” Эрлэг хаан яаран данс баригч түшмэлийг дуудан заяаны дэвтрийг нэг нэгээр шүүвээс “Хуурмаг Бичин” хэмээгчийн нэр үгүй, дахин адгуус амьтны дэвтрийг байцааваас угаас бичидийн нэгэн зуу гучин зүйлийн дэвтрийг урьд Бичин багш чадлыг олон эрлэгийн орныг ихэд түйвээхийн үед цөм балласан тул аливаа Бичиний зүйл цөм нэр үгүй болжээ. Байцаан эс олсныг Шинра харшид мэдүүлсэнд, арвин эрлэг тус тусын шошгоо барин Бичиний зүг: “Манай энд нэр үгүй, чи амьд ертөнцөд одож үнэн худлыг ялгатугай” хэмээв.

 

            Хараахан ийн өгүүлэлдэн атал газрын зүрхэн бодисадва ирж: “Түр байз, би чагнагчаар чагнуулж үнэн худлыг нь олгосугай” хэмээв. Тэр чагнагч хэмээгч газрын зүрхэн бодисадвагийн номын ширээн доор хэвтэгч гөрөөсөн ажгуу, тэр гөрөөсөн газарт хэвтэж чагнаваас агшин зуур тэнгэр газар дөрвөн тивийн аливаа хувилгаан сахиулсан хорхой шавжийн сайн мууг цөм мэдэх ажгуу. Тэр гөрөөсөн газрын зүрхэн бодисадвагийн зарлигаар Шинра харшийн хүрээний дунд хэвтэн чагнаад төдөлгүй үсрэн босч бодисадвад мэдүүлрүүн: “Шулмын нэрийг олов, илтэд хэл хүчлэн барьж болохгүй.” Бодисадва зарлиг болруун: “Юунд илтэд хэлж үл болох буй?” Гөрөөсөн өгүүлрүүн: “Илтэд хэлбээс шулам уурлаад манай энд цуугилдан, эрдэнийн харшийг түйвээн эрлэгийн орныг үймүүлэх магадгүй.” Газрын зүрхэн бодисадва бас зарлин болруун: “Хүчлэн барьж үл болох нь юун?” Гөрөөсөн өгүүлрүүн: “Шулмын рид хувилган нь их богд лугаа адил, манай энд үүнийг дийлэх хүн үгүй, тийнхүү барьж үл чадмуй.” Бодисадва зарлиг болруун: “Тийм болбоос юу хийвээс сайн?” Гөрөөсөн өчрүүн: “Бурхны ид шид цаглашгүй болой.” Газрын зүрхэн бодисадва хэдийн ухаад хоёр Бичинд зарлиг болруун: “Та хоёулын өнгө зүс адил эрдэм чадал адил үнэн худлаа ялгасугай хэмээвээс аянгын дуу сүмд одож түүнчлэн ирсэн бурхнаар тодолговоос сая болмуй.” Тэр хоёул зэргээр: “Мөн! Мөн! бид хоёул бурхны дэргэд одсугай!” хэмээв. Төд арван эрлэг хоёр Бичинийг үдээд газрын зүрхэн бодисадвад тал өгөн харшид эгэхийг өгүүлэхгүй.

 

            Тэндээс, хоёр Бичин үүл манан татан ноцолдон цуугилдсаар баруунш одов. Шүлгийн үг:

 

                        Хүнд хоёр сэтгэл байваас гай зовлон үүсч

                        Хөх тэнгэр хөвчин дэлхийд сэжиг ажиг төрнөм.

                        Эрдэнийн хөлөгт гурван гүнгийн суурийг санагалзаад,

                        Эгнэгт бас алтан харшийн тэргүүн тавцанийг бодолхийлмүй.

                        Өмнөш дайлан умарш байлдан нэгэн наснаа зүтгэж,

                        Өрнөдийг дайлан дорнодыг дармуй хэмээсээр төвшитгөн эс чаджээ.

                        Шашны үүднээ хүсэлгүйн нууцыг сурч

                        Самадийн бясалгалд хутагт үрийг бүтээх хэрэгтэй болой.

 

Тэр хоёул огторгуйгаар ноцолдон зууралдсаар шууд баруун бодийн орны хачир цогцолсон Гандарагүд уулын аянгын дуут сүмд хүрч ирвээс дөрвөн их бодисадва, найман их очирваань, таван зуун архад, гурван мянган Кирди, аяг тахимлаг шарибудари, ширван, бардакабуд зэрэг олон арш нар цөм долоон эрдэнэт бадам тавцангийн доор Шигэмунигийн ном номлохыг сонсон авай. Тэр Шигэмуни ийн хэмээн амларуун:

 

“Буй бусын дотор буй, үгүй бусын дотор үгүй, хоосон бусын дотор хоосон. Буйн дотор буй бус, үгүйн дотор үгүй бус. Өнгийн дотор өнгө бус, хоосны дотор хоосон бус. Хоосон мөн хоосон болой. Өнгө мөн өнгө болой. Өнгөнд тогтсон өнгө үгүй, өнгө мөн хоосон болой. Хоосонд тогтсон хоосон үгүй, хоосон мөн өнгө болой. Хоосныг хоосон бус, өнгийг өнгөгүй хэмээн ухваас нэр нь сэхээрэв хэмээмүү, сая гайхамшигт эгшгийг мэдэв хэмээмүү.” хэмээсэнд бүгдээр мөргөн уншиж байтал, бурхан даруй цэцгийн хурыг оруулаад эрдэнийн суудлаас босон олонд ийн зарлиг болруун: “Та нар цөм ганц сэтгэлтэй, өдгөө хоёр сэтгэлтний тэмцэлдэн ирэхийг үзэгтүн.”

 

            Олноор нүд өргөн харваас үнэхээр хоёр Бичин ноцолдон цуугилдсаар ялгуусан орон аянгын дуут сүмд айсуй. Найман их очирваань яаран урагш давшиж төдхөн өгүүлрүүн: “Та нар хаан одсугай хэмээмүй?” Бичин: “Энэ шулам миний дүрээр хувилсныг би бадам тавцангийн доор үнэн худлаа ялгуулсугай хэмээмүй” хэмээгээд цуугилдсаар шууд тавцангийн доор хүрээд бурханд мөргөн айлтгаруун: “Би Тансагийг хамгаалан ном залсугай хэмээн дээд орныг зориод, зам турш шулмыг дарангуйлан адыг арилган сэтгэл хүчнийг ихэд сүйтгэв. Өдгөө зам гудаст санамсаргүй тонооч дээрэмд тохиолдож, шавь би хоёр удаа дээрмийг занчин алав. Багш намайг буруушаан үзсэнд шавь би аргагүй Будлангийн Хомсим бодисадваг эрэн одож зовлонгоо тоочсон бөлгөө. Санамсаргүй энэ шулам шавь минь дүрээр хувилаад, багшийг занчин унагаж амьтайг булаан аваачжээ. Номын дүү Шороо минь ууланд эрэн хүрч амьтайгаа нэхсэнд, энэ шулам харин үнэн Тансагийг олж өрнөш ном залах хэмээн өгүүлэн авай. Шороо бие бултран өмнө далайд хүрч Хомсим бодисадвад мэдүүлсэнд бодисадва намайг Шороогийг хамт цэцэг жимст ууланд дахин эчүүлэв. Би түүн лүгээ үнэн худлыг ялгасугай хэмээн өмнө далайд хүрч дээд тэнгэрт гарч, багш лугаа золгож, эрлэгийн оронд хүрсэн ч цөм ялган таньж эс чадсан тул аймшиггүй энд хүрч ирэв. Гуйх нь, бурхан багш авралдаа багтаан, ихэд нигүүлсэхүй сэтгэлээр шавь надад үнэн худлыг ялгаж Тансагийг хамгаалан бурхны алтан биед бараадан ном залж зүүн газарт эгэж их шашныг үүрд мандуулахад туслах ажааму” хэмээхэд олноор үзвээс хоёул өгүүлэн үзэх нь нэгэн адил тул ялган таньж эс чадав. Ганц Шигэмуни бурхан илт ухаараад, сая шалтгааныг өгүүлсүгэй хэмээтэл гэнэт өмнө этгээдээс өнгөт үүлс хөвөлзөн Хомсим бодисадва хүрч ирээд бурханд мөргө.

 

            Бурхан алгаа хамтатган зарлиг болруун: “Хомсим бодисадва чи энэ хоёр Бичинийг үзэгтүн, аль нь үнэн аль нь хуурмаг буй?” Бодисадва айлтгаруун: “Эд уржигдар миний тэнд хүрсэн бөлгөө. Шавь би үнэн худлыг ялган таньж эс чадсанд эд бас тэнгэрийн орон, эрлэгийн газарт одоод цөм ялган таньж эс чадав. Бурхан өршөөвөөс эдний үнэн худлыг нь ялгаж өгөх ажааму.” Бурхан мөшөөн зарлиг болруун: “Таны эд хувилгаан агуу их боловч, ганц сансрын доторх элдэв явдлын бүртгэн үзэхээс бус сансрын доторх элдэв юмыг бүртгэн мэдэхгүй, бас ертөнцийн элдэв зүйллийн төрөл аймгийг бүртгэн мэдэж үл чадмуй” хэмээсэнд бодисадва сансрын элдвийн аймаг төрлийг мэдэхийг гуйсанд бурхан зарлиг болруун: “Их сансарт таван хувилгаан буй, үүнийг тэнгэр, газар, сахиулсан, хүн, чөтгөр хэмээмүй. Бас таван шавьж баймуй, үүнийг эвэртэн, хайрстан, үстэн, жигүүртэн, хальстан хэмээмүй. Энэ амьтан болбоос тэнгэ газар, сахиулсан, хүн, чөтгөрийн багт үгүй, бас эвэртэн, үстэн, хайрстан, жигүүртэн, хальстаны тэргүүтэн бус. Бас ертөнцөд дөрвөн зүйлийн бичид буй.” Бодисадва өгүүлрүүн: “Аль дарван зүйлийн бичид буй?” Бурхан зарлиг болруун: “Нэгдүгээр нь гайхамшигт чулуун Бичин, тэр болбоос хувилж арилахад шалгараад, тэнгэрийн зурхай газрын зүйг төсөөлөх бөгөөд гарагийг нүүлгэн одыг шинжилж чадмуй. Хоёрдугаар нь удаан бөгсөт морин Бичин, тэр болбоос арга билгийг төсөөлөн хүний хэргийг хийж, орж гарахад хэцүү, үхлээс зайлан удаан амьдармуй. Гуравдугаар нь урт гарт Бичин, тэр болбвос наран саранг барин мянган хайрханыг товчлон, өлзий ёрыг ялгаж, тэнгэр газарт халдан чадмуй. Дөрөвдүгээр нь зургаан чигт хөгшмөл Бичин, тэр нь дууг хянах хэцүү, ёс зүйг шалган урьд хождыг мэдэж, түмэн зүйлд тодорхой. Энэ дөрвөн зүйлийн Бичин хэмээгч арван зүйлд орохгүй. Ертөнцийн нэрсэд багтахгүй, би үзвээс энэ “Хуурмаг Бичин” даруй зургаан чихт хөгшмөл Бичин болой, энэ Бичин зогссон газраасаа мянган газрын гаднах хэргийг мэдэх бөгөөд аливаа хүн үг хэлэлцвээс мөн даруй сонсмуй. Тийнхүү дууг сонсоход хэцүү, ёс зүйг шалган, урьд хождын учрыг төсөөлж хамаг юмыг үл мэдэхүйнээр үгүй. Үнэн Бичин лүгээ дүрс дуун нэгэн адил нь хөгшмөл Бичин болой.”

 

            Тэр хөгшмөл Бичин бурхны ийн айлтахыг сонсоод маш айн хараахан босон дутаахад, бурхан барь хэмээсэнд дөрвөн бодисадва найман очирваань , таван зуун архад гурван мянган Кирди, Шарибудари, аяг тахимлаг, Ширван, Бардакабуд, Хомсим бодисадва, Мүз нар түүнийг томоолов. Бичин бас урагш давшихад бурхан зарлиг болруун: “Бичин чи бүү гар хөдөл, би чамд барьж өгсүгэй” хэмээв. Тэр хөгшмөл Бичин ихэд айн нэгэн зөгий болон хувилаад нисэн гартал бурхан бадар аягаа дээш орхисонд тэр зөгийг бадар аяганы дотор хөмрөв. Олноор оргожээ хэмээн гайхалдахад, бурхан мөшөөн зарлиг болруун: “Бүү цуугилд, шулам бадар аяганы дотор баймуй” хэмээсэнд бүгдээр урагш давшин бадар аягыг авч үзвээс үнэхээр нэгэн зургаан чихтэй хөгшмөл Бичиний уг дүр нь илэрчээ. Бичин тэсэж ядан шийдмээрээ толгойг нь хэмх цохиж алав. Энэ нэгэн Бичиний үндэс нь тасарсан шалтгаан ийн болой. Шигэмуни үзээд ихэд хөөрхийлсөнд, Бичин өгүүлрүүн: “Бурхан түүнийг бүү өрөвд, тэр миний багшийг цохин унагаж амьтайг булаасан нь хар өдрөөр хүнийг хорлон эдийг дээрэмдсэн нь мөн огтчин алах ялтай болой!” Шигэмуни зарлиг болруун: “Чи түргэн одож Тансагийг хамгаалан миний энд номоо залахаар ир” хэмээсэнд Бичин мөргөн айлтгаруун: “Бурханд айлтгаваас тэр багш лав намайг үл таалмуй. Бурхан өршөөвөөс цагираг султгах тарниа уншин энэ алтан цагиргаа аваад намайг дахин хар болгож явуулах ажааму.” Бурхан зарлиг болруун: “Чи битгий цухалд дэмий бүү бурангуйл. Би Хомсим бодисадвагаар чамайг хөөлгөсүгэй, тэр үл авах ёсон буюу, чи түүнийг сайтар хамгаалж явагтун, ном залж хэрэг чинь бүтсэн хойно чи бас төгс баясгалант бадам тавцант залармуй” хэмээв.

 

            Хомсим бодисадва бурхны хишигт мөргөн Бичинийг дагуулан үүл хөлөглөн одоход ивээл тойн Мүз, цагаан тоть нь хойноос даган төдөлгүй Тансагийн дэргэд хүрч ирэв. Шороо багшаа дагуулан мөргөн угтахад, бодисадва зарлиг болруун: “Урьд чамайг цохиж унагасан нь зургаан чихт хөгшмөл Бичин болой. Тэр хөгшмөл Бичинийг бурхан бариад, Бичин түүнийг цохин алав, өдгөө чи Бичинийг хороон авагтун, энэ чамайг хамгаалан шулмыг арилгаваас чи сая Гандарагүд уулнаа хүрч бурханд бараадан ном залж чадмуй. Үүнээс хойш үүнийг бүү зэмлэ.” Тансаг мөргөн зарлигийг нь хүлээн авав.

 

            Ийн хэлэлцэн атал, зүүн этгээдэд их салхи салхилан Гахай амьтайгаа авч ирээд бодисадвад мөргөн өгүүлрүүн: “Шавь би тэр өдөр багшаас салаад цэцэг жимст уулын усан үүдэт агуйд хүрч үзвээс үнэхээр нэгэн хуурмаг “Тансаг” хуурмаг “Гахай” байжээ, би тэр хоёрыг цохин алаад үзвээс харин хоёр Бичин ажгуу. Дахин дотогш орон амьтайгаа эрэн олоод үзвээс дутагдалгүй цөм бүрэн буйн тул салхи хөлөглөн буцаж ирэв, ганц хоёр бичийн явдал хааш болсон нь мэдэхгүй.” Бодисадва, бурхны тодлон айлтгасныг нэгэн зэрэг өгүүлсэнд, тэр манхуу тэсгэлгүй баярлав. Багш шавь дөрвүүл бодисадвад мөргөсөнд, бодисадва даруй орондоо өөд болов. Багш шавь нэгэн сэтгэлээр хамтдаж тэр гэрийн эзэнд тал өгөн их замаар баруунш одов.

 

Зам гудас ангижран салж таван мах бодь самуурч чөтгөрийг дарж дахин хураад бодь санаанаа нийлэв. Сүлд буцан сэтгэлд оршвоос самади сая тогтож, зургаан мэдлийн түйтгэр арилбаас үрэл аяндаа бүтмүй.

 

Энэ одсонд Тансаг чухам хэзээ бурханд бараадан номоо олохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 40 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 27 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 56 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    11 цаг 0 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 42 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 15 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 19 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 19 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 53 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    14 цаг 2 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 12 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 18 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 40 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 57 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 15 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 16 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 31 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК