зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН ДОЛДУГААР БҮЛЭГ:


ҮНЭН БИЧИН БУДЛАН УУЛАНД ЗОВЛОН ЮУГАА ТООЧИВ

ХУУРАМЧ БИЧИН УСАН ҮҮДЭЖ АГУЙД БИЧИГ ДУУДАВ

 

Өгүүлэх нь Бичин тэнчүүрсээр огторгуйд гаран Цэцэг жимст ууланд одсугай хэмээвээс агуйн бага Бичин оршилгүй хэмээн элэглэхээс зовмуй. Тэнгэр дээр гарсугай хэмээвээс тэнгэр мөн удаан ахуулахгүйгээс бэрхшээмүй. Далайн аралд одсугай хэмээвээс бас гурван арлын хувилгаадад учрахаас ичингүйрмүй! Лусын ордонд одсугай хэмээвээс бас улсын хаанд мэхийхийг дурлахгүй, үнэхээр орших газар үгүй болж, дотроо зовнин сэтгэрүүн: “Байтугай! байтугай! Би мөн багшдаа очиж гуйсугай” хэмээв.

 

            Төд үүлнээс бууж Тансагийн морины өмнө сөгдөн өгүүлрүүн: “Багш энэ нэгэн удаагийн ялыг уучлах ажааму, үүнээс хойш би дахин балмадлах үгүй, багшийн сургаалыг дагаж чамайг хамгаалан бугуйвчийн газар одсугай.” Тансаг үзээд дуун гарал үгүй морийг татан тарний хориод удаа уншсанд, Бичин өнхрөн унаж цагираг нь толгойд нь хоёр хуруу шигдэн оров. Тансаг уншихаа байж өгүүлрүүн: “Чи одохгүй бас юунд ирэв?” Бичин: “Бүү унш! Бүү унш! Миний одох газар буй, ганц би үгүй болбоос багш баруун газар хүрч чадахгүй болжээ” хэмээсэнд Тансаг хилэгнэн өгүүлрүүн: “Энэ муу сармагчин хэдий чинээ амийг нядалж, намайг чирэгдүүлсэн нь хөнгөн үгүй, өдгөө үнэхээр чамайг хэрэглэхгүй! Миний эчиж дийлэх ба үл дийлэх чамд хамаагүй! Түргэн од! Түргэн од! Удваас би бас тарниа уншиж тархийг чинь эс гаргаваас зогсохгүй!” Бичиний толгой нь тэсгэлгүй өвдөх болоод бас багшийн уур тайтгарахгүйн тул, аргагүй огторгуйд тонгорцоглон дотроо ийн сэтгэрүүн: “Энэ тойн намайг хөөсөн учрыг Будлан ууланд хүрч бодисадвад өгүүлсүгэй” хэмээв.

 

Бичин үүлийг хөлөглөн агшин зуур өмнөд далайд хүрч Лука ууланд буугаад бор хулсан шугуйд орон одоход Мүз угтаж ёслон өгүүлрүүн: “Их богд хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Би бодисадвад залрахаар ирэв.” Мүз түүнийг удирдаж Чойян агуйн үүднээ хүртэл, Манибадар хөвгүүн бас угтаж ёслон өгүүлрүүн: “Их богд хаанаас ирэв?” Бичин өгүүлрүүн: “Би бодисадвад заалдахаар ирэв.” “Заалдах” хэмээх үгийг сонсоод Манибадар инээн өгүүлрүүн: “Үнэхээр муу хоншоорт сармагчин байнам! Би Тансагийг бариад чамд дарлагдах үе буюу! Манай бодисадва хэмээгч эх хамаг амьтныг элдэв зовлонгоос гэтэлгэгч их л нигүүлсэхүй цаглашгүй хутагт бодисадва болой, түүнд ямар буруу буй хэмээн чи заалдмуй!” Бичин тэнчүүрэн тачаадаж байснаа энэ үгийг сонсоод тэсгэлгүй уурлан Манибадарыг зандан өгүүлрүүн: “Энэ ачийг умартаж журмыг үтээрсэн өчүүхэн адгуус чи үнэхээр мунхаг ажгуу, чи тэр үед шуламлан байхад, би бодисадваг зааж чамайг хороон, үнэнд удирдан сахил авуулсан ачаар чи өдгөө төгс баясгалантайгаар мөнхжин тэнгэр лүгээ хамт оршин Тансаг их жаргалыг эдлэв. Чи өвгөн Сүн надад талархан мөргөвөөс зохих бөгөөтөл энэ мэт уурлан доромжилмуй! Би хэрэг буйн тул бодисадвад мэдүүлэхээр ирэв, би юунд харин муу хоншоор зөөж бодисадваг заалдахаар ирэв хэмээмүй?” Манибадар инээн өгүүлрүүн: “Үнэхээр түргэн зантай сармагчин ажгуу, би чам лугаа наадам хийсэн болой, чи юунд ийнхүү царай хувилмуй?”

 

Хараахан ийн өгүүлэлдэн атал, цагаан тоть жиргэхэд Мүз Манибадар нар бодисадвагийн дуудахыг мэдэж Бичинийг удирдан бадам тавцангийн доор аваачив. Бичин бодисадваг үзээд бие мэхийн сөгдөж тэсгэлгүй нүднээсээ нулимсыг цувруулан дуу тавин уйлсанд, бодисадва Мүз Манибадар нараар түшүүлэн босгож зарлиг болруун: “Бичин чамд ямар зовох учир буй болбоос илт өгүүл, бүү уйл, би чиний зовлонг арилгасугай.” Бичин нулимс цувруулан бас мөргөн өгүүлрүүн: “Шавь би хүн болсноос нааш бусдад дарлагдсангүй бөлгөө, бодисадва намайг хайрлан зовлонгоос гэтэлгэн тойн болгож Тансагийг хамгаалан баруунш ном залахаар од хэмээснээс нааш, шавь би амиа хайрлалгүй багшийг ад шулмаас авран хилэнцээ арилган бодь мөрт орсугай хэмээн зүтгэн явав. Өдгөө багш хүний сайныг мэдэлгүй, ганц өршөөл хэмээх сэтгэлд будангуйраад хар цагааныг огт ялгахгүй болов!” Бодисадва зарлиг болруун: “Чи хар цагааныг үл ялгах учрыг надад өгүүл, би сонссугай.” Бичин даруй уулын дээрмийг алсан, Тансаг хилэгнэн хар цагааныг ялгахгүй тарниа уншиж хэдэнтээ үлдээгээд тэнгэрт гарахуйяа замгүй, газарт орохуйяа үүдгүй болсон учрыг нэгэн зэрэг тоочин өгүүлсэнд бодисадва зарлиг болруун: “Тансаг зарлигаар баруунш одон ном авахдаа, өршөөлт сэтгэлийг үүсгэн амьтанд хор үл хийхээр үндсэн болгожээ. Чамд цаглашгүй хувилгаан увидас байх бөгөөд юуны тул дээрмийг алмуй! Тэд нар хэдийн муу хэмээвч шулам лугаа адилгүй цөм хүн болой. Шулмыг албаас чиний гавьяа хүнийг алах нь чиний өршөөл үгүйд ормуй. Тэр хулгай нарыг айлган хөөвөөс барав, юунд алмуй, би голчоор хэлбээс чиний явдал буруудав.”

 

Бичин нулимс цувруулан мөргөн өгүүлрүүн: “Хэдий миний буруу боловч гавьяагаар ялыг минь золивоос мөн болох болой, юуны тул намайг үлдмүй. Бодисадва өршөөн хайрлаваас миний энэ толгойн цагиргыг аваад намайг усан үүдт агуйд тавин илгээх ажааму!” Бодисадва мөшөөн зарлиг болруун: “Урьд Шигэмуни бурхан намайг зүүн газар илгээн ном залах хүнийг ирүүлэхэд гэмэрлэг карша намжир есөн гархит дулдуй, гурван алтан цагиргийг өгөхөд чангатгах гурван тарни зааж өгсөнөөс бус султгах тарнийг зааж өгсөнгүй.” Бичин өгүүлрүүн: “Тийм бөгөөс би даруй бодисадвад аярласугай.” Бодисадва зарлиг болруун: “Чи хаа одмуй?” Бичин өгүүлрүүн: “Би баруун газар одож Шигэмунигаас султгах тархийг гуйхаар явмуй.” Бодисадва зарлиг болруун: “Чи түр байз. Би чамд сайн муу юун болохыг үзэж өгсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Үзэх хэрэггүй, өдгөө нэгэнт муугийн туйлд хүрчээ.” Бодисадва: “Би чамайг үзэх буй, Тансагийн сайн мууг үзсүгэй” хэмээв.

 

Бодисадва хэмээгч бадам тавцант суун гурван ертөнцийг сэтгэн билгийн нүдээр орчлон дэлхийг тольдон чадах тул ийн зарлиг болруун: “Бичин чиний багшийн аминд төдөлгүй зовлон ирэх тул удалгүй эрэхээр ирмүй. Чи энд түр хүлээж бай, би Тансагт хэлж чамайг аваачуулж бурханд мөргүүлэн бодь мөрийг олгосугай.” Бичин зарлигаас зөрчин үл болох тул аргагүй бадам тавцангийн дэргэд хүлээн зогсохыг өгүүлэхгүй.

 

Жич өгүүлэх нь Тансаг, Бичинийг үлдсэнээс Гахайгаар зам удирдуулан Шороогоор боодлоо дамнуулж баруунш бас тавин газар явсаны хойно, Тансаг морийг татаж өгүүлрүүн: “Шавь нар минь бид таван жингийн үед айлаас гараад бас тэр агтын даамалд уурлаж энэ нэгэн өдөр яваад тэсгэлгүй өлсөн ундаасмуй, та хоёрын хэн нь одож цав бадарлаж надад идүүлмүй?” Гахай: “Багш мориноос бууж баахан суу, би ойр орчимд бадар эрэх айл байх эсэхийг үзсүгэй” хэмээсэнд Тансаг мориноос бууж хүлээв. Тэр манхуу үүлийг хөлөглөн огторгуйд гараад үзвээс нүдний үзүүр уул даваа үргэлжилэхээс өөр айл үгүй тул үүлнээс бууж ирэн Тансагт: “Дөрвөн зүгт бадар гуйх айл үгүй” хэмээсэнд Тансаг: “Тийм болбоос ус авчир” хэмээсэнд Гахай: “Би уулын завд одож ус авчирсугай” хэмээгээд Шороон боодлоос бадар аягаа авч үүл хөлөглөн одов. Тансаг замын хажууд сууж удтал хүлээвч ирэхгүйд хоолой хатан ам завааран огт тэсэхгүй болжээ. Шүлгийн үг.

 

            Сүлдийг хамгаалан тамирыг тэжээхийг шим хэмээмүй.

            Сэтгэл чанарын уг язгуур нэгнээ бөлгөө.

            Сэтгэл самууран сахиус будангуйрваас элдэв өвчин үүсч,

            Шим хорогдон бие дордвоос бүтээлийн үндэс хэлбэрмүй.

            Гурван цэцэг дэлгэрэх үгүйд хоосоор зовон зүдэж,

            Дөрвөн ихэс зулгаран буурахуйяа талаар хүчин шийтгэмүй.

            Шороо мэт чадал үгүйд төмөр усыг огоороод,

Номын бие алжаас ахуйяа мөр хэзээ бүтнэм!

 

            Шороо хажуугаас багшийн тэсгэлгүй их ундаасаж байхыг үзээд Гахай бас эгэхгүйд боодлоо засан тавьж, морио модонд уяад: “Багш энд сууж бай, би одож үзсүгэй” хэмээсэнд, Тансаг уйлсаар толгой дохиход, Шороо үүл хөлөглөн өмнө уулын зүг одов.

 

            Тэр багш ганцаар тэсгэлгүй алжаан хүлээж суун атал, гэнэт их дуун гарсанд Тансаг цочин өндийж харваас үзсэн Бичин харин замын хажууд сөгдөж хоёр гараар дүүрэн устай шаазан цом өргөн өгүүлрүүн: “Багш аа, өвгөн Сүн би үгүй бөгөөс чи ус ч олж үл уумуй, энэ нэгэн цом ариун усыг ууж ундаа хариул, би дахин одож цав бадарлан ирсүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Би чиний усыг уухгүй! Би цангаж үхвээс мөн миний тавилан буй за! Би чамайг авахгүй! Чи од!” Бичин өгүүлрүүн: “Би үгүй болбоос чи баруун газар хүрч чадахгүй болой.” Тансаг өгүүлрүүн: “Миний одож чадах үл чадах нь чамд хамаагүй! Муу сармагчин чи заавал энд ирж над лугаа зуурах нь юун!”  Тэр Бичин царай хувилан их л хилэгнэж: “Энэ муу хар санаат тойн чи ямагт намайг доромжилмуй!” хэмээгээд цомоо таягдаж шийдмээ барин Тансагийн нуруун дээр дарсанд тэр багш үхэдхийж унаад үг хэлж чадахгүй болжээ. Бичин хоёр хөх боодлыг нь аваад хааш одсоныг нь мэдэхгүй.

 

            Тэндээс Гахай бадар аягыг барьж шууд өмнө хөтөлд хүрвээс уулын хотгор дотор нэгэн айл буй ажгуу. Анх ууланд халхлагдаад үзэгдсэнгүй аж. Өдгөө дэргэд нь ирээд сая айл байхыг мэдэв. Тэр манхуу дотроо сэтгэрүүн: “Миний зүсийг үзвээс айлын хүн лав дутаагаад цав үл өгөх болой, хувилсугай хувилсугай” хэмээв.

 

            Тэр манхуу тарни уншин биеэ долоо наймантаа сэжсэнд нэгэн зутсан тойн болон хувилаад ёолон гоншсоор үүдэнд хүрч дуудан өгүүлрүүн: “Өглөгийн эзэн бэлэн хоол буй бөгөөс бадарын хүнд өг. Ядуу тойн би зүүн газраас ирж баруунш ном залахаар одогч бөлгөө, миний багш замд тэсгэлгүй өлсөн харангаджээ. Үлдсэн хоол байваас өлссөн тойныг тэнхрүүлэх ажааму.” Тэр гэрийн эр хүн цөм тарианд одоод, хоёр эхнэр хүн нь үдийн хоол болгож хүргэсүгэй хэмээн хоёр суулганд уудалж байсан ажгуу, тэр эхнэр түүний энэ мэт зутсан бөгөөд зүүн газраас бурхны оронд одмуй хэмээхийг сонсоод, хаалганы дэргэд үхэх болзошгүй хэмээн яаран тогооны ёроолд үлдсэн будаа ба хусмыг бадар аяганд дүүртэл хийж өгөв. Манхуу аваад уг биеэр болж ирсэн замаар эгэв.

 

            Хараахан яван атал гэнэт дуугарах дуун гарахад Гахай яаран нүд эргэн үзвээс, Шороо эргийн дээрээс: “Нааш ир! нааш ир!” хэмээн дуудмуй. Гахай дэргэд нь хүрсэнд Шороо өгүүлрүүн: “Энэ завын ариун усыг авсангүй чи хаана одсон буй?” Гахай инээн өгүүлрүүн: “Би тэр айлаас нэг удаа будаа олж ирэв.” Шороо өгүүлрүүн: “Багш их ундаасав, усыг яаж аваачмуй?” Гахай: “Усыг аваачихад мөн бэрхгүй. Энэ будааг чиний хормойд хийж аягаар усыг аваачсугай” хэмээв.

 

            Хоёул усан аван баярласаар ирж үзвээс Тансаг элэг түрүүлэн хэвтээд цагаан морь замын хажууд дэвхэрч, боодолгүй болжээ. Гахай хөлөө дэвсэн гаслан өгүүлрүүн: “Энэ лав Бичиний алсан тэр дээрмийн үлдэгдэл андан ирээд багшийг алж боодлыг аваачсан буй за!” Шороо морио барьж уяад дэмий л гаслан: “Юу хийсүгэй! Юу хийсүгэй! Энэ үнэхээр зорисон үйлс замын зуур хэрэггүй болжээ!” хэмээгээд “Багш” хэмээн гашуудан уйлахад, Гахай өгүүлрүүн: “Дүү битгий уйл, өдгөө хэрэг нэгэнт ийм болсон тул ном залах учрын дурдах хэрэггүй, чи багшийн чандрыг харж бай, би энэ морийг арилжааны газар аваачиж худалдаад авс авч багшийг оршуулаад бид хоёул замаа эрсүгэй.”

 

            Шороо хагацан ядан Тансагийг тэвэрч хацраа наалдуудж дуу тавин: “Муу заяатай багш минь!” хэмээн уйлахад, Тансагийн амнаас халуун амьсгал гарахыг үзээд: “Гахай чи ир! Багш амьтай байнам!” хэмээсэнд, тэр манхуу урагш ирж багшаа түшин босгосонд, Тансаг амь ороод ёолон “Муу сармагчин намайг цохиж алав!” хэмээв. Гахай Шороотон: “Сармагчин хэмээгч хэн буй?” хэмээн асуусанд тэр багш шүүрс алдан дуунаас гарав. Хэдэн ам ус уулгасны хойно сая өгүүлрүүн: таныг одмогц Бичин ирж намайг дагаж одсугай хэмээхэд би эс хүлээв. Тэр намайг нэгэн шийдмээр цохин унагаж боодлыг булаан аваачжээ. Гахай үүнийг сонсоод шүд хавиран хорсож их л хилэгнэн өгүүлрүүн: “Энэ муу сармагчин юунд ийм ёсгүй буй! Шороо чи багшийг сувилж бай, би түүний гэрт одож боодлоо авчирсугай!” Шороо өгүүлрүүн: “Чи бүү хилэгнэ бид багшийг түшиж тэр айлд аваачин халуун цав цай бадарлаж идүүлсний хойно түүнийг эрэхээр одсугай.”

 

            Гахай мөн хэмээгээд багшаа түшин моринд мордуулж, бадар аягаа аван хүйтэн будаагаа хормойлоод тэр айлын үүдэнд хүрвээс гэрийн эмгэн тэднийг үзээд зайлан дутаав. Шороо хойноос ёслон өгүүлрүүн: “Эмгэн, бид хэмээгч зүүн газраас баруун газраа одох тойд, миний багшийн бие амаргүй тул таны гэрт ирж халуун цав цай олж түүнд идүүлсүгэй хэмээсэн бөлгөө.” Тэр эмгэн өгүүлрүүн: “Өдгөө сая нэгэн өвчит тойн ирж зүүн газраас ирэв хэмээн цав аваачсан бөлгөө, дахин дахин ирж болох буюу, миний гэрт хүн үгүй! Өөр газраас гуйхаар од.” Тансаг Гахайгаар түшүүлэн мориноос бууж бие мэхийн өгүүлрүүн: “Би болбоос баруун газао бодийн орноос ном залахаар одогч тойн. Замд биеийг хамгаалах зориг нэгтэй гурван шавь байсан бөлгөө, ганц их шавь Бичин хэмээгч төрөлх догшин тул би үлдэж явуулав. Санамсаргүй тэр ирж намайг цохиж унагаагаад боодлыг минь булаан аваачжээ. Өдгөө эдэн хочрын нэгнийг илгээж түүнийг эрэн боодлоо авчруулсугай хэмээхэд, хөдөө хээр хүлээн сууж үл болох тул таны гэрт ирж нэгэн өдөр суун боодлоо олсон хойно даруй явмуй, хэрхэвч удаан суухгүй.” Эмгэн өгүүлрүүн: “Сая нэгэн зутсан тойн ирээд цав гуйн аваачихад зүүн газраас баруунш одмуй хэмээн өгүүлсэн бөлгөө, та бас юуны зүүн газрын тойн болох буй?” Гахай тэсэж ядан инээн өгүүлрүүн: “Тэр тойн хэмээгч би мөн болой. Миний хошуу урт, чих их тул чамайг айж цав үл өгөх болуузай хэмээн тийн хувилсан бөлгөө, эс итгэвээс миний дүүгийн хормойд чиний өгсөн тогооны хусам байнам.”

 

            Тэр эмгэн өөрийн өгсөн хусмаа таниад гэртээ оруулж суулгаад ус буцалгаж өгсөнд Шороо хүйтэн будаагаа усанд дэвтээн багшид барив. Тансаг ам үмхэн өлөө дараад ийн асууруун: “Хэн нь амьтайгаа аврахаар одмуй?” Гахай өгүүлрүүн: “Багш Бичинийг урьд удаа хөөсөнд би эрэхээр очсон тул тэр цэцэг жимст уулын усан үүдэт агуйг би мэдмүй, би одсугай!”  Тансаг өгүүлрүүн: “Чи одож үл болмуй. Тэр чам лугаа сайн бус, чи одоод үг эс нийлбээс тэр чамайг занчмуй, Шороо одтугай.” Шороо: “Би одсугай, би одсугай!” хэмээв. Тансаг бас захиж өгүүлрүүн: “Чи тэнд хүрсэн хойно байдлыг үзэх хэрэгтэй тэр хэрвээ чамд өгвөөс авч ир, эс өгвөөс түүн лүгээ битгий тэмцэлд, шууд Будлан ууланд хүрч бодисадвад айлтга” хэмээсэнд, Шороо цөм хүлээн авч Гахайд захин өгүүлрүүн: “Би өдгөө түүнийг эрэхээр одмуй. Чи багшийг сайтар асран, энэ гэрийн эзнийг битгий зовоо, цав өгөхгүй болох болуузай, би хурдан эчээд түргэн ирсүгэй.” Гахай толгой дохин: “Би мэдмүй, чи одоод оловч эс оловч түргэн ирэгтүн” хэмээсэнд, Шороо тарни уншин үүл хөлөглөн шууд зүүн үлэмж тивийн зүг одов. Энэ үнэхээр:

 

Би байвч сүлд эчвээс сахиусгүй болмуй, хийсэн байвч гал үгүй болбоос үрэл яахан бүтмүй. Амилагч эмгэн эзнээсээ салж алтан өвгөнийг эррүүн, модон их багшийг эмсэглэн энд хүлцэн хүлээмүй. Өдгөө одсонд аль өдөр эгэхийг мэдэхгүй, энэ удаа буцах өдрийг болзохуйяа үнэхээр бэрх. Таван махбодь эл харшийн ёс зүйг алдсанаа тэнгэрлэг богд сэтгэлийн Бичиний эгэж ирэхийг хүлээмүй.

 

            Шороо үүл хөлөглөн гурван өдөр гурван шөнө яваад сая зүүн далайд хүрвээс гэнэт давалгааны дуун сонстмуй, тэр доош харваас хар манан тэнгэрийг бүрхэн хаялсан давалгаа нарыг халхалжээ.

 

            Тэр үүнийг сонирхох санаа үгүй, аршийн уул хутагтын орныг өнгөрөөд шууд цэцэг жимст ууланд хүрч ирэв. Тэр салхины аяар хийссээр бас нэлээд явтал өмнө нь нэгэн их өндөр уул эчих замыг халхалсанд үүлийг даран бууж замаар усан үүдэт агуйг эрэн явтал гэнэт олон самж үймэлдэн байхыг сонсоод урагш ирэн лавлан үзвэл Бичин тавцан дээр сууж, гарт нэгэн бичиг барин дуудаж амуй, тэр бичгийн үг нь:

 

“Зүүн газрын их Тан улсын хаан Ли Ши Мин, дүү богд тойн Жэн Шуан Зан номын багшийг зарлигаар томилон баруун газар бодийн орны хачир цогцлуулсан уулын аянгын дуут сүмд тухайлан түүнчлэн ирсэн бурхан багшид бараадан ном залгуулахаар явуулав. Мөхөс би цагийн өвчин тусаж сүнс мэт эрлэгийн орноо хэсээд, завшаанд аргын хутаг нэмэгдэж эрлэг номын хаад тавин хүргэж дахин амьдруулсанд сүсэглэн буян номыг өв тэгш айлдаж нөгчигсдийг гэтэлгэх номын чуулганыг байгуулав. Зовлонгоос аварч гаслангаас гэтэлгэгч Хомсим бодисадвагийн алтан бие илрэн баруун оронд бурхны ном байж зуурдын сүнсийг гэтэлгэн тонилгож чадмуй хэмээн зааснаар, тусгайлан номын багш, Шуан Заныг илгээн алс холоос ном судрыг суран залуулмуй. Хэрвээ баруун этгээдийн олон улс буяны үйлийг эс саатуулбаас тэмдэг бичгийг үзэн төдөлгүй явуулах ажааму. Их Тан улсын Жэн Гуаны арван гуравдугаар оны намрын сайн өдөр хааны тамгат бичгийг өгөв. Улсаас гарснаас нааш олон улсыг өнгөрөх замд их шавь Бичин хоёрдугаар шавь Гахай гутгаар шавь Шороог хураан дагуулав.” хэмээн уншиж бараад бас эхнээс дахин уншмуй,

 

Сонсвоос боомт өнгөрөх тэмдэг бичиг тул тэсгэлгүй урагш давшин дэргэд нь хүрч өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Ах багшийн тэр замын тэмдэгт бичгийг дуудаж юу хиймүй?” Тэр Бичин Шороог үзээд “Түүнийг барьж авчир!” хэмээсэнд бүгд Бичин зэргээр давшиж Шороог барин чирсээр өмнө нь авчирсанд Бичин зандан асууруун: “Чи яасан хүн, айшгүй миний хувилгаан агуйд дураар орж ирмүй?” Шороо түүний энэ мэт царай хувилан танихгүй аашилахыг үзээд, аргагүй дээш харан ёслон өгүүлрүүн: “Урьд багш буруугаар чамд хилэгнээд ах чамайг хөөж эгүүлэв. Бид багшид цав гуйхаар одсон хойно, ах сайн санаагаар дахин ирсэнд багш багтаан үл уучилсан тул ах даруй багшийг цохин унагаагаад боодлыг булаан иржээ. Чамайг эчсэний хойно бид багшийг амь оруулан өдгөө ахад золгохоор ирэв, ахын уур баахан намдсан бөгөөс урьд багш чамайг зовлонгоос гаргасан ачийг санаж боодлоо аваад өчүүхэн дүү над лугаа хамт одож багшид золгон баруун газар хүрч бодь хутгийг олсугай. Хэрвээ хорсол нь болоод одохгүй бөгөөс боодлыг дүүд хайрлан эгүүлж, ах чи аглаг уулын арц майлсны сэлүүнд жарган агшраа насаа өнгөртүгэй, ийн болбоос хэн алинд ч сайн болох босюу”

 

            Бичин үүнийг сонсоод хүйтнээр инээн өгүүлрүүн: “Дүүгийн үг миний сэтгэл лүгээ нийлэхгүй, би Тансагийг цохиж боодлыг авчирсан нь жаргалыг эрэн баруун газар үл одъё хэмээх санаа бус, би өдгөө энэ тэмдэгт бичгийг  боловсруулан уншаад өөрөө баруун газарт одож бурхнаас ном залаад зүүн газарт хүргэж ганцаар гавьяа байгуулан замбутивийн бурхан багш болон буман үе нэрээ алдаршуулсугай хэмээсэн бөлгөө.” Шороо инээн өгүүлрүүн: “Ахын үг ташаарав. Бичин ном залахаар одмуй хэмээн өгүүлэх хүн буй буюу. Шигэмуни бурхан гурван их хөлөгний үнэн номыг номлоод Хомсим бодисадваг зүүн газарт илгээн ном залагч хүнийг ирүүлж сая багшийг олов. Багш хэмээгч урьд төрөлд мөн бурхны шавь, бурхны ном номлохыг эс анхаарсны тул, Гандарагүд уулнаас цөлөгдөж ертөнцөд төрөв. Бурхан түүнийг баруун газарт бодь мөрийг олуулан их ёсыг тахин сэрүүлэхийн тулд энэ номыг залуулав. Зам гудас энд түйтгэр аль олон тул бид гурвуулыг тавин гаргаж номын хамгаалагч болгосон болой. Ах Тансагийг орхиж одвоос ямар бурхан чамд ном өгөх буй! Энэ харин сэтгэлийг хоосоор зүдээх бус уу?” Тэр Бичин өгүүлрүүн: “Дүү чи мунхаг тул нэгийг нь мэдвээс хоёрыг нь эс мэдэв. Чиний хэлэхээр Тансаг үгүй болбоос үл болох буюу, чамд Тансаг буй хэмээхээр надад Тансаг үгүй буюу? Би энд өөр нэгэн сайн явдалт үнэн тойныг эрж олов. Өвгөн Сүн би ганцаар хүчилбээс үл хүрч болох буюу, манагар сайн өдөр тул бид даруй мордмуй, чи эс итгэвээс би залан ирж үзүүлсүгэй” хэмээгээд: “Хүүхэд түргэн багшийг залж гарга” хэмээсэнд, бага бичид орж төдөлгүй нэгэн цагаан морьт Тансагийг залж ирэн хойноос Гахай дамжуур дамнан Шороо дулдуй барин гарч ирэв.

 

            Шороо үзээд их л хилэгнэн, Шороо миний нэрийг заан явагч хэн буй, бүү ёс бусчил! Миний шийдмийг амтал! Хэмээгээд тэр хуурмаг Шороон толгойг хүчлэн шийдэмдсэнд оногдож үхэв. Үзвээс нэгэн Бичин шулам ажгуу. Тэр Бичин их л хилэгнэн алтан толтот шийдмээ эргүүлэн олон бичидээ дагуулж Шороог томоолон хаасанд, Шороо үүл хөлөглөн огторгуйд дутаан гараад: “Муу сармагчин чи даанч ёсгүй би бодисадвад одож айлтсугай!” хэмээгээд одоход тэр Бичин түүнийг нэхэлгүй, агуйд ороод алагдсан Бичин шулмыг нэгэн этгээдэд аваачиж, арьсыг нь өвчүүлэн махыг нь хууран архинд зууш болгон идэв. Бас нэгэн хувилж чадахгүй Бичинээр мөн Шороо хувилгаад баруун газарт ном авахаар одох хэмээхийг өгүүлэхгүй.

 

            Тэндээс Шороо үүл хөлөглөн зүүн далайгаас гараад нэгэн шөнө нэгэн өдөр яваад өмнө далайд хүрч ирэхэд Будлан уул холгүй болов. Тэр яаран үүлийг даран үзвээс үнэхээр сайхан орон ажгуу:

 

Тэнгэрийн нууцыг багтааж газрын оньсыг агуулжээ. Хамаг гол хурж нарны угаал одны толь болоод олон мөрөн нийлж салхины үүсгэл сарны мандал болжээ. Долгин давалгаанаа даянга шумбаж, догшин долгионоо гүмбарва умбамуй. Усан баруун далай лугаа залгалдан, урсгал дорно тэнгис лүгээ нийлжээ. Дөрвөн далай үргэлжлэн газрын судас нийлж хувилгаан орны хойд аралд аршийн ордон түгжээ. Гаднах тэдгээр бодийн орныг бүү өгүүл, ганц Будлан уулын гайхамшигт үзэмжийг үзэгтүн! Уул дээрх өнгөт туяа өрлөг сүлдийг мандуулан асгын доорх ариун салхин гэгээн сарыг толилзуулмуй. Бор хулсан шугуй дотор хувилгаан тогос шүхэрлэж, булбарай улиасны салаа дээр шидэт тоть дуугармуй. Эсрүүн цэцэг хаслаг өвс он тутам үзэсгэлэн, эрдэнийн мод алтан бадам жил бүр мөнх. Арш тогоруу агаараар эргэлдэн алтан галбинга уулан дээгүүр нисмүй. Яраалан умбах далайн загас ч Самадийн чанарыг ухаад индрийн доор толгой цухуйж номыг дууг сонсмуй.

 

 Шороо Будлан ууланд алхлан хувилгаан орныг гайхан үзэж байтал Мүз угтан ирээд: “Шороо чи Тансагийг хамгаалан ном залахаар одохгүй, энд ямар хэрэгтэй ирэв?” хэмээн асуусанд Шороо ёслон өгүүлрүүн: “Чухал хэрэг байхын тул тухайлан бодисадвад залрахаар ирэв. Намайг удирдан золголдох ажааму.” Мүз түүний Бичинийг эрэхээр ирснийг тодорхой мэдээд мөн дахин асуухааргүй, дотогш орж бодисадвад айлтгаруун: “Гадна Тансагийн шавь Шороо ирэв” хэмээсэнд Бичин индрийн доороос инээн өгүүлрүүн: “Тансаг зовлонд тохиолдоод лав бодисадваг залахаар иржээ” хэмээтэл бодисадва Мүзэд Шороог оруул хэмээв. Шороо орж сөгдөн мөргөөд сая учраа мэдүүлсүгэй хэмээтэл Бичин хажууд зогсож байхыг үзээд эрдэнийн шийдмээ далайн Бичиний толгой руу цохилон ороход Бичин хариуцсангүй зайлав. Шороо хараан өгүүлрүүн: “Чивэлт сармагчин чи ирж бодисадваг хуурах буюу!” хэмээтэл зандан: “Шороо бүү нар хөдөл, үгээр болбоос надад өгүүл” хэмээв.

 

            Шороо эрдэнийн шийдмээ хурааж тавцангийн доор дахин сөгдөн айлтгаруун: “Энэ сармагчин нэгэн замд догшиноор явсаныг тооловч барахгүй, тэр өдөр уулны доор хоёр дээрмийг алаад багшид донгодогдов. Бид дээрмийн гэрт хоног барьсанд энэ бас нэгэн бүлэг дээрмийг цөм занчин алаад цуст толгойг авчран багшид үзүүлсэнд багш айн мориноос унаад үүнийг харааж үлдэн явуулсан бөлгөө. Багш өлсөн ундаасмуй хэмээхэд Гахай ус авахаар одоод удтал үл ирэхүйеэ, би хойноос үзэхээр одохын хооронд энэ харин багшийг цохиж унагаагаад боодлыг булаан аваачив. Бид ирж багшийг эдгээгээд, би цэцэг жимст ууланд үүнийг эрин одоод боодлыг ац хэмээвээс өгөхгүй болоод үл танигч болон царай хувилаад миний багшийн бусад гүрнийг өнгөрөх тэмдэгт бичгийг дахин дахин дуудмуй. Би түүнийг дэмий уншиж юу хиймүй хэмээн асуусанд, Тансагийг чинь дагахгүй, би өөрөө баруун газраас ноом залж зүүн газарт уламжлан ганцаар гавьяа байгуулж бурхан болон буман үе нэрээ алдаршуулмуй хэмээмүй. Би үүнд “Тансаг үгүй болбоос бурхан чамд юуны ном хайрлах буй”  хэмээсэнд, би энд нэгэн сайн явдалт тойныг эрж олов хэмээгээд цагаан морьтой нэгэн Тансагийг залж авчран хойноос Гахай Шороо дагажээ. Би “Шороо миний нэрийг заан явагч хэн буй?” хэмээн урагш давшин цохиж алаад үзвээс харин нэгэн Бичин ажгуу. Төд энэ даруй олноо авч намайг барьсугай хэмээхэд, би дутаан бодисадвад залрахаар ирэв. Энэ харин, надаас урьд ирээд сайхан үгээр бодисадваг хуурмуй.” Бодисадва зарлиг болруун: “Шороо, чи хүнийг бүү гөрлө, Бичин энд ирээд нэгэнтээ дөрөв хонов, би үүнийг буцаасангүй, тэр хаана бас өөр нэгэн Тансагийг эрэн ном залахаар одох санаа буй?” Шороо өгүүлрүүн: “Усан үүдэт агуйд нэгэн Бичин буй, би айшгүй бодисадваг хуурах буюу?” Бодисадва зарлиг болруун: “Тийн болбоос Бичин чам лугаа цэцэг жимст ууланд одож үнэн худлыг ялгатугай” хэмээсэнд Бичин даруй бодисадвагаас салж Шороон хамт давхилан одов. Энэ одсонд лав цэцэг жимст уулын доор хар цагааныг ялгаж, усан үүдэт агуйн өмнө үнэн худлыг тодолмуй за, чухам яахан ялган тодлохыг мэдэшгүй хэмээвээс доод бүлэг үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 54 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 42 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 10 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 14 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 57 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 30 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 33 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 34 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 8 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 17 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 27 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 32 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 55 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 12 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 30 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 31 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 46 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК