зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН ГУРАВДУГААР БҮЛЭГ:


САМАДИЙН БАГШ УРСГАЛ УНДЛАН ХАЧИН ШАЛТАГ ОЛОВ

САНААНЫ БИЧИН УС АВЧРАН ЖИГТЭЙ УРГИЙГ УНАГАВ

 

Сайн явдлыг найман зуу үйлдэж, цагаан буяныг гурван мянга хураагтун. Өөр ба бусад өстөн хийгээд янагийг нэгэн адил үзвээс, бодитны санаанд нийлмүй. Хирс шулам зэр зэвсгээс айхгуйд, гал усыг хэрэглээд басхүү даран эс чадав. Ядам Дилав зарлан бууж номхотгоод инээн мөшөөсөөр үхрээ хөтлөн өөд болов.

 

            Өгүүлэх нь, тэр замын хажууд дуудсан нь хэн буй хэмээвээс Алтан дуулгат уулын савдаг ажгуу. Тэрээр улаан алтан бадар аягыг барьж замын хажуугаас дуудан өгүүлрүүн: “Богд тойн миний энэ будаа болбоос их богдын сайн орноос бадарлаж авчирсан ариун цав болой. Та түүний үгийг авахгүй тулд шулмын гарт ороод их богдыг ихэд зүдээн энэ өдөр сая олж аврагдав. Энэ цавыг зооглоод морилогтун, их богдын хичээнгүйлэн асрах сэтгэлийг битгий үтээрэгтүн.” Тансаг өгүүлрүүн: “Шавь минь чамайг ихэд зовоов! Талархах үгээр хариулж чадах нь бус! Эрт чиний үгийг авч тэр гортигоос гарсангүй бөгөөс энэ зовлонг юунд амсах аж.” Бичин: “Багшаас үнэхээр нуухгүй. Багш минь гортигийг итгэхгүй тул өөр хүний цагиргийн амтыг үзсэн нь болой. Хэдий чинээ зовлон тушаажаам, хайрхан болой!” хэмээн шүүрс алдахад, Гахай өгүүлрүүн: “Юуны бас нэг цагираг байсан аж?” Бичин өгүүлрүүн: “Энэ цөм чиний тэр нүгэлт хоншоор чивэлт хэлний сайнаар багш өдий чинээ зовлонд унасан нь болой! Өвгөн Сүн би тэнгэр газрыг түрхүүлж, тэнгэрийн цэрэг, ус, галын эзэд, Шигэмунигийн алтан үрэл зэргийг авчраад цөм түүний гялаан цагирагт урхилагдан автжээ. Шигэмуни бурхан архадад сэмээр захиж, надад тэр шулмын уг язгуурыг хэлж өгөөд сая Дилавыг залж бариулсанд харин түүний хүлэг унаа хөх үхэр болжээ.” Тансаг игдлэн: “Энэ удаагийн учралаар хойшид мэргэн шавь чиний үгнээс бүү зөрчсүгэй” хэмээгээд дөрвүүл будааг хуваалцан идэв. Тэр будаа хав халуун байсаар тул Бичин гайхан асууруун: “Энэ будаа өдий удаад яахан бас халуун байсаар аж?” Савдаг сөгдөж өгүүлрүүн: “Өчүүхэн эрхтэн их богдын гавьяа бүтсэнийг мэдэж сая халуулан авчирсан болой.” Удсангүй идэж бараад бадар аягаа хурааж савдгаас салж мордов.

 

            Тэндээс Тансаг моринд мордон өндөр уулыг хөдөөсөн өмнөш оров. Төв хэмээн:

 

            Сэтгэл засан санааг ариутгаж бодь хутгийг олоод салхинаа цавлаж сүүдэрт хоноглож баруунш зам хөөмүй. Бас нэлээд өдөр явснаа хаврын эх ороод замын гудас:

 

Уран хараацай үргэлжлэн жиржигнэж, алтан гургалдай зогсолгүй донгодмуй. Өнгийн цэцэг газар дэлгэрэхүйеэ таж гэмэрлэг дэвссэн мэт, өвс модон уулнаа хөөрөхүйеэ ногоон хүрэм нөмөрсөн адил хянга дээрх харгана модноо гүйлс дүүрэн сууж, хадны энгэр дэх хөгшин майлс хөөрөн харагдмуй. Хөдөө тал хүдэнтэн цэнхэрлэж хумаг элс нарнаа гялтганамуй. Хүрээлэнгийн цэцэг нээгдэн дэлгэрч хөврөх хавар эхлэн хамаг бодис шинэдэв.

 

Хараахан явсаар нэгэн нарийн голын захад хүрэв. Тэр голын ус тув тунгалаг толь мэт туналзан мэлэлзмүй. Хутагт тойн морио татаж үзвээс, голын тэртээ унжгар удын завсраар улалжийн гэрүүд жадав жадав харагдмуй. Бичин тэр айлын зүг хуруугаар зааж өгүүлрүүн: “Тэр гэрийн хүн лав гол гэтэлгэгч онгоцчин буй за.” Тансаг: “Би мөн тийнхүү санамуй, ганц онгоц нь үзэгдэхгүй тул яахан дуудмуй” хэмээтэл, Гахай даруй амьтайгаа тавьж их дуугаар: “Гол гэтэлгэгч онгоцчин онгоцоо нааш авчир!” хэмээн хэдэнтээ дуудсанд, тэртээ этгээдийн уд бургасны доогуур нэгэн онгоц гарч ирээд удсангүй эрэгт ойртон ирэв. Багш шавь нар тэр онгоцыг лавлан үзвээс үнэхээр:

 

Хос сэлбүүр урсгалыг ирж хөнгөн хаяур усыг самармуй. Өрөө хавьсыг өнгөт ширээр ширдэж, өрц хавтсыг эвлэг тэгш тохиожээ. Хоншоор хошуун дээр төмөр аргамж эвхэн тавиад, хойдох сүүл дээр сэлүүрчний суудал тааруулжээ. Хэдийгээр голын завь онгоц хэмээвч тэнгис далайд явж мөн болмуй. Ёнхор аргамж яат хашаас хэдийгээр үгүй боловч нарсан шорог майлсан алмуур буй. Их тэнгисийн хөлөг онгоцонд үл хүрэх боловч энэ голыг сүндлэн бартааг гэтэлгэж чадмуй. Хойш урагш хоёр эргийг мөргөж, одож ирэн угийн олмоос зайдахгүй.

 

            Тэр онгоц удсангүй хөвөөнд тулж ирэв. Сэлүүрчин нь дуудан өгүүлрүүн: “Гол гэтлэгчид үүгээр ирэгтүн.” Тансаг морь тавин урагш давшиж ойртон ирж тэр сэлүүрчний байдлыг үзвээс:

 

Тэргүүнийг торгон алчуураар боож, хөлд хар шаахай өшгөлжээ. Биед ширмэл дээл өмсөж дундуур бүс хормойвч бүсэлжээ. Хоёр гар хөрслөн хүдэржиж хумхх хуруу борогшин өеөтжээ. Нүдний аньсага атираатан, нүүр царай хуниасарчээ. Холоос сонсохуйяа хангинам дуутай агсан ч хавьтан үзвээс харин хөгшин эмгэн ажгуу.

 

Бичин урагш давшин асууруун: “Чи гол гэтэлгэгч онгоцчин буюу?” Тэр эмгэн: “Мөн” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Онгоцны өвгөн юунд үгүй харин эмгэнээр сэлүүлмүй?” Тэр эхнэр инээмсэглэн өчсөнгүйгээр гишгүүр хавтсыг авч тавьсанд Шороо амьтайгаа үүрэн гарч Бичин, багшаа түшин гишгүүр дээр гараад онгоцыг эрэгт шахуулан морийг хөтлөн онгоцон дээр гарсан хойно, эмгэн гишгүүр хавтсыг татан авч, онгоцоо хөдөлгөн, удсангүй баруун хөвөөнд гарав.

 

            Эрэгт гараад Тансаг, Шороогоор хэдэн зоос өгүүлсэнд тэр эхнэр мөн арвин багийг хэлэлцэхгүй. Онгоцоо модноос аргамжаад баярласаар гэрийн зүг эчив. Тансаг хараахан ангаж байсан тул тэр усны тунгалгийг үзээд Гахайг дуудан өгүүлрүүн: “Чи бадар аягаар ус хутгаж авчир би уусугай.” Тэр манхуу: “Би бас хараахан уусугай хэмээж байсан бөлгөө” хэмээгээд бадар аягыг аваачиж, усыг нэг аяга хутган авчирч багшид барив. Багш нь хагасыг уугаад үлдсэн хагасыг Гахай тосон авч мөн нэгэн амьсгаагаар цөм хөнтрөөд даруй Тансагийг тэтгэн моринд мордуулав.

 

            Багш шавь дөрвүүлээ замд орж баруунш яваад хагас цаг болсонгүй, Тансаг бээр: “Гэдэс өвдмүй!” хэмээн морин дээр дэмий л ёолоход Гахай бас араас: “Миний гэдэс мөнхүү мушгиж өвдмүй” хэмээхэд Шороо: “Лав хүйтэн ус уусны гэм буй за?” хэмээн үг барахын урьд багш дуугарч: “Гэдэс өвдөх нь тун хэцүү!” хэмээхэд, Гахай бас ёолон: “Өвдөх нь нэн хэцүүдэв!” хэмээв. Хоёулаа өвдөж тэсэхгүйдээ гараар тэмтрэн үзвээс гэдэс нь улам улам нь түгдийгээд дотор нь нэгэн бөөн юм хөвөлзөн хөдөлмүй. Тансаг хараахан тэсэхгүй байтал гэнэт замын хажууд нэгэн гэрийн өмнөх модон салаанаас хоёр атга өвс дүүжилж байхыг үзээд, Бичин өгүүлрүүн: “Багш сайн болов, архи худалдах гэр буй, тэнд одож чамд баахан халуун цай ус олж уулган, жич ойр орчмын эмчийг тэндээс асууж чиний гэдсийг засуулсугай!”

 

            Тансаг их л баярлан морийг шавдаж тэр гэрийн үүдэнд хүрээд мориноос бууж үзвээс, үүдний гадна  нэгэн эмгэн сэгэл дээр сууж олс шидэмсэлмүй, Бичин урагш давшин өгүүлрүүн: “Эмгэн эх бид болбоос зүүн газрын их Тан улсаас ирсэн тойд болой, миний багш болбоос Тан улсын хааны дүү болмуй, гол харгуйд голын усыг ууснаар гэдэс нь мушгин өвдмүй. “Тэр эмгэн инээн өгүүлрүүн: “Аль голын усыг уусан буй?” Бичин өгүүлрүүн: “Зүүн дэх тэр тунгалаг голын усыг уусан бөлгөө.” Тэр эмгэн инээн өгүүлрүүн: “Шогтой хэрэг! Шогтой хэрэг! Та нар орж ир, би учрыг хэлж өгсү.”

 

            Тэндээс Бичин бээр Тансагийг түшин, Шороо бээр Гахайг түшиж ороход тэд хоёулаа дуун гарч ёолон  гэдэс гүдийж царай шарлан хөмсөг атирсаар гэрт орж суув. Бичин шаардан өгүүлрүүн: “Эмгэн ус буцалгаж миний багшид өгөх болов уу, бид чамд тал өгсүгэй.” Тэр эмгэн ус буцалгалгүй хихи хаха хэмээн инээсээр дотогш орж: “Та нар ирж үз! Та нар ирж үз!” хэмээн дуудсанд дотроос хоёр гурван эмгэн гарч ирэн Тансагийг үзээд инээлцэхэд, Бичин их л хилэгнэн зандарч, шүдээ ярзайсанд тэдгээр эмгэд их л айж, унан тусан дотогш дутаан ороход, Бичин урагш давшин урьдын тэр хөгшнийг татан байж өгүүлрүүн: “Чи хурдан ус буцалгаж авчир би чамайг уучилсугай!”  Тэр эмгэн чичрэн дагжиж өгүүлрүүн: “Өвөг минь ус буцалгавч тэр хоёрын гэдсэнд тус болохгүй, чи намайг тавь, би хэлж өгсүгэй.” Бичин түүнийг сая тавив, тэр эмгэн өгүүлрүүн: “Манай энэ газар хэмээгч Кис Курганы охин улс, манай энэ нэгэн улс цөм эхнэр хүн, нэг ч эр хүн үгүй, тийнхүү та нарыг үзээд баярлан амуй, чиний багш тэр усыг уусан нь муу болжээ, тэр голын нэрийг үр тогтоогч гол хэмээмүй, манай улсын нийслэл хотын гадна бас нэгэн аргыг угтагч хэмээх өртөө буй, тэр өртөөний үүдний гадна шалтаг тольдогч булаг буй. Манай эндэх хүн хорин нас хүрсэн нь сая голын усыг уумуй. Уусан хойно хэвлий өвдөн давхар болсон нь мэдэгдмүй. Үүнээс гурван хоногийн дараа одож тэр булагт тольдмуй. Тольдоод хоёр сүүдэр байваас хүүхэд төрмүй. Чиний багш тэр үр тогтоогч усыг уусан тул жирэмсэн болжээ, удахгүй хүүхэд төрмүй, буцалсан ус түүнийг хэрхэн дийлэн чадмуй?”

 

            Тансаг энэ үгийг сонсоод ихэд цочин царай барайж өгүүлрүүн: “Шавь минь? Ийм болбоос хэрхмүй?” Гахай мушгилдан ёолж өгүүлрүүн: “Өвөг минь! Хүүхэд төрөхөд бид эр хүн ямар сүвээрээ гаргамуй?” Бичин инээн өгүүлрүүн: “Эртний үгэнд “жимс боловсорвоос өөрөө унамуй” хэмээжээ. Цаг нь болбоос лав сүвээ чинь дэлбэрээд гарч ирэх буй за” хэмээв.

 

            Гахай чичрэн дагжиж өвдөхөд тэсэхгүй болж өгүүлрүүн: “Барав! Барав! Үхэх болой!” Шороо инээн өгүүлрүүн: “Ах бүү нуруугаа мушгил! Мушгисаар хүүхдийн хэвтэш нь мушгирваас харин хучлагын өвчин тогтмуй.” Тэр манхуу нэнт сандарч, нус нулимсаа гоожуулсаар Бичинийг татан барьж өгүүлрүүн: “Ах минь чи энэ эмгэнээс асуу, ойр орчим хөнгөн хөнгөржүүлэгч эмгэд байваас нэг хэдийг урьдаас залж ир, өвдөх нь нэн түргэн болов, бодвоос хучлага болох буй за, удахгүй хүүхэд унамуй!” Шороо бас инээн өгүүлрүүн: “Хучлага ирэх бөгөөс бүү хөдөл, хэвлий чинь хагарах болуузай.”

 

            Тансаг ёолсоор тэр эмгэнээс асууруун: “Таны энд эмч буй буюу? Эмч байваас, шавь бээр нэг уух эм худалдан авчруулж ураг унуулбаас сайн бөлгөө.” Тэр эмгэн өгүүлрүүн: “Эм байвч тус болохгүй, ганц манай эндээс ас өмнө этгээдэд аргыг тайлагч хэмээх нэгэн уул буй, тэр ууланд хүүхэд цуцлагч нэрт нэгэн агуй буй, тэр агуйн дотор нэгэн ураг унагагч хэмээх булаг буй, тэр булгийн усыг олж ууваас сая үүнийг дийлж болмуй. Ганц өдгөө усыг авч болохгүй болов, урьд жил чандмань хэмээх нэрт нэгэн арш ирээд агуйн нэрийг халж хувилгааны чуулган сүм хэмээн нэрийдэв. Тэрээр усыг эзлээд хүнд хялбар өгөхгүй. Усыг гуйгч хүн цөм өнгөт торгоны өмсгөл хувцас, хонь  дарс зэргийг аваачиж бариваас арай хэмээн нэгэн аяга усыг олмуй. Та нар хэмээгч бадарчин тойд, тийм ариун бэлэг сэлгийг хаанаас олмуй? Заяагаа хүлээж цагт төрвөөс барав зэ.” Бичин сонсож ихэд баярлан өгүүлрүүн: “Эмгэн тэр аргыг тайлагч уул танай эндээс хэдий хол байх буй?” Эмгэн өгүүлрүүн: “Эндээс гучин газар буй.” Бичин өгүүлрүүн: “Сайн! Сайн! Багш сэтгэлээ сул тавь, өвгөн Сүн одож баахан ус авчран чамд уулгасугай.”

 

            Тэндээс Бичин багш бас Шороод захиж өгүүлрүүн: “Чи багшийг сайн сахиж суугтун, хэрвээ эд баахан ёсгүй аашилбаас эрт өдрийн авираа гарган эднийг баахан айлгатугай, би одож ус авчирсугай.” Шороо мөн хэмээв. Тэр эмгэн дотроос нэгэн ваар авчран Бичинд өгч өгүүлрүүн: “Үүнийг аваачиж олбоос илүүхэн авчир, үлдвээс бид бачим үед хэрэглэсүгэй.” Бичин үнэхээр тэр ваарыг авч гэрээс гаран үүл хөлөглөн одоход, тэр эмгэн хоосны зүг сөгдөж мөргөн: “Өвөг минь энэ тойн үүл хөлөглөж чадмуй!” хэмээгээд дотогш орж тэр хэдэн эхнэрийг дуудан гаргаж Тансагт мөргүүлж архад бодисадва хэмээн эргэн дуудаж нэгэнтээгүүр цай хоол базаан Тансагт өргөхийг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь: Бичин багш үүлэнд тонгорцоглон дэгдээд удсангүй үүлнээ шургасан нэгэн өндөр ууланд хүрч ирэн бууж нүд өргөн үзвээс үнэхээр сайхан уул аж:

 

Өнгийн цэцэг мяралзан өвс ногоо хөхөрмүй. Хүрхрээ булаг цутгалан бууж, хөвөн цагаан үүл хөвөлзөн нүүмүй. Зэл ороонго зав жалганд торлон, зузаан ой уул хянгыг бүрхжээ. Болжмор жиргэн галуу ганганалдаж буга ундлан бич дэвхэрмүй. Ногоон хад халхавч мэт, номин асга хана адил. Бор тоосон төдөлгүй арилан, булгийн ус тасралгүй урсмуй. Эм түүхээр ирэгчид үүр харагдан, түлээ авч буцагчид үргэлж тохиолдмуй. Энэ үнэхээр даяантайн үзэмж лүгээ тэнцэж, ухаа шаны сүрээс хэтийджээ.

 

Бичин багш тэр уулыг хараахан шинжин атал, ар дахь нэгэн их хүрээний дотор нохой хуцах дуун сонстмуй. Бичин уулнаас буун шууд тэр айлд хүрвээс харин ч их л сайхан газар ажгуу.

 

            Урсгал усны дээгүүр модон хүрхрээ тавиад, улалжийн гэрүүдийг уул түшүүлэн барьжээ. Шивээ хашааны дотроос нохойн дуун сонстон сэлгүүцэн зорчих хүн хаяа харагдмуй. Удалгүй үүдэнд хүрч үзвээс нэгэн бумба тэнд зүлгэн дээр завилан суужээ. Бичин ваараа хөсөр тавьж урагш давшин ёсолсонд тэр бумба бие өндийн хариу ёсолж өгүүлрүүн: “Хаанаас ирэв? Миний энэ буйд сүмд ирсэн нь ямар хэрэг буй?” Бичин өгүүлрүүн: “Ядуу тойн болбоос зүүн газрын их Тан улсын зарлигаар баруун газарт ном залахаар одогч болой, миний багш эндүүрч, үр тогтоогч голын усыг уугаад гэдэс нь тэсгэлгүй өвдөхийн тул энэ газрын гүнээс сураглаж жирэмсэн болсныг өөр засах аргагүй, ганц энэ аргыг тайлагч уулын хүүхэд цуцлагч агуйн ураг унагагч булгийн ус сая жирэмсэлснийг дийлж чадмуй хэмээх тул тийнхүү тухайлан чандмань аршаас усыг баахан гуйж олоод багшаа зассугай хэмээн ирэв, хайрлаваас заан соёрхох ажааму.” Тэр бумба инээн өгүүлрүүн: “Энэ даруй хүүхэд цуцлагч агуй мөн, өдгөө нэрийг халж хувилгааны чуулган сүм хэмээжээ, би бас өөрөө хүн бус, даруй тэр чандмань аршийн ахмад шавь мөн, чиний нэр хэн буй? Би орж мэдүүлсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Тансагийн ахмад шавь Бичин хэмээгч би болой.” Тэр бумба асууруун: “Чиний энтэй торго дарс хонь чинь цөм хаа буй?” Бичин өгүүлрүүн: “Би болбоос явуулын нэгэн бадарчин тойн тул бэлгийн юм авчирсангүй.” Бумба инээн өгүүлрүүн: “Чи юутай ийнхүү тэнэг аж! Миний багш энэ уулын булгийг эзэлж хүнд ерөөс зүгээр өгдөггүй. Чи хойш эгэж бэлгийн юм авч ирвээс би орж хэлсүгэй. Үгүй бөгөөс заларч эгэгтүн, ус аваачихыг бүү сана!” Бичин өгүүлрүүн: “Хүний найр хааны зарлигаас хүнд болой, чи орж миний нэрийг хэлбээс тэр харин найрыг бодон худагтайгаа өгөх ч магадгүй.”

 

Тэр бумба үүнийг сонсоод аргагүй мэдүүлэхээр орвоос багш нь хараахан ятга чавхдаж байх тул түүний чавхдан барахыг хүлээж сая мэдүүлрүүн: “Багш, гадна Тансагийн ахмад шавь Бичин хэмээгч ирээд ураг унагагч булгийн усыг гуйж аваачин түүний багшаа аварсугай хэмээмүй.” Тэр бумба эс сонссон бөгөөс харин хамаагүй бөлгөө. Бичин хэмээх нэрийг сонсмогц даруй хилэнгийн гал бадран хорслын уур чиглэрч, яаран босч ятгыг түлхэн буугаад, цагаан дээлийг тайлан бумбын хувцсыг өмсөж гарт алтан гох барин сүмийн үүднээс үсрэн гарч  ирээд: “Бичин хаа буй?” хэмээн дуудахад, бичин тэргүүн өргөн тэр хувилгааныг үзвээс:

 

Тэргүүнд одон малгай тавьж, биед номын дээл өмсчээ. Хөлд үүлэн шаахай эсгүүлж дундуур эрдэнийн бүс бүсэлжээ. Атган зэвсэг алтан гохыг дээр далайн, айхавтар сүртэй гарч ирэв. Гархин нүдээ дүгрэглэн хөмсөг сэгийн босгоод, гангын соёогоо ярзайлгажээ. Гас улаан сахал нь сэрвийж, гал улаан үс нь босчээ. Дүр байдал нь догшин эрлэг мэт шинж төлөв нь Шинжижалбу мэт.

 

Бичин үзээд ёсолж өгүүлрүүн: “Ядуу тойн би даруй Сүн Ү Күн мөн.” Тэр бумба инээн өгүүлрүүн: “Чи үнэн Сүн Ү Күн буюу, нэр заагч буюу?” Бичин өгүүлрүүн: “Аршийн энэ үг юун буй. Энгийн үгэнд: “Сайд эрдэмтэн хэлбээс үг гишигвээс газар” хэмээжээ. Би даруй Сүн Ү Күн мөн, юуныг худал хэлэх ёсон буй?” Бумба өгүүлрүүн: “Чи намайг таних буюу?” Бичин өгүүлрүүн: “Би бурхны шашинд орж, бурсан хуврагийн санваар авснаас нааш аян зам хөөж уул усыг туулан зорчсоор багын үеийн хуучин нөхөд лүгээгээ ч учирсангүй удсан тул эрхмийн алдрыг эс сонслоо, энд ирээд сая үр тогтоогч голын баруун дахь айлаас их нэрийг олж сонсов.” Тур бумба өгүүлрүүн: “Чи замаа хөөхөөрөө хөө, би бясалгалаа хийхээрээ хийсүгэй, чи надад золгож юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Миний багш үр тогтоогч усыг эндүүрэн ууж хэвлий өвдөж жирэмсэн болсон учир, чиний хувилгаан ордонд ирж, ураг унагах булгийн уснаас нэгэн аяга олж багшийг зовлонгоос аварсугай хэмээмүй.”

 

            Тэр бумба хилэгнэн өгүүлрүүн: “Чиний багш даруй Тансаг буюу?” Бичин: “Мөн, мөн.” хэмээв. Тэр бумба шүд зуун өгүүлрүүн: “Та нар идэр богд их ванд золгосон буюу?” Бичин өгүүлрүүн: “Тэр болбоос тэмдэгт уулын хувхай нарсан завын гал үүлт агуйн улаан хөвгүүний цол болой. Их хувилгаан түүнийг асууж юу хиймүй?” Бумба өгүүлрүүн: “Тэр болбоос миний ач хөвгүүн болой, би болбоос ахын тэндээс илгээсэн бичигт Тансагийн ахмад шавь Сүн Ү Күн ёсгүй, түүнийг хорлов хэмээжээ. Би энд хараахан түүний өшөөг авсугай хэмээвээс чамайг ирж олтугай бөлгөө,  чи өдгөө намайг эрэн иржээ, бас яасан ус авмуй хэмээмүй!” Бичин инээн өгүүлрүүн: “Арш та ташаарсан болой, эрхмийн ах над лугаа мөн сайн нөхөр болой. Багын цагт бид долоон хүн ах дүү барилдсан бөлгөө. Ганц эрхмийн суух газрыг мэдэхгүй тул эрж золгосонгүй, чиний ач өдгөө Хомсим бодисадваг дагаж Манибадар хувилгаан хөвгүүн болов, бид ч түүнд үл хүрмүй, чи харин юунд намайг буруушаамуй?”

 

            Тур бумба зандан өгүүлрүүн: “Энэ муу сармагчин! Дэмий уран үг өгүүлмүй! Миний ач өөрийн зоригоор ван сууж жаргах нь сайн буюу, хүний боол болон зарцлагдах нь сайн буюу? Бүү ёс бусчил! Миний энэ гохыг нэгэнтээ амтал!” хэмээн гохоор гохдон ирэхэд, Бичин шийдмээр угтан хориглож өгүүлрүүн: “Чи хэрүүл бүү үүсгэ, усаа баахан өг.” Тэр бумба хараан өгүүлрүүн: “Энэ сармагчин чи! Үхэхээ мэдэхгүй над лугаа гурван удаа тэсвээс усыг аваачигтун, эс тэсвээс би чиний махыг огтчиж ач хөвгүүний өшөөг авмуй.” Бичин багш түүнийг хараан: “Энэ муу чивэлт бумба сайн мууг үл мэдэх адгуус! Чи эрхбиш цохилдсугай хэмээвээс миний энэ шийдмийг сайн үз!” хэмээгээд занчин ороход, тэр бумба алтан гохоор угтан хоёулаа хувилгааны чуулган сүмийн үүднээ их л алалдав:

 

Богд тойн үр тогтоогч усыг эндүүрэн уусны учир урагш ирж чандмань аршийг сурав. Бумба арш харин шулам аж, балмад хүчинд эрэмшин ураг унагагч булгийг эзэлжээ. Харилцан сая золгон учраад өшөө хорслыг нээлцэн, харшин тэмцэлдэхүйеэ санаанаас өсөд өөр болжээ. Хэл ам болсоор хилэн хорсол төрөгдөн, хэрцгий санаа догшин бодлогоор өшөө авсугай хэмээмүй. Энэ нэгэн нь багшийн амийг аварсу хэмээн ус гуйхаар иржээ, тэр нэгэн нь хөвгүүний өшөөг авсу хэмээн булгийг эзэрхэн харамламуй. Алтан гохын ирэх нь хилэнцэт хорхой хатгах мэт, алмас шийдмийн буух нь аварга луу ширвэх адил. Хувилгаан шийдэм цээжрүү буухуйяа хорт гох хөлийг эрэн ирмүй. Хүнд шийдэм хүчтэй буухуйяа хөнөөлт гох хүзүүг ирмүй. Эрдэнийн шийдэм өвчүү рүү буухуйяа эргүү гох эсэрүаг заан ирмүй. Дахин дахин байлдаж дийлэн дийлэгдэхийг мөрийцөн, эргэн эргэн тулалдаж эрэгчин эмэгчнийг ялгамуй. Хоёр зэвсэг зөрөлдөн хурц сүрийг бадруулан, хэн алиндаа автахгүй хүчин тэнцэн тулалдмуй.

 

Тэр бумба их богд лугаа арван хэдэн удаа зөрөлдөн болд шийдмийг хүлээн чадахгүй болов. Их богд нэн догшрон, цахилгаан бууж солир харвах мэт цохилоход бумба эсэргүүцэн чадахгүй болж алтан гохоо чирсээр агуйн зүг дутаан одов.

 

            Бичин түүнийг нэхэхгүй сүмд орж усыг эрсүй хэмээхэд тэр бумба хэдийнэ үүдээ даржээ. Бичин хөлөөр үүдийг хүчлэн өшиглөж эвдээд дайран орж үзвээс, тэр бумба худгийн хаслага дээр элэгдэн үзэж амуй. Бичин нэгэнтээ зандан шийдэм далайж занчсугай хэмээтэл бумба хойш гарч дутаажээ. Бичин сая нэгэн суулга олж усыг автал, тэр бумба дахин ирж Бичиний хөлийг гохдон татсанд Бичин санамсаргүй элэг түрүүлэн унаж нэгэн ам шороо үмхжээ. Бичин гүйн босч шийдмээр цохиход бумба зайлан зогсож өгүүлрүүн: “Чи миний усыг хэрхэн аваачихыг би үзсүгэй!” Бичин хараан өгүүлрүүн: “Чи нааш ир! Нүгэлт амьтан чамайг цохиж алсугай!” Тэр бумба ганц ус авахыг хориглохоос огт байлдахгүй, Бичин түүний хөдлөхгүйг үзээд нэгэн гарт шийдмийг барьж нэгэн гараар усыг татахад, тэр бумба бас гүйн ирж хөлийг гохдон татахад Бичин өрөөсөн гараар байлдаж болохгүй тул, түүний гоход тээглэгдэн ойчиж суулга дээшээ цөм худагт алдав. Бичин: “Энэ муу бумба даанч ёсгүй” хэмээгээд өндийн босч шийдмээ далайн нүүр нүдгүй цохилон ороход тэр бумба бас дутаан одож аймшиггүй эсэргүүцэн байлдахгүй, Бичин дахин ус авсугай хэмээвэл суулгагүйн дээр түүний бас ирж гохдохоос болгоомжлон дотроо: “Би одож өөр нэгэн хавсрах хүн авчирсугай!” хэмээн бодов.

 

            Их богд үүл хөлөглөн агшин зуур эгэж тосгоны гадна ирээд “Шороо”хэмээн дуудсанд, гэр дотор ёолон гасалж байсан Тансаг, Гахай хоёул дуудахыг сонсож баярлан өгүүлрүүн: “Шороо, Бичин ирэв.” Шороо яаран үүд нээн угтан гарч: “Ах ус олж ирэв үү?” хэмээсэнд, Бичин өчихгүй, шууд Тансагийн дэргэд ороод өнгөрсөн учрыг нэгэн өгүүлсэнд Тансаг уйлан өгүүлрүүн: “Шавь минь ийм болбоос юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Би Шороог дуудахаар ирсэн болой, хоёул эчиж өвгөн Сүн миний бие түүн лүгээ байлдах зуур Шороо усыг авч ирэн чамайг тэнхрүүлтүгэй.” Тансаг: “Та хоёр эрүүл хүн өдгөө бид хоёр өвчинтэй хүнийг орхин одвоос хэн харгалзмуй?” хэмээхэд, тэр эмгэн хажуугаас өгүүлрүүн: “Богд тойн сэтгэлээ агуу тавь, шавиа хорих хэрэггүй, бид сувилсугай. Таныг сая ирмэгц бид үнэхээр бахдан санасан бөлгөө. Өдгөө энэ бодисадвагийн үүл хөлөглөн залрахыг үзээд сая та нарын чухам архад бодисадва мөн болохыг мэдэв, та нарыг аймшиггүй үл хорломуй.”

 

Бичин зандан өгүүлрүүн: “Таны зэргийн эмс охид аймшиггүй хэнд хор хүргэмүй?” Эмгэн инээн өгүүлрүүн: “Багш нар та харин заяа сайн хэмээн сана! Миний гэрээс өөр хүний гэр буусан болбоос та нарыг бүтэн үлдээхгүй болой!” Гахай ёолон байж асууруун: “Бүтэн үлдэхгүйн чухам яадаг буй?” Эмгэн өгүүлрүүн: “Миний гэр хэдий дөрөв таван ам боловч цөм насжин хөгшрөөд тачаангуй сэтгэлгүй болсон тул та нарт хор хийхгүй. Хэрвээ өөр хүний гэрт бууж, залууст учирсан болбоос та нарыг юунд зүгээр өнгөрүүлэх буй! Лав та нар лугаа хурьцах явдлыг үүсгэмүй. Тэд нар эс болбоос аминд чинь хор хийж махыг хэсэг хэсэг огтолж аваад, заар мэт хавтгайлж зүүмүй.” Гахай өгүүлрүүн: “Тийм болбоос надад гайгүй. Эдний бие цөм сайхан үнэртэй тул заар мэт зүүхэд сайн. Би хэмээгч шингэг Гахай, огтолж зүүхэд мөн шингэг, тиймийн тул надад гэмгүй буй за.” Бичин инээн өгүүлрүүн: “Чи олон бүү дуугарагтун, хүчээ хадгалбаас хөвгүүн төрөхөд сайн.” Тэр эмгэн өгүүлрүүн: “Алгуурлаж болохгүй. Усыг түргэн авчирваас сайн.” Бичин өгүүлрүүн: “Танд суулга байваас зээлж зарсугай.” Тэр эмгэн дотогш орж нэгэн суулга, нэгэн баглаа дээстэй авчирч өгсөнд, Шороо тосч аваад: “Хоёр дээс аваачсугай, худаг гүн болбоос хүрэхгүй болуузай” хэмээв.

 

Шороо суулга дээсийг аваад Бичинийг даган айлаас гарч, хамт үүл хөлөглөн удсангүй хэдийнээ тэр аргыг тайлагч ууланд хүрээд үүлийг дарж сүмийн гадна бууж, Бичин багш, Шороод захиж өгүүлрүүн: “Чи суулга дээсээ барьж нууж байгтун, би түүнийг өдөөн гаргаж байлдсугай, бид хоёул байлдан халамшсан үед чи орж усыг авч од.” Шороо за за хэмээн хүлээн зогсов.

 

Их богд болд шийдмийг өргөн хаалганд хүрч өндөр дуугаар: “Хаалга нээ!” хэмээн дуудсанд, хаалгачин яаран дотогш орж мэдүүлрүүн: “Багш, тэр Сүн Ү Күн бас ирэв.” Тэр бумба их л хилэгнэн өгүүлрүүн: “Энэ муу сармагчин даанч ёсгүй, хэзээний сонсвоос түүнийг их л чадалтай хэмээсэн бөлгөө, үнэхээр энэ өдөр сая олж мэдэв, түүний тэр шийдэм үнэхээр эсэргүүцэхүйеэ бэрх.” Шавь бумба өгүүлрүүн: “Багш, түүний чадал хэдий их гэвч та мөн түүнээс дордохгүй, төв хэмээн тэмцмүй.” Бумба өгүүлрүүн: “Урьд хоёр удаа түүнд дийлэгдсэн болой.” Шавь өгүүлрүүн: “Урьд хоёр удаа дийлсэн нь түүний нэг цагийн хүчин буй за. Хожим хоёр удаа ус авах үес, багшид хоёр удаа гохдогдон унасан нь харин түүн лүгээ ав адил бус буюу? Урьд нэгэнтээ арга мухардаад эгсэн бөгөөтөл өдгөө бас дахин ирсэн нь лав Тансаг жирэмсэн болж бие хүндрээд зэмлэх нь хэцүү тул, арга бус ирсэн нь болой. Ийнхүү багш та лав дийлэх нь сэжиггүй болой.”

 

Тэр бумба энэ үгийг сонсож баясан инээсээр гохоо барин сүр тавин гарч ирээд өгүүлрүүн: “Муу сармагчин! Бас юунд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Би ганц ус авахын учир ирэв.” Бумба өгүүлрүүн: “Булгийн ус нь миний хувийн худаг, хааны туслагч боловч алт мөнгө архи хонио өргөн гуйваас сая баахан өгмүй. Чи миний өшөөт хүн бөгөөд гар хоосноор ирж аймшиггүй ус авсу хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи үнэхээр үл өгөх буюу?” Бумба өгүүлрүүн: “Өгөхгүй! Өгөхгүй!” Бичин багш: “Муу адгуус! Ус өгөхгүй бөгөөс шийдмийг амтал!” хэмээн урагш давшин ялган хэлэлцэхгүй тэргүүнийг эрэн занчин ороход тэр бумба бие хэлбийн зайлж яаран гох өргөн угтан байлдав. Энэ удаа урьдах удаагаас нэн хэцүү:

 

Алтан толтот шийдэм, чандмань эрдэнэ гох, хоёр хүн уурлан хувь хувиа хорсол өвөрлөмүй. Хусаг шороо хийсэн хорвоо дэлхий будангуйрч хог тоос дэгдэн наран сарныг халхалжээ. Их богд багшийн тул ус авахаар ирвээс, шулам арш хөвгүүний учир харамлаж үл өгмүй. Хоёр этгээд зэргээр хүчлэн байлдаж, хэрхэвч зүгээр үл зогсмуй. Хөмхий зуун дийлэн дийлэгдэхийг үзэлцэн, хөмсөг сэгийн хүчирхэг буурайг ялгамуй. Хурц сүр бадран хүчин чадал нэмэгдэж, харилцан тэмцэн тулалдмуй. Үүл манан татуулан, эсрэгцэн тэмцэж байлдахуйяа буг чөтгөр эмээн бурхан сахиулсан цочмуй. Гарын зэвсэг харшилдан гал цохилон гарч, хашхирах дуун түрхрэн хад уул донсолмуй. Хар салхи дэгдэн ой модыг хугачиж, хилэнгийн уур мандан Ударасад одноо тулжээ. Их богд алалдах тутам баясан, арш хувилгаан байлдах тутам бачимдмуй. Өшөө хорсол бодолцон тэмцэж байх зуур үхэх сэхэхийг ялгахаас нааш үл зогсмуй.

 

Тэр хоёулын сүмийн үүднээ, тулалдсаар уулын хормойд хүрч зууралдан тэмцэхийг түр өгүүлэхгүй.

 

            Жич өгүүлэх нь, Шороо бээр суулгаа авч үүдэн дотор түлхлэн орвоос тэр бага бумба худгийн захад хориглон зогсоож өгүүлрүүн: “Чи ямар хүн буй, аймшиггүй ус авахаар ирмүй!” Шороо суулгаа тавьж эрдэнийн таягийг өргөн, ялган өгүүлэхгүйгээр түүний тэргүүнийг эрэн занчин ороход бумба зайлан завдсангүй зүүн гарын тохой оногдон хугарч хөсөр унаад тэлчлэн буухад, Шороо хараан өгүүлрүүн: “Би чиний энэ хилэнцэт адгуусыг занчиж алах бөлгөө, хэрхвээс чи мөн хүний бие тул харин чамайг хөөрхийлмүй, чиний амийг уучилсугай! Би ус авмуй!”  Тэр бумба гасалж гангинасаар хойш мөлхөн одов. Шороо төд суулга дүүртэл ус татаж аваад, хаалга гаран үүл хөлөглөн огторгуй дээр байж дуудан өгүүлрүүн: “Ах, би нэгэнтээ усыг авав, одоо эгмүй, үүнийг түр уучилтугай!”

 

            Бичин багш хашхирахыг сонсож шийдмээр гохийг тосон зогсоож өгүүлрүүн: “Би чухам чамайг алж дуусгах бөлгөө, хэрхвээс чи ял халдсангүйгийн дээр чиний ах үхэр вангийн нүүрийг бодож чамайг уучилмуй. Урьд ирж, би чамд хоёронтоо гохдогдож ус олсонгүй тул дахин ирж, барыг өдөөн уулнаас салгах аргаар чамайг хууран гаргаж байлдан миний номын дүү бээр ус авахуулсан бөлгөө. Өвгөн Сүн хэрвээ үнэн чадлаа гаргаж чамайг цохивоос чиний мэдэх нэгэн чандмань хувилгаан байтугай, хэд хэд байвч цөм үнсэн товрог болгох болой. Чухамд цохиж алах нь амьд тавихад хүрэхгүй хэмээх тул чамайг хэлтрүүлж хэдэн он амьдруулсугай хэмээх буй за, үүнээс хойш ус авахаар ирэгсдийг хэрхвээс хяхан авч болохгүй.” Тэр бумба сайн мууг мэдэхгүй, бас дэмий цохин ирэхэд, Бичин гохыг зайлан өнгөрүүлж, давшин ороод: “Бүү хөдөл!” хэмээн зандаж шулам бумбыг гар хөдлөн зандахаас урьд сэрвийтэл түлхэн унагаж хөсөр тэлчлэн байхад хэдийнээ гохыг булаан авч хугалан дөрвөн анги болгоод газар орхиж өгүүлрүүн: “Энэ муу адгуус чи! Бас ёс бусчлан аашлах буюу?” Тэр бумба чичрэн дагжиж дуу гарахгүй ичүүрэн агуйд оров, богд Бичин хадганан инээсээр үүл хөлөглөн хойш ирэв. Шүлгийн үг:

 

Үнэн тугалгыг хайлуулан бүтээхэд рашаан ус хэрэгтэй, рашаан ус зохилдон нийлбээс мөнгөн ус хатнам. Үнэн дуулга мөнгөн ус эхийн амьсгалгүй, адис хумих рашаан эм даруй хувилгаан үрэл мөн. Золч дүр хэдий бүрэлдэн тогтсон ч шороо их хүчин хамсваас цуцлахуйяа хялбар. Солгой ёсыг сөхөөн мохоож төв номыг мандуулаад сэтгэлийн Бичин санаа гүйцэж баясан мөшийсөөр эгэв.

 

Бичин багш өнгөт үүлийг хөлөглөн удсангүй Шороог гүйцэж баярлан инээлдсээр айлын дээр хүрч, үүлийг даран буугаад, шууд гэрт орж үзвээс, Гахай гэдэс голийлгон үүдний хатавчийг түшиж зогсон ёолон хайлан амуй. Бичин сэмээр асууруун: “Манхуу чи хэзээ үзэгдэх буй?” хэмээхэд, Гахай мэндүүрэн өгүүлрүүн: “Ах, бүү шогло, ус олж авчрав уу?” Бичин бас шоглон хэлсүгэй хэмээхэд, Шороо нэгэнтээ хүрч ирэн инээж: “Ус олов! ус олов!” хэмээхэд Тансаг өвдөхийг тэсвэрлэн бие өндийж: “Шавь нараа, таныг зүдээсэн болой!”  Тэр эмгэн баярлан гэр хотлоор цөм гарч ирээд ёслон мөргөж өгүүлрүүн: “Бодисадва үнэхээр олохуйяа бэрх! олохуйяа бэрх!” яаран нэгэн шаазан хундага авчран усыг дундуур хийж Тансагт барьж өгүүлрүүн: “Тойн багш чи багахан уу, удахгүй даруй сайн болмуй.” Гахай өгүүлрүүн: “Надад хундага хэрэггүй, би суулгаар уусугай.” Эмгэн өгүүлрүүн: “Өвөг минь, юутай аймаар вэ? Хэрвээ нэгэн суулгыг гэдэс дотор чинь цөм дуусган хайлах болой!” Манхуу сонсоод их л эмээн бас дундуур хундага уув.

 

            Удсангүй хоёулын гэдэс хорчигнон мушгиж өвдөн тэр манхуу тасдашгүй өтгөн шингэн хамт гарч, Тансаг бас тэсэхгүй сэлүүхэн газар одож гаргасугай хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Багш, жавартай газар битгий эчигтүн жавар авбаас сарын суудлын өвчин олмуй.” Тэр эмгэн даруй хоёр гадаалах суулга аваачиж хоёуланд өгөн гаргатугай хэмээсэнд, удсангүй хэдэн үе гүйлгэсний хойно гэдэс өвдөх нь сая зогсож, хөөж хавдсан нь тархан хөврөл нь хайлан буугаад хэвлий нь амрав. Тэр эмгэн бас шингэн будаа чанан уулгаж тамиржуулсугай хэмээхэд, Гахай өгүүлрүүн: “Миний бие тэнхлүүн буй, тамиржуулах хэрэггүй, харин ус халуул, биеэ угаасан хойно юм идэхэд сайн.” Шороо өгүүлрүүн: “Ах, угааж үл болмуй. Сар доторх хүн салхи хийгээс өвчин олох болой.” Гахай өгүүлрүүн: “Миний энэ ураг унаснаас бус бүтэн төрснөөр үгүй, юуны аймуй? Цус гаргадсаа угааваас сайн болой.” хэмээсэнд, тэр эмгэн ус халуулан хоёулангийн гар хөлийг угаалган барж, Тансаг сая дундуур аяга будаа идтэл Гахай хэдийнээ арван хэдэн аяга будааг хөнтрөөд, бас авчир хэмээхэд Бичин инээн өгүүлрүүн: “Нүсэр амьтан! Бага идтүгэй! Бүү идсээр бүлтгэр гэдэстэй бордоон Гахай бологтун.” Гахай: “Хамаагүй! Хамаагүй! Би бас мэгж бус, түүнээс айх юун буй?” хэмээсэнд, тэр эмгэн бас будаа чанан авчирч өгөв.

 

            Эмгэн, Тансагаас гуйн өгүүлрүүн: “Багш энэ усаа надад хайрлах ажааму.” Бичин өгүүлрүүн: “Гахай чи усыг бас уух буюу?” Гахай өгүүлрүүн: “Миний гэдэс сайн болоод жирэмсэн уур нэгэнтээ арилсан тул би түүнийг ууж юу хиймүй?” Бичин: “Тийм болбоос усыг танд өгье” хэмээсэнд тэр эмгэн Бичинд тал өгөөд, үлдсэн усыг бодонд хийж газар булаад гэрийн олонд өгүүлрүүн: “Энэ нэгэн бодон ус миний авсанд зөв болмуй!” хэмээхэд гэрийн олон хөгшин залуу бээр үл баярлах нь үгүй. Цав манз бэлтгэж ширээ засан Тансаг таныг хүндэтгэн дайлж, нэгэн шөнө амарлингуй нойрсуулав.

 

            Жич өдөр тэнгэр гэгээрсэн хойно багш шавь нар эмгэнээс салж айлаас гаран, Тансаг моринд мордож, Шороо амьтайг үүрэн, Бичин багш өмнө зам удирдан, Гахай морийг хөтлөн одов. Энэ үнээр: хэлний нүглийг арилгаваас бие цэвэр болоод эгэл хөврөлийг тайлуулан унагаваас бие аяндаа амарлимуй. Чухам тэр улсад орвоос эгнэгт ямар хэрэг болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 48 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 35 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 4 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 8 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 51 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 24 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 27 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 28 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 2 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 11 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 21 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 26 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 6 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 24 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 25 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 40 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК