зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Тавин хоёрдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ТАВИН ХОЁРДУГААР БҮЛЭГ:


ТЭНГЭР ЛҮГЭЭ ЧАЦУУ ИХ БОГД АЛТАН ДУУЛГАТ АГУЙГ ИХЭД ТҮЙВЭЭВ

ТҮҮНЧЛЭН ИРСЭН БУРХАН БАГШ ДАЛДААС ЭЗНИЙГ НЬ ЗААЖ ГАРГАВ

 

            Өгүүлэх нь Бичин алтан толтот шийдмээ олж, агуйгаас цохилон гараад, өндөр хадан дээр ирэн, олон эрхтэнд баяртай золгосонд, Суваргат Махаранз өгүүлрүүн: “Энэ удаа одсон чинь ямар болов?” Бичин өгүүлрүүн: “Өвгөн Сүн би хувилж агуйд орвоос тэр шулам хараахан дийлсэн хурим тавьж архидан амуй, түүний эрдэнэ хаа байхыг мэдэхгүй тул би тойрсоор хойд хүрээнд нь хүрвээс, луу хүнгэнэн морь янцгаамуй, тэр лав манай галын аймгийн юм буй за. Миний шийдмийг тэнд зүүн туургыг түшүүлэн тавьж байсан тул, өвгөн Сүн би шийдмээ авмагц цохилсоор гарч ирэв.” Олон эрхтэн өгүүлрүүн: “Чи эрдэнээ олов, бид эрдэнээ хэзээ олох болов?” Бичин өгүүлрүүн: “Хялбар! хялбар! Би энэ шийдмээ нэгэнтээ олсон тул эрхгүй түүнийг цохиж унагаад та нарын эрдэнийг авч өгье” хэмээн хараахан өгүүлэлдэн атал, гэнэт тэр уулан хөтлийн доор харанга хэнгэрэг зэргээр дуугаран хашхирах дуу түрхэрмүй. Үзвээс тэр шулам олноо дагуулан Бичинийг нэхэж ирсэн ажгуу. Бичин үзээд өгүүлрүүн: “Сайн! Сайн! Төв хэмээн миний санаанд нийлэв! Та нар түр энд суугтун, өвгөн Сүн түүнийг барьж ирсүгэй.”

 

            Их богд шийдэм далайн угтан орж, зандан: “Самуун шулам хаа одмуй! Шийдэм үз!” хэмээн занчин ирэхэд, тэр шулам жадаар угтаж хараан өгүүлрүүн: “Энэ сармагчин чи! Даанч ёсгүй! Юунд гэгээн цагаан өдөр гэрт орж миний юмыг хулгайлмуй?” Бичин өгүүлрүүн: “Энэ муу үхлээ ирсэн адгуус! Чи чухам арга мэх хэрэглэн хар өдрөөр хүний юмыг булаан аваачаад харин ийнхүү өгүүлмүй! Бүү дутаа! Өвгийнхөө шийдмийг үз” хэмээн занчин ороход шулам мөн жад сунган угтан байлдав. Энэ нэгэн удаагийн байлдаан үнэхээр хэцүү:

 

Богд Бичин догшин сүр бадруулахуйяа буг шулам бас хялбар бус. Хоёр этгээд баатарлан тэмцэхүйеэ хэн аль нь ч амархан зогсохгүй! Энэ нэгний болд шийдэм догшин луу ширвэх мэт тэр нэгний урт жад аварга могой гурвалзах адил. Хувилгаан шийдмээр занчих нь хуй салхин сүрхрэх мэт, хурц жадаар тусах нь ширүүн бороо шаагих адил. Ганц үзвээс тэр: үүл манан уулыг бүрхэн, униар хүдэн ойг хөшиглөжээ. Жигүүртэн шувуу зайлан нуугдаж араатан гөрөөс айн хярсчээ. Цаад жагсаалд бага шулам бархилалдан наад талд Бичин багш сүр тавьмуй. Болд чандмань бэрээг эсэргүүцэх хүнгүй, буг шулмыг бартал занчин баруунш түмэн газар зорчмуй. Эгнэгт алтан дуулгатын эргэн хэмээгдсэн энэхүү жад өдгөө төвхийтөл эсэргүүцэл нь болжээ. Энэ удаа учирсан нь зүгээр салахгүй, эрэгчин эмэгчнийг эс ялгаваас хэрхсэн ч үл зогсмуй.

 

Тэр шулам их богд лугаа гурван цаг хэртээ байлдаад, дээр дооргүй байтал тэнгэр орой болов. Шулам жадаар шийдмийг тулж өгүүлрүүн: “Бичин өдгөө харанхуй болов, байлдах цаг бус, тус тус эгэн баахан амраад маргааш жич мэдэлцсүгэй.” Бичин хараан өгүүлрүүн: “Муу адгуус дэмий бүү чалч! Өвгөн Сүн сая баахан урам хөгжөөв, яасан харанхуйтай, гэгээтэй буй! Эрхбиш өдгөө дийлэх дийлэгдэхээ ялгасугай!”  Тэр шулам сонсохгүй нэгэнтэй зандан, хоосон жадлаад олноо дагуулж, жагсаалаа хураан хойш агуйд дутаан орж, хаалгаа чанад дарж суув.

 

            Бичин шийдмээ чирэн эгэж ирэхүйеэ, олон эрхтэн угтан баяр хийж: “Цаглашгүй чадал эрдэмтэй их богд!” хэмээн магтахад Бичин инээн өгүүлрүүн: “Хэтэрхий магтав! хэтэрхий магтав!”  Суваргат Махаранз урагш давшин өгүүлрүүн: “Энэ нь хэтэрхий магтах бус, чи үнэхээр сайн эр болой! Энэ удаагийн байлдсан нь тэр үеийн тэнгэрийн цэрэг лүгээ байлдсанаас доргүй болой!” Бичин өгүүлрүүн: “Өнгөрснийг дурдахыг байсугай. Тэр шулам над лугаа энэ удаа удтал байлдсанаар лав алжаасан буй за, би мөн зүдмүй хэмээн яахан хэлмүй, та нар энд амраар сууж байгтун, би дахин агуйд орж түүний эрдэнийг эрхбиш хулгайлж аваад шулмыг барьж, жич та нарын зэвсгүүдийг олж өгсүгэй.”  Нэйж өгүүлрүүн: “Өдгөө орой болов, нэгэн шөнө амраад маргааш эрт одохыг хүрэхгүй.” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ залуу учир мэдэхгүй! Хаанаас хулгайч хүн хар өдрөөр хэрэг үйлдэх буй? Энэ мэт хуруу хумс хөдөлгөхөд мэдэгдэж сэрэгдэхгүйгээр шөнө үйлдвээс сая хэрэг бүтэх болой!” Ангараг хийгээд аянгын эзэн нар өгүүлрүүн: “Тайж чи бүү дууграгтун, ийм явдлыг бид төсөөлөхгүй, их богд болбоос ийм явдалд огоотон цагаарсан болой, төв хэмээн шулам алжааж хэвтсэн харанхуй шөнөөр завших нь зүй болой, даруй түргэн залран одогтун!”

 

            Богд Бичин хихи инээсээр шийдмээ нуугаад, уулнаас бууж, агуйн үүдэнд хүрэн, бие сажин хэдийнээ нэгэн хүрэлзгэнэ болон хувилав. Үнэхээр:

 

Хоншоор хатуу, сахал урт, хальс хар, нүд гэрэлтэй, хөл арзгар. Салхи дөлгөөн саран тунгалагт хэрмийн ёроолд дуугарч, шөнийн сэлүүнд хүүгиж дүүгмүй, шүүдэрт сэрүүн цагт цээлхэн дуу нь үе үе сонстмуй. Зочны буудалд аянчин үүнийг сонсох дургүй агсан ч тэр эгнэгт индрийн завсар, орны дор оршмуй.

 

Энэ хүрэлзгэнэ гэнэт үсэрмэгц хэдийн хаалганы дэргэд хүрч, завсраар шурган ороод хэрмийн ёроолд оцойн, зулын гэрэлд дотогш лавлан үзвээс тэдгээр их бага олон шулам ам амаар үмхлэн идээ идэж байх ажгуу. Бичин жир жир хэмээн нэгэнтээ дуугарав. Удсангүй тэд идэж дуусаад цөм тус тус орондоо унтахаар одов. Бараг тэргүүн жингийн үеэр Бичин сая хойд гэрт  орвоос, тэр шулам олны зүг захиран: “Хаалга сахигчид шөнө хичээгтүн! Бичин бас ямар амьтан хувилж ирээд юм хулгайлах магадгүй, сайн цагд.” Энэ үеэс манаач тогшуур дэлдэж хонх дуугаргамуй. Энэ нь Бичин багшийн хэрэг үйлдэхэд харин нэн сайн болжээ. Тэр даруй шулмын суух гэрийн завсраар шурган ороод үзвээс тэр шулам нэгэн их чулуун орон дээр сууж, хоёр этгээдэд оо энгэсэг түрхсэн хэдэн шулам эмс ор дэвсгэрийг нь засан дээл гутлыг нь тайлж эмсэглэн амуй. Тэр шулам дээлээ тайлснаа үзвээс зүүн тохойдоо нэгэн гялаан цагираг зүүжээ. Нарийвчлан үзвээс яг бугуйнд адил, тэр түүнээ авалгүйгээр харин дээш шувтран чангалаад зүүсээр унтав. Бичин үүнийг үзээд дахин нохойн бөөс болон хувилж  чулуун орон дээр үсрэн гарч хөнжилд нь шурган орж шулмын гарыг нэгэнтээ зуусанд шулам өндийн босч хараан өгүүлрүүн: “Энэ муу шивэгчид! Хөнжлийг ч гөвөхгүй, орыг ч шүүрдэхгүй, юу байсныг мэдэхгүй, энэ зуусныг үз! Хэмээгээд бугуйгаа бас чангалан дахин унтав.” Бичин түүний бугуйн доогуур орж бас нэг зуусанд бие хөрвөн: “Намайг үнэхээр загатнуулж үхүүлнэм!” хэмээв. Бичин түүний чанад сэргийлэн эрдэнээ биеэс ангижруулахгүйг үзээд хулгайлахын аргагүй болж ширээнээс буугаад мөнхүү хүрэлзгэнэ хувилж үүдийг шурган гарч, хойд хүрээнд орвоос, гал луу гал морин хүнгэнэн янцгаах нь сонстмуй. Ойр одож үзвээс үүнийг оньсоор оньслоод гал луу гал мориныг цөм дотор нь түгжилсэн ажгуу. Бичин чухам биеэр болон оньс  сөхөх тарнийг уншиж, гараар нэгэнтээ шүргэсэнд тэр оньс хэдийнээ өөрөө унаж ирэв. Үүдийг түлхэн нээж дотор орон үзвээс, тэдгээр галын зэвсгийн гэрэл өдөр мэт гэгээн тул ажиглавал Нэйжийн шулмыг цавчих зэвсгүүд хийгээд Ангарагийн гал нум, гал сум зэргийг хоёр этгээдэд тавьжээ. Галын гэрэлд эргэн тойрныг лавлан үзвээс, үүдний ард бас нэгэн чулуун ширээ тавьж, дээр нь нэгэн тэвш аж, дотор нь нэгэн атга үс тавьжээ. Бичин их л баярлан, үсээ авч тарни уншин: “Хувил!” хэмээн үлээсэнд дөч тавин бага Бичин хувилав. Бичин тэдгээр хүүхдүүдэд илд, сэлэм, манцуйрга, цалам, хүрд, нум, сум, жад, тэрэг, хул, гал хэрээ, гал хулгайлана, гал морины зэрэг урхилж авчирсан юмыг хүн бүрт нэжгээдийг бариулан, өөрийн бие гал луу унаж, дотроос гал тавин гадагш шатаан гарч ирэхэд, хүрчигнэн түрчигнэж, аянга дуугаран буу тавих мэт сонстмуй. Тэдгээр бага шулмас нойрмогоор хөнжлөө нөмрөн тэргүүнээ тэврэн хашхиралдан уйлалцан орох газраа олохгүй, хагас нь галд шатагдаж үхэв. Бичин ван ялгуун эгэж ирэхүйеэ сая гурван жингийн үе бөлгөө.

 

            Өгүүлэх нь: уулан дээрээс Суваргат Махаранз олны хамт галын гэрлийг угтан эчвээс Бичин гал луу унаж, бага бичидээ дагуулан, бархиран хашхиралдсаар шууд ирмүй. Хадны орой дээр хүрч ирээд өндөр дуугаар: “Ирж зэвсгүүдээ аваачигтун!” хэмээгээд биеэ нэгэнтээ сэгсрэн үсээ хураан авахуйяа Нэйж тайж зургаан зүйлийн эрдэнээ хураан авч, Ангараг галын эрхтэнээр гал луугийн зэргийн эрдэнээ хураан авахуулаад, бүгдээр Бичинийг тойрон шагшин гайхалдахыг үл өгүүлмүй.

 

            Тэндээс Алтан дуулгат агуйн дотор гэнэт цөм гал болсонд, тэр хирс шулам их л цочиж босоод, үүдийг нээж хоёр гарт цагиргаа барин зүүнш эргүүлж баруунш хурайлан дөрвөн зүгт тойрон дарж галыг цөм унтраав. Төдий яаран бага шулмыг цуглуулан бүртгэвээс хагас илүү шатагдан үхээд эрс эмс арай зуунаас хэтрэхгүй болжээ. Бас зэвсгийн хүүд орж үзвээс зэвсэг цөм үзэгдэхгүй, хойш эчиж үзвээс Тансаг, Гахай, Шороотон цөм хүлээстэйгээрээ байх бөгөөд цагаан морь бас онгоцон дээр буй, амьтай боодол ч гэрт тавьсаар амуй. Шулам хорсон өгүүлрүүн: “Аль нэгэн нь хичээхгүй байсаар гал алдаад үүнд хүргэв!” Хажуугаас нэгэн шадар зарц нь мэдүүлрүүн: “Их ван, энэ гал бидэнд хамаагүй. Лав цайз дарах хулгай ирээд галын зэвсгүүдийг тавьж, олон эрдэнийг хулгайлсан буй за.” Хөгшин шулам гэнэт ухаж өгүүлрүүн: “Энэ өөр хүн бус лав тэр Бичин хулгай хийв! Тиймээрээ би өчигдөр шөнө унтаж дийлэхгүй байсан болой, лав тэр хулгай сармагчин хувилж ирээд миний тохойг хоёронтоо зууж миний эрдэнийг хулгайлсугай хэмээжээ. Миний чангалан зүүхийг үзээд авч үл чадаж, тэдгээр зэвсгүүдийг хулгайлаад, гал лууг тавьж, хорт санаандаа намайг шатааж алсугай хэмээсэн болой, хулгай сармагчин чи! Миний чадлыг мэдэхгүй талаар дэмий л баширламуй! Би ганц энэ эрдэнээ авч явбаас, даруй далайд ороод цацахгүй, галд ороод түлэгдэхгүй! Энэ удаа чамайг бариваас ясыг хусаж, махыг хэрчвээс сая миний сэтгэл ханамуй!” хэмээв.

 

            Ийнхүү хараахан тэнцүүрэн өгүүлж байтал, санамсаргүй тахиа дуугаран тэнгэр гийв. Түүнээс Нэйж тайж зургаан зүйлийн эрдэнээ олоод өндөр хадан дээр аж Бичиний зүг өгүүлрүүн: “Их богд тэнгэр нэгэнтээ гэгээрэв, уурлаж болохгүй, тэр шулмын сүр баахан буурсныг завдаж гал зэвсгээр чамд дахин тусалж байлдваас энэ удаа олж барих ч магадгүй.” Бичин инээн: “Энэ үг зөв, бид нэгэн сэтгэлээр дахин тэмцэлдэн түүн лүгээ наадан одсугай!” хэмээв.

 

            Тус тус сүр тавин эрдэм үзүүлж агуйн үүдэнд хүрч ирэв. Бичин дуудан өгүүлрүүн: “Муу шулам гарч ирэн өвгөн Сүн лүгээ үзэлц!” хэмээв. Үзвээс тэр чулуун хаалга нь шөнө галд шатагдаад үнэсэн товрог болсон ажгуу, хүрээн дотор хэдэн бага шулам хараахан үнс шүүрдэж амуй. Тэд гэнэт олон хувилгааны ирэхийг үзээд шүүрээ орхиж, малтуураа таягдаж, гүйн ороод мэдүүлрүүн: “Тэр Бичин бас маш олон тэнгэрийн эрхтнийг дагуулан үүдний гадна ирж байлдсугай хэмээн хараамуй!” Шулам сонсоод цочиж, тэсэлгүй хорсон ган шүдээ тачигнатал хавиран гархин нүдээ дүгрэглэж, урт жадыг барин эрдэнээ авах хаалганы гадна гарч ирээд хараан өгүүлрүүн: “Агуйд гал тавьсан хулгай сармагчин чамд: адбиш ямар чадал буй хэмээн намайг ийнхүү доромжилмуй?” Бичин мөн их л инээж хараан өгүүлрүүн: “Самуун шулам! Чи миний чадлыг мэдсүгэй хэмээвээс баахан нааш ир, би чамд сонсгосугай:

 

Төрөлхөөс миний эрдэм чадал хэцүү, тэнгэр газар орчлон ертөнцөд нэр алдар мандав. Тэр үед сэрж ухааран номын ёсыг бясалгаж түүнээс уламжлан үл өтлөх мөнхийн шидийг олов. Чанга хатуу зоригоор хувилгаан шидтэнийг сурч зүрхэн оргилд гараад чин үнэн сэтгэлээр богд хутагтад бараатан золгов. Хувилж улирах цаглашгүй хувилгаан увидсыг сурч бүтээгээд хорвоо ертөнц сансар тэнгэрт би дураар зорчмуй. Урам төрөгдвөөс уулнаас бууж догшин барсыг номхотгон уйтгар хүрвээс далайд орж аварга лууг дарангуйлмуй. Уг нутаг Цэцэг жимст уулнаа хаан хэмээн өргөмжлөгдөж Усан үүдэт агуйн өмнө баатар чадлыг гайхуулав. Хэдэн удаа санаа төрж тэнгэрийн орны тэмцэлдэн хэтрэмхийлэн байн байн дээд сууриныг булаалдав. Хурмаст өршөөн тэнгэр лүгээ чацуу их богд хэмээн цоллон хайрлан өргөж зарлигаар бас сайхан Бичин ван хэмээв. Нэвс хүрз өлзийт тоорын хуримд тавихад их богд намайг эс урисны учир, Анавад нуурт сэмээр орж алтан цацлыг уун ариун асарт нуун гарч рашаан архийг балгав. Луугийн элэг гарьдын чөмгийг хуримаас урьд зооглож, хамаг амттан эрхэм идээг хулгайлж цөм амсав. Мянган оны хувилгаан тоорыг ханатал идэж, түмэн оны шидэт үрлийг цадтал хүртэв. Эрхэт тэнгэрийн эрхэм юмс гайхалт бүхнийг авч, эсэрүа ордны цухаг эрдэнэсийг цөм олзлов. Хаан хурмаст өвгөн Сүн миний чадал бүхийг мэдээд, хувилгаан цэргийг томилон буулгаж, хүчлэн байлдуулав. Есөн их догшин гараг надад дарагдаж, таван орны хүчит одон надад дийлэгдэв. Арш хувилгаан тэнгэрийн эрхтэн эсэргүүцэн эс чадаад арван түмэн баатар цэрэг тулж үл ялав. Эзэн хурмаст ихэд цухалдан зарлиг буулгаж өөрийн зээ бага богдоор дайлуулахаар илгээлээ. Хувилах улирах далан хоёр увидсаар хувь хувийн чадлыг гаргуулж хослон байлдав, өмнөд далайн Хомсим бодисадва жагсаалын дээр ирж, эрдэнийн хумаг удын салаагаар байлдаанаа туслав. Арш Дилав арга эргэж алмас урхиа тавиад арай хэмээн намайг барьж тэнгэрт хүргэлээ. Хүлээс гав надад зүүлгэн гарч ирэн хурмастад учруулж, хуулийн түшмэд занчин шүүж зохих ялыг тогтоов. Хүчит эрхтэд илд далайн хүчлэн цавчихуйяа хүзүүнээс гал бутран хурц сэлэм мяржээ. Аливаа зүйлээр аргалан оролдвоос алан эс чадаад аргаа барахдаа намайг түшид ордноо хүргэлээ. Хувилгаан галын зуухнаа хийж намайг шатааснаа хөвчин би боловсрон очир алмас болжээ. Долоон долоон тоо гүйцэж зуухаа сөхөхүйеэ дотроос бие гарч ирээд дахин догшрон үймүүлэв. Олон эрхтэн үүдээ дараад эсэргүүцэн байлдагчид үгүй, бүгд хувилгаан цуглан зөвлөж бурхнаас аврал ирэв. Түүнчлэн ирсний ид шид үнэхээр их, төгс ялгуусны эрдэм билиг чухам цаглашгүй. Мутрын алганаас нь тонгорцоглож гарахаар мэлцийлгээд мултран гарч чадсангүйд уулаар намайг дарав. Богд хурмаст тийнхүү энхжсэн хурим тавьж, баруун орныг түүнээс хойно Төгс баясгалант хэмээжээ. Хоол ундгүй хоосноор хугас мянган он дарагдлаа би. Алтан аршийн бүрэлбаа ертөнцөд илэрснээ алс зүүн орноос түүнийг аврал бурхны орноо явуулав. Их Тан улсын эзэн хаанаар үнэн номыг улсдаа залж аваачин ер бусаар нөгчигсдийг гэтэлгэсү хэмээв. Хомсим бодисадвагаар намайг бодь мөрт оруулж, хутагт бурхны шашныг шүтүүлэн номын ёсоор явах болгов. Өндөр уулын доороос ангижран гарч ирээд, өдгөө би баруунш ном залахаар одмуй. Хулгай шулам чи хулжин үнэгний аргаа битгий хэрэглэ, багш Тансагийг бушуу хүргэж авчран бурхан Шигэмунид бараадан явуул!”

 

            Тэр шулам энэ үгийг сонсоод Бичинийг зааж өгүүлрүүн: “Чи харин угаас удамт их хулгайч ажгуу! Бүү дутаа! Миний жадыг нэг амталж үз!” хэмээн жадлан ороход Бичин багш шийдэм өргөн угтан байлдав. Хоёулаа хараахан тэнцэн байлдаж атал, эндээ этгээдээс Нэйж тайж уур хүрч, Ангараг хилэн төрөн даруй тэр зургаан зүйлийн зэвсэг хийгээд галын зэвсэг зэргээ шулмын өөдөөс тавин  илгээснээ Бичин нэн баатарлан байлдмуй. Төд аянгын эзэн жад өргөж, Суваргат Махаранз илд далайн зэргээр цавчлан ороход, тэр шулам, жихүүнээр инээн сэмээр ханцуйнаасаа эрдэнээ гаргаж дээш орхин: “Унагтун!” хэмээн дуудсанд Нэйжийн зургаан зүйлийн хувилгаан зэвсэг галын аймгийн эрдэнэ, аянгын эзний жад, Махаранзын илд, Бичиний шийдэмтэй цөм урхилан авчээ. Олон хувилгаан мөнхүү гар хоосон болж Бичин бас хоосон нударгаа атгаад бие биеэ харж манхайран зогсов. Тэр шулам дийлээд хойш эгэж агуйдаа ороод: “Хүүхдээ, чулуу зөөн шороо гаргаж, гэр хороо үүд хаалгыг сэлбэн шинэтгэгтүн, сэлбэж барьсан хойно Тансаг тэд гурвуулыг алж газар тахин, гал олноороо хуваан идсүгэй” хэмээсэнд олон бага шулмас гэр хороо үүд хаалгаа сэлбэн засахыг түр өгүүлэхгүй.

 

            Өгүүлэх нь, Суваргат Махаранз олон хувилгааныг дагуулан уулын орой дээр буцсан хойно, Ангараг, Нэйжийг зан түргэн хэмээн зэмлэж, аянгын эзэн Махаранзыг болгоомжгүй хэмээн буруушаамуй, ганц усан эрхтэн дуу гарахгүй амуй. Бичин олны уруу царайлан уцаарлахыг үзээд аргагүй мөн хорсном бөгөөд чармайн инээж өгүүлрүүн: “Олноор дэмий битгий гасал, эртний үгэнд: “Дийлэн дийлэгдэх нь цэрэг дайны энгийн зүй” хэмээжээ. Цэргийн эрдмээр тэр надаас илүүгүй, ганц тэр цагираг нь хэцүү манай зэвсгүүдийг цөм хураан аваачжээ. Та нар сэтгэлээ агуу тавь, би дахин одож түүний уг язгуурыг мэдэж ирсүгэй.” Нэйж өгүүлрүүн: “Чи урьд удаа хурмастад айлтгаж тэнгэрийн орныг цөм байцаалгаад нэг ч мөр сураг олсонгүй бөгөөтөл өдгөө бас хаа одож сурмуй?” Бичин өгүүлрүүн: “Бодвоос бурхны увидас эрдэм цаглашгүй тул би өдгөө баруунш одож түүнчлэн ирсэн Шигэмуни бурханд айлтгаж, түүний билгийн нүдээр дөрвөн тив дэлхий ертөнцийг ажиглуулан тэр шулмын хаа төрсөн хаа орших, цагираг нь ямар эрдэм болохыг олж мэдээд арга сүвэгчлэн адбиш барьж та олны хорслыг тайлж, тэнгэрийн оронд баяртайяа буцаасугай.” Олон хувилгаан: “Тийн бөгөөс их богд алгуурлаж болохгүй, түргэн од” хэмээв.

 

            Их богд, одсугай хэмээмэгц хэдийнээ хачир цогцолсон Гандарагүд уулнаа хүрч буужээ. Уулан дээрээс дөрвөн зүгийг шинжин үзвээс үнэхээр сайхан орон ажгуу:

 

Гайхамшигт оргил сүндэрлэн ганжир хад сэгийж, галдан хайрхан тэнгэрт тулжээ. Арьяагийн орны аварга сүрлэг үзэмжийг шинжвэл алс зүүн гүрнээс адбиш хэтийджээ. Өрлөг амьсгал өндөр огторгуйд нэвтрэн, өгөөмөр салхи өнгийн цэцгийг илбэмүй. Харанга хэнгэргийн дуу хангинан дүнгэнэн дуулдаж, хандам номын эгшиг яруу тод сонстмуй. Бас үзвээс, хуш нарсны доор увсанз нар ном өгүүлэлдэн хөх майлсны хооронд архад зоог хиймүй. Цагаан тогоруу хачир даваанаа эргэцэн нисч, цэнхэр галбинга зоогийн тагт дээр наншин суумуй. Арш Бичин хоёр хоёроор хувилгаан жимс барьж, арьяа буга хос хосоор бэлгэт өвс өргөмүй. Уран болжморын эгшиглэх дуун уянгатай сонстон үл таних цэцгүүд өнгө ялгаран харагдмуй. Далан уул давхар давхар хүрээлэн, дархан тоом зүг зүг нэвтэрчээ. Аяа үнэхээр ариун бодийн хувилгаан орон, аврал дээд ялгуусан бурхны хутагт газар.

 

Бичин хараахан уулын үзэмжийг үзэн явтал гэнэт нэгэн хүн: “Сүн Ү Күн хаанаас ирэв? Хааш одмуй?” хэмээн дуудсанд, Бичин яаран гэдрэг харж үзвээс, аяг тахимлаг Шарибудари ажгуу. Бичин ёслон өгүүлрүүн: “Нэгэн явдал байж бурханд золгосугай хэмээн ирэв.” Шарибудари өгүүлрүүн: “Дүвж чи бурханд золгохоор ирсэн бөгөөд юунд сүмд эчихгүй энд уул үзэж зоог хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Дээд орноо анх ирэх тул аймшиггүй үл хэтрэмхийлмүй.” Шарибудари өгүүлрүүн: “Чи түргэн намайг дагаж ир.” Бичин хойноос дагаж аянгын дуут сүмийн хаалганаа хүрч үзвээс тэр хаалга сахигч найман очирваань сүр тавин зогсож, хоёр хажуунаас хориглосонд, Шарибудари өгүүлрүүн: “Ү Күн чи энд баахан хүлээ, би орж дээш айлтгасугай.” Бичин аргагүй хаалганы гадна зогсож хүлээв. Тэр Шарибудари, бурхны өмнө эчиж залбиран айлтгаруун: “Сүн Ү Күн явдал буй аж бурханд золгосугай хэмээмүй.” Бурхан бээр оруултугай хэмээн зарлиг болсонд, тэдгээр очирваань нар сая Бичинийг тавин оруулав.

 

            Бичин дотор орж тэргүүн даран ёслон мөргөсөн хойно, Шигэмуни асууруун: “Ү Күн, урьд сонсвоос Хомсим бодисадва чамайг гаргаж, бурхны шашинд оруулаад Тансагийг хамгаалж эндээс ном залан ирнэм хэмээсэн бөлгөө, чи яагаад ганцаар хүрч ирэв? Ямар явдал буй?” Бичин мөргөн айлтгаруун: “Бурханд айлтагах нь, шавь би сахил авснаас багш Тансагийг эмсэглэн баруунш зорин Алтан дуулгат ууланд хүрч ирвээс тэндэх Алтан дуулгат агуйд оршигч Хирс ван хэмээх шуламд тохиолдов. Түүний увидас эрдэм маш их, миний багшийг номын дүү нар лугаа цөмийг бариад агуйдаа аваачжээ. Шавь би сайнаар хэлэлцэн авсугай хэмээвээс болохгүй тул тулалдаан үүсчээ. Тэр нэгэн гялаан цагираг хэрэглэн миний болд бэрээг булаан аваачив. Би түүнийг тэнгэрийн эрхтэн эглийн сэтгэл төрөгдөн доор буусан болов уу хэмээн тэнгэрт  гарч байцаагаад эс олов. Хурмаст өршөөн Суваргат Махаранз эцэг хөвгүүнийг буулган туслан байлдуулснаа Нэйжийн зургаан зүйлийн зэвсэг бас түүнд автав. Жич Ангарагийг залж гал тавиулан түүнийг шатаахуйяа галын зэвсгүүд бас цөм түүнд булаагдав, дахин бас усан эрхтнийг залж түүнийг усаар цацаах хэмээгээд өчүүхэн төдий ч норгож чадсангүй. Шавь би чадал хүчийг гарган оролдсоор булаагдсан зэвсгүүдийг эгүүлэн авч, дахин одож байлдаад бас урьд ёсоор түүнд зэвсгээ цөм булаагджээ. Тийнхүү огт дийлэх аргагүй тул тухайлан ирж бурханд айлтгамуй. Өршөөвөөс билгийн нүдээр түүний уг язгуурыг үзээд зааж өгөх ажааму, би одож түүний аймаг төрөл ойр садантай цөм барьж, багшаа гаргаад үнэн сүсэг ганц сэтгэлээр бодь мөрийг бүтээсүгэй.” Шигэмуни бурхан сонсоод билгийн нүдээр хэдийнээ тольдон үзэж мэдээд, Бичиний зүг өгүүлрүүн: “Тэр шулмыг би хэдийн мэдвээс чамд хэлж болохгүй, сармагчин чиний ам сул, миний хэлснийг тэр хэрвээ чамаас улажлан сонсож мэдвээс чам лугаа оролдохгүй, харин миний энд ирж цуугилдан Гандарагүдэд гай болоход хүрмүй. Тийнхүү би эндээс увидсаар чамд тусалж түүнийг бариулсугай.” Бичин дахин мөргөж айлтгаруун: “Бурхан, намайг ямар увидсаар тусалмуй?” Шигэмуни арван найман архадыг дуудаж, эрдэнийн сангаас арван найман мөхлөг “Алтан хумх” аваачиж Ү Күнд туслагтун хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Тэр алтан хумхыг яахан хэрэглэмүй.” Шигэмуни зарлиг болруун: “Агуйн гадна одож тэр шулмыг өдөөн гаргасан хойно архад нар хумхыг цацваас элс болж түүнийг хөлөө сугалж чадахгүй болтол годруулмуй, түүний хойно чи зоригоороо түүнийг занчиж болох болой.” Бичин инээн өгүүлрүүн: “Гайхалтай! Гайхалтай! Эртхэн одсугай!”

 

            Тэдгээр архад аймшиггүй алгуурлан алтан хумхыг аван гарч ирсэнд, Бичин дахин давтан бурханд талархан мөргөв. Үүдний гадна гараад Бичин лавлан үзвээс арван зургаан архад буй тул Бичин цуугин өгүүлрүүн: “Энэ ямар газар буй, юунд хүнийг дарламуй!” Архад өгүүлрүүн: “Хэн хүнийг дарласан буй?”  Бичин: “Чухам арван наймуулыг илгээмүй хэмээсэн атал, өдгөө юунд арван зургаахан буй?” хэмээн өгүүлтэл, хойноос луу дарагч, барс номхотгогч хоёр архад гүйцэн ирж өгүүлрүүн: “Ү Күн юунд ийнхүү луйварламуй? Бид хоёроор бурхан багшийн захиа зарлигийг авах тул баахан хожимдсон болой.” Бичин өгүүлрүүн: “Үнэхээр сайн нийлүүлмүй! Би хэрвээ эрт бархирсангүй болбоос та нар лав гарч ирэхгүй болой.” Олон архад хадганан инээлдсээр хамтад үүлийг хөлөглөн дэгдэв.

 

            Удсангүй Алтан дуулгат уулын дээр хүрч ирсэнд, Суваргат Махаранз үзээд олныг угтан авч, өнгөрсөн учрыг тоочин өгүүлсэнд архад нар: “Давтан өгүүлэх хэрэггүй, эртхэн одож түүнийг өдөөн гарга” хэмээсэнд, Бичин нударга зангидан агуйн үүдэнд ирээд хараан өгүүлрүүн: “Муу шулам хурдан гарч ирэн өвөг лүгээгээ дээр доорыг үзэлцсүгэй!” Тэдгээр бага шулам нисэх мэт гүйлдэн орж мэдүүлсэнд тэр шулам их л хилэгнэн: “Энэ хулгайч сармагчин бас хэнийг залж авчраад самууран аашлах болов!” хэмээхэд, бага шулам өчрүүн: “Өөр ямар ч хүн үгүй, тэр ганцаар байнам.” Шулам: “Түүний шийдмийг би нэгэнтээ хураан авчирсан бөгөөтөл ганц биеэр ирсэн аж? Эсвэл бас нударга мөрийцдөг болов уу?” хэмээгээд эрдэнээ авч жад барин бага шулмаар чулуу зөөн зайлуулж, хаалганаас үсрэн гарч ирээд хараан өгүүлрүүн: “Хулгайч сармагчин чи! Хэдэн удаа дийлдсэн тул өдгөө зайлан явбаас зохих болой, юунд эргэн эргэн ирж бархирмуй?” Бичин өгүүлрүүн: “Энэ муу шулам чи сайн мууг мэдэхгүй! Энэ өвгөө ирүүлэхгүй хэмээвээс чи бөхийн дагаж буруугаа хүлээгээд, багш ба дүү нарыг гаргаж өг, ийн болсонд сая чамайг уучилмуй!”  Тэр шулам: “Чиний тэр тойныг би нэгэнтээ угаан арилгажээ, байсхийвээс алж идмүй, чи учир мэдэхгүй аашилмуй. Эртхэн явтугай!” хэмээв.

 

            Бичин түүний “Алж идмүй” хэмээх үгийг сонсоод тэсгэлгүй хилэгнэн тачигнатал зандаж, ханцуй шамлан нударга сунгаж, нүүр нүдгүй занчин ирэхэд, тэр шулам жадаар угтан байлдав. Бичин зүүнш баруунш харайлан дэвхрэн өдөөж аваачихад шулам аргыг мэдэхгүй нэхсээр агуйгаас зайдав. Бичин даруй архад нарыг даллан алтан хумхыг шуламруу зэргээр цацан ороход тэр хумх үнэхээр:

 

Манантан хүдэнтэж хөрст дэлхийг бүрхэн, манаран дэгдэж хөх тэнгэрийг хамгаалмуй. Хумх шороо асгаран буухуйяа хоёр нүдийг харанхуйлж, хог тоос будран бургихуйяа, хойно өмнө ялгагдахгүй. Түлээ авагч эр төөрөн ханьтанаасаа салаад эм түүгч банди эндүүрэн эгэх замаа алджээ. Хамаг элс нь талх мэт бурхиран, хайр чулуу нь мөхлөг адил буумуй. Уул хайрхан бүрхэгдэн эн дэлхий будангуйрч, алтан наран халхлагдаж, агаар тэнгэр хүдэнтжээ. Хүлэг морины тоос лугаа адилтгахын аргагүй, хүрдэт тэрэгний тор лугаа үлтгэж нэн болшгүй. Энэ хумх хэмээгч эргэшгүй юм, тэнгэрийг халхлан газрыг бүрхэж тэрс шулмыг барьмуй. Ад шулам төв номд халдсаны учир архад нар зарлигийг хүлээн эрдэм увидас үзүүлмүй. Алган дотроос алтан хумх гарахнаас алаг нүдийг хавхлан алтан дэлхийг бүрхжээ.

 

Элс хумаг хийсч нүд сөхөж болохгүйд шулам бээр тэргүүн бөхийтөл хэдийнээ бүслүүрийн чинээ элс болжээ. Шулам яаран дээш үсрэн гараад зогсож амжаагүйд бас өвдөг тултал шигдэв. Шулам мэндүүрэн цагиргаа авч дээш орхин: “Унагтун!” хэмээн зандмагц тачигнах дуун гарч арван найман алтан хумхыг цөм урхилан авч их алхмаар шууд агуйдаа эгэн одов.

 

            Архад нар гар хоосон болж үүлэн дээр зогсон байтал Бичин урагш ирж: “Та нар юунд хумх үл цацмуй?” хэмээсэнд, тэд өгүүлрүүн: “Сая нэгэнт дуу гармагц алтан хумх цөм үгүй болжээ.” Бичин инээн өгүүлрүүн: “Бас саяын тэр юм урхилан авчирсан буй за.” Суваргат Махаранз бэрхшээн өгүүлрүүн: “Энэ мэтэд хэзээ түүнийг олж бариад бид тэнгэрт эгмүй, эс бариваас ямар нүүрээр хурмастад золгомуй!” Хажуугаас луу дарагч, барс номхотгогч хоёр архад гарч ирэн Бичиний зүг өгүүлрүүн: “Ирэх үед бид хоёр юуны хожимдсоныг чи мэднэ үү?” Бичин өгүүлрүүн: “Би та хоёрыг хойш суун үл ирэх буй за хэмээн санаснаас чухам ямар явдалтай болохыг мэдсэнгүй.” Архад өгүүлрүүн: “Бурхан багш бээр бид хоёуланд захьсан нь: “Тэр шулмын увидас хэцүү, хэрэв алтан хумхыг автваас даруй Сүн Ү Күнийг галдан тэнгэрийн түшид ордонд эчүүлэн Дилаваас түүний уг үндсийг сураглуулбаас хялбархан барьж болмуй” хэмээсэн бөлгөө.” Бичин тэр үгийг сонсож өгүүлрүүн: “Үнэхээр заналтай! Шигэмуни бас харин надаас нуужээ! Тэр үе даруй надад хэлсэн бөгөөс, харин таны олныг мөн ийм хол зам хөөлгөхгүй болой!” Махаранз өгүүлрүүн: “Нэгэнтэйеэ Шигэмунигийн зарлиг байх тул, их богд эртхэн одвоос зохимуй.”

 

            Бичин багш бээр одсугай хэмээмэгц нэгэнтээ тонгорцоглон хэдийнээ тэнгэрийн өмнөд хаалганд хүрчээ. Хаалганд байсан дөрвөн их өрлөг урагш ирж гар тавин асууруун: “Шулам барих учир хааш болов?” Бичин яван бөгөөд хариулан өгүүлрүүн: “Болоогүй! Болоогүй! Өдгөө уг үндсийг нь сураглахаар одмуй.” Дөрвөн өрлөг аймшиггүй үл хориглон тавин оруулснаа, Бичин бидэрьяа эрдэнэ харшид орохгүй, Ударасад ордныг ч дайрахгүй, шууд гучин гурван тэнгэрийн дээр галдан тэнгэрийн түшид ордны өмнө хүрч ирвээс үүдэнд хоёр хувилгаан банди зогсчээ. Бичин нэр овгоо нэвтрүүлэх ч үгүй дотогш алхахад, хоёр банди яаран татан зогсоож асууруун: “Чи ямар хүн буй? Хаа одмуй?” Бичин сая өгүүлрүүн: “Би тэнгэр лүгээ чацуу богд мөн, Дилавыг эрмүй.” Хувилгаан банди нар өгүүлрүүн: “Чи юунд ийнхүү хүдэги буй? Түр хүлээ, бид орж мэдүүлсүгэй.” Бичин юуныг ялган хэлэлцэх аж, зандран загнаж шууд дотогш ортол, гэнэт Дилавын гарч ирэхэд чивхийтэл тохиолдоод бие мэхийн ёсолж өгүүлрүүн: “Өвгөн бумбад ойрын өдөр эс золгов.” Дилав инээн өгүүлрүүн: “Энэ сармагчин номоо залахаар одохгүй миний энд юунд ирэв?” Бичин өгүүлрүүн: “Ном залмуй, ном залмуй, өдөр шөнө үл зогсмуй. Баахан саад буйгийн тул, энд ирж яван амуй.” Дилав өгүүлрүүн: “Баруун газрын саад надад ямар хамаа буй?” Бичин өгүүлрүүн: “Баруун газар, баруун газар, чи түр бүү өгүүл, бараг сургийг сонсвоос чамд шууд холбогдол буй.” Дилав өгүүлрүүн: “Миний энэ арилсан дээд орноос ямар мөр сураг олмуй?”

 

            Бичин дотогш алхахын зуур нүд цавчилгүй зүүн баруун этгээдийг анхааран харсаар хэдэн давхар гэрийг өнгөрч гэнэт үзвээс тэр үхрийн хашааны гадна нэгэн үхэрч банди унтсан бөгөөд хашааны дотор хөх үхэр үзэгдэхгүй байнам. Бичин өгүүлрүүн: “Өвгөний үхэр дутаасан болой!” Дилав их л цочин: “Энэ адгуус хэзээ дутаасан болов?” хэмээн өгүүлтэл тэр үхэрч банди сая сэрээд сөгдөн: “Шавь би унтаад түүний хэдийд дутаасныг мэдсэн бээр үгүй!” Дилав хараан өгүүлрүүн: “Энэ дамшиг юунд унтав?” Тэр банди мөргөн өгүүлрүүн: “Шавь би үрлийн гэрээс нэгэн үрэл олж идээд нойр хүрч энд унтжээ.” Дилав: “Энэ дамшиг лав тэр өдрийн бүтээсэн “Долоонтоо боловсруулсан нэгэн үрэл унасныг олж идсэн ажгуу, түүнийг олж идвээс долоо хоног унтмуй.” Тэр мал харах хүнгүй чөлөөнөө ертөнцөд буусан буй за, өдгөө нэгэнтээ долоон өдөр болжээ” хэмээн даруй ямар эрдэнийг хулгайлсан болов хэмээн байцаахад, Бичин өгүүлрүүн: “Түүнд өөр эрдэнэ үгүй, ганц нэгэн цагираг баймуй, их л хэцүү.”

 

            Дилав яаран байцааж үзвээс бусад эрдэнэ цөм баймуй, ганц “Очир бугуйвч” Үзэгдэхгүй болсонд, Дилав өгүүлрүүн: “Энэ хилэнцэт адгуус миний “Очир бугуйвч”-ийг хулгайлж авчирсан ажгуу!” Бичин өгүүлрүүн: “Үзвээс тэр эрдэнэ аж, эрт өдөр өвгөн Сүн намайг занчсан нь мөн тэр бөлгөө! Өдгөө ертөнцөд самууран манай зэргийн олны зэр зэвсгийг хэдий чинээ урхилан авчирсныг үл мэдмүй!” Дилав өгүүлрүүн: “Өдгөө энэ мал аль газарт баймуй?” Бичин өгүүлрүүн: “Өдгөө Алтан дуулгат хэмээх уулын Алтан дуулгат агуйд баймуй. Тэр миний багш Тансагийг барьж аваачаад бас миний шийдмийг булаажээ. Тэнгэрийн цэргийг залж буулган туслуулсанд Нэйж тайжийн хувилгаан зэвсгийг бас аваачжээ. Жич Ангарагийг залсанд түүний галын зэвсгүүдийг мөн цөм урхилан булаажээ. Ганц усан эрхтэн хэдийгээр түүнийг цацаан алж чадсангүй боловч юмаа булаагдсангүй, Шигэмунид айлтгаж арван найман архадыг авчран алтан хумх цацуулаад бас цөм булаагдав. Шулмаа тавьж, юм булаалган хүнийг хорлуулсан өвгөн бумба чамд чухам ямар ял оногдуулбаас зохимуй?” Дилав өгүүлрүүн: “Тэр “Очир бугуйвч” хэмээгч нь миний хараахан багаасаа бүтээн, хавчил боомтыг гарч хар номтон гишгэсэн эрдэнэ тул гал ус тэргүүтэн ямарваа зэвсэг түүнд халдаж үл чадмуй. Тэр хэрвээ миний дэвүүрийг бас аваачсан бөгөөс би ч мөн түүнийг үл чадах болой.”

 

            Бичин багш сая баярлан Дилавыг дагаж гарч ирэв. Дилав дэвүүрээ барин үүл хөлөглөж, тэнгэрийн өмнөд хаалганы гадна үүлийг даран шууд Алтан дуулгат уулын дээр хүрч ирснээ тэдгээр арван найман архад, аянгын эзэн, усан эрхтэн, Ангараг, Махаранз эцэг хөвгүүн угтан ирээд урьд учрыг нэгэн зэрэг тоочин хэлсэнд Дилав өгүүлрүүн: “Сүн Ү Күн дахин одож түүнийг өдөөн гарга би барьсугай.”

 

            Тэндээс Бичин багш хадны дээрээс үсрэн бууж, агуйн үүдэнд хүрээд өндөр дуугаар хараан өгүүлрүүн: “Хилэнцэт адгуус! Эртхэн ирж үхэхээ хүлээ!” Бага шуламсууд хэдийнээ дотор орж мэдүүлэв. Шулам: “Энэ хулгач сармагчин бас хэнийг зарж ирсэн болов” хэмээгээд яаран жад барьж эрдэнээ аван гарч ирэхэд, Бичин хараан өгүүлрүүн: “Муу шулам чиний үхэх цаг болов!  Бүү дутаа! Миний нударгыг нэг амтал!” хэмээгээд хараасаар дэвхрэн үсэрч нүүр эсрэг нь нэгэнтээ нударгатан хойш буцан дутаасанд, шулам жадаа барин хойноос нэхэж иртэл, уулын орой дээрээс дуудан өгүүлрүүн: “Үхэр чи эгэж харихгүй бас ямар цагийг хүлээмүй?” Шулам тэргүүн өргөн Дилавын дуудахыг үзээд, их л айж дагжин өгүүлрүүн: “Энэ сармагчин үнэхээр эзэдсэн чөтгөр ажгуу! Хаанаас миний эзнийг эрэн авчирсан буй?”

 

            Тэндээс Дилав тарни уншин дэвүүрээ нэгэнтээ гөвсөнд, тэр шулам бугуйвчаа орхив, Дилав бугуйвчийг хураан авч, дахин нэгэнтээ гөвсөнд, шулмын хүчин буурч шүрмэс сулран чухам биеэр хувилав. Үзвээс Дилавын хөлгөлдөг хөх үхэр ажгуу. Түүнээс Дилав “Очир бугуйвч”-ийг тарнидан дөр болгон хувилгаж, үхрийн хамрыг дөрлөөд бүсээ тайлж бурантаг хийж уяад хөтлөв. Өдгөө болтол үхрийн хамарт дөр буюу “Хамагч” гэдэг нь үүнээс ирсэн бөлгөө. Дилав төд олон эрхтэнээс салж хөх үхрээ унаад, алтан гэрэл хөлөглөн галдан тэнгэрийн түшид ордонд өөд болов.

 

            Тэр үед Бичин багш сая олон эрхтний хамт агуйд цохилон ороод, зуун илүү бага шуламсыг цөм занчин алаад, тус тусын зэвсгээ эрэн авч, Бичин олонд хариулан талархаж, Махаранз эцэг хөвгүүн тэнгэрт эгэн аянгын эзэн харшдаа буцаж, Ангараг ордондоо заларч, усан эрхтэн голд харьж, архад нар баруунаа ажрав. Бичин орж Тансаг, Гахай, Шороотоныг дийлж тавьсан хойно, гурвуулаа бас Бичинд тал хийн морь амьтайгаа авч, багш шавь агуйгаас гаран их замыг өлгөн урагш явав.

 

            Хараахан явж байтал замын хажуугаас: “Богд тойн цав зооглож өөд бол!” хэмээн дуун сонстмуй. Тансаг мөн ямар хүн дуудсаныг мэдэхгүй их л хирдхийв. Тэр дуудсан нь хэн болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 48 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 35 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 1 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 4 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 8 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 51 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 24 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 27 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 28 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 2 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 11 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 21 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 26 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 49 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 6 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 0 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 24 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 25 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 40 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК